logo

logo.jpg

Advertisement

​Гучин жилийн өмнөх амиа нэхсэн тийрэн

Гучин жилийн өмнөх амиа нэхсэн тийрэн
 
Социалист нийгмийн үед тээврийн тэрэг барьж Монгол нутгийн замыг арван хуруу шигээ мэддэг байсан Төрөө гэдэг залууд нэгэн явдал тохиолджээ. Тэрээр шинэхэн жолооч байхдаа жолооч нарын ярьдаг гүйдэлтэй гэх замыг гатлах болсон байна. Энэ тухай тэдний баазын настай жолооч Дагвадорж үдийн цайнаар жолооч нартай буу халж суухдаа “Үдшийн бүрэнхий болж байхад энэ зам ганц нэг машин явуулдаггүй суулгадаг, эсвэл машин зам дээр үс нь сэгсийсэн монгол дээл өмссөн хүүхэн машин дагаж гүйгээд салдаггүй. Энэ муухай царайтай хүүхнийг харсан жолооч тэр жилдээ заавал аваар хийж амь насандаа аюул учруулдаг” гэж халаглаж байхыг олонтоо сонссон байна. Гэвч Төрөө цоо шинэ ЗИЛ-130 машиндаа илүү найдаж, “гүйдэлтэй” гэгддэг замаар нисэх мэт хурдан туулаад өнгөрөхөөр шийдэв. Тэрээр машиныхаа хаазыг нь тултал гишгэж шороон замаар 80 миль хурдтай давхин өнгөрч явлаа. Төрөө шүдээ тас зуусан чигтээ урдах замаа харж явсан боловч түүний нүдэнд хэн ч харагдсангүй. Энэ үед жолооч залуугийн айдас бага зэрэг арилж золтой л инээчихсэнгүй явжээ. Гүйдэлтэй гэгддэг 30 км замыг хагас цагийн дотор туулсны дараа Төрөө хурдаа багасган аажуухан давхиж явтал машины толинд үс нь сэгсийсэн эмэгтэй хүн машины зүүн тэвшнээс зүүгдэн, дээлнийх нь хормой дэрвэлзэн байх нь сүүтэгнэн үзэгдэв. Хий үзэгдэл, тийрэн харсан жолоочийн нуруу уруу хүйт дааж, хаазаа тултал гишгээд, рулиэ хажуу тийш нь нэг огцом эсвэл эсрэг тал руугаа дарж нүдэнд харагдсан муухай “амьтныг” машины тэвшнээс унагахаар үзэж эхэлсэн байна. Хэсэг давхиад машины толинд харвал хэн ч байсангүй. Гэтэл чанх урдаас нь дан дээл өмссөн хүүхэн байдаг чадлаараа харайж, гараа даллаж явав гэнэ. Хэсэг хугацааны хойно сэгсгэр үстэй, муухай царайтай өнөө хүүхэн гэнэт машины хамар дээр нь гарч ирээд гишгэгдэл алдан хамар доогуур нь орчих шиг болжээ. Тэр үед Төрөөгийн хамаг бие салгалж байсан авч амандаа “Үхлээ эрсэн амьтан чинь, ямар муу ёр вэ?” хэмээн хэлээд шанаагаа дагах хар хөлсөө гарынхаа шуугаар шударсан байна. Энэ явдлаас хойш Төрөөг гав ганцаараа тээвэрт явж байхад ямарч тийрэн, чөтгөр таарсангүй. Тэрбээр арван жилийн хойно “Саятан тээвэрчин” болж, Их хувьчлалаар ЗИЛ-130 машинаа авснаар хэдэн жилийн дараа тэтгэвэрт гарчээ. Нэг ёсондоо Төрөө хий үзэгдлийг машинаараа дайрснаас хойш гучин жилийн хойно “Эксел” машинтай өнөөх гүйдэлтэй замаараа явж байв. Гэтэл юу болоов гэсэн юм шиг машин нь гэнэт унтарснаар барахгүй хамаг гэрэл нь унтарчихав. Шөнийн харанхуй байсан тул тэрээр асаагуур асаахаар халаасаа тэмтрэх үед өөдөөс нь бүдэг хөх гэрэл тодорч ирснээ гучин жилийн өмнөх дайрсан сэгсгэр үстэй эмэгтэй гэгээн дүрээрээ гараад иржээ. Өнөөх эмэгтэй машиний хамарт тулж зогсоод амаа хөдөлгөж ямар нэг юм хэлэх бөгөөд амных нь хөдөлгөөнөөр баримжаалбал “алуурчин” гэж хэлээд байгаа бололтой. Аймшгийн хар царайтай тэгсэн хэрнээ цус шиг улаан нүдтэй хүүхэн экселийн хаалгийг тогшиход суудалдаа шигдэн суусан жолооч өвгөн мэддэг маань мэгзэмээ дүнгэнэтэл уншиж гарав. Гэхдээ түүнд энэ удаа бурхан туслахаас татгалзав бололтой машины гадна талаас довтлох тийрэн урт хумсаараа хаалганы шилийг дотор арзайлгам маажиж байлаа. Удалгүй тэрээр жолоочийн талын хаалгыг хуу татан онгойлгоод жолоочийн хүзүүгээр оосорлон тэвэрэхэд түүний гар цэв хүйтэн байхыг Төрөө мэдрээд эсэргүйцэж чадалгүй ухаан алдсан байна. Нэг сэргэвэл тэрээр машиныхаа хажууд цус нөжиндөө хутгалдан хэвтэж байх. “Тийрэн хий үзэгдэл өшөө хонзонгоо авч байж салдаг юм байна даа” гэсэн бодол энэ үед Төрөөгийн толгойд бүр түүрхэн орж байсан ажээ.                                     
 

Comments