logo

logo.jpg

Advertisement

Атаа таван тэнгэр бөө мөргөл группын хүндэт зочиноор “МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ”-Н Дээд цэц зөвлөлийн гишүүн Урианхайн Ганхуяг зайран уригдан оролцож байна

Атаа таван тэнгэр бөө мөргөл группын хүндэт зочиноор “МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ”-Н Дээд цэц зөвлөлийн гишүүн Урианхайн Ганхуяг зайран уригдан оролцож байна

Хөхчир админ: Биднийг уулзахаар очих үед зочидтой байсан тул нилээн хүлээж ярилцахаар болсон юм. Тэр хооронд гарын хоол, цайгаараа дайлсан Танхай балчир ахынхаа гэргийд талархсанаа илэрхийлье. Одоо гишүүд та бүхэндээ ярилцлагаа хүргэе. Сайн байна уу? Та тарган тавтай сайхан өвөлжиж байна уу?
Танхай балчир: Cайхаан. Сайхан өвөлжиж байна уу?
Хөхчир админ: Та онгод тэнгэрээ залаад хэдэн жил болж байгаа вэ? Аль нутгийн хүн бэ?
Танхай балчир: Миний элэнц өвөг Цэрэндаш мээрэн нь Түшээт хан аймгийн чин ван Ханддоржийн хошуу нутгийн хүн. Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулах 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Хатанбаатар вантай хамт цэрэг захирч явсан,Ховдын хязгаарыг чөлөөлөх үйл явдалд оролцож,Богд хаанаас “Баатар” цол авсан 5 хүний нэг юм. Сүүлд Баатар вангийн хошуу одоогийн Булган аймагт 300 гаран гамин цэргийг өөрийн удирддаг цөөн цэргийн хүчээр дарж, хүйс тэмтэрсэн тэр газрыг “Даш мэргэний даваа” хэмээн нэрлэсэн гэдэг. Элэнц өвөг Цэрэндаш маань зайран хүн байсан бөгөөд дээд үеүд нь бөө хүмүүс байсан гэдэг.Өвөг эцэг Ц.Дамдинсүрэнгийн төрсөн дүү Ц.Ренчиндорж нь удмынхаа бөөгийн онгодыг залсан бөө хүн байсан,1966 онд бие барсан.Түүнээс хойш намайг залгатал манай удам 50-иад жил онгодоо авалгүй тасарсан юм.Ингээд бодохоор бөөгийн удамтай,онгод тэнгэрээ залсан гэж боддог.Миний аав ээж хоёр Булган аймгийн хүмүүс,нутгийнхны яриагаар хойд талын Улаан ямаатынхнаа ургийнхан,урд талын Хар ямаатынхнаа Борхулынхан гэдэг гэсэн. Би xoтод мэндэлж,өсөж торнисон хотын хүн, онгод тэнгэрээ залаад нэгэн жил болж байна.
Хөхчир админ: Одоогийн бөө(улаач) нарыг та юу гэж боддог вэ?
Танхай балчир: Би халх, дархад, буриад гэх зэргээр хувааж ярих дургүй,харин Монголын бөө(улаач) гэж ярих дуртай. Энэ эрин цагийнхаа хэмжээнд бөө(улаач) нар явж байгаа, гол нь аливаа уламжлал, дэг, ёс жаяг, цаг үеэ даган өөрчлөгдөж байдаг. Уламжлалыг өнөө цаг үетэй холбож ойлгох,юуг нь авах уу?,юуг нь гээх үү? гэдгээ бодох хэрэгтэй. Уламжлалаа дагасан, холилдоогүй байгаа гэвэл шүүмжлэлтэй хандах зүйл харагдаж байна. Зан үйл гэхээсээ нэршил, ойлголт, эдлэл хэрэглэл дээр нэг ойлголтонд хүрэх хэрэгтэй.Олон хэллэг,нэршил,ойлголт ухагдахуун маш их холилдсон байна.
Хөхчир админ: Эдлэл хэрэглэл гэснээс Бөө (улаач) хүний тахил дээр нэг талдаа уналага гээд бөөгийн зүйлс нь байна нөгөө талд нь хонх дамар гээд шарын шашны эд зүйлс байна. Энэ тухай юу гэж боддог вэ?
Танхай балчир: Түүхийн улбааг гээж хасан, буруушаах арга байхгүй, цаг үеийн эрхээр шарын шашин руу бөөгийн зүйлс их орсон байгаа. Үүнийг үгүйсгэх аргагүй, миний хадам талд дээд үе нь бөө тэгээд доошлоод яг ороо бусгаа хэцүү үед ламын дүрд хувилсан бөө нар байсан. Тэр үеийн лам дүрд хувилсан бөө нарын эрдэм чадал одоогийн лам нартай харьцуулахгүй гэж хүмүүс ярьдаг. Би лам, бөөгөөр явдаггүй байсаан. Бөө мөргөл одоо цагт шашинаас юугаа эргүүлж авах вэ? гэдгийг судлаач нар,олон улаач нар гаргаад ирсэн тохиолдолд Бөө(улаач) нарт ойлголт нэг болж ирнэ гэж боддог. Хөвсгөлийн тайга нь хэцүү үед халхын нутгийн газар газраас очсон монголын бөө нарын цугларалт болсон газар юм. Цаг гайгүй болох үед зарим нь тэндээ үлдэж, зарим нь нутаг буцсан.
Хөхчир админ: Нээрээ л тийм байх шүү. Миний онго тэнгэр архийг хүлээн зөвшөөрдөггүй учраас хээрийн бөөлөөнд явсан ч машинаа бариад яваад өгдөг. Тийм болохоор ч тэр үү архины эсрэг байдаг харин та архины тухайд ямар байр суурьтай байдаг вэ?
Танхай балчир: Улаач хүний амьдрал бол бодит хүний амьдрал, та шал согтуу юу хийж чадах вэ? бодоод үзээрэй. Би архаг архичин, спиртийн оройд нь явсан хүн далимдуулахыг л бодно шүү дээ /Инээв/. Тэгсэн чинь хуц л байхгүй юу? Манай гэрийнхэн архи уухгүй би гэртээ ганцаараа архи уудаг байсан. Тэгээд л онгод тэнгэрээ авах улаач гэдгээ мэдсэний дараа урдных шигээ нэг шил архи аваад л уух гээд аягалаад,балгасан чинь залгиулдаггүй ээ. Муу санаалаад л хэлэндээ уусгая гэж бодоод, байлгаад байлаа хэл мэдэрдэггүй аргаа бараад асгалаа. Тэр архи тэр чигээрээ л үлдсэн. Дараа нь манай хүү анхны цалингаа аваад л аавд пиво гээд бариад ороод ирлээ. Би бөөн баяр уух гэсэн чинь бас л болдоггүй шүү ёстой балай. Тэр жилийн шинэ жилээр гэр бүлээрээ шампанск задлаад тулгаад л уух гэсэн хоолой боогоод уулгадгүй тэгээд маргааш нь болохоор газ нь гарсан чихэртэй ус уулгачихаж байгаа юмдаа. Тэрнээс хойш хэдэн жил ямар ч архи уугаагүй, харин сүүлийн хэдэн жилд хааяа ганц тагш шимийн нэрмэл балгаж байна.Мөн тамхи татдаг хүн шүү би. Гэсэн ч буулт хийх үед архи бүү хэл тамхиа ч татаж чадахгүй сууна шүү дээ. 
Хөхчир админ: Зах дээр хүнтэй уулзах хооронд бөөгийн эдлэл хэрэгсэл зардаг лангуунаас хүмүүс урт урт хадаг худалдаж авч байгаа харагдах юмаа.
Танхай балчир: Уламжлалаа дагаж байгаа бол хадаг орохгүй. Хадгаар мод боогоод, тэр модны ургалтыг сүйтгэж байна. Дээр үеийн самбай хадаг бол шал өөр, одоо тийм дүйх хадаг байхгүй. Энэ бол цаг үеэ дагасан өөрчлөлт, ярьсан нь л хадаг болохоос биш олон зүйлс байна. Өнөөдөр бид нар ярилцаж нэг тогоонд оруулахгүй бол савнаасаа хальж байна. Уламжлал бас шинэчлэгддэг, хэрэгцээгүй арга үйлдэлүүдийг хаях хэрэгтэй. Олон бөө(улаач) нар босож байгаа нь энэ цагтаа байх ёстой л зүйл гэж боддог.Сайн муу,буруу зөв гэж бие биенээ юуны түрүүнд хажиглах хэрэггүй дээ. Оюун санааны эрин зуунд харин шигшигдэж үлдэх нь үлдээд, гээгдэх нь гээгдээд, цааш явах нь явах байх.
Хөхчир: Бөө(улаач) нар ямар нэршил, ойлголт дээр нэгдмэл байгаасай гэж бодож байна вэ?
Танхай балчир: Зан үйл гэж байна. Гал тахих, лус тахих, хайрхан тахих, овоо тахих энэ бүгд тус тусдаа зан үйл. Бөө бөөгийн бөөлөө өөр гэдэг учраас аргачлал нь өөр, өөр байж болно. Гэхдээ галаа яаж хөгжөөх, галаа яаж явуулахын, яаж галаа эргүүлэн авчрах, галаа яаж хөөргөх юм гэдэг дээр л нэг ойлголтой баймаар байна. Ардын ухаанд нар мандах зүгт цацалаа өргөж байна. Гэрийн идээ ундааны зүйлс зүүн урдаа голдуу байрлаж ирсэн учраас хайрхан тахих үйл ажиллагааг наран ургах зүгээс эхлэх ёстой юм. Урд нь ард нь биш тухайн хайрханд нар тусах үед, нар ургах зүгээс эхэлж байвал гэж бодож байна.Манайхан нэг зан үйл хийх гэхдээ хэд хэд хуваагдаад,нэг санаа зүтгэлд чиглэхгүй байх нь ажиглагддаг.Үнэндээ тухайн үйлийг нэг санаагаар нэгдээд хийвэл,олон олон аргаар илүү дутуугаа нөхөж болно гэж бодож явдаг.
Хөхчир админ: Энэ бүгдийн төлөө ярилцаад сууж байгаа нь сайхан байна.Сүүлийн үед зоддог, нүддэг гэх янз бүрийн зүйл сонсогдоод байх юм. Энэ яг юунаас болоод байна вэ?
Танхай балчир:Онгод тэнгэр улаачийнхаа ааш араншин, зан байдлын 90%-ын толь юм шүү, би үүнийг баттай гэж боддог. Ийм учраас улаач хүний төлөвшил гэсэн зүйл яригддаг. Ганц тохиолдолд оюун санааны хатамжит байдлаа бүрэн алдах үйлдэл байна. Тэр нь лус савдагийн хөлөлтэй улаач газрын үйлэнд ороход л бүрэн тасрах байх гэж боддог.Тэгэхээр сархад хүртэн,элдэв ааш гаргаж байгаа нь улаачийн төлөвшлийг харуулж байгаа болов уу?.Төлөвшсөн мундаг улаач нар нөгөө хэцүү нэртээр ч сайн үйл хийлгүүлж дөнгөх байх. Би ингэж л бодож байна.
Хөхчир админ: Та монголын бөө (улаач) нартаа хандаж юу гэж хэлэх вэ?
Танхай балчир: АНУ-ын баруун бүс нутагт амьдардаг Ковбойчууд дэггүй байсан явдлаа өөрсдөө л дотроосоо цэгцэлсэн, яг үүнтэй адил Монголын бөө нар цэгцэндээ орно.Мөн л бид өөрсдөө тэр цэгцтэй байхаа дотроосоо эхэлж,буруу зөв ойлголт,буруу зөв үйлдэл бүхнээ дотроо илэн далангүй ярилцан засах хэрэгтэй. Бидний улаачийн замнал өөрийнхөө зам мөрөөр л явж байгаа, үүнд бүх бөө(улаач) нар хувь нэмрээ оруулж байгаа юм шүү. Бөө(улаач) нар сайн уншиж,судалж,эрэл хайгуул хийж, дотоод сэтгэлийн саваа цэвэрлэж “Хүн чанартай” л байх хэрэгтэй. Ийм байвал Монголын бөө (улаач) нар хөгжинө гэж хэлье дээ.
Хөхчир админ: Атаа таван тэнгэр бөө мөргөл группын урилгыг хүлээж авч Монголын бөө(улаач) нараа нэгдмэл нэршил ойлголтой байя хэмээн нээлттэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярилцсан Танхай балчир ахдаа баярлалаа. Танд болон танай гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Comments