logo

logo.jpg

Advertisement

​Монголын уртын дуу, хөөмийн талаар Хятадууд

Монголын уртын дуу, хөөмийн талаар Хятадууд

Би хагас бүтэн сайнд боломж л гарвал Бөрклэй дэх Кальфорнын их сургуулийн номын сангуудад сууж, Хятаны талаар судалгааны ажлаа хийж, жаахан ахиулдаг зуршилтай юм. Хэрвээ ажлын өдрүүд бол ажлаа тараад холгүй орших Станфордын их сургуулийн номын сангуудад шөнө дөл болтол сууна. Сайн санаатай, сурах гэсэн хүнд ямагт тусалж байдаг өвгөн буурал профессоруудын буянд эдгээр сайхан сургуулиудын номын сангийн босгыг алхах завшаан олдон нь өчүүхэн надад асар их сэтгэлийн болоод ном эрдмийн тус дэм болж байгаа тул чадлын хэрээр би “эзэн хичээвэл заяа хичээнэ“ хэмээн хичээнгүйлдэг юм. Энэ бол монгол хүн бүрт олдоод байхааргүй ховор завшаан гэдэгт маргах хүн гарахгүй биз ээ. Миний судалгааны ажлыг гараас гарсан эсэхийг хүмүүс сэтгэл догдлон асууна. Зарим нь сонирхож унших, зарим нь гоочилж шүүмжлэх, зарим нь судалгаандаа ашиглах гээд олон санаа явж буй байх аа. Надад удаан хийх олон шалтгаан бий. Нэгт би мэргэжлийн биш, хоёрт би ажил хийж сурангаа ном бичиж байгаа, гуравт ихэнх материал дундад эртний хятад хэл дээр гээд унасан бөхийн шалтаг олон тул миний гараас нэг л сайн чанартай эд гарч өгөхгүй дуншаад л байна.
Энэ хагас бүтэн сайн өдөр Сан Францискод бороотой сэрүүхэн байсан тул Бөрклэйд ирж номын санд цагийг нөхцөөж, идэх уухыг умартан олон зузаан номын хуудсыг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн эргүүлж, зарим нэгэн тэмдэглэл хийж суунгаа сэтгэлийн жаргалыг дангаар эдлэв. Нэг мэдэхэд гадаа харанхуй болж од мичид тэнгэрт түгжээ. Толгойгоо сэргээж, мэдлэгээ сэргээх зорилгоор Банкрофт хэмээх төв номын сангийн уншлагын саруул том зааланд орж, шинэ сэтгүүл гарчиглав. Энэ уншлагын заалны тааз өндөр, уран нарийн хийцтэй тул нүдний чилээг гаргаж, хааяа адар ширтэхэд нэг л сайхан, сэтгэл уучирдаг юм. Энэ удаа би урд хөршийн 59 дэх жилдээ гаргаж буй Өнөөгийн Xятад хэмээх өнгөт сэтгүүлийн хуудсыг имэрч, зургийг тайшааж, гарчиган дээгүүр хараагаа гүйлгэж аль нэгэн сонирхолтой материал олж уншихаар тэмүүлэв. 2010 оны 4 сарын дугаарын 72 дугаар хуудсанд “Умартын нүүдэлчдийн гайхамшигт уртын дуу” гэсэн гарчигийг ногоон толгодын наанa хуур татах монгол хүний эрхэм дүрийн хамт олж өөрийн эрхгүй хараа тогтоож хөмсөг буулгав. Сэтгүүлийн хоёр нүүр бичсэн энэ нийтлэлийн гол утгыг сийрүүлэн хэлье. Хятадын умартад нутаг олон мянган жил нүүдэллэн ирсэн монгол түмэн бол өөрийн өвөрмөц хэл соёлтой, тэдний ихэнх нь Өвөр Монголд аж төрөх ба Шинжаан, Хөхнуур, Гансу, Шинэн, Лияонин, Хөлөнбуйр мужуураар тархан суудаг гэжээ. Уртын дууны саруул цээлхнийг шагшин магтаад, уртын дуу нь хөөмийтэй нийлэхээрээ юунаас хосгүй сайхан урлаг болдог гэнэ. Уг зохиолчийн хэлснээр хөөмий бол Шинжааны монголчууд, Шилийн голын монголчуудын дунд эртнээс дэлгэрсэн хосгүй урлаг ажээ. Энэ урлагийн хүчинд монгол хүн ботгоо голсон ингийг богино хэлбэрийн уртын дуугаараа уяраадаг гээд Ингэний нулмис киног жишээ татсан байна. Хятадын төрөөс энэ сайхан урлагийг өмгөөлж хамгаaлахын тулд ЮНЕСКО-д уртын дуу, хөөмийг сэтгэл гарган бүртгүүллээ гэжээ.
Хятадууд бусдын соёлыг луйвардан ЮНЕСКОД-д өөрийн нэр дээрээ бүртгүүлж, монголчуудын эсэргүүцэлтэй тулгарч, дэлхийн түвшинд нэр хүндээ муутгаснаа ийнхүү хайцаалан цайруулах гэж оролдсон байна. Хачирхалтай нь умарт зүгт Монгол улс оршин тогтнож байгааг нэг үгээр дурдаагүй мөртөө Монгол улсын иргэн хүний бүтээсэн Ингэний нулмис киног ичих юмгүй дахиад л луйвардсан байна.
Зах зээлийн чөлөөт харилцаанд орсны дараа урд хөршид очиж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж манай урлагийнхан ихэд чармайж, тэдэнд хөөмий зааснаар огт үндэс суурьгүй газар хөөмийг хөгжүүлж энэ урлагаа их хятад алдсан нь үнэн. Өвөр Монгол хэдий алтан ургийн тасархай алаг махны хэлтэрхий ч туурга тусгаар бол танай манай гэдэг ёс үйлчилдэг энэ хорвоод хүний миний гэдгийн зааг бас баймаар юм. Эл байдалд өвөр монголын урлагийнхан ч гэсэн дэндүү ухамсаргүй, хятаддаа зулгуйдан хандсан байна. Урлаг соёлын дээл хувцсаа тэдэнд зарснаар Монгол улсын онцлогтой ардын язгуур урлагийн хувцас цөм Xятадад шилжжээ. Одоо өвөр, ар монголын урлагийн хувцас усны дусал мэт адил болж ар өврийн, ах захын, туурга тусгаарын ялаа огт гээгдсэн байна. Энэ бол цаанаa их гүрний идэх бодлого хамт явагдаж байгаагийн нэг илрэл мөн. За бидний монголчууд өнөө маргаашийг харж хэдэн төгрөгний хойноос явсны хариуд их зүйлийг урд хөршид ийнхүү алдaж байна. Бодох цаг үнэхээр ирсэн ажигуу. Цаашид монгол гэсэн эрхэм сайхан өөрийн өв соёлын онцлогоо (identity) алдах асуудал улам гаарах янзтай. Монголчууд минь ээ, эх соёлоо хамгаалах, өөрийн болгон баталгаажуулан дэлхийд түгээхийн тулд эв нэгдлийг эрхэмлэж хамтран ажиллах цаг болжээ гэж би үзэж байна.
 
Ш.Баатар
 

Comments