logo

logo.jpg

Advertisement

Зураг түүхийг авч үлддэг-42 Хамтарсан сургалт зохион байгуулав

Хамтарсан сургалт зохион байгуулав

Монгол Улсын төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах зорилгоор АНУ-аас тус улсад  суугаа Элчин сайдын яамтай хамтран “Аюулгүй байдлын стратеги” сэдвээр сургалт зохион байгуулж, төр, олон нийтийн болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын 150 гаруй хүмүүс оролцов. Энэхүү сургалт төрийн бүх байгууллагын төлөөлөл бүрэн хамарсан юм. Мөн төрийн байгууллагууд төлөвлөлт, үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулах талаар онол, практикын мэдээлэл сонсож, хамтын ажиллагааны даалгавар боловсруулж, санал бодлоо солилцож билээ. 
Төгсгөлд нь Хавайн аюулгүй байдлын төвийн захирал ирж, Батлан хамгаалахын сайд Сономпил хүлээн авч уулзаж, оройн хүндэтгэлийн зоог болж, хаалтаа хийсэн юм. Чухамхүү тэр үед ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын хувьд ирсэн багш гартай уулзаж, дараагийн хамтын ажиллагааны эхлэл тавьж билээ.
Дэлхийн улс орнууд аюулгүй байдалд анхаарч, улс орны хил хязгаар, зэр зэвсгийн хүчийг зузаатгах, улмаар эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, хүн амын удмын санг хамгаалах, хүнсний, экологийн болон соёлын асуудлын хүрээнд олон асуудлыг шийдвэрлэх болов.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс аюулгүй байдлын цөм нь улс гүрэн биш, хүвь хүн байх учиртайг анхааруулснаар “Хүний аюулгүй байдал” өнөөдөр дэлхийн хэмжээний бодлогын тулгуур үзэл баримтлал боллоо. Хүн өдөр тутмын амьдралын баталгаагаа дэлхий дахины үйл явдал, улс орнуудын хоорондын харилцаанаас илүүтэйгээр гэр бүл, орлого, хүнс, орон байрны тухайн нөхцөл дэх баталгаа, үр удмынхаа ирээдүйтэй холбон үзэх болсон бөгөөд өлсгөлөн, ажилгүйдэл, өвчин эмгэг, сөргөлдөөн, хэлмэгдүүлэлт, байгаль орчны элдэв бохирдлоос хамгаалагдсан байхыг эн тэргүүнд хүсч байна.
Улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийн гол зорилго нь өнөөгийн төдийгүй ирээдүйн хүний сайн сайхан байдлын төлөө байх ёстой гэж үздэг. Хүн төвтэй хөгжлийн үзэл хандлагаар үндэсний болон хүний аюулгүй байдал нь тогтвортой зөв бодлого, онч мэргэн удирдлагын хүчээр хангагдана. Хүний аюулгүй байдлыг хангах нь хөгжлийн зорилго төдийгүй тухайн улс орны хөгжлийн үр дүн байдаг. Гэхдээ хүний аюулгүй байдлыг хангахад зөвхөн төрийн төдийгүй, хувь хүний өөрийнх нь үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай.
ХХ зуун хүний аюулгүй байдлын тухай ойлголтоо үндсээр нь шинэчлэх шаардлагыг хүн төрөлхтөнд бий болгожээ. Үндэсний аюулгүй байдал нь хувь хүний амьд явах, эрхэмсэг оршихуйн аюулгүй байдлын нэг урьдчилсан нөхцөл мөн боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй. Улс орон хэдийгээр баян, хүчирхэг байлаа ч энэ нь тухайн улс орны хүн ам айх аюулгүй, баян чинээлэг байхын баталгаа биш. Засгийн газрын үүрэг нь хувь хүмүүс өөрсдийгөө аваад явах чадах, чадвар боломжоо зүй бус хориг хязгаарлалтгүй хөгжүүлэх үндэс, суурь орчинг бий болгоход оршино.
Аюулгүй байдлын үзэл баримтлалыг олон жилийн туршид хэт явцуу байдлаар, тухайлбал гадаадын түрэмгийллээс нутаг дэвсгэрээ хамгаалах, цөмийн сүйрлийн аюулаас дэлхий дахиныг хамгаалах зэргээр тайлбарлаж ирсэн. Энэ нь ард түмнээс илүү улс оронд хамааралтай. Гэтэл өдөр тутам айх аюулгүй амьдрах гэсэн хүний зүй ёсны хүсэл эрмэлзлэлийг орхигдуулсан юм.
Ядуурал, тэгш бус байдал, хөгжлийн ялгаатай түвшин, улс төрийн тогтворгүй байдал зэрэгтэй холбогдон гарах зөрчил, хүчирхийлэл, гэмт халдлага, дарамт, шахалтаас хувь хүмүүсийг хамгаалах асуудал нь төсөөлөгдөж буй айдас, түгшүүрээс хамгаалагдсан байхыг шаардана. Дутагдах, гачигдах зүйлгүй байх гэдэг нь хүний аюулгүй байдлын нэлээд олон талт хандлагын илрэл бөгөөд өлсгөлөн, өвчин, байгалийн гамшиг, осол зэрэг өргөн хүрээний асуудлыг хамруулан үздэг. Дээрх хүчин зүйлүүд нь хүний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, дайн, удмын сангийн өөрчлөлт, алан хядах ажиллагаа зэргээс ч илүүтэйгээр олон хүнийг амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулдаг.
Энэ нь зөвхөн хүчирхийлэл бус, хөгжил ба аюулгүй байдлын зорилтуудыг илүү тодорхой авч үзэхийг анхаардагаараа айдас, хүйдэсгүй байхаас ялгаатай. Үүнийг улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийн эцсийн зорилго нь өнөө хийгээд хойч үеийн хүний сайн сайхан байдал, сэтгэл хангалуун амьдралын төлөө байх ёстой гэж үздэг хүн төвтэй хөгжлийн үзэл хандлагаар хувь хүний болон улс орны аюулгүй байдал нь зэвсгийн хүчээр бус, тогтвортой хөгжлөөр хангагдана гэж хэлж болох юм
Улс орнууд аюулгүй байдлаа зэвсгийн хүчээр хамгаалах үзлээс хүний хөгжлөөр хамгаалах үзэлд шилжиж байна.
Хүний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийг эх сурвалжаар нь дотоод ба гадаад, цаг хугацааны хувьд гэнэтийн ба тодорхой хугацааны, хэмжээ, далайцаар нь дэлхий дахины ба бүсийн, аюул учруулах магадлалаар нь бодит ба болзошгүй, нөлөөлөх хүчин зүйлийн шинж байдлаар нь объектив ба субъектив гэж ангилан авч үздэг.
Хүн төрөлхтний оюун ухаан, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан технологийн хөгжил явагдахын хэрээр хүн төрөлхтөн хүчирхэгжиж чөлөөт байдлын хүрээ тэлсээр байгаа нь хүний аюулгүй байдлыг хангахад голлох үүрэг гүйцэтгэж байна. Эдгээрээс улс төр, эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдлыг нийгмийн аюулгүй байдал гэнэ. Хүний аюулгүй байдлын эдгээр үндсэн чиглэл хоорондоо салшгүй холбоотой, нэгийг нь нөгөөгөөс салган тайлбарлахад төвөгтэй.
 

Comments