4. Нээлтийн ажиллагаа болов.
Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилгын нээлтын ажиллагаанд Хөвсгөл аймгийн драмын театрын хамт олон оролцож бидний тахилганд уран бүтээлийн тоглолтоор хүч нэмсэн билээ. Тахилгад оролцохоор монголын бүх аймгаас улаач нар хүрэлцэн ирсэн байлаа.
МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархадын зайран Э.Балжир, Д.Нямдаваа, Дархадын удган Цэцгээ, цаатан бөө, зайран Б.Баяраа (олонд алдаршсан нэр Моко зайран ), Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, Буриадын Их удган Х.Гэрэлтуяа зэрэг олонд нэр хүндтэй олон зайран, удган нээлтийн ажиллагаанд байлцлаа.
5. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Лусын тахилга
2014 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 9.40-өөс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Лусын тахилгыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Дархадын зайран Э.Балжир нар тэргүүлж бөөлж эхэллэв. Дараа нь Дархадын удган Цэцгээ, цаатан бөө, зайран Б.Баяраа (олонд алдаршсан нэр Моко зайран ) нар бөөллөө.
Энэ тахилгын үеэр зайран С.Лхагважав өөрийн дураар бөөлж, МБНЭ-ийн бага хуралдаагаар баталсан нэгдсэн тахилгын эртнээс тогтсон журмыг эвдэж, сахилга дэг алдагдуулсан билээ. Үнэхээр зайран С.Лхагважавт бөөлөх хүсэл байсан бол МБНЭ-ийн бага хуралдайд санал бодлоо илэрхийлж, тахилгад бөөлөх боломж байсан. Нөгөөтэйгүүр заавал бөөлөх хүсэл байсан бол өөр хаана ч бөөлөх боломж байсан билээ. Өмнөговийн тахилгад зайран Ж.Чулуунбаатар, Хөвсгөлийн тахилгад зайран С.Лханважав нар тахилгын журмыг зөрчсөнд МБНЭ-ийн Хяналтын цэцээс хариуцлага тооцох шаардлагатай байгааг харууллаа. Тэгэхгүй бол цаашид хэн дуртай нь бөөлж, дэггүйтэл газар авах нээ.
6. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Хайрханы тахилга
2014 оны 7 дугаар сарын 4-ны 11.40 цагаас Хайрханы тахилгад Хөвсгөлийн зайран Д.Нямдаваа, Х.Батбаяр, (олонд “бүдүрэ” зайран) нар толгойлж бөөлсөн байна.
Тахилгын завсар хооронд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү нар тахилгыг сонирхон оролцон байгаа АНУ, Францын төлөөлөгчид зэрэг гадаадын 30 орчим төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, сонирхосон асуудлуудад хариулт өглөө.
7. Шагнал олгов.
Үдээш хойш 17.00 цагаас шагнал олгох ажиллагаа эхэлж, Хөвсгөл аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Дархадын зайран Э.Балжир, Д. Нямдаваа нарыг шагнасныг Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагч Ганбаатар гардууллаа. Мөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Ганболд тахилгад оролцсон бөө нарт шагнал, дурсгалын зүйл гардууллаа. Мөн Монгол бөөгийн Тэргүүн зайран цол, тэмдэгээр Б.Баяраа, Х.Батбаяр нарт олгосныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан гардуулж, энгэрт нь тэмдэгийг нь зүүж өглөө.
8. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын Галын тахилга
Орой 22.00 цагаас Галын тахилга болж, Монгол бөөгийн тэргүүн удган В.Жавзансүрэн удирдаж, Хөвсгөлийн удган Энхжаргал, удган Цэнд-Аюуш, удган Ариунбаяр нар толгойлж бөөлсөн билээ. Галын тахилгын өрнөлд залуучуудын бөөгийн “Галт шонхор” төвийн залуучууд оролцож, бөөлж галаа хөгжөөлөө.
Галын тахилга дуусангуут Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгын хаалтын ажиллагаа болов. Хаалтын ажиллагаанд хөвсгөлийн театрын хамт олон оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Хөвсгөл нуурын Нэгдсэн Их тахилгад толгойлж бөөлсөн бөө, зайран Б.Балжир, Д.Нямдаваад Монгол бөөгийн тэргүүн зайран, Удган Энхжаргал, Цэцгээд Монгол бөөгийн Тэргүүн удган, Т.Пүрэвдоржид Монгол бөөгийн зайран, Цэнд-Аюуш, Ариунбаяр нарт Монгол бөөгийн удган цол тус, тус олгосон байна. МБНЭ-ын “Алтан шонхор” медалиар Б.Балжир, Д.Нямдаваа, “Мөнгөн шонхор” медалиар зайран Сансар, Ариунбаяр нар, “Хүрэл шонхор” медалиар Эрдэнэцогт, Энхжаргал нарыг, МБНЭ-ийн “Өргөмжлөл”-өөр арван хүнийг шагнасныг МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд гардуулан зүүж өглөө. Энэ үед тэрхэн орчинд их манан тэнгэрээс газарт бууж, битүү бүрхэж нэг, нэгнийгээ харахад бэрхтэй болсон юм.