Уншиж байна...

 

Шарилжин дунд хөхөрч зэвхийрсэн байшин Шар хадны ойролцоо байдаг байв. Ойр хавийнх нь оршин суугчид түүнийг чөтгөртэй гэж дөлнө. Хүүхдүүд тэр байшингийн хашааг дамжин байлдаж тоглох ба хоорондоо тэр байшингийн чөтгөрийг харах юмсан гэж догирхон ярилцана.

Байшингийн гадуурх хашаа хайс нь цагтаа ажилсаг нямбай нэгний гараар бүтсэний шинжтэй, ахуй амьжиргаагаа их хичээнгүй тордож байсны ул мөр үлдсэн аж. Байшинг хуучин эзнээс нь хойш гурван ч хүн худалдаж аваад удалгүй нүүжээ. Шар хаданд олон жил амьдарсан Галдан гуай уг байшингийн талаар ингэж ярьсан юм. Магсаржав гэдэг жолоочийн байшин л даа. Магсаржав сүрхий ажилч хичээнгүй хүн байсан юм. Аль ч баазад билээ дээ жолооч хийдэг. Машин тэрэг нь гял цалхийсэн. Жолооч хүн гэхээр л тос маслотой хутгалдсан халтар царайтай амьтан байх ёстой биш дээ. Торгон Магсаржав гэдэгсэн. Цэмцгэр торгон дээл өмсч, ганган хар бүрх духдуулж явна. Зам харгуйд саатаж, эрэг боолт энэ тэртэй бараг ноцолдож үзээгүй байх. Тэр үеийн гол ажлын нэг болох намрын тариа хураалтаар яваад ирэхдээ тэр баруун аймгийн нэг годгор охин дагуулж ирсэн юм.

Тэр хүүхэд Санхүүгийн сургуульд суралцдаг байсан байх. Байх айлгүй тул сургуулийн дотуур байр ажиллах хүртэл гэртээ байлгасан юм. Магсаржавын эхнэр цэцэрлэгийн багш, гуч шүргэсэн сайхан л бүсгүй. Нөгөө санхүүгийн сургуулийн оюутан охин ч дотуур байранд орохгүй тэднийд байсаар өвөлтэй залгасан юм. Сүүлдээ Магсаржавын эхнэр нөхрөө нөгөө оюутан охинтой хардах болов. Нөхөр нь огт тоохгүй хөхөрч “Чи одоо намайг энэ хүүхэдтэй хардаж байгаа хэрэг үү? Миний талийгаач Ээбээтэй адилхан санагддаг юм. Тэгээд л энэ хүүхдэд дүү шигээ ханддаг юм шүү дээ” гэдэг байв.

Эхнэр нь нөхрийнхөө зовлонг сэдрээж буруу зүйл ярилаа гээд гэмшдэг байсан байх. 11-р сарын сүүлээр юмдаг Магсаржавын эхнэрийн төрсөн өдөр болжээ. Мань эр эхнэрийнхээ төрсөн өдрөөр ноолууран цамц авч өгөхдөө яг адилханыг Санхүүгийн сургуулийн оюутан Отгонд авч өгсөн нь мартагнаж байсан хардах сэтгэлийг нь дахин хөндөж орхиж. Төрсөн өдөр тэр чигээрээ гашуудлын өдөр шиг болчихжээ. Магсаржав ч нөгөө охиныг хөөж “Би ямар чиний ах, дүү чинь юм уу?” гэсэн ч эхнэрийнх нь сэтгэл ханасангүй хөндий хүйтэн хэвээрээ байлаа.

Тэгэхээр нь хүчээр шахам архи шахаж өгсөн байна. Архи ууж үзээгүй Цэрэнханд бүсгүй инээд алдаад л хацар нь улаа бутарсан амьтан, зан ааш ч гэж хайлсан тугалга болжээ. Тэр үед нэлээд хөлчүү байсан Магсаржав “Чиний инээж байгааг хараагүй яасан ч удав даа. Дахиад инээгээч, дахиад” гэж хөлнийх нь тавхайг гижигдэж гарчээ. Цэрэнханд бүсгүй орон дээрээ унаж тийчигнээд болохгүй байсан тул Магсаржав хөнжлөөр гарыг биетэй нь тамхи ороож байгаа юм шиг битүү боогоод гижигдэж гарчээ. Бүсгүй ч ширэнгэн ойн дотор амьдардаг зэрлэг хүмүүсийнх шиг хачин зэвүүн тас тас хийн хөхөрч, хамар хашааных нь айлд тэр нь орж ирж байжээ. “Магсаржавынх ёстой байшингаа хагартал наргиж байна даа” гэж хөршүүд нь бодож байсан гэдэг юм.

Маргааш нь Магсаржавын эхнэр нас барчихсан байв. Биед нь үзлэг хийхэд ямар ч шарх сорви, гадны нөлөө байсангүй. Ингээд л тэр гэнэтийн үхлийн шалтгаан тодорхойгүй хэвээр үлдсэн байна. Үнэндээ хөөрхий Цэрэнхандын нөхрөө Отгонтой харддаг байсан нь тийм ч ор үндэсгүй зүйл биш байжээ. Магсаржав эхнэрээ нас барсны дараа оюутан Отгонтой эхнэр, нөхөр шиг инээж хөхөрч нэгнийхээ хувцасны өө сэвийг олны нүдэн дээр засч, дэлгүүр хоршоогоор хөтлөлцөн явах болжээ. Энэ талаар муу муухай зүйл ярьж хов жив хутгасан хүн үгүй. Хөөрхий залуу хүн шар махтайгаа хатаж явснаас зовлонгоо хурдан мартан инээж яваа нь овоо доо гэнэ.

Гэтэл нөгөө оюутан охин буюу Магсаржавын хоёр дахь эхнэр нь бас л төрсөн өдрөө тэмдэглэж ангийнхаа хүүхдүүдийг дагуулж ирээд шөнө орой болсон хойно тэд ч явцгаажээ. Маргааш нь залуу оюутан эхнэр нь нас барсанд ойр хавийнх нь хүмүүс сэрдхийгээд явчихсан байна. Бас л нас барсан бүсгүйд ямар ч гэмтэл байсангүй. Магсаржав байшингаа зараад нүүжээ. Байшинд нь орсон айл шөнө дунд “Хоёр эмэгтэй хүн уралдаж инээгээд унтуулахгүй юм. Аймшигтай зэвүүн дуутай гэж яана” хэмээн сэжиглэн ярьж зарчихаад нүүжээ.

Дараачийн худалдаж авсан хоёр айл ч бас ийм шалтгаанаар нүүсэн байх. Түүнээс хойш тэр байшингийн хажуугаар шөнийн цагаар өнгөрөхөд бүдүүн, нарийн дуутай хоёр бүсгүй тачигнатал хөхөрч байгаа сонсогддог аж. Дууных нь зэвүүн үс толгой арзаймаар гэнэ лээ.

Бусад мэдээ

Feb 14, 2024 572

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/