Аймгийн төв Өлгий хот бөгөөд Улаанбаатар хотоос 1636 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь 45.8 мянган хавтгай дөрвөлжин километр. Хүн амын тоо 88 мянга гаруйтай. Тус аймаг нь 1940 онд байгуулагдсан боловч багахан цаг хугацаанд хүн амын ихэнх нь казак үндэстнүүд болж цөөнх Монгол овгийн урианхай, тува ястнууд амьдардаг болжээ.
Өндөрлөг газар оршдог учраас уур амьсгал ерөнхийдөө сэрүүн байдаг. Даян, Хотон, Хорго гэх мэт цэнгэг уст 80 гаруй нууртай. Ховд, Цагаан, Согоот, Ёлт гэх мэт 100 гаруй гол горхи, 200 гаруй булаг шандтай. Ховд гол нь 506 километр үргэлжилдэг.
Энэ аймгийн сүүлийн үеийн түүхийг сайн мэднэ. Энд олон удаа, олон сараар ажилласан түүх сонихон билээ.
Өлгий хотын дундуур урсах ногоон дэнж дээр хоноглоод маргааш нь захаар орж элдвийг сонирхон аялав. Тэндээс Увс аймгийн зүг гарч аялалаа үргэлжлүүлсэн билээ. Толбо, Ачит нуур нь загас агнуурын нөөцтэй. Ачит нуур бол Увс аймгийн хилийн дэс билээ. Ачит нуурын эрэг дээр ялаа шумуул нь удаан зогсохын аргагүй байсан.
Энэ өдрийн аяны зам Хотгорын нүүрсний уурхай хүрээд завсарлав. Бид эрт амарсан нь маргааш өглөө эртлэн босч Бөхмөрөнгийн давааг давж өндөрлөг дээрээс алсын барааг харах зорилготой байсан.
Увс аймгийн баруун хэсэгт орших Бөхмөрөн сум нь аймгийн төвөөсөө 200 гаруй км-ийн зайтай оршдог бөгөөд Түүхт Улаан хадны энгэрт үүссэн түүхтэй. Бэлчээрийн даац, хадлан тэжээлийн бэлтгэл, зэрлэг чацарганы өлгий гэдгээр алдартай ажээ. Уг сум нь аймагтаа байгалийн баялагаараа тэргүүлдэг агаад, сумын баруун хэсэгт Асгатын мөнгөний орд, зүүн хэсэгт Хотгорын нүүрсний уурхай, Бамбагарын нүүрсний уурхай байдаг ба өөр бусад ашигт малтмалын орд газрууд ихтэй олон төрлийн ховор амьтан ургамал элбэгтэй үзэсгэлт нутагтай суманд зүй ёсоор багтадаг байна. Энэ л газартай бүгдтэй нь танилцах хувь тохиожээ.
Монгол,Оросын хил дээр орших тус сум нь Бөхмөрөн голын хагалбарын эхэнд оршдог. Тус суманд Ачит нуур, Үүрэг нуур ,ба Хархираа, Түргэний Уулс сүндэрлэж, Заан хад хэмээх хаанаас нь ч харсан заан шиг хад бас байдаг.