Category: Индэр

  • МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГИЙН ТҮҮХИЙН ХАМААРАЛ

    Мөнх тэнгэрийн сургаалийг судлах, олон түмэнд хүргэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг их байна. Өнгөрсөн үеийн түүхээс мөнх тэнгэрийн үзэл санааг арчиж, “цагаан түүх”-ийг бүтээхэд хавгүй их хүч зарцуулжээ. Монгол зан заншил, зан үйлийг эргээд дэлэгрүүлэхтэй хамт мөнх тэнгэрийн сургаал хамтдаа сэргэнэ. Үндэсний үзэл санаа эргээд сэргэх бүрт Мөнх тэнгэрийн сургааль хамтдаа дэлгэрэх болно.
    Мөнх тэнгэрийн сургаалийг түмэн олонд хүргэхэд “Тэнгэрийн улаач” нарын гүйцэтгэх үүрэг асар их юм. Тиймээс “тэнгэрийн улаач” нарын үйл ажиллагааг уламжлалт зөв жаягаар хөгжүүлэх шаардлага тулгарна. Монгол бөө нар бөөгийн ёс зүйг баримтлаж ажиллах нь тулгамдсан зорилт юм. Бидний хамтын ажиллагаа, дэвшүүлж байгаа бодлого, зорилт түүнийг хэрхэн хэргжүүлэхээс шууд хамааралтай олон асуудал хариулт хүлээж байна.
    Дэлхийн түүхэнд Төр, шашин хоёр ямагт цуг оршин тогтнож байсан, цаашид ч байсаар байна. Монгол улсад шашин шүтлэгийн байдлыг судлаж үзвээс цаг хугацааны хувьд дараах хамаралтай байна.
    Нэгдүгээр бүлэг. Монголын овог аймгуудаас Хүн, Сяньби, Жужан гүрний үе, (МЭӨ IV-III зуунаас 1180 он хүртэл). Бөө мөргөл, төрийн шүтлэг болтлоо өргөжсөн үе.
    Хоёрдугаар бүлэг. Нэгдүгээр үе. Монголын Их гүрэн байгуулагдсан ба Чингис хааны үе, (1206-1227). Энэ үед Монголын Их гүрний Төрийн шүтээн нь Мөнх Тэнгэрээ шүтлэг Бөө мөргөл байв.
    Хоёрдугаар бүлэг. Хоёрдугаар үе. Монголын их гүрэн, их хаадын үе.( 1227-1368 он хүртэл) Монголын их эзэнт улсын үндсэн шүтээн нь Тэнгэр шүтлэгт бөө мөргөл байв. Их хаад нийсэлээ харьд шилжүүлсэн гэлээ ч онгод, шүтээн, онго, тахил нь монголын төв нутагтаа байсныг тэмдэглэхийг хүсч байна.
    Гуравдугаар бүлэг. Нэгдүгээр үе. Монголчуудын хоорондын тэмцэл, хагарал, Манжид дагаар орж эхэлсэн үе, (1368-1570 он хүртэл ) Харь хэлдээр уншлагаа хийдэг Түвдийн шашин дэлэгрүүлэв.
    Гуравдугаар бүлэг. Хоёрдугаар үе. Манжийн эрхшээлд байсан үе буюу Шарын шашин төр баригч хаант засаглал болтол дэвшсэн үе (1570-1911 он хүртэл), Төрийн шашин нь Шарын шашин болж тодров.
    Дөрөвдүгээр бүлэг. Коммунист засаглалын үе. (1921-1990 он хүртэл ), Монголд шашингүйн үзлийг хүчээр дэлэгрүүлэх гэж зүтгэсэн цаг хугацаа байв.
    Тавдугаар бүлэг. Шинэ үеийн тогтолцоонд шилжих үеийн Монгол Улс, одоо цаг. (1990 хойш өнөө цаг хүртэл) Олон шашин шүтэж эхлэсэн үе, Монгол Улс дахь буддын шашныг зонхилох байр суурьтай хэмээн хүчээр тогтоох гэж оролдсон үе хамаарч байна.
    Монголын түүхийг судалж үзвээс Төр шашинаа эрхэмлэн дээдэлж шүтэж байсан үеийн түүхийн ихэнх хугацаанд Монголчууд Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг эрхэмлэн шүтэж иржээ. Сүүлийн 300-аад жил Төвдийн шарын шашинг шүтсэн, 70 орчим жил шашингүй үзэл, коммунист суртлыг дагасан үе хамаарч байна.
    XX зууны эхээр дэлхий нийтэд гарсан үзэл суртлын томоохон нөлөө өөрчлөлтийн улмаас 1921 онд Монгол улсад Ардын засаг хэмээх улс төрийн байгууллага байгуулагдан болшевик үзэл суртлын нөлөөн дор Монголчууд очсон юм. Монголын эртний уламжлалт бөөгийн шүтлэг нь энэ үед мөн л хүнд цохилтонд орсон. Хуьсгалт жилүүдэд Дархад бөө нарын дотроос 100 гаруй бөө алагдсан баримт байдаг. Бүр саяхны нэг жишээ гэвэл Дархадын алдарт зайран Дамдин агсаныг мэргэ төлгө хийж, бөөгийн арга засал хийснийх нь төлөө олон удаа баривчилж, амьдралынхаа 30 гаруй жилийг шоронд ял эдэлсэн бөгөөд одоо хүртэл цагаатгагдаагүй байна. Энэ үед бөөгийн талаарх ном хэвлэлүүдийг гаргадаггүй байжээ.
    1990 оноос үндэснийхээ ухамсрыг сэрээх, үндэснийхээ уламжлалыг дээдлэх, Монгол хүний эрхэм чанар болох улс үндэстнээ гэх агуу үзэл зорилго нээгдсэн юм. Энэ үед хэдэн үеэрээ шүтаж биширч ирсэн тэнгэр шүтлэгт бөө мөргөл эргэн сэргэх сэргэлт эхэлсэн.
    1990 оноос түүхийн хувьд Монголчууд шинэ үеийн тогтолцоонд шилжих үеийг туулж яваа бөгөөд энэ үед олон шашины урсгал өөрсдийн номлолоо дэлгэрүүлэх их өрсөлдөөн өрнөсөн тэмцлийн үе байна. Одоогийн байдлаар шарын шашин шүтэх явдал эрчимтэй буурч 85 хувиас 45 хувь руу уруудаж, Иссус шүтлэгтэн нарын эгнээ нэмэгдэж 30 хувь руу дөхөж, Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийг 14,6-18,0 хувь нь шүтэж байна.
    Өнгөрсөн 30 жилд шарын шашины тэргүүн нь харь газраас монголд 20 гаруй хувилгаадын нэрийг тодруулжээ. Тэд монголын дотоод хэрэгт хууль зөрчин ийнхүү дураараа оролцож байна. Жил тутам хэдэн зуун шашины лам хуврагыг гадаадад бэлтгэж байна. Монгол нутагт шашины суварга шүтээн бүтээхэд хэдэн саяар тоологдох ам доллар зарцуулж байна. Тэглээ гээд өнөөдөр шүтэн бишрэгчдийнхээ 30 орчим хувийг алдаад байна. Энэ алдаж байгаа хувийн 10 орчим нь бөө шүтлэг, 10 орчим хувь нь иссус шашинд шилжжээ.
    Энэ бүхний нөгөө талд нь Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ байнгын тасралтгүй, санхүүгийн дэмжлэг авдаг 30 гаруй шашины урсгал сүүлийн 20 жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ. Тэд түүхийн баялаг туршлагатай, зохион байгуулалттай, эдийн засгийн хүчирхэг туслалцаатай, хаана яаж ажиллахаа мэддэг, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан шашинууд юм.
    Мөнх тэнгэрийг шүтэгчдийн тоо 1990 онд 1 хувь байсан билээ. Энэ тоо 2004 он хүртэл 1,5 хувиас хэтэрсэнгүй. Гэвч сүүлийн 10 жилд жил дутам мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо жил бүр 1 хувиар нэмэгдэж байна. Энэ тооны цаана манай Мөнх тэнгэрийн “улаач” нарын гүйцэтгэж байгаа аугаа их үүрэг тодорхойлогдож байна.
    Монгол үндэсний уламжлалт мөнх тэнгэр шүтлэгт бөөгийн мөргөл жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтээн хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа эзлүүлсэн өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Бид үүнийг хүсэхгүй.
    Олон мянган “тэнгэрийн улаач” нарын үйл ажиллагааг зөв чиг хандлагаар хөгжүүлэх, зангидан удирдах төв байгууллагын үүрэг улам өсөн нэмэгдэнэ. Монгол бөө бол дэлхийн бусад орны бөө нартай олон ижил төстэй чанар байдаг боловч Төр улсынхаа төлөө ажиллаж ирсэн, түүнийхээ төлөө Тэнгэрийн зан үйл хийдэг түүхэн уламжлалтай, байгалтайгаа амин шүтэлцээтэй, баялаг үйлээрээ гоц ялгардаг үйлстэн. Нөгөө талдаа Монголын соёлын биет бус үнэт зүйлсийг хамгаалах зорилттой уялдана.
    Онгон байгал бол орчин ертөнцтэй холбогдох юугаар ч солишгүй чухал орчин. Тиймээс ч өвгөд дээдэс минь өнөөгийн бидний гарт олон чухал зүйлийг шилжүүлж өгсөний нэг нь байгаль дэлхийгээ хамгаалах үйлс юм.
    Хүн төрлөхтний өлгий нутаг монгол орныхоо түүх, газар нутгаа хамгаалах нь бидний зорилт байх болно. Дэлхий бусад газарт байхгүй олон сайхан түүхийн нотолгоо бүхий уул, ус, түүхийн дурсгалыг бидэнд үлдээжээ. Түүнийг хамгаалах нь бидний чухал үүрэг байх болно.
    Би та бүхнээр бахархаж байна. Яагаад гэвэл “Тэнгэрийн улаач” гэдэг бол хүн болгонд заяагаад байдаггүй ховор хувь тавилан юм. Энэхүү хувь тавиланг дааж амьдрана гэдэг, төр түмнийхээ төлөө зүтгэнэ гэдэг “Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны өмнө хүлээсэн нэр төртэй үүрэг мөн.
    Бидэнд бусадтай адил мөргөж залбирах сүм, хийд, мечид шаардлагагүй. Монгол хүн бүр хүнд хэцүү сорилт тулгарахад хаана ч явсан хөх мөнх тэнгэртээ хоёр гараа өргөн залбирч хүсэл соёрхолоо илгээдэг билээ. Бидэнд, айл бүрт өвөг дээдсээс өнөөг хүртэл уламжлагдан үлдээсэн онгод, шүтээн, өв сан бий, бидэнд дээд үе, өвөг дээдэс минь хамгаалан тэмцсээр өнөө бидэнд шилжүүлэн үлдээсэн онгон байгаль, хөрсөн доор нь асар их эрдэнэс баялаг байна. Одоо бидний түүхэнд үүрэг хүлээх хариуцлагатай үе ирээд байна.
    Бид их зүйлийг хийж чадаж байна. Цаашид ч их үйлсийг хийх болно. ”Тэнгэрийн улаачид” бол Мөнх тэнгэрийн үзлийг түгээгчид мөн. Энэ үзлийг дэлгэрүүлсэнээрээ монголыг монголоороо авч үлдэх их тэмцлийг манайд “Тэнгэр улаач” нар тэргүүлж явна. Тэд монголынхоо төлөө сэтгэл зүрх нь ямагт цохилж, Монгол иргэдийнхээ төлөө цаг ямагт их үйлийг хийдэг, үйл бүрээрээ Мөнхтэнгэр, онгодынхоо өмнө амь насаараа тангараг тавин ажилладаг явдаг “Тэнгэрлэг үйлстэн” юм.
    Түүхийн олон зуун жилийн турш Харийн гүрний бодлогод эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин, сурталд хүчээр дагаар орсон, Бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж бид өнөөдрийг хүрч иржээ.
    Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ
    Д.Жаргалсайхан
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

     

    djmedia:359
  • МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ШҮТЛЭГИЙГ АД ҮЗЭГСЭД БА ТЭНГЭР ШҮТЛЭГТ БӨӨ МӨРГӨЛ МИНЬ

     

    Монголчуудын түүхэнд олон “цагаан үе” бий. Түүнийг нэг хэсгийг зориуд мартагнуулсан түүхийн үе эзэлдэг, тэдгээрийн нэгийг эргэн санахыг оролдоё. Судалвал олон зүйл сэргэнэ. Эдгээр үйл явдлаас нэгэн зүйлийг сэргээх шалтгаан бидэнд тохиов. Бид урд нь яагаад үүнийг бичдэггүй байв. Үүнд олон шалтгаан бий. Тэр нь голдуу монголчуудын үндэсний үзэл сэргэн мандахаас эмээх зүйлээс эхлэлтэй. Гэхдээ шинэ эрин эхэлж байна. Дэлхий нийт шинэ уур амьсгалаар амьсгалж эхэллээ. Монголчууд хэзээ ч ийм үйл явдлаас хоцорч байсангүй.
    Би түүхч биш ээ. Гэхдээ өнөөдрийн бичих зүйлээ түүхийн зарим асуудлаас эхлэх хэрэгтэй байна. Цагаан морин жил 1990 оноос Монголын мартагдсан олон төрөл зүйлийн нэг, монголын соёлын үнэт өвийн нэг бөөг сэргээн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монгол бөө бол гүн ухаан, шүтлэг бишрэл, зан үйл, ёс заншил, далд ухамсар зэргийг багтаасан цогц ухаан юм, нийт хүн төрөлхтөн нэгдмэл нийтлэг, үзэл суртал, гүн ухааны угшил болсон бөөгийн тэнгэрийн үзэл, даян дэлхийд нүүдэлчдийн нэгэн үзэл суртал байсан билээ. Төв Азийн нүүдэлчин морьтнууд ноёрхолоо тогтоож, эзэнт улсаа байгуулж явсан түүхийн ихэнх нь Алтайн нуруу, Орхоны хөндийгөөс эхтэй.

    Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлон бүтээсэн гэж үздэг. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм. Тийм учраас Монгол бөөг сонирхох урсгал монгол руу чиглэлээд байгаагийн нэг учиг энэ юм.
    5000 жилийн өмнө Монголын төв хэсэг Архангайн Чулуут голын хадан дээр тэнгэрийн эрхэсийн 1400 гаруй одыг дүрслэн тэмдэглэл, Хойд Цэнхэрийн агуй дахь эртний хүмүүсийн оромж, түүний ханан дээгүүрх зураг дүрс бол Монголчууд эрт цагаас эхлэн агуу их Мөнх тэнгэрийг судлан шүтэж ирсний гэрч мөн.
    Бидний Их тахилга хийсэн Монгол Улсын толгой уул Жаргалант хайрханы хажуухантай 10 орчим км үргэлжилсэн хадан дээр үлдээж зурсан арслан заан, тэмээн хяруул, тэмээ зэрэг амьтад монгол нутгаар идээшиж байсан эрт балар үеийн хүн байгалийн уудам орон зайг эзэмшин оршин сууж байсныг дүрсэлсэн бүтээл өнөөг хүрч ирсэн нь дэлхийд гайхагдах хүн төрөлхтөний гайхамшигт ГАЛАРЕЙ байлаа. Энэ чанараараа Монгол Улсын толгой уулын мөн чанарыг тодорхойлж, Монголын түүхэнд бөхөж унтралгүй үеэс үед дамжин үлдсэн соёлын нэгэн их том ололт болсон бөөгийн шүтлэгийн мөн чанарыг улам бүр тодотгосон юм.
    Монгол улсын нутаг дэвсгэр дээр нэн эртний үеийн нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл “Хадны ном” болох хад чулууны дүрс бүх аймагт тааралддаг бичлэгт бөөгийн шүтлэгийн болон нүүдэлчдийн аж төрөлтэй холбоотой олон сүг дүрсүүд зурагдан үлджээ. Монголын соёл цацран мандсан ба үүн дээр тулгуурлан монголчуудын тэнгэрийн үзэл, номлол дэлгэрэн Монгол бөө хөгжсөн түүхтэй.
    Хүннүгийн Луушаан шанюй Христостын оноос өмнө 170-аад оны орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн тэртээ Хятадын Хан үндэстний Хуандид бичсэн захидалд өөрийн биеийг “Тэнгэр газрын төрүүлсэн, наран саран мандуулсан Хүннү гүрний их Шаньюуй хаан” гэжээ.
    Монгол соёлын ховор ном судрыг цуглуулан хадгалж байдаг Монгол улсын үндэсний номын санд Б.Ринчений үзэж тэмдэглэснээр, Монгол бөөгийн дуудлагыг мөнхүү есөн эрдэнээр урлан бүтээсэн нь анхных байжээ. Монгол олон аймаг нь дотроо тус тусдаа өөрийн онгон шүтээн болох хандгай, хун шувуу, морь зэрэг амьтдыг омог аймгийнхаа гарлын тэмдэг болгож, шүтэж иржээ. Энэ бүх бэлэгдэл МБНЭ-ийн логонд бий.
    Бөө судлалын түүхэн сурвалжуудыг Эртний хад чулуун дээрх сүг зураг дүрслэл, Монголчуудын судалгааны бүтээл, Дэлхийн судлаачдын бүтээл гэж ангилж байна. Дэлхийн судлаачдын бүтээлийг Эртний хятадын түүхэн сурвалж бичгүүдийн тэмдэглэл, Монгол орноор аялсан хүмүүсийн замын тэмдэглэл, Оросын эрдэмтдийн бүтээл, Японы эрдэмтдийн бүтээл, бусад гэж хувааж болох юм.
    Монголын бөөгийн шүтлэгийн тухай хамгийн эртний түүхэн дурсгалт бүтээл бол “Монголын нууц товчоо” юм. “Монголын нууц товчоо”-нд тэр үеийн бөө нарын тухай, бөөгийн тахилга, зүхэлийн тухай, бөөгийн тэнгэр шүтлэгийн тухай 60 гаруй удаа тэмдэглэж үлдээсэн байна.
    1699 онд зохиосон “Юаньши” (Юань улсын түүх)энэ зохиолд Хубилай хааны үеийн Юань гүрний тухай түүхэн баримтуудыг тусган харуулсан хоёр зуун гуч гаруй дэвтэр түүхийн ном юм. Эдгээрээс хойш бөөгийн талаар анх дагнан судалсан бүтээл бол эрдэмтэн Дорж Банзаров 1846 онд Петербург хотноо “Бөө судлал буюу Монголын харын бөө” гэсэн ном бичиж бөө судлалын эхлэлийг тавьсан юм.
    Коммунист засаглалын хаалттай үед Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” хэмээх дөрвөн дэвтэр бүтээлээ Франц улсад 1956, 1963, 1975 онуудад хэвлүүлэн гаргасан нь 1924-1970-аад онуудад орон нутгаар аялан явж үлэмж хэмжээний бөөгийн дуулал, тамлагыг цуглуулсанаа тэмдэглэн авч нийтлүүлжээ. Энэ бүтээл бөө судлаач нарт үнэтэй ховор судлагдахуун болно.
    Монголчуудын үндэсний соёлын нэгэн хэсэг болсон бөөгийн доторх олон тооны зан үйлд тамлага, дуудлагууд, ерөөл магтаал зэрэг ардын яруу найраг, тууль домгийн үнэт бүтээлүүд одоо нэгэнт олдошгүйгээр устан алга болсноос үзэхэд дээрх судалгааны ач холбогдол цаглашгүй үнэ цэнэтэй нь ойлгомжтой.
    Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм” номын I ботид Монголын бөө мөргөлийн яруу найргаас товчлон авч бөөгийн яруу найргийн төрөл зүйлийг жишээ баримтаар харуулжээ. Б.Содном “Монголын хар бөөгийн дуудлагын тухай” гэдэг өгүүлэлдээ бөөгийн хар шарын дуудлагуудыг тоймлон дүгнэлт хийжээ. Түүхч Ч.Далай “Монголын бөөгийн товч түүх” (1959 он) ном нь түүний Бээжингийн их сургуулийн дипломын ажлын хэмжээнд бичигдсэн бүтээл болно.
    Түүхч Ч.Далай гуай Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн шинжээчээр олон жил ажиласан юм. Надтай хамтран ажиллаж байсан тэр мөчөө эргэн дурсахад нэн таатай байдаг.
    Эрдэмтэн О.Пүрэв “Монгол бөөгийн шашин” (2007 он) хэмээх ном бичиж хэвлүүлсэн нь орчин үеийн бөө судлалд шинэ хуудас, шинэ үзэл санааг оруулж ирсэн юм. Миний бие эрдэмтэн О.Пүрэв гуйатай тодорхой түүхийн сэдвээр уулзаж байлаа.
    Түүхийн хариуцлагатай үед Монгол бөөг хөгжүүлэх, Тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа. Чухам энэ түүхийн захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв, 2003 онд Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагджээ. Энэ хоёр байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад нэрт эрдэмтэн Ринчен, Хөвсгөлийн зайран Дамдин, 1990-2000-ээд онд эрдэмтэн судлаач О.Пүрэв, Зайран Цэрэн Баавай, Зайран Д.Бямбадорж, Удган Д.Энхжаргал, судлаач Ш.Сүхбат, Бөөгийн төвлөрсөн төв байгуулагын хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зайран, удган Д.Батчулуун, П.Батжаргал, Д.Одонхүү, Б.Бадамсүрэн нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
    Ш.Сүхбатын бүтээлүүд монгол бөөгийн өмнөх түүхийг нэгтгэн дүгнэж, зан үйлийн зарим шинэ баримтуудаар баяжуулсан, бөөгийн албан ёсны анхны байгууллагыг байгуулж хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Монгол бөөгийн нэгэн үе энэ хүний хөдөлмөр тэмцэл, үйл ажиллагаатай шууд холбогдоно. Ийм сайхан хүмүүстэй нэгэн үед хамт амьдарч, ажиллаж байгаагаа ховор завшаан гэж үзэхээс аргагүй билээ.
    Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Буриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монголын баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
    Монгол бөөг олон түмэнд ойлгуулан түгээх хүндтэй үүргийг хүлээсэн хүмүүсийн нэг нь Зайран Д.Бямбадорж юм. Монгол бөөгийн олон давтагдашгүй зүйлийг түгээхэд түүний амьдралын 20 гаруй жилийн хугацаа зориулагдсан байна. Монгол бөөд тэрээр өөрийн гэсэн орон зай, өнгө төрх, хэв жаягийг бүтээж эзэлсэн байна. Монгол төрийн хүндэтгэлийн ёслолд оролцож бөөлсөн өөр зайран алга байна. Түүгээрээ монголын төрд монгол төрийн бөөгийн уламжлагдан ирсэн олон зүйлийг сануулж өгсөнөөрөө түүхэн гавьяатай хүн. Бөө хүн хоёр амьдралтай. Д.Бямбадорж эгэл жирийн үедээ ч яруу найргийн их хүлэг дээр мордож, дүүлэн аялах дуртай. Түүний яруу найргын онгодоос дорны яруу найргын өнгө айзам, бөөгийн тухай хэн ч өмнө нь дурдаагүй уянга эгшигийг олж мэдэрдэг.
    Өнөөдрийг хүртэл уламжлалт бөө мөргөлөө авч яваа зайран, удган Ц.Чулуунбаатар, Б.Хүүжий, Б.Баяраа, Б.Төмжий, П.Даваадорж, Ц.Болд, Авид гээд олон арван улаачийг нэрлэж болохоор байна. Бөө маань зөв чиг голдиролоор явж байна.
    Энэ ялдамд монгол бөөгийн нэр алдраар олон жил хөлөглөсөн үр шимийг хүртэгсдэд уламжлалт шүтлэгийнхээ төлөө үлдсэн амьдрал, хөлс хүчээ зориулах цаг ирсэнийг би сануулах үүрэгтэй гэж үзэж байна.
    Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй.
    Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажилладаг.
    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 110 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, хэдэн мянган бөө нар байна. Гэвч төрийн бус байгууллагын төлөвшөлөө олсон, байнгын ажиллагаатай бөөгийн байгуулага байхгүй байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй.
    Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор Хар зүрхний Хөх нуурт цугларч чадав. Зарим нь олон бөө нэг дор бөөлөхийг хараад “шогширч” сууна. Гайхах хэрэггүй, муулах ч шаардлагагүй, энэ бүхэн гайхамшиг. Нэгдвэл ямар их хүч байгааг харуулснаараа энэ түүхэн үйл явдал байлаа.
    Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Хэдий чиг, чигээ харсан олон бөө нар нэгдэх нь цаг хугацаа их шаардах ажил боловч, бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд манлайлагч нар нэгдэж чадах юм. Бидний зорилго амжилттай биелж байна.
    Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм.
    Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ.

    Д.Жаргалсайхан
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    Ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

  • МОНГОЛ НУТАГТ ЦАГ ТООЛОЛ ЗУРХАЙ БӨӨ МӨРГӨЛӨӨС ҮҮССЭН.

     

    Энэ нь бөөгийн шүтлэг бишрэл үүсэж тогтсон тэр цаг үетэй холбогдоно. Иймээс сүүлийн үед сэргэн мандаж байгаа уламжлалт бөө мөргөлийн тахилт тайллага үзлэг засалт Төвдөөс гаралтай Төгс буянтын зурхайн шинэ ёс өдөр цаг төдийлөн тохирохгүй байгааг амьдрал нотлон харуулж байгаа билээ. Анхны тоолол болсон байгаль дэлхий хувиралт өөрчлөлтөнд үндэслэсэн “Байгалийн он тоолол” тодорхой цаг мөчид давхцан тохиодог сар мичид хоёрийн тохиолд тааруулсан “Мичидийн улирлын тоолол” болон тэнгэр дэлхийг тойрон эргэдэг сар нь тодорхой хэсэг хугацааны дараа анхныхаа байранд ирж байгаа мөчлөгт үндэслэсэн “Сарны буюу бэлгийн улирлын” тооллууд нь байгаль дэлхийтэйгээ цаг ямагт байгаль дэлхийнхээ эрхшээлд зохицон амьдарсаар ирсэн нь нүүдэлчин Монголчуудын ухаан билээ.
    Нүүдэлчдийн үүсгэж XIII р зууны Монголчуудын улам нарийсган хэрэглэсээр ирсэн арга билгийн хослолтой “Шар зурхайн тоолол нь” гараг эрхэсийн төв нь нар хэмээх Коперникийн суут онол гарахаас хэдэн зууны өмнө дэлхийн ертөнцийг бөөрөнхий төдийгүй нарыг тойрон эргэдэг зарчим дээр тулгуурлан зохиожээ. Сар мичидийн тохиолыг МЭӨ III р зууны үед Хүннүчүүд “Мичидийн тоолол” хэмээн нэрлэсэнийг тогтоосон билээ. Эсгий туургатан буюу нүүдэлчдийн дунд дэлгэрсэн “Мичидийн улирлын тоолол” нь Монголчуудын аж ахуй түүхэн уламжлалыг төгс хадгалдаг байна.
    Монголчуудын дунд эртнээс нааш өдөр сарыг алдвал “Сар мичидийн тохиолгоор”ол гэсэн гүн ухааны хэллэг нь нэг ёсны тэнгэрийн шалгуур болой.
    Сар мичидийн тохиолго жил бүрийн:
    Намрын эхэн сарын 21
    Намрын дунд сарын 19
    Намрын сүүл сарын 17
    Өвлийн тэргүүн сарын 15
    Өвлийн дунд сарын 13
    Өвлийн адаг сарын 11
    Хаврын эхэн сарын 9
    Хаврын дунд сарын 7
    Хаврын адаг сарын 5
    Зуны эхэн сарын 3 нд тохиогоод мичид үзэгдэхээ больдог нь тэнгэр дэлхийн цаг хугацааны хувьд өөрчлөгдөшгүй хууль билээ.
    “Цаг тооны бичигт” тэнгэр дэлхийд тогтсон сар өдөр тохиодог сар мичидийн тохиолго эс таарвал уг цаг тооллын бичиг алдаатай болохыг илтгэнэ. Сар мичидийн тохиолго гэдэг бол сар мичид хоёр эрхэс бие биедээ ойртон тохиолдох түүгээр тэнгэрийн аяс араншинг дохиолон хэлж өгөх үзэгдлийг хэлж байгаа юм. Монголчууд түүхэндээ янз бүрийн зурхайг хэрэглэж байсан боловч ихэнхдээ Юань гүрний үеэс улбаатай “Цаг мэдээний зурхай” буюу “Шар зурхай” хэрэглэсээр иржээ.
    Түүхэн баримтаас үзвэл Хубилай хааны зарлигаар “Шар зурхайг” анх зохиохдоо Бээжингээр бус Зүүнээс баруун тийш зургаан мянга гаруй газар, Өмнөөс хойш арван нэгэн мянга гаруй газрын зайд хорин долоон суурин газраар төв болгон тооцож хийсэн төдийгүй Монголын эртний нийслэл ХарХорумын өмнөд орших “Цагт уул” зэргээр төв болгосон түүхэн баримттай бөгөөд өнөөг хүртэл Ази, Дорнод дахины ард түмэн хэрэглэсээр ирсэн.
    Монгол улс Хубилай хааны хуульчилсан “Шар зурхай”-г 1851 оноос 1952 он хүртэл хэрэглэж байсаныг түүх архивын баримт гэрчилдэг. 1952 оны цагаан сарыг Маршал Чойбалсаны нас барсаны гашуудалтай давхцуулан хаасанаас хойш арваад жилийн дараа цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” болгон тэмдэглэх МАХН-ын ТХ-ны шийдвэрээр 1961 оноос эхлэн цаг тооллын бичгийг дахин хэрэглэх болсон.
    Энэ үед Хятад Монголын харилцаа их муудсан байсан тул улс төрийн шалтгаанаар Хятадаас өөр өдөр цагаан сараа хийхийн тулд олон зуун жилийн уламжлалтай “Шар зурхай”-аа “Төгс буянтын шинэ зурхайн ёс” тооллоор сольж хэрэглэх болжээ. Сүмбэ Хамбын тооцоолон гаргасан Төвдөөс улбаатай “Төгс буянтын шинэ зурхайн ёс” нь тухайн үед өргөн дэлгэр тархаагүй боловч шарын шашины нөлөө Монголд хүчтэй байсаны үр дүнд сүм хийдүүд дагаж мөрдөж ирсэн бөгөөд одоо ч мөрдөж байгаа билээ.
    1990 оны цагаан морин жилээс хойш Монголын ард түмэн шүтэх эс шүтэх чөлөөг олж олон шашины номлол Монголчуудын оюун санааг эзэмдэж байгаа боловч Төвдөөс гаралтай “Төгс буянтын шинэ зурхайн ёс”-ыг одоо ч дагаж мөрдөх нь учир дутагдалтай билээ. Үүнд:
    1. Зогсолтгүй хөдөлдөг сар болоод хэзээ ч тасралтгүй үргэлжилдэг цаг хугацааг тэмдэглэхдээ зарим өдрийг тасалж заримыг нь давхцуулан тохируулдаг бөгөөд бүтэн жилийг 360 хоногтой гэж тооцоолдог.
    2. Дэлхий ертөнцөө хөдөлгөөнгүй хавтгай зүйл гэж үзэж зохиосон.
    3. Нар сар од эрхсийн хөдөлгөөн зүй тогтолд тулгуурласан жам ёсны хуулийн дагуу урсан өнгөрөх цаг хугацааг тэмдэглээгүй сар мичидийн тохиол байнга зөрдөг.
    4. Нар сарнй хиртэлтийн оновчтой эсэх нь орчин үеийн шинжлэх ухаантай зөрчилдсөн зэрэг болно. Монголын уламжлалт бөө мөргөл нь байгаль цаг уур амьсгал, тэнгэр эрхэс, ан амьтан, хүн зоны сэтгэл, төр түмний үйл, байгаль дээр болж байгаа хувиралт өөрчлөлт, од гаригын хөдөлгөөнтэй уялдсан эртний тэнгэр шүтлэг билээ.
    Иймээс Төвдөөс гаралтай “Төгс буянтын шинэ зурхайн ёс” бидний өдөр тутамын үйл ажиллагаатай зөрчилдөж байгаа юм. Бид бүхэн үсээ засуулахдаа, үр хүүхэддээ нэр өгөхдөө, амьдралд ганц тохиох хуримын өдөрөө товлохдоо, бурхан болоочоо хөдөөлүүлэхдээ, унагаа тамгалахдаа, ихэс дээдсээ хүндлэн золгохдоо, байгаль од эрхэсийн хөдөлгөөний наад захын жам ёсыг зөрчин амьдралдаа болон ирээдүйдээ буруу зам мөрөө үлдээсээр байх уу.
    Аливаа улс гүрэн эзлэн түрэмгийлсэн улсдаа өөрийнхөө цаг тооны цагалбарыг тулгаж мөрдүүлдэг бодит жишээ нь “Төгс буянтын шинэ зурхайн ёс”-ыг Монголчууд дагаж мөрдсөн явдал юм билээ. Үүнийг төр засаг минь анхааран үзэж зурхай цаг тооны цагалбарыг нэг талд шийдэх цаг нэгэнт болжээ.
    Цаг мэддэг зурхайч үгүй болоход
    Цадиг мэддэг өвгөд үгүй болоход
    Цааз мэддэг түшмэл үгүй болоход
    Хугацаа мэддэг зурхайч үгүй болоход
    Хууль мэддэг түшмэд үгүй болоход
    Худам мэддэг бичээч үгүй болоход
    Төр үймж
    Түмэн олон самуурна- (онгодын айлдвараас)

    Монгол бөөгийн их Зайран Д.Одонхүү

     

  • АЛТАЙ ТАВАН БОГДОД МУСУЛЬМАНЫ СҮМ БАРИНА ГЭНЭ ҮҮ

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд очоод сонссон анхны содон мэдээ нь сумын ИТХ-аас Алтай таван богдын дэргэд мусальманы сүм байгуулах тухай шийдвэр байв. 2012 оны орон нутгийн сонгуулиар энэ суманд казак иргэд олонхийн суудлыг эзэлж, хорин нэгүүлээ болж, харин монгол иргэд цөөнх буюу найман суудал авчээ. Олонхи болсон ИТХ дахь казак иргэдийн төлөөлөгчид олонхоороо шийдэж, Алтай таван богдод мусальманы сүм байгуулах тухай шийдвэр гаргажээ. Тэр сүмээ Алтай таван богдыг төрийн тахилгаар тахисаны дараа байгуулахаар тогтсон аж. Цөөнх болсон монголчууд сумынхаа төвд улс төрийн суулт хийсэн боловч үр дүнд хүрсэнгүй, тэгсхийгээд үйл явдал намжив. Өнөөдрийн улс төрийн тогтсон жаяг ёсоор олонх асуудлыг хүчээр шийдвэрлэж, цөөнх тэгсхийгээд үг дуйгүй номхорсон байна.
    Гэхдээ нэг хүчин зүйлийг тооцож үзсэнгүй. Энэ нь Цэнгэл суманд казакууд олонх боловч Монгол орны газар нутаг дээр тэд цөөнх. Алтай таван богд бол Монгол үндэстний бахархалт хайрхан, тэр талаас нь үзвэл энэ асуудлыг олонх, цөөнхийн зүгээс хандах аргагүй болно. Монголчуудын, улсын хэмжээний асуудлыг 21 хүнтэй олонх шийдээд байвал зарим зүйл утгаа алдах болно. Иймэрхүү байдал газар авбал үндэстний асуудал яригдана.
    Тиймээс цаашдаа ийм асуудалд төрийн бодлого хэрэгтэй. Ийм асуудалд олонхи, цөөнхийн асуудал гэж байхгүй. Ганцхан монголчуудын эрх ашиг гэж бий. Монголчууд гэдэгт одоогийн монгол улсын газар нутагт амьдарч байгаа бүх иргэд хамаарна. Тиймээс гаргаж байгаа шийдвэр нь нийтийн эрх ашгийн өмнөөс байх ёстой гэсэн үг юм.
    Монгол нутагт анхны казак иргэд сууришаад 100 жил болж байна. Анх Баян-Өлгий аймгийг 1940 оны наймдугаар сард БНМАУ-ын VIII бага хурлын шийдвэрээр Ховд аймгаас салгаж, 10 сум, 7063 өрх, 33,3 мянган хүнтэйгээр байгуулжээ. Тэр цагаас хойш түүхийн тун бага хугацаа өнгөрчээ.
    Өвөг дээдэс ухаалаг улс байж, монголд нэгдэхээр ирсэн овог аймгуудыг газар заан өгөхдөө заавал ам тангараг авч байжээ. Түүнчлэн Монгол нутгийн уул, усны нэрийг өөрчлөх эрхийг хэнд өгдөггүй байж. Харин манжийн төр монголд нөлөөтэй байхдаа монгол газрын цөөнгүй нэрийг өөрчилсөн, тэр нь төвд голдуу нэр байдаг. Өнгөрсөн 80 жилд Монгол уул, усны зарим нэрийг орчин үеийн болгож өөрчилсөн удаатай бөгөөд тэр нь орчин цагийн монгол нэр юм. Харин оршин суугчид өөрчлөн нэрлэх тохиолдол сүүлийн хэдэн жилд газар аваад байгаа бөгөөд одоо уул, усны нэр багагүй өөрчилсөн байна. Сүүлийн хэдэн жил хэвлэгдэн гарсан ном, цаг тооллын бичиг, сурталчилгааны материалд уул, ус, газрын гуч орчим хувь нь гадаад нэр дээр байна. Цаашдаа энэ байдал үргэлжилбэл аюултай үр дагавар авчирна. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн нутаг газрын нэрийг хэн ч өөрчлөх учиргүй билээ.
    Казакын ард олны нэг чухал хүндлэл бол оршуулгын ёс. Анх Баян-Өлгий аймгийн нутгаар явж байхад оршуулгын газраа чулуун хашаагаар хүрээлүүлж, багагүй хэмжээний байшинд оршуулгаа байрлуулдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэн үү, одоо байшинд байрлуулах нь багассан байна. Гэхдээ оршуулгын газар нь алсаас харахад багахан тосгон, суурин шиг голдуу төв замын дагуу, эсвэл том хөндийн голд байрлуулсан харагддаг.
    Монгол нутаг өргөн уудам билээ. Цаашид бүх л үндэстэн оршуулгын газраа сонгоход олон түмний санал хүсэлт, ёс заншилыг сайн судалж байгуулдаг болоход төр анхаарах цаг нь болжээ.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа:
    1. Монгол Улсын тахилгат газруудыг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн онгон дагшинаар байлгаж, аль ч шашины байгууллагууд өөрсдийн чиглэлээр сүм, хийд байгуулахыг хориглоё.
    2. Монголчуудын хүндэтгэж ирсэн онгон дархан газар нутгуудад оршуулгын газар байгуулахыг зогсооё.
    3. Өвөг дээдсээс өнөөг хүртэл нэрлэж ирсэн газар, нутгийн уламжлалт нэрийг өөрчилдөгийг больё.
    Манжийн төр, шашингүй үзлийн үеүүдэд, сүүлийн жилүүдэд өөрчилсөн нэрийн судалгааг гаргаж, өвөг дээдсийн тахиж шүтэж ирсэн тэр л уугуул нэрийг сэргээх шаардлагатай байна.

    Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

  • Уулзаж ярилцлаа.

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын бөө судлаач Ш.Сүхбаттай ярилцаж, ойрын саруудад хамтарч ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодотголоо. Судлаач Ш.Сүбат МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаатай холбоотой үнэтэй зөвлөгөө өглөө. Монгол Улсад бөөгийн байгууллага үүсч хөгжсөний 20 жилийг тэмдэглэхтэй холбоотой сурталчилгааны ажлыг хамтарч хийх талаар тохиролцлоо.

     

  • ХУРАНДААГИЙН “ШИЙР”-2 ЦЭЕЭ ХУРАНДАА (Баримтад өгүүллэг)

     

    Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Хурандаагийн шийр болох Бум хурандаагаас хойш 50 жил өнгөрчээ. Тэр явдлаас хойш юу өөрчлөгдөв өө. Хүн өөрөө цаг үеийн бүтээгдэхүүн, хүн амиараа хохирдог хэлмэгдүүлэлтийн тогтолцоо, хүн, биеэрээ, гэр бүлээрээ хохирдог болон өөрчлөгдсөн цаг үедээ иржээ.
    Цэеэ хурандаа өөрийгөө чухамхүү азтайд тооцно. Олон жил зүтгэж явсан мэргэжилээсээ гэнэт хөөгдөн холдож, ажил ч үгүй, амьдрал хэцүүхэн, ханийхаа гар харан “дүүжигнэсэн” хэдэн жил нэгэнт ард хоцорчээ. Нийгмийн шинэчлэх их салхи хуйсагнасан их өөрчлөлтийн жилүүдтэй Цэеэ хурандаа таараагүй бол их хэлмэгдүүлэлтийн хувь заяа түүнийг хэнч биш болгох байлаа.
    Өвлийн хүйтэн жаврыг сөрөн хийгдсэн жагсаал цуглаан, хөдөлгөөн нийгэмд өөрчлөлтийг эргэлт буцалтгүй болгожээ. Тотарлитар тогтолцоо амьдрах чадваргүй болж, хуучин нийгэм шинэ нийгмээр жирэмсэлж, улмаар шинэ тогтолцоо мэндэлсэн, нийгэмд тэсрэлт болсон өөрчлөлтийн үетэй Цэеэ хурандаа нүүр учрав. Юутай азтай, юутай сайхан тохиолдол вэ. Тэгээгүй бол Цэеэ хурандаад Лоохууз, Сүрмаажав шиг гашуун тавилан хүлээж байлаа. Тэдгээр хүмүүсийг нийгэм сайн танина. Харин Цеэе хурандааг цэргийн хэдээс бусад нь мэдэхгүйгээрээ онцлоготой. Тэрээр амьдралдаа улс төрийн хэлмэгдэл гэж гашуун зүйлийг байдгийг мэдэрсэний хувьд их өөрчлөлтөд хамгийн түрүүнд бие, сэтгэлээ зориулсан нэгэн болжээ.
    Хуучин тогтолцоог намгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Төрийн дээр, бүхний дээр нам оршин байж, нийгмийг удирдаж байсан социалист тогтолцооны мөн чанарт Цэеэ хурандаа “чанагдсан” нэгэн байлаа.
    Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Өнгөрсөн амьдралаа дурсан санана. Тэгээд залуу насаа, өнгөрсөн намтараа санагалзан дурсав. Дэлхий даяар улс төрийн уур амьсгалд өөрчлөлт орж, социалист орнууд гэж нэрлэгдсэн коммунист тогтолцоонд салхи сийгэх болов.
    Хүний амь олон мянгаар хядагдсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн үйл явцад үнэлэлт дүгнэлт өгөх комисс, Намын Төв хорооны Хянан шалгах хорооны дарга Х.Гэндэнгээр ахлуулан байгуулагдаад 1930-аад оноос 1950-иад оны дунд үеийг хүртэл хугацааны үйл явцыг нэгтгэн цэгнэж, дүгнэлт гаргажээ.
    Намын Төв Хорооны Улс төрийн товчооны нууц тогтоол гарч шүүх, прокурорын байгууллагын ажлыг сайжруулж, Дотоод Явдлын Яамны үйл ажиллагаанд намын хяналтыг бүх талаар сэргээж, тус яамны дэргэдэх намын байгууллагын ажлыг эрс сайжруулж, Дотоод явдлын яамны намын хороог өргөтгөн Намын Төв Хороонд шууд харъяалуулах болжээ.
    Сталиныг тахин шүтэж байсныг илчлэн шүүмжилсэн ЗХУКН-ын 20-р их хурлаас нэлээд өмнө тус улсад Х.Чойбалсанг тахин шүтэж байсны хор уршгийг ойлгон мэдэрч, засан залруулах арга хэмжээ авч эхэлж байсан нь Монголын нийгмийн улс төрийн амьдрал хөдөлгөөнд орж эхэлсний зүй ёсны үр дүн, нийгмийн амьдралыг сталинизмын үзэл санааны ноёрхолоос чөлөөлөх, нэг хүнийг тахин шүтэхийн хор уршгийг арилгахыг нийгмийн тэргүүний хэсэг эрмэлзэж байсны шууд тусгал байлаа. Түүнчлэн Монголын нийгмийн амьдралд ардчилал, олон ургальч үзэл, улс төрийн шинэ сэтгэлгээг үүсгэн хөгжүүлэхийг эрмэлзэн буй шинэчлэгч хүчин төрөн гарч байгааг харуулав.
    Чухам энэ үед жирийн малчны хүү, залуухан офицер дэслэгч Цэеэ цэргийн сургуулиа артиллерийн мэргэжлээр төгсөн, анхны томилгоот албан тушаалуудад очсон үе таарав. Цэргийн хүний залуу нас алс холын цэргийн ангид, баруунаас зүүн, өмнийн хязгаарт албаа хааж эх орноо хамгаалах үйлст чин халуун сэтгэлээр зүтгэлээр эхэлсэн билээ. Цэргийнхэний дотор зургаан хүүхдээ зургаан өөр аймагт төрүүлж бүртгүүлсэн гэр бүл олон байв. Тэд эх орондоо ингэж л эх орныхоо хаа хэрэгцээтэй газарт зүтгэж байсан цаг үе байлаа.
    Яг тэр үед Намаас кампанит ажил зохион сэхээтнүүдийг чөлөөтэй үгээ илэрхийлэн ажлын дутагдлаа хамтаар хэлэлцэе хэмээн уриалжээ. Нийт нам даяар бүх шатанд хэлэлцүүлэг явагдав. Нэгэн намын хуралд дээр цэл залуухан Цэеэ дэслэгч үг хэлжээ. Тэрээр бодож, саналгүйгээр “Намын Төв хорооны нарийн бичгийн дарга, Ардын их хурлын тэргүүлэгчдийн даргыг нэг хүн хийж байгаа нь нэг хүнд албан тушаал төвлөрч байгаа хэрэг бус уу” хэмээн хэлсэн байна. Энэ бол байдаг л жирийн үг, гэхдээ хожим энэ үг хүзүү ороодог тийм нийгэмд амьдарч байна гэдгийг эгэл жирийн цэрэг хүн яахан мэдэх билээ. Энэ үед үг хэлсэн Цэеэд арга хэмжээ аваагүй ч тусгайлан хувийн хэрэг хөтөлж, тэмдэглэгдэв.
    Монгол даяар өрнөсөн хэлэлцүүлэгээр сэхээтнүүд үзэл бодол, санасан бүхнээ илэн далангүй ярьж, нам, засгийн удирдагчдыг шүүмжлээд, улс орныхоо хөгжлийг цаашид түргэтгэх чиглэл бүхий олон чухал санал гаргаж, өргөн шүүмжлэл, аппаратын хүнд суртлыг халан өөрчлөх гэсэн олон түмний эрмэлзэл, оргилсон идэвх нь зарим удирдах зүтгэлтний айлган цочоожээ.
    Нам уламжлалт аргаа хоёрдахь удаагаа хэрэглэхээр шийдэв. Нийтийг хамруулсан хэлэлцүүлэг болж өнгөрөнгүүт бүх шатны хуралдааны тэмдэглэлд дүн шинжилгээ хийж, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүд, намдаа үнэнч нөхөр гэсэн хоёр заагт хуваах ажил хийгдэв.
    Олон ургальч үзэлд угаас дургүйцэж байсан удирдах зарим зүтгэлтэн, сэхээтнүүдийн хурц шүүмжлэлийг мушгин гуйвуулж буруутгах замаар ардчилсан уур амьсгалыг яаравчлан дарахад чиглэв. Хэсэг хугацааны дараа элдэв шүүмжлэл хэлсэн хүмүүсийг бүртгэж авсны дагуу “Сэхээтний төөрөгдөл” хэмээх кампанит ажил зохион сэхээтний цэвэрлэгээ явуулж асар олон хүнийг ажил төрөлгүй болгож, намаас арга хэмжээ авав.
    Намын Улс төрийн товчоо 03 тоот нууц тогтоол гаргаж, Нийгмийг аюулаас хамгаалах яамд, “иргэдийн улс төрийн санаа сэдлийг судалж үндсэрхэг, үгүйсгэх үзэл баримтлагчдын үндэсгүй мэтээр гуйвуулан чалчигч этгээдүүдийг судлан илрүүлж нам, засгийн удирдлагыг мэдээллээр хангах, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүдийг цаг тухайд нь илрүүлж хатуу арга хэмжээ авч байхыг” үүрэгдэв. Энэ үеэс мэдээлэгчийн зохион байгуулалттай бүтэц босгож иргэдийг биенийх нь эсрэг тагнах турших сүлжээ байгуулжээ. Сүлжээ нь нууц нэртэй итгэгдсэн хүмүүсээс ердийн ховч, гэнэн чалчигч нар хамарч байв. Сүлжээнд нийтдээ 150-200 мянган хүн, хов матаачид хамаарч байлаа. Мөн энэ үеэс бүх хүнд хавтас нээж, Намын хянан шалгах хороо, Захиргааны хэлтэс хэмээх байгууллагууд энэ ажлыг эрхлэх болов. Тэд намын гишүүдээ хяналтанд байлгах, нөгөө талаас боловсон хүчин сонгоход ашиглах гол материал, эзнийх нь тухай хов, матаасыг хүртэл хавсарган нууцалж хадгална. Тэрхүү материалыг хадгалдаг газар нь Намын Хянан шалгах хорооны архив байлаа.
    Угийг ажил хэрэгч, шуурхай, дайчин залуу ахмад Цэеэ доод албан тушаалуудад хурдан дэвшин ажиллаж нэг л мэдэхэд ЗХУ-д артиллерийн мэргэжлээрээ дэд докторын зэрэг хамгаалав. Гэр бүлтэй болж, амьдрал нэг хэвийн үргэлжлэнэ. Эрдмийн зэрэгээ хамгаалж ирээд Цэргийн ерөнхий сургуульд багшийн ажил хийх болов.
    Намын удирдлага дотор тэмцэл хаяахан жирийн гишүүдийн чихийг дэлсэнэ. Намын дарга байсан Дамбын албан тушаалыг авахын тул намын бүгд хурлаар удирдлагаас зайлуулж доод тушаалын албанд шилжүүлэв. Үүнд Д.Дамба, Ю.Цэдэнбал нар улс төрийн хэлмэгдлийн асуудлаар ноцтой зөрчилдөж байсан нь нөлөөлөв.
    Цэдэнбал хөлөө хугалаад Москвад удаан хугацаагаар эмчлүүлэхдээ Зөвлөлтийн намын хоёрдугаар дарга Козловтой уулзаж Цэдэнбалыг огцруулах санаа хэлсэн Цэндийг ирээд ажилдаа оронгуутаа намаас хөөн хөдөө цөллөө.
    Хятадад эмчлүүлж байсан Төмөр-Очир буцаж ирэхдээ Өвөр Монголд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа учир бид хоцорч болохгүй гэсэн мэдээтэй, саналтай иржээ. Ингээд түүний идэвхитэй санаачлагаар Монголд Чингисийн ойг даруухан тэмдэглэв.
    Удалгүй Монголд болж буй үзэл суртлын алдаагаа яаралтай залруулах үүрэг иржээ. Даруй арга хэмжээ авч, Төмөр-Очирыг үндсэрхэг үзлийг хөхүүлэн дэмжиж, монголын ард түмний олсон амжилтуудыг үл тоомсорлох үзэл гаргаж, нам, улсын удирдах боловсон хүчнийг гүтгэн дайрч, хутган үймүүлэх арга хэрэглэн, намын нэгдлийг задлан эвдэх ажил явууллага хийснийг илчлэн түүнийг Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны болон Төв хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас халж, намаас хөөж, Баянхонгор аймгийн барилга угсралтын конторын даргаар томилж, нутаг заан суулгажээ.
    Эзэн Чингис хааны 800 жилийн ой тэмдэглэх хүрээнд үйлдсэн марк ил захидлыг шатаан устгаж, мөн ойд зориулж бичсэн Пүрэвдоржийн “Чингис”, ”Тусгаар тогтнол” зэрэг бүтээлийг хориглож зохиолчийг нь олон жил гадуурхах болсон.
    Цэргийн намын байгууллагын гишүүдийн дунд энэ мэдээлэл албан ёсоор хийгдэв. Идэр залуухан хошууч Цэеэ юмны мөн чанарыг танихыг эрмэлзэнэ. Яагаад үзэл бодлоо илэрхийлж болдоггүй, яагаад шударга үнэнийг хэлж болдоггүйг учрыг тунгаан бодно. Түүндээ хариулт эрэлхийлнэ.
    Удалгүй Намын бүгд хуралд болж, хурлын үеэр НАХЯ-ы цэргүүд төрийн ордныг бүсэлж хэнийг ч орж гаргуулахгүй хяналтандаа авлаа. Ингээд шүүмжлэгчдийг “намын эсрэг бүлэг” гэж нэрлээд тэднийг намын төв хорооны бүрэлдэхүүнээс гаргаж, намаас хөөж, шүүхийн тогтоолгүйгээр гэр байшинг нь хурааж, өвлийн хүйтэнд задгай машин дээр ачин алс аймгууд руу цөлж залхаав. Удирдлагын эсрэг хандвал хэрхэн залхаадагийг гишүүддээ сануулав бас харуулав.
    Намын төв хорооноос дэлгэрэнгүй захидал гаргаж намын байгууллагуудтай хаалттай хурлууд танилцуулж, байдал, нэр нь тодорхой болов. Намын Төв хорооны 4-р бүгд хурал Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг хэд, хэдэн үндсэн зүйлээр буруушааж “намын эсрэг бүлэг” гэж үзжээ.
    Хань хамсаатан нь гэж үзсэн олон арван хүнийг албан тушаалаас халж, нам захиргааны арга хэмжээ авч хөдөөд нутаг заан суулгаж, тодорхой албан тушаал үйл ажиллагаа эрхлэх эрхийг нь хааж, мөрдөн хавчиж, хамгийн бага цалинтай биеийн хөдөлмөрийн хүнд ажил оноож, орон нутгаасаа гарахыг хөл хорив. Тэд түүнээс хойш хүний эрх, эрх чөлөөг үл эдлэн хэдэн арван жил цөллөгийн нөхцөлд амьдарч, ажил амьдарлаараа хохирсон билээ.
    Удалгүй Ардын армийн гол боловсон хүчин бэлтгэдэг ЦЕС-д “намын эсрэг үзэлтнүүд” -ийн хань хамсаатангууд болох Нямбуу, Говаа, Сандагсүрэн, Лувсандорж нар албан тушаалаас буун, Нам, улс төрийн тэнхимд багшаар томилогдож ирлээ. ЦЕС, ЦЕДС нь ийнхүү намын хянан шалгах, захиргааны хэлтсийн хатуу хараа хяналт бүхий сургууль болж хувирав. Улс төрийн лухагарууд цаанаа л нэг өөр харагдана. Мэргэжлийн тэнхимийнхэн улс төрийнхөөс холхон байхын эрмэлзэнэ. Тэглээ гээд мэдээллээс яаж хол байхав.
    Цэргийн сургуулийн хашаанд дэд хурандаа Цэеэийн амьдрал буцална. Удалгүй тэрээр Батлан хамгаалах салбарын артиллерийн мэргэжлээр анхны шинжлэх ухааны доторын зэрэг хамгаалж, ЦНДС-ийн артиллерийн тэнхимийн эрхлэгч хүртэл албан тушаалд дэвшив.
    Тухайн үед сургуульд ажлаараа хоцорч явсан тэнхимыг хүлээж аваад мэргэжлийн хүний хатуу чанд гараар удирдав. Угийн хатуу зарчимч, хэтэрхий гэмээр шударга зан чанар дээд албан тушаалтнуудад таашаагддаггүй байлаа. Улс орон даяар явагддаг Намын анхан шатны дайчин чадварын үзлэгээр хариуцсан тэнхим нь улсын тэргүүний хэмээн алдар хүртэж, түүнээс хойш артиллерийн тэнхим сургуульдаа ямагт манлайлагчдын эгнээнд явах болсон билээ. Түүний ажлаас өө хайгаад олдохгүй тийм л дайчин ажиллана.
    ЦЕДС-ийн хурлын зааланд үе, үе сургуулийн намын гишүүд сууцгааж, нэгдсэн мэдээлэл сонсоно. Тэгэх бүрт улс орон даяар болсон үйл явдал тодорхой болдог байлаа. Манай хэд тэрүүхэндээ шивнэн байдлыг сонсож суудагсан. Тэдний дунд Цэеэ дэд хурандаа бодошрон бодол болон сууна.
    Биеийн тамирын улсын хорооны хэрэг мандав. Түүнийг дагалдаад томоохон бүлэг хэрэг илрэгдэв. Атаа жөтөөрхөл, хов живнийхэн спортыг удирдах ажилтнуудыг намаас арга хэмжээ авахуулж, цол хэргэмийг нь хурааж, заримыг нь Шаазан ваарны үйлдвэр, вагоны жолооч машинист болгож санаа амрав.
    Шинжлэх ухааны академ, Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Дээд боловсролын улсын хорооны дарга нарын хооронд Монголын шинжлэх ухааныг хэн нь тэргүүлэх асуудлаар нэлээд хэдэн жилийн өрсөлдөөн болжээ. Бөөн матаасны эцэст Намын хянан шалгах хороо, намын байгуулалтын захиргааны хэлтэс, НАХЯ, Цагдан сэргийлэхтэй хамтарсан шалгалт оруулснаар хэрэг шийдэгдэв.
    Нэгэн мэдээлэл дээр нөгөө хөдөө туслах малчнаар хөөгдөн цөлөгдсөн Лоохууз сүүлийн арав гаруй жилд өөрийн овсгоо хөдөлмөрөөр нэлээд хөлжиж, хоёр хувийн машинтай, гахайн туслах аж ахуйтай болж, хөдөлмөрийн бус орлогоор амьдарч байгаа нь илэрч, түүний урласан эмээл, гөлөм зэрэгт хадаас цавуу гэх мэтийн импортын бүтээгдэхүүн орсон байна хэмээгээд зургаан жил шоронд хорих ял өгсөнийг мэдээлэв. Нэг л зуугдаа бол насан туршдаа өөдлөхгүй гэдгийг нам нь гишүүддээ яс маханд нь шингэтэл мэдрүүлнэ.
    Одоо Цэеэ хурандаа сургуульдаа нэр хүндтэй удирдах ажилтан, эрдэтмэн профессор болсон байлаа. Хэлэх үг, санаагаа хэнээс үл айн хэлчихнэ. Шалгалтынхан нүүрэн дээр гөлдөгнөж, яаж ч үл чадна, цаашаа очиод шалгалтыг үл тоогчийг чинээгээрээ матна. Тогтолцоо ийм юм чинь яах ч аргагүй.
    Улс төрийн товчооны гишүүнээр олон жил ажилласан Жалан-Аажав нь Намын төв хорооны нарийн бичгийн дарга, АИХ-ын орлогч дарга байлаа. Гэнэт тэтгэвэрт гаргав. Тэтгэврийн өвгөнийг улс төрийн онц ноцтой хэрэгт буруутгагдан, “1964 оны намын эсрэг бүлгийн далд удирдагч нь тэр байсан юм байна” гэсэн дүгнэлт өгч улс даяар хэлэлцэн жигшүүлж, намаасаа хөөж, ялтан болж хөдөө цөлөв. Түүнийг Завхан аймгийн алслагдсан суманд нь цөлж, цагдаагийн офицер байсан хүүг нь сумын дэлгүүрийн ачигчаар бага цалинтай туслах ажилчин болгожээ. МУИС-д багш байсан охиныг нь халж ажилгүй болгон, байр сууцыг нь хураав. Урьд өмнө Жалан-Аажавтай хамт ажиллаж байсан, түүнтэй найз нөхөр багш шавийн барилдлагаатай бүх хүмүүсийг самнан намын шийтгэл оногдуулж ажил төрлөөс нь халав.
    Энэ түүхэн нөхцөлт үед Цэеэ хурандаа ЦНДС-ийн Улс төрийн хэлтсийн дарга, орлогчтой бяцхан зөрчилдөв. Тэр нь байдаг л нэгэн жирийн ажил албаны маргаан байлаа. Цэеэ хурандаагийн хэлсэн үг хурц, үнэн болохоор улс төрийн хэлтсийн дарга, орлогч нар мухардан ялагджээ. Тэгээд дээшээ гомдлон матах ажлаа хийж, Намын хянан шалгах хороо, Намын төв хорооны захиргааны хэлтсийнхэд “алтан хошуу” хүргэв. Нөгөө архив гэгчээ ухаж үзтэл, хувийн хэрэгт нь бага залуу насандаа тэртээ он жилүүдэд намын хэлэлцүүлэгт хэлж байсан үг нь тодоос тод тэмдэглэгдсэн байх нь тэр. Ийм цаг үед нэр алдар албан тушаал, хувийн ашиг завшаан хөөцөлдөгчид үүгээр далимдуулан завшиж, сайшаал шагнал, өндөр тушаал олж, санасан бүгдээ биелүүлдэг цаг үе тохиодог, түүнийгээ ч алдахгүй ашиглана. Ийм ажлыг Намын хянан шалгах хороо, намын байгуулалтын захиргааны хэлтсийнхэн хэмээх шагналын дээжийг хүртэж, цолны дээд зүүдэг нөхөд гол үүрэг гүйцэтгэнэ. Тэдний гарт хэн нэгний хувь заяа орсон бол дахиж амьдралд хөл дээрээ босдоггүй байлаа.
    Цэеэ хурандаа өглөөний наран ургахтай уралдан ажил дээрээ ирэв. Хурандаагийн өрөөнд олон хүнтэй комисс сүр бараатай морилов. Тэдний гарт нь олон жилийн өмнөх хурлын протокол хуудас харагдана, байдал эвгүйтжээ.
    ЦНДС-ийн хурлын зааланд намын гишүүд бүгд цугларч суужээ. Цэеэ хурандаагийн намч бус, зарчимгүй байдлыг нь дурьдаж тэртээ 30-аад жилийн өмнө залуу, халуун насандаа намын хуралд хэлж байсан үгийг нь онцолж, намын эсрэг бүлгийн далд гишүүнээр олон жил хумсаа нууж явсан түүнийг илчилж, намаас хөөж, ажлаас нь халж, цэргийн цол, эрдмийн зэргийг үл хэрэгсэн ажилгүй болгож, “гудамжид гаргаж байгааг зарлан тунхаглах нь тэрээ. Тэр мөчөөс эхлэн иргэн Цэеэ болов.
    Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно. Одоо бүх зүйл тодорхой болж, итгэл найдварын гогцоо тасрав. Тэмцэж, хөлсөө урсган олсон амжилт бүтээл, хувьсгалт ёсоор зүтгэж явсан нам, түүнийг хөсөр хаяв. Цагаа тулбал нам гэдэг нь хэнийг ч хэнч биш болгож чаддаг “махны машин” ажээ.
    Дэлхийн улс төрийн байдалд огцом өөрчлөлт гарч, Монгол улсын баримталж байсан онол мухардалд орсон нь нийгэм-улс төр, эдийн засгийн хямралд хүргэж, социалист систем богино хугацаанд задран унаж, Монголд шинэчлэлийн хөдөлгөөний үүсч, хүн төрлөхтний нийтлэг голдиролд нэгдэн нийлэх, өөрчлөн байгуулалтыг эхлүүлж, Монгол орноо зогсонги байдлаас гаргаж, шинэ нийгэмд урган орох явцыг түргэтгэсэн улс төрийн томоохон үйл явц өргөх үетэй золгов. Цэеэ хурандаа азтай нэгэн байлаа. Гэр бүл нь хэлмэгдлийн салхинд өртөхгүй өнгөрөх тийм азтай цаг хугацаатай золгожээ.
    Цэеэ Хурандаа бодлогширон зогсоно, тэр хүний эрх, эрх чөлөөт шударга нийгэм байгуулахын төлөө санаа шулуудан тэмцэхээр болжээ. Улс төрийн шинэ намууд, олон намын тогтолцоо бүрэлдэн төлөвших үйл явц гүнзгийрэв. Монгол улсад хууль ёсоор бүртгэгдсэн албан ёсны 6 нам үйл ажиллагаа явуулж эхэллээ. Энэхүү бодит өөрчлөлтийг харгалзан АИХ-ын 11 дэх удаагийн 9-р чуулганаар шинэ Үндсэн хуулийг баталсан нь Монгол улсад 70 шахам жил оршин тогтносон захиран тушаах хүнд суртал дэглэмийг халж, шинэ улс төрийн тогтолцооны үндэс суурийг тавих эрх зүйн нөхцөл бүрдэв.
    Коммунист тогтолцооны сүүлчийн найдвар болсон намаа авч үлдэхийн тул намын удирдлагууд арга ухаан самбаачлана. Намын дүрэмд “Намын архив, сан хөрөнгө нь түүний халдашгүй бөгөөд хуваагдашгүй өмч мөн.гэж тодотгов. Засгийн эрхэнд байсан давуу байдлаа ашиглан Монголын түүхийн салшгүй хэсэг болсон үнэт баримт бичгүүд, Засгийн газрын ордноос машин, машинаар намын цагаан байр луу ачигдаж байлаа. Тэр баримт дотор нь Намын улс төрийн товчооны хурал, Хянан шалгах хороо, намын байгуулалтын Захиргааны хэлтсээр хэлэлцэж байсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн материалууд, “иргэдийн улс төрийн санаа сэдлийг судалж үндсэрхэг, үгүйсгэх үзэл баримтлагчдын үндэсгүй мэтээр гуйвуулан чалчигч этгээдүүдийг судлан илрүүлж нам, засгийн удирдлагыг мэдээллээр хангах, нам засгийг шүүмжилсэн, хөрөнгөтний үзэл гаргасан этгээдүүдийн материалууд, иргэдийг биенийх нь эсрэг тагнах турших сүлжээ, хүн хов матаачидын баримтууд байв. Ийм арга барилд сургасан бүтэн нэг үеийнхэний түүх тэнд байлаа.
    Тэр нэгэн өдрүүдэд, тэр жалганаас тэнгэр олгойдон цэнхэр утаа суунаглав. Түүхийн чухал гэрч материалууд, олон хавтаст хэргүүд шатаж дуустлаа утаа болон замхарна. Шатаж устаж буй материал бүхний цаана түүхийн “цагаан үе” үлдэж, утаа болон тэнгэрт дэгдэнэ. Удирдлагын бодлогоор эхлүүлсэн, манайхны гараар үйлдсэн, их харгислал, хэлмэгдлийн түүх энэ утаа шиг бүү замхарах болтугай.
    Мөнх хөх тэнгэр минь өршөө.
    Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан

  • ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЬЕ ГЭЖ ЭХ ОРОНДОО БИД ХЭЛСЭН.

    Хубилай 1260 онд Юань гүрний хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж хүндэтгэл үзүүлсэнгүй. Бэлэг дурсгал ч илгээсэнгүй. Гэтэл Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолж байна. Хубилай хаан нарийн учир шалтгааны улмаас анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу “Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ой”-оор явуулсан нь учиртай бизээ. Тэр үед тэнгис далайгаар тойрон хүрээлэгдсэн Япон улс нь дөрвөн зууны туршид Хятадын эх газраас тусгаарлагдаж, Хятадтай харилцах соёлын болон худалдаа наймааны аливаа харилцаагаа бараг бүхэлд нь таслагдсан байжээ.
    Тиймээс Хубилайн хувьд Японыг эзэлж хараат болгоно гэхээсээ илүү хятадуудын дунд нэр хүндээ өсгөх гэсэн зорилгын үүднээс энэхүү тэнгисийн аян дайныг хийхээр Хубилай хаан шийдсэн гэсэн түүхчдийн таамгийн би дэмжддэг. Энэ үеийг хүртэл монголчууд хэзээ ч тэнгис далайд тулалдаж байсангүй. Солонгосчууд япончуудад угийн дургүй ч монголчуудын төлөвлөсөн шиг Японыг ноёлох явдалд зууч болохыг хүсэхгүй байжээ.
    Хубилай хаан 1266 оны намар, Хятадад шинэ эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг зарав. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгав. Арга буюу Хубилай хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж, тэднийг айлгаад эл явдлаас нь буцаахаар чармайв. Хубилайн элч нар Японд очих аюутай тухай солонгосчуудын хэлж ярьсныг сонсоод зүрхшээн мохож хятад руу эргэж яаралтай буцав. Эл үйлдэлд Хубилай хаан уурсан хилэгнэв. Мөн солонгосчуудыг итгэх аргагүй хэмээн үзэв. Тийнхүү туслахаас татгалзаад зогсохгүй элч нарыг ятгаж Японд хүрэхэд саад боллоо хэмээн “харъяат” улсыг донгодон анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж Солонгосын хааны ордонд хүргүүлжээ.
    Ахин элч зарахаар шийдэн үүнд солонгосчуудын зүгээс ямар нэг түвэг учруулахыг тэсвэрлэхгүйгээ мэдэгдэв. 1268 онд дахин элч мордуулжээ. Энэ удаад солонгосчууд хамтрахаас өөр аргагүй болов. Япон үндэстэн өөрийн хаан ор суусныг зарлан тунхаглаж, өөрт нь элч төлөөлөгч илгээж, алба гувчуур өргөн барих болсныг мэдүүлсүгэй хэмээн Хубилай хаан Монголын элч нарыг тэргүүлэх Ёслолын яам, Цэргийн яамны хоёр түшмэлд зарлиг буулгав. Япончууд Хубилай хааны элчүүдийг найртай хүлээж авсангүй. Тэр үед Киото дахь Японы хааны ордон ямар ч хүч чадалгүй, бодит байдал дээрээ засгийн эрх мэдэл Камакура төвтэй цэргийн засаг болох Бакуфугийн гарт орсон байжээ. Бакуфугийн дотроос Шоогуны Шадар Туслах Хожо Токимунэ хамгийн нөлөө бүхий хүн байсан учир монголчуудыг хүлээн зөвшөөрөх өчүүхэн ч бодолгүй байв. Самурай ангийнхны хүч чадал, Японы арлуудын эх газраас тасархай орших байрлал, хүрч болшгүй байдал зэргийг харгалзан үзээд тэрбээр өмнө нь Шадар туслах байсан Хожо Масамурагийн хамт Монголын элч нарын саналаас эрс татгалзав.
    Японы хааныг “жижиг улсын хаан” хэмээн бичсэн Хубилай хааны Жуу бичигт тохирох хариуг урьдчилан хэсэг хэлэлцээд хэдий ордны түшмэдүүд нэгэн эвлэрлийн захидал ноороглон бичээд Бакуфугаар зөвшөөрүүлэхээр хуулбарыг нь илгээсэн боловч Шоогуны Тэргүүн Туслах түүнийг нь хориглон монголчуудад Японы засгийн газраас ямарч хариу өгүүлэхгүй элчүүдийг буцаав.
    Хубилай хаан эл хариуд 1271 оны эхээр өмнөхтэй адил утгатай Жуу бичиг бүхий элчүүдийг дахин илгээв. Элчүүдийг дагалдсан солонгосчууд япончуудад Монголын их цэргийн аюулын тухай сэрэмжлүүлэг сэм өгсөн ч япончууд ахиад л Монголын элч нарыг ордондоо хүлээж авахаас эрс татгалзсан юм. Иймээс элч нар буцах замдаа Японы 2 загасчинг олзлон Хятад руу авч одов.
    Хубилай хаан загасчдыг хүлээн авч идээ будаагаар дайлаад тэднээс нутагтаа буцаж очоод захирагч нараасаа Хятадын эзэн хаан, Монголын эзэмшил газруудын их хааныг ёсчлон хүндэтгэл үзүүлж, алба гувчуур бүхий элч илгээ хэмээн гуй гэж шаардан дагалдах бараа бологчдоороо хамгаалуулж Солонгос хүргээд цааш Япон руу үдэж гаргуулав. Чингэж хоригдоод суллагдсан 2 загасчин Япондоо очоод сураг тасарчээ.
    Хубилай хаан сая л япончуудын эл “эрээ цээргүй” занд гайхан мэгдэж, ихэд уурсан хилэгнэжээ. Монголын хаадын хаан, Хятадын эзэн хаан болохын хувьд тэрбээр харийн ямар нэг улсад доромжлуулаад байж хэрхэвч чадахгүй байсан юм. Монгол уламжлал ёсоор элч нарыг ямар ч үед зохих хэмжээнд хүлээж авах учиртай. Харин хятад уламжлал ёсоор Эзэн хааныг бүх газар нутгийн дээдийн дээд хаан хэмээн хүндлэх ёстой байлаа. Чухам энэ нь Японд өөрийнх нь элч нарыг өчүүхэн чинээ ч хүндлэн хүлээж аваагүй Хубилай хаан зүгээр хараад байж тэвчихгүй байсныг тодорхой илэрхийлж байгаа юм. Гэвч тэрбээр илүү хүчтэй, хатуу бодлого авч хэрэгжүүлэхээсээ өмнө Япон руу бас дахин нэг удаа элч зарж явуулсан байна.
    Чжао Лианпи элч нарыг тэргүүлэн 1272 оны хавар замдаа гарчээ, 10-р сард Кюшю арлын зүүн эрэгт оршин Имазу хотод хөлөг онгоцныхоо зангууг буулгалаа.Японы хаан буюу вантантай уулзах шаардлага тавихад нь эрс татгалзсанд Чжао Японы хаанд Хубилайн Жуу бичигт 2 сарын дотор хариу өгөх тухай тулган шаардах бичиг өгөв. Японы хааны ордныхон монголчуудад аядуу хэрнээ тодорхой бус хариу өгөхийг хүсч байсан ч цэргийн эрхтнүүд нь аливаа буулт хийхээс татгалзаж байв. Тиймээс Камакурагийн дайчид хүчээ зузаатгаж, улмаар Хятадын элч нарыг арлаас хөөн явуулжээ. Хожим Бакуфугийн эл түрэмгий, молхи үйлдлийг “Япон дайн өдөөн зарласан”-тай адил байв хэмээн бичсэн ажээ.
    Чжао Лианпи 1273 оны 6-р сард Хятадад эргэж ирж Японы газар нутаг, ёс заншил, харуул хамгаалалтынх нь тухай Хубилай хаанд илтгэн мэдээлжээ. Чжаог жудаггүй хүлээн авч, цадиггүй үдэж мордуулсан тухай Хубилай хаан сонсоод асар их гайхширчээ. Японыг эзлэхийг алгуурлан хойшлуулах тусам тэд улам бүр эрээ цээрээ алдаж байсан тул Хубилай уг хэргийг яаравчлахаас өөр аргагүй болсон байна. Япон улсын эсрэг Хубилай хааны явуулсан дайн нь Сүн улсыг байлдан эзлэх бодлогын нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа юм. Юу гэвэл, япончууд Өмнөд газар дахь Хубилайн дайснуудтай хөлтэй их худалдаа наймаа хийж байжээ. Тиймээс Японыг ялснаар хоёр дайсныхаа хооронд дахь худалдааны харилцаа холбоог таслах, улмаар Сүн улсыг доройтуулахад чухал хүчин зүйл болох байлаа.
    Хубилай хаан Японыг довтлохоор нэг хэсэгтээ бэлтгэжээ. Тэрбээр Япон тэнгисийг гатлах Японы арлуудын өмнөд этгээдийг дайрч довтлох цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ. Гурван зуун хөлөг онгоцонд тус бүр 200 цэргийг хоёр сар орчмын хоол хүнстэй, агт морьдыг нь ундны цэвэр усны хамт ачсан байв. Хубилай хааны жанжид хятадын дотоодын усанд 30-аад жилийн турш дайтсан туршлага дээрээ задгай тэнгист аялах Солонгосын цэргийн хөлөг онгоцны хөнгөн найдвартай бүтцийг нэмж, бас умард Хятадад аж ахуйн тээвэрт хэрэглэж байсан тэргэт хөлгийн дэвшилтэт аргыг сайжруулан авснаар сая Монголын Юан гүрний гэгдэх жинхэнэ далайн цэргийн флот байгуулагджээ.
    1274 оны 11-р сарын эхээр 7000 орчин солонгос жолооч, сэлүүрч, үйлчлэгчээр газарчлуулан 900-аад том жижиг байлдааны усан хөлөг онгоцонд 15000 монгол, хятад, зүрчид, уг аян дайнд оролцохдоо дурамжхан байсан солонгос усан цэргүүдийг суулгаж Хаппогоос /өнөөгийн Пусан хот/ Японыг зорин хөдөлжээ.
    Цюсима аралд хүрч хэдэн өдрийн ширүүн тулааны дараа тус арлыг эзлэн авчээ. Цаашлаад Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Хэрэг бишдэж эхлэж буйг ойлгож, хүчирхэг дайчин эрсээс айн бэмбэгнэсэн Япончууд цэргийн хүчээ чангатгаж эхлэв. Харин Япончуудын аз болоход 10 сарын сүүл буюу 20-ны орой далайн хүчит хар салхи дэгдэж Монголын усан флотын талаас илүүг далайн ёроолд живүүллээ. Монгол цэргийн сүр хүчээс сүнсээ зайлтал айсан Япончууд хар салхи дэгдээх хараалын ном уншиж байсантай холбоотой гэж бичиж үлдээсэн нь их байдаг. Эхний илгээсэн усан флотын тэн хагас нь далайн хар салхинд сүйрсэн тухай мэдээ авсаны дараа Хувилай хаан их сэтгэлээр унасан гэх боловч Японыг эзлэх төлөвлөгөөнөөсөө няцаахгүй байдаг. Түүний үнэнч шадарлагч туслахууд 7-н жилийн турш судалгаа хийж өмнөх усан флотоосоо илүү хүчирхэг ангийг бэлтгэжээ.
    Хоёр дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Ингээд 1281 оны 6 сард Хувилай хааны 2 дахь хүчирхэг усан флот Японы Цюсима арал дээр хөл тавьсан байна. Хувилай хааны илгээсэн хоёр дахь усан флот дайралтаа Цюсима, Хиродо, Хаката (одоо Фукуока) болон Такашима арлуудаар хүчтэй хийж байжээ. Ингээд Монгол цэргийн дайралт 6-р сараас 8-р сарын хооронд тасралтгүй үргэлжилж харамсалтай нь 8-р сарын 2-нд мөн л далайн хар шуурганд өртөж гол хүчээ алдан сүйрчээ. Монгол цэргийн дайралт идэвхитэй хийгдэж байсан гэх дээрх нэр бүхий арлууд нь Японы зүүн өмнөд хэсгийн арлууд бөгөөд өөрөөр хэлбэл хар салхи судлаач эрдэмтэний хэлснээр хар салхи үүсдэг голомт бүс нутаг гэсэн үг юм. Ингээд хоёр дахь усан флот мөн л хар салхи идэвхитэй дэгддэг сарууд болох 7-11-р сар гэж үзвэл Хувилай хааны хоёр дахь усан флот 8 сард далайн хар шуурганд өртсөн байгаа юм.
    Усан цэргийн Археологичдын судалгаагаар Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг.1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг. Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн.
    Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот
    Японы түүхчдийн бичсэнчлэн “хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ. Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ. Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана. Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана” гэжээ.
    Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн шалтгааныг археологийн олдвор, түүхэн баримт сэлтийг үндэслэн шинжлэх ухааны талаас нотлон харуулахыг зорьсон. Хувилай хааны хүчирхэг усан флот далайн хар салхинд сүйдсэний дараагаар түүхэн сурвалж бичгүүдэд амьд үлдсэн гэмээн тэмдэглэгдсэн Монгол цэргүүдийн хувь заяа хэрхсэн бол гэж бодохоор болдогсон бол эргүүлэн лавшируулан судалж үзмээр санагдаж байсан юм. Олон олон түүхэн баримт бичиг, зохиол туурвилаас Хувилай хааны байгуулсан хүчирхэг Юань гүрэн, Японыг эзлэхээр хоёр ч удаа оролдлого харамсалтайгаар төгссөн эмнэлэгт түүхийг бид мэдэх болсон. Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн тэнгисийн хар салхи Япончуудын хараал хийсний үр дүнд дэгдсэн үү эсвэл усан флотын далайд гарсан он цаг хугацаа, газар нь үнэхээр байгалийн аймшигт үзэгдэлтэй нэгэн мөчид таарсан азгүйтэл байв уу гэдгийг шинжлэх ухааны талаас тайлбарлахыг оролдсон Японы археологчид, түүхч эрдэмтэдийн баримт, судалгааны материалууд байдаг. Өнөөдрийг хүртэл Kamikaze /divine wind/ гэх далайн хар салхины тухай Японы ард түмний дунд яригддаг нэгэн домог бий. Японы арлыг эзлэн түрэмгийлэх атгаг санааг агуулсан басхүү ард түмнийг зовлон гасланд унагахыг оролдох гадны хар хүчээс аварч байдаг нэгэн далдын ид шид байдаг нь тэнгисийн догшин хар салхи юм.Өөрөөр хэлбэл Японы арлуудыг эзлэн түрэмгийлэхээр далай тэнгисийг гатлан ирэгч хэн бүхэн эх газарт мөр гаргах хувьгүйгээр тэнгисийн харанхуй ёроолд үүрд нойрсох болно гэсэн домог яриа юм.
    Үхлийн хар салхи дэгдсэн тэрхүү цаг хугацаа нь Хувилай хааны хүчирхэг усан цэргийн флот Япон руу халдан довтолсон он цагтай давхцсан байж болох уу гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахыг оролдлоо.
    7 дугаар сараас 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудын эрэг орчмоор далайн хар салхи хамгийн ихээр идэвжиж дэгддэг болохыг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бичвэрүүдээс харж болохыг эрдэмтэн хэллээ. Үнэхээр л олон жилийн дунджаас харахад 7-11 сарын хооронд хар салхи хамгийн идэвхитэй мөнхүү далайн хар салхины хүч хамгийн өндөр байдаг нь харагдсан.
    2003 оны 9-р сард Японы Такашима арлаар хүчтэй хар салхи дэгдэж байжээ.Мөн түүнчлэн Японд асар их хохиролыг авчирч байсан хүчит хар салхи болсон он дарааллыг харахад 7-11 сарын хооронд Японы зүүн өмнөд хэсгээр гол голомт нь дэгдэж баруун хойшоо таран хар салхины хүч сулардаг байна. Эндээс харахад магадгүй Хувилай хааны хоёр ч удаагийн усан флот түүхэнд хамгийн том хамгийн хүчирхэг гэж тэмдэглэгдэн үлдсэнтэйгээ адилхан хамгийн азгүйн байж болох юм.
    Магадгүй энэ бүгдээс харахад Япончууд Хувилай хааны сүр хүчит флотоос айн, хар салхи дэгдээх divine wind буюу Kamikaze хар домыг хийж байсан байж болох ч шинжлэх ухаан талаас нь харахад Монголын усан цэрэгт яалт ч үгүй азгүйтэл таарсан байж болох талтай.Монголын усан цэрэг ийнхүү хар салхинд өртөж сүйрсний дараагаас Kamikaze –гийн хар домд итгэх итгэл Япончуудын дунд улам хүчээ авч өнөөдрийг хүртэл энэ үзэл нь хүчтэй хадгалагдсаар ирсэн байж болох талтай.
    Японы эрдэмтэдийн 15 жилийн турш далайн тэнгисийн гүнээс олдсон, усан онгоцны 500 гаруй модон эд ангийг судалж үзэхэд олдвор дээр судалгаа хийсэн арвин туршлагад үндэслэн нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.
    Хувилай хаан хоёр дахь усан флотоо 4000 мянга гаруй хөлөг онгоц байхаар тооцож тэрхүү хөлөг онгоцуудыг нэг жилийн дотор барьж дуусгах зарлигийг шадар жанжинууддаа буулгажээ. Далай тэнгисийн байлдааны зориулалттай хөлөг онгоц бүтээхэд тухайн үедээ хөлөг онгоц хийх технологоо гайхуулж байсан дундад улсын уран дархачууд, солонгосын хөлөг онгоц хийдэг ажилчид гардан ажиллаж харин монгол жанжид зөвхөн хянан шалгах үүрэг гүйцэтгэж байв. Судалгааны багийхан улаан лакаар дурайтал бичсэн Хятад ханз үсэг бүхий хөлөг онгоцны үйрч бутарсан мод олжээ. Энэ нь Chinese inspection government /Хятадын хянан шалгах хороо гэх үү дээ/ гэсэн утга бүхий ханз байлаа.13-р зуунд тус хороо нь Дундад иргэн улсад хийсэн гол мөрний хавтгай ёроолтой завийн чанар стандартыг шалгах, хянан зохицуулах үүрэг бүхий газар байсныг түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангасан гол мөрөнд гарч болох хөлөг онгоц дээр баталгаа болгон энэхүү тамгыг дардаг байжээ. Энэ бүхнээс харахад Хувилай хааны 4000 гаруйн хөлөг онгоцонд далай тэнгисийн хүчит давалгаанд үл тэсэх, байлдааны бус зориулалттай хөлөг онгоц байсан гэсэн үг юм. Тэнгисийн цэргийн түүхчид судлаачдын үзэж байгаагаар 13-р зууны технологоор 4000 гаруй байлдааны зориулалт бүхий, чанартай далай тэнгисийн хөлөг онгоцыг бүтээхэд дор хаяж 2-3-н жил хэрэгтэй гэнэ. Иймээс магадгүй тухайн үед Хувилай хааны жанжинууд хөлгийн тоог гүйцэхийн тулд гол мөрний хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар тоноглож флотонд нийлүүлсэн байх магадлалтай байна.
    Энгийн эдгээр онгоц нь далайн хар салхины эхний хүчтэй давалгаанд нь зомгол болон үйрсэн нь дамжиггүй юм. Тэнгисийн хөлөг онгоцын бат бөх чанарын амин сүнс болсон мөнхүү тэнцвэр хадгалагч тэнхлэгийн тулгуур модыг шинжилэхэд чанарын шаардлага хангахааргүйгээр хийгдсэн байжээ. Иймээс чанаргүй угсарсан тэнхлэгтэй хөлөг онгоц болон гол мөрний зориулалттай хавтгай ёроолтой хөлөг онгоцууд хамгийн түрүүнд далайн ёроолд живэхэд хүрсэн бизээ. Аймшигт хар салхинаас амьд үлдсэн Арахаан тэргүүтэй Монгол дайчдын /зарим эх сурвалжид Монгол жанжин Арахааныг Шар тэнгисийн орчим таалал төгссөн гэдэг бол энэ баримтат кинон дээр Арахааныг тэр шуурганаас амьд үлдсэн гэж хэлж байлаа/ хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэж, тэднийг чухам ямархан хатуу ширүүн тавилан хүлээж байсныг тэнгэр мэдэх бизээ. Магадгүй энэ бүгдийн нууцыг бидэнд хэлэх баримт олдворууд ар араасаа олдох ч биз.

    2003 онд Японы Нагасаки мужийн хотын Арайке тэнгисийн /Ariake sea/ эрэг орчмоос Хувилай хааны үеийн нэгэн газрын зураг олджээ. Энэхүү газрын зураг нь Японыг эзлэхээр ирсэн Монгол цэргүүдийн хэрэглэж байсан газрын зураг болох нь олон талаар батлагддаг. Газрын зураг олдсон Арайке тэнгис /Ariake sea/ нь Хувилай хааны усан флотын гол дайралтаа хийж эцэст сүүлд нь далайн хар салхинд сүйрсэн Хакашима арлаас баруун урагшаа буюу Японы өмнөд зүгийн гол газрын нэг юм. Тэгэхээр хар салхинаас амьд үлдсэн Монгол цэргүүд Японы дотор газар руу бага багаар нэвтрэн орж байсны баримт нь энэхүү газрын зураг бизээ.
    Одоогийн тооллоор 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааныг элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй. Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ.
    Цэл залуухан насаа чиний төлөө зориулая гэж хэлж, бас хийж чадсан Монгол элч нар эх нутгынхаа зүг сүүлчийн удаа харж зогсоно. Тэрхэн мөчид эх нутагтаа үлдсэн эцэг, эх, ах дүүс, анд нөхөдөө сүүлчийн удаа дурсан санаж байсан байхдаа. Тэд бол Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуус байлаа. Тэд амь өршөөхийг харийнханаас гуйсангүй, эх орныхоо төлөө алтан амиа зориулав. Тэдний биенд цаазын илд бууж байх тэр эцсийн мөчид ч Монгол гэсэн тэр сайхан нутгаа дурсаж байсан. Алтан амиа эх орныхоо төлөө зориулсан эрэмгий баатарлаг залуусынхаа түүхийг Монголчууд бид мартаагүй.
    Тэр цагаас хойш 740 жилийн дараа тэр газарт нэгэн Монгол бөө зогсож байна. Мөнх тэнгэрийн дуудлагаар, Монгол бөө нарын даалгавраар энд нойрсож байгаа баатруудын сүнсний эцсийн хүслийг биелүүлэхээр энд ирсэн аж. Тэр сүнсний эцсийн хүсэл бол эх орондоо эргэж очих тэр хүсэл байсан юм. Тэр хүсэл биелэлээ оллоо. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт Монгол элч нарын сүнс шингэсэн шүншиглэсэн шороог Монгол бөө нар авчирч залж байрлууллаа. Магадгүй өнөөгийн залуучууд энэ түүхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сануулах нэгэн самбар хөшөө болон сүндэрлэв. Энд нойрсох цэл залуухан насаа эх орондоо өгсөн баатруудын түүх бол Монгол төрийн төлөө амиа зориулсан өнөө цагийн хнэршлээр бол монгол төрийн элч, дипломатууд түүх, өнөөгийн залуучуудын үлгэрлэн дууриах бахархал, монгол омогшил, сэтгэл улалзан бадрах огшил билээ. Энэ ажиллагаанд Монгол төрийн элч, дипломатуудаас нэг ч хүн ирээгүй ч, энэ түүхийг авч явсан нэрт дипломатын үр, ач нар оролцсон билээ.
    Энэ сонин түүхийн эзэдийн шүншиглэсэн шороо, хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт байрлуулсан. Хэрхэн хүндэтгэл үзүүлэхээ уншигч олон мэдсүгэй.
    Мөнх тэнгэр, эзэн Чигисийн ариун сүнс биднийг ивээх болтугай.

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан,
    Зэвсэгт хүчний хурандаа

  • Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаа болов.

    Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборын шав тавих ажиллагааг нээж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв. Түүний дараа “Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд Монгол төрийнхөө төлөө амиа алдсан Монголын 1000 баатар дайчид бол Монголын зэвсэгт хүчний баатарлаг түүхийн нэг хэсэг, миний нутгийн тасархай, бидний нэг хэсэг мөн.” гэсэн сэдвээр МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү үг хэллээ.
    Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборт байрлуулах Унгар Улсын Мухи тосгоны дэргэд болсон тулалдаанд амиа алдсан Монголын 1000 баатар дайчдын булшнаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Тэргүүн удган Л.Юра, Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган, Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн Тэргүүн Удган Ж.Пүрэвсүрэн, МБНЭ-ийн гишүүн С.Агий нар хийлээ.
    Япон Улсаас сүншиглэсэн шороог авчирсан, Монгол бөөгийн тэргүүн Удган Ж.Пүрэвсүрэн, “Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, алтан амиа алдсан Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн нар, Монгол цэргийн баатарлаг түүхийг бид мартаагүй” гэсэн үгийг хэлсэний дараа МБНЭ-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их зайран Д.Одонхүү, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган П.Нарангэрэл, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган Н.Мягмарсүрэн нар Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, алтан амиа алдсан Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн нар, Монгол цэргийн булшнаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг гүйцэтгэв.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун “Эх орныхоо төлөө амиа зориулсан хилчин дайчид, баатруудаа бид дурсаж байна.” гэсэн үг хэлсний дараа МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун, МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн удган О.Туул нар Монгол Улсын баруун хязгаар, Байтаг богдын хилийн тулалдаанд амиа алдсан Монгол Улсын баатар Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын тулалдаанд амиа алдсан газраас авсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг хийлээ.
    “Халх голд их ялалтыг байгуулахад эх орны төлөө амиа зориулсан ахмад үеэрээ бахархаж байна.” гэсэн үгийг МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Монгол бөөгийн Удган Д.Наранцэцэг хэлж, Монгол бөөгийн Удган Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, МБНЭ-ийн гишүүн Н.Амартүвшин нар Монгол Улсын зүүн хязгаар, Монгол Улсын зүүн цэг, Эзэн Чингис хааны үед Монгол туургатанг нэгтгэх тулалдаан болж байсан түүхт нутаг, Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голд ялалт байгуулсан газар, хилийн 1411 баганы дэргэдээс авсан шороог байрлуулах ёслолын ажиллагааг хйисэн байна.
    Мөн Монгол бөөгийн Зайран Б.Нарангэрэл, Б.Бахаамаазагд, Б.Баттулга, Монгол бөөгийн Удган Б.Гэрэлтуяа нар Монгол Улс. Өмнөговь аймгийн Номгон сум, Монгол Улсын өмнө хязгаар, хамгийн өмнө цэг, Орвог гашууны бор толгой, хилийн 625 дугаар баганаас залсан шороог хүндэтгэн байрлуулав.
    “Монгол бөөгийн гэгээн алдар бадраг” гэсэн үгийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн дэд дарга, Монгол бөөгийн Их зайран П. Батжаргал хэлж, 12.55- Монгол Улсын өмнө хязгаар, хилийн хамгийн өмнө цэг хилийн 625 дугаар багана, Орвог гашууны бор толгойгоос авсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа.
    -Монгол Улсын баруун цэг Алтай таван богдын Бөөгийн Арван гурван овооноос авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа.
    13.00. Монгол Улсын хоймор, Хорьдол сарьдагийн нуруу, Хөвсгөл нуур бол Монгол нутгийн минь онгон байгалийн өлгий нутаг, бидний бахархал мөн.
    Д.Энхжаргал-МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч,
    Монгол бөөгийн Дархан удган
    13.00- Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Ханх, Цагаан нуур, Улаан Уул, Баянзүрх, Арбулаг сум. Хорьдол сарьдагийн нуруунаас авчирсан шороог байрлуулах ёслолын ажиллагаа.

    13.10. Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдар, Монгол удам, өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлэх бөөгийн ёслол
    Д.Дарьчулуун -МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,
    Монгол бөөгийн тэргүүн зайран,
    2013 оны Шилдэг зайран
    13.00- Нийт оролцогчид хуур, манжигаар нэгдсэн залбирал хийх.
    13.30-13.40. Нийт оролцогчид “Халуун элгэн нутаг” дууг дуулж хаалтаа хийнэ.

  • МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

    Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны гурван сард мянга хоёр зуу гаруй уул, ус, байгаль дэлхийгаа хайрланхамгаалах тахилга, зан үйлийг хийсэн байна.
    Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй.
    Өнгөрсөн хорин жилийн хугацаанд бөөгийн шүтлэгийг хөгжүүлхэд бөө нар болон судлаачдын оруулсан хувь нэмэр асар их юм.
    Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл, ганц нэг, хэсэг бүлгээрээ хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдлыг өөгшүүлэх, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна.
    Бөөгийн нэр хүндэд халдсан хувь хүмүүс, иргэдтэй зохихтөрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
    Нэг. Бөөгийн байгууллага, бөө нарын нэр хүндэд халдсан, таагүй байдал нийгэмд үүссэн энэ үед бид улам нэгдэн нягтарч хамтран ажиллах байтал, Зарим бөө, судлаачид МБНЭ-ийн гишүүдийг цуглуулан өөр байгууллагыг байгуулж, хагалан бутаргах, МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаа, бодлогод хортой үр дагавар учруулсан үйлдлийг гаргах боллоо.
    МБНЭ-ийн зарим гишүүд өөрсдийн үйл ажиллагаагаараа эвлэлдэн нэгдэж бүтээн байгуулах чин хүсэл, өөрийн үзэл бодлоосоо ухарсан, үнэт зүйлээс няцсан туйлбаргүй үйлдэл гаргаж байна. Тэд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн зарим гишүүдийг цуглуулж хуралдаан зохион байгуулжээ.
    Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд өөрсдөө үлгэрлэн манлайлан ажиллаж, Тахилгын зан үйлийн үед архи ууж согтуурахыг хориглосон юм. Гэтэл хамтын шийдвэрийг үл тоон тахилга дээр архи ууж согтууран бусдыг доромжлох, зодолдох зохисгүй үйлдлийг гаргаж, улмаар согтуугаар автомашин жолоодож, онхолдож осол гаргажээ.
    Гурав. Сүүлийн үед Монголын бөөгийн нэр барьсан бизнесийн ажиллагаагаа идэхжих боллоо. Ганц хүний байгуулсан бөөгийн олон байгууллагын нэр барьсан “Мөнх тэнгэрийн зайран, удган, бөөгийн гэрчилгээ, Бөөгийн үйл хийх батламж, тусгай зөвшөөрлийн лиценз, хүндэт доктор, баатар, гавьяатан” зэрэг шагналууд, алдар цолыг олгох ажиллагаа хийгдсээр байна. Энэ нь олон түмнийг төөрөгдүүлсэн хортой үзэгдэл юм. Мөн зарим шагнал нь төрийн нэр барьсан, төрийн өмнөөс олгож байгаа цол мэт ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа юм. Гэтэл төрийн нэртэй шагнал, урамшлыг зөвхөн төрийн байгууллага олгодог хууль, журамтай билээ.
    МБНЭ-ийн гишүүдийн эдгээр үйлдлүүд нь:
    1. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөл бүлгийн 5 дугаар зүйлийн 6-д “МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн Ээлжит бус хурлыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.” Гэсэн заалтыг,
    2. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний үүргийн 2 дугаар зүйлийн 6.3-д “МБНЭ-ийн нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлэх,эв нэгдлийг хамгаалах,” гэсэн заалтыг,
    3. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөлийн бүрэн эрхийн 5 дугаар зүйлийн 12.3-д “бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх.” Гэсэн заалтыг зөрчсөн байна.
    4. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний хүлээх хариуцлага бүлгийн 2 дугаар зүйлийн 8.1-д “МБНЭ-ийнбайгууллагын нэр хүндийг унагасан” гэсэн заалтыг зөрчжээ.
    Иймээс МБНЭ-ийн дүрмийн зохих заалтуудыг үндэслэн МБНЭ-ийн зарим гишүүдийг МБНЭ-ийн сонгуульт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг МБНЭ-ийн Бага хуралдайд оруулж байна.
    МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦ

  • Хатан голоо аврахын тулд хамаг бөө нар зүтгэх хэрэгтэй гэнэ

     

    Ер нь бол хүн далд ухамсраа чөлөөтэй ашиглаж чадах юм бол ийм чадвар бүгдэд нь бий гэдэг. Тодорхой арга технологийн тусламжтайгаар ийнхүү ухамсрын тодорхойгүй төлөвт шилжин ямарваа нэгэн мэдээлэл олж авах арга зам нээлттэй ч ямар түвшний мэдээлэл авч байгаагаа тодорхойлоход бэрх, хожмын үр дагавар нь ямар ч байж болох тул учир мэдэх хүмүүс чадах байлаа ч үүгээр оролдддоггүй.
    Аливаа үйл явдлын учир шалтгааны талаар мэдээлэл олж авах олон сувгийн нэг нь бөөгийн онго буулгах арга юм. Ийм замаар олж авсан мэдээлэл хувь хүн, айл өрхөд хамаатай нь ч бий. Хаад ихэст хэлүүлсэн ч байдаг. Олон түмэнд зориулсан нь ч бий. Түүнээс гадна бөө нарт өөрсдөд нь хандаж захисан, анхааруулсан мэдээлэл их ирдэг. Ялангуяа бөө нэрээр бизнес хийгсэд олширч, улаач нарын ёс суртахууны асуудал хурцаар тавигдах болсон өнөө үед тэдэнд хандсан айлдвар анхааруулга их ирэх болжээ.

    Ер нь бөө хүн буруу хазгай үйл хийвэл газрын хуулиар биш, тэнгэрийн зарлигаар гэсгээгддэг номтой. Үүнийг нотолсон нэгэн айлдвар “Тэнгэрлэг бөө” сэтгүүлийн 2012 оны дугаар 12-т нийтлэгджээ. Бөө судлаач Д.Бадарч энэхүү айлдварыг эмхтгэсэн гэснээс үзвэл хэд хэдэн онгын үгнээс нийлүүлж бичсэн байж мэдэх, эсвэл нэг онго олон удаагийн буултаараа хэлснээс түүвэрлэн нэгтгэсэн байж ч мэднэ. Ямартай ч энэхүү айлдвараас харахад сүүлийн он жилүүдэд бөө нар олноор төрсний цаад учир нь мөнх тэнгэрээс хамааралтай бөгөөд төр түмэндээ түшиг бол, улс Монголоо мандуул хэмээн улаач нарыг угийн дээдэстэй нь учруулсан гэсэн санаа:
    Өндөр тэнгэрийн хүслийн
    Өмөг түшиг болохоо
    Хөх тэнгэрийн хүслийн
    Хөл гар нь болохоо
    Мөнх тэнгэрийн хүслийн
    Мөчир салаа нь болохоо
    Хаан тэнгэрийн хүслийн
    Харуул манаа нь болохоо
    Эзэн тэнгэрийн хүслийн
    Элч улаач нь болохоо
    Удамт Монголын хойчсууд минь
    Угсаа залгасан үрсүүд минь
    Ухаж сайн ойлгогтун
    Учир ёсоо мэдэгтүн… гэж уг айлдварт өгүүлснээс тодорхой байна.

    Бөө хүнийг гэсгээх шийтгэх нь мөнх тэнгэрийн хэрэг, бөө нэрээр буруу муу үйл хийсэн хүмүүс энэхүү гэсгээлээс зугатах газаргүй хэмээн судлаач миний бие өмнө нь олонтаа бичсэнийг энэхүү айлдвар баталж:
    Дугуй дугуйгаараа нийлж
    Дур зоргоороо аашлагсад
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөглөнд орохоор яарагсдын
    Хийсэн үйлийг нь хэлэлцэж
    Хэцүү гашууныг нь ялгана
    Хэрцгий явсныг нь хэрчинэ
    Хомхой явсныг нь хуйхална
    Мөнх тэнгэрийн зарлигаар
    Мөчир салаа үлдээхгүй хэмээн сануулжээ. Ийнхүү сайн мууг нь шүүж, буян нүглийг ялгаж, буруу ихтэй бөөд үр удам ч үлдээхгүй хэмээн сануулж буй нь зүгээр нэг хоосон үг биш юм. Бөө нэрээр омтгойрон хийрхэгсэд үйлийн үр гээч юм нэхэл хатуутайг санаж, гэм нүглээ эртхэн цайруулахгүй бол тэнгэрийн гэсгээл хатуудаа дэндүү хатуу л байдаг даа. Харин удамт монгол үрс угийн тэнгэртэйгээ холбогдох асуудлыг төрийн зарлигаар ч шийдэхгүй, бөө нар бөөгнөрч зөвшөөд ч шийдэхгүй, хэрхэхийг дан ганц тэнгэр мэднэ гэдгийг дахиад нэг сануулчихъя.

    Энэ ялдарт бас нэгэн айлдварын тухай өгүүльюү. Далд үзэгдэл судлаачийнх нь хувьд надад янз бүрийн л хүн ханддаг. Гурван жилийн өмнө бар жилийн өнгө ямар байх тухай онгодын хэлсэн үгийг цахим шуудангаар нэгэн бөө илгээснийг би “Гэрэлт Цалиг”-таа нийтэлж байсан. Тэр бөө маань дахиад нэг захидал ирүүлжээ. Нэрээ хэлэхийг тэр удаад ч, энэ удаад ч хүсээгүй нууцлаг бөө маань захидалдаа юу өгүүлснийг түмэн олондоо сонирхуулах нь үүрэг хэмээн үзлээ. Тэгээд ч энэ айлдварт байгаль экологийн талаар өгүүлсэн нь бичигч миний хообийг хөдөлгөж орхилоо. Захидлаас үзвэл тэр бөөгийн онгод 2012 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гэнэт бууж хатан Туулын тухай, Туул голоо устай болгохын тулд бөө нар хэрхэхийг хэлж өгчээ. Энэхүү айлдварыг багахан тайлбартайгаар буулгахыг оролдъё.

    Монголчууд хатан Туулын хөндийг яагаад сонгож нийслэл хотоо байгуулсан тухай тэрхүү онгод хэлэхдээ “Олон хүн орчиж, түмэн хүн түжигнэсэн газарт хар муу юм хэзээнээсээ хоргодох дуртай. Тэр хар муу юмыг урсгалаараа тээн одож байг, усаараа зөөн нимгэлж байг гэж их голын эрэг хөндийг сонгож хан төрийн нийслэл ханаа шийрлэсэн юм. Энэ голын ус татарвал уй гашуу ирнэ, уйтгар зовлон хэрнэ. Түмнийг хамарсан түйтгэр, олныг хамарсан гамшиг, гал дуудсан гай ирнэ. Яг одоо хатан голын чинь халгих ус нь ширгэж хар сайр нь гарчээ, булгих ус нь бултаж бут сөөг нь цөөрчээ, хар муу юм нүүрлэж хатан бие нь хагасарчээ” гэж өгүүлсэн байна. Тэгээд:
    “Их Монгол эвдрэлцэхгүй гэж
    Элгэн биеэ уралцахгүй гэж
    Бурууг хийгсэд бултахгүй гэж
    Бусдын үгэнд орохгүй гэж
    Бууц юугаа солихгүй гэж
    Буурь юугаа сэлгэхгүй гэж
    Уул усаа тахь
    Ургамал модоо шүт
    Хайрхан уулаа тахь
    Хатан голоо шүт
    Хаан хүнд хошуу хүргүүл
    Хамаг олонд хэл хүргүүл
    Бугшсан олны уурыг гаргахгүй бол
    Буруу л хүмүүс дээшээ гарна” хэмээн сануулсан байна.
    Тэгээд хатан Туулыг устай болгоё гэвэл “Цагаан зүгийн бүгээн тэнгэртэнгүүд хатан голын булан тохой бүрт олноороо отголж бөөл, түмнээрээ төөлж бөөл. Тэгэхийн цагт хан тэнгэр хураа хайрлана, хатан гол урсах болно. Хатан голоо устай болго Хамаг олны хилэнг арилга. Бугшаад байгаа хилэн Буцлаад байгаа уур Омогшоод байгаа хилэн Огшоод байгаа уурыг дар. Харь хүний цацсан хар муугийн үр байна. Балгаар ус зөөгөөд барахгүй, бага багаар хийгээд дийлэхгүй. Олноороо нийлж, бөөнөөрөө бөөлж хурмастын хурыг дууд. Хувхайрсан сайр хурын усаар угаагдсаны дараа, Хурсан их бузар үерийн усаар хөөгдсөний дараа л булаг ус сэргэнэ, бут шанд амилна, Хатан гол бүтэн болно, Хамаг олны үйл бүтнэ” гэжээ. Ингэхийн тулд цагаан тэнгэртэй бөө нар хатан Туулын булан тохойд очиж олноороо отоглож, бөөнөөрөө бүлэглэж олбоггүйгээр газар сууж, хоёр гараараа газар тулан гуйж аргадах хэрэгтэй гэнэ.

    “Олны үйлийг үүрсээр байгаад
    Олбог минь цоорлоо.
    Түмний үйлийг үүрсээр байгаад
    Төө бие минь агчлаа.
    Эхээс төрсөн биеэ
    Энэ зөнд нь орхиё.
    Эргүүлж усаа хайрла даа,
    Эгэл түмнээ өрөвд дөө.
    Тавилан заяаг минь даа даа,
    Татарсан голоо тавиул даа.
    Бугшсан хилэнгээ тат даа
    Бургилсан усаа тавь даа хэмээн аргадаж
    Өргөлийн дээдийг өргөж,
    Өргөн түмний буяныг дуудаж,
    Мөргөхийн дээдээр мөргөж,
    Мөнх тэнгэрт залбирлаа хүргэгтүн” гэж мөнөөх онгод хэлсэн аж. Гараараа газар тулж элгэн биеэ голын сайранд хүргэн байж гуйхын учир нь монгол хүн хэзээ ч гараараа газар тулдаггүй бөгөөд аргагүйдэж ягтаа тулсандаа л ингэж байна гэсэн санаа гэнэ. Олбоггүй бөөлдөг нь ч гэсэн ийм олон бөө нар эгэл түмнийхээ зовлонг нимгэлэхээр олбог ширдгээ цоортол зүтгэж зүдэрснээ илэрхийлж буй хэрэг аж.

    Ийм нэгэн онгодын айлдварыг үл таних бөө цахим шуудангаар илгээлээ. Хэн хэрхэн ойлгох нь хувь хүний л хэрэг тул эрхэм уншигч өөрийнхөөрөө л болгоо. Гэхдээ ийм юм бичлээ гэж мөхөс намайг бүү шүүгээрэй. Аль болох олон бөө нийлж нэгдэж, отоглож хий гэсэн, тэгээд ч үйлдэл хөдөлгөөн, хэлэх гуйх үгийг нь хүртэл зааж зааварласан ийм даалгавар дээрээс өгөгдөж буйтай таарсан минь үгүй тул ийнхүү илүүтэй ихээр сонирхон дамжуулж байна.