Category: Индэр

  • МӨНХ ТЭНГЭРЭЭ ШҮТДЭГ, МОНГОЛ БӨӨГӨӨ ЭРХЭМЛЭДЭГ БҮХЭНД ХАМААРАЛТАЙ АСУУДЛУУД

    Ерээд онд ардчилсан өөрчлөлт Монгол Улсад хийгдэж, улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан хувьсгал өрнөсөн билээ. Социализм, коммунизмын онол нуран унаж, шашингүйн үзэл хүмүүсийн толгойноос арчигдаж эхлэв. Монголын нийгмийн оюун санаанд асар их орон зай бий болов. Тэрхүү үүссэн орон зайг эзлэхээр дэлхийн шашины янз бүрийн урсгал Монгол оронд нэвтэрч эхлэв.
    Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.
    Өнөөдөр Монголд Иссусын 400 гаруй сүм, Бурханы 350 хийд, 60 гаруй лалын мечид ажиллаж байна. Хамгийн орчин үеийн технологи ашиглан баригдсан, нэг сүмийг барьсан хөрөнгийн хэмжээ нь сая долларт хүрэхээр Иссусын олон сүмийг нэрлэж болохоор байна. Тэд Монгол даяар салбараа байгуулж, удирдагч нараа тусгайлан цалинжуулж байна.
    Хэдэн сая америк долларын хөрөнгө зарцуулсан Бурханы хийд цогцолборууд олон аймагт сүндэрлэж, Бурханы академик сургалт явагдах томоохон Азийн төв, түүнийг тойрсон суурин амьдрал цэцэглэх тийм цогцолбор байгуулагдаж байгаа. Бурханы лам нар төсөвөөс санхүүжилт авч ажилладаг. Өнгөрсөн жил улсын төсвийн санхүүжилтийг 30 хувиар хумисан тухай гомдоллож байна лээ.
    Бараг 20 гаруй хувилгаадыг “хилийн чанад”-аас тодруулж, сум болгонд бурханы хийд байгуулах шийд гаргаад түүнийгээ хэрэгжүүлэх ажилд эрчимтэй орж байна. Баярлах юм гэвэл тэр бүх хувилгаадыг монголоос тодруулсан явдал. Сүүлийн жилүүдэд Монголд бурханы шашины нөлөө эрс буурч байна. Түүнийг ч “Хилийн чанадад” тооцож байна.
    Одоо бид өөрсдийн байдлаа тодотгоё.
    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ. Харийн бодлогын нөлөөгөөр түүнээсээ бараг салах шахсан.
    1990 онд Монгол хүмүүсийн 1 хувь хүрэхтэй үгүй нь Мөнх тэнгэрээ шүтдэг хэмээн албан ёсоор бүртгүүлжээ. Энэ тоо бидэнд ухрах газар байхгүйг сануулсан эцсийн хязгаар байсан юм. Манай тэнгэрийн Улаач нарын зүтгэлээр Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр насанд хүрсэн хүн амын 12-14 хувьд хүрчээ. Хорь гаруй жилийн туршид тэнгэрийн Улаач нарын түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Магтаал хожимдохгүй учраас ингээд зогсоё.
    Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх үүрэг хүлээсэн Бөө нарын тоог хэвлэлд 10-15 мянга хэмээн бичжээ. Тэр олон бөө нарын тухай одоо ярилцья.
    Нэгэн зуны улиралд бөө болгож байгаа хүний тоо хэдэн зуугаар тоологдож байна. Нэгэн чанар дээр, нэгэн багш нэгэн овоог тойрон нэгэн өдөр, цагт 40-200 хүнийг бөө болгон “үйлдвэрлэж” байна. Тэдний хэд нь “онгод”-тойгоо золгож, хэд нь өөр бусад зүйлтэй “учирч” байгаа бол. Ямар юмтай учраад байгаагаа мэдэхгүй олон зуун иргэд байна. Хүн бүхний цаана тэдний хувь заяа, гэр бүл, эцэг эх, найз нөхөд байгаа. Нэг хүний хувь заяаг хөндөнө гэдэг цаана байгаа олон зүйлд нөлөөлөл үзүүлж байгаа хэрэг. Багш хүн шавь авна гэдэг тэдний хувь заяаг есөн үеэр нь хариуцна гэсэн бөөгийн бичигдээгүй хууль бий. Тэгвэл нэг багш 100, 200, 500, мянган шавьтай болж байгаа үзэгдлийг юу гэж ойлгох вэ. Тэнгэрийн “хуулийг” хэн зөрчинө вэ. Үнэнийг худлаар далдлах аргагүй.
    Жилд хэдэн мянгаар Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийн эгнээ тэлж байгаад баярлаж байна. Түүнийг дагаад бий болсон “эвгүй” нөхцөл байдлыг яалтай билээ.
    Манай сайтад тавиад байгаа асуултад хариулах зорилгоор олон зүйлийг ил тод тавихад хүрлээ. МБНЭ-д хандсан төрийн болон хувь хүмүүсээс ирсэн баримтуудаас цөөхөн хэдийг дурдая.
    Өвөрхангай аймагт бөө нэртэй хоёр зайран угаалга хийх нэрээр нэгэн иргэнийг улайссан чулуунд түлж алжээ.
    Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газарт өөрийгөө бөө хэмээн өргөмжилсөн Б гэгч Н гэх эмэгтэйд бөөгийн чанар авахуулна хэмээн гурван чулуу халааж, дээрээс нь хоёр давхар хөнжил нөмрүүлэн түлж, амь насанд нь хүрсэн хэрэг гарчээ.
    Түлэнхийн төвд хэд хэдэн хүн ууранд түлэгдсэн байдалтай ирж эмчлүүлжээ. Харамсалтай нь нэг өвчтөн юунд түлэгдсэнээ нуусаар байж нас барахынхаа өмнө “Манай багш миний онгодыг оруулах гэж байгаад миний дээрээс юмаар бүтээгээд халуун чулууны ууранд түлчихсэн. Би гэрийнхэндээ хэлээгүй. Зөвхөн танд л хэлж байгаа юм шүү” хэмээн тус төвийн клиникийн эрхлэгч О.Хишигсүрэнд хэлжээ.
    Зайран Д гэгч Иргэн Б-гэдэг эмэгтэйг угаалга үйлдэх нэрээр бүх биеийг нь түлж, 35 настай бүсгүйг 50 гарсан хүн шиг царай зүстэй болгож, нүцгэн шалдан байвал шарх нь тогтонги болдог, хувцас өмсөхөөр биеэр нь шарх нэмэгддэг болгож, гэртээ байхаас өөрөөр байх аргагүй болгож, насан туршийн тахир дутуу болгожээ.
    Сэлэнгэ аймгийн Баруунхараа суманд зайран М гэгч «Танайх сайн засал хийлгэхгүй бол маш их гарз хохирол амсах юм байна. Түүнээс цаашилбал амь насанд аюултай» хэмээн хэлж, их хэмжээний мөнгө нэхсэн гэнэ. Дараа нь иргэн Б-ийн машинд тэсрэх бодис тавьж дэлбэлсэн хэрэг гарлаа.
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүр¬гийн тавдугаар хороонд амьдардаг 26 настай У-г Баянгол дүүргийн XX хорооны Н гэгч гэрт нь очиж бөөгийн засал хийж өгнө гэж архи уулган бусадтай бүлэглэн хүчиндсэн аймшигт хэрэг үйлджээ.
    Эрдэнэт аймагт нэгэн зайран шавиа болгоно гэж олон хоног нэгэн бүсгүйг зочид буудалд хүчээр байлгаж, шөнө нь “эдэлж” байжээ.
    Дархан-Уул аймагт 23 настай, зайран болоод удаагүй С хэмээх залуу танил эмэгтэй Б-г барьцаалсан хэрэг гарч байв.
    Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 17 настай Х гэдэг охин удган болж дүвчигнэн хүүхэд зоджээ. Хохирогч болох 14 настай Е-н мэдүүлсэнээр “удган” охин тэднийг сөхрүүлж суулгаад эрхээрээ толгой тархигүй ороолгон, санаанд оромгүй үйлдэл хийж, хүүхдийн гараас гарсан цусыг тавганд хийж дээр нь ус нэмээд уусанд хүүхдүүд бүүр ч ихээр айжээ. Үүнээс болж 14 настай хоёр хүүхэл сэтгэл санааны хүнд цочролд орж нэг нь одоог хүртэл унтаж чадахгүй, шөнө хашгирч сэрдэг болжээ.
    Үйлчлүүлэхээр ирсэн иргэдийн алтан зүүлт, бөгж, ээмгийг гайтсан хэмээн авч шууд залгидаг удганы талаар гомдол ирэв. Арга нь нарийн байгаа биз.
    Түүнчлэн бөө нар хулгайн хэрэгт холбогдох нь элбэг болсон. Тэд өөрсдийгөө өмөөрөхдөө “Бид ёс журмыг чандлан сахидаг, ард түмэнд тус хүргэгчид. Хулгайг бид хийж байгаа юм биш. Цаад онгодууд маань урд насандаа шилийн сайн эр байсан учраас улаачаа шаардаад байдаг юм” гэжээ. Нэгэн удган захаар явсаны дараа “хулгайч онгод” ороод энэ бүхнийг хулгайлж авчихлаа гэж сайрхан тайлбарлаж байх юм.
    Дуудсан цагт ирсэнгүй гэж шавийнхаа нурууг эрээн алаг болтол нь ороолгож, насан туршийн сорвитой болгосон Зайран Л-ийн яргалалыг тэр залуу насан туршдаа мартахгүй.
    Зан үйл хийлгэхээр ирсэн Б,Т нарыг үзэж бөөлсөн зайран Д гэгч унаж явсан эксел машин, авгайгийнх нь зүүсэн алтан эдлэлүүдийг гай, барцадыг нь арилгасан нэрээр авчээ.
    Шоронгоос дөнгөж гарсан В гэгч энд тэнд хаясан бөөгийн хуяг дуулгыг өмсөж, хөдөөнөөс хотод орж ирсэн айлд бөөлж, өдөр бүр нэг хонь, 10 ширхэг архиар засал хийж дөвчигнөж, долоо хоног наргисан байх юм.
    Зайран П гэгч эхнэр нөхөр хоёрыг ирж үзүүлэхэд нь нөхрөөр нь үүдийг нь мануулж, авгайг нь бузартсан байна, ариутгана хэмэн “секст”-сэн байх юм. Тэгээд дахин дахин ир хэмээн айлтгажээ. Арай дэндэнэ ээ.
    Төв аймгийн Баян-Өнжүүл суманд малчин Т нь арын овоонд хэдэн бөө ирсэнийг хараад сүсэглэн очиход нь угтай байна, морь чинь хурдтай болж давхина хэмээн Бөө болгож, “онигоо” үйлдвэрлэжээ. Хүний сүшиг бишрэлээр ингэж тоглож болохгүй.
    Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн XVI хороонд онгодоо оруулах гэж байгаад тагтан дээрээс үсэрч амиа алдсан тохиолдол гарсан. Мөнх тэнгэрт хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь байдаг.
    Сүсэглэсэн хүмүүсийн сэтгэл рүү ус цацаж, амь нас, эд хогшилд нь халдах, “Бөө болгож өгнө. Төдөн сая төгрөг аваад амь насыг чинь тэнгэртээ даатгаж танай гэр бүлийн ноён нурууг энэ жил бөхийлгөхгүй болгож өгье. Эс тэгвээс хүний гарзтай” гэх мэтчилэн айлгах, аврахын хооронд сүрдүүлэх болж.
    Нэгэн айлын гурван охин нүдээ бүлтэгнүүлэн айдас, хүйдсээр биднаас аврал ирж хандав. Учир нь долоо хонгийн дотор хэн нэг нь сахиусаа авахгүй бол тэдний нэг нь үхэх болсоныг нэгэн удган айлджээ. Ийм тохиолдол хэдэн зуугаар тоологдож байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор Монголд бөө хэт олширсон. Толгой, нуруу өвдсөн хэн ч болов түүнд бөөгийн удам байна хэмээн сахиус дуудуулдаг болжээ. Мотоциклтой явж байгаад ойчиж хөлөө гэмтээсэн нэгнийг сахиус чинь дууджээ хэмээн айлдсан байх юм. Сахиусыг нь барилдуулж өгөх бөө багш нарыг хайж давхина. Гэвч багшаа удаан эрэхгүй, мөдхөн олдог нь ийм хэргүүдийн эхлэл гэлтэй. Энэ бүхнийг дурьдахдаа тэнгэртээ даатгагдсан онгон шүтээний удамтай, олон жил ард түмэндээ буянаа хүргэж яваа зайран, удгануудаа хэлж байгаа юм биш. Тэдний дотор бөөгийн нэрийг зүй бусаар барьж ашиг хонжоо хайгсад, нэмэр биш нэрмээс бологсдыг хэ¬лж байгааг уншигч олон анзаарч байгаа биз ээ.
    Саяхан МБНЭ-д иргэн “С” хандаж “Б” гэдэг нэгэн бөөгийн тухай гомдолоо мэдэгдсэн. Удган Б нь түүнийг үзэнгүүт шүтээнтэй байна гээд шууд дагуулж зах дээр очоод хуяг дуулга, хэнгэрэг авахуулаад хашаандаа хуяглаж, хоёр өдөр хэнгэрэг нүдүүлж, одоо ингээд бөө болсон гэжээ. Энэ бүхэн гурван өдрийн дотор болж өргөрчээ. Тэгээд хөлсөнд нь 700 мянган төгрөг авчээ. “С” юу ч орохгүй байна шүү дээ гэхэд нөхөр нь гудамжид чирж гаргаад хөөсөн гэж байгаа. Шуурхай байгаа биз.
    Хүний сайхан сэтгэлээр дөрөөлж, мөнгө зээлдэж авдаг, өгөхөө болохоор урдаас нь хараал хийнэ гэж айлгадаг. Хүний мөнгө төгрөгийг авч луйвардсан жишээ олныг дурьдаж болно. Ийм хохирогчид МБНЭ-ээр өдөр бүр ирдэг. Ийм байдал нь ёс жаягаараа яваа бөө хүнийг өөрөөрөө бахархах нэр төргүй болгож байна.
    Бөөгийн нэр хүндийг шившигийн намагт унагасан ийм нөхөд хэдэн зуугаар тоологдон яригдаж байхад бид хоорондоо шийдэх чадах зүйлийн талаар маргаж цаг алдаж байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ. Яаж ажиллах вэ. Энэ бүхэн Монгол бөөгийн хөгжлийг зөв голдрилоор хөгжүүлэх тухай асуудал юм. Тиймээс өнөөдөр тэнгэрийн улаач бүр анхаарах ёстой асуудал болж байна.
    Монгол бөөгийн “Голомт төв”-ийн тэргүүн, Ш.Сүхбат “Шинээр төрөн гарч буй залуу бөө нар ийм зүй бус зүйлүүд хийж байгаа. Энэ бол үндэсний соёл, тэнгэртээ харшилсан маш аймшигтай явдал. Тэд хамгийн гол нь зан үйлээ сайн мэддэггүй. Үүний гол буруутан нь онгодыг нь буулгаж өгч байгаа багш нь юм. Бас бөөгөөр далимдуулж бизнес хийгчид олон болсон. Ямар ч онгод тэнгэргүй нөхөд “Би бөө” хэмээн ард түмнийг шулах байдал газар авах боллоо. Бөөг дотор нь хоёр хуваадаг. Онгод шүтээнтэй бөө, байгалийн жамаар шалгарсан бөө, мөн онгодгүй тахилч бөө гэж байна. Жинхэнэ бөө бол гурваас дээш жил онгод шүтээндээ барилдаж, номоо сайн мэдэж байж сая засал хийнэ.
    Тэгтэл одоо өнөөх зуурдын бөө нар юун гурван жил болох байтугай сар ч болоогүй байж “Таныг сайн сайхан болгоод өгье” гэдэг. Энэ онд хүчирхэг тэнгэрүүд бууж ирж зуурдын бөө нарыг цэвэрлэх болно. Тэгэхээр буруу зөрүүг хийгч бөө нарыг тэнгэрт нь мэдүүлбэл шударга шийтгэл оногдох биз ээ. Энэ тухайд бол “Онгодтой, єєрєє тэнгэртэй бєє хvн бол… биднээс илvv айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бєє нар шийтгvvлсэн. Залуухан, залууханаараа яваад єгсєн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хvн байна шvv. Єєрсдийнхєє хийсэн буруу юмандаа явсан. “Бєє хvн онгодоо хэрэв сэвтээх юм бол хєсрийн дээстэй адилхан болно” гэж бєєгийн номон дотор байгаа шvv. Хєсрийн дээсийг хэн ч тоож харахгvй шvv дээ. Тэгэхээр онгод нь тэр хvнийг яг тийм болгож хаяна. Ерєєсєє харах vзэх юмгvй, ямар ч авралгvй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шvv дээ” гэжээ. Б.Галаарид “Айх ичихээ мартсан ёс суртахуунгүй бөөг бол айх ёстой юманд нь шударгаар мэдүүлж зохих шийтгэлийг нь хүлээлгэвэл ямар вэ?” хэмээн бичжээ. Монгол бөөгийн төлөө өөрийн амьдралаа зориулсан энэ мэт хүмүүсийг бөөгийн ертөнцөөс арчих хэрэгтэй гэж нэгэн залуухан удган хэлж байхтай таарав. Бид өнгөрсөн үеийн бүтээсэн суурь дээрээ дөрөөлж ирээдүйгээ бүтээж босгоно гэдгийг мартах учиргүй.
    Хавар, намрын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн зан төлөвт өөрчлөлт орж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болох, эрүүл хүмүүс ч стрессээс үүдэлтэйгээр сэтгэл гутралд өртөх нь нэмэгддэгийг шинжлэх ухаан аль хэдийнэ баталсан. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол энэ тоо 2020 онд 15 хувь болж нэмэгдэх магадлалтай гэж ДЭМБ-аас тооцоолжээ. Мөн тус байгууллагын судалгаагаар манай улсад 628.000 хүн буюу нийт хүн амын 23.3% нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэсэн тоо гарсан аж. Хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлүүлсэн байна. Сэтгэцийн өвчин дотроо олон хэлбэртэй байдаг бөгөөд тэр дундаас анхаарал татаж байгаа нэг зүйл бол 2011 оноос хойш бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүмүүс СЭМҮТ-д олноор хандах болсон явдал. Хаа таарсан газраа хуураа татаж, хэнгэрэгээ дэлдэн, архийг ус мэт залгилж, амьтан хүмүүсийг гайхашруулах болсон шашны энэ зан үйл Монголд сүүлийн хэдхэн жилд асар эрчимжсэн нь ийнхүү араасаа ийм асуудал дагуулав. Хэн дуртай нь бөө болдог болсон нь нууц биш. Энэ нь нэг төрлийн бизнес болчихоод байгаа ба амьдралын ямар нэг асуудал үүсэх, бие өвдөх үед бөөд хандсанаар “Бөөгийн угаа авахгүй бол үхнэ” гэж айлган нэг сая 500 мянгаас таван сая хүртэлх төгрөгөөр “бөө болгож” өгдөг болжээ. Онгод сахиусгүй, удам угшилгүй жирийн нэгэн ийм хэргэмийг хүртсэнээр нийгмээс тусгаарлагдаж, өөрчлөлтдөө дасахгүйн улмаас сэтгэцийн хүндрэлтэй асуудалтай нүүр тулдаг аж. Энэ тухай СЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Отгон бичжээ. Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд л гэхэд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлтөд орсон 20-иод хүн бүртгэгдсэн тухай ч мэдээлэв. “Хэдэн жилийн өмнө бол бидний ярьдагаар номын цагаан солио буюу мэдрэлийн ядаргаанд орчихсон хүмүүс их ирдэг байсан бол сүүлийн хоёр жилд бөө мөргөлтэй холбоотой сэтгэцийн өвчлөлтэй хүмүүс ихэссэн” хэмээн тэрбээр хэлсэн юм.
    Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна.
    Төрийн гэдэг үгийг хуулиар төр л эзэмшдэг. Монгол төрөөс олгоогүй “Төрийн зайран, удган”-ы тоо 20 дөхжээ. Энэ цолыг нэг хүний хувийн шийдвэрээр олгодог. “Төрийн зайран, удган” цолыг олон арван жил зүүж, монгол бөөд нэрээ мөнхөлсөн тэднээс үлдсэн амьдралаа монгол бөөгийнхөө төлөө жинхэнэ утгаар зориулж, хамтран ажиллахыг уриалж байна.
    Түүгээр зогсохгүй нийгмийн нөхцөл байдлыг тун соргогоор тусгасан “Ард түмний баатар”, ард түмний гавьяат” цол бий болгожээ. Түүнийг тэр нөхөр л олгож байна. Сүүлийн 20 жилд бий болгосон “Мөнх тэнгэрийн удган, зайран” цол, дуртай хүндээ өгч байдаг бөөгийн докторын цол, Онцгой чадамжийн гэрчилгээ, бөөгийн үйл ажиллагаа явуулах хоёр жилийн хугацаатай “тусгай зөвшөөрлийн лиценз” зэрэг цолнууд нийтэд тараагдсан байна. Тэр байтугай Дэлхийн бөөгийн сангийн нэр барьсан “доктор”-ын дипломыг “худалдсан” гэж байгаа юм. Дэлхийн бөөгийн сантай хамтран энэхүү үйлдлийг цаг алдалгүй таслан зогсоолоо. Тэгээгүй бол олон хүн энэ хуурамч “диплом”-д мөнгөө үрэх байлаа. Тэглээ гээд хариуд нь зогсоолд тавьсан автомашиныг Том жип машинаар олны нүдэн дээр зориуд мөргөж хэмхэлчихээд, замын цагдаатай нийлээд өнөөдөр хүртэл хохиролыг барагдуулахгүй явна. Иргэдийг хохироогоод “мунадаг” байгаа юм биш үү.
    Энэ олон замбараагүй олгосон цолонд олон түмэн толгой нь эргэж, чухам аль шийдвэрийг нь өнөөдөр шүтлэгтэн олон баримтлах ёстой болж байна. Төрийн үйлчилгээний байгууллага, тухайлбал боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллагад бөөгийн байгууллага, бөө хүнийг тодотгох стандарт, шалгуур үзүүлэлтийг тогтоож чадахгүй. Бөөг төр хууль гарган шийтгэж байсан болохоос биш бөөг төрийн байгууллага цэгцлэнэ гэж байхгүй. Төр төмөр нударгаа хуулийн хүрээнд л харуулна шүү дээ. Тийм байдалд оруулахгүйн тулд бид хийж чадах зүйлээ өөрсдөө цэгцлэх ёстой.
    МБНЭ байгуулагдаад хоёр жил өнгөрөөд байна. Одоо МБНЭ-д бөөгийн ная орчим байгууллага нэгдэж, нэг мянга орчим гишүүнтэй, 19 аймагт бөөгийн хүрээлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. МБНЭ-ийн Дээд хуралдайгаас байгуулсан 160 орчим гишүүнтэй бага хуралдай, түүнээс байгуулсан Дээд цэцийн зөвлөл байна.
    МБНЭ-ийн бага хуралдай, Дээд цэцийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн баталсан “Монгол бөөгийн ёс зүй” баримтыг батлан гаргаж мөрдөж байна.
    Дараа нь Монгол бөөгөө уламжлалт зан үйлээр нь авч яваа “тэнгэрийн улаач” нараа тодруулан “Монгол бөөгийн цол” олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь дээр дурьдсан бөөд үүссэн олон зүйлийг зөв гольдролоор шийдэх гэсэн хамтын шийдвэр, бодлого юм. Энэ шийдвэр шүтлэгтэн олонд Монголд байгаа энэ олон мянган бөө нарын хэнд нь итгэх вэ гэдэгт хариултыг өгөхийг эрмэлзэж байгаа хэрэг юм. Бөөгийн олон байгууллагын хүлээн зөвшөөрсөн, Монгол бөөгийн ёс зүй, цолны шалгуур үзүүлэлтийг хангасан “улаач”-ийг МБНЭ-ийн шат, шатанд шалгаруулан сонгосон Дээд цэцийн гишүүдийн олон талаас нь харж, шинжиж, ярилцаж, нууц санал хураалтын дүнг үндэслэн Монгол бөөгийн цолыг олгож байна. Үүнээс өөр зам одоохондоо олж харахгүй байна. Тэрнээс биш Жаргалсайхан гэдэг хүн энэ цолыг ганцаар дур мэдэн олгоод байгаа хэрэг биш юм. Өөрийгөө Монгол бөөгийн уламжлалаа зөв авч яваагаа МБНЭ-д шалгуулах нь жинхэнэ бөө хүнд эгэл жирийн асуудал, улмаар монгол соёлын биет бус өвийг хамгаалж яваагаа төрдөө бүртгүүлж байгаа давхар үйл юм. Харин МБНЭ-д шалгуулах нь хуурамч бөө нарт бол асуудалтай, хүнд сорилт байх болно.
    Шүтлэгтэн олон “Цэрэн Бөө”-гийн бичээд байгаа шиг “тэнгэрийн хуралдайгаар хуралдаж” хэнд нь цол хэргэм олгоод байгааг мэдэх боломжгүй. Бас жинхэнэ хуурамч бөөг ялгахад бэрхтэй. Өнөө цагт чанар, агуулгыг нь тоон үзүүлэлт, хэлбэр нь дарж “алчихаад” байна шүү дээ.
    Сайтын нэгэн мэдээний дор “Цэрэн Бөө-хэдэн төгрөгөөр авсан болоо” гэсэн түүний бичсэн ганц өгүүлбэр түүнийг бүхнийг зоосны нүхээр хэмждэг, бодит үнэнийг ялгах “онгод” үгүй нь харагдаж байна. Бас ч үгүй дээр дурьдсан “бөө”-г үйлдвэрлэдэг багш нарын нэг ч юм уу гэх хардах сэтгэлийг төрүүлэв. “Цэрэн Бөө” хэдэн өгүүлбэр тэрлээд шүүмжлэх, майханд танилцуулга тарааж яваа ажилтныг үгээр биднийг “шодох” биш, харин бөөд үүссэн дээрх гажуудалыг засахад биечлэн оролцохыг урьж байна. Та дээр дурьдсан бэрхшээлтэй тулж үзсэн үү. Бид өдөр бүр тулж байна.
    МБНЭ нь жилдээ хоёр томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Эхнийх нь 6 дугаар сарын 22-ны хийсэн нарны нэгдсэн залбирал юм. Энэ жил бид нарны тахилга хийгээгүй. Харин нарны нэгдсэн залбирал хийсэн. Дараа жилээс энэ өдөр Хүй долоон хутагт нэгдсэн залбирал хийхийн зэрэгцээ бөөгийн байгууллагууд өөрсдийгөө бие даан сурталчлах ажлуудыг хийх болно. Шилдэг бөөгийн байгууллагаа шалгаруулах болно. Тэгэхээр та бүхэн Монгол бөөгийн өнөөгийн хөгжлийн цар хүрээг харах боломж бүрдэнэ.
    Жил буриын 9 дүгээр сарын 22-ны өдөр Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цогцолборт хөшөө нэмж байрлуулах ажиллагааг хийж байх болно.
    Монгол бөө төрдөө хүндлэгдэж явсан цаг үе бий. Бид, Монголчууд Мөнх тэнгэрээ шүтдэг байсан цаг үеэ дурсах биш, сэргээх цаг үе ирж байна. Бид үүнийг хийж чадна.
    Жилдээ Нэгдсэн Их тахилгыг 2-3 удаа хийнэ. МБНЭ нь зөвлөлдөх хамтын удирдлагын байгууллагын хувьд Нэгдсэн тахилгыг хэн удирдах, хэрхэн зохион байгуулах асуудлаар хэлэлцэж, байгууллагынхаа хүрээнд нэгдсэн шийдэл гаргадаг юм. Үүнийг зарим хүмүүс буруу ойлгоод байгаа нь асуултаас харагдаж байна.
    Эцэст нь нэг зүйлийг дурдая. МБНЭ-ээс явуулж байгаа үйл ажиллагаа нь шавь нараасаа мөнгө хуримтлуулж санхүүждэг бөөгийн багш нарын эрх ашгийг хөндөх болсон. Тиймээс шавь нараа цуглуулан, МБНЭ-д гишүүнээр элссэн шавь нарын “араас” нь жатга шидэх, шавь нартаа МБНЭ гэж “аймшиг” байдаг мэт буруу ойлголт өгөх, нэгдсэн тахилга, тайлгын нэрээр шавь нараасаа мөнгө татах, тэгсэн мөртлөө тахилгадаа оролцолгүй хувьдаа зарцуулах, МБНЭ-ийн нэрээр уулзах гэж ирсэн олныг өөрийн нэр дээр цуглуулан хувийн нэр хүндээ бэхжүүлэхэд ашиглах зэрэг зохисгүй үйлдэл гарч байна.
    Гаднаас ирж буй оюуны салбарт дахь энэ их хүчирхэг довтолгоон, түрэмгийлэл, дотоодод болж байгаа бөөгийн нэрийг шаварт хутгагчид биднийг эвлэрэн нэгдэж ажиллахаас өөр замгүйг харуулж байна. Сүүлийн үед МБНЭ-ийн гишүүдийн дунд элдэв хов тарааж, дунд нь хутган үймүүлэх, зарим хүмүүсийн нэр төрийг олны дотор зориудаар гутаан доромжлох, өнгөрсөн үеийг авч явж ирсэн хүмүүсийнхээ түүхийг харлуулах зэрэг эв нэгдлийг сэвтээх гэсэн оролдлого гарч байна. Цаг хугацааны хүнд сорилтыг туулж яваа энэ цаг үед ийм үйлдлийг хийгчдэд МБНЭ-д орон зай байх ёсгүй. Бид эв нэгдэлээ хамгаалахад хатуу сахилга хэрэгтэй. Бусдын идэш болохгүй нь тулд бидэнд эв нэгдэл юу юунаас илүү чухал хэрэгтэй байна.
    Мөнх тэнгэр биднийг ивээх болтугай

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн
    ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа

  • СОНГУУЛИЙН ӨВЧИН

    Тэр улс төр, мөнгө хоёрын эрхэм нарийн холбоосыг аль эрт мэдэрч, түүний эмзэг бас давуу талыг алдахгүй мэддэг ”зурхайч”, энэ талаар тэр хэнийг ч дагуулахгүй бөгөөд ”доктор”-ын зэрэг хамгаалсан ч болохоор болсон.
    Мөнгө нь улс төр болж , улс төр нь эргээд мөнгө болдог, улмаар ашиг орлого нэмэгддэг зүй тогтлыг аль эрт ажил болгож амьдралдаа хэрэгжүүлсэн нэгэн.
    Сонгууль ойртох тусам Тойгоо жип машинаа зүлгэж, хэдэн төрлийн хувцсаа хаана хэрхэн өмсөж хэнд ямархуу харагдахаа тунгаан бодож, дутуугаа сэлгэх талаар эртнээс төлөвлөнө.
    Хэнтэй нөхөрлөх, хэнийг өөртөө татах, хэнээс дөлөхөө бас тунгаана.

    Тэр жил ардчилсан нам сонгуульд ялахад Тойгоогийн хүүгийн машин намын байрны өмнө ”багширсан” олон машин дотор багталцаж ядан ”дүүхэлзэж” байсан бол, сонгуульд ялагдсан Ардын намын цагаан байшингийн өмнөх машины зогсоолоос Тойгоогийн машин хамгийн түрүүн ”годхийн” алга болж билээ.

    Тэр юунаас ч айдаггүй . Учир нь мөнгөтэй бол хэнийг ч худалдаад авчихна гэж боддог. Тэр нь ч амьдрал дээр тодорхой биеллээ олсон учир итгэлтэй байдаг.
    Сонгууль дөхөөд ирэхээр Тойгоо өөрөө Монгол ардын намын, Хүү нь АН-ын, авгай нь ШН-ын үүдээр эргэлдэх нь ихсэж, үйл хэрэгт зүтгэнэ.

    Сонгуулийн өмнөхөн энд, тэнд болох хандивын үдэшлэг цэнгээнд оролцоно. Тэд хэрэгтэй үед нь намын санхүүд хэдэн төгрөг хандивлахаа мартдаггүй. Сонгуулийн өмнөх компаныг санхүүжүүлнэ гэдэг бизнесийн хөрөнгө оруулалттай утга нэг хэрэг. Хандив нь сонгуулийн дараа албан тушаал, мөнгө болон хувирна. Тэр гурвын хэн нэг нь сонгуулийн ”бялуу”-г заавал амсах магадлалтай. Бялууг хүртсэн нэг нь нөгөө хоёрыгоо ”дээш” нь татна. Тэгээд ч аль нам сонгуульд ялахаас үл хамаарах өөрсдийн дархлааг бий болгосон .

    Үнэнийг хэлэхэд Тойгоо дотоод сэтгэлдээ ганцхан зүйлээс учиргүй айна. Тэр үедээ зүрхний эм давхарлаж ууна. Тэр бол өөрийн нэр хүнд, албан тушаалд учиргүй хайртай. Тэр ч хүний боддог бодол байх л даа. Гэхдээ өөрийн тухай үнэн нүүр царай дэлгэгдэх вий гэхээс учиргүй айж бэргэнэ. Үүнийхээ төлөө цочиртсон үедээ хэнийг ч яаж ч мэдэхээр болчихно.

    Энэ цаг үед Албан тушаал мэдлэг, боловсрол, туршлага дээр бус мөнгөөр хэмжигддэг, хов жив ”хор” найруулгын үндсэн тогтдог болсны амт шимийг амталсан бөлгөө.

    Тэднийд монгол дахь бүх улс төрийн намын батлахны цуглуулга бий . Батлах бүр өөрийн түүхтэй. Өвөөд нь тэр жил Тусгаар тогтнолын намаас Хотын хурлын гишүүнд нэрийг нь дэвшүүлж батлах өгсөн бол хөдөө амьдардаг хамаатны нэгэн өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчээс эмч нарын үзлэг хийх үед эрүүл мэндийн үнэгүй үзлэгт орохын тулд нэгэн намын батлах авсан байх жишээтэй. Тэдний сумын Батсайхан гэдэг залуу таван ч намын батлах өвөртөлсөн бузгай улс төрчөөр тодорсон, хөөрхөн ”онигоо”-той.

    Сүүлийн арван жилд болсон сонгууль Тойгоогийн гэрийнхэн жинхэнэ улс төрч болохоо харуулсан. Тойгоогийн хүү хорьдугаар зууны сүүлчийн сонгуулийн өмнөхөн ааваасаа хэдэн төгрөг авч АН-д хандивласны хүчинд дүүргийн хурлын гишүүн болж, дараа нь Дүүргийн засаг даргын Тамгын газрын даргаар тодорсон.

    Харин Тойгоо байгууллагынхаа ардчилагч нартай нийлж хэдэн шил архи хүртэж явдгийн буянд тэрүүхэндээ ”ардчилагч” гэдэг эрхэм алдрыг хүртсэн. Энэ эрхэм алдрын хүчинд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялахад ”бялуу”-аас хүртэж тэр нэгэн байгууллагын Сургалтын хэлтсийн даргаар томилогдсон түүхтэй.

    Гэвч хожим сургуульд хүүхэд оруулах нэрээр хахууль хүртэж хэмжээг нь хэтрүүлсэн хэргээр ажлаасаа хусуулж, цэргийн тэтгэвэрт гарсан. МАН-д нүүрээ таниулсан түүнд нэг хэсэгтээ гэртээ ”ичихээс” аргагүй байдалд хүрсэн. Түүнд сонгууль ямагт баяр баясгаланг авчирдаг. Одоо түүнд ганцхан МАН-ын царайг харж амьдарахаас өөр аргагаүй болсон.

    Тэгээд намуудын улс төрийн удирдагчид солигдож байдаг завшааныг ашиглаж өөрийгөө хэнд ч ямраар таниулж чаддаг арга ухааныг сүвэгчилж сурсан. Эхлээд тэр одоогийн их хурлын гишүүн нэгэн эрхэмтэй хамт хөдөө аймгуудаар ”давхиж” Ардчилсан хүчний бүх л намуудад хандав өргөв. Тэгэхдээ хотыг бодвол хөдөө тэдний ”жинхэнэ нүүр царайг” танихгүй тул хэний ч дүр эсгэсэн болохоор жүжиглэнэ. МАН нь мэдчих вий гэдгийг л онцгой анхаарч нууцлан чандална.
    Тэгтэл энэ удаа тэр бодсноос илүү үр дүнд хүрэх боломж бүрдэв. Учир нь ”ханилж” явсан найз нь Улсын их хурлын гишүүн болж, Тойгоогоо дэмжих аятайхан, өргөн боломж бүрдэв.

    Сүүлийн үед цэргээс тэтгэвэрт гарсан Тойгоо өөрийнхөө мөрөнд генералын пагон зүүснээр зүүдлэх болов.
    1999 он

  • ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЬЕ ГЭЖ ЭХ ОРОНДОО ТЭД ХЭЛСЭН.

    Одоогийн тооллоор 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааныг элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй.
    Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ. Цэл залуухан насаа чиний төлөө зориулая гэж хэлж, бас хийж чадсан.
    Монгол элч нар эх нутгынхаа зүг сүүлчийн удаа харж зогсоно. Тэрхэн мөчид эх нутагтаа үлдсэн эцэг, эх, ах дүүс, анд нөхөдөө сүүлчийн удаа дурсан санаж байсан байхдаа. Тэд бол Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуус байлаа. Тэд амь өршөөхийг гуйсангүй, эх орныхоо төлөө алтан амиа зориулав. Тэдний биенд цаазын илд бууж байх тэр эцсийн мөчид ч Монгол гэсэн тэр сайхан нутгаа дурсаж байсан. Алтан амиа эх орныхоо төлөө зориулсан эрэмгий баатарлаг залуусынхаа түүхийг улаач нар мартаагүй, харин монголчууд түр мартсан. Чиний төлөө үхье гэж эх орныхоо төлөө шивнэсэн үг нь өнөө үе биш, хэдэн зуун жилийн өмнө монгол баатруудын хэлж байсан үг байжээ.
    Тэр цагаас хойш 740 жилийн дараа тэр газарт нэгэн Монгол бөө зогсож байна. Мөнх тэнгэрийн дуудлагаар, Монгол бөө нарын даалгавраар энд нойрсож байгаа баатруудын сүнсний эцсийн хүслийг биелүүлэхээр энд ирсэн аж. Тэр сүнсний эцсийн хүсэл бол эх орондоо эргэж очих тэр хүсэл байсан юм. Тэр хүсэл биелэлээ оллоо. Баатруудынхааа сүнс нь шингэсэн шороог байрлуулах газар хүсэхээр Улаанбаатар хотын захирагчид хүсэмжилээд олон жилийн нүүр үзсэн. Өнөөдөр биднийг хэн ч тоохгүй байна. Сүнсийг шингээсэн шороог өрөөндөө удаан байлгах хэцүү. Энэ зовлонг улаач хүн л мэднэ. Бусад нь нэг их анзаарахгүй болой.
    Тэгээд арга ядаад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт Монгол элч нарын сүнс шингэсэн шүншиглэсэн шороог Монгол бөө нар авчирч залж байрлууллаа. Магадгүй өнөөгийн залуучууд энэ түүхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сануулах нэгэн самбар босгож тэнд тавив. Энд нойрсох цэл залуухан насаа эх орондоо өгсөн баатруудын түүх бол Монгол төрийн төлөө амиа зориулсан өнөө цагийн нэршлээр бол монгол төрийн элч, дипломатууд түүх, өнөөгийн залуучуудын үлгэрлэн дууриах бахархал, монгол омогшил, сэтгэл улалзан бадрах огшил билээ. Энэ ажиллагаанд Монгол төрийн элч, дипломатуудаас нэг ч хүн ирээгүй ч, харин энэ түүхийг авч явсан нэрт дипломатын үр, ач нар оролцсон билээ.
    Энэ сонин түүхийн эздийн шүншиглэсэн шороо, хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт тэнгэр үзэлт бөө нар өөрсдийн чадах хэмжээнд хүндэтгэн байрлуулсан. Төр бол сэхээрэн анзааргүй л байна. Үе, үеийн хотын дарга нар тоохгүй явсаар л байна. Хэрхэн хүндэтгэл үзүүлэхээ уншигч олон мэдсүгэй.
    Мөнх тэнгэр, эзэн Чингис, Хувилай хааны ариун сүнс биднийг ивээх болтугай.

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан,
    Зэвсэгт хүчний хурандаа

    МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ФЛОТЫН ТҮҮХ
    Хубилай 1260 онд Юань гүрний хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж хүндэтгэл үзүүлсэнгүй. Бэлэг дурсгал ч илгээсэнгүй. Гэтэл Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолж байна. Хубилай хаан нарийн учир шалтгааны улмаас анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу “Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ой”-оор явуулсан нь учиртай бизээ. Тэр үед тэнгис далайгаар тойрон хүрээлэгдсэн Япон улс нь дөрвөн зууны туршид Хятадын эх газраас тусгаарлагдаж, Хятадтай харилцах соёлын болон худалдаа наймааны аливаа харилцаагаа бараг бүхэлд нь таслагдсан байжээ.
    Тиймээс Хубилайн хувьд Японыг эзэлж хараат болгоно гэхээсээ илүү хятадуудын дунд нэр хүндээ өсгөх гэсэн зорилгын үүднээс энэхүү тэнгисийн аян дайныг хийхээр Хубилай хаан шийдсэн гэсэн түүхчдийн таамгийн би дэмжддэг. Энэ үеийг хүртэл монголчууд хэзээ ч тэнгис далайд тулалдаж байсангүй. Солонгосчууд япончуудад угийн дургүй ч монголчуудын төлөвлөсөн шиг Японыг ноёлох явдалд зууч болохыг хүсэхгүй байжээ.
    Хубилай хаан 1266 оны намар, Хятадад шинэ эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг зарав. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгав. Арга буюу Хубилай хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж, тэднийг айлгаад эл явдлаас нь буцаахаар чармайв. Хубилайн элч нар Японд очих аюутай тухай солонгосчуудын хэлж ярьсныг сонсоод зүрхшээн мохож хятад руу эргэж яаралтай буцав. Эл үйлдэлд Хубилай хаан уурсан хилэгнэв. Мөн солонгосчуудыг итгэх аргагүй хэмээн үзэв. Тийнхүү туслахаас татгалзаад зогсохгүй элч нарыг ятгаж Японд хүрэхэд саад боллоо хэмээн “харъяат” улсыг донгодон анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж Солонгосын хааны ордонд хүргүүлжээ.
    Ахин элч зарахаар шийдэн үүнд солонгосчуудын зүгээс ямар нэг түвэг учруулахыг тэсвэрлэхгүйгээ мэдэгдэв. 1268 онд дахин элч мордуулжээ. Энэ удаад солонгосчууд хамтрахаас өөр аргагүй болов. Япон үндэстэн өөрийн хаан ор суусныг зарлан тунхаглаж, өөрт нь элч төлөөлөгч илгээж, алба гувчуур өргөн барих болсныг мэдүүлсүгэй хэмээн Хубилай хаан Монголын элч нарыг тэргүүлэх Ёслолын яам, Цэргийн яамны хоёр түшмэлд зарлиг буулгав. Япончууд Хубилай хааны элчүүдийг найртай хүлээж авсангүй. Тэр үед Киото дахь Японы хааны ордон ямар ч хүч чадалгүй, бодит байдал дээрээ засгийн эрх мэдэл Камакура төвтэй цэргийн засаг болох Бакуфугийн гарт орсон байжээ. Бакуфугийн дотроос Шоогуны Шадар Туслах Хожо Токимунэ хамгийн нөлөө бүхий хүн байсан учир монголчуудыг хүлээн зөвшөөрөх өчүүхэн ч бодолгүй байв. Самурай ангийнхны хүч чадал, Японы арлуудын эх газраас тасархай орших байрлал, хүрч болшгүй байдал зэргийг харгалзан үзээд тэрбээр өмнө нь Шадар туслах байсан Хожо Масамурагийн хамт Монголын элч нарын саналаас эрс татгалзав.
    Японы хааныг “жижиг улсын хаан” хэмээн бичсэн Хубилай хааны Жуу бичигт тохирох хариуг урьдчилан хэсэг хэлэлцээд хэдий ордны түшмэдүүд нэгэн эвлэрлийн захидал ноороглон бичээд Бакуфугаар зөвшөөрүүлэхээр хуулбарыг нь илгээсэн боловч Шоогуны Тэргүүн Туслах түүнийг нь хориглон монголчуудад Японы засгийн газраас ямарч хариу өгүүлэхгүй элчүүдийг буцаав.
    Хубилай хаан эл хариуд 1271 оны эхээр өмнөхтэй адил утгатай Жуу бичиг бүхий элчүүдийг дахин илгээв. Элчүүдийг дагалдсан солонгосчууд япончуудад Монголын их цэргийн аюулын тухай сэрэмжлүүлэг сэм өгсөн ч япончууд ахиад л Монголын элч нарыг ордондоо хүлээж авахаас эрс татгалзсан юм. Иймээс элч нар буцах замдаа Японы 2 загасчинг олзлон Хятад руу авч одов.
    Хубилай хаан загасчдыг хүлээн авч идээ будаагаар дайлаад тэднээс нутагтаа буцаж очоод захирагч нараасаа Хятадын эзэн хаан, Монголын эзэмшил газруудын их хааныг ёсчлон хүндэтгэл үзүүлж, алба гувчуур бүхий элч илгээ хэмээн гуй гэж шаардан дагалдах бараа бологчдоороо хамгаалуулж Солонгос хүргээд цааш Япон руу үдэж гаргуулав. Чингэж хоригдоод суллагдсан 2 загасчин Япондоо очоод сураг тасарчээ.
    Хубилай хаан сая л япончуудын эл “эрээ цээргүй” занд гайхан мэгдэж, ихэд уурсан хилэгнэжээ. Монголын хаадын хаан, Хятадын эзэн хаан болохын хувьд тэрбээр харийн ямар нэг улсад доромжлуулаад байж хэрхэвч чадахгүй байсан юм. Монгол уламжлал ёсоор элч нарыг ямар ч үед зохих хэмжээнд хүлээж авах учиртай. Харин хятад уламжлал ёсоор Эзэн хааныг бүх газар нутгийн дээдийн дээд хаан хэмээн хүндлэх ёстой байлаа. Чухам энэ нь Японд өөрийнх нь элч нарыг өчүүхэн чинээ ч хүндлэн хүлээж аваагүй Хубилай хаан зүгээр хараад байж тэвчихгүй байсныг тодорхой илэрхийлж байгаа юм. Гэвч тэрбээр илүү хүчтэй, хатуу бодлого авч хэрэгжүүлэхээсээ өмнө Япон руу бас дахин нэг удаа элч зарж явуулсан байна.
    Чжао Лианпи элч нарыг тэргүүлэн 1272 оны хавар замдаа гарчээ, 10-р сард Кюшю арлын зүүн эрэгт оршин Имазу хотод хөлөг онгоцныхоо зангууг буулгалаа. Японы хаан буюу вантантай уулзах шаардлага тавихад нь эрс татгалзсанд Чжао Японы хаанд Хубилайн Жуу бичигт 2 сарын дотор хариу өгөх тухай тулган шаардах бичиг өгөв. Японы хааны ордныхон монголчуудад аядуу хэрнээ тодорхой бус хариу өгөхийг хүсч байсан ч цэргийн эрхтнүүд нь аливаа буулт хийхээс татгалзаж байв. Тиймээс Камакурагийн дайчид хүчээ зузаатгаж, улмаар Хятадын элч нарыг арлаас хөөн явуулжээ. Хожим Бакуфугийн эл түрэмгий, молхи үйлдлийг “Япон дайн өдөөн зарласан”-тай адил байв хэмээн бичсэн ажээ.
    Чжао Лианпи 1273 оны 6-р сард Хятадад эргэж ирж Японы газар нутаг, ёс заншил, харуул хамгаалалтынх нь тухай Хубилай хаанд илтгэн мэдээлжээ. Чжаог жудаггүй хүлээн авч, цадиггүй үдэж мордуулсан тухай Хубилай хаан сонсоод асар их гайхширчээ. Японыг эзлэхийг алгуурлан хойшлуулах тусам тэд улам бүр эрээ цээрээ алдаж байсан тул Хубилай уг хэргийг яаравчлахаас өөр аргагүй болсон байна. Япон улсын эсрэг Хубилай хааны явуулсан дайн нь Сүн улсыг байлдан эзлэх бодлогын нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа юм. Юу гэвэл, япончууд Өмнөд газар дахь Хубилайн дайснуудтай хөлтэй их худалдаа наймаа хийж байжээ. Тиймээс Японыг ялснаар хоёр дайсныхаа хооронд дахь худалдааны харилцаа холбоог таслах, улмаар Сүн улсыг доройтуулахад чухал хүчин зүйл болох байлаа.
    Хубилай хаан Японыг довтлохоор нэг хэсэгтээ бэлтгэжээ. Тэрбээр Япон тэнгисийг гатлах Японы арлуудын өмнөд этгээдийг дайрч довтлох цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ. Гурван зуун хөлөг онгоцонд тус бүр 200 цэргийг хоёр сар орчмын хоол хүнстэй, агт морьдыг нь ундны цэвэр усны хамт ачсан байв. Хубилай хааны жанжид хятадын дотоодын усанд 30-аад жилийн турш дайтсан туршлага дээрээ задгай тэнгист аялах Солонгосын цэргийн хөлөг онгоцны хөнгөн найдвартай бүтцийг нэмж, бас умард Хятадад аж ахуйн тээвэрт хэрэглэж байсан тэргэт хөлгийн дэвшилтэт аргыг сайжруулан авснаар сая Монголын Юан гүрний гэгдэх жинхэнэ далайн цэргийн флот байгуулагджээ.
    1274 оны 11-р сарын эхээр 7000 орчин солонгос жолооч, сэлүүрч, үйлчлэгчээр газарчлуулан 900-аад том жижиг байлдааны усан хөлөг онгоцонд 15000 монгол, хятад, зүрчид, уг аян дайнд оролцохдоо дурамжхан байсан солонгос усан цэргүүдийг суулгаж Хаппогоос /өнөөгийн Пусан хот/ Японыг зорин хөдөлжээ.
    Цюсима аралд хүрч хэдэн өдрийн ширүүн тулааны дараа тус арлыг эзлэн авчээ. Цаашлаад Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Хэрэг бишдэж эхлэж буйг ойлгож, хүчирхэг дайчин эрсээс айн бэмбэгнэсэн Япончууд цэргийн хүчээ чангатгаж эхлэв. Харин Япончуудын аз болоход 10 сарын сүүл буюу 20-ны орой далайн хүчит хар салхи дэгдэж Монголын усан флотын талаас илүүг далайн ёроолд живүүллээ. Монгол цэргийн сүр хүчээс сүнсээ зайлтал айсан Япончууд хар салхи дэгдээх хараалын ном уншиж байсантай холбоотой гэж бичиж үлдээсэн нь их байдаг. Эхний илгээсэн усан флотын тэн хагас нь далайн хар салхинд сүйрсэн тухай мэдээ авсаны дараа Хувилай хаан их сэтгэлээр унасан гэх боловч Японыг эзлэх төлөвлөгөөнөөсөө няцаахгүй байдаг. Түүний үнэнч шадарлагч туслахууд 7-н жилийн турш судалгаа хийж өмнөх усан флотоосоо илүү хүчирхэг ангийг бэлтгэжээ.
    Хоёр дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Ингээд 1281 оны 6 сард Хувилай хааны 2 дахь хүчирхэг усан флот Японы Цюсима арал дээр хөл тавьсан байна. Хувилай хааны илгээсэн хоёр дахь усан флот дайралтаа Цюсима, Хиродо, Хаката (одоо Фукуока) болон Такашима арлуудаар хүчтэй хийж байжээ. Ингээд Монгол цэргийн дайралт 6-р сараас 8-р сарын хооронд тасралтгүй үргэлжилж харамсалтай нь 8-р сарын 2-нд мөн л далайн хар шуурганд өртөж гол хүчээ алдан сүйрчээ. Монгол цэргийн дайралт идэвхитэй хийгдэж байсан гэх дээрх нэр бүхий арлууд нь Японы зүүн өмнөд хэсгийн арлууд бөгөөд өөрөөр хэлбэл хар салхи судлаач эрдэмтэний хэлснээр хар салхи үүсдэг голомт бүс нутаг гэсэн үг юм. Ингээд хоёр дахь усан флот мөн л хар салхи идэвхитэй дэгддэг сарууд болох 7-11-р сар гэж үзвэл Хувилай хааны хоёр дахь усан флот 8 сард далайн хар шуурганд өртсөн байгаа юм.
    Усан цэргийн Археологичдын судалгаагаар Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг. 1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг. Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн.
    Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот
    Японы түүхчдийн бичсэнчлэн “хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ. Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ. Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана. Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана” гэжээ.
    Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн шалтгааныг археологийн олдвор, түүхэн баримт сэлтийг үндэслэн шинжлэх ухааны талаас нотлон харуулахыг зорьсон. Хувилай хааны хүчирхэг усан флот далайн хар салхинд сүйдсэний дараагаар түүхэн сурвалж бичгүүдэд амьд үлдсэн гэмээн тэмдэглэгдсэн Монгол цэргүүдийн хувь заяа хэрхсэн бол гэж бодохоор болдогсон бол эргүүлэн лавшируулан судалж үзмээр санагдаж байсан юм. Олон олон түүхэн баримт бичиг, зохиол туурвилаас Хувилай хааны байгуулсан хүчирхэг Юань гүрэн, Японыг эзлэхээр хоёр ч удаа оролдлого харамсалтайгаар төгссөн эмнэлэгт түүхийг бид мэдэх болсон. Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн тэнгисийн хар салхи Япончуудын хараал хийсний үр дүнд дэгдсэн үү эсвэл усан флотын далайд гарсан он цаг хугацаа, газар нь үнэхээр байгалийн аймшигт үзэгдэлтэй нэгэн мөчид таарсан азгүйтэл байв уу гэдгийг шинжлэх ухааны талаас тайлбарлахыг оролдсон Японы археологчид, түүхч эрдэмтэдийн баримт, судалгааны материалууд байдаг. Өнөөдрийг хүртэл Kamikaze /divine wind/ гэх далайн хар салхины тухай Японы ард түмний дунд яригддаг нэгэн домог бий. Японы арлыг эзлэн түрэмгийлэх атгаг санааг агуулсан басхүү ард түмнийг зовлон гасланд унагахыг оролдох гадны хар хүчээс аварч байдаг нэгэн далдын ид шид байдаг нь тэнгисийн догшин хар салхи юм.Өөрөөр хэлбэл Японы арлуудыг эзлэн түрэмгийлэхээр далай тэнгисийг гатлан ирэгч хэн бүхэн эх газарт мөр гаргах хувьгүйгээр тэнгисийн харанхуй ёроолд үүрд нойрсох болно гэсэн домог яриа юм.
    Үхлийн хар салхи дэгдсэн тэрхүү цаг хугацаа нь Хувилай хааны хүчирхэг усан цэргийн флот Япон руу халдан довтолсон он цагтай давхцсан байж болох уу гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахыг оролдлоо.
    7 дугаар сараас 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудын эрэг орчмоор далайн хар салхи хамгийн ихээр идэвжиж дэгддэг болохыг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бичвэрүүдээс харж болохыг эрдэмтэн хэллээ. Үнэхээр л олон жилийн дунджаас харахад 7-11 сарын хооронд хар салхи хамгийн идэвхитэй мөнхүү далайн хар салхины хүч хамгийн өндөр байдаг нь харагдсан.
    2003 оны 9-р сард Японы Такашима арлаар хүчтэй хар салхи дэгдэж байжээ.Мөн түүнчлэн Японд асар их хохиролыг авчирч байсан хүчит хар салхи болсон он дарааллыг харахад 7-11 сарын хооронд Японы зүүн өмнөд хэсгээр гол голомт нь дэгдэж баруун хойшоо таран хар салхины хүч сулардаг байна. Эндээс харахад магадгүй Хувилай хааны хоёр ч удаагийн усан флот түүхэнд хамгийн том хамгийн хүчирхэг гэж тэмдэглэгдэн үлдсэнтэйгээ адилхан хамгийн азгүйн байж болох юм.
    Магадгүй энэ бүгдээс харахад Япончууд Хувилай хааны сүр хүчит флотоос айн, хар салхи дэгдээх divine wind буюу Kamikaze хар домыг хийж байсан байж болох ч шинжлэх ухаан талаас нь харахад Монголын усан цэрэгт яалт ч үгүй азгүйтэл таарсан байж болох талтай.Монголын усан цэрэг ийнхүү хар салхинд өртөж сүйрсний дараагаас Kamikaze –гийн хар домд итгэх итгэл Япончуудын дунд улам хүчээ авч өнөөдрийг хүртэл энэ үзэл нь хүчтэй хадгалагдсаар ирсэн байж болох талтай.
    Японы эрдэмтэдийн 15 жилийн турш далайн тэнгисийн гүнээс олдсон, усан онгоцны 500 гаруй модон эд ангийг судалж үзэхэд олдвор дээр судалгаа хийсэн арвин туршлагад үндэслэн нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.
    Хувилай хаан хоёр дахь усан флотоо 4000 мянга гаруй хөлөг онгоц байхаар тооцож тэрхүү хөлөг онгоцуудыг нэг жилийн дотор барьж дуусгах зарлигийг шадар жанжинууддаа буулгажээ. Далай тэнгисийн байлдааны зориулалттай хөлөг онгоц бүтээхэд тухайн үедээ хөлөг онгоц хийх технологоо гайхуулж байсан дундад улсын уран дархачууд, солонгосын хөлөг онгоц хийдэг ажилчид гардан ажиллаж харин монгол жанжид зөвхөн хянан шалгах үүрэг гүйцэтгэж байв. Судалгааны багийхан улаан лакаар дурайтал бичсэн Хятад ханз үсэг бүхий хөлөг онгоцны үйрч бутарсан мод олжээ. Энэ нь Chinese inspection government /Хятадын хянан шалгах хороо гэх үү дээ/ гэсэн утга бүхий ханз байлаа.13-р зуунд тус хороо нь Дундад иргэн улсад хийсэн гол мөрний хавтгай ёроолтой завийн чанар стандартыг шалгах, хянан зохицуулах үүрэг бүхий газар байсныг түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангасан гол мөрөнд гарч болох хөлөг онгоц дээр баталгаа болгон энэхүү тамгыг дардаг байжээ. Энэ бүхнээс харахад Хувилай хааны 4000 гаруйн хөлөг онгоцонд далай тэнгисийн хүчит давалгаанд үл тэсэх, байлдааны бус зориулалттай хөлөг онгоц байсан гэсэн үг юм. Тэнгисийн цэргийн түүхчид судлаачдын үзэж байгаагаар 13-р зууны технологоор 4000 гаруй байлдааны зориулалт бүхий, чанартай далай тэнгисийн хөлөг онгоцыг бүтээхэд дор хаяж 2-3-н жил хэрэгтэй гэнэ. Иймээс магадгүй тухайн үед Хувилай хааны жанжинууд хөлгийн тоог гүйцэхийн тулд гол мөрний хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар тоноглож флотонд нийлүүлсэн байх магадлалтай байна.
    Энгийн эдгээр онгоц нь далайн хар салхины эхний хүчтэй давалгаанд нь зомгол болон үйрсэн нь дамжиггүй юм. Тэнгисийн хөлөг онгоцын бат бөх чанарын амин сүнс болсон мөнхүү тэнцвэр хадгалагч тэнхлэгийн тулгуур модыг шинжилэхэд чанарын шаардлага хангахааргүйгээр хийгдсэн байжээ. Иймээс чанаргүй угсарсан тэнхлэгтэй хөлөг онгоц болон гол мөрний зориулалттай хавтгай ёроолтой хөлөг онгоцууд хамгийн түрүүнд далайн ёроолд живэхэд хүрсэн бизээ. Аймшигт хар салхинаас амьд үлдсэн Арахаан тэргүүтэй Монгол дайчдын /зарим эх сурвалжид Монгол жанжин Арахааныг Шар тэнгисийн орчим таалал төгссөн гэдэг бол энэ баримтат кинон дээр Арахааныг тэр шуурганаас амьд үлдсэн гэж хэлж байлаа/ хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэж, тэднийг чухам ямархан хатуу ширүүн тавилан хүлээж байсныг тэнгэр мэдэх бизээ. Магадгүй энэ бүгдийн нууцыг бидэнд хэлэх баримт олдворууд ар араасаа олдох ч биз.
    2003 онд Японы Нагасаки мужийн хотын Арайке тэнгисийн /Ariake sea/ эрэг орчмоос Хувилай хааны үеийн нэгэн газрын зураг олджээ. Энэхүү газрын зураг нь Японыг эзлэхээр ирсэн Монгол цэргүүдийн хэрэглэж байсан газрын зураг болох нь олон талаар батлагддаг. Газрын зураг олдсон Арайке тэнгис /Ariake sea/ нь Хувилай хааны усан флотын гол дайралтаа хийж эцэст сүүлд нь далайн хар салхинд сүйрсэн Хакашима арлаас баруун урагшаа буюу Японы өмнөд зүгийн гол газрын нэг юм. Тэгэхээр хар салхинаас амьд үлдсэн Монгол цэргүүд Японы дотор газар руу бага багаар нэвтрэн орж байсны баримт нь энэхүү газрын зураг бизээ.

  • Бид Мөнх тэнгэрээ шүтэж, биширч ирсэн ард түмэн.

    Нэг. Дэлхийд өрсөлдөх чадвартай цөөхөн зүйлийн нэг нь үлэг гүрвэлийн баялаг олдвор, өв. Эдгээр олдворууд Монголоос Берингийн хойлоогоор дамжин Умарт америкт очсоныг баталдаг. Шинлэх ухаан үлэг гүрвэлийн нүүдэл нэг чигтэй байдгыг нотолдог. Одоо манай эрдэмтэд хамтарч Түрүү Кембри үеийн 600 сая жилийн тэртээх Монголын үеийг судлаж байна. Өнөө хэр нь тайлагдаагүй нууц олон байна. Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар илэрсэн олдворуудыг ангилвал 160 сая жилийн турш 7-8 бүлэгт хамаарах 400 гаруй төрөл, зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсныг тогтоогоод тэдгээрээс 70-80 зүйл нь Монголоос олдсон.Энэ нь хүн төрөлхтөний таньж мэдсэн үлэг гүрвэлийн тавны нэг нь гэсэн үг1.Х.Цогтбаатар. Хууль бус малтлага бол монголчууд бидний цаг үеийн эмгэнэл.Өнөөдөр.2015.9.28.
    Гэтэл Палентлогийн олдвор илэрдэг газруудыг 1990 оноос хойш мэргэжлийн бус хүмүүс ухаад сүйтгээд хаячихсан. Ихэс ноёдын оролцоо, зохион байгуулалттай бүлгүүдийн идэвхтэй үйл ажиллагаагаар энэ их баялгаа хил давуулан наймалцаж дууслаа. Дууссан хойно нь хууль гаргаж ард түмнээ хуурдаг тогтолцоо бий болоод олон жил боллоо.
    Хоёр. Хэдэн зуун мянган дурсгалыг агуулсан хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийг хамаарах томоохон дурсгал нь хамгийн эртний шинжтэй бөгөөд 2европ, өвөр Ази,Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь чухал ач холбогдолтой байна.
    Төв Ази (Монгол), Умард Азийн ( Сибирь) чулуун зэвсгийн өнөөгийн байдлаас үзэхэд Төв Азийн нутгаас эх авч урсах Обь, Ангар, Лена, Амар зэрэг Сибирийн гол мөрний сав нутгаар олонтаа олдсон чулуун эдлэлүүд нь Монголын мөн үеийн дурсгалуудтай адил байна.
    Говийн үлдцийн тархсан газар нутгийг үзэхэд Сибирь, Якут, Чита муж,Тэнгисийн хавь нутаг, Камчата, Сахалин, Алеутын арлууд, Аляск, Японы дээд палеолит, Мезолит, түрүү неолитийн үеийн бууц суурингуудад өргөн тархжээ. Ийнхүү монголын Соёлын үндсэн гол хэрэглэгдэхүүн, Зэр зэвсэг дурьдсан газар нутагт тархсан нь Төв Азийн гүнээс Сибирь, Берингийн хоолойг дамжин Умард Америк, улмаар Японы арлууд хүртэл хүн нүүдэллэн очиж нутагласан буюу угсаатны шилжилт явагдсаны гэрч юм.2 2.ОУМЭ-ний IV их хурал, II боть, УБ., 1986,
    Манай ард түмний өвөг дээдэс дэлхий дахины эртний чулуун зэвсгийн сонгодог соёлтой хэмээн алдаршсан франц, Испанийн нэгэн адил хуучин чулуун зэвсгийн дээд үеээс, өөрөөр хэлбэл 40-12 мянган жилийн тэртээгээс Төв Азийн нутагт өөрийн өвөрмөц урлагийн бүтээлийг цогцлон бүтээж, баяжуулан хөгжүүлж ирснийг баримтууд харуулж байна.
    Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм.Монгол улсын нутгаас 550 орчим, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас 20 орчим, Уулын алтайгаас 60 орчим, Казакстан дундад азиас 20 орчим, баруун тийш Оренбург муж Кавказ, Украйн, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ.
    Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог аймгууд урлагийн гайхамшигт дурсгал буган дурсгал манай хөрш өвөр байгаль, Тува, Алтайд нилээн дэлгэрч баруун тийш Казакстан , дундад ази, Умарт кавказаар дамжин зүүн европ хүртэл тархсан байна.
    Монгол орны нутгаас олдсон доод палеолитын үеийн хамгийн том дурсгал нь олон соёлт давхарга бүхий Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй юм.
    Эдгээр нь хийсэн арга барил болон бусад бүхий л шинжээрээ Өмнөд ази, Европ, Африкын доод палеолитын ашэллийн хэмээх үед өргөн тархсан гилбэр ба үзүүр мэсэн зэвсгүүдтэй ижил байна. Энэ бол хүн төрлөхтний гарал үүслийн асуудал юм.
    Гэтэл Монголын аугаа их түүхийн баялаг руу зохион байгуулалтай, өндөр техникжсэн бүлгүүд цөлмөж эхлээд 20-иод жил боллоо. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй лецензийн найманд өртөж, агуй дотор тэсэлгээ хийж нурааж эхэлсэн. Бид ийм зүйлийг Монголчууд төдийгүй хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэргийн хэмжээнд авч үзэх ёстой.
    Гурав. Монголын ард түмний эрт дундад үеийн түүхийг судлахад хаданд сийлж зурсан зураг чухал хэрэглэгдэхүүн болдог. Судалгаандаа үндэслэн “Монгол оронд мэзолитийн үед 15000-8000 жилийн тэртээ малыг гаршуулж эхэлсэн ба Монгол орон бол мал аж ахуй бие дааж үүссэн дэлхийн гурван том голомтын нэг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
    Хойд цэнхэрийн агуйн зургийг Евразийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судлаж, дээд палоелитын үед холбогдоно хэмээн үзэж, улмаар “Урлагийн эхлэл түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан” гэж шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн.2 А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства. Новосибирск, 1971:А.П.Окладников. Утро исскуства.Л., 1967.
    Х.Пэрлээ Рашаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаа сийлсэн 1000 гаруй тамга Ази Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсан олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй мянга гаруй тамгатай харьцуулан судалжээ.4 Х.Пэрлээ. монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь.УБ., 1976.
    Манай улсын Баян-Өлгий аймгийн нутагт орших олон км үргэлжилсэн хадны зураг бол зөвхөн монголд харж болох нэн эртний өвөг дээдсийн үлдээсэн хожим дэлхийд гайхагдах “дэлхийн хадны зургийн галарей” мөн билээ.
    Гэтэл монголын нутгаар явж байхдаа ухаж төнхсөн, устгаж үгүй болгох гэсэн халдлагын ул мөртэй олонтой таарах боллоо.
    Монголчууд харийнхантай нийлж, дэлхийн түүх, өвөг дээдсийн түүх рүүгээ улангасан дайрч буй эрин үед амьдарч байгаагийн хувьд өнөөдөр дээрх бүтээлүүд төрийн хамгаалалтад байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүрч, Та бүхэн монголын хамаг өнө эртний түүх дурсгалтай харьцдагийн хувьд өвөг дээдэс, онгон сайхан байгалиа хамгаалахад анхаарлаа чиглүүлэхийг хүсч байна.
    Энэ сайхан нутгийг бид л хамгаална. Харийнхан хамгаалахгүй гэдгийг онцгойлон анхааруулж байна.
    МБНЭ байгуулагдаад анхны нэгдсэн их тахилгаа Монгол Улсын баруун хязгаар Дэлхийн болон Манай өвөг дээдсүүдийн өлгий нутаг Алтайн арван гурван хайрханаас эхэлсэний цаад учир ийм байна.
    Дөрөв. Түрэг, Энэтхэг, АНУ болон Европын олонх улс оронд Хүннү нарын нэрийг гол төлөв “Хүн” хэмээсээр ирсэн нь үнэн байдалд илүү нийцэж байгаа юм.Академич Ринчен нар тэргүүтэй эрдэмтэд Хүн хэмээн бичдэг байсан.
    Дайчин нүүдэлч Хүн аймаг овгууд ч гэсэн өөрийн зүгээс суурьшмал хятад улсад удаа дараалан довтолж хот суурин, газар тариалан, хүн амыг нь сүйтгэдэг байсны учир Хятадын төрийн эрх баригчид тэдэнд тийнхүү хэрцгий боол хэмээх хоч нэр өгснөөр хүн нар хятадын түүхэнд Хүннү, Сүннү гэж алдаршжээ. Ар Монголд 5-6 зуун мянган Умард Хүннү нар үлдээд бусад 100 мянга баруун тийш Жунгар, Казахстан, Барабын хээр талын зүг нүүжээ. Умард Хүннүбаруун тийш халин гараад Түрэг, Перс, Угро хэлтнүүдийн дунд орсон байна.Умард хүннүгээс гарагсдын ихэнх хэсэг нь Кангюй зэрэг Түрэг хэлтний дундуур дайран гарч Урал, Волга, Доны Угро хэлтэн овог аймгуудын тэнд очиж 200 гаруй жил болох зуур хэл яриа, удам угсааны талаар нэлээд хэмжээгээр ижилсэн Хүннү гарвалт Түрэг-Үгро голлосон Хүннү угсааны томоохон овог аймгууд болсон байна.
    Тэдгээр Хүннү-Үгрө аймгууд 350 оны үест хүчээ нэгэнт сэлбэж аваад Алануудыг байлдан эзэлжээ.IV зууны 70-аад оны Хүннү нар Дон мөрнийг гаталж Остготуудыг цохин баруун зүг хөдөлгөснөөр Зүүн баруун Европ дахь “Улс түмнүүдийн их нүүдэл”-ийг эхлүүлсэн байна.377 онд Хүннү нар Ромын эзэнт гүрний урд хилд тулж очжээ.Хүннү нар 396-397 оны үест Сири, Месопотамыг дайран өнгөрч, 420 оны үест одоогийн Унгар дахь Паннонийн хээр талд очиж суусан байна. Хүннү нарын төр улсын бүрдлийн тэргүүн Атилла (445-453) хааны өргөө ордон нь тэнд байсан бөгөөд чухам тэндээс бусад аймаг, овгуудыг эзэлж, Визант гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай нэгэн үе ана мана өрсөлдөн байжээ. Дэлхийн хэмжээний бидэнтэй холбоотой нэг түүх ийм байна.
    Хүннү нар тэнгэр шүтлэг бүхий бөө мөргөлтэй улс гүрэн байсан юм.Хүннү нар нэн түрүү тэнгэр газар, өвөг дээдэс, онгон шүтээн, лус савдагт шүтэн мөргөдөг байжээ. Хүннү нар уулсын эзэн савдаг, усны эзэн лус бас бус онгон шүтээнд шүтдэг байжээ. Түүнчлэн аливаа овог, аймгийн үүсэл гарвалтай холбоотой, түүнийг ивээн тэтгэгч тотем хэмээх амьтдыг онгон сахиус болгож шүтэн биширдэг байжээ. Эндээс бид нэг дүгнэлтэд хүрч болох юм. Тэр нь Хүннү нар мөнх тэнгэрийн шүтлэгтэй байхдаа чухамхүү дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн төр улсыг байгуулжээ. Монголын төр Мөнх тэнгэрийн үзлийг төрийн хэмжээнд залсанаас хойш 2225 жил болж байна.
    Хүннүгийн соёлын дурсгалд томоохон суурь эзлэх өөр нэгэн зүйл бол мал ба адгуусан амьтныг дүрслэх явдал байжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал, ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна. Тиймээс судлаачид “Хүннүгийн соёл бол эртний Монголчуудын соёл гэх бүрэн үндэс байна” хэмээх дүгнэлтэд хүрсэн байна
    1Г.Сүхбаатар. монголчуудын эртний өвөг.УБ., 1980. тал 150.
    Хүннү гүрний үед 36 аймаг, 99 овогтой болж олшрон хүчжиж эхэлсэн байна. МЭӨ 3-р зуунд Төв азийн нүүдэлчин аймгуудын дундаас монголчууд бидний өвөг Хүннү нар анхны төр улсаа байгуулж түүхэнд тод мөрөө үлдээсэн. Хүннү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогносон. МЭӨ 31 онд Хуханье шаньюн үеэс эхлэн шанью түүний хатад, овог төрлийнхнийг нэгэнт Хараагийн Ноён ууланд оршуулдаг байжээ.
    Ноён уулын булшнаас олдсон Хүннү хүмүүсийн гавлын яс нь цөм монголжуу төрхтэй байжээ. Оросын эрдэмтэн С.И.Рудэнкө Хүннүгийн холбогдолтой археологи-антропологийн баримтуудыг судалж үзсэний үр дүнд хүннү нарын хэлбэр галбир нь европжуу байтугай Угро, Түркүүдийнхээс ялгаатай, харин монголчуудынхтай адил төстэй болохыг ажиглан тодорхой дүн шинжилгээ хийсэн байна. Ноён уулын булшнуудын түүхэн нэг ач холбогдолын нэг нь энэ байна.
    Хүннү нар заримдаа зургаан хошуу мал хэмээн ярьдаг байсны нэг нь сарлаг байжээ. Монгол сарлаг Түвэдийнхээс зарим талын ялгаатай бол Хүннү, Монгол, Киргис сарлагуудад өвөр хоорондоо илүү адил төстэй байдаг байна Энэ нь Хүннүгийн булшнаас олдсон сарлагийн яс монгол киркисийнхтэй үндсэндээ адил байдгаар нотлогдож байна. Ноён уулын булшны өөр нэг ач холбогдол энд байна.
    Ноён уулын булшуудыг малтсан явдал Монгол орны археологийн судалгаа шинжлэлийн түүхэнд гойд содон хэрэг явдал болж, XX зууны археологийн их нээлтийн нэг нь болсон билээ. Өнөөдөр зарим улсууд Монголын түүхийн зарим хэсгийг өөрийн түүхтэй холбон тайлбарлаж, дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн түүхийг өөрийн болгон өөрчлөх оролдлого хийсээр ирсэн.
    Чухамхүү түүнд үнэн зөв хариулт өгөх томоохон бүтээл, нотлох баримтыг манай эртний өвөг дээдэс үлдээсэн нь Ноён уул байгаа юм. Үүгээрээ Ноён уулын Монголын түүхэнд эзлэх түүхэн ач холбогдол оршиж байна.
    Өнөөдөр энэ бүхнийг дурьдаж байгаа нь Монголын газар шороо бол бидний өвөг дээдсээс үлдээсэн юугаар ч сольшгүй онгон нутаг төдийгүй хүн төрлөхтөний үүсэл гарвалын нэг өлгийдсөн нутаг болох нь шинжлэх ухааны судалгаа бүтээлээр нотлогдож байна.
    Тэгээд яагаад өнөөдөр Ноён уулаа газрын хөрснөөс арчиж, миний нутгийн түүхийг өөрийн нутгийн түүх болгон бичиж буй бусдад өгөөш бэлтгэх нь хэний бодлого вэ.
    Дэлхийн хэмжээний төрт улсын түүхийг багтаасан Ноён уулаа хэдхэн тонн алтнаас болж устгах нь хэзээ нэг цагт хүн төрлөхтөний эсрэг гэмт хэргийн нэг болон дуурсагдах болно. Тиймээс Монголын “Тэнгэрийн улаач” нар анх удаа 2012 онд Ноён уулаа хамгаалах нэгдсэн их тахилгыг хийсэн нь монголчуудаа сэрээх гэсэн тэмцлийн эхлэл байсан. 2016 оны Бурхан халдуны нэгдсэн тахилгад “Ноён” уулаа гадныханд худалдах шийдвэр гаргагчдыг Мөнх тэнгэртээ айлтгах зан үйл болсон. Тэмцэл дуусаагүй байна.

    Тав. Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. Монголчууд тус хайрханыг “Хадун хайрхан” гэж нэрийддэг байсан бол сүүлд Буддын шашны нөлөөгүүр сүүлийн хоёр зуун жил Бурхан гэдэг нэршил нэмэгдэж “Бурхан Халдун” болсон. Буддын шашины нөлөөнөөс өмнө Монголчууд “бурхан” гэдэг үг хэллэг хэрэглэдэггүй байсантай маргахгүй бизээ. Монголын төр Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний “Үндэсний бахархалт хайрхан” гэж зарласан. Хамаг Монгол Улсын хэзээний уламжлалт өлгий газар, тухайлбал Бурхан Халдун уул болон гурван мөрний эхэнд бусдыг бүү нутаглуултугай хэмээн онголон дархалж, хаадын шарилын орд бүхий ихсийн газар Их хориг гэх болсон. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт (Их сурвалж Olloo.mn) тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг.
    Хэнтий аймгийн харьяанд орших энэ дархан нутагт эрх дураараа зорчих гадаадын жуулчдыг Улаанбаатар хотын захирагч өмөөрч байсан цаг саяхан. Тэгээд үр дүнд нь тэнд гадны хэн ч чөлөөтэй зөрчих хүний эрх чөлөөгөөр хангагдах болсон.
    2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн. “Онгод”-ын айлдварын дагуу Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий Францын иргэд, тэдэнд хөлслөгдөн ажиллаж байгаа 50 орчим мотоциклтай монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олж холбогдох газруудад өгөв.
    Монголын эзэнт улсыг байгуулсан Их хаадын насан өөд болоход шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд Ихсийн газарт ихэнийг оршуулдаг байсан. Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ.
    Их мөнгөний сургаар эрдэмтэд, эрх мэдэлтнүүд нийлж Хэнтий нуруун дахь ихсийн газрыг 2000 оны дунд үед ухаж төнхөж, сүйтгэсэн байна. Энэ бол монгол хувь заяанд ногдох хатуу гэм бөгөөд Мөнх тэнгэр тэдгээр хүмүүсийг уучлахгүй.
    Ийм гутамшигт зүйл болсоор байтал хүчээ нэгтгэн хамгаалах ёстой монголчууд нь “ид нойрон дундаа” байна. Хэзээ сэрэх ёстой юм болдоо.
    Зургаа. Төрийн хаантай, төрийн хуралдайтай Хамаг монгол улс байгуулагдсан нь цааш цаашдаа монголчууд бүгдээрээ нэгдэн нийлж хүчирхэг Монгол улс байгуулагдахын эхлэлийн суурь тавигдсан юм. Хамаг монгол улсын төр ихээхэн бэхжсэн, тэрээр Төв Азийн түүхэнд нөлөөтэй, хүчирхэг цэргийн зохион байгуулалттай улс байсныг харуулж байна. Тэмүжиний үед монголын түүхэнд анх удаа бүх монгол аймгийг нэгтгэсэн, монголын төв улс байгуулагджээ.
    Тэмүжин 1185 оноос 1206 оны хооронд их бага 32 удаагийн дотоодын дайн тулалдааныг өрнүүлж ,монгол угсаатны нийт 81 том жижиг аймгийг нэгтгэжээ. Ийнхүү 1206 оны эх хүрэхэд монгол угсаатны ихэнх аймаг Тэмүжиний мэдэлд орж ирж Их Монгол улс байгуулагдах нөхцөл нэгэнт бүрдсэн байжээ.
    Чингис хаан мордохын өмнө гурван хоног уул усанд мөргөх, овоо тахих бөө бөөлүүлэх, өдөр судар үзүүлэх, хатад, үр ач нартаа захиас захих зэрэг ёслол гүйцэтгээд холын аян дайнд мөнх тэнгэрийн хүчинд итгэн морддог байжээ.
    Бат хаан 20 орчим жил хаанчлахдаа Их Монгол улсын дотоод гадаад бодлогод их нөлөө үзүүлсэн төрийн томоохон зүтгэлтэн аж. Түүгээр ч барахгүй Бат монголчуудын нэрийг европ дахинаа гаргаж, орос улсыг нэгтгэсэн гэдгийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.
    Өгэдэй хаан суусан 13 жилд Их Монгол улс дэг журамтай, Хөгжилтэй, Хүчтэй нэгдэл нягтралтай, гадаад харилцаа ихэд өргөжсөн байна. Энэ бол Өгэдэй хааны түүхэн гавьяа мөн. Өгэдэй хаан угаас уур уцааргүй, налгар тайван, алсын хараатай, илүү дутуу үггүй, бусдын үгийг тоож сонсоод эрэгцүүлэн боддог, эрдэмтэн хүнийг дээдэлдэг, түүх намтар их мэддэг, үлгэр сонсох дуртай, ядуу доодсыг өрөвдөн хайралдаг, хувийн аминцар үзэл байхгүй, юмны арга эвийг аятайхан олдог, цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй, улсыг удирдах их увидастай хүн байжээ. Энэ бол өнөөдөр бидэнд дутагдаад байгаа Монголын сонгодог удирдагчийн дүр төрх мөн билээ.
    Өгэдэй хаан бол амьдралынхаа турш монгол түмний нэгдлийн төлөө, хаанчлалынхаа турш монголын эзэнт улсыг бататган бэхжүүлэх, Их Монгол улсын төр, аж ахуйг өөд татахын төлөө амь бие хайрлахгүй зүтгэсэн билээ. Түүхээс заяагдсан ийм л эзэн хаан буюу монгол төрийн тэргүүн байх учиртай ажгуу.
    Одоо цагт дэлхийн жамаар монголын төр их хаанаа сонгодог болжээ. Энэ жил бол хаанаа сонгох жил билээ. Тиймээс хаадын судрыг эргүүлж сөхөн үзсэн минь энэ ажгуу.
    Долоо. Их Монгол улсын дөрвөн далай хааны гурав нь /Чингис, Өгэдэй, Мөнх/ гадаадад их аян дайн хийж ертөнцийн хагасыг шахам эзэлсэн билээ.
    Аливаа дайн дажин хүн төрөлхтний амгалан байдлыг эвдэж, түүх соёлын үнэт зүйлийг устгадгийг хэн ч цагаатгах аргагүй юм. Гэвч тухайн цагийн түүхэн өвөрмөц нөхцөлд төрөл бүрийн улс түмний янз бүрийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
    Тэр үед хагас сая гаруйхан хүн амтай, овог аймгаараа салангид, зэр зэвсгийн хангамж хүрэлцээгүй, цэргийн сургууль, бэлтгэл хангалтгүй байсан нүүдэлчин монголчууд дэлхий дахины тэн хагасаас илүүг цөөхөн жилийн дотор эзлэн авч урт удаан хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг янз бүрээр тайлбарладаг бөгөөд бүрэн тайлж чадаагүй хэвээр байна. Үүнд Өмнөд Хятадад 30 сая хүн амтай Сүн улс, Хойд Хятадад 60 сая орчим хүн амтай эрэлхэг дайчин Алтан улс, түүний зэрэгцээ хүчирхэг, баян чинээлэг Тангуд, Уйгар улсууд оршиж байв. Өмнөд этгээдийн эдгээр улсууд нийлээд 100 гаруй сая хүн амтай байжээ.Баруун зүгт Дундад Ази, Иранд баян тансаг хот цогцолсон 20 сая гаруй хүн амтай Хорезмын хант улс, Дорнод Европод Ижил мөрөн, Карпатын завсар газар найман сая, Гүржид таван сая, Сирид таван сая хүн оршин сууж байсан ажээ.
    Гэтэл бидний өмнө өгүүлсэн цөөн хүнтэй Монголчууд нэгэн зэрэг гурван этгээдэд аян дайн хийсээр бүгдийг эрхшээлдээ оруулж дэлхийн их эзэнт гүрэн байгуулсныг монголчуудын гайхамшиг гэж үздэг байна.
    Монгол үндэсний алдартануудаа дуурсах ард түмэн чинь байна, Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Монголчуудынхаа энэхүү гайхамшигт мөн чанарыг хойч үед мэдрүүлэхийн тулд “Тэнгэрийн улаач” нар Та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудын хаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулах” шийдвэрийг гаргасан. Жил бүр түүндээ хаана ч байхгүй мөнх тэнгэрийн зан үйлээр хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгааж байна.
    Энэ сайхан үйл АСЕАН хэмээх арга хэмжээний дор газар нь булаагдаж, босгосон хөшөөг нь хэмхэлж орхив. Хэмхэлж байхдаа хөшөөн дээр бичсэн үгс тэдний сэтгэлийг үл эзэмдэв. Ийм болтолоо өөрчлөгдсөн өнөө цагийн монголчуудаа яалтай билээ.
    Гэхдээ Монголын эрт, эдүгээгийн түүхээ хүндэтгэх хаантай болох цаг холгүй байна.
    Монголчууд Мөнхтэнгэрийг шүтэж байхдаа хүчирхэг байсан, дэлхийн хуурай газрыг эзлэн их гүрнийг байгуулж шинжлэх ухааны нарийн удирдлага, харилцаа холбоо, эдийн засаг, мөнгө санхүүгийн салбарт олон гайхамшиг бүтээсэн.
    АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны “Дэлхий ертөнц мухардалд орлоо.Агуу их Чингис хаанаас суралцах цаг болжээ” гэсэн үгийг хэлсэн нь учиртай. Гэвч манай зарим улс төрчдөд энэ үг огт хамааралгүй байгаа.
    Найм. Шашны талаар Их хаадын бодлого их л учиртай ажээ. Их хааны хэлсэн зарим зүйлийг ажиглахад сонин байна. “Бурхан та нарт судар ном хайрласан, түүний нь та нар сахихгүй байна.Бидэнд оточ, төлөгч /бөө, удган Н.И/ оноож өгсөн бөгөөд бид, тэдний зааврыг мөрдөж энэ ертөнцөд амьдардаг”3 гэж байжээ.
    Монгол хаадын улсууд гадаад бодлогоо хэрэгжүүлэн явуулахдаа тэр цагийн дэлхийн хоёр том шашин христос, лалын шашны нэр хүндийг идэвхитэй ашиглан хэрэглэж, тэдгээр шашныг бишрэн шүтэгчдийг аль болохоор биедээ татахыг чармайн оролдож байжээ.
    Чингис болон бусад хаад нь улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах, янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй оршин байлгах гэсэн монгол хаадын бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Төр шашины харилцааны сонгодог жишээ энэ буй биз ээ.
    Харин Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэрийн эзэд цай хоолныхоо дээжийг онгод шүтээндээ өргөж байснаас гадна гадаа гарч дөрвөн зүгт мөн тахил өргөдөг заншилтай байв.1“МНТ” 1872 “МНТ” 234-278.3 Нэг фут-30,5 см.4 П.Карпини. Г.Рубрук. 91-ртал. Найр наадам бол тэр цагийнхаа ард түмний аж амьдрал, эртний овгийн уламжлал, бөө мөргөлийн тахил ёслолтой нягт холбоотой байсан ажээ.3 П.Карпини, Г.Рубрук. 36-37-ртал.
    Их хаад харь газар шилжин сууршихдаа их шүтээн, онгод юугаа Монголын гал голомтдоо үлдээж, хамгаалж ирсэн түүхтэй. Бүхний дээр эрхэмлэн шүтэх мөнх тэнгэрийн хүчин дор бид амьдарч ирэв. Энэ бол аугаа их сургааль, шүтлэг, түүний дор бусад шашин эрх тэгш эрэмбэлж ирсэн суу бодлого энэ билээ.
    Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Нийслэл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, буддын шашны төлөөлөгчид олон тоотой оршин сууж монголчуудын дунд тус тусын шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой. Хархорумд бусад шашны 12, хотын зах дахь христос шашны 1 сүм, лалын шашны 2 сүм байсны гадна буддын шашны нэгэн сүм бусдаас онцгой гоёмсог байжээ. Их гүрний нийслэлд бусад шашиныг ийм түвшинд байлгаж иржээ.
    Тэгвэл өнөөдөр олон тэрбумаар хөрөнгө зарцуулан босгосон, харийнханд газраа өмчлүүлсэн 1000 гаруй Буддагийн болон Иссусын шашины сүм хийдтэй болж, Монголын хүн амын 70 хувь нь харь хэл дээр уншдаг шашиныг шүтдэг болжээ. Гэтэл Монголын үндэсний шүтлэгийн төв байгууллага, монгол үндэсний соёлын биет болон биет бус өв нь орон байргүй, айлын өрөө хэсэн үйл ажиллагаа явуулж байна. Их хаадын бодлого ийм түвшинд хүрч “унажээ”.
    Зөвхөн сүүлийн хэдэн жил гэхэд Буддагийн шашинд олон тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс олголоо. Энэ зүйлийг ухаарлан үзвэл их булхай бий. Бусдад үйлчлэх “уруугаа хөмөрсөн бодлого” үргэжилсээр байна.
    Ес. Түүхийн хатуу шалгуурыг туулан мөнх тэнгэрээ шүтэгчид, тэнгэрийн улаач нар өнөөг хүрч ирсэн. Манжийн хааны хурц илд, хатуу чанга хуулийн дор тусгайлсан бодлогоор хэрэгжүүлсэн мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдийг хоморгон устгал, хүчээр түгээсэн харь хэл дээр номлолоо унших шашин, шашингүй үеийн хуулийн хатуурхал, түүхээ мартсан өнөөгийн ноёдын үед ч бид ямар ч дэмжлэггүй оршин тогтносоор байна. Зарим ноёд шашины хуульд шинэчлэл хийхээр биднээс нуун ширээн дороо дарж боловсруулж байгаа сурагтай. Мөнх тэнгэрийн үйлийг “дарсан” олон хатуу заалтууд байгаа бололтой. Хатуу хүтүүг үзсэн бид одоо юунаас айх билээ. Хэрвээ хатуурхах юм бол олон зуун жил нуугдмал явж ирсэн тэр түүх үргэлжлэнэ.
    Төр, засаг барьж байгаа ноёдын ихэнх нь Мөнх тэнгэрийн хүчин дор улс гүрнийхээ төлөө зүтгэж ирсэн уламжлалаас татгалзаж, харийн бодлогоор орж ирсэн үзлийн өмнө алга хавсаран толгой бөхөлзөж, эсвэл ертөнцийн эзний хүч хөрөнгөний өмнө хөл алдан залбирал хийж сууна.
    Харийн юм харийн л байдаг. Хатуу хэцүүг нь мөнх тэнгэрийн шүтэгчид хангалттай туулж ирлээ. Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнсний ивээл дор эх орон ард түмнийхээ төлөө, онгон сайхан байгаль, монголын гэх үнэт зүйлийнхээ төлөө тэмцэх цаг нэгэнт болжээ.
    Ирж байгаа он их зүйлийг засах тэмцлийн эхлэл нь байх болтугай.
    Мөнх тэнгэрийн хүчин дор, их эзэн Чингис хааны ариун сүнс биднийг ивээн тэтгэх болтугай.

    Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч,
    Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын
    зөвлөлийн ажлын албаны дарга асан,
    Зэвсэгт хүчний хурандаа

  • Бид үүнийг хийнэ.

    Цагаан морин жил 1990 оноос Монголын мартагдсан олон төрөл зүйлийн нэг, монголын соёлын үнэт өвийн нэг бөөг сэргээн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
    Монголчууд бид дэлхийн хаана ч байхгүй бахархал болсон Мөнх тэнгэрээ шүтдэг ард түмэн. Мөнх тэнгэрийг шүтэж байхдаа хүчирхэг байсан, дэлхийн хуурай газрыг эзлэн их гүрнийг байгуулж чадсан, шинжлэх ухаан, төрийн удирдлага, эдийн засаг, мөнгө санхүү, харилцан холбоо гээд олон салбарт олон гайхамшигийг бүтээсэн.
    Энэ бүхэн дэлхийн хэмжээнд монголчууд сэтгэж, удирдаж, зохион байгуулж чадаж байсны гэрч, түүнийг ч дэлхий дахинд хүлээн зөвшөөрдөг. Өнөөдөр монголчууд өөрсдөө тэр гайхамшигийг дахин бүтээж чадна. Даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх суу ухааныг өвгөд дээдэс минь үлдээсэн байна. Энэ бол Мөнх тэнгэрээ шүтэж дээдлэх явдал юм. Ингэж чадвал бид Монгол үндэстэнээ авч үлдэж чадна. Монголоороо бахархах аугаа сэтгэлийн хатыг олж чадна, бид аугаа хийж бүтээж ирсэн омогшлоороо амьсгална. Аугаа их хүчийг олох огшилыг мэдэрч чадна.
    Харийн бодлого чухам л мөнх тэнгэрийн шүтлэгээс нь монголчуудыг салгаж, хүч чадлыг нь доройтуулж ирсэн түүхтэй. Энэ түүх монголын 300 орчим жилийг хамарчээ. Өнөөгийн бид бусдын зорилготой бүтээсэн олон зуун жилийн түүхийг уншиж сууна. Энэ түүх нь монголчуудыг эвлэлдэн нэгдэж, эргээд хүчирхэг болохоос айж эмээсэн зүйлээр баялаг гэж хэлж болно. 300 жил гадны сургаалыг орчуулж түгээсэн бөгөөд одоо ч орчуулж дуусаагүй бололтой. Ийнхүү харь хэлнээс орчуулсан үзэл санаа бүхий оюуны довтолгоон монгол оронд түгээн дэлгэрч байна. Эдгээр шашин бол дэлхий даяар эзэгнэж хэдэн зуун саяар тоологдох сүсэгтэнтэй, зохион байгуулалтын хувьд дэлхийг хамарсан сүлжээтэй, асар их хөрөнгийн чадавхитай, цэгцтэй, боловсруулсан сургаальтай, хаана яаж ажиллахаа мэддэг, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан шашинууд юм.
    Монгол бөө шүтлэг түүхийн нэн хатуу замналыг туулж уламжлагдан өнөөг хүрч иржээ. 1990 онд Социализм задран нурж, чөлөөт зах зээлийн нийгэм байгуулах эхлэл тавигдав. Харийн шашны дангаараа ноёрхол, шашингүй үзлийн 70 жилийн туршилт дуусч, чөлөөт ардчилсан нийгэмтэй золгов. Түүнтэй зэрэгцээд дэлхийн 30 гаруй шашны урсгал Монгол Улсад түгэн дэлгэрч монголчуудын оюуны салбарт хүч түрэн орж ирлээ.
    Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм.
    Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
    ”Тэнгэрийн улаачид” бол Мөнх тэнгэрийн үзлийг түгээгчид мөн. Энэ үзлийг дэлгэрүүлсэнээрээ монголыг монголоор нь авч үлдэх их тэмцлий\г манайд “Тэнгэр улаач” нар тэргүүлж явна. Тэд монголынхоо төлөө сэтгэл зүрх нь ямагт цохилж, Монгол иргэдийнхээ төлөө цаг ямагт үйлийг хийж явдаг “Тэнгэрлэг үйлстэн” юм. Хийж байгаа үйл бүрээрээ Мөнх тэнгэр, онгодынхоо өмнө амь насаараа тангараг тавин ажилладаг үйлстэн.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ,
    Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигт соёл, өв уламжлал билээ. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, Төрийн түвшинд хүндлэгдэж, Дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтлэгдэж ирсэн Бөөгийн түүх өөр хаана ч байхгүй, өөр хаанаас олохгүй. Энэ бол Монгол бахархал, Монгол Бөөгийн гайхамшиг билээ. Монгол бөөгөө уламжлалаа баримтлан, нууцаа хадгалан хөгжүүлэх түүхэн үүрэг өнөөгийн Тэнгэрийн Улаач нарт тулгарч байгаа.
    Монгол Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг.
    Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна. Хувь хүмүүсийн дусал дусал хувь нэмэр нийлж байж бидний их зорилго бүтнэ. Тэгэхлээр бага гэлгүй хүн болгоны зүтгэлээр бидний ажил урагшилах болно.
    Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг Та бидний өмнө байна.
    Монгол Бөөгийнхөө төлөө хамтран ажиллах цаг иржээ. Одоо би гэдэг үгнээс татгалзаж бид гэж ярьж суръя, бид гэж хамтарч ажиллаж суръя.
    Бид нэг жилийн дотор дараах зүйлийг бүтээлээ.
    Нэг. МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Монгл бөөгийн дархан удган, Д.Энхжаргал Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, МБНЭ-ийн дэргэдэх сургалт, сурталчилгааны хүрээлэнгийн захриал Төгсжаргал нарын бүрэлдэхүүн нь БНСУ-д явагдсан ЮНЕСКО-той хамтарсан олон улсын бөөгийн фествальд оролцоод ирлээ.
    Хоёр. МБНЭ-ийн нэгдсэн тахилгуудыг зохион байгуулах, хөдөө орон нутагт бөөгийн байгуулагуудыг байгуулахад голлон ажиллаж ирлээ. Энэ жилийн хувьд гурван удаа хийсэн бөгөөд эхний тахилгаа Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймагт байдаг, Жаргалт хан хайрханы их тахилга хийж, Монголчуудын сэргэн мандалтын эхлэлийг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг, хөдөлмөрч ард түмэн, Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбирал, Их хэнгэрэгийн аянга мэт дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан “Тэнгэрийн улаач” нарын Их үйлс байлаа.
    Хоёр дахь их тахилга бол Монгол орны гол төв газар, Монгол туурагтны алтан өлгий нутаг болох гурван голын билчэр, Ихэс дээдэс минь Монгол овогуудаа нэгтгэн улмаар дэлхийг эзэлсэн Их гүрнийг байгуулсан түүхийн эхлэл, Алтан нутгийн минь Зүрх уул, Бурхан халдуны Их тахилга бүхий Монгол туурагтаны Их тахилга байлаа.
    Энэ намар хийгдсэн гурав дахь тахилга бол Монголын тулгуур хөл уул, Хөх уулын Их тахилга юм. Өнө эртнээс монголчуудын нэгдлийг тунхагласан их тулаанууд, өвөг дээдсүүдийн уухиан дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болох Их тахилга бол зон олны минь олон зуун хүлээж ирсэн их хүлээлтийн хариулт болсон. МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцэж, зохион байгуулсан Нэгдсэн тахилга бол Монгол бөө нар нэгдэж чаддагийг харуулж, эвийн их хүчийг эх орныхоо оюуны дархлааг хамгаалах, онгон сайхан байгалиа хамгаалах, монголчуудын эв нэгдлийн мөн чанарыг илэрхийлэх тийм агуулгыг багтааж байна.
    Гурав. МБНЭ-ийн бага хуралдайгаас Монгол бөөгийн ёс зүйн баталсан бөгөөд нийтээрээ дагаж мөрдөж байна.
    Дөрөв. МБНЭ-ийн бөө нарын цол олгох, шагнал өгөх журмыг бий болгов. Ингэснээр бөө хүн Мөнхтэнгэрийн төлөө зүтгэснээрээ хүнийхээ хувьд итгэл үнэмшлийнхээ хувьд цолоор шагнагдаж, хийсэн ажил үйлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болсон.
    Тав. Гадаад харилцаа амжилттай өргөжиж байна. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд Дэлхийн бөөгийн сантай хамтарч ажиллав.
    ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулж хамтран ажиллах эхлэлийг тавьлаа.
    ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн, Халимагын тэнгэр үзэлтэн, Өвөр монгол, Японы эрдэмтэн, АНУ-ын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо.
    Зургаа. Монгол бөөгийн тухай 2 баримтад кино хийгдэв. Манай уран бүтээлчдийн гаргасан бөөгийн тухай уран бүтээлийн замаар цаашид олон арван залуу бүтээлчид замнах болно.Ийм уран бүтээлийг анхлан бүтээснээрээ тэд монголын бөөг нийтэд сурталчлах атар газрын хөрсөнд анжисаа хатгах зам гаргасан анхдагч нар яах аргагүй мөн байлаа.
    МБНЭ-ээс Хөвсгөл аймгийн театрт иргэдтэй хийсэн уулзалт, Дорнод аймгийн Дашбалбар суманд тоглосон урлагийн тоглолт нь бөөгийн тухай урлагийн уран бүтээлд оролцсон хүмүүсийн сэтгэлд шингэж сайхан уулзалт, тоглолт болсон билээ.
    МБНЭ-ийн веб сайтад ажиллаж байна.
    МБНЭ-ийн Бага хуралдайн 6 дугаар хуралдаагаар 2014 онд дараах зорилтыг дэвшүүлсэн билээ.
    Тахилга тахих зорилт.
    -6 дугаар сарын 22-ны их тахилгыг жил бүр хүй долоон хутагт хийж, нэгдсэн залбирал хийж байх.
    -Шинийн таванд МБНЭ-д золголт хийж байхаар тогтсон.
    -Өмнөговь аймгийн Хан богд суманд өмнө зүг их тахилга хийнэ.
    -Монгол орны хоймор Хөвсгөл нуурт их тахилга хийгдэнэ.
    Тэнгэрийн улаач нар аа.
    Дэлхийд хаана ч байхгүй Тийм алдар суу, түүхийг монголчууд бид бүтээсэн билээ. Хуурай газрыг бараг бүхэлд нь тэтгэсэн их эзэнт гүрнийг ганцхан монгол үндэстэн дэлхийн түүхэнд бүтээсэн байна.
    Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөдөөрөө бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.
    -Их хааныхаа зарлигаар Япон улсад тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд амиа өгөхдөө толгой бөхийлгөөгүй дайснаа гайхшируулан цэл залуухан 32-34 настай элч Туушин, Сэцэн нараа хэн дурсах вэ?
    -Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг биелүүлж амиа эрсдэгч 100 цэргийн дурсгалыг хэн дурсах вэ?
    -Европын эзэнт гүрнүүдийг цэргийн урлагын гайхамшиг, шинжлэх ухааны их ололтыг ашиглан Урал, Москва, Киевийг эзлэх явцдаа харь нутагт мөнх нойрссон эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр хэн дурсах вэ?
    -Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, толгойн өвчин болж, өвдөг сөхрүүлж бөхөлзүүлж явсан их төрийн элч нараа өнөөдөр хэн дурсах вэ?
    -Монгол төр их хаадын даалгавраар тухайн улсад түүхэн үүрэг гүйцэтгэсэн БНАСАУ-ыгн нутаг байгаа Корё улсын хааны Монгол хатны, Узбекстан улсын самарканд, Энэтхэг улсын нутагт байдаг монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг хэн дуурсан бахархах вэ?
    -Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн Хөхнуурын монголчуудын эх нутгаа гэх халуун сэтгэлийг хэн дурсах вэ?
    -Хүннү, Сүннүгийн үеэс мөнхлөн шүтэж ирсэн ноён уулаа харийнханд ухуулаад хэн зүгээр харж суух юм бэ?
    -Их Хаадынхаа онгод тайлгыг ухаж төнхөж байгаа хүмүүсийг хэн зүгээр харж суух юм бэ?
    -Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн онгон байгалиа хэн харсаар байж бусдад сүйтгүүлэх вэ?
    -Манжийн төрийн харгис бодлогоор хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдсан, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн “Тэнгэрийн улаач” нараа хэн дуурсах вэ? Мөнхтэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарынхаа түүхэн үүргийг хэн эргэн сануулах вэ.
    -Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудтай хэн хамтран ажиллах вэ.
    -Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа өргөсөн баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг хэн биелүүлэх вэ?
    -Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
    Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газарт монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрыг шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаа ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, од тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудыгаа эргэн дурсая.

    Энэ бол хэнтэй ч хуваалцахгүй Мөнх “Тэнгэрийн улаач” нар та бүхний мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн үүрэг. Энэ бүхнийг та бүхэн хийхгүй, өөр хэн ч хийж чадахгүй билээ. Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая.
    Энэ үйлээ 2014 оноос эхлэе, үүнийг Мөнхтэнгэрийн улаач нар Та бүхэн манлайлан хийх ёстой. Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.

    Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.

  • ДАРХАНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ.

    МБНЭ ийн Удирдлагын бүрэлдэхүүн оролцсон Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалт Театрийн дугуй зааланд боллоо. Уулзалтыг эхэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнийг танилцуулж, Монголын бөөгийн байгууллагын цаашдын бодлого үйл ажиллагааг танилцуулж, хэтийн үйл ажиллагаанд тусгах санал бодлыг анхаарч ажиллахаа мэдэгдээд уулзалтыг нээв.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх хөх тэнгэрийн үзэл санааг түгээхэд “Тэнгэрийн улаач” нарын гүйцэтгэх түүхэн үүргийн талаар мэдээлэл хийлээ. Уулзалтанд Монгол бөөгийн дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Дархан Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Бат-Эрдэнэ, Мялдорж, Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул, Нараа, Өөдөө нар оролцлоо.
    Уулзалтад оролцогсод Дархан-Уул аймагт сүүлийн жилүүдэд бөөгийн тоо эрс нэмэгдэж, үйл ажиллагааг эрчимжиж байгааг хэлж байлаа. Мөн иргэдийн дунд зарим бөөгийн үйл ажилллагаанд санаа зовинож байгаагаа илэрхийлж байсан.
    Дархан хотод амьдарч байгаа бөө нарын дотор янз бүрийн чиг хандлага өрнөж байна. Тэдгээрийн зан үйлийн талаар анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байлаа. Зарим улаач нарын үйл ажиллагааг шүүмжилж ярьлаа. Заримынх нь үйл ажиллагаа, асуудлыг цаашид илүү сайн шалгах хэрэгтэй байна гэсэн шүүмжлэл гарч байсан.
    Мөнх тэнгэийн шүтлэгтэн, бөө, түшээ нарын сонирхосон асуултанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал нар дэлгэрэнгүй хариулт өглөө. Уулзалт ярилцлага ажил хэрэгч болж өнгөрлөө

  • ЭЭЖ МИНЬ

    Ертөнцийн тооллоор бол маш богино хугацаа, хүний насаар бол их л хугацаанд тооцогдох он, жилүүд өнгөрчээ. Тэгээд ээжийгээ баярлуулж байсан бас зовоож байсан зарим мөчүүд санаанд бууж ирлээ. Ээж минь найман хүүхэд төрүүлж бойжуулсан, төрөөс алдарт эхийн хоёр одон хүртсэн монголын мянга, мянган эгэл ээжүүдийн нэгэн байлаа. Бага насанд үлдсэн дурсамжаа санав.
    Хамгийн түрүүнд бүр багын, бүдэг, бадаг санах тээр жилийн дуулиант явдал санаанд буув. Хамгийн том ах маань Чигэстэйн голоос ус авахаар үдэд яваад ирсэнгүй ихэд удав. Ажлаас ирсэн ээж минь эгчийг юу болсоныг тодруулахаар араас нь явуулж билээ. Гэр тэрчигтээ түргэн авав. Голын дундах цооногийн дэргэд хоёр арвын бидоныг дүүрэн устай орхижээ. Бидонтой ус нилээд зайрмагтсаныг үзвэл ихэд уджээ. Бүгд л муу юм бодов. Аавыг ажлаас нь дуудаж тэр хавьдаа бужигнаж байтал битүү цана, туураг болсон ах тээр холоос гулгасаар айсуу харагдлаа. Найз нараасаа гуйж олдсон тэшүүрээр шавиагаа ханатлаа гулгахаар Улиастай хотоос Алдархаан сум ороод ирсэн нь энэ байжээ. Тэр явдлаас хойш бид тэшүүртэй болсон юмдаг.
    Зуны ид халуун өдрүүд үргэлжилж байлаа. Гэрийн дэргэдэх гэрлийн шонгийн модонд дунд ах минь өглөөнөөс хойш хүлээтэй байх агаад гэрийн бүслүүрт тэр үедээ маш ховор бүх л төрлийн чихэр өлгөөстэй харагдана. Тэрээр манайд үе дамжин ирсэн ээжийн бор авдар дахь чихрээс хулгай хийсэн учир зохих “шийтгэлээ” эдэлж байгаа нь тэр байлаа. Бид зуны халуунд нойтон алчуур толгойд нь тавих, аманд нь цай зальгуулах туслалцаа үзүүлнэ. Хамтдаа шийтгэлийг амсаж, хүмүүжиж байгаа нь тэр юм. Угтаа бол ахынхаа хүлээсийг тайлах, уях нь хэдэн секундын ажил, бас сүүдэрт байлгаж байгаад аав, ээжийгээ ажил тарах эргээд уяж болондоо. Гэхдээ аав, ээжийн шийдвэр гэртээ хууль учраас хүүхдүүдээс хэнч үл зөрчинө. Тэр л бидэнд үлдэх сургамж байжээ. Цаг ямагт ч бусдын хөдөлмөрийн үр шимийг хүндэлж, амьдралдаа үнэнч шударгыг эрхэмлэн амьдрасаар энэ насаа өнгөрүүллээ.
    Эмээ минь, хожим ээж минь хаяа нэгхэн амьдралын түүхээ дурсана. Эмээ ээж нутагтаа хувьсгалт ёс тогтоход залуучуудын байгуулагад элсэж үсээ тайруулсанаа ярьдаг байж билээ. Түүнийхээ горыг амсаж, эсэргүүний жилүүдэд баригдаж, үсээ тайруулсан бүсгүйчүүлийг нэгэн эгнээнд жагсааж, нэгээс гурав тоолуулан гурав дахь хүн бүрээр амийг авч тахиж байсан тухайгаа ярьж, надад хоёрын тоо таарч амьд үлдсэн шүү хэмээн бидэнд хуучилна. Манайхан хувьсгалын жилүүдэд гурван ч удаа хөрөнгөө хураалгаж байсан ч, мал нь түргэн өсдөг юм хэмээн хуучилна.
    Аав ээж хоёр малаа даган амьдарч, завсар зайнд нь нэг нь мужаан хийж, ан эрхэлж, нөгөө нь дээл, хантааз оёж амьдралаа залгуулна. Амьдрал өөрөө тухайн нийгмийн тусгал байдаг болохоор тэр үеийнхэний дундаж амьдрал болох дөрвөн жилийн сургуулийн боловсрол эзэмшсэн аав минь дайны жилүүдэд хилийн цэрэгт зургаан жил албаа хааж байжээ. Ээж минь монгол, латин, кирилл үсгээр уншиж бичнэ, тогтоох гэсэн зүйлээ гайхалтай сайн цээжилнэ. Олон хүүхдээ өсгөхийн тулд амьдрал аав, ээж хоёрыг минь, бас биднийгээ шуурхай, хөдөлмөрч байхад сургасан билээ.
    Хүүхдүүд өсч томрох дутам амьдрал хоёр хуваагдаж, аав малаа дагаж хөдөөд, Донойн хөндийд, ээж хүүхдүүдийнхээ сургуулийг бараагдан төв газар Улиастайд суурьших болов. Тэгээд амьдралын хэвшилээ өөрчлөх цаг хугацаанд тулж ирэв.
    Аав, ээж хоёр маш их зориг гарган, айлд 500 гаруй толгой малаа орхиод нийслэл хот хэмээн их айл руу зориглон хөдөлсөн байдаг. Хожим бодоход аав, ээж минь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амьдралдаа эрс өөрчлөлт хийсэн, маш зоримог алхам байсан юм билээ.
    Хотод анх ирээд анх буусан газар Улаанхуаран хэмээх цэргийнхэн голдуу байрладаг газар байв. Одоо ч тэнд миний амьдрал үргэлжилж байна. Энэ л газарт жаран жил болжээ. Хугацаа маш хурдан өнгөрчээ.
    Мэргэжилгүй болохоор ээж минь хотод ирээд Улаанхуарангийн тоосгоны үйлдвэрт тэр үеийн нэрлэдгээр “баюунд” нормочингоор ажилладаг байлаа. Шатаах зууханд маш хүнд нойтон түйпуу өрж, шатаасан тоосгыг зөөж гаргаж өрнө. Энэ бол эмэгтэй хүнд ахадсан ажил байсан. Гэхдээ л хүүхдүүдийнхөө төлөө чадах бүхнээ хийж байжээ. Хичээл тармагч зургаан эрчүүд ээжийн ажил дээр цугларч, өөр, өөрсдийн тоосго зөөдөг үүргэвчээ үүрч, ээжийн нормийг тэр дор нь гүйцээнэ. Энэ бүхний дараа бид өөр, өөрсдийн “тоглох, наадах” гээд хүүхэд насны ажилаа эхэлнэ. Тэр хүүхдүүд дотор ирээдүйн төрөл мэргэжлийн цэргийн олон хурандаа нар, хотын дарга нар цүнхээрээ хаалга хийчихээд хөл бөмбөг тоглож өссөн.
    Арван жилийн тэр жилүүдэд ээжийн минь толгойд цагаан үс үзэгдэх болж, зуун ширхэг үс түүвэл “морожин” авч өгнө. Тэр хөлсний хөдөлмөрийг их хийсэндээ.
    Идэр нас хүрч ирлээ. Амжилтад хүрэх болгонд бүхнээс түрүүн ээжий минь баярлана. Цэргийн сургуульд суралцаж, Сүхбаатарын нэрэмжит цалинтан болов. Бүх хангалтыг улсаас өгдөг цэргийн сургуульд нэрэмжит цалин нь тэр үедээ өндөр цалин байлаа. Хамгийн эхний цалингаа аваад дээжээс нь ээждээ дуртай баавгайтай чихэр, аавдаа шил архи, тус бүр 25 төг дагалдуулж өгч, курсын дарга Батсүх \Пяткад\ нижгээд шил архи, үлдсэн мөнгөөр тамхи, чихэр, боов авч майхан цуванд дээр асгаад курсынханы дунд тавьж, тэмдэглэж билээ.
    Тэгэхэд Ээж, аав хоёр минь ихэд баярлаж билээ. Миний амьдрал цаг хугацааны хэмжүүр болсон “цаг”-ан шагнал дагаастай, түүнээс ээж минь ямагт адис авна. Цэргийн сургууль төгсөхөд Батлан хамгаалахын сайдын, ОХУ-д удирдлагын академи, Москвагийн нийгэм эдийн засгийн их сургуулийн захирлын, АНУ, ХБНГУ-д сургуулийн дурсгалын цаг дагаастай. Гол нь би онц сурахын төлөө биш, монгол гэдэг эрхэм нэрийг бусдын өмнө “ихэмсэг” байлгахын төлөө тэмцэж явсан.
    Хүүхдүүд томорч гэр бүл болон салаалав. Эрчүүд нь хот хооронд тээврийн жолооч болж, эмэгтэйчүүд нь улаанхуарангийн сүүний үйлдвэрт ажлын гараагаа эхлэв. Хүн бүхэн ажилтай байж, өөр, өөрийн амьдралаа авч явсан тэр жилүүд жаргалтай байжээ.
    Ээжийн минь 49-ний жил том ах минь геологийн авто баазад жолоочоор ажиллаж байхдаа судалгааны ажлаар янз бүрийн бэрх, бартаад замаар аялж яваад осолдож, нэг геологч нас барсан хэрэгт оров. Ерөөс хэдхэн хоногийн дотор ээжийн минь үс цав цагаан болж билээ. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө юутай их санаа зовж, сэтгэл нь ямар их хямардагийг тэгэхэд мэдэрч билээ. Түүнээс хойш ээж минь цав цагаан үстэй болсон юм.
    Оюутан байхдаа аав, ээж хоёроо дагуулан оросын сибирээр нэгэн зуны турш аялж, Москваг үзүүлэв. Тэр л миний ээж, аавдаа зориулсан, хамтдаа удаан аялсан, цаг хугацаа байжээ.
    ҮАБЗ-ийн ажлын албаны анхны даргаар томилогдоход хамгийн их баярласан хүн бол аав, ээж хоёр минь байлаа. Аавын минь нүдэндээ нулимас цийлэгнүүлэн үнсэж, ээж минь тос шаргалтсан хийцтэй цайгаар дайлж тэрүүхэн хавьдаа бөөн баяр болж өнгөрсөн. Төрд ажилласны баярт мөчийн нэг нь энэ байлаа.
    Өндөр настай болсон ээж минь өдөржин мэдээ үзэж, улс орны аюулгүй байдлын холбоотой мэдээллийг сонсож, гол, гол санаа зовоож буй асуудлуудыг намайг ирэхэд танилцуулна. Миний хийж буй ажилд санаа их зовж байгаагийн илэрхийлэл болов уу. Сэтгэлийг нь амраахын тул бүгдийг нь сонсоно. Ээжийн минь цээжлэх ой ухаан гайхалтай шүү. Хэдий миний мэдсэн мэдээлэл байдагч ээжийн ярих зүйлд олон түмний санаа бодол нэвт шингэсэн байдаг байлаа.
    Улсад 30 жил зүтгэсэн хөдөлмөрийг төр нь үнэлж, одон, медаль чамгүй л хүртсэн. Авах, авахдаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Улсын их хурлын дарга Энэбиш нартай хамт, төрийн ёслолын танхимд ёс төртэй авч байсан билээ. Ажил, их хөдөлмөрийн үр дүнг төр нь үнэллээ гээд бодож явсан шагналыг өмнөд солонгост олон жил ажиллаж, мөнгө хийсэн нөхөр, насаараа жолооны курсын захирал хийсэн “он жав”-ууд мөнгөөр аваад зүүсэн, түүнээс хойш миний хувьд шагнал нь үнэ цэнэгүй болж, цээжинд зүүх чимэг, бусдад өөрийгөө харуулах “аархал” болж хувирсаныг мэдрэв. Тэгээд ч зүүдэггүй юм. Авсан шагналаа аав, ээждээ үзүүлж, үнсүүлэх хүртэлээ л зүүдэг байлаа. Шагналтай гээд хүн магтсангүй, шагналгүй гээд хүн муулсангүй.
    Намайг ажилгүй болгосон дарга нартаа баярладаг юм. Тэд жирийн малчины хүүхдэд гарын “шүүсээ” амтлуулсан л даа. Тэдний ачаар ээж, аав хоёрыгоо хорвоог орхиход, би тэднийгээ амьсгал хураахад нь дэргэд нь байж чадсан юм.
    Хүн дандаа л хамт байх юм шиг бодсоор насыг өнгөөрнө. Ээж минь ухаан алдаж, бид, бүх үр хүүхэд нь цугларсан байлаа. Ээж минь унтаж байгаа юм шиг хэвтэнэ, амаараа амьсгална. Хэл нь амьсгалыг нь түгжих гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Ээжийн судасыг тэмтэрч цохилтыг нь мэдрэх гэж оролдов. Насаараа эмч хийсэн бэр бидэнд одоо найдах хэрэггүй шүү гэж анхааруулсан байлаа. Ээж минь ухаан орохдоо аав, бид хоёрыг дуудав. Ээждээ үнсүүлчихээд аавтай хоёуланг өрөөнд үлдээгээд би өрөөнөөс хурдан гарсан юм. Энэ бол ээжтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт байлаа. Төдөлгүй ээж минь ухаан алдав. Бид өрөөнд орлоо. Тэгээд хэд, хэд хүчтэй амьсгалсанаа, урт гээчийн амьсгал аваад тэнгэрийн орныг зорисон.
    Үүрд мартахгүй гэх л юм. Үнэндээ жирийн амьдралд бол үр хүүхдүүдээс өөр дурсах хүн байдаг юм уу. Алдар нэр, гавьяа шагнал цаг үедээ амьдарч, цаг үедээ дуурсагдан өнгөрөх ажээ. Хэдэн арван жил өнгөрөхөд ихэнх зүйл мартагдана.
    Ээж минь тэнгэрийн орон зориход түүнрүү өдөр болгон хөтөлдөг байсан харгүй зам хаагдаж, аагтай, шар тостой сүүтэй цай, боорцогоо аваад явсандаа. Орчин цаг түүний үргэлжлэл байж чадсангүй.
    Миний зовлонт мөч аав, ээж хоёр минь тэнгэрт зорьсоны дараа тохиосон билээ. Түүндээ баярлаж явдаг юм. Малчны хүүхэд намайг хэн хамгаалах вэ дэ. Өөрөө, өөрийгөө л хамгаална. Төрийн нууц задруулсан хэргээр хоёр ч удаа эрүүгийн хэрэг нээж баривчлагдаж, хоригдож байхдаа, аав, ээжээ зовоогоогүйдээ баярлаж явдаг юм. Орчин цагт монголд над шиг тусгай байгуулагаар дахин, дахин шалгагдсан хүн ховор байх аа. Энэ бүхэн бол төрдөө үнэнч шударга зүтгэсний төлөө “шагнал” юм.
    Номын өргөөнд суудаг ажлын ширээний дэргэд хүн анзаарахгүй газарт аав, ээжийн зураг бий. Тэд үргэлж надтай хамт байдаг гэж боддог шүү.
    Д.Жаргалсайхан

  • ТЭНГЭР ШҮТЛЭГТЭН Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТУУДЫН ЭЗЭН

    -2017 оноос хойш олон улсаас нийт 14 медаль авснаас хоёр нь л мөнгө бусад нь алт байгаа нь түүний амжилтыг тодхон харуулна. Тухайлбал,
    -2017 оны Парагийн ДАШТ-ээс Азийн рекорд эвдэв. Мехико хотноо болж өнгөрсөн пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ 235 кг-ыг өргөж мөнгөн медаль хүртэхдээ Ази тивийн рекордыг шинэчлэн тогтоов. Түүний жинд Мексикийн Кастилло 236 кг-аар алтан медаль хүртсэн.
    -2018 онд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд -107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж Алтан медаль.
    -2018 онд Финланд улсын Ванта хот Пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д аваргалав. -105 кг-ын жинд IPF- ээс стандарт рекордыг 2016 онд 235кг гэж заасан бөгөөд хэн ч энэ жинд хүрч чадаагүй байсан юм. Харин Э.Содномпилжээ 2018 онд IPF raw classic bench press ДАШТ нь орж -105кг жинд 1 дэх оролт 232.5кг, 2 дахь оролт 237.5 кг, 3 дахь оролтыг 242.5кг -ыг шахснаар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болж, дэлхийн рекорд эзэмшив.
    -Япон улсын Китакюүшюү хот Пара пауэрлифтингийн Азийн АШТ-д аваргалав. Уг тэмцээнд -107 кг-ын жинд өрсөлдөж 239кг өргөж /Түүний өмнө нь эзэмшиж байсан азийн рекорд 235кг/ өөрийн эзэмшдэг Ази тивийн рекордоо 4кг-р ахиулав. Алтан медаль хүртлээ.
    -2018 онд Жакартад Азийн наадамд Ирантай өрсөлдөж 244 кг өргөж Ази тивийн рекордыг 5 кг, дэлхийн рекордыг 1 кг, Азийн наадмын рекордыг 12.325 кг-аар эвдсэн. Азийн наадмын рекордыг олимп шиг дөрвөн жилд нэг удаа л эвдэх боломжтой байдаг.
    -2019 онд IPF-ийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв. Энэ тэмцээн дээр “IPF буюу энгийн төрөлд парагийн тамирчин орж ирээд байна, парагийн тамирчин бид нараас илүү, тэмцээн уралдаан ч илүү зохиогддог” гэх хэл ам гарч, холбооноос классик про тамирчин оруулснаар мөнгөн медаль хүртэж байв.
    -2019 онд парагийн ДАШТ-д оролцож алтан медаль /уг амжилтыг дээр дэлгэрэнгүй дурдсан/
    Түүний энэ амжилтуудыг энэ есдүгээр сард “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэж авлаа.

  • “ТЭНГЭРЛЭГ ҮЙЛСИЙН АЯН”

    МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
    ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА.
    ДӨРӨВ. “ТЭНГЭРЛЭГ ҮЙЛСИЙН АЯН”
    МБНЭ-ийн гишүүд өөр, өөрсдийн хариьяа оршин суугаа газруудад сард 1-2 удаа “Тэнгэрлэг үйлсийн аян” зохион байгуулж иржээ. Энэхүү аянаараа өрх тэргүүлсэн ганц бие иргэд, хүнд амьдралтай иргэдэд туслалцаа үзүүлэх ажиллагаа хийсэн. Тэдгээрийн дотроос дараах үйл явдлыг онцлон үзлээ.
    Дархан-уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт хүүхдийн боловсролын байгууллагад туслаж, 1 дүгээр сургуулийн олон жил засвар хийгдээгүй байсан зураг зүйн хичээлийн кабинетийг хариуцан авч, засвар тохьжилтийн зардлийг бүрэн дааж хамтран ажилалаа.
    Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Хөгжилийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудыг хөгжүүлэх Найдвар төвийн хүүхдүүдэд бэлэг гардуулсан билээ.
    Монгол бөөгийн зайран Мөнхчулуун 600 гаруй мянган мод тарих ажлыг удирдан зохион байгуулсан байна. Ийнхүү МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд олон арга хэмжээ зохион байгуулж, “ТЭНГЭРЛЭГ ҮЙЛСИЙН АЯН”-ыг өрнүүлсээр байна.

  • Монголын бөө: 2019 онд “Урвуулагч хэмээх шороон гахай жил” тохиосон онцлох үйл явдлуудыг танилцуулж байна. 1

    Хоёр. YOUTUBE-д mongolianshaman 21 БАРИМТАД КИНО МЭДЭЭЛЭЛ ХИЙГДЭВ.

    МБНЭ-ийн кино мэдээ, мэдээллийн чиглэлээр 21 кино мэдээ хийгджээ. 2019 онд ОХУ-ын Тува, Хакас, Сибирын өргөн уудам газарт аялал хийж олон зуун улаач нартай уулзаж, оино мэдэээндээ мөнхлөн үлдээжээ.
    Байгаль нуур, Аршан аймагт хоёр удаа зочилж, онгодын өргөн уудам нутгаар аялсан. Амьдралдаа анх удаа ийм их баялаг онгодын нутгаар явлаа. Өьөг дээдсийн үлдээсэн асар их өвийн зах зухаас нь мэдрэв.
    Хөвсгөлийн их уулсаар явж, ерэн насандаа бөөлөх Монгол бөөгийн их зайран Хүүжийнэгд очиж, цаатаг олны баярт оролцлоо. Гурван үеийн бөөлөлт, уг дамжуулах ёслолд байлаа.
    Харь оронд одсон МБНЭ-ийн ярилцлагыг олж, үзэгч олондоо толилуулав. Олон жилийн өмнөх ярилцлага сонирхолтой байлаа.
    Халх голын ялалтын 80 жилийн ойд оролцов. Бид халх голын ялалтын дөрвөн их ойд тасралтгүй оролцжээ. Энэ бүхэн кино дүрсэнд үлдсэн. Бид бөөгийн байгууллага, улаач нарын түүхийг бичиж үлдээж байна. Манай улаач нар бол жинхэнэ эх орончид, сайхан хүмүүс шүү.