Category: Индэр

  • Бидний үйл ажиллагаа хоёр дахь шатандаа орж байна.

    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр 7 хүнийг сонгосон билээ. Анх олон дэд ерөнхийлөгчтэй байна гэж шүүмжлэл гарч байсан. Гэвч би тэр үед амьдрал, цаг хугацаа энэ асуудлыг шигшиж үлдээнэ гэж хэлж байсан. Тэр дагуу боллоо. Нэгэн зорилгын төлөө зүтгэгчидэд хоосон чанар ажилд хамгийн том саад болж байна. Тэдгээрийн оронд илүү зүтгэлтэй, идэвхтэй нэгэн хамтарч ажиллах хүмүүс хэрэгтэй байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Чинбатын бие өвчтэй гэсэн шалтгаанаар бараг бүх Дээд цэцийн болон бага хуралдайн бүх хуралдаанд суусангүй, гишүүний татвараа төлсөнгүй. Хэвлэлд өгсөн ярилцлагууддаа Монгол бөөгийн “Голомт төв”, МБНЭ-ийг үүсгэн санаачлагч гэж бусдын хийсэн ажлыг өөрийн болгон ярьжээ. Гэтэл хэрэг дээрээ МБНЭ-ийн ажилд оролцсонгүй. Энэ шалтгаанаар сонгуульт ажлаас чөлөөлөх санал оруулж байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Т.Эрдэнэбаярт залуучуудын ажил хариуцуулахаар санал болгон сонгосон билээ. Энэ итгэлийг даасангүй. Өөрийгөө хэт өргөмжлөх, биеэ тоох ханддлага хэрээс хэтэрч, хаанаас ч олгосон үл мэдэх “Төрийн зайран”-аар “өвчилсөн” байна. Өөрөө ч Дээд цэцийн  хуралд сууж, татвараа төлсөнгүй, шавь нараасаа нэг ч гишүүнийг МБНЭ-д элсүүлсэнгүй. Тиймээс энэ хүндтэй сонгуульт ажлыг хийх чадваргүй гэж үзээд чөлөөлөх санал оруулж байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Хоролдамба бол манай эвлэлийн бахархал болсон их бичгийн хүн. Түүхийн чиглэлээр олон арван бүтээл бичлээ. Цаашид их зүйл хийнэ гэдэгт итгэдэг. Гэвч энэ зун МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, сонгуульт нэрнээсээ татгалзаж байгаагаа илэрхийлэх болсон. Түүнээс хойш Дээд цэцийн хуралд оролцохоо больсон. Тэр байтугай гишүүнээр элссэн батлахаа ч авахгүй, татвараа төлсөнгүй.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч М.Энхзаяа нь безнисийн ажилдхүчээ сорих болсонтой холбоотой сонгуульт ажилдаа хайнга хандах боллоо. Тиймээс МБНЭ-ийн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлөх санал оруулж байна. Харин түүний шавь нараас Дээд цэцийн Зөвлөлд гишүүнээр оруулах санал тавьж байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Бадарч нь хэт олон байгууллагад сонгууль хүлээж, хүчээ тарамдуулах, тэгэснээрээ МБНЭ-ийн ажилд нэг ч тодорхой бүтээлч ажил хийж чадсангүй. Бид түүнээс сонгуульт ажилдаа улам идэвх зүтгэлтэй ажиллахыг хүсч байна.
    Ийнхүү 7 дэд ерөнхийлөгчтэй байснаас  3 нь тунаж үлдлээ.
    МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлд нийт 18 хүн сонгогдож ажилласан билээ. Тэднээс Б.Түмэнбаяр, Ч.Энхбаатар нар төрийн захиргааны ажилд шилжиж зав муутай болсон, Тэргүүн зайран Э.Буянбадрах, зайран Ангар нар нь ДЦЗ-ийн хуралдайд оролцдоггүй, татвараа ч төлдөггүй байна. МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүдээс Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Баатархуяг нар идэвхгүй оролцож байгаа тул чөлөөлөх санал оруулж байна. МБНЭ-ийн бага хуралдайн 91 гишүүн байна. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар бага хуралдайн гишүүнээр 33 хүнийг сэлгэн сонгосон билээ. Өөрөөр хэлбэл 38 хувийг сэлгэн шинэчилсэн байна. Түүнээс хойш МБНЭ-ийн  гишүүнээр элсэх хүний тоо улам бүр өсөн нэмэгдэж 900 гаруй гишүүнтэй болоод байна. Тиймээс бүх гишүүдийг хамарсан сонголтоос шинээр МБНЭ-ийн бага хуралдайг сонгох саналыг оруулж байна. Ингэхдээ:
    -МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, биеэр үлгэрлэж ажилладаг.
    -Татвараа цаг хугацаанд төлдөг, санхүүгийн идэвхтэй дэмжлэг үзүүлдэг гэсэн шалгуур үзүүлэлтийг нэн тэргүүн болгож байна.
    Харин МБНЭ-ийн нэгдсэн тахилгад шалтгаангүй оролцоогүй, бага хуралдайн хуралдаа суудаггүй, татвараа төлдөггүй гэсэн шалгуураар бага хуралдайн 33 гишүүнийг чөлөөлөх санал оруулж байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Дээд цэц, Хяналтын цэц, бага хуралдайн гишүүнд 140 хүн байхаар тогтож, нэмж бага хуралдайд 49 гишүүн шинээр оруулахаар санал болгож байна.
    Шашин өөрийн сүм хийд, лам, хуврагатай байдаг. Тэд тусгай сүм хийд байгуулж, тусгайлан суралцсан шашны зүтгэлтэн тэдгээрийг удирдаж байдаг. Тухайлбал, буддын шашны лам, хувилгаан заавал 12 жил бүтэн суралцаж байж хамба тэргүүн зэрэгт хүрэх цол авч байна. Тэгвэл Монгол бөө ямар вэ. Мөнх тэнгэрийн шүтдэг бөө хүн хэдий ч ард түмнийхээ дотор амьдарч тэдэнтэй хамт байх хувь заяатай. Тэдэнд тусгай сүм хийд хэрэггүй. Тэдэнд монгол гэр байхад хангалттай. Тэдэнд онгон байгаль байхад хангалттай. Тэд ард түмнийхээ дунд нь байж, тэдний амьдралаар амьдарч эгэл жирийн хүмүүсийн жишгээр ажилладаг. 
    Бөө хүн ямарч мэргэжилтэй байж болно. Тэд бусдын адил мэргэжлээрээ амьдрахын зэрэгцээ “Тэнгэр улаач”-ын үүргээ биелүүлэх боломжтой. Үүгээрээ “Тэнгэрийн улаач” нар шашны лам, постер нараас эрч ялгарна. Бөө ямар нэг байдлаар бусдаас ялгарах шаардлага байхгүй. Учир нь тэдэнд “Мөнх тэнгэрийн” өгсөн хүчийг зөв зүйлд зарцуулах өндөр ёс суртахуунтай байх ёстой. Энэ бол дэлхийд хаана ч байхгүй өндөр хариуцлага юм.
    МБНЭ-ийн бүтцийг бүх орон нутагт байгуулах нэгдсэн шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу ДЦЗ-ийн гишүүд орон нутгийг хариуцуулсан. Энэ чиглэлээр бүх ДЦЗ-ийн гишүүд юу хийж бүтээв гэж өөрсдөөсөө асуухыг, бас хариулахыг хүсч байна. Цөөн хэдэн хүн хийсэн ажлаа ярих, хэлэх үгүй сууж байна.
    МБНЭ-ийн орон нутгийн байгууллагуудыг үйл ажиллагаа жигдэрч байна. МБНЭ-ийн аймгийн бөөгийн хүрээлэнгүүдээс сайн ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн П.Ганболд, Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Монгол бөөгийн их удган Г.Гэрэлтуяа, Өвөрхангай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн удган Б.Дуламжав нарыг нэрлэж болохоор байна. Ийм хэмжээнд ажиллаж байгаа тэдэнд талархал илэрхийлэхийг хүсч байна.
    Орон нутгийн чиглэлээр бөөгийн байгууллага байгуулахад идэвх зүтгэлтэй ажилласан Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал, Өмнөговь аймгийн бөөгийн байгууллагыг байгуулахад идэвхтэй ажиллаж байгаа удган Ж.Алтанчимэг нартаа баярласнаа илэрхийлэхийг хүсч байна.
    Ажлын гараагаа боломжийн сайхан эхэлж байгаа Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Нансалмаа, Баянхонгор аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн удган Энхжаргал, Булган аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн удган Туул нарыг нэрлэж болохоор байна. Харин жил хариуцсан боловч төдийлөн үр дүн харагдахгүй байгаа байгууллагаар Дархан-Уул аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Бадамжав, Орхон аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа, Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, удган О.Оюунсувд, Ховд аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн удган Ц.Лувсанлхамо нарыг нэрлэж болохоор байна. Бид Мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндөр ухамсарлаж ажиллах шаардлага байна.
    Харин муу ажиллаж, огт хариуцлагагүй ажилласан аймагт Хэнтий, Сүхбаатар аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн нарыг нэрлэж байна. Тэнд ажиллах өөр хүмүүсийг олж томилох шаардлага байна. Үүнд МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдийг анхаарлаа хандуулахыг хүсч байна. Одоогоор Дундговь, Сэлэнгэ, Төв аймагт бөөгийн хүрээлэн байгуулж чадаагүй байна.

     
  • Би гэдэгээс татгалзаж, бид гэж хамтарч ажиллахыг цаг үе шаардаж байна.

    Өнөөдөр бидэнд сууж ажиллах байр үгүй, өөрийн гэх өмч үгүй, бүх зүйлийг эхнээс хийхээс ажил эхлэж байна. Бидэн зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа.
    Энэ жилийн хувьд нэгдсэн тахилгыг гурван удаа хийсэн бөгөөд эхний тахилга нь  Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймагт байдаг, Жаргалт хан хайрханы их тахилга байлаа. Өнө эртнээс тахиж шүтэж ирсэн энэ хайрханы тахилга бол Монголчуудын сэргэн мандалтын эхлэлийг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг, хөдөлмөрч ард түмний минь үеийн үед үл мартан тунхаглаж Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбирал, Их хэнгэрэгийн аянга мэт дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан “Тэнгэрийн улаач” нарын Их үйлс байлаа. Цаст хайрханы гол тахилгын зорилго нь Баян-Өлгийд амьдарч байгаа монголчууд тухайлбал Ураинхайчуудын сэргэн мандалтыг бий болгох, тэнд бөө нарыг бий болгох, уул усны савдаг, лусын хүчийг нь оруулж сэргээн Монгол үндэсний үзэл, нутаг орноо гэх сэтгэлийг тэтгэх явдал байв. Тахилгын дараа ард олон ирүүлэн талархал, сэтгэгдлийг харахад бид зорьсондоо хүрсэн байна. Ойрын 10 жил болоогүй зуншлаг, намар болж, өвс ногоо сайхан ургаж,  бидний тахисан газарт нуур хүртэл бий болсон тухай нутгийн олон бидэнд мэдээлж байв. Баян-Өлгийд гарсан малын халдварт өвчин бидний тахисан газраар гараагүй юм. Энэ тахилгад 108 бөө оролцсон бөгөөд тэдний ихээхэн зүтгэл, үр дүн ийм байлаа. Бидний ажилд ололт байсан шигээ алдаа байнга дагалдаж байлаа. Их тахилгад оролцсон зайран Х.Гомбобаатар тахилгад явж байхдаа Баян-Өлгийн Буянт сумын иргэдийг үзэх нэрээр өндөр үнэ өглөг нэхэн, тахилгад оролцох гэж явсан олон хүмүүсийг үхэл аваар осолд орох гэж байна хэмээн засал хийлгэхийг шаардаж, айлгаж замаас нь буцаасан зохисгүй үйлдэл гаргасан байна. Үүний өмнө Хэнтий аймгийн Биндэр сумын тахилгад оролцох гэж явахдаа архидан согтуугаар автомашинаа жолоодхн улмаар онхолдуулж ноцтой дутагдал гаргасан билээ. Эдгээр нь МБНЭ-ийн нэрэнд сэв суулгасан үйлдэл байлаа. Чухам ийм зохисгүй үйлдэл гаргасны төлөө түүнийг МБНЭ-ийн дараа дараагийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх байр суурийг баримталсан юм. Нэг үхрийн эвэр доргивоос мянган үхрийн эвэр доргидог билээ.
    Хоёр дахь их тахилга бол Монгол орны гол төв газар, Монгол туурагтны алтан өлгий нутаг болох гурван голын билчэр, Ихэс дээдэс минь Монгол овогуудаа нэгтгэн улмаар дэлхийг эзэлсэн Их гүрнийг байгуулсан түүхийн эхлэл, Алтан нутгийн минь Зүрх уул, Бурхан халдуны Их тахилга бүхий Монгол туурагтаны Их тахилга байлаа. Их тахилгад МБНЭ-ийн тэргүүлж байгаа удган, зайранчууд бүгд оролцсон явдал юм. Ийм тахилга ойрын жилүүдэд давтагдахгүй. Тахилгад оролцсон ийм бүрэлдэхүүн буцаж, цөөн тооны бөө нар үлдэж, шавь нараа бөөлүүлж дуусч байх үед зайран Хурцжавхлан хөлчүүрхэн шавь нарын хамт ямар ч гэм зэмгүй “улаач” сүсэгтнүүдийг зодож танхайрсан юм. Ингэснээрээ нэгдэж байгаа бөө нарыг үзэл бодолд сэв суулгаж, эв нэгдэлд саад учруулсан юм. Өнөөдөр зайран Хурцжавхлантай хамтран ажиллахаас олон бөө нар татгалзаж байна. Ийм нөхцлийг бий болгосонд түүний гаргасан зан, ааш нөлөөллөө. Ийм байдалд хүргэхэд бидний хоорондын харилцааны үл ойлголцол нөлөөлсөн. Мөн тахилгад байрлах бөө нарыг зөв зохион байгуулаагүй, харилцан бие биенээ хүндэтгэх үзэл санаа байгаагүйтэй холбоотой. Гэхдээ энэ бүх алдаа дутагдал нь гэм зэмгүй “Улаач” сүсэгтэн олныг зодох шалтгаан биш гэдгийг хэлэх ёстой. Монголын бөө нарын эв нэгдэлд сэв суулгасан ийм үйлдлийг дахин гаргуулахгүй, гаргаваас хуулийн байгууллагад хандахаас өөр замгүй болно. Тиймээс  цаашид бид асуудалд ул суурьтай хандах шаардлага тулгарч байна. Заасан цагт цугларч чадаагүй нь тахилгын нээлтийг хийх боломжгүй болгосон. Хотын ойр байсан гэсэн шалтгаанаар нэгдсэн тахилгад оролцогчид уван цуван цугларсан юм.
    Энэ намар хийгдсэн гурав дахь тахилга бол Монголын тулгуур хөл уул, Хөх уулын  Их тахилга юм. Өнө эртнээс монголчуудын нэгдлийг тунхагласан их тулаанууд, өвөг дээдсүүдийн уухиан дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болох Их тахилга бол зон олны минь олон зуун хүлээж ирсэн их хүлээлтийн хариулт болсон. Хөх уулын их тахилга бол зохион байгуулалтын өндөр түвшинд хийгдсэн. Өөрөөр хэлбэл орон нутгийн сумын ард олон, бөө нар хамтран ажиллаж, нэгдмэл санаагаар хүчин зүтгэсэнд гол ололт байлаа. Нутгийн олон ч язгуур язгуурын бөө нарын онцлогийг ихэд сонирхож байв.
    Эдгээр их үйлийн бид хийхгүй бол өөр хэн хийх билээ-“Тэнгэрийн улаач” нар минь ээ. Гурван их тахилгыг нэгтгэж дүгнэвэл:
    -Тахилгад оролцох гэж явахдаа бөө нар бөөгийн зан үйлээр иргэдэд үйлчлэхээс татгалзах, хийхээр байвал тахилгын дараа хийж байх,
    -Тахилгад оролцогчид согтуурах ундаанаас татгалзах,
    -Бөө нар хаана ч нэг нэгнийхээ дотоод асуудалд оролцохгүй байх, бие биеээ хүндэтгэж харьцдаг байх,
    -Нэгдсэн удирдлагад хамтарч ажиллаж сурах,
    -Нэгдсэн тахилгад оролцохгүй байх шалтгаан байвал МБНЭ-ийн удирдлагад эрт мэдэгдэж, оролцохоос татгалзсан шалтгаанаа мэдэгддэг байх,
    -6 дугаар сарын 22-ны нарны тахилга, Их тахилгыг давхалцуулж хийхгүй байх.
    Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. МБНЭ нь Дэлхийн бөөгийн сан, ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулж хамтран ажиллах эхлэлийг тавьлаа. ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн, Халимагын тэнгэр үзэлтэн ,Өвөр монгол, Японы эрдэмтэн, АНУ, Голландын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо. Гадаад хамтын ажиллагаа нь зөвхөн хэдэн хүний асуудал биш бөгөөд бидний хамтын зүтгэл нэн чухал юм. Манай бөө нарын урилгаар гадаадын олон бөө, жуулчид ирж байна. Шаардлагатай гэж үзвэл МБНЭ-ийн удирдлагатай уулзуулж хэвших, ялангуяа томоохон бөөгийн байгууллагатай хамтарч ажиллахад МБНЭ ихээхэн анхаарах болно.

     
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ1

    2012 оны 01 дүгээр                  Улаанбаатар
    сарын 09-ны өдөр                           хот
    Чингис  хаан – Тэмүүжиний  мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай
    Монгол Улсын үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь :
    1. Эзэн богд Чингис хаан – Тэмүүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын  Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан – Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тоололын  гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй.
    2. Их хааны мэндэлсэн өдрийг “ Монгол бахархалын өдөр ” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай.
    МОНГОЛ УЛСЫН  ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
     
  • ӨНӨ ЭРТНЭЭС ДОТНО ХАРИЛЦААТАЙ ХОЁР АРД ТҮМЭН

    Олон улсын харилцаанд хурцатмал байдал бий болсон үед ч хоёр орны жирийн иргэдийн хооронд хамтын ажиллагаа үргэжилж байсан. Хараат бус бие даасан хүчирхэг зэвсэгт хүчин, эдийн засаг, нийгмийн хөгжлөө тэд бүтээж байна.
    Миний хувьд анх БНАСАУ-ын төрийн дээд айлчлал ирэхэд Монголын хүндэт харуулыг бэлтгэх намын хатуу даалгавартай Улаанбаатар хотын комендатурт намын байгууллагын даргаар томилогдож байсан. Тэр үеээс бид нэг, нэгнийгээ мэдэх болсон. Энэ үйл ажиллагаанд оролцсоны төлөө одоо ч надаа хүндэтгэлтэй ханддаг.
    Манай байгууллагын төлөөлөгчид голдуу Солонгосын хаврын цэцэгсийн баярт оролцдог. Энэ арга хэмжээ бол хоёр орны ард түмний хамтын ажиллагааны тод илрэл болдог.

    Нэг. БНАСАУ-д очих бүрт СХН-ын төв хорооны гадаад харилцааны газрын орлогч дарга, Пхеньян хотын Намын хорооны удирдлага, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, төрийн хүндэтгэлийн баярын хуралдаан, ёслолын арга хэмжээ, төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцуулдаг.
    Хамтарсан эрдэм шинжилгээний хуралдаан, эрдэмтэдийн илтгэл, мэдээлэл энэ бүхэн хамтын ажиллагааны тод илрэл болж байна.

    Хоёр. Монголын бөөгийн байгууллага БНАСАУ-ын өмнөд нутагт байдаг Солонгос хааны монгол хатаны бунханд хүндэтгэлийн ёслолыг хийдэг. Хоёр ард түмний найрамдалт хамтын ажиллагааг илэрхийлдэг Солонгос хаан, Монгол хатаны бунхан бол ЮНЕСКО-ийн бүртгэлд орсон түүхэн дурсгалт газар билээ.
    Энэхүү газарт МБНЭ-ийн төлөөлөл болох Монгол бөөгийн дархан удган Б.Батчулуун, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар очсон байдаг.
    Энэ тухай Монгол Улс-БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 70 жилийн арга хэмжээнд зориулсан номонд ч орсон байна.

    Гурав. Бидний хамтын ажиллагааны хүрээнд бид БНАСАУ-ын ард түмний аугаа их хөдөлмөр бүтээл, найрсаг харилцаа, ололт амжилтыг нүдээр үзэх боломжийг олгодог. Ялангуяа сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтад хүрсэн амжилттай танилцах боломж олгосон. Үүнд хот байгуулалтын амжилт, нйимийн асуудал, эмнэлэг, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн амжилт, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хийгдсэн амьтдын хүрээлэн, морин тойруулга, амралт зугаалгын усан сан, зочид буудал гээд олон сайхан бүтээн байгуулалттай танилцсан.
    Шинжлэх ухаан техникийн төв, залуучууд, хүүхдийн ордон, их дээд сургууль, урлаг соёлын ололтыг нүдээр үзэж биечлэн харах боломж олдсонд нэн таатай байна.

    Дөрөв. Монгол-Солонгосын ард түмний хамтын ажиллагааны тод илрэл бол жирийн иргэдийн төвшинд үргэлжилж байна. Бид солонгост зочилж олон арга хэмжээнд оролцдогийн адил бидэн дээр ирсэн зочид төлөөлөгчид жирийн монгол айлд зочилж халуун дотноор ярилцаж, уран бүтээлээ харилцан тоглодог билээ.
    Солонгос залуус Монгол бөөгийн тэргүүн удган Байгалмаа, Баттогтохын гэрт зочилж, монгол зан заншил, баярыг хамтран тэмдэглэж ирсэн. Монгол-БНАСАУ-ын хооронд энгийн ардуудын хооронд тогтсон хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх болно.

    djmedia:365
  • №7 МОНГОЛЫН МӨНХ ТЭНГЭРИЙН СУРГААЛЬ, БӨӨГИЙН МӨРГӨЛИЙГ УЛАМЖЛАН ХӨГЖҮҮЛЭХ ИХ ХУВЬ ЗАЯА ТА БИДЭНД НОГДЖЭЭ.

    Үүгээрээ бид дэлхийн бусад бөө шүтэгсдээс эрс шалгарах бөгөөд Бөөг шашины хэмжээнд авч үзэх эрхтэй юм.
    Монгол бөөгийн Дээд хуралдай ардчилсан, олон ургальч үзлийн зарчмаар ухаан бодлоо уралдуулан чуулж байгаад миний хувьд олзуурхаж, баяртай байна.
    Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдсийн бүтээсэн бөөгийн шашнаа уламжлуулан шинэ нөхцөлд бүтээн цогцлоохын төлөө борвио бохиртол хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөн ахмад үе, дунд үе, залуу үеийнхэн хуран цугларчээ.
    Одоо цаг үеэ эзэгнэн байгаа Та бүхэн, ирэх цагийг түүчээ болсон хойч үеийнхний хамт олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шашны түүх, судлахуй, суурь үзэл, Монгол дахь шашны хөгжлийн байдалтай уялдуулан авч үзэж, магадгүй түүхийн хэдэн зуун жилийн түүхэнд завсар авсаны дараа анх удаа Бөө нар хуран цугларч нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж байгааг машид олзуурхан, магнай тэнэгэр хуваалцаж байна. Түүхийн цаг хугацаа өнгөрөвч ой санамж үлдэнэ. Өнгөрсөн олон зуун жил нь Бөөгийн шашин олон шахалт дарамт дунд олон чухал зүйлээ алдаж, нөгөө талдаа уламжлалт чанараа дамжуулан үлдээж, асар ихийг олж авсан, олон зүйлийн суурийг зөв тавьсан он жилүүд байв. Хөгжлийн олон зуун жил олсон ололтыг ч, алдсан алдааг ч Бөөгийн шашнаас салгаж, тусад нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бахархаж бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь Бөөгийн шашинд бий.
    Та бидний хуран чуулж байгаа анхдугаар Дээд хуралдай нь энэ шашны төлөө сэтгэл зүрхээ, амьдралаа зориулагсадын оюун санааны нэгдлийн их хурал, тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаа зовин хуран цугларсан сэтгэлийн хүсэл тэмүүлэлийн их хурал, цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллахын төлөө санаа зовнин амьдралаа зориулж яваа Тэнгэрийн улаач, зайран, удган нар, шүтэн биширэгч сүсэгтэн олны хамтын ажиллагаа, шинэчлэлийн Их хурал. Асар хурдтай, эрс эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явдтай хөл нийлүүлэн алхахын тулд Бөөгийн шашин шинэчлэгдах учиртай. Улс оронд гадны шашин хүчтэй түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшилтэй хамт байхын тулд шинэчлэгдэх хэрэгтэй.
    Монгол үндэсний уламжлалт Бөөгийн шашин жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэх учиртай. Эс тэгвээс өнө удаан жил явж ирсэн цөөнхийн шүтдэг шашин хэвээр үлдэж, улмаар бусад хүчтэй, мөнгөтэй шашинд орон зайгаа тавьж өгсөн өнгөрсөн түүх үргэжилнэ. Хөгжинэ, эсвэл мөхөсдөнө. Бидэнд гурав дахь зам өгөгдөөгүй. Хатаж хагдралгүй, оршин тогтнож, ургаж төлжиж байхын тулд Бөөгийн шашин байнга шинэчлэгдэх заяамал тавилантай. Шинэчлэлийг цаг тухайд нь хийхгүй бол аль ч шашин хүссэн хүсээгүй хурын шим дутагдсан өвс ногоо адил хатаж хагдарна. Шашин болгон өөрийн үндэснээс ургана. Бөөгийн шашин Мөнхийн хөх тэнгэр, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их монгол гүрэн, үндэсний үзэл, монгол омогшлоос улбаатай. Тэгээд Монголчуудын үндэсний үзэл, үндэсний бахархал, Монгол хүний судсаар гүйх цусаар дамжих сэтгэлийн огшлоор бадамлан асч урган цэцэглэсэн.
    Өнөө үед үндэслэн цэцэглэсэн уугуул, үндэсний Бөөгийн шашнаа сэргээн хөгжүүлэхийн тулд бид нэгдэн нийлж, нэгэн зорилгоор ажиллаж эхлэх бодлого, шийдвэрийг Бөөгийн Дээд хуралдай гаргавал олон зуун жил дуншсан маш том асуудал шийдлээ олж, Бөөгийн шашнаа хөгжүүлэх замыг тодотгох түүхэнд үр дүн тодоос тод сийлэгдэн гэгээн мөрөө үлдээх болно.
    Бөөгийн шашны үзэл баримтлалыг хөгжүүлэх, шүтэн бишрэгсэддээ ойлгуулах хэмжээнд цэгцлэн боловсруулах шаардлага байна. Үзэл баримтлалын энэхүү шинэчлэн тодотгохдоо баримтлах бодлогын тулгын чулуу, амин сүнсийг зөв тодорхойлоход ихээхэн анхаарах учиртай. Үүнд Манай зайран удганууд, Бөө судлаачдын хамтын ажиллагаа нэн чухал нь тодорхой. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг зөвхөн уламжлалд үндэслэн тулгуурлаж хийх ёстой, өөр зам сонговол уугуул хөрснөөс хөндийрч, хий зайд дүүжлэгдэн, алдаа мухардлаас өөр зүйлд хүрэхгүй. Шинэтгэл бол чухамдаа уламжлалыг л шинэчлэнэ гэсэн үг. Тэр уламжлал оршиж байж л шинэчлэл өөрийн хөрсөндөө боловсорно. Бөөгийн шашны баялаг уламжлалд-шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Шинэчлэлд уламжлалыг эс тооцвоос шинэтгэл бус, сүйтгэл болж хувирна. Сүйтгэлээс зайлсхийхийн тулд уламжлалаа шинэчлэх аргаар хадгалах ёстой. Бидний үзэл санаа аливаа шинэ юм хэрэгцээгүйгээр нэвтэрдэггүйг ямагт санаж байх учиртай. Бөөгийн шашинд бодлого, шинэ арга барил, шинэ сэтгэлгээ, шинэ үйл ажиллагаа нэвтрүүлэх хэрэгцээ нэгэнт бүрдсэнийг ухаарч, цаг үеэ мэдрэх мэдрэмжтэй байгаа нь туйлын сайн хэрэг.
    Сүүлийн 20 жилд бидэнд Бөөгийн шашнаа хөгжүүлэх чиглэлд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгуй байсан. Цаашид аддсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай Зайран, Удган нар ухаантай хүмүүс. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Шүүмжлэлийг тэвчээртэй сонсож, тэсвэрлэн дааж, түүнээс сургамж авч, алдаагаа засаж явбал бид хүчтэй. Гэхдээ илэрхий худал, үнэнийг гуйвуулж байвал түүнийг няцаах хэрэгтэй.
    Бөөгийн шашны нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэлд үнэлэмж дүгнэлттэй хандаж, шударга ёсыг эрхэмлэн ажиллаж чадвал бид амжилтад хүрнэ. Эдгээр шүүмжлэлээс зайлах арга, зугтах газар байхгүй.

    Бөөгийн шашин шүтэгсэд Мөнх тэнгэрийн онолыг Бөөгийн шашин бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Уг зорилтыг хэрэгжүүлэхдээ Бөөгийн шашны онол арга зүйд уламжлал, шинжлэх ухаанч арга барилыг хослон судлах шаардлага байна. Энэ бол улам бүр шаардагдах зүйл болно. Ард түмэн маань улам их арвин байлаг мэдлэг, мэдрэмжтэй болж байна. Бид энэ шаардлагаас хоцорч болохгүй.
    Мөнх тэнгэриин онолын дээд шүтээн бол Чингис хаан мөн. Дэлхийг донсгосон эзэнт гүрэн байгуулах явцдаа Чингис хаан Бөөгийн шашныг жинхэнэ үндэсний уламжлалт, төрийн шашин болгон хөгжүүлсэн билээ.
    Гал усны аюул мэт хөнөөлтэй, шашныг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох Бөөгийн шашны нэр хүндийг ашигладаг цөөн бус хүмүүстэй эрс шийдэмгий тэмцэл хийх нь манай Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Бид болж байвал бусдын хэрэг бидэнд хамаагүй гэж бодох аминч үзэл Бөөгийн шашны нэр хүндэд айхтар цохилт болж байна. Өдөр хоног өнгөрөөх биш, ийм үйлдлийг үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм эзэдтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, шүтэн бишрэгчидэд шашинаа дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
    Олон түмэн манай Бөөгийн шашны бодлогын юуг нь дэмжиж, юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ?, цаашид юунд анхааралтай хандах вэ гэдэг бидний анхаарч байх зүйл.
    Бөө хүн чадваргүй бол олны доог, чадваргүй дээрээ, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлтэй бол хүмүүс бүр ч үзэж чадахгүй. Бөө нараа орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэн сургах нь Бөөгийн нэгдсэн эвлэлийн бодлогын шинэчлэл байх болно.
    Хариуцлага алдсан Бөөгийн шүтлэгтэнд хариуцлага тооцож байхыг олон түмэн хүлээж байгаа юм. Шашины үйл ажиллагаанд хариуцлагын ардчилсан, шударга тогтолцоог шинэчлэлийн хүрээндээ цаг алдалгүй хийе.
    Бөөгийн шашны зан үйлтэн шударга бус ажиллавал бөөгийн нэрийг шавар шавхаатай хутгаж орхино. Дэлхий дээр ганцхан л шившиг бий. Шударга бус хэрэг. “Шударга ёс алга болбол хүмүүсийн амьдралд үнэт зүйлийг өгч болох юу ч үлдэхгүй”.
    Бөө нар шударга ёсыг шашныхаа шинэ бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол шашны бодлого, арга барил, сэтгэлгээннй шинэчлэлийн амин сүнс мөн.
    Өнөөдөр бөөгийн ийм байгууллагыг эсэргүүцэх нэгэн байгаа. Сайн муу ямар үр дүнд хүрэхийг тааж мэдэх аргагүй. Сайн, муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх гэдэг.
    Та бид нар энд урт настай, сайн шийдвэр гаргах үүрэгтэйгээр цугласан. Үүргээ ‘”нэр төртэй биелүүлцгээе. Бөөгийн нэгдсэн эвлэл бол Бөөгийн шашинаа хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн төрийн бус, олон нийтийн байгууллага. Бөөгийн холбоонд олон ургальч үзэл ус агаар мэт хэрэгтэй, харин тэс өөр үзэл санаа нэг дор байх аргагүй.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, бөөгийн шашинаа хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Монгол бөөгийн нэгдсэн эвлэл улс орноо хөгжил дэвшилд хөтлөх итгэлт хөтөч, ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудах, аз жаргалтай амьдруулах авралын элч байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Мөн хувь Онго сахиусын явцуу үзэл санааг тулгах боломжгүй учир нэгдмэл зөв тэнгэр үзлийг орчин үед нийцүүлэн дэлгэрүүлэх үйл явцыг түгээх болно.
    Бөөгийн шашныг хөгжүүлэхэд Зайран удган нар, эрдэмтэн судлаачид, эгэл жирийн шүтэн бишрэгсэд, удирдлага хийгээд гишүүд аль алинд нь эр зориг хэрэгтэй. Цаашдаа та бид олонтай цугларч шинэчлэлийн бодлогыг тодорхойлох асуудлуудаа шийдэх болно. Шинэчлэлийг эрч хүчтэй, эр зоригтой баг удирдаж, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлж чадна. Тийм баг манай шашин шүтэгсдэд байгаа. Шинэчлэлийн үзэл санааныхаа төлөө бүхнээ зориулахад бэлэн дайчин эрсийн сэтгэлтэй хүмүүс Манай бөөгийн нэгдсэн эвлэлийн шинэ бэлгэдэлт туган дор нэгдэж, шинэчлэлийн гал дөлөн дундуур шашиныхаа төлөө ажиллах, үүрэг хүлээнэ. “Ийнхүү гал дөл дундуур туучин гарахад олз ашиг хайгчид зугтан одож, шалтаг хайгчид сугаран үлдэж, өвс сүрлэн хүмүүсийг шатааж, ган төмөр мэт хүмүүсийг хайлуулан нэг цул болгоно. Ийм төмөр мэт цул хүчирхэг хүмүүс нэгэн зорилго дор нэгдсэн байгууллагын эсрэг юу ч зогсож чадахгүй. Манай шашин чухам ийм төмөр мэт нягт хүмүүс үзэл-бодлоороо нэгдсэн хүчирхэг байгууллага байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.

    Бөө мөргөл бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх тэнгэрийн мөнхийн үзэл мөн.
    Монгол бөөгийн нэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн төрийн бус, Мөнх тэнгэрийн Онго сахиусын зараалаар байгуулагдсан байгууллага юм.
    “Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл” Төрийн бус байгууллага (цаашид “МБНЭ” гэх) нь Мөнх тэнгэртээ мөргөн шүтдэг бөө, түүнийг дэмждэг дэлхий даяарх ажил хэрэгч хүмүүсийг нэгтгэсэн Олон улсын төрийн бус байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ дүрэм түүнд нийцүүлэн гаргасан бусад заавар, журмыг эрх зүйн үндсэн эх сурвалж болгон мөрдөн ажиллах ашгийн бус, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага мөн. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл “Монголын үндэсний язгуурын шашин болох бөө мөргөлтнүүдтэй хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх”, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгэж оруулах боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэх, “Монгол бөө мөргөлийг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Төрийн хараа ихт хар туг, хангал ихт есөн хөлт цагаан туг, сүлдийг тахиж байсан уламжлалыг сэргээж, Монгол төрийн ёслолын ажиллагаанд оруулах тус тус дэвшүүлсэн.
    Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь Салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж бөөгийн тухай төвлөрсөн, нэгдсэн ойлголтыг бий болгохыг үндсэн зорилго болгоно. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
    – Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх,
    – Хүний эрхийг дээдлэх,
    – Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх,
    -Ил тод байх,
    -Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах,
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:
    – Хувь хүний хөгжил: Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гишүүд өөрсдийнхөө авьяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангах.
    -Нийгмийн хөгжил: Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн шаардлагыг мэдэрч, нийгмийн асуудалд суралцаж, тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх.
    – Бөөг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана.
    -Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, бусад байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан монгол уламжлалт бөө мөргөлийг судлах, түгээх, дэлхийн бусад оронд амьдардаг бөө мөргөлтөн, тэдний соёл, зан заншилтай танилцаж хамтран ажиллах,
    МБНЭ нь Монгол Улсын Үндсэн хуулийг чандлан сахиж, төрт ёсыг дээдлэн хуулийн хүрээнд энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана. МБНЭ нь бөөгийн шашныг олон түмэнд дэлгэрүүлж, сурталчилахын төлөө ажиллана. МБНЭ нь зохион байгуулалт, үйл ажиллагаа нь уламжлал, ардчилсан зарчимд тулгуурлана.
    Бөөгийн шашныг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана. МБНЭ-ийн удирдах байгууллагуудыг сонгох, уламжлан шалгаруулах хэлбэрээр байгуулна. МБНЭ нь үйл ажиллагаагаа ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулна. МБНЭ-ийн төвийн бүх шатны байгууллагад эрдэмтэн судлаачид, шүтэгч, бишрэгчид, ивээн тэтгэгчидийг өргөнөөр оролцуулахыг эрмэлзэнэ.
    МБНЭ нь бэлгэдэл, далбаатай байна. МБНЭ-ийн салбар, хүрээлэнгүүд өөрийн бэлэгдэл далбаануудтай байж болно. Далбаа нь гурвалжин хэлбэртэй байх бөгөөд МБНЭ-ийн Цэцийн Зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан байна. Эхний ээлжинд МБНЭ өөрийн вэб ажиллуулна.
    Монгол бөөгийн нэгдсэн эвлэл бол бөөгийн шашины дээд байгуулллага мөн. Бөөгийн энэ байгууллагад гишүүнээр элсэхийг хүссэн Зайран, Удган нар өөрсдийн одоогийн бий болгосон бүтэцээ хадгалан элсэх боломжийг дүрэмдээ тусгасан юм. МБНЭ-ийн гүйцэтгэх дээд байгууллага нь 99 гишүүнээс бүрдсэн Бөөгийн бага хуралдай юм. Дээд хуралдай 3-4 жилд хуралдаж байхаар дүрэмд тусгасан. МБНЭ-ийн байнгын үйл ажиллагааг хангахаар Дээд цэцийн Зөвлөл нь жилд дөрвөн сар дутам нэгээс доошгүй удаа хуралдахаар байна.
    МБНЭ нь хоёр хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт: Бөөгийн байгууллага бөгөөд бөөгийн мэргэжлийн зан үйлийг хариуцна. Эндээс Тэргүүн бөө, Тэргүүн дэд бөөг сонгоно. Хоёрдугаарт: МБНЭ-ийн үйл ажиллагааг хангаж байх зорилго бүхий байгууллага байх бөгөөд тэндээс Ерөнхийлөгч сонгогдоно. Энэ байгууллага нь Бөөгийн цогцолборыг байгуулах, Эрдэм шинжилгээний байгууллагыг ажиллуулах, сурталчилгаа хариуцах болно. Бөөгийн цогцолбортой болох нь шүтэн бишрэгчидтэйгээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ. Цогцолборын асуудлыг шийдэхэд төрөөс дэмжлэг авах хүсэлтийг тавих болно. Санхүүжилтийн асуудлыг шүтэн бишрэгсэд, гадаадын аялал, жуулчлалын орлогоос олохоор томьёолж байна.
    Гэвч энэ бүхэн цөөнгүй жил, асар их хөрөнгийн туслалцаатайгаар бүтээн байгуулна. Энэ талаар олон улс орноор явахдаа үзсэн харсан зүйлээсээ санаа авч, туршлага судалж, санаж сэдэж төсөөлөн бодож зурагласан зүйл бий. Бид үүнийг хийж чадахгүй байж болно. Гэвч бидний дунд байгаа залуучууд ирээдүйн шүтэн бишрэгчид дотроос энэ их үйлийг гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна.
    Бид хуралдах нь зөвхөн зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэж байна гэсэн үг. Цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүн нэг бүрийн хүчин чармайлт хэрэгтэй. Хүн бүрийн хүчин чармайлтаас нийтийн хүсэл зорилго амжилт тодорхойлогдоно. Бид мөнх тэнгэрийн хүч, эзэн Чингисийн ивээлээр Монголдоо оюуны аугаа их нэгдэл, монгол огшилоо бий болгож, монгол үндэсний ухамсар, монгол зан чанараа сэргээн төгөлдөржүүлж, монгол цусаа хамгаалж чадна.

    Тэнгэрлэг үзэлт, хөх толбот, тэнгэрлэг Монголчууд аа.
    Мөнх тэнгэр, Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр дор мөргөмү. Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн гэрэлт сүнс үргэлж ивээх болтугай.
    Хурай, хурай,

  • №6 Монгол дахь шашны асуудлаархи хууль эрх зүйн зохицуулалт

    Удалгүй 1993 онд Монголын парламент Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталж уг хуулиар төр сүм хийдийн хоорондын харилцааг зохицуулахаар заасан юм. Тус хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан.
    НҮБ-ын Хүний эрхийн Хорооноос баталсан Ерөнхий зөвлөмжид өөрийн шашны үнэмшлийг шүтлэгтэй, шүтлэггүй бусад хүмүүст тулган хүч хэрэглэхээр заналхийлэх буюу шийтгэх, өөрийн шашнаас нь татгалзуулах буюу урвуулж авахыг хүчээр тулгахыг хориглосон байдаг.
    Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 4. 1511 дүгээр зүйлд:
    1. Хүнийг шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэхэд хүч хэрэглэж буюу хэрэглэхээр заналхийлж саад хийсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих буюу арван мянгаас хорин таван мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
    2. Шашны сургууль, сүм хийдэд хүүхдийг албадан суулгасан, хууран мэхлэх буюу эд хөрөнгөөр татах замаар шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан, шашны үзэл номлолыг тулган хүлээлгэсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    1521 дүгээр зүйлд: Хүмүүсийг шүтэж буй шашнаар нь ялгаварлан гадуурхаж, тэдэнд хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу хорин таван мянгаас тавин мянга хүртэл төгрөгөөр торгох ял шийтгэнэ хэмээн заасан байна.
    Засгийн Газар өөрийн нийгмийн хамгийн эмзэг бөгөөд ялгаварлан гадуурхагдсан бүлэг болон ядуу хүмүүсийг гадуурхахаас хамгаалсан дорвитой нэмэлт арга хэмжээ хэрэгжүүлбэл зохино хэмээн НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөмжид заажээ. Манайд ядуурал нь сонгох эрхгүйгээр өөрт нь өглөг хандив өгсөн шашин шүтлэгт аргагүйн эрхээр орох хандлагыг төрүүлж байна. Энэ тохиолдолд төр засгаас ядуурлын эсрэг дорвитой арга хэмжээ авах нь үндэсний соёл уламжлалаа хадгалах, шашин шүтэх эрх чөлөөг хамгаалах зайлшгүй чухал үндэс болох ёстой.
    Мөн тухайн шашныг сүсэглээгүй тохиолдолд гарч болох хор уршгийг номлож айлган сүрдүүлэх, сүсэгтэн биш хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлээр хүмүүжүүлдэг тал ажиглагдаж байгаад анхаарлаа хандуулах цаг болсон мэт. Христосын зарим цугларал дээр “ертөнцийн эзэнд итгэхгүй байгаа хүмүүс сөнөтүгэй” гэсэн утгатай уриа дуулал уншиж, цугларалд оролцогсдыг сэтгэлзүйн хэвийн бус “фанатик” байдалд оруулдаг тухай хүмүүс бидэнд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм. Монгол Улсын Үндсэн Хуулийн 2 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 3-т: Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан буй. Мөн “Төр, сүм хийдийн харилцааны хуулийн” 1 дүгээр бүлгийн З дугаар зүйлийн 4-т “Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтоон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ” гэж заасан буй.
    Монгол Улсын ерөнхийлөгч асан Н. Багабанди “Төр сүм хийдийн харилцаа, орчин үе” сэдэвт онол-практикийн бага хурал дээр “Чөлөөт сонголтоор бус шахалтаар, үнэн сүсгээр бус төөрөгдүүлэлтээр, хүсэл сэтгэлээр бус хөрөнгө мөнгөний эрхшээлээр хүмүүс шашинд татагдан орж байгаа буюу татан оруулж байгаа бол төр иргэнийхээ оюуны тусгаар тогтнолыг хамгаалах болно”15 гэж хэлсэн нь иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөө нь хувь хүний өөрийнх нь ухамсарт сонголт байх ёстойг заасан хэрэг юм. Аливаа шашинлаг үзэл нь тухайн шашны номлолоос гажих, зайлсхийх, шүүмжлэх, хэлэлцэх үйлдлийг аль болох хориглох, саатуулах, дарах хандлагатай байдаг учраас чөлөөт бодрол, эргэцүүллийг хаан боогдуулах, эрх чөлөөг нь хязгаарлах боломжтой. Бид аливаа шашныг хүндэтгэх үүрэгтэй боловч хүндэтгэнэ гэдэг нь сэтгэн бодож болохгүй, яагаад гэсэн асуулт тавьж болохгүй, хэлэлцэн шүүмжилж болохгүй гэсэн үг биш.
    Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18 дугаар зүйлд: хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шүтэж бишрэх, сүсэглэх эрхтэй гэж заажээ. Шашны ямар ч байгууллага, сүм хийд, шашны зүтгэлтнүүд, номлоочид нь тухайн шашны номлол сургаалыг сурталчлан айлдаж болох боловч иргэдийн шүтэх шашинаа сонгох эрхийг нь зөрчиж болохгүй. Иймээс бусад шашныг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, үзэн ядах сурталчилгааг бүх талаар хориглох нь зүйтэй. Шашны номлол зааж сургах эрхийг эдлэхдээ иргэд өөрсдөө сонгож шүтэх эрхийг, мөн бусад шашин шүтэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж болохгүй.
    Монгол Улс Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан тунхаглахдаа хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг онцгойлон үзэж түүнд тулгуурлан ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Мөн тус үзэл санааг 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд дэлгэрүүлжээ. Уг хуулиар шашин шүтэх буюу эс шүтэх нь хүний итгэл үнэмшлийн хэрэг бөгөөд иргэнийг шашин шүтэх, эс шүтэхэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон нь олон улсын эрх зүйн баримт бичигт нийцэж чадсан байна. Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлээр шашин шүтлэгтэй байх, шашингүй буюу шүтлэг бишрэлгүй байх нь аливаа шашин шүтэхгүй байх эрхийн нэгэн адил хамгаалагдсан. Тус баримт бичгийн 4. 2. -т зааснаар 18 дугаар зүйлийг бүх нийтийн онцгой байдлын үед ч цуцалж болохгүй гэсэн нь эдгээр эрхийн ач холбогдлыг баталгаажуулж буй хэрэг юм. Мөн уг гэрээний 18. 2. ба 17 дугаар зүйлийн дагуу хэнийг ч ямарваа шашин шүтдэг буюу сүсэг бишрэлтэйг нь хүчээр тулган илрүүлж болохгүй гэсэнтэй дүйцэх зохицуулалт Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд байдаг16.
    Тэрчлэн НҮБ гишүүн орнууддаа хуулиараа ялгаварлан гадуурхахыг өдөөж болох аливаа үндэсний, арьс өнгө буюу шашин шүтлэгийн үндсэн дээр үзэн ядахыг хориглохыг үүрэг болгосон байдаг. Хэрвээ бусдын бие сэтгэлийн амгалан тайван байдал, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлахаар үйл ажиллагаа, сургаал номлол айлдах аваас тухайн шашны байгууллага, сүм хийдийг татан буулгах арга хэмжээ авч байхыг дэмжиж байна.
    Ардчиллын эхний жилүүдэд үндэсний шашнаа харийн шашин болон элдэв сектантаас хэрхэн хамгаалах талаар сайн хууль гарсангүй. Тийм учраас тэд нар үндэсний уламжлалт шашин соёлоо харийн шашнаас хуулиар хамгаалах талаар шаардлагатай заалтуудыг хуулинд оруулж чадаагүй юм. Тэд бурхны шашин соёлоо Үндсэн хуулиараа яаж хамгаалахаа мэдэхгүй байсан. Тэд “Төр нь шашнаа хүндэтгэнэ, шашин нь төрөө дээдэлнэ”, ”Иргэд шашин шүтэх эс шүтэх эрхтэй” гэсэн ганц, хоёрхон ерөнхий томьёоллыг л Үндсэн хуулинд оруулж баталж байсан.
    Парламентын гишүүд 1993 онд батлагдсан Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” хэмээн заасан.
    Тус хуулийн 10 дугаар зүйлд сүм хийдийн ажиллагааг зогсоох талаар заахдаа ”Монгол улсын хууль тогтоомж зөрчигдсөн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллага тухайн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн бол шийдвэр гаргасан байгууллага энэ тухай хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж бүртгэлээс хасуулна” гэж заасан. Гэтэл харийн шашны гадаадын зарим сүм хийд, байгууллага хууль зөрчсөн байхад хасагдаагүй байсаар байна.
    Энэхүү хуулийг зөрчсөн албан тушаалтныг 1000-20.000 төгрөг, байгууллага аж ахуйн нэгжийг 50.000-150.000 төгрөгөөр торгоно гэж заасан. Энэ бол жилд хэдэн зуун мянган доллараар санхүүждэг Христийн мормон болон протестант, католик шашны байгууллагын хувьд хууль зөрчсөн тохиолдолд нэг удаа 60 центээс 16 доллар хүртэл торгуулна гэдэг инээдэмтэй асуудал. Торгуулж байсан тохиолдол ч байхгүй.
    1993 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн /Монгол улсад хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаад иргэдийн тоо, бүтэцийн тухай/ 1 дүгээр заалтад “Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач иргэдийн тоо нь Монгол улсын хүн амын нэг хувь, үүний дотор нэг улсын иргэн 0.33 хувь хүртэл байж болно” хэмээсэн. Энэ хуулийн заалт бол монгол хүний ген фондыг хамгаалсан чухал заалт болсон.
    Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлд шашны сургалтын тухай заахдаа “төрийн харьяалал бүхий сургууль байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно. Энэ заалт нь шашны соёл, мэдлэг ухааны өв уламжлалын тухай шинжлэх ухааны сургалтанд үл хамаарна” хэмээн заасан
    Шашин шүтэх хүний эрхийг баталгаажуулна гэдэг нь төрийн оролцоог огт үгүйсгэж буй хэрэг бус. Ардчилал гэдэг нь эрх үүргийн нэгдэл байдаг бол шашин шүтэх эрх нь ч төрөөс зохицуулагдаж байх ёстой юм. НҮБ-ын Зүүн хойд Ази ба Номхон Далайн орнуудыг хариуцсан товчооны нарийн бичгийн дарга Жэймс Келли 2002 оны Монгол улсын шашны эрх чөлөөний байдлын тайлан илтгэлийг бэлджээ. Илтгэлд нэгэн ноцтой мэдээ дурьдагдсан байна. Тэрээр тайландаа “Хүнд сурталтнууд (монголын эрх мэдэл бүхий хүмүүс С.О.) шашны байгууллагыг бүртгэх явцдаа авилга шаарддаг байна” гэжээ. Ноён Жэймс Келлийн энэ тайлан илтгэл интернетээр дэлхий дахинд цацагджээ. Шашны янз бүрийн урсгалууд, түүн дотроо харгис, гажууд урсгалын төлөөлөгчид хэн ч атугай энэхүү илтгэлээс монголын эрх мэдэлтнүүдэд мөнгө хаях л юм бол Монголд байр сууриа бэхжүүлж болох юм байна гэсэн ойлголтыг төвөггүй авч болохоор байгаа юм .
    Манайд шашны байгууллагыг бүртгэх асуудал нэлээд маргаантай явагддаг байна. Тухайлбал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс Монголын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дахь заалтын “Лам, санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна” гэсэн заалтаар асуудалд хандахыг оролддог боловч шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний асуудалтай тулгардаг байна. Журмын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаар зөвшөөрөл хүссэн байгууллагад 1 жилийн хугацаагаар зөвшөөрөл олгож, дахин үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан шашны байгууллагын хугацааг 1-3 хүртэл жилээр сунгаж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасан Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ гэдэг заалтыг мөрдлөг болгон ажиллаж байгаа боловч шинээр зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байгууллагууд нь ихэвчлэн Христийн шашны байгууллага байдаг. Гадаадын шашны байгууллага нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт, тухайлбал хүн ам их суурьшсан гэр хорооллын ядуурал ихтэй бүсэд олноор байгуулагдсан байна. Баянзүрх дүүргийн гэрийн хороодод шашны байгууллага ихээр хууль бусаар байгуулагдаж байгаа нь тэр хороодын ядуурлын байдалтай шууд холбоотой. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудтай тэмцэж тэдний үйл ажиллагааг таслан зогсоосоор ирсэн боловч, зөвшөөрөл өгөх шалгуурыг өндөрсгөх тусам хууль бусаар нуугдмал аргаар ажиллах нь ихсэж байна. Олон улсын буяны байгууллага, төрийн бус байгууллагын шугамаар орж ирсэн гадаадын иргэд Христийн шашны сүм, цуглаан байгуулан хүрээгээ тэлж дүүрэг бүрт салбараа нээх, Христийн сургалтын төвийг байгуулан номлогч пастор багш нарыг бэлтгэн идэвхтэй ажиллаж байна. 1994 оноос хойш 33 шашны байгууллагад хугацаагүйгээр байнгын зөвшөөрөл өгсөн байдаг. Тухай үед шашны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах журам байгаагүй тул зөвшөөрөл хүссэн шашны байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хугацаагүйгээр олгосон, мөн тодорхой дүүрэг зааж өгөөгүйгээс шашны байгууллага уг зөвшөөрлөөр нийслэлийн аль дуртай дүүрэгтээ салбарлан үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал: 1994 онд зөвшөөрөл авсан Христийн Мормон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Есүсийн хожимийн үеийн гэгээнтнүүдийн сүм нийслэлийн 6 дүүрэгт салбарлан үйл ажиллагаа явуулж байна.
    Ийнхүү шашин сүм хийдийг байгуулах, шинэчлэх, өргөжүүлэх асуудал дээр хуулиар зохицуулагдаагүй харилцаа үүсэн бий болоод байгаа тул шашин, сүм хийдийн харилцааны хуулийг бүхэлд нь шинэчлэн боловсруулах шаардлагатай байна гэж үзэж байна. Шашны асуудлыг одоо хүртэл Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны бодлогын зөвлөл, аймаг, нийслэлд Шашин сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг зэрэг орон тооны бус зөвлөлүүд хариуцаж ирлээ. Одоо мөрдөж байгаа энэ хуулиар шашны байгууллагуудын нэрийг хийд, сүм, дацан, төв гэж томьёолж байгаа боловч хуулийн нэр томьёоны тайлбар байхгүй тул хэдэн лам, сүсэгтэн, итгэгчтэй ямар шашны байгууллага нь дацан, хийд, төв, сүм байх нь тодорхойгүй байгаа юм. Ялангуяа христийн шашны байгууллага нь төв, сүм, цуглаан гэсэн нэрээр явж ирсэн боловч хоорондоо ямар зааг ялгаатай болох нь эрх зүйн зохицуулалтгүй явсаар ирлээ.
    Сүүлийн хэдэн жилд христос шашны төрөл бүрийн чиглэл шинээр нэвтрэн орж ирсэн манай орны хувьд эдгээр шашны байгууллагуудын сургаал номлол, үйл ажиллагааны талаар олон нийт “хаалга тогшдог”, “улайрсан сурталчилгаа явуулдаг” гэхээс хэтрэх тодорхой ойлголт байхгүй нь санаа зовоосоор байна. Дээрхи байгууллагууд нь гол төлөв дотроо тоо томшгүй олон чиглэлтэй протестант шашных байдаг.
    Сүүлийн үед манайд шинээр орж байгаа шашнууд хүүхэд залуучуудын дунд шашны сурталчилгаа явуулах нь элбэг болжээ. Аль ч хүүхэд насанд хүрээгүйн учир яс үндэс, арьс өнгө, хүйсийн ялгаа, хэл, шашин шүтлэг, харъяалал буюу нийгмийн гарал үүсэл, өмчийн байдал, төрсөн болон бусад байдлаас үл хамааран гэр бүл, нийгэм ба төрийн хамгаалалтад байх хэрэгтэй гэсэн олон улсын хүний эрхийн заалт бий. Монгол хүүхэд залуучуудын гадаад хэл сурах, хөгжингүй орнуудын их, дээд сургуульд боловсрол эзэмших хүсэл эрмэлзэл, сургалтын төлбөрийн чадваргүй байдлыг ашиглан шашны байгууллагуудаас хүүхдүүдийг аль нэг орны шашны сургуульд ивээн тэтгэж суралцуулдаг нь сүсэг бишрэлээ сонгох боломжоос ангид явагдаж байгаа үзэгдэл мөн.

  • №5 Шашины одоогийн байдал

    Хуулийн дагуу ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр Христийн 91, Исламын болон бөөгийн тус бүр нэг ажиллаж ямар нэг татвар огт төлөхгүй ажиллаж байна. Христийн шашны номлогчид зохих ангиллын визгүйгээр Монголд ирж шашны үйл ажилагаагаа явуулдаг ажээ.
    Монголд одоо Христийн шашны католик, протестант, мормон, иёгово, мүүн, үнэн алдартан, баптист, евангели, лютеран, методист, просбитериан, пентикост /тавьтнууд/ зэрэг олон чиглэлийн урсгал нэвтрээд байна. Мөн бахай, ананд марго, ведийн урсгалууд болон бусад сектантын бүлгийн тоо 185 хүрээд байна.
    Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй шашны сүм хийдүүдийг зохицуулах хуулийн төсөл ч алга, төрийн бодлого ч алга байна.
    2004 онд МУИС-ийн Шашин судлалын тэнхим болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс хамтран явуулсан социологийн асуулгын дүнгээс харахад судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймгийн 3373 хүнээс 74,9 хувь нь сүсэгтэн байсан бөгөөд шашин шүтэгсдийн 58,3 хувь нь Буддын шашин, 4,3 хувь нь Христос шашин шүтдэг гэжээ. Шашин шүтдэг гэж хариулагсдын шүтдэг шашныг нь тодруулахад дараахи байдалтай байна. Эндээс нийт шашин шүтэгсдийн 80-аас дээш хувь нь Буддын шашин шүтдэг ба арав хүрэхгүй хувь нь Христос шашин шүтдэг гэсэн нэгдсэн дүгнэлт хийж болохоор байна. Гэтэл 2007 оны байдлаар нийт аймаг сум, хот дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын тоо бүртгэлээс харахад дээрхи дүгнэлтээс эсрэг байдал ажиглагдаж байгаа юм.
    Зөвшөөрөл олгосон Буддын 59, Христосын 75, Бахайн 1, Бөө мөргөлийн 3, Исламын 1, нийт 139 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүнгээр бол Христосын шашин нийт шашны байгууллагын 54 хувийг эзэлж Монголд давамгайлж байгаа мэт дүн харагдаж байна. Аймгуудаас Өмнөговь аймгийг жишээлэн үзэхэд, аймгийн төв дээр Буддын 1, Христосын 2, сумдад 1-2 ламтай дөрвөн Буддын сүм сүсэгтнүүдэд үйлчилдэг бөгөөд Христосын цугларлыг сар бүр тусгай графикаар хөдөө сум, айлуудаар явж тасралтгүй зохион байгуулдаг ажээ. Монголын бүх аймаг, хотын иргэдийн дунд явуулсан социологийн асуулгад тухайн газар оронд нь ямар шашны байгууллага байдаг вэ гэсэн асуултад 41,7 хувь нь Буддын сүм хийд, 15,8 хувь нь Христосын сүм хийд гэсэн хариулт өгсөн байгаагаас үндэслэн иргэдийн дунд Христосын сүм хийд байдаг талаархи мэдлэг Буддын сүм хийдийн талаархи мэдлэгээс нь бага юм, өөрөөр хэлбэл тэд Христосын сүм хийдээр бага үйлчлүүлдэг гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Христосын сүм хийд байгуулах үйл явц эрчимжсэн байгааг энд тооцох хэрэгтэй.
    Ингэхлээр олон сүсэгтэнтэй шашин ба илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шашин гэсэн хоёр өөр үзүүлэлтээр шашны байдлыг тодорхойлж болмоор байгаа юм. Манай судалгаанд оролцогсдын нэлээд хувь нь христос шашны сурталчилгаа, сүм хийд, санваартнууд, зан үйл, номлол сургаалыг нь таалагддаг гэж хариулсан нь түүний сурталчилгааны тал дээрхи идэвхтэй үйл ажиллагааг тэмдэглэсэн болохоос үнэнхүү шүтэж биширдэг гэсэн хэрэг биш юм. Харин судалгаанд оролцогсдоос шашин ажил амьдралын орчинд нь нөлөөлж байгаа эсэх талаар асуухад 78 хувь нь Буддын шашныг нөлөөтэй гэсэн байхад, 25,6 хувь нь Христосын шашныг нөлөөтэй гэж хариулжээ. Мөн Буддын шашныг нөлөөгүй гэж үзсэн 5,8 хувь байхад, Христос шашин нөлөөгүй гэж үзсэн 28,5 хувь байна. Ийнхүү манайд Христос шашин бусад шашны байгууллагуудаасаа илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг боловч сүсэгтнүүд Буддын шашныг өөрсдийн амьдралд илүү хэрэгтэй гэж үздэг байдал харагдаж байна.
    Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын тухай Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтаны танилцуулгад: “гадаадын шашны байгууллагууд ядуурал ихтэй гэрийн хороодод ил, далд олноор байгуулагдаж буяны үйл ажиллагааг явуулж байгаа тул иргэд олноор хамрагдаж хүссэн хүсээгүй тэр шашны итгэгч болж байна… Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад шүтэх эс шүтэх нь тухайн хүний итгэл үнэмшлийн хэрэг боловч ядуу, өрхийн орлоггүй иргэдэд гурил, будаа, хоол, хуучин хувцас өгөх зэргээр тэдний гачигдалаар дамжин шашин шүтлэгийн итгэл үнэмшлийг бий болгож байгаа нь өнөөдөр илт болсон байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийг гадаад хэл, компьютер, хөгжмийн болон бусад сургалтад хамруулан шашны ном номлож байгаа нь үнэн хэрэг дээрээ төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь заалтыг зөрчиж иргэдийн шүтэн бишрэх эрхийг далдуур худалдан авч байгаа явдал юм” гэжээ.
    Хүн бүр өөрийн шүтлэг бишрэлдээ үнэнч байхын зэрэгцээ бусад шашны үзэл номнол, үйл ажиллагааг сонирхдог байна. Судалгаанд оролцогсдын өөр өөрсдийнх нь шүтдэг шашны зэрэгцээ бусад шашны тухай ямар бодолтой байгааг тодруулсан юм. Энд монголчууд бурханы шашныг хамгийн олон хүн буюу нийт оролцогчдын 54,6 хувь, ислам шашныг 10,2 хувь, 7,0 хувь нь христийг талархан хүлээн авдаг гэж хариулсан байв. Харин анхаарлаа хандуулахыг хүсдэггүй, эсвэл огт таалагддаггүй болон байж болшгүй мэт санагддаг гэсэн сонголт бүхий шашны тоонд христ, ислам, бөөгийн шашин гэсэн дараалалтайгаар хариулт өгсөн байна.
    Монголын нийгэм,эдийн засгийн байдалын 2011 оны тоон үзүүлэлтээр 15 дээш насны хүн амын 64.1 хувь нь ямар нэг шашин шүтдэг, үүний 85.2 хувь нь будда, 4.9 хувь нь ислам, 3.5 хувь нь христ, 4.7 хувь нь бөө, үлдсэн 0.6 хувь нь бусад шашин шүтдэг гэжээ. 13
    Эндээс үзэхэд 1994, 2003 оны албан ёсны судалгааны дүнтэй хамгийн сүүлийн шашины албан ёсны судалгааны тоон үзүүлэлттэй харьцуулж үзэхэд 20 жилийн турш бөөгийн шашиныг шүтэгсдийн тоо 1-2 хувьд тогтмол явж ирсэн бол сүүлийн таван жилийн дотор 2-3 хувиар огцом өссөн дүн харагдаж байна.
    Манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ард түмний уламжлалт соёлыг хадгалах асуудал нэн чухал зорилт болдог. Учир нь манай улс бол хил залгаа хөрш улсууд болон дэлхийн хүчирхэг соёл иргэншил бүхий хөгжингүй улсуудтай харьцуулахад хүн ам цөөнтэй жижиг улс үндэстэнд тооцогдоно. Хүний эрхийн талаарх дэлхийн болон бүс нутгийн хэмжээний баримт бичгүүд нь хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглохын зэрэгцээ цөөнхийн бүлгийн зан заншил, соёлыг хамгаалах онцгой нөхцөлүүдийг заасан байдаг.
    Хүн бүр бодож сэтгэх, шүтэн бишрэх эрхтэй бөгөөд өөрийн шашнаа шүтэх, үндэсний хэлээрээ ярих, соёлоо дээдлэх эрхтэй. Хувь хүний эрх нь эргээд тухайн жижиг үндэсний хэсгүүдийн өөрийн соёл, хэл, шашнаа хамгаалан авч үлдэж чадахаас шалтгаална хэмээн Хүний эрхийн Зөвлөмжид дурджээ. Эндээс Монгол Улсын иргэдийн хүний эрхийг хамгаалах асуудал дээр үндэсний соёлыг хамгаалах нь чухал болж тавигдаж байна.
    Жижиг үндэсний өөрийн соёл, хэлээ хөгжүүлж, шашнаа шүтэх эрхийг хамгаалахын тулд тухайн улсаас үндэслэлтэй бөгөөд бодитой эерэг арга хэмжээ авах шаардлагатай байж болохыг Хүний эрхийн Зөвлөмжид тэмдэглэжээ. Хүний эрхийг хамгаалах нь жижиг үндэсний хэсгүүдийн соёл, шашин ба нийгмийн онцлогийг алдагдуулалгүй хөгжүүлэх, улмаар тухайн нийгмийн нийт бүтцийг баяжуулахад чиглэсэн юм гэж Зөвлөмжид заасан байна.
    2.7 сая хүн амтай Монгол Улсад 30 гаруй шашны урсгал нэг дор оршин буй, үүнийг нь бид тэвчээд өнгөрч байгаа нь л жинхэнэ гайхамшиг аж. Манай хүн амын 20 хувь нь 29 төрлийн шашныг “хуваан” шүтэж байна. Энэ тоо баримтыг “Associated Press” сонинд “гайхамшиг” хэмээн нэрийдсэн байна билээ.

    Олон шашныг хүндэтгэх нь улс орнуудтай эе эвтэй байхын үндэс болохоос бус олон шашныг нэгэн үндэстэн шүтэх нь мөхөхийн үндэс гэсэн нэгэн судлаачийн үзлийг14 энд дурдмаар байна.
    ——————————————-
    13 Өдрийн сонин. 2012.01.20 №4016

    Үргэлжлэл бий

  • ЗУРАГ ТҮҮХИЙГ АВЧ ҮЛДЭНЭ-ЦЭРГИЙН ТӨГСӨГЧДИЙН ПАРАД

     

    Энэ ажиллагаа нь Зэвсэгт хүчний хэмжээнд болж, БХИС, Хилийн цэргийн сургуулийг төгсөгчид хамт хийдэг байв. Тэр өдөр Нийслэлийн таван цэгээс Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын Үлээвэр хөгжимчид хөгжимтэй парад алхаж Монгол цэргийн сүр хүчийг хөг, ая эгшигтэй хамт нийтэд үлгэрлэн харуулна.

    djmedia:116

    Хөгжимтэй жагсаалд ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, Зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим болон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сурагчид, ХХЕГ-ийн ангиуд, Жанжин Д.Сүхбаатарын талбайд цугладаг байв. Үүний дараа төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, сургууль төгсөгчийн энгэрийн тэмдэг, цэргийн цол гардуулах ажиллагаанд оролцдог байлаа.
    Цэл залуухан насандаа Цэргийн сургууль төгссөн үеэ ямагт эргэн дурсдаг юм билээ. Энэ л Сүхбаатарын талбайд офицерийн хувцасаа анхлан өмсөж, гэр бүл, отог омгоороо баярлаж байсан цаш саяхан мэт санагддаг. Цаг хугацаа “сум шиг” хурдан өнгөрчээ.
    Миний хувьд БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Авхиагаас улаан диплом, энгэрийн тэмдэг, дэслэгчийн цолоо гардан авч байсан. БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Авхиа надад өөрийн нэртэй дурсгалын цагаа гардуулж өгсөн. Тэр цаг бол миний насан туршийн хүндтэй зүйл юм.
    Тэр жилийн БХИС-ын төгсөгчдийн баяр бороотой өдөр тохиож билээ. Жавхаалаг алхах эр цэргийн парад баяр дээр баяр хөөр нэмж, сүр хүчийг илэрхийлнэ.

  • Зураг түүхийг авч үлдэнэ-17-Сансар судлалын музейд зочлов.

    Одоогоос 28 жилийн тэртээ ОХУ-ын Сансар судлалын төв болсон Оддын хотхонд очиж сансар судлалын бэлтгэл ажилтай танилцах боломж олдслн билээ.
    Сансар судлалын Ододын хотхонд зочилж, амьдрагчдын ахуй байдал, сансарын нисэгчдийн бэлтгэл хийдэг газруудыг үзэж билээ. тэр үедээ энэ бол ховорхон завшаан байжээ. Хаалттай хотхонд тэр үед цөөхөн хэдэн зураг авахуулах боломж олджээ.
    Ингэж явахдаа анх удаа нууцын зэрэглэлтэй нэгэн танхимаар орсон юм. Тэр нь компьютерийн танхим байж билээ. Би тэгэхэд анх удаа компьютерийн ард сууж үзсэн бөгөөд түүнийгээ зурганд мөнхөлж авч үлджээ. Одоо бодоход тэр үеээс компьютер хэмээх хэрэглээ нууц байдлаас гарч нийтийн хэрэглээ болж эхэлсэн үеийн эхлэл байжээ.
    ОХУ-ын Калуга мужид очсон юм. Тэнд сансар судлалын эцэг гэж нэрлэгддэг Циолковскийн гэр музейг үзэж, түүнээс холгүй орших дэлхийд гэж тооцогддог сансар судлалын музейг үзсэн билээ. Ингэж явахдаа тэр болгон хүнд олдоод байдаггүй, хүн төрлөхтний сансар судлалын түүхийн нэг жимээр аялж явсан байдаг.
    Энэ мужид байдаг Обменьск хотод тэр үедээ дэлхийд цөөхөнд тооцогддог хамгийн гүнд байрладаг судалгааны төвийн тухай танилцуулж билээ.
    Би цэргийн хүний хувьд Монголын ард түмний сайн танил, Халх голын дайны байлдааны ажилагааг удирдсан, Цэргийн нэрт жанжин маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Г.К.Жуковын төрсөн гэр музейгээр орох санал өгч, аялах маршрут ялимгүй хазайгаад их жанжины төрсөн гэр музейд очсон юм. Цэргийн бид чинь нэрт жанжины дурдатгалыг олон дахин уншиж, бараг цээжилсэн шахуу байдаг.
    Би тэр үед дурдатгалыг нь олон дахин уншсан болоод тэрүү ЗХУ-д маршал Г.К. Жуковын гэр музейг их л сүрлэгээр төсөөлж явдаг байсан. Гэтэл газар дээрээ манай эндэхийн Жуковын музейгээс ч жижиг элдэв чимэггүй ганц байшин байж билээ. Түүнээс хойш дахин очих боломж олдоогүй. Хожим улаан талбайн дэргэд их жанжины хөшөөнд дурсгалын зурагаа авахуулсан.
    Сансар судлалын талаар өвөрмөц музейтэй орон бол БНАСАУ билээ. Тэр нь Пхеньян хотын Шинжлэх ухааны ордоны сансар судлалын музей юм. Дугуй бөмбөгөр дээвэртэй музейн хамгийн дээд давхарын танхимд ороход од, гарагсдын байршил тэнгэрт түгэж, хаана ямар гараг, эрхэс байдаг тухай бодит байдлаар харуулсан байдаг. Тэгээд хүн төрлөхтөн сансар огторгуйг хэрхэн эзэмшиж байгаа тухай түүхийн кино дурсамж гарч, БНАСАУ сансар судлал хэрхэн хөгжсөн, эх нутгаасаа сансрын хөлөг хэрхэн хөөрч, гараг ертөнцөд дүүлэн одсоныг үзүүлдэг.
    2007 онд БНАСАУ-д хийсэн аялалын тэмдэглэлд “Сансрын техникийн ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн танхим руу цахилгаан шатаар очно. Сансрын хиймэл дагуулын түүхтэй танилцаад төв хэсэгт байрлах суудалд сууна. Танхимд гэрэл унтарч тэнгэрт одод түгэв. Дэлгэц дээр солонгосын пуужин үзэгдэж, хөдөлгүүр асан пуужин хөөрөх агаад тэнгэрт дүүлэн сансар огторгуйд харван орж, хиймэл дагуул болон оддын дунд шингэнэ. Тэнгэрт байгаа гариг, оддын байрлал онцлагыг тусгасан энэ үзвэр нь нэн сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд Оросын Москва, Калуга хотод байрладаг сансар судлалын музейн дараа үзэж байгаа сансрын тухай гуравдах музей, үзэсгэлэн байлаа. Музейд одод гариг эрхэсийн талаар тодорхой мэдээлэлийг нүдээр харах боломжтой юм.” Гэж бичжээ.
    Санамсаргүй гэж хэлж болохоор тохиолдол юм, дэлхийд сансар судлалын талаар гурван улсад том музей байдаг гэсэн, түүний хоёрыг нь үзэв. Одоо АНУ-д байдаг музей үлдлээдээ гэж бодож билээ.
    Д.Жаргалсайхан

     

    djmedia:114
  • №3 Монголын оюун санааны нэгдлийг задлах, монгол огшилыг устгахын төлөөх түүхийн товчоон.

    үйл, шашны судруудыг цуглуулан тусгайлан судлан буддагийн шашны сургаальдаа тусган оруулж улмаар ар монголд нэвтрүүлж, буддын шашныг дэлгэрүүлсэн билээ. Буддагийн шашны нөлөөгөөр монгол хүний оюун санааг өөрчилөх, ингэхдээ монгол улсыг хүчирхэгжих, нэгдмэл байх боломжийг хязгаарлах, хар амиа бодсон салангад үзлийг дэлгэрүүлэх, дэлхийг эзэлж явсан омогшлоосоо салгаж, Монголчууд харийн шашны нөлөөнд автуулж, хятадын төрийн хойд хязгаар болгон олон зуун жил оршиж ирсэн түүхийг бүтээжээ. Харийн шашныг монголд нэвтрүүлэхдээ монголчуудын уламжлалт зан үйлээс юуг нь шашны номлолдоо тусгах, хэрхэн хүний сэтгэлд нөлөөлөх вэ гэлгийг нарийн боловсруулжээ. Энэтхэгт үүссэн буддагийн шашны номлолыг Түвдээр дэмжин Өвөрмонголд төвлөрүүлж зориуд бэлтгэн ар монголд нэвтрүүлсэн түүх ийм билээ.
    Төвдийн шар малгай, ламын шашин 1586 онд Монголд орж шинээр Монголчуудын соёл шашин шүтлэг гүн гүнзгий, өөрчлөлт орсон юм. Монголын эзэнт гүрэн уналтанд орж, Монгол улс зүүн, баруун, ар, өвөр гэсэн дөрвөн хэсэгт хуваагдаж, Манжийн ноёрхолд бүрэн орж тэдний бодлогоор Төвдийн шарын шашныг Монгол оронд хүчээр дэлгэрүүлснээр бөөгийн уламжлалт шүтлэг манай соёлын нэгэн адилаар бууран доройтож, зан үйл нь шашинд уусч, бөглүү хязгаар нутагт шахагдаж, үлдэж хоцорсон байна.
    Алтан ургийн хоёр ноёд хаад Төвдийн далай ламтай уулзан учирч нэгэн үе тасраад байсан буддын шашны Төвд дэх нэгэн урсгал Шар малгайтын шашныг оруулж ирэхээр далай лам Содномжамцтай хэлэлцээр хийж, Монголд анхны дуган сүмийг эрт үеийн Хар Хорум хотын туйрын зүун урд хэсэгт босгосоноор эхэлсэн юм. ХҮП зууны үеэс эхтэй Төвдийн Шар малгайтын шашин нь Пагва ламын явуулж байсан буддын шашны нөлөө бүхий урсгалаас арай өвөрмөц, өөр юм. Ер нь буддын шашин монголд 3 удаа нэвтрэн орж ирэх гэж оролдсон боловч хоёр нь бүтэлгүйтэж, гурав дахь шар малгайтын шашин нь гадны бодлогын дэмжлэгтэйгээр монгол ахуй орчинд дөт замыг ашиглан нэлээд удаан хугацаагаар Монгол нутагт толгой хоргодон орших болсон юм.
    Алтан хаан Монгол язгуурын алтан ургийн хүн атлаа өвөг дээдсийнхээ олон мянган жилээр шүтэн биширч ирсэн бөөгийн шашинтай ширүүн тэмцэл хийсэн гэдэг.
    Алтан хаан 1576 онд Төвдийн гуравдугаар уеийн далай лам Содномжамцыг Хөх нуурын дэргэд орших дээд монголчуудын дотор авчирч Монголын ноёдуудад сахил хүртээн энэ нь улмаар монголын дээд язгуурын хүмуүсийг Төвдийн шашинд дагаар оруулж, тэдний үр хүүхдийг шашны номлол сургаалд нь суралцуулж эхэлсэн нь шарын шашин XVI зууны сүүлээр баруун Монголоор дамжин Монгол оронд Монголчуудын үл мэдэх хэлээр айлдсан шашин, тарнийн ном, улаан, шар алагласан орхимж дээл, дөрвөн нүдтэй халтар нохой, замбайн гурил зэрэг монголчуудын урьд өмнө үзэж эдлээгүй сонин содон соёл нэвтрэн орж ирсэн билээ.
    1587 онд Цахарын Лигдэн хутагт хан, халхын Авдай сайн ноён, өөрсдийнхөө ноёд түшмэдийн хамт Далай ламаас сахил хүртэж, шарын шашинд дагаар орж байжээ. Энэ хоёр үйл ажиллагааны дараа үеэс эхлэн, монголчуудын дунд буддын шашны сургаал номлол хүчтэй дэлгэрч эхэлжээ. Авдай ноён санаачлан 1586 онд Төвдийн шарын шашны төв болох Батзуу буюу Эрдэнэзуу хийдийг байгуулж эхэлсэн түүхтэй. Ингэж Монгол оронд шар малгайтнуудын шашин хөгжиж, бөөгийн шүтлэг сульдан доройтож эхэлсэн юм.
    Манжийн тусгаар улс бөгөөд, түүний дагуул улс байсан Монгол оронд бөөгийн шүтлэг эрт үеийн уламжлалт ёс заншлаараа хөгжиж байсан юм. ХҮ1 зуунд хүч чадлынхаа оргилд хүрсэн Манж Чин улс өөрсдөө бөөгийн шашинтай байсан. Харин Манжийн төрөөс шарын шашныг хүндэтгэн үзэж хөхүүлэн дэмжиж байснаар манж чин улсад шарын шашин хүчтэй нөлөө авч дэлгэрэх замыг нээж өгсөн байна. Манж нар бөөгийн мөргөл шүтлэгийг ламын шашинтай маш их хольж хутгасан нь бөө, шашин хоёрыг ялгахад бэрх болсон. Энэ нь манжид бөөг устгах нэг сайн арга болжээ. Харин монголчууд өөрийн бөөгийн шүтлэгийг ламын шашинтай манжууд шиг хутгаж, аль аль нь ялгахааргүй болгосон нь мөхөлд хүрэх замаас зайлуулсан байна.
    Манай хаад ноёд ихэс лам нар манжийн хааны бодлогыг идэвхтэй дэмжиж, шар малгайтын шашны номлол сургаалийг монгол хүний оюун ухаанд суулгах талаар асар их зүйлийг хийсэн юм. Үүний тод жишээ нь хамгийн томд тооцогдох Занабазар, Ойрадын лам Намхайжанцан нар орно.
    Алтан хаан Авдай ноён хоёроос эхтэй монгол бөөгийн эсрэг явуулсан тэмцэл бүр хүчээ авч Монгол айл өрх бүрт байсан онгон сахиусуудыг нь гуравдугаар далай лам Содномжамцын зарлигаар хураан авч овоолсон нь бараг нэг хот айлд илүү гэрийн хэмжээтэй байсныг шатааж байсан гэдэг. Харин оронд нь өөрсдийн бурхдын хөрөг зургийг үнэ төлбөргүйгээр гэрийн хойморт нь зүүж өгдөг байжээ. “Ойрад, Монголын цааз” гэдэг номонд Намхайжанцан санаачлан оруулсан нэгэн заалт байдаг. Монголчууд бөө, удганыг залж бөөлүүлсэн байвал хэдэн удаа хэдэн бөө залж бөөлүүлсэн байна, түүний тоогоор адуу ав, дээд ноёд түшмэд бөө, удган нарыг гэртээ авчаачиж бөөлүүлсэн байвал 5 толгой торгоор торгох доорх хүмүүсийг нь хоёр адуу, бусад эд бараагаар торго гэж заажээ. Чухам энэ үеээс бөөгийн зан үйлийг нууц, далд гүйцэтгэх үе эхэлсэн бөгөөд үүнээс хойш олон зуун жил үргэлжлэн өнөөтэй золгожээ.
    Ойрадын лам Намхайжанцан бөөгийн эсрэг тэмцэхдээ ноёд түшмэдүүдийг өөртөө татаж сахил хүртээн шавь болгож тэднийгээ ашигладаг байжээ. Ойрадын Намхайжанцаны үед Сутай хайрхан уулын нэгэн модтой жалганд 300-аад бөөг шатааж, түүн дотроос Тостогош гэдэг зайран ид шидийг үзүүлж, галд шаталгүй үлдсэн домог яриаг урианхайчууд ярьдаг бөгөөд, Сутай хайрханы нэгэн амыг бөөгийн ам гэж нэрлэдэг байна. 1905 оны уед Ойрадуудын дотор цагаан шүтлэг нэртэй бурханы лам нарын харын шүтлэгтэй бөө нарын эсрэг хийсэн тэмцэл нь бөөд сэргэхийн аргагүй цохилт өгчээ. Энэ учраас халх монгол, алтайн урианхай зэрэг монголчуудын дотор бөөгийн шүтлэг бүрмөсөн алга болох замдаа орсон ажээ.
    Харин Дархад, Тува, Цаатан, Буриад зэрэг үндэстнүүд шарын шашны лам нартай ширүүн тэмцэл хийж байсны үр дунд тэр нь одоо болтол үлдэх шалтгаан болжээ. Шарын бөө гэдэг нэр томъёог дархадын хошуу ноён Гэлэгжамц 1848 онд Дархадын хошуу нутгаас Оросын цагаан хааны шахалт шаардлагаар тасдаж авах гэж байсан аюулыг гүнзгий мэдэрч бид Тува, Орос Буриад нараас шашин шүтлэгийн хувьд ялгаатай. Бид харын бөөг бус шарын бөөг шүтдэг. Шарын бөө гэдэг нь бурхан шашны ном, бөө хоёр холилдсон байдаг хэмээн тайлбарлаж нутаг усаа аварч байсан хэмээн хөгшчүүл хуучилдаг. Энэ үеэс эхэлсэн шарын бөө гэдэг ойлголтыг зарим хүмүүс Монголын бөө нар шарын шашинд дагаар орж шашны ном сургаалыг бөөгийн ном сургаалтай хослуулан хэрэглэдэг болсон юм гэж тайлбарладаг. Харин монгол, буриад бөөгийн дотор ламын шашны нөлөө нэлээд хүчтэй орж ирсэн нь одоо ч харагдаж байна. Урьд үед амьдарч байсан зарим нэг бөөгийн шавь нар бөөлөхийн өмнө дуудлагынхаа эхэнд бурханы шашны тарнийг уншиж, зул хүж асааж бөөлдөг нь одоо ч байна.
    Монголын хаан хунтайж сурвалжилтан нарын болон янз бүрийн овгийн жирийн иргэдийн номын цуглуулгад үе дамжин хадгалагдаж ирсэн монгол бөөгийн үнэ цэнэтэй гар бичмэлүүдийг үлэмж хэмжээгээр устгаж эхэлжээ. ХVI-Х1Х зууны үеийн монгол хэл дээрх буддын утга зохиолд умард, өмнөд Монголын бөөгийн шүтээн дүрс, гар бичмэлийг их хэмжээгээр галдан шатааж байсан тухай олонтоо дурьдсан байдаг. Дэлгэрүүлж буй шинэ шашныхаа сурталчилгааг ахицтай болгох зорилгоор буддын лам нар монгол өвөг дээдсийн цагаан сүлд, эзний онгод, авралын онгод, сахиусан онгод зэргийг буддагийн шашинд ч холбогдолтой мэтээр тунхаглан тайлбарлаж байжээ. Ганжуур данжуур бол 108 боть, данжуурын 225 боть зохиолоос бүрдсэн бурхны шашны хөлгөн их судрын гарчиг бөгөөд түүнд монгол бөөгийн шүтлэгийн номуудын болон онгодын дүр төрхийн томоохон шүтээн дурсгалыг өшөн дайсагнасан байдлаар дүрслэн өгүүлсэн байдаг ажээ. Ингэж л монголын соёлд дайсагнагч нэг томоохон хүч үүсч бий болсон нь одоо ч байсаар байна.
    /Үргэлжлэл бий/