Category: Бөөд юу саад болж байна вэ?

  • Бөөгийн дамжааны төгсөлтийн баяр…

    Бөө бэлтгэдэг зургаан сарын дамжааг амжилттай дүүргэж бөөгийн онгодоо авсан залуус баяраа тэмдэглэн тэнгэр өөд үсэрч байгаа нь энэ. Тэд бөө болсон тул баярлахаас өөр яахав. Гэхдээ бөөгийн дамжааны төгсөлт их дээд сургуулийнхан шиг өндөр зардалтай байдаг. Бөөгийн иж бүрэн хувцас цан хэнгэрэгээ багшаасаа худалдаж авна. Сахиусаа бас л багагүй үнээр авдаг. Нэгэн залуугийн сахиус нь минжний арьсаар дамжиж ирнэ гээд багш 1.5 саяар надаас ав гэжээ. Залууд тийм их мөнгө байгаагүй тул 350 мянгын заарт хархын арьс худалдаж аваад “орлуулая” гэтэл багш нь зөвшөөрөөгүй гэдэг. Одоо бас нэг хүнд ажил нэмэгдсэн гэнэ. Өнгөрсөн жилээс дамжааны багш нар нь залуу бөө нараа Монгол орны уул овооны лус савдагтай “танилцуулах аян” хийдэг болсон. Догшин савдагтай онгод тахилгатай бүх уул овоонд очин савдагт нь шавиа “танилцуулах” учиртай тул сонгуулийн ажлаар яваа мэт Монголыг бараг бүтэн тойрог гэнэ. Энэ урт удаан аялалын бүх зардлыг мэдээж шавь нар нь нийлж гаргадаг.

  • Анхааруулга?1

    Дэлхийн бөө судлалын сангаас Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлд email ирүүлсэнийг бүрэн эхээр нь танилцуулж байна.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлээс гадаадын нэр хаягтай эрдэмийн зэрэг цол , нэр алдар бүхий диплом, эрээн цаас худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
    Та олон жилийн хөдөлмөрийн үр дүнгээ ганц хуудас хуурамч цаасаар солихгүй гэдэгт бид итгэж байна.

    Dear Jargalsaikhan
    By the way, please know that there is a fraud in Mongolia that has been claiming he/she is representative of FSS and Dr. Harner. Beware Mr. or Ms. Tsendpurew Doolham / Tsendee, a “Manager of Online University and Translator” using email odko9931@yahoo.com. This person is fake and does not represent FSS. Dr. Harner, nor myself in Mongolia. He/She has fooled many people in Mongolia and has perhaps taken a lot of money.

    Эрхэм Жаргалсайхан
    Таньд гэж хэлэхэд Монголд Бөө судлалын сан болон Доктор Харнерийн төлөөлөгч гэж залилагч хүн байна. Odko9931@yahoo.com гэдэг хаягийг ашигладаг онлайн их сургууль болон орчуулгын менежер хийдэг Цэдэнпүрэв Доолхам гэдэг хүнээс болгоомжилно уу? Цэндээ гэж дууддаг. Энэ хүн монголд намайг болон Доктор Харнер Бөө судлалын санг огтхон ч төлөөлдөггүй бөгөөд олон хүнийг монголд хууран мэхэлж их хэмжээний мөнгө залилсан байж магадгүй юм.
    Болгоомжилно уу ?

  • Сүжиг ба сэжиг

    .
    1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иржээ.
    .
    Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй нийт сүм хийд, цуглааны тоо 2002 онд 85, 2006 онд 133, 2009 онд 183 байсан бол 2011 оны эцэст 247-д хүрсэн ба байнга өсч ирсэн динамик харагдана. 1994 оноос хойш шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан нийт сүм хийдийн 56.7 хувийг христийн, 32.8 хувийг буддын шашин эзэлж байна. Үүний дотор нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон сүм хийд төвлөрч зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 28.7 хувь, христийн шашны 36.4 хувь нь тус дүүрэгт бүртгэлтэй байна. Удаад нь Сонгинохайрхан дүүрэг орж байгаа бөгөөд нийт сүм хийдийн 18.2 хувь, христийн шашны 19.3 хувь, буддын шашны 18.5 хувь нь тус дүүрэгт бүртгэгдсэн байна.Энэ бол нийслэлийн зохих албаны ажилтны 2012 онд гаргасан судалгаа тайлан. /Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн 2012 оны 10-р сарын танилцуулга /
    _
    Дээрх мэдээлэлд зөвшөөрөлтэй сүм хийдийн 46.9 хувь, христийн сүмүүдийн 55.7 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт төвлөрсөн байгаагаас үзэхэд орон нутгаас шилжин ирж сууршигч ихтэйд тооцогддог гэр хороололд уламжлалт бус шашны байгууллагууд харьцангуй олноор байршдаг болохыг харуулж байгааг ч онцлон тэмдэглэжээ.
    _
    Буддын буюу шарын шашины хүчтэй нөлөөлөлд байдаг монголчууд хэзээнээсээ “эзэнд “ дургүй хандлага мэдрэгддэг. Гэхдээ энэ хэрээрээ буддын шашны сүм хийд нэмэгдээд байгаа юм уу гэвэл үгүй байна. Сүм хийдүүдийн цэцэглэн хөгжиж байгаа статистик өөр дүнг харуулна. Үйл ажиллагаа нь тогтмолжсон сүм хийдүүдийг шашны төрлөөр нь авч үзэхэд ихэнх буюу 66.7 хувийг христийн шашин эзэлж байгаа бол 26.7 хувийг буддын, 1.5 хувийг исламын, 0.7 хувийг католик, 2.2 хувийг бөөгийн болон бусад шашны төлөөлөл тус тус эзэлж байгаа юм байна.
    _
    Дээрх мэдээллээс харахад манайд христийн шашны эзлэх байр суурь, үзүүлэх нөлөө нь нэмэгдэх чиг хандлагатай болсныг харуулж байна. Христийн сүмүүдийн үйл ажиллагаа тогтмол тасралтгүй тэлэх хандлагатай байгааг тэднийг хөрөнгө, санхүүгийн хувьд ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлдэг сүсэгтнүүд, үйл ажиллагааг нь санхүүжүүлэгч гадаадын найдвартай түншүүдтэй нь холбон тайлбарлаж болох юм. Гадаадын найдвартай түншүүд гэж хэн бэ ? Үүнд тэр сүм цуглааны ард гадаадын тэр баян байдаг гэж тоочиж чадахгүй ч жирийн бус, хөрөнгөтэй улс төр бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн нэгдэл цаана нь байдаг гэсэн мэдээлэл байдаг. Нэг цуглаанд нэрээ бичүүлж ам бүл нэмсэний шагналд цагаан будаа хоол хүнсний дэмжлэг өгдөг нь манайхан шиг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн судсыг амархан атгах менежмент болдог. Хувь хүн бүрийн сэтгэхүй, үзэл санаа, амьдарч буй ахуй нөхцөлийг судалж тулж ажиллах Христийн сүм хийдүүдийн дэргэд манай Буддын сүм хийдүүд барагтай цоож нь онгойдоггүй арслантай авдартай адил.
    _
    Үнэн сүжгээр өргөх зул хүртэл шоу бизнес болж байдаг манай шашны сүм хийдүүд хүн төвтэй бус бизнес төвтэй болоод удаж байна. Зам мөрийн нэг зураастай цааснаас өгсүүлээд зулын голын өвс хүртэл тогтоосон үнэ тарифтай. Уншлага засал, унзад хоолой гаргах лам хүн гэдэг үнэн дотоод сэтгэлийн засал нигүүлсэхүйн тухай сургах төвөөсөө өдөр тутам холдож байгаа шигээ сүсэгтэн олны хүндлэл хүрээллээс ч мөн холдсоор байна. Буддын сургаалийн нүглийг тэвчих энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөртөө бий болгох тухайд анхаарах олон нийтийн сонирхолыг нэмэгдүүлэх нь цаагуураа нийгмийн амгалан тайван байдал эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Энэхүү нийгэмд өгөх гэрэл гэгээтэй нөлөөллөөс нь авч үзвэл буддын шашны сүм хийдүүд үйл ажиллагааг парагматик хандлагатай болгож тодорхой шалгуур бодлогоор дэмжиж өгөх нь төрийн анхааралд байх тал ч бий. Одоо түвд хэл дээрх шашны ном судрыг монгол хэлнээ хөрвүүлэн уншиж байгаагаа сүсэгтэн олондоо ойртож байгаа гэж маадгар тайлбарладаг том хамба нар бий. Гэтэл сүжиг итгэлээрээ гэгээрэх хүсэл байвч тарифт үнэнд өргөл барцийг нь дийлэхгүйн эрхэнд найрсаг зантай христийн сүмийн пастер луу хэчнээн залуу алхаж байгааг тоолж хэлэхэд тийм амар биш болж байна. Өнөөгийн хатуу нийгэмд олон залуус бэлэн мөнгө өгч байж бэлэн мөнгө олох орлогын үүдээ нээхээс илүүтэй дотоод талдаа итгэл олж, сэтгэлийн мухардал ганцаардал төөрөгдлөөсөө гарахыг их хүсч байгаа. Үнэ тариф барьсан уншлага засал хийх үндсэн үйл ажиллагаатай буддын сүм хийдүүд дээрх ганцаардаж цөхөрсөн, сэтгэл зүйн засал гэгээрлийг хүссэн залуусаас хэтэрхий хол байгаагаа мэдэрч сэхээрэх цаг болсон байх.
    .
    Одоогоос 20 шахам жилийн өмнө буюу 1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хууль бүхэлдээ өнөөгийн шаардлагаас хоцорч, төр, сүм хийдийн харилцаа болон шашны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад учир дутагдалтай болсон гэж үзэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан байгаа нь цаг үеэ олсон алхам юм.
    .
    Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс 12 аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт явуулсан социологийн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 68.3 хувь нь шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаа хэтэрхий замбараагүй хэмээн үзжээ.
    .
    Замбараагүйн дээр буддын сүм хийдүүд бие даасан бодлогогүй, үзэл санааны зөрчилтэй төвлөрөлгүй, ашиг орлого санхүүгийн эрх чөлөөнд хэт тэмүүлсэн байгаа нь том мененежменттэй, их мөнгө хаясан бусад шашин урсгалын сүмүүдэд дэвжин дэлгэрэх боломжийг олгож ажилгүй зорилгогүй залуусын бүлэг эзний сургаалд нэгдсээр байна.
    .
    Сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг цаг улирч сэтгэлээр амгалан оршихуйн төлөө орчин үеийн хүмүүс нэгдэж байгааг хүн бурхны зууч болсон лам нар мэдрэх цаг болсон байна.
    .
    Пүрэвжавын Баярхүү /тоймч/

  • “Сартваахи”-уудын хаврын синдром эхлэлээ

     

    Манай улсын хувьд 1990 оноос өмнө шашин номлолыг үгүйсгэх марксист, социалист үзэл хүчтэй өрнөж байснаа 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш иргэний шашин шүтэх эрх чөлөө хуулиар хамгаалагдан нээлттэй болсон. Үүнтэй аялдан тухайн цаг үед нэг хэсэг иргэдийн “ангаж цангасан” итгэл үнэмшил дээр дөрөөлөгчид цөөнгүй төрсөн байдаг. Ямар сайндаа л Монгол улсын Ерөнхийлөгч дэргэдээ “төрийн үзмэрч”-ийг залж байхав дээ. За тэгээд харь гаригийнхантай учрагсад, өөрөөсөө гал гаргадаг Өнөрмаа, Алтан цөгцний хэрэг гээд олон хөгжилтэй үйл явдлуудыг дурьдаж болно.
    Харин эдүгээ дээрх цаг үеийг бодвол хүмүүсийн итгэл үнэмшил харьцангуй тогтвортой болсон. Гэсэн хэдий бидний дунд “бурханаар бөөлжигч”, “дүнз доктор”, “мөнгөний даллага дуудагч”, “дэлхий сөнөхийг урьдчилан харагч”, “хаан хатан ухааныг дэлгэрүүлэгч”, “хар цагаан сүлд тахигч”, “ханийн заяа дуудагч”, “алтан ургийн хунтайж” гээд сонирхолтой хүмүүс байсаар л байна. Тэдний үйл хэрэг намар хавар идэвхидэг гэж хэлж болно. Намар сургууль соёл эхлэж, хөдөө гадаанаас боловсрол мэдлэг багатай хүмүүс олноороо хотод цугладаг. Энэ үед элдэв “сартваахи”-ууд ээлжит номлол, лекцээ явуулдаг. Тэдний “сургаал”-ыг сонсохын тулд 10-20 мянган төгрөг төлөх хэрэгтэй.

    Хүмүүний амьдралд жаргал зовлон ээлжилдэг нь хорвоогийн жам. Хоногийн хоолоо олж идэхийн тулд хог шаг түүхчээ болж амьдарч байгаа нэгэн байхад унаж байгаа машиныхаа түлшинд сардаа 1-2 сая төгрөг зарцуулж байгаа нэгэнч байна. Эдний дунд “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” хорвоогийн бор хоног, шар нарыг элээж байгаа олонхи бас байна. Ийм хүмүүсийн хувьд ажил үйлсээ бүтээх, мөнгө төгрөгтэй болох, эд эдлэл элбэгтэй байх нь “мөнхийн мөрөөдөл”. Мэдээжийн хэрэг баялаг бүтээхийн тулд хүн хөдөлмөрлөх ёстой. Гэхдээ хөдөлмөрлөөд, зүтгээд хүн бүхэн “хүссэн” амьдралдаа хүрч чадахгүй нь гачлантай. Ингээд аргаа барж явахад, “мөнгөтэй” болгох арга зааж өгөгсөд гараад ирнэ. Тэд хүмүүст амар хялбар аргаар мөнгөтэй болохыг зааж өгнө. /хулгай, луйврыг аргаар мөнгөтэй болох тухай биш шүү/ Энэ арга нь хялбархан, тарни унших, сарруу түрийвчээрээ даллах, нар зөв гарав эргүүлэх, даллаганы уутаа зөв байршуулах гээд олон арга байдаг юм билээ. Жаахан хошигноод хэлбэл, “Буратино” зохиолд гардагчлан Базилио муур, Алиса үнэг хоёр Буратиног зальдаж мөнгийг нь авдагтай адилхан мэт.
    Хавар бас тэдний үйл ажиллагаа идэвхижинэ. Ингэх л бас л итгэл үнэмшилтэй холбоотой. Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор хүмүүсийн үйлдсэн буян арвиждаг гэж үздэг буддын шашны үзэл санааг дагалдуулан буян номын үйл, сан уншлага, гүрэм засал нэрийдлээр бусдын итгэл үнэмшил дээр дөрөөлөн өөрийн түрийвчээ зузаатгагчид олон.
    Тун удахгүй газар гэсэхтэй холбоотойгоор бөөгийн зан үйл идэвхжээд эхлэнэ. Үүнийг дагалдан энэ төрлийн “бизнес” цэцэглэнэ дээ. Монголчууд бид чинь төрийн хууль батлах дээд байгууллага, Засгийн газартаа бөө зайрантай хүмүүс шүү дээ. Мөнх тэнгэр тэднийг ивээг дээ.

    Одоо элдэв лекц, уншлага, буян ном хурахуйн үйл ид үргэлжилж байна. Та тэдэнд найдах уу, өөртөө найдах уу…
    Ц.Мөнх

  • Өнөөдөр өнөө сүрхий чанар

    Баянгол дүүргийн 20 дугаар хорооны иргэн 17 настай, МУИС-ийн оюутан Н-г ээж нь “Хулгана жилтэй хүмүүст морь жил харш юм байна. Хичээл номынхоо завсраар Гандан орж ном уншуулаарай, юмыг яаж мэдэхэв. Дээрээс нь чиний мэнгэ голлосон юм билээ” гэж хаанаас ч юм бэ олсон нэгэн сонины тасархай олоод хэлжээ. Гэтэл ээжийнх нь хэлсэн энэ үг ч нөлөөлсөн юм уу шалгалтаа тааруухан өгөв. Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ гэгчээр дараагийнхаа шалгалтан дээр ч уначихсанаас хойш охины толгойд лам хуваргаар явах нь дээр юм байна гэсэн бодол хэдэн өдөр эргэлдэв. Сар шинийн 15-наас өмнө амжиж Ганданд очихоор гудамж ороон явж байтал “ Харш жилтэй хүмүүст бөөгийн бүх төрлийн засал хийнэ, хар цагаан хэл ам, хараал жатга хариулна “ гэх зар бичсэн хашаа өөрийн эрхгүй нүдэнд нь тусчээ. Охин ч эрсэн зүйлээ олсон мэт орвол хашаан дотор хамгийн буланд байх нэгэн жижиг шавар байшинд нүүрнийхээ урдуур унжлага унжуулсан Бэхбат гэх бөө Н-г босго давангуут “ Хулгана жилтэй эмэгтэй хүн ч энэ морин жил явдалтай “ хэмээн хэлэхэд охин үнэн голоосоо итгэв. Тэгээд үргэлжлүүлэн “ Хар цагаан хэл ам ихтэй байна. Шиний 25-ны дотор засал хийлгэхгүй бол амь насанд цөвтэй. Гараад нэг шил архи, арц, таван ширхэг том чихэр, сонгино, сармис нэг нэгийг аваад ир “ гэжээ. Бөөгийн гүнээ итгэсэн Н ухасхийн гүйн гарч, хэрэгцээтэй зүйлийг нь авч ирэв. Бэхбат архиа задлан, бөөгийн засал хийнэ хэмээн архи уулгаж нэлээд согтоожээ. Түүгээр ч барахгүй хар, цагаан хэл амыг нь архиар цэвэрлэж гаргана хэмээн хуурч зочид буудалд дагуулан ороод хамаг хувцсыг нь тайлж, хөвөнд шингээсэн архиар биеийг нь арчсан дүр үзүүлж дөвчигнөжээ. Үлдсэн тал шил архийг аягалан ямар нэгэн юм шивнээд охинд шахсаар уулгаад согтоожээ. Ийнхүү тасарч унасан охиныг тэрээр өөрийн дураар буудлын өрөөнд хэдэн цагаар эдэлсэн аж. Охин ухаан орсоны дараа босож ирвэл хамаг бие нь хөндүүр байх бөгөөд дотуур хувцас нь нил цус болсон байж. Н шууд эмнэлэгт очиж үзүүлбэл онгон хальс нь хөндөгдсөн, хүчиндүүлсэн болохыг тогтоожээ. “ Харш жилтэй хүнд бөөгийн засал хийнэ “ хэмээн хуурч залилаад хүчиндсэн Бэхбатыг цагдан хорих явцад мөн л 17-18 насны хулгана жилтэй гурван охиныг хүчиндсэн нь илэрчээ. Бэхбат нь таван жилийн өмнө бөө болсон бөгөөд урьд өмнө залилангийн хэргээр тэнсэн авсан аж. Үүнээс гадна Төв аймгийн нутагт бөөгийн чанарыг авахуулж байна хэмээн нэгэн хуурамч бөө цэл залуухан 25 настай охиныг халуун чулуун дээр суулгаж, түлж алсан ноцтой хэрэг гарч байжээ. Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйлчлүүлэгчээсээ ахиухан мөнгө салгах гэсэн нэгэн шуналт бөө машиныг нь дэлбэлж байсан хэрэг гарч байсан юм. Энэ мэтчилэн сар шинийн дараа луйварчин гаж донтой бөө, удгануудын хэрэг өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

  • Эпилепси өвчний оношоо тогтоолгоогүйгээс олон хүн бөө болдог

    Уналт, таталт өгөх нь сэтгэцтэй холбоотой хэмээн үздэгээс гадуурхагдах, өвчнийхөө талаар мэдэхгүй, оношлуулаагүйгээс олон хүн тэр дундаа хүүхдүүд бөө болж байгааг мэргэжлийн эмч нар онцолж байна.
    Эпилепси өвчний үүсэх шалтгаан, эмчилгээний талаар Монголын неврологийн нийгэмлэг, “Өнө-Энх” мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяатай ярилцлаа.
    -Эпилепси өвчин үүсэх ямар шалтгаанууд байдаг юм бол. Уналт, таталт өгдөг гэхээр удамшлын өвчин гэж ойлгох нь бий.
    -Эпилепси буюу унадаг, татдаг өвчний талаар хүн амын дунд ойлголт муу байна. Мэдрэлийн өвчлөлийн дотор нэг хувийг эзэлдэг, элбэг тохиолддог өвчин.
    Энэ өвчнөөр бүх насныхан өвчилдөг. Наснаасаа хамаарад шалтгаан нь өөр байдаг. Жишээлбэл, 20 хүртэл насанд энэ өвчнөөр өвчлөх шалтгаан нь төрөлтийн явц удаан үргэлжилсэн, бүтэлт өгсөн зэрэг байж болно. Өндөр халуурснаас болж энэ өвчнөөр өвчилж болно. Дээр нь удамшил бас нөлөөлдөг. Харин 20-35 насанд гэмтэл бэртлээс шалтгаалдаг. Түүний дийлэнх нь зам тээврийн осол, хамгаалалтгүй мотоцикл унах зэрэг эзэлж байна. 35-50 насанд тархины цус харвах, хавдар зэрэг голомтот өөрчлөлт нөлөөлж байна. Харин 60-аас дээш насанд даралт ихсэх, тархины цусан хангамжийн өөрчлөлтөөс болж дээрх өвчин илэрч байна.
    Эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг
    Манай улсад давамгайлж байгаа шалтгааны нэгдүгээрт гэмтэл. Өөрөөр хэлбэл хоёрдогч шалтгаанаар үүсэх унадаг, татдаг өвчин нэлээн байр суурь эзэлдэг. Уналт таталт өгсөн хүн бүр эпилепси өвчтэй биш учраас ямар шалтгаанаар таталттай болсноо таньж мэдэх, түүнийгээ оношлуулах шаардлагатай.
    -Өвчнөө мэдэхгүй, оношлуулахгүйгээс болоод бага насны хүүхдүүдээс эхлээд олон хүн бөө болдог гэж байсан.
    -Өвчнийхөө талаар мэдэхгүй, шалтгааныг нь тодруулж үзүүлэлгүй уналт, таталт өгсөн гэхээр л бөө болох ёстой юм байна гээд эмчилгээг зогсоож байна. Ийм тохиолдол маш олон. Жоохон хүүхдүүдийг өвчнийг нь оношлуулж, эмчлүүлээгүйгээс бөө болгочихсон байна шүү дээ. Тиймээс ар гэрийнхэн нь энэ тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй.
    -Энэ төрлийн өвчтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд дарамтад орсон байдаг гэсэн?
    -Нийгэмд уналт таталтыг сэтгэцийн өвчин гэж ойлгох нь давамгайлдаг. Мөн энэ төрлийн өвчтэй хүн ч эпилепсиг сэтгэцийн эмгэг гэж ойлгосноос болоод бусдаас нуудаг, автобус унаанд, олон нийтийн газар явахдаа, хайртай хүнийхээ, анги, хамт олныхоо дэргэд байхдаа уначих вий гэсэн байнгын айдастай байдгаас болоод сэтгэл санааны дарамтад ордог. Зарим тохиолдолд таталт өгөхтэй зэрэгцэн бие засдаг. Ийм өвчтөнүүд үүнээсээ санаа зовоод нийгэмд, олон нийтийн дунд орохоос зайлсхийж улам сэтгэлзүйн дарамтад орж байгаа юм.
    Эпилепситэй хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна
    Мөн гэр бүлийнхэн нь манай энэ татаж унадаг юм чинь сургуульд сурах, ажил хийх, олон нийттэй байх боломжгүй гэж үздэг. Тиймээс л цэцэрлэгээс эхлээд бүхий л шатанд энэ өвчний талаар ойлголтыг өгөх, эрүүл мэндийн ажилтнуудын ч мэдлэгийг нэмж байж эпилепситэй хүмүүс сүүдрээс гарч, нийгэмдээ зэрэгцэн орших боломжтой болно. Нийгэмд зөв хандлагыг бий болгож, дараа нь тэдэнд хэрхэн туслах вэ гэдгийг ойлгуулах нь чухал.
    -Хөдөлмөр эрхлэлтийн байдал хэр байдаг юм бол?
    -Дэлхийн хэмжээнд 70 орчим сая эплепси өвчтөний 80-85 хувь нь хөгжиж буй орнуудад байдаг бөгөөд манай орон ч энэ тоонд ордог. Эдгээр хүн эдийн засаг, нийгэм, тусламж үйлчилгээний хомсдолтой байдалд байна гэсэн судалгааг Олон улсын эпилепситэй тэмцэх холбооноос гаргасан байдаг.
    Дээрх тооны хүмүүс сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаагаас гадна хамт олон, нийгмээс тусгаарлагдан сүүдэрт амьдарч байна.
    Манай улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод амьдарч байгаа эпилепситэй хүмүүсийн 69.9 хувь нь хөдөлмөрийн чадвар алдалттай, 13.1 хувь нь ажил эрхэлдэггүй, ажил эрхэлж байгаа хүмүүсийн 71 хувь нь өвчнийхөө улмаас ажлын байраа өөрчилсөн, 49.1 хувь нь ядуу гэжээ. Энэ нь манай улсад энэ өвчнөөр өвчилж буй хүмүүсийн нийгмийн халамж үйлчилгээ муу байгааг харуулж байгаа юм.
    Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь
    Өөрөөр хэлбэл эдгээр хүнийг хөдөлмөрийн чадваргүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа юм. Гэтэл Наполеон Бонапарт, Ван Гог, Достоевский Федор Михайлович гээд олон алдартай хүмүүс энэ өвчнөөр өвчилсөн байдаг. Ингээд ажилгүй, орлогогүй болчихоор сэтгэл санааны байдал нь хүнд болдог. Тиймээс ч бид хүмүүсийг энэ талаар мэдлэг боловсролтой болоосой гэж хүсэж нөлөөллийн ажил хийдэг.
    -Эмчилгээний талаар, үнэ өртөг, үр дүн нь ямар байдаг бол?
    -Таталт өгөх давтамж янз бүр. Жилд нэг удаа ч байж болно өдөр болгон ч байж болдог. Энэ өвчнөөр өвдсөн хүн эрт оношлуулж, эмчилгээндээ орвол таван жилийн дараа эдгэрэх боломжтой. Манайд эмчилгээ хийлгэж буй хүмүүсийн 80 хувь нь ууж байгаа эмийн хувьд сардаа 15-20 мянган төгрөг. Үүнээс арай үйлдэл сайтай эм нь 50 мянган төгрөг байдаг. Тасралтгүй таван жил эм ууж, дэглэм барих шаардлагатай. Эмчилгээний үр дүн 80 хувь. Гэвч манайд эмчилгээгээ бүрэн хийлгэхгүй, дэглэмээ барихгүй байна.
    Манай лабораторид шинжилгээ өгч байгаа хүмүүсийн 70-76 хувь нь эмээ уух ёстой тунгаар бага тунгаар ууж байна. Тэгэхээр тухайн хүний өвчин намдахгүй, таталт өгсөн хэвээр байна. Өвчтөн өөрөө эмээ уухгүй буруутай байж болох ч нөгөө талаасаа ажилгүй, орлогогүй хүмүүс эмээ авах мөнгөгүй байж ч болно шүү дээ. Тиймээс л энэ өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд нийгмийн талаас ажилтай болоход туслах, эдийн засгийг дэмжих гээд олон талт арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна.

     

  • Д.Бямбадорж зайрантанд хүргэх үг

        Албан тушаал, суудлын төлөөх хэт улайрал, хувийн эрх ашгийг өндөрт тавьсан байдал, улстөрийн хүчнүүдийн хоорондын толхилцоон, намын дотоод самуун гээд бүгд өөр болчихжээ. Монгол Улсыг дөнгөж өчигдөрхөн байгуулсан юм шиг хэдэн сайд дарга нар индэр дээрээс ихэд дөвчигнөх юм. Ийн дөвчигнөхдөө дандаа худлаа ярина. Хямрал нүүрлэлээ хэмээн хаа хаанаа халаглах. Амьдрал ядуурлаа хэмээн гэрт гадаагүй үглэх. Тэгээд шийдвэр гаргах түвшинд ээлжит, ээлжит бусаар хурал хуй зарлаад л хөл болно. Ингэхээр нь ард олон одоо л нэг арга хэмжээ авах нь гэтэл байдаггүй. Өнөөх хуралдаан маань нам эвслүүдийн хэрүүл болж, сүүлдээ намын дотоод хуйвалдаан руу орчих жишээтэй. Яачихсан Засгийн газар, яачихсан УИХ вэ.
        Тэртээ тэргүй монголчууд бидэнд итгэж найдах төр үгүй энэ цаг дор өөрсдөдөө л итгэж амьдрахаас өөр аргагүй. Монголчууд л болсон хойно зүдэрч ядуурахаараа өнөөх лам хар болж хэдэн төгрөгөө бариад гүйдэг биз дээ. Түүнээс биш бид чинь тарган цатгалан явахдаа тэднийг тоож хардаггүй бас сэхүүн зантай улс. Угаасаа тэнгэр язгууртан бид нар бөөгийн шашинт улс. Тэгэхээр бид нарт Төрийн зайран Д.Бямбадорж хэмээх нэг хүн байх ёстой. Д.Бямбадоржид чухам хэн Төрийн хэмээх цол чимэг хайрласныг мэдэхгүй. Хаа сайгүй л өөрийгөө Төрийн зайран хэмээн хэлж, хэлүүлж явах юм билээ. Өөрийнхөө уран бүтээлийн номыг гаргахдаа “Төрийн зайран Д.Бямбадорж” хэмээн тодоос тод бичсэнээс харвал яах аргагүй Төрөөс хайрласан мэт. Ингээд Монгол Улсад хүчинтэй мөрдөгдөж байгаа хууль дүрмийг хараад байхаар “Төрийн зайран” гэсэн нэршил, түүнийг хэн нэгэнд олгох тухай нэгээхэн ч үг өгүүлбэр байхгүй.
        Үнэхээр л төрд хэрэгтэй, Төрийн цол чимэгтэй зайран юм бол одоо хэргээ гаргах цаг нь болсон. Төрийн хэмээх нэрийг тэр болгон зүүгээд байдаггүй гэдгийг ч та бүхэн сайн мэдэх байх. Яагаав, өнөөх Сүхбаатар жанжны тухай кинонд “Харав уу, та нар. Ардын намын жанжин намайг төрд хэрэгтэй зайран гэлээ” хэмээн нэрт жүжигчин цээжээ дэлдэж зогсдог доо. Тэгэхдээ та бүхний ажил үйлсийн төлөө өдөр шөнөгүй хэнгэрэг дэлдэж, хамаг эд эсээ үхүүлж байгаа шахуу юм ярьдаг биз дээ. Хэдийгээр тус кинонд үүнийг өгүүлэгчийг эсрэг дүрээр гаргасан ч энэ бол гарцаа байхгүй Монголоо гэсэн зүрх сэтгэл, улс эх орноо гэсэн иргэн хүний зовнил юм. Тэгэхээр нэгэнт Төрийн хэмээх цол хүртсэн л юм бол энэ болохгүй байгаа төр улсаа засалцахад гар бие оролцмоор байна. Ер нь Төрийн нэрийг ийн хаа хамаагүй хэрэглэж, барьж явж болдог юм уу гээд олон асуудал хөндөгдөнө шүү. Хууль журмаар оноогдсон ийм нэршил үгүй атал ийн нэрлүүлж яваа нь өөрөө гэмт хэрэг болох учиртай. Чухам энэ нэрийг яагаад сонгож, юуны тулд улайраад байна гээд ярих юм бол олон асуудал босох нь дамжиггүй. Ямар ард олон өгчихсөн хоч биш. Төрийн нэрээр яваад байгаад хамаг учир бий. “Суурин” Балдан, “Нохой” Дорж гээд ард түмний өгчихсөн хоч биш биз дээ. Төрийн зайран шүү дээ.
         Улс эх орныхоо уруу дорой байдлыг арилгахын төлөө хаврын шороон дунд иргэд талбай дээр жагсч байхад Төрийн зайран цонхоор харж зогссон байлгүй. Эсвэл хэн нэгийг бөө болгох аянд мордож байсан ч болох юм. Хэрвээ Төрийн зайран хэмээх цолыг Төрөөс олгодог бол зарим хүмүүст өгөх хэрэгтэй. Тухайлбал, болсон болоогүй Төрийн төлөө зүтгэж, эдийн засгийг унагасан хэрнээ унагаагүй хэмээн гүрийж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайдад ч өгөхөд яагаад болохгүй гэж. Д.Бямбадорж зайрантанд сануулахад Төр үнэ төлбөргүй хэрэглүүлсэн нэрийнхээ төлөөсийг нэхэх цаг нь нэгэнт болчихлоо. Нэг хувийн хэвшлийн нэрийг зөвшөөрөлгүй ашигласныхаа төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээдэг биз дээ. Тэр ч бүү хэл ял авч байсан тохиолдол бий. 
    С.Баяр
     
     
  • Хуурамч бөө нар Т.Замандын гэрт өмсгөлөө орхиод зугтдаг болжээ

    Сүүлийн үед борооны дараах мөөг шиг болтлоо олширсон бөө, удганы талаар зөн билэгтэн Т.Заманд өөрийн үзэл бодлоо нуулгүй илэрхийлдэг. “Онгод сахиусаа хүлээж авахгүй бол амьдрал чинь сүйрнэ” гэх мэт хараалын чанартай ухуулгаас болж, олон хүн өөрийгөө бөөгийн удамтай хэмээн итгэж, сэтгэл санаа болоод эд материал, хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаад тэр ихэд эмзэглэж явдаг ажээ. Энэ тухайгаа зөн билэгтэн маань “Бөө, удганы асуудал замбараагүй болсон  нэн.
    Бурхан эрээр бизнес хийж яваа хүмүүс тодорхой хугацааны хувьтай, тохирсон үйлтэй байдаг. Гэтэл өнөөдөр хүний хувь заяагаар тоглож буй бөө даанч олширч.“Бөө болохгүй бол хэцүүднэ.Хүүхэд чинь үхнэ” гэж айлгаад хамаг мөнгийг нь тонож байна шүү дээ, тэд.Миний мэдэх хоёр ч хүнд иймэрхүү дарамт ирж,  амиа егүүтгэхэд хүргэсэн. Бас бөө болох гээд чадаагүй, яах ч учраа олохгүй яваа хүмүүс өмсгөл, хэнгэрэг цахиураа шатааж байхыг харсан.Зарим нь хадаг сүү барьж ирээд надаар засал хийлгэдэг” хэмээн хэлсэн байдаг.
    Бөөгийн хэрэглэл, сахиус хүлээж авах ёслол  гэж баахан мөнгө залилдаг хүмүүсээс болж иргэд банкин дахь хамаг мөнгөө шавхаж, хэдэн мянган евро зээлж аваад бөө ч биш, удган ч биш болоод хохирч үлдсэнийг ч Т.Заманд гуай хатуухан шүүмжилдэг. “Зарим нь бөө болох гэж өрөнд унаж, дарамтанд ороод сэтгэцийн өвчтэй болж байна. Бөө болох гээд хууртагдсан нэг жаахан охин манайд өмсгөл зүүсгэлээ орхиод зугтсан шүү. Энэ ер нь юу болоод байнаа” хэмээн бухимдсан тэрбээр “Зөнбилгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа оролцогч нарт нэлээд хатуу хандаж байсан гэдэг юм билээ.
                                                                С.Цахиур
     
     
     
  • Бөөгийн шашинг луйварчдаас хамгаалъя1

     

    Бөөгөөс тусламж авах хүн талархалаа яаж илэрхийлэхийг өөрөө шийднэ. Эд мөнгө авсан бөөг эцэст хатуу ял шийтгэнэ хэмээн үздэг» гэв. Бөөгийн тухай гүнзгий мэдлэг бөөгийн шашинг хамгаалахад туслана. Эрхүүгийн хүрээлэн ийм мэдлэгийг нөөцлөж, нэгтгэн дэлгэрүүлж байна. Хүрээлэн Буриадын улсын их сургуулийн сууринд ажиллаж байна. Буриадын бөөгийн шашинтнууд ийм хүрээлэнг байгуулахыг санаачилжээ. Бөөгийн шашинг сайн судлагдсан хэмээн үзэж байгаа боловч эрдэмтэд нөр их ажил хийнэ. Бөөгийн ёслолыг анх удаа ийм гүнзгий тал бүрээр судлах болсон. Бөөгийн шашны хүрээлэн бол буриад, алтай, якут, шор, африк, индиан, монголын бөөгийн шашингийн тухай бүх мэдлэгийг эмхлэх оросын анхны эрдэм шинжилгээний төв билээ. Хүрээлэн дэлхийн ба оросын янз бүрийн бүс нутгийн уламжлалт шашинд бишрэгчдийг хамтрасан бага хурал, ёслолд цугларуулах төлөвлөгөөтэй байна. Энэ нь ёслолыг харшуулах төдийгүй бөөгийн шашны олон нууцыг тайлах боломж олгох юм.
    Аризоны олон бөө саяхан хамтрасан ёслол үйлдэхээр Буриадад хүрэлцэн очлоо. Мөргөлд нь олонтаа дурдагдаж байгаа «Их усан» юу вэ гэсэн асуудалд тэд хариу олжээ. Аризона муж улс бол өргөн уужим цөл билээ.Индианчуудын бөөгийн шашинтнууд Байгал нуурыг «их усан» хэмээн нэрлэсэн гэсэн дүгнэлт хийсэн байна. Нуурын эрэг хавийн нутаг тэдний өвөг дээдэсийн өлгий нутаг байсан байж болзошгүй. Танин мэдээгүй зүйл олон. Жишээ нь бөөгийн өвчин гэгчийн үүсэл, анагаах арга барил тийм нэгэн асуудал билээ. Учир нь битүүлэг өвчин гаднаас харахад солиорохтой төстэй. Жинхэнэ бөө өөрөө биеэ эмчилж эдгэрүүлдэг. Хүрээлэнгийн ажилтнууд мөн үзэгдэл ба одоогоор ойлгож мэдээгүй асуудлуудыг судлах ажиллагаанд хэл бичгийн мэргэжилтэн, түүхч, угсаатны зүйчид төдигүй нийгэм судлаач, сэтгэл зүйч, эмч нар бүр физикчдийг оролцуулах төлөвлөгөөтэй байна.