Эрдэнэт хотод ажиллах явцдаа монгол бөөгийн уламжлалаа авч яваа удган Отимаагийнд зочилж, зураг авалт хийсэн.
Удган Отимаагийн онгодын өргөөнд зочилж, ярилцлага хийж, хуур манжигаар бөөлөлтийг хийлгэж зураглал авсан. Түүний дараа түүний онгодын туслалцаатайгаар үр дүнд хүрсэн иргэний талархалын ярилцлага авсан билээ.
Хүн болгон адилгүй, хүлэг болгон жолоо өөр гэдэг шиг монгол бөө бүр өөрийн онцлоготой билээ. Монгол бөөгийн байгууллагын төлөө хамтран ажиллах их хүсэл эрмэлзэлтэй гараагаа эхэлсэн удган Отимаа нь МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн болж, хуралдаануудад оролцож эхэлсэн. Бөөлөлт, теле нэвтрүүлэг гээд мөн бөөгийн уламжлалаа авч яваа зэрэг олон чанарыг хэлэлцээд Монгол бөөгийн тэргүүн удган цолыг олгосон байдаг.
Амьдрал баялаг, бас баян. Хамгийн эхний МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд оролцоод онгодын болон хүн хоорондын зөрчилдөөнд, орчихсон. Бөөлөлтийн нэвтрүүлэг олон түмэнд хүмүүсийн анхааралд өртөж эхэлсэн.
Олон бөөгийн дунд биеэ авч явах чадвар, онгодын хамгаалах чадал их чухал байдаг. Энэ талаар ажиллаж чадаагүй улаач бол олон бөөгийн дунд орж, хамтарч ажиллаж чадахгүй болдог. Энэ үеээс эхлэн МБНЭ-ийн үйл ажиллагаанд оролцохоос татгалзаж эхэлсэн.
Эхэлсэн шигээ дайчин, давзингүй байж чадсангүй. Энэ байдлаас шалтгаалан Монгол бөөгийн тэргүүн удган Отимаа МБНЭ-ийн үйл ажиллагаанд цаашид оролцохоо больсон билээ. Түүнийгээ ч далдлаж “би голомт” төвийнх гэж ярих болсон. Гэвч тэрээр хэзээ ч “Голомт”-ын байж чадаагүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийн цаана орь ганцаар зүтгэсээр ирсэн өнгөрсөн үеийн монгол бөө нарын нийтлэг зураг болон үлдсэн. Тэр одоо ч ганцаараа зүтгэсээр яваа…
Category: Монгол бөөгийн түүх
-
МОНГОЛ БӨӨГИЙН УДГАНЫД ЗОЧИЛЛОО.
-
БИДНИЙ ИТГЭЛИЙГ ТЭЭЖ ЯВАА УЛААЧ
Бидний эгнээнд олон улаач гишүүнээр элссэн. Тэгээд том зорилгын төлөө сэтгэл шулуудан зүтгэсэн. Урт замыг туулсан ч амьдралын бэрхшээлт замд цөөнгүй улаач нар халширч зугатан одсон байдаг. Тэгвэл энэ бүхгийг даван туулж зорилгын төлөө дальдиралгүй явж ирсэн, улаач бол Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа юм.
Олны итгэлийг дааж ажиллана гэдэг хүнээс олон шалгуурыг давж байж хүрдэг. Өнөөг хүртэл олон эрчүүд янз бүрийн шалтгаан хэлээд МБНЭ-ийн ажлаас хойш суусан. Тэр бүгдийн дэргэд зорилгын төлөө шантралгүй явсаар байгаа удган бол Нанжаа юм.
Эрдэнэт хотод авсан зураглал, ярилцлага болон хуяглан бөөлсөн кино нь монголд гарсангүй. Түүний бичлэгийг хожим өвөрмонголын бөөгийн судлаачдаас олж авсан билээ.
Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа бол уламжлалаа хатуу сахидаг дэг журамтай. Гэтэл зураглал авсан нөхдүүд Өвөрмонголд хувилан тараасан бичлэгт түүнийг бөөгийн олон хуягтай болгон засвар оруулж, өөр бөөгийн хуягны зураг оруулж үзүүлсэн байдаг. Энэ бол монгол бөөд байж боломгүй, өв уламжлалыг зөрчсөн ноцтой, амьдралд байж болохгүй “ёс зүйгүй” үйлдэл юм.
-
Монгол бөөгийн их дархан удган Д.Энхжаргал МАРТАГДАШГҮЙ ҮЙЛ ЯВДАЛ
Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын шавь нар болох Монгол бөөгийн их зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Даарий, Догсмаа зэрэг олон улаач нар ирсэн бэлтгэл ажил өрнөж байлаа.
Бид камераа суурьлуулж байх үед Монгол бөөгийн тэргүүн зайран Бат-Эрдэнэ ирж, Монгол бөөгийн тэргүүн удган Хишигжаргалын өргөлийг өгөөд гарна билээ. Тун удахгүй бэлтгэл ажлууд дуусч Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал бөөлөөгөө эхэлсэн билээ.
Ийнхүү Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын тахилгын бүхэл бүтэн бөөлөлтийн бичлэг хийгдэв. Монгол бөөгийн түүхэнд өөрийн бүх л амьдралаа зориулсан Дархан удганыхаа бөөлөөг ийнхүү хальсанд авсандаа бид баяр хөөртэй байлаа.
Цаашдаа зуны цагт Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргалын хээрийн онгодод хийх тахилгын зураг авах талаар тохиролцоод энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлөсөн билээ.
Д.Хүрэлбаатар -
БӨӨГИЙН ЗӨРЧИЛДӨӨНИЙ ТУХАЙ
Ёс зүйн доголдлыг үүсгэж буй энэхүү зөрчилдөөөн нь олдмол үйлдэл гэхээс өөр аргагүй байдалд орох юм. Иймд бөө буюу улаач, түшээд нарын ёс бусын үйлдэл болох сүйрлийн байдлыг бөө мөргөл ба бөөгийн ёс зүйд зохицохгүй нөхцөл хэмээн нэрлэгдэнэ. Өнөө цагийн нөхцөл байдалтай уялдуулан янз бүрийн аргаар бөө буюу улаач болсон нь олон учраас хүн төрөлхтний нүдний өмнө бөө мөргөлийн ёс бусын завхралд шилжигдэж байна гэж дүгнэлтэнд хүрэх бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Бөө буюу улаач, түшээд нарын иймэрхүү ёс бусын үйлдлүүд нь өөрөө өөрсдийгөө болон бусад нөхдүүдээ мөхөөх зүйлийг хийж буйг шүтлэгтэн ба эс шүтлэгтэн нар мэдэж байгаа учир, “Онгод”-той хэмээх нэр хүндээ унагаж, муу сэтгэлийн улайрлын хүслээ дарж чадахгүй бол “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлахуйн ухаан нь тодорхой зорилгод хүрнэ гэж горьдохын хэрэггүй гэж санууштай. Бөө мөргөл дэх дотоод зөрчилдөөнт байдлаа арилгахын тулд “БӨӨ”-гийн гэх ёс зүйн шаардлагыг нэр төртэй биелүүлэх нь чухал байна.
Өнөө цагийн нийгмийн амьдралтай зэрэгцэн амьдран буй бөө буюу улаач, түшээд нар дотоодзөрчилдөөнт байдлаас аль болохоор ангижирч, “ТЭНГЭР, ОНГОД, Шүтээн” гэсэн үзэл бодлын тэнхлэгээ даган “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлах, хамгаалах ариун үйлсэд сайн сайхнаар үйлчлэхийн тулд энэ ёс бусын үйлдлээ гаргахгүйгээр “БӨӨ”-гийн гэх эрдэм мэдлэгээ бүрэн дүүрэн эзэмшиж, ёс зүйн шаардлагаа сайтар ойлгож, сайн мууг нарийн ялгаж салгаж чаддаг байх хэрэгтэй байна. Бөө буюу улаач, түшээд нарын дотоод зөрчилдөөнийг ёс зүйн мэдлэг талаас нь авч үзвэл энэ нь ёс зүйн үйлдэлдээ нийгэм, эх орон, ард түмнээ болон тэр ч байтугай, өв соёлоо хүндэтгээгүй гэсэн утгыг агуулж буй ухаарал мөн. Нийгмийн ба бөөгийн орчин дахь амьдралын нугачаанд оршин буй бөө буюу улаач, түшээд нь энэрэнгүй сэтгэл, “Онгод”-той хэмээх бие гэх дотоод, гадаад хоёр талаас бүрэлддэг учир ёс зүйн мэдлэг ч гэсэн дотоод, гадаад хоёр талыг агуулж байдаг нь мэдээж билээ. Ёс зүйн дотоод мэдлэггүй байдлыг бөө мөргөлийн талаас авч үзвэл өөрийн гэсэн “Онгод”-оо хүлээж авсан оюун санаагаараа ёс бусын ба ёс зүйгүй байдалд шилжсэнийг илэрхийлэх ба яагаад “Онгод”-той хэмээхдээ нөхцөлдөн орсон, түүний амьдралын зорилго юу вэ, үхсэний дараа юу болох, мөн онгод-сүнс нь ямар замаар шилжигдэх, “ТЭНГЭР”-ийн оршин тогтнол, мөн дээр өгүүлсэнээр “БӨӨ”-гийн сайн муугийн шинж нь чухамдаа ямар дүгнэлтэнд хүрэх … гэх мэт асуудлын талаарх ёс зүйн мэдлэггүй гэдгээ харуулж буй үйлдэл мөн. Харин гадаад талын ёс зүйн мэдлэггүй шинж нь бөөгийн орчин адахь амьдрал, нийгмийн орчинтой нь оршилдуулан бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн нарыг ч гэсэн оролцуулаад “Эх дэлхий, байгаль, газар лус, овоо хайрхад … гэх мэтийн тухай, түүнчлэн ертөнцийн бүхий л зүйлээс бүрэлдэх дэлхийн үндэс нь юу болох, ертөнцийн үл мэдэгдэх үзэгдэл болон түүний хувьсал өөрчлөлтүүд нь ямар хуулийн дагуу явагдаж буй үйлдүүдийн талаарх ёс зүйн мэдлэггүйн шинж юм.
Эрт дээр үеэс эхлэн бөө мөргөл дэх үйл явцуудад үйлчилж буй ёс суртахууны мэдлэггүй шинж ихээхэн байсан бөгөөд харин түүнээс салж өнөө цагийн хөгжил дэвшлийн өнгө аясанд зохицон шинэ цагийн ёс суртахуун ба ёс зүйн мэдлэгтэй шинж рүү орж байхын төлөө эрэл хайлтыг “БӨӨ”-гийн гэх ТББ-ууд болон хувь хүмүүст энэхүү шаардлага урган гарсаар байна. Тийм учраас ёс зүйн дотоод мэдлэггүй шинжийг үгүйсгэж жинхэнэ ёс зүйн мэдлэгтэй шинжид хүрэхийн тулд үнэний төлөө гэх асуудлаа өндийлгөн хөгжүүлсэн, бөө мөргөл ба ёс зүйн гадаад мэдлэгийн хүрээнд шилжихэд ёс зүйн гадаад шинжийн үнэний төлөө бий болгон хөгжүүлсэн “БӨӨ”-гийн гэх ТББ-уудын ач гавъяа билээ. Мөн тэрч байтугай, ёс зүйн асуудлуудыг цухуйлган хөгжүүлсэн эрдэмтэд, судлаачид ч гэсэн зүй ёсоор орох болно. Ийм учраас “БӨӨ”-гийн гэх ёс заншил, зан үйл дээр нь тулгуурлан буй ёс зүйн асуудлыг хэн ч судалж болох бөгөөд харин бөө мөргөл бол шинжлэх ухаантай ихээхэн хоблоотой байх нь мэдээж шүү дээ. Бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмэн бүхэн хоёр талт үзүүлэлтийн ёс зүйн мэдлэггүй шинжийг даван туулахын тулд өнөө цагийн нөхцөлтэй уялдуулан гарч ирсэн ёс зүйн үнэнийг хайх арга нөхцлүүд хэрхэн юу болохыг таньж мэдэх нь бид бүхний өмнө нийгмийн түүхэнд заавал гүйцэтгэх үүрэг мөн гэж ойлгох ёстой.
Тийм учраас бөө буюу улаач, түшээд болон шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмэн үл бүтэх шинжээсээ аль болохоор холдож, “ТЭНГЭР” хэмээх үйл явцтайгаа сэтгэлийн эрч хүчээ даган зөвхөн сайн бүхний чиглэлд урагшилж, бөө мөргөлийн өв соёлоо хөгжүүлэхийн тулд хүмүүний хувь тавилантай, мөн шижнлэх ухааны нэгэн үүрэгтэйгээр тухайн асуудлуудыг нийгмийн хамт олонтойгоо үнэн зөвөөр шийдвэрлэж, “БӨӨ”-гийн гэх ёс зүйн дотоод ба гадаад хоёр талт үзүүлэлтийг үнэн зөвөөр харилцан ойлголцохгүй бол бөө мөргөл нь сүйрэхийн ирмэгт дөхнө гэж санууштай.
Эдүгээ цагийн бөөгийн орчин дахь амьдрал дээр бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн олон түмэнтэй хамтарсан туулж ирсэн замналыг нь хоёр шинжээр нь хуваан авч үзвэл:
Үүнд :
1. Нийгэмтэйгээ зэрэгцэн амьдран буй бөө мөргөлийн амьдрал дээр ёс заншил, зан үйлтэй холбогдуулан ёс суртахуун ба ёс зүйн үндсэн асуудлыг шийдвэрлэхийг зорих, мөн бөөгийн орчин дахь үйл явцуудад “Онгод”-той нөхцөлдсөн үйлдэлдээ шинжгэсэн үзэл бодлоор итгэсэн хүмүүс, ёс зүйн асуудлаар шийдэн буй нөхцөлд шинжлэх ухааны үзүүлэлттэй нийцүүлсэн үзэл бодлыг аль болохоор үнэлэн дэмжих нь чухал. Гэвч бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн хүмүүс ердөө л өвөг дээдсийн уламжлалт өв соёлдоо тулгуурласан ёс заншил, зан үйл, хэл аялгууны ёс зүйн хөгжил нь бие хүний оюун сэтгэхүйн хэрэгцээ шаардлагыг үндсээр нь хэрхэн биелүүлэхэд оршино.
2. Өвөг дээдсээсээ уламжлан хүлээж авсан бөө мөргөлийн учир шалтгаан, түүний мөн чанарын амьдралын үндсэн асуудлыг шийдвэрлэхийг онцлох явдал байлаа. Гэтэл бөөгийн орчин дахь амьдралаар туулан замнаж ирсэн өвөг дээдсийн сургаал болоод түүний ёс занши, зан үйлд нь тулгуурласан бөө мөргөл нь олон гавъяа байгуулсан нь үнэн боловч, нөгөө талаасаа эдүгээ цагийн бидэнд “ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН” гэсэн оюун санааны үйлдлүүдийг гүйцэтгэж байгаа нь ч бодит байдалтай нийцэх нь зүйн хэрэг. Өвөг дээдсүүдийн хийж бүтээсэн бөө мөргөл нь өнөө цагийн бидэнд ёс заншил, зан үйл дэх тусгалаа олгож ирсэн юм. Түүнчлэн бөө мөргөл нь ёс заншил, зан үйлээ хадгалж ирсэн ба эдүгээ цагийн нийгмийн ертөнцтэй зэрэгцүүлэн амьдруулахаар сэргэн боссон нь түүний итгэл үнэмшлийн илэрхийлэл мөн.
Бөө мөргөлийн эцсийн зорилго нь эхлээд “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлахадаа сэтгэлээрээ итгэж түүнийг ёс заншил, зан үйл, хэл аялгууны болон “Онгод”-той хэмээх үйлдлээрээ хэрэгжүүлэхэд оршиж байдаг. Ийм учраас “Эх дэлхий-Хүн-Байгаль”-иа энэрэн хайрлах ухаарахуйн итгэл үнэмшил нь тодорхой мэдлэггүйгээр бий болдоггүй. Ер нь бөө мөргөлийг мэднэ гэдэг нь бөөгийн орчин дахь амьдралын утгыг нь агуулдаг ба “БӨӨ”,”ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН” гэсэн онолын эх үүсвэрийг нь батлагдаж, бөөгийн орчин дахь амьдралын туршлагаар баталгаажаагүй бол түүнийг ойлгож хүлээн авч чадахгүй шүү дээ. Харин Бөө мөргөлөө уламжлуулан авч үлдсэн өнөө үед сэргээн хэрэгжүүлж буй нь бахархалтай. Тэгэхдээ бөө мөргөлөө одоогийн хүүхэд залуучууд нь “ОНГОД”-оо хүлээн авч байх боловч итгэл үнэмшилдээ бодиттойгоор хэрэгжүүлэхгүй байгаа учир “БӨӨ”-гийн гэх асуудал нь өөрийн гэсэн түүхэн зорилгоо биелүүлж чадахгүй байна. Бөө мөргөлийн дотоод ёс зүйн үнэнд нийцүүлсэн ч гэсэн тодорхой онолын тайлбар шаардагдаж, бөө мөргөл урт хугацааны түүхийг туулахдаа шинжлэх ухаанаар тайлбарлаж болохуйцаар хангагдаж буй учраас эдүгээ цагийн эринтэй золгон гарч ирсэн юм. Ийнхүү бөө мөргөл болоод түүнийг хүлээн авч буй шинжлэх ухаан нь бөөгийн орчин дахь амьдралын хоёр талт ёс зүйн мэдлэггүй шинжийг давахын төлөө өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барилаар хариуцлагаа үүрч, гараагаа эхлэн, сэргэн хөгжих үйл явцдаа хоорондоо таарахаа больж, харилцан зөвшилцөж чадахгүй шинжээ харуулж ирсэн ажээ. Ийм учраас бөө буюу улаач, түшээд болон түүнийг дэмжигч шүтлэгтэн олон түмний хоёр талт ёс зүйн мэдлэггүй шинжийг бүрэн давж, өвөг дээдсийнхээ “ТЭНГЭР” хэмээх зорилгыг зөв хэрэгжүүлье гэвэл шинжлэх ухаантай зэрэгцэн байхуйн ухаанаар хандаж “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх асуудлаар судалгаагаа үр бүтээлтэй хийхээс гадна бөөгийн орчин дахь амьдралын асуудлыг ил тод шийдвэрлэх нь өнөө цагийн эрдэмтэд, судлаачид болон бөө улаач, түшээд, шүтлэгтэн ба эс шүтлэгтэн олон түмний эрч хүчин дэх итгэл үнэмшлийн үнэн нь гарч ирэх ёстой.
Энд та бүхний өмнө дэлгэн тавь буй энэхүү сэдэв бол тэрхүү “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх асуудлын итгэл үнэмшлийн үнэний нэгээхэн хэсэг бөгөөд эдүгээ хүртэл “МӨНХ ТЭНГЭР, ТЭНГЭР, ОНГОД, ШҮТЭЭН буюу САХИУС”-т итгэгчид нь сонсож, үзсэн ёс заншгил, зан үйлийн хүрээгээрээ үзэл бодлоо илэрхийлж буй үйлдэл билээ. Удахгүй цаг нь болоход энэхүү “БӨӨ МӨРГӨЛ БА БӨӨ”-гийн гэх хэмээх өвөг дээдсээс ээ уламжлан хадгалагдаж ирсэн өв соёлын үнэний гүн гүнзгий утга агуулгууд нь “ОНГОД”-той хэмээх үнэний гэрэл асар хурдан, бүх хүмүүн төрөлхтний болон монголын ард түмний хүртээл болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна, Тэнгэр минь ивээх болтугай!
Монгол бөөгийн зайран С. Лхагважав -
БЭЭЖИНД АЯЛАВ.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Бээжин хотод ажиллах явцдаа МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их Дархан удган Д.Батчулууныг бүрэлдэхүүндээ авч явсан билээ.
Монголчуудын хэлдэгээр “мянга сонсоноос нэг үз” гэдэг зарчмыг баримталдаг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хувьд боломж гарвал бөөгийн төлөөллийг бүрэлдэхүүндээ багтааж хурдацтай хөгжиж буй орны туршлагыг нүдээр үзэх боломж гаргадаг.
Өнгөрсөн жилүүдэд эдийн засаг, нийгмийн хөгжилтэй танилцах зорилгоор улс төр, цэргээс тэтгэвэрт гарсан, иргэний ба бөө нарын төлөөлөл, жилд дундажаар 80 орчим хүнийг ажлын бүрэлдэхүүндээ багтаан авч явжээ.
МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их Дархан удган Д.Батчулууныг хятадын “цагаан хэрэм”-ийг үзүүлж, түүх соёлын газруудаар аялсан байна. -
МОНГОЛ БӨӨГИЙН ТЭРГҮҮН УДГАН О.ТУУЛ ГАЛЫН ТАХИЛГА ХИЙВ.
Тиймээс түүний зүтгэлийг өндрөөр үнэлж Монголын бөөгийн төв байгууллагаас мөнх тэнгэрийн төлөө “мөнгөн шонхор”, “хүрэл шонхор” медалиар шагнасан байна.
Энэ явцдаа монгол бөөгийн байгууллагыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулах чадвартайгаа харуулсан, монгол бөөгийн байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд байж их зүйл хийхээ ухамсарлан ойлгосон зүтгэлтэн болох нь харагдлаа.
Оройн наран жаргах мөчид Хүй долоон хутгийн зүг олон арван машиныг бүрэлдэхүүндээ багтаасан цуваа Шархүүгийн дөрөлжөөс хөдөлсөн билээ. Цугларсан олон гар нийлэмжтэй ажиллаж тун богино хугацаанд бэлтгэлээ ханган галын тахилга хийхэд бэлэн болсон билээ. Тахилгад МБНЭ-ийн удирдлага оролцож, үзэж сонирхолоо.
Галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган О.Туул толгойлог бөөлж, араас нь түүний олон шавь нар дэмжин бөөллөө.
Өндөр дээдсээс өвлөгдөн ирсэн төрөлх газар шороо,уул усыг минь хайрлах хамгаалах сэтгэлийг шингээсэн Галын тахилга амжилттай зохион байгууллаа. -
Д.Батчулуун: Аавын минь өвийг залгах үе ойрхон байгаа
-Аав чинь аль нутгийн хүн юм бэ?
-Аав минь Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумын хүн.1960 оноос цаатангуудыг суурьшуулсан шүү дээ.Цагаан нуур сум гэж бий, аавын минь онгод шүтээнтэй нутаг.Аавыг хүмүүс их л дурсан ярьцгаадаг юм.Эрдэм чадалтай л зайран байсан даа.Ээжийн минь ээж намайг анх хүй боож авсан юм билээ.Эмэг эх минь есөн хүүхэд төрүүлсэн буурал байлаа.Намайг нэг настай байхад аав минь баривчлагдсан юм.Ээж маань 1950 онд намайг аваад хот орж, Батцагаан гэдэг шоронд аавыг эргэж очиж байсан.Манайхан чинь ер нь “ногоон малгайтан” гэхээр их айдаг улс байж.Ялангуяа ээж минь “ногоон малгайтан”, тэнгэрийн дуу хоёроос л их айна.Хуучин арьс өнгөний эмнэлэг чинь шорон байлаа шүү дээ.Гаднаас эргэлт оруулахгүй болохоор нь балчир надад гуулин данхтай цай, идэж уух юмыг нь бариулаад явуулж байсан юм.Би багадаа бэтгэ өвчин тусч бие их мууддаг байсан.Том гэдэстэй, явган яваад амьсгааддаг сонин хүүхэд байлаа.Эмнэлгээр яваад нэмэргүй.Манайх Хатгалд хэсэг амьдарсан л даа.Тэнд эмчлүүлээд тус болоогүй.Тэгтэл нэг орой аав хүрээд ирсэн.-Шоронгоос оргоод ирсэн юм уу?
-Бодвол тэгсэн байлгүй дээ.Аав надад үлгэр их ярьж өгнө.Шоронгоос хүрч ирсэн шөнөө намайг өвөртөлж унтсан.Маргааш нь би маш их шээж, бэтгэ маань тэр дороо л эдгэрсэн.Ер нь аав маань засал хийж байна гэж нэг их юм хийдэггүй байсан санагдана.Яахав, хатуу үйлийг засдаг л байсан байх.-Олон удаа баривчлагдсан уу?
-Олон доо.30 гаруй жил шоронгоор явсан.Монгол, төвд бичиг үсэг сайтай, тоонд их гаргууд хүн байсан юм.Үнсэн самбарт тоо бичиж хүмүүсийн төөрөг заяаг хэлдэг, хүнийг шууд хараад мэдэрдэг байсан юм билээ.Би бол ном судар юмаа харж хэлдэг.Аав шиг шууд хараад хэлж мэдэхгүй шүү дээ.Тийм хүч чадал одоохондоо надад хүрч ирээгүй байна.Гэхдээ манайхны удам ирнэ гэж би боддог юм.Гурван зээ, нэг охинтой.Аавын минь сүнс бидэндээ эргэж ирсэн.Тиймээс аавын өвийг залгах үе ойрхон байна.-Ю.Цэдэнбал гуай аавыг тань шоронд байхад Б.Ширэндэвийг уулзуулахаар илгээж байсан юм гэдэг.Тэр тухай та хуучлахгүй юу?
-Судлаачид тэгж л ярьцгаадаг юм.Би тэр тухай сайн мэдэхгүй.Би хүмүүсээс аавынхаа тухай зөндөө их зүйл сонсож байсан.Наадах чинь тэдгээрийн нэг биз.Аав бол аргагүй л чадалтай зайран байж дээ.Ээж бид хоёр анх хот руу нүүж ирээд аавын эгчтэй суусан Даваажав гэдэг айлын хажууд гэрээ барьсан юм.Ээж нүүрс асааж чадахгүй их хөглөдөг байлаа.Нэг орой тэгж будилж суутал гэнэт аав ороод ирсэн.Түүнийг орж ирэхээс өмнө би нүүрсний угаарт цохиулж үхэх шахаж байсан юм билээ. Аав шууд л над руу шанагатай ус цацаж амийг минь авсан. Ер нь их сонин, хамгийн эгзэгтэй цаг мөч бүрд аав маань аль ч шоронд байлаа гэсэн хүрч ирээд л янзлаад явдаг хүн байв.Түүний хувьд шоронгоос гарч явах нь чөлөөтэй байсан юм шиг байгаа юм.Шоронд тэр одоогийн хүмүүс шиг зовж зүдэрч байгаагүй болов уу.Өөр газар байх боломжгүй юм чинь аав минь шорондоо төрийнхөө сүлдэн дор бөө хүний ёсоор зөв амьдарч байсан нь тэр байх.Тэнгэрийг төрт ёстой нь холбож өгөх гэж л бөөгийн эрдэмд мэрийж явсан юм.Харамсалтай нь би хоёр удаа аавыгаа цагаатгах гээд чадаагүй.-Яагаад чадаагүй гэж?
-Бөөгийн зан үйл хийлээ гээд л аавыг баривчилж хорьдог байлаа шүү дээ.Энэ бол хэлмэгдүүлэлт.Бөөлөхдөө хүнээс өргөл барьц авдаг байсан гэж ялласан юм билээ.Есөн хадаг, гурван дээлийн өнгө, дөрвөн данх, 273 төгрөг л авсан байдаг юм.Үр хүүхдүүд минь Дээд шүүхээр хөөцөлдөх байлгүй дээ.Хуулийнхан болохоор хэлмэгдүүлэлт биш ээ, тэр үеийн хуулийн заалт нь тийм байсан юм гэдэг.Гэхдээ бөө, шашныг хорьж байсан үеийн хэлмэгдүүлэлт яах аргагүй аав дээр их хатуу туссан гэж би үздэг юм.Одоо цагт юун 273 төгрөг, хэдэн тэрбумаар нь ууж идэж байна шүү дээ, энэ эрх мэдэлтнүүд нь.Гэхдээ аав шоронд орохыг ер тоодоггүй хүн байсан.Хамт хоригдсон хүмүүс нь ярьдаг л юм, Дамдин зайрантай л хамт хоригдох юмсан гэцгээдэг байсан гэж.Шоронд хонины мах чануулж идээд л, дуртай үедээ гардаг, хүмүүст их тусалдаг, шидийг ч үзүүлчихдэг, ер нь их олон түмэнтэй хүн байж дээ.-Бөөд хүмүүс өргөл барьц өгөх ёстой юу?
-Хүмүүс лус савдгаа хилэгнүүлж байна.Хэрүүл үүсгэж байна.Энэ бүхнийг засахын тулд заавал тэнгэрээ аргадах хэрэг гарна.Барьц өгнө гэдэг чинь хүний л муу үйлээс болж байгаа юм.Өргөл барьц гэдэг бол тухайн үйлээсээ шалтгаална.Өргөл барьц өгч л таарна.Гэхдээ тааруулж авах нь чухал.Ул үндэсгүй өргөл барьц бол аль алиндаа зохимжгүй.-Таны ээж бас удган хүн байсан уу?
-Ээж болохоор Завхан аймгийн Яруугийн голын хүн.Ягаан удган гэж байлаа.Хөвсгөл рүү нүүж очоод Хатгалын ноосны үйлдвэрийн анхны ажилчин болж байсан юм.Ээжийн талд лам олонтой.Цагийн эрхээр хил давж гарсан лам ч бий.Аавын минь ээж нь түүний тэнгэрийг таньж удган болгосон.Бие нь их мууддаг хүн байсан юм.Сүүлдээ чадалтай удган болсон доо.Ялангуяа хүүхдэд их ээлтэй.Олон хүнд өвчтэй хүүхдийг амьдруулсан.Одоо тэр азтай хүмүүс нь бидэнтэй уулздаг л юм.Ер нь дээр үеийн улаач нар ямар сайхан улс байсан юм, одоогийнхныг дагуулахгүй чанартай шүү.Гэвч бас л баривчлагдаж байлаа.-Ээж тань хэдэн удаа баривчлагдсан юм бэ.Бөөллөө гэж тэр үү?
-Гурван удаа баривчлагдсан юм.Гэхдээ мөрдөнд нэг нэг хоноод гарч байлаа.Хамаг юмыг нь хурааж аваад явуулдаг байсан.Ааваас хойш архи их ууж байсан даа.Санаа сэтгэл нь ямар олигтой байх билээ дээ.Ээж их олон онгодтой байсан юм билээ.Тэрийгээ хүн бүрд үзүүлэхгүй шүү дээ.Ойр дотны хүндээ л гаргадаг байж.Би одоо шавь авдаггүй.Тийм хэмжээний улаач болоогүй байгаа.-Аав тань бас шид үзүүлдэг их олон янзын онгодтой хүн байсан гэл үү?
-Ер нь манай уг удмын онгод бол өндөр дээд онгодууд юм.Дархадын нисдэг долоон бөөгийнх ч бий.Мөн Есөн их хайрхадын онгод байдаг.Эд бүгдээс сэтгэлд оромгүй хүч чадал гарна л даа.Хулгайч онгодууд ч байсан.Аав минь аль онгодоо ашиглаж байсныг би сайн мэдэхгүй юм.-Аавын тань танилууд, шавь нар нь таньтай уулздаг уу?
-Өө, их олон хүн дурсаж суудаг.Зарим нь ирж уулздаг л юм.Би нэг сайн дурсамжийн ном бичдэг юм билүү гэж бодож байна.Түүхэнд хүмүүсийг зөв бичиж үлдээх нь чухал.Аавыг минь бэрээр нь овоглоод бичсэн хүн ч байж л байх юм. Зарим нь Дамдин зайрангийн аав Батчулуун гэдэг удган байсан гэж бичих вий дээ. Ингэж гажуудуулж болохгүй шүү дээ.-Ер нь хуурамч бөө олон болжээ.Та тийм хүмүүстэй уулздаг л биз дээ?
-Харин тийм ээ.Гэхдээ тийм хүмүүс чинь надаас зугтаадаг юм.Тэнгэр шүтээнээ олон нийтэд таниулах ажил хийж яваа болохоор тэдэнд би их харамсдаг.-Бөө удганд сургалт зайлшгүй хэрэгтэй юү?
-Одоо цагт их хэрэгтэй байна.Зан үйл, онгод тэнгэрийг зөв зааж, хэлж өгөх хэрэгтэй.Дээр үед бол өөр байж.Огт уг байхгүй хүнийг бөө болгоно гэх нь утгагүй шүү дээ.Багш нь тухайн шавийнхаа уг удмыг сайн мэддэг байх ёстой.Гэтэл зарим нь 99 тэнгэрийн дээр байгаа 106 дахь тэнгэрийн онгод чамд байна гэх мэтээр залж байх юм.Ингэж болохгүй шүү дээ.Бөө болох гээд чадаагүй, болих гэхээр больж чадахгүй хүний өмнө хүүхдүүд нь бөхийж очоод мөргөх, өрөвдмөөр юм.Хаанаас ч юм татаж авчраад өөртөө нааж орхисон онгодтой бөөнцөр цөөнгүй байна.Өчнөөн сая төгрөг өгч багш, шавь болоод сүүлд нь багшийгаа хайгаад олохоо больсон ч хүн байж л байх юм.Тиймээс бид бөөгийн ёс зүйн дүрмээ хэлэлцэж баталсан.Яваандаа чанаржих байх.-Та хэдийд удган болсон юм бэ?
-Аав, ээжийнхээ нас барснаас хойш ганц охиноо үхдэгийн даваан дээр, амьдралд шахагдаж явсаар нэлээд хожуу удган болсон.-Охины бие гайгүй болсон уу?
-Одоо зүгээр ээ.Хань бүлтэй сайхан л амьдарч байна.Би чинь бас онгодын хүчээр амьд явж байсан хүн шүү дээ.Ээжийн минь арав гаруй онгод намайг тээж явна.Зайран хүнээр надад хуур бэлдүүлж өгсөн юм.Амь тогтоход тэр нь ч зөв байсан юм билээ.Миний багш чинь Баяр удган.Тэр миний дүү юм.Надад дээд язгуурын, бүр 200 гаруй жилийн өмнө байсан онгодууд ч бий.Миний уг удамд тэр бүгд байдаг байжээ.Өөр дээрээ бороо оруулдаггүй хүн ч манайхан дунд байсан.Энэ ч яахав, бараг жирийн юм.-Тань руу олон хүн ирж засал хийлгэдэг үү?
-Би ер нь хүн хүлээж авдаггүй.Аав, ээж дээр минь даатгалтай байсан, нутаг усны, танилын хүрээнийхээ цөөн хүнийг авдаг юм.Зарим нэг найз нар минь гуйгаад хүрээд ирдэг л дээ.Гэхдээ голдуу утсаар яриад юмыг нь үзээд өгчихдөг.Заримдаа хийхээс аргагүй зарим хүний юмыг тусгайлан хүлээж авахаас аргагүй л болдог доо.-Та Бөөгийн нэгдсэн эвлэлд ямар алба хашиж байгаа вэ?
-Дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа.Бид бөөгийн ёс заншлаа жинхэнэ ёсоор хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Бидний тухай www.mongolianshaman.com сайтаас уншиж болно. -
2. 99 Тэнгэрийн дуудлага
Хамба хилэн хэвнэгтэнгүүд минь
Халиу булган нудрагатангууд минь
Хаш цагаан олбогтонгууд минь
Хэц хэнгэргэн жолоотонгууд минь
Агуу их хүчтэнгүүд минь
Авралт заяат сахиустангууд минь
Далд их биетэнгүүд минь
Давхар олон шидтэнгүүд минь
Хар цагаан гарвалууд минь
Харь халуун гарвалууд минь
Бурхан цагаан гарвалууд минь
Буумал их шүтээнүүд минь
Амьд бүхнийг тэтгэсэн
Алтан шар нар минь
Алсын замыг заасан
Алтан гадас од минь
Атаа таван тэнгэр минь
Лусын найман аймаг минь
Харсан долоон од минь
Барууны 55 цагаан тэнгэр минь
Зүүний 44 харын тэнгэр минь
Хүчин 33 хурмаст минь
Номтын 33 баатрууд минь
Хясаан улаан тэнгэр минь
Хялман хатан ээж минь
Ойхны 13 ноёдууд минь
Номын хатан ээж минь
Сайн зүгийн тэнгэрүүд минь билээ та бүхэн
Саруул зүгийн заяа билээ та бүхэн
Дээд тэнгэрээс заларч
Дэвжид асараас туяарч
Ханат гэрийн хойморт
Халуун голомтын эхэнд
Эргэн байж буугаарай
Найрлан байж цэнгээрэй
Эрдэм чадал, ид шидээ
Хайрлан хайрлан буугаарай.
Өнө их тэнгэрийн
Өндөр дээд шүтээнүүд минь
Өмнө талаас ирэх
Өнө их саадаас нь
Өмөөрч намайгаа хамгаалаарай
Барууны 55 цагаан тэнгэрийн
Урхан цагаан гарвалууд минь
Баруун талаас ирэх
Бартаа их саадыг нь
Барин хааж намайгаа хамгаалаарай.
Хойд зүгийн тэнгэрийн
Хатуу догшин гарвалууд минь
Хойд зүгээс ирэх
Хамаг их саадаас нь
Хүрээлэн байж намайг хамгаалаарай
Зүүний 44 харын тэнгэрийн
Зуун түмэн сахиусууд минь
Зүсрэн ирэх их саадаас нь
Зүсэн байж хамгаалаарай.
Мөнх хөх тэнгэрийн
Мянга түмэн сахиусууд минь
Магнай дээрээс минь ирэх
Мянга түмэн саадаас нь
… улаачаа
Мятрашгүй сайн хамгаалаарай.
Хий их тэнгэрийн
Хийсвэр үүлэн дамжлагатангууд минь
Сэрвийн бүгдээрээ хараарай
Сэртийн бүгдээрээ чагнаарай
Унаган биеийг минь хуяглаарай
Удмын харгуйг минь таниулаарай
Дааган биеий минь тахлаарай
Далдын харгуйг минь хараарай
Тоонон дээр минь эргээрэй
Тод туяа татуулаарай
Гэр дээр минь эргээрэй
Гэрэлтэй туяа татуулаарай
Оргойтой бөөд олуулахгүй
Орхимжтой ламд тушуулахгүй
Хатуу чанга хамгаалаарай
Заяа гуйн залбирч байна
Ерөөл гуйн мөргөж байна.
Гунан хандгайн эвэр бариултай
Гутаар загасан зэр зэвсэгэн холбуйтой
Сухаа улаан бардагаа
Сонгон байж уриалж байна.
Зуун хөлт зултай
Харын сайхан тахилтай
Хамба торгон билэгтэй
Хадаг мөнгөн хавчуургатай
Орон дэлхийн их идээтэй
Идээ бүр нь дээжтэй
Аагтай шаргал цайтай
Таван тансаг идээтэй
Ариун сайхан сүүтэй
Хатуу харын сэрчимтэй
Энэ л сахан хүндлэл дээр минь
Эргэн байж буугаарай
Таныг гэж тахиж байна
Тахил зулаа бадрааж байна.
Мөн гэж мөргөж байна
Мөнхийн зулаа бадрааж байна.
Хаан шиг халамжтай
Ноён шиг номхон
Нам сууж найрлаарай
Удаан сууж ундаалаарай. -
УУЛЗАЖ АЖИЛАА ЯРИЛЦАВ
Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжий, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж, оны сүүлчийн улиралд хийгдсэн ажилууд болон өөрсдийн зүгээс хийсэн ажлаа тайлагнаж ярилцлаа.
Монгол бөөгийн их зайран Батбаяр, Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжий нар ОХУ-ын Буриадад ажиллаад ирсэн байна. ОХУ-ын буриадад ажилласан онцлог байдлын тухай өөрсдийн сэтгэгдэлээ танилцууллаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Тэргүүн дээд зайран Б.Төмжийтэй ярилцах явцдаа 2020 оны 1 дүгээр сард “Монгол бөөгийн онгодын дуудлага, онгод оруулах үдэх нь” сэдвээр ярилцлага хийхээр тохиролцлоо. -
Бөөгийн толь /Өгүүллэг/
-Та үүнийг авчих, хямдхан өгнө шүү! гээд намхан залуу өмнүүр хөндөлсөөд намайг зогсоочихлоо. Урд өмнө олны дунд хэн нэгэнд ингэтлээ ээрэгдэж үзээгүй тул бушуухан л унаа олохын түүс болсон би хэрхэндээ тэвдэж:
-Ах нь яарч явна гээд эргэсэн юм. Ямархуу төрхийн залуу чухам юу зарах гэж байсныг үнэндээ анзаарсангүй. Буудал хүрээд барьснаа газар тавьж, түр амсхийгээд ойрхон унаа харагдахгүй байх чинь, тамхи асаадаг юм билүү гэж зогстол гэнэт тохойноос зөөлөн нударлаа. Эргэн харвал өнөө залуу нилээд царайчлангуйгээр:
-Та авчих л даа, танд хямдхан өгнө шүү гээд хүрэн аравчаар нь нарийсган хүрээлсэн шаазангийн дайны дугираг толь үзүүллээ. Дэмий амарлаа, шуудхан явчихдаг байж гэж бодсон би ачаагаа авах гэж тонгойх зууртаа:
-Авгай хүүхдийн аахар шаахар зүйлээр ах нь юу хийхэв, өөр хүнд үзүүл! гээд гэдийхэд бүр урд минь гарч зогсчихоод:
-Танд хэрэг болно доо. Ид шидтэй гэх нь юу юм. Ямар ч байсан танд хэрэг болох эд шүү гээд өнөө толио үлээж ханцуйгаараа хэд шудран арчсанаа:
-Та хар даа. Онцгой доо, онцгой гэснээ нүүрэнд маань бараг наах шахам тулгалаа. Яг энэ үед миний сониуч зан гэнэт хөдөлж, тортойгоо буулган газарт тавиад толийг сонирхож эхэлсэн юм. Ингэх шалтгаан надад байсан учраас тэр. Шалтгаансах юу байхав, толины тухай нэгэн содон яриа миний гайхлыг ихэд төрүүлээд байдаг билээ. Юу гэвэл “Лу Арпо 1743” гэсэн бичигтэй толийг хэзээ ч худалдаж авахгүй байхыг хоёр зуу гаруй жил сануулж байдаг гэсэн тэнэмэл үг намайг хатгасан хэрэг. Ийм бичигтэй толинд харсан хүн үхдэг, эсвэл цус харваж удаан хугацаагаар тарчилдаг гэдгээс өгсүүлээд ер бусын ийм хачирхалтай үзэгдэл агуулсан толь байдгийг олонтаа уншиж, сонсож, шал дэмий юманд тархиа гашилгаж суудгийг энэ учрал сэдрээж орхисон юм. Толинд ямар нэгэн далд совин, харш үзэгдэл агуулагддагт итгэх нь юу юм бишрэх аяддаг ч гэх үү. Унтаж байгаа хүний цээжин дээр толь тавиад яриулдаг ч гэх шиг, үхсэн хүний дүр толинд харагддаг ч гэх шиг этгээд этгээд санаанууд тэрхэн хоромд зурсхийн орж ирээд болдоггүй. Ямартай ч миний эрэгцүүлдэг, хоосон мөрөөдөл таамгийн нэг нь толь л доо. Нимгэн хүрэн аравчаар нь хүрээлсэн нь сэмэрч хуучирсан агаад ямар ч бичиг үсэггүй толийг би эргүүлж тойруулан харж, чамгүй ажиглангаа худалдаж авахаар шийдлээ.
-Чи ямар үнээр өгөх юм бэ? гэвэл намайг юу гэх бол гэсэн горьдлогын харцаар над руу чимээгүй харж зогссон залуугийн нүд илэрхий сэргэж:
-Танд хямдхан өгнөө, ердөө нэг шил юмны үнээр авчих гээд тамхинд шарласан орсгой шүдээ ярзайлган инээж байх юм.
-Яагаад заавал надад зарах гээд байгаа юм бэ? гэвэл энэ нөхөр ч авч таарах нь гэж илт урамшин толио магтах үгийн эрэлд гарав бололтой нүдээ эргэлдүүлэн хоромхонд:
-Та харваас юмны чанар мэдэх хүн байна. Энэ толь долоон үе дамжсан бөөгийн толь байгаа юм. Дүү хүү нь ямар ид шидийг нь гаргаж чадах биш. Алсдаа танд хэрэг болох эд шүү. Гадаадад хуучны эд зүйлс үнэд хүрдэг гээ биз дээ гээд ашгүй ам ангайсан дээр нь гэсэн бололтой толио миний гарт атгуулав. Долоон үе дамжсан бөөгийн толь гэсэн үг миний сонирхолыг хуурай өвсөнд ассан гал шиг дүрэлзүүлэв. Байж болох шүү дээ, хэн нэг бөө хэрэглэж байгаад нас барсан, үр хүүхэд нь хадгалж явсаар өдий хүрсэн гээд бодсон чинь бүр ч сонирхол татаад явчихлаа шүү. За, тэгээд бөөгийн толь биш байсан ч хүнд эд илүүдэх биш гэж бодсон би сониуч зангаа улам лавшруулан:
-Энэ үнэхээр бөөгийн толь юм уу? хэмээн их л бишрэнгүй асуухад минь өмнөөс:
-Тэгэлгүй яахав, чамгүй чадалтай бөө эдэлж байсан юм. Юмны чанар мэддэг хүн гэж өөр юмаа. Сайхан толь шүү, ёстой эртний ховордсон эд наадах чинь гээд гараа сарвайж байна гээч. Түүнийг би сайн ажиглалаа. Харваас нүүр царай нь барзайж батгатан харлаж, хамар нь монцойж улайсан, хир тоосондоо баригдаж, үжрэх шахсан нэвсгэр хувцастай түүнийг хараад гэнэт дургүй хүрч:
-Нэг их зарчихаар бас авчихаар эд биш л байна даг. Ийм туусайн толинууд хог дээр хэвтэж л байдаг юм гэвэл залуу наймаа буцах нь гэхдээ сандарч бараг л ээрэх нь холгүйгээр:
-Яалаа гэж ах минь, ядарсан ч гэсэн хулгай хийж уухгүй эр шүү. Энэ толь манайд их удсан гэж танд хэлсэн дээ, долоон үе дамжсан бөөгийн толь гэж … хэмээн түгдчив. Бөөгийн толь гэсэн нь нэг л сонин санагдаад бас түүнийг арчаагүй байдлыг өрөвдсөн маань нэмэгдэж:
-За за, ах нь тоглосон юм аа. Би авлаа гээд хэдэн төгрөг гаргахад нөгөө залуу юун тоолох үг сүггүй шүүрэх шахам аваад л олны дундуур чавхнаас алдуурсан чулуу шиг зүсэн алга болсон юм даг.
Гэртээ хариад эхнэрээсээ эрүүний шөл уух нь тэр. Эхнэр маань хүнээс далд намайгаа ёстой хулхийг нь буулгана шүү дээ. Уг нь би их л сонирхолтой наймаа хийсэн боловч:
-Тэр өгөр архичин, хогоос олоод л чамд зарчихгүй юу. Гэрт хоёр гурван босоо толь байна даг. Наад эргүү толгойгоо харах гээд байгаа юм бол гээд л бууж гарав.
-Долоон үе дамжсан бөөгийн толь гэсэн шүү гэж өөрийгөө зөвтгөх, толио үнэлүүлэх санаатай хэлбэл:
-Элэнцгийн чинь бөөгийн толь гэж. Юуны чинь долоон үе дамжсан энэ тэр вэ, эргүү минь. Бөө нар чинь дугуй зэс тольтой байдаг юм. Ядахдаа зэс шил хоёроо ялгаач дүнхүү минь гэснээ эхнэр инээж байнаа. Уур нь гарч байгаагийн шинж.
-Толинд их учир бий шүү, бид л мэддэггүй болохоос биш гэвэл нөгөө толийг авч харсанаа эхнэр:
-Юуных нь учир начир, ид шид, бөө мөө байхав дээ. Халцарч загалтсан хогийн новш л байна. Гаргаж хаявал таарна гэснээ над руу эгцлэн харж:
-Хүүхэд шиг юм ярьж байхаа хэзээ болих хүн бэ, чи гээд хөхөрсөнөө нөгөө толийг орны хөндий рүү чулуудчихав. Би ч хоолны ногоо арилгах ажилд шамдлаа. Хэн хэн маань дахин үг дуугарсангүй. Хэнд ч хэрэггүй үнэхээр л хогийн новш байснаас эхнэрийн санаанд дахин ороогүй бололтой.
Би бага хүүгээ өвөртлөөд унтахаар хэвтсэн ч нойр хүрдэггүй. Тэгээд толины тухай уншсан сонссоноо эрэгцүүлэв. Толины тэр ид шид нь гэм зэмтэй хар буруу санаатанд л нөлөөлдөг байх. Толинд харсан хүн л үхээд байдаг бол хорвоо хоосорчихолгүй яахав. Толинд ямар нэг нууц далд увидас хадгалагддаг л гэж бүр эрт дээрээс ярилцсаар л ирсэн. Зарим хэсэг нь итгэсээр л байдаг аа. Ам дамжсан яриа ер нь үнэн л болж хувирдаг. Бичиг үсэг мэддэггүй өвөө маань хүртэл хагархай толь хадгалдаггүй юм гээд толины хагархайг хог дээр хаяж байснаас эхлээд нөгөө нэг бичигтэй толь Францын цагдаагийн газрын подвалд хэдэн зуугаараа хог болон хэвтэж байдаг гэснийг хүртэл санаж хэвтлээ. Гэхдээ яг ийм тийм гэж биеэрээ мэдэрсэн биш. Сонирхоод л гайхаад л хачир чимэг нэмж маазран ярьж явахаас хэтрэх биш дээ. Нэг л мэдэхэд эхнэр хөнжлөөс татаж:
-Хүүе, нар ханын толгой давлаа гэж байлаа.
Толь худалдаж авсны маргааш өглөө л ногоон Бямбаатай ёстой улаан халз тулгарав. Эхнэр бид хоёр радиогоор зарлуулахаас наагуур л сураглаж байдаг хүн л дээ. Хоёр жилийн өмнө зээлсэн мөнгөө одоо хүртэл ядаж зах зухаас нь ч гэсэн увуулж цувуулан өгөлгүй хэл ам татлаж, эхнэрийн уурыг барж дуусаад шүүх цагдаадаа хүрэх л үлдээд байгаа юм. Уг нь миний багын найз, хээ шаагүй цөлх эр. Уулзах гэхлээр олдохгүй бултаад байдаг хүн ингэж улаан зам дээр гэнэт тааралдах юм гэж би яаж санахав. Мэндийн солиогүй л:
-Нөгөө мөнгөө яасан бэ? гээд л алдчихвий гэсэн шиг гарыг нь чангахан атгаж тавилгүй зогсоогоод авлаа шүү. Ногоон Бямбаа ч нөгөө л хэлдэг үгээ хэлэх байх даа гэтэл:
-Найз нь ёстой цуглуулж амжихгүй явна. Дүү маань Дарханаас овоо хэдэн төгрөг явуулна гэсэн. Тун удахгүй гэсэн шүү. Өчигдөр өөрөө над руу утсаар ярьсан юм. Чамаас санаа зовоод уулзахгүй удчихлаа. Өнөөдөр би дүүтэйгээ утсаар ярина. Орой танайд очиж, та хоёрт мөнгө өгөх хугацаагаа хэлнэ. Яалаа гэж таг чиг болохов дээ, танайхан сайн биз дээ, очиж байгаад тухтай ярилцъя гээд л инээмсэглэн ярьж байнаа. Би ажил руугаа яарч явсан тул түүнтэй удах хэрэггүйг санаж:
-Чи орой яг очно биз. Тэгээд битгий усанд хаясан чулуу шиг сураг тасарчихаарай! гэхэд ногоон Бямбаа:
-Чи ямар намайг мэдэхгүй биш. Ажил төрөлгүй л болохоос биш архи ууж балайтдаггүй шүү дээ. Мөнгөө цуглуулж чадалгүй удсандаа дөлөөд байгаагаас биш өвгөн чинь худлаа яриад явдаг хүн биш ээ. Орой танайд яг очно, би нэг ажилд орох санаатай гээд гүйх шахам холдоод явчихлаа. Нэгэнт тааралдсан дээр нь гэж бодсон ч хоосон хүний юу гэдэг билээ, хоёр чихийг авалтай биш. Би ч цаашаа алхлаа. Тэрний ирж уулздаг ч дээ, үлгэр л биз. Ядаж эхнэрт харагдаад хэдэн үг хэлчихвэл зөөлрөх байх. Би тэр хэдэн төгрөгөөр хохироод юу шалихав. Харин эхнэр л чамаас боллоо гэж өдөр өнжилгүй үглэх нь яршигтай байдаг юм.
Ногоон Бямбаатай тааралдсан гэж эхнэртээ хэлсэнгүй. Өнөө гай нь ирэхгүй бас л хэрүүлийн нэмэр гэж бодсон юм. Сонин гарчиглангаа зурагт руу хальт харсан шиг сууж байтал хаалга сэвхийтэл нээгдэж, ногоон Бямбаа салхи татуулан ороод ирлээ шүү. Үнэхээр худлаа хэлсэнгүй ээ. Яг нүүр тулаад уулзахаараа эхнэрийн маань ааш зөөлөрч байна гээч. Ногоон Бямбаа хөлсөө шудран сүүтэй цай ууж, хоол идэж баахан ярьж суулаа шүү. Гэнэт миний саваагүй зан хөдөлж орны хөндий рүү мөлхөн өнөө толио гаргаж ирлээ.
-За яахнав. Чи чинь арай хүүхэн шиг тольдож бас буддаг болсон юм биш биз гээд ногоон Бямбаа маг маг хөхрөхөд эхнэр тэндээс:
-Наад мангар чинь захаас авсан юм гэнээ. Энэ бид хоёр ийм л наймаа хийнэ л дээ. Өгөр архичин хогоос аваад энүүнд зарчихгүй юу. Наадахыг чинь унаж тустал нь хуурч, бөөгийн толь энэ тэр гэж байгаад архины мөнгө аваад арилаад өгсөн байгаа юм даа гэж хэлээд муухан мушилзав. Эхнэрийн үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргасан юм шиг суусан ногоон Бямбаа миний гараас толийг авч эргүүлж тойруулж хараад:
-Бөөгийн толь гэнээ, энэ үү гэснээ үлээж байгаад арчиж нүүрээ хараад:
-Бөөгийн толь мөн бол ч учиртай байж мэднэ шүү. Толины тухай янз бүрийн л сонин хачин яриа сонсож явлаа. Элдэв шалдав юм сонирхож явдагаараа чи л ид шидийг нь мэдэж байгаа байх гээд толийг надад буцааж өгөв. Тэр нэг их сонирхож байгаа шинж алга. Энэ толиороо түүнийг айлгах санаа төрж:
-Чи үүнд өөрийгөө нэг сайн хар. Ид шидтэй эд байгаа юм гээд инээхэд минь ногоон Бямбаа толийг авч нүүрэндээ тулгах шахам ойртуулаад:
-Харъя, харъя. Энэ чинь бөөгийн толь гэлүү, хөөрхий ногооноо ч ингээд бөөгийн дансанд орлоо доо хэмээгээд маг маг хөхөрч толь руу нүдээ бүлтэлзүүлэн харж хэсэг болоод надад өгөв.
-Тэр мөнгөө хэлсэн хугацаандаа өгөхгүй бол нөлөөтэй толинд дүр чинь байгааг санаж яваарай! гэхэд эхнэр тэндээс:
-Үгүй ер өө, мөн их айлгав аа чи. Хогийн толинд ямар юмных нь шид шид байхав. Бямбаа чи надад ам өчгөө өгчих, тэр нь өлзийтэй гээд гарав. Ногоон Бямбаа аанай л маг маг хөхөрч:
-Ингээд чиний бөөгийн дансанд орлоо доо, хөгшин чинь. Нэг их санаа зовох хэрэггүй, та хоёрын мөнгийг яг хэлсэн хугацаандаа авчирч өгнө. Үүнийг л хэлэх гэж бүр зорьж ирсэн юм л даа. Би чинь эр хүн шүү дээ. Дүү өөрөө ирнэ гэсэн. Дүүгээ дагуулаад л танайд хүрээд ирнэ гэснээ хүүхэд шиг шилээ маажиж суусан юм даг.
-Цаад эргүү чинь ирдэг л байгаа даа гэж эхнэрийг лавлан асуухад муу ч гэсэн эр хүн байна даа гэж дотроо өмөөрсөн би:
-Ирэлгүй яах юм бэ? Ирнэ гэдгээ хэлэх гэж бүр хэрэг болгон бид хоёртой уулзаж байна шүү дээ гэснээр энэ явдлыг мухарлсан билээ.
Муу үг модон улаатай гэж ярьдаг, заримдаа үнэн байх. Ажил хариугүй тарах дөхөж байтал утас жингэнэв. Эхнэр ямар нэг даалгавар өгч, лүндэн буулгах нь юм болов уу гэсээр автал биш ээ.
-Байна уу, чи ч суудалд нь наачихсан юм шиг байгааг мэдэж байнаа. Танайхан сайн уу? гэх шингэн дуугаар нь би хэн ярьж байгааг төдөлгүй танив. Мэнд сольж, хэд гурван үг амнаас гаргатал:
-Танай ангийн ногоон Бямбаа … гээд чимээгүй болчихлоо.
-Тэр нөхөр яасан бэ? Чамаас мөнгө зээлсэн үү? Гэтэл өөдөөс намуухан дуугаар:
-Юун мөнгө зээлэх вэ? Аймаар юм болсон ш дээ гээд бас л чимээгүй болчихов.
-Цаадах чинь зүгээр үү, яачихаа вэ? гэж би сандран хашгирах шахам асуухад:
-Гудамжинд явж байгаад гэнэт унаад л нас барчихсан гээд мөн л чимээгүй …
-Чи үнэн ярьж байна уу?
-Ингэж ч худлаа ярьдаггүй байхаа! Сүүлд суусан авгай нь манай нөхрийн эгч шүү дээ.
-Яасан юм болоо, зайлуул!
-Би яаж мэдэхэв дээ. Чамд дуулгалаа шүү, зүв зүгээр явж байгаад л уначихсан гэсэн … гээд утсаа торхийтэл тавьчихлаа. Миний дотор харанхуйлан амьсгаа давчдаад явчихав. Өчигдөр орой манайхаас эрүүл саруул гарсан хүн өнөөдөр үхчихлээ гэж үү! Би анхандаа итгэж чадахгүй байсан ч өнөө толио бодоод аажимдаа итгэж эхэллээ. Танд хэрэг болох эд шүү гэсэн залуугийн үг зүрх зүсэн дуулдахад хэрэг болж байгаа нь энэ үү, миний найзыг алчихлаа шүү дээ гээд ширээн дээрхийг ундуй сундуй орхин гарч гэрийн зүг харайлгалаа. Эхнэр намайг хараад гайхаж байгаа нь илт.
-Нохойд хөөгдсөн юм шиг юундаа гүйдэг байнаа. Чамайг гудамжинд харсан хүмүүс лав галзуурсан гэж бодсон байх даа гэлээ.
Би хүрмээ тайлж ор луу шидчихээд үг ч дуугаралгүй хувинтай уснаас шанагаар хутгаж хоёр завжаараа савируулан залгилаад:
-Нөгөө толь хаана байна вэ, толь яасан бэ? гэж салгалан асуухад эхнэр бүүр ч гайхав бололтой:
-Чи чинь эрүүл биз, эргүү минь. Хогийн толины төлөө ингэж амьсгаадан гүйхдээ яахав дээ. Элэнцгийн чинь бөөгийн толь. Хаанаас гарч ирсэн өгөр хог юм бол доо. Би шөнөжин зүүдэлж, хүн үхэж байна гээд нойртой хонож чадсангүй. Тэр өгөр хогийг чинь өглөө хашаа давуулаад шидчихсэн гээд эхнэр ундууцан үглэлээ. Хэлэх гэтэл үг уруул давдаггүй. Сандарч тэвдсэн би ёстой л галзуу хүн шиг харагдсан байх. Арай гэж нэг юм:
-Хааш нь хаясан бэ? гэж асуухад эхнэр над руу зэвүүтэй харсанаа:
-Үнэхээр солиорчихоогүй л юм бол суугаач, эргүү минь гээд аяга дөхүүлэв. Би суух байтугай үг ч дуугаралгүй гүйхээрээ гарч хашааны зүүн булан тойртол сагсайж ургасан шарилжин дундах хэсэгхэн халцгайд бөөгийн толь уруугуу харан хэвтэж байв. Ухасхийн тонгойж аравчнаас нь таван хуруугаараа базаж өргөвөл бутарч үйрсэн толины хагархай газарт гялтайн үлдлээ. Гарт баригдсан аравчны дотор талыг зэрвэс хартал “Лу Арпо 1743” гэсэн бичиг үзэгдэх нь тэр. Би нүдэндээ итгэсэнгүй. Бичгийг хуруугаараа тэмтэрч үзвэл товойлгон цутгасан нь мэдрэгдэж байв.
-Газрын хаанаас гарч ирсэн гай вэ? гээд би толины аравчийг их л хүчтэй шидтэл ердөө миний дэргэд навч шиг салхинд эргэлдэн унаж байгаа нь харагдав.
/МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П. Батнайрамдалын “Зүүдэн нуур”өгүүллэгийн түүвэр номоос авав. УБ. 2008 он/