Category: Онгод тэнгэрийн айлдварууд

  • Галын даллага

    гэж хүн бүхэн хувин, сав, тавагтай идээгээр даллага хурайлан дуудаж даллага авах ба бас хуудам хаагаар даллага авах ч байдаг. Өчиг, даллага дуудаж байхад архи дарс, өөх тос, амс зэргийг дахин дахин өргөж байх хэрэгтэй. Галын даллага авах үес хүн бүхэн энгэрийн товчоо мултлан, цээжээ сэлж хишиг буяныг биедээ шингээж аваад даллага дуудаж төгсмөгц энгэрээ товчилж буян хишгээ хадгалдаг.

    Хүлцэл гуйж очих. Галын тахилгыг дуудаж дуусан дуустал галын эзэнд тахил тавигийн зүйлийг тасралтгүй өргөж байх ба ихэд бишрэнгүйгээр сүслэн мөргөж залбирал үйлдэн ариун буяны хишиг арвижуулахыг зорино. Гал тахисны хойно галын бурхнаас хүлцэл өчиж гуйн мөргөдөг сайхан заншил нийт монголчуудад бий. Энэ нь нутаг нутгийн гал тахих ёс харилцан адилгүй бөгөөд баахан зөрүүтэй ба гал тэнгэрийн таалал ямар байхыг эс мэдсэн дээрээс буюу доорд сэтгэлийг барьж омогшил бардамналыг номхотгон хүлцэл өчиж айлтгадаг.

    Бидний мэдлэг чадвар мөхөс, урьдын ёс журмыг ёсчлон үйлдэж мэдэхгүйн улмаас сайтар хүндэлж чадаагүй алдаа эндэл байсан бол авран өршөөж хайрлахыг гуйя гэж нүгэлээ наминчлан хичээнгүйлэн айлтгасан утга агуулдаг. Монгол хүн гал усанд ам гарч болдоггүй гэж хэдий сайтар ёсчлон тахисан боловч хүлцэл өчиж, уучлал энэрлийг гуйж, нүгэл гэмээ наминчлан цагааруулахыг хүсэж айлтгадаг байна.

    Хүлцэл өчих явдал хүмүүжил боловсрол ёс жудгийн эрхэм агуулгатай бат журмын ёсыг агуулсан яруу найргийн сэдэвчилсэн төрөл юм. Ялангуяа бөөгийн яруу найрагт хүлцэлийн сэдэвт шүлэглэл түгээмэл байдаг. Жишээ нь:

    Барайсныг хардаггүй
    Бархирсныг сонсдоггүй
    Усан хар нүдтэн
    Цусан улаан зүрхтэн
    Өнөө үеийн хойчис
    Мөгөөрсөн биет нялхас бид
    Мэдэхгүй байгааг маань
    Мэргэндээ тольдож мэдээд
    Өршөөж хайрлаж соёрхоно уу гэх мэтээр хүлцэл өчиж айлгадаг.

    Галын хүлцэл
    Аль бас бидний мэдэл чадал муугийн эрхээр
    Ариунаар тахин хүндэлж эс чадсан тэргүүтэн
    Алдал нүгэл хэдий чинээн болсныг гэмшин наманчилъя
    Аварч хүлцээд гэмгүй болгон соёрхоо

    Гал тэнгэрийг ажааруулах.Галын тэнгэрийг тахиж ерөөл тавьсаны дараа гал тэнгэртээ архи дарс, хишиг амс өргөн галын тэнгэрийг хурааж дэгдээх зан үйлийг Гал тэнгэрийг ажааруулан хураах гэж нэрлэдэг.

    Эрх хүчин төгөлдөр гал тэнгэрийн чуулган үеэр
    Энэрч манай тусыг бүтээсэн маш их ачтай болов
    Эдүгээ өөрийн оронд ажааран залраад
    Эгүүрд султгалгүй нигүүлсэнгүй бээр айлдан соёрх
    Хамаг ертөнцөст өвчин гамшиг хэрүүл тэмцэл
    Хамаг үл зохилдохуун амирлаад ном буян
    Хамаг хүсэгдэхийн учрал зуны агаар мэт дэлгэрч
    Хамаг сайн буяны цогт цэнгэхийн өлзий хутаг орштугай.
    гэж ерөөл тавиад гал тахилгын явц өндөрлөдөг.

  • Гал голомтын тахилга.

     

    “…Дээрх мөн тэнгэрийг тэвшин төдийхөн бүхийгээс
    Доорх этүгэн эхийг өлмий чинээхэн бүхийгээс
    Сүн далайг чалчааг бүхийгээс
    Өөд заяасан гал, галайхан ээждээ
    Өөх тосыг өргөнөм билээ…” гэх мэт дуудаад архи сархад,өөх тос өргөдөг.

    Гал голомтын эзэн тэнгэр. Гал голомтын эзэн тэнгэр нь голомтын хулгана зүгт байрладаг учир гэрийн эзэгтэй нар цайныхаа дээжийг голомтын эзэнд буюу хулгана зүгт өргөдөг. Гал голомтын эзэн нь тэнгэрийг цочоохгүйн тулд дэргэд нь мод, түлээ хагалахыг ихэд цээрлэхийн дээр энэхүү эзэн тэнгэрийг ариунаар хүндэтгэн шүтэж байхын тулд гал руу ус, шүлс, элдэв муухай үнэр гаргах зүйлийг хийхгүй, хурц үзүүртэй юмаар чичихгүй, тогооноос хутгаар мах шорлог авахгүй, галын эхээр алхахгүй байх ёстой байв. Харин гал голомтын эзэн тэнгэрт архи сархад, өөх, тос зэрэг галын дөлийг хялбархан бадраах зүйлсийг өргөж түүнийг үргэлж баясгаж байх ёстой ажээ.

    Гал тахих зан үйл. Зул сарын 23, 24-нд буюу өвлийн адаг сарын 30-нд гал голомтоо тахидаг уламжлал нийт монгол түмний дунд түгээмэл байжээ. Энэ нь галын бурхан Галайхан ертөнцөд залрах хийгээд өөд болон дэгдэж ажаарах үестэй холбоотой хэмээн домоглодог.

    Гал тахих ёсны бэлтгэл. Айл бүхэн гэр орон, хашаа, хүрээ, хот хороогоо цэмцийтэл цэвэрлэх, тулганы доор элс асган засаж, индэр хэмээн нэрлээд тулга, тогоо тосгон бэлтгэснийг утаа шүүрдэх гэдэг. Галын тэнгэр маш ариун цэвэр орчинд залрах бөгөөд бузар буртаг, хир, тоос, яс тоорог тэргүүтнээс бузартах нь амархан тул хичээнгүйлэн ёсчилон үйлдвээс зохих ба галын тэнгэрийг бузартуулбал тотгор гамшиг нь үлэмж хэмээн цээр хориг сахидаг. Гал тахилгын бэлтгэл хийж, утаагаа шүүрдэхдээ усан ариутгал, гал ариутгал, салхин ариутгал, шороон ариутгал, модон ариутгал хэмээн таван язгуур махбодоор ухияал ариутгал үйлддэг.

    Усан ариутгал хэмээгч нь усанд булхаж угаах хийгээд ухияалын хорхог тэргүүтэн олон зүйл бий. Гал ариутгал хэмээгч нь галын дундуур гаргах ба галаар төөнөн ариулах хийгээд арц, ганга, агь жодоо унгатган ариутгах тэргүүтэн олон зүйл бий. Салхин ариутгал хэмээгч нь арьс нэхий, ширдэг дэвсгэр, хивс, олбог талбаг, эсгий, дээл хувцсыг хэцэн дээр тээж, салхинд тавих тэргүүтэн олон зүйл бий. Шороон ариутгал хэмээгч нь хуу домбо, данх танх, тогоо шанага зэргийг торгон элсээр зүлгэж өнгөлөх тэргүүтэн олон зүйл бий. Модон ариутгал хэмээгч нь арц, жодоо түлж үнэрээр нь ариулах ба гавар, зандангийн үнэр шингээх тэргүүтэн олон зүйл буйн дээр саваа салбартал гөвж гөвшиж ариутгах нь түгээмэл байдаг.

    Галын тахилганд өргөх шар халзан толгойт цагаан хонины өвчүүг галд хуйхлан, тогоонд ус хийгээд айраг сүүгээр ес дусааж цагаалаад, өвчүүгээ тогоонд үйж, гургалдай, шаант чөмөг, үхрийн өвчүүний хэрсэн, аман хүзүү, дөрвөн өндөр, хавирга, сээр, дал зэргийг давс хийлгүй чанахыг өвчүү өтгөрүүлэх гэж нэрлэдэг. Өвчүү өтгөрүүлэхдээ улаан махыг хар ус луу шууд үйдэггүй, эрхбиш айраг сүүгээр ес домнон цагаалж байж үйдэг заншилтай юм. Өвчүү өтгөрүүлэх үес заавал гургалдай чанадаг. Гургалдай гэдэг нь цагаан мах, найз, авид, авис, хошигног гэх мэт олон нэртэй бөгөөд амны хишиг буяныг арвижуулагч, өвс ургамлын сөл шим мөний тул хишиг даллагын хөнөгт байвал зохих идээ мөн. Өвчүү өтгөрүүлэхдээ давс хийж чангаруулдаггүй. Учир нь давс ерэн есөн гэмтэй нэг эрдэмтэй гэж хэлэлцэнэ.

    Өтгөрүүлж болгосон өвчүүг тэвшинд гаргаж их гэрийн хоймроор нар зөв эргүүлэн ширээн дээр тавьж гар хуруугаа арц сангаар ахин дахин ариулж, ам хамраа алчуураар ороогоод хутгаа хөнгөн эргэлдүүлэн, үе мөчийг нь хөндөлгүй өөх махыг нь хайж яснаас нь салгахыг өвчүү цөмөх гэж нэрлэдэг. Өвчүү цөмөхдөө бүдэрхийг нь авч болохгүй. Харин хуримын өвчүү байвал бүдэрхийг нь авч үлдээдэг учир бий. Өвчүү цөмөхдөө ам хамраа алчуураар ороодог нь галын тэнгэр Галайханд өргөх өвчүүнд амьсгалаа шингээж болдоггүй учиртай гэнэ. Халуун амьсгалын уураа өвчүүний ясанд шингээчихвэл сүнс зайлж тэнгэрт халина хэмээх учир хянуур болгоомжтой үйлддэг. Өвчүү цөмөх хүн угаалгын хорхогт орж биеэ ариулсан байх ба арц, ганга, сангаар унгатгаж, гар хуруугаа ахин дахин ариулж, цэвэр ариуныг сайтар сахихгүй бол Галайхан хилигнэнэ гэнэ. Хурц хутгаар үе мөчийг нь хөндөж эсгэсэн тэмдэг өвчүү өргөж болохгүй. Өвчүү цөмсөн халим өөхийг нэгэн тавагт хийж галд өргөхөөр бэлтгэн тавьдаг.

    Цар таваг дээр ам шар торго дэлгээд, цөмж хайсан өвчүүний ясыг өөд нь хандуулан тавиад галын хишиг, галын амс, галын боорцог, арц, хүж, хялгана, тос, шүүмэл чихэр, бурам зэрэг зүйл овоолон тавьдаг ба харин Ордос монголын Отог, Үүшин зэрэг нутагт болсон арвайн гурилаар сэрх балин гэж ямаа унасан балин засаж түүндээ алт мөнгөн цаасаар нар, сар хайчлан дэрсэнд хавчуулаад оройд нь хатгаж ембүү эрдэнийн зүйл хайчилж хийдэг. Зарим газар өнгө бүрийн торгон утсаар чимж үүнийгээ жолоо гэж нэрлэдэг. Олонх газар өвчүүний өмсгөл хэмээн элдэв бөс торгоны өөдсөөр ороох ба самбай хадгаар боох буюу хонь, ямааны сэмжээр ороож, торгон утсаар буюу хэлхий томсон хонины унгасан утсаар бүдэрхийнээс нь эхэлж ханан эрээдсээр эрж ороодог. Энэ зан үйлийг нийтэд нь өвчүү чимэх гэж нэрлэдэг. Шинэхэн цагаан ноосоор үзэмжтэйеэ ороосон шим, амт, чанар хотол төгссөн ариун өвчүү гэж гал тахих ёсны сударт чимсэн өвчүүг ийнхүү дурдсан байдаг.

    Өвчүү өтгөрүүлсэн шөлөнд улаан чавга, үзэм, шүүмэл, шар тос, бурам, тутарга /цагаан будаа/ хийж болгосныг галын амс гэж нэрлэдэг. Галын амсыг суулга, сав, тавагт гаргаж авах ба гал тахих ёсны эрхэм хүндэт идээ зоог болно.

    Гуулин суулга буюу тэвш, эсвэл даллагын хөнөгт галын амснаас хийж дээр нь цөмсөн өвчүүний мах, шагайт чөмөг, дал, хонины сүүл, дөрвөн өндөр хавирга, гургалдай зэргийг хийгээд чавга тавьж шар тосоор чавгыг мялаагаад дээр газар тавьж гал тэнгэрт өргөснийг галын хишиг гэж нэрлэдэг. Галын даллага авах үест галын хишигийг гартаа барьж хоёр гараараа даллан хишиг авдаг заншилтай бөгөөд гурван хоног гэртээ байлгаж байгаад хишигээ тогтоож хүртдэг юм.

    Тулганы дөрвөн талд хүж өргөх буюу галын аман дахь ширээн дээр есөн зул бадраасныг галын сан гэдэг. Галын сан тавьж гал тулгыг ариутгахаас гадна гал тахих ёсны туршид ариун сан баагиж, сангийн судрыг уншиж дуудах бэлтгэлийг хангана. Галын аман дээр цагаан толог эсгий буюу хивс дэвсэж, явган ширээ засдаг. Ширээн дээр чимж ороосон өвчүүг цар дээр тавьж бүдэрхийг нь галын зүг хандуулан дэргэд нь шимийн архи ба хар архи хоёрыг зэрэгцүүлэн тавьж, нэг аяга айраг, нэг савтай дусаал /өвчүү өтгөрүүлсэн шөлний тосыг хамж аваад, шар тос, чихэр бурам, архи дарс хольсоныг хэлнэ/, халим /халимлаж эсгэсэн өөх/ бас нэг тавагт торго бөсийн цуудас хийж бэлтгэсэн байдаг. Эд бүхнийг галын тахил засах гэдэг.

    Зул сарын хорин гуравны цагаан гэгээ тасрахын үед гал тахихаар бэлтгэсэн цэвэрхэн улаан бургас, хайлаас, хар шаваг зэрэг модыг нэгэн жигд жиргэн, тулганд хайрцаглан өрнө. Доор нь аргал ивэх ба хомоол урж тавиад ноцооход бэлэн болгож,тулганы зүүн талаар сөхрөн, тахилгын бэлтгэл хангах өөр өөрийн үүрэгтэй ажлыг гүйцэтгэхээр бэлтгэсэн байдаг. Гал тахилын судал дуудах лам буюу хар хүн баруун хойт хойморт завилан сууж, судраа дэлгэнэ. Гэрт ирсэн бүх л хүмүүсийн өмнө идээ будаа тавих ба цөм хормойгоо дэвсэн сөхрөн суугаад малгайгаа авсан байдаг Гал тахилгад оролцох хүмүүс монгол үндэсний ёст дээл хувцас, хутга бүс, эмэгтэйчүүд ууж, цэгдэгтэй байх ёстой. Галайхан тэнгэр галын хайчнаас айж ширвээдэг тул галын хайчаа ширдэг доогуураа нуусан байх хэрэгтэй.

    Галын дэргэд түлээ мод хагалж болохгүй. Галын зүг хутга мэсийн зүйл хандуулан тавьж болохгүй. Галын өөдөөс алцайн сууж болохгүй. Галд бохир зүйл хийж түлж болохгүй. Өвчүү өтгөрүүлсэн шөлний хоргыг дэврүүлж, хиншүү хярвас гаргаж болохгүй. Галд сүү өргөж болохгүй. Галд ус цацаж болохгүй. Галд хувцасаа ээж хатааж болохгүй. Галаар тоглож болохгүй. Гал голомтын дэргэд хэрэлдэж, маргаж болохгүй. Галаа харааж зүхэж болохгүй. Галд хөлөө ээж болохгүй. Голомтын галыг дарж унтрааж болохгүй. Гал руу нулимж болохгүй. Галаа хөөрөгдөж асааж болохгүй. Гал руу гараараа чичиж, зааж болохгүй. Галд үснийхээ сэвийг хийж болохгүй. Эмэгтэй хүний буудал буусан бол гал тахилгад оролцож болохгүй. Голомтынхоо галын дэргэд биеэ угааж болохгүй. Гал уруу аяганы шавхруу цацаж болохгүй. Тахилгатай галд тамхины иш хаяж болохгүй. Эд бүхнийг галын цээр хэмээн нэрлэж цээрийн ёсыг ширхэглэн сахих бөгөөд нэгэнт галаа тахиж эхэлсэн бол цээрийг сахиж жил бүхэн тасралтгүй тахиж байх ёстой юм.

  • 19.Буйлаан түргэний онгодын дуудлага

    Шэрэг, шэрэг, шэрэг
    Аяар баруун урд зүгт
    Замбуу тивийн ороноосоо
    Хязгааргүй газарт
    Өндөр сайхан
    Сахатай цагаан уулын эзэн
    Санийшхийн хүбүүн
    Буйлаан түргэн тулмаашимни
    Наана сайхан дуулагты даа
    Хүлүр мүнгэн зодороос ялбуулжээ
    Хүжэ мүнгэн бардасытнай
    Сунган байжа ураадбаб
    Энэ замбуу тивийн ороной амитан
    Буряад гэжэ ясатай л
    Галзууд гэжэ омогтой доо
    Дааган гэжэ уриатай даа
    Чойжилын хүбүүн
    Цэрэн гэжэ нэрэтэй ла
    Дүшэн есөн настай даа
    Хан их гарвалынхаа
    Хадаг торгон жолоошоб доо
    Эзэн их гарвалынхаа
    Элшэ түрэн жолоошоб доо
    Хэлэхийдэ тулмаашамби
    Шарай голой хойморто ло
    Шандан булагай эхэндээ
    Шандаруу цагаан хумые
    Шэрээлдижэ буусан
    Буурал цагаан аав
    Бурхан цагаан гарвал
    Наанаа сайхан дуулагты даа
    Хүлэр мөнгөн зодоороое
    Ялбуулаж урааднаб
    Арван тавны өдөр авсан
    Ая буурал гангаар ариулж
    Алсан сайхан жодоогоороо
    Ураадажа амалав
    Ум ма ни бад мэ хум

    Эх сурвалж: Чойжилын Цэрэн заарингаас авсан дуудлага

    Есөнхийхөө ерөөлгөндөө
    Наймныхаа найгалган дээ
    Болов гэ
    Заа зугаа галяа үгүй
    Замай зугаа амалаа үгүй
    Ута зугаа ураадажа
    Угай харгы мүрдүүлжээ.
    Махан хэлээр мэдүүлээ үгүйб
    Мянган угайм
    Заасан заабари
    Түүхэн хэлээр мэдүүлээ үгүйб
    Түмэн угайм
    Заасан заабари заабариласан
    Шарай голой хоймор талаар
    Шандан булгийн эхэндээ
    Шандаруу цагаан хүмые
    Ширээлдэж буусан
    Буурал цагаан аав
    Бурхан цагаан гарвалынхаа
    Дайдаа дэлэхэйе бүрхээсэн

    Эх сурвалж: “Арван гуран ноёдын дуун” Антоон Мостаэрт Монгол судлалын төв Улаанбаатар хот. 2007 он, 248 дугаар нүүр хуудас.

  • Гал тэнгэрийг үүсгэж залах

    Гал тахих ёс
    Гал тэнгэрийг үүсгэж залах
    Үдшийн цагаан гэгээ тасарч харанхуй болон анхны од түгмэгц гэрийн эзэн хэт цахин гал гаргамагц уугисан уулыг гэрийн эзэгтэй тосч авч үлээгээд, сэвж хөгжөөн галаа ноцооход гэрийн эзэн цартай өвчүүг хоёр гардан авч, үүдний дотор талд дэвссэн шинэ тоног цагаан эсгий дээр гадагш хандан зогсоод, гурван удаа хурай хурай хурай гэж нар зөв хурайлаад, эргэж гал руу хандан бас гурван удаа хурайлан дусаал хэмээх тахилгын цацлыг адислуулан, гал тэнгэрийн билгүүн дүрсийг үүсгэн дүрсэлж, гал тэнгэрийн заллага айлтгадаг. Энэ үесэд галын сан уугиж байх бөгөөд лам галын сангийн судар уншиж байдаг.

    Гал тэнгэрийн билгүүн дүр хийгээд хувилгаан, гэгээн, хийсгэлэн дүрийг дүрслэн өгүүлж, гал тэнгэр нөхөд лүгээ сэлтийг урин дуудаж ариун тахил өргөхийг амлаад, эртний тангаргийг нь дуртган, эгээрэл хүслийг маань бүтээж өгөхөөр энд өөд болон заларч ирнэ үү? гэж асралт гал тэнгэрт хандсан агуулгатай галын заллага айлтгадана.

  • Бие манжиг

    -Монгол харын бөөгийн хуяг хувцасны баруун, зүүн мөргөл, гол манжигаас бусад манжигуудыг ерөнхийд нь бие манжиг гэдэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы, дал мөрний, эгэмний, хөхний манжиг хэмжээн долоон хэсэгт хуваадаг. Эдгээр манжигууд нь бөөгийн хүзүү, сээр, нуруу, хавирга болон дотоод эрхтнүүдийг манасан байдаг гэдэг. Үүнээс гадна баруун, зүүн, хөлийн үе бүхнийг болон хоёр суга, дал мөр, эгэм , хөхийг манасан манжигуудыг бөөгийн хуяг хувцсны бүсэлхийгээс дээшхи зайд дал мөр, суга, хөхний тус газруудад бэхэлдэг. Ингэж бэхлэхдээ бөөгийн бие эрхтэнийг манасан лус савдгийн элч /могой/ нар хийгээд тэдэнтэй нөхөцсөн дээдсийн сүнс-онгод /онгод дүр/-ын хүчийг зузаатгах зорилгоор хэд хэдээр нь бүлэглэн бэхэлдэг.

  • Эртний овог, аймаг, улс гүрний төрийн сүлд тэмдгийн судалгаа

    Монголчуудын дээдсийн байгуулсан овог аймгийн он цагийн түүх 3500 жилээс ч цаашилж байна. Овог аймгаа хамгаалж явсан Их хар сүлдний дүрслэл 3000 жилд холбогдохоор байгааг эрдэмтэд тогтоосныг бид мэднэ. Эртний нэгэн язгуурын дээдсийн шүтлэг эрхэмлэл бүхнийг өгүүлсэн дурсгалуудаар Монгол орон баялаг. Монголчуудын дээдэс хаадынхаа уг удмыг үндэс язгуураа дээдлэн Тэнгэр хэмээн шүтэж ирсэн юм.
    Эртний дурсгалууд уг язгуурын дээдэс, тэнгэр, газар нутгаа дүрслэлээр товч илэрхийлэн харуулдаг. Эртний өвөг дээдсийн ертөнцөд үгээр бичиж үлдээгүйг ч асар их нууц утгыг дүрс дүрслэлээр мэдээлэн хойч үедээ уламжлуулсан хөшөө дурсгалууд болох буган хөшөөнөөс, хадны зургаас сүлд тэмдгийнхээ эхийг хайж тайлбарлах ёстой байна. Өвөг дээдсийн хамгийн дээд эрхэмлэл төрийн сүлд тэмдэгт оршдог.
    Монгол Улсын төр цэргийн гол шүтээн нь Мөнх тэнгэр юм. Мөнх тэнгэр монголчуудын хамгаалалт, их хар сүлдний түүхийг өгүүлнэ Их хар сүлдний дор тодорхой тоогоор тэнгэрүүдээ зохион байгуулдаг. Тэнгэрийн түүх эртний овог аймгийн үеэс эхлэлтэй, бид их гүрэн Хүннүгийн 2228 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгвэл түүнээс өмнө төр үүссэн, Шаньюйгийн ёс тогтсон байв.
    Овог аймгийн холбоод, тэдгээрийн тэргүүлэгч, толгойлогчдод зориулсан буган хөшөөний дурсгал дүрс хийгээд дүрслэлийг эрхэмлэдэг.
    Tөр бий болсон цагт эрхэм дээд шүтлэг, газар шороо нь сүлдлэгдэн дээдлэгддэг. Тэгвэл бид эртний дүрсийн ертөнцөөс эрэл хайгуул хийх хэрэгтэй. Бидний өнөөгийн Монгол Улсын сүлд тэмдэг нь эртний уламжлалт шүтлэг газар шороогоо дээдэлсэн сүлд тэмдэг мөн үү, уламжлал байна уу? Байвал төр үүссэн цагаас байх нь зүй хэрэг. Бидний өвөг дээдсийн нандин шүтлэг хэдий үеэс эх авч шүтэгдэн дээдлэгдээд хэдийн өв уламжлалаасаа холдов гэдгийг бид нарийвчлан авч үзэх нь зүйтэй.
    Төрийн сүлд тэмдэг, үүсэлтэй, уламжлалтай. Монголчуудын өвөг дээдэс хоёр их гүрэн байгуулсан хирнээ төрийн сүлд тэмдгийн уламжлалгүй байсан уу, хэрэв байсан бол цаашид залгамжилсан уу гэх асуулт аяндаа урган гарч байна.
    Эртний хүрлийн үеийн дурсгалууд нь эцэг тэнгэрийн үед холбогдох юм. Тиймээс буган хөшөөний хийгээд, хадны зураг дүрслэлийг зөв тайлбарлах хэрэгтэй байна. Эртний овог аймгийн тэргүүлэгчдэд зориулсан тахилга шүтээний хөшөөнүүд дүрс дүрслэлээр битүү бүрхмэл байдгийг бид мэднэ. Дүрс тэмдэг дүрслэлд нарийн нууц утга, эрхэмлэн оршин байдаг. Эртний дүрсэд Мөнх тэнгэрийн шүтлэг хамгаалалт, газар шороогоо дээдлэн товч тодорхой илэрхийлж хойч үедээ дамжуулан залгамжлуулах эрч хүчийг дохиолон байдаг.
    “Чингис хааны 13 тэнгэр” номын хэсгээс

  • 3.Атаа таван тэнгэрийн өчил дуудлага

    Таван тэнгэрийн хүрээлэл
    Бумбаан намуун оронд
    Гэсэрийн цэцэг соёолж
    Сэнгүр горхиной хоржигнолт
    Ээвийн урсгалаар цэгцэрч
    Цагаан уулын оройд
    Дагшин тэнгэрүүд гэмшүүрхэд
    Цуурын цагаан аянд
    Цуутай онгодууд хурж
    Цагаан өвгөд цугларч
    Өвгөн их туульч
    Өтгэн хоржоор хөөмэйлдэж
    Өндөр хайрхадын амьтдыг
    Өвөр дээрээн цуглуулна.
    Тэнгэр газрын савсалганд
    Аранжингийн амьдрал үргэлжилж
    Энэ нартын орчил
    Мөнх хөдөлгөөнд оршино.
    Аргадагчий уучилж
    Тэрсэлдэгчий уужирч
    Өвөөт жилийн хөтөлүүд
    Ойрхон төрмөлийн жимээр
    Галт үгийн хэлхээсээр
    Гайхалтай холбоосыг бэхжүүлий

  • Айл гэрийн сүлд тэнгэрүүдийн байр, сүлд, айлдах, өргөх, өчиг

     

    Аймаг овгийн сүлд-Монголын нүүдэлчин овог аймгууд Хүннүгийн үеэс, бүр түүний өвөг дээдсээс эхтэй өөр өөрийн сүлд тэмдэгтэй байжээ. Тэр сүлд тэмдгийнхээ нэрээр аймаг улсаа нэрлэдэг ч байж. Буга шүтээнтэй аймаг гэхэд “Бугат” аймаг нэртэй байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1171 онд Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу Хонгирадын Дай цэцэнд зүүдээр дохиолон гар дээр нь нар сар хоёрыг атган нисэж ирээд буув /МНТ, 63/ гэж зүүдлэгдсэнээр улбаалан Тэмүүжин хөвгүүн Бөртэ хатантайгаа анх учирсан бол хожим Чингис хаан зургаан өрлөгтэйгээ мөр харж яваад тайчууд аймгийн сүлд халтар тэхийг атиртал харваж алсан /МНТ, 149/ байдаг. Өнөө хэр буриад арван хоёр омог өөрийн сүлд шүтээнээ түүний уриа дуудлагыг дуудан тахисаар иржээ.

    Айлтгал айлдах-Онгод тэнгэрүүдээс бөөгөөр дамжуулан сүсэгтэнд хандаж гуйсан хүсэлтийн хариуг айлтгал айлдлаа гэдэг.

    Айлтгал өргөх-Сүсэгтнээс онгод тэнгэрт хандаж сүү, идээ өргөхийн хамт хүсэлтээ илэрхийлэхийг айлтгал өргөв гэнэ.

    Айлын онгон-Бөө шүтлэгтэн эцэг өвгөдөөс уламжилж ирснээс эсгий, бөс, торго булга, халиуны арьс, тэргүүтнээр үйлдэж өвөг дээдсийнхээ халуун амьсгалыг хурааж шингээсэн шүншигтэй хүний сүг дүрс.

    – Хүрэл, зэс, гуулин цутгамал хийгээд хөөмөл эсвэл модоор сийлж хийсэн овог аймаг ястны шүтээн болсон тэнгэрийн хөвгүүн хэмээх домогтой хөрөг дүрс.

    – Омог отгын үүслийн домог үлгэрээс угшилтай амьтны эвэр, толгой хийгээд маахай арьс.

    – Эд агуурс, идээ будаа, тоног чимэг тэргүүтний эзэн сахиус хэмээх эсгий бөсийн зүйл, ялтас төмрөөр хайчилж онголсон хүн, амьтны дүрс.

    – Үнээ маын буян хишиг, ангийн олзыг тэтгэгч сүг дүрс хийгээд үнээ, малын дэлэн. Айлын онгон нь “Онгод, Давай, Хэсэтэ, Эмгэлж, Заяач, Авгалдай, Хошоонжин, Галайхан… гэх мэт нэртэй дүрслэн байдаг юм.
    Хүний үзэхэд хүрэл юм
    Хүртсэн маньдаа шүтээн юм
    гэж хайр энэрэл, сүсэг бширэлээ илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, хишиг буяныг нь хүртэх бөгөөд бөө удганаар тавиг тайлга үйлдүүлэн өглөө бүхэн тахиж, өдөр бүхэн мялааж байдаг удам судрын үрт хэц зэлийн хэлхээс ажгуу.

    Айлын онгоны өчиг-Айлд онгод босгохын өмнө урин буулгах өчиг
    Хийн өндөр орноос
    Хийсгэлэн үүлний газраас
    Бууж заларч, бутарч хөгж
    Дээд тэнгэрийн язгуурт
    Дэвжит тэнгэрийн чуулганд өргөлээв /би өргөлөө/
    Дунд байхын оронд
    Төрсөн бүрэлдсэн амьтанд өргөлээв
    Үе бүтэн дээрээс
    Үндэс бүтэн модны эзэнд өргөлээв
    Унаж яваа гөрөөснийхөө ундааг өргөлээв
    Бөөн язгуурт бүлээрээн
    Бөөм байсан узуураараан
    Бөлөг байсан сүлбээрээрээн
    Хэдэн үеийн онгод, амьд цогцсонд буу
    Асан түүхийг гүйцэлдүүл
    Хэл зүрхийг хөдөлгө
    Амь насыг бататга…
    гэж дуудан урин бөөлдөг болжээ.

     

  • Онгод тэнгэрийн айлдварууд Улаач Ц –д ирсэн мэдээлэл

    2012 оны 4-р сарын 14
    Улаач Ц –д ирсэн мэдээлэл:
    Үүрэнд нь орж
    Үндэсийг нь таслах гэж байгаа
    Амьтаны амийг гурван хар тэнгэртэй
    Зайрангаар бэхлүүл гэсний дагуу
    Зайран Д-гээр хийлгэсэн буулт:
    Харсан тэнгэрээ хайхралгүй
    Хан өндөр уулыг
    харийн шашинаар тахиулсаны
    горийг нь амсаж байна
    луу жилийн луу сарын луу өдөр
    дархадын гурван бөөгөөр
    хараал хийлгэж бариулсан байна.
    Амь насыг нь бөхөлж өглөө

  • Туул голын тахилга

    Хан хэнтий хайрханы
    Халуун өврөөс ундарсан
    Халдун их шүтээнэс
    Халгиж цалгиж урссан
    Хөх монголын үрсийг
    Хөх тамгатай амьтасыг
    Энэрэх өндөр лустан
    Ижий заяатай рашаантан
    Хатан туул ээжийн
    Харсан их тэнгэрүүдийг
    Хажир их лустаас
    Хамгаалсан их сахиусуудыг
    Өнгөтийн орны үрсийн
    Өргөл тахилын дээжин дээр
    Өршөөл гуйсан найран дээр
    Урьж залж ирүүлээрэй
    Учирлаж гуйсаныг мэдүүлээрэй
    Эзэн хааны дүрээр
    Эрдэнийн савдаг буусан
    Хан чингис хайрхан
    Хар сүлдэний буулттанд
    Хамаг олноорооо мөргөө
    Ижий лустын тэнгэрүүд
    Энх танхил дээр буух нь байна
    Хатан туулын навдагууд
    Харван байгаад эргэх нь байна
    Хаан өндөр эцгийн
    Халуун мөрөөр тамгалсан
    Хан чингис хайрханд
    Халуун тахилыг өргөө
    Гурван цагийн тэнгэрт
    Мөргөн мөргөн гуйлаа
    Гучин гурван хурмастыг
    аргадан аргадан гуйлаа
    есөн есөөр өргөлийг
    ерөөл гуйгаад өргөлөө
    гурван хөх лустыг
    аргадан аргадан гуйлаа
    хамаг монголын үрсийн
    хамжаа түшээ нь болсон
    хатан туул ээжийн
    эх ундарга болсон
    халдун хан хайрханыг
    хар сүлдэний буулттанг
    дуудаж аргадаарай
    дурсаж мөргөөрэй
    дуурсгаж алдаршуулаарай
    хан хэнтий хайрханаас
    халдун их хайрханаас
    халгиж урссан
    хамаг монгол түмнийг
    өршөөж ачилсан
    хатан туул ээж минуу
    халгиж цалгиж урссан
    эрдэнэ минуу
    ижий буурал лустыг
    ивээж хардаг сахиусанд
    аргатын орны үрс чинь
    аврал гуйгаад мөргөж байна
    өнгөтийн орны үрс чинь
    өршөөл гуйгаад мөргөж байна.
    Хүн төрлөө алдаж
    Хүсэл шуналдаа автсан
    Өндөр гарлаа умартаж
    Өнгө мөнгөнд автагсдын өмнөөс
    Өчлөө өчөөд мөргөж байна
    Өршөөл буян гуйж байна.
    Эзэн хааны түүх шаштирт
    Ижий лустан таны минь
    Эрдэнийн алдар дуурсагдаж байдаг
    Үүтгэлдээ дайсагнасны
    Үүсгэлдээ тэрсэлсний
    Алдааг аварч өршөө
    Эндүүг нь өршөө
    Эх үүсгэлдээ
    Этүгэн байгаль ээжийдээ
    Энхжингийн орны үрс
    Эндүү андуу хийснийг
    Хүлээж байгааг мэдүүлээрэй
    Хүлцэж байгааг мэдүүлээрэй
    Ай савыг минь хөндөөтөнгүүд
    Алт эрдэнэс эрээтэнгүүд
    Эрэг хөвөөг ухаатангууд
    Элс шороогоор баяжаатангууд
    Байгаль дэлхий ээжийг
    Абялагийн нүдээр хараатангууд
    Гэм нүглээ үүрнээ
    Гэсгээл шийтгэл хүлээнээ
    Эрэг биеийг минь хөндөөтөнгүүд
    Элс хайргаар баяжаатангууд
    Ай савыг цөлмөөтөнгүүд
    Ашгийн нүдээр хараатангууд
    Усан лусын хилэнд өртөнө
    Ураг удмаараа сүйрч мөхнө
    Үрийн үрээс нь эхлээд
    Үйлийн үрийг нь үүрнэ
    Уурагт бие нь усаар гачигдаж
    Учир нь олдохгүй өвчнөөр өвдөнө
    Ураг удмаараа сүйрч мөхнө
    Амь биеийг минь таслаж
    Алтан лусыг хөндөж
    Авдар авдраар алт хураалаа ч
    Аргатын үрсийг аварч чадахгүй
    Ангаа цангааг тайлж чадахгүй
    Өтөг тэргээр эрдэнэс байлаа ч
    Өнгөтийн үрийг аварч чадахгүй
    Өвчин зовлонг нь анагааж чадахгүй
    Долоон үеэрээ дамжиж
    Догшин лусын хилэнд орно
    Эдийн шуналд автаж
    Олзны нүдээр хардаг
    Одоо үеийн борчуулын
    Олон давхар орд харш нь
    Орон лусын хилэнд өртөж
    Оромж төдий болж
    Орхигдож хаягдана
    Хэлний минь биелэхийг
    Хэрэг үйлс болохыг
    Эцэг тэнгэр гэрчилж
    Этүгэн ээжий батална
    Хоёр үеийн дараанаас
    Хорлолыг минь хүртэнэ
    Эрдэнийн урсгалаа татахын цагт
    Амин урсгалаа авахын цагт
    Хэн буруутай нь хорлолыг нь үүрнэ
    Уурагт бие нь усаар дутагдах
    Учир нь олдохгүй өвчин ирнэ
    Ураг удам нь тасрана
    Эрдэнийн лусаар хөлжсөн
    Эд хөрөнгө нь эзэнгүй болно
    Олзны нүдээр харсан
    Орд өргөө нь эзэнгүй болно
    Авдар саваар алт байсан ч
    Амны цангаа нь гарахгүй
    Өтөг тэргээр мөнгө байлаа ч
    Үрсийнх нь амийг аварч чадахгүй
    Хэнтий хан хайрханы
    Хэтээс ариун шүтээнийг
    Халдун хан хайрханы
    Хан өндөр шүтээнийг
    Эртнээс тахидаг байсан
    Эрхэмлэж шүтдэг байсан
    Дархалж онголсон ариун шүтээнтэй
    Дааж харсан их тэнгэрүүдтэй
    Тэрсэлсний чинь гор гарна
    Тэнгэрт хаягдахын хор нь гарна
    Онголсон шиг онголоо
    Дархалсан шиг дархалаа
    Хорвоогийн үрс та нарын
    Ховорт тооцогдох амь нас
    Надад одоо хэрэггүй
    Нартад өнгөтөд үнэгүй
    Устай тэрсэлсэн амьтадыг
    Лустай тэрсэлсэн амьтаныг
    Ургаар нь устгаж
    Удмаар нь сүйтгэнэ

    Чингис хайрханы тахилга
    2012/5/15
    Жаргалсайхан-
    Оройн тэнгэр заяатнуудыг
    Орон лусаар хөллөөтөнгүүдийг
    Эцэг хаанаас өөр
    Эвлүүлсэн амьтан үгүй
    Энэ ариун үйлийг
    Эрхэлж байгаа амьтан чи
    Ариун цустай үр байна
    Алтан ястай нялх байна
    Бодсоныг чинь болгоохыг
    Хүссэнд чинь хүргэхийг
    Дагадаг их тэнгэрүүддээ
    Даалгаж мэдүүллээ
    Эцэг тэнгэрт ээлтэй
    Эрдэнийн лусад ашигтай
    Энэ ариун үйлийг
    Эхлүүлж байгаа чинь сайшаалтай
    Өргөн лустанг
    Өмгөөлөх сахиусыг
    Өргөх тэнгэр чинь
    Өөрийнх чинь байна
    Мэдэж байна үр чинь
    Мэргэдийн тэнгэрт мэдүүлий
    Хөрстөөн дайдыг эзэлж байсан
    Хөх тэнгэрийн улаачуудыг
    Эзнээ алдсан хараалд
    Ээрүүлж байгаа амьтдыг
    Эвлэрүүлж байгаа нь сайшаалтай
    Ариун цустай амьтан минь
    Алтан ястай үр минь
    Бодсоныг чинь болгооё
    Сонгосныг чинь сонордуулья
    Өндөр гарвалтай амьтан
    Өршөөл гуйгаад мөргөвөл
    Өмөглөх тэнгэр байлгүй дээ
    Санасныг чинь мэдүүлье
    Саадыг арилгаж сарниулья
    Бодсоноороо явбал
    Болгоосноороо замнавал
    Энэ нялх амьтан
    Эрхэт монголын төрийг
    Эзэгнэх цаг ойрхон байна
    Хамаг монголын төрийг
    Хацардах үе ойрхон байна
    Наашаа харж инээсэн
    Цаашаа харж хэлэлцсэн
    Найз гэхэд хэцүү
    Нөхөд гэхэд хэцүү
    Ийм амьтадтай үр минь
    Эвсэх гэж ядаж байна
    Хэн гэдгийг нь хэлээд өгье
    Хэлэлцсэн ярьсныг хэлээд өгье
    Хэтийн үйлийг заагаад өгье
    Бодсоноороо явбал
    Санаснаараа зүтгэвэл
    Өндөр гарвал чинь өргөнө
    Хан гарвал чинь харна
    Өндөр төрөө өргье гэвэл
    Өмөглөж түшье гэвэл
    Мөнх тэнгэрт андгай хэрэгтэй
    Мөчтэй амьтны өчил хэрэгтэй
    Хааны гучин таван эрдмээс
    Хайрлах эрдэм эрхэм гэдгийг
    Хамгийн түрүүнд бодох ёстой
    Өөрийгөө болгоо
    Өчил юугаан мэдүүлж
    Өөрийн хүнийхийг ялга
    Халуун бүлээр нь харлаа
    Ханатай гэрээр нь тойрлоо
    Халдсан хараал хорлолгүй
    Хагацал зовлон уйгүй байна
    Халуун биендээ атаатай
    Хань нөхөд итгэлгүй байна
    За хэлснийг минь бодоорой
    Хэрэг үйлсдээ болгоогоорой
    Залбирвал заяана
    Өргөвөл өршөөнө
    Бадарч
    Өнгөтийн үрийг мэднэ
    Өчил юуг нь сонсьё
    Энэ үеийн нялхас
    Энхжингийн орны амьтас
    Хүн төрлөөсөө холдсон
    Хүсэл шуналдаа хөтлөгдсөн
    Мөн чанараа алдаж
    Мөнгө өнгөнд шунасан
    Эцэг хааны төрийг
    Ивээх түших үрс
    Сэтгэлдээ сэвгүй бол
    Бодолдоо бортоггүй бол
    Ухаан санаа нь уужуу бол
    Санаа сэтгэл нь саруул бол
    Болгоосон нь бүтнэ дээ
    Бодсон нь биелнэ дээ
    Өнгөрч байгаа зуун жилд
    Үрсийн минь сэтгэл хувирсан
    Үүтгэл юугаан мартаж
    Өнгө мөнгөнд шунасан
    Бодол санааных нь
    Бортогийг гаргах
    Богино насандаа
    Буян бодох үүргээ үр минь биелүүлсэн үү
    Үйлсээ хүү минь бүтээсэн үү
    Номч овгийн
    Номхон улаачийг
    Өөрийхөөрөө өргөдөг
    Өршөөл юундаа багтаадаг
    Харц язгууртай амьтад
    Хан төрийг түшдэггүй
    Энийг болгоовол
    Эгэл түмэнд мэдүүлвэл
    Өргөж болмоор байна
    Өмөглөж түшмээр байна
    Ариун цус алтан язгуурыг
    Аргатын борчуул ойлгохгүй байна
    Эгэл олныг энэрэх сэтгэлгүй бол
    Эрдэмтэй тусмаа хортой
    Эрх ямбанд дуртай бол
    Энгүй их аюултай
    Ухаан санаа нь
    Уйтан бол
    Удмын язгуураас гарвалгүй бол
    Тэнгэр эцгээс тэтэглэггүй
    Тэнцэж босох чадваргүй
    Одоо үеийн төрд энэ зүйл
    Огтоос хамааралгүй болсноос
    Ард олондоо хүндгүй
    Алтан дэлхийд нэргүй
    Улс монголын заяаг
    Урдаас төлөвлөж хуйвалдсан нь
    Оргилсон их хилэн болно.
    Олон түмний ихэнх нь өртөнө
    Орон шоронд зарим нь явна
    Засах хугацаа бага байна
    Замнасан зам нь богино байна