Category: Онгод тэнгэрийн айлдварууд

  • Н.Цэгмэд удганы онгодын магтаал дуудлага

    Торго болсон Шишгэд минь
    Хан их аав минь
    Хатан их ээж минь
    Харж үзэж, хааж боож
    Буруу санаатныг буцааж
    Зөрүү санаатныг зөвшүүлж
    Хар санаатныг хариулж
    Муухай харсныг мухрааж
    Хурдны хөлөөс зайлуулж
    Хурцын илдээс зайлуулж
    Халтирахад шатал
    Хазайхад нь түш
    Орон хангайн уул савдагууд минь
    Дээр нь дэвэн харж
    Дэргэд нь манан харж
    Харж үзэн
    Хамгаалж байгтий
     
  • Онгодын магтаалын дуудлагын тухай

     Хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай Хангайгаа магтаж уул ус, ов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн дүртэнгүүдийг урин залж хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн үеийн дуудах онгоддоо ханддаг байна.
     Бөө мөргөлийн аман яруу найраг дахь магтаалыг агуулга, холбогдох зан үйл, магтаж байгаа онгод тэнгэр, эд өлөг, тахил тавиг зэргээр үндэслэж дотор нь сэдэвчилэн хоёр анги болгон үздэг байна. Үүнд: 1. Бөөгийн онгодын магтаал, 2.Бөөгийн эдлэл хэрэглэл тахил тавигийн магтаал гэсэн хоёр зүйл болно.
     Бөөгийн онгодын тайлга нь онгод тэнгэр нэр, хий хивс дүртэнгүүдийн магтаалаар эхэлдэг байна. Харин бөө судлаач О.Пүрэв бидний бөөгийн онгодын магтаал хэмээн нэрлэж байгаатай адил төстэй шүлэглэлийг ишлэн үзэж тамлага дуудлага хэмээн нэрлэсэн байна.
     Тухайлбал: Цэдэв удганы тамлага дуудлага:
    Бар бар хийсэн хайрхадууд
    Бар шиг дуутай хайрхадууд
    Бараа сүр ихтэй хайрхадууд
    Баруун талд багларсан хайрхадууд гэх мэт.
    Ж.Чандар зайрангийн тамлага дуудлагад:
    Мянган мэлмийтэнгүүд
    Түмэн сонортонгууд
    Хийсвэр үүлэн дамжлагатангууд
    Хий хивс бийтэнгүүд
    Асар тэнгэр нөмрөгтөнгүүд
    Аваа их хүчтэнгүүд гэх мэт.
    Тэрээр бөөгийн дуудлагыг ерөнхийд нь тамлага дуудлага, дурсамж дуудлага, төгсгөлийн дуудлага гэхчилэн дараалан 3 ангилжээ. Энэ ангиллаас үзвэл түүний нэрлэсэн “тамлага дуудлага” хэмээгч нь бидний “онгодын магтаал” хэмээгчтэй байрлалын хувьд дүйцэж байна. Мөн эндээс харахад хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай Хангайгаа магтаж уул ус, дов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн  дүртэнгүүдийг урин залж хөгжөөж  байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн үеийн дуудах онгоддоо ханддаг байна.
  • “Өвгөн буурал” хэмээх онгодын тамлага

    Бүдүүн модон суудалтай
    Нарийн модон суудалтай
    Хөхөө шувуун тэнгэр
    Хөгшин буурад аав таныгаа
    Урин залан дуудая
    Энэ онгод бол Хавчиг заарингийн гол шүтээн байсан онгодын уриа дуудлага юм. 

  • Цагааны зүгийн тэнгэрийн дуудлага

    Гялбуулж буусан
    Эвдэрхийг эвлүүлсэн
    Хугархайг хунисан
    Задархайг залгуулсан
    Тамидархайг таниулсан
    Бутархайг эвлүүлсэн
    Тангалай цоорхой
    Тарничин гүүлсэн
    Эрхий цоорхой эмчин гүүлсэн
    Долоовор цоорхой
    Домчин гүүлсэн
    75 дархчуул, 88 налваач
    99 элбэчин, 108 зурхайч
    Халуун шар бурхан гарвалууд
    Хүүгэн шар бурхан гарвалууд
    Наанаа сайхан дуулаарай
    Урилганд минь залраарай
    Дуудлаганд морилоорой.
     
  • Дурсамж тамлага:

    Тухайлбал “Тожийн ээж” онгодын тамлага.
    Гуна гулгадгийн даваан дээр
    Гурван зарийн ачаа хаясан би
    Дөрөө хангинадгийн даваан дээр
    Дөрвөн зарийн ачаа хаясан би
    Цантай агуйгаар гэр хийж
    Цасан хунгараар хуячлага хийж
    Ширэн улаа цоортол
    Шингэн хөлсөө дуустал явж ирсэн .. гэж дууддаг.
    Энэ тамлага дуудлагад алс холын Сахаа нутгаас цаа буга хүлэглэн их уул даваанууд давж, замдаа ачлага уналага нь эцэж муудсанаас ачаа тээшээ хаяж агуй хонгилд орогнож, цасанд даруулж, явган нүцгэн явж ирсэн байна.
    Хавархсан тамлага:
    Буриад Модоон удганы тамлаг:
    Хаан цолд дийлдээгүй
    Гомбын басган Модоон би
    Эзэн хаанд дийлдээгүй
    Эрх дураараа Модоон би хэмээдэг байна.
     А.Готов

  • Т.Балжир удганы тамлага

    Үхэл зовлонд унаж
    Үйлээ идэлж тарчилна
    Хааяа намайг дуудаж хашгираарай
    Хэл амаа таслахын тулд саадгүй 49н өдөр
    Сайн зангаж хяргаарай
    Хар санаатаныг хааж чадна
    Хатуу хэлийг тасалж чадна
    Бардам аюулыг зайлуулж чадна
    Баруун талдаа хадгаа авч яв
    Алт мөнгөө дууд
    Ангайх хэлийг тасал.

    А.готов

  • ОНГОДЫН ТАМЛАГ.

    Тухайн онгод бөөгийн биед орж ирээд өөрийгөө танилцуулж, өнгөрсөн үеэ эргэн дурсаж буйг онгодын тамлаг хэмээнэ. Онгодын тамлагын гол онцлог нь бөө хүн өөрөө онгодоо урин дуудах дуудлага биш харин бөөгийн онгод бөөд оршиж эхлэх үеийн ” тамлаг ” юм. Өнөө цагт бөө нар онгодын магтаал, дуудлага, тамлаг гуравыг огг ялгалгүй дуудлага юм уу эсвэл тамлаг хэмээн бүгдийн цугт нь нэрлэх болжээ. Зарим үед дуудлага гэх мөртөө заримдаа тамлаг хэмээн нэрлэн дуудсаар байна. Бөөгийн дуудлага, тамлаг хоёрын хооронд нилээд ялгаа бий. Энэ тухай дархадын Т.Балжир удган ярихдаа “ Ерийн үед бөө хүн өөрийнхөө онгодыг дуудлагаар дууддаг бол харин хатуу хараалын эсрэг болон бэрх хэцүү үеийн зүхэл, онгод нь өмнөх хүссэн хүслийг биелүүлээгүй зарим үед хар зүгийн онгод тэнгэрийг дуудаж, түүнийг зандарч загнаж буйг тамлага” хэмээдэг ажээ. Зарим угсаатан дотор ерийн дуудлага адилаар бөө хүн онгод тэнгэрээ магтан дуудаж, эцэст нь тухайн үйл хэрэгтээ зарах гэж эсвэл орж ирсэн онгод өөрийн тамлагаа дуудаж байх жишээтэй юм.
    Тамлагыг дотор нь:
    1.Тарчилсан тамлаг
    2.Дурсамж тамлаг
    3.Хавархсан тамлаг
    “Зовоох, тарчлаах” гэсэн утга санаа нь онгодын тамлагад тодорхой хэмжээгээр илэрдэг. Учир нь олонхи онгод “Ээ халаг, ээ халаг, ээ халаг” гэж үглэж байх нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл зовлон зүдгүүр, хэцүү бэрхийг тоочин дуудсаныг “тамлага” гэж ойлгож болно.
    Баглаан удганы тамлагад дурдсанаар:
    Ангир шар уургаа тэжээж өсгөсөн минь
    Шидэндээ үүртэж, оношиндоо бүдэрч
    Сэтгэлд сэв болж, бодолд гашуу болж
    Биенд хагацал болж, хааны зарлиг гэж
    Ноёны хууль гэж далайлгаж, сүрдүүлж
    Хийсэн хэрэг үнэнтэй гэж
    Хэлсэн үг магадтай гэж
    Ганц хүүгийн минь биеийг хороосон
    Ээ халаг, гааг, гааг, гааг
    Хагацлын нулимсыг эгшээлгүй
    Харанхуйгаас гэгээрэлгүй явсан бие чинь
    Маханд төрсөн ланчиг эдэлж
    Цусанд амилсан зовлонгоо үүрч
    Бичиг гэгч эрээн цоохрыг танилгүй явж
    Бэх гэдэг үмхий шаврыг хэрэгсэлгүй явж
    Бийр гэгч үстэй зомголыг барилгүй явж
    Энэ болсон үрийнхээ ард үлдэж, гэгэлж, гасалж
    Явах учир минь… хэмээн тамлагадаг.
    Тарчилсан тамлага:
    Ээж юуны бийд
    Эрх тайж байлаа.
    Ээж юунаасаа хойш
    Охин чөтгөр боллоо.
    Эсэргэнэ тахалд
    Өвдөн ядан хэвтсэн
    Ёолох хайран бие минь
    Ёололгондоо халагласан
    Ёс мэдэх бөөцүүл
    Нэхэлдэж ядсан.
    Ёолох- хайран бие минь ёололгондоо!**л халаглах нь онгод тарчилан тамлагдаж нарийн гурван сүвээгээрээ нар харж, гурван сүвэгч шөрмөс авч хэт зовж бөө болдог байсан гэх мэтээр өгүүлсэн байна. Хүн байхын үеийнхээ намтар түүхийг хуучилж байдаг тул онгодын тамлагыг “дурсамж дуудлага” гэж болох юм.

  • ЛУСЫН БА ОНГОДЫН БӨӨ

    Бөө мөргөлд лус хөллөлтэй бөө, онгод хөллөлтэй бөө байдаг буюу хүч чадлын хувьд нилээд ялгаатай байдаг. Лусын бөө харьцангуй хүч чадал ихтэй хэдий ч өөрийн эзэн биеэ захирч, удирдах чадамжаар сул байдаг бол онгодын бөө өөрийн биеэ мэдэрч захирах тал дээр нилээд сайн боловч хүч чадлын хувь сул байх нь элбэг байдаг. Өнөө цагт энэ зүйлийн ялгаа, онцлогыг мэдэхгүй улмаас бөө мөргөлд өвөг дээдэс, сахиус гэсэн зохиомол нэр томъёо үүсэж бий болсон. Лус хөллөлтэй бөө гэдэг бол байгалийн сэтгэл буюу хүчин зүйлээс / байгаль дахь элдэв гоц үзэгдэл болон байгалийн доройтол / үүдэлтэйгээр бөө болохыг хэлдэг. Харин онгод хөллөл нь хүний сэтгэлээс үүсэлтэй, ухамсаргүй хар хүчийг удирдан жолоодох чадвартай бөөг онгодын бөө гэдэг. Лусын бөөг сонгон тодруулах замаар харин онгодын бөөг үе улиран залгамжлах аргаар бөө болгодог. Газар орон, нутгийн эзэн онгон газрын ЛУС-ыг юм, уул ус газар орон тус бүрдээ нэг эзэн бөө буюу онгодыг аав ээж гэх нь ч бий.
    А.Готов
  • УГ ЗУЛ ДЭГДЭЭХ ДУУДЛАГА

    Идээн дээр минь эргэсэн
    Тахил юуг минь таалсан
    Онгод их тэнгэрүүд минь
    Орон дэлхийн савдагууд минь
    Одоо ингээд буцдаа
    Орон дэлхийдээ шингэлээ
    Хүний биенээс минь гардаа
    Хөрст дэлхийдээ шингэдээ
    Ханатай гэрээс минь гараарай
    Хадан гэртэй буцаарай
    Утаатай гэрээс минь гараарай
    Уул гэртээ буцаарай
    Тэнгэртээ хөөрөөрэй
    Тэлмэн газраас дэгдээрэй
    Дэгдэн дэгдэн дэгдээрэй
    Дэгдэн дэрвэж хөөрөөрэй
    Хөөр хөөр хөөр
    Хөөр хөөр хөөр хэмээн аялгуулан дуудаж мордуулдаг.
    Үүний дараа тахил дээрээ зассан цай, идээ, сархад, сүүнийхээ дээжийг зүг зүгийн тэнгэрт нь өргөдөг,.
  • Монгол бөө улаачийн Мөнх тэнгэрт өргөх андгай тангараг


    Хөх толботой
    Хөх монголын үр билээ би
    Өргөсөн өргөлийг минь хүлээн авч 
    Чин шударга андгай тангарагыг минь 
    Тэнгэр, газар, төрсөн энэ биенд минь хадан тамгалж соёрхоно уу. 
    … …………., ……………… ………………. ……………………………. би /яс үндэс, Ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр хүү охин алин болохоо хэлэх/ 
    Хан тэнгэр эцэг 
    Хатан дэлхий эжий 
    Харсан их заяач 
    Хас төрийн сүлдээ 
    Хамгаас дээдлэн шүтэж 
    Зовлонтны жолооч 
    Хэлтгийтний хэлмэрч байж
    Хөрст дэлхийн хүмүүнийг 
    Хэнийг нь ч ялгаварлахгүй 
    Хөрөнгө чинээлгийг нь зусардахгүй 
    Хөрөнгөгүй ядууг нь дорд үзэхгүй 
    Онгод тэнгэрийн нэр барьж 
    Олон түмний оюун санааг 
    Оргүй худал зүйлээр төөрөлдүүлэхгүй 
    Өөрт ашигтай, өрөөлд хортой үйлийг 
    Өрсөлдөн шунаж хийхгүй 
    Хар муу бодол, атгаг хорон сэдэлтээр
    Хүнийг эрхшээлдээ оруулахгүй 
    Атаа жөтөө санаж 
    Гэм зэмгүй хүнд хараал хорлол хийхгүй 
    Бор дарсанд хөлчүүрч 
    Бодол санаагаа самууруулж 
    Бодлогогүй муу үйл хийхгүй 
    Шалиг завхай явахгүй 
    Шунахай сувьдаг сэтгэхгүй 
    Хоожимоо шавь улаачийг босговоос 
    Хамаг онгодыг нь булаан авахгүй 
    Хатуу үйлд ашиглахгүй
    Хууран мэхэлж жудаггүй үйлдэл гарган
    Хүний итгэл эвдэхгүй 
    Хан тэнгэр сахиусны хүч увьдасыг 
    Хөх тэнгэр, хөрст дэлхий 
    Төр засаг, түмэн олныхоо сайн сайханы төлөө зориулсан 
    Чин шударга тэнгэрийн элч зарлага байж 
    Монгол төрийнхөө нууц 
    Монгол бөөгийн нууцыг чанд хадгалж 
    Мөнх тэнгэрийн ёсон 
    Монгол бөөгийн ёс зүйг даган мөрдөхөө 
    Дээд тэнгэр эцэг, дэлхий ээж этүгэн 
    Удмын их заяач тэнгэрүүд 
    Уг бариулсан багшдаа андгайлан тангараглаж байна. 
    Шоог шоог шоог