Category: Нийтлэл, ярилцлага

  • СОНГУУЛИЙН ӨВЧИН

     

    Тэр улс төр, мөнгө хоёрын эрхэм нарийн холбоосыг аль эрт мэдэрч, түүний эмзэг бас давуу талыг алдахгүй мэддэг “зурхайч”, энэ талаар тэр хэнийг ч дагуулахгүй бөгөөд “доктор”-ын зэрэг хамгаалсан ч болохоор болсон.

    Мөнгө нь улс төр болж, улс төр нь эргээд мөнгө болдог, улмаар ашиг орлого нэмэгддэг зүй тогтлыг аль эрт болгож амьдралдаа хэрэгжүүлсэн нэгэн.

    Сонгууль ойртох тусам Тойгоо жип машинаа зүлгэж, хэдэн төрлийн хувцсаа хаана хэрхэн өмсөж хэнд ямархуу харагдахаа тунгаан бодож, дутуугаа сэлгэх талаар эртнээс төлөвлөнө.

    Хэнтэй нөхөрлөх, хэнийг өөртөө татах, хэнээс дөлөхөө бас тунгаана.

    Тэр жил ардчилсан нам сонгуульд ялахад Тойгоогийн хүүгийн машин намын байрны өмнө “багширсан” олон машин дотор багталцаж ядан “дүйхэлзэж” байсан бол, сонгуульд ялагдсан Арлын намын цагаан байшингийн өмнөх машины зогсоолоос Тойгоогийн машин хамгийн түрүүн “годхийн” алга болж билээ.

    Тэр юунаас ч айдаггүй. Учир нь мөнгөтэй бол хэнийг ч худалдаад авчихна гэж боддог. Тэр нь ч амьдрал дээр тодорхой биеллээ олсон учир итгэлтэй байдаг.

    Сонгууль дөхөөд ирэхээр Тойгоо өөрөө Ардын намын, хүү нь АН-ын, авгай нь Хувьсгалт намын үүдээр эргэлдэх нь ихсэж, үйл хэрэгт зүтгэнэ.

    Сонгуулийн өмнөхөн энд, тэнд болох хандивын үдэшлэг цэнгээнд оролцоно. Тэд хэрэгтэй үед нь намын санхүүд хэдэн төгрөг хандивлахаа мартдаггүй. Сонгуулийн өмнөх компанийг санхүүжүүлнэ гэдэг бизнесийн хөрөнгө оруулалттай утга нэг хэрэг. Хандив нь сонгуулийн дараа албан тушаал, мөнгө болон хувирна. Тэр гурвын хэн нэг нь сонгуулийн “бялуу”-г заавал амсах магадлалтай. Бялууг хүртсэн нэг нь нөгөө хоёрыгоо “дээш” нь татна. Тэгээд ч аль нам сонгууль ялахааас үл хамаарах өөрсдийн дархлааг бий болгосон.

    Энэ цаг үед Албан тушаал мэдлэг, боловсрол, туршлага дээр бус мөнгөөр хэмжигддэг, хов, жив “хор” найруулгын үндсэн нь тогтдог болсны амт шимийг амталсан бөлгөө.

    Тэднийд монгол дахь бүх намуудын батлахны цуглуулга бий. Батлах бүр өөрийн түүхтэй. Өвөөд нь тэр жил Тусгаар тогтнолын намаас Хотын хурлын гишүүнд нэрийг нь дэвшүүлж батлах өгсөн бол хөдөө амьдардаг хамаатны нэгэн өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчээс эмч нарын үзлэг хийх үед эрүүл мэндийн үнэгүй үзлэгт орохын тулд нэгэн намын батлах авсан байх жишээтэй. Тэдний сумын Батсайхан гэдэг залуу таван ч намын батлах өвөртөлсөн бузгай “улс төрч”-өөр тодорсон, хөөрхөн “онигоо”-той.

    Сүүлийн арван жилд болсон сонгуульд Тойгоогийн гэрийнхэн жинхэнэ улс төрч болохоо харуулсан. Тойгоогийн хүү хорьдугаар зууны сүүлчийн сонгуулийн өмнөхөн ааваасаа хэдэн төгрөг авч АН-д хандивласны хүчинд дүүргийн хурлын гишүүн болж, дараа нь Дүүргийн засаг даргын тамгын газрын даргаар тодорсон.
    Харин Тойгоо байгууллагынхаа ардчилагч нартай нийлж хэдэн шил архи хүртэж явдагийн буянд тэрүүхэндээ “ардчилагч” гэдэг эрхэм алдрыг хүртсэн. Энэ эрхэм алдрын хүчинд Ардчилсан холбоо эвсэл сонгуульд ялахад “бялуу”-аас хүртэж тэр нэгэн байгууллагын сургалтын хэлтсийн даргаар томилогдсон түүхтэй.

    Гэвч хожим сургуульд хүүхэд оруулах нэрээр хахууль хүртэж хэмжээг нь хэтрүүлсэн хэргээр ажлаасаа хусуулав. АН-д нүүрээ таниулсан түүнд нэг хэсэгтээ гэртээ “ичихээс” аргагүй байдалд хүрсэн. Түүнд сонгууль ямагт баяр баясгаланг авчирдаг. Одоо түүнд ганцхан Ардын намын царайг харж амьдрахаас өөр аргагүй болсон.

    Тэгээд намуудын улс төрийн удирдагчид солигдож байдаг завшааныг ашиглаж өөрийгөө хэнд ч ямараар таниулж чаддаг арга ухааныг сүвэгчилж сурсан. Эхлээд тэр одоогийн их хурлын гишүүн нэгэн эрхэмтээ хамт хөдөө аймгуудаар “давхиж” Ардчилсан хүчний бүх л намуудад хандив өргөв. Тэгэхдээ хотыг бодвол хөдөө тэдний “жинхэнэ нүүр царайг” танихгүй тул хэний ч дүр эсгэсэн болохоор жүжиглэнэ. Ардын нам нь мэдчих вий гэдгийг л онцгой анхаарч нууцлан чандлана.

    Тэгтэл энэ удаа тэр бодсоноос илүү үр дүнд хүрэх боломж бүрдэв. Учир нь “ханилж” явсан найз нь Улсын их хурлын гишүүн болж, Тойгоогоо дэмжих аятайхан, өргөн боломж бүрдэв.

    Сүүлийн үед Тойгоо генерал цол авч байгаагаар зүүдлэх болов.

    2008 он. Завхан, Нөмрөг сум

  • “ОРОСУУД 1945 ОНЫ НААДАМ ХҮРТЭЛ МОНГОЛЫГ ХЯТАДЫН ХАРЬЯАНЫ МУЖ ГЭЖ ХАНДДАГ БАЙСАН НЬ НУУЦ БИШ…”

    Одоо бол ингэлээ тэглээ гээд ил тод ярьж байна. 1957 онд Увс, Хөвсгөлийн чиглэлд асар их нутгийг Орост туучихсан. Өгөхгүй гэж тэмцсэн Аварзэдийг Улс Төрийн Товчоо яаралтай хуралдан, ажлаас нь хусч хаяад л асуудлыг шийдчихсэн. Дараа нь 1964 онд Өмнөговиос өчнөөн их газрыг тасдаж Хятадад өгсөн шүү дээ. Тэгэхэд бид дуугарч байсан уу? Огт үгүй. Одоо бол бид газар өгөх байтугай байгалийн баялгаа хямдхан өглөө гэж орилолдож байна. Энэ нь монголчууд нутаг усандаа эзэн болъё гэсэн сэтгэлийн илрэл юм.

    -Ю.Цэдэнбал төрсөн нутгаа үнэхээр Орост бэлэглэчихсэн юм уу?

    -Давст уулыг өгчихсөн. Хөвсгөлөөс хамгийн үзэсгэлэнтэй хэсгээс нь асар их нутаг тасдаж өгсөн. Тийм хүний хөшөөг хотынхоо төвд залчихсан л сууж байна шүү дээ бид. Хөшөөтэй байлдах нь хаашаа ч юм. Гэхдээ хойч үед их хорлолтой байдаг байхгүй юу.

    -Тэр үеийн эрх баригчид аргагүй байдалд байсан байх даа, хөөрхий.

    -Жинхэнэ улс төрчид байсан юм бол нутгийнхаа төлөө амь хайргүй тэмцэх ёстой. Оросууд 1945 оны наадам хүртэл Монголыг Хятадын харьяаны муж гэж ханддаг байсан нь нууц биш. Гэхдээ Монголын тусгаар тогтнолд Сталин маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр жил Коммунист Хятад биш Чан Кай Шигийн засаглалын үед юм даа, Хятадын Гадаад хэргийн яамны сайдыг Москвад дуудаж, хэлэлцээр хийхдээ Сталин “Та нар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрэг дээрээ монголчууд танайд захирагдахгүй байна” гэсэн. Дараа нь хятадууд Америкийн эрх баригчидтай тав хоногийн дотор 11 удаа утсаар ярьсан байдаг. Агуулга нь “Бид Монголыг яах вэ. Сталин шахаад байх юм” гэсэн утгатай. Америкийн Ерөнхийлөгч хариуд нь “Та нар монголчуудыг нэгэнт барьж чадахаас өнгөрсөн болохоор хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Сталин зөв хэлжээ” гэх маягийн юм ярьж. Ингэж л бид тусгаар улс болсон түүхтэй.

    -Тэр үед манайх тусгаар тогтнох байтугай Өвөр Монголоо, Тэнгэр хайрханыг торгуудуудтай нь цуг авчих боломж байсан гэдэг.

    -Бүх монголчууд нэгдчих хамгийн сайхан боломж бол 1911 онд байсан. Яагаад гэвэл урд хөршид засгийн газар байхгүй болчихсон үе. Өөрөөр хэлбэл Хятад эзэнгүй болчихсон үе. Оросууд монголчууд нийлбэл аюултай гэдгийг мэдэрч байсан. 1945 онд Ар, Өвөр хоёр монгол нийлчих аятай боломж бүрдүүт шалавхан Ар Монголыг нь тусгаар тогтнуулах маягаар салгасан. Одоо бол Хятад задарвал нэг нэгдэх боломж гарна. Ямар чиг гэлээ, одоо бол бид газар шороондоо эзэн болсон. Хэн ч биднээс булааж авч чадахгүй. Эд нар сайндаа л байгалийн баялгийг хямдхан булаана биз. Одоо ч булааж л байна.

    -Би нэг зүйлд их санаа зовдог юм. Хөрш хоёр их гүрнээс маань манайд хандаж “Одоо ахиад нэг хилийн зурвасаа шинэчлэн тогтооё” гэх вий дээ гэхээс…

    -Одоо боломжгүй. Монгол улсын хил НҮБ-аар баталгаажсан. Яахав, улс гүрэн харилцан тохирч болно. Путин чинь Хятадтай тохироод хэдэн жилийн өмнө Даманы арлыг, амь үрэгдсэн орос цэргүүдийн дурсгалын хөшөөтэй нь цуг өгчихсөн шүү дээ. Иймэрхүү юм байдаг. Харин бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж яасан ч болохгүй. Муу, сайн ч энэ 76 нь хоорондоо хэрэлдээд юм илрүүлж өгөөд сууж байх нь Монголд хавьгүй тустай. Хэрэлддэг улсууд новшнуудаа илрүүлж өгөөд байдаг байхгүй юу. Тэд нэг нэгнээ ямар нэг учир шалтгаанаар илчилсээр л байх болно.

    -Монгол даяар сонгуулийн кампанит ажил ид явагдаж байна. Нэр дэвшигчид ёстой тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож байна. Гэхдээ цаана нь Орос, Хятад хоёр өөрсдийн хүнээ гаргах гээд өрсөлдөөд байгаа юм биш үү?

    -Орос, Хятадаас ч өөр улсууд бий. Гэхдээ ард түмэнд сонгох онц эрх нь бий шүү дээ. Манайхан их жалгархаг. Нутгийн л хүн бол хулгайч ч байсан сонгочихдог. Тээр жил СнЗ-ийн орлогч дарга байсан Сүрэн гуай надад нэг зүйл хэлсэн юм. Тэр үед Жасрай гуайн Засгийн газар байл уу даа. “Та нар одоогийн Засгийн газрыг шүүмжилж л байна. Саяхан болтол АИХ-ын депутат болох хүний нэрсийг нэг бүрчлэн жагсаагаад, товч намтартай нь хойш нь явуулдаг байлаа. Хойно нягтлаад нэрсийн урд эрвээхэй, анхаарлын тэмдэг, хасах тэмдэг тавиад ирүүлдэг байлаа” гэж байсан. 1980-аад оны эхээр АИХ-аар батлуулаад Монголыг Оростой нэгтгэчих бодлого явж байсан. Тэгэхээр депутатууд нь найдвартай улс байх ёстой биз дээ.

    -Бал дарга чинь өөрөө Оростой нийлнэ гэж хөөцөлдөөд бүтээгүй гэсэн яриа тэнэж явдаг юм билээ.

    -МАХН санаачилж, бүр УТТ-ны тогтоол гарсан байдаг юм. БНМАУ-ыг ЗХУ-д нийлүүлэх саналыг Зөвлөлтийн удирдлагад тавих тухай. Тэгээд л Цэдэнбал гуай тэр бичгээ хойш нь аваад очиж л дээ. Хариуд нь “Цаг нь болоогүй. Ийм болчимгүй юм хийдгээ та нар боль. Энэ тогтоолоо хүчингүй болго. Танай намын ТХ-ныхон чинь өвчтэй юм уу, солиотой юм уу…” гэсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэр тогтоолыг одоо болтол хүчингүй болгоогүй байдаг. Гэтэл одоо бид гадныхантай “Баялгийг маань хямд авч байна” гэж хэрэлдэж байна. Бид хэрэлдэж чадаж байна. Үүгээрээ бахархах ёстой.

    -1990 онд монголчуудад олдсон эрх чөлөө хэврэг үү, эсвэл бат бөх болсон болов уу?

    -Биднээс л шалтгаална. Улсын эрх баригчид нь айж хулчигнаад л, барьцаанд ороод эхэлбэл Монгол улс буцаад л дуусна. Хүчтэй, зоригтой удирдагчид улс орныг авч явдаг юм. Тэрнээс баян чинээлэг хүн биш. Бид Монголын төлөө амиа алдсан улсуудын дурсгалыг байнга хүндэтгэж байх ёстой. Одоо Бодоо сайдыг гаргаж ирэх цаг нь болсон. Ханд ван, Да лам Цэрэнчимэд байна. Та нар Бодоог яагаад цаазалсныг мэдэх үү?

    -Бүр нарийн ширийн зүйлийг үгүй чиш.

    -Түүнийг цаазлах хоёр шалтгаан байсан. Бодоо Ерөнхий сайд болуутаа Данзантай хүч хавсран хэлмэгдүүлэлт хэзээ ч гаргахгүй байхын төлөө тэмцэж эхэлсэн. 1921 оны долоон сарын 08-10-ны шөнө Зоригт баатар Тогтох тайж тэргүүт нийт 106 хүнийг баривчилж, буудаж алах төлөвлөгөөтэй байж. 10-ны үдээс хойш Бодоо, Данзан, Эрдэнэбатхаан гурав завхрал гаргаад буй Вонукаев тэргүүтэй оросуудыг дуудаж “Энэ улсуудыг сулла” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр Бодоо Ерөнхий сайд болуутаа Америк, Англи, Герман, Японы… эрх баригчидтай харилцаа тогтоож эхэлсэн. Энэ нь оросуудыг тэсэхүйеэ бэрх болгосон. Тэгээд л Сүхбаатараар бодийг хөтлүүлсэн. Уул нь хэргийг Шүүх яам таслах ёстой байтал шууд Цэргийн яам асуудлыг нэг мөр шийдсэн дээ.

    -Ер нь тэднээс хожим Х.Чойбалсан, Б.Цэрэндорж хоёр яагаад хоёулхнаа торойгоод амьд үлдэв гэдэг тайлагдашгүй оньсого шүү.

    -Чойбалсангийн орных нь хүн бэлэн болсон болохоор алахаас өөр аргагүй. Гадны тавиул гэдэг ийм л хувь заяатай. Цэрэндоржийн хувьд төрд урван тэрслэгч. Урвагчид амьд үлддэг. Тэр Богдод хэлэлгүйгээр Бадамдоржтой нийлээд Автономитыг устгах бичигт гарын үсэг зурснаар бүх зүйл эхлээ биз дээ. Харин хөшөөг нь эд урагш харуулаад босгочихсон байна лээ.
    СГЗ Л.Пүрэвдорж

  • Ё.ОТГОНБАЯР: КУЛИКОВЫН ТУЛАЛДААН БУЮУ МОНГОЛЫН “МУШГИГДСАН” ТҮҮХ

    Куликовын тулалдаан нь Москва Алтан ордны дарлалыг таягдан хаях эхлэл болж, Оросын нутгуудыг нэгтгэх улс төр, эдийн засгийн төвийн хувьд хүч чадлаа харуулсан хэрэг болжээ. Куликовын тулалдааны ачаар татварын хувь багассан билээ. Алтан Ордныхон Оросын бусад улсуудын дунд Москва тэргүүлэх болсныг эргэлт буцалтгүй хүлээн зөвшөөрөв. Куликовын тулалдаанд Ордныхныг бутцохисон нь тэдний хүч чадлыг мэдэгдэхүйц сулруулжээ. Оросын янз бүрийн нутаг, хотын иргэд Куликовын тулалдаанд очиж, буцахдаа Оросын ард түмэн болон буцжээ” хэмээн дүгнэсэн байх ажээ.

    Оросын нэрт түүхч Н. М. Карамзинаас эхлэн томоохон түүхчдийн өгсөн үнэлэлт дүгнэлтээр Куликовын тулалдаан нь Монголын ноёрхлын төгсгөлийн эхийг тавьсан, Монгол цэрэг ялагдашгүй гэсэн домогт цэг тавьсан, Оросын вант улсуудаас Москвагийн вант улс хүчирхэгжин, Орос орныг нэгтгэх төв болон хувирсныг харуулсан, Оросын ард түмэн гэх нэгэн ойлголт бий болсныг Оросын олон нийтэд ухааруулсан хэмээн дүгнэцгээдэг юм. Олон зууны турш нэгэнт тогтсон түүхийн энэ ойлголт саяханыг хүртэл түүх судлалд ноёрхож, олон нийт энэ тулалдааныг Оросын цэрэг Монгол цэргийг дийлсэн байлдаан гэж бодсоор өдийг хүрчээ.
    Гэтэл 2004 оны 12 дугаар сарын 23-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин сэтгүүлчдийн асуултанд хариулсан шууд ярилцлагынхаа үеэр Куликовын талын тулалдааны тухай ярихдаа: “Тэнд аль аль талаас нь Орос цэргийн хороод ч, татаарын морин цэрэг байсан. Оросууд (татаарын морин цэргийг) цохилтын гол хүч болгон ашигласан” гэж хэмээсэн нь энэ сэдэвт олны анхаарлыг дахин хандуулж орхив. Байз байз, юун Оросын талд байлдсан Монгол цэрэг, Монголын талд байлдсан Орос цэрэг болчиховоо? Куликовын талд тэгээд хэн нь хэнтэй, юуны төлөө байлдсан болж таарав аа?
    Эндээс эхлээд олон учир нь тодорхойгүй асуултууд хөвөрч эхлэнэ. Дмитрий ван Монголын дарлалыг эсэргүүцэж байсан юм бол яагаад энэ тулаанаас хэдхэн жилийн өмнө Мамай ноёны утсан хүүхэлдэй Мухамед Булаг хаанаас Оросын их вангийн зарлигаа өвдөг сөгдөн авсан юм бэ? Тулалдаан болох үед Оросын А. С. Орлов, В. А. Георгиев, Н. Г. Георгиева, Т. А. Сивохина. История России. Учебник для ВУЗов. Москва. 1997. Хуудас 74 http:// www.serpuhov.livejournal.com/105023.html нилээдгүй олон вангууд, тухайлбал томоохон вант улсуудаас Рязань Москвагийн эсрэг байр суурьнаас хандаж, Алтан Ордонтой нэг эвсэлд яагаад багтаж байв? Судар бичгүүдэд бичсэн шиг хэдэн зуун мянгаар тоологдох цэрэг эрс хоёр талаас байлдсан гэсэн нь үнэн үү? Хаанаас тийм олон цэрэг гарч ирэв? Хэрэв Доны Дмитрийн талд Монгол цэрэг байлдсан бол ямар цэрэг, хаанаас ирж оролцов? Хэрэв Куликовын тулалдаан Монголын дарлалыг төгсгөл болгосон юм бол Орос орон энэ тулаанаас хойш 100 жил монголчуудад татвар төлсөөр байсны учир шалтгаан юу вэ? Мамайг ялсаны дараа Доны Дмитрий ван Тохтамыш хаанд элч заран, эсэргүү дайсныг даран устгасныгаа илтгэсний учир юунд байх вэ? гээд зах хязгааргүй олон асуудал ар араасаа даган хөврөх ажээ.

    Москвагийн их ван Иван Калита (1284-1340) Алтан ордны Оросоос авах Монголын татварыг цуглуулах эрхийг Москвагийн вант улсад авсан үеэс эхлэн татварыг элдэв маапаангүй тушаах болсон тул Орос руу татварын асуудлаар үүссэн уулгалалт, залхаан цээрлүүлэх байлдааны ажиллагаа зогсож, хэсэгтээ “великая тишина” буюу “аугаа их нам гүм байдал” ноёрхох болжээ. Их талын зүгээс үе үе орж ирдэг галдан шатаасан уулгалалтууд зогсож, Монгол цэрэг Оросын вангуудын урилгаар үе үе дотоодын самуунд оролцох боловч Орос орныг нийтэд нь хамарсан томоохон довтолгоон болохоо байв. Энэ бол байлдан дагууллын дараа нурсан улс орноо өөд нь татаж, эдийн засгийн болон цэрэг, зэвсгийн хүчээ сэлбэх нэн шаардлагатай амсхийлтийг Орос орон олж авсан хэрэг байв. Монголын довтолгооны өмнө байсан Оросын дотоодын хүчний харьцаа өөрчлөгдөж, энэ үед Алтан Ордны татварыг цуглуулдаг Москва, Тверийн вант улсууд хүчирхэгжин өндийж эхэлсэн билээ.
    [1] Полное собрание русских летописей. Летописный свод 1497 г. Боть 28, Москва-Ленинград, 1963. Хуудас 71 [1] Беклярбек, бейлербей – ноёдын ноён буюу Алтан ордны улсын хоёрдахь нөлөөтэй хэргэм. Беклярбек Мамай цэргийн ерөнхий жанжин байж, гадаад хэрэг, шүүхийг ерөнхийлөн хариуцаж байжээ
    Эхлээд Хөх Ордод эзэн суусан Тохтамыш хаан 1380 онд гэхэд Мамай ноёныг түрсээр Цагаан Ордын нилээд хэсгийг эзэлж, Мамайг Хар тэнгисийн хойд тал, Крымын хойгоор хязгаарлаж чадсан билээ. Иймээс Куликовын тулалдаан болох үед Мамай ноён урдны хүчирхэг беклярбек байхаа нэгэнт больж, улсын баруун хязгаарт орогносон оргодол босуулын хэмжээнд оччихсон байлаа.
    Москвагийн ван II “Сайхан” Иваны хүү Дмитрий Иванович ван Алтан ордонд “их будилаан” үүссэн жил буюу 1359 онд 9 настайдаа вангийн ширээнд заларсан билээ. 1362 онд Мамай ноёны тавиул хаан Абдулла Дмитрий хүүд зарлиг хайрлаж, вангийн ширээг нь баталгаажуулахад Москвагийн хамба Алексий, Мамай ноён нарын дотнын харилцаа нөлөөлсөн аж. 1371 онд Алексий хамбын оролцоотойгоор Алтан ордоны татварыг хоёр дахин бууруулсан гэрээ Москвагийн Вант улс, Алтан Ордтой байгуулжээ.

    Мамай ноён Москвагийн харилцаа дандаа сайхан байсангүй. Москвагийн вант улс хүчирхэгжиж байгааг мэдэрсэн Мамай ноён завсарт нь татвар цуглуулах эрхийг Тверийн ван Михаилд өгөх зэргээр нилээдгүй асуудлууд үүсгэж байлаа. 1375 онд Дмитрий ван Оросын зүүн хойд хэсгийн вант улсуудтай хамтран Тверийг дайлж, Москвагийн хараат улс болохыг нь хүлээн зөвшөөрүүлснээр Мамай ноёны тоглолтыг хязгаарлаж чаджээ.

    1376 онд Москва, Суздалийн вант улсын цэргүүд Ижил мөрний Булгаар луу довтолсон байна. Алтан Ордны хаан ширээний төлөө тэмцэлд ялагдсан Хасан хан зугатаж, Ижил мөрний Булгаарыг эзлэн ноёрхсон тул Оросын вангууд Мамай ноёны зарлигаар тийнхүү дайнд мордсон хэрэг. Мамай ноёнд цохиулж, оргодол босуул болсон цөөхөн цэрэгтэй Хасан ханыг дарсан энэ явдал түүхэндээ Оросын цэрэг Монгол ноёныг дайлсан анхны тохиолдол шахуу байлаа. Харин энэ үед Мамай ноёны дургүйг хүргэсэн өөр нэгэн явдал болсон нь Хасан ханыг бутцохисон Оросын цэргүүд 5000 рубль дайны төлбөрт аваад зогсохгүй, Булгаарт татварын Орос ноён үлдээсэн хэрэг мандав. Үүнд дургүйцсэн Алтан Ордны хаан Араб шахын цэргүүд 1377 онд Орост халдан, Пьяна буюу Согтуу голын эрэг дээр Оросын нэгдсэн цэргийн хүчийг хиар цохисон тухай Оросын судар бичгүүдэд: “И бысть на Пьяни и пьяне (Согтуу голын эрэг дээр согтуу байцгаав)” хэмээн тэмдэглэжээ. Араб шахын цэргийг хүлээж байсан Оросын цэрэг хэд хоног найрлаж, согтуу унтацгааж байх үед нь монгол цэргүүд дайран орж, хүйс тэмтэрсэн байна.Алтан Ордонд алтан ургийн удмын ноён Тохтамыш хаан ширээний төлөө тэмцэл хийж эхэлсэн мэдээ Оросын вангуудыг ацан шалаанд орууллаа. Мамай ноёнд татвараа төлсөөр байх ахул хожим хууль ёсны эзэн хаан “оргодол хулгайд татвар төлсөн” хэмээн үзэж, наанадаж татварыг дахин төлөх, цаанадаж хэрэг буруугаар эргэвэл улсын эсрэг гэмт хэрэгтнийг санхүүжүүлсэн яланд ч унаж мэдэхээр болжээ. Тохтамыш хаантай тэмцэлдэж эхэлсэн Мамай ноён харин өөрийн дайн байлдааныг санхүүжүүлэхэд хөрөнгө мөнгө ихээр шаардлагатай болсон тул Оросоос авах татвараа багасгасан гэрээгээ зөрчихөөр шийдэж, хоёр дахин их татвар нэхэж эхлэв. Сарай, Казань, Астрахань гээд томоохон хотуудаа Тохтамышд алдсан Мамай ноёнд Хар тэнгисийн эрэгт байх Италийн худалдааны хотууд болох Кафа, Судак хотоос гадна Оросоос өөр олигтой татварын эх үүсвэргүй болсон нь ч нөлөөлжээ.

    Алтан Ордны доторх самууныг далимдуулан Дмитрий ван татвар төлөхөөс татгалзав. Юуны өмнө, Мамай ноёны өргөмжилсөн хаадууд хууль ёсны хаан эсэх нь ойлгомжгүй гэдэг аятайхан шалтаг гарч иржээ. Нөгөөтэйгүүр, гэрээгээ зөрчин татвараа нэмсэн тул учраа олтол төлөхгүй байх өөр нэг шалтаг ч бий боллоо. Мамай ноёны хувьд Тохтамыш хаантай хийх дайныг санхүүжүүлэх гарцаагүй шаардлага бий болсон агаад үүний тулд Оросын вант улсуудыг нухчин дарж, татвараа олж авах зайлшгүй хэрэгцээ үүсчээ. Эхлээд тэрээр сүрдүүлэх зорилготой Мурза Бегичээр удирдуулсан багахан цэрэг Орост 1378 онд илгээсэн боловч Вожь голын эрэг дээр Оросын цэрэгт бутцохиулав. Оросын цэрэг Вожь голын эрэгт Монгол цэрэгтэй тулгармагц хуурамч ухралт хийж, араас нь мөшгихөөр гол гарч эхэлсэн Монгол цэрэг рүү гэнэт эргэн довтолж, усанд түрэн шахаж живүүлжээ.

    Орос цэргийн жанжнууд Монгол цэргийн байлдааны тактикийг чамгүй сайн сурч авсан байсан нь эндээс харагдаж байна. Оросын цэргүүдийг Дмитрий вангийн үеэл дүү Серпуховын ван Владимир Андреевич болон Литовоос хүчин зүтгэхээр дагаар ирсэн Волынь мужийн Дмитрий Боброк жанжин нар удирдаж байв. Ялангуяа Дмитрий Боброк жанжин Литовын ван Ольгерд болон Алтан Ордны жижиг хануудын хооронд 1362 онд болсон Хөх голын тулалдаанд[1] оролцсон, монгол цэргийн Алтан Ордны хаан Жанибег, Бердибек нарын үхлээс болж, дотоодын самуун үүссэнийг далимдуулж, Литовын их ван Ольгерд Алтан Ордны харьяанд байсан Украин руу довтлон орж, эсэргүүцэн зогссон Крымын Феодора вант улсын Мангуп хотын захирагч Дмитрий, Солхатын захирагч Кутлуг буга (сударт Крымын даргач гэж монгол үгээр тэмдэглэсэн), Чуфут Кале хотын дарга Хажи Бек нарын гурван ноёны цэргийг Хөх голын эрэгт 1362 онд бутцохижээ. Энэ тулалдааны үр дүнд Киевийг оролцуулан Украины нутагт Литовын их вант улс ноёрхох болов. Тэрбээр хожим Куликовын тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тухай сурвалж бичгүүд мэдээлдэг билээ.

    Энэ ялагдлын өшөө авах, Оросыг нухчин дарж, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болох, их цэрэг элсүүлж, Тохтамыштай эргэн байлдах зорилгоор Мамай Литовын их ван Ягайлотой эвсэл байгуулан, Рязаны ван Олегийг талдаа татаж, 1380 онд Москваг эзлэхээр их цэрэг хөдөлгөв.
    Дмитрий ч зүгээр суусангүй. 1375 онд Дмитрий ван хүүгээ загалмайлах баяр хийж, найрандаа Хойд Оросын вангуудыг урьжээ. Ухаандаа, хүүхдийн үсний найраар далимдуулан холбоотон вангуудаа урьж, хутагт ламаар уриалуулан эвсэл байгуулах ажил зохион байгуулсан хэрэг л дээ. Мэдээж хэрэг, харьяат Оросын вангууд нэг газар гэнэт цуглах нь Алтан Ордны анхаарлыг татаж магадгүй байсан тул ийнхүү найр, наадам ашигласан хэрэг байх л даа. Хөвүүнийг загалмайлах ёслолыг үйлдэхээр ариун гэгээн хэмээн ихээхэн нэрд гарсан лам Сергий Радонежский ирсэн бөгөөд найрын үеэр Сергий лам эхлэн сэдэж, Зүүн-Хойд Оросын вангуудын эвсэл байгуулахаар болжээ. Вангууд энд тэнд мэр сэр уулгалах болсон татаарын бие даасан жижиг ноёдын уулгалалтыг хамтран сөрөн зогсох тохиролцоонд хүрсэнээс гадна юуны өмнө Тверийн ван Михаилыг дайлаар мордож, буулгаж аван, Москвагийн вант улсын ноёрхлыг тогтоов. Энэ үйл явдлын өмнө Алтан Ордонд очихдоо Дмитрий ван 10 000 рублийн өрөнд барьцаалагдсан Тверийн ван Михаилын хүү Иваныг өрийг нь төлж авсан бөгөөд Иван ханхүү ийнхүү Алтан Ордны бус Москвагийн вант улсын барьцааны хүн болж хувирсан байсан нь ч нөлөөлсөн нь эргэлзээгүй.

    Татварын маргаан

    Ийнхүү татварын маргаанаас үүдэн Мамай ноён болон Москвагийн вант улсын тэргүүлсэн Зүүн Хойд Оросын эвсэлийн хооронд цуст мөргөлдөөн үүсэх нь ойлгомжтой болов. Татварын маргаан. Орос болон Мамай ноёны хооронд үүссэн гол маргааны шалтаг нь татварын хувь хэмжээ байлаа. Орос орон Алтан Ордонд ямар хэмжээний татвар төлдөг байсан талаар эхэн үедээ эх сурвалжуудын мэдээлсэн тодорхой тоо, хувь хэмжээ алга. Хожим XVI, XVII зууны үед бичигдсэн Оросын эх сурвалжуудад “буруу номтны хаан Бат арван хувийн татвар буюу десятина төлөх”-ийг шаардсан гэж гардаг нь хувь хэмжээг заасан хэрэг бус, зөвхөн тэр цагийн Европт өргөн тархсан сүмийн 10 хувийн десятина хэмээх татвартай дүйцүүлэн хэлсэн байх магадлалтай билээ. Библийн судраас эхлэн нийт орлогын 10 хувийг сүмдээ өргөх уламжлал тогтсоныг Өрнөд Европт 779 онд Их Карл ван хуульчилсан байдаг. Орост ч энэ татвар үйлчилж байсныг 995 оны Владимир Святославович вангийн хуулинд: “Өнгөрсөн жилээс сүм хийд Эх дагины нэрийн өмнөөс Оросын бүх нутагт шүүхийн хэргээс 10-ны нэгийг, худалдаанаас 10 дахь долоо хоногийн орлогыг, зун бүр өрхөөс гэрийн амьтан бүрийн 10-ны нэгийг Эх дагины болон гэгээн Спасын өдрөөр” авч байхаар заасан байдаг.

    Монголчууд Оросоос хэд хэдэн төрлийн татвар авч байсан тухай мэдээ бий. Юуны өмнө Засгийн татвар буюу тухайн үеийн эх сурвалжид тэмдэглэгдсэнээр ясак буюу выход гэх татвар авч байв. Оросын түүхч К. Жуков энэ татварын хэмжээг хамгийн ихдээ 4, хамгийн багадаа буюу Куликовын тулалдааны үед 2 хувь байсан хэмээн үзжээ. Энэ хэмжээ нь 10 хувийг төлдөг байсан Оросуудын хувьд жигтэйхэн их татвар байгаагүй нь ойлгомжтой хэрэг. Оросыг эзэлсэний дараа Монголчууд хүн амын тооллого явуулж, 43 түм[1] буюу 430 000 татвар төлөгч байгааг тогтоосон байдаг. Энэ үед үүнийг өрх биш, соха буюу анжис хэмээн нэрлэж байжээ. Соха буюу анжисыг зөвхөн өрх гэж үзэхэд хэцүү бөгөөд нэг эзэмшил тариалангийн талбайгаас тэжээгддэг тариачдын отог гэж хэлвэл зохистой. Монголын татвар анжиснаас жилд полтинник буюу хагас гривень мөнгө авдаг байв. Эрдэмтдийн тогтоосноор энэ нь 102 грамм мөнгө болж байжээ. Энэ их үү, бага уу?

    Их Петр хааны үед тариачны ам бүлээс хүн амын татвар нэг хүний 1 рубль буюу 30 грамм мөнгө авч байсныг тэмдэглэн үлдээсэн байдаг. Нэг өрхийг 5 хүнтэй гэж бодоод үзэх юм бол Петр хаан Монголчуудын хамгийн өндөр авч байсан үеийн татвараас 50% их буюу 150 грамм мөнгө жилд татварладаг байсан гэсэн үг юм. Петр хааны үед юм биш үү гэж өөрийн эрхгүй бодогдож байгаа биз?

    Өөрөөр тооцсон судалгаа бас байна. Монголчуудын тооллогоор Владимирын их вант улс 15 түмэн анжистай гэж тоологдсон бөгөөд жилд 15 000 рубль төлж байсан гэх баримт үлджээ. Хэрэв энэ тоогоор үзэх ахул нэг анжиснаас 10 копеек буюу 20 грамм мөнгө жилд төлж байсан гэвэл бүр бага тоо гарна. Мэдээж хэрэг, татварын хэмжээ вант улс бүрээр янз янз байсан нь ойлгомжтой. Татварын хувь хэмжээ багассаар Куликовын тулалдаан болох үед буюу XIV зууны дундуур 150 000 анжистай Владимир 15 000 рубль, 50 000 анжистай Тверь 2000 рубль, 50 000 анжистай Новгород 2 000 рубль, 20 000 анжистай Москва 1280 рубль төлж байсан баримт байгаа нь нэг өрхөөс жилд авах татвар 68 граммаас 13 грамм хүртэл байсан хачирхалтай тооцоо гарна. Өөрөөр хэлбэл эхэндээ 102 грамм байсан татвар дунджаар 40 грамм болтлоо буурчээ. Петр хааны 150 грамм Монголын хааны 40 грамм хоёр үнэхээр ялгаатай харагдах бөгөөд “монгол-татаарын дарлал” гээч их л таатай татварын орчинтой байжээ гэж бодогдоно. Үүнээс гадна замын татвар буюу ямская гэж авч байсан нь өртөөний албаны санхүүжилт байв. Замын татвар нь тэнд байсан өртөөний уналга, хүнсний зардал байсан бөгөөд тодорхой хувь хэмжээ заагдан үлдсэнгүй. Өртөөний алба Орос оронд улсын татварын орлогыг жилд 476 тонн мөнгө байсан гэж тооцсон бол Алтан Ордны жилд Оросоос авдаг байсан татварыг 1.5 тонн гэж үзсэн судалгаа байна. Өөрийн хаан нь ингэж авч байхад булаан эзлэгч Монголчуудын дарлал хамаагүй зөөлөн байсан

    Монголын дарлал төгсгөл болсон хойно ч үргэлжилж, ямская служба, ямская повинность гэж нэрлэгдэж байсан билээ. Хэмжээг нь тогтоож хэлж болшгүй өөр нэг татвар нь элч төлөөлөгчийн зардал буюу корма байлаа. Энэ нь ирсэн элчийн шуналаар хэмжигдэх тул тодорхой тогтоосон хувь хэмжээ гэж байсангүй.

    Алтан Ордны улс зөвхөн Оросоос ч засгийн татвар аваад байсан зүйлгүй юм. Харьяа бусад хотуудаас ч мөн адил ясак буюу засаг татвар авдаг байсан баримт бий. Жишээ нь, Астрахань хотын засаг татварын орлого Москвагийн вант улсаас хамаагүй өндөр байсан тухай тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр үеийн Астрахань Москвагаас хавьгүй том хот байсан болохоор аргагүй биз. Харин Алтан Ордны хаадууд өөрийн нүүдэлчин иргэдээсээ татвар авдаггүй байсан бөгөөд зөвхөн зуд турхантай жилд малгүй болсон иргэдийг дэмжих зорилгоор авдаг байсан гувчуур хэмээн 100 хониноос нэгийг татварладаг байжээ. Алтан Ордны 1 хувийн гувчуурыг одоогийн 20 хувийн нийгмийн даатгалын шимтгэлтэй харьцуулахад өндөр гэж хэн ч хэлэхгүй бизээ.

    Мэдээж хэрэг, Алтан ордны хааны татвараас гадна Оросын вангууд өөрийнхөө татварыг нэмж авдаг байсан нь тодорхой. Иван Калита вангийн үеэс Алтан ордны хааны татварыг Оросын вангууд өөрсдөө татварлан авах болсон бөгөөд Москвагийн вант улс нэгтгэн монголчуудад тушаадаг болжээ. Энэ нь тариачнаас авах татварын хэмжээг ихээхэн нэмэгдүүлдэг байсан нь ойлгомжтой хэрэг бөгөөд татварын тодорхой хувийг зардал хэмээн авч үлддэг байжээ. Дааж давшгүй хүнд татварын хамаг хараал зүхэл нь Монголын хаанд хаяглагддаг байсан нь Оросын вангуудад таатай боломж ч байсан байж болох юм. Иймээс Оросын түүхэн сурвалжид гараад байдаг “татаарын татвар даагдашгүй хүнд” гэсэн үгс зөрүүг нь авч үлдээд байсан Оросын язгууртнууд, түүний дунд Москвагийн их вангийн “гавьяа” байсан юм биш биз гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Мөн хураасан татварын тодорхой хэсгийг татвар цуглуулсан Москвагийн вангууд авч үлддэг байсныг дурдсан. Ийм асуудал Невийн Александр вангийн дүү Андрей вантай холбогдон гарч байсан бөгөөд Неврюйн уулгалтаар төгсөж байсан билээ. Харин хожим Москвагийн вангууд их хааны татвараас “хумслан” үлдээдэг байснаар ихээхэн хөлжсөн аж. Ялангуяа, Монголын ноёрхлын жилүүдэд Москва хотын анхны чулуун хэрэм – “Цагаан чулуун хэрэм”-ийг Доны Дмитрий ван барьсаныг харахад эсвэл давхар татвар авч байсан, эсвэл Монголын татвараас үлэмжхэн хэсгийг нуун авч үлддэг байсан байж таарна.
    За ямар ч атугай татварын хувь хэмжээний маргаан Москвагийн их ван Дмитрий Иванович, Алтан Ордоны беклярбек Мамай хоёрын мөргөлдөөнд хүргэжээ.

    Куликовын тулалдаан

    1380 оны 8 дугаар сард Мамай ноён Москваг дайлаар мордсон мэдээ авсан Дмитрий ван цэргээ яаралтай цуглуулав. Гэгээн Сергий Радонежскийн гаргасан уриалгаар Оросын бусад вант улсуудаас ч цэрэг эрс ирсэн бөгөөд Москвагаас гадна, Брянск, Смоленск, Друцк, Дорогобуж, Новосиль, Тарус, Оболенск, Стародуб, Трубчевск, тэр ч атугай Тверь, Новгород, Литовын вант улсын харьяа газруудаас ч цэрэг ирсэн гэх мэдээ байна.
    Оросын эртний сурвалжууд цэргийн тоог Оросын талд 300 мянга, Мамайн талд 500 мянга хүртэл байсан гэж мэдээлсэн нь тэр үеийн судар бичгийн уламжлалаар ихээхэн дэвэргэн өсгөсөн хэрэг байлаа. 8 дугаар сарын 15-нд Коломна хотод цугласан Оросын цэрэг 9 дүгээр сарын 7-нд Дон мөрний салаа Непрядва голын эрэгт ирсэн гэж мэдээлснийг үзэхэд цэрэг дан морин цэрэг байсан нь тодорхой байна. Оросын цэрэг Коломноос хөдлөхдөө эхлээд Тула хотыг чиглэн баруун зүгт гарсан нь Москвад байсан Литовын туршуулуудад нэгдсэн цэргийн хүч Литовыг чиглэн явсан гэх ойлголтыг төрүүлж, Мамайтай нийлэхээр хөдөлж явсан Литовын их ван Ягайлогийн болгоомжлолыг төрүүлээд авчээ. Болгоомжилсон Ягайло цэргээ ихээхэн хянуур удаан давшуулснаар тогтсон хугацаанаасаа хоцорч, Мамайтай нийлж чадаагүй байна.

    Оросын эрдэмтдийн олж тогтоосон Куликовын талд олдсон олдворуудаас харахад тэнд явган цэргийн тулалдаан бус, морин цэргийн тулалдаан болсон нь тодорхой ажээ. Одоогоор олдоод байгаа Куликовын тал гэгч нь өргөнөөрөө 800 м, уртаашаа 3 км урт талбай байгааг харахад олон арван мянган цэрэг багтахаар ч газар биш юм. Тэгэхээр энэ талыг олж тогтоосон эрдэмтэн О. Двуреченскийн тооцоолсноор Куликовын талд Дмитрий вангийн талаас 8000 цэрэг, Мамайн талаас 7000 цэрэг оролцсон гэх таамаглал хамгийн бодит болов уу.

    Мамай ноёны талд Орос цэрэг оролцсон байх магадлал өндөр бөгөөд Рязаний Олег ван Мамайн холбоотон байсан тул Рязаны хороодоос монголчуудын талд байлдсан байх магадлал өндөр юм. Сударт гараад байгаа Брянск гэх мэт Литовын их вангийн харьяа Оросын улсуудын цэрэг ч Доны Дмитрийн талд гэхээсээ Мамайн талд байх магадлалтай харагдана. Хожим яагаад ч юм Куликовын талд үрэгдсэн гэж тоологдсон Рязаны 70 ноён гэж сударт тэмдэглэгдсэн нь магадгүй, эсрэг талд байлдаад, хожим оросууд учраас Оросын хохиролд тооцогдчихсон ч байж мэдэх юм.

    Харин Дмитрий вангийн талд байлдсан Монгол цэргийн талаар Оросын судрууд огт дурдаагүй өнгөрчээ. Энэ нь “Задоншина”, “Сказание о Мамаевом побоище” зэрэг гол судрууд тулалдаанаас хойш 200 гаруй жилийн дараа бичигдэхдээ Оросын талд байлдсан монгол цэргийн тухай мэдээллийг хасчихсан байх магадлалтай, мөн монгол ноёд Оросын вангийн албанд зүтгэхээр очихдоо үнэн алдартны шашинд орж, орос нэр авдаг байсан тул монгол нэрээрээ тэмдэглэгдээгүй өнгөрчээ гэсэн үг юм.
    Гэтэл 1857 онд Долгорукий вангийн туурвисан Оросын язгууртнуудын удам судрын тухай номны Арсеньевын удмынхны тухай хэсэгт Доны Дмитрий ванд алба хааж байсан Арслан буюу Ослан Мурза Челибей нь өөрийн тугийн 300 цэрэгтэй дагаар орсон хэмээн тэмдэглэсэн бөгөөд Арслан ноёнг үнэн алдартны шашинд оруулахдаа Прокопий хэмээн нэрлэж, түүний хүү Арсенийгээс Арсеньевын удам үүссэн гэжээ.[1]

    Дмитрий ван Арслан ноёнг өөрийн дотны итгэлт нөхөр буурч (стольник) Зотик Житовын охин Мариятай гэрлүүлэн, Кременск хотыг эдлэн газар болгон шагнасан байна. Арслан ноён 5 хөвүүнтэй байснаас Есүл нэртэй хүү Арсений Прокопьевичаас Арсеньевын удам, Кременец хочит Яков Прокопьевичаас Кременецкий, Жданов, Яковцевын удам, “Их амт – Ртище” хочит Лев Прокопьевичаас Ртищев, Комовын удам, Федор Прокопьевичаас Сомовын удам, отгон хүү Павел Прокопьевичаас Павловын удмынхан гаралтай ажээ. Хэдийгээр Долгоруков вангийн номонд Арслан ноёнг Куликовын тулалдааны дараа буюу 1389 онд Орост ирсэн гэж тэмдэглэсэн байх авч, 1792 онд Арслан ноёны отгон хүү Павелын удам Оросын төрийн зөвлөх В. А. Павловын мэдүүлснээр Арслан ноён бүр 1365 онд Дмитрий ванд хүчин зүтгэхээр ирсэн гэсэн[2] байх ажээ. Хэрэв Арслан ноён 1365 онд дагаар орсон бол Мамайн довтолгооны тухай туужид нэр дурдагдсан өөр нэг монгол-татар ноён бол Костромын ноён Федор Сабур юм. Куликовын тулааны дараа алга болсон Доны Дмитрий ванг шархдсан байдалтай хус модны ёроолд хэвтэж байхад нь Костромын ноён Федор Сабур, Григорий Холопищев нар олсон хэмээн уг туужид дурджээ. Федор Сабур нь 1330 онд үнэн алдартны шашинд орж, Захарий нэр авсан Чета ноёны удам гэх бөгөөд “Чета ноёны тууж” гэх XVI зууны үеийн сударт тодорхой дурдагджээ. Сударт дурдагдсанаар Их ордоос ирсэн Чета ноёны хүү Александр, түүний хүү Дмитрий Зерно, түүний хүү Иван Зерно, Иваны хөвүүд Федор Сабур, Данило Подольский, Иван Годун“[1] хэмээсэн байна. Энд нэр дурдагдаж буй Иван Годуны удам Борис Годунов 1598-1605 он хүртэл, түүний хүү Федор Годунов 1605 онд 2 сар Оросын эзэн хаан байсныг уншигчид санаж буй буйзаа.
    Хороо захирч байсан өөр нэгэн ноён бол Коломнын цэргийн хорооны бүрэлдэхүүнд өөрийн цэрэгтэй байлдаж явсан Андрей Серкизов ноён юм. Харуулын хороог захирч байсан Андрей Серкизов тулалдаан эхлэх үед тэргүүн хороог дайран харвах монгол харваачдаас хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан тухай зарим эх сурвалжид тодорхой бичжээ.

    Андрей Серкизов бол 1371 онд Алтан Ордноос Доны Дмитрийд алба хаахаар ирсэн Серкиз ханы хүү тухай Оросын язгууртнуудын удмын бичигт бичигджээ. Андрей Серкизовын гавьяаг үнэлэн Москва орчны нэгэн тосгоныг Дмитрий ван Серкизово гэж нэрлэхийг зарлигдсан нь одоогийн Москвагийн Черкизовын дүүрэг болон үлдсэн байна. Орост сурч байсан Монголчууд түм түжигнэж, бум бужигнасан Черкизовын барааны захыг сайн мэдэх боловч монгол удмын ноёны нэр гэж таамаглаагүй байх л даа. Түүнээс гадна Доны Дмитрий ванг ялна хэмээн зүүдэлсэн харуулын цэрэг Фома Кацибейг бас туужид дурдсан байх бөгөөд Хажибей гэсэн нэрнээс гаралтай татар хүн нь харагдана. Туужийг унших ахул энэ нөхөр харуулын ээлжин дээрээ унтсан хэргээ замруулах гэж зөн билигт зүүд зүүдэлсэн мэтээр ярьсан бололтой, уг зүүд нь их ванд таалагдсанаас болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байх магадлалтай ажээ. Тэр ч атугай Кацибейн ярьсан зүүд Новгородын анхны цаглабарт бичигдэн үлдсэн 1240 онд болсон Невийн тулалдааны өмнөхөн Невийн Александр вангийн зүүдэлсэн зүүдтэй үг үсэггүй таарч байгаа нь мөн гайхалтай. Магадгүй Кацибейн зүүдний энэ хэсгийг Новгородын судраас хуулбарласан ч байж болох. Ямар ч атугай энэ сэдвийг түүхчид сонирхон цаашид судлах аваас Мелик, Арслан, Сабур, Серкиз нараас өөр монгол-татар ноёдыг олж тогтоож болох биз ээ. Ямар ч байсан Дмитрий вангийн талд тулалдсан Монгол цэргийн хороод байсан нь эдгээр баримтаас харагдаж буй бөгөөд тэд харин Тохтамыш хаанаас явуулсан цэргүүд биш бололтой.

    Тулалдаанд нас барагсдын жагсаалтыг авч үзэхдээ 1400-аад оны үед бичигдсэн анхны жагсаалтаар үзэх нь зөв бөгөөд XVI, XVII зуунд өвөг дээдсээ Куликовын тулалдааны оролцогч болгон бүртгүүлж, язгууртны ангилалд зиндаагаа дээшлүүлдэг явдал гарсан тул хүн бүр удам судраа энэ жагсаалтанд багтаахыг оролдсоор алагдагсдын нэр утгаа алдатлаа өргөжжээ. Одоогийн байдлаар алагдсан гэж бичигдсэн бояруудын нэрс 500 гарсан агаад Мамайн холбоотон Рязаны, Литовын харьяаны Брянск, Дорогобужийн боярууд хүртэл орчихсон аж.
    Энд тулалдааны явцын элдэв сониныг дэлгэрүүлэн бичих бодол агуулсангүй. Гагцхүү Оросын ихэнх түүхчдийн бичээд байгаа шиг Алтан Ордныг дарж, Монголын дарлалаас гарсан хэрэг бус, улсын дотоодын засгийн эрхийн төлөөх тэмцэлд идэвхийлэн оролцсон, яг тулалдаан болох үед баруун хязгаарын “босуул, хулгай” болсон Мамай ноёныг дарсан хэрэг байсныг л харуулахыг чармайв. Алтан Ордны улсын түүхийн нүдээр харвал Куликовын талд засгийн эрхэнд санаархсан, даварсан ноён Мамайг хараат улсын ван Дмитрий даран сөнөөсөн явдал болсон бол Оросын түүхийн нүдээр харвал Оросууд анх удаа монголын их цэргийг томоохон тулалдаанд амжилттай бутцохиж, Оросын вант улсууд нэгдмэл байвал ялан дийлж болохыг ухаарсан явдал болсон гэж үнэлэх нь зүйтэй хэрэг буйзаа. Одоо цагийн бидэнд ойлгомжтой байх үүднээс хэлэхэд Куликовын тулалдаан нь 1941 оны Москвагийн дэргэдэх тулалдаантай зүйрлэж болох ялалт байсан бөгөөд Фашист Германыг даран сөнөөхөд дахиад цус урсгасан 4 жилийн дайн хийсэн бол Алтан Ордны дарлалаас гарахад дахиад 100 жил дутуу байлаа.

    Мамай ноёныг ялсаны дараа Дмитрий ван Алтан ордны хаан Тохтамышд элч зарж, эсэргүү хулгайг даран сөнөөснөө “илтгэсэн” байна. Ялагдан зугтсан Мамай ноёны цэргийг домогт Калка голын эрэгт Тохтамыш хааны цэрэг хүлээж байжээ. Мамай ноёны жанжнууд хууль ёсны хаан Тохтамышд байлдалгүй бууж өгөв. Мамай ноён цааш Хар тэнгисийн Италийн боомт Кафа руу дутаан одсон ч Генуячууд араас нь ирэх нэхлэгээс айж, түүнийг хотод оруулсангүй. Орон гэргүй болсон Мамай удалгүй Крымын Солхат хотын орчимд Тохтамыш хааны цэргүүдэд баривчлагдан цаазлагдсан бөгөөд цаазлахдаа түүнд тулгасан ялуудын дотор “уулын орд руу довтолсон” хэргийг ч дурдсан байх аж. “Орда Залесская” буюу “Уулын орд” хэмээн тэр цагт Москвагийн вант улсыг нэрлэж байсан бөгөөд Алтан Ордны харьяа улс гэж үзэж байсныг энэ баримт дахин гэрчлэх бөлгөө.

    Тохтамыш хаан Москваг эзлэн шатаасан нь Мамайн хүү Хияд овогт Мансур Куликовын тулалдааны дараа өөрийн цэрэгтэй Литовын их ванд дагаар орж, түүнд Витовт вангаас Глинск, Глинница, Полтав хотуудыг эзэмшилд нь өгчээ. Энд суурьшсан Мамайн удмынхан Глинский гэх овгийн нэр авсан аж. Хожим Литовын Вант улс, Польшийн вант улс хоёр нэгдэх үед Михаил Глинский ван үүнийг эсэргүүцэн бослого гаргаж, Оросын III Василий их ванд дагаар орсон байна. Глинскийн удмын язгууртан бүсгүй Еленатай Василий их ван гэрлэж, дундаас нь Иван нэртэй хөвүүн мэндэлсэн нь хожим Оросын анхны хаан болсон “Догшин” хочит IV Иван хаан билээ. 1501 онд Их Ордын хаан Шейх Ахмад Глинский ванд захидал бичихдээ: “Хияд удмын Мамай вангийн хөвүүд” гэж нэрлэснийг[1] харахад тэдний удам судрыг Алтан Ордонд сайн мэдэж байжээ.

    Тохтамыш хаан Дмитрий вангаас Мамайд төлөөгүй хоёр жилийн татвар буюу 8000 рублийг нэн даруй нэхэмжилсэн бөгөөд Дмитрий төлөхөөс цааргалжээ. Үүний хариуд 1382 онд Тохтамыш хаан Орост цэрэглэн орж ирж, Москваг эзлэн шатаав. Дмитрий ван энэ удаа сөрөн байлдалгүй, Москваг орхин, цэрэг цуглуулах нэрээр дутаан одсон бөгөөд Оросын судар бичигт дурдсанаар “оставиша город ибо законнаго царя бояхуся (хууль ёсны хаанаас эмээж, хотыг орхин одсон)” гэсэн байх ажээ. Нэгэнт хууль ёсны хаан ирсэн тул Оросын бусад вангууд түүнд цэрэг илгээсэнгүй.

    Энэ үед Новгородын голын дээрэмчид–ушкуйникууд Ижил мөрний хотуудыг дээрэмдсэн хэрэг гарсан тул Дмитрий ван Новгородыг дайлаар мордож, учирсан хохирол 8000 рублийг гаргуулан авч, энэ мөнгөөр Тохтамыш хааны татварын өрийг дарж цайруулсан байна. Өрөө цайруулсаны дараа тэрбээр хүү Василийгаа Тохтамыш хаанд илгээн байж, гэмээ цайруулан, хүүдээ Москвагийн их вангийн хэргэм залгамжлах зарлиг авчээ. Харин болж өнгөрсөн энэ түүх хожим Оросын түүхчдийн бичсэн ном, судруудад дөвийлгөгдөн, Мамай хаан Алтан Ордны цэргээр Оросыг дайлахыг завдсан, Доны Дмитрий ван Мамай хааныг дарж, Орос орныг Монголын дарлалаас чөлөөлөх замыг нээсэн гэсэн домог болон хувирчээ. Татварын маргаанаас эхэлсэн зөрчил ийнхүү түүхэнд үлдсэн том тулалдаан болон тэмдэглэгдэж, Монголын бас нэгэн “мушгигдсан түүх” болон үлдсэн ажгуу.

    Ё.Отгонбаяр

  • “ПОЛИТБЮРО”-ГИЙН ТОМЧУУЛ: Ц.НАМСРАЙ

    Түүнийг цэл залуугаараа ийнхүү суга дэвшихэд юу нөлөөлөв гэдгийг жаахан судалж үзэв. 1962-1964 онд Дорноговь аймаг дахь “Үнэн” сонины тусгай сурвалжлагч байх үедээ улсын өмч иддэг, хууран мэхэлдэг, ажил цалгардуулдаг, хүнд суртал гаргаж, иргэдийг чирэгдүүлдэг даварсан хүмүүсийн талаар нэр зааж шүүмжлэн бичиж байсан нь онцгой харагджээ. Тэр үед ердөө 23-24 настай байв. Нам түүнийг бүр амаргүй ажилд сорихоор шийдэж “Соёлын хувьсгал” ид өрнөж байсан 1965-67 онд Бээжин дэх сурвалжлагчаар томилжээ. Хятадад чухам юу болоод байгааг манайхан Ц.Намсрайн мэдээ, сурвалжлагаар л мэдэж, төсөөлдөг байж.
    Тэрбээр хятадын “Хун вэй бин” гэдэг үгийг “улаан хамгаалагч” гэж орчуулсан нь оновчтой болж оросууд түүнээс нь санаа аван “Красный охранник” хэмээн буулгасан болохыг доктор Б.Даш-Ёндон нарын хэд хэдэн хүн дурсамждаа тэмдэглэсэн байдаг. Бээжингээс түүнийг татаж авчраад удалгүй Москвад суух сурвалжлагчаар томилжээ. Ленинградад сэтгүүлчийн мэргэжлээр Их сургууль төгссөний хэрэг юу билээ, Зөвлөлт улсын туршлага, бүтээн байгуулалтын талаар даацтай олон материал бичиж, бас айлчлалаар очсон Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нарын зэрэг нам, засгийн удирдагчидтай ч дотно танилцжээ. Энэ бүхэн намын удирдагчдад итгэл төрүүлсэн байна.

    Ийнхүү 1970 оноос хойш тасралтгүй өгссөөр Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Улс Төрийн Товчооны гишүүн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн орлогч дарга хүртэл дэвшсэн. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул энэ хүнтэй дотно танилцъя гэж боддог байсан боловч, даанч Нааяа дарга богинохон насалсан. Нааяа даргын итгэлтэй туслахаар миний дотнын найз Г.Бадрах агсан ажиллаж байсан бөгөөд намайг Москвад сурч байхад надад мөн ч олон тарваганы арьсан малгай зөөсөн дөө, хөөрхий минь! Нэг ёсондоо Нааяа даргын гадаадад айлчлах боломжийг ашиглан контрбанд хийлгэж байгаа хэрэг л дээ.
    1990 оны хавар Нааяа дарга Төв хорооны дэргэдэх сэтгүүлүүдийн Нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр томилогдон ордны баруун талын хоёрдахь давхарт манай “Ардын эрх” сонины ажилтнуудтай бараг өрөө залган байрлах болов.

    Том дарга гэнэт бууж бидэнтэй айлсан ажиллах болсон нь сонин, содон байлаа. Тэр үед би “Намын амьдрал” сэтгүүлд зориулан бичсэн нэг өгүүллээ хэвлүүлэх, бас агуулгын талаар зөвлөгөө авах зорилгоор өрөөнд нь орж уулзсан юм.

    Нааяа дарга гүйлгэж харснаа “нилээн том юм байна. Би эхлээд сайн уншъя. Тэгээд чамтай эргээд уулзъя. Нөгөөдөр үдээс хойш ирээрэй” гэв. Хэлсэн хугацаанд нь яваад очтол ганцаараа л сууж байв. Үүд хавиар нь холхисон, уулзах гэсэн хүмүүс ч алга, хүн хүлээж авахыг өөрөө ч их хүсэхгүй байгаа янзтай. “За би уншлаа, хэвлүүлж болмоор санагдлаа. Ганц, нэг үг үсгийн алдаа харагдсан, засна биз” гээд өгөв. Би баярласнаа илэрхийлээд Москвад Нийгмийн Ухааны Академид суралцаж буй туслах Г.Бадрахынх нь тухай, 1989 онд “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэл их таалагдсан тухай, бас Хөвсгөл нутгийнхаа талаар ярьсан чинь “Өө тийм үү, Тэгвэл чи бид хоёр чинь нэг нутгийн улсууд байна” гээд цай дуудан нилээн тухлах янзтай болов.
    Үнэхээр “Энхтайван, социализмын асуудал” сэтгүүл болон “Үнэн” сонинд нийтлүүлсэн Нааяа даргын “Шинэчлэлийн хувь заяаг нам хариуцна” гэсэн нэртэй өгүүлэл нь тухайн үедээ цоо шинэ хандлага, шинэчлэлийн уур амьсгалыг мэдрүүлсэн бүтээл байсан юм. Тэр үеийн сэхээтнүүд: “шинэчлэлийн гол, гол чиглэлүүдийг үнэхээр зоригтой, даацтай дэвшүүлж тавьжээ. Ер нь дараагийн удирдагч, Монголын Горбачёв бол Намсрай дарга мөн юм байна” гэцгээж тун ам сайтай байсан. Тэр өгүүлэлд нам, төрийн үүргийг салгах, нам бол улс төрийн системийн цөм мөн гэдэг ойлголтыг өөрчлөх, эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралд ноёрхсон захиран тушаах арга барилаас ангижрах, удирдах боловсон хүчийг шилж сонгохдоо хүссэн бүхэнд тэгш боломжийг олгож өрсөлдүүлэн шалгаруулдаг байх, ард түмний оюун санааг европчилсон загвараас гаргаж үндэсний үзэл, ухамсар хөгжих замыг чөлөөлөх болон намын эгнээний бүрэлдэхүүний асуудалд хуучирсан “ангич” сэтгэлгээний үүднээс ханддагийг зогсоох зэрэг тун шинэлэг зарчим, хандлагыг дэвшүүлж, ардчиллыг өрнүүлж, өөрчлөн байгуулалтыг тууштай хийцгээе. Цаг боллоо хэмээн уриалсан байдаг юм.
    Энэ бол нийгэм бужигнахаас байтугай, 1989 оны залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөнөөс бүр өмнө бичсэн өгүүлэл билээ.
    -Таны тэрхүү өгүүллийг уншаад сайн цаг айсуйг мэдэрсэн, харин дараа дараагийн алхмууд нь юу байх юм бол доо гэж хүмүүс их хүлээдэг байсан. Гэтэл тэгсхийгээд чимээгүй болсон хэмээн яриа өдөхөд:
    -Тэр өгүүлэл чинь бас нилээн олон хүний дургүйг хүргэсэн шүү. “Өөрчлөн байгуулалтыг Намсрай ганцаараа хийх юм байна л даа”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гэхчлэн гоочилж эхэлсэн. Ер нь шал өөр цаг үе ирж байна гэдгийг нэг хэсэг маань ойлгохгүй байсан л даа. Гэтэл ЗХУ, социалист системийн орнуудад тэр үед юу болж байлаа? Зөвлөлтөд Горбачёвын өөрчлөн байгуулалт эргэлт буцалтгүй үйл явц болчихсон байсан. Унгарчууд түрүүлж хөдлөөд Унгарын Ажилчны Социалист Намын Их Хурлаа яаралтай хуралдуулж эрс шинэчлэлтийг хийж намынхаа нэрийг хүртэл өөрчлөн “Унгарын Социалист Нам” болгосон. Социалист бусад орнууд ч хөдлөөд эхэлсэн. Нөхөддөө, намынхандаа эртхэн санаа өгье гэдэг үүднээс нилээн удаан сууж байж тэр өгүүллийг бичсэн ухаантай юм. Ер нь заавал өлсгөлөн зарлуулж байж шинэчлэлийн тухай ярих биш, бүр эрт хөдлөх таатай боломж бидэнд 2 удаа олдсон гэж боддог. Эхнийх нь 1984 оны намар, дараагийнх нь 1988 оны Төв Хорооны V бүгд хурлын дараа.

    1982-1984 онд Зөвлөлтөд Андропов гарч ирээд шинэчлэлийн уур амьсгал, салхийг аль хэдийн сэвэлзүүлээд эхэлсэн ш дээ. 1983 онд К.Марксын нэг том ойн хурал болж түүн дээр Андропов шинэчлэлийн үзэл санаагаа тунхаглан зарласан. Та нар ч санаж байгаа байх. Социализм бүхэлдээ биш боллоо. Улс орнууд дор бүрнээ нэг юм бодохгүй бол оройтно шүү гэсэн том сануулга байсан. Тэгээд Зөвлөлтөд зоримог арга хэмжээнүүдийг авч эхэлж байтал өөрөө удалгүй нас барсан. Тэгэхдээ л анхны харангыг дэлдчихээд бурхан болсон удирдагч.
    1988 оны XII сард болсон Намын Төв Хорооны V бүгд хурал нийгмийн амьдралын бүх хүрээг шинэчлэх арга зам, үндсэн чиглэлүүдийг тодорхойлж олон түмний дотор том хүлээлт үүсгэсэн. Харамсалтай нь дотроо ойлголцоогүйгээс болоод дараагийн алхмууд дээрээ хий эргээд зогсчихсон. Удаахи VI бүгд хурал барилгын тухай ч бил үү асуудал хэлэлцсэн, тэгээд л олон түмний дотор итгэл байхгүй болсон. Тэр нь явсаар байгаад саяын өлсгөлөн, суулт, огцролтод хүргэсэн шүү дээ гэснээ гэнэт Нааяа дарга: “Чи хөө, ингэхэд ярилцлага болгож хэвлэлд өгөх гээд байна уу, эсхүл зүгээр сонирхож байгаа юм уу?” гэж асуусан. Би: “хугацааг нь тантай зөвлөж байгаад хэвлэлд гаргая гэсэн бодол төрөөд явчихлаа” гэсэн чинь: -“Одоо хэрэггүй. Хэвлэлд гаргая гэж байгаа бол би чамтай тухтай уулзаж нилээн нарийн юмнууд ярина. Чи ч асуултуудаа гарга, бусад хүн амьтантай уулзаад материалуудтай сайн танилц. Ялангуяа энэ оны VIII бүгд хурлын материалыг олж үзээрэй. Харин нууцад авсан эсэхийг мэдэхгүй байна” гэж зөвлөсөн билээ. Үүгээр бидний яриа өндөрлөсөн юм.

    Бид хоёр дахиж уулзаж чадаагүй, удалгүй бие нь өвдөж 1990 оны Октябрын баярын маргааш өдөр нь 51-хэн насандаа Тэнгэрт хальсан.

    1990 оны VIII бүгд хурлын материалыг ялангуяа түүн дээр Ц.Намсрай даргын хэлсэн үгийг зориуд олж уншсан. Нааяа дарга хэлсэн үгэндээ: Олон түмэн, төвийн удирдлагын хооронд голдуу дээдчүүлийн буруугаас шалтгаалан ангал үүссэн. Хуучин систем, хуучин удирдлагын балагтай арга барил, түүнээс хоногшсон үхширмэл сэтгэлгээнээс салахыг оролдохгүй байгаад хамаг уршиг оршино. Энэ бүхнээс болж олон түмний бухимдал үүслээ. Эдийн засаг, аж ахуйг хөтлөх хуучны аргыг баримталсаар ирсний хариуцлагыг нөхөр Ж.Батмөнх толгойлсон, би гишүүн нь байдаг, Улс Төрийн Товчоо юуны түрүүнд хүлээх ёстой. Манай улс төлж дийлэхийн аргагүй өрийг өвлөж аваад өөрсдийнхөө ач гучид өв болгон үлдээх нь.
    Хүнс, барааны хангамж муудсаар байна. Шүдээ угаая гэхээр оогоор тасалчих юм. Юмаа угаая гэхээр саван олдохоо байлаа. Гэртээ тулгаа тойроод тухтай сууя гэхлээр цайгаар гачигдах юм. Энэ бүхний хариуцлагыг эдийн засгийг залах жолооны ард олон жил суусан нөхөр Д.Содном, СнЗ хариуцах ёстой юм биш үү? Одоогийн удирдлагын алдаа дутагдлыг ард түмэндээ ний нуугүй хэлж уучлал гуйя. Урьдын нөхдийн алдаа завхралыг ч илрүүлэн танилцуулж хүлцэл өчье.
    Монгол орон зогсонги байдалд орсныг хэлж зүрхлэхгүй байсаар УТТ-ны гишүүд бид улс төрийн тавцангаас буулаа. Бид харин өөрснөө зогсонгийн зогсонги байдалд орчихсон юм биш үү. Төв хороо сунжиртал, бөгсөө цоортол сууж хуралддаг байсан хэрнээ олон түмэнд үзэгдэж харагдахуйц олигтой асуудал шийдвэрлэсэнгүй. Зарим нөхдийн хэт алгуур, амгалан, томоотой байдал ч нөлөөлсөн. Улс Төрийн Товчоо “Улс төрийн” гэсэн нэрэндээ таарч ажилласангүй. Үүний буруугийн нилээд хувийг би өөртөө хүлээж огцрох шийдвэрийн талд зогсч байна. Харин Улс Төрийн Товчоогоор дэнчин тавьж албан тушаалдаа амгалан үлдэх гэж бодож байгаа хүн байвал би зөвшөөрөхгүй шүү. Ер нь сүүлийн жилүүдэд УТТ-ны гишүүд, орлогчид нэгдмэл хүч болж ажиллаж чадаагүй гэдгийг хүлээх хэрэгтэй. Түүх ба намын олон түмний зүй ёсны шударга асуулгад ороход би хувьдаа бэлэн байна” гэхчлэн шүүмжилжээ.

    Үнэнийг айхавтар хурц, эрс шулуун, хоёрдмол утгагүй хэлжээ. Уг нь арай эрт хөдлөе гэж санал бодлоо хэлж, зүтгээд байхад нь ямар ч дэмжлэг үзүүлээгүй хэрнээ тэр өдрүүдэд толгойгоо шаацгаан суугаа хүмүүст зориулж нэг ёсондоо ам асуусан мэт сонсогдсон ч байж мэднэ.
    Эдгээр алдаа осол, балаг, нүгэл биднээр дуусаг, гол нь ирээдүй хойч үед мартагдашгүй том сургамж, ухаарал болж тэмдэглэгдэн үлдэг гэдэг үүднээс тийнхүү хурц ширүүн шүүмжилсэн бололтой.

    * * *
    Ингээд би өөрийнхөө хэмжээнд мэдэх “Политбюро”-гийн 14 эрхмийн талаар, гол нь тэдний юу ярьсныг товч өгүүллээ.
    Боломж байсан хэрнээ уулзаж амжаагүй хүмүүс гэвэл Д.Дамба, Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, Т.Рагчаа, Д.Лувсанравдан, Д.Майдар гуай нар юм. Би 1989 онд Д.Дамба гуайн тухай нэг өгүүлэл бичиж “Үнэн” сонинд нийтлүүлсэн нь тухайн үедээ судлаачдад нилээн үнэлэгдэж байсан. Генерал С.Лувсангомбо, Д.Гомбожав гуай нартай товч уулзаж байсан боловч, ярианы тэмдэглэл олдсонгүйгээс гадна юун тухай ярьсан талаар тодорхой зүйлийг санахгүй байна. УТТ-ны гишүүн, орлогч гишүүн байсан хүмүүсээс өнөөдөр Д.Содном гуай, Б.Лантуу гуай нар амьд сэрүүн байгаа. Тэднээс тодруулах зүйл нилээн бий. Тэд ч миний бичсэнийг уншиж санал, бодлоо хэлж дутууг нөхөж, дундуурыг дүүргэхэд туслах байх.
    Ом сайн амгалан болтугай

    Ө.Энхтүвшин

  • МӨНГӨН УСНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХУУЛЬ БУС АЛТ ОЛБОРЛОЛТОД ЦЭГ ТАВИНА

    Гэтэл гар аргаар алт олборлогчид Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчин мөнгөн усыг хэрэглэн өөрийн болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Эрүүл мэндийн байгууллагаас гар аргаар алт олборлогчдоос түүвэрлэн авсан шинжилгээ дээрхийг нотолно. Үндэсний статистикийн хорооны 2016 онд хийсэн судалгаагаар 15 аймгийн нийт 34 сум, нийслэлийн Багахангай дүүрэгт 5108 иргэн алтны бичил уурхай эрхэлж байгаа нь тогтоогджээ. Харин тэдний 1415 нь хувиараа буюу хууль бусаар алт олборлодог аж. Харин Монголбанкинд 2017 онд нийт 20.01 тонн алт тушааснаас 12.66 тонн буюу 63.3 хувийг бичил уурхайчид нийлүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас 2012, 2014 онуудад түүврийн аргаар алтны үндсэн орд бүхий 12 сумын 308 алтны бичил уурхай эрхлэгчид үзлэг, шинжилгээ хийхэд цус, шээсэн дэх мөн гөн усны агууламж нь 14.3-24.5 хувьтай гарчээ. Энэ бол түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд асуудал очсоныг харуулж байна. Түүврийн аргаар үзлэгт хамрагдсан 308 иргэний ар гэрийнхэн, ойр дотныхон цаашлаад гар аргаар алт олборлож буй 1500 орчим иргэний ар гэрийн эрүүл мэндийн асуудлыг хэрхэх вэ гэдэг асуулт хурцаар хөндөгдөж байгаа юм.Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус, түүний нэгдлүүдийг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан. Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон. Гэвч мөнгөн усыг ашиглах зөрчил илэрсээр байгаа нь бичил уурхай эрхлэгчид ирээдүй гээ бус зөвхөн өнөөдрийг бодож, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байгаагийн тод жишээ юм. Хууль бус ашиглалтаас хураасан мөнгөн усыг ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хашаанд байгуулсан агуулахад хадгалдаг ч химийн аюултай хог хаягдал устгах зориулалттай байгууламж байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Иймд алтны бичил уурхайн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, мөнгөн усны байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэл, нөлөөллийг бууруулж, хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэхэд чиглэсэн нэгдсэн бодлого, зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Монгол Улс хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны ялгарал, хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үндсэн зорилготойгоор Минаматагийн конвенцид 2015 онд нэгдсэн байдаг. Энэхүү конвенцийг НҮБ 2013 онд баталсан. Конвенцийн гишүүн орнууд гар аргаар болон алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны хэрэглээг таслан зогсоох, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, бохирдлыг бууруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улс энэхүү үүргээ биелүүлж, энэ оны наймдугаар сард Алтны бичил уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын тогтоол хэлбэрээр баталсан байна. Алтны бичил уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг бууруулж, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг ханган, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд дөрвөн зорилт, 13 үйл ажиллагааны чиглэл, 59 арга хэмжээг 2019-2023 онуудад хэрэгжүүлэхээр тус-гажээ. Хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд алтны уурхайгаас үүдэлтэй мөнгөн усны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулж, уурхайчдын 80-аас дээш хувийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулж, уул уурхайн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, хариуцлагатай уул уурхай төлөвшүүлнэ гэж хөтөлбөр боловсруулагчид үзэж байна.Тодруулбал, уг хөтөлбөрт алтны бичил уурхайн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгож, хариуцлагын механизмыг чангатгах, бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалт, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон орлуулах ажлын байрыг олноор бий болгох юм. Мөнгөн ус хэрэглэхгүйгээр алт олборлох лаборатор байгуулах зэрэг томоохон зорилтуудыг тусгасан нь ч дэвшил юм. Ийнхүү бие даасан томоохон хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж мөнгөн усыг хууль бусаар алт угаахад ашиглах явдлыг таслан зогсоохгүй бол хожмын сөрөг үр дагавар нь зөвхөн гар аргаар алт олборлогчдоор хязгаарлагдахгүй. Энэ бол байгаль орчин, монгол хүний удмын генд ч асар муугаар нөлөөлөх асуудал тул хууль бус алт олборлолтыг таслан зогсоох цаг хэдийн иржээ.
    Эх сурвалж: ЗГМ СОНИН

  • ГҮРТЭН ЧОЙЖИНГИЙН ТАЛААРХИ ГҮЙМЭГХЭН БИЧИГЛЭЛ

    Гэтэл хэрэг дээрээ сахиустныг бус, харин сахиусыг нэрлэсэн нэр байх юм. Энэ бүхнийг өгүүлэхийн өмнө толь бичиг, тайлбар толь сэлт сөхөн харвал эдгээр үг ихэнхэд нь алга байна. Харин И.Дамбажавын дэлгэрэнгүй тайлбар толиноо Чойжин гэдэг үгийг түвэд гаралтай “Номын сахиус” гэсэн утгатай хэмээн тайлаад “Гонгор, Дамдинчойжоо, Жамсран, Лхам, Намсрай, Цамба, Шалши зэрэг бурхдыг чойжин сахиус гэж нэрлэнэ. Жилийн гай барчдыг арилгах, тэрсүүд дайсныг даруулах, элбэг хангалуун амьдрахыг хүсч, сүсэгтэн олон чойжингуудын уншлагыг хийлгэж ирсэн уламжлалтай” гэж нэмж тайлбарласан байна.
    Мөнөөх толь бичигт гүртэнтэй холбоотой үгсийн тайлбар хайвал “Гүртэм – шарын шашны чойжин бурханы сүнс оршоох ажлыг хийдэг лам хүний цол; гүртэмбэ ч гэдэг”, “Гүртэмч – гүртэм буулгадаг хүн” гэсэн байна.
    Монголчууд шашингүйн үзэлд хүчээр автаад байсан хорьдугаар зуунд гүртэн, чойжинг судлах бүү хэл, тэр тухай ярих ч халгаатай байсан боловч их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн абугай хууч яриа тэмдэглэх нэрийн дор олон сайхан мэдээ занги үлдээсэн байдаг. Мөн ардуудын дунд ч янз бүрийн домог яриа их байх боловч нэгэнт хэдэн үе дамжин яригдаж буй тул үнэн худлыг ялгах, хэтрүүлэг даваадуулга буй эсэхийг мэдэхэд бэрхтэй байна.
    Харин иргэд шүтэх бишрэх эрх чөлөөтэй болсон, шашин шүтлэгийн тухай ил тод ярьдаг болсон, хүмүүс өөрсдийн өвөг дээдсийн тухай ном дурдатгал ихээр хэвлүүлэх болсны ачаар бодит гэрчтэй, илүү үнэмшилтэй мэдээ занги нэлээд гарах болов. Жишээ болгож “гүртэн” Чойндон гэдэг хүний тухай баримтыг хоёр номноос эшлэе.
    Г.Хандхүү гэдэг хүн “Зүүдэнд ч ороогүй тавилан” номоо 2008 онд хэвлүүлжээ. Энэ нь нэмж засварласан хоёр дахь хэвлэл юм байна. Энэ номонд байгаа “Гүртэн Чойндон” гэсэн гарчигтай дурсамждаа Одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт байсан Усан Зүйлийн хүрээ хэмээх алдарт хүрээнд сууж байгаад 1930-аад оны үед шар шувталсан ч ойролцоох хэдэн сумандаа ид шидээрээ гайхагдаж байгаад баривчлагдан хэлмэгдэж байсан Луузангийн Чойндон ламын тухай өгүүлсэн байна. Чойндон лам хоёр ч удаа баривчлагдаж, 1950-иад оны сүүлээр суллагдан хүрээ хотод амьдрах болсон байна.
    “…Дараа нь Улаанбаатар хотод Зайсангийн аманд суурьшин амьдарчээ. Энэ үед зээ хүү болох Мажаагийн Дэмчиг дэргэд нь хань бараа болдог байж. Олон жил хажууд нь байсан Дэмчиг мөн л олон янзын тохиолдлуудаас хуучилдагсан.
    -Өвөөгийн нүдний хараа нэлээд муудсан үе байлаа. Нэг удаа гаднаас намайг орж иртэл танихгүй хүн өвөөгийнд сууж байснаа ширээн дээрх том мөнгөн аягыг нь өвөртлөөд яаран гарав. Би учрыг нь сайн олоогүй ч “Өвөө та саяын хүнд мөнгөн аягаа өгсөн юм уу. Аягыг тань аваад явчихлаа” гэв. Өвөө:
    -Үгүй ээ, үгүй. Хулгайч л биз, алив би зогсоож байя. Чи араас нь гүй гэлээ. Би араас нь гүйж гарвал нөгөө хүн гудамжны голд үнэхээр л хөдөлгөөнгүй зогсож байсан гэж Дэмчигийн ярьсныг Говь-Алтай аймгийн арван жилийн дунд сургуулийн захирал Осорын Төвд хуучлав.
    Шог зохиолч М.Дэмчиг 1972, 1991 онуудад Говь-Алтай аймгийн зарим сумдаар сурвалжлах ажлаар явахдаа нэг айлд ортол айлын эхнэр танимхайраад цайлж дайлаад хөл алдаад явчихсан гэнэ. Тэгээд мөнөөх айлын эхнэр ийн хуучилжээ.
    -Би танай өвөөгийн ачаар хүн болсон хүн. Намайг өлгийтэйд өвчин ороогоод байдаг байж л дээ. Тэгээд үзүүлж харуулж ном айлтгуулахаар Чойндон лам ахыг авч иржээ. Лам ах намайг үлдээгээд бусдыг нь хөөж гаргачихаад том тогоог гал дээр тавьчихаад галаа өрдөнгөө намайг нүцгэлэн хэдэн хэсэг мөчлөөд тогоо руу үйж эхэлжээ. Ээж энэ бүгдийг тотгороо өнгийн харж байгаад ухаан алдаад ойччихож. Нэлээд байж байгаад ухаан оруутаа гэртээ гүйж орвол хүүхэд нь зүв зүгээр орон дээрээ унтаж байж гэнэ.
    Лам ах “Одоохон хүүхэддээ буруу энгэртэй бариувч шидэж өг” гэчихээд мордоод явчихсан гэдэг. Ээ дээ, мөн лут хүн байсан юм билээ гэж тэр эмэгтэй сүсэглэн ярьсан гэнэ” хэмээн энэ номонд бичжээ. Афоризм зохиохдоо гаргуун нэгэн байгаад даанч эрт хорвоог орхисон манай сайн зохиолчдын нэг М.Дэмчигийн тухай энд өгүүлж байгааг эрхэм уншигч анзаарсан биз ээ.
    Гүртэн хүмүүс нялхсыг мөчлөх, чанах зэргээр эдгээдэг байсан тухай олон ихэнх хууч ярианд байдаг бөгөөд хоорондоо нэг их зөрөөд байдаггүйгээс харахад энэ нь нэлээд түгээмэл арга засал байсан бололтой. Гүртэн хүний гол багаж нь том хутга, заримдаа сэлэм байсан нь ч үүнийг нотолдог.
    Олноо “Ташууртай эмээ” гэж нэрлэгдсэн, чулуу татаж мэргэлэхдээ гарамгай, арга дом сайтай Цэндсүрэн хэмээх буянтай буурал гүртэн удамтайгаа хэлж, гүртэн ах нь өөрийн сэлмээ тарнийн хүчээр зангидаад ууланд тавьчихсан, нутаг явбал олчихмоор бодогдох юм хэмээн нас дээр гарсан хойноо мөхөс бичээч надад хэдэнтээ ярьж байгаад амжилгүй өөд болсон юм. Тэрээр бага залуудаа гүртэн өвөөгөө бууж байхыг олон удаа харсан, хоёр гартаа нэг нэг сэлэм бариад буух үедээ хоёр сүвээ рүүгээ бүлэхэд гэдсэн дотор сэлэм хэрхэн харшилдах нь сонсогддог байсан хэмээн хуучилдагсан. Тэрбээр Ховд нутгийн хүн байсан бөгөөд ер нь Ховд, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн нутгаар гүртэн удамтан олон байгаа нь анзаарагдаж байна. “Ташууртай эмээ”-гийн маань өгүүлдэгтэй төстэй хуучийг Говь-Алтай аймгийн уугуул Г.Хандхүү бичсэн номондоо бас оруулсан байна.
    “Бас нэг удаа нэг айл хүүхдээ ороогоод байхаар нь аврал хүсч Чойндон лам ахыг залжээ. Гэрийнхнийг нь хөөж гаргаад хэвтэрт байсан гурван настай хүүг нь татаж босгоод сураар ороолгоод, хутгаар нэвт сүлбэж эхэлснээ цогшсон харганаар төөнөж гарсан гэнэ. Лам ахыг дагаж очсон дүү Бэгз нь үүнийг хараад ихэд айж “Хүүе, болиоч ээ” хэмээн хашгирч орхижээ. Энэ дуунаар хүүгийн эцэг, эх хоёр гэртээ харайж орвол хүүхэд нь орон дээрээ, Чойндон лам ах галтай цуцлаа зуух руу нь шургуулж байсан гэдэг.
    Итгэмээргүй ийм сонин явдлаар дүүрэн энэ Чойндон лам ах гурван үеийн гүртэн байсан аж” гэж энд бичсэн бөгөөд энд нэр дурдагдаж буй Бэгз нь Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, яавч худал хэлэхээргүй тулхтай сайхан хүн байсныг би мэдэх юм.
    Эдийн засгийн ухааны доктор Д.Шомбодон “Миний ээж Удвал гурав дахь төрөлт дээрээ их удаан өвдөж сандаргахад аав маань Чойндон лам ах дээр очжээ. Чойндон лам ах байдлыг сонсоод тарни уншиж сэржим өргөөд:
    -Санаа битгий зов, чамайг харихад эхнэр чинь төрчихсөн байна. Баруун нүдэндээ улаан гэрэлтэй эрэгтэй хүүхэд байна. Их эрдэм номтой хүн болно. Харин жаахан бөхөлгөө хэрэгтэй юм байна даа хөө гээд жижигхэн чөдөр, төө хэрийн улаан сухай ташуур, хоёр ширхэг сахиус өгчээ. Аавыг гэртээ ирэхэд ээж төрчихсөн, шөл уугаад сууж байхыг хараад нүдэндээ итгээгүй гэдэгсэн.
    Аав маань Чойндон лам ахыг “Ээ дээ, мөн ховор хүн шүү” гэж байнга дурсан ярьдаг байсан юм. Би найман нас хүртлээ хоёр сахиус зүүж, чөдөр, ташуур хоёр маань орны толгой дээр байдаг байсан” гэж ярьсныг зохиогч мөнөөх дурсамждаа бас оруулсан байна. Л.Чойндонгийн төрсөн дүү Л.Шаравын хүү, сэтгүүлч Ш.Содномжамц “Далд түүхийн ил хуудас” номондоо “Авга ламын тухай миний аав, авга нар болон нутгийн хөгшчүүд, манай сумтай залгаа оршдог Бугат, Төгрөг, Шарга, Дарви сумдын ахмадууд үлгэр домог мэтийн үүх түүх ярьдаг байлаа. Энэ тухай мэдэх, ийм түүх хуучлах ахмадууд манай нутагт одоо ч мэр сэр байгаа” гэж баталж байна.
    “1973 оны зун миний бие авга ах Д.Дорж болон Гэндэнгийн Балхүү нарыг дагаж Чойндон гавжийнд очих завшаан тохиолдсон юм. Тэгэхэд Гаадангийн Чойжил ажаад тэр хоёр хөгшин буяны ном хуруулахаар, бас өөрсдөө ч уншихаар явахад нь би тэдний ном судрыг хүмүүсээс нууж 70 кг-ын шуудайд хийж үүрч явсан билээ. Чойндон гавжийнх тэр үед Зайсан толгойн урд өвөрт цас бороо, салхи шуурганаас хамгаалсан төмөр дээвэртэй гэрт байсан бөгөөд тохой өндөр алтан шармал гуулин 3 бурхантай, олон судар номтой, цай идээний 9 цөгцтэй айл байв. Тэр үеийн төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбал, Улс төрийн товчооны нэг гишүүн Т.Рагчаа нар Чойндон гавжид үзүүлж зам мөрөө засуулдаг мөртөө энгийн иргэд хөдөлмөрчид биднийг хориглоод байх юм гэж Д.Дорж, Г.Балхүү нар харилцан ярилцаж байв” гэж О.Дүгэрсүрэн бичсэн нь ч үүнийг давхар нотолж байгаа юм.
    Энд өгүүлж буй гүртэн Чойндонтой нутаг залгаа, одоогийн Говь-Алтай аймгийн Бугат суманд ойролцоогоор 200-гаад жилийн тэртээ амьдарч байсан “Гүртэн Даажаа” хэмээх Доржийн тахиж байсан уул хайрхан нь өнөө ч Гүртэнгийн хар нэрээрээ оршиж, түүний үр хүүхэд нь өнөр олуул болжээ. Энэхүү гүртэн болоод хүү Чойндон нарынх нь үзүүлж асан ид шидийн талаар нутгийн олон дунд домог яриа нэлээд бий.
    Гүртэн чойжингийн талаар мэдээ сэлт цуглуулж, харьцуулж үзэхэд энэ нь олон талаараа бөө мөргөлийн онго дуудахтай адил төстэй нь анзаарагдаж байна.
    Энэ талаар илүү тодорхой өгүүлсэн хүн бол XIV Далай лам юм. XIV Далай лам Данзанжамц өөрийн намтар сэлтээ англиар өгүүлснийг Abacus хэвлэлийн газар хэвлэн гаргасан, түүнийг нь орос хэлнээ орчуулсан хоёр эхээс ид шидийн тухай өгүүлсэн нэгэн бүлгийг нь бидний хүндэтгэл хүлээсэн номт хүмүүн Д.Төмөртогоо абугай харьцуулан байж монгол хэлнээ буулгасан нь энэхүү гүртэн чойжингийн тухай мэдээ сурвалж юм.
    “…хүний сэтгэлийн ертөнц, байгаль ертөнц хоёрын хоорондын зууч болж үйлчилдэг эр эм хэн нэгэн хүн байдаг бөгөөд тэднийг “Гүртэн” буюу “шүтээн орших бие” гэсэн утгаар ойлгогдохоор нэрлэдэг юм. Тэрчлэн зөнчдийн тухай ярихдаа тэднийг хүн мэтээр хэлэх нь зүгээр л дөхөмчилсөн хэрэг болохоос нарийвчлан үзвэл угтаа тэр нь аль нэгэн тодорхой эд юмс (Бурханы дүр мэт), эсвэл газар орон, уул ус, хүн зон лугаа холбогдон шүглэсэн “Сүнс” байдалтай гэж тодорхойлбоос зохих зүйл. Харин үүнийг хүн төрөлхтнөөс ангид өөр биет байдгийг шүтдэг мэтээр ухаарвал буруутна” гээд “Нэйчүн чойжин нь анх Энэтхэгийн мэргэн гэгээн Дармабалын хувилгааны залгамжлагчийг Төв Азийн Бата-Хор хэмээх нутагт залрахад бараа болж Түвэдэд хамт ирсэн байна. Улмаар манай эриний наймдугаар зуунд Түвэдийн Тисрон Дэвзэн хааны үед түүнийг Энэтхэг Тантра ёго, Түвэдийн шашны дээд авралт дээд багш ловон Бадамжунай Түвэдийн Самъяа хийдийн … сахиусаар залжээ. Хожим тухайн үедээ Бэрээвэн хийдэд шадарлах болсон үед нь хоёрдугаар Далай лам түүнтэй тун нягт харилцах болсон бөгөөд сүүлдээ Далай ламын бүх дүрийн чойжин сахиус нь Дорж дагдан болжээ” гэж Далай лам өгүүлсэн нь бөө нөр өвөг дээдсийн сүнс лугаа харьцахад тэдгээр онгын аль нэг нь толгой онго буюу голлох сахиус болдогтой адил байна.
    Далай лам болоод Түвэдийн засгийн газар жил бүрийн цагаан сараар энэхүү Нэйчин чойжинтой зөвлөдөг уламжлал тогтоод хэдэн зууныг элээсэн, яаралтай шаардлага гарсан тохиолдолд хэдийд ч залж болдог, XIV Далай лам өөрөө түүнтэй жилдээ хэд хэд харьцдаг гэдгээ энэ номонд илэн далангүй бичжээ. Үүнийхээ зөвтгөл болгон тэрбээр “Хорьдугаар зууны өрнөдийн уншигч авгай нарт энэ үг ихээхэн этгээд сонсогдож магад. Тэр ч байтугай өөрийгөө “дэвшилттэй” гэж тооцох болсон зарим түвэд хүн хүртэл намайг ийм эртний аргаар мэдээлэл авч буйг сөргөсөн санаа бодолтой байдаг. Гэвч чухамхүү гэгээн сахиус миний асуусан тухай бүр гарцаагүй үнэн зөв хариу өгдөг цорын ганц энгийн бөгөөд үнэн шалтгааны улмаас би ямагт түүнтэй харилцдаг юм” гэж учирласан байна.
    Ер нь хүний оюун ухаан зуурдын байдалд орших үед хүлээж авсан мэдээлэл өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн алинд ч хамаарах бай туйлын үнэн зөв байдаг зүй тогтолтой. Ямар ч үндэстний онго буулгах, сахиус оршоох зан үйл нь энэхүү үнэнийг олж мэдэх л эцсийн зорилготой байдаг. Гэхдээ жинхэнэ буух ёстой онго сахиус нь үнэн зөвөөр буусан тохиолдолд л ийм байдаг бөгөөд чадвар мөхөс, зан үйлээ буруу үйлддэг, учраа олоогүй нэгэн ямар нэг арга технологи ашиглан завсрын байдалд орсноор төөрч будилах магадлал өндөр байдаг. Өнөөдөр хуурамч бөө нар олширлоо гэж гаслаад буйн чухам учир энэ бөгөөд дан ганц бөө нар ч биш, ерөөсөө бясалгал хийдэг, зуурдын орноор аялдаг, зэрэгцээ ертөнцтэй харьцдаг бүх хүнд хамаатай.
    Чойжин сахиус буулгах нь бөөгийн онго залах үйлтэй агаар нэг байгааг нотлох бас нэг зүйл нь чойжин буух үед хэрэглэдэг хувцас хэрэглэл юм. Энэ талаар Далай лам өгүүлэхдээ “Нэйчүн чойжин Дармасалад өөрийн хийдтэй боловч над дээр ихэвчлэн өөрөө ирдэг. Албан ёсны үйл явдлын үед бол чойжин гадуураа улаан, хөх, ногоон, шар өнгө алагласан угалзан хээтэй хуучны алтан утаст хоргой баримтаг өмсгөл бүхий олон давхар дотуур хувцас өмсөж этгээд сонин хувцасладаг юм. Энгэр дээр нь Дорж Дагдан сахиусанд хандсан маанийн самгарьд үсэг бүхий оюу эрдэнийн хүрээтэй гялалзтал зүлгэсэн дугуй толь зүүнэ. Ёс төрөө үйлдэхээсээ өмнө биедээ мөрөвч тоног гэмээр юм хийж түүндээ гурван ширхэг хийморийн дарцаг, дөрвөн хиур зүүдэг. Нийт дүнгээрээ гучаад кг (далан фунт) илүү болох тул онгод нь ороогүй цагтаа тэрбээр арай чүү хөдөлж харагддаг юм” гэсэн байна.
    Орон орны бөө нарын хувцас хэрэглэл ч бас л этгээд сонин, олон янз байдаг. Зарим нь элдэв шувууны өд, туг хиур сэлтийг энд тэндээ зүүж тогтоосон, өмсгөл хэрэгслийн нийт жин нь эзэндээ ахадмаар байх нь элбэг. Ялангуяа хорьдугаар зуунаас өмнөх үеийн бөө нарын хуяг хувцас, хамгаалалтын төмөр эдлэлийн жин нь 30-40 кг татах энүүхэнд байдаг. Тэгээд бөө нар онго нь орсон үед хувцас эдлэлийнхээ хүндийг огт мэдрэхээ больж, дэгдэж дүүлж, үсэрч харайх энүүхэнд. Далай лам энэ байдлыг дүрслэхдээ “Ингэсний дараагаар тэр нэг туслахынхаа барьж байгаа ёслолын илдийг шүүрэн авч нэг цовхорсноо улмаар аажуухан бөгөөд хангалуун төрхөөр бас ч сүрлэгээр цамнаж эхэлнэ. Цамнаж дуусаад миний өмнө ирж бүсэлхийгээрээ бөхийж өнөөх хүнд баримтаг өмсгөлөө үл хайхран бүх биеэрээ тонгойн титмээ шаланд хүртэл надад аажуухан мөргөснөө огцом босож, тэр их хүнд юмсыг ер тоохгүй цамнана. Түүнд шүглэсэн их хүчит сахиусны хэмжээлшгүй чадал хүчин нь чойжингийн биеийг дэлбэ татах шахан түүнийг ямар нэгэн асар хүчирхэг чанга пүршээр тоноглосон резин эдээр хийсэн юм шиг уян хатан бөгөөд огцом ширүүн хөдөлгөөнтэй болдог тул тэр байж ядан цамнах бөлгөө” гэж бичсэн нь бөөгийн онго орж, элдэв хөдөлгөөн үйлдэхтэй ав адилхан байна.
    Бөө хүн онго сахиусуудаа нийтэд нь дуудахдаа арай нийтлэг хэлбэрийн, тухайлан аль нэгийг нь залахдаа зөвхөн түүнд зориулсан үгийг (бөөгийн онгодын дуудлага, тамлага гэдэг) хэц хэнгэргийн дэлдэлттэй ая дан хоршуулан дууддаг. Мордуулж одуулахдаа ч мөн адилаар аялгуулан өчдөг.
    “Гүртэнгүүдийн хувьд сахиус оршоохдоо хэлдэг тусгай унш-лага, шившлэгтэй байдаг бөгөөд түүнийг нь солхи гэдэг. Солхи уншихгүйгээр сахиус оршдоггүй, буцаах солхийг нь уншихгүй бол явдаггүй гэдэг” хэмээн миний бие нэлээд хэдэн оны өмнө бичиж байсан. Ийнхүү онго сахиус дуудах зан үйл ихэвчлэн адил төстэй, өмнө хойно нь хэлдэг үг шившлэгт ч тодорхой учир холбогдол байгаа нь анхаарал татаж байна.
    Тэр бүү хэл “Урианхай туульчид тууль хайлахаасаа өмнө “Алтайн магтаал”-ыг заавал хэлдэг нь бөө хүн бөөлөхийн өмнө дуудлага дууддагтай үндсэндээ адил байна. Бөөгийн дуудлага нь хэрэг дээрээ өөрийн онгод их тэнгэрүүд, уул ус, газар лусын эзэд, ер уриан залъя гэсэн бүхнээ уран цэцэн уярам сайхан үгээр магтан дуулж, эерүүлэн зөөлрүүлсээр буулгаж ирэх зан үйл юм. Тэгвэл урианхай туульч Алтай нутгийн уул ус, ургамал ногоо, ан амьтныг магтан дуулж, Алтайн эзэн Алиа хонгорыг аялгуу сайхнаар аргадан байж урин ирүүлснээр сая туулиа хайлж эхэлж байна” гээд туульчид туулиа ид хайлах үедээ зуурдын байдалд ордог гэсэн санаа дэвшүүлсэн маань алдаа биш байсныг саяхан Киргизэд очоод гурав дөрөвхөн настай манасч хүүг зуурдын байдлаас хүчээр гаргахыг хараад ойлгосон билээ. “Алтайн магтаалгүй тууль тууль болдоггүй, авгайгүй айл айл болдоггүй” гэх хэлц үг баруун монголчуудад байдаг нь үүнийг бас давхар давхар нотлох мэт санагдана.
    Далай лам Нэйчүн чойжингийн буух мордох байдлыг зурагласан нь ч бөөгийн онго орох, гарахаас нэг их зөрөхгүй байгаа нь гайхам зүйл биш ээ. Тэрбээр “Тэгээд гүртэнгийн амаар Дорж Дагдангийн сахиус үгээ хэлж дуусмагц гүртэн төгсгөлийн өргөл өргөөд бие нь амьгүй мэт унаад өгнө. Энэ нь сахиус буцан одсоны тэмдэг болой. Ингэнгүүт туслахууд нь яаруу очиж титэмний бүчийг даруй суллах бөгөөд түүнийг сэргэтэл нь тусгай өрөөнд аваачдаг” гэж бичжээ. Бөө нар ч гэсэн онго нь гарсны дараа амьгүй мэт сулбайн унах, үлээлгэх, зөөлөн сэгсчих зэрэг гаднын нөлөөгөөр сэргэх байдал ажиглагддаг.
    Чойжин гэх нэрийн чой нь монголоор ном гэсэн үг бөгөөд бүхэлдээ “номын сахиус” гэсэн утгатай үг болохыг өгүүллийн эхэнд тайлбар толь түшин өгүүлсэн. Тэгэхээр чойжин буулгадаг хүнийг чойжинч гэх нь зүйн хэрэг. Гагцхүү ардын ярианаа энэхүү ялгаа зааг гээгдсэнээс номын сахиусыг ч чойжин, тэрхүү сахиусыг буулгадаг эрдэм чадалтныг ч чойжин гэж ялгалгүй нэрлэдэг болжээ гэмээр байна. Энэ нь бид Чойжин ламын сүм музей гэж нэрлэдгээс тодорхой харагдана.
    Монголын бурханы шашны тэргүүн VIII Богдын төрсөн дүү Лувсанхайдав чойжинч байсан бөгөөд өөрөөс нь өөр хэн ч ордоггүй тусгай өрөө хүртэл байсныг түүний сүм музейг сонирхсон хүнд тайлбарлагч нь бэлхнээ хэлээд л өгнө. Монголын шашин төрийг хослон баригч Богд Жабзундамба хийгээд түүний Засгийн газрын сайд нар чойжинч ламын буулгасан сахиусны айлдварыг ихэд анхаардаг байсан баримт байгаа нь Далай ламын бичсэнтэй агаар нэг байна.
    Борын Жамбал гэдэг өвгөн 1958 онд 77 нас сүүдэртэйдээ их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнд “Чойжин ламд гурван сахиус оршдог байсан. Тэдний нэгд нь Найчүн, хоёрт Зэмэр, Гуравт Шүг сахиус. Найчүн их догшин биш. Зэмэр мөн их догшин биш. Шүг их догшин сахиус байсан юм. Шүг сахиус оршиж байхад чойжин лам дэвхцэж цовхчоод, гэдэс годосхийгээд, амнаасаа хөөс буруулж их догшин дүрэмтэй байдагсан” хэмээн хуучилсныг тэмдэглэн үлдээжээ.
    Далай ламын дэргэдийн гүртэн чойжин буулгахыг харсан хүн сэтгэгдлээ бичихдээ “2005 онд би Энэтхэгт байсан юм.. Нэгэн өдөр миний танил нэг лам надад чи Чойжин бууна гэж яадгийг үзсэн үү гэдэг юм байна.
    Миний амьдарч байсан газараас холгуйхэн байх Далай Ламын Чойжингийн хийдэд тэр өдөр олон хун цугларчээ. Олон лам нар ирсэн ямар нэгэн ном уншиж байх юм. Тэгэхдээ бугд зогсоогоороо л ном уншаад байх. Тэгж байтал нэг хөгшин ламыг тэргэн дээр түрээд ороод ирлээ. Би ч дотроо энэ нөгөө Чойжин нь юм байх л гэж бодлоо. Тэгээд найз ламаасаа асуувал Чойжингийн хэлийг орчуулдаг орчуулагч нь юм гэнэ. Чойжин нь бол тэнгэрийн хэлээр ярьдаг юм байх. Тэр хэлийг нь мэдэх хүн байхгуй болохоор хэлийг нь сайтар судалсан хэлмэрч бас байдаг юм гэнэ.
    Тэгж байсан чинь нөгөө удаан хулээлгэсэн Чойжин нь орж ирлээ. Сонин хээтэй хувцас өмссөн, дунд хэрийн насны хун гарч ирээд л нэг том сандал дээр суулаа.
    Тэнд байсан лам нар номоо уншиж дуусаад нөгөө ламд чинь нэг их том малгай өмсуулчихлээ. Хоёр талаас нь малгайг нь түшээд зогсох юм. Их л хунд байгаа бололтой.
    Тэгэээд дахин ном уншлаа. Энэ удаад уншиж байгаа ном нь маш сонин, өөр ч аялгуутай юм шиг санагдлаа. Урьд нь олон л удаа Төвд ном сонсож байсан ч ийм аялгатайг нь сонсож байгаагуй юм.
    Нилээд хугацаа өнгөрсний дараа нөгөө Чойжингийн чинь нүүр нь хөөгөөд л томроод ирдэг юм байна. Сайхан жужиглэж байна даа л гэж бодож байлаа. Тэгсэн чинь нүд ам нь мурилзаад сонин сонин болж байснаа исгэрээд ч байгаа юм уу, яагаад ч байгаа юм мэдэхгүй нэг л сонин авиа гаргаж байснаа гэнэт босоод ёстой л дэвж гарлаа даа. Нөгөө толгойд нь багтахгуй байсан малгай нь ургачихсан юм болов уу л гэмээр наалдчихсан хөдөлгөөнд нь огт саад болохгуй байна” гэсэн нь дээр эшлэсэн “Шид хийгээд нууцсын тухайд” номонд өгүүлснээс огтхон ч зөрөхгүй байна.
    Далай ламын дэргэдийн гүртэн 17 дахь үеийнх гэгддэг. Урьдын цагт Түвэд даяар хэдэн зуун ийм гүртэн байсан гэж Далай лам өөрөө бичсэн байна. Харин Монголд байдал ямар байсныг тоймлоход бэрх ч гэлээ энд тэнд гүртэн удамтан нэлээд байгагаас харахад бас л цөөнгүй байсан бололтой. Гэхдээ монголчууд тэнгэр шүтлэгээс ихэд хожуу салсан учраас гүртэнгийн үе үе удмын асуудал ч хожуу үед хамаарч мэдэхээр байна. Гэхдээ энд Монгол бөө мөргөл Түвэдийн шашинд нөлөөлж, Монгол нутагт эргэн нэвтрэхдээ Түвэдийнх мэт төөрөгдөл дагуулсан гэмээр сэжим буйг хойно тодорхой өгүүлье.
    Дээр өгүүлсэн Жамбал донир хэлэхдээ Бадруулт төрийн үед Маймаа хотын Цэрэндорж удирдаж Лувсанхайдавыг чойжинч болгосон гэсэн нь өмнө нь Монголд төрийн хэмжээнд чойжин буулгах зан үйл байгаагүйн нотолгоо ч байж мэднэ. Өдгөө музей болоод буй Чойжин ламын сүмийг 1904-1908 онуудад уран барилгач лам Омбо удирдан монголчууд өөрсдөө барьсан байдаг.
    Өгүүллийн цээжинд дурдсан Чойндон гэхэд л 1895 оны орчим төрсөн бөгөөд “гүртэн” Луузангийн ууган хүү, гуравдахь үеийн гүртэн гэхээр он цагийн хувьд мөн л хоёр зуу хүрэхгүй жилийн тэртээгээс тэдний удамд гүртэн тодорсон болж таарна.
    Монголын төр нэн эртнээс шашин шүтлэгийг өөртөө ашигласаар ирсэн уламжлалтай. Чингэс хааны үед бүх шашинд хүндэтгэлтэй хандаж байсан хэдий ч төрийн гол зан үйл, дайн байлдаан зэрэг чухал үйлнээ бөө мөргөлийг эрхэмлэж байсан нь хөдөлшгүй баримттай. Тэгээд ч төр, цэргийн эрхтэн дархтнууд дунд бөө олон, Чингэс хаан ч өөрөө тэнгэртэй харьцах увдистай нэгэн байсныг “Монголын нууц товчоо” болоод бусад эх сурвалжууд нотолдог. “Аравтын даргаас дээш цөм тэнгэрийн хэл мэдмүй” хэмээх үг ч үүний дам нотолгоо мэт санагддаг.
    Энэ уламжлал хожмоо шарын шашинд орсон үед ч хадгалагдсан бөгөөд цэргийн жанжид догшин сахиустай харьцдаг, хутагт хувилгаад төрийн сайд болдог онцлог Богд хаант Монгол улсын үеийн томилгоо өргөмжлөлөөс харагддаг. Тухайлбал, Богд хаант Монгол улсын үеэс л алдар гавьяа нь түгсэн цэргийн жанжин Хатанбаатар Магсаржавыг чойжинч байсан гэдэг. Богд хаант Монгол улсын нутаг руу Хятадын хар цэрэг довтлоход Хатанбаатар Магсаржав цэрэг ахлан морджээ.
    “Хатан баатар ван ганц үхэр буугаа шившиж буудсанд сум нь хятад цэргийн их буугийн амаар орж дэлбэрээд олон хятад цэргийг хядаж… Богд эндээс бичиг явуулжүхэр бууг “Жанжин буу” гэж цол өгөөд Хатанбаатар ванд гүн ван цол өгөөд одоо бууж ир гэж зарлиг буужээ… Тэр том буу нь олон хадаг зүүсэн буу байсан” гэж нүдээр үзсэн амьд гэрчийн хуучилсныг их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн “Өвгөн Жамбалын яриа”-ндаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн баруун замын байлдаанд явж байхдаа Хатанбаатар ван чойжин буулгаж байсан тухай домог яриа олны дунд байдаг нь үнэний ортой байж мэдэхээр байна.
    Мөн Ардын засгийн газрын Ерөнхий сайд байсан Анандын Амар “17-26 насандаа чойжин байсан гэж өчиг өгч байжээ” гэсэн мэдээлэл ч бас байна. Энэ бүхэн нь төрийн үйлийг тэнгэр язгууртад, мөн тэнгэрийн “хэл мэддэг” хүмүүст даалган хариуцуулдаг эртний уламжлал хорьдугаар зууны эх хүртэл Монголд хадгалагдсаар байсныг харуулж байгаа хэрэг юм.
    Ер нь махан бие, цусан зүрхэт хүмүүн бидний харж мэдэрдэг тэрхүү хязгаарын гадна орших ертөнцийн тухай мэдлэгийг эртний монголчууд тэнгэр шүтлэг, онго сахиусны тусламжтайгаар олж мэдэж, нартын амьдрал, төрийн үйлээ хүртэл түүнтэй уялдуулж чаддаг байсан нь өнөө улам бүр тодорхой болж байна. Монголчуудыг хэнд ч ялагдашгүй болгосон тэрхүү агуу чадварыг өөриймшүүлэх арга замыг Буддын шашинтнууд анх олж харсан нь тодорхой байгаа бөгөөд тэд монгол бөөгийн онго сахиустай харьцдаг, тэдний ивээл хамгаалалтыг авдаг арга техникийг судалж, тэр ч битгий хэл мөнөөх сахиусуудыг урхидан эрхэндээ оруулах, хулгайлах зэрэг олон арга хэрэглэж байжээ. Далд ертөнцийн энэхүү тулаанд түвэдүүд ялснаар гүртэн чойжин бий болсон гэж дүгнэх үндэс байгаа юм.
    Нийтийн тооллын VIII зууны үед монголчуудын номын их сахиусыг түвэдүүд нутагтаа хулууж аваачин тахиж, ивээл ачлалыг нь хүртэх болсон бөгөөд мөнөөх сахиус нь 1544 онд л анх удаа хүний биед буусан, тэр гүртэнгийн нэр нь Лувсанбалдан гэдэг болох нь түүх сударт тов тодорхой тэмдэглэгджээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл монголчууд бөөлөөд буулгачихдаг байсан сахиусыг түвэдүүд ийнхүү гүртэнгийн биед Буддын шашны уншлага тарнийн аргаар оршоож сурсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тухайн сахиус өөрөө таалаагүй тохиолдолд биелшгүй зүйл бөгөөд түвэдүүд урт удаан хугацаанд догшин сахиусыг аргадаж, өөриймшүүлж чадсанаар ийнхүү чойжин буулгах хэмээх нэгэн гайхамшгийг бий болгож чаджээ гэмээр байна.
    Далай ламын дэргэд одоо байгаа гүртэн Түвдэнготов бээр “Гүртэнгийн чойжин буух үедээ өмсдөг өмсгөл нь бэлгэдлийн нарийн утга учиртай… Гутлыг монгол гутлын загвараар бүтээсэн нь Пехар бурхны үүсэл гарлыг сануулж буй мэт” гэсэн нь мөнөөх монгол сахиусыг хэлж буй хэрэг билээ.
    Түвдэнготов гүртэн нь 1957 онд төрсөн, 1987 оноос Далай ламын чойжингоор тодорсон нэгэн бөгөөд 1990 онд Улаанбаатарт болсон Азийн буддистуудын бага хуралд оролцож байжээ. Дараа нь 2008 оны зун дахин ирж Отгонтэнгэр ууланд очжээ. Тэр тухайгаа “Тэнд Түвэдийн цэргийн хүчин Пехар бурхны “сүлд оршигч”-ийг олж авсан бөгөөд тэр дотор бурхны арьсан баг байсан гэдэг… Тэнд би залбирал үйлдэж тахил өргөв” гэж Түвдэнготов гүртэн номондоо өгүүлсэн байна.
    Энд өгүүлэн буй Pe har бурхан нь асар хүчтэй хамгаалагч тэнгэр бөгөөд Нэйчүн хийдийн Дорж дагдан сахиус нь түүний өмнөөс “бие төлөөлөгч” болон буудаг гэнэ. Монгол бөөгийн том тэнгэрүүд нартын оронд өөрөө буухгүй, өмнөөсөө элч зараал илгээдэгтэй энэ нь адилхан байна.
    Б.ГАЛААРИД Судлаач

  • МОНГОЛЫН 47-Р ӨРГӨРӨГ БА ХАТИНГТОНЫ ТААМАГЛАЛ.

    – Арабын ертөнцийн улсуудын засгийн эрхэнд лалын тулгуур үзэлтнүүд гарах тухай
    – Өмнөд хятадын тэнгис дэх бүлэг арлуудын эзэмшлийн маргааны улмаас Вьетнам, Хятад хоёр сөргөлдөж, дайны байдалд хүрэх тухай
    – Судан хоёр хуваагдах тухай
    – Украины хуваагдлын тухай маш зоригтойгоор төсөөлж, таамагласан нь бидний нүдэн дээр ээлж дараалан биелсээр байна.
    С.Хантингтон Крымыг алдснаар Украины хуваагдал эхлэнэ гэж таамаглан зөгнөсөн нь 2014 оны хавраас биеллээ олж эхлэсэн юм. Уг нь тэр энэ үйл явцыг арай эрт 2011 оны хавьд тохиох болов уу гэж төсөөлж байжээ. Хантингтон Украин дахь зөрчлийг үндэстэн хоорондын гэхээсээ иргэншлийн мөргөлдөөн гэж үзсэн юм. Украины баруун хэсэг нь католик шүтлэгтэй, барууны иргэншлийн нөлөөлөлтэй бол зүүн хэсэг нь үнэн алдартны иргэншилд хамаардаг. Зөвлөлт засгийн жилүүдэд Украины баруун нутгууд өөрсдийнх нь соёлыг “оросчилж” байна хэмээн эгдүүцдэг байсан бол 1994 оноос хойш хойш зүүн нутгийнхан өөрсдийг нь “украинчилж”, «украинаар сэтгэхийг» шаарддаг хэмээн ундууцаж эхэлжээ. Энэ сөргөлдөөн даамжирсаар эдүгээ иргэний дайнд хүргэх ч магадлал үүсээд байгаа билээ.
    Украины хуваагдлын талаар ХХ зууны зартай үзмэрч, болгар эмгэн Ванга хүртэл зөгнөж “Крым нэг эргээс тасарч, нөгөө эрэгт очиж нийлнэ” гэж хэлсэн нь ч бий. Тэр цагт “бүхэл бүтэн хойг яаж тасраад явах вэ дээ” гэж гайхаж, шоолж байсан хүмүүс биеллийг нь нүдээр үзэв. Ванга эмээгээс ялгаатай нь С.Хантингтон стратеги судлал хэмээх шинжлэх ухааны онол, гаргалгаанд тулгуурласан юм.
    Хантингтоны Монголын талаарх таамаглал ба биелэл
    Heartland-ын гүнд landlocked буюу далайд гарцгүй байрлалтай Монгол улсын хувь заяа ХХI зуунд хэрхэх талаар их сэтгэгч С.Хантингтон цухасхан боловч дурдаж, таамаглаж байлаа. Буддын иргэншилд хамаарах Монгол улс ортодокс, синик гэсэн хоёр аврага иргэншлийн завсарт оршдог нь тусгаар тогтнолыг нь эмзэг болгох гол хүчин зүйл гэдгийг С.Хантингтон анхааруулж байлаа. Түүний онолоор бол “Соёлын шинжтэй ноцтой зөрчлүүд иргэншлүүдийн зааглах (демаркаци хилийн) шугамын дагууд өрнөх болно. Ийм зөрчлийн үндэс нь гадаад бодлогын дараах сонгомол асуудлууд байх юм:
    3. Худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх маргаанаар илэрдэг эдийн засгийн хүчин чадал, нөөц баялгийн асуудал
    4. Хүн ам зүйн асуудал. Нэг иргэншлийг төлөөлсөн улс нөгөө иргэншлийн хүрээнд амьдарч байгаа үндэс нэгт хүмүүсийг хамгаалах, өөр иргэншлийг төлөөлсөн цөөнхийг ялгаварлан гадуурхах, нутгаасаа гаргахыг оролдох зэргийг энд авч үзнэ.
    5. Yнэт зүйлс, соёлын асуудал. Аль нэг улс өөр иргэншлийн ард түмэнд өөрсдийнхөө үнэт зүйлсийг тулган хүлээлгэх, соёлдоо хүчээр оруулахыг оролдох үед үүсдэг зөрчлийг энд авч үзнэ.
    6. Хүчтэй, том иргэншлийг төлөөлж буй улс нь иргэншлийг зааглах шугамын дагууд өрнөх зөрчилд оролцогч болсон үед газар нутгийн маргаан зайлшгүй үүсдэг.
    Гол нь С.Хантингтон энэ онолынхоо дагуу орос, хятадын иргэншлийн хооронд 2015 оны үест сөргөлдөөн үүсч, үр дүнд нь монголыг 47 дугаар өргөрөгөөр хуваагдна хэмээн таамаглажээ. Тэрээр “Дайны эхэнд Хятад Орост хандан харилцан аюулгүй байдлын гэрээ байгуулахыг санал болгоно. Энэ нь Гитлер-Сталины пактыг санагдуулахуйц гэрээ байх болов уу. Гэвч хятадын зүүн өмнөд Ази руу хийсэн газар нутгаа тэлэх явуулгуудын хүрсэн амжилтууд Орост эргэлзээ төрүүлнэ. Хятад алхам бүртээ ялж, Зүүн Азид хязгааргүй ноёрхох болж байгаа нь Москваг айдаст автуулна. Ингэснээр Оросын бодлого Хятадын эсрэг чиглэлтэй болж, Сибирь дэх цэргийн бүлэглэлээ бэхжүүлэх арга хэмжээ авч эхлэнэ. Цагаачдад хатуурхах, хөөх болсноор сибирьт суурьшсан үй олон хятад суурьшигчид босч, түйвээнэ. Эх орон нэгтнээ хамгаалах үзэл баримтлалынхаа дагуу Хятадын Ардын Чөлөөлөх Арми интервенц хийж, Владивосток, Амар мөрний сав газар, Дорнод Сибирийн бусад чухал хэсгийг эзлэхээр оролдно. Орос, Хятадын хооронд Төв Сибирьт байлдаан өрнөх зуур Хятадын “протекторатыг” эсэргүүцсэн бослого Монголд дэгдэнэ” гэх зэргээр зураглаж төсөөлж байлаа.
    Хантингтоны таамаглалын дагуу “47 дугаар өргөрөг” гэх ойлголтыг бий болгох, хөгжүүлэх гэж монголын парламентчид 2009 оноос хойш оролджээ. Анх УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Р.Буд, Я.Санжмятав нар “Ашигт малтмал эрэх хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах экологийн ногоон бүсийн тухай” гэх сүржин нэртэй “Монголын газар нутгийг хөндлөн огтолсон 47 дугаар өргөрөгөөс хойш уул уурхай ашиглахгүй, онгон зэрлэгээр нь хойч үедээ хүлээлгэж өгөх” хуулийн төслийг санаачилж байжээ.
    Тухайн үед нийтлэлч Баабар тэдний санаачлагыг эсэргүүцэн “Ер нь нутаг дэвсгэрээ аль болох бага хуваах, цөөхөн хэсэглэх нь аюулгүй байдлын нэг үндэс. “Хуваасны хэрээр хуваагдана” гэж латины мэргэн үг ч бий. Профессор Хантингтон “Иргэншлүүдийн мөргөлдөөн” номдоо 2015 онд Хятадууд Монголын хагасыг эзлээд хойш давших үед нь оросууд хатуу анхааруулга өгснөөр хоёр тал 47 дугаар өргөрөгөөр таслагдсан шинэ хил үүсгэнэ. 47 дугаар өргөрөгөөс өмнөх нь Хятадын харъяа болно гэж байсан. Ер нь ч ийм юм болохгүй биз. Горьдсоны гарз” (baabar.niitlelch.mn/content/115.shtml) гэж бичиж байлаа. Баабар монгол хүнийхээ хувьд тийм төсөөллийг таашаахгүй нь мэдээж. Гэвч бодит байдал түүний сайхан сэтгэлтэй хамааралгүй бололтой.
    Хантингтоны дараа үеийн агуу стратегич Параг Ханна түүний хятадын тэлэлтийн талаарх төсөөлөлд нь бага зэрэг засвар хийсэн юм. Ингэхдээ Хантингтоны өөрийнх нь онолыг баримталсан гэдгээ хэлдэг. С.Хантингтон “тэргүүлэх гүрнүүд бие биенийхээ эсрэг цэргийн хүч шууд ашиглахыг түвддэггүй” гэж онолдсон. Үүний дагуу “Хятад заавал цэргийн хүч ашиглахыг бус түрээслэх, худалдаж авах замаар колонийг бий болгох боломжтой” гэж Параг Ханна үзэж байна. Тэрээр TED сүлжээнд тавьсан “Улс орнуудын ирээдүйн газрын зураг” илтгэлдээ “Монгол буюу Mine-golia. Хятадын компаниуд тэнд зэс, нүүрс, цайр, алтны уурхайнуудыг эзэмшиж, нөөцийг нь урагшаагаа эх газрын хятад руу зөөдөг. Хятад монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсныг энд ахин сануулмаар байна.
    Оросын эрдэмтэн, цэрэг-стратеги судлаач Александр Храмчихин Хантингтоны онолд тулгуурлсан төсөөллөө 2005 онд “Китайское вторжение: сценария-2015” гарчигтай нийтлүүлжээ. “Оросын дорнод хэсгийг эзлэхэд хятадад 7 хоног хангалттай” гэсэн санааг тэрээр дэвшүүлээд, “Ланжоугийн цэргийн тойргоос явган цэргийн 10 дивиз монголын нутагт нэвтрэн 47 дугаар өргөрөг хүртэл хяналтаа тогтоох ба тэд цаашдаа Тувагийн нутагт цөмрөх бэлтгэлийг хангахаар чармайх болно” гэж таамаглажээ.
    А.Храмчихин болон С.Хантингтон нар хятадыг нутгаа тэлэхдээ цэргийн хүч ашиглахаар төсөөлсөн нь тэдний гол алдаа гэж бусад судлаачид үздэг. Түүхийн маш урт хугацааны туршид хятадууд цэргийн хүч ашиглахаасаа эдийн засаг, соёлын түрэмгийллийг илүүд үзэж ирсэн үндэстэн юм.
    Тохиромжтой цагийг тэвчээртэй хүлээх хятад стратеги биеллээ олох мөч нь монголын хувьд яг одоо болж байна. China mining boom-ийн үед жаахан нүүрс зарж, мөнгөний амтанд орсон монголын улс төр, бизнесийн зүтгэлтнүүд тансаглал, өндөр хэрэглээгээ санагалзсаар байгаа юм.
    “Улсынхаа эдийн засагт гал асаасан, долларын ханшийг алдаж, орлогогүй болгон, амьдрал доройтуулсан” зэрэг зэмлэлийг ард түмнээс болон сөрөг хүчнээс байнга сонсож байгаа эрх баригчид дунд ихээхэн хэмжээний нүүрсний урьдчилгаа хятадаас авах замаар асуудлыг шийдэх эрмэлзэл бүхий бүлэг бодитоор бий. Тэд түүхий эд зөөх нарийн төмөр замыг 4 чиглэлээр тавих замаар хятадтай найрсаж, шанд нь ихээхэн хэмжээний мөнгө 20 жил зөөх нүүрснийхээ урьдчилгаа хэлбэрээр авахаар чармайж байгаа ажээ. Чалко-гоос урьдчилгаа аваад баларсан түүх тэдэнд сургамж болсонгүй. Эдийн засгийг аврах 100 хоногтоо амжиж мөнгөний тохироог хийхээр хичээж байгаа болов уу.
    Үүнтэй зэрэгцээд Хүрээнд сууж байсан хятад сайд Чен И “Гадаад Монголын жич хойчийг сайжруулах 64 хууль зүйл” гэх хөтөлбөр маягийн юмыг Улсын дээд, доод хурлаар батлуулах гэж чармайсан түүх давтагдлаа. Саяхан Гадаад хэргийн болон Уул уурхайн сайд нараас засгийн газарт “Монгол улсыг дунд болон урт хугацаанд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр” гэх зүйлийг БНХАУ-ын Элчин сайдын хамтаар боловсруулсан тухайгаа албан бичгээр илэрхийлэн, өргөн барьжээ. 100 жилийн өмнө хятад элчингийн боловсруулсан бичиг баримтыг Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд гүн Б.Цэрэндорж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд шанзав Г.Бадамдорж нар барьж гүйж байсан бол одоо Гадаад хэргийн сайд, Уул уурхайн сайд хоёр өргөн барьлаа.
    Монголын парламент, Засгийн газар бие дааж Хөгжлийн хөтөлбөр боловсруулах чадваргүй болов уу, эсвэл ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссоор 5 жилийн төлөвлөгөөгөө зохиолгодог байсан үеэ санагалзан урд хөршөөр зохиолгох дээрээ тулав уу гээд үйл олон асуулт эндээс ургана. Ямар ч байсан “Түүх давтагддаг, ингэхдээ эхний давталт нь эмгэнэл, харин хоёрдахь давталт нь марзагнал болдог” гэж К.Маркс хэлсэн нь үнэн болохыг монголчууд харж байна. Энэ давталт харин эмгэнэл нь үү, марзагнал нь уу?
    Нэг талаас харвал Хятадын эдийн засгийн өсөлт, хөгжил хөрш Монголд таатай боломж олгож байгаа. Нөгөө талаараа бол эдийн засгийн хувьд монголыг аажмаар эзэмдэж, бүрэн хараат болох явц тасралтгүй өрнөсөөр байна. Харамсалтай нь энэ явцыг монгол талаас илүү санаачлагатайгаар хийгээд байгаа төлөв ажиглагдах юм. “1990 оны Ардчилсан хувьсгал тэгвэл юуны төлөө байсан юм бэ?” гэж харуусах бодол төрнө. Нэг хөршийн хараанаас гараад аажмаар нөгөө хөршийнхөө хяналтанд шилжих гэж бид жагсаж, тэмцсэн болж таарав уу.
    Хятадын төмөр замын үндэсний үзэл
    47 дугаар өргөрөг хүртэлх газар нутгийг минь бусдын эрхэнд орно гэсэн стратегичдын таамаглал хэрхэн яаж хэрэгжих бол гэдэг анхааарал татна. С.Хантингтон мөргөлдөөнөөр шийдэгднэ гэсэн бол Параг Ханна ямар ч дайн тулаан хэрэггүй, түрээслээд, худалдаад л авчихна гэсэн санаа дэвшүүлсэн. Үйл явдлын өрнөлөөс харахад худалдагдаж байгаа нь үнэний хувьтай юм.
    Хятадын эдийн засгийн түрэмгийлэлд монголын эрх баригчид бууж өгч байна. Эдийн засгийн өнөөгийн бэрхшээл, хүндрэлийг даван туулах аргаа тэд газар нутгаа хятадын төмөр замын бодлогыг хүлээн зөвшөөрөх байдлаар шийдвэрлэх гэнэ. ОХУ-ын хувьд ч тэдний байдлыг бодит зүйл хэмээн мэдэрч байгаа учраас өөрсдийнхөө зүгээс хятадтай сөргөлдөхгүйгээр 47 дугаар өргөрөгөөс хойшхи газрыг хяналтандаа үлдээх дипломат мэхүүдийг угсруулан хийсээр байна. Шанхайд хятадуудтай 400 тэрбум долларын наймаа хийснийхээ дараахан оросууд монголын Ерөнхий сайдыг Санкт Петрбургт аваачиж уулзсан. Үүний дараахан “оросууд нарийн төмөр зам тавихад татгалзах зүйлгүй” гэсэн маягийн мэдээлэл тархсан нь Ерөнхий сайдын албатууд lost in translation болсон хэрэг бололтой юм. Учир нь УБ төмөр замын ойд ирсэн оросын төлөөлөгчид энэ мэдээллийг эрс үгүйсгэж, “тийм үг, яриа манай талаас гараагүй” хэмээжээ.
    Монголын эрх баригчид хятадын стандарт руу шилжсэн нөхцөлд хойд хөршийн зүгээс 47 дугаар өргөрөөс хойшхи нутгийг хяналтнаасаа гаргачихгүйг хичээх болно. Тэд үүний тулд юу хийв?
    Роснефть маш том буулт хийж, Монгол Улсад нийлүүлэх газрын тосныхоо үнийг Сингапурын биржийн үнэд тулгуурлан нийлүүлэх, газрын тосны хайгуулалт, олборлолтод хамтрахаар болов. Батлан хамгаалахын сайд С.Шойгу-гийн санаачлагаар “Элегест-Кызыл-Курагино” төмөр замыг монголын нутгийн гүн лүү сунгаж, Эрдэнэттэй холбох саналыг монголын Засгийн газарт хүргүүлэв. Республика Бурятия буюу Буриад орон хэмээх холбооны субъектэд улсынхаа нэрийг “Хойд Монгол” гэж өөрчлөх хөдөлгөөнийг өрнүүлж, Дум-д санал хүргүүлж байна. Ингэхдээ Калмыкия-Хальмг Тангч, Тува-Тыва, Чечень- Ичкерия зэргээр ОХУ-ын бусад субектууд нэрээ өөрчилсөн явдлыг жишээ болгон дурдав. В.Путин Халх голын ялалтын ойд хүрэлцэн ирэх боломжоо судлахаар амлав. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, орос улсын баатар Н.П.Патрушев ирээд, буцав. Энэ бүхэн бол ОХУ монголын хойд хэсэгт бэхжих, нөлөөллөө алдахгүй байх бодлогын илрэл.
    Хятадуудын хувьд 47 дугаар өргөрөг хүртэлх нутгийг хяналтандаа оруулах ямар арга зам байгаа юм бэ? Энэ бодлогыг аль 1912 онд хятадын анхны Ерөнхийлөгч Сүн Ят Сен гаргачихсан юм. “Хятадын төмөр замын үндэсний үзэл” гэдэг бол шинэ зүйл биш. 1894 онд хятадын хувьсгалч Сүн Ят Сен төмөр замыг “амьдралын судас” гэж нэрлээд үүнийг гео-политикдоо ашиглах талаар номлож эхлэсэн байдаг.
    2013 оны 8 дугаар 21-нд УИХ-ын гишүүн Г.Батхүү удирдан, ШУА-ийн Олон улсын стратеги судлалын хүрээлэн, Их Британийн Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн болон бусад холбоод, ТББ-ууд хамтран явуулсан “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” Эрдэм шинжилгээний бага хурал дээр Кембрижийн Их сургуулийн профессор, доктор Урадын Э.Булаг энэ талаар онц сонирхолтой илтгэл тавьсан.
    Э.Булаг “Хятадын төмөр замын үндэсний үзэл ба Монгол” илтгэлдээ “1912 онд Сүн Ят Сен монголыг хятадтай төмөр замаар саадгүй холбох нь хамгийн чухал гэж цохон заахын зэрэгцээ хятадыг хүчирхэгжүүлэх 33 төмөр замын чиглэлийг санал болгосон” гээд газрын зураг үзүүлсэн дээр эрх баригчдын зураад байгаа маршрут дүрээрээ байх юм.(газрын зураг 2. Эх сурвалж weibo.com)
    Доктор Э.Булаг илтгэлдээ Сүн Ят Сений “Jianguo Fanglue” (Үндэстнийг хөгжүүлэх стратеги) гэх ном нь төмөр замын үндэсний үзлийн талаарх орчин цагийн хятад хүний бичсэн хамгийн амбицтай ном гэсэн дүгнэсэн нь бий.
    Сүн Ят Сен “төмөр зам улсыг нэгтгэж, батлан хамгаалах чадварыг сайжруулна. Бүгд найрамдах хятад улсын мөхөл, сэхэл нь энэ арга хэмжээн дээр тогтно” хэмээжээ. Орчин цагийн хятадын төрийн бодлогын үндсийг тавьсан энэ хувьсгалч “Төмөр зам нөөцийг гадагшаагаа зөөж дуусгах, төмөр замын дагуу хан үндэстний суурьшлыг бий болгох, төмөр замын дагуух газрын үнэлэмжийг өсгөх ач холбогдолтой” гэж сургасан аж. Сүн Ят Сен “төмөр зам барих асуудалтай хамтад нь шинээр суурьшигчдын асуудлыг шийдвэрлэх, төмөр замын дагуух газар нутгийг өөрийн болгох, колоничлох талаар анхаарахыг” зөвлөжээ.
    1913 онд хятадууд Богд хааны засгийн газарт Бээжин-Жанчхүү-Бугат-Хүрээ гэсэн чиглэлийн нарийн төмөр тавих зургийг өгч, хэрэгжүүлэхийг шаардсан байдаг. Тэр цагт монголчууд “үндэсний эрх ашиг” гэдэг ганцхан хэмжүүрээр асуудлыг харж, татгалзсан хариу өгч чадаж байлаа.
    Доктор Э.Булаг илтгэлийнхээ төгсгөлд хийсэн дүгнэлт монголчуудад сургамж болохоор юм. “Хятад: хана хэрмээр өөрийгөө хамгаалж, тусгаарлагч улсаас тэлэх бодлогоо төмөр замаар хэрэгжүүлэгч улс болон хувирч байна. Энэ өөрчлөлт гурван бодлогоор дэмжигднэ. 1.Төмөр зам барих нь баялаг дуудна. 2.Өөр бүс нутгийн ард иргэдийг нэгтгэнэ. 3.Хилийн бүс рүү хан үндэстний суурьшлийг эрчимжүүлснээр үндэсний батлан хамгаалах систем хүчирхэгжинэ. Иймээс төмөр зам барих нь улс төр, эдийн засгийг хамарсан гео стратегийн асуудал болсон” Сүний энэ бодлогыг хятадууд Төвд, Шинжаан, Манжуурт хан үндэстнийг суурьшуулахдаа ашиглаж, асар их туршлага хуримтлуулаад байгаа билээ. Төвд рүү тавьсан өндөр хурдны төмөр зам нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй боловч гео политик, хан үндэстний суурьшлын хувьд өндөр ач холбогдолтой төсөл юм.
    Ганц Монгол ч биш БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудалд өөрсдийн хатуу бодлого баримталдаг.
    БНХАУ-тай хуурай газраар хил залгадаг улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу хятадын стандартыг баримталж бусад улсууд нь бүгд төмөр замын царигаа зориуд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлж байдаг.(газрын зураг 1. Эх сурвалж unescap.org)
    Монголын төмөр замын бодлого нь үндэсний язгуур эрх ашгийг баримталсан байдлаар гарсан ч улс төр дэх хятадын талыг баримтлагч бүлэг царигийн асуудлыг олон нийтэд анхнаас нь гуйвуулж, улс төржүүлж ойлгуулах ажлыг 6 жилийн турш тасралтгүй хийж иржээ. Ингэхдээ тэд дэлхий нийтээрээ хятадын стандартыг баримталдаг, хятадаас айх аюул огтхон ч байхгүй гэх суртал нэврүүлгийг асар их зардалтайгаар, удаан хугацааны турш явуулж ирсэн. Хямд, зардал багатай гэдгээр гул барин ирээдүйд учрах хүндрэлийг бүрхэгдүүлэх, анзааруулахгүй байхыг чармайж байна.
    Хятадыг тойрсон улсууд бүгд хятадтай эдийн засгийн харилцаатай байх, хятадын аврага зах зээлээс боломжоороо өөрсдийн өгөөжийг хүртэх эрмэлзэлтэй. Вьетнам улс гэхэд түүх, соёл болон засаглалын хэлбэрийн хувьд хятадтай маш ойр байж, эртнээс дотно харилцаатай явж ирсэн. “Нэг улс, хоёр систем” гэх Дэн Сяо Пиний бодлогыг хуулбарлагч гэж өөрсдөө ил тод зарладаг үндэстэн. Гэтэл тэд хятадын 1435 мм-ийн царигийг бус өөрсдийн 1000 мм царигийг хилийн худалдаандаа байлгах бодлогыг хатуу хэрэгжүүлдэг байх юм. Тэдэнд хятадын эдийн засгийн нөлөөлөлд орохгүй байх төрийн хатуу бодлого, эрс шийдэмгий байр суурь байдгийг далай дахь жижиг арлуудын талаар хийж байгаа маргаанаас нь дэлхий нийт тод харсан байх.
    Казахстан тодорхой хугацаанд хятад руу нарийн царигтай төмөр замаар худалдаа хийж үзээд, төд удалгүй больж, 1520 мм-ийн царигаа баримтлах болсон ажээ. Монголоос бусад бүх улсын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах 3 долларын талаар бодсон л байж таараа.
    Тусгаар улс байхын утга учир нь өнөө маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад л оршдог. Тийм учраас монгол, хойд солонгосоос бусад үндэстнүүд эдийн засгийн тусгаар байдлаа 3 доллараас илүү үнэтэй гээд 1435 мм-ийн нарийн царигаас татгалзсан хэрэг.
    Одоогоор Хятадын төмөр замын царигийг зөвшөөрсөн ганц улс болох БНАСАУ-ын эдийн засаг өнөөдөр хятадын хяналтанд оржээ. Эдийн засгаа дагаад улс төрийн нөлөөлөл, жолоодлого ч бий болсныг үгүйсгэхэд хэцүү.
    Монголын эрх баригчдын эндүүрэл ба эмгэнэл
    Нарийн царигийн төмөр зам тавьсны маргаашнаас хятадаас мөнгө бөөн бөөнөөрөө урсан орж ирэхийг ухуулах монголын улс төрчдийн төсөөлөл хэтэрхий гэнэн, туйлын богинохон ажээ. Урьд нь нүүрс зөөх автозам тавигдангуут мөнгө цутгаад ороод ирнэ гэж ухуулдаг байсан. Мөнгө биш өр л зөөгдөж байгаа. Үнэ ч сайнгүй. Гол нь нарийн төмөр зам гээч нь зүүн, баруун хүрдтэй машин шиг зохицуулалтын тэс өөр стандарт, журамтай тээврийн хэрэгсэл бөгөөд монголын тал нийтдээ 500 км хүрэхгүй нарийн төмөр замд зориулан хөдлөх бүрэлдэхүүн авах нь эдийн засгийн ямар ч ашиггүй тусах болно. Монголын зүтгүүрийг хятадын нутаг дээгүүр далай хүртэл явуулах ч бүтэшгүй үлгэр. Гадны зүтгүүр байтугай автомашиныг нутаг дээгүүрээ явуулахгүй хуультай улс.
    БНХАУ-ын төмөр замын хуулийн дагуу хөдлөх бүрэлдэхүүн болоод ажилтан, мэргэжилтнүүд бүгд хятадынх байж гэмээ нь хятадын нутгийн гүн рүү нэвтрэнэ. Өөр техник, технологи, хятад ажилтнуудтай ойлголцох монгол мэргэжилтнүүд огт байхгүй. Тэгэхээр шинэ төмөр замын дагуу хятад мэргэжилтнүүд ажиллах болно. Удаан хугацаагаар ажиллах тул гэр бүл, суурьшлын асуудал дагалдах нь тодорхой. Байнгын суурьшил, их орлого нь яваандаа хатгаж, түвэг удан нутгийн иргэдтэй маргаан, мөргөлдөөн үүсгэх нь ч бас тодорхой. БНХАУ-ын батлан хамгаалах үзэл баримтлалд “гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа хятадын иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд цэрэг, зэвсгийн хүчийг ашиглана” гэж тов тодорхой заасан байгаа.
    Нарийн төмөр замаас татгалзах хамгийн эхний шалтгаан бол хятад иргэдийн суурьшил бий болох явц юм. Эдийн засгийн нөлөөлөл, хяналт бол дараагийн том шалтгаан. Энэ бүхнийг сааруулах цорын ганц арга нь монголын төмөр замчид өөрсдийн мэддэг чадддаг стандарт, технологиор төмөр замаа өөрсдөө ажиллуулах явдал билээ.
    47 дугаар өргөрөг хүртэлх нутгийг хяналтандаа оруулах стратегийн хэрэгжилт маш энгийн. Яарах хэрэггүй. Алхам алхмаар худалдан ав, гартаа оруул, бэхж. Үүнийг захын улс төрч мэдэрч, харж байгаа. Хараагүй, мэдээгүй дүр үзүүлж байгаа нь монголын эрх баригчдын эмгэнэл болж байна. Тэд 5 мянган жилийн турш өмнөдийн бодлогыг сөрж, оршин тогтнож чадсан хүчирхэг өвгөд дээдсийнхээ сүр сүлдний өмнө шившиг болох цаг ирлээ. Энэ байдлаараа бол 2035 он гэхэд 47 дугаар өргөрөгөөс урагш газар нутаг хятадын бүрэн хяналтанд орж, Хонгконг шиг засаг захиргааны тусгай бүс болох тухай weibo сүлжээгээр тархах жиргээнүүд биеллээ олж эхэлжээ.
    Синик(хятадын) иргэншлийн тэлэлт зайлшгүй бөгөөд үүнийг эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, олон улсын харилцаан дахь нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх, бүс нутгийн асуудлаарх Хятадын байр суурийг тэргүүлэх гүрнүүд сонсохгүй байхын аргагүй нөхцлийг бий болгох зэргээр зугуухан хэрэгжүүлсээр байна. “Орчин үед ийм юм болно гэж юу байдаг юм. НҮБ энэ тэр зүгээр хараад суухгүй байлгүй” гэж өөрийгөө тайвшруулж суугаа гэнэхэн улс төрчтэй би таарсан. Би түүнд болон түүнтэй адил сэтгэж буй бүх хүнд нэг асуулт тавъя. – Крымыг өөртөө нэгтгэж, Украйныг дээрэлхэж байгаа ОХУ-ын эсрэг НҮБ, барууны гүрнүүд юу хийж чадаж байгаа юм бэ?
    ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавина гэж сүржигнэж, сүржигнэж эцэст нь хэдхэн албан тушаалтанд визний хориг тавьж, гадаад дахь хөрөнгийг нь царцаахаас хэтэрсэнгүй. БНХАУ-ын иймэрхүү үйл хөдлөлд бол тэд бүр ч сул хариу өгөх, эсвэл таг дуугүй суух болно.
    Ардчилагч Э.Бат-Үүл “Найман Оны Сонгууль” нийтлэлдээ “Хятад хүн, хятад үндэстнийг би хүндэлдэг. Бас тэдний хийж бүтээснийг, амьдрах ухааныг биширдэг. Харин би хятадын улстөрчид, хятадын эрх баригчдын улс төрийн бодлогоос болгоомжилдог, яагаад гэвэл тусгаар тогтнолоо зовон байж олсон Монгол Улсын иргэн, төрийн түшээ учраас” гэж стратегийн мэдрэмжтэй улс төрчийн хувиар бичиж байлаа.
    Энэ бол монгол хүн бүрийн тэр дундаа улс төрчдийнх нь байнга санаж явах ёстой үг болов уу, ялангуяа одоо.
    Нийтлэл бичсэн: Р.Батсайхан
    Харилцааны стратеги судлагч

  • УХААЛАГ УДИРДАГЧ УЛСАА Л БОДДОГ

    Мөрөөдөж байсан коммунизм нь нуран унаж эдийн засгаас эхлээд оюун санаа нь ч хоосорсон орос үндэстэн ерөнхийдөө сүйрэх араамандаа орж байсан ерээд оны тэр үед далд фронтод Үнэн алдартаны сүнслэг лидер ариун санваартан Алексей II-оос эхлээд ард түмэн нь нэлэнхүйдээ орос орныг аврахын төлөө чаддаг чаддаг юмандаа залбирч мөргөж байхад оюун санааны фронтод коммунизмын тэрс үзэлтэн, Нобелийн шагналт зохиолч Солженицын улс төрийн цөллөгөөс эх орондоо эргэн ирж үндэстэнийг соён гэгээрүүлэх ажлаа улс орон даяар эхлүүлж, коммунизмын үзлийн хоосорсон орон зайг шинэ орос үндэсний сэргэн мандлын үзлээр дахин цэнэглэж байв. Хөдөлмөрийн фронтод эх оронч фанат охид хөвгүүд эрдэмтэн мэргэд эмч багш офицер цэрэггүй их гүрнийхээ боловсрол шинжлэх ухаан эрүүл мэнд цэрэг армийнхаа ноён нурууг авч үлдэхийн төлөө цалинтай цалингүй тулалдаж байв.
    Яг ийм хүнд үеийн оргил буюу 1996 онд Ельцин эзэндээ үнэнч эх оронч шударга орос офицерийн өндөр ёс зүйтэй хуучин КГБ-ын хурандаа нэгэн эрхэм Петербургийн мэр Собчакын дэргэд шадарлаж байгааг ил далд шугамаар олж мэдээд шууд дуудан ирүүлж Тамгын газрынхаа орлогчоор тавин удаж төдөлгүй ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга, ФСБ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг чухал чухал местэнд жил хүрэхтэй үгүйтэй хугацаатай ажиллуулахдаа хайж байсан хүн нь мөн болохыг олж хараад дараагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хугацаанаасаа өмнө ч хамаагүй түүнд сайн дураараа шилжүүлэн өгөх эгзэгтэй мөчийг хэнд ч хэлэлгүй дотроо хүсэн хүлээж байв. Нас ч ахиж архинд ч нилээн орж эрүүл мэнд ч базаахгүй шатандаа орсон Ельцинд ерөнхийлөгчийн сандал ширээтэй зууралдах нь сонин биш харин Орос орны шинэ мянганы шинэ удирдагчийг олж замыг нь засч өгөх нь түүний өдрийн бодол шөнийн зүүд байв. Эс тэгвээс 2000 оны эхээр болох дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль ардчилал нэрийн дор явагдсан болоод л Березовский мэтийн аль нэг олигархи гарч Орос орныг улам сүйрүүлэх аюул нь түүнийг түгшээж байв.
    Гадаад дотоодын дайснуудын сөрөг үйлдлээс болгоомжилсондоо тэрээр өөрийн энэхүү санаа бодлоо хэнд ч хэлэлгүй, эхнэртэй ч хэлэлгүй 1999 оны 12 сарын 31-тэй золгов. Тэр шөнө унтахгүй эргэж хөрвөөн ямар нэгэн зүйлд санаа нь зовсон байдалтай байгаа нөхрөө өглөө эрт үүр цүүрээр эртлэн босохыг ажигласан хань Наина Ельцина түүнээс хүний л хань юм болохоор сэтгэл нь түгшсэн байдалтай учир начрыг лавлахад арга буюу хэнд ч задлаагүй өөрийнхөө нууцаас цухуйлган Би өнөөдөр огцорно, учир явдлыг чи орой зурагтаар харах бизээ хэмээн олон таван үггүй гарч одов.
    Тэгээд өрөөндөө Ерөнхий сайд Путин, Онцгой байдлын сайд генерал Шойгу, ҮАБЗ-ын нбд хурандаа генерал Иванов, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал Квашнин зэрэг Оросын хамгийн дээд тушаалын офицер голдуу найман хүнийг дуудан авчирч учир байдлыг ойлгуулаад Орос гүрний аюулгүй байдлын баталгаа болдог Цөмийн чемодан, Ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурдаг Орос гүрний ерөнхийлөгчийн бүрэн эрхийн бэлэг тэмдэг болсон ПАРКЕР үзэг хоёрыг шилжүүлэн өгөөд /зураг дээр/ оройн нь зурагтаар ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байснаа гэнэт огцорч байгаагаа пал хийтэл нь зарлаж орхих нь тэр. Ельцины мэндчилгээг шууд үргэлжлүүлэн он гарахаас хэдхэн минутын өмнө шинэ төрийн тэргүүн Путин 10 орчим минут мэндчилгээ дэвшүүлснээрээ хоёр толгойтой бүргэдэн сүлд шигээ хоёр мянганы зааг дээр хоёр Ерөнхийлөгч зэрэг мэндчилгээ дэвшүүлсэн үйл явдал хүн төрөлхтөний түүхэнд ганцхан тохиолдсон юм.
    Өөрийн бүрэн эрхээ хугацаанаас өмнө сайн дураараа өгдөг ямар ч тэнэг төрийн тэргүүн энэ дэлхийд байхгүй мэт бодогдох боловч энэ нь Орос орны ирээдүйн төлөө Орос орныг шинэ залуу үе удирдан шинэ мянганд дахин хүчирхэг гүрэн болгохын төлөө хийсэн өөрийгөө гаргуунд нь хаясан жинхэнэ лидер хүний орос эх орончийн ухаалаг асар их зүрх зориг шаардсан улс төрийн зөв шийдвэр байсан юм. Оросын агуу яруу найрагч Фёдор Тютчевын Орос орныг ухаанаар ойлгох боломжгүй буюу Умом Россию не понять хэмээн хэлсэнчлэн иймэрхүү зүйл зөвхөн Орос оронд л тохиолдоно. ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

  • Флорес арлын “хоббит”

     

    Зүүн талд “хоббит”-ын гавал баруун талд ердийн хүний гавалын яс Мацей Хенненберг нь хамтран ажиллагчдынхаа хамтаар Лианг Буа агуйгаас олдсон хэвийн бус хөгжлийн шинж тэмдэгтэй ганцхан гавалын ясыг үндэслээд шинэ зүйлийн хүн байсан гэж мэдэгдэх нь шинжлэх ухааны логиктой нийцэхгүй гэжээ.

    Лианг Буагаас олдсон гавлын ясаар дүр төрхийг нөхөн сэргээсэн байдал

    Лианг Буагаас олсон гавлын яснаас илэрсэн олон шинж тэмдэгийг зарим нь аустронез арьстаны олон төлөөлөгчдөд илэрдэг. Үүнээс гадна флоресийн хүний талаарх янз бүрийн таамгийг шалгах явц Индонезийн эрх баригчид эрдэмтэдэд ясыг судлах боломж олгохгүй байгаагаас ихээхэн хүндрэлтэй болсон.

    2004 онд “Nature” сэтгүүлд гарсан “хоббит”-ын тухай нийтлэлийн арга зүйн алдааг Мацей Хенненберг болон түүний хамтрагчид онцолж байна. Флоресийн гавалын эзэн Homo sapiens-тэй нэгэн үед буюу 74-12 мянган жилийн тэртээ хамт амьдарч байсан гэдгийг тооцож үзвэл шинэ зүйлийн хүн оллоо гэж дуулиан таригчид флоресийн хүний анатомийн онцлогийг хүний өвчин эмгэгийн үүднээс авч үзэх ёстой байсан ч тэгээгүй. Нуруу намхан байх, тархины хэмжээ бага байх нь хамгийн багаар бодоход л 50 гаруй хам шинжийн үед илэрдэг үзэгдэл.

    Иймд судлаачид Флоресийн хүнийг Лароны одой биеийн хам шинж гэсэн эмгэгтэй байсан гэсэн таамгийг дэвшүүлжээ. Гэхдээ судалгаа хийх явцад нүүрний ёс ба гавлын тэгш хэмт алдагдсан байдал, дух ба дагзныы хэмжээ, дунд чөмөг яс богино гэсэн гурван үзүүлэлтийг онцгойлон авч үзээд Флоресийн хүнийг Дауны хам шинжтэй байсан гэж үзжээ.

    Орчин үеийн индонезичүүдийн антропометрийн үзүүлэлттэй харьцуулж үзэхэд флоресийн хүний тархины хэмжээ ба нурууны өндөр нь Дауны хам шинжтэй аустронези хүний хувьд хэвийн байгаа нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл “хоббит” гэсэн нэрэнд тохирсон хүний тусгай төрөл зүйл байхгүй харин ердөө л Дауны хам шинжтэй аустронези хүн байжээ. Дауны хам шинж гэдэг нь илүү хромосомтой буюу 46 бус харин 47 хромосомтой үед илэрдэг хам шинж. Эх сурвалж: www.assa.mn

  • 28 ХҮНИЙГ ХАМТ ОРШУУЛНА ГЭДЭГ …

     

    #АЛТАН ХЭЭТ АВС: Язгууртны авсыг монгол гэрийн хана мэт хээлэн алтаар чимэглэж, эрдэнийн чулуу шигтгээ бүхийгээр хийсэн байдаг нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотой. Мөн гол бунхан орчимд 21 адуугаар тахил үйлдэж, адууны хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийсэн байсан.
    #ХААНЫ ЯС: Шаньюйгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэн байсан. Өмнө нь 100 орчим антропологийн олдвор байдаг ч хаад, язгууртных тэр бүр олдож байгаагүй учраас энэхүү ясны олдвор нь антропологийн хувьд ач холбогдолтой. ДНК-ийн судалгаа нь өнөөг хүртэл маргаантай байдаг хүннүчүүдийн угсаа гарвалын талаарх эргэлзээг тайлахад хувь нэмэр болно гэж үзсэн. Дундад Ази, Казахстан, Киргизстан, Турк зэрэг орнууд Хүннү нарын ур гарал үүслийг булаалдсаар байгаа билээ.
    #СҮЙХ ТЭРЭГ: Бунханаас жижиг, том нийт 15 орчим сүйх тэрэгний эд ангиуд гарч ирсэн бөгөөд тэдгээрээс бүтэн угсрагдах боломжтой 6-7 тэрэг байжээ. Нэг сүйх нь ханз үсэгтэй, гоёлын хийцтэйг үзвэл Шаньюйд Хан улсын хуанди бэлэг болгосон байх. Бусад сүйх нь хүннү хийцтэй, чимэг урлал онцгой байдаг нь Шаньюй нарын эрхэм тансаг хэрэглээг илэрхийлдэг. Тэрэг болон хөллөх морины тоног хэрэгслийг тэр чигээр нь алт, мөнгө, эрдэнийн чулуугаар чимж, хүрлээр гайхалтай нарийн урлажээ.
    #ШАГАЙ ба ТАМГА: Шаньюйгийн булшны зүүн талаар байрлуулсан 3 дугаар дагуул булшнаас нэг нас 7 сартай хүүхдийн оршуулга олдсон юм. Тэрхүү хүүхдийн булшинд 200 шагай хийсэн байсны 20 гаруй нь тамганы дүрстэй. Тэдгээрт Чингис хааны “наран тамга”, Өгөөдэй хааныхны “дэгрээ тамга”, Мөнх хааны удам угсааныхны “сэрээ тамга” зэрэг нь яг тэр хэлбэрээрээ дүрслэгдсэн байдаг нь маш чухал баримт юм. Чингис хаан болоод боржигон овогтныг Хүннүгийн эзэнт гүрний Шаньюй нарын залгамжлагч нар гэдгийг баталжээ.
    #РОМ АЯГА: Судалгааны багийн ахлагч доктор, профессор Д.Эрдэнэбаатарын өгүүлснээр Гол мод II малтлагын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход тусалжээ. Хоёр өөр шилийг уусган хольж урласан аяга нь эртний Ромын хаадын ордны тансаг хэрэглээний нэг аж. Шилээр урлах арга нь НТ I зууны 2-р хагаст хамаарах эртний Грекээс Ромд уламжилсан соёл юм. Ийм аяга Германд 3 ширхэг, АНУ-д 2 ширхэг хадгалагддаг бөгөөд зургаа дахь нь ийнхүү Монгол Улсаас олджээ. Энэ олдвор булшны насыг хэлээд зогсохгүй Ром ба Хүннү гүрний хооронд харилцаа холбоо байсны нотолгоо болдог.
    #ХАШ: Монголоос урьд өмнө олдож байгаагүй, зөвхөн Хятадын эртний хуанди нарын гарт байдаг, оршуулахад нь зүрхэн тушаа газар нь тавьж оршуулахад хэрэглэдэг “хаш” чимэглэлийг Гол модны энэ булшнаас олсон бөгөөд хэмжээний хувьд Хятад улсад ч олдож байгаагүй том юм. Хашийг хөвөөлөн адуу малыг хүртэл чимэглэсэн нь сонирхолтой. Эртний үгэнд “эрдэнийн хаш нь эзнийхээ биеийн байдлыг илтгэдэг” гэдэг. Гартаа барихад өнгө нь хувирч байвал эзэн нь өвчин эмгэг туссан, эсвэл хорлогдсон хэмээн мэддэг байжээ. Эл хаш чимэглэлийн олдворыг эдүгээ Монгол Улсын эрдэнэсийн санд хадгалж байна.
    #ГАДНЫ ТУСЛАМЖГҮЙ ҮНДЭСНИЙ МАЛТЛАГА: Гол мод II малтлага нь Монгол Улс гадны тусламжгүйгээр бие даан малтан судалсан хамгийн том судалгаа шинжилгээний ажил юм. Тус малтлагыг “Женко” группын “Түмэн хишигтэн” ХХК ивээн тэтгэсэн. Төсөлд ЭША, археологич, антропологич 6, археологи болон түүхийн мэргэжлээр суралцаж буй оюутан 80 гаруй, цэргийн албан хаагч 80, инженер, техникч, жолооч, механикч, аж ахуй, гал тогооны гэх мэт 20 орчим, нийт 200 орчим хүний хүч хөдөлмөрөөр малтаж 2000 гаруй цул алт, мөнгөн эдлэлийг илрүүлж Монгол судлаач эрдэмтдийн чадал чансааг дэлхийд таниулсан цогц ажил болсон билээ.
    #Жич: Энэ малтлага судалгаа, олдвор бол Монголын түүх, археологийн салбарын ГАЙХАМШИГ, сод үйл хэрэг юм. Үүнтэй хэн ч маргах аргагүй.

     

     

     

    Хүннү язгууртны гол булш уруу харсан пирамид хэлбэртэй байдаг. Зүүн талд нь “дагуул булшнууд”-ыг үйлддэг.

    djmedia:507