Category: Нийтлэл, ярилцлага

  • Л.ХҮРЭЛБААТАР: АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ЯЛААГҮЙ БОЛ БИ ХӨДӨӨ ЦӨЛӨГДӨХ БАЙСАН БИЗ ЭЭ

    Тэгээд хэд хоног учраа олохгүй уруу царайлж, яахаа мэдэхгүй явж байгаад Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын Эм Хангамжийн Хэлтсийн дарга Д.Мангаатай тааралдлаа. Мэдээж намайг халагдсаныг дуулжээ. “Хөөе, Хүрлээ нэг сайхан ажил байна. Социалист орнуудын эдийн засгийн талаар хамтран ажиллах Зөвлөлийн хоёр гурван гэрээний орчуулга нь хүлээгдээд ажил саатаад байна. Чи орчуулаадах, бид бардаггүй ээ” гэж байна. Юун орчуулга. Хөдөө явах гээд “цөллөг”-ийнхөө томилолтыг хүлээж байна гэлээ. Тэр ийш тийш харснаа “Аяар гэм. Чи энэ амнаасаа болж ахиад л хэрэгт орно шүү. Би орчуулгын талаар сайдтай ярья, ятгая, чамаас өөр хүн хурдан түргэн, оновчтой орчуулж барахгүй” гэлээ. Надад сайдын хүрлийсэн ууртай царай л харагдаж, “сайд зөвшөөрөхгүй дээ” гэвэл “Түр ажил шүү дээ. Зөвшөөрөх байх. Чи чинь Орост төгссөн, орос хэлнээс хоёр гурван ном орчуулчихсан лут амьтан шүү дээ. Бас чи эм зүйч хүн, өөрийнхөө салбарт туслаач. Зургаан сар ч гэсэн орчуулга гээд хотод суухгүй юу? Тэгээд тэр хөдөө рүү нь явах бол явна биз. Зургаан сарын дараа юу ч болоо билээ?” гээд мөрөн дээр минь алгадчихаад яваад өгөв. “Юу ч болохгүй дээ. Ингээд л улс төрийн хэрэгтэн, эсэргүү, найдваргүй этгээдийн тоонд орлоо” гэж бодсоор чимээгүйхэн хоцров. Гэтэл маргааш нь намайг Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын дарга дуудлаа. Чамайг түр ажилд авлаа. Зургаан сарын дотор орчуулж дуусгана шүү. Социалист орнуудын хооронд эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бараа үйлдвэрлэх хангах асуудлаар дагнаж хорших гурван гэрээ байгаа. Яаралтай орчуулах хэрэгтэй байна. Дараа нь Эрүүлийг Хамгаалах Яам, Гадаад Явдлын Яам, Хууль Зүйн Яам, Сайд нарын Зөвлөлөөр хянагдах ёстой, хатуу хуваарьтай юм шүү! гэж байна. Сайд зөвшөөрчээ. Хашир ухаантай хүний үгэнд орж, дутагдлаа хүлээн зөвшөөрсөн дүр үзүүлж, яамны коллегийн хурал дээр дуугүй суусны хэрэг түр ч гэсэн гарчээ.

    Ямар Михайл Шолоховын зохиол орчуулах гэж байгаа биш, хэдэн гэрээ, юу байхав гээд би ажилдаа ханцуй шамлан зоригтой оров. Гэтэл хууль зүйн нэр томъёо гэж адармаатай зүйл юмсанж. Албан орчуулга гэж албан ёсоор батлагдсан нэр томъёо ашиглах ёстой аж.

    Нэр томъёоны гурван боть толь бичиг олж авлаа. Толь бичигт хараахан орж амжаагүй бол нэр томъёоны комиссын мэдээ гэдэг товхимлоос батлагдсан нэр томъёо харах ёстой байлаа. Тэр л дэг журмаар нь ажиллаж эхлэв. Нэр томъёоны толь болон товхимлын аль алинд нь ороогүй нэр томъёог бол өөрөө орчуулж хашир туршлагатай хүмүүстэй зөвлөлддөг байлаа. Олон хүмүүс олон сайхан зөвлөлгөө өгсөн дөө. Хамгийн сайхан зөвлөлгөө өгсөн нь Ц.Доржжанцан маарамба. Аялгуу сайхан монгол хэлээ, үгсийн сангаа, хэл найруулгаа бид сайн мэддэггүй аж. Би үүнийг бүр анхныхаа ном орчуулахдаа мэдэрсэн, орчуулга гэдэг цаад хэлээ мэдэхээс илүүтэй монгол хэлээ сайн мэдэх ёстой юм билээ. Даанч кирилл бичигт шилжсэнээс болоод уйгаржин монгол дээр бичигдсэн олон сайхан ном судрыг унших, эх хэлнийхээ баялаг үгсийн сан, төгс хэл найруулгатай танилцах боломж үгүй болсныг одоо хүртэл олон хүн ойлгохгүй байгаа юм.

    Өдөр шөнөгүй сууж байгаад эхнийхээ гэрээг хоёр сарын дотор, дараах гэрээг нэг сарын дотор орчуулчихлаа. Манайхан гайхаж байна. Олон боть ном шиг зузаан гэрээнүүд шүү дээ. Зарим нь бас миний тэнэгийг гайхаж байна. Бүтэн зургаан сарын хугацаа өгөөд байхад хоёр дахин богино хугацаанд орчуулж байдаг. Хөдөө явах гэж яараад байгаа юм уу? гэж байна.

    Гэтэл намайг ажилд оруулж аварсан Д.Мангаа дарга маань удаа дараа олон хоног архи ууснаас болж ажлаасаа халагдаад надад “Миний ажлыг ав” гэдэг юм байна. Архинд ч дэндүү дуртай хүн л дээ. Уг нь их тэвчээртэй. Нэг уухгүй бол хэдэн сараар тэснэ. Харин нэг амсчихвал дүүрсэн гэсэн үг. Гэхдээ ажилдаа бол түүнийг гүйцэх хүн манай салбарт л лав үгүй. “Би чинь хөдөө цөлөгдсөн хүн, тэгээд ч яаж таны ажлыг авах вэ, та л намайг хөдөө явахаас түр ч гэлээ аварсан шүү дээ” гэлээ. Ахиад л “түр” гээд тэр зальжнаар нүд ирмэн инээж байна. Үнэхээр тэр “түр” гэдэг заль нь надад ахиад хэрэг болсон шүү. Намайг Улсын Эм Хангамж Үйлдвэрлэлийн Газрын Эм Хангамжийн Хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр орны хүн олдтол гээд түр хугацаагаар томиллоо. Ингээд би бараг таван жил үүрэг гүйцэтгэгч хийлээ. “Орны хүн” олддоггүй ээ. Өөрт нь түшигтэй, ажлаа сайн хийдэг болохоор Со дарга маань орны хүн хайгаа ч үгүйг би мэдэж байлаа. Харин хэлтсийн минь ахлах мэргэжилтнүүд яамны коллегийн хуралд оролцох, гадаадад явж үзэсгэлэнд оролцох, гэрээ хийх эрхтэй байхад надад тийм эрх мэдэл байхгүй нь намайг хатуу арга хэмжээтэй гэдгийг илтгэж, би ч ойлгож байв. Ардчилсан хувьсгал ялаагүй бол би нэг тиймэрхүү үүрэг гүйцэтгэгчээр насан турш ажиллах, аягүй бол ахиад л алдаа гаргаж хөдөө цөлөгдөх байсан биз ээ.
    Хөвсгөл аймгийн Эмийн санг удирдах конторын даргаар болон Эрүүлийг Хамгаалах Яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай мөртлөө хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр бараг таван жил ажилласан болохоор та нар гайхсан байх. Монголд байтугай дэлхийд ч жирийн нэгэн газрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ийм олон жил ажилласан жишиг байхгүй дээ. Энэ далимд нэг хошин яриа өгүүлье. Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч С.Лувсанвандан Соёлын Яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байж. Бямбын Ринчин гуай “Энэ Лувсанвандангаас бусад сайд нар сайдынхаа үүргийг гүйцэтгэдэггүй юм байх даа” гэж хошигнож байсан гэдэг.

    Хэдийгээр миний хувьд хэлтсийн дарга ч бай, үүрэг гүйцэтгэгч ч бай тэр ажлыг хийх дургүй байсан ч өөр арга байсангүй. Үгүй гэвэл хөдөө ажиллуулах яамны шийдвэр тэр дороо хэрэгжих байлаа. Үүрэг гүйцэтгэгчээр ч бай намайг авч ажиллуулсан газрынхаа дарга Г.Содномдаржаад би баярлаж явдаг юм.

    Би тийнхүү ажиллахдаа их зүйл сурсан шүү. Эм хангамжийн хэлтсийг хариуцдагийн хувьд эх орныхоо эмийн хэрэгцээг тодорхойлох, түүний дагуу дотоодод үйлдвэрлүүлэх, гадаадаас захиалж авах, орон даяар хуваарилах, хангах ажлыг зохион байгуулдаг байлаа. Энэ нь миний дараа дараагийн ажил амьдралд их хэрэг болсон доо. Би үндсэн ажлынхаа зэрэгцээ өөрийн дуртай судалгаа шинжилгээний ажлыг хийж, эм зүйн ухааны дэд эрдэмтний диссертацаа бичиж, урьдчилсан хамгаалалтаа Анагаах Ухааны Хүрээлэн дээр хийж амжсан юм.
    “Манай Хүрэлбаатар орос хэлэнд сайн, мэргэжлийнхээ чиглэлээр Орост гарсан бараг бүх ном хэвлэлийг уншдаг, уншсанаа хэрэгжүүлдэг, мэргэжилдээ үнэнч, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг, эм хангамж үйлдвэрлэлийн газар хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр таван жил ажиллахдаа салбартаа их зүйл бүтээсэн юм шүү. Даанч хэлтсийн даргаар жинхлэх эсэх нь миний мэдлээс хэтэрсэн асуудал байсан юм. Манай салбарын шилдгийн шилдэг мэргэжилтэн“ гэж манай компанийн 10 жилийн ойн баярын индэр дээрээс Г.Содномдаржаа дарга хэлж билээ. Түүнээс гадна нэг удаа өрөөнд минь хүрч ирээд миний зохион бүтээсэн эмийг ууж архаг өвчнөөсөө салснаа хэлээд “Хүрлээ минь, чи эм зүйч болсныхоо хэргийг бас дахиад л гаргалаа шүү. Улам сайн ажиллаарай!” гээд духан дээр аав шиг минь үнсч хэзээ ч мартагдахгүй их урам зориг, эрч хүч хайрласан сан. Их л ширүүн дарга байсан юм. Ажлаар ч булж өгдөг байлаа. Би мөн ч их загнуулсан даа. Загнуулж зэмлүүлсний ачаар их ч юм сурсан шүү. Со дарга маань хайр нь дотроо, хал нь гаднаа жинхэнэ монгол эр байсан юм.

    Хөдөлмөрийн Баатар Л.Хүрэлбаатарын “Бүтээлч Моносчууд Бүгдийг тэгээс” номын хэсгээс

  • 1924, 1992 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИУДЫН ТАЛААРХ БОДРОЛ

    Мэдээлэл ч үгүй, мэдлэг ч үгүй, тэр мөртлөө мэдэмхийрэх өвчин эрт олсон, түүгээрээ өөрөө ихэд бахархдаг нэр, хаягаа нуусан “ухааны, оюуны ба ёс суртахууны хомсдолтой” хүмүүсийн тоо ухаалаг утасны тооны өсөлттэй пропорционалаар мөн өслөө. Нийгмийн сэтгэл зүй ба ухамсарт хор хүргэж, сөргөөр нөлөөлж болох энэ үзэгдэлтэй тэмцэхийн чухлыг анхааруулдаг хүмүүсийн тоо ч мөн өссөөр байна. Гэвч нийгмийн бодит амьдрал, түүний өөрчлөлт, хөгжил нь бусармаг явдал ба буруу сэтгэлгээтэй хүмүүсийн элдэв санаа, зоригт ер захирагддагүй, ард түмэн ч тэдэнд хууртдаггүй юм. Тэр дундаас Монголчууд бол ер бусын ул суурьтайгаар, тун ч сийрэгхэн сэтгэдэг ухаалаг хүн зон билээ. Энэ ард түмэн бүхий л түүхийнхээ туршид оюунлаг хөвгүүд, охидоор дутагдаж, гачигдаж байсангүй. Ухаалаг, оюунлаг иргэд цаг цагтаа л бэлхнээ байж, тулгарсан ямар ч асуудлыг шийдсээр ирсэн түүхтэй…
    1992 оны Үндсэн хууль битгий хэл 1924 оны Үндсэн хуулийг тун ч богино хугацаанд хоёр ч хувилбараар боловсруулж чадсан билээ. Магсаржав хурцаар толгойлуулсан комисс “хязгаарлагдмал эрхтэй хаан бүхий Бүгд Найрамдах улсын Үндсэн хууль”-ийг Англи, Бельги, Голландын жишгээр, яг л тэр цаг үеийн Монголын онцлогт тохируулан боловсруулжээ.
    Энэ ажилд судар бичгийн хүрээлэнгийн ажилтнууд ч оролцжээ. Гэвч Богд хаан таалал төгсч нөхцөл байдал өөрчлөгдсөний учир шинээр хоёр дахь комисс томилогдоод тун ч богино хугацаанд Зөвлөлт Оросын Үндсэн хуультай ижлэвтэр өвөрмөц төсөл боловсруулж Улсын Анхдугаар Их Хурлаар хэлэлцүүлж батлуулжээ. Үндсэн хуулийн эрх, эрхийн философийн үүднээс үнэлж, дүгнэх аваас мөнхүү хоёр хувилбар нь “байдаг л хуулиуд” гэгдэхээр бичвэрүүд мөн болно. Энэ ажилд оролцсон хүмүүсийн боловсрол, туршлага, юм үзэж нүд тайлсан байдал, гадаад хэлний мэдлэг зэргийг сонирхох аваас тэдний дунд Хятад, Манж хэлтэй, мөн Герман, Англи, Орос хэлтэй, Өрнийн болон Дорнын соёлтой биечлэн танилцчихсан эрхмүүд ч байжээ.

    1990-1992 оны нөхцөл, байдлыг 1924 оныхтой харьцуулж үзэхтүн! Тэмээ, ямаа хоёроос ч их ялгаа байх бизээ… Хэдэн ч янзын төсөл боловсруулчих чадамж бэлхнээ байсан юм шүү.

    Ар Монголыг Хятадын салшгүй хэсэг болохыг нууцаар хүлээн зөвшөөрцгөөсөн Орос ба Хятадын нууц хэлэлцээрийг яаралтай сөрж “Бүгд Найрамдах Улс”-ыг тунхаглан ил, шууд тэмцэхээр шийдсэн Монголын эх орончид Улсын Анхдугаар Их Хурлын товыг яаравчлан зарлажээ. Уралдах, өрсөх, хоёр хөршийн нууц хэлэлцээрийн мөрөөр практик арга хэмжээнүүд авагдахад саад болох тулгамдсан шаардлага ийнхүү “урагш нь довтлоход” хүргэсэн байна. Хоёр хөрш маань 1924 оны 5-р сарын 31-нд нууцаар тохиролцсон бол Монголчууд мөн оны 11-р сард Улсын анхдугаар Их Хурлаа хийж “Монгол Улсыг тунхаглаж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлж, Ардын ардчилсан бүгд найрамдах засаг төр, парламентын суурийг тавьж, шинэ үндсэн хуулиа баталжээ.” Энэ их хуралд уригдаж оролцсон Коминтернийн төлөөлөгч Рыскулов, Оросын элчин Юдин, Зөвлөлт Казахын төлөөлөгч Хангелдинов, Буриадын ерөнхий сайд Ербанов, мөн Төвд, Барга, Хөлөнбуйр, Ордосын төлөөлөгчид Монголчуудын эрс шийдэмгий байдал, эв нэгдэл, улс төрийн зоригтой алхмыг гайхаж, ихэнх нь дэмжиж байжээ. Зөв зүйлийг зоригтой сэдэж, оновчтой хэрэгжүүлэхийн урлагийг Монголчууд ийнхүү үзүүлж чаджээ.
    Улсын анхдугаар их хуралд 90 төлөөлөгч сонгогдсоноос 77 нь хүрэлцэн иржээ. Тэд хурлын явцад тун идэвхтэй оролцож зарим нь бүр 15 удаа үг хэлж, онц чухал асуудлуудаар тайлбар шаардаж, дүгнэлтүүдийн үндэслэлийг ч нэхэж байжээ. Хурал 21 өдөр үргэлжилж ажил хэрэгч шинжээрээ гадаадын төлөөлөгчдөд гайхшрал төрүүлж байв. Анхдугаар их хурлаас дарга, 7 гишүүнтэй байнгын ажиллагаатай Улсын Бага Хурал (Парламент), 12 хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газрыг байгуулжээ.
    Энэ их хурлын зорилго, бэлтгэл, явц, үр дүнгээс үзэхүл тэр цагийн Монголчуудын улс төрийн мэдрэмж, соёл, боловсролыг голох, гоочлох аргагүй байна.
    Одоо 1992 оны Үндсэн хуультай холбогдуулж цөөн зүйлийг өгүүлье. 1988, 1989, 1990, 1991 оны сонин, сэтгүүлүүд дэх улс төийн сэдэвтэй нийтлэлүүд миний өгүүлэх зүйлийг гэрчилнэ, бас нотолно.

    1960 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн найруулах даалгавар авсан Ж.Батмөнх даргатай комисс 1990 оноос өмнө ажиллаж байв. Энэ ажилтай холбоотой нийтлэлүүд ч төвйин сонингуудад үзэгддэг байлаа. МУИС-ийн хуулийн тэнхэмийн багш нар, Философи, Социологи, Төр эрхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцсон онол-арга зүйн семинараар, мөн намын улс төр-гэгээрлийн дээд шатны дугуйлангуудад Үндсэн хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг шүүн хэлэлцдэг байв.

    Гэвч энэ ажил 1990 оны тэмцэл, хөдөлгөөний улмаас орхигдсон билээ. Нийгмийн амьдралыг ардчилахын төлөө өрнөсөн тэмцэл өргөжих, хот хөдөөгүй дэмжлэг олохын хэрээр 1960 оны Үндсэн хуульд эн тэргүүнд оруулбаас зохих өөрчлөлтийн талаар хурцаар яригдаж, хэрэг дээрээ ч түргэн хийгджээ. 1990, 1991 оныг дамнан буй болсон шилжилтийн шинжтэй төр засаг (Ерөнхийлөгчийн алба, Улсын бага хурал, эвслийн маягийн Засгийн газар) Ардчилсан Үндсэн хууль боловсруулж батлахын чухлыг хаа хаанаа мөн сайтар ойлгосон байв.
    1990 оны 10 сарын 4-ний өдөр Улсын Бага Хурлын 15-р тогтоолоор Шинэ Үндсэн Хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссыг 16 хүний бүрэлдэхүүнтэй (дарга нь П.Очирбат, орлогч дарга нь К.Зардыхан) байгуулжээ. Төсөл боловсруулах, Улсын Бага Хурал, Анхдугаар Их Хурлаар хэлэлцэх, батлах хооронд 1 жил, 4 сар өнгөрчээ. Эрхийн философи, төр эрхийн онол, төрийн байгуулалт, Үндсэн хуулийн эрх, үндэсний төр эрхийн түүхэн уламжлал, улс орны хөгжлийн хэтийн төлөв, ардчилсан Үндсэн хуульд тавигдах шаардлага, энэ талаарх бусад орны ололт, туршлага, зэргийн гүнзгий мэдлэг, мэдээлэлд тулгуурлан нягт нямбай үйлдэгдэх, зохион байгуулагдах, учиртай байсан тэр ажил ерөнхийдөө бүх талаараа л шаардлагын түвшинд бус байв. Мөнхүү цаг үед Монголд Үндсэн хуулийн эрхийн асуудлуудаар нарийн мэргэжсэн судлаачид, эрдэмтэд байсангүй.
    1990 оны 10-р сарын 18-ны өдөр уг ажлыг зохион байгуулах комиссын 01-р тогтоолоор шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгүүдийг (нийтдээ 39 хүн, 4 хэсэгтэй) байгуулжээ. Мөнхүү ажлын хэсгүүдийн боловсруулсан төслийг Улсын Бага Хурлаар хэлэлцэж сайшаагаад, Ардын эрх сонинд нийтэлж олон түмнээр хэлэлцүүлж эхэлсэн байна. Хэлэлцүүлэг бүтэн гурван сар үргэлжилжээ.

    Хэлэлцүүлгийн явцаас харахад түүнд хүн амын бүх давхраа идэвхтэй оролцжээ. Төслийн бүх бүлэг, зүйл шүүмжлэлд өртөж, тоймгүй олон санал гарч тэр бүхнийг төсөлд тусгах, эс тусгах талаарх асуудлыг судалж шийдвэрлэх нь тулгамдсан зорилт болжээ.

    1991 оны 7-р сарын 26-ны өдөр зохион байгуулах комиссын 01 дугаар захирамж гарч “Монгол улсын Их цаазын төслийн талаар иргэд, байгууллагуудаас ирүүлсэн саналыг судалж төсөлд тусгах, нэгтгэн дүгнэх ажлын хэсгүүдийг дахин шинэчлэн байгуулжээ.” Энэ удаа нийтдээ 90 хүнээс бүрдсэн 10 хэсэг байгуулагджээ. Эдгээрээс яг Үндсэн хуулийн төслийн бүлэг, зүйлүүд дээр ажилласан нь II, III, IV хэсэгт хамрагдсан 32 хүн байв. Захирамжид нэр орсон 90 хүнээс зөвхөн 20 гаруй нь л “Үндсэн ажилчид”, идэвхтэй, бас ч хэрэг болох түвшний мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс байлаа. Захирамжид нэр заагдан орсон 90 хүний 40 орчим хувь нь хааяа нэг үзэгдэхээс өөр үүрэггүй шахам байсныг хэлэх нь зүйтэй байх… Энэ хоёр дахь ажлын хэсгийнхний буй болгосон хувилбарыг л Улсын Бага Хурлаар хэлэлцээд дараа нь Анхдугаар Их Хурлын чуулганд оруулж батлуулжээ. Улсын Бага Хурал, Анхдугаар Их Хурлын чуулганы аль нь ч төслийн мөнхүү хувилбарыг бараг л тэр хэвээр нь шахам үлдээж баталсан болно. Анхдугаар Их Хурлын чуулган 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр уг төслийг 70 гаруй хоног сунжруулан хэлэлцсэн хэдий ч эцсийн дүндээ зарим нэг багаахан засварыг эс тооцвол яг л байснаар нь баталсан юм. 2 сар гаруй хэлэлцсэн явцыг шударгаар үнэлэх аваас тэдний хэлэлцэх хэр чадвар, мэдлэг, мэдээллийн түвшин яахын ч аргагүй жолдож ихэнхдээ дутуу, мөчидхөн ойлгосны улмаас л хэрэггүй шахам маргаан, мэтгэлцээнээр цагийг дэмий үрж их зардал, сүйтгэл гаргасан болно. Хий хоосон сүржигнэл, хэрэггүй улс төржилт, өнгөц буруу ойлгосноос үүдсэн маргаан, үндэсгүй болгоомжлол, хардаж ба хаяагаа манаж хэлсэн явуургүй, холчиргон үгс мэт нь мэдлэг, мэргэжил, ухаан шаардсан мөнхүү ажилд зөвхөн л саад болж, саатал, тасалдал авч ирж байлаа. Их ч цаг алдсан юм.
    Шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэгдсэн комисс ч тэр (16 хүнтэй), мөнхүү хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй эхний ажлын хэсэг ч тэр (39 хүнтэй), мөн хоёр дахь өргөтгөсөн ажлын хэсгүүд ч тэр (90 хүнтэй) бүгд л ихэд улс төржүүлсэн байр сууринаас хандсан бүтэц, бүрэлдэхүүнтэй байв.
    Олон, олон шинжлэх ухааны уулзвар, хослолын үүднээс яригдаж, боловсрогдож, бүтээгдэх учиртай оюуны үйлдвэрлэлийн онц чухал үр дүнг яг өөрт нь тохирсон арга технологиор л буй болгох, бүтээх ёстой билээ. Ийм шаардлагын үүднээс ярих, үнэлэх аваас шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах, олон шатаар хэлэлцэж чамбайруулах, бусад орны өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, тухайн салбарын нарийн мэргэжилтнээс санал авах, нэр томъёо, бичлэг найруулгын хувьд жигдлэх, Ардчилсан Үндсэн хуульд XX зууны өндөрлөгөөс тавигдах болзол, шаардлагад нийцүүлж чанаржуулах зэрэг ажил, арга хэмжээ тун хангалтгүй гэхээр түвшинд зохион байгуулагдаж, хэрэгжжээ.
    Улс төр, хууль эрхийн ямар ч асуудлыг ард иргэд өөр өөрийн байр сууринаас хэр чадлаараа шүүн хэлэлцэх чадвартай байдаг хэдий ч улсын Үндсэн хууль мэтийн чухал баримт бичгийг зөвхөн л шаардлага хангахуйц түвшний мэргэжилтнүүдийн баг л боловсруулж, чамбайруулж, эцэслэн хэлбэржүүлж чаддаг нь шинжлэх ухааны үүднээс нотлогдсон, практикаар шалгагдсан үнэн билээ.

    Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 8 жилийн дараа түүнд оруулсан нэмэлт ба өөрчлөлтүүд ч гэсэн өмнөхийн нэгэн адил хөнгөн, гоомой ажил, арга хэмжээ болж түүхэнд үлдэх нь эргэлзээгүй.

    Парламентын гишүүн ба Засгийн газрын гишүүний эрх, үүргийг давхар эдэлж, гүйцэтгэж байхын сөрөг тал, муу үр дагаврыг Франц улс дэлхий нийтэд аль хэдийнээ нотлон харуулсан бэлэн туршлагыг мэдэх, тооцох ухаан тэр үеийн Улсын Их Хурлын гишүүд ба намуудын дарга нарт байсангүй. Францын томоохон улс төрчид, судлаачид энэ талаар бүр онцгойлон анхааруулж бичиж, сурталчилж байсан билээ.
    XXI зууны өндөрлөгөөс үзэх, хэлэх аваас мэдлэгийн тухайн салбарын мэргэжилтнүүд, судлаачдыг аль болох өргөнөөр татан оролцуулж байж л чухал, тулгамдсан асуудал нэг бүрийг шийдвэрлэж байгаа нь үнэн билээ. Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх, чанаржуулах зорилго яг л ийм арга, хандлагын үр дүнд амжилттай хэрэгжих болно. Тохиолдлын, мэргэжлийн бус хүн өнөөдөр ямар ч өндөр албан тушаал хашиж байгаа ч гэсэн “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэхийн адил илүүц байх болно.
    Дор дурдсан 2 тогтоол, 1 захирамжид нэр заагдан орсон хүмүүсийн ажил, мэргэжил, нийгмийн байдлаас үзэхэд зөвхөн хоосон улс төржилтийн улмаас л бүтсэн бүрэлдэхүүнтэй байв. Өөрөөр хэлбэл тогтоол, захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд нь өгсөн даалгаврыг шаардлагын түвшинд гүйцэтгэх чадваргүй байлаа.
    Үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас сүүлийн жилүүдэд удаа дараа томилсон ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүн ч гэсэн өгсөн даалгаврыг шаардлагын түвшинд гүйцэтгэх чадамжгүй нь мөн илт харагдаж байв.
    Өнгөрсөн 25 жилийн дотор Үндсэн хуулийн эрхээр мэрэгшсэн судлаач, эрдэмтдийг төр барьж байсан намууд тусгайлан үзэж бэлтгэж болох байлаа. Энэ ажил хийгдсэнгүй. Ядаж л Үндсэн хуулийн бүлэг, зүйлүүдэд албан ёсны бус онолын тайлбар хийлгэж болох байв. Энэ талаар ч анхаарсангүй. Ингэхээр Үндсэн хуулийг өөрчлөх, чанаржуулах зорилгыг хэрэгжүүлэхэд ашиглаж болох нарийн мэрэгшсэн хүн хүч өнөөдөр ч гэсэн залуу улс төрчдийн дунд алга шахам байна.
    Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажилд өмнө нь хэдэн сараар дайчлагдан ажиллаж байсан гол гол хүмүүс өнгөрсөн 25 жилийн дотор тун ч ихийг эргэцүүлэн бодож, дүгнэлт хийж, юу юунд анхаарах, юу юуг хэрхэн өөрчлөх талаар сэтгэсэн, товлосон байх учиртай. Иймээс тэдэнтэй ярилцлага хийх, заримыг нь уг ажилд дахин томилон оролцуулах хэрэгтэй. Тэдний зарим нь Үндсэн хуулийн эрхийн асуудлаар судалгааны өгүүллүүд, нэгэн сэдэвт зохиол, хамтын бүтээлийн бүлэг, зүйлүүд олныг бичиж хэвлүүлжээ. Тэдний үгийг сонсох нь Үндсэн хуулийг чанаржуулж өөрчлөх нэгэн эх сурвалж болж ашиглагдах ёстой. Энэчлэн бодох тооцох юм их байна!
    Үндсэн хууль боловсруулах болон төв төрийн засаглалын хэлбэрийг сонгон авахдаа ихээхэн анхаарч нягт чамбай хандсан улсын нэг бол АНУ юм. Анхны Үндсэн хууль боловсруулах, батлахад оролцсон хүмүүс нь хэрэг дээрээ АНУ-ын улс төрийн амьдралыг гар биеэрээ, цусаараа бүтээлцсэн, туршлагатай, боловсролтой, Европын нэр хүнд бүхий их дээд сургууль төгссөн, Үндсэн хуулийн эрхийг Англи, Франц, Герман, Чех, Итали, Испанид судалж байсан, хал ч үзсэн, хашир ч суусан томчууд байжээ. Тэдний дунд 81 настай Бенжамин Франклин, 66 настай Рожер Шерман, 59 настай Уильям Жонсон, 55 настай Жорж Вашингтон, 55 настай Жон Дикинсон, 36 настай Жеймс Медисон нар байлцжээ.
    АНУ тусгаар тогтнолоо зарлаад 12 жил болсны дараа анхны Үндсэн хуулиа боловсруулж эхэлжээ. Тусгаар улс болсны дараа 12 жилийн турш дахь улс төрийн амьдарлын практик нь ихээхэн сургамж үлдээсэн ба түүнээ нэгтгэн дүгнэж, бас XVII зууны эцэс дэх Үндсэн хуулийн эрхийн онолын сэтгэлгээний бүхий л оргил амжилтуудыг тусгаж уг Үндсэн хуулийг боловсруулжээ.

    Анхны Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан 12 штатын 39 төлөөлөгчийн 70 шахам хувь нь 35-81 насны хүмүүс байв. Тэд ерөнхийлөгчийн засаглалыг сонгон авчээ.
    Парламентын хоёр танхимын хатуу хяналтын доор ажиллах нэг хүнээр засгийн газрыг удирдуулж, зөвхөн тэр ганц хүнтэй хариуцлага тооцож байх нь зохистой ба үр дүнтэй гэж тэд үзэцгээжээ.

    1787 оны 9-р сарын 17-нд эцэслэн батлагдсан, АНУ-ын Үндсэн хууль энэ орны ард түмний хувьд ардчиллыг ч, хөгжил дэвшлийг ч авч ирсэн байна. Парламентаасаа илүү ихээр ерөнхийлөгчид итгэл найдвараа үүрүүлсэн нь АНУ-ын ард түмний хувьд оносон шийдэл болсон юм.
    АНУ дахь улс төрийн шинэ нам, хүчнүүдийн аль нэгэн дээр нь түшиглэн ноёрхол, мөлжлөгөө дахин тогтоох гэж оролдсон Английн төрийн башир явуулга нь Америкчуудын эцэг, үндэсний баатар гэгдэж асан анхны хэдэн Ерөнхийлөгчийн халуун эх оронч үзэл, хандлагатай халз учран хад мөргөх адил нуран унасан түүхтэй…

    х х х

    1924 онд тун богино хугацаанд боловсрогдож батлагдсан Үндсэн хуульд Коминтернийн төлөөлөгчдийн нөлөө, Зөвлөлт Оросын Үндсэн хуулийн жишээ, загвар, Оросын элчин болон зөвлөхүүдийн нөлөө аргагүйн эрхээр шийдвэрлэх хэмжээгээр туссан нь хэнд ч илэрхий хэрэг болно. Яг тэр цаг үед өөр гарц, хувилбар байсангүй. Байх ч боломжгүй нөхцөл бүрдсэн билээ.
    1992 оны Үндсэн хуулийн тухайд бол 1924 оны үеийнх шиг шахаа, дарамт, гадны оролцоо үгүй байв. Харин улс төрийн үйл ажиллагааны хувьд шинээр байгуулагдсан Ардчилсан намын “жулдрайчуудаас” хэд дахин илүү их туршлага, атгаг санаа бүхий “Ах намын” гол хүмүүс, нөлөө бүхий хүмүүсийн ил, далд явуулга, санаархал “хэргээ хийж” чадаж байв. Улсын Их Хурлын гишүүдийн тоо 76, үүнээс ч олон байхын чухлыг тэд далдуур ухуулж, “нарийн учрыг” нь шивнэлдэн зөвшилцдөг байв. Тэдний гол үндэслэл нь “гишүүдийн тоо олон байх аваас 1992 оны сонгуульд МАХН олонхи болох магадлал бараг 100%”, “энэ шалдан банди нараас дээд тал нь л 20 хүн сонгогдох бизээ” гэсэн тооцоо юм. Тэд мөн “Улсын Их Хуралд сонгогдох насыг 30 болгоё энэ ч бас том хаалт шүү” гэцгээж байв. Гэхдээ далдуур, ойр зууртаа шүү. “Ерөнхийлөгчид сонгогдох насыг 50 болгох аваас сөрөг хүчнээс ойрын 15-20 жилд Ерөнхийлөгч гарч ирж харагдаа ч” гэж шууд хэлцгээдэг байлаа. “Улсын Их Хурлыг 6 жилээр сонгох нь зөв, ирэх 6 жилийн дотор манай нам (МАХН)-ын гарт бүх зүйл дахин орох л болно” гэж ил хэлдэг хүн ч цөөн бус байлаа. Энэ бүхэн нь шинэ Үндсэн хуулийн төсөлд суучихсан буюу үргэлжлүүлэн суусаар, үлдсээр байсан юм шүү! Иймэрдүү атгаг санаа, тооцооны илрэлүүдийг Улсын Бага Хурлын гишүүд ч олж тогтоож, бодож хүрэхгүй байлаа. Ардчилал, шинэчлэлийн хувь заяанд чин сэтгэлээсээ зовниж, боломжтой бүхнийг далдуур хэлж, хийж байсан цөөн хүмүүсийн хүчин чармайлт л олон зүйлийг засаж, зөөллөж чадсан нь аз, ёндоо гэгдэхээр байж билээ. Энэчлэн ярих, дэлгэх аваас их зүйл бий. Бусад хүмүүс ч олныг өгүүлэх байх…
    1989-1992 оны үйл явдлууд түүх болон үлдэх, тодрохын цагт “Ах намын” элдэв явуулга, махинаци, санаархал эзэн, холбогдогчтойгоо цуг нийтэд ил тод болж танигдах бизээ! Чухам тэр үед л ард олон үнэнийг олж сонсох, мэдэх, бас гайхшрах болно.
    Зөвхөн түүхэн үнэн, яг яс үнэн л эзэд ба гэрчлэгчидтэйгээ түүх болон үлдэхийн цагт хэн нь хэн байсан нь тодордог жамтай билээ. Улс төрийн янз бүрийн хүчин, популист намуудын худал зохиомж, рекламаар “гавъяатанг төрүүлж”, Төрийн Ордонд зургуудийг нь тавиад байж хэрхэвч таарахгүйг учир мэдэх хүмүүс олонтой анхааруулсаар ирсэн ба одоо ч анхааруулсаар байна.
    Ах нам “МАН” хууль бүхнийг, бүр Үндсэн хууль, сонгуулийн хуулиудыг ч гэсэн зөвхөн өөртөө ашигтай байхуйцаар боловсруулж баталсаар ирсэн нь шударга ёсонд харш үйлдэл болно. Энэ намын ёс зүйтэй гишүүд, залуучууд намаа шинэчилж чадахгүй байгаагийн цаана юу нуугдаж байна вэ? Энэ нам бүрэлдэхүүн бүх хэсгээрээ ялзарчихсан юм гэж үү?
    УИХ-ын сонгуулийн хуулийг УИХ-аар биш, харин улс төрийн бүх намын төлөөлөл оролцсон хурлаар хэлэлцэж дийлэнх олонхийн нь саналаар баталдаг болмоор байна.

    Судлаач, профессор
    Д.Чулуунжав

  • КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД КАТРИН ИВКОФТОЙ ТУС УЛСЫН НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА.

    -Ийм чухал сэдвээр ярилцах боломж олгосонд баярлалаа. Канадын ногоон хөгжлийн үндсэн бодлогыг “Цэвэр өсөлт, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Пан-Канадын хөтөлбөр” гэж нэрлэдэг. Энэхүү хөтөлбөр болон Канадын ногоон хөгжлийн бүхий л бодлого, зорилтууд бохирдлыг бууруулах, эдийн засгаа өсгөх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Канадын Засгийн газар 2016 онд нийт канадчуудын саналын үндсэн дээр Пан-Канадын хөтөлбөрийг боловсруулсан. Уг хөтөлбөрт нүүрстөрөгчийн бохирдлыг бууруулах 50 гаруй арга хэмжээг тусгасан байдаг.
    Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр 2030 онд нүүрстөрөгчийн ялгаралтыг 227 сая тонноор бууруулна гэсэн зорилготой байна. Хэрэв нүүрстөрөгчийг ийм хэмжээгээр бууруулж чадвал энэ нь Канадын түүхэн дэх хамгийн их бууралт болно.
    Мөн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчийг хэмнэх, цахилгаан тээврийн хэрэгсэл болон цэнэглэх дэд бүтцийг нэмэгдүүлэх, шинэ технологийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Үүний үр дүнд шинэ ажлын байрны тоо ч эрс өсөж байна. Канадын Засгийн газар 2015 оноос хойш уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, ногоон өсөлтийг дэмжихэд 100 тэрбум канад долларын хөрөнгө оруулалт хийсэн. Ногоон хөгжилд тэмүүлж, инновац, ногоон ажлын байрыг дэмжин, ижил зорилготой улс орнуудтай хамтран ажилласнаар Канад улс илүү уян хатан, тогтвортой, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгож байна.
    -Ногоон ирээдүйг бүтээхэд хамгийн чухал зүйл ногоон санхүүжилт. Канад улс ногоон санхүүжилтээ хэрхэн удирдаж байна вэ?
    -Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямралыг даван гарах, биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор Канад улс уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн санхүүжилтийн хэмжээгээ нэмсээр байна. Мөн хөгжиж буй улс орнууд руу ногоон санхүүжилтээ чиглүүлж байна. 2021 онд болсон “Их 7”-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Канад улс олон улсын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн санхүүжилтээ өмнөх амлалтаасаа даруй хоёр дахин нэмэгдүүлж буйгаа мэдэгдсэн. Энэхүү амлалтаа 2021-2026 оны хооронд биелүүлэх бөгөөд таван жилийн хугацаанд 5.3 тэрбум канад долларын санхүүжилт олгоно. Канад бол НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан (GCF)-ийн найм дахь том хандивлагч. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын Суурь конвенц (UNFCCC) төдийгүй хөгжингүй орнуудын олон улсын хандивлагчдын Парисын хэлэлцээрээр томоохон үүрэг хүлээсэн улс орнуудын нэг. Иймээс хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох хүчин чармайлтыг нь дэмжихэд онцгой анхаардаг.
    Манай улс 2015 оноос хойш Уур амьсгалын ногоон санд 600 сая канад доллар хандивласан.
    Үүнд Монголын уур амьсгал, цэвэр эрчим хүчний зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт ч багтаж байгаа. Канад улс тус санг дэмжсэнээр ногоон ирээдүйг бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Нэмж дурдахад, Канадын Уур амьсгалын сангаар дамжуулан 200 сая канад долларыг Ази дахь хувийн хэвшлийнхэнд зориулан хандивласан нь бүс нутгийн хөгжилд маш том дэмжлэг болсон. Тус санхүүжилт ус хангамж, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, газар ашиглалт, байгалийн нөөцийн менежмент, дэд бүтэц, эрэг орчмын хамгаалалт, гамшгийн эрсдэлийн менежмент, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой тээвэр, хог хаягдлын менежмент болон жендерийн мэдрэмжтэй үйл ажиллагаанд чиглэж байгаа. Энэхүү ногоон санхүүжилтийн үр шимийг 100 мянга орчим иргэн аж, ахуйн нэгж хүртсэн байна. Мөн Канадын Уур амьсгалын сан 18 мегатонн хүртэлх хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулсан нь нэг жилийн хугацаанд 3.5 сая орчим автомашиныг хэрэглээнээс хассантай тэнцэх үзүүлэлт юм.

    Элчин сайд Катрин Ивкоф Хөвсгөл аймагт

    Хөвсгөл нуурын эрэг дээр. 2020 он
    -Ногоон хөгжилд түүчээлэхийн тулд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний оролцоог хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
    -Манай улсын хүрээлэн буй орчноо хамгаалах, эдийн засгаа хүчирхэгжүүлэх бодлогууд нь хоорондоо салшгүй уялдаатай байдаг. Эдийн засгаа хүчирхэг бөгөөд уян хатан байлгахын тулд байгаль орчноо хамгаалах ёстой гэдгийг бид бүх талаар хүлээн зөвшөөрдөг. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах Канадын хүчин чармайлтыг манай улсын хөтөлбөр, төлөвлөгөөнөөс илхэн харж болно. Тухайлбал, бид Парисын хэлэлцээрээр 2030 он хүртэл хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээсэн. Энэхүү үүрэг, амлалтаа биелүүлэхийн тулд “Эрүүл орчин, эрүүл эдийн засаг” төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөг дээр дурдсан Пан-Канадын хөтөлбөрт үндэслэн боловсруулсан бөгөөд 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус төлөвлөгөөнд орчны бохирдлыг бууруулж, хүчтэй, уян хатан, хүртээмжтэй эдийн засгийг бий болгоход чиглэсэн 64 бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг багтаасан.
    “Эрүүл орчин, эрүүл эдийн засаг” төлөвлөгөө нь таван үндсэн бүрэлдэхүүнтэй. Эхнийх нь эрчим хүчний алдагдлыг бууруулах явдал юм. Энэ хүрээнд орон сууцны эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдийг дэмждэг. Үр дүнд нь ногоон ажлын байр нэмэгдэж, амьдрал илүү тав тухтай болно. Харин хоёр дахь нь эрчим хүчний хүртээмжийг сайжруулах замаар цэвэрхэн, хямд төсөр, байгальд ээлтэй тээврийг нэмэгдүүлэх зорилт юм. Үүний тулд бид сэргээгдэх эрчим хүчний технологид хөрөнгө оруулалт хийж байна. Мөн хотуудыг эрүүлжүүлж, түгжрэлийг бууруулахын тулд утаагүй тээврийн хэрэгсэл, цахилгаан авто машин зэрэг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл ашиглахыг бодлогоор дэмждэг.
    Гуравдугаарт, Канад улс бохирдолд төлбөр ногдуулсаар байх болно. Нүүрстөрөгчийн бохирдолд төлбөр тогтоох нь эдийн засаг төдийгүй байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн үр нөлөөтэй байдаг. Өрхүүдэд шууд татаас олгохын зэрэгцээ 2030 он хүртэл нүүрстөрөгчийн бохирдлын төлбөрийг аажмаар нэмэх болно.
    Төлөвлөгөөний дөрөв дэх гол талбар бол аж үйлдвэр. Тус салбарт ногоон өсөлтийг түүчээлж, давуу талыг нь нэмэгдүүлэх боломж бий.
    Тиймээс Засгийн газраас Канадын компаниудыг илүү инновацлаг байж, дэлхий дахинд хэрэгцээтэй шийдлүүдийг хөгжүүлэхэд нь дэмждэг. Бодлого, урамшуулал, хөрөнгө оруулалтаар дамжуулан орчны бохирдлыг бууруулах, цэвэр эдийн засагт шилжихэд нь анхаардаг. Ялангуяа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ нүүрстөрөгчийг аль болох бага ялгаруулж, байгальд ээлтэй технологи ашиглахыг нь бид бүхий л талаар дэмждэг. Энэ бол шинийг санаачлагч компаниуд, бизнес эрхлэгчдээ дэмжиж буйн нэг илрэл юм. Ногоон хөгжлийг эрхэмлэсэн, ирээдүйг зөвөөр харсан бизнес эрхлэгчдээ дэмжихийн хэрээр канадчууд урт хугацаанд сайн цалинтай ажлын байртай байх баталгаа нь нэмэгдэж байна.
    Харин тав дахь гол зүйл нь байгалийн хүчийг ашиглах явдал юм. Канадын Засгийн газар хоёр тэрбум мод тарьж, байгалийн орон зайг ашиглан нөхөн сэргээхээр төлөвлөж байна. Ингэснээр бохирдлыг бууруулж, цаг агаарын эрс тэс үзэгдэлд илүү тэсвэртэй байх боломж бүрдэнэ. Нөгөөтээгүүр биологич, хот төлөвлөгч, цэцэрлэгч, мод тарих хүмүүсийн олон мянган ажлын байрыг бий болгоно. Бидний энэ зорилтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэг тэрбум мод тарих санаачилгатай жишиж болох юм.
    Ташрамд дурдахад, Канадын Засгийн газар 2050 он гэхэд тэг ялгаруулалтын зорилтдоо хүрнэ. Мөн энэ зорилтоо баталгаажуулсан хууль тогтоомжийг ч өргөн бариад байна. Канад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буйн тод илрэл нь 100 хувь цахилгаан эрчим хүчний ирээдүйд тэмүүлж буй тэмүүлэл юм. Дэлхийн шинжлэх ухаан ч үүнд чиглэж байна. Нүүрсхүчлийн хийн ялгаралтыг тэглэх зорилтод хүрэхийн тулд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргах ёстой.
    -Канад улс ногоон хот, цэцэрлэгт хүрээлэн, үзэсгэлэнт байгалиараа алдартай. Энэ бүх ногоон орон зайгаа хайрлан хамгаалахын тулд юунд анхаардаг вэ?
    -Канадад дэлхийн намгархаг газар болон ой тайгын 25, цэнгэг усны нөөцийн 20 хувь нь бий. Мөн Атлантын далай, Номхон далай, Хойд мөсөн далай дахь манай улсын эргийг тооцвол дэлхийн хамгийн урт эргийн шугамтай улс нь Канад. Түүнчлэн жигүүртэн шувууд, загас, хөхтөн амьтдын хамгийн таатай амьдрах орчин нь манай улсад байна. Тиймээс эдгээр үнэт баялгийг хайрлан хамгаалах нь Канад улсын онцгой үүрэг юм. Канадын хоёр сая гаруй км.кв газар нутаг, далай тэнгисийг хэдийнэ хамгаалсан. Гэвч бид үүгээр зогсохгүй. Канадын Засгийн газар 2025 он гэхэд Канадын газар нутаг (нийт 2.5 сая км.кв), цэнгэг усны дөрөвний нэгийг, Канадын далай тэнгисийн дөрөвний нэгийг (нийт 1.44 сая км.кв) хамгаалахаар ажиллаж байна. Ийнхүү бид нийтдээ дөрвөн сая км.кв буюу Монгол Улсын нутаг дэвсгэрээс 2.5 дахин том газар нутаг, далай тэнгисийг хамгаалахаар зорьж байна.
    Манай улсад “Паркс Канада” хэмээх агентлаг байдаг. Тус агентлаг Канадын байгаль хамгаалах хүчин чармайлтад онцгой үүрэг гүйцэтгэдэг төдийгүй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хариуцдаг хамгийн эртний агентлаг юм.
    Түүнчлэн Паркс Канада нь нутгийн уугуул иргэдтэй хамтран ажилладаг. Тус байгууллага 110 гаруй жилийн турш үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд, түүхийн дурсгалт газрууд, далайн хамгаалалтын бүсүүдийн нэгдсэн системийг удирдаж ирсэн. Өдгөө 171 түүхийн дурсгалт газар, 47 үндэсний цэцэрлэгт хүрээлэн, таван далайн хамгаалалтын бүсээс бүрдэж байна. Цаашид ч үйл ажиллагаа нь өргөжин шинэ хүрээлэнгүүдийг эгнээндээ нэгтгэх болно. Үүнд хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд ч багтана. Одоо үед хот дотор цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, суралцах, оюун санаа, бие бялдраа хөгжүүлэх чухал ач холбогдолтой гэдгийг хүмүүс улам бүр мэддэг болж байна. Канадчуудын 70 гаруй хувь нь хотын төвд амьдардаг. Тиймээс Канадын Засгийн газар үндэсний хэмжээнд Хотын цэцэрлэгт хүрээлэнгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эл хөтөлбөрөөр дамжуулан 130 сая канад долларын хөрөнгө оруулалт хийж, хотын орчныг хамгаалахын зэрэгцээ цэцэрлэгт хүрээлэнгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ ажилд Паркс Канада агентлаг томоохон үүрэг гүйцэтгэж, хаана, ямар хэмжээний хүрээлэн байгуулах, оролцогч талуудтай хэрхэн хамтарч ажиллах гээд бүхий л зүйлд нарийн төлөвлөлт судалгаатай оролцдог.

    Баян-Өлгий аймагт болсон Бүргэдийн баярын үеэр. 2020 он
    -Канад улс ногоон хөгжлөөр дэлхийд тэргүүлдгийн хувьд, туршлагаасаа бусад улс орнуудтай хэрхэн хуваалцаж байна вэ?
    -Канад улс дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудыг даван туулахын тулд олон улсын тавцанд ажиллаж ирсэн баялаг түүхтэй. Их 7, Их 20, НҮБ болон олон улсын томоохон форумд тэргүүлэх үүрэгтэй оролцдог. Энэ хэрээр уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх дэлхийн тэмүүлэлд тууштай түлхэц үзүүлж ирсэн. Бид ногоон хөгжлийн туршлагаа бусад улс оронтой олон талаар хуваалцдаг. Энд би Канадын олон талт ажлын онцлох үйл явдал, уур амьсгалд ээлтэй ухаалаг хөдөө аж ахуй болон цэвэр технологийн чиглэлээр хэрэгжүүлсэн олон улсын хөгжлийн тусламжийн ажлуудаасаа жишээ татъя.
    Худалдааг либералчлахын хэрээр байгаль, орчны өндөр стандарт шаарддаг чөлөөт худалдааны хэлэлцээрүүд Канадын олон талт ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэх болсон. Мөн манай улс уур амьсгалд ээлтэй бараа үйлчилгээ, худалдааг дэмжихийн тулд бодлогын хувьд шийдтэй алхам хийж, олон улсын хэмжээнд гэрээ, хэлэлцээр байгуулсан. Тухайлбал, Канад-Европын Холбооны Эдийн засаг, худалдааны иж бүрэн хэлэлцээр (CETA), Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр (CPTPP), Канад-АНУ-Мексикийн хэлэлцээр (CUSMA) зэргийг энд дурдаж болно.
    Түүнчлэн 2017 онд Канад улс Их Британи улстай хамтран Нүүрсний хэрэглээнээс татгалзах хамтарсан холбоо (PPCA)-г байгуулсан. Тус холбоо нүүрсний эрчим хүчээс үе шаттай татгалзаж, 2020 оноос хойш ахин нүүрс олборлохгүй байх тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын уриалгад маш том хүч нэмсэн. Өдгөө тус байгууллага 110 гаруй гишүүнтэй болж өргөжөөд байна. Үүнд үндэсний болон орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөлөгчид, тэргүүлэгч буяны байгууллагууд багтдаг. Нүүрсний хэрэглээнээс татгалзах хамтарсан холбоо нь дэлхийн зах зээлийг цэвэр, тогтвортой эрчим хүч рүү чиглүүлэгч гол байгууллага болоод байгааг энд онцолъё.
    Хөдөө аж ахуй бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий салбаруудын нэг төдийгүй дэлхийн хүлэмжийн хийн ялгаралтын гол эх үүсвэр юм.
    Дээр дурдсан Уур амьсгалд ээлтэй, ухаалаг хөдөө аж ахуйн загвар нь тус салбарт өсөлт бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөө аж ахуйн дэвшилтэт загвар юм. Энэхүү загварын үндэс суурь нь 2010 онд болсон Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Гаагийн бага хурлын үеэр тавигдсан. Ухаалаг хөдөө аж ахуйн загвар амжилттай хэрэгжсэнээр уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн өсөлт, хөдөө аж ахуйг нэгдсэн уялдаа холбоотой болгож, энэ нь эргээд хөдөө аж ахуйн бүтээмж, орлогыг тогтвортой нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ Канадын олон улсын хөгжлийн тусламж нь эмзэг бүлгийн тариаланчдыг, ялангуяа эмэгтэй тариаланчдыг дэмжин ухаалаг хөдөө аж ахуйн арга хэрэгсэл, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
    Нөгөөтээгүүр цар тахал дэлхийн ногоон сэргэлтийг дэмжсэн гэвэл хилсдэхгүй. Ялангуяа улс орнууд эдийн засгийг сэргээх хөтөлбөртөө уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн бодлого төлөвлөгөөг илүү нарийн тусгаж байна. Мөн цэвэр технологи нэвтрүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт, зохицуулалтын тогтолцоог бодлогоор дэмжин эдийн засгийн өсөлтийг өдөөх талаар улс үндэстэнүүд чухалчлах боллоо. Энэ бол ногоон сэргэлтийг дэмжиж байгаагийн тод илрэл.
    Канад улс цэвэр технологийн салбарт тэргүүлдэг. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч, усны менежмент, эрчим хүчний хэмнэлт, ухаалаг сүлжээ, уур амьсгалд ээлтэй ухаалаг хөдөө аж ахуй болон хог хаягдлыг дахин боловсруулах шийдлүүдийг энд дурдаж болох юм. Үүнээс гадна бид түнш орнуудтайгаа эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч байна. Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй арга хэмжээ, санаачилгууд ч үүнд хамаарна. Бидний цаашдын харилцаа ногоон өсөлтийг түүчээлэхэд чиглэх болно.
    -Бидний урилгыг хүлээн авч ярилцсан Элчин сайд танд баярлалаа.
    -Ярилцах боломж олгосонд баярлалаа. Канадын ногоон хөгжилд чиглэсэн санаачилга, үйл ажиллагаа уншигчдын сонирхлыг татна гэж найдаж байна.

  • ӨНӨӨДӨР АР МОНГОЛ ҮЛГЭР ДОМОГ, МУХАР СҮСЭГ ЯРЬСАН АГУЙД ГАЛ ТОЙРООД Л СУУЦГААЖ БАЙНА

    Социализмын 70 жилд маш их үнээр олж авсан иргэнлэг, хүмүүнлэг амьдралыг 20 гаруйхан жилийн дотор нураасан. Нэг нэгийгээ хүндэтгэх, хайрлах, дэг журамтай, сахилга баттай, ичдэг, гэмшдэг болгож чадсан нийгэмт амьдралыг ардчилал нэрийн дор барууны орнуудын зөвлөгч, менежер нэртэй ганган нэрийн хуудастай хүмүүс ирж балласан. Тэдний ноцоосон галыг Ар Монгол өөрөө өрдсөн. Хоёр хөршүүд хараад мэл гайхаж цэл хөхөрсөн.
    Барууны нэртэй орнууд Ар Монголыг анх яг Ази Африк Латин Америкийн ядуу колончлогдсон орнуудтай адил гэж доод хэмжээнд хандаж зөвлөлгөө нэртэй үймээн хийж тэднийг дагасан залуус бас тэдэнтэй сүлбэлдсэн хуучин социализмын кадерууд Ар Монголыг энэ дэлхийн хамгийн ядуу орнуудын жагсаалтанд оруулсан. 90 он хувьсгал нэртэйгээр барууны мөнгө хүүлэгчидийг угтан авч тэдэнд үйлчлэх үйлдэл цаанаа явагдсан. Залуучууд нийлэн дарвиж ээж аавынхаа эсрэг хашгирч бүтээн босголтыг доромжлож удахгүй Америкийг дагаж дэлхийн биш гэхэд Азийн бар болно, бас Сингапур болно гэж ёстой л хүн биш болцгоосондоо. Соёл устаж лам олшров.
    Ар Монголыг ардчилалтай болгоно гэж хийсэн бүтээсэнээ муулахын дээдээр муулж залуучууд хаанаас ирж хэн байж байгаад хэн болсоныгоо умартаж тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр идсэн тогоо руугаа нулимцгаасан. Ердөө л энэ Улаанбаатарт өссөн залуус хөдөөнөөс дөнгөж орж байсан залуучууд нийлээд ийм зүйл хийсэн шүү дээ. Залуу хүн нэг буруу эргэвэл ёстой одоо юу ч тус болохгүй. Зүгээр цаг хугацаа харуулна даа гээд л хүлээхээс өөр аргагүй. Ерөөсөө улстөрд гаргасан амжилтаараа хийсэн муу муухайгаа дарах гэж оролдох бүтэхгүй.
    90 онд Ар Монгол гэнэт л социализмд хэрхэн зовж зүдэрч дарангуйлуулж байсан тухайгаа уйлагнан тоочиж боорцог нэртэй дуу хүртэл зохиосон. Очирбат гэж нэртэй ерөнхийлөгч хамгийн анхны барууны хулгайчийг онгоцны буудал дээр хүртэл тэврэн авч муу муухай эхэлсэн. Тэдний хойноос улстөрийн тархи угаагчид болох Милтон Фридман, Сорос гээд бузар хүмүүсийн гар хөлүүд ирж улстөрийг устгасны дараа бизнэсийн мөнгө хүүлэгч Фридландын гар хөлүүд ирж энэ дэлхийн улс орнуудын сайн сайханыг устгаж нураадаг неолиберализмын нүгэл Ар Монголд нүүрлэсэн. Энэ үед Орос, Хятад хоёр гайхаад л хараад байсан. Тэдний тусыг хэн ч хэлсэнгүй. Социализмын үеийн коммунист гэдэг хөгшчүүд хүртэл барууны залуусыг дагачихсан үсээ будуулаад гүйж байсан.
    Барууны орнууд Ар Монголыг ганцхан социализм л босгож ирж сайн сайхан амьдрал авчирч өгсөн шүү дээ гэдгийг үл тоомсорлон өөрсдөө социализмаас илүүгээр Ар Монголыг хөгжүүлэх шийдэл байхгүй байж дөнгөж цэцэглэж байсан орныг буцаагаад феодализмын орон болгосон. Хамгийн бүдүүлэг, хамгийн хулгайч, хамгийн зэрлэг, хамгийн араатан амьдрал 90 онд явагдсан. Ар Монголын бүтээн байгуулалтыг устгах үйл хэрэг алт дилер гэсэн Улаанбаатар хотод өссөн онгироо залуучуудаас эхэлсэн. Энэ онгироо залуучуудыг хөдөөнөөс ирсэн хамаатангийндаа амьдардаг залуучууд хөөргөж тэдэнтэй дуу нийлүүлэн 70 жилийн бүтээн босголтыг ердөө л 10 хүрэхгүй жилийн дотор өмч хувьчлал нэрийн дор устгасан.
    Орос, Польш гэх мэт олон оронд очиж суралцах ёстой байсан залуус барууны сурталчилгаанд автагдаж ямар ч утгагүй наймаачид болцгоож сурч мэдлэг боловсролтой болох зорилгоо орхисон. Нэгэнт сураад авч чадахгүй бол мөнгө төлөөд авна гэж диплом, докторын цолны наймаа бас явагдсан. Мэдлэг боловсролыг доромжилж мөнгөгүй хүн хамгийн тэнэг хүн болж хувирсан. Мөнгөгүй л бол хэн ч биш гэсэн ийм адгийн зэрлэг амьдрал энэ дэлхийн хаа ч явагдсангүй.
    90 онд тэнэглэлийн дээд цэгтээ хүрч хүний гэр бүлийг үймүүлж авгай хүүхэд булааж авч хүн ёс алдаж доод хэмжээнд очсон. Юу юугүй л баячууд төрж баячууд олон бол одоо тэр капитализмыг байгуулна гэж хөгшин залуугүй хөөрч мөнх амьдрах юм шиг мөнгөөр зодсон мөнгөөр худалдсан мөнгөөр хайрласан мөнгөөр бурханд мөргөсөн ариун битгий хэл нүгэлт амьдралыг Ар Монгол өдөөн хөөргөсөн. Тэр ч бүү хэл зүгээр нэрээ хүртэл өөрчилж ямар ч утгагүй овгийн нэртэй хүртэл болцгоосон. Нэг мэдэхэд гэр бүлийн хүмүүс бүгдээрээ өөр өөр овгийн хүмүүс болж нэг нэгнийгээ гадуурхаж хүртэл эхэлсэн.
    Ингэж хүн төрөлхтөний түүхэнд өөрөө өөрсдийгөө нураасан анхны ард түмэн болцгоосон. Ард түмэн ч гэждээ хэрвээ ард түмэн эрх чөлөөтэй бол түүнийг ард түмэн гэхээс биш эрх чөлөөгүй бол ард түмэн гэж хэлэхгүй харин боол эсвэл бусдын гар хөлүүд гэж нэрлэнэ. Үнэхээр 4 жил болгон сонгууль гэсэн нэрийн дор намаа сонгоно гэсэн тархи угаалтын дор яаж гэр бүл ээж аав ах дүү нар улстөржих нэрийн дор хүний боол болцгоодог билээ.
    90 онд Америкууд хөөрхийсдөө гэж уйлагнасан хонхны дуу дуулсан залуучуудын үгэнд үнэмшиж тусламжийн бараа болгож онгоц дүүрэн гурил явуулж цагаан сараар цагаан гурилтай буузаа хийцгээсэн. Харин удалгүй Америкчууд Ар Монгол гурилын үйлдвэртэй, тариачин ангитай, трактор комбайнуудтай гэдгийг мэдээд их ч гайхсандаа. Ингээд барууны орнууд өөрийн мэдэлгүй анархист залуусын мэхэнд орж баларсан орныг аврахгүй бол болохгүй гэж ардчилал гэсэн шидэт үгээр залуусын тархийг угааж Ар Монгол гэсэн аж үйлдвэр хөдөө аж ахуйн орныг нураах их нураалт эхэлсэн. Их нураалтын дараа их хөөрөл явагдсан. Зурагтаар намын дарга нар хөөрөгөө гайхуулж дээлийн торгоо гялалзуулсан дээлт амьдрал эхэлсэн. Хаа л бол залуу хүн хөөрч хөгшин хүн ичсэн ийм л 20 жил өнгөрлөө.
    Ар Монголыг мөнгө л гэсэн ганцхан үнэт зүйл авгай хүүхдээс авахуулаад улстөрийн товчооны өвгөн гишүүн хүртэл бүгдийг эзэмдэж хүнийг хүн гэхийн аргагүй араатанаас доор амьдрал явагдсан. Ардчилалын 20 жилд хичнээн хүн төрийн буруу бодлого ардчилалын дарангуйлалаас болж амиа хорлож, архинд орж, бусдын мэсэнд, орцныхоо үүдэнд үхэцгээсэнийг бүртгэж авбал ардчилалын хэлмэгдүүлэлт гэсэн улстөрийн цоо шинэ ойлголт гарч ирэх жишээтэй.
    Хүмүүс сайхан зүйл бичилдээ, өөдрөг байялдаа гэдэг. Тэгвэл яаж? Муу муухайгаа хивснийхээ доогуур шүүрдэх гэж үү? Муу нуухаар сайн илчил. Гэм хийсэн хүмүүс гэмших ёстой. Достоевскийн бичсэн гэм ба гэмшил гэж ном бий.
    20 жилийн дотор аав аав биш ээж ээж биш болчихсон шүү дээ. Өвөө ч өвөө биш болчихлоо шүү дээ. Эцэстээ хүүхэд хүүхэд биш болчихсон ийм ёс суртахууны наад захын ойлголтгүй орон болчихлоо. Нийгэмд дүрэм ёс зүй гэж устлаа шүү дээ. Ийм нийгэм биш бөөгнөрөл болсон газар хэн тэгээд ажил хөдөлмөртөө төвлөрч сайн сайхныг бүтээх гэж хичээх вэ дээ. Бүгд л стресстэй, депрэсстэй байна шүү дээ. Худлаа Ар Монголын тэнгэрт агаарт шингэсэн. Үүнийг нууж ийш тийш зугаалж хэрэгтэй хэрэггүй клуб байгуулж хагас бүтэн сайнд бяслагдаж сар жилээр улс орноосоо зугатаан явцгаадаг биздээ. Гадаадад очоод л нэг хүн ёсны амьдралтай золгодог.
    Яагаад Ар Монгол ийм амин сүнсгүй сэтгэлийн амар амгалангүй зөвхөн л мөнгө хөөж лам хүртэл мөнгө ярьдаг бузар булай болчихсон бэ гэхээр чөлөөт зах зээлийн эдийн засаг нэртэй мушиган гуйвуулсан үйлдэл гэж болох. Өөрсдийгөө эдийн засагч гэж нэрлэдэг Англи хэл дээр ганц ном уншаад ойлгохгүй МУИС-ын профессорууд л банк санхүүгээ эдийн засаг гэж эндүүрдэг. Тэд том эдийн засагч Хайэк гээд л ярих дуртай гэсэн. Юу ч ойлгоогүй хүмүүс их сүржигнэдэг. Гэтэл эдийн засаг гэдэг бол Ар Монголд явагдаж буй нэг нэгэнтэйгээ өрсөлдөөн нэрийн дор дайсагнах биш. Эдийн засаг гэдэг нэг нэгэндээ туслаж дэмжиж хөгжих болохоос дайсагнаж өрсөлдөөд хөгжихгүй. Хувиа бодоод л зөвхөн хувийн ашигийн төлөө явбал нийгмийн буюу нийтийн ашиг гарахгүй тул түүнийг хэзээ ч эдийн засаг гэж нэрлэхгүй. Эдийн засаг өөрөө нийгмийн тусын тулд хийгдсэн. Энэ тухай Адам Смит бичсэн биздээ.
    Хятад, Орос хоёр хөршүүдийнхээ байгуулж өгсөн барилга байгууламж, аж үйлдвэр, их дээд сургуулиуд, мэдлэг боловсрол, ёс суртахуун, цэцэрлэг гээд л иргэн хүнийг бэлтгэх байгууллагаас авахуулаад хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэх бүхий л бүтэцээ эвдэж нураасан. Хүүхдийн цэцрлэгийг хүртэл өмчилчихсөн өмчтөнгүүд дүүрэн байна шүү дээ.
    Өнөөдөр яг л 100 жилийн өмнөх шиг мухар сүсэгт дарлуулж гадны сүм хийдүүдэд боолчлуулж оюуны том асуудалд орсон. Бизнесийн нэртэй банк санхүүгийн жинхэнэ ядуу орнуудыг боолчилж сурсан мянга мянган хүмүүс ирж Ар Монголыг ч ёстой сэглэж хаясандаа. Бонд гэдэг боохой бас гараад ирсэн. Ар Монгол өөрөө мухар сүсэгтэж номын сангаа нурааж сүм хийд барьдаг л улс боллоо. Хамгийн сүүлчийн том лам бизнэс Пүрэвбат гэж нөхөр Улаанбаатар хотоос нэг их холгүй сүм хийд барьж мөнгө хөөдөг лам зангаа дагалаа.
    Ингээд мэдлэг боловсролоос хоцорч лам жаргасан Ар Монгол идэж ууж хөзөр тоглож машинтай давхих шив. Ингээд амьдрал өөрөө ямар ч зорилгогүй утгагүй болсон. Утгагүй амьдралуудаа Чингис архиар л угаацгаах шиг. Социализмын үед ямар амар амгалан амьдралтай байсанаа Ар Монгол 20 жилийн дараа ухаарч үнэт зүйлсээ нураасанаа харж ичихдээ түүх рүүгээ өөрөөр хэлбэл өвөг дээдэс зан заншил уламжлалт ёс гэсэн өнөөдөр ямар ч ач холбогдолгүй үлгэр домог руугаа зугатаасан. Ичсэндээ Орос, Хятад хоёрлуу л буруугаа өгч хэзээ ч ирэхгүй Америк руу горьдсон нүдээр ширтэнэ. Болдог бол Ар Монголыг нүүлгээд Америкийн өмнө Мексик хавьд очоод айл болоод буучих л мөрөөдөлтэй бололтой.
    Өнөөдөр Ар Монгол үлгэр домог мухар сүсэг ярьсан агуйд гал тойроод л сууцгааж буй мэт. Агуй дотроо үлгэр домогоо түүх нэртэй болгож ном бичиж түүнийгээ сурах бичиг гэж бас нэрлэнэ. Ар Монгол түүх ярих болохоор зөвхөн Чингисээс хойших дундад зууны түүх ярих болохоос нэн шинэ түүх өөрөөр хэлбэл орчин үеийн түүх ярих маш дургүй. Яагаад гэвэл нууц задарч гадныханыг биш өөрсдийгөө мэхэлж үнэт зүйлээ устгаж үнэт зүйлгүй болсоныг хүлээн зөвшөөрөхөөс ичицгээдэг тул Чингис л гэсэн ганцхан түүхтэй.
    Түүхийн ухаан, нийгмийн ухаан, анагаах ухаан гээд ухаан гэсэн ойлголтыг нэг л буруу хэрэглэж иржээ. Эндээс Монгол хүний ухааны асуудал алдагдсан. Хүн ухаан алдаж унахаас авахуулаад ухаан орох гэх мэт хүний тархи доторх үйл явцыг өнөөөдөр хүртэл тайлбарлаж чадалгүй Монгол хүний ухаан алдагдсан. Энэ алдагдсан ухаанаа цааш ухамсар гэсэн ойлголттой бас хутгаж хоёр чухал ойлголтын ялгааг алдагдуулжээ. Ухаан гэдэг хүний тархи дотор тул хөгжих ёстой үйл явц бөгөөд психологийн ойлголт. Ухааныг хөгжүүлж чадахгүй бол тэр чигээрээ хоцрогдох тул боловсрол болон сурган хүмүүжил гэсэн ойлголтууд хэрэгтэй.
    Хүний ухааны дэргэд ухамсар бол философийн ойлголт. Тиймээс Ар Монгол түүхийг психологийн ойлголтоос философийн ойлголт руу ойртуулах хугацаа болсон. Ерөөсөө энд л Ар Монголын гүн төөрөгдөл зоогдсон. Философийн ойлголт болох ухамсар цааш этик буюу ёс зүйтэй хамаатай. Хүний үйлдэл ухамсартай явагдах чухал тул хүн өөрөө ухамсартай болох чухал. Тиймээс түүхийн ухаан ярих биш түүхийн ухамсар ярих хэрэгтэй. Ингэж чадвал түүхийг ухамсартайгаар бичиж чадна. Тэгвэл Ар Монгол хойд хөрш Орос өмнөд хөрш Хятад хоёртой хэрхэн ухамсартай түүх бүтээх вэ?
    Орос, Хятад хоёр хөршүүд Ар Монголын бүхий л номууд болон сурах бичгүүдийг судлаж ерөнхий дүгнэлт гаргахгүй бол Ар Монгол өөрсдийн хийсэн бүхий л хэлмэгдүүлэлт, завхруулга, алдаануудаа хоёр хөршдөө л чихэж өөрсдийгөө юу ч хийгээгүй ямар ч буруугүй гэж түүхийн том хар нүхэнд унасан шүү. Өөрсдийгөө хөгжүүлж урагшлуулж дэвшүүлж чадалгүй сав л хийвэл Чингис хаан ярьж яаж Хятад, Орос хоёрыг эзэлж сөнөөж алж хядаж явсанаараа л сайрхаж юмны учир мэдэхгүй энэ хорвоог зөвхөн л хуурч мэхэлж залилах ёстой гэсэн ойлголттой Ар Монгол сүүлийн 20 жилийг өнгөрөөсөн. Үүнийг урлагийнхан нэртэй мухар сүсэгтэнгүүд их ч хөөрөгдөж сүүлдээ бүр бөө нэртэй болцгоож физик математикийн ойлголтуудыг хүртэл мушгиж гуйвуулж дэлхийн инээд болцгоосон.
    Сүүлийн 20 жилд Орос, Хятад хоёр хөршүүдийг неолибеарлизм нэртэй хамгийн зэрлэг капитализмын араатан банк санхүүгийн мөнгө хүүлэгчид нураах гэсэн боловч чадсангүй. Харин Орос, Хятад хоёр дэлхийн тавцан дээр буцаж байраа олж чадсан. Хоёр хөршүүд зэрлэг капиталтизмын эсрэг тэмцэж ард түмнээ аврах гэж зовж зүдэрч явахад Ар Монгол яг л бүтэхгүй гадаадын мөнгө хүүлэгч нарт өөрсдийгөө бэлэглээд өгсөн дөө. Барууны мөнгө хүүлэгчид ирж Ар Монголоор тоглож онгироо залуучуудаар тоглож байхад тухайн үедээ төр яагаад Орос, Хятад хоёроос зөвлөлгөө авч барууныханы эсрэг арга хэмжээ авсангүй вэ? Нээлтэй нийгэм гэж Соросын үгэнд хууртаж энэ дэлхийн хамгийн том хулгайч нарт улс орноо шидэж өгцгөөсөн. Түүнийгээ капитализмтай боллоо эсвэл зах зээлийн эдийн засагтай боллоо гэж нэг залуу их л онгирсондоо. Хонг Конг хотод очоод бас хулгайгаа ярьж онгирсон гэсэн.
    Ар Монгол дахиад л Орос, Хятад хоёроор тэжээлгүүлэхээ мэдэхгүй л Америкийн номын дэлгүүрийн хамгийн хэрэггүй номнууд орчуулсандаа л хөөрөх шивдээ. Хөөрүү онгироо огшоо омогшдог залуустай орон ийм л байдаг аж.
    Ар Монгол ядахдаа хоёр хөршөөсөө суралцахгүй хаа холын ямар ч үр нөлөөгүй нөхдийг даган дууриаж сүүлдээ Хятадын эдийн засгийн нээлттэй бодлогыг буруугаар сурталчилж аж үйлдвэрээ устгасан. Ингээд зогсохгүй Оросын перестройка буюу өөрчлөн байгуулалтыг бас зориуд мушгиж төрийн бүтэцийг эвдсэн. Энэ хоёр мушгин гуйвуулгад зөвхөн залуучууд биш социализмын үеийн улстөрийн хуучин кадерууд оролцож маш том нүгэл хийсэндээ. 70 настад даруулга хэрэгтэй гэж хөгшин залуу хоёр нийлэхээрээ яадагийг яруу тодоор харуулсан.
    Ар Монгол 90-ээд онд дотроо ингэж хоорондоо зодолдож байх үед гадаадын мөнгө хүүлэгч тархи угаагчид ирцгээж найр наадам болсон. Барууны шинжээчид нэртэй мөлжигчид ирж Ар Монголыг шилжилтийн орон гэж нэрлэсэн. Хаанаас хаашаа шилжих хэрэг вэ? Хувьчлаж нээлттэй хөгжлийн эдийн засаг үүсгэж Хятад орон шиг болж чадалгүй Ар Монгол бүх аж үйлдвэрээ устгаад машин техникийг Хятад орон луу зөөчихсөн шүү дээ. Ямар шилжилт? Бүтээсэн баялагаа гадагшаа шилжүүлсэнээ хэлж байна уу?
    Ар Монгол социализмын үед дөнгөж гадаад орнууд руу оюутан залуусаа мянга мянгаар сургаж жинхэнэ улс шиг улс болох гэж байсан байтлаа гэнэт ямар ч утгагүй Польшийн усан онгоцны боомтын ажилчидын бослогыг жинхэнэ ардчилал гэж ойлгуулаад хэнд ч хэрэггүй ардчилсан хувьсгал нэртэй анархизм Ар Монголыг буцаагаад феодализмын Ар Монгол буцаагаад болгох сүүлийн 20 жилийн төөрөгдөл явагдсан.
    Перестройка бол дэлхийн хоёр ч дайныг ялж гарч ирсэн Орос оронд хэрэгтэй байсан. Түүний хажуугаар ЗХУ-ыг устгах гэсэн барууны хүчирхийлэл дэндүү хүчтэй байсан тул ЗХУ нуран унасан. Гэхдээ Орос орон өөрийгөө авч үлдэж харин Орос орны хооллодог байсан орнууд хөсөр хаягдаж өнөөдөр дэлхийн хамгийн ядуу хамгийн их зөрчилдөөнтэй хамгийн их дайн дажин болсон орнууд болжээ. Ар Монгол ч гэсэн тэр л орнуудын хувь заяа ирж мэдлэг боловсролоос алс хаягдаж идэж ууж наадам хийж цол шагнал тараадаг хөөрхий тоглоомын орон болжээ.
    Ар Монгол тэртэй тэргүй социалист ардчилсан орон байсан. Хэрвээ капиталист ардчилсан орон болох гэж 90 онд Сүхбаатарын буюу Чингисийн талбай дээр гарч ирсэн бол одоо тэр капитализмд аваачих ёстой аж үйлдвэр хаана байна?
    Аж үйлдвэр байхгүй бол капиталистууд төрөхгүй. Капиталистууд төрөхгүй бол яаж капитализмд орох билээ. Зөвхөн төв банк тойрсон хүү зээлээс авахуулаад өр цаашлаад бонд ярихаас хэтрэхгүй ийм орон яаж эдийн засагтай болж чадах вэ дээ? Эдийн засаг гэдэг бол хөдөлмөр дээр тогтож нэмүү өртөг үйлдвэрлэж тэр нэмүү өртөгийн татварын хэмжээгээр улс орон амьдардаг. Гэтэл Ар Монгол хилээр контэйнэр оруулж ирдэг контэйнерийн худалдаан дээр тогтдог яг л 100 жилийн өмнөх шиг Хятадтай худалдаа хийдэг худалдааны орон болсон. 100 жилийн өмнө тэмээгээр зөөдөг байсан бол өнөөдөр контэйнэрээр зөөдөг болсонд л ялгаа бий. Тиймээс ганцхан худалдааны татвар байх ёстой атал бас л гадаадын аж үйлдвэртэй орныг дууриаж нэмүү өртөгийн татвар гэж зохиомол хөрөнгө цуглуулдаг.
    Олигтой аваад явчих төр сүүлийн 20 жилд бүрэлдэж чадалгүй баян тарган гэр бүлүүд л үүслээ шүү дээ. Капитализм гэдэг бол баян тарган хүмүүсийн ажил биш ёстой л өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг хөдөлмөрч бас эх оронч хүмүүсийн үйл хэрэг. Барууны улс орноо авч явдаг эдийн засагчаас авахуулаад улстөрч хүмүүс эх оронч хүмүүс байдаг. Ар Монголд эх орон гэсэн ойлголт байхгүй. Тиймээс ч Сүхбаатарын талбай дээр Чингис, Сүхбаатар, Майдар гээд гурван зөрчилтэй хэрүүл үүсгэсэн гурван улстөр зөрчилдөнө. Олонх нэрийн дор хар маасын сонгосон Их Хурал цаашид элит хүмүүс гарч ирж элит Их Хуралтай болоогүй цагт худлаа үргэлжилсэн хэвээр.
    100 хүрэхгүй жилийн дараа Ар Монгол буцаад яг анх Орос, Хятад хоёр ямар байдалтай угтаж авсан одоо тийм л байдалтай байгаа шүү гэдгийг Оросын Путин, Хятадын Ши Жинпинг хоёр сайн мэдэж байгаа. 100 хүрэхгүй жилийн дотор Ар Монгол энэ хорвоогийн мэдлэг боловсролыг өөртөө шингээж чадахгүй гэхэд ядаж энэ дэлхийн ёс суртахууныг сурч авсангүй шүү дээ. Үүний тулд ном унших хэрэггүй зөвхөн л хүн чанар хэрэгтэй байсан. Гэтэл өнөөдөр Ар Монголын төр ямар билээ. Сайд л болох гэсэн хүмүүс. Их хуралд гишүүн болох гэсэн мөрөөдөл. Юу ч болж чадахгүй бол гадаадад элчин сайд болчихвол бас сайд шүү дээ.
    Юу ч сурсангүй дээ. Юу ч сураагүйгээ нууж далдалж худлаа явсаар Ар Монгол зөвхөн өөрөө өөрсдийгөө л хуурсаар л байна. Одоо удахгүй намар болно. Түүний дараа өвөл. 90 онд ардчилсан хувьсгал хийчихлээ гэж өөрсдийгөө хуурсан. Хэний төлөө ямар зорилготой түүний дараа яах гэж хувьсгал хийсэн бэ? Хэн ч өнөөдөр хариулж чадахгүй. Үндэстэний ашиг сонирхол байхгүй зөвхөн хувийн ашиг сонирхол хайсан орон яаж л бол яаж төөрөгдөнө. Барууныхан чадлаа…
    Философич С. Молор-Эрдэнэ

  • ТРИЛЛ НОЭЛЬ: МОХОШГҮЙ ЗОРИГ, НЯЦАШГҮЙ ЧАНАР МОНГОЛЧУУДЫН ЦУСАНД БИЙ

     

    Харь орны энгийн нэгэн залуу чухам яагаад эх орон, түүх соёлд минь ингэтлээ татагдан шимтэх болов гэдэг сэтгүүлч миний сонирхлыг ч бас татаж байлаа.Тэр бол Луйзиана мужид амьдардаг 23 настай оюутан залуу болох Дастин Трилл Ноэль юм.Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
    -Сайн байна уу.Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
    -Сайн байна уу.Намайг Дастин Трилл Ноэль гэдэг.Одоогоор Луйзианагийн их сургуульд дизайн, кино урлагийн чиглэлээр суралцаж байгаа, ирэх тавдугаар сард төгсөнө.Сургуулиа төгссөний дараа Монголд руу аялаж бас гайхалтай кино хийх боломж олдоно гэж найдаж байна.Надад монгол үндэсний хөөмий, морин хуур үнэхээр их таалагддаг.Басхүү Чингис хааныг агуу баатар байсан гэж боддог бөгөөд түүний талаар судлах дуртай.
    -Хэзээнээс эхэлж Монголын тухай сонирхон судлах болсон бэ?
    -Би Монголд очиж байгаагүй л дээ.Хоёр жилийн өмнө би нэг ч монгол хүнийг таньдаггүй байсан.Харин одоо фэйсбүүкээр маш олон монгол найзтай болсон.Хамгийн анх 11 настайдаа Чингис, Хубилай хааны тухай номноос уншиж байлаа.Хэдийгээр зарим ном зохиолд түүнийг зүгээр л зэрлэг дээрэмчин байсан мэтээр дүрсэлдэг ч дэлхийн талыг байлдан дагуулж явсан дайчин нэг муу дээрэмчин эр байсан гэдэгт би итгээгүй.Ингээд би түүний тухай сонирхон судлах болсноор Монголыг сонирхож, ихээхэн татагдах болсон.Үүнээс гадна би Америкт төрж өссөн Индиан гаралтай африк америк хүн.Эрт цагт өвөг дээдэс минь Азиас нүүдэллэн Аляскийн хойгоор Америкт ирж суурьшсан гэж үздэг.Харин Индиан Тува хоёр гарал үүсэл нэгтэй бөгөөд Тува нь өөрөө Монголын нэг салбар аймаг.Иймээс би өөрийгөө Монгол цустай гэж боддог.

    -Таныг монгол хэл бас сурч байгаа гэж сонссон.Бие дааж сурсан уу?
    -Тиймээ, нэг жил орчим бие даан судалж байна даа.Саяханаас фэйсбүүкээр олон монгол найзтай болсон.Тэд маань надад маш их тусалдаг.
    -Монгол хэл сурахад юу нь сайхан, бас юу нь бэрхшээлтэй санагдаж байна вэ?
    -Дэлхийн хүн амын цөөхөн хэсэг ярьдаг энэ гайхалтай хэлийг сурна гэдэг үнэхээр сайхан.Миний хувьд монгол хэлийг сурснаар харилцааны нэгэн том зэвсэгтэй болж байгаа гэж бодож байна даа.Манай их авгуудын нэг уугуул африк америк гаралтай хүн байсан бөгөөд Дэлхийн II дайны үед тулалдаж явсан.Авга маань Луйзианагаас гаралтай учраас францаар бас ярьдаг байлаа.Луйзианачуудын нэг уугуул хэл нь франц юм шүү дээ.Тиймээс тэр шаардлагатай үед ганцаараа орчуулга хийж хүмүүст ойлголцоход нь тусалж маш олон үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэж, олон ч хүний амийг аварсан гэж манайхан ярьдаг.Хэзээ нэг өдөр надад ч бас ийм завшаан олдох юм бол Монгол-Америкийн хооронд дахь дипломат харилцаанд хувьд нэмрээ оруулж, авга ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж боддог шүү.Гэхдээ монгол хэл бусад хэлээс хамаагүй хэцүү.Их олон нөхцөл, дагавартай.Заримдаа бүр математикийн хүнд хичээл үзэж байгаа юм шиг санагддаг.Бас нутаг нутгийн аялга өөр учраас зарим хүмүүс миний яриаг ойлгож, зарим нь ойлгохгүй байх жишээний. /инээв/
    -Сая таны хөөмийлөхийг сонслоо.Монгол хүн бүр хөөмийлж чаддаггүй.Амьсгалын хуваарилалтаас эхлээд их хэцүү шүү дээ.Та яаж сурсан юм бэ?
    -Өөрөө өөртөө л багшилсан гэх үү дээ.Нэг жилийн турш өдөр бүр дасгал хийхдээ, боксоор хичээллэж байхдаа гээд л боломж олдвол хөөмийн аялгууг сонсдог байлаа, бас дагаж хийх гэж хичээнэ.Голдуу монгол болон тува хөөмийчдийг сонсдог.Энэ бүхний эцэст би хөөмийлж эхэлсэн шүү.Цаашдаа илүү ихийг сурна.
    -Монгол хөгжим, хөөмий сонсоход ямар мэдрэмж төрдөг вэ?
    -Тэрхэн мөчид газар дэлхий эргэхгүйгээр зогсчихож байгаа юм шиг, харанхуй шөнө тэнгэрт буй оддыг ширтэж буй мэт, өглөө нар мандсаны дараа тэнгэр ягааран улаарахыг ажиж буй мэт тийм л мэдрэмж төрдөг.Миний дотор тийм л төсөөлөл буудаг даа.Хамгийн гол нь би гайхалтай амар амгаланг мэдэрдэг.Хөөмий, монгол хөгжим сонсох үед байгаль дэлхий чихэнд минь аялгуулж, намайг тайвшруулж байгаа юм шиг нэг л сайхан байдаг.Стрессдэж, бухимдсан үедээ хөөмий юмуу, монгол ардын дуу сонсохоор аяндаа л тайвширна.
    -Хамгийн их дуртай монгол дуугаа нэрлээч, яагаад энэ дуунд дуртай вэ?
    -Би Тува, Халимаг, Буриад, Монгол үндэстнүүдийн бүхий л дуунд дуртай. Эдгээрээс Тувагийн дуучин Сайдаш Монгушийн дуулсан “Өдүгэн Тайга” , “Huun Huur-tu” хамтлагийн “Orphans Lament”, Буриад ардын дуу “Алтаргана”, “Миний буриад”, “Таван хасаг”, Монголоос Төрмандахын “Зүүдэн бороо”, Жавхлангийн “Алсад суугаа ээж”, Монгол ардын дуу “Дүүриймаа”, “Торгууд нутаг”, халимагаас Окна Цасхан Замын “Edjin Duun” зэрэгт хамгийн их дуртай.
    -Хэзээ хамгийн анх монгол хүнтэй уулзаж байв, ямар сэтгэгдэл төрсөн бэ?
    -Хамгийн анх Батболд, Мөнхбилэг гээд хоёр залуутай уулзаж байсан.Анх Батболд Чикагогоос надтай уулзахын тулд машинаар ирж байсан гээч.Энэ чинь бараг л Америкийн нэг захаас нөгөө зах хүрч байна гэсэн үг шүү дээ.Тэр холоос ирэхдээ надад бууз авчирч өгч билээ.Үнэхээр сайхан санагдсан.Бид хамтдаа Монголын тухай ярилцаж, олон ч дуу дуулсан.Намайг “Миний аав адуучин” дууг дуулахад аавыгаа саналаа гэж ярьж байсан.Батболд аавтайгаа нэлээд хэдэн жил уулзаагүй юм билээ.Бидний уулзалтаас хойш тэр гэрийнхээ тухай их бодсон гэж ярьсан.
    Мөнхбилэгийн хувьд Монгол руу буцахынхаа өмнөхөн Техасаас над дээр ирж уулзаж байсан.Ирэхдээ ааруул авчирч өгөөд, монголын төрийн далбааны өмнө хамтдаа зургаа татуулж байсан даа.Бас надад хэрхэн хөөрөг солилцож мэнд мэдэх тухай зааж өгсөнд нь баярладаг.Тэр ээжтэй минь уулзаж хүүгээ сайн өсгөж хүмүүжүүлсэнд баярласнаа илэрхийлсэн гээд боддоо.Монголчууд миний урьд өмнө нь уулзаж байсан Ази хүмүүсээс тэс өөр юм шиг санагдсан.Тэд танихгүй нэгэнд хүртэл нөхөрсөг ханддаг.

    -Монгол хүний ямар зан чанар хамгийн их таалагддаг вэ?
    -Тэд үнэхээр найрсаг, өгөөмөр хүмүүс.Хүнээс юм асуухаасаа өмнө хүнд юугаар тусалж чадах вэ, өөрийн мэддэг юуг хуваалцаж болох вэ гэж үргэлж боддог.Үүнээс гадна хэцүү бүхнийг даван туулах чадварыг нь би хамгийн их үнэлж, хүндэлдэг.Наанадаж Монголын тэр хүйтэн өвлийг бодоход, цаанадаж эх орноо дахин хүчирхэг улс болгох гэсэн тэдний сэтгэл зүрх, эх орныхоо төлөө бууж өгдөггүй тэр тэмцэл нь үнэхээр гайхалтай.Би энэ тал дээр тэднийг чин сэтгэлээсээ дэмждэг.Хамаг Монголыг ч бас дэмжиж байгаа.Зарим хүмүүс Монгол гэхээр халх, халимаг, буриад гэх мэт салгаж ойлгох гээд байдаг.Харин би тэднийг энэ сайхан нутгаа хүчирхэгжүүлж, хамтдаа байгаасай гэж хүсдэг.Тэгээд ч тэд үүнийг хийж чадна гэдэгт бат итгэдэг.Учир нь би өмнө нь хэзээ ч зорилгоосоо няцаж, бууж өгч байгаа Монгол хүнийг хараагүй.Мохошгүй зориг, няцашгүй зан чанар бүр эртнээс л тэдний цусанд шингэсэн.Би ч өөрөө ийм зантай болохоор Монголчуудын энэ зан чанар маш их таалагддаг.
    -Онлайнаар найз болсон монгол хүмүүс хэр тусалдаг вэ?
    -Тэд маань надад цаг үргэлж тусалж байдаг.Хэдийгээр бид зөвхөн фэйсбүүкээр харилцдаг боловч тэд миний амьдралд тохиолдсон нэгэн том аз завшаан юм.Учир нь би энэ бүхнийг нэг ч монгол хүн таньдаггүй байхдаа хийж эхэлсэн.Гэтэл тэд одоо намайг дэмжиж байна.Хүмүүс намайг дэмжиж, тусалж байгааг мэдрэх тэр мэдрэмж хамгийн сайхан нь.Бас тэд миний сэтгэлд ойр санагддаг учраас надтай ярилцах хүмүүс хэзээд байдаг.Ярилцах үедээ би тэдний сэтгэлд хадгалагдаж буй сайн сайхныг олж хардаг.
    -Монголд ирвэл хамгийн түрүүнд юу хийж, хаашаа явахыг хүсдэг вэ?
    -Очиж үзэхийг хүссэн маш олон газар байна.Сүхбаатарын талбай, Цонжин Болдогоос эхлээд цаатан хүмүүс дээр хүртэл очиж үзэхийг хүсдэг.Түүнчлэн өөртөө таарсан сайхан монгол дээл өмсч, морин хууртай ч болно.Мөн Монгол хүмүүстэй хийсэн сонирхолтой бичлэгээ эргэж ирээд эндэхийн хүмүүст үзүүлнэ дээ.Үүнээс гадна би тал нутагт очиж эрх дураараа сайхан хөөмийлөхийг хамгийн их хүсч байна.Өндөр настай хүмүүстэй уулзаж Монгол дуу дуулж өгч баярлуулах юмсан гэж их боддог доо.Мөн надад Сувд гээд хөөрхөн дүү бий.Түүний ээж бараг л намайг өргөж авсан гэхэд болно доо /инээв/.Тиймээс Монголд очоод тэдэнтэйгээ заавал уулзана.
    -Таны зурагнуудаас харахад Монгол малгай, Монгол улсын төрийн далбаа, бэлэг дурсгалын зүйл их харагдлаа.Эдгээрийг хаанаас олж авсан бэ?
    -Зарим нэг найзууд маань Монголоос явуулсан даа.Тэднийг би ихэвчлэн фэйсбүүкийн нэрээр нь дууддаг юм.
    -Олон монгол хүн таныг ойлгож, хүсэл тэмүүллийг тань дэмжиж байгаа.Харин таны гэр бүл, найз нөхөд болон бусад америк хүмүүс үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
    -Би энэ тал дээр нэлээд анзаарч харсан л даа.Би боскын хичээлээ заахдаа монгол хөгжим сонсдог.Ер нь дасгал сургуулилтаа хийж байхдаа ч монгол хөгжмөө сонсож л байдаг.Тэгсэн зарим шавь нар маань бас монгол хөгжим сонсдог болчихсон байна лээ.Учир нь эдгээр хөгжим тэдэнд анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусладаг гэж ярьж байсан.Надад ч бас тусалдаг.Харин гэрийнхэндээ Монголын тухай ярихаар их сонирхон сонсож, бахархаж байгаагаа хэлдэг шүү.Харамсалтай нь гэр бүлийнхэн болоод ихэнх америкчууд Монгол хаана байдгийг, зарим нь бүр Монголын тухай сонсоо ч үгүй байсан.Чингис хаан ч мөн гайхалтай удирдагч, ард түмнийхээ аж амьдрал, зан заншилд яг таг нийцсэн хууль журмыг бий болгож чадсан гэж боддог.Гэтэл энд түүнийг баатар гэхээсээ ердийн нэг дээрэмчин байсан мэтээр төсөөлдөг.Би энэ ойлголтыг засаж, Америкчуудад зөвөөр ойлгуулахыг хүсч байна.Сургуулиа төгсөж кино урлагт хөл тавьсныхаа дараа Чингис хааны бодит түүхийг харуулсан бүтээл туурвих төлөвлөгөөтэй байгаа.Магадгүй олон хүн миний энэ хүслийг үгүйсгэж болох юм, гэхдээ л оролдоод үзэх хэрэгтэй ш дээ.

    Олон америкчууд энэ од, тэр алдартай хүн юу хийж, яаж явж байна вэ гэсэн шалдар булдар, хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулдаг.Харин би бүр багаасаа л дэлхий ертөнцийг сайнаар өөрчилж, хойч үедээ сайхан бүхнийг өвлүүлэхийг хүсдэг байлаа.Тиймдээ ч энэ зорилгодоо үнэнч байж Мартин Лютер Кингийн тухай их уншдаг байсан.Бодол хүчтэй, хамгийн гол нь хэзээ ч бууж өгөлгүй, зоригтой байхад болно гэдэгт би итгэдэг.Бас “Монголын нууц товчоо”-г уншаад хүмүүсийг байлдан дагуулахын тулд илднийхээ хүчийг, оюун билигтэйгээ хослуулж байж амжилтад хүрдэг юм байна гэдгийг ойлгосон.Номыг хавтсаар нь дүгнэнэ гэгчээр намайг африк америк гаралтай учраас зарим нь шүүмжилдэг.Дээрээс нь Америкийн өмнө зүгийнхэн арьс өнгөөр нэлээд гадуурхдаг болохоор энд өдөр бүр л өөрийнхөө төлөө тулаанд ордог гэх үү дээ.
    -Таны амьдралын гол уриа юу вэ, ямар зарчим баримталдаг вэ?
    -Хэдэн жилийн өмнө би ийм нэг шүлэг бичиж байсан юм.
    “It is wise to cross the river that has never been crossed
    It is better to love that which can never be lost
    But most of all, the most that any human can ever do
    Is to watch the Earth shake and know that you are the cause”.Үүнийг утгачилбал, чи өөрийнхөө амьдралын үнэ цэнийг мэдэрч, амьд яваа насандаа гайхалтай зүйлийг хийж бүтээж чадвал тэр зүйл чинь үүрд дурсагдаж үлдэнэ гэсэн санаа юм.Яг л Дамдины Сүхбаатар Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж, хувьсгалын үйл хэргийг гүйцэлдүүлж байсантай адил.
    -Түүх судраас уншиж байхад хоногшиж үлдсэн хэсэг юмуу, эшлэлээсээ хуваалцаач?
    -Миний хамгийн дуртай бөгөөд хийж байгаа зүйлстэй минь холбогддог нь “Тэнгэрээс од шүүрэх” гэсэн үг юм.Үүнийг хэлэх бүрт миний доторх хүнийг сэрээж, зоригжуулж байдаг.Өмнө хэлсэнчлэн би үргэлж бусдын боломжгүй гэснийг хийж бүтээх чадвартай нэгэн болохыг хүссээр ирсэн.Ямартай ч гараагаа зөв эхэлсэн гэж бодож байгаа шүү.
    -Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.Зорилгодоо хүрч, санасан бүхнээ сэтгэлчлэн бүтээхийг ерөөе.
    -Баярлалаа.
    Б.Саруул

    djmedia:540
  • Ц.ГАНЗОРИГ: НАЙРУУЛАГЧ Б.ТАМИР “ЖИНГЭЭ ХАС, ҮС САХЛАА УРГУУЛ” ГЭДЭГ ДААЛГАВАР ӨГСӨН

    СУИС-ийн төгсөх курсийн оюутан, залуухан найруулагч Бат-Эрдэнийн “Хайрлах хүч” УСК-д зургийн даргаар ажиллаад дөнгөж дууслаа. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “U Film”-ын хамтын бүтээл С.Удвал ахайтны бодит түүхээс сэдэвлэсэн “Улаан цэцэг” МУСК-д зургийн дарга болон С.Удвал гуайн аавын дүрийг бүтээлээ. Кино маань өнөөдөр нээнэ.
    -Өөрөө дүр бүтээхгүйгээр зургийн даргаар ажиллах ямар байдаг вэ?
    -Зургийн даргын ажилдаа дуртай, кино бүтэхэд чухал роль шүү дээ. Киноны орчин, цаг үеийг зураач нар бүтээж, зургийн дарга нар бодит болгодог. Зарим хүмүүс зургийн дарга бол боолын ажил гэдэг л дээ, үүнд жаахан эгдүү хүрдэг юм.
    -Зургийн даргын ажил нэлээд судалгаа, мэдрэмж шаарддаг уу?
    -Тэгэлгүй яахав, зохиолоо маш сайн уншаад найруулагч, оператор, зураач нартайгаа нягт холбоотой ажиллана. Жишээлбэл, “Улаан цэцэг” МУСК-д 1928-1990 оны үйл явдал гардаг. Тэр он цаг ямар байсныг маш богино хугацаанд харуулна. Түүнийг маш тодорхой харуулж, хүмүүст ойлголт өгөхийн тулд зургийн дарга сайн ажиллах хэрэгтэй. 1928 онд С.Удвал дарга есөн настай байхад ямар гэрт амьдарч, тухайн үеийн даргын өрөө гээд л тэр бүхнийг бүрдүүлэхэд мэдрэмж чухал. Миний хувьд болж өгвөл зэрэглэл өндөр, энэ цаг үед ховорхон объектуудыг сонгодог. Улс төртэй холбоотой кино байхад улс төрийнхөн хаана уулзах боломжтой вэ гээд л харна даа.
    -“Улаан цэцэг” МУСК-д хэдий хугацаанд ажиллав?
    -Хоёр жилийн өмнө Г.Ундармаа эгч зургийн даргаар ажиллах санал тавьсан. Энэ бол миний зургийн даргаар ажилласан анхны түүхэн кино. Цар тахлын улмаас хойшилж өнгөрсөн намраас зураг авалтаа эхэлж, одоо ард түмэндээ хүрэх гээд догдолж байна. Шинэ цагийн залууст С.Удвал гэж ямар хүн байсныг үзүүлэх гэж байгаадаа их догдолж байна. Энэ кинонд ажиллаж байхдаа С.Удвал гуай их ажлын хажуугаар хэзээ нь уран бүтээлээ туурвиж, үр хүүхдүүдээ өсгөж, гадагшаа томилолтоор явдаг байсан юм бол оо гэж гайхсан.
    -Бас энэ цагийн хит “37-р точка” УСК-д зургийн даргаар ажилласан шүү дээ…
    -Тийм ээ, бас л шандас сорьсон уран бүтээл байсан. Цаг үеийн байдлыг харуулахаар объектоо олох, “Фантастик” продакшны залуус маш дайчин, шаргуу ажилладаг. Одоо уран бүтээлээ харахад гоё байдаг. “37-р точка” УСК зургийн дарга гэдэг нэрийг маань илүү тамгалж өгсөн.
    -Өөрөө тоглохгүй байсан юм уу?
    -Тодорхой хэмжээний дүр байсан байх л даа. Нэг зургаас нөгөө зургийн хооронд объектуудаа бэлтгэх ажил маш их байсан. Тэр дунд жүжиглэх боломжгүй, жүжиглэж байхдаа дараагийн объектоо бодно шүү дээ (инээв).
    -Одоо ямар уран бүтээлд зургийн даргаар ажиллах гэж байна?
    -Би зөвхөн “Фантастик”, “U Film” ч юмуу зэрэглэл, карьер өндөртэй продакшнуудтай хамтарч ажилладаггүй. Хэн ч мэдэхгүй хэрнээ тэр киног хүнд таниулахын төлөө шинэ найруулагч залууст туслахын тулд зургийн даргаар явдаг. Дараагийн уран бүтээлийн санал ирчихсэн. Залуу найруулагч Давкагийн Хөвсгөл аймгийн эмнэлгийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан “Анагаагч” УСК-д ерөнхий зөвлөх, эмчийн дүрд тоглоно. Надад эмчийн дүр өгсөнд их гайхсан. Сахлаа л авах нь дээ (инээв).
    -Та сүүлийн үед фитнессээр хичээллээд, үс сахлаа ургуулах боллоо. Ямар нэгэн дүрийн зорилго бий юү?
    -Тоочиглосон дүр байна. Найруулагч Б.Тамир “Жингээ хас, үс сахлаа ургуул” гэдэг даалгавар өгсөн. Уран бүтээлч хүн дүрдээ дурлах ёстой, би дүрдээ дурлаад хичээж байгаа.
    -Хөл хорионы үед эрүүл хооллож, жингээ хасахаар шийдэв үү?
    -Өмнө нь би жингээ хасах тухай огт боддоггүй байлаа. Нэг өдөр эхнэр маань МУГТ Г.Угалзцэцэгийн “Хэвлийгээрээ инээмсэглэе” ангид хамт бүртгүүлчихсэн байсан. “Өнөөдрөөс бэлтгэл хийх гэж байгаа, намайг хүргээх өгчих” гэсэн. Би ч хүргэж өгчихөөд явах гэтэл хувцас бэлтгэсэн, хамт орно гэснээр анх удаа хичээлдээ орж хөлс, нулимсандаа холилдоод л гарч ирсэн (инээв). Угалзцэцэг манай найз болохоор шантрахаас ичээд долоон хоног таслалгүй хичээлдээ явсан. Гэтэл долоо хоногийн дотор хоёр кг жин хасчихсан байсан. Урамшаад хичээллэж байтал “Нийслэл хүүхэн” УСК-ны санал ирсэн юм. 20 гаруй кг жин хасч сүүлийн үед “Ган” спорт төвийн гишүүн болж, илүүдэл жингээ хасмаар л байна. Миний дараагийн зорилго фит биетэй болж ирэх жилийн Фитнесс тамирчдын улсын аваргад өөрийгөө сорих юм. Би тарган байж үзсэн, одоо эрүүл байвал ямар байдгийг залуустаа, үр хүүхдүүддээ үлгэрлэмээр байна. Ямар ч байсан 50 нас хүрэхэд эрүүл чийрэг бие, амьдралын хэв маягтай болчихно.
    -“Овжин охид”-ын Сампил их намба сууж ээ дээ…
    -(Инээв). Хүн 40 нас гарахаараа бодол санаа, төлөвшил их өөр болдог юм байна. 25 хүртэл өөрийнхөөрөө, аав ээжийнхээ чихнээс хонх уяад “Ганц л амьдарна” гэдэг уриатай байлаа. 35 хүртэл буурь суугаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг, харин 40 нас гарахаар өөрчлөгддөг юм байна. Амьдралд хандах хандлага, хүүхдүүд өсч байна үзэл бодол гээд л. Том охин маань 18 нас хүрч, оюутан болоод хилийн чанадыг зорьсон. Аав, хань, хүү, уран бүтээлч, улаач хүн би энэ нийгэмд өөр юуг хийж чадах вэ, яаж илүү зөвөөр үлгэрлэх вэ л гэж боддог.
    -Улаач гэснээс бөө болох ёстойгоо яаж мэдэж байв?
    -Хүүхэд байхын л зөнтэй, “Би мундаг бөө болно, манайд олон хүн ирнэ” гэж ярьдаг байсан. Яг цагаа тулаад бөө болно гэсэн чинь өөрөө шоконд орсон. Яалт ч үгүй онгод тэнгэрийн шоглоом ч их байсан.
    -Сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авсан бэ, урлагаа орхиё гэж бодсон уу?
    -Бодолгүй яахав, урлагаасаа хэсэг завсардсан. Татаж унаад бие өвдөөд аргаа бараад л үнэхээр болох ёстой юм байна гэж шийдсэн. Онгод маань “Чиний урлаг уран бүтээлийг маш сайн явуулна, жил бидний үгээр яв” гэж хэлдэг байсан. Яг л үнэн байсан.
    -Танд олон хүн даатгуулдаг уу?
    -Тэгдэг, даатгуулсан хүн олоон.
    -Хамтлагийнхан нь даатгуулж байх юм уу?
    -Яахав, өдий арван жил болоход бид даваа, гүвээтэй олон замд явсан. Манай хамтлагийнхан намайг маш зөв, сайхан хүндэлж ойлгодог. Замд гарахад “За Ганзо уул усаа аргадаарай” л гэдэг. Түүгээрээ ч юмуу, энэ олон жилд манай хамтлаг хатуу хөтүүг дайралгүй сайхан л явж байна.
    -Тайзны уран бүтээлд ажиллаж байна уу, та?
    -Ковидын үед хошин урлагийн ажил зогслоо. Миний хувьд хошин урлагийн тайзан дээр 10-аад жил байсан. Өөрийн өнгө төрхөө өөрчилж, өмнөх ажилдаа анхаарч байтал тайзны уран бүтээлийн урилга ирэх байх. Ганц хүний “моно” жүжиг тоглоно гэж боддог, хараахан тохироо нь бүрдэхгүй л байна.
    -Таны анхны тайзны уран бүтээл юу вэ?
    -“Шинэ үе” продакшны “300 сарнай”, “Үнэгүй юм гэж үгүй” зэрэг шоу тоглолтуудад оролцож байлаа.
    -Та тайзан дээр тоглож байхдаа юунд хамгийн их анхаардаг вэ?
    -Инээдмийн жанраар тоглож байгаа юм чинь болж өгвөл хүнийг зөв талаас нь инээлгэх, хүний сэтгэлийг хөдөлгөчих юмсан гэж анхаардаг байсан.
    -Тоглолтын уур амьсгал үзэгчдээс шалтгаалах үе байх уу?
    -Байна, заримдаа эхний 15 минут үзэгчид халахгүй, инээхгүй байх үе байдаг. Заримдаа эхний жүжигчин гараад юм ярихад л инээдэг.
    -Орон нутаг, Улаанбаатарын үзэгчид ялгаатай юу?
    -Улаанбаатарын үг хэллэг үзэгчдэд шууд хүрчихдэг. Хотын үг хэллэгээр орон нутгийн тайзан дээр тоглоход “Энэ нь юу гэж байгаа юм бол” гэж бодох зүйл байдаг. Сүүлийн үед сошиалын хэрэглээ өндөр болсон учир үзэгчдийн ялгаа арилсан даа.
    -Урлагийн хүн болоход өвөө тань нөлөөлсөн үү. Таны өвөө “Хөдөөгийн баясгалан” киноны Найдан, “Хүргэн хүү” киноны Жамц баяны дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин шүү дээ?
    -Хүүхэд байхын л урлагийн хэнээтэй байлаа (инээв). Даруухан, томоотой өөрт оногдсон зүйлээ маш сайн хийдэг, уран жиргээ, хүрэл тулга, бүжгийн тэмцээн гээд л урлаг соёлтой холбоотой бүх зүйлд оролцдог байсан. Багаасаа л бүжигчин юм уу дуучин болно гэж бодсон.
    -Та 14 настайдаа КУДС-д элссэн гэсэн үү?
    -Тийм ээ, наймдугаар ангиа төгсдөг жил дээд сургууль гэдгийг нь мэдэхгүй шалгалт өгөөд тэнцчихсэн. “Соёл” хувийн дээд сургууль шинээр нээгдэж 16-аас дээш насны хүүхдүүдийг элсэлтэд авч байсан юм билээ. Өөрийгөө 16 настай, жижигхэн биетэй гэж хэлээд орчихсон. Сургууль надаас жил гаруй бичиг баримт нэхсэн, гуравдугаар курст орохдоо “Би 14-тэй байсан юм аа” гээд л цайрсан (инээв).
    -Та эхээс хэдүүлээ вэ, танаас өөр урлагийн хүн бий юү?
    -Би айлын дунд хүү, нэг эгч, нэг дүүтэй. Эгч, дүү хоёр өөр салбарт ажилладаг.
    -Танай хүүхдүүд урлагийг хэр сонирхож байна?
    -Манайх таван хүүхэдтэй. Хоёр том охин хоёулаа урлагийн хүн болно гэдэг. Том нь сургуулиа сонгоод БНСУ руу явчихсан. Том хүү их гоё зурдаг, “Инженер болно 100 давхар байшин барина, 100 дахь давхарт нь таныг амьдруулна” гэж ярьдаг. Дараагийнх нь мэс заслын эмч болно, хамгийн бага охин дуучин болно оо л гэдэг.
    -Гэр бүлийн хүн тань аль салбарын хүн бэ?
    -Манай гэр бүлийн хүн сэтгүүлч мэргэжилтэй, гэр бүлийнхээ бизнесийг эрхэлдэг.
    -Дараагийн ажил, амьдралын зорилго төлөвлөгөөний тухай сонирхуулахгүй юу?
    -Түрүүнд хэлсэнчлэн өөхөө хайлуулж, тэмцээндээ оролцоно доо (инээв). Хамгийн чухал зүйл аав, ээж, хань, үр хүүхдүүд, найз нөхөд бүгд эрүүл энх, эх дэлхий маань өвчингүй, дайнгүй л байвал жаргал юм даа. Айх айдасгүй энх тунх байгаасай л гэж ерөөж байна.

  • Б.ИЧИНХОРЛОО: ШУДАРГА, ҮНЭНЧ СЭТГЭЛ, ӨРШӨӨГЧ ЧАНАР УС АГААР МЭТ ТИЙМ ИХ ХЭРЭГТЭЙ ЦАГ ҮЕД БИД АМЬДАРЧ БАЙНА

    Бусдын ажлыг хүндэтгэдэг чанар, алтан цагийг нь хайрладаг ухамсар, соёлыг илтгэх мэт “За, ёстой уучлаарай миний дүү, зав чөлөөгүй гүйсээр та бүхний ажлаас хойш татчихлаа. Товлосон хугацаандаа уулзаж чадаагүй ч нэгэнт ярьж тохирсных заавал амжуулж яриа өгнө дөө гэж бодоод л байлаа. За, миний дүү наашаа суу, алив чихэр ид” хэмээн зочломтгой монгол аалийг цангинасан инээдээр хачирлан угтсанаар бидний яриа ийнхүү эхлэв.

    Та тун ч их ажилтай байх шиг ээ. Их ажлынх нь хажуугаар би бас ярилцлага авах гэж шалаад төвөг удчихав уу?

    -Зүгээр дээ. Сэтгүүлчдийн ажлын онцлогийг ойлгох юм хойно, санаа зоволтгүй. Миний хувьд сонин хэвлэлд яриа өгөхөөс болж л өгвөл татгалзаж, тойрч зугтаадаг хүн. Харин цэргийн сониноос татгалзах бодол ер төрсөнгүй.

    Баярлалаа. Ямар ажил өрнүүлээд зав чөлөөгүй гүйж яваа талаар тань яриагаа эхэлье …

    -Завгүй байх тусмаа үр бүтээлтэй байдаг гэдэг шүү дээ. Бас муу юм уйлах чөлөөгүй гэдэг үг ч бий. Миний хувьд яг л ийм хоёр талтай гүйж явна. Монголын Үндэсний номын сангийн шинэ барилга өнөө жил ашиглалтад орох юм. Үүнтэй холбоотой ажлууд ид өрнөж байна. Тодруулбал, шинэ номын сангаа Үндэсний цахим номын сан болгож хөгжүүлэх зорилго тавиад ямар журмаар ажиллах, ямар бүтэцтэй байх, номын сангийн хөгжилд ямар шинэчлэл авчрах вэ гэдэг дээр илүү их төвлөрөн ажиллаж байгаа. Соёлын яамтай болсны үрээр, төрийн бодлогын сайхан шийдвэрээр номын сангийн маань хөгжил шинэ үе шатанд гарах гэж байгаад сэтгэл өег, их л догдолж сууна даа.

    Олон жилийн турш хөндөгдсөн, хүлээгдсэн шинэ барилгын асуудал шийдэгдэж байгаа нь тун ч сайхан мэдээ байна шүү …

    -Тэгэлгүй яах вэ. Даацаасаа хамаараад тэр бүр хүртээмжтэй байж чадахгүй байсан олон асуудал шийдэгдэнэ. Хуучин бол Хотын номын сан, Хүүхдийн номын сангаар дамжуулж ачааллаа тэнцвэржүүлдэг байлаа шүү дээ. Шинэ номын сан ашиглалтад орсноор энэ бүх асуудал цэгцэрнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд багачууд, өндөр настнууд, магистрын түвшний эрдэмтэн судлаачдад илүү хүртээмжтэй үйлчлэх гэх мэтээр олон давуу тал бий болох юм. Манай номын сан чинь дэлхийн номын сангийн гишүүн юм шүү дээ. Тиймээс олон улсын номын сангийн холбооноос хэн бүхнийг нас хүйс, үндэс угсаагаар ялгаварлахгүйгээр үйлчлэх анхааруулгыг өгдөг, тийм байхыг шаарддаг. Энэ шаардлагын дагуу олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх бүрэн боломж нөхцөл манайд бүрдэж байгаад туйлаас таатай байна.

    Зохиолчдын эвлэл хэмээх их айлыг удирдах үүрэг бас танд оногдсон шүү дээ …

    -Оюун санааны хоёр төв байгууллага буюу 90 гаруй жилийн түүхтэй Монголын зохиолчдын эвлэл, 100 жилийн түүхтэй Үндэсний номын сан буюу үндсэндээ ах дүү байгууллагыг нэгэн цаг мөчид бодлого зорилтын хүрээнд чиглүүлж ажиллах их үүрэг хүлээчхээд сууж байна. Соёлын яамны бодлого, зорилтыг дэмжиж ажиллахад энэхүү хоёр ажил хоорондоо их уялдаатай, амин чухал хэлхээ холбоотой учраас бие биеэ нөхөж дэмжих, бие биеийнхээ ажлыг эрчимжүүлэхэд их түшигтэй. Үйл ажиллагааг нь ч нэг цулбуурт зангидах боломжтой юм.

    Та бол эх оронч яруу найрагч гэдгээ аль хэдийнээ, бүр арван долоохон настайдаа тунхаглачихсан хүн. Тэгэхээр тантай эх орны үнэ цэнийн тухай амттай яриа өрнүүлмээр байна …

    -Эх орон гэдэг өөрөө их том сэдэв. Том сэдвийг ярихын тулд том мэдлэг, том туршлага, том асуудлуудыг шийдэх хүч чадлыг хуримтлуулсан байх ёстой. Гэхдээ би тийм хэмжээний сэдэв, мэдлэг, туршлага хуримтлуулсан хүн биш ээ гээд энэ хариултаас бултах арга хэнд ч байхгүй. Яагаад гэхээр монгол хүн л юм бол монгол эх орон гэдэг энэ үнэт зүйлийг зүрх, тархи, сүнсэндээ шигтгэчихсэн байх ёстой. Бид цөөхүүлээ улс байхгүй юу, цөөхүүлээ тусмаа эх орон гэдэг энэ үндсэн үзэл, язгуур эрх ашгийг заавал өөртөө суулгасан байх үүрэгтэй. Ингэж байж бид улс орноо цаашид олон мянган жилийг дамжиж мөнх орших тэр орон зайг авч үлдэх учиртай юм.

    Эх оронч сэтгэл ер нь юунаас эхлэх учиртай юм бэ? Лав л эх орон гэж хий хоосон цээжээ дэлдэхийн нэр биш байх …

    -Өөрийнхөө хийж чадах зүйлийг чин сэтгэлээсээ бөгөөд дараа үедээ уламжлуулж үлдээхүйц үр дүнтэй хийж чаддаг байна гэдэг л эх оронч үзлийн хамгийн том илрэл. Өнөөдөр та ямар ч эгэл жирийн ажил эрхэлж, ямар ч том албан тушаалын сэнтийд заларсан байж болно. Гагцхүү түүнийгээ л алдаа дутагдалгүй, чин зүрхнээсээ хийж, эх орондоо өгөхүйн сэтгэлээр, эх орноо хайрлахуйн ухаанаар хандах учиртай юм. Тэрнээс эх орноо хөгжүүлэх гэж байгаа маань энэ билээ гээд гадаа гудамжинд жагсаж, төр засаг, түмэн олныхоо эсрэг муу муухай бүхнийг ил гаргаад байхдаа гол нь биш. Бидний эх орныхоо төлөө тэмцэж байгаа тэмцлийн хамгийн хурц хэлбэр бол оногдсон ажил үүргээ чин сэтгэлээсээ, сайн сайхныг бодож хийх гэж ойлгодог. Өөрөө бас тийм байх гэж мэрийдэг, бусдыг ч үүнд уриалмаар санагддаг даа.

    Өвөө тань ахмад дайчин байсан юм билээ. Өөрөө та бас нүүдэлчин монгол ахуйдаа өлгийдүүлж өссөн учраас танд эх оронч үзэл их эрт бөгөөд нэвт шингэсэн юм болов уу гэж хардаг. Та харин юу гэж бодож байна?

    -Ер нь эртнээс нааш монголчууд эх орон гэж их ярьдаг, үнэ цэнтэй гэдгийг нь бүгд мэддэг, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж явсан, алдаж асгаж үзсэн, алдаанаасаа суралцаж ухаарсан, хөлөө жийх өөрийн гэсэн нутагтай байхын сайхныг мэдэрсэн ард түмэн учраас эх орон гэдэг ойлголт монголчуудын язгуур үнэт зүйлийн тэргүүнд явдаг.

    Тэгээд ч монгол айл бүхэнд эх орныхоо төлөө тэмцэж явсан ахмад дайчин, хэлмэгдэлд өртсөн нэг гашуун зовлон, эх орноо хамгаалахын чухлыг ойлгосон ухаан байсаар ирсэн. Тэгэхээр миний хувьд өвөг дээдсээсээ олж авсан эх оронч язгуур ухаан, монгол хэлэндээ хайртай, монгол хэлээр зохиол бүтээлээ туурвидаг яруу найрагч, эх хэлнийхээ яруу сайхан дотор өссөн, дээрээс нь эх дэлхий, эх хэл, эх байгаль гэдгийн нандин чанарыг ойлгож, дорнын гүн ухаанд шимтчихсэн, дорнын хүн болохоор эх оронч байхаас аргагүй.

    Дэлхийн даяаршлын нөлөөгөөр үндэсний хэл соёл, ёс уламжлал, эх түүх гээд л бидний эрхэм нандин үнэт зүйлс бүдгэрчих вий гэсэн айдас заримдаа төрөх юм. Та ч бас эмзэглэхгүй байж чаддаггүй л болов уу?

    -Тийм ээ. Дэлхий хавтгай болж байна. Дэлхийн даяаршлыг сөрж босоход их хэцүү, том урсгал учраас үлэмж их хүчтэй тулж байгаа, бид. Тиймээс миний хэлээд байдаг бид цөөхүүлээ гэдэг өнцөг бол хамгийн эмзэг зүйл нь. Монгол бол эх дэлхийн зулай дээр оршиж байгаа, том газар нутагтай агуу ард түмний үр сад. Мохошгүй морьтон дээдсийн угсаа удмыг залгамжилсан, өөрийнхөө газар нутгийг өргөтгөн тэлэх гэсэн, өөрийнхөө соёлоор эх дэлхийн даяаршлын шуургыг сөрж босох гэсэн ард түмний үзэл бодлын нэгтгэл. Монголчууд өөрсдөө хүчирхэг байхыг хүсэж тэмүүлж байгаа атлаа дэлхийн даяаршлын шуурганд зул далдирч байгаа юм шиг тийм эмзэг. Тэгэхээр өнөөгийн энэ нөхцөл байдалд, даяаршлын урсгалын эсрэг тэсэж зогсох хүч бол бидний өвөг дээдсээс олж авсан нүүдэлчний оюун санаа. Дээрээс нь байгаль эх дэлхийгээ шүтэн бишрэх үзэл. Бас өөрт байгаа монгол хүний үнэт зүйлийг хэрхэн яаж төлөвшүүлсэн, эрхэмлэн сахих ёстой зүйлээ дээдэлж чадаж байна уу, үгүй юу, монгол хүн яагаад дэлхийн иргэн, дэлхийн монгол болж болдоггүй юм гэдэг том байр сууриа л урагш тавьж чаддаг тийм хүч чадал хэрэгтэй. Энд юу хамгийн чухал вэ гэхээр нэг эрх ашгийг тойрч эвлэлдэн нэгдсэн ухаан байх учиртай.
    Тэгэхээр бид нар монгол гэдэг нэг том тулганы галыг тойрч суугаад үүнийгээ бадрааж дэвжээхийн тулд ажиллаж хөдөлмөрлөх, эв санаагаа нэгтгэх ёстой.

    Даяаршлын шуурганд монголчуудын билгийн зул нь далдирч унтарчих гээд байгаа гол зангилаа нь эв нэгдэлгүй, бие биеэ дэмжиж, хүчийг хүчээр, сэтгэлийг оюунаар нөхөж чадахгүй байгаад л хамгийн том алдаа оршиж байна. Бид эв нэгдэлтэй хүчирхэг үндэстэн болох ёстой. Түүний тулд монгол гэдэг үнэт зүйл яг юу вэ, тэр үнэт зүйлээ дэмжихийн тулд хувь хүн юу хийх ёстой вэ гэдгээ дор бүрнээ ухамсарлах учиртай.

    Бид бие биеэ муулах, ховлох, гутаах, хоорондоо хагаралдах зарчмыг л хамгийн их өдөөж байна шүү дээ. Тийм хар мэдээг хүмүүс хамгийн их уншдаг, тийм хар хорын зүйл дээр хүмүүс ажилладаг болжээ. Энэ 3 сая хүн зон, энэ монгол оронд сайн сайхан юм байгаа даа. Тэр сайн сайхан юм нь хааччихаад дандаа хар муу нь түрүүлээд байгаа юм бэ. Сайн юмны тухай ярихгүй, дандаа муу муухайг яриад байхаар үндэстний хийморь бас доройтдог шиг байна аа. Тэгэхээр сэтгэлээ, сэтгэлгээгээ илаарьшуулах хэрэгтэй байна. Ингэхийн тулд зөв ном уншиж, зөв төлөвшилд нэгнээ хөтөлж, зөв мэдээллийг боловсруулж, өөрөө бас зөв мэдээллийг тарааж түгээж байх шаардлагатай юм гэж л бодож явдаг.

    Нүүдэлчин ахуйгаасаа салдаггүй, их хоцрогдсон хуучинсаг үзэлтэй гэж намайг хүмүүс шүүмжилдэг. Хуучинсаг байхаас би айхгүй ээ гэж ярихыг тань нэгэнтээ сонссон юм байна. Үүний цаана их том агуулга оршиж байна даа л гэж одоо ухаж сууна. Ер нь та баримталдаг зарчим, мөн чанарынхаа тухайд бидэнтэй хуваалцаач?

    -Номын номоос, хүний ном гэж үг байдаг. Тэгэхээр миний ижий ааваас олгогдсон суурь хүмүүжил, гэрийн боловсрол бол ахмадаа хүндэлдэг, үе тэнгийнхнийхээ сайхан амжилтад баярладаг, хүмүүсийг хөгжүүлэхийн тулд өөрийнхөө мэдлэгийг хүртээмжтэй хуваалцаж чаддаг, өөртөө хуримтлуулсан ямар нэгэн сайн зүйл байгаа бол түүнийгээ бусдад ижил тэгш түвшинд өгч чаддаг тийм өгөхүй, асрахуй, хайрлахуйн сэтгэлтэй байх зарчим.

    Энэ цаг үед хүмүүст хамгийн ихээр дутагдаж байгаа чанаруудыг тодорхойлооч гэвэл та юуг онцлох вэ?

    -Шударга, үнэнч сэтгэл, өршөөгч чанар ус агаар мэт тийм их хэрэгтэй цаг үед бид амьдарч байна. Хамгийн чухал энэ гурван чанарыг бид алгуур хаяад байна, үүнээс асар их холдож байна. Бидний нүүдэлчин ахуй, нүүдэлчин сэтгэлгээний онцлог бол энэ бүхнийг дархалж байсан юм. Жалгын нэгээр тархаж суусан нүүдэлчин хүмүүс өөртөө итгэлтэй, гэрээ цоож цуургагүй орхиод явах өгөөмөр сэтгэлтэй байлаа. Хол явж байгаа нүүдэлчин гэрт нь ороод цай чанаж уучихаад баярлалаа гэж зурвас бичээд, эсвэл үүнийг уншаарай гээд ном үлдээгээд явдаг, өөрт байгаа зүйлээрээ нөгөөгийнхөө дутууг нөхдөг тэр гайхалтай чанараасаа бид холдож байна. Өнөөдөр бид хэтэрхий шавж амьдарч байна. Шавж амьдарч байгаа атлаа амьд харилцаагүй, эсрэгээрээ амин хувиа хичээж байна. Тэгэхээр бид эхний ээлжид хотжилтоо саармагжуулж, хөдөө орон нутгийнхаа бүсчилсэн хөгжлийн зорилт руу явах ёстой. Монгол хүний хөгжлийн үнэт зүйл нүүдэлчин ахуйтайгаа салшгүй холбоотойг бүх хүн ойлгож түүнийгээ сэргээх, нүүдэлчний язгуур эрх ашгийг хамгаалах, нүүдэлчин соёлоосоо уламжилж ирсэн бүхэн минь хүн төрөлхтний соёлын өвд оруулж байгаа цор ганц хувь бөгөөд түүнийгээ хамгаалж үлдэх л шаардлагатай гэдгийг ойлгох нь чухал юм.
    Нэг хэсэг бид чинь дэлхийн монгол хүн болцгооно гээд нөгөө олон хэл, олон соёлыг судалж энэ бүхний дархлаанд нийцдэг хүмүүс болсон. Өөрсдийн гэсэн монгол чанараа хадгалж, дэлхий рүү нүүсэн нүүдлээ буцааж хумиад дэлхийгээс олсон сайн сайхан зүйлдээ суурилаад нүүдэлчнийхээ ахуй соёлыг яаж дэлхийн соёл болгох вэ гэдэг рүү арай том харах ёстой байх гэж бодож байна.

    Одоо ихэнх эцэг, эхчүүд хүүхдүүддээ багаас нь гадаад хэл эзэмшүүлэхээр хятад, орос зэрэг гадаад хэлний сургуульд оруулах хандлагатай болжээ. Энэ нь хэр зөв юм бэ?

    -Монгол хэлээрээ дамжуулж үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй л дээ. Бид хүүхдээ хятад, орос сургуульд оруулаад л, тухайн хэлийг сургаад явчихаар монгол цустай хятад, монгол биетэй орос соёлтой хүн болгож төлөвшүүлж байна л гэсэн үг. Тэгэхээр эх монгол хэлээ эрхэмлэн эх хэл, оюун санааныхаа дархлааг хүүхдүүд рүүгээ чиглүүлж байх ёстой. Харийн янз бүрийн соёлыг нэг их даган дуурайх хэрэггүй. Ингээд ярихаар бүдүүлэг, хоцрогдсон мэт шүүмжлэгддэг, олон хүний дургүй хүрдэг. Гэсэн хэдий ч би үзэл бодолдоо бат зогссоор л байх болно. Яагаад гэхээр манай улс орны хувьд нэг монгол хүн ч үнэ цэнтэй. Нэг хүүхдээ ч гэсэн монгол чигээр нь авч үлдмээр байна шүү дээ. Эх орон чинь тийм монгол хүмүүсээс бүтдэг болохоос хаанаас нь ч хаяад явж болох тийм хоноцын сэтгэхүйтэй, эрчүүд, эмс охидоос бүрдэхгүй биз дээ. Ер нь бол олон соёлын дарангуйлалд өртөж, өөрийнхөө үндэсний язгуур бүхнийг алхам алхмаар гээж, даяаршлын шуурганд билгийн зул нь далдирч байгаа ард түмэн болчхоод байгаа нь хамгийн их түгшүүр гэдгийг бодох хэрэгтэй.

    Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Хошууч Д.МЭНДБАЯР
    Эх сурвалж: “Соёмбо” сонин

  • АКАДЕМИЧ, ДОКТОР ХОЁРЫН МОНГОЛ БРАХМИ БИЧГИЙН ТАЛААРХ ХӨӨРӨЛДӨӨН ДАВХАРДАВААГИЙН ГАНСАРУУЛ

    Тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын Конгрессын Номын Сангийн Ази, Ойрхи Дорнодын хэлтсийн номын санч, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ болон монгол брахми бичгийн ангийн төгсөгчдийн төлөөлөлүүд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоо багшид хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр төгсөгчдийн төлөөлөл Л.Хурцбаатар багшийн сүүлд хэвлүүлсэн “Монгол брахми бичгийг түргэн сурах бичиг”, “Хаан бичиг: Өвөг монгол хэл-Монгол брахми бичиг” зэрэг номын дээжийг номын буян шинийн саран мэт дэлгэрэх болтугай хэмээн өргөн барьсан юм.
    Академич Д.Төмөртогоо, доктор М.Саруул-Эрдэнэ нарын хөөрөлдөөнийг хүргэж байна.
    ________________________________________
    М.Саруул-Эрдэнэ: -Монгол брахми бичгийн судалгаа бас чиг овоо ахилаа. Хурцбаатар багшийн энэ номд жишээ нь брахми монгол бичгийн дурсгалын авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүй, үгийн сангийн онцлогийг тодорхойлов. Яг л таны судалгаа. Ер нь бид цаашид юуг анхаарах хэрэгтэй вэ?
    Д.Төмөртогоо: -Энэ дурсгал бол монгол хэлний дурсгал гэдгийг батлах нь л хамгийн чухал. Уншихаасаа илүү энэ нь эхний зүйл. Хэт их зарлах бол дэмий. Эхлээд монгол гэлгээ баталж аваад, үргэлжлүүлээд л сайн уншаад байх хэрэгтэй. Жишээлбэл, Киданы дурсгалыг ер уншиж мэдэхгүй байлаа шүү дээ. Тэгтэл анх Орост 1962, 1963 онд тэр үеийн ЭВМ гэдэг электрон машин буюу компьютероор бүтцийг нь гаргаад авсан, тэгээд бүтцээр нь монгол хэлний дурсгал гэж анх 1964 онд зарлаж байв. Үүгээр хаанахын, ямар хэлээр бичив гэдэг маргаан тасраад монгол хэлний судалгаа явж эхэлсэн түүхтэй.
    Үүний адилаар Хүйс толгойн бичээсийг монгол хэлний дурсгал гэдгийг нь хэлний баримтаар батлах нь эн тэргүүний асуудал. Чухам бүрэн бүтэн, үг бүрчлэн унших нь амар асуудал биш. Жишээ нь, “Чингисийн чулууны бичиг” монгол бичгээр хэдхэн мөр бичиг. Тэрийг зуугаад жил уншсан ч одоо хүртэл бүрэн тайлаагүй, яг эцсийн мөрдөх хувилбар гэж гараагүй л байна. Монгол бичгээрх, 1200-гаад оны тэр дурсгалыг тэгж байгаа юм чинь бүр хавьгүй эртний дурсгалыг уншина гэдэг бол их олон жил үргэлжлэх ажил. Гэхдээ Л.Хурцбаатар энийг маш сайн хийж байна. Үүнд, Хурцбаатарын арга зүй сайн байгаа нь нөлөөлж байгаа хэрэг.
    М.Саруул-Эрдэнэ: -Хурцбаатар багшийн нэг сайн юм нь брахми бичгийг өмнө нь тохариуд авахдаа энэ үсгийг ингэж аваад ингэж тэмдэглэсэн байна, согдууд харин ингэж хэмээн харьцуулан, монгол брахми бичигт бол энэ хэмээн тодруулан гаргаж ирсэнд оршино.
    Д.Төмөртогоо: -Тэр маш зөв. Жишээлбэл, тэр Кидан бичгийг уншихад тангуд бичгийг унших шаардлагатай байв. Тангуд бичиг, жүрчин бичиг хоёрыг уншсан туршлага л гол тулгуур болсон юм. Хэрэв тэгж харьцуулсан бол их сайн. Цоо шинээр зохиож унших биш. Миний ойлголтоор бол брахми бичиг их олон хувилбартай. Энэтхэг хэлнүүдэд зориулсан, төвөд хэлэнд, Азийн хэлнүүдэд зориулсан гээд нэлээд олон хувилбар бий.
    М.Саруул-Эрдэнэ: -Тийм шүү. Тэр хувилбаруудаас нь гэх үү дээ, төвөдтэй, эсвэл дөрвөлжин бичиг уншдаг хүнд бол брахми монгол бичиг сурах, уншихад тун дөхөмтэй юм билээ. Үеэр бичих тогтолцоо нь адил. Тэгээд бодохоор брахми бичгийг авсан, одоо ч тэрийгээ хэрэглэсээр буй төвөд нараас монголчууд бид өмнө энэхүү бичгийг аваад бичиг үйлдэж байсан гэхээр их сонин юм.
    Д.Төмөртогоо: -Тэгэлгүй яахав. Тэгэхээр Монголд брахми бичиг нэвтрэх ямар суваг, харилцаа байв гэдгийг түүхэн талаас нь бас судлах хэрэгтэй. Энэ маш сонин төдийгүй ач холбогдлын хувьд үнэхээр өндөр судалгаа болох юм. Судлахаасаа өмнө манайхны зарим хүн шуугиан болгоод, буруу зөрүү зарлаад л явах юм. Мэргэжлийн судалгаа л чухал.
    М.Саруул-Эрдэнэ: -Зөв, зөв. Л.Хурцбаатар багш сүүлийн таван жил дараалан брахми монгол бичигтэй холбоотой найман ном гаргалаа. Таны хэлдгээр өөрөө судлах унших арга зүйгээ олчихсон, эргээд бусдыг сургах аргаа тодорхойлж, бие даан сурах арга зүйг нь бас их амар болгоод гаргаад өгчихсөн юм. Энэ аргаараа ная гаруй судлаачид брахми монгол бичгийг заав. Одоо жишээ нь танд үүнийг үзүүлбэл (номыг нь харуулав) яг хөшөөн дээрээ ямар байдалтай байгааг өөр өнгөөр, фонт болгон сэргээвэл бас нэг өнгөөр, галиг нь араас нь гэх мэтээр маш ойлгомжтой. Хурцбаатар багш бол зөвхөн Хүйс толгойн бичээсийн агуулгыг уншаад зогссонгүй, хамгийн гайхамшигтай нь монгол брахми бичгийн хэл зүйг ганцаар судалж тодорхойлсонд оршиж байгаа юм.
    Д.Төмөртогоо: -Манай Хурцаа ийм нарийн сайн аргатай. Энэ бол Германаас, Хайссиг багш нараас сурсан арга байх аа.
    М.Саруул-Эрдэнэ: -Тийм байх. Тэгээд бид сая хамтарч Брахми монгол бичгийг судлах нийгэмлэг байгууллаа. Германд төрийн бус байгууллага байгуулах чинь бас яггүй юм байна. АНУ-д бол их чөлөөтэй байдаг юм. Германд өөр байна. Маш нарийн шалгаж байж тамга тэмдэг олгодог юм байна. Одоо үйл ажиллагаагаа эхэлсэн.
    Д.Төмөртогоо: -Дитер Мауэ-гийн хийсэн үйл юу билээ?
    М.Саруул-Эрдэнэ: -Анх олсон, нээсэн гэх мэт олон хүний хувь нэмэр бий. Дитер Мауэ бол Хүйс толгойн бичээсийг брахми үсэг, өвөг монгол хэл байна гэдгийг нь анх таньсан хүн юм. Тэр их чухал байлаа. Тэгээд брахми үсгийн дуудлагаар галигласан байна. Александр Вовин тэр Дитэр Мауэ-гийн галигийг харж байгаад зарим нөхцөл бүтээврийг таниад үнэхээр Өвөг монгол хэл мөн гэж зарласан хүн. Ингэж олны анхааралд орж эхэлсэн, гавьяатай эрдэмтэд. Гэхдээ Дитэр Мауэ, Александер Вовин хоёулаа монгол хэлгүй, монгол судлаач биш, дээр нь Вовин брахми үсгээс нь уншаагүй, Дитэр Мауэ-гийн галигаас уншсан учраас бас л нэг болохгүй л байлаа. Тэд Хүйс толгойн бичээсийн агуулгыг эртний Түрэг болон Уйгарын хоорондох дайны тухайд бололтой гэж үзсэнээр үнэн агуулгыг нь илэрхийлж чадаагүй юм л даа. Харин Хурцбаатар багш бол эртний Түрэг Монголын дээдсийн тахилгын тухай бичсэн гэж үзэж, монгол хэлний өгүүлбэр зүйн өгүүлэгдэхүүн -тусагдахуун-өгүүлэхүүн гишүүнээр Хүйс толгойн найман өгүүлбэрийг нарийн задалж баталсан юм аа. Үүнд хэлний мэдлэгээс гадна тэнд чухам юу болж байгааг ойлгох түүх соёл, угсаатны зүйн өргөн их мэдлэг нь их тус болсон хэрэг.
    Д.Төмөртогоо: -Эхлээд таамаг дэвшүүлэхгүйгээр ийм эхлэл-судалгаа бол явахгүй. Таамаг нь бас цаанаа шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Гол нь тэр үеийн монгол хэлний бүтэц ямар байх вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Одоогийнхоор уншаад байж болохгүй.
    Зуу гаруй жилийн өмнө киданыг бас уншиж чадахгүй л байв. Наян хэдэн онд Чингэлтэй гуай тэргүүтэй тав зургаан хүнтэй бүлгэм байгуулаад, киданыг унших шинэ арга боловсруулсан байгаа юм. Тэр аргаар кипаны судалгаа нэлээд ахисан. Тэр бол өөр судалгаа, өөр бичиг үсэг байсан, гэвч аливаа нэг бичгийг тайлж унших туршлага гэдэг бол маш чухал. Солонгод Л.Хурцбаатарт үүнд нь баярлах нь аргагүй ээ. Чи өөрөө хэр сурч байна?
    М.Саруул-Эрдэнэ: -Би яг Л.Хурцбаатар багшаар өөрөөр нь заалгаж сурлаа. Наяад хүн сурлаа гэдгийн нэг нь би.
    Д.Төмөртогоо: -Эхлээд заавал бүгдийг нь шууд ойлгоно гэхээсээ илүү монгол хэлний нөхцөл, элементүүд байгааг яг батлаад авах нь чухал.
    М.Саруул-Эрдэнэ: -Өнгөрсөн цагийн “ба”, зэрэгцэн холбохын “жу”, харьяалахын тийн ялгал зэрэг бол тодорхой байна. Яахав, харьяалахын тийн ялгал монгол – түрэг төстэй, дундын гэж маргаж болох бол цагийн “-ба”, холбох “-жу” зэрэг бол түрэг хэлнүүдэд байхгүй, цэвэр монгол хэлний махбод. Тооны нэрээс үүссэн “долоожиж” гэх үг ч эртний монгол хэлнийх гэдэг нь баталгаатай.
    Д.Төмөртогоо: -Маш сонирхолтой байна. Эхлээд туркүүд уг нь үзсэн юм билээ. Тэгээд энэ бол манай хэлний юм бол лав биш гэсэн байгаа юм. Нэлээд төөрөлдөж явж байж учраа олж байх шив.
    М.Саруул-Эрдэнэ: -Харин тийм. Бүр анх Шинэхүү гуайн олсноос хойш бодоход бас чиг хугацаа өнгөрчээ.
    Д.Төмөртогоо: -Тийм, Шинэхүү анх олсон юм шүү. Шинэхүү Их сургуульд миний доод ангийн хүүхэд байсан, их сэргэлэн, маш их юм сонирхдог судлаач байж билээ. Рүни үсгээр сайн уншдаг байв.
    М.Саруул-Эрдэнэ: -Тэгээд рүни үсгийн бус дурсгал олдохоор нь гайхаад, ямар ч байсан чухлыг нь мэдээд бүртгэж мэдээлсэн нь сайн болж. Тэр цагаас хойших явдлуудыг бодоход одоо Хурцбаатар багшийн судалгаа, сурах бичиг, бүтээлүүд бол бас чиг өндөр түвшинд хүрлээ шүү.
    Д.Төмөртогоо: -Германчууд нягт нямбай аргаараа их алдартай. Хурцбаатар тэрийг маш сайн шингээж авч чаджээ.
    -Монгол брахми бичиг нь монголчуудын бичиг, үсгийн түүхийг урагшлуулсан гэж байгаа шүү дээ. Хэдэн зуун жилээр урагшлуулчихав?
    М.Саруул-Эрдэнэ: -Саяхныг хүртэл монгол хэл бичгээрх хамгийн анхны дурсгалыг Чингисийн чулууны бичиг гэж үзэж байлаа. Тэрийг 1224 юмуу 1225 онд бичсэн гэж үзвэл 600 гаруй жилээр урагшилсан хэрэг.
    Д.Төмөртогоо: -Одоогийн байдлаар бидэнд мэдэгдэж байгаа л хамгийн эртний дурсгал гэсэн үг шүү дээ. Яг монгол бичиг үүссэн цаг бол тэр биш ээ. Олон хүн, Владимирцов хүртэл яг л тэр бичээсээр монгол бичгийг эхэлсэн гэж хэлээд байдаг юм. Чухам үүссэн цаг нь бол Уйгарын хаант улсын мандаж байсан үе, IX, X зуунд л хамаарах ёстой. Тэр үеийн дурсгал нь л харин үлдсэнгүй. Үлдсэн юм дотроо л Чингисийн чулууны бичиг анхных нь. Яах вэ, Чингисийн чулууны бичгийн үсгийн технологи нь жаахан болхи л доо. Тэгтэл тэрнээс холгүйхэн бичигдсэн мундаг мундаг хөшөөнүүдийн бичээс байна шүү дээ. Индү вангийн хөшөөний бичээс зэрэг бол ямар гайхамшигтай гэж санана?
    М.Саруул-Эрдэнэ: -Тэгэхээр тэр уран нарийн бичээс, найруулга зэрэг бол тэрхэн дороо үүсээд шууд бичсэн зүйл биш, хэдийнэ боловсорсон бичгийн хэл гэдэг нь тодорхой л доо.
    Д.Төмөртогоо: -Тэгэлгүй яахав. Нууц товчоо жишээ нь хэдийгээр ханзаар буулгасан нь үлдээд байгаа боловч монгол бичгээс л буулгасан нь тодорхой. Тэгээд бодохоор тэр Ринчен багшийн “аман бичгийн хэл” гээд байдаг бол яах аргагүй үнэн юм аа. Туулийн хэлийг үзэхээр зүгээр нэг ярианы хэлээр өгүүлэхгүй байгаа шүү дээ. Яг бичгийн хэлний найруулгаар, гэхдээ ялгаа нь бол ам дамжаад явчихдаг.
    -Аливаа үндэстний бичгийн түүх урагшлах нь тэр үндэстэндээ ямар ашиг тустай байдаг вэ?
    Д.Төмөртогоо: -Үндэсний бичиг соёлын түүх гэдэг нь ерөөсөө оюуны соёлын царааг нь харуулна. Монголчуудыг ер нь л нэг нүүдэлчин, бүдүүлэг гэсэн ойлголт байдаг шүү дээ. Гэтэл бичиг үсэгтэй нийт улс үндэстний дотроос, бүр суурин соёлтой улсуудын дотор ч ийм хэдэн зуу, мянган жилийн бичгийн хэлний түүхтэй нь ховор шүү дээ. Монголчууд чинь нүүдэлчин гэж байгаа. Тэгсэн мөртлөө суурин соёлтой хүмүүсээс өмнө бичиг үсэгтэй, төр улстай байсан нь олон юмыг өөрөөр харах, эргэж үзэх хэрэгтэй болж байна гэсэн үг. Зургадугаар зуунаас манай бичгийн хэлний түүх эхэлнэ гэхээр оюуны соёлын түүх, боловсрол гэгээрлийн түүх ч бас тэгж урагшилж байна. Владимирцов чинь XIII зууны үеийн нүүдэлчин улсын дотроос бичгийн ийм өв үлдээсэн улс байхгүй гээд шагшаад байсан шүү дээ. Гэтэл одоо VI зуун болохоор бүр чиг гайхамшиг мөн биз.
    М.Саруул-Эрдэнэ: -Бас нэг чухал зүйл бий. Монгол түрэг хэлний талаар сүүлийн үед мэргэжлийн бус хүмүүс хүртэл их сонирхож судалж байна. Аль алинд нь байгаа үгийг Монголоос авсан юм уу, Түрэгээс авсан юм уу гээд л. Ер нь бол Алтай судлалын ертөнцөд монголчууд түрэг хэлнээс илүү их үг авсан гэсэн үзэл эхнээсээ бат оршчихсон юм. Учир нь тэдний бичгийн дурсгал илүү эртнийх, энэ үг тэр ч дурсгал дээр минь ингээд байж байгаа гээд л. Зүгээр нэг манай үг гэх өөр, бичгийн дурсгал л баталгаа болно шүү дээ. Тэгтэл манай бичгийн дурсгалууд гэхээр нэлээд хойшоо болоод байдаг байлаа. Одоо гэтэл өөр болж ирж байна. Рүни үсгээр түрэг хэлийг тэмдэглэхээс өмнө брахми үсгээр монгол хэлээр бичиж байжээ гэхээр манай хэлний баримтат баталгаа илүү эртнийх болоод ирж байгаа биз. Ингэхлээр их өөр яриа үүснэ гэсэн үг.
    Д.Төмөртогоо: -Алтай судлаач нар түрэгээс монгол аваад байсан гэх хандлага гаргасан гэж байгаа чинь үнэн шүү. Үүнд гол хуучны ЗХУ-ын түрэг угсаатан эрдэмтдийн үндэс угсаагаа гэх үзэл бас нөлөөлсөн юм.
    -Би өөрөө төвөд хэл бичиг үздэг юм л даа. Тэгтэл брахми монгол бичигт өнөө шороон Са зэрэг маань бүгд байх юм. Монгол-Төвөдийн бичиг соёлын холбоо тэгэхээр бүр эртнийх болж таарах уу?
    Д.Төмөртогоо: -Төвөд өөрөө бас брахмигаас бичгээ авсан л даа. Тэгэхээр Хүйс толгойн бичээс, төвөд үсгийн цаад эх булаг нь нэг юм гэсэн үг. Монгол бичгийг кириллтэй, латинтай нэг гаралтай гэхээр хүмүүс үнэмшихгүй. Үнэндээ бол адил үсэг олон бий. О, У үсгийг аваад үз, бүгд л гэдэс байгаа биз. Тэгэхээр дүрс хэдий хязгааргүй ч нийтлэг зүй тогтол гэж юм байна. Хэлний авиа ч бас хязгааргүй, гэхдээ хязгаарлагддаг зүй бас байдаг. Бүх хэл өөр мөртлөө бүгд яагаад мама, баба гээд байна вэ?
    М.Саруул-Эрдэнэ: -Биднийг оюутан байхад багш таны захиж хэлж байсан үг санаанд орчихлоо. Аливаа хэлэнд ялгаанаас илүү, универсаль буюу адил шинж нь илүү байдаг юм шүү гэж. Зэрэгцүүлсэн, харьцуулсан хэл зүй гэхээр бид дандаа хэлний ялгааг олж харах гээд, чухалчлаад байдаг. Гэтэл бүх хэлэнд байдаг адил шинж нь илүү олон ажээ.
    -Монгол брахми бичгийг судлахаар яалт ч үгүй тухайн зууны үеийн түүхээр аялах, түүхийг эргэн санах шаардлага гарч байгаа юм л даа?
    Д.Төмөртогоо: -Тийм. Үүнийг батлах нэг юм бол зургадугаар зууны үед Монгол, Энэтхэг, Азийн хооронд ямар соёлын харилцаа байсан юм гэдгийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Монгол бичиг гэхэд л Уйгарын хаант улс Монголтой хэдийд ямар холбоотой байв гэдэг түүхээс л үнэн түүх нь гарч ирнэ. Уйгарын хаант улс XII зуун гэхэд задарчихсан байсан. Тэр үед тэгэхээр үсэг бичгийг нь авна гэдэг эргэлзээтэй, хавьгүй өмнө л байж таарна. Түүхийн судалгаанаас тийм баримжааг авах хэрэгтэй.
    М.Саруул-Эрдэнэ: -Түүнчлэн брахми үсгийг согдууд хэзээ, ямар шалтгаанаар, яаж аваад хэнд тараасан, тохаруудын брахми үсэг авсан түүх юу байв зэргийг түүхэн талаас судлах нь бас чухал баримжаа болох юм.
    -Цагаан сарын өмнөхөн монгол брахми бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон. Дөч гаруй хүн сонсогчоор оролцож, 12 хүн илтгэл тавьсан. Уг хурлаас “Монгол брахми бичгийг судлах судлаачид гарч иржээ. Манай хэлний салбарт том сэдэв, ажил гараад ирлээ гэж харсан шүү?
    М.Саруул-Эрдэнэ: -Энэ хурлын хамгийн чухал ач холбогдол нь монгол брахми бичиг, Хүйс толгойн бичээсийг олон өөр салбарын эрдэмтэн тал талаас нь судалж, нэгэн цогц маягтай болгож ирэв. Хэл шинжээч О. Самбуудорж хэлнийх нь талаас задлан ярилаа, Цагааны Төрбат археологийн талаас судалсан бол Юндэнбатын Болдбаатар түүх угсаатны судлалын үүднээс харж тайлбарлав. Б.Напил түрэг монгол хэл шинжлэлийн хоёр талаас нь харьцуулан илтгэлээ. Бүх илтгэгч өөрийн мэргэшсэн нарийн шинжлэх ухааныхаа үүднээс хандан судалжээ. Энэ их чухал юм.
    -Л.Хурцбаатар багшийн хувьд Хүйс толгойн бичээсийг тайлж, бичиг үсгийн түүхийг урагшлуулсан гавьяа байгууллаа. Энэ бичгийг тойрсон судалгааны нийгэмлэг байгуулагдлаа. Одоогоор 80 гаруй хүн монгол брахми бичгийг сурсан байна. Цаашдаа энэ хүмүүс дундаас монгол брахми судлаачид гарч ирэх нь. Нэг хүний зүтгэл л энэ бүхнийг үүсгэлээ шүү дээ?
    Д.Төмөртогоо: -Үнэн үнэн. Социализмын үед нэг хүний зүтгэлийг их үгүйсгэдэг байв. Одоо бол өөрөөр харж болно. Л.Хурцбаатар хэрвээ Германд тэрбумтан, саятан болсон бол түүхэнд юу үлдэх вэ? Гэтэл энэ л судалгаа, бичиг соёлын төлөөх зүтгэл нь гавьяа болон үлдэж байна. Үүний төлөө нэрээ мөнхөлж байна шүү дээ.
    М.Саруул-Эрдэнэ: -Тийм шүү. Л.Хурцбаатар багш гол нь их сэтгэлтэй. Өөрөө нэг юм сурчихаараа зүгээр сууж чадахгүй, бусдад сургах гээд байдаг, хичээл заая гээд байдаг хүн (инээв).
    Д.Төмөртогоо: -Тийм тийм. Та хоёр ер нь зан чанар их төстэй улс шүү. Зүгээр суугаад байж чаддаггүй улс. Тэгээд тэнд хамтраад ажиллахаар чинь баярлаж л байлаа. Ер нь монголчууд дунд ордос хүмүүс маш дайчин, зоригтой, тэмцэгч нар байдаг юм шүү. Хурцаад тэр шинж нь ч нөлөөлсөн байх.

  • Хайрыг хайрла

    Гэрлэнэ гэдэг насан туршийнхаа ханийг сонгож,ганц л удаа шийддэг эрхэм нандин зүйл. Эл хэрэгт хөнгөн гоомой бүү ханд гэж хэлэх ч багадна.

    Хамгийн хашир,хэрсүүгийн дээдээр хандах ёстой. Эр,эмийн явдлаас болж биеийн физиологийн тэнцвэр алдагдаж ,сэтгэлийн тэнхээ сайтай залуусыг хүртэл барьц алдуулдаг тал бий.Идэр исгэлэн залуус эсрэг хүйсийн хүнийг цаг үргэлж бодоод ирэхээр,ажил төрөл,хичээл номдоо хайш яайш хандаж ,зарим тохиолдолд гэмт хэрэг үйлдэх зэрэг сөрөг муу нөлөө үзүүлдэг. Энэ бол залуучуудын хүмүүжлийн чухал асуудлын нэг юм. Залуу хүмүүс цагаан цайлган, цэвэр ариун сэтгэлтэй байдаг. Чухамхүү түүнээсээ болоод тун ялигүй юмны төлөө уурлаж уцаарлах,гомдож горойхдоо амархан байдаг. Гэтэл орчлон ертөнц тэдний боддогчлон тийм энгийн хялбар зүйл биш. Ертөнц гэдэг эцэс төгсгөлгүй нарийн төвөгтэй зүйл. Залуу хүмүүс юуны өмнө үүнийг ухаарч,хүний болоод аливаа хэрэг явдалд хязгааргүй уужим сэтгэлээр цог золбоотой хандаж сурах хэрэгтэй.
    Эгшин хурам бүрийд,санаж бодох тоолондоо дэгжин дээшлэж яв. Эс тэгвээс амьдралын маань үнэ цэнэ алдагдахад хүрнэ. Үй олон хэрэг явдлын дотроос хамгийн адгийн зүйл бол амиа хорлох явдал. Надаас хойш юу л болбол болог гэсэн хар амиа хичээсэн хүний ажил. Аав ээж ,ахан дүүс ,анд нөхөддөө асар их харуусал,сэтгэлийн шарх үлдээдэг зүйл. Зарим хүн яагаа ч үгүй эрт айл гэрийн амьдралыг авч явах үүрэг хүлээхээс цааргалж байдаг. Хал үзэж,хашир сууж амжаагүй байж гэрлэх гэдэг алдаа болно гэж үздэг олон хүн байдаг. Энэ бүхэн өрөөсгөл ойлголт юм. Ганц хоёрхон удаа уулзсан төдийгээр бие биеийнхээ ааш араншинг ч таньж мэдэж чадахгүй. Чин үнэн хайр сэтгэлээр холбогдоогүй хоёр хүнийг,гадаад нөхцөл бололцоо нь хичнээн таатай сайхан байлаа ч гэсэн ,албан хүчээр гэрлүүлж огт болохгүй. Эр,эм ямар ч хүн ,үнэхээр итгэж болох нэг хүнийг л хайж байдаг.
    Цаг зуурын сэтгэлийн хөөрөлд автан заяа нь мэдэг гээд шийдчихдэг ажил биш. Хайр сэтгэл бол жирийн нэг бодол,эрэгцүүллээс гардаг зүйл биш. Сэтгэлийн гүнээс аяндаа бий болоод ирдэг зүйл. Яагаад ямар маягаар бий болсныг нь мэдэхийн арга ч байдаггүй. Ерийн нэг бодол эрэгцүүлэл яахав дээ,үүний дэргэд дотоод сэтгэл,мэдрэмжийг тунгаан тайлахыг оролдож буйн илэрхийлэл төдий л зүйл. Нас, үзэл бодол,зэрэг дэв хэн ч байлаа ч гэсэн сэтгэл санаа нийлж ,жаргал зовлонгоо хуваалцдаг болбол жаргалын дээдийг эдэлж байгаа нь тэр. Жирийн нэг сайхан эв нийц л тэднийг аз жаргал өөд хөтлөн аваачиж байдаг. Хайр гэдэг зүйл тэднийг хооронд нь тухайн үгийн хамгийн халуун дулаан утгаар холбож байгаа хэрэг. Хүмүүс бие биеэ хайрлаж,жаргал зовлонгоо хуваалцан ,ач хариулалцаж байгаа цагт л жинхэнэ жаргал гэдэг юм байна. Эхнэр нөхрүүдийн хооронд чин сэтгэлийн хайр,дүүрэн сайхан халуун сэтгэл дутагдах юм бол энэ орчлон үнэхээр утга учиргүй болно. Хүний хамгийн дээд жаргал бол халуун дотно аж төрж,бие биеэ харилцан тайтгаруулж,зоригжуулж явдагт л байдаг.
    Бие биеэ хардаж сэрддэггүй,баясгалантай сайхан инээдээр хэн хэнийгээ дандаа баярлуулж,тус тусынхаа үүрэг хариуцлагыг хүндэтгэн,хичээнгүй нягт ажилладаг хүмүүстэй айл гэрээс сайхан юм байхгүй.Айл гэр болгон л улам бүр сайхан амьдрахсан гэж боддог. Эл хүслээ гүйцэлдүүлэх хамгийн анхны болзол нь гэр бүлийн харилцаагаа ямар ч орчин нөхцөлд хөгжил баясгалантай ,сэргэлэн цовоо байлгах явдал юм. Зовж байна уу. жаргаж байна уу гэдэг бол угтаа бодит нарийн хэмжүүргүй хийсвэрдүү ойлголт юм. Эр эм хоёрын олон жилийн туршид хамтдаа залхуугүй тордон тэтгэсээр ирсэн халуун хайрын цамхаг бол хэзээ ч нурахгүй. Хоёр биедээ итгэдэг,нэг нь нөгөөгөө үнэхээр хайрладаг бол тэдний эхнэр,нөхрийн холбоо үүрд бат бэх байна. Эрэгтэй,эмэгтэй хүмүүс эрх тэгш байдаг хэдүйч айл гэрийн дотор эхнэр нь нөхрөө л түших учиртай. Яагаад гэвэл эр нөхөр нь айл гэрийн багана ноён нуруу нь байдаг. Хоёул эн чацуу бие биеэ даасан байдалтай байхыг эрмэлзэн тэмцээд эхлэх л юм бол тэр айл гэр үрэн таран болж төгсөнө. Тэрхэн зуур уулзаж учирсан төдийхнээр хүнийг сүрхий,ханилгаатай,ханилгаагүй гэж дүгнэх юм бол их алдана. Хайр дурлалд ч өөрийн гэсэн цаг байдаг.Өөрөө аяндаа хүрээд ирдэг тэр цагий нь хүлээж сур. Тэвчээр бүү алд. Нийгмийн тогтолцооны гэм согогийн уршгаар амжиргааны өртөг улам бүр өсч,залуу хүмүүс тэр бүр гэрлээд байх боломж ч бас мууджээ. Гэвч эдийн засгийн байдал өөдлөж ,үр хүүхдээ өсгөн бойжуулж сайн цалин хөлстэй,сэтгэл тайван ажиллаж амьдрах сайн сайхан цаг ирж байна. Бидний өдөр тутмын амьдрал ямар нэгэн албадлага шахалтгүй байгалийн жам ёсны дагуу, тасралтгүй дөлгөөн ,тэнүүн урсаж байх ёстой. Байгалийн жамыг сөрсөнөөсөө л болж хүн өөрөө зовдог.Аливаа юманд хичнээн л анхаарал тавина вэ,төчнөөн хайртай болдог жамтай.Хүүхэд асарч тойлно гэдэг,эцэг эхээс нь асар их анхаарал халамж шаарддаг.Гэлээ ч тэд хамгийн их асарч тойлуулж,бөөцийлүүлсэн хүүхэддээ л илүү их хайртай болдог. Хайр,хичээл зүтгэл,анхаарал халамж тавиагүй зүйл сэтгэлд огт ойр дотно болж өгдөггүй. Өөд татах гэж хичээн зүтгэсэн бол төчнөөн элэгтэй болдог. Хар амиа хичээсэн,өнгө мөнгөн дээр тогтсон хайр үзэх өнгөндөө тун ч таатай сайхан байвч ашиг хонжоон дээр зөрөхийн цагт даруй дайсагнал болон хувирдаг жамтай. Цэвэр ариун сэтгэлийн хайр өнгөндөө амтгүй мэт үзэгдэж байвч насан үүрд үл эвдэрнэ. Бодит ертөнцийн юм бүхэн хэвтээ буюу хөндлөөшөө харилцаанд л оршдог.Төр, захиргааны хэрэг явдал арга буюу босоо чиглэлийн харилцаанд орох тогтсон хатуу ёс журмыг дагах нь зүйтэй боловч,гэр бүлийн харилцаа хэвтээ харилцааны ёс горимыг л баримтлан явах нь зүйтэй. Эмэгтэйчүүд бол улс үндэстэн оршин тогтнохын үндэс. Эмэгтэйчүүдийг нийгмийнхээ амьдралын нүүрэн талд гаргаж идэвхийлүүлдэггүй үндэстэн зайлшгүй бууран доройтно.
    Одоо цагт бие биедээ үнэхээр итгэдэг эхнэр,нөхөр хоёр харьцангуй цөөн болж. Эхнэр ч бай нөхөр ч бай муухай аашаа хөдлөвөл түүнийг байдаг аргаараа даруй үлдэн хөөж бай. Аашны мууд хэлсэн, хийсэн юухан ч бай сайн үр дүн авчирдаггүй. Хүн өөрийнхөө муу муухай бодлын эсрэг тэмцдэг байх ёстой.Өөртөйгөө тэмцэлдэхийн олон хүчир давааг дараа дараалан туулах явцдаа л хүн муу муухайгаа дийлэх чадварыг аажим аажмаар олж авдаг юм. Өөртөө дандаа дийлдэж явдаг хүн оюун санааны хувьд хэзээч өөдлөн дэвжихгүй. Нийгмийн тогтолцооны муугаас болж махаа идэж яваа гэр бүл ч бас бий. Дөч хүрээд дөнгөж амс,тавь хүрээд тавьж амс гэж өвөг дээдсийн сургааль байдаг шүүдээ .Сархадтай нөхөрлөөд л эхэлвэл ямарч сайн сайхан гэр бүл сарнидаг жамтай. Хайр сэтгэлийг тэвдэж адгалгүй,тэсвэр тэвчээртэй тордон бадрааж байх учиртай.Хайрлах сэтгэл хамгийн чухал. Хайр дутсан цагт ямар ч арга,оньс ,мөнгө тус болохгүй. Эр эм хоёр нэгэнт л түс тас шийдээд гэрлэчихсэн хойно,бие биедээ итгэсэн шиг итгэж,нэг нь нөгөөгийнхөө төлөө амиа ч хайрлахгүй байх ёстой. Аливаа хүн өөрийнхөө сонгосон зам,өмнөө тавьсан сайн сайхан зорилго өөдөө урагш тэмүүлэн,үргэлж дэгжин дээшлэж явах ёстой.
    Монголчууд бид цөм нэг элэг нэгтнүүд,нэг гэр бүлийнхэн гэдэг мэдрэмжийг бүхий л аргаар оюун санаандаа бий болгон дэлгэрүүлж өрөөл бусдад цаг ямагт арга баширгүй,алагчлал ялгаваргүй,саруул сайхан.ариун цагаан сэтгэлээр хандацгааж байя. Хүмүүсийн хоорондын хуучин хэвшсэн харилцаа бахь байдгаараа ноёрхсон хэвээр байх юм бол амьдрал харин ч улам хүйтэн цэвдэг байх болно. Хүнийг хэмждэг хоёр хэмжүүр л байдаг. Хүнийг хайрлах нинжин сэтгэл,мэдлэг чадварын тоо хэмжээ,чанараар л хэмжиж болно.Залуу хүмүүс өөрийнхөө сонгосон замаар өмнөө тавьсан сайн сайхан зорилго өөдөө урагш тэмүүлэн,үргэлж дэгжин дээшилж яв.Ахчлах,дүүчлэхийн ёсыг үл мэдэх,хүйтэн цэвдэг сэтгэл гаргах,юм л бол гомдож горойн гуниж туниж явах,арга мухардан цөхрөх нь муу бүхний туйл гэдгийг санаж яв. Хүнд хамгийн чухал нь,өөрийгөө хаана ч,хэзээ ч даруу бариу авч явах.Бусдыг өөчилж муучилмаар бол урьдаар өөрийнхөө нүгэл хилэнцийг эрхбиш нэг санаж бай.Орчлон өөрт чинь давчуухан санагдаад байвал бодол санаа чинь л давчуухан байгаа хэрэг.Сэтгэл дотроо харилцан сайн сайхан санаа өвөрлөж явна гэдэг бол хамгийн энгийн зүйл. Тэрхэн зуур хүйтэн цэвдэг сэтгэл гарган чанга хатуу загнах яах вэ,сэтгэлийн нь мухарт сайхан санаа байгаа л бол тэр нь өөрийн эрхгүй мэдэгдэж сэтгэл бүлээцүүлнэ.Тийм хүн тэрхэн зуур дургүй хүргэлээч сүүлдээ талархал хайр булаадаг юм.
    Олонхи маань мөнгөний утга учиргүй шуналд бие сэтгэлээ дөнгөлүүлж орхиод хий л амь тэмцэн тэлчигнэж байх юм. Оюун бодол,бие сэтгэлээ өөрөө тийм хүнд хүчир дарамтанд оруулж орхиод бас халаглаж гаслаж явахыг нь яана. Мөнгө гэдэг материаллаг зүйлийн “төлөөлөгч” болохоор оюун санааны эсрэг байдаг.
    Алив хүнтэй аялаг нийцтэй харилцах уужим талбиун сэтгэлтэй байцгаая.Хэн нэгэнд дургүй хүрэх юм бол,би ч гэсэн өөрөө бас төгс төгөлдөр сайн хүн биш шүү дээ гэж бодоцгоож байя.” Уучил хайрт минь уучил “гэдэг үг сонсголонтой сонсогдож байгаа биздээ.Уучилна гэдэг бол ёс суртахууны дээд хэлбэр гэдгийг санаж яв. Нэгэнт болоод өнгөрсөн явдлыг мартаж бай.Тохиолдсон хүлчил,ичгүүр,зовлонг үргэлж бүү бод. Гагцхүү урьд урьдынхаасаа ухаалаг бай. Үргэлж цаг тутамд ажил хийж бай. Учир нь сэтгэлд ямар нэгэн муу орон зай үүсч ж амьждаггүй. Эцсийн эцэст харилцан хайрлалцаж,өлзий буянаа өгөлцөнө гэдэг маань хамгийн энгийн бөгөөд хамгаас үнэ цэнэтэй хамгийн үнэн ёс мөн. Би эрх мэдэлтэй, баян тансаг байж бусдыг бөхөлзүүлж байсан дор бол,эгэл жирийн гэрт намайг газар дээрх ганц хань нөхөр минь гэж чин үнэн сэтгэлээсээ хайрладаг хүнтэй л хамт аж төрөхийг л эрхэм дээд зол гэж бодно. Хайр хайрын дотроос ,ядарсан элэг нэгтнүүдээ хайрлах нинжин сэтгэл бол хамгийн тэнгэрлэг зүйл гэдгийг алхам тутамдаа санаж яв.Хайр хүчтэй.

  • У.ПҮРЭВСҮРЭН: ИЖИЙ БҮРИЙН ӨРГӨСӨН СҮҮН ЦАЦАЛ ХИЛИЙН БАГАНА ДЭЭР ОЧИЖ ДУСДАГ

    -Таныг уншигчид яруу найрагч гэдгээр нь сайн мэддэг. Гадаа хавар болж байна. Хамгийн сүүлд ямар шүлэг тэрлэв?

    -Хүний амьдралыг би дөрвөн улиралтай зүйрлэдэг. Хавар мэт ургаад, зун мэт цэцэглэж, намар мэт гандаад, өвөл мэт хайлж дуусдаг. Ганцхан жил шиг цаг хугацаа. Энэ хугацаанд хүн өөрийнхөө хувь тавиланг яаж үргэлжлүүлэх, яаж дурсагдах, хэрхэн дуусгах вэ гэдэг нь өөрөөс нь л шалтгаалдаг. Миний хувьд шүлгийн бодол санаа ихэвчлэн намар хөглөгддөг. Намрын улиралд хамгийн даацтай уран бүтээлүүд минь төрсөн байдаг. Хамгийн сүүлд “Цаг хугацааны зүүд” гэсэн шүлэг тэрлэлээ.

    Таны хувьд жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Ямар хувь тохиолоор цэргийн байгууллагатай холбогдов?

    -Би СУИС-ийг төгсөөд Увс аймгийн театрт хоёр жилийн гэрээтэй ажиллахаар очсон. Тус аймаг хилийн хоёр ангитай. Тухайн үед бид төвийн хилийн ангитай уялдаатай ажилладаг байлаа. Захирагч нь Л.Батсүх гээд хурандаа байсан юм. Оросоос төлөөлөгч, зочид их ирнэ. Тэр үед нь би тоглолтыг нь найруулж, хөтөлдөг байлаа. Удахгүй захирагч маань Сэлэнгэ аймаг руу шилжиж ажиллахаар явахдаа надад Сэлэнгэд ажиллах санал тавьсан юм. Тухайн үед би зөвшөөрөөгүй. Үүний дараа намайг хотод ирчихсэн байхад дахин холбогдоод Сэлэнгэд хилчдийн баярт зориулсан тоглолтыг найруулах санал тавьсанаар энэ аймагтаа таван жил ажилласан түүхтэй.

    -Тэгээд л Сэлэнгэд үлдчихсэн юм уу?

    -Тухайн үед Л.Батсүх хурандаа удирдлагуудад энэ залууг л авч үлдмээр байна гэсэн санал тавьсан юм шиг байгаа юм. Тоглолтын дараа намайг аваад Сайхны хөтөл, хилийн зурвас дээр аваачсан юм. Тэр үед би Монгол Улсын хилийн хоёр багананы хажууд зогсоход нэг л сонин мэдрэмж төрсөн. Энэ хилийн багананаас цаашаа нэг алхахад хүний нутаг, яг миний зогсож байгаа газар миний нутгийнх. Хэрэв энэ багана жаахан наана байсан бол энэ хэсэг тэр чигээрээ хүний нутаг болох байжээ гэсэн бодол төрсөн. Яагаад ч юм тэр үед эх оронч үзэл давамгайлсан байх. Гэнэт үлдчихмээр санагдаад ээж, эхнэр лүүгээ ярьсан чинь “Үлдмээр байвал өөрөө л шийд” гэж хэлсэн. Тэгээд л энэ сайхан газар энэ мундаг хүмүүстэй хамтраад эх орны тухай, хилийн тухай уран бүтээл хийе гэж зориглоод үлдэх шийдвэр гаргаж байлаа.

    -Мэдээж таван жилийн хугацаанд олон уран бүтээл туурвисан байх?

    -Монголын хилчдийн сүлд бүтээл болж, эгшиглэсээр байгаа “Эх орон тайван байна” дуу минь хил дээр “төрсөн”. Энэ бүтээл гурван бадагтай, энэ бадгууддаа Монгол Улсын хилийн гурван үеийн түүхийг багтаасан. Тиймээс ч яруу найргийнхаа хувьд цар хүрээ өргөнтэй. Ихэнх цэрэг эх орны дуу марш байдаг. Харин энэ дуу уянгын мөртлөө цэргийн суурьтай гэдгээрээ онцлог болсон юм болов уу.

    -Өөрөө хил дээр ажиллаж байсан хүний хувьд яг хилчдийн амьдралыг зураглаач?

    -Говийн хилийн ангийг төсөөлье. Улайсан говь, тэнд шувуу ч ангадаг. Түүгээр явсаар хилийн зурвас дээр очоод тулахад нэг жижигхэн харуулын байранд нэг ахлагч хэдэн цэрэгтэйгээ “Монгол Улсын хил тайван байгааг илтгэе” гээд ёслоод зогсож байдаг. Тэр хүн насаараа хилийн зурвас манаж байна. Мэдээж өөрийн мөрөөдөл, зорилготой байсан. Түүнийг дагаад нэг бүсгүй ажлаа, мөрөөдлөө орхиод дагаад ирчихсэн байдаг. Тэгэхээр хилчдээр, тэдний гэр бүлээр бахархахгүй байхын аргагүй. Монгол ижий бүхэн “Төрийн минь сүлд өршөө, Монголын минь хил тайван байг” гэж сүүн цацлаа өргөдөг.

    Ижий бүрийн өргөсөн сүүн цацал хилийн багана дээр очиж дусдаг юм. Тиймээс эдгээр хилчдийнхээ алдар гавьяаг мөнхлөх, сэтгэлийг нь өргөхийн тулд ХЦДБЧ байхаас, сайн уран бүтээл хийхээөс өөр сонголтгүй гэж би боддог юм.

    -Цар тахлаас шалтгаалаад урлагийн байгууллагууд маань хоёр жил гаруй зогсонги байдалтай байлаа. Одооноос л хөл хорио сулраад үйл ажиллагаа хэвийн болж байх шиг байна?

    -Хэдийгээр үзэгчдэд уран бүтээлээ хүргэх цаг хугацаа нь хязгаарлагдмал байсан ч тэргүүлэгч уран бүтээлч буюу уран бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд нэлээдгүй бодох, шинэ санаа эрэлхийлэх боломж бий болсон. Уран бүтээл дээрээ тогтож суух, даацтай бүтээл гаргах түлхэц боллоо гэж харж байна. Хэдийгээр Монгол Улс хилээ хаасан ч бүтээгч хүмүүсийн тархины хилийг хаах боломжгүй учир уран бүтээлээ туурвих, өмнөх бүтээлүүддээ дүн шинжилгээ хийх гээд нэг талаар энэ хоёр жил үр өгөөж, бүтээмжтэй өнгөрсөн гэж бодож сууна.

    -Тэгвэл одоо л бодож, төлөвлөж, зорьсон уран бүтээлээ хийх цаг нь боллоо гэж та харж байна уу?

    -Ирэх жил Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жилийн ой болно. Ойн хүрээнд манай чуулга үндсэн үүргийнхээ дагуу том хэмжээний уран бүтээлүүдээр бэлэг барих учиртай. Тиймээс Монгол орны дөрвөн зүг найман зовхист байгаа хилчдийнхээ дундаас авьяастай уран бүтээлчдийг шалгаруулах хилчдийн урлагийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Шалгарсан уран бүтээлчдээ ойн хүндэтгэлийн тоглолтдоо оролцуулах юм. Манай чуулга улсынхаа хэмжээнд үнэ төлбөргүй тоглодог, нүүдлийн статустай ганцхан чуулга. Бид эх орныхоо хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчид болоод тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хил орчим ажиллаж, амьдарч байгаа ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх үндсэн үүрэгтэй.

    -Үүргийнхээ дагуу хилчиддээ хэр ойр хүрч, үйлчилж байна?

    -Бид хоёр жилд нэг удаа Монгол Улсын хилийг бүтэн тойрсон байх үүрэгтэй. Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалаад энэ ажил нэлээд доголдсон тал бий. Гэхдээ цахим орчин хөгжсөн учир онлайн тоглолтуудыг зохион байгууллаа. Энэ хугацаанд анир чимээгүй, суурин газраас хол хилийн зурваст албан үүргээ гүйцэтгэж суугаа хилчид маань мэдээж урлаг соёлоор цангаж, уран бүтээлчдээ санасан байгаа. Тиймээс энэ жилийн хувьд илүү шинэлэг, чанартай, өвөрмөц уран бүтээлээр бэлэг барихаар төлөвлөгөөгөө нарийн гаргаж, ажиллаж байна.

    -ХЦДБЧ-ын үндэс суурь нь хэзээнээс эхтэй вэ. Дарийн утаа үнэртэж, дайнд хүртэл оролцож явсан гэх түүх байдаг юм билээ?

    -Монгол Улс гэж байгаа бол дархан хил байна. Хил байгаа бол тэнд хилчид байна. Манай улс хилээ хамгаалуулж байгаа учир тухайн хүмүүст цалин хөлснөөс эхлээд хангамж өгөх учиртай. Үүнд нь хувцас хэрэглэл, соёл урлагийн арга хэмжээ багтдаг. Тиймээс манай улсын хил бүрэлдэн тогтсоноос эхлээд л хилийн цэргийн чуулгын улбааг ярьж болно гэж би боддог. Харин орчин цагаар бодвол чуулга маань 78 жилийн түүхийг бичиж байна. Он цагийн салхинд манай чуулга мандан бадарч, дайны утаа үнэртэж явсан үе бий. Баруун хилийн тулгаралтад оролцож, амь эрсдсэн уран бүтээлчээ чуулгынхаа тугаар ороож авчраад хөдөөлүүлж байсан гашуун түүх ч байдаг.

    -Нэг хэсэг танай чуулга ЦДБЭЧ-тай нэгдэж байсан. Яагаад буцаад салчихсан юм бол?

    -Тухайн үеийн яам, тамгын газрын буруу бодлого, шийдвэрээс болоод чуулга маань татан буугдаж, ЦДБЭЧ-тай манайхыг нэгтгээд Бүх цэргийн дуу бүжгийн чуулгыг байгуулж байсан. Гэвч удалгүй энэ хоёр байгууллага тусдаа байх учиртай юм байна гээд эргээд салгасан түүхтэй. Одоогоор манай чуулга найрал дуу, найрал хөгжим, бүжиг анги, эстрад дуу хөгжмийн “Хилчин” хамтлаг гэсэн мэргэжлийн үндсэн дөрвөн ангид хуваагдаж байна. Үүнээсээ улбаалаад найрал хөгжим маань дотроо үндэсний хөгжим, үлээвэр хөгжмүүд нь дахин хоёр хуваагддаг. Зөвхөн хөгжим анги гэхэд тав салах жишээтэй. Эдгээр уран бүтээлчид маань Монгол Улсын таван хил рүү зэрэг гарах бололцоотой. Хөгжим дээрээ суурилаад дуучид, хөгжимчид маань хуваагдаад уран бүтээлээ хүргэдэг.

    -Уран бүтээлч авахдаа ямар шалгуур тавьдаг вэ?

    -Бид уран бүтээлийн багаа мэргэжлийн уран бүтээлчдээр бүрдүүлдэг. Манай чуулгын нэг онцлог нь дуучид маань бүгд солист буюу гоцлол дуучны түвшинд байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Жишээлбэл, дуурийн театрт зөвхөн найрал дуунд зогсдог дуучид гэж тусдаа байдаг бол манайд тийм боломж байхгүй. Тиймээс чуулгын маань босго жаахан өндөр. Дуучин авахдаа сонгон шалгаруулалт зарладаг. Энэ уламжлалынхаа дагуу саяхан хоёр дуучнаар бүл нэмээд байна.

    -Таны хувьд 12 жил чуулгынхаа ерөнхий найруулагчаар ажилласан. Уран бүтээлчийн хувьд баримталдаг хамгийн гол зарчим тань юу байв?

    -Би драмын чиглэлийн найруулагч. Тиймээс концертыг зохиомжтой хийхийг, тухайн концертийг үзсэн хүн нэг зүйл ухаараад гараасай гэж хүсч ажилладаг байлаа. Жишээлбэл, Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойд зориулсан тоглолтоо Хүннүгийн үеэс эхлээд газар бол лусын үндэс гэсэн санааг илэрхийлж, өнөөдрийн Монгол Улсын хил тайван байна гэдэг санааг уясан. Агуулга дотор нь эх орныхоо түүхийг тэр чигт нь багтаахыг зорьсон юм. Хүннү, Чингис хааны байлдан дагуулалт, есөн өрлөг, манжийн дарлал, ардын хувьсгал, ардчилал гээд бүхий л түүхэн цаг хугацааг цаг дөчин минутад багтааж байсан юм. Уран бүтээлч хүн аливаа зүйлээс санаа авдаг. Сүүлд миний энэ тоглолтын агуулгаар Н.Наранбаатар найруулагч төрийн концертыг найруулж байна лээ.

    -Монгол Улсын хил өөрөө баялаг түүх, намтартай. Тэдгээрийг судалж, уран бүтээл хийнэ гэдэг найруулагчийн ур ухаан байдаг байх?

    -Хилийн аль ч цэг, тулгаралтыг авч үзэхэд тэнд бүхэл бүтэн концертын агуулга, санаа байдаг. Аливаа улсыг эзлэхийн тулд хамгийн түрүүнд хил рүү нь дайрдаг шүү дээ. Тиймээс дайсантай хамгийн эхэнд хилчид л тулна. Тэнд тулалдсан өвөг дээдсийн минь эр зориг, алтан амь бүхэн нэгэн түүхийг бидэнд үлдээсэн. Тиймээс ч энэ салбараас 14 баатар төрсөн. Тэдгээр баатрын түүхийг судлахад л 14 концерт босох жишээтэй. Миний хувьд энэ байгууллагын анхны ерөнхий найруулагч ажилласандаа үргэлж баярлаж, бахархаж явдаг. Өмнө нь зөвхөн найруулагч гэсэн ганцхан статус байсан юм билээ. Хилчдийн урлагийн их наадамд би түрүүлсэн юм. Тухайн үед цэргийн мэргэжлийн найруулагч байгаа юм байна гэдгийн удирдлагууд хараад надад энэ байгууллагад ажиллах саналыг анх тавьж байлаа.

    Ч.Гантулга