Category: Нийтлэл, ярилцлага

  • ЮРИЙ КУЗЬМИН: МОНГОЛ ДАХЬ ЭСЭРГҮҮЦЭЛ БОЛ ДОТООД БОЛОН ГАДААД ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТУСГАЛ

     

    — Та 12 дугаар сарын зургааны өдөр Улаанбатараас ирсэн. Тэгэхээр та болж буй үйл явдлын гэрч болжээ?
    — Тийм ээ, Монголд 12 дугаар сарын 3-6-ны хооронд байсан. Монголын талын урилгаар Улаанбаатарт болсон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон юм. Монголын Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтаар “Халхын гол:1939” нэвтэрхий толийг хэлэлцсэн.Энэ үеэр өвөрмөц “бэлэг” авлаа, түүхч, монгол судлаач хүн өөрийнх нь судалж байгаа оронд өрнөж буй энэ явдлыг нүдээрээ харж, ажиглах боломж гарлаа. Тухайн оронд төдийгүй Монголын хүн амд тун чухал үйл явдлуудын гэрч болсон юм.

    — Хэвлэлүүдээр энэ үйл явдлыг “нүүрсний хэрэг”, “авлигын дуулиан” гэж нэрлэж байна. 2021 онд дөнгөж төрсөн эмэгтэйг хүүхдийнх нь хамт эмнэлгээс гаргасан “хүнлэг бус харилцаа”-тай холбоотойгоор үүссэн эсэргүүцэл тус улсын засгийн газрын өндөр албан тушаалтнууд огцрох шалтгаан болж байлаа. Энэ үйл явдлыг Ардчилсан нам болон Монгол ардын намын хоорондын “дотоод тэмцэл”и эгж тайлбарлаж байсан. Өнөөдөр болж буй үйл явдал энэхүү дотоод улс төрийн тэмцлийн үргэлжлэл байж болох уу?

    — Монголд болж буй үйл явдлын талаар хэвлэлүүдэдтайлбар өгч байгаа шинжээчдийн ихэнх нь өнөөгийн нөхцөл байдал үүсэхэд нөлөөлсөн ганц хоёр хүчин зүйлийг л хараад байна. Шинжээч биш хүмүүс, энэ улсын талаар огт мэддэггүй хүмүүс хүртэл өнөөгийн үйл явдалд хятадууд эсвэл америкчууд буруутай гэж ярьж байх юм.

    Зөвхөн америкчууд, эсвэл хятадууд буруутай гэж цоллох нь буруу, өнөөгийн нөхцөл үүсэх хүчин зүйл маш олон байсан. Нэн тэргүүнд гол болон бусад хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй. Гол хүчин зүйлсэд Монгол дахь улс төрийн эрх мэдлийн шатлал болон намуудын тэмцэл багтана. Одоо сонгуулийн өмнөх кампанит ажил хэдийнэ эхлэчихсэн, 2024 онд тэнд сонгууль болох юм.

    —Жагсаалын үеэр таны анхаарлыг татсан зүйл байв уу?
    — 12 дугаар сарын гуравны өдөр эсэргүүцэл эхлэхэд хүмүүс ядуурлын эсрэг уриа лоозон дэвшүүлж байсан. Нийгмийн энэ бүлгийг хувцасаар нь тодорхойлж болохоор байлаа. Хамгийн энгийн иргэд байсан, тэд засгийн газрын ордныг тойрон жагсаж байсан юм. Харин маргааш өдөр нь сайхан хувцасласан, тамирчид ч юм уу, оюутнууд ч юм уу нэг тийм жавхаалаг залуус гарч ирсэн. Тэд инээмсэглэсэн төрхтэй, ямар нэг зүйлээр дутагдсан шинжгүй харагдаж байлаа. Тэд ухаалаг гар утас ашиглаж байсан.

    — Нүүрсний хулгайн талаарх хэвлэлүүдэд гарсан мэдээллийг Хятадын мэдээллийн агентлагууд өгсөн гэсэн. Тэгэхээр энэ төлөвлөгөөтэй ажил байсан уу? Монголын стратегийн түнш энэ улс дахь нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхээр тооцоолсон байж болох уу?

    — Би өмнө нь ярилцлага өгөхдөө Монголын хэвлэлүүдийн тал нь Хятадаас, үлдсэн хэсэг нь Баруун, АНУ-аас санхүүжилттэй гэж би ярьж байсан. Дараа нь би Монголын хятад судлаачтай ярилцахад тэр энэ мэдээллийг няцаасан юм. Монгол ардын нам Хятадын Коммунист намын зүгээс тодорхой хэмжээнд дэмжлэг авдаг. Харин тэр Хятадад албан тушаалтнуудыг цаазалсан гээд байгаа нь худал мэдээлэл. Хятадад ч мөрдөн шалгалт хийж байгаа, үүний араас шүүх ажиллагаа болно. Бүх зүйл хуулийн дагуу явагдана.

    Хятадын хэвлэлүүдээс өгсөн мэтээр энэ мэдээллийг цацсан нь барууны агентлагуудын ажил байж мэдэх юм. Үүнийг мэргэжилтнүүд л тогтоож чадна. Мэдээллийн талбарын тал хувийг америкчууд, япончууд, солонгосчууд эзлэдэг, тэднээс гол дэглэгч нь хэн бэ гэдэг нь тодорхой. Энэ байдал Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны эсрэг чиглэгдсэн. Гэхдээ, өнөөгийн байдал нэн тэргүүнд дотоодын зөрчлөөс л үүдэлтэй болов уу.

    —2021 оны нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн улмаас өндөр албан тушаалтнууд огцорч байсан. Одоо яах бол?

    — Одоо ч албан тушаалтнууд огцорно. Эрх баригчид буруутнуудыг зарлаж, хэн нэгнийг золионд гаргахаас аргагүй болно, өөр яах билээ дээ. Одоогоор 15 хүний нэрийг зарлачихсан байгаа, цаашид ч энэ жагсаалт үргэлжилнэ. Монголд иймэрхүү зүйлийг нуух аргагүй байдаг, энэ бол Монголын нийгмийн онцлог. Дээр нь энд ардчилсан зарчим үйлчилдэг.

    —Монголын улс төрийн удирдлага цааш оршин тогтох нь эргэлзээтэй болж, сонгуулиар асуудал шийдэгдлээ гэж бодоход ийнхүү өнөөгийн удирдлага өөрчлөгдөх нь Оросын хувьд аюултай болов уу?

    — Өнөөгийн энэ байдлыг америкчууд захиалсан бол тун муу. Энэ оны нэгдүгээр сард Казахстанд болсон шиг үйл явдал болвол таагүй хэрэг болно. Орос, Хятадаас холдуулахын тулд “бантан хутгаж” болзошгүй юм. Миний бодлоор Орос улс үүнд тайван хандах байх. Монгол дахь Оросын бизнесийг цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой.

    —Өнөөгийн эсэргүүцэл Монголын хувьд эдийн засгийн үр дагавар дагуулах болов уу?

    — Монголын ард түмэн эдийн засгийн ноцтой хүндрэлийг туулж байгаа. Өнөөгийн үйл явдал ч үүнийг харуулж байна. Инфляци нэмэгдсэн, ажилгүйдэл газар авсан зэрэг нь өнөөгийн эсэргүүцэл дэгдэх хөрсийг бэлдсэн юм. Үр хүүхэд, ач зээгийнхээ ирээдүйд санаа зовниж байгаа, эдийн засгийн нөхцөлд сэтгэл ханамжгүй байгаа олон хүн жагсаалд оролцож байна. Гэхдээ эсэргүүцэлд голчлон залуус, тэр дундаа нийгмтийн шударга бус байдлыг ихэд мэдэрч байгаа оюутан залуус оролцож байна.

    Нэг хэсэг нь баяжиж, нөгөө хэсэг нь нэн ядуу амьдарч байгаа нь энэ улсын эрх баригчид ялангуяа амжиргааны төвшин доогуур хүмүүсийнхээ нийгмийн дэмжлэгийн талаар сайтар бодох ноцтой шалтгаан юм.

    Г.Бямбасүрэн

  • УДАМ ДАМЖСАН САЙХАН ХҮҮХНҮҮД 19-Р ЗУУНЫ САНДУЙ ХАТАН ХИЙГЭЭД ХҮРЭЭНИЙ САЙХАН ХҮҮХЭН ЛХАМСҮРЭН

    Ээжийн үеийн энэ олон шижир алтнуудыг манай сурвалжлагч нар яагаад олж илрүүлдэггүй юм болоо гэж би гайхдаг юм” гэж өгүүлжээ. Энэ бүсгүй тун ухаалаг хариулт өгсөн байгаа биз. Тиймээс би бээр саяхан Байманханд агсаны талаар ( нэхэн сурвалжлахаар түүний охин Лувсангийн Тунгалагтай бүтэн өдөржин хүүрнэлдсэн юм. Тунгалаг нь “Талын цуурай” киноны эрэлхэг эмэгтэй Борын дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон дэлгэцийн сайхан хүүхнүүдийн нэг билээ. Түүний аав нь соц нийгмийн үед өндөр алба хашиж явсан хүн. Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч дарга, ЗХУ, БНХАУ, Финлянд, Алжир зэрэг 10 гаруй оронд Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж явсан Сономын Лувсан гэхээр монголчууд андахгүй. Ингээд удам дамжсан сайхан хүүхэн Байманханд агсаны эрт эдүгээгийн гайхамшигт ертөнцөөр аялцгаая. 19-р зууны Сандуй хатан хийгээд хүрээний сайхан хүүхэн Лхамсүрэн Байманханд гуай Монгол улсын түүхэнд “Жонон ван” гэж алдаршсан хуучин цаг төрийн том зүтгэлтэн Эрдэнэ жонон ван Ширнэндамдингийн хүү Содномвандадын охин юмсанж. Цэрэндоржийн Ширнэндамдин гучаад оны их хэлмэгдүүлэлтэд , өртсөн халуун эх орончдын нэг ажээ. Түүнийг хуучин феодал, Богд хааны үеийн сайд, автономитыг анх н байгуулах ба устгахаар толгойлон оролцсон, Хаант „ Орос, Хятадаас одон тэмдгээр шагнагдсан, Нармай Монголыг байгуулах гэсэн үндэсний үзэлтэн, Банчин л богд, Өвөрмонголын ноёдтой дотно харилцаатай байсан, 1924 0нд Бээжин дэх Зөвлөлтийн элчинд зүй бус үг хэлсэн гэх мэтийн ял тулгаж 1931 оны 10-р сарын 31-нд цаазаар аваачиж, бүх хөрөнгийг нь хураасан байна. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа ч Түүний хүү Содномвандадыг хилсээр баривчлан Шар хадны энгэрт буудан хороожээ. “Жонон ван” Ширнэндамдингийн хатан Сандуй нь тухайн цаг “үедээ гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж явсан аргагүй сайхан хүүхэн байж. Энэ тухай Л.Тунгалагийн яриаг сонордуулъя. “Бидний элэнц эмэг, Сандуй хатныг 1876 онд терсөн гэцгээдэг юм билээ. Тэрбээр бүсгүй хүний заяа увидас, гоёмсог, чамин шинж төрхийг гүйцэд илтгэсэн эмэгтэй байлаа. Сандуй хатан тормойсон хорголжин хар, давхараатай нүдтэй, урт сайхан гэзэгтэй, хамрынхаа ойролцоо ялимгүй “сэвхтэй, нам зөөлөн дуутай, хянуур нямбай, намбалаг төрх араншинтай, ухаалаг эмэгтэй байсан гэлцдэг. 18 настайдаа “Жонон ван” Ширнэндамдингийн хатан болж, энгэсэг тавьжээ. Сандуй хатан үйлэнд их уран хүн байж. Дээл хувцасаа зонхилж өөрөө эсгэж оёно. Юманд хээ угалз гарган шаглаж урлахдаа нэн чадмаг, өнгөний хослолыг сайн тааруулж олдог байж. Түүний урласан хөөрөгний сав, хантааз, дээлийг хүн бүр шохоорхон харж, нүдээ хужирладаг, бас магтдаг байсан гэдэг. Хайр ивээлийн ханьтай, хажуудаа хөтлөх хүүтэй, амьдралдаа бялхаж бялуурч яваагүй ч дутсан гачигдсан зүйлгүй. Олондоо Сандуй хатан нэртэй, орсон гарсан гийчинд ундтай, устай олны дунд баяртай хөөртэй хатагтай явжээ. Гэтэл 1931 оны 10-р сарын 31-ний өдөр эр нөхрийг нь баривчилсанаар сэтгэлээрээ түүнтэй хамт шоронд орж, биеэрээ тамд унасан байна. Нөхрийг нь цаазалж, хашаа байшин, мал хөрөнгийг нь бүрэн хураасны дараа түүний хүү Содномвандад, бидний эмэг эх Лхамсүрэн нар Сандуй хатанд дөрвөн ханатай гэр барьж өгчээ. Энэ гэрт, энэ хатны гар дээр би таван нас хүртлээ бойжиж өссөн юм. Дээр тэнгэр хол, доор газар хатуу болсон тэр үед дэргэд нь нялх ч гэсэн амьд амьтан бөртийж байх нь түүний сэтгэлийн уй гашууг хөнгөлж, саатуулах боломж гарчээ. Чухамдаа бол хайраа шингээж, бусдаас харамлах нэгэн амьд бурхантай буюу нөхрийнхөө сүнстэй учирлаа гэж ярьдаг байсан гэж миний эх надад хуучилдагсан. Намайг юм юмнаас жигтэйхэн хармалдаг байж л дээ. Миний эхийг үг хэлэхээр “Энэ чинь та нарт огт хамаагүй, танай тойрогт төрөөгүй хүн, манайхны, миний нөхрийн сүнс” гээд хавьтуулдаггүй байсан гэдэг. Намайг багад “Яасан хөөрхөн охин бэ” гэж олон хүн шохоорхдог байж л дээ. Тиймээс эмээ маань арц умалгаж цагаан хэл амыг нь зайлуулдаг байж. Намайг бүүвэйлдэг ор гэж бас тусдаа. Гэртээ жижиг ширмэн зуухтай, хаалгандаа жижиг шилэн цонхтой. Хоёр тийшээ харсан хос цорготой данх байсныг би санадаг юм. Нэг цоргоноос нь сүүтэй цай, нөгөө цоргоноос нь буцалсан ус гоождог байж билээ. Энэ данх Жонон вангийн эдэлж хэрэглэж байсан зүйл гэж эмээ надад хожим хэлсэн юм. Хайрт нөхрөө алдчихаад үсээ үтрээн газар самардан үлдэж ертөнц тэр чигээрээ харанхуйлах шиг болсон ч эмээ маань амьдралд сөхөрсөнгүй. Охин Байманханд, хүү Цэвээнноров хоёр нь элгийг нь дэвтээж төдий зэрэгт хүргэсэн байдаг. Эмээ маань хэзээний үйлэнд уран, ажилсаг гавшгай, сэтгэлийн хаттай байсан учраас өглөөнөөс үдэш орой хүртэл борви бохисхийлгүй хөдөлмөрлөж, хувцас хунар, малгай бээлий зэргийг хийж олсон мөнгөөрөө гэр бараатай, идэх хоол, өмсөх хувцастай болжээ. Эмээ маань “Цогт тайж” киноны Дулмаагийн малгайг оёж бүтээсэн гэдэг. Тэгээд жанжин Сүхбаатарын хүү Галсантай гэр бүл болж, есөн жил ханилжээ. Лхамсүрэн эмээ маань энэ мэт амьдралыг туулахдаа хэдэн судар номын дайтай түүх, элдэв зүйлийг мэдэх жинхэнэ “амьд түүхч, аман түүхч” байсан ч хэн ч энэ талаар нь асууж шалгаалгүй, судлалгүй өнгөрсөн нь харамсалтай. Эмээ маань тэгш гоолиг нуруутай, чийрэг бие бялдартай, давхараагүй боловч цоглог нүдтэй, шулуун, үзүүр нь дээшээ өргөгдсөн сэртэн хамартай, өргөвтөр духтай, нуман хэлбэрийн хөмсөгтэй, нимгэвтэр уруултай, том тэгшхэн цагаан шүдтэй, цайвар шаргал царайтай, богино эрүүтэй, өтгөн хонгордуу үстэй, зууван тэнэгэр нүдтэй, тэгшхэн мөртэй цомцон хумстай, тэгшхэн гоё хуруутай, бэлхүүс нарийн, сөөнгөдүү нам хоолойтой, талибуун харцтай эмэгтэй байв. Намбалаг төрх араншин нь энэ хүний гол шинж мөн. Гаслант амьдралын зовлон дундуур аянга шиг зүсэж гарсан баатарлаг эмэгтэй. Эхлээд хадам аавыг нь, дараа нь ханилсан ханийг нь, бас төрсөн эцгийг нь хууль бусаар, гагцхүү ангич үзлээр хувьсгалын дайсанд тооцож амийг нь хороосон тэр их түгшүүрт амьдралд норж, дэвтэж ядарч зүдэрч явахдаа миний эмээ амьдралд итгэх итгэлээ гээгээгүй үлдэж чадсан хүн. Чухамдаа нуруу бөгтийдөг бол бөгтийхөөр зовлон үүрч, нулимс дуусдаг бол дуусахаар хагацал амсаж, ухаан муутай, тэвчээргүй хүн солиорч болох тийм амьдралыг туулсан хүн. Миний эмээ дээдсийн тойрогт багтаж амьдарч явахдаа ч тэр амьдралыг өнгө будаггүй үнэн байдлаар нь ухаарч чаддаг, түүнээс суралцаж, сургамж авч чадсан нэгэн. Чухамдаа амьдралын олон сургууль төгссөн хүн. Тийм ч учраас миний аавын нүсэр том гэр бүлийн цэцэрлэгийн багш, эрхлэгч болжээ. Тэрбээр зөвхөн өөрийнхөө охин, хүү хоёрыг бус ач, гуч, дөчийн олон арван хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Зөвхөн нэг жишээ хэлэхэд би бол түүний ач охин. Миний охин хүмүүжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Зөвхөн нэг жишээ хэлэхэд би бол түүний ач охин. Миний охин Уянга, Цолмон хоёр бол түүний гуч охид. Уянгаагийн охин Нинжмаа түүний дөч охин. Энэ бүгдийг гардан өсгөсөн хүн бол эмээ минь. Энэ хүнд нүүрний буян, хүүхдийн буян, итгэлийн буян, ухаан санааны ариун буян, эд агуурсын буян цөм хурсан байжээ. Ид залуу насандаа зовлонт хүнд амьдрал туулахдаа энэ бүх буянаа гээгээгүйгээр барахгүй арвижуулж чадсан эмэгтэй. Ингэхээр миний эмээ. бол харгислалыг тэвчээрээр ялж хөгшрөлийг хуүхдүүдээр зайлуулж холдуулан жаргал амталсан хүн” гэж өгүүлсэн юм. Зохиолч До.Цэнджав Лхамсүрэн гуайг дүгнэхдээ “Үг хэл яриа донжлог, чанд захиргаатай, амьдралын ухааныг ган төмөр дээгүүр алт гүйлгэх шиг наалдуулсан хуучин цагийн хүрээ хүүхэн гэж онцлоод “Хүрээ хүүхэн гэдэг зохиолч миний төсөөлсөнөөр удам угсаа сайтай, торго дурдан, үйтэн хуар хамба, алт мөнгө сувдыг эдэлж, авбал авчихдаг, өгвөл өгчихдөг, жижиг байтугай том юмыг анзаарахаа больсон, алхаа гишгээ, дохио зангаа цаанаа намбалаг, үг яриа чихнээ чимэгтэй болоод ончтой янз бүрийн чамин хоолыг бага багаар цөмцийтөл савхдаж иддэг, өнгө мөнгөний шидийг таньсан, ухаан санаа талибуу, хэрийн юманд дадагнаад байхгүй, хатуувтар болоод нинжин сэтгэлтэй, хаш хундагыг асааж, нарийн шилбэтэй янжуур татасхийж, хааяа дуу хуур сонсож, домог яриа ярьчихдаг тийм эрхэмсэг, их гэж ихийг тоодоггүй, бага гэж багыг басамжилдаггүй дээд зиндааны эрхэмсэг эмэгтэйг хэлдэг болов уу гэж би боддог. Ийм дүр зургийг ээж минь өөрийнхөө ээжийн тухай хуучлахдаа ярьдагсан. Гэхдээ хэнийг ч гэсэн яг нэг хайрцганд багтааж хэрхэн болох билээ” гэж өгүүлсэн байв.
    ЭХ СУРВАЛЖ: НОЦТОЙ МЭДЭЭ.

  • Жагдалын Лхагвагийн шид

    Үг хэл, өнгө төрхөө төрөл арилжтал сэгсэрч чадсан, нийтлэлийнхээ бодлогыг 1ОО хувь өөрчилсөн наяад оны дайчин, шударга, нударга зангарагтай “Үнэн” сонины редакцийн нэгэн дээвэр дор бид тун ойрхон ажилладаг боловч хааяахан л тааралдах. Хөгжилтэй хошин үг шидээд л гарна. Уулзаж учирсандаа мартагдахгүй хүн гэвэл тэр мөн. Үй зайгүй, цаг наргүй ажилладаг сурвалжлагч бидэнд тухлах зав ч гарсангүй. Хаагуур явдагийг мэдэхгүй, чухам юу бичсэн нь сонины хуудсан дээр төдий л үзэгдэхгүй.Тэгсэн байтлаа хаа явсан газраа хүндлэгдээд, дээдлэгдээд явна. Сонины дарга нараас донго хүртэхгүй. Харин бичсэн бид зэмлэгдэнэ. Нөгөөх хатуу дэглэмт сонины дүрэм захиргааны гадуур л дэлээ хийсгэсэн ардаг адуу шиг явдаг байсан юм болов уу?

    Цаг хувьсан өөрчлөгдөж, тэрхүү манлайлагч том сонины хэлтсийн дарга гэгдэн Ш.Цэрэнпил мэтийн залуу сурвалжлагч бидний толгой дээр цахилгаан буулгаж явсан ланжгар сэтгүүлчид болох Г.Дамба, Д.Цэвэлээ гуай хоёр маань гэнэт миний цэрэг болж хувирлаа. Мөнөөх том Хорлоогийн Цэвлээ абугай нь биш шүү дээ.Улс төрийн тоймчоор гаршсан Д.Цэвэлээ гуай бол орос хэлээр дэлхийн бүх сонгодогийг уншчихсан, эгэлгүй эрдэмт, эгэлгүй ачит болоод даруухан нэгэн сэхээтэн байсан юмсан. Одоо хүмүүс дурссан нь харагдахгүй л юм. Жулдрай намайг тоохгүй ээ, өрөөнд томчууд цуглаж, элдвийг ярина, цуурна, хошигноно, инээлдэнэ, хааяахан ууж ч иднэ. Ж.Лхагва “Та нарын муусайнуудтай ярих юм алга. Харин энэ хүүг чинь хэсэгхэн дагуулж явбал юманд хүргэж болохоор юм байна” гэж наргиантай хэллээ. “За Лхагваа минь, больж үзээрэй. Залууг минь одоо нохойн замаар оруулах нь ээ дээ” гэж хошин шогч Гаажидын Дамба гуай жоготой инээмсэглэн хэлэхэд “Нохойн замаар бишээ, номын замаар оруулнаа, хө” гэж тэр дор нь үгийн хариу барьж билээ. Үнэндээ би тэр их хүмүүний аль ч замаар нь орсонгүй.Тэр бүр сүүдэр шиг дагаад, ойртож сүжирхээд сүйд ч болсонгүй. 1995 онд “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болоход хөтлөгч яагаад ч юм хэний ямар өгүүллэг сайн санагдав, алийг дэмжиж байна вэ? гээд үзэгдчийн дунд асуулт тавив. Гэтэл мань хүний “Бид ялав” өгүүллэг, миний “Мэнгэ” гэж хашгиралдлаа. Энэ үед нөгөө хэнэггүй даруухан, жаахан хүртчихсэн Лхагва абугай босоод “Энэ богино өгүүллэг гэдэг чинь миний мэргэжил юм, миний ганц чаддаг юм нь” гэж часхийтэл хэлээд суучихав. Өөрийгөө ч, өрөөлийг ч байранд нь тавьж чадна гэж энэ байх. Тэр даруйд шуугиан дарагдаж, “Бид ялав” өгүүллэг тэргүүн байр эзэлсэн.

    Олныг нуршилгүй Жагдалын Лхагвагийнхаа талаар цөөн зүйлийг товч дурдая. Би хэрээ мэдэхгүй “Шөнө ногоо ургадаг” номынх нь тухай 8О-аад оны дундуур “Цог” сэтгүүлд “Олз байвч…” гэсэн шүүмж бичсэн ч гэлээ тэнгэрт ч гэрэл үгүй, газарт ч чимээ үгүй юм болоод өнгөрөв. Үнэндээ энд тэндээс нь хасаад, илүү дутуу юм оруулаад даанч дээ гэмээр юм болгочихсон байв. Тэр үед бичсэн болгон минийх биш юм шиг болчихсон байдаг нь харамсалтай санагддаг. Залуу хүний “Үг бүрт үзэг хүргэ” гэсэн үл итгэсэн хатуу шаардлагыг редакцийнханд тавьдаг байжээ.

    Морийг гаднаас нь шинжиж сониучирхдаг, мордож унаж үзээд бүр илүүтэй таньдаг. Зохиолчийг хэлнээс нь мөн сониучирхдаг, уншиж үзээд өгүүлэмж дүрслэл, дүрийн сэтгэлзүй, ур чадварыг таньдаг. Уранзохиол гэдэг нь чухамдаа эх хэлний тунгалаг яруу, төгс төгөлдөр, найрсуу уян илэрхийлэл юм. Эх хэлбичгээ, эх хэлнийхээ баялаг үгийн сангийнхаа бүх үгийг биш гэхнээ тавиас дутуугүй хувийг эзэмшиж байж л томоохон хэмжээний зохиол бичнэ. Ж.Лхагва бол эх хэлнийхээ гарамгай урлаач байлаа. Үг гоё гангандаа биш, эгэл энгийн хэрнээ, байраа олж оносондоо байдаг. Ж.Лхагвагийн өгүүллэг бүрийн тааралдсан мөр бүрт олон мяндас торгомсог өнгөөр шаглаж урласан урлал шиг гоц хурц хийц тодорч харагдана. Би ч энэ удаа сонгож авах гэж ядаж цөхөлгүй, тааралдсан хуудсан дээрээс “Охидын инээд цасанд дарагдаж байгаад сая гарч ирээ юу? гэлтэй чанга сонсогдож, өөрсдөө ч дээл гутлаа нимгэлэн хэд хэдээр орж гарах нь шар үсээ хаясан сарваа адил цовоо цолгин үзэгдэнэ” гэсэн өгүүлбэр олж уншив. Жаахан цаашилбал, “Хавар цагийн тарлан цастай газар дэлхий галд ойр тавьсан цагаан тосны гүзээ шиг их л нүнжигтэй бөгөөд тулганы тотгонд хайруулчихсан мэт машин зам хайлмагтан замын дагуу ус тунана” Адилтгал, зүйрлэл бол тасархай даа. Харин ч түүнийгээ гамгүй эдэлнэ. Монгол үг, хэллэгийн дүрслэлийн донж маяг….уран хийц гэж энэ мэт л дээ. Үүнийг бичиглэх завсар “Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй” гэсэн “Анхны хайрын дууль” киноны сэтгэлд хадагдсан үг чихнээ сонсогдвой. “Дээвэр өндөлзөн өндөлзөх нь ямар нэгэнд яарсан мэт бөгөөд хүвэрхий уясан оосор гэрийн туургыг пид пид балбана. Яндан хангир жингэр хавирахуй, хошлонд хавчуулан босгосон уурганы үзүүр салхинаа улина” гэх зэргийг хойш тавьж “Толгодын цаана ингэ буйлна” гэх энэ гарчиг гэхэд л яруу найргийн эмзэг мөр шиг ажээ. Ерөөс өчүүхэн миний ажиглалтаар бол, шүлэг бичиж байгаад хүүрнэлч болсон зохиолч, шүлэг бичиж үзээгүй шуудхан хүүрнэлч болсон зохиолч хоёрын хооронд хэл, сэтгэлгээ, мэдрэмжийн ялгаа зааг байх шиг санагддагаа дашрамд нь тэмдэглье. Тэрбээр шаггүй шүлэгч байлаа. Тиймээс ч өгүүллэгийн үг нь яруу уянгалаг, санаа тод ончтой, ховор сонин дүрслэлтэй, цаанаа гүн сэтгэлгээтэй болсон нь ажиглагддаг.
    Ялаархсан адуу шиг арваад байшин
    Яргайтын амны эхэнд байдаг
    Үдийн халуунд зэрэглээ хөллөж
    Үүлний наахна хөвж харагддаг
    Яргайтын амны өндөр байшинд
    Ялдам нэгэн бүсгүй суудаг
    Өвсний шүүдэр цуглуулж цай чанадаг юмуу?
    Өглөө чи яагаад ус үл баринам…Хөөрхөн, эгдүүтэй шүлэг.

    Нүүдэлчин монголын малчны хөх бууцанд хөлбөрч өсөөд, гадаад гол мөрөн, тэнгисийг гатлан өрнөдийн мэдлэг боловсролыг эзэмшиж, дэлхийн мундагчуудыг уншиж гэгээрсэн оюунлаг чансаа, хэн хүнд ховор олдох хошигнож ёгтолж чаддаг авьяас, нүүдэлчдийн ахуй амьдрал, өвгөд дээдсийн ухааныг шүүж, тэдний сэтгэлийн дотуур дураараа сэлгүүцэн давхих морьтон шиг хийсгэж, эрхлэн хөрвөөж чаддаг ийм арвин их “ҮҮЦТЭЙ” зохиолч тэр үедээ ч тийм олон байгаагүй ээ. Одоо бол бүр нүдний гэм болж дээ. Гэвч хүмүүний амьдралыг зугаацаж, наадаж, наргиж, хөгжөөж л явдаг хэнэггүй эгэл төрх, зан аашаасаа болоод тэрхүү гайхалтай ховорхон ҮҮЦЭЭ бүрэн гүйцэд задалж амжилгүй хорвоогоос буцсан юмуу гэж боддог оо. Сайн зохиолч, сайхан найрагчаас улам ихийг хүсэж шаарддаг болоод ч тэр үү? тэр хийх ёстойгоосоо хамаагүй багыг хийжээ. Роман, тууж, найраглал гээд юуг ч хийж бүтээх гайхамшиг өмнө нь байсаан. Ийм ховор зохиолч тэр бүр Монголын их уран зохиолд олдоггүй юм шүү дээ. Өөрийгөө ч үрж дууссан гэхлээр үлдээсэн өв нь үрэгдээгүй үлдэхийн дээдээр үлджээ. Товч, донжлог, онч цэцтэй, зугаат, дүрслэлт, уншуурт, энэрэлт халуун, ухаан саруул, эгдүүт, хар хоргүй, онц мэдрэмжит гээд гайхамшигт чанарууд хөөрхий Лхагва зохиолчид цогцлон бүрдэж байсан даа. Уран санаа, уран саналгын ёстой нөгөө нэг оновчтой хэллэг биш байж ч болох “ИХ ДЭЛГҮҮР” байсаан.

    До.Цэнджав

  • 9.ХАСАГТАНААС ҮЛДЭЖ БУЙ ТҮҮХЭН СУРГАМЖИЙН “ХЭЛТЭРХИЙ”

    Аугаа их зөвлөлт гүрэн задран унахтай зэрэгцэн социалист хэмээн нэр зүүж явсан олон улс бие даасан эрх чөлөөг эдлэх болсон нь монголтой адил байлаа. Баруун европын социалист орнуудыг бодвол Азийн гэх оронд ардчилсан хэмээх өөрчлөлт өвөрмөц хэлбэрээр өрнөх боломжийг бүрдүүлж чадсан юм. Олон түмний нүдэн дээр төр барьж байсан нам нь Ардчилалыг хүлээн зөвшөөрч байгаа мэт харагдахаар буултууд хийж, түүний цаана хуучин тогтолцоогоо тэрчигээр нь авч үлдэх алхамууд хийж чадсан. Тэгээд тэгш бус гараанаас намуудын ажиллагаа эхэлж, тогтолцооны гажигт хүргэсэн.
    Харин Ардчилагч нар нь хуучны цаг хугацааны эргүүлэгт орж, ардчилалын нэр хүндийг унагаж, түүнийгээ дахин сэргээхэд хүнд хэцүү болсон.
    Шинэ он эхлэнгүүт Казакстан улсад шингэрүүлсэн хийн үнэ эрс өссөнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал сүүлдээ бослого, зэвсэгт мөргөлдөөн болж хувирсаныг хэвлэл мэдээллүүд үзүүлж байна.
    Казакстаны нэг хүний, нэг гэр бүлийн дарамтанд олон жил амьдарч амьдрал нь ядарч туйлдсан ардын хувьд, дэглэмийг эсэргүүцдэг сөрөг хучний хувьд далим болж байна. Өмнө нь ч гэсэн энэ улсад нилээд хэдэн удаа томоохон тэмцэл өрнөж байсан билээ. Тэр тэмцлүүдийг засаг нь хүчээр нухчин дарсан байдаг.
    Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch-ийн мэдээгээр Казакстанд Ковидын хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 5000 хүн захиргааны шийтгэлд өртөж 1600 иргэн баривчлагдсан гэсэн байна. Эдгээр иргэдийн нилээд нь засгийн буруу бодлого шийдвэрийг эсэргүүцэгчид, улс төрийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн байсан гэдэг.
    Казахстаны нийт хөрөнгө, баялгийн 55%-ийг 162 хүн л эзэмшдэг, үймээний үеэр үрэгдсэн 225 амь, шархадсан 2600 гаруй хүн, шатсан 400 гаруй машин болж, эдийн засгийн хохирол нь багаар тооцоход 429 сая ам. доллар болж байгаа ажээ.
    Энэхүү үймээн ажилгүйдэл, ядуурал, авлига, валютын ханшийг тогтмол барьж байгаад чадахаа болихоор гэнэт унагасан нь гадаад валютаар зээл авсан байсан иргэдийг санхүүгийн асар хүнд байдалд оруулсан, үнэ тогтворжуулах хөтөлбөрийнхөө хүрээнд шатахууны үнийг зардлаас нь бага барьж байгаад чадахаа болихоор чөлөөлсөн нь иргэдийг гэнэтийн их цохилтод оруулсан гэх мэт суурь хүчин зүйлсээс гадна арвин их байгалийн баялагтай тус улсын рентийн эзэмшлийн төлөөх улс төр-эдийн засгийн бүлэглэлүүд хоорондын тэмцэлтэй мөн холбоотой бололтой.
    Цөөхөн хүн, бүлэглэл эзлээд авчих байгалийн баялаг дээр тулгуурлан эдийн засгийг хөгжүүлэх хэцүү. Үүнийг эдийн засагчид байгалийн баялгийн хараал гэдэг.
    Өмнөх ерөнхийлөгчийнх нь гэр бүл, хамаатан садныхны гадаадад худалдан авсан үл хөдлөх хөрөнгө л гэхэд хамгийн багадаа 700 сая ам. доллараар үнэлэгддэг гэсэн тооцоо байдаг.
    Казахстаны үймээн гадаадад бэлтгэгдсэн террористууд гэхээсээ хотын захын ядуу дүүргүүдийн ажилгүй залуустай нь илүү холбоотой мэт. Казахуудын хэдэн хувь нь ядуусын хороололдоо амьдардаг мэдээлэл алга, харин бидний 38% маань тийм ангилалтай, хамтдаа утаандаа хордон суудаг.
    Тэдний ядуурлын түвшин болох 4.3%-ийг манай 27.8%-тай харьцуулахад үнэмшмээргүй доогуур л юм. Үнэхээр ч Казакстан улсын хувьд Transparency International агентлагийн мэдээгээр авлиыг индезсээр 180 орноос 94-т жагсаж байгаа, манай улс 111-р байрт эрэмбэлэгдэж байна. Казакстан улс бараг 20 сая хүн амтай ч улсын баялгийн тал хувь нь 200 хүрэхгүй баяуудын гарт төвлөрснийг КРМG судалгааны хүрээлэнгийн аналитикууд Credit Suisse Research Institute -ийн мэдээнд үндэслэн тогтоосон байна.
    Уул уурхайд тулгуурлан хөгжинө гэсэн, дэлхийн ураны хэрэглээний 40%-ийг хангаж буй, өдөрт 1.7 сая баррел газрын тос олборлодог (манайх 2020 онд нийтдээ 4.1 сая баррел олборлосон) энэ улсын жишээ бидэнд сургамж болж байна. Мэдлэг шингэсэн эдийн засагтай л болох хэрэгтэй байна.
    Ерөнхийлөгч Токаев Засгийн газраа огцруулж, хамгийн түрүүн Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаа ажлаас чөлөөлөв. Өмнөх дарга нар нь иргэдийг хилс хэргээр дарамталж их хэмжээний орлого олсон, үндэслэлгүйгээр баяжсан, түүнийгээ нуун далдлахыг оролдсон, гэмт хэргийг нуун дарагдуулахад хамтарч ажилласан, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолтсон, улсын хөрөнгийг үнэгүйтүүлж хувьдаа завшсан, их хэмжээний ЖДУ, банкны зээлд нэр холбоотой гэсэн олон шалтгаан харагдаж байна.
    Улмаар ХАБГБ-ын улсуудаас цэрэг дуудсанаар Орос тэргүүтэй улсын энхийг сахиулагчид Казахстанд очлоо. Ингэж гадны цэргийн хүчээр байдлыг намжаав. Үүний дараа ерөнхийлөгч Токаев “…Үндсэн хуулийн дэг журам эргэн сэргэлээ. Аюул заналхийллээс сэргийлж чадлаа. Казахстаны эсрэг түрэмгийлэлд бэлтгэж, зохион байгуулсан талаарх нэмэлт нотлох баримтыг олж, дэлхийн хамтын нийгэмлэгийн шүүхэд танилцуулна” гэж мэдэгдэв. Ингээд Засгийн газраа шинээр байгууллаа. Казахстанд болсон энэ явдал нь зөвхөн тус улсын асуудал биш гэдгийг гадаад, дотоодын олон улсын тоймчид бичиж, өрнөж буй үйл явдлуудаас ингэж дүгнэж буй бололтой.
    Оросын ерөнхийлөгч Путин ХАБГБ-ын цахим хурлын үеэр “…Казахстаныг гаднын түрэмгийлэгчдээс хамгаалж чадлаа” гэв. Тэрбээр хөрш орнуудаа “өнгөт хувьсгал” гарахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь олон улсын анхаарлыг татаад байгаа юм.
    Мөн өдөр Хятадын ГХЯ-наас мэдэгдэл хийхдээ “ Казахстанд энх тайвныг сэргээн тогтоох, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд Хятад улс боломжоороо туслахад бэлэн байна. Хятад, Казахстан нөхөрсөг харилцаатай сайн хөршүүд, стратегийн түншүүд юм” гэжээ.
    Бас Америкт төвтэй “Хүний эрхийн ажиглагч” байгууллагаас “..Казахстаны эрх баригчид жагсагчид руу ямар ч сануулгагүйгээр буудах тушаал өгсөн нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн хууль бус явдал. Тиймээс тушаалаа даруй хүчингүй болгох ёстой” гэсэн мэдэгдлийг гаргасан. Энэ бүхэн Казакстан улсын системийн хямрал нүүрлэснийг харуулж байгаа хэрэг юм.
    Энэхүү хямрал нь Төв Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн улс орнуудад бас хамаатай. АНУ-ын Exxon Mobil и Chevron зэрэг олон кампаниуд газрын тос эрчим хүчний салбаруудад олон арван тэрбум долларын хөрөнгө оруулсан, ХБНГУ-ын 400 гаруй компани мөн үйл ажиллагаагаа явуулдаг, бас дээр нь Англи,Түрк, Хятад, Арабын улсуудын зөндөөн компаниуд идэвхтэй ажилладаг бөгөөд бүгд л нь хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахаас айж байна. Ураны дэлхийн том экспортлогч орон Казакстаны үймээнээс болж өнгөрсөн 3 дахь өдөр дэлхийн зах зээлд ураны ханш шууд 8 % өслөө.
    Казакстаныг ОХУ-ын нөлөөллөөс салгах, Арабын улсууд исламын шашны нөлөөллөө хүчирхэгжүүлэх, Оросыг эсэргүүцдэг барууны улсууд бөөрөнд нь халуун цэг үүсгэхийг хүсч байна.
    Казахстан бол Монгол Улстай байршлын хувьд ойрхон. Газар нутгийн хүртээмж, газрын доорх баялгийн өгөөжөөрөө төстэй гэж болно. Дэлхийн 2 том зах зээлийн хажууд байгаа, асар их баялагтай, 70 сая шахам малтай, 3 сая гаруйхан хүн амтай улс орноо авч явж чадахгүй арчаагүй байдалд хүргэсэн улс төрчид, луйварчдыг яг ийм хувь заяа хүлээж байгаа. Үр хүүхэд, хань хамсаатнаа ч зугтуулаад ч нэмэргүй болсон цаг. Одоо дэлхий хаанаас ч боловч олоод аваад ирдэг болсон.
    Хамгийн гол нь Казакстан улс дотоод асуудлаа гадны хүчээр зохицуулчихлаа. Чухам үүнийг л бид сургамж хэмээн харах хэрэгтэй юм.
    Казакстан улсын ерөнхийлөгч асан Назарбаевын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд энэ улсыг дэлхийн шилдэг 50 улсын хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гавьяатай ч нэг хүнийг тахин шүтсэн дарангуйллын дэглэм тогтоосон, гэр бүлээрээ улс орны баялгад монополь эрх тогтоон шулсан, баян ядуугийн ялгааг туйлд нь хүргэсэн, авлига коррупцийг хөгжүүлсэн, хууль бус явдал газар авахуулсан гэдгээр нь одоо түүнд зориулж Талдыкорган хотод 5 жилийн өмнө босгосон хөшөөг ард түмэн нь нураалаа. Түүхийн шүүлтүүр ийм хатуу ажуу.

     

  • 8. ХАСГУУДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ “БОР” МЭДЭЭ

    Казахт маш олон угсааныхан буй бөгөөд Назарбаевын угсааныхан сүүлийн 30-н жил бүх бизнесийг аваад бусдыгаа ихэд шахсан. Энэ удаа шингэн Гаазны үл ялиг үнийн өсөлтөд иргэд жижиг жагсаал хийхэд бусад овгийнхон ихэд дэмжив. Сандарсан Засгийн газар үнийг буцааж буулгасан боловч Галт тэрэг нэгэнт хөдөлсөн байлаа.
    Энэ алтан боломжыг Токаев ашиглан Назарбаевын талын Ерөнхий сайдыг огцруулж Ерөнхий сайдын олон орлогч нараар өөрийн хүнийг тавьлаа. Одоо Үндэсний аюулгүй байдлын хорооноос өөр эрх мэдэлгүй болгон Назарбаев ганцаардуулав. Дараагийн нүүдэлдээ Ард түмэн түүнд дургүй байна гэх шалтгаар түүнийг огцрууллаа.
    Гэвч Армийн ангиуд дунд түүнд үнэнч анги салбар бий тул олон улсын цэргийг дуудлаа. Казахстанд 4-н сая Орос иргэд байдаг ба тэд байнга гадуурхагдаж ирсэн тул ОХУ ч дэмжив. Одоо түүнд ганц дайсан үлдсэн байсан нь Назарбаевт үнэнч Ерөнхий сайд хийж байсан Тагнуулын дарга байв. Түүнийг өчигдөр баривчлав. Хэд хэдэн Үндэсний аюулгүй байдлын хорооны ажилтнууд алагдаж, бас амиа хорлов.
    Дашрамд дурдахад одоогийн Ерөнхийлөгч Токаевын аав нь Казахдаа маш их нэр хүндтэй Редактор, Зохиолч, Зохиолчдын эвлэлийн дарга хүн байжээ. Бүр 1943 онд 20-н насандаа Манайхаар бол хоёр удаа Хөдөлмөрийн Хүндэт медаль хүртсэн Хөдөлмөрийн жишээч /Станахович/. Фронтод яваад буцаж ирэхдээ Эх орны 2-р зэргийн одонтой /хуучнаар бол Георгевийн 2-р зэргийн загалмай буюу манайхаар Цагаан морь/ ирсэн эрэлхэг эр байж.
    Харин Назарбаев бол намын гишүүн, матаач. Тэнд засаглал албан ёсоор нэгээс нэгд, овог аймаг, ястан хоорондын тэмцэл болж байгаа. Жалайр овгийнхон нутаглдаг гол газар нь Алма-Ата хотоос холгүйхэн байдаг. Чухам л гол үйл явдал Алма-Ата хотод өрнөөд байгаа нь сонирхол татна. Ерөнхийлөгч Токаевын Аав тэнд төрсөн бөгөөд Уул усны нэр бүгд л Монгол. Жалайр аймаг гэхээр Мухулай Ван санаанд чинь буух байх. 1206 онд Чингис Хаан Их Хуралдай дээр өөрийн дараагийн хүн болгож Жалайрын Мухулайг Улсын Их Гоо Ван болгож байв. Жалайр овог нь Казахтаа их хүнтэй том биш боловч нэр нь 8-р зуунаас түүхэнд бичигдэж ирсэн Нөлөө, нэр сүр ихтэй Алтан Ургийн Овог. Алтан Ураг байх нь Монголоос бусад улсад Удирдагч анги мэтээр сонсогддог. Нэмэлт: Назарбаевийг Халимаг гаралтай/Ойрад/ байж магадгүй тухай Оросын нэг эрэн сурвалжлах нэвтрүүлгийг гурван жилийн өмнө гаргаж байжээ.
    Сонирхол татах үүднээс энэ мэдээг шууд хуулбарлан тавьлаа. Бусдын түүхийг өөрийн болгох гэсэн түүх ямагт эрсдэл дагуулдаг учраас би ихэд болгоомжлон тавив.

    djmedia:606
  • 7.ХАСГУУДЫН УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВЦ.

    Тусгаар тогтносноосоо хойш ганцхан ерөнхийлөгчөөр удирдуулж ирсэн, Ерөнхийлөгч гүйцэтгэх байгуулагын тэргүүн ерөнхий сайдыг томилдог.
    Хоёр танхимт Улсын хурал (᠌Парламент) хууль тогтоон баталдаг. Дээд танхим нь 47 гишүүнтэй Сенат (чуулган), доод танхим нь 107 суудалтай Мажилис (хурал) байна. Тус улсад нэг нам зонхилдог. 2021 онд короновирусын цар тахлын үед Парламентийн сонгууль хийсэн бөгөөд сонгогчдын 63,3% нь Нурсултана Назарбаевийн тэргүүлдэг «Нур-Отан» (гэрэлт эх орон) ардчилсан нам-83 суудал, бусад намууд «Ак жол» (цагаан зам) ардчилсан нам-8 суудал, «Хасаг ардын коммунист (эв хамт) нам»-7 суудал авсан байдаг.
    Хасаг улсын нутаг дэвсгэр их түвшинд 17, дунд шатанд 208, гуравдугаар шатанд 2740 нутаг болж хуваагддаг. 17 их нутгаа «аймақ» (монгол «аймаг»-тай нэг гарлын боловч газар нутаг гэх утгатай) гэж бичдэг. Түүний 14 нь муж (облыс), 3 нь хот (улсын ач холбогдолтой хот) байна. Гурван хотоос Байконурыг 2050 он хүртэл ОХУ түрээсэлсэн. Муж дотроо аудан (хошуу), мужийн хот болж хуваагдах бол улсын хот дотроо дүүрэгт хуваагдана.
    Хасагстан олон жил нэг хүний нэг намын дарамтанд олон жил амьдарч, хүмүүсийн амьдрал нь ядарч туйлджээ. Өмнө нь ч гэсэн энэ улсад нилээд хэдэн удаа томоохон тэмцэл өрнөж байсан билээ. Тэр тэмцлүүдийг засаг нь хүчээр нухчин дарсан байдаг. Сүүлхэн хавийн жишээ гэхэд 2011 онд Жанаозен хотын нефтийн үйлдвэрийн ажилчдын эсэргүүцлийн тэмцэлд 15000 хүн оролцож 16 хүн нас барж 100 гаруй хүн гэмтэж бэртсэн гэсэн албан ёсны мэдээ байдаг ч албан бус мэдээгээр 70 гаруй хүн үхэж 500 гаруй хүн гэмтсэн гэдэг.
    Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch-ийн мэдээгээр Казакстанд Ковидын хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 5000 хүн захиргааны шийтгэлд өртөж 1600 иргэн баричлагдсан гэсэн байна. Эдгээр иргэдийн нилээд нь засгийн буруу бодлого шийдвэрийг эсэргүүцэгчид, улс төрийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн байсан гэдэг. Казакстаны Facebook-ийн идэвхтэн Альнура Ильящеваг эрх баригч нам “НУР ОТАН”-г шүүмжилсний төлөө онцгой байдлын үед хуурамч мэдээлэл түгээсэн үндэслэлээр 3 жил эрх чөлөөг нь хорьж 5 жилийн турш нийгмийн идэвхтэй үйл ажиллагааг явуулахыг нь хориглосон байна.
    Энэ бүхэн Казакстан улсын системийн хямрал нүүрлэснийг харуулж байгаа хэрэг бөгөөд одоо өрнөж буй тэмцлийг юмны үнэ өссөн, ажилгүйдэл, ядуурал, авлигын эсрэг тэмцэл гэж гадны судлаачид дүгнэж байна.
    Казакстан улсын ерөнхийлөгч асан Назарбаевын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд энэ улсыг дэлхийн шилдэг 50 улсын хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гавьяатай ч нэг хүнийг тахин шүтсэн дарангуйллын дэглэм тогтоосон, гэр бүлээрээ улс орны баялгад монополь эрх тогтоон шулсан, баян ядуугийн ялгааг туйлд нь хүргэсэн, авлига коррупцийг хөгжүүлсэн, хууль бус явдал газар авахуулсан гэдгээр нь одоо түүнд зориулж Талдыкорган хотод 5 жилийн өмнө босгосон хөшөөг ард түмэн нь нурааж байна. Жагсагчдын тэмцэл эдийн засгийн шаардлагаас давж улс төрийн шинжтэй болсон байна.
    Үнэхээр ч Казакстан улсын хувьд Transparency International агентлагийн мэдээгээр авлигын индексээр 180 орноос 94-т жагсаж байгаа. Казакстан улс бараг 20 сая хүн амтай ч улсын баялгийн тал хувь нь 200 хүрэхгүй баяуудын гарт төвлөрснийг КРМG судалгааны хүрээлэнгийн аналитикууд Credit Suisse Research Institute -ийн мэдээнд үндэслэн тогтоосон байна.
    Энэхүү хямрал нь Төв Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн улс орнуудад бас хамаатай. АНУ-ын Exxon Mobil и Chevron зэрэг олон кампаниуд газрын тос эрчим хүчний салбаруудад олон арван тэрбум долларын хөрөнгө оруулсан, ХБНГУ-ын 400 гаруй компани мөн үйл ажиллагаагаа явуулдаг, бас дээр нь Англи,Түрк, Хятад, Арабын улсуудын зөндөөн компаниуд идэвхтэй ажилладаг бөгөөд бүгд л нь хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахаас айж байна. Ураны дэлхийн том экспортлогч орон Казакстаны үймээнээс болж өнгөрсөн 3 дахь өдөр дэлхийн зах зээлд ураны ханш шууд 8 % өслөө.
    Казакстаны энэ хямрал хөрш улсууд, бүс нутагт нөлөөллөө тогтоохыг эрмэлзэж буй улсуудад ч гэсэн далим, эрсдэл үүсгэж байна. Засаг нь энэхүү тэмцлийг дарж чадахгүйд хүрч Армени, ОХУ, Беларусь, Киргизстан, Тажикистан Казакстан зэрэг орнууд багтдаг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-аас туслалцаа хүсч энхийг сахиулах хүчний цэрэг оруулж, нөхцөл байдлаа тогтворжуулж байна.

    djmedia:602
  • 6.УЛС ТӨРИЙН СУУЛТ БА ХОЁР ЭХНЭРТЭЙ БОЛОХ ХУУЛЬ БАТЛАГДАВ.

    Тэр үед улс төрийн намуудыг цэгцлэх, нийгмийн хөдөлгөөний дарах асуудал эрчимтэй явж байсан үе юм. Эрх мэдэл нэг гарт төвлөрч үйл явц өрнөж байсан болохоор төр нь бяртай хүчтэй зангарагтай ажиллаж байлаа.
    Улс төрийн эрхийг дангаар барих сонирхолд тулгуурлан өрсөлдөгчгүй хүчирхэг улс төрийн нам байгуулагдаж, түүнийгээ хууль ёсны дагуу ажиллаж байгаа мэтээр улам хүчирхэг болгон төлжүүлж байлаа.
    Тэнд аялж явахдаа улс төрийн нэгэн суулттай таарч билээ. Тэр нь маш өвөрмөц байдлаар зохион байгуулж байснаараа надад сонин байж билээ. Эдийн засгийн шаардлага тавьсан энэхүү улс төрийн суултыг газар дээр нь очиж сонирхосон юм.
    Удаа дараагийн улс төрийн арга хэмжээг эхлэх үед нь хүчний байгууллагаас хүчээр таслан зогсоож, санаачлагчдыг баривчилж, барьсан гэр майхныг нь хүчээр булааж, нурааж байсан. Тиймээс тэд энэ удаа хотын төвд манайхан нэрлэдэгээр 1960-аад оны үед баригдсан таван давхар барилгын дээвэр дээр хасаг гэрээ барьж, барилгын дээврийг эмжин улаан даавуун дээр бичсэн уриалга, шаардлагаа бичиж тавьсан байв.
    Цагдаагийн хүч ирчихсэн барилгыг бүсэлчихсэн боловч яаж чадахгүй байж байгаа харагдав. Хоёр тал “цагаан” хоолойгоор шаардлага тавьж харилцаж байж билээ. Дөрвөн орцтой барилгыг нэг тойрч гороолчихоод цаг бага байсан тул дараагийн ажилруугаа зорьсон билээ.
    Хасагад байх үед сонин хэвлэлээр нэгэн содон зүйл бичигдэж, иргэдийн дунд өрнөсөн нь хоёр эхнэртэй байж болох шинэ хууль мэндэлсэн байлаа. Тэрхүү хуулийг сонирхон уншиж байхад төрсөн зарим бодлоо хувааалцья. Нийт хүн амын дунд хасаг үндэстний эзлэх хувь тавин хувь руу дөхөж байсан тул үндэсний үзэл санаагаар, хасаг хүн амын тоог нэмэгдүүлэх хүчин зүйл энэ хууль олон нийтээр дэмжигдэж байгаа харагдсан.
    Хасагуудын дунд үндэсний хөрөнгөтнүүд бий болсон байлаа.
    Тэд хүн амын дунд хэт цөөхүүл ч гэсэн нийт баялагын дийлэнхийг эзэгнэсэн тэдгээр бүлгийн иргэд унаж байгаа унаа, хэрэглэж байгаа эд зүйлсээр ялгаран харагдахыг эрмэлзэнэ.
    Шинэ баяны цээж түхэгэр гэдэг шиг хаа газар баян чинээлэгээ гайхуулах гэж эрмэлзэлтэй таарч явлаа. Надтай хамт аялж явсан дүүгийн маань эхнэрийг хүртэл хоёр дахь эхнэрээ болгохыг гүйж байлаа. Ийм л эрээ цээргүй болоюм билээ. Нэгэнт хөрөнгө мөнгөтэй болоод ирсэн хүн амын цөөнх хоёр эхнэртэй болох санаачлагыг үндэсний хүн амаа өсгөх санаа бодолд тулгуурлан парламентаар дэмжүүлж батлуулсан байдаг.
    Хүн амын дийлэнх ядуу амьдарч, өөрт байгаа ганц эхнэр, үр хүүхдээ чадан, ядан тэжээж, ядуугийн зовлонг туулж явж байхад баячууд нь олон эхнэрээр баярхаж, олон хүн тэжээж байгаа хувь заяаны эзэн болохоо бусдад гайхуулна.
    Олон газраар аялж явсан миний хувьд мисс гэж дуудагдсан олон эхнэрээр гайхуулах нь чухал биш, харин үндэстний баячууд хураасан их хөрөнгөө улс орныхоо хөгжлийн төлөө хэрхэн зарцуулж байгаагаар мөн чанар нь тодорхойлогддог.
    Нэгэнт баян учраас улс төрд төлөөлөлтэй, эрх мэдэлтэй. Улс төрд эрх мэдэлтэй учраас өөрсдөдөө таалагдсан хуулиа очёр дараалалгүй батлуулж чадсан нь “баячууд” хоёр эхнэртэй байж болох хууль байлаа. Энэ хууль бол үнэн хэрэгтээ цөөнх баячуудад зориулсан хууль байж таарсан.
    Хасгуудын дунд цөөхөн хоног байсан ч гэлээ нутагтаа ирээд Баян-Өлгий дахь хасагын ард түмэнтэй байнга холбоотой байж, зан заншилтай нь танилцаж, овгийн удирдлагуудтай уулзалдаж, олон хүнтэй дотно танилцаж, үндэсний цөөнхийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд оролцож явлаа.

    djmedia:601
  • 5. ЗҮЧИ ХААНЫ БУНХАН

     

    Арван гуравдугаар зууны монгол-кипчакын уран барилгын гайхамшигт дурсгал Зvч хааны бунхан судлаачдын анхаарлыг их татдаг юм. Чингис хааны ууган хvv Зvч, хаан эцгээсээ “Монгол морины туурай хvрэх өрнөд нутгийг мэдэж явах зарлиг сонсон, vvрэг хvлээж Хорезм, Мангышлак, Кипчак, Устюртыг эзэгнэн захирч байв. Энэ нутаг бол Казакстаны баруун, тєв, хойд хэсэг, Узбекстаны умарт нутгийг хамарсан 2 сая гаруй хавтгай дєрвєлжин километр нутаг юм. Зvч хаан одоогийн Байконурын сансрын буудлаас зvvн зvгт Жезказган хот байгаа газрын ойролцоо Сарысу голын сав нутагт төвлөрөн нутаглаж байжээ.
    Ус бэлчээр сайтай, урин дулаан уур амьсгалтай, хулан, зээр, бєхєн, чоно, vнэг, хярс, тарвага элбэгтэй энэ нутагт Зvч хаан єєрийн шадар ноёд Хунан, Мvнхзvр, Хэтэ нарынхаа хамт ан авд мордон нvvдэллэн аж төрөх дуртай байв. Тэрбээр тэндхийн төмөр зэсийн баялагийг ашиглан сумны зэв, жад, зэс, гуулин эдлэл, сав, цээживч, толь vйлдэх дархцуулаар ажлыг хийлгэж байжээ. Жезказган хэмээх нь “Зэсийн дархны газар” Жезды гол нь “Зэстэй” гэсэн монгол vгнээс гаралтай домог одоо ч Хасагстанд бий.
    Зvчи хааны тєвлєрєн нутаглаж байсан нутгаар Византи, Францаас Монголын нийслэл Хар Хорумд очих худалдаа, элчийн аян зам дайрч єнгєрдєг байжээ. Энэ замаар Невийн Александр Ростовын Глеб, Ярослав зэрэг оросын вангууд Хар Хорумд очиж байв.
    Ууган хvv Зvчийнхээ амьдрал, хувь заяанд Чингис хаан маш их анхаарч, тал талаас нь байн байн эргэцvvлэн боддог байв. 1227 оны өвөл хаврын заагаар Зvчи хаан, одоогийн Жезказган хотоос хойхно орших газар хулан авлаж яваад 45 насандаа учир битvvлэг шалтгаанаар нас нөгчжээ.
    Чингис хаан ууган хvvдээ сvрлэг сайхан бунхан бариулсаныг Бат хаан, тvvний залгамжлагчид, олон vе дамжуулан тахиж байжээ. Нэлээд хожим уг ёслолын цар хvрээ хумигдсан хэдий ч хэрэйд, Найман, Мэргид, Тэлэнгид, Тайчууд, Хонгирад угсааны казахууд бvр 1930-аад оны vед тахиж байсан мэдээ бий.
    Бунхныг 1227 оны хавар эхэлж, намар барьж дуусгасан бололтой.
    Хаалганы дээд хєндлєвчинд тавьсан загнаас єєр модон хєндлєвч, багана, тулгуур байхгvй, Бунхныг бvхэлд нь хєндлєвчгvй бvтцийн зарчмаар барьжээ. Хаалганы чимэглэл хээ нь нэн уран.
    Бунхныг барихдаа Монгол, кипчакийн уран барилгын тухайн vеийн арга барилыг нягт хослуулжээ.
    Караганда бүсийн Ултау дүүргийн Чингис хааны том хүү Зүчи хааны музей нээгджээ. Зүч хааны бунхан, эхнээсээ бидний түүх харийнханы түүх болж эхлэлийг тавьж байгаа юм. Төв азийн олон станууд монголын төрт ёст улсуудын түүхтэй зууралдан өөрийн түүх болгох гэж чармайх ажээ. Манайханы зарим ч гэсэн хэдэн бор цаасны төлөө “нүүрээ барах” явдал гаргасаар иржээ. Бусдын түүхийг өөрийн болгох оролдлого түүхэнд байсан ч ичгэвэртэй байдлаар төгсөж байв. Харин бусдын түүхийг нуух гэсэн оролдлого амжилт дагуулсаар өнөөг хүрч ирсэн. Гэвч хэр удах бол доо.

    djmedia:600
  • 4. МЕДЕУГИЙН ГАЙХАМШИГТ МӨСӨН ТАЛБАЙД

    Гайхамшигтай байгаль зохицсон Алматы хотоос холгүй орших “Медеу” өндөр уулын спортын цогцолборт очиж, тэшүүрийн талбай болон эргэн тойрон дахь уулс, нурууг харах боломжтой. Эдгээр газруудыг цаг завтай бол үзэхэд таатай.
    Миний хувьд цаг бага байсан тул хасгуудын нэрлэх гайхамшигт Медеугийн мөсөн гулгуурын талбайг зорилоо. Хотоос хойш зөм өгссөөр 14 км-ийн зайд орших Зайлийский Алатаугийн нурууны хойд энгэр дээрх ижил нэртэй замд 1691 м-ийн өндөрт байрладаг, дэлхийн хамгийн том өндөр уулын спортын цогцолбор “Медео” (“Медеу”)-д очно. Тус цогцолбор нь 10.5 мянган хавтгай дөрвөлжин метр хиймэл мөсөн бүрхүүл бүхий асар том мөсөн гулгуурын талбайгаараа алдартай.
    Мөсийг дүүргэхийн тулд уулын хамгийн цэвэр усыг ашигладаг бөгөөд энэ нь тамирчид энд өндөр үр дүнд хүрэх боломжийг олгодог. Медео тэшүүрийн талбайн мөсний зузаан нь 2.3 м. Мөсийг дэлхий дээр байхгүй хөлдөөх тусгай системийн ачаар төгс нөхцөлд хадгалдаг.
    “Медео” мөсөн гулгуурын талбай 1972 онд нээгдсэн. Өвлийн намуухан, нарны цацрагийн оновчтой түвшин ажиглагдаж, атмосферийн бага даралттай, хүчтэй салхигүй өндөр уулархаг нутагт өвөрмөц байрлалтай тул тэшүүрийн талбай нь тамирчдын дунд өргөн тархсан. Энд уран гулгалт, хурдны тэшүүр, бөмбөгтэй хоккей болон бусад өвлийн спортын төрлөөр сургалт, тэмцээн зохион байгуулдаг.
    Медео спорт цогцолбор Мөсөн талбайн мөсөн дээр нэгэн зэрэг 2-3 мянган хүн хүлээж авдаг. Тус спорт цогцолборыг 1966 онд тусгайлан барьсан Медеугийн үерийн уснаас хамгаалах далангийн ачаар үерийн уснаас найдвартай хамгаалагдсан. Энэ далан нь тэшүүрийн талбайн урд талд 1733 м-ийн өндөрт байрладаг. Спорт цогцолборын дээхэн алдартай цанын бааз байдаг – “Шымбулак” (“Шымбулак”). Та 2011 онд Азийн өвлийн наадамд зориулан барьсан Медео-Чимбулак хэмээх орчин үеийн троссоор Медеу цэнгэлдэхэд шууд очиж болно. Уран гулгалтын талбайн эргэн тойрон дахь уулын энгэрүүд нь шилмүүст ойгоор бүрхэгдсэн маш үзэсгэлэнтэй юм билээ.

    djmedia:597
  • 3.ОЛОН ҮНДЭСТНИЙ САУНД

    Барилгын технологид Өмнөд Казахстан, Узбекистан, Унгар зэрэг орны халуун усны цогцолборт үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн аргыг ашигласан. “Арасан” нь хоёр хонгилтой, таван давхар, төлөвлөгөөт барилга юм. Бүтцийн хувьд ванны цогцолборын барилга нь функциональ байдлаар ялгаатай арван хоёр павильоноос бүрддэг. Нэг том, таван жижиг бөмбөгөр гол танхимуудыг хамардаг. Муруйлтаас болж уурын конденсат нь таазнаас доош урсаж, улмаар дулаан, чийгшлийн горимыг тогтооно.
    Энэ цогцолборт дэлхийн улс орны сауны бүх хэлбэрийг анзааран сонирхож болно. Оросын уурын өрөө, Туркийн хамм, Финляндын болон Араб саун гээд бүгд байхаас гадна, люкс, нийтийн уур, давстай өрөөнд сууж болно. Зарим люкс өрөөнүүд халуун рашаанаар тоноглогдсон байдаг. Алматы дахь “Арасан” ванны цогцолборын үйлчлүүлэгчдэд усан сан, шүршүүрийн павильон, хүүхдийн тасаг, модон уурын өрөө, өргөн хувцас солих өрөө, угаалгын болон шүршүүрийн тасалгаа, асар том усан сан, тохилог нартай том амрах өрөө гээд бүх л төрлөөр үйлчилдэг ажээ.
    Усанд орсны дараа амрах нь зөөлөн ортой, зурагттай өрөөнд амрахад тусална. зэргийг санал болгож байна. 1984 оноос хойш цогцолборын барилга нь бүгд найрамдах улсын ач холбогдолтой архитектурын дурсгалт газар юм. Саяханаас нэмж Япон ванн нээгдсэн байна лээ. Дэлхийн улсуудад байдаг бүх л сауныг нэг дороос үзэж болно гэхээр бас л жуулчид ирэхээр орж үзэхээс аргагүй газар болжээ.
    Хаа газрын үндэстнүүдийн амьдрал, эдийн засгийн бодит зураглал, мөнгөний эргэлт, зан чанар, харилцааны соёл худалдааны захаас харагдаж байдаг. Тэгээд арилжааны захуудаар хэсч, хасгийн ард олны амьдралын хэвшлийг таних гэж ядаж явлаа. Хотын захад оюутны байранд буусан болохоор оройн цагаар наймааны цаг үргэлжлэнэ. Монголоос ирсэн барааг сонирхон үзэж, бараа солилцоно.

    djmedia:594