Category: Нийтлэл, ярилцлага

  • Д.ЭНХБАТ: МОНГОЛ ЛИДЕРГҮЙ, ИХЭНХ НЬ ХОЁР АМЬДРАЛТАЙ БОЛЧИХЛОО

    Удирдагч олон түмний оролцооноос төрдөг. Удирдагч төрүүлэхгүй байх ганцхан арга нь оролцуулахгүй байх.

    “Датаком” компанийн үүсгэн байгуулагч Д.Энхбат Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын “Хөгжлийн яриа” уулзалтын зочноор уригдан оролцож, “Монголын эдийн засаг, бизнесийн сэтгэлгээ, систем” сэдвээр яриа, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ингээд зочны ярилцлагыг хүргэж байна.
    -Нийгмийн итгэлцэл, ёс зүй, ёс суртахуун алдагдсан энэ байдал алсдаа хэнд ч итгэхгүй, хэн ч тоохгүй, хэн ч хайхрахгүй байдал руу хөтлөх сонин нийгэм болчих гээд байгаа мэт. Таны харж байгаагаар маш ихээр суларчихсан байгаа энэ мэдрэмжүүд цаашдаа ямар сценарт хүргэж болох вэ?
    -Бид нэг зүйлийг илэн далангүй ярих хэрэгтэй. Ардчилал, даяарчлал бол сайхан зүйл. Гэхдээ нэгэнт хаалгаа дэлгэчихсэн тохиолдолд сайн, муу зүйлс бүгд л орж ирнэ.
    Манай улсын хувьд тулгарч байгаа хамгийн том аюул бол Монголд ардчилсан нийгмээс гадна “Хэрэглээний” гэж нэрлэдэг бас нэг өөр нийгэм үүсээд байна.
    Африкт олон жил судалгаа хийсэн Шведийн нэг эрдэмтнийг Монголд судалгаа хийхээр ирсэн байхад нь уулзсан юм. Би яриандаа Монголыг Африкаас дээр гэж үздэгээ хэлтэл тэр эрдэмтэн Африкийн доройтлын шалтгааны талаар тайлбарлаад “Монгол залуустай уулзахад анзаарагдсан нэг зүйл нь тэд брэндээр өрсөлдөж байна. Унадаг машин, өмсдөг брэнд гээд хэрэглээний нийгмийн категориудаар нийгмийн ялгарал нь явагдаж байна. Уламжлалт нийгэмд бол шударга ёс, ажилсаг байдал, эх оронч зэрэг ойлголтууд байдаг. Монгол, Африк шиг орнуудад энэ систем нь устчихсан” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн, боловсролын, хүмүүжлийн тогтолцоонууд нь энэний дагуу ажилладаггүй. Хүүхдүүд хүртэл үнэтэй хувийн сургуульд сурснаа хямд сургуульд сурснаас нийгмийн түвшин өндөр гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээний түвшнээрээ нийгмийн харилцааг бүрдүүлдэг болсон.
    Нигер бол Африкийн хамгийн их нефттэй, хамгийн их асуудалтай улс. Нефть байхгүй бол хүмүүс нь бие биенээ алахад бэлэн, ганц нефть л тэднийг нэгтгэдэг гэж байгаа юм. Хэрэв хүмүүсийг мөнгө нэгтгэж байвал үндсэндээ тэднийг юу ч нэгтгээгүй гэсэн үг. Тэдэнд хэл соёл, үндэсний уламжлал гэдэг ямар ч ойлголт, ямар ч нэгдэл байхгүй. Зөвхөн нефтиэс яаж хувь хүртэх вэ гэдгээрээ л нэгддэг. Засгийн газар нь тэндээс хувь хүртээх үүрэгтэй. Байгалийн баялагтай орнуудад тулгардаг хамгийн том асуудал бол байгалийн баялгаа үндэсний ижилсэл, онцлог болгочихдог.
    Өнөөдөр Монгол яг тийм. Монгол бол хамгийн их баялагтай орон. Гаднынхан эндээс булаалдах гэж байна, би монгол хүн учраас хувиа авах ёстой гэдэг. Монгол хүн гэдэг хувьцаа, хувь авах биш, арай өөр юмаар яригдах ёстой.
    Ингээд хэрэглээний нийгмийн систем орж ирэхээрээ ерөнхийдөө улс орон устдаг, задардаг. Тэгэхээр даяарчлалын цаана үндэстэн дамнасан компаниуд явж байна. Тэр байгууллагууд үндсэндээ Засгийн газраас, үндэстнээс дээгүүр, тэдэнд үндэстэн хамаа байхгүй. Монголын хэрэглэгч үү, Швейцарын хэрэглэгч үү ялгаагүй, гагцхүү хэн, хаана худалдаж авч байгаад нь л илүү хайртай. Дэлхийн худалдааны энэ бүтцүүд үндэсний бодлогоос дээшээ гараад ирэхээр хүчтэй явж эхэлж байгаа.
    Нэг жишээ татъя. Өнөөдөр монгол хүүхдэд үндэсний баяр чухал уу, Халловины баяр чухал уу. Сайн харвал Валентин, Халловин бүгд дэлгүүрүүд зохион байгуулдаг баяр. Гэтэл манайд бараг үндэсний баяр болчихсон. Энэ бол уламжлалт нийгэм болон хэрэглээний нийгэм хоёрын гол ялгаа. Хэрэв бид хэрэглээний нийгэм рүү орвол яваандаа гурван сая хүнтэй Монгол Улс биш, гурван сая худалдан авагч л үүснэ. Хоорондын харьцаа нь мөнгө, брэнд зэрэг бусад зүйлсээр тодорхойлогдоно. Ийм болох юм бол нийгэм үндсэндээ мөхөж байгаа юм.
    -“КОВИД 19”-той холбоотойгоор ардчиллаас жаахан ухарчихав уу гэсэн мэдрэмж бас байгаад байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
    -Ардчиллаас ухарсан гол жишээ гэвэл Америк өөрөө үнэт зүйлээ гээж эхэлсэн. АНУ-ыг 200 жилийн өмнө байгуулж ирсэн тулгуур зарчмуудаа америкууд өөрсдөө мартаж эхэлсэн. Америк дабл стандарт дэлхийд хэрэгжүүлж эхэлсэн. Ирак, Украины дайн байна. Дайныг болиод дүрвэгсдийг ярья. Сири, Ирак хүмүүсийг европууд хүлээж авахгүй, украинуудыг бол хүлээж авна гэх жишээтэй. Өөрөөр хэлбэл, асуудал ардчилалдаа биш, улстөрчид ардчиллыг зөвхөн үнэт зүйл төдийгүй зэвсэг гээд харчихсанд байгаа юм. Хүмүүс өөрийг нь ардчилалд оруулах гэж байгаа биш, зэвсэг болгон ашиглаж байна гэдгийг мэдмэгц ардчилал унаж байгаа юм.
    Энгийнээр бол Монголын ардчилалтай адилхан. 1990 онд бид ардчилалд, ардчиллыг авч явж байгаа хүмүүст итгэж байсан. Гэтэл тэр хүмүүс биднээс түрүүлээд зарчмаасаа ухарсан тул өнөөдөр итгэхээ больсон. КОВИД бол дэлхийн хүмүүсийн стресс бухимдлыг нэмсэн. Тэр нь олон зүйлийг шинэ өнгөөр харахад тусалсан. КОВИД юмсыг хурдасгасан.
    Тиймээс ардчилал ухарч байгаа хамгийн гол шалтгаан бол хоёр стандарттай улс төрийн бодлого. Хоёрт, хэдийгээр корпорацууд нь даяарчлалд орсон ч улс үндэстнүүд, соёл гээд дараа дараагийн зүйлс нь бэлэн биш байсныг ойлгоогүйнх. Товчоор бол бид бүх юмыг даяарчилж болно гэж бодсон. Миний бодлоор болохгүй. Энэ бүх ялгаа нийлээд одоогийн хямралыг үүсгэж байна.
    -Хэрэв та Ерөнхийлөгч болсон бол яаж ажиллах байсан бол. Одоогийн байдлыг яаж дүгнэж харах байсан бол?
    -Улс төр яримааргүй байгаа ч үнэнийг хэлэхэд би сонгууль болохоос 21 хоногийн өмнө өөрийгөө оролцохоо мэдэхгүй явсан. Сонгуульд өрсөлдсөнөөрөө би хоёр сайхан зүйлийг олж харсан. Нэгд, залуусыг улс төрд дургүй, идэвхгүй гэж бодож байсан тэр бодол өөрчлөгдсөн. Залуучуудад таарах улс төр нь Монголд байхгүй тул оролцдоггүй юм байна. Хоёрт, 20-оод жил улс төрөөр явсан надад нэг зүйл сюрприз болсон. Нийт 1,500 орчим хүн миний сонгуульд ажилласан байсан. Түүнээс хоёрхон хүн л цалин авсан. Ажилласан хүмүүс бүх зүйлийг өөрсдөө хийсэн. Энэ нь надад маш сонин мэдрэмж өгсөн.
    Монгол Улс өөрчлөгдөх боломж нь байна. Гагцхүү тэр нь өнөөдөр харагдахгүй байна.
    Хэвлэл мэдээлэл дэндүү хуучин улстөрчдөөр дүүрсэн. Шинэ залуус нь гарч ирж чаддаггүй, эсвэл боломж нь бүрдэхгүй, магадгүй өөрсдөө ч тэрийгээ мэдэхгүй байна. Надад 200 орчим мянган хүн санал өгсөн. Залуучуудад өөрийн лидерүүд, үзэл санаа, өнгө төрх хэрэгтэй байгааг олж харсан. Залууст мөрөөдөл байна. Тэр мөрөөдлийг нь ярьдаг лидер хэрэгтэй байна.
    Би компанийн захирлуудтай уулзахдаа “10 жилийн дараа компани тань ямар байхыг төсөөлөөд яриач” гэдэг юм. Ихэнх нь ярьдаггүй. Тэд зовлон дундуур туучсаар мөрөөдлөө мартсан байдаг. Хэрэв мөрөөдлөө харж байвал зорилгоо хардаг. Зорилгоо харж байвал энэ олон асуудлууд ажил болж хувирдаг. Өнөөдөр монголчуудад мөрөөдлийг нь авчрах, тэрний төлөө ажиллах лидер дутаад байна. Үргэлж зовлонгоо яриад байвал байнга стресстэнэ. Бид Хятад, Япон, Сингапур илүү явахын тулд илүү их мөрөөдөх хэрэгтэй.
    Дээхнэ үед Солонгосын Ерөнхийлөгчийн оффист долоо хоног ажиллах боломж тохиож байсан юм. Тэр үед олж харснаар Ерөнхийлөгчийн нэг номерын зорилго бол ард түмний оюун санааны бэлгэ тэмдэг байх ёстой. Тэр нь өөрөө гэсэн үг биш, оюун санааны тэр галыг манах ёстой гэсэн үзэл санаа. Энэ зүйл өнөөдөр манайд дутаж байгаа. Залуус шинэ улс төр, шинэ амьдрал, шинэ хэв маяг хүсэж байна.
    “Улс төр” гэж бичээд байгаа бүх зүйлд өнөөдөр мөрөөдөл алга. Хамгийн хурдан хөгжсөн 10 орныг харвал их мөнгөндөө биш, мөрөөдөлдөө байгаа юм. Бизнест байдаг хоёр чухал зүйл бол инновац, маркетинг. Бусад нь хар ажил. Үүсгэж буй үнэ цэн буюу инновац, маркетинг буюу хэрэглэгчдэдээ хэрхэн хүрч байгаагаараа л ялгардаг. Бусад нь ажил байдаг. Үүн шиг улс орны хөгжил бол мөрөөдөл, засаглал, бусад нь ажил.
    -Ардчиллын талаар барууныхан ирээд манайхыг ажлаа түүхий хийсэн байна гэж ярьдаг. Хоёрдугаарт, эдийн засгийн буруу тогтолцоо руу явсан. Манайх ямар замаар явах ёстой байсан бэ?
    -Харин ч монголчууд сайн явсан гэж хардаг. Гадаад орчин хамгийн таатай байсан үед ардчилалд шилжсэн. Миний бодлоор, ардчиллын замаар манай улс эхний 20 жил сайн явсан. Харин сүүлийн 10 жилд буруу замд орсон.
    Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай нефть дээлэндээ арчиж байсан тэр үед би Канадад байв. Энэ үйл явдлын зургийг Канадын Стратегийн хүрээлэнгийн захиралтай уулзахдаа үзүүлээд “Монгол гараад өглөө” гээд ярьтал тэр хүн надад “Юм хийж үзээгүй хүмүүст их мөнгө олдох шиг аюул байдаггүй. Монголд аюул одоо л эхэлнэ” гэж хэлж байсан юм.
    Мөнгөгүй байхад зөв байдаг. Бөөн мөнгө олоход эвдэрдэг, алалцдаг аж. Ингээд сүүлийн 15 жил яаж явж ирснийг бүх хүн мэдэж байгаа.
    Миний бодлоор Монголд улс төрийн ардчилал бий болсон. Олон намын тогтолцоо, сонгууль бий болсон. Харин бодит ардчилал маань хөгжөөгүй. Бодит ардчилал бол нийгмийн бусад институтүүдийг байгуулах замаар, бүгдийн оролцоог хангаж байж бий болдог. Тэгвэл манайд мэргэжлийн салбарууд, төрөл бүрийн байгууллагууд нь үүсээгүй, хөгжөөгүй. Улстөрчид зөвхөн сонгууль дээр очоод гацсан. Улс орныг байгуулах процессыг улс төрийн хүрээнээс цааш бид хийж чадаагүй.
    Салбарын холбоод ажиллаагүй, үйлдвэрчний эвлэлээ өөрчлөөгүй, эмэгтэйчүүдийн байгууллага нь өөрчлөгдөөгүй, залуучууд яах нь мэдэгдэхгүй үлдсэн. Ганц л юмтай. Тэр нь нам. Намаа л шийдчихвэл бусад юмаа шийднэ гэж боддог. Нам шийдэж чадахгүй зүйл хорвоод дүүрэн байна.
    Товчхондоо манайд нийгмийн институтүүдээ байгуулаагүй. Одоо байгаа ганц нийгмийн институт нь фэйсбүүк. Тэнд л бүгд оролцдог, зодолддог болсон. Яагаад байгуулаагүй вэ гэвэл улстөрчид нь их эгойст. Тэд гурван сая хүний асуудлыг шийдье гэж зорилго тавиагүй, өөрсдийнхөө л асуудлыг шийдсэн.
    Хуульч Б.Чимид гуайгаас би 1990 оны АН одоогийн АН хоёр ямар ялгаатай талаар асуухад “90 оны АН бол үнэхээр Монголын төлөө байсан. Одоогийн АН өөрийнхөө л төлөө болсон” гэсэн юм. Б.Даш-Ёндон гуай бас хамт байсан. Түүнээс МАН мөн ямар ялгаатайг асуухад “Ерөнхийдөө адилхан даа. Одоогийн МАН яг л үйлдвэртэй адилхан хувьчлагдсан нам. Өмнө нь хувьчлагдаагүй байсан” гэж хэлж байсан юм.

    -Тэгвэл Монголын ардчиллын хамгийн том аюул нь юу юм бэ?
    -Чехийн анхны Ерөнхийлөгч Вацлав Хавел гэж драмын жүжгийн зохиолч хүн байсан. Манай “Хонхны дуу” шиг Чехийн ардчиллын тунхаглал болсон түүний нэг өгүүлэл байдаг юм. Тэр өгүүлэл их энгийн. Прага хотын захад байх нэгэн дэлгүүрт ажилладаг хэсэг хүн ажлын цагаар Чехийн коммунист нам мандтугай гээд, зурагт хуудас наачихсан ажилладаг бол орой нь дэлгүүрээ хаачхаад “Нам ёстой хэрэг алга” гэхчлэн өдөр ярьсныхаа эсрэг бүгд зогсдог. Хоёр амьдралтай, өдрийн амьдрал нь шөнийн амьдралынхаа эсрэг. Өөрийнхөөрөө амьдрахаас айж байна гэсэн санаа. Нэг амьдралаар амьдрахаас айхыг боочлол гэнэ. Вацлав Хавелын гол томьёолол нь, муу ч, сайн ч нэг амьдралаар амьдрах боломж олгодогоороо ардчилал социализмаас давуу гэдэг санаа. Энэ бол монголчуудын одоогийн хамгийн том дутагдал.
    Дунд сургуулиудад сонгодог уран зохиол заахаа больсон. Уран зохиол бол хүн төрөлхтний түүхийг, сэтгэлгээг заадаг. Шекспирийн Гамлет жүжгийн зохиолд Гамлетад “Орших уу, эс орших уу” гэсэн асуулт тулгардаг. Энэ бол маш энгийн ойлголт. Түүнийг ордондоо ирэхэд аав нь алагдсан, ээж нь нагац ахтай нь хуйвалдсан байдаг. Гамлетад хоёр зам байсан. Нэг нь тэр бүхнийг хараагүй царай гаргаад ханхүүгийн амьдралаар амьдрах, эсвэл шударга бус хуйвалдааныг хараад өөрөө үрэгдэх. Эцэст нь өөрийнхөөрөө яваад үхэж байгаа юм.
    Философийн нэг асуултыг Гамлет асуудаг. Яг чин үнэнээрээ байх уу, эсвэл дүр эсгэх үү? Вацлав Хавел мөн энэ асуултыг асуудаг. Хэрэв бид дүр эсгэвэл хэзээ ч хөгжихгүй. Дүр эсгэж хөгжиж болдоггүй. Хөгжлийн ганцхан шалтгаан бол үнэнээрээ явах.
    Өнөөдөр Монголд ардчиллын хамгийн том аюул бол шүүхээр орсон ч урд хаалгаар орох, ард хаалгаар орох хоёр өөр. Цагдаад очсон ч, татвар төлсөн ч хоёр өөр. Чехийн ерөнхийлөгч Вацлав Хавелын тодорхойлолтоор Монголд эрх чөлөө ирээгүй. Яагаад гэвэл хүн хоёр амьдралаар амьдрахаас аргагүй орчин бол эрх чөлөөгүй орчин. Тэгэхээр манайд суурь түвшиндээ эрх чөлөө ирээгүй. Сонгууль байгаа, олон нам байгаа. Яг амьдралын түвшинд бид ахиад хоёр нүүр гаргаж байгаа юм. Хараагүй царай гаргаж байна. Нийгэм, улс үндэстэн энэ асуултандаа хариулаагүй цагт дараагийн зам олдохгүй гэж Вацлав Хавел хэлсэн байдаг.
    Үнэнээрээ явах нь дээр гэдгийг ойлгосон цагт ард түмэн гэгээрдэг. Тэрний төлөө ядуу байсан ч явдаг, тэмцдэг цагт улс орон хөгждөг. Харин дүр эсгээд явбал хөгжлөөсөө ухардаг. Энийг ганц л аргаар өөрчилнө. Тэр бол оролцоо. Манайд яагаад ардчилал явахгүй байна гэхээр сууриараа бол ардчиллыг улстөрчид хийнэ гэж хүлээдэг. Ардчиллыг улстөрчдөөс хүлээж байгаа цагт үргэлж гацна, дутна. Оролцоог хангаж байж ардчилал хөгжинө.
    -Монголд шинэ үеийн лидер хэрэгтэй байна гэж байна. Оролцоо, манлайллыг хэн нэгэн лидер хийдэг гэж ярьдаг. Ардчиллын үед нь хэсэг залуус манлайлж байсан. Одоо тэр үе нь ирсэн үү?
    -Данзан гуай 1922 онд “Бүгдээрээ баяжагтун” гэж хэлж байсан. Дэн Сяопин яг тэр үгийг давтаж хэлж байсан. Тэгээд Хятадад бүгд бужигнасан. Хятадын өөрчлөлт бол тус улсын коммунист намын ухаантайнх мөн байж болох ч үндсэн өөрчлөлт бол хүн болгон оролцсон явдал. Коммунист нам юугаараа ухаантай вэ гэвэл хийх замыг нь, хүн болгон баяжих боломжийг нь нээж өгсөн. Харин Монголд сүүлийн 10 жилд үүний яг эсрэгээр явж байгаа юм. Том дарга гарч ирээд, том нам асуудлыг шийднэ, та нар хүлээж бай гэдэг хандлага. Ардчилал ухарч байгаагийн гол шалтгаан энэ. Бид хүүхдээ “Сууж бай, аав нь бүх юмыг чинь шийднэ” гэвэл яах вэ.
    Өнөөдөр яагаад удирдагч төрөхгүй байна вэ? Монголд яавал хөлбөмбөгийн сайн баг бүрдэх вэ гэвэл бүх хүүхэд тоглодог болсон үед шүү дээ. Ямар ч элит сургууль байгуулаад төрөхгүй. Түүнтэй адилхан удирдагчид бол олон түмний оролцооноос төрдөг. Удирдагч төрүүлэхгүй байх ганцхан арга нь оролцуулахгүй байх. Үүнийг өнөөдөр хэрэглэж байгаа. “Удирдагчийг томилсон. Та нарын үүрэг бол мөргөх” гэсэн аяс. Оролцоо байхгүй. Монголд удирдагчид ямар үед төрөх вэ гэвэл оролцооноос төрнө. Гэтэл оролцоо нь байхгүй болохоор тэр хүн өөрийгөө удирдагч болно гэдгээ ч мэдэхгүй өнгөрч байгаа гэж боддог.
    Би коммунизмыг гурван жил судалдсан. Лениний нэг үг байдаг юм. Удирдагч хувьсгал хийдэг юм биш. Олон түмэн бухимдахаар хувьсгал бий болдог. Хувьсгал нь удирдагчаа төрүүлдэг. Тэр ард түмний тэмцэлд хариулж чадсан хүн удирдагч болдог гэж. Миний баримталдаг зарчмаар бол удирдагч хэн болоход битгий санаа зов, олон түмний оролцоо, ардчиллыг хөгжүүлбэл хэн нэгэн болж л таарна. Яагаад гэвэл энэ бол байгалийн хууль. Үүнтэй адил би өдөр бүр ажлаа сайн хийвэл жилийн дараа сайн байж л таарна. Жилийн дараа ямар байхыг яг одоо бодоод сэтгэлээр унах шаардлагагүй. Амжилттай яваа хүмүүсийн нууц нь үр дүн биш, процесстоо итгэдэг. Үүн шиг ардчиллын системээ ажиллуулж чадвал хөгжинө.
    -Гадаад орчин бас хөгжихөд нөлөөлж байгаа шүү дээ?
    -Монгол шиг жижигхэн оронд гадаад орчин их нөлөөлдөг л дөө. Гэхдээ гадаад орчныг бид хянаж чадахгүй. Тэрийг бодохоор шийдэл ч байхгүй, бодох ч хэрэггүй. Ганцхан дүрэм бол өөрөөсөө хамаарах бүх юмыг л хийх. Ялах, ялагдахыг мэдэхгүй. Ялагдсан ч сэтгэл тэнүүн ялагдана.
    Намайг сонгуульд нэр дэвшиж байхад “МАН тэртэй тэргүй ялна шүү дээ” гэж байсан. Тэр бол надаас хамаарахгүй, ард түмэн шийднэ биз. Энхбатаас хамаарах юу байна, чадах юмаа л хийх хэрэгтэй. Эргээд харахад би жаргалтай үлдэж байгаа юм. Хийх цагтаа хийхгүй яавдаа гэж бодох шиг зовлон байхгүй. Тийм учраас Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо миний барьсан зарчим ердөө тэр.
    Бөмбөг ирсэн үед өшиглөх л хэрэгтэй. Орох уу, үгүй юу хамаагүй. Хэрэв чи тэр зовлонг түрүүлж бодвол чи хэзээ ч цохихгүй. Ганцхан чиний үүрэг бол чиглүүлээд л хамаг чадлаараа цохих. Хэрэв цохихгүй өнгөрөөчихвөл харамсана. Түүнтэй адил чадах бүхнээ л хийх ёстой.
    Дээр ярьсанчлан, мөрөөдөл, зарчим гээд зөв зам дээр гарчихвал удаан ч гэсэн бид урагшилна. Буруу зам дээр хэчнээн хурдлаад хэрэг байхгүй.
    Бид хорвоог өөрчилж чадахгүй. Ганцхан хүмүүс хоорондын харилцаа, системийг өөрчилж чадна. Баруунд хүн нь биднээс хөгжиж гэгээрсэн юм байхгүй. Төр нийгмийнхээ системийг зөв хийгээд байгаа юм. Яагаад зөв хийгээд байна вэ гэвэл хүн нийгмийн, системийн институтээ томоор харж чадаж байгаа юм. Түүнээс биш хэн нэгэн гэнэт гэгээрээд Монгол Улс араас нь хөгжихгүй. Монгол Улс бүгд оролцож, институтүүдээ зөв байгуулах ёстой. Сурах ёстой, мэдлэгээр явах ёстой. Энэ процесс явбал бид Япон, Солонгосоос алинаас нь ч дутахгүй.
    -Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

  • Б.СИЙЛЭН: БИ ӨӨР ЕРТӨНЦИЙН ХҮН БАЙСАН

    -Та үзмэрч болохоосоо өмнө аливааг зөгнөж, мэдэрдэг байсан уу. Таны зөн совин анх хэзээнээс мэдрэгдэж эхэлсэн бэ?

    -Мэдээж бага байхаас л зөн совин байсан. Мэргэлж эхлэхээсээ өмнө би зүүдэндээ хар дардаг, өөр ертөнцийн хүн байсан. Өөрийгөө ойлгохгүй үетэй олон тулсан. Мөн болох гэж байгаа үйл явдлыг урьдчилаад мэдэрчихдэг байлаа. Таагүй хэцүү санагдсан зүйл дараа нь яг л надад мэдрэгдсэнээр өрнөдөг байсан. Тухайлбал, нэг хүнийг хараад түүнд юу тохиолдохыг нь мэдэрдэг. Энэ мэдрэмжээ би анх байдаг л үзэгдэл гэж боддог байсан. Гэтэл тэр маань зөн совин байсан юм билээ.

    -Авьяас, мэдрэмж удамшиж,өвлөгддөг юм билээ.Танай удамд мэргэлдэг хүн бий юу?

    -Хүний удам, ген гэдэг гайхалтай санагддаг юм. Авьяас чадвар нь үеийн үед өвлөгдсөөр л байдаг. Манай удамд надаас гадна хөзрөөр мэргэлдэг олон хүн бий. Харин миний хувьд анх 2016 оноос өөрийгөө илүү мэдэрч, хүн үзэж эхэлсэн. Гэхдээ ихэвчлэн ойр дотны таньдаг хүмүүсээ л үздэг байлаа. Гэтэл тухайн хүнийг үзээд мэдэрсэн, харсан, хэлсэн бүхэн минь яг л таардаг, алдаагүй зөв байгаад байсан. Энэ үеэс өөртөө илүү итгэлтэй болсон шүү.

    -Та сошиал орчинд их нэр хүндтэй юм билээ. Хэзээнээс цахимаар үзэж эхэлсэн бэ?

    -Анх 2017 оноос цахим хаягаараа дамжуулж хүмүүсийг үзэж эхэлсэн. Хүмүүсийг үзэж, тулгарсан асуудлыг нь шийдэж байгаа минь буянтай санагддаг. Хэдий хэл ам дагуулдаг ч би ажлаа аз жаргалтайгаар, дурлаж хийдэг хүн.

    -Хүн бүрийн туулсан зам, амьдрал харилцан адилгүй. Танд хандаж буй хүмүүс ихэвчлэн ямар асуудалтай байна вэ?

    -Тухайн хүнийг үзэхдээ төрсөн жил, он сар өдөр, зураг зэргийгнь ашигладаг. Хүмүүс гэр бүлийн шалтгаанаар л их холбогдож байна. Надад хандаж буй сүсэгтэн олны 85 хувь гэр бүлийн асуудалтай. Энэ бүхнээс харахад гэр бүлийн харилцаа нууц юм шиг мөртлөө нийгмийг хамарсан хамгийн том түймэр болоод байна. Үүний гол шалтгаан нь гэр бүл төлөвлөлт буруу, нэгнийгээ хуурах, итгэлийг нь алдах нэмэгдэж байгаатай холбоотой. Мөн эхнэр, нөхөр хоёр хайр сэтгэлээ ариун нандин хэвээр хадгалдаггүй, дэндүү хайхрамжгүй хандаж байна. Гэр бүл зохиогоод дутах зүйлгүй, жаргалтай амьдарч байж өөр хүнтэй харилцаа тогтооно. Тэр үедээ үр дагаврыг тооцохгүйгээр ханийнхаа сэтгэлийг шархлуулаад байгаа юм.

    -Тэгэхээр танд эргээд нийлүүж, өгөөч, гэр бүлээ салгамааргүй байна, аргалах арга байна уу гэж ханддаг гэсэн үг үү. Эсвэл эсрэгээрээ юу?

    -Хосуудыг таарч тохироогүй болохоор салсан юм болов уу гэхээр өөр шалтгаантай байдаг. Тухайлбал, эрчүүд өөрийн орон зайдаа эхнэр, нууц амрагаа хамт байлгах сонирхолтой. Үүнээс л бүх зүйлээ зориулсан хань нь гомдох жишээтэй. Мөн үүнээс болж хамгийн хэцүү нь үр хүүхэд нь өнчирнө.

    Гэр бүл үймүүлсэн өнөөх этгээд доромжилж, хараана. Өнөөгийн манай нийгэмд ихэнх гэр бүлийн бодит байдал ийм дүр зурагтай байна. Үүнээс гадна нөхрөө, найз залуугаа, хайртай хүнээ, салсан хүнээ дуудуулна. Хааж тушиж, дөнгөлмөөр байна гэж их холбогдоно.

    Энэ бол их буруу. Миний хувьд гэр бүл тэгшитгэх, дэв бузар, хормойн дэв арилгах зэрэг үйлийг л хийдэг. Ер ньсэтгэлгүй хүнийг мянга дуудаад ирэхгүй шүү дээ.Мөн өөр нэг асуудал нь хараагдсан мэт ажил төрөл нь бүтэхгүй, мөнгө тогтохгүй, муухай зүүд зүүдэлж, шалтгаангүй өвдөөд байна гэсэн хүн олон болж. Энэ нь олон шалтгаантай. Жишээлбэл, муу энергитэй хүнтэй маргаснаас сэвтэж болно. Тиймээс аль болох хүнтэй маргахгүй байх хэрэгтэй. Зарим хүн энэ асуудлаа шийдүүлэх гэжзасал ном хийж мэдэхгүй, ашгийн төлөө явж буй хүнд мөнгөө алдаж хохирох нь бий. Би хэзээ ч их мөнгө төл, засал хийлгэ, надаар л хийлгэхгүй бол ингэнэ, тэгнэ гэж шахдаггүй. Хаана, хэний ч засалд орж, үйл хийлгэх нь тухайн хүний сонголт, сүсэг шүү дээ.

    -Гэр бүл салахадүнэхээр хүүхэд л золиос болж, дутуу хайраар өсдөг. Нэгэнт л эцэг эх болчихсон бол манай залуус хариуцлагаа тэнцүү үүрдэг баймаар санагдах юм?

    -Гэр бүл салалтынхамгийн том хохирогч бол үр хүүхэд. Тиймээс хүн бүр хүүхдээ л хайрлаж явах нь чухал. Хүүхэд өнчрөхийг харахад өөрийн эрхгүй миний сэтгэл шаналж, нулимс урсдаг. Мөн болохгүй амьдралыг дуусгаж, дахин амьдрал эхлүүлэхэд хүүхэд маань төвөг болж байна гэх эцэг эхтэй цөөнгүй таарлаа. Аав, ээжийнхээ энэ хандлагаас болж тэр жаахан амьтан л дарамтанд орно шүү дээ. Хүүхдийн буруу гэж хаана ч байхгүй. Энэ асуудалд томчууд л буруутай. Манай залуус гэрлэлт, үр хүүхэд гэдэг асар том хариуцлага, үүрэг гэдгийг ухамсарлах ухаантай болчихоод гэр бүл зохиодог болмоор байна.

    -Анзаарвал зовлон дунд ч жаргал байдаг. Тиймээс та энэ асуудлыг шийдэх гарц, гаргалгааг хэрхэн хардаг вэ?

    -Ер нь хосууд нэгнийгээ сайн таньж байж гэр бүл болох хэрэгтэй. Хүнийг танихад 10 жил ч бага хугацаа. Тиймээс гэр бүлээ сайтар төлөвлөж байж, хүүхэд тээгээрэй гэж хэлье. Хэн нэг нь хүндлэлгүй хандаж зоддог, хуурч мэхэлдэг бол энэ байдал мөнхөд үргэлжилнэ. Хүний зан чанар, дадал өөрчлөгдсөн тохиолдол ховор байдаг юм билээ.

    -Гэр бүлийн үнэ цэнгүй харилцаанд зөвхөн эрчүүдийг буруутгадаг хандлага нийгэмд бий?

    -Би энэ амьдралд зөвхөн эрэгтэй хүнийг буруутгадаггүй. Адилхан л хүн юм чинь алдаж болно шүү дээ. Мөнэнэ амьдралдаа алдсан, буруу алхам хийсэн, толгой нь эргэсэн эмэгтэй хүн ч олон бий. Тухайлбал, шинэ нөхөр маань хүүхдийг минь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир өргүүлмээр байна гэсэн хүмүүс над дээр жилд 10 гаруй ирдэг.

    -Зарим хүн хүмүүсийн ам дамжсан яриагаар болохгүй зан үйл их хийх нь ажиглагддаг. Танаас иймэрхүү үйл хийлгэхийг гуйж байсан удаа бий юу?

    -Шашны зүгээс яривал янз бүрийн ам дамжсан домог яриаг хэзээ ч бүү хэрэгжүүл гэж захимаар байна. Жишээлбэл, нь зарим охид хайртай хүнээ хажуудаа байлгахын тулд муу цусаа уулгасан гэдэг. Энэ бол байж болохгүй, огт худал зүйл.Уусан эр хүн хийморь лундаагүй, дэв бузар шүглэж, ажил амьдрал нь бүтэлгүйтдэг. Нэг ёсондоо хүмүүсийн хэлдгээр амьд зомби болж хувирна. Хэзээ ч өөдөө гарахгүй. Харин уулгасан хүний үйлийн үрийг үр удам дамжин төлдөг хатуу цээртэй юм шүү. Заслыг дотор нь энергийн засал, лаан засал, өдөр, шөнийн засал гэж хуваадаг. Миний хувьд эдгээр заслаас тухайн хүний нөхцөл байдалд нь тааруулж хийдэг.

    -Танаар засал хийлгээд олон хүн үр дүнд хүрсэн гэдэг. Мэдээж амьдрал нь тэгширч, өөрчлөлтийг мэдэрсэн хүмүүс талархсан сэтгэлээ илэрхийлдэг байх?

    -Гайхалтай үр дүнд хүрсэн олон хүн бий. Засал хийлгээд үр хүүхэдтэй болсон гээд эргэж холбогдоход нь баярладаг. Мөн салаад явсан хань ижил эргээд ирсэн, ажил нь сайхан бүтлээ баярлалаа гээд хүмүүс ярьдаг л юм. Миний заслаар сайн сайхантай учирсан 500-600 гаруй хүн бий. Тиймээс би өдөр бүр л олон хүнийг жаргалтай болгосон энэ ажлаараа бахархдаг.

    -Сүсэг бишрэлийг зарим хүн үл тоодог. Ер нь сүсэгтэй байхын давуу тал нь юунд оршдог бол?

    -Хүн сүсэг бишрэлтэй байхын утга учир бол итгэл үнэмшил юм. Тиймээс итгэж найдах, сүсэглэн залбирах зүйлтэй байвал тайвширлыг олдог. Харин засал ном хийлгэж зам мөрөө тэгшитгэх нь ноён нуруу, энерги, ажил үйлс бүхэнд нь нөлөөтэй. Гэхдээ энэ нь хэтэрч болохгүй. Мэдээж сүсэг бишрэлгүй хүмүүс байдаг. Энэ нь өөрийнх нь л сонголт шүү дээ.

    -Хүн бүрийн итгэл үнэмшил өөр. Тиймээс аз жаргалтай байхын тулд дотоод сэтгэлээ хэрхэн удирдах ёстой вэ?

    -Хүний амьдралд сайн муу хослодог ч бүх зүйл ээлж дараатай. Өнөөдөр та заавал мөнгөтэй баян байх албагүй. Гагцхүү аз жаргалтай л амьдрах хэрэгтэй. Мөн хүссэн зүйлээ хийж амьдрах нь чухал. Өөрийн хүссэн зүйлээ мэдэр, хий, бүтээ. Хайртай бол илчил, дургүй бол битгий хий, маргасан бол эвээ ол. Амьдралаас бид аз жаргалыг мэдрэх нь чухал. Хань ижил, үр хүүхэдтэйгээ, бүр ганц бие байсан ч долоо хоногтоо нэг удаа кино театрт кино үз, уйл инээ. Эдгээрийг хийснээр сэтгэл бага ч гэсэн хөнгөрдөг. Хотоос хол сайхан байгальтай газар очиж уул усны сайхныг мэдэр. Сайхан үнэр, агаар таныг тайвшруулна. Юунаас ч бүү ухар, гэр бүл салгаж, худал хэлэхгүй л бол бүхнийг хий. Эдгээр нь хүүхдээ хараад гэртээ сууж буй аав ээжүүдэд ч хамаатай.

    -Та манай уншигчдад хандаж зөвөлгөө өгөхгүй юу?

    -Гэр бүлүүд үр хүүхэд, хайр сэтгэлээ үүрд нандигнаж яваарай. Мөн эцэг эхээ амьд байхад нь эд хөрөнгийн биш нэг удаа ч болов сэтгэлийн жаргал эдлүүлж байгаарай. Эр нөхрөө дээдэлж, бас тунг нь тааруулж яваарай.

    Гэргийгээ үр хүүхдийг чинь төрүүлж, удмыг нь үргэлжлүүлж яваа гээд үргэлж хайрлах хэрэгтэй. Гэр бүл болоход бэлэн болоогүй цагтаа амьдрал бүү эхлүүлээрэй. Хүний зүрх сэтгэл эмтэрдэг юм шүү.

    Үр хүүхдээ бага насанд нь хар дурсамжаар бүү хуч. Эцэстээ хулгайч, гэмт хэрэгтэн, архи уудаг, хүүхэд хүчирхийлэгчээс бусдыг нь хүн гэж л би хардаг. Магадгүй та зовж яваа бол удахгүй бүх зүйл сайхан болно. Үргүй нэгэн нь үртэй болно. Алдсан нэгэн нь ухаарна, хань ижилгүй нь сайхан ханьтай учирна. Удахгүй бүх зүйл сайхан болно. Монголын ард түмэн, сүсэгтэн олон үргэлж зовхи нь өөдөө байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

    Баатарын Нямсүрэн
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • ТЭД БИДНИЙ ТУХАЙ: ЗӨВХӨН МОНГОЛ Л ТӨВӨДИЙН БУДДИЗМЫГ ХАМГААЛЖ ЧАДНА

    Хамгийн сүүлийн буюу IX Богд Жавзандамба хутагт 2012 онд таалал төгссөн. Одоо XIV Далай лам Монголын дараагийн хутагтыг тодруулах эрх мэдэлтэй. Төвөдийн Буддизмын гурав дахь дээд оюун санааны зүтгэлтэнг тодруулах үйл явц 2016 онд эхэлсэн юм.
    Хятад улс яагаад Жавзандамба хутагтыг тодруулах үйл явцад ач холбогдол өгдөг вэ
    Эндээс л бүс нутгийн геополитик гарч ирж байна. 2016 онд XIV Далай лам Хутагтыг дахин төрүүлнэ гэж зарласан. Бээжин Далай ламын хойт дүрийг зарлах эрх мэдэлд үргэлж эргэлзсээр ирсэн. Оронд нь шинэ лам нарыг өөрийн нөхцөлөөр зарлахыг шаарддаг. Ингэснээрээ Бээжин коммунист үзэл суртлыг давхцуулж Төвөдийн буддизмыг бүдгэрүүлж чадна гэж үздэг. Хятад улс дараагийн Далай ламын хувилгаан дүрийг тодорхойлохыг маш их хүсэж байгаа ч Далай лам 2015 онд залгамжлагчгүй буюу хойт дүргүй байх тухай мэдэгдсэн. Хэрэв ийм зүйл тохиолдвол энэ нь Бээжингийн хувьд хар дарсан зүүд болно. Далай лам Монгол дахь дараагийн Богд Жавзандамба хутагтыг тодруулаад өөрөө дахин төрөхгүй гэвэл энэ нь Төвөд, Монголын аль алиных нь буддизмд үзүүлэх Хятадын хүчийг сулрууна.
    Панчен ламыг тодруулах бүрэн эрх нь зөвхөн XIV Далай ламд байгаа тул Хятад улс Панчен ламыг сонгохыг Монгол болон Төвөдийн буддистууд хүлээн зөвшөөрөхгүй. Ингэснээр Далай ламын тодорхойлсон Жавзандамба хутагт дэлхий даяарх буддистуудын хувьд хамгийн чухал лам болох юм.
    Хятад улс Монгол дахь буддизмыг хэрхэн хяналтдаа байлгах гэж оролдсон бэ
    Хятад улс Шүгдэнгийн шашныг Монголд дэлгэрүүлэх замаар Монголын буддизмд ноёрхохыг хичээж байна. Шүгдэнчүүд өөрсдийгөө тус улстай түүх, шашны гүн гүнзгий холбоотой жинхэнэ монгол урсгал гэж харуулдаг бөгөөд тэдний Дорж Шүгдэн бурхан нь техникийн хувьд Төвөдийн Буддын шашны дөрвөн урсгалын нэг юм. Тиймээс XIV Далай лам дараагийн Жавзандамба хутагтыг тодруулж чадахгүй бол Хятад улс шүгдэнчүүдэд өөрийн нөлөөг бий болгосноор дараагийн удирдагчийг томилох эрхтэй болох эрсдэлт байсан юм.
    Монголын төр юу хийж байна вэ
    Төвөдүүдийн дургүйцэл улам бүр нэмэгдэж байгаа тул тус бүс нутагт хяналтаа чангатгах нь Хятадын Коммунист намын гол мөрийн хөтөлбөр юм. Хятад улс Төвөдийн соёлыг бут ниргэж, бүс нутагтаа эрх мэдлээ тогтоохыг хүсэж байгаа. Монголын Засгийн газрын хувьд Төвөдийн соёлыг хадгалах нь үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Тус улс Төвөдийн буддизмыг хянах тэмцлийн яг төвд байна. XIV Далай лам Х Богд Жавзандамба хутагтыг тодруулах ажлыг аль болох хурдан дуусгаж, Монголын Буддын шашны сүм хийдүүдэд Төвөдийн буддизмыг дээдлэх хууль ёсны эрх мэдлийг олгох нь бүгдэд ашигтай.
    Эх сурвалж: tfiglobalnews.com

  • МОНГОЛД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД БА БОЛОМЖУУД

    Тус улс нь дэлхийн дулаарал, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Украин дахь Оросын түрэмгийллээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл зэрэг гаднаас ирж буй нөлөөллөөс гадна, хөдөлмөрийн харилцаанаас эхлээд тэгш бус байдал, засаглал зэрэг дотооддоо тулгамдаж буй олон асуудлыг даван туулах зайлшгүй шаардлагатай байна.

    Монгол Улсын Шадар сайд ноён С.Амарсайхан, Монгол Улсын Боомтын асуудал эрхэлсэн сайд хатагтай Х.Булгантуяа, Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Дэниел Кавчински, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвийн (MIASU) судлаач доктор Элизабет Фокс нартай хийсэн Лондон хот дахь “Эзэн хааны коллеж”-ийн профессор Керри Брауны энэхүү ярилцлагад Монгол Улсын хэтийн төлөв, хөгжил дэвшилд тулгарч буй сорилтуудын талаар онцлон ярилцжээ.
    “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол болон урьдчилан тооцож болшгүй үйл явдлын далайц, давтамж нэмэгдсэн нь бидний өмнө тулгарч буй сорилтуудыг улам нэмэгдүүлж байгаагаас гадна, геополитикийн нөхцөл байдал манай нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж байна” гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
    Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” шинэ бодлогын талаар ярихдаа, 2050 он гэхэд Монгол улсыг Азийн тэргүүлэгч орнуудын нэг болгох зорилгоор худалдаа, цахимжуулалт, эрчим хүч, эдийн засгийн өсөлт, засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгийн олон чиглэлээр тулгарч буй бэрхшээлийг даван туулахыг зорьж байгаагаа хэлэв.
    Монгол Улсын хилийн боомтуудыг сайжруулах нь “Алсын хараа-2050” бодлогын нэг чухал хэсэг юм. “Эрдэс баялгийн экспортын 90 гаруй хувь нь хэдхэн хилийн боомтоор дамжин экспортлогдож байгаа тул бид автозамын, төмөр замын болон агаарын хилийн боомтуудад их хэмжээний хөрөнгө оруулж байна. 2030 он гэхэд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж нийт экспортын хэмжээг 20 тэрбум ам.доллар болгохыг зорьж байна” гэж хатагтай Х.Булгантуяа онцоллоо.
    Хөрш Хятад улсын тухайд өмнө нь тээврийн дэд бүтэц сул байснаас хүндрэл бэрхшээл үүсэж байсан тус улстай Монголын Засгийн газар түүхий эдийн худалдаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд хөрш орны харилцаанд чухал ач холбогдол өгч байгаа талаараа дурдлаа. “Хоёр улсын стратегийн түншлэл нь Шинэ сэргэлтийн бодлого болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангана” гэж Боомтын асуудал эрхэлсэн сайд хэлэв.
    Бид эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлд тээвэр, дэд бүтцийн боломжуудыг улам сайн ашиглан эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай байна” гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
    Энэхүү ярилцлагын үеэр Лондон дахь “Эзэн хааны коллеж”, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвөөс (MIASU) хамтран гаргасан Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилтууд, хэтийн төлөвийг тодорхойлсон тайланг танилцуулсан байна. Уг тайлан нь Монголын талаар Их Британи, Европ төдийгүй бусад бүс нутгийн улс орнуудад илүү өргөн хүрээнд таниулах зорилготой ажээ.
    Доктор Фокс Монгол Улс нь бүс нутагтаа онцгой байр суурь эзэлдэг, ардчилсан улсын статустай, 3.4 сая хүн амтай хэмээн яриад, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, агаарын бохирдол, авлига зэрэг асуудлууд нь нэмэлт сорилтууд болж байна гэлээ.
    Шадар сайд С.Амарсайхан авлигын талаар ярихдаа, “Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 110 дугаарт эрэмбэлэгдсэн, энэ тоог хоёр оронтой тоонд маш хурдан оруулах хэрэгтэй. Энэ бол манай Засгийн газрын зорилт” хэмээн тэмдэглэв.
    Тэрбээр Монгол Улс нь Их Британитай хийж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг дахин нотлоод “Манай засгийн газар хоёр орны ашиг сонирхол, үнэт зүйлд нийцүүлэн Их Британитай харилцаагаа бүх талаар хөгжүүлэхийн төлөө байгаа. Тиймээс манай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөжин тэлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн юм.
    “Монголчууд биднийг гурав дахь хөрш хэмээн нэрлэж байгаад бид их бахархаж байна. Зөв түншлэлээр Монгол Улс дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Даниел Кавчински хэллээ.
    Эх сурвалж: Монцамэ агентлаг

  • ТӨРИЙН АЛБАНД АВЛИГА ӨССӨН 10 ОРНЫ НЭГЭЭР МОНГОЛЫГ НЭРЛЭЛЭЭ

    Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсын оноо 35 гэсэн оноон дээр тогтвортой байсан. Гэвч 2022 оны авлигын төсөөллийн индексээр 100 онооноос 33 оноо авлаа. Ингэснээр дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдэж байна.
    Өмнөх жил нийт 100 оноо авахаас 35 оноогоор 110-т эрэмбэлэгдэж байсан юм.

  • АЗИЙН ХАМГИЙН БУУРАЙ ОРНУУДЫН ТООНД МОНГОЛ БАГТЖЭЭ

    Азийн ДНБ-ий дийлэнх нь Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгт төвлөрдөг. Гэвч Ази тивд санхүүгийн бие даасан байдал, хууль дээдлэх ёс, улс төрийн тогтвортой байдал, санхүүгийн ил тод байдал, ДНБ-ий өсөлтөөрөө хоцрогдсон олон орон бий. Эдгээр нь голчлон Өмнөд Ази, Төв Ази, Баруун Азид байрладаг.

    Хятад яагаад Энэтхэгээс хурдан хөгжсөн бэ?
    Ази тивд нийгэм, эдийн засгийн хөгжлөөр харьцуулахад хамгийн хялбар хоёр орон бол Хятад, Энэтхэг юм. Хятад улс АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг, харин Энэтхэг тавдугаарт ордог.
    Хоёр улс өөр өөр шалтгаанаар аутсорсингийн төв болж, Хятад үйлдвэрлэлээрээ тэргүүлж, Энэтхэг мэдээллийн технологи зэрэг үйлчилгээний салбарт ахиц дэвшил гаргаж байна.
    2021 оны байдлаар Энэтхэгийн ДНБ-д эзлэх үйлчилгээний эзлэх хувь 47.5 хувь, харин үйлдвэрлэлийн салбарынх дөнгөж 14 хувь байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад үйлдвэрлэлийн салбар чухал ач холбогдолтой, эмпирик мэдээлэлд тулгуурлан хөгжиж буй орнуудын үйлчилгээнээс чухал ач холбогдолтой учраас Хятад улс энд л давуу талтай байв. Хятад улс асар олон хүн амтай учир хоёр орны эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой хэдий ч зах зээлийн шинэчлэлийн эхлэл, хямд ажиллах хүч, үйлдвэрлэлийн салбараа өргөжүүлснээр Энэтхэгээс илүү хурдацтай хөгжсөн.

    Яагаад Азийн олон орны эдийн засаг сул хөгжсөн хэвээр байна вэ
    Азийн олон орны эдийн засгийг буурай хөгжилтэй байлгадаг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд авлига, хууль дээдлэх ёс муу, улс төрийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, зах зээлийн болон хөдөлмөрийн цогц шинэчлэл хийгдээгүй гэх мэт.
    Тухайлбал, Азийн буурай хөгжилтэй орнууд олон улсын компаниудаас технологи дамжуулах чиглэлээр өндөр хөгжилтэй Азийн орнуудаас хол хоцорч байна. Үүний эсрэгээр, Тайланд, Индонез зэрэг харьцангуй өндөр хөгжилтэй Азийн орнууд дотоодын болон гадаадын компаниудын дамжуулан үйлдвэрлэлийн холбоосыг идэвхжүүлэхэд илүү идэвхтэй ажиллаж байна.
    “Insider Monkey” гэх cанхүүгийн мэдээллийн сайтаас Азийн хамгийн буурай хөгжилтэй 25 орныг нэрлэжээ. Монгол Улс уг жагсаалтын 25 дугаарт жагсаж байна.
    25. Монгол Улс

    • Хүний хөгжлийн индекс: 22
    • Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 24
    • Дундаж зэрэглэл: 23

    Монгол Улс Төв Азид оршдог. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 2021 оны байдлаар 4566 ам.доллар, Хүний хөгжлийн индекс нь 0.739 оноотой байна. Монголын эдийн засаг гол төлөв уул уурхайн үйлдвэрлэлд түшиглэдэг тул зах зээлийг төрөлжүүлэх боломж хомс байна. Дээрээс нь Монголд мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байна.
    24. Иран

    • ХХИ: 26
    • Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 20
    • Дундаж зэрэглэл: 23
    23. Шри Ланка

    • ХХИ: 27
    • Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 16
    • Дундаж зэрэглэл: 21.5

    22. Жордан

    • ХХИ: 20
    • Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 21
    • Дундаж зэрэглэл: 20.5

    21. Индонез

    • ХХИ зэрэглэл: 17
    • Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 23
    • Дундаж зэрэглэл: 20

    20. Ливан

    • ХХИ зэрэглэл: 18
    • Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 22
    • Дундаж зэрэглэл: 20 бичигдэж байна.

    Ц.ДАВААСАМБУУ

  • ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ХЭЗЭЭ ЯМАГТ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛЭЭР ИЛҮҮРХСЭН ОЮУНЛАГ ХҮМҮҮС БАЙЖЭЭ

    Ази, Европ, Африк, Австрали, Америк хүмүүсийн бие эрхтний бүх үзүүлэлтийн алтан дундаж нь монгол төрхтөн (монголоид). Өндөр намын дундаж, арьсны өнгөний дундаж, биеийн жингийн дундаж, хамар, ам, нүд, чихний дундаж, зөв царай зүсний дундаж нь монгол хүнийх гэсэн үг…
    Дэлхийн хүн амын дунд ази хүмүүс л байнгад олонхи нь байжээ. Одоо ч тийм байна.

    Дэлхий даяарт хэрэгжсэн бүх нүүдлийн чиг Азиас л дөрвөн зүг, найман зовхист байсан нь үнэн юм. Ингэхлээр Азиас л хүмүүс тархан тархсаар Европ хүрчээ, Африк хүрчээ, Австрали хүрчээ, Америк хүрчээ. Хүйтэн, сэрүүн бүс нутагт байршаад аажимдаа цагаан арьстай, өндөр нуруутай, халуун дулаан бүс нутагт удаад хар арьстай, намхан нуруутай, Америк тивд нүүдэллэн очоод улаан арьстан, Австралид удаад аборигенүүд болжээ. Яг иймэрдүү өөрчлөлт бусад хөхтөн амьтны хувьд ч гарчээ. Жишээ нь өндөр сэрүүн газарт аргаль, янгир мэт, нам доор газарт хонь, ямаа адил, бие нь том бага, жин нь их бага, зүс нь өөр өөр байдаг. Баавгай гэхэд л цас, мөсний оронд бие томтой, зүс цагаан, халуун дулаан оронд бие жижиг, жин бага, зүс нь хүрэн бор, алаг…

    Монголчууд бие бялдрын хувьд, царай зүсний хувьд, хувцас хунарын хувьд Ази төрх, маягийн байхын дээр оюун санааны амьдралын хувьд ч мөн Азийн, Дорно дахины шинжтэй байж иржээ. Энэнийг гэрчлэх баримтууд бүр нийтийн тооллын өмнөх үеэс, одоогоос 2500 жилийн өмнөх үеэс эхлэн олдсоор байна.

    Жишээ болгон үзүүлэх, дурдагдах археологийн олдвор, эд өлгийн зүйлс ч олон бий. Ер нь Ази тивийн гол гол үндэстнүүд шашин суртал, гүн ухаан, анагаах ухааны хувьд эрт дээр цагаас холбоо, харилцаатай байж, нэг нэгэндээ хүчтэй нөлөөлж ирсэн нь аман түүх, домог, бичмэл түүхээр ч нотлогддог.

    Энэтхэгт анхны эзэнт гүрнийг байгуулсан Ашока хааны (МЭӨ 265-232) үед эдийн болон оюуны соёл ихэд хөгжиж, нийгмийн амьдралд үзүүлэх шашин суртлын нөлөө нэн хүчтэй болжээ. Энэ үеийн Энэтхэгт Эллиний соёл, Персийн төрийн байгууллын нөлөө, ер МЭӨ III-II зууны үеийн Европын болон Азийн урлаг, шинжлэх ухаан, уран барилга, хот байгуулалтын ололтууд нэвтэрч, биежжээ. Ашокын эзэнт гүрний зонхилох шашин нь буддизм байв. Ашока хаан буддизмыг аль болохоор өргөн дэлгэрүүлэхийг хичээж ойр зэргэлдээ орших бүх улс оронд номлогчдыг илгээж байжээ. Буддизмын энэ үеийн дэлгэрэлт Ойрх Дорнотоор дамжин хүннүчүүдэд мөн хүрчээ. Хүннүгийн ихэс дээдэс, язгууртнууд Буддагийн үзэл санаа, сургаалтай чухамхүү энэ үед анх танилцсан байна. Түүхэн энэ үед Хүннү болон Хятад улсын хооронд болсон дайны үеэр хятад цэргүүд хүннүчүүдээс алтан бурхан (Будда) олзлон авсан баримт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үед хүннүчүүд Энэтхэгийн Ашокын эзэнт гүрэн төдийгүй Грек, Ром зэрэг Европын улсуудтай ч харилцаж байсныг гэрчлэх археологийн олдворууд, эд өлгийн зүйлс мөн олдсон юм. Тэгэхлээр тэр үед ч гэсэн монголчууд хорвоогоос хоцрогдсон нүүдэлчид биш байжээ. Европын болон Өмнөд Азийн материаллаг хийгээд оюуны соёлтой хүннүчүүд танил байсан төдийгүй бүр харилцан суралцах, ойлголцох түвшинд холбоотой байж, тэр цагийн нэр, цуутай сэтгэгчдийн бүтээл, сургаалыг судалж, ашиглаж иржээ. Монгол улсын өнөөгийн болон өмнөх үеийн түүхэн газар нутгийн хөрснөөс МЭӨ үеийн сүлжмэл хивс, бүс даавуу, шаазан аяга, шилэн эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс олдсоор л байна.

    Энэтхэг, Жагарын суут сэтгэгчид, нэртэй оточ нар, анагаах ухааны ном судар, мөн эрхтний Хятадын суут сэтгэгчид, анагаах ухааны бүтээлүүд, шашны том зүтгэлтнүүдийн нэр, цуу, Төвдийн эрдэмтэн лам нарын бүтээлүүдтэй Монголын хаад, оюунлаг хүмүүс цаг цагтаа танил байж, заримыг нь урьж уулзаж, хаадын ордонд ажиллуулж иржээ. XIII-XV зуунд Чингис хаан, Өгэдэй хаан, Өгэдэй хааны хөвгүүд, Мөнх хаан, Хувилай хаан, түүний залгамжлагчид цаг цагийнхаа нэрд гарсан сэтгэгчдийг, оточ нарыг, одон орон судлаачдыг урьж уулзаж, ордондоо үлдээн ажиллуулж, тэдний бичсэн ном судрыг барлан олшруулж, төр ба иргэний хэрэгт өргөн ашиглаж байжээ. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотод тэр цагийн олон шашны лам нарын дунд ярилцлага, мэтгэлцээн хүртэл зохиож байсан мэдээ, баримт үлджээ. Монголд уригдан ирж байсан, хааны ордонд үлдэж ажиллаж байсан харь орны эрдэмтэн, мэргэдийн нэрсийг тоочих аваас наад зах нь хориод хүн нэрлэгдэж байна. Харь орны эрдэмтэн мэргэдийн бичсэн зохиол бүтээлийг хэвлэсэн, орчуулж хэвлэсэн тоо, баримт гэвэл наад зах нь 400 хүрэхээр олон бий. Тэдний дунд олон хуудастай том суурь бүтээлүүд ч цөөнгүй буй.

    Байгаль орчин, нар, сар, од мичид, ган, зуд, цасан болон шороон шуурга, ус үер, өвчин тахлын талаарх монголчуудын мэдлэг цаг цагтаа бусад аль ч ард түмнийхээс ер дутаж байсангүй. Дайн тулалдааны үед, бүр алс хол руу аялсан зөөврийн дайны үед ч монголчууд байгалийн бэрхшээлийг өөрсөддөө ашигтайгаар, эсрэг этгээддээ хортойгоор гэтэлж чадаж байжээ.

    Нар сарны байрлал, од мичидээр баримжаалж дадсан цэрэг, арми нь ер төөрч будилж байсангүй. Монголын цэрэг, армийн нэгэн том давуу тал бол орчны байдлыг ашиглан маневарлах чадамж, түүний өндөр хурд, хүчээ задлах болон зангидах олон хувилбар, таахад хэцүү элдэв мэх, занга, отолт, хуурамч ухралт, гэнэтийн цүүцэн цөмрөлт, өдөөх хуурамч давшилтууд зэрэг байжээ. Бага хохиролтойгоор том ялалтанд хүрч байсан арга, тактик нь тэр цаг үеийн харийн жанждыг гайхшруулж, мохоож байв. Энэ талаас нь үзэж дүгнэлээ ч гэсэн нүүдэлчин монголчууд зэрлэгүүд, бүдүүлгүүд биш байжээ.

    Монголчууд нь X-XII зуунд хүй нэгдлийн байгуулалд байсан гэж Орос, Зөвлөлтийн академичид голдуу эрдэмтэд үзэж, бичиж байснаас болж нэн эртний түүх, соёл, уламжлал, төр, ёс бүхий монгол угсаатныг саяхны бүдүүлгүүд мэтээр ойлгох, дүгнэх нь ихэд газар авчээ. Наад зах нь 3000 гаруй жилийн төр, ёсны түүхтэй, Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Сүмбэ гүрэн, Их Нирун улсыг байгуулж Төв Азидаа жанжилж ирсэн Монголчуудыг, нүүдлийн соёл-иргэншлийг дутуу таних, доошлуулж үнэлэх энэ дутагдал одоо ч бүрэн арилаагүй байна. Энэ алдаа, дутагдал нь танин мэдэхүйн хийгээд улстөрийн шалтгаантай байсан нь үнэн юм. Орос, Зөвлөлтийн, мөн Хятадын зарим судлаачдынхаар бол монголчууд МЭӨ бараг л бичин хүмүүс байсан, Хятадын Ся, Шан, Чжоу улсын жанжид чулуун зэвсэгтэй хүй нэгдлийн монгол эрчүүдтэй тулалдаж ялж, ялагдаж явсан болж таарч байна. Гэтэл үнэндээ бол Хятадын Ся (НТӨ XXI-XVI), Шан (НТӨ XVI-XI), Чжоу (НТӨ XI-III), анхны хүчирхэг эзэнт гүрэн Цинь (НТӨ III), мөн Хан (НТӨ III- НТ III зуун) гүрний дайчидтай тэр үеүдийн Монголын дайчид эн тэнцүү цэрэг-улстөрийн хүчин байжээ. Энд түүх гуйвсан шиг гуйвжээ. Түүх энэнээс илүү ихээр гуйвж байсан тохиолдол бараг л үгүй болов уу. Энэ гуйвуулгыг манай ихэнхи түүхчид 1990 он хүртэл хүлээн зөвшөөрч, давтан, дууриан бичсээр, ярьсаар иржээ.
    Монголчуудын эртний түүхийг танин мэдэж чадаагүйн улмаас гуйвуулах, охорхон болгох нь уучилж болох үзэгдэл мөн хэдий ч харин цэвэр улстөрийн зорилгоор, санаатайгаар гуйвуулах, охорхон болгох үзэгдэл нь нийт хүн төрөлхтний ёсзүйн үүднээс бол гэмт хэрэг мөн болно.

    х х х

    Хүннү гүрний хувьд гэхэд л Хятадын нэг бус жанжид ялагдаж, олзлогдоод Хүннүгийн шаньюгийн ордонд үлдэж, эхнэртэй болж, хүннүчүүдэд зөвлөж байжээ. Хятадын хааны ордны том түшмэл Хүннүд урваж ирсэн удаа ч гарч байжээ. Хүннүчүүдэд ялагдаж олзлогдсон, эсвэл том алдаа гаргаж олон цэргээ алуулсан, олзлуулсан жанждын ар гэрийнхнийг гурван үеэр нь цаазлан хороож байсны улмаас олзлогдсон хятад жанжид Хүннүгийн хаанд зүтгэхээс өөр замгүй болдог байв. Хожуу үеийн баримт гэхэд л Даогийн сурталтан том лам, Кунзын сурталтан том лам, Төвдийн сажа бандида Гунгаажанцан, Пагва лам гэхчилэн олон жишээ дурдаж болох байна. Чингисийн үе гэхэд л Чан чун бумба, хожуу үе гэхэд Рашид-ад-дин гэхчилэн олон нэр бий.

    Монголчуудын түүхэн уламжлалаар бол эрдэм номтой, их туршлагатай хүмүүсээ, ахмад үеийнхнийгээ хүндэлж, дээдэлж, тэдний үг, зөвлөгөөг дагаж ирсэн түүхтэй. Гэрийн сургалтаар эрдэм номтой хүмүүсээ бэлдэж байсан нь үнэн билээ. Харин Монголд шарын шашин дэлгэрснээр нас барагсдын хойд дүрийг тодруулах, ухаалаг цовоо сэргэлэн хүүхдийг хэн нэгний хойд дүр гэж зарлах, тэр мөртөө ингэж тодруулсан хүүхдүүддээ өөдтэй боловсрол олгож ч чаддаггүй бурангуй ёс тогтжээ. Хутагт, гэгээнтэн гэгчдийн хойд дүрийг эцэсдээ VIII Богд мөнгө, хандив авч, үнэлж, худалдаж тодруулах болсноор жинхэнэ эмгэнэлт байдал буй болжээ. Нэр цол, албан тушаал, хэргэм зэргийг худалдах бусармаг ажиллагаа ийнхүү эртний улбаатай ажээ.
    Америк тив, Австрали тив, томоохон арал дээр амьдардаг хүмүүсийг Азийнхан, Еюропынхан мэддэггүй, тэр тивүүүд нээгдээгүй байх үед (XIII зуунд) тэр цагийн дэлхий дахиныг бүхэлд нь шахам эзэлсэн монгол хаад, монгол жанжид мөн л мэдлэг, мэдээллээр илүүрхэж байж л том том ялалт байгуулжээ.

    Цэрэг удирдах, зөөврийн дайн хийх, эсрэг этгээдээ бүх талаар аргагүй байдалд оруулах, элдэв зэвсэг хэрэглэх, хана хэрэм нураах, худал мэдээлэл тараах, сэтгэлзүйд нь нөлөөлөх сүртэй үйлдлүүд хийх талаараа монгол жанжид үнэхээр хосгүй байж чадсан юм.

    Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Хүннүгийн нийслэл байсан Луут хотын тууриас олдож буй эд өлгийн зүйлсээс үзэхэд хүннүчүүд бичиг үсэгтэй, олон барилга, байгууламж бүхий том нийслэл хоттой, барилгын материалыг өөрсдөө бэлддэг, цэргийн том байр-казармтай, цэргийн агтны том хашаа хороотой, ус ба тэжээлийн нөөц, сантай байсан нь илэрчээ. Хятадын Цинь, Хан мэтийн том улсууд хүннүчүүдээс ихэд болгоомжилж, хэлэлцээр хийж, гэрээ байгуулж, найрамдал-ургийн харилцаа тогтоож байсан нь тэр цагийн нүүдэлчин монголчуудын хөгжлийн түвшин, цэрэг-зэвсгийн чадавхи, мэдлэг, мэдээллийн өндөр чадамжийг илтгэн үзүүлж буй юм.
    Нүүдэлчин монголчууд нэн эртнээс эхлэн цаг цагийнхаа онцлогт нийцэх, дүйцэх мэдлэг, мэдээллээр бусад улс орноос ер дутуугүй, зарим талаараа бүр илүүрхэж байсныг түүх, түүхэн баримтууд ийнхүү нотолсоор, гэрчилсээр байна.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • МОНГОЛ УЛС ЭЛЭГ, ХОДООДНЫ ХАВДРЫН ӨВЧЛӨЛӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

     

    Монгол Улсад 2022 онд 6885 хүн хорт хавдраар шинээр оношлуулж, 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Манай улсад өвчний улмаас жилд дунджаар 16-18 мянган хүн нас бардаг ба нас барсан таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай.

    Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс гаргасан статистикаар манай улсад зүрх, судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол хорт хавдар хоёр дахь шалтгаан болж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 20 жилд тогтвортой байгаа бөгөөд 2014 онд манай улсад хавдрын өвчлөл 100 мянган хүн ам тутамд 185 байсан бол өнөөдөр 230 болж нэмэгджээ.

    Үндэсний статистикийн хорооноос тоон гаргасан мэдээгээр 19 жилийн өмнө Монгол Улсын хүн амын тоо 2.5 сая ба тухайн жилд хорт хавдраар оношлуулсан хүний тоо 4625 байсан бол 3.4 сая хүн амтай өнөөгийн Монголд хорт хавдраар жилд бараг 7000 хүн оношлуулсан гэх харамсалтай тоо мэдээ гарлаа.

    Монгол Улс элэгний хавдрын өвчлөл болон нас баралтаар, ходоодны хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна.
    Хавдраар оношлогдсон 6885 хүний 87 хувь нь 45-аас дээш буюу ид ажил хөдөлмөр эрхлэх насныхан байна. Хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй бол 2040 онд хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ-аас гаргаж, сануулга өгчээ.

    НИЙТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙН 33.2 ХУВИЙГ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ЭЗЭЛЖ БАЙНА

    Графикт дээрх хорт хавдрын өвчлөлийн бүтцийг харахад Монгол Улсад нийт хавдрын 33.2 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна.
    Элэгний хавдрын өвчлөл 7-8 жилийн 38-40 хувийг дангаараа эзэлж байсан бол жил ирэх тусам хавдар дотор элэгний хорт хавдрын өвчлөлийн хувь аажмаар буурсаар буй нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүн хэмээн ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа дүгнэж байв.

    Н.ЭРДЭНЭХҮҮ: ХСҮТ 2022 ОНД 150 МЯНГАН ХҮНД ҮЙЛЧИЛСЭН
    Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс тус эмнэлгийн үйл ажиллагаа болон өвчлөлийг бууруулах ямар гарц шийдэл байгааг тодруулсан юм.

    Тэрбээр, Монгол Улсад хатуу хяналттай хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж хардаг. Манай улс 3.4-хөн сая хүн амтай. Цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд хамгийн чанартай амьдрах, хийж бүтээх насандаа хавдар болон бусад өвчний улмаас эрт нас барах, эсвэл баялаг бүтээх бус групп тогтоолгон халамжийн гэх ангилалд шилжиж байна. Энэ бол хувь хүний амьдралын чанар хийгээд улс орны нийгэм, эдийн засаг, айл өрхийн ахуй амьдралд ч сөрөг үр дагавартай. Эдийн засагчид үүнийг тооцох ёстой юм.

    -Хавдар судлалын үндэсний төвөөр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?
    -Хавдар судлалын үндэсний төв 2022 онд 150 мянган хүнд үйлчилсэн, энд үйлчлүүлэгчийг дагаж ирж байгаа хүний тоог оруулаагүй. Долоо хоногт 120-140 мэс засал хийж байна. Хамгийн их хүлээлэгтэй нь элэг, хоёрдугаарт ходоодны хорт хавдрын мэс засал ордог. Энэ хоёр хавдар манай улсад тэргүүлж буй учир ачаалал ихтэй байна. Элэгний мэс засал жилд дунджаар 500-600-г хийдэг байсан бол 2022 онд 1000 хүрсэн.

    -Яагаад ингэж огцом нэмэгдэв?
    -Тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Ходоодны мэс заслын тоо мөн адил нэмэгдсэн. Тэгэхээр эрт илрүүлэх арга хэмжээ чухал байгаа юм. Гэхдээ нэг удаагийн улс төрийн шийдвэрээр хийх биш, улс орны эрүүл мэндийн салбарын тогтсон тогтолцоо бүрдүүлэх ёстой юм гэлээ.

    ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ МОНГОЛД /100 МЯНГАН ХҮН АМ ТУТАМД/ 2022 ОНД 4548 ХҮН ХОРТ ХАВДРЫН УЛМААС НАС БАРЖЭЭ

    2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Үүнээс 1636 буюу 36 хувь нь элэгний хорт хавдрын улмаас хорвоог орхиж байна. Хорт хавдрын улмаас нас барсан иргэдийн 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэйчүүд. Хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 66 хувь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна. 42.4 хувь нь 5 болон түүнээс дээш жил амьдарч байна.

    Элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл хүйс харгалзахгүй хамгийн өндөр байгааг та зургаас харж болно. Эрэгтэйчүүд дунд уушгины хавдар өвчлөлийн гуравдугаарт орж байгаа бол энэ төрлийн өвчлөл эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын шалтгааны долоодугаарт эрэмбэлэгджээ. Харин эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаар шалтгаан нь хүний папиллома вирусийн халдварын улмаас үүсдэг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

    ХАВДРААР ОНОШЛОГДСОН ИРГЭДИЙН 70.4 ХУВЬ НЬ ӨВЧНИЙ ХОЖУУ ҮЕДЭЭ ЭМНЭЛЭГТ ХАНДСАН
    Иргэд хорт хавдрын өвчлөлийн аль үе шатандаа оношлогдсоныг дараах графикаас харж болно. Эмнэлэгт хандсан иргэдийн 70.4 хувь нь өвчний сүүлийн шат буюу III-IV үедээ оношлогдож, жил хүрэхгүй хугацаанд амьдраад хорвоог орхиж байгаа эмгэнэлтэй мэдээ энэхүү статистикаас харагдаж буй юм.
    Монголд зонхилон тохиолдож буй хавдруудаас нойр булчирхайн хавдраар оношлогдсон иргэдийн 86.6 хувь нь хавдрын сүүлийн үе шатандаа оношлогдсон нь анхаарал татаж байна.

    УЛСЫН ХЭМЖЭЭНД 26347 ХҮН ХАВДРЫН ЭМЧИЙН ХЯНАЛТАД БАЙНА
    Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 26347 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байна.

    ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТЫН 70 ХУВЬ НЬ БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДАД ТОХИОЛДОЖ БАЙНА

    ДЭМБ-аас 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас барсан хэд болох тооцооллыг улс орнуудын хүний хөгжлийн индекстэй холбон гаргажээ. Монгол Улсад жил бүр 3000 гаруй хүн хорт хавдраар оношлогдог бөгөөд 2040 онд энэ тоо 5000 давна гэж тооцоолжээ. Эрэгтэйчүүдийн дунд хорт хавдар 90.8 хувиар өсөх гэсэн тооцоолол гарчээ. 2040 он гэхэд Монголд нийт хорт хавдрын өвчлөлд 11 мянгыг давах нь гэсэн тооцоолол хийж, урьдчилан анхааруулсан байна.
    Хорт хавдрын улмаас дэлхий дахинд жилдээ 10 сая гаруй хүн хорт хавдраар өвчилж байна. Хавдрыг бууруулах тулд улс орнууд юу ч хийхгүй бол энэ тоо 13 сая хүрнэ.
    Хавдраас урьдчилан сэргийлэх ажиллагаа зохион байгуулбал хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй иргэдийг эрт илрүүлэн эмчлэх боломжтой. Хорт хавдрын нас баралтын 70 орчим хувь нь буурай хөгжилтэй улс орнуудад тохиолдож байна. Үүнд Монгол Улс багтаж байна.
    Дэлхийн хүн амын тал хувь нь эрүүл мэндийн нэн шаардлагатай бүх төрлийн тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бөгөөд ихэнх нь хорт хавдрын тусламж үйлчилгээ авах татгалздаг. Тиймээс бүх хүнд ээлтэй эрүүл дэлхийг бүтээе гэсэн уриалгыг дэвшүүлж байна.
    Амь насыг хамгаалбал мөнгийг хэмнэдэг. Хэрэв урьдчилан сэргийлэхэд 11.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд хавдрын эмчилгээнд зарцуулах 100 тэрбум доллар хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг гаргажээ. Хавдрын өвчлөлийг үл тоовол дэлхий нийтээр хөдөлмөрийн бүтээмж муудаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал өснө, айл өрхийн орлого буурна хэмээн анхааруулж байна. Тиймээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө зарцуулахаас бүү ай хэмээн ДЭМБ-аас улс орнуудад уриалж байна.
    Инфографикийг А.Эрхэмбаяр

  • ШАШИН

    Ээж минь малчин гаралтай жирийн сүсэгтэй хүн байв.Харин эмэг эх маань гартаа 108 ширхэг зандан шар эрхи эргүүлж өдөр шөнөгүй маань мэгзэм уншдаг их сүжигтэй малчин хүн байв. Хожим нь би аавынхаа эцэг, өвөг эцгийн талаар мэддэг болов. Тэд нар маань өнгөрсөн зууны эхэнд хуучнаар Сайн ноён хан аймгийн /одооны Өвөрхангай аймаг/ Үйзэн вангийн хошуунд амьдарч байхдаа Бурханы судар ном барлаж олонд түгээдэг бурханы чин сүжигт тайж язгууртан хүмүүс байсан юм билээ.

    Би санамсаргүй байдлаар гэнэт шашин сонирхдог болов. Дунд сургууль, их сургуульд сурч байхдаа орос, монгол хэл дээр уран зохиол, адал явдал, түүх, гүн ухааны сэдвээр олон зуун ном уншчихсан байв. Ганцхан сэдвээр ном олж уншаагүй байв. Тэр нь шашны ном. Зөвлөлт улсад оюутан байхад ордог шашингүйн үзэл, логик, латин хэлний хичээлийг би тоодоггүй байв. Гэтэл эдгээр хичээлүүд шашин судлах хүнд их л хэрэгтэй байж.

    Тэр үед бидний амьдардаг шашингүйн нийгэмд “би шашин шүтдэг хүн” гэж хэлвэл чи ямар солиотой нөхөр вэ гэх нь мэдээж байлаа. Шашин гэдэг үг бол самгадиар “шасана” буюу “сургаал” гэсэн утгатай үг байсан аж. Би Зөвлөлт улсад их сургуулиа төгсөөд 22 настайдаа Хэнтий нутагтаа төрийн албан хаагч болоод нэг л жил болж байлаа.Нэгэн удаа аймгийн төв номын санд орос хэл дээр хэвлэгдсэн нэг сонин ном олов. Нэр нь “Настольная книга атеиста” гэсэн ногоон хавтастай зузаан ном байлаа. Энэ номонд дэлхийн томоохон шашнуудын үзэл санаа, номлолын тухай товч өгүүлээд араас нь шашныг марксист үзлээр баахан шүүмжилж муучилжээ. Би энэ номыг уншаад улам их атеист үзэлтэн болсонгүй, харин эсрэгээрээ шашны үзэлтэн болчихлоо. Дэлхийн том шашныг үндэслэгчдийн үзэл номлол надад таалагдаад эхлэв. Дэлхийн том шашнуудын судруудыг унших гэж эрж хайдаг болов. Хамгийн түрүүнд орос хэл дээр Библи судар оллоо. Библи хоёр төрөл байдаг юм. “Хуучин гэрээслэл”, “Шинэ гэрээслэл”. Хоёуланг нь уншлаа. Дараа нь исламын “Коран” судар, дараа нь индүизмын “Гита” судар олж уншив. Буддын судар кирилл бичгээр олдохгүй байв. Уйгуржин бичгээр ганц нэг судар олдсон ч босоо монгол бичгээрээ би сайн уншиж чадахгүй байв.Судар уншихын тулд би босоо монгол бичгийг амралтаараа нэг сарын дотор бие даан сурав. Тэрхүү наяад онуудад буддизмын тухай зөвлөлтийн “Наука и жизнь” сэтгүүл дээр бүх шашны тухай өгүүлээд төгсгөлд нь цөөхөн хуудас гэсэн ч буддизмын тухай нийтэлдэг байв. Энэ сэтгүүл надад буддизмын тухай анхан шатны ойлголтууд өгсөн дөө. Дэлхийн бүх шашнуудыг харьцуулж уншаад эцэст нь дүгнэлт хийхэд шашин бүгдийн дотроос Буддын шашин хамгийн үнэн номлол байв. Бурхадын дундаас Будда хамгийн дээд, судар номууд дотроос Ламрим судар хамгийн дээд гэдгийг ойлгов. Ийнхүү би дэлхийн томоохон шашнуудын сударыг харьцуулан уншаад буддизмыг сонгож 23 насандаа буддист хүн болов. Гэхдээ “би буддист хүн” хэмээн бусдад зарлахгүй, үүнийгээ маш их нууцалдаг байв. Тэрхүү наяад онуудад Хэнтийд аймгийн музейн тайлбарлагч Жагдаг ах бид хоёр л буддизмын тухай маш их ярьдаг, судар цуглуулдаг буддын шашинтан байв. Жагдаг бид хоёр Энэтхэгийн Дармасал явж буддын дацанд бурханы чойрын ном үзэх юм сан хэмээн мөрөөддөг байв. Ардчилал болж манай улс эрх чөлөөтэй болсон жил Жагдаг маань нийслэл хот явж Ганданд лам болов. Хожим нь Жагдаг маань номтой лам болж өрнөдийн Герман,Франц, Канад улсуудад амьдарч байсан гэж дуулдсан. Өрнөдийн хүмүүсийн гэр бүлүүдэд нэг том асуудал тулгардаг байсан юм билээ. Тэр нь залуу гэр бүлүүд хүүхэдтэй болж чадахгүй, хүүхэд олсон ч зулбаад байдаг байжээ. Жагдаг лам өрнөдийн Герман, Франц, Канад улсуудад амьдарч байхдаа тэрхүү үр зулбадаг гэр бүлд тусалж бурханы номын хүчээр үр зулбах явдлыг зогсоож гэр бүлүүд нь үр хүүхэдтэй болж аз жаргалтай болдог байсан хэмээн дуулдаж байсан.Харин би Жагарын орон руу явж чадаагүй. Учир нь нэгд, би ардчилалаас хойшхи ерээд онуудад нас гуч хүрчихсэн байв. Бурханы номд орох хүн бага наснаасаа буюу 12 настайгаасаа хийдэд сууж бурханы ном үзэх ёстой хэмээн сонссон юм.

    Миний бурханы ном эхлэн сурах нас хэтэрчихсэн байв. Хоёрт, би айлын ганц хүү тул алс холын гадаад орон руу явах боломжгүй байв.Учир нь нас өндөр болсон аав, ээжээ асрах ёстой үүргээ умартаж аав ээжээ орхин явж чадахгүй байлаа. Тэгээд би гэртээ амьдраад ажлаа ч хийгээд бурханаа ч шүтээд гэгээрлийн замд орж болох юм биш үү хэмээн боддог болов. Ная, ерээд онуудад надад лам багш гэж байсангүй.

    Уншсан судар минь надад багш болдог байв. Бурханы судруудыг унших тутам улам ойлгоод, гүнзгийрэх тутам улам гүнзгийрээд байв. Урьдын ерөөлтэй байсан байх. Олон буддын судар уншив,бясалгав. Ерээд оны эхээр Энэтхэгт сурахаар явсан монгол лам нар тэнд арваад жил бурханы ном үзээд хоёр мянгаад оны үед Монголдоо буцаж ирэв. Надад эрдэмт монгол лам багш нарын номонд суух завшаан тохиов. Гандан хийдийн гавж Гантөмөр багш, Лувсанжамц багшаар Ламрим судрыг хөтлүүлэв. Далай багш, Зопа багш, Жадо багшийн номыг сонсов. Олон Ламрим судартай болов. Түвдийн Гүмбум явж эргэл мөргөл гороо хийв. Үүнээс илүү хувь заяа гэж хаана байхав. Миний сэтгэлд хоёр хүн оршдог мэт болов. Нэг нь төрийн албан хаагч хүн, нөгөө нь сүсэгтэн хүн. Өглөө нь ажил дээрээ цагаан цамц өмсөж зангиа зүүж очоод төрийн албан хаагч болчихно. Орой нь гэртээ ирээд Ламрим судрыг уншиж сүсэгтэн хүн болчихно. Өглөө нь гурван эрдэнэдээ аврал одуулж ажилдаа явна. Ийм маягаар амьдралыг туулж явна даа. Сүсэгтэн хүний хувьд би Бурхан багшийн сургаалиас ойлгосон зарим зүйлээ уншигч Тантай хуваалцъя.

    Бурхан багшийн сургаал

    Бурхан багш хоёр мянганы тэртээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа эртний Энэтхэг орноо хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх болон хамаг амьтныг их амгалан жаргалд хүргэх мөр болсон “Гэгээрэхүйн хутагт зорчих бодь мөр”-ийн эрхэм зарлигаа айлдсан бөлгөө. Будда “Та бүхэн алтыг галд хайлуулж үздэг шиг миний сургаалд дүн шинжилгээ хийж үнэн худлыг нь шалгаарай” гэсэн гэдэг. Будда өөрийн нээж олсон рашаан мэт ариун сургаалиа ”Гадаад дөрвөн далай шорвог амттай, Миний сургаал авралын амттай” хэмээн айлдсан байдаг. Бурханы сургаал элсэн цөлд төөрөөд харангадаж байгаа хүнд гэнэт олдсон булгийн ус мэт тустай, төөрөлдсөн харанхуй хүний оюун ухааныг нар мэт гэрэлтүүлдэг, амьтны төрөлийг нь ашид дээшлүүлдэг, хамаг амьтныг түмэн зовлонгоос гэтэлгэн авардаг шидтэй.

    Бурхан багшийн зарлиг Ганжуурын 108 ботид, тайлбар нь Данжуурын 224 ботид хураагдсан байдаг. Бурхан багшийг бурхадын Бурхан гэдэг. Бурхан багшийг хоёр хөлтийн Дээд гэдэг. Буддаг Тэнгэр хийгээд Хүмүүний их Багш гэдэг. “Buddha” гэдэг санскрит үг нь “Сэрж гэгээрсэн” гэсэн утгатай үг. Түвд хэлээр Бурхан багшийг “Санжэй” хэмээн дууддаг. ”Сан” гэдэг нь “Бүрэн сэрсэн”, “Жэй” гэдэг нь “Төгс гэгээрсэн” гэсэн түвд үг.

    Юунаас бүрэн сэрсэн бэ? гэвэл хамаг тотгорооос сэрсэн. Юунд төгс гэгээрсэн бэ? гэхлээр билиг, асрал хайр, хүч чадал зэрэг бурхны хамаг эрдэмд гэгээрсэн болой. Бурханыг Татхагата гэдэг. Энэ нь Түүнчлэн ирсэн, Түүнчлэн одсон гэсэн үг. Энэ нь ирэх одохын үйл явц буй, ирэгч ба одогч үгүй гэсэн үг. Бурханыг Сугата гэдэг. Энэ нь Амгаланд морилсон гэсэн үг.Усанд мөргүй, огторгуйд оромгүй одсон гэсэн үг. Ор мөргүй арилсан цагт Та жинхэнэ гэртээ хүрч жинхэнэ дүрдээ орсон гэсэн үг. Бурхан багшийн сургаалийг Замбуутивд Цогт Наландрын хийдийн мэргэн лам нар уламжлан дэлгэрүүлж ”Багшийн хэл ариун, Шавийн үндэс ариун, Номлох ном ариун”гэсэн гурван ариуны үүднээс Бурханы ном номлодог болсон түүхтэй.

    Орчин үеийн зарим хүмүүс:” Бүх шашин адил. Бүх шашин өөр замаар явж эцэстээ нэг л юманд хүрдэг” хэмээн мэдэмхийрдэг. Энэ бол том эндүүрэл. Бурханы шашнаас бусад шашинд гэгээрлийн арван шат, дөрвөн үнэн, найман мөр, шүтэн барилдлага, бодхичитта, ложон, хоосон чанар… гэсэн Бурханы гайхамшигт сургаал огт байдаггүй. Зөвхөн Бурханы шашин хүнийг энэ яваа насанд нь гэгээрүүлж чадна, Бурхан болгож чадна.

    Орчин үеийн хүн мянга, түмэн жилийн өмнөх хүн шиг урьдын адил төрөх, өтлөхийн зовлон, өвчин, мунхагийн зовлон, буруу үзлийн зовлонд нэрвэгдсээр эцсийн эцэст олсон хураасан бүхнээсээ хагацаж, хамаг юмаа орхиж, үхэл хэмээх том мангасын аманд өөрийн эрхгүй талийн оддог хэвээр байна. Өвчин хүрдэггүй, хөгширдөггүй, үхдэггүй хүн гэж хаана ч байдаггүй. Харин ч орчин үеийн хүн ажил бизнес, ашиг орлого, эд хөрөнгө эрх мэдэл, зугаа цэнгэл, зуурдын жаргал, энэ тэр гээд ахуй ертөнцийн торонд улам хүлэгдсээр гэгээрэх сөхөөгүйгээр төгсгөл рүүгээ гэрлийн хурдаар очдог. Орчин үеийн нийгэм бол хэрэглээ, өнгө мөнгөний нийгэм юм. Орчин үеийн хүн тансаг хэрэглээг аз жаргал хэмээн буруу ойлгож түүнийгээ зорилго болгочихсон байдаг. Нохой муур хүртэл идэх уух, хэвтэх байр нь тансаг байх тохиолдол байдаг.Гахай бол идээд л байдаг. Хүн бол нохой, муур, гахай биш. Хүн бол оюун ухааны амьтан. Хүн бол сэтгэлийн амьтан. Орчин үеийн хүн зөвхөн гадаад зүйлээс жаргалыг олно хэмээн төөрөлддөг. Хүн бол амар амгалан, аз жаргалыг зөвхөн дотроосоо олдог. Хүн оюун ухаанаа номхруулж, хүсэл шунал, нисваанисаа дарж байж амар амгаланг олдог. Амгалан жаргалан, гэгээрэлд хүрэхэд зөвхөн Бурханы сургаал тусалж чадна.Эцсийн эцэст хүн тоост хорвоог орхиход эд хөрөнгө, эрх мэдэл, ах дүү, амраг садан тус болж чадахгүй. Зөвхөн буяны үйлс, бурханы ном хоёр л тусална.

    Бурханы сургаал юунаас авардаг юм бэ? Бурханы сургаал ямар ач тустай юм бэ?

    Бурханы сургаал хүнийг харанхуй мунхагаас авардаг. Бурханы сургаал нисваанисаас авардаг. Бурханы сургаал сансарын зовлонгоос авардаг.Бурханы сургаал оюуны төөрөгдлөөс авардаг.Бурханы сургаал нисваанисийн өвчинд баригдсан хүний оюун ухааныг ариусган цэвэрлэж эрүүл саруул гэгээн болгодог. Бурханы сургаал хүнийг мунхаг харанхуйгаас гаргаж гэгээрэлд хүргэдэг. Хүн төрөхөөсөө эхлэн үхэн үхтлээ сансрын зовлон дунд нисваанист хүлээстэй байдаг. Бурханы сургаал тэрхүү нисваанисийн хүлээсийг тас татаж гэгээрлийн эрх чөлөөнд хүргэдэг.

    Орчин үеийн хүн “Би орчин үеийн өндөр хөгжсөн нийгмийн эрх чөлөөтэй баян чинээлэг хүн. Би юү дуртайгаа хийх эрх чөлөөтэй хүн. Надад мөнгө байна.Тэр шашин чинь надад ямар хэрэгтэй юм бэ” хэмээн аархдаг.

    Гэвч орчин үеийн хүн сансар хэмээх том шоронд олон галавын турш нисваанисийн хүлээсэнд баригдсан мөнхийн хоригдол гэдгээ огтхон ч мэддэггүй. Мила Богдын айлдсан “Ганцаараа бай, анд нөхрөө олно, доодын доод суудалд суу, дээдийн дээдэд цойлон гарна, хорвоогийн зорилго бүрээс татгалз, хамгийн дээд зорилгод хүрнэ. Солонго хичнээн гоё ч мөнх бус.Үүн лүгээ адил энэ насны жаргал зүүд лүгээ адил.Урьд байсан хүн үхэх, өчигдөр байсан эд юмс үгүй болох нь мөнх бусыг харуулж буй.

    Мөнх бус юмны төлөө хүн та юунд сэтгэлээ чилээж зовно вэ?

    Энэ насны тачаал бол давстай ус уухтай адил амны цангааг огтхон ч гаргахгүй, харин улам их цангана.Харин та Бурханы номтой учирваас сэтгэл тань ханана” гэсэн сургаалийг бид санах нь зохистой.

    Гүнтэн римбүүчийн “Энэхүү ертөнцийн ажил үйлдвэр нь сар жил болох тул эхлүүлсэн хэрэг явдлаа дуусгачихаад эгнэгт ариун номыг үйлдэнэ гэдэг эл мунхаг бодол болвоос хуурмаг чөтгөр болой. Ажил үйлдвэрийн залгамжаа нь өтөл буурал хүмүүний сахал лугаа адил хусаад байх тутам улам ургаад байх болой.Маргааш номыг үйлдье хэмээвч өнөөдөр үхэх болвол ихэд гэмтэй болой. Одооноос яг эхлэн буян номыг үйлдэгтүн”,

    Шантидева гэгээнтний: “Хурдан түргэн үхэх болох тул хэзээ буянаа хураах билээ.Тэр цагт залхуугаа орхисон ч тэр цаг нь өнгөрсөн тул яах билээ” гэсэн айлдварыг сүсэгтэн бид санаваас зохистой. Монгол лам нар гурван зууны тэртээ нэгэн сударт : “Сайн лам олон ч Богд Зонхабаг багшид шүт. Сайн номлол олон ч Ламримчим судрыг унш. Санаа бодол олон ч Үйлийн үрийг сана.Энэ насны хань нөхөр сайн ч эцэстээ магад хуурах. Элбэг идээ, эдлэл хөрөнгө бүрдэвч эцэстээ хоосрох. Хураангуйлваас Лам багшийг оройн чимэгт шүт. Хуурамч сүжиггүй нөхрийг эм мангасын мишээл мэт тэвч. Хуудуугүй Номын сайн нөхрийг сүүдэр мэт дага. Хэзээд хойтын буян номын хүнсийг хураагтун” хэмээн бичсэнийг санацгаая.

    Сүсэгтэн хүн Бурхан багшийн дөрвөн үнэн, найман мөр, арван хоёр шүтэн барилдахуй, сахилын тухай сургаалийг заавал мэдэх хэрэгтэй. Бурхан багшийн сургаалийн “Дөрвөн үнэн” гэдэг нь “Зовлон үнэн, Зовлонгийн шалтгаан үнэн, Зовлонгоос гэтэлсэн нирваан нь Хорихуй үнэн, Үүнд хүрэх арга зам, Мөр нь үнэн” юм. Товчоор хэлвэл 1.Зовлон байдаг. 2.Зовлон шалтгаантай байдаг. Тэр нь шунал. 3.Шунал үгүй бол зовлон үгүй. 4.Зовлонг устгах арга зам буй. Дөрвөн үнэнийг өвчин хийгээд өвчинөөс салсан амгалантай зүйрлэж айлдсан буй. Энэ нь зовлонгийн үнэн болох зовлонт бие цогцосыг өвчин мэт, зовлонгийн уг болсон үйл ба нисваанисыг өвчний эх үүсвэр мэт, зовлонгоос гэтэлсэн гэгээрэл нь өвчингүй амгалан мэт бөгөөд гэгээрэлд хүрэх арга бясалгал нь өвчний ерөндөгт сайн эмийг шүтдэгтэй адил хэмээн зүйрлэсэн болой. Үүнээс үзвэл Дөрвөн үнэний сургаал нь зовлонгоос салах, нирваанд хүрэх арга замыг бүрэн номлосон тул авах, гээхийн аньсийг ч цогцлоон хураасан Бурхан багшийн агуу гайхамшигт сургаалиудын нэг нь билээ. Будда дундаж замыг сургасан байдаг. Номын хүрдийг эргүүлэхүй гэсэн түүний эхний сургаальд үнэнийг хайгчид мэдрэхүйн жаргалд дурлах болон хэт их хатуужил тэсвэрийг үйлдэх гэсэн хоёр төрлийн туйлшралаас сэрэмжлэх хэрэгтэй гэж сургажээ.Зовлонгоос гарах тэрхүү зам мөр нь Хутагтын найман гишүүнт зам мөр юм. Энэ зам мөр нь гурван хэсэгт хуваагддаг. Шилла буюу зөв амьдрал, Самади буюу сэтгэлийн хяналт, Пакка буюу сэтгэлийг бүрэн цэвэрлэн ариусгах билгүүн ухааныг үүсгэх тухайтад байдаг .

    Хутагтын 8 гишүүнт зам мөр: Билгүүн ухаан буюу 1.Зөв үзэл, 2.Зөв бодол.
    Ариун явдал буюу 1.Зөв яриа, 2.Зөв үйл, 3.Зөв амьжиргаа.
    Сэтгэлийн тэгш амгалан буюу 1.Зөв зүтгэл, 2.Зөв дурдатгал, 3.Зөв төвлөрөл.

    Будда хутагтын дөрвөн үнэнийг шүтэн барилдлагын хуулиар тайлбарладаг. “Мунхаг болон шунал хоёр байгаа учраас бид тооцоолшгүй цагаас эхлэн дахин төрөхүйн урсгалд хөвж байгаа билээ. Бид төрөл авснаар янз бүрийн зовлонт мэдрэмжийг мэдэрч, үхэж дараа нь дахин төрөх мэтээр энэ үйл явц эцэс төгсгөлгүй үргэлжилнэ” гэж Будда айлдсан бөгөөд үүнийг Сансар гэж нэрийджээ.

    Будда айлдахдаа: “Энэхүү процесийн учир шалтгааныг шунал хүслээс үүсдэг болохыг ухаарч, төрөл төрөлдөө хуримтлуулсан үйлийн үрийг усгаж мөн шинээр нэмж шунал хүслийн үйлийн үр үүсгэхгүй байх аваас тэр хүмүүн юунд ч үл автах сэтгэлийн төгс төгөлдөр байдлыг олно.” Шунал хүслийг үндсээр нь устгасан хүний сэтгэл туйлийн амар амгаланд оршиж, дахин хэзээ ч төрөл авахгүй болдог. Энэ бол бүх зовлонгийн хүлээснээс салсан Нирвааны оршихуй юм. Төрөл авах болон түүнээс ангижрах үйл явцыг Шүтэн барилдлагын хууль илүү тодорхой тайлбарлах боломжийг олгодог. Энд нэг нь нөгөөгөөр нөхцөлдсөн тасралтгүй үүсэн үргэлжлэх явц байдаг.

    1. Мунхагаар үйлдэхүй нөхцөлдөн үүснэ.
    2. Үйлдэхүйгээр тийн мэдэхүй нөхцөлдөн үүснэ
    3. Тийн мэдэхүйгээр дүрс нөхцөлдөн үүснэ
    4. Дүрсээс зургаан мэдрэхүй нөхцөлдөн үүснэ.
    5. Зургаан мэдрэхүйгээр хүрэлцэхүй нөхцөлдөн үүснэ
    6. Хүрэлцэхүйгээр мэдрэхүй нөхцөлдөн үүснэ
    7. Мэдрэхүйгээр хүсэл нөхцөлдөн үүснэ
    8. Хүслээр чухал авахуй нөхцөлдөн үүснэ
    9. Чухал авахуйгаар байхуй буюу сансар нөхцөлдөн үүснэ
    10. Сансараар төрөхүй нөхцөлдөн үүснэ
    11. Төрөхүйгээр өтлөх үхэх нөхцөлдөн үүснэ

    Эдгээрээс нэг нь нөгөөгийнхөө эх үүсвэр болдог ба нөхцөлдүүлж байгаа нь шалтгаан болж үүсч байгаа нь үр болно. Энэхүү шүтэн барилдлагын гинжин хэлхээтэй бидний зовлон зүдгүүр бүхэн холбоотой юм. Харин Бурхан багшийн нээсэн Випашяна бясалгалыг хийснээр энэхүү гинжин хэлхээг тасдан зогсоох боломжтой болдог ажээ. Бурхан бээр шунал хүслийн улмаас зовлон үүсч байгааг өөрийн туршлагаар онож мэдэрсэн бөгөөд энэ үл төгсөх оршихуйн гинжин хэлхээг таслах аргыг олсон хүн юм. Тэрээр гадаад ертөнцийн юмс сэтгэлд орших шунал хүслийн хариу үйлдлүүд хоёр нь бидний биенд илрэх мэдрэмжээр холбогдож байдгийг өөрийн сэтгэлийн гүнд ажиглаж мэдсэн ажээ. Хүн бие болон сэтгэлийн мэдэхүйгээр ямар нэгэн дүрстэй шүргэхэд бидний биенд мэдрэмж үүсэх ба тэрхүү мэдрэмжийн зүг тэмүүлэн хүсэл шунал үүсдэг байна. Хэрэв мэдрэмж тааламжтай байвал тэр мэдрэмжийг удаан үргэлжлүүлэн мэдрэх хүсэл үүснэ. Харин тааламжгүй байвал тэр мэдрэмжээс ангижрах хүсэл үүсдэг байна. Харин шүтэн барилдлагын гинжин хэлхээнд хүрэлцэхүйгээр мэдрэхүй үүснэ, мэдрэхүйгээр хүсэл шунал үүснэ гэдгийг Будда сургажээ. Иймээс хүний хамаг зовлонг үүсгэдэг эх үүсвэр нь ямар нэгэн гадны зүйл бус харин бидний дотор орших мэдрэмж болдог ажээ. Хэрэв бид шунал хүслээс буюу зовлонгоос ангижирахыг хүсвэл өөрсдийн дотоод мөн чанартай нүүр тулан ажиллах ёстой буюу энэ нь мэдрэмжтэй ажиллана гэсэн үг юм. Энэ бол Бурханы сургаалийн хамгийн чухал сургаалийн нэг юм. Үл захирагдах сэтгэлийн дадал нь мэдрэмжид дурлах байдаг ба мэдрэмж бүрийн зүг шуналийг үүсгэсээр байдаг. Хэдийгээр эдгээр мэдрэмжүүд нь түр зуурын мөнх бус байдаг ч гэсэн энэхүү мэдрэмжийг чухалд авч түүний зүг тэмүүлэх сэтгэлийн яввцыг ажиглаж сурах нь чухал юм. Мэдрэмж бүр түр зуурын байнга хувьсан өөрчлөгдлөх мөн чанартайг дүгнэн ойлгож, зөвхөн хөндлөнгийн ажиглагч байж сурснаар мэдрэмжид дурлах буюу ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байхад бага багаар суралцаж болдог. Ингэж ямар ч хариу үйлдэл хийлгүй ажиглан байх хором бүхэнд бидний урьдын хураасан ийм сэтгэлийн дадал бага багаар арилж сэтгэл ариусдаг байна. Хэрэв энэ явцыг тасралтгүй ажиглан мэдрэмжийн зүг хариу үйлдэл хийх урдын хуримлагдсан сэтгэлийн дадлыг үгүй болтол арилгаж чадсан хүн дахин ямар ч мэдрэмжийн зүг хүсч эсвэл шунаж хариу үйлдэл хийхээ больдог аж.

    Үүний үр дүнд “мэдрэмжээр нөхцөлдөн хүсэл үүсдэг” байсан байдал үгүй болж харин “мэдрэмжээр нөхцөлдөн билгүүн ухаан үүсэх” байдал болон хувирах ба зовлонгийн хөнөөлт тойрог хоригддог байна. Ингэж сэтгэлээ алхам алхамаар цэвэрлэх арга бол Випашяна бясалгалд байдаг ажээ.

    Сүсэгтэн хүн сахил сахихгүйгээр Бурханы номонд ямар ч ахиц гардаггүй. Сахил сахих гэдэг нь бурханы ёс зүйг сахина гэсэн үг л дээ. Энгийн хар хүн 5 сахил сахидаг, гэлэн лам хүн 257 сахил сахидаг. Сүсэгтэн хүн бүр амьтны амийг таслахыг цээрлэдэг, хулгай хийхийг цээрлэдэг, садар самууныг цээрлэдэг, худал хэлэхийг цээрлэдэг, архи,согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэдэг.Сахил бол нүглээс хамгаалах хамгийн сайн хуяг хамгаалалт, муу бүгдээс авардаг зам мөр юм.

    Бурханы сургаал бол ёс зүй, оюуны төвлөрөл, билиг барамид гэсэн үлэмж дээд гурван суртахуунаа дагаад “винай- дэг журам”,” “судар-буддын яриа шаштир”,” абхидхарм буюу илт ном- метафизик онол” гэсэн гурван том ай савд хуваагддаг. Бурхан багш Очирдарын дүрд (очирт хөлгөний дүр) хувилж, гэгээрлийн замаар аль болох түргэн дэвших нөхцлийг бүрдүүлсэн аргуудын систем болох Агийн ёсны сургаалийг айлджээ. Энэ ёс орчин цагт ихэд тохирох ёс ажээ. Бурхан багшийн сургаалийн дотор онол,практикийн хоёр үндсэн тогтолцоо байдаг бөгөөд нэг нь Бодгалийн хөлгөн буюу Хинаяана /Бага хөлгөн/, нөгөө нь Бүх нийтийн хөлгөн буюу Махаяна / Их хөлгөн / юм. Бага хөлгөн, Их хөлгөн хоёрын ялгагдах гол зүйл нь Би-үгүй /Би чанар үгүй/ -н тухай Бурхны сургаалийг хэрхэн үзэж хэрэглэхээс хамаардаг аж. Бага хөлгөнд би үгүйг бодгальд эсхүл бие чанарт хамааруулдаг, арин юмс үйл явцад би үгүйг хэрэглэдэггүй аж. Их хөлгөнд би үгүйн зарчим нь бие хүнээр хязгаарлагдахгүй, харин оршин байхуйн бүх тал бүх юмс үзэгдлийг хамардаг ажээ. Тэхлээр “Би- үгүй”-д нэвтрэн орж ухаарах нь мунхагийн цорын ганц ерөндөг /арга/ ажээ. “Би үгүй”-г таниснаар хүний төрөлхийн мунхагийг арилгаж , мунхагаас үүдсэн бүх төөрөгдөл, хилэнцэт сэтгэлийн хорыг арилгадаг ажээ. Важраяны (тантар) сургаал бол сансраас чөлөөлөгдөх хамгийн хурдан дөт зам мөн ажээ.

    Хоосон чанар болон бодь сэтгэлийг ухааран авахын үүднээс хэрэглэдэг бясалгалын аргуудаас гадна бие махбодийн төрөл бүрийн цогц хэсгүүдийг бясалгалд ашигладаг илүү боловсронгуй арга барилыг Очир хөлгөнд хэрэглэдэг ажээ. Ур чадварын өндөр түвшинд гагцхүү иогийн нарийн дасгалуудыг хийж хүрэх бөгөөд эдгээр дасгалууд нь биеийн амин эрчмийн төвүүд буюу хүрдэнд /чакра/ зориуд нэвтэрч, билиг оюун, бие хоёрыг нарийн зохицуулснаар мунхагийн үндсийг танин барих явцыг түргэсгэж, төгс гэгээрэлд хүрдэг зөвхөн Очир хөлгөний арга байдаг ажээ.

    Гэгээрэхийг хүссэн хүн Бурхан багшийн сургаал зарлиг,сэтгэл төвлөрүүлэх ёс,оюун ухаан гэсэн гурван эрдмийг эзэмшиж, Бурхан багшийн сургаал зарлигийг нарийн чанд сахин мөрдөж бие,сэтгэлээ анхааралтай ажиглан таван мэдрэхүйн үүд хаалгыг сонор соргог хамгаалж нүглийг тэвчиж буяныг бүтээж сэтгэлээ төгс төгөлдөр болгох шаардлагатай. Санаа сэтгэлээ төвлөрүүлнэ гэдэг нь апагриха буюу шуналыг огоорч сэтгэлийн амгалан байдлыг олохыг хэлж буй аж. Оюун ухаан гэдэг нь Бурхан багшийн хутагтын дөрвөн үнэнийг мэднэ гэсэн үг буюу зовлонгийн үнэн,зовлонгийн шалтгааны үнэн,зовлонгоос салж болохын үнэн,зовлонг таслан зогсоох зам мөрийн үнэн аж.

    Сүсэгтэн хүн дор дурдсан дөрвөн үнэний арван зургаан шинж чанарыг бясалгадаг.

    Нэгд, Хүлээст таван цогцос / дүрс,сэрэл,мэдэл,үйлдэл,сэтгэлийн цогцос /:

    1.Байнга хувирч хувьсдаг мөнх бусын шинж чанартай,
    2.Илт,урвуу,түгээмэл гэсэн гурван зүйл зовлонгийн шинж чанартай,
    3.Гаднах эзэн буюу үйлдэгч үгүй хоосон шинж чанартай,
    4.Дотоод бие даасан “ Би-үгүй” шинж чанартай.

    Хоёрт,Үйл, нисваанис нь:
    1.Зовлонгийн хөрс болно.
    2.Зовлонгийн хөрөнгө болно.
    3.Зовлонгийн хүчжүүлэгч бордоо болно.
    4.Зовлонд хавсрах ус чийг мэт нөхцөл болмой.

    Гуравт,Нирваан хутаг нь:
    1.Үйл,нисваанисийг хорьсон,
    2.Зовлонг амирлуулсан,
    3.Цэнгэлд оршсон,
    4.Хэзээ ч үл урвах.

    Дөрөвт, ”Би-үгүй”-г илэрхий танин мэдэх ухаан нь:
    1.Гэгээрлийн зам мөр,
    2.Үл мэдэхүй, нисваанийг дарагч,
    3.Сэтгэлийн ариун чанарыг номлогч,
    4.Зовлонгоос ангижруулагч болой.

    Гэгээрэлд хүрэх эрдмийн үндэс нь Боди сэтгэл юм. Боди сэтгэлийн үндэс нь үлэмж их энэрэнгүй сэтгэл аж. Боди сэтгэл тэгш сэтгэл, энэрэхүй сэтгэл, асрахуй сэтгэл, төгс баясгалант сэтгэл гэсэн дөрвөн сэтгэл дээр тулгуурладаг.

    Лам багш нар айлдахдаа: ”Бодисадва нараас Бурхан гарна, Бодь сэтгэл их нигүүлсэнгүйгээс үүднэ, харин Их нүгүүлсэнгүй сэтгэл амьтны зовлон оршин буйд дулдуйдаж төрнө. Зовлон үгүй бол хэрхэн их нигүүлсэнгүй сэтгэл төрөх буй. Их Хөлгөний нигүүлсэнгүй сэтгэл зовлонт амьтны ачаар төрнө. Их нигүүлсэнгүй сэтгэл там,бирд,адгуусан,хүн, асур, тэнгэр төрөлхтөн нэг тус бүрийн зовлонг таниснаар төрдөг болмой” хэмээсэн байдаг. Тэхлээр зовлонг таниснаар боди сэтгэл төрдөг, мунхаглалыг таниснаар гэгээрэл төрдөг ажээ. Дөрвөн хүчийг ашиглаж муу үйлийн үрийг тасалдаг.

    Дөрвөн хүч гэдэг нь: 1.Нүгэлт муу үйлийг гэмших хүч, 2.Дахин үйлдэхгүй гэсэн шийдвэрийн хүч, 3.Гурван эрдэнэд аврал одуулж засах хүч, 4.Хамаг амьтны тусын тулд Бурхны хутгийг олох хүсэл, Авралыг одуулж, Боди сэтгэлийг төрүүлэх суурь хүч юм.

    Хүн эхлээд зовлонгийн шалтгаан болсон хорт сэтгэлээс түргэн салах хэрэгтэй. Хорт сэтгэлийг санскритаар “Klesha” гэдэг. Олон хорт сэтгэлээс хамгийн хортой нь шунал, уур, мунхаг гурав болой. Энэ гурав бол 84 000 нисваанисийн суурь юм. Энэ гурваас болж хүмүүн бид эдүгээ хүртэл олон галавын хугацаанд сансрын зовлонт тойрогт эргэлдсээр байна, нисваанист хүлээстэй хэвээр байна. Хүсэл шуналаасаа болж хүн зовж байдаг. Хүсэл шунал хүнийг гуйлгачин болгож, уур омог хүнийг араатан болгодог. Гэгээрэхийг хүсэгч хүн эхлээд сэтгэлийг зовоогч нисваанисийг танин барьж дарах хэрэгтэй. ”Нисваанис гэдэг нь сэтгэлийг ихэд тавгүй болгогч муу сэтгэл ажгуу. Нисваанис нь товчоор сэтгэлийн гэм гэсэн үг” хэмээн лам багш нар томьёолжээ. Муу сэтгэлийн ёзоор нь хүсэл тачаал,уур хилэн, мунхаг гурав бөгөөд хүсэл дээр суурилсан 21 000 нисваанис, уур дээр суурилсан 21 000 нисваанис, мунхаг дээр суурилсан 21000 нисваанис, энэ гурав холилдсон нисваанис дээр суурилсан 21 000 нисваанис буюу сэтгэлийн нийт 84 000 нисваанис байдгийг Бурхан багш нээж эдгээр нисваанис буюу муу сэтгэлийг дарах ерөндөг болгон 84 000 номын цогцсыг айлджээ.

    Хүн эхлээд язгуурын зургаан нисваанисийг дарах хэрэгтэй.Энэ нь хүсэл тачаал, уур хилэн, омог бардам, мунхаг, нисваанист тээнэгэлзэл, нисваанист үзэл юм. Нисваанисийг дөнгөж сэтгэлд үүсэнгүүт танин барьж дарах хэрэгтэй. Ихэнхи хүмүүс нисваанисыг танидаггүй, харин нисваанистайгаа нөхөрлөөд нисваанисийнхаа боол нь болчихсон байдаг. Нисваанисийг гадаад шулам, дотоод шулам, нууц шулам хэмээн гурав ангилдаг. ”Ном гүнзгийрэх тутам шулам гүнзгийрдэг” гэгчээр гадаад, дотоод шулмыг судрын ёсыг хэрэгжүүлж дардаг бол нууц шулам судрын ёсонд дарагддаггүй ажээ. Нууц шулмыг зөвхөн тарний ёсыг хэрэгжүүлж дардаг ажээ. Нисваанисийг устгасан ч гэсэн нисваанисийн дадал үлдсэн байдаг байна. Нисваанисийн дадал гэдэг нь жишээлвэл саванд нэгэн сармис хийгээд удаан хугацаагаар хадгалаад дараа нь сармисыг савнаас сайтар цэвэрлээд авсан ч гэсэн сармисны үнэр савнаас үнэртсээр байдаг. Үүн луга адил буюу. Энэхүү нисваанисийн дадлыг арилгаад сэтгэлээ бүрэн гүйцэт ариусгаж чадвал төгс гэгээрлийн хутгийг олдог ажээ. Хоосон чанар буюу Шуньятын тухай гайхамшигт сургаалиа Бурхан багш дээд оюунт махаяна лам нарт заадаг байжээ. Бурхан багшийн нээсэн төв үзлийн үүднээс авч үзэхэд аливаа юмс үзэгдэл зөвхөн нэр томьёолол буюу нэрийтгэлийн төдийд байдаг бөгөөд өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий үгүй болой хэмээн номлодог.

    Хүмүүст өөрийн нүдээр харахад эргэн тойрон байгаа үзэгдэж харагдаж мэдрэгдэж буй юмс үзэгдэл үнэхээр бүтсэн мэт харагдах боловч мөн чанарыг нь судлагч билгүүнээр үзэхэд аль нь үнэхээр бүтсэн бэ? хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэхээр бүтсэн юу ч эс олдох ажээ. Хэрэв ямар нэг үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий олдвоос үнэхээр бүтсэн зүйл байна хэмээн үзэх атал тийм үнэхээр бүтсэн зүйл тоосны төдий ч үл олдох ажээ.Учир иймээс үзэгдэл юмс бүхэн зөвхөн томьёолол буюу нэрийтгэлийн төдий байх боловч мөн чанар нь эрж хайгаад эс олдох хоосон чанартай хэмээн номлодог ажгуу. Энэтхэгийн мэргэд: “Би-г баримтлах үзэл нь чамд тор болж чи хашигддаг. Би-г баримтлах үзлээс салж, тор замхарсан цагт огторгуй чинийх болно.Чи ч чи биш болж, огторгуйг дотроо агуулж, энгүй уудам, цаглашгүй оршихуй болно” хэмээн үздэг.

    Бурханы шашинд нэг гайхалтай зүйл байдаг.Энэ нь Далай лам, Гармагаржид зэрэг буддын хутагт хувилгаад Замбуутивд Хамаг амьтны тусын тулд дахин мэндэлдэг. Хаана хэнийд мэндэлснийг нь мэргэн лам нар болон шавь нар нь сайтар шинжиж эрж олж авдаг. Бас нэг гайхалтай зүйл бол ринсэл юм. Энэ нь буддын шашны хутагт хувилгаад, гэгээнтнүүд таалал төгссөний дараа чандар дотроос нь ринсэл буюу цагаан сувд мэт эрдэнэ олддог аж. Гэгээрсэн хүн гэдгийг энэхүү олдсон ринсэлээр нотолдог аж. Монголчууд бид азтай хүмүүс. Бурхан багшийн ринсэлийг Энэтхэгээс Монголд хоёр удаа залахад монголчууд бид мөргөж буян хурааасан даа.

    Бурхан болох зам мөр буюу гэгээрлийн таван мөр, арван шат гэж байдаг.Үүнийг товчлон авч үзвэл: Эхлээд Магад гарахуй сэтгэл буюу Эй Жүнг үүсгэнэ – Дараа нь нэгдүгээр мөр болох Чуулганы мөр буюу Цог ламд орно – Хоёрдугаар мөр болох Найралдлагын мөр буюу Жор ламд орно – Гутгаар мөр болох Үзэхүй мөр буюу Тон ламд орно, энэ мөрд нэрийдсэн нисваанисийн түйтгэрийг арилгана, Нюндэв гүнтаг гэдэг – Дөтгөөр мөр болох Бясалгахуйн буюу Гэтлэх мөрд буюу Гом ламд орно, энэхүү мөрийн эхний долоон шатанд сэтгэлийн төрөлх шинжтэй нисваанисийг буюу нисваанисийн уг үндсийг арилгадаг, Нюндэв линжэ гэдэг – мөн энэхүү мөрийн наймаас аравдугаар шатанд мэдэгдэхүүний түйтгэрийг арилгана, хирээс хагацсан газар гэнэ – Тав дугаар мөр нь Чинагш үл суралцахуйн мөр буюу Лов лам гэнэ, энэхүү мөрд сэтгэлийн хирээс бүрэн хагацаж бодийн хутгийг олж, гурван цагийн бүх юмс үзэгдлийг нэгэн зэрэг илтэд тольдон юмсыг онон болгоох гайхамшигт чадвартай төгс гэгээрсэн Бурхан болно. Бурхан багшийн сургаал хүмүүн Таныг төрөх цагаас нь эхлээд таалал төгсөх хүртэл, таалал төгсөж сүнс нь завсрын бардод байх үеэс дараа төрөл авах хүртэлхи гэгээрлийн замыг тань заачихсан. Түвдийн “Бардо тойдол”, “Сонсгоод тонилогч” судар нь хүн үхэх мөч болон үхсэнээс хойшхи завсрын 49 хоногийн дотор хэрхэн төрөл авах болон умайд орохыг хаах, хэрхэн гэрлэн биеийг олж рид хувилгаан хүчээр Бурханы оронд мэндлэх тухай бичсэн байдаг. Ийнхүү эгэл сүсэгтэн хүмүүс эрдэмт Лам багшийн ач тус, авшиг ерөөл, өөрсдийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сахил санваар, эр зориг, энэрэл нигүүлсэл, баатарлаг боди сэтгэл, билиг оюун, Бурханы ном, бясалгал, буяны хүчээр гэгээрэлд хүрч сансрын зовлонгоос гэтэлж аврагддаг ажээ. Ертөнцийн гурван томоохон шашныг үндэслэгчдийн түүхийг зарим үзүүлэлтээр харьцуулсан хүснэгтийг толлуулъя. Энэ бол миний хийсэн шашны тухай анхны хүснэгт юм.

    Шашныг үндэслэгч

    Бясалгасан хоног Хэдэн жилийн өмнө номлосон Наслалт Угсаа, ямар үндэстэн Шүтэгчдийн тоо

    Будда

    Бурхан багшийн намтарын товчоон

    Бурхан багшийн намтрын тухай хэдэн зуун ном,судар,товхимол,өгүүлэл бичигдсэн байдаг.Үүнээс хамгийн эртнийх нь м.э.1-р зуунд бичигдсэн Ашвагхошийн “Буддагийн амьдрал – Буддхачарита” судар аж. Түвдийн уламжлалт буддизм Бурхан багш Шакьямуний амьдралыг 12 шатанд хуваан үздэг. Бурхан багшийн 12 зохионгуй гэдэг нь:

    1.Төгс Баясгалант бурхны орноос заларсан нь
    2.Эхийн хэвлийд заларсан нь
    3.Эхээс лагшин мэндэлсэн нь
    4.Ертөнцийн урлахуй ухаанд мэргэжсэн нь
    5.Хааны ордны хангалуун чинээлэг амьдрал
    6.Орчлонгоос гарах сэтгэл үүсгэж хааны ордонг орхисон нь
    7.Хатамжлал барьсан нь
    8.Бодь модны дор бясалгасан нь
    9.Мара буюу шулмасын аймгийг дарсан нь
    10.Бурхны хутгийг олж Туулсан Бурхан Будда болсон нь
    11.Дхармыг номлосон нь буюу Номын хүрд эргүүлсэн нь
    12.Нирваан дүр үзүүлсэн нь гэдэг болой.

    Бурхан багшийн хамгийн шилдэг ойр дотны шавь нь Маудгальяана, Шарипутра, Кашьяпа, Субхути нар байжээ. Мөн Бурхан багшийн намтрыг Түвдийн их номч мэргэн,түүхч,санскритолог Даранада Гунгаанямбуу/1575-1634/ “Шагжмуний намтар” хэмээх бүтээлдээ туурвисан байдаг. Бурхан багшийн намтар, Мил богдийн намтар, Адишаа богдын намтар, Богд Зонхабагийн намтар, Богд гэгээн Жавзандамбын намтар бол сүсэгтэн хүний заавал унших судар мөнөөс мөн шүү. Сүсэгтэн олон минь “Ламрим” судрыг 108 дахин уншаарай. Эдгээр ариун судрууд гэгээрэлд хүрэх замд чинь түшиг тулгуур болно шүү. Сүсэгтэн Та Боди сэтгэлийг олж, Хоосон чанарыг танивал диваажин хүртэл нисэх хоёр далавчтай боллоо гэсэн үг. Орчин үед Бурхан багшийн амьдралыг үзүүлсэн “Хаадын дээд Будда” гэсэн сериал Энэтхэг улсад гарсныг монголчууд хөрвүүлэн үзэгчдэдээ хүргэсэн билээ. Энэ киног үзсэн хүн Буддагийн гайхамшигт амьдралыг үзлээ гэсэн үг. Бурханы шашин хоёр мянганы туршид замбуутивд дэлгэрч Энэхтхэг, Түвд, Монгол, Хятад, Япон, Тайланд, Мьянмар, Шри Ланк зэрэг орнуудад Бурханы шашны соёл олон зуунаар хадгалагдан үлдэж олон гайхамшигт буддын сүм хийдүүд баригдаж, Ганжуур, Данжуурын олон зуун боти судар залагдан хүндлэгдэж, Бурханы номыг айлддаг олон хутагт хувилгаан гэгээнтнүүд мэндэлж, Бурхан багшийн сургаал эдүгээ дорно дахинаас өрнө дахинд хүчтэй дэлгэрч байна. Эдүгээ дэлхийд 500.0 сая шахам хүн Бурханы шашныг шүтэж байна.

    Будда болон Христийн зарим сургаалийг харьцуулсан хүснэгт

    /Энэ бол миний хийсэн шашны тухай хоёр дахь хүснэгт юм/

    Эзэн Богд Чингис хаан найман зууны тэртээ дэлхийн бүх шашныг эрх тэгш хүндэтгэж, шашны сүм хийдийг нь нурааж шатааж байгаагүй, сүм хийдийн лам хуврагийг хөнөөж байгаагүй бөгөөд сүм хийд, лам хуврагийг хамгаалж байсан гэдэг. Иймд орчин үеийн уншигчиддаа дэлхийн томоохон бусад шашны тухай товчхон өгүүлье.

    Индуизм

    Инду гэдэг үг бол хинду гэдэг голын нэр, хожим нь улсын нэрнээс үүсэлтэй үг .Эдүгээ индуизмыг дэлхий дээр энэтхэгийн хүн амын 80.0 хувь , Балба, Шри Ланк, Пакистан, Бангладеш, Малайз, Индонез, Мьянмар, Сингапур зэрэг орнуудад шүтэж байна. Нийтдээ дэлхийд нэг тэрбум шахам хүн индуизмыг шүтэж байна. Индуизм нь 4 мянган жилийн өмнө ведийн шашнаар дамжин манай эриний өмнөх нэгдүгээр мянганий үед бүрэлдэн тогтсон хүн төрөлхтөний хамгийн эртний шашин юм. Анхандаа Брахма, Вишну, Шива бурханыг шүтэж байлаа. Хожим нь Кришна зэрэг бурхад нэмэгдсэн. Индуизмын гүн ухаан нь: Санкхья, Иога, Миманса, Веданта, Вайшешика, Ньяя гэсэн зургаан систем дээр тогтдог. Индуист хүний зорилго үүрэг нь ямар шатанд амьдарч байгаагаас хамаарна.Энэ нь гуру багшийн удирдлаган дор боловсрол олж буй шавь-брахмачарин, баян чинээлэг амьдралыг зорилгоо болгосон гэр бүлтэй гэрийн эзэн – грихастха, гэрээс гарч оюуны амьдрал хөөсөн даяанч- ванапрастха, ахуй ертөнцийг бүрмөсөн орхисон аскет- санньясин гэсэн дөрвөн ялгаатай шат байдаг.Индуизм хүний өмнө дараах зорилт тавьдаг. Энэ нь хүн биеийн таашаал хүсэлдээ баригдан зовдог буруу байдлыг нь арилгаж, хувь хүний зовлонт сэтгэлийг аврах нь гол зорилго хэмээн үздэг. Хүн үхсэний дараа түүний сүнс- жива нь үйлийн үрийн хуулийн дагуу дараагийн биед шилжин ордог. Сансарт олон дахин төрөл авах нь зовлон хэмээн үздэг. Иймд индуист хүний эцсийн зорилго бол ахуй ертөнцийн зовлон – духкка, сансрын хүрднээс гэтэлж чөлөөлөлт- мокша-д хүрэх явдал юм хэмээн үздэг. Мокшад хүрэхийн тулд дхармыг баримталж, Брахма, Вишну, Шива, Кришна зэрэг бурхадыг тахин шүтэж Үнэнийг танин мэдэх явдал хэмээн үздэг.

    Манай эриний өмнөх 2-1 дүгээр мянган жилд арийчууд сүлд дуулалууд болон ариун судруудыг бүтээсэн. Тэдгээр эртний ариун судрууд бол Ригвед, Самавед, Яжурвед, Атхарвавед юм. Эртний энэтхэгийн Упанишад сударт хүний тухай, амьдрал үхлийн тухай, бурхадын зам мөрийн тухай, кармын хуулийн тухай, дахин төрөл авахын тухай өгүүлсэн байдаг. Эртний энэтхэгийн “Ригвед”-аас эхлээд “Бхагавадгита – Бурхадын дуулал” хүртэлхи сударууд бол хүн төрөлхтөний хамгийн эртний гайхамшигт судруудын тоонд зүй ёсоор ордог юм. “Бхагавадгита” хэмээх алдарт сударт Кришна бурхан кшатри Аржунд бхакти- бурханы замд хайр нигүүүслэлтэй, үнэнч шударга сэтгэлээр явж, сансраас гэтэлж чөлөөлөгдөх тухайтад сургаал хайрласан байдаг.

    Индуизмын нэг гол онцлог бол бясалгал буюу дхьяна юм. Индуист хүн нэг обьект дээр / нэг дүр эсхүл бурхад / анхаарлаа төвлөрүүлж бясалгаад самадхи буюу үнэний мөн чанарыг буюу Брахматай нэгдэхийг эрмэлздэг. Хамгийн түгээмэл бясалгах арга бол жапа буюу мантрыг олон дахин хэлэх буюу дуулах юм. Хоолойгоороо намуухан хэлэх буюу оюун ухаандаа мантрыг дуулж хэлж болно. Индуизмд хүний хамгийн гол үйл бол буян үйлдэх буюу пунья юм хэмээн үздэг. Нүгэл буюу пап бол хүнийг буяны замаас нь зайлуулдаг хэмээн үздэг. Нүгэл бол уур хилэн, шунал тачаал, мунхаглал, омог бардам, атаа хорсол хэмээн үздэг. Эртний энэтхэгийн Манугийн хуулиар бол 5 хүнд нүгэл байдаг : Энэ бол брахманыг хөнөөх, үхэр хөнөөх, брахманы эд хөрөнгийг хулгайлах, архи согтууруулах ундаа хэрэглэх, өндөр кастын болон гуру багшийн эхнэртэй эр эмийн харьцаанд орох. Эмэгтэй хүний хамгийн хүнд нүгэл бол садар самуун явдал, зэрэглэл доогуур кастын эртэй эр эмийн харьцаанд орох болон аборт хийлгэх. Хүн бол бохир бус, ариун байх ёстой хэмээн үздэг. Бохир зүйл бол аюултай хэмээн үздэг. Иймд бохир нүглээс гарахын тулд угаалга хийх, мантр буюу тарни унших, бурхадад тахил өргөх, Ганга мөрөнд орох зэрэг үйлүүдийг хийдэг аж.

    Орчин үеийн индуизмд ялангуяа шашны яруу найрагч Кабирын шүлгүүдийг индуист сүсэгтнүүд хэлэх дуртай байдаг. Кабирын тухай Ошо багш олон гайхалтай түүх ярьсан байдаг. Орчин үеийн агуу гуру багш бол Ошо багш юм. Түүний айлдсан ном сургаалийг шавь нар нь орчин үед гадаадын англи, орос зэрэг олон хэл дээр хөрвүүлж нийтдээ 700 боть номыг хэдэн саяар нь олшруулан хэвлэж гаргажээ.Эртний соёлт агуу Энэтхэг орон бол шашны өлгий нутаг, гуру багш нарын номлолоо айлдсан нутаг, мантр судрын ариун нутаг юм.

    Кришнаичууд

    Энэтхэгийн шашны нэгэн хүчирхэг урсгал болох Кришнайчууд хорьдугаар зууны жараад оноос эхлэн Өрнөдөд ихэд хүчтэй дэлгэрч эхэлжээ. Өнгөрсөн зууны жар, далаад онуудад Германий Гамбург зэрэг өрнөдийн хотуудад үсээ хуссан бөмбөр цохисон өрнөдийн Кришна шашны “Харе Кришна, Харе Кришна” хэмээн бөмбөрийн аянд чанга дуугаар дуулалдсан залуус энд тэндгүй гарч ирж байсан юм. 1960-аад онд Энэтхэг улсын төрийн жирийн нэгэн албан хаагч жаран нас хүрээд тэтгэвэртээ гарч өөрийн гэр бүл үр хүүхэддээ амьдралд нь хангалттай хүрэлцэх мөнгө хөрөнгөө үлдээгээд лам болж Америк орныг зорьсон аж.Энэ хүнийг Махатма Ганди болон Кришна Чайтаний сургаалийг бишрэн шүтдэг Абхей Саран Бхагтиведант /1896-1978 / гэдэг байв. Абхей 1960-аад оны дундуур Америкт ирээд бурхны тухай анхны лекцээ уншихад америкийн хэдхэн хиппи,наркоман ирж сонсож байсан бол сүүлдээ олон мянган америк шавьтай болсон гэдэг. Тэр бээр анх АНУ-д ирээд “Бурхан минь.Та өчүүхэн надад сайн санаатай байлаа.Яагаад та намайг энд ирүүлснийг би мэдэхгүй. Эндэхийн хүмүүс яг л чөтгөр шулам шиг мах их идэж, хууль бус секс үргэлж хийх юм.Ийм хүмүүс яаж бурхны сургаалийг сонсоно доо” гэж байжээ.

    Энэтхэгийн кришнайн багш Прабхупад өрнөдийн хүмүүст хандаж хэлэхдээ: -“Хүний амьдралын гол зорилго бол оюун ухаанаа дээд зэргээр боловсруулан сайжруулах асуудал. Энэхүү материаллаг ертөнцийн хүн материаллаг бус бурхны ертөнцийг ойлгож чаддаггүй. Бурханыг бодохоо больсон хүмүүс хүн чанараа аажмаар алдаж өөрсдийн гэр орондоо хайрладаг муур, нохойны зиндаанд очдог.

    Хөгжил дэвшил гэж юу юм бэ? Энэ бол харайж байгаа нохойны дэвшил юм. Нохой дөрвөн хөлөөрөө энд тэндгүй л тэнэж явдаг.Та нар бол дөрвөн дугуйтай автомашинаараа мөн л энд тэндгүй тэнэж давхицгааж л байдаг. Хүмүүс бурханд мөргөхийн оронд нохой, мууртаа мөргөж байна. Дэвшил гэж тэнгэрт тулсан өндөр барилга, нохойн уралдаан, материаллаг баялгийн хойноос гүйх хөөцөлдөөнийг хэлдэггүй юм. Дэвшил гэж оюун ухаанаа төгс болгож өөрийгөө танин мэдэж бурханы ертөнцтэй нэгдэн нийлэхийг хэлдэг юм.”гэжээ. Кришнайчуууд үзэхдээ ”Амьдралын утга учир бол чи мэргэжил эзэмшээд профессор, бизнесмен, хуульч, эдийн засагч, инженер, тогооч болохдоо биш, Чи хэн ч байсан хөвж сураагүй бол үхэх агшиндаа живэх болно. Энэ агшинд чамд эх, эцэг, ах дүү, амраг садан чинь ч тусалж чадахгүй, эмч доктор, төрийн тэргүүн ч тусалж чадахгүй. Чи өөрийгөө л таньж мэд. Чи бол чиний бие биш. Чиний бие бол түр зуурын өмссөн цамц гэсэн үг. Чи бол цэвэр оюун ухаан гэсэн үг. Чи хэрэв материаллаг ертөнцөөр хөөцөлдвөл хуурай газар дээр хаясан загас мэт болно. Чи яг одоо үүнийг ойлго, хэрэгжүүл. Маргааш гэж хойш бүү тавь. Яагаад гэвэл хөгшин нохойг харайлгаж сургаж болдоггүй юм. Монголчуудын хэлдгээр “хөгшин азарга жороо сурдаггүй “гэсэн үг ажээ. Үүнийг ойлговол чи хэзээ ч хөгшрөхгүй. Яг одоо өтөлж хөгширч үхэж байгаа зүйл чинь чи биш. Энэ бол зөвхөн чиний бие. Үүгээрээ чи ялгаатай. Чиний ухамсар үхэшгүй мөнхийн түвшинд хүрмэгц чи бүрэн эрх чөлөөтэй болж төгс мэдлэгийг эзэмшиж мөнхийн аз жаргалтай болно. Ертөнц бол шорон юм.Тэхлээр шоронд тохитой, баян чинээлэг амьдрах тухай бодохын ч хэрэггүй. Орчлонгийн энэхүү шоронгоос яаж ангижрах вэ? гэдэгт хамаг асуудлын гогцоо байгаа юм” гэдэг ажээ. Энэхүү үзэл нь буддизмтай тун төстэй ажээ.

    Христийн шашин

    Христийн шашин манай эриний 33 онд Палестинд анх үүссэн. Христийн шашныг үндэслэгч нь Назаретийн Ийсус буюу Бурханы хөвгүүн , Хүн төрөлхтнийг аврагч юм.Эдүгээ христийн шашныг дэлхийн 2.5 тэрбум хүн шүтэж байна. Христийн шашин үндсэндээ 4 том урсгалд хуваагддаг. Үүнд: Католик шашныг 1.3 тэрбум хүн, протестант шашныг 800 сая хүн, үнэн алдартны шашныг 280 сая хүн, эртний дорно дахины Ассирийн шашныг 80 сая хүн шүтэж байна. 1054 онд христийн шашин Ром төвтэй католик шашин, Константинополь төвтэй үнэн алдартны шашин болж хоёр хуваагдсан юм.

    Христийн гол номлол бол Ерөнцийн эзэн 7 хоногийн дотор ертөнциийг бүтээсэн. Яг хэзээ бүтээсэн бэ гэвэл манай эриний өмнө 5 508 онд бүтээсэн гэж үздэг. Хүн бол Бурханы оч бөгөөд хүний сэтгэл мөнх, хүн үхсэний дараа сэтгэл нь үхдэггүй. Энэхүү сэтгэлийг анхны хүн болох Адам, Ева хоёрт өгөх үед тэдний сэтгэл цэвэр ариун байсан. Гэвч Ева мэдлэгийн модноос алим авч идэж нэг хэсгийг нь Адамд өгснөөо анхны нүгэл үйлдэгдсэн хэмээн үздэг аж.

    Хүн төрөлхтөний анхны нүглийг Ийсус Христос өөр дээрээ авсан. Хүний одооны нүгэл бол тухайн хүний өөрийнх нь нүгэлт амьдралын үр дүн юм. Хүн нүглээ арилгахын тулд гэмших хэрэгтэй, зөв амьдрах хэрэгтэй. Ингэж чадвал диваажинд очно.Хэрэв хүн нүгэлт амьдралаар амьдарвал үхсэний дараа тамд очно. Хэрэв чи үнэн сэтгэлээсээ нүглээ гэмшвэл Ертөнцийн эзэн нигүүлсэнгүй тул чиний бүх нүглийг өршөөнө. Хүн төрөлхтөний хүү ирж аймшигт Шүүх өдөр ирнэ.Ертөнцийн эзэн буянтныг нүгэлтнүүдээс ялгана хэмээн үздэг.

    Христийн шашныг үндэслэгч Ийсус

    Ийсус одооноос хоёр мянган жилийн өмнө Назарет хотод төржээ.Ийсус гэдэг нэр нь еврей буюу эртний иврит хэлээр “Иешуа” буюу монголоор “Авралын бурхан” гэсэн утгатай нэр ажээ.Ийсусын эхийг Мария, эцгийг нь Иосиф гэдэг байжээ. Мария,Иосиф хоёр Вифлеем явах замд нь Мария нярайлж нэгэн агуйд хөвгүүн нь мэндэлсэн ажээ.Ийсус еврей хүн байв.Түүнийг төрөх үед тэнгэрт нэгэн шинэ од гарчээ. Хоньчид болон мэргэн хүмүүс түүнийг харж мөргөхөөр ирцгээсэн аж.Төрсний найм дахь өдөр нь ёслол үйлдэж Ийсус гэсэн нэр хайрлав. 40 дэх өдөр нь иерусалимын сүмд аваачиж ёслол үйлдэв. Тэдний гэр бүл харгис хаан Иродоос зугтаж Египетэд амьдардаг байв гэнэ.Ийсус Назарет хотод байхдаа эцгийнхээ заавраар мужааны ажилд суралцжээ. Ийсусыг 12 нас хүрмэгц тэднийх гэр бүлээрээ Иерусалимд мөргөл үйлдэхээр очжээ. Ийсус сүмд очиж багш нарын дунд байлаа.Багш нар түүнийг сонсож түүнээс асууж түүний оюун ухааныг гайхан биширч байлаа хэмээн библийн сударт бичсэн байдаг.Ийсус сүмд очиж Иоаннаар хэрээслүүлсний дараа элсэн цөл рүү явж ганцаар 40 хоног залбирал хийж мацаг барьж бясалгал хийж өөрийн дайсан чөтгөрийг дарсан гэдэг.Чөтгөр буюу Сатан түүнийг элдвээр ятгаж байв.Ийсусээр нэг л нүгэл хийлгэж чадах юм бол тэр өөрийн зорьж ирсэн зүйлээ гүйцэтгэх боломжгүй болно гэдгийг Сатан сайн мэдэж байв. Ийсус Сатаны бүх ятгалгыг эсэргүүцэн давжээ. Сатаныг ялсны дараа Ийсус хүмүүст сургаалаа номлож эхлэв.

    Энэ үед Ийсус 30 нас хүрч байв.Ийсус загасчдын дундаас анхны шавь нартайгаа учирч Палестин нутгаар номлолоо номлон аялж гайхамшгийг үзүүлж байв хэмээн библи сударт өгүүлжээ. Ийсус Тэнгэр дэх Эцгээ бүх сэтгэл зүрх,бодол санаа,хүч чадлаараа хайрлахыг сургаж байв.Хүмүүс бид бусдыг өөрийн адил хайрлах хэрэгтэй гэж сургаж байв.Ийсус бүх хүнд хайртай байв.Тэр өвчтөнийг эдгээж сохор хүнд хараа оруулж тахир дутуу хүнийг явдаг болгож хүүхдийг өргөж адислан ерөөж байв. Ийсус нүгэл хилэнц хийсэн хүмүүст хайраа үзүүлж тэдэнд нүгэл хийснээ гэмшиж дахин нүгэл хийхгүй байхыг сургадаг байв. Ийсус ховдог баячууд,нэр алдарт дурлагчид,шашныг мөргөл ёслол мэт үздэг хүмүүсийг шүүмжилж амьдралын утга учрыг ёгт үлгэрийн хэлбэрээр ард түмэнд ярьж өгдөг байв.Гэвч тэр үеийн ихэнхи еврей хүмүүс түүний ярьсан зүйлийг ойлгосонгүй,харин түүний эсрэг үзэлтэй байв. Ийсус бүх хүмүүст евангелийн сургаалтай танилцах боломжийг олгох зорилгоор сүм байгуулжээ. Сүмийн удирдах төлөөлөгчид буюу 12 хүнийг Ийсус сонгожээ.

    Ийсус Гетсиманы цэцэрлэг хэмээх газар очиж бүх хүний нүглийн өмнөөс өөрөө тэрхүү нүглийг үйлдсэн мэт ихэд шаналан зовжээ.Тэр ихэд өвдсөнөөс болж дагжин чичирч биеийнх нь нүх сүв болгоноос цус асгарч байсан гэж библи сударт өгүүлжээ. Дараа нь хорон санаатнууд урвагч Иудагийг дагуулан ирж Иуда Ийсусыг үнсч энэ нь энэ бол баривчлах хүн мөн гэсэн дохио өгснөөр түүнийг цэргүүд баривчлан Иерусаоимын захирагчид тушаажээ. Цэргүүд түүнийг доромжлон нулимж зодож жанчжээ.Шавь нар нь зугтаав. Ганцаар үлдсэн Ийсусыг синедрионы шүүх цаазаар хороох ял өгөв.Дараа өглөө нь Ийсусыг Римийн прокурор захирагч Понтий Пилатад аваачив.

    Пилатий түүнээс “Чи Иудын хаан гэж өөрийгөө үздэг үү? гэж асуухад тэр зөвшөөрсөн хариу өгчээ. Пилат пасхийн баяр болж байгаа тул нэг шүүгдэгчийг аврах эрх байсан бөгөөд өөрийгөө иудын хаан гэсэн ер бусын сонин шүүгдэгчийг аврахад бэлэн байв. Пилат цугларсан хүмүүст хандаж Ийсусыг суллаж явуулах талаар санал хэлсэн боловч тэнд цугларсан хүмүүс үүнийг эсэргүүцэж ямар ч гэм зэмгүй Ийсусыг алах хэрэгтэй хэмээн хашгиралдаж харин түүний оронд хүн алсан Варавву хэмээгч алуурчныг суллахыг шаардав. Захирагч Понтий Пилат Ийсусыг цовдлохыг цэргүүдэд тушаав. Цэргүүд Ийсусээр модоор хийсэн хүнд загалмайг үүрүүлж цовдлох газар руу туун аваачив.

    Цовдлохын өмнө Ийсуст иудийн заншлаар өвдөлтийг багасгах мансууруулагч ундаа уухыг санал болгосон боловч Ийсус татгалзав.Тэд түүний гар хөлийг загалмайд төмөр хадаасаар хадан цовдлов.Түүний хоёр талд алах ял авсан хоёр дээрэмчнийг мөн цовдолсон байв.Нэг дээрэмчин нь Ийсусыг дооглож тохуурхаж байхад нөгөө нь өөрийн гэмээ наманчилж байв. Ийсус гэмээ наманчилж буй түүнд хандаж “Өнөөдөр чи надтай хамт диваажинд очно” гэв.Цовдлуулсан зовлон 6 цаг үргэлжлэв. Ийсус амьсгал хураахын өмнө “Бурхан минь, Бурхан минь, Чи намайг яах гэж орхив” хэмээн хэлээд таалал төгсчээ. Ийсусыг өөд болоход нар хиртэж газар хөдлөв хэмээн библи сударт өгүүлжээ. Ийсус ийнхүү гуч гаруйхан насандаа хорон санаатны гарт амь үрэгдэв.Тэр үед түүний шавь нар,чин сүсэгтэн нар айн балмагдаж байсан ажээ.Тэрхэн үед түүнийг хүмүүс мартсан байлаа.Түүний нэрийг зөвхөн Палестин даяар мэддэг байв. Гэвч Ийсусыг таалал төгссөний дараа Павел хэмээх эрдэмтэй, ухаалаг хүн гарч ирээд олон нийтэд Христосын сургаалийг шашин болтол нь өргөн дэлгэрүүлэв. Христос шашныхан эгнээгээ тэлж өдрөөс өдөрт бэхжиж бүр сүүлдээ Ромын эзэн хааны хөргийн өмнө мөргөхөөс татгалздаг болов.Ромчууд үүнийх нь хариуд христосынхнийг мөрдөн мөшгиж эд хөрөнгийг нь хураан авч амь насыг нь бүрэлгэдэг байв. Гэвч энэхүү тэмцэл зөрчил гурав, дөрвөн зууны турш үргэлжилж эцэстээ Ром мөхөж, Христосын шашныханы ялалтаар төгсөв. Христосын сургаал Палестин, Ромд эхэлж дэлгэрээд зогссонгүй, улмаар Франц, Англи хүртэл бүх европ даяар дэлгэрэв. Христосын шашин дотроо католик,протестант,баптизм,несториан,үнэн алдартан,мормон… гэх мэтээр олон урсгалтай байдаг бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо зарим үед өстөн дайснууд мэт тулалдаж, алалдаж байсан цаг үе байсан нь түүхийн хуудаснаас харагддаг ажгуу.

    Христийн сургаалд үйлийн үрийн тухай, дөрвөн үнэний тухай сургаал байдаггүй юм. Хойд нас, диваажин, тамын тухай, шүүгдэх өдрийн тухай бол байдаг.Харин манай буддын сургаалтай төстэй зарим нэг номлол байдаг нь анхаарал татдаг.Библийн номонд номхон хүлцэнгүйн талаар ”Хүн хэрэв чамтай заргалдаж чиний цамцыг авна гэвэл дээлээ өг.Хүн чамтай 1 миль газар хамт явна гэвэл 10 миль газар хамт яв.Хүн чиний нэг хацрыг алгадна гэвэл хоёр хацраа алгадуул”гэж номлосон байдаг. Энэ нь “хүн чамайг хорловол хариу хор бүү хүргэ” гэдэг буддын зарчимтай нийцэж байгаа юм. Ийсусын гол номлол бол хүнийг хайрлах хайр юм. Буддын шашинд Хамаг амьтныг хайрлан нигүүлэсхийг номлодог. Ийсус хүнийг мөнгө хөрөнгөнд шунах биш, ариун сайхан сэтгэлтэй, шүтлэгтэй, хорон муу санаагүй байхыг сургасан байдаг.Насанд хүрсэн том хүн хүүхэд мэт цагаан цайлган сэтгэлтэй байх хэрэгтэй хэмээн сургадаг. Ийсус 12 хүнийг өвчин, зовлонгоос нь салгаж энэрч асраад эдгээхэд ганц хүн л Ийсуст баярлаж талархсанаа хэлсэн гэдэг.Бусад нь юу ч дуугарахгүй явсан гэдэг. Тэхлээр амиа бодсон бэртэгчин хүмүүс амийг нь аварсан ачит хүндээ үгээ хүртэл харамладаг байх нь. Ийсус хэлэхдээ “Хүнээс баярласан талархсан үг дуулах гэж би хүмүүст туслаагүй, харин хүмүүст тусалж тэдний зовлонг нимгэлж буян үйлдэж байгаа буяны үйлдэлдээ л баярлах гэж тусалсан юм” гэдэг байжээ. Ийсус чин сэтгэлээсээ бие биеэ хайрлахыг хүмүүст сургадаг байсан боловч хүмүүс шунал, ашиг хонжоо хийгээд амиа бодсон бэртэгчин чанараасаа болж улам харгис ,шунахай амьтан болсоор ажгуу. Христийн шашныг эдүгээ дэлхийд 2.2 тэрбум хүн шүтэж байна. Христийн шүтэгчид олон зууны турш Христийн гайхалтай сүрлэг сүмүүдийг босгож, гайхалтай иконуудыг бүтээж өрнөдөд христийн том соёл болон үлджээ. Өрнөдөд эртнээс дэлгэрсэн энэ агуу шашин өрнөдийн үс сахалдаа баригдсан зэрлэг харгис хүмүүсийг хүн дүрстэй болгож хайрыг тэдэнд түгээсэн шашин юм болов уу даа хэмээн би боддог юм шүү.

    Исламын шашин

    Ислам гэдэг үг бол арабаар “даган шүтэхүй” гэсэн утгатай үг. Исламын шашныг 7 дугаар зуунд Арабт Мухаммед үндэслэсэн. Исламын шашин бол христийн болон иудаизмын шашны нөлөөн дор анх үүссэн. Исламын гол зарчмууд Коран сударт бичигдсэн байдаг. Гол үндсэн зарчим бол хамгаас хүчирхэг Аллах бурханд мөргөх юм. Мусульман хүн сэтгэл мөнх гэдэгт итгэдэг. Исламын шашин шүтэгч хүн 5 үндсэн үүргийг хүлээдэг. Үүнд:

    1.Аллахаас өөр Бурхан байхгүй хэмээн итгэдэг. Мухаммед бол Аллахын илгээсэн хүн- Шахад.
    2.Өдөр бүр 5 удаа мөргөл үйлдэнэ- Салат.
    3.Ядуу хүмүүст нигүүлсэл үзүүлнэ – Закат.
    4.Рамадан сард мацаг барина- Саун.
    5.Меккад даян мөргөл хийнэ- Хаж. Исламын шашин Мухаммед таалал төгссөний дараа 632 онд суннизм, шиизм гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Эдүгээ дэлхийд Исламын шашинг нэг тэрбум гаруй хүн шүтэж байна. Суннит нь нийт шүтэгчдийн 90.0 хувь, шиит нь 10.0 хувийг эзэлж байна.

    Исламын шашныг үндэслэгч Мухаммед

    Исламын шашныг үндэслэгч агуу их зөнч мэргэн Мухаммед манай эриний 570 онд Аравын Мекка хотод эцэг Абдулла ибн Абд аль-Мутталиб, эх Амина бинт Вахбын хүү болон мэндэлжээ. Эцэг нь курайшит омгийн ахлагчийн хүү байв. “Мухаммед” гэдэг нэр бол арабаар “Магтаал хүртэгч” гэсэн утгатай нэр. Арави бол элсэн цөлийн орон.Ус ундаа, хоол хүнс олдоход бэрх хэцүү нутаг. Аравичууд нүүдэлчин хүмүүс байсан. Аравийн цөлд ердөө Мекка, Ясриб гэсэн хоёрхон хот байв. Арабчууд монголчуудтай төстэй, хүнд бэрх цаг агаарын нөхцөлд амьдарч, нэг нэгэндээ тусладаг, нөхөрсөг, хүнлэг, тэсвэр хатуужилтай, омог бардам, өөрийн нэр төрөө өндөр өргөж явдаг хүмүүс. Арабчууд монголчууд шиг “нэр хугарахаар яс хугар “гэдэг хатуу зарчимтай шударга хүмүүс.

    Мухаммедыг төрөхөөс өмнөхөн эцэг нь нас баржээ. Эх нь Муххамедийг 6 настай байхад нь нас баржээ. Мухаммедийг нагац ах Абу Талибу нь өсгөж хүмүүжүүлжээ. Мухаммед идэр насандаа их сүсэгтэй, шашны мацаг барьдаг байв. Мухаммед жилд гурван удаа мацаг барихдаа зарим үед 7,9,40 хоногоор өглөөний нарнаас оройн шингэх нар хүртэл юу идэхгүй, юу ч уухгүй мацаг барьдаг байв. Мацаг гэснээс дэлхийн гол шашныг үндэслэгч Будда, Христос, Мухаммед гурав бүгд мацаг барьдаг, маш их тэвчээртэй хүмүүс байсан. Мацаг барьдаг энэ чухал чанар нь тэднийг гэгээрэхэд чухал нөлөө үзүүлсэн байж болно. Мухаммед заримдаа байнгын урт удаан мацаг барьж ч үзэв. Халуун бүгчим өдөр юу ч уухгүй байх л хамгийн хэцүү байдаг байв. Өдөр шөнөгүй, олон хоног юу идэхгүй мацаг бариад ч үзжээ. Гэвч энэ бол сайн арга биш гэдгийг Мухаммед ойлгов. Өчнөөн хоног мацаг барьж халуун элсэн цөлд ганцаар тэнүүчлэх нь зөв биш гэдгийг ойлгов. Мухаммед корейшит омгийн хүн байлаа. Мухаммед хорин хэдхэн насандаа худалдаачдыг даган Сири хүртэл аянд явдаг байв. Нэгэн удаа түүнийг Мекка хотын баян худалдаачин бэлбэсэн эмэгтэй Хадижи өөрийнхөө барааг Сирид аваачиж худалдахыг хүсчээ. Мухаммед хэдий залуу байсан боловч анх удаа бие даасан энэхүү хариуцлагатай ажилд томилогдож холын аянд явав. Мухаммед даалгаврыг амжилттай гүйцэтгэж Меккадаа бүрэн бүтэн эсэн мэнд буцан ирэв. Аян замд хамт бараа болон явсан Хадижийн зарц Майсур Мухаммедийн эрс шийдэмгий, ухаалаг, үнэнч шударга зан чанарын тухай өөрийн эзэн эмэгтэй Хадижид магтан ярьжээ. Үүнээс хойш энэхүү нэр хүндтэй ухаалаг залуу Хадижийн санаанд бүрэн нийцэх болов. Мухаммед тэр үед ядуу амьдралтай, жирийн нэгэн араб залуу байсан. Баян худалдаачин эмэгтэй Хадижи үүнээс өмнө нь хоёр удаа нөхөрт гарсан боловч нөхөр нь дараалан нас барж бэлэвсэн хоцорчээ. Хадижа Мухаммедтай танилцах үедээ дөчин настай, амьдралын туршлагатай, ухаалаг, баян эмэгтэй байв. Хадижи Мухаммедийг ихэд тоож өөрийн зарцаар дамжуулан түүнтэй амьдралаа холбон нөхөрт гарах санаатай байгаагаа ойлгуулжээ. Мухаммед ч баярлаж тэд гэр бүл болцгоон хурим найраа ёс журамтай тэмдэглэжээ. Мухаммед энэ үедээ 25 настай байлаа. Тэд бие биенээ үнэн сэтгэлээсээ хүндэтгэн хайрлаж байсан тул аз жаргалтай гэр бүл болсон гэдэг. Гэрлэсний дараа жил анхны хүү Аль- Касим нь төрлөө. Гэвч амьдралд нь уй гашуу тохиолдож хоёр жилийн дараа Касим хүү нь нас барав. Дараа нь эхнэр Хадижи нь Рукайя, Зейнаб, Улмм, Кульсум, Фатима гэсэн дөрвөн охин төрүүлэв. Дараа нь Хадижи дахин хүү төрүүлж түүнийг Мухаммедийн эцгийн дурсгалд зориулж Абдуллах хэмээн нэрлэв. Гэвч энэ хүү нь удалгүй нас барав. Дараа нь Мухаммедийн долоо дахь буюу гурав дахь хүү нь төрж Ат-Тахир гэсэн нэр өгөв. Гэвч хүү нь удалгүй нас барав. Хувь тавилан Мухаммедад хатуу хандаж хүүтэй болох гэсэн чин хүсэл нь ийнхүү биелсэнгүй. Хэдэн жил өнгөрсний дараа охидууд нь насанд хүрч Рукайя, Умм, Кульсум нь нөхөрт гарав. Гэрт хамгийн отгон охин Фатима нь үлдэв.

    Мухаммед гэрлээд 10 жил болсны дараа 605 онд Мекка хотод нэгэн чухал үйл явдал болов. Корейшитууд мөргөлийн Каабыг шинэчлэхээр шийджээ. Каабыг дээвэртэй болгох ажил тулгарав. Каабын хана нь олон жилийн ус,бороо,гал,үерт нэрвэгдсээр чанар нь муудаж бараг нурж унахаар болсон байна.Тэд шүтээнийхээ ханыг эвдэх нь санаа сэтгэлийн хувьд хэцүү, хойшлуулах нь бүр хүнд болов. Гэтэл тэр үед нэгэн шөнө хулгайч нар нурах дөхсөн ханаар нь дамжиж Каабад өргөсөн мөргөлчдийн үнэт эрдэнэсийг нь хулгайлжээ. Энэ муу мэдээ тэр дороо Мекка хотоор тарж удалгүй сайн дурын мөрдөгч нарын ачаар хулгайлагдсан үнэт эрдэнэс Дувейк гэгч этгээдийн гарт байсныг нь илрүүлэв. Дувейкийг эртний арабын заншлаар шүүж түүний баруун гарыг огтолж эртний ариун шүтээнийг бузарласан тул төрөлх хотоос нь арван жилийн хугацаатай хөөжээ. Арабчууд энэ үед Византийн худалдааны нэгэн хөлөг онгоц улаан тэнгисийн эрэг дээр далайн салхинаа туугдан хаягдсаныг олов. Энэ хөлөг онгоцны модыг ашиглаж Каабыг засварлах боломжтой болов.Тэр үед арабын элсэн цөлөөс сайн чанарын мод олно гэдэг бүтэхгүй үлгэр байв. Ингээд удалгүй уг модыг ашиглан Каабыг засварлав. Арабчуудын шүтээн Каабыг байрлуулж шинэчлэхэд Мухаммед гол үүрэг гүйцэтгэлээ. Энэ үйл явдлын дараа Мухаммедийн амьдрал огцом өөрчлөгдөв. Мухаммед энэ үед 38 настай байлаа. Мухаммед эд баялагт ямар ч сонирхолгүй болж зөвхөн цэвэр ариун ёс суртахууныг эрхэмлэдэг болов. Худалдаа наймааны ажил ч түүний дуртай ажил байхаа болив.Мухаммед “Хүн ер нь байнга баяр цэнгэл хийх хэрэггүй , харин хүн байнга хөдөлмөрлөх хэрэгтэй” ,” Илүү идсэн,илүү уусан бүгд хүний зүрхийг муутгана” гэж үздэг байв. Мухаммед эв найртай,хайраар бялхсан сайхан гэр бүлд амьдарч байлаа. Гэвч ертөнцийн жам ёсоор гэргий Хадижа нь хөгширч, түүний охид нь насанд хүрч нөхөрт гарч гэрээ орхин одов. Мухаммед аажмаар Бурханы эрэлд автах болов. Яруу найрагч Лабидийн хэлснээр “Бурхнаас бусад нь хий дэмий хөл хөөрцөг юм” гэсэн үнэн үгийг ч тэр байнга бодолхийлэх болов.Тэр үед Меккад хаан ч байсангүй, Засгийн газар ч байсангүй, бүх зүйлийг эртний арабын зан заншил, ёс жаяг, омгуудын ахлагч нарын зөвлөлгөөнөөр шийддэг байв. Мекка хотын иргэн бүр дайсан хотод ойртох ч юм уу ,ямар нэг чухал хэрэг гарсан үед хотын бүх иргэнийг цуглуулах эрхтэй байв. Мухаммед энэ эрхийг ашиглаж “Мекка хотын бүх корейшит омгийнхнийг цуглуулж анхны номлолоо сонсгоё “ хэмээн шийджээ. Нэгэн өглөө Мухаммед эртлэн босч хотын төвд байдаг Сафа хэмээх дов дээр гарч “ Абд –аль- Муталибын хөвгүүд ээ . Абд Манафын хөвгүүд ээ. Хашимын хөвгүүд ээ.” хэмээн корейшитийн бүх омгуудыг дуудаж эхлэв. Мухаммедийн хашгирах энэхүү дууг сонсоод корейшитийн дайчид сэлмээ шүүрэн авч Сафын довыг чиглэн гүйцгээлээ. Корейшитийн омгийн олон хүмүүс цугларч “ Дайн болов уу,юу болов?” хэмээн зарим нь бодож шуугилдаж байв.Бүгд чимээгүй болж Мухаммедийн юу хэлэхийг хүлээв. Гэтэл Мухаммед энэ ертөнцөд ганц бурхан байдаг тухай ярьж эхлэв.Мухаммед энэ бурханаа бүхнийг чадагч “Аллах бурхан” хэмээн нэрлэж байв. Корейшитууд урьд өмнө нь Аллах бурханыг бусад олон бурхдын адил мэддэг байв. Корейшитууд ялангуяа далайд алс холын аянд гарахдаа Аллах бурханд мөргөвөл сайн гэж үздэг байв. Гэтэл Мухаммед газар дээр Аллах бурханыг шүтэхийн чухлыг ярихад цугласан олон ихэд гайхав.

    Мухаммед зөвхөн нэг бурхан байдгийг ярьж улмаар аймшигт шүүх, хойд насны тухай ярьсаар байв. Гэтэл цугласан хүмүүс тарж эхэллээ. Ялангуяа Мухаммед өөрийгөө агуу их Аллах бурхны элч хэмээн зарлах үед хүмүүс бүр их шуугилдаж зарим нь инээж дооглож байв. Мухаммедийн авга ах Абд аль Узза өөрийн эхнэр Умм Жамилийн хамт Мухаммедийг ихэд дооглож бүр хэтрээд доромжилж эхлэв. Дараа нь Мухаммед нэг омгийн төрөл садан болох хашимитуудыг урьж номлолоо ярьсан боловч нэг их сайн хүлээж авсангүй. Харин түүний авга ах Абу Талибын хамгийн отгон хүү Али “Бурханы элч минь. Би таны туслах больё” хэмээн хэлсэн аж. Мекка хотод Мухаммед амьдарч байхдаа Хира ууланд гарч мөргөл хийн бясалгал хийдэг байв. Мухаммед урьдын адил даруухан амьдарч байлаа. Дараа нь тэр Мединад амьдарч эхлэв.Тэр үед Мухаммедийг хөнөөх гэсэн дайснууд ч байдаг байв. Энэ үед нүүдэлчин омгийн шейхүүд Мединад очиж Мухаммедтай уулзаж ярилцан зөвлөлддөг байв. Тэдгээр нүүдэлчин омгууд ч Исламд орж эхлэв. Мухаммед эдгээр шейхүүдэд хандаж ”Бурхан ганц гэдэгт итгэ. Мөргөл үйлд, Өглөг өг, Одоохондоо та нар өөрсдийгөө мусульман гэж бүү нэрлэ, Одоохондоо та нарт итгэл хараахан төрөөгүй байна” гэдэг байв.

    Мухаммед 628 оны 2-р сард гэнэт өөрийн шашин нэгтэнгүүдэд Аллахын зөвлөснөөр Каабад мөргөл хийхээр явья хэмээн мэдэгдэв. Ингэж анх удаа Кааба бол мусульманчуудын ариун шүтээн хэмээн зарлагджээ.Каабад мөргөл хийх энэхүү аялал нь аюул ихтэй, дайнд хүргэж болзошгүй байсан боловч Мухаммедийн ялалтаар төгссөн юм. Мединаас Мухаммедтай хамт мөргөл хийхээр явсан нүүдэлчид корейшитууд бүгд аз хийморьтой байв. Тэд толгойныхоо үсийг хурц хутгаар хусч мусульман шүтлэгтэн болоод их л итгэлтэйгээр урагшилж байв.Тэд эхлээд Хайбар хотыг эзэлж ихэд баяжив. Фудак хэмээх элсэн цөл дэх баян бүрдийг байлдаангүйгээр төвөггүйхэн эзлэн авав. Олзлон авсан алт, мөнгө, зэвсэг, хувцас, буудай энэ бүгдийг Мухаммед өөрөө биечлэн тэгш хуваан өгч байв. Мухаммед олзолсон бүх эд зүйлээ тав хувааж нэг хэсгийг нь Аллах бурхандаа, хоёр дах хэсгийг өөртөө, гурав дах хэсгийг ах, дүү, болон өнчин ядуу хүмүүст, дөрөв дэх хэсгийг өөрийн эхнэрүүддээ / Мухаммед 13 эхнэртэй байв/ , тав дахь хэсгийг ялалт байгуулахад гавьяа байгуулсан хамтран зүтгэгч мусульманчууддаа өгч байв. Аравийн элсэн цөлийн омгууд энэ үеэс эхлэн Исламд улам ихээр орж эхлэв. 631 оны сүүлч гэхэд Мухаммедийн эзэлсэн уудам газар нутгийн араб омгууд онгон шүтээнээ устгаж бүгд Исламд орсон байлаа. Тэр үеийн Исламын төлөө хийсэн арабчуудын дайн нь юуны өмнө Византий улсын эсрэг чиглэж энэ улсын нөлөөнөөс христиан шашинт арабчуудыг чөлөөлөх зорилт тавив. Энэ үед мусульманчуудын эгнээ хэдэн арван мянгаар өргөжин тэлж улам хүчтэй болж байв. 632 онд Мухаммедийн ганц хүү Ибрагим гэнэт хүндээр өвчилж нас барсан нь Мухаммедийн хувьд сэтгэлийн хүнд уй гашуу болов. Мухаммед “Миний хүү минь. Бид бүгд бурханаас үүсч бурхандаа эргэж очно. Удахгүй би чиний араас очно” хэмээн уйлж байсан гэдэг. Удалгүй Мухаммедийн бие муудаж эхэллээ. Тэр нас барахын өмнө хадж хийх хэрэгтэй байлаа. Мухаммед Каабад мөргөл хийв. Олон мянган мөргөлчид Араф ууланд очих үед Мухаммед сүүлчийн номлолоо хүмүүст айлдлаа.

    Мухаммед: “ Хүмүүс ээ. Та нарын цус бурхантай учрах өдөр хүртэл ариун байх болно. Энэ өдөр, энэ хадж ариун юм. Хүн та нарт тангарагласан бол түүнийг нь буцаа. Бурхан тангараг тавих, мөнгө хүүлэхийг хориглосон. Бусдад бүү шударга бус ханд. Харанхуй бүдүүлэг цаг үед урсгасан цусан өшөөг бүү ав, бөөгийн ёсыг бүү дага хэмээн бурхан хориглосон. Та нар ч бусдыг шүүхгүй. Би ч бусдыг шүүхгүй. Хүмүүс ээ. Бурханд итгэсэн шүтлэгтэн хүн шүтлэгтэн хүндээ ах нь болно. Исламын бүх шүтлэгтэн мусулманчууд ахан дүүс. Ах дүү нар чинь чамд өөрсдийн сайн дураар өгсөн юмыг нь авч бай. Гэмт хэрэг хийсэн бол хэрэг хийсэн хүн хэргийг хүлээнэ, өөр хүн хүлээхгүй. Эцгийн хэргийг хүү нь хүлээхгүй. Хүүгийн хэргийг эцэг нь хүлээхгүй. Шударга үнэнч эхнэрүүдээ хүндэтгэж тэднийгээ сайн хооллож хувцаслаж бай. Зарц боолуудаа сайн хооллож, сайн хувцасла. Тэд буруу зүйл хийвэл зүгээр л тэднээс сал. Бурхан ганц, та нарын эцэг ганц. Бүх хүн шавраар бүтээсэн Адам Евагийн удам. Цагаан арьстан хар арьстан хүнээс давуу бус, хар арьстан цагаан арьстан хүнээс давуу бус. Бурханаас айдаг хүн бол хамгийн сайн санаат хүн. Би та нарт Аллахын номыг үлдээлээ.Энэ номыг баримталвал Үнэний замаас хазайхгүй. Бурхан ганц. Үхэл зайлшгүй.Үхсэн хойноо шүүгдэх нь гарцаагүй.Үүнд та нар итгэ” хэмээн номлолоо айлдав.

    Энэхүү хадж хаврын гуравдугаар сард болжээ. Мөргөлчид Аллах бурхандаа өргөл өргөсний дараа толгойныхоо үсийг хусч энгийн амьдралдаа эргэн орлоо. Мухаммед өөрийн насны тоогоор 63 тэмээ төхөөрч Аллах бурхандаа өргөл барилаа. “Ууцгаа, идэцгээ, баярлацгаа. Аллах бурхан ингэж байна “ хэмээн Мухаммед хэллээ. Өргөлд өргөсөн бүх амьтны махны гуравны нэг нь ядууст ногдсон тул тэд цадталаа идэв.Хадж хийсний дараа Мухаммедийн өвчин намжсангүй. Мухаммед энэ үед мусульманчуудыг хойд зүгт Византий улсын эсрэг шинэ дайнд бэлтгэж байв. Гэвч түүний бие улам муудав. 632 оны зуны 6-р сард 63 насандаа их зөнч мэргэн Мухаммед таалал төгслөө.

    Мухаммедийг таалал төгссөний дараа Абу Бакр арабын анхны халиф боллоо. Абу Бакр нас барсны дараа Омар халиф болов. Омар халиф мусульманчуудыг удирдаж 12 жил дайн хийж Палестин, Сири, Египет, Ливи, Персийг эзэлж иргэдийг нь Исламд оруулав. Ийнхүү Меккагаас гараагаа эхэлсэн Исламын шинэ залуу шашин долдугаар зуунд улам хүчээ аван тэлж өрнө зүгт Марокко, европын Испани хүртэл, дорно зүгт Перс , Дундад ази, Монголын Алтай хүртэл, зүүн өмнө зүгт Энэтхэг, Малайз, Индонез хүртэл, өмнө зүгт Судан, Африк хүртэл хүчтэй дэлгэрч эдүгээ дэлхийн хүн амын нэг тэрбум гаруй хүн шүтдэг дэлхийн хамгийн том шашны нэг болжээ.
    Мухаммед Исламын шүтлэгтэн олондоо Коран судрыг үлдээсэн. Коран судрыг анх бүтээхдээ түүний хэлсэн номлолыг бүрэн оруулахыг хичээсэн. Коран судрыг бүтээх эхний ажил Абу Бакр халифын /632-635/ үед хийв. Харин гуравдугаар халиф Османы / 644-656/ үед Кораныг бүрэн бүтээв. Коран нь 114 бүлэг буюу сураас бүтдэг. Анхны сура “Аль-Фатиха” нь Исламын үндсэн зарчмыг өгүүлдэг. Ийнхүү дэлхийн гурван том шашны нэг Ислам үүсч бэхжсэн түүхтэй. Ислам үүсээд 1400 жил өнгөрсөн ч гэсэн эдүгээ Аравын Мекка хотын ойролцоох Арафат ууланд жил бүрийн хаврын тэргүүн сард олон сая мөргөлчид “Хаж” хийж, зүйдэлгүй цагаан хувцас өмссөн мөргөлчин эрчүүд Каабыг үерийн ус мэт тойрон мөргөлөө үйлдсээр байна. Жил бүр гадаадаас хоёр сая шахам мөргөлчид Меккад ирж “хаж” үйлдэж байна. Олон зуун мал нядалж махыг нь исламын ядуу орны өлсгөлөн иргэдэд онгоцоор илгээж буян үйлдсээр байна. Исламын шашныг дөчин насан дээрээ үндэслэсэн , ард олондоо “бурханы элч” хэмээн алдаршсан Аравын Мекка хотын корейшит омгийн Абдаллахын хөвгүүн зөнч мэргэн Мухаммедийн сургаалийг эдүгээ дэлхийд 1.5 тэрбум хүн шүтэн биширч байна. Исламын шашин араб, дорно дахины олон орнуудад гайхалтай олон сүм мечеть бүтээж, исламын шашны соёлыг нандигнан хадгалж үлдээжээ.Агуу зөнч Муххамед долоон хүүхэдтэй байв. Муххамедийн удам бол орчин үеийн Марокко улсын эзэн хаадууд юм. Орчин үеийн Иордан улсын эзэн хаан Абдалла бол Мухаммедийн 43 дахь үе ажээ. Исламын шашны талаар анх би Азербайжаны их сургуульд Баку хотод оюутан байхдаа сонсож дуулж байлаа. Оюутны нэг өрөөнд амьдардаг Иордан улсаас ирсэн

    Мохаммед гэдэг араб оюутан надад: “Шашин шүтдэг хүн шашингүй хүнээс оюуны санааны хувьд илүү хүчирхэг байдаг юм” хэмээн хэлдэг байв. Исламын шашин шүтдэг араб оюутнууд их ёс зарчимтай байлаа. Тэд худал хэлэхгүй, хулгай хийхгүй, архи дарс амсах ч үгүй байдаг байв. Шүтлэгтэй арабууд Коран судраа нандигнан хадгалж өдөр бүр судраа уншиж, өдөрт маш олон удаа гараа угаадаг байв. Энэ цэвэрч байдал надад таалагдаж, би өдөрт олон удаа гараа угаадаг заншилтай болж билээ.

    Өнгөрсөн зууны ная, ерээд онуудад би дэлхийн том шашнуудын судруудыг харьцуулан уншаад эцэст нь “Бурхад бүгдийн дундаас Будда бурхан дээд. Шажин бүгдийн дундаас Шагжаамуний шажин дээд. Судар бүгдийн дундаас “Ламрим” судар дээд” гэсэн дүгнэлт хийв. Мөн би Марксын “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэсэн дүгнэлтийг худал буруу дүгнэлт байна хэмээн ойлгов. Марксын эцэг нь 19 дүгээр зуунд Германд амьдарч байсан еврей шашны номлогч Мордехей гэдэг хүн байв. Марксын шашны тухай тодорхойлолт тэр үед Германд дэлгэрсэн католик шашныг л хэлсэн бололтой. Гэтэл манай монголчууд улаантнуудын ухуулгаар Маркс бүх шашныг мунхруулга хэмээн хэлсэн гээд дэлхийн бүх шашнуудыг сайн судалж учрыг нь ололгүй түүний үгэнд сохроор итгэчихсэн байгаа юм. Монголчууд өөрт байгаа алтан сахиусаа харалгүй, бусдын зүүж явсан төмөр сахиусыг шүтсэн гэсэн үг л дээ. Тэгээд би Бурханы шашны талаар “Бурханы шашин бол Хамаг амьтныг авран гэгээрүүлэгч оюун санааны охь манлай мөн” гэсэн дүгнэлт хийв. Энэ бол хэн нэгнийг аль нэгэн шашинд оруулах гэсэн ухуулга биш. Зүгээр л судар ном их уншсан жирийн нэгэн монгол сэхээтний чин сэтгэлийн үг юм шүү. Ийнхүү би шашны тухай бодлоо уншигч та бүхэнтэйгээ жаахан ч гэсэн хуваалцлаа. Хүн бүр шашин шүтэх эрхтэй, шүтэхгүй байх эрхтэй. Дахин хэлье. Шашин бол мунхруулга биш. Шашин бол сургаал юм шүү. Эрхэм уншигч Танд аль нэг шашныг өөрийн оюундаа тунгааж сонгоод тухайн шашиндаа чин сэтгэлээрээ сүсэглэж Амар амгаланг олохыг ерөөе.

    Доржийн СҮХБААТАР

    2023.01.03

    Ашигласан ном зүй

    Жадо римбүүчий, Бодь мөрийн зэргийн бясалгахуйн хөтөлбөр, 2011 он, УБ хот
    Д.Сүхбаатар, “Бурхан -Хүмүүн ертөнц” ном, 2005 он, Улаанбаатар хот
    Д.Сүхбаатар, “Гэгээрэл” ном, 2018 он, Улаанбаатар хот
    Д.Сүхбаатар, “Алтан сургаал” ном , 2022 он, Улаанбаатар хот
    “Настольная книга атеиста” , 1980, Москва
    “Наука и Жизнь” сэтгүүл 1985-1990, Москва

  • ҮЗМЭРЧ Л.НЯМАА: ЛУС БУРУУ ҮЙЛ ХИЙСЭН ХҮНИЙГ ҮНЭРЭЭР НЬ МӨШГИЖ, ГЕНЭЭР НЬ ХОРЛОДОГ

    8 төрлийн лус байгаагаас ерөнхийд нь 3 лусад хуваадаг.
    Хар лус – Бүх уул хайрхад, мод чулуу газрын эзэн тэнгэр
    Цагаан лус – Газар дээр оршигч бүх ан амьтдын эзэн тэнгэр
    Хөх лус – Булаг шанд, гол мөрөн далай тэнгис болон түүнд оршин амьдрагч бүх амьтдын эзэн тэнгэр
    Лус хүнээ хэрхэн олж шийтгэдэг вэ? Лус буруу үйл хийсэн хүнийг үнэрээр нь мөшгих ба генээр нь олж хорлодог. Тиймээс лусын хорлол нь удам дамжах аюултайгаас гадна тухайн хүнийг өөрийг нь биш юм аа гэхэд үр хүүхэд эцэг эх аль нэгий нь тарчлаан шийтгэнэ. Манай удам ийм өвчнөөр үхдэг, тийм өвчнөөр өвчилдөг гэдэг нь үүнтэй холбоотой байх нь.
    Хар лус- Очсон газрынхаа уул овоо, мод чулуу, газар шороог зүй бусаар хөндөж онгичвол хар лусыг хилэгнүүлнэ. Хүний 5 цул эрхтэнг голчлон барьж өвчлүүлнэ.
    Цагаан лус- Ан амьтан, үр төл, мөн ганцаар яваа амьтан ба содон зүстэй ан амьтан агнах зэрэгт цагаан лусын хорлолд өртдөг ба энэ хорлол нь голчлон тухайн хүний бие эрхтэнг тахир дутуу болгох хараалтай.
    Хөх лус- Булаг шанд, гол мөрөн, нуур далайн усанд элдэв бохир бузар оруулах, түүнд амьдардаг амьтдыг зүй бусаар агнаж хороох зэрэгт хөх лусын хорлолд өртөнө. Хөх лусын хорлол нь усан хаван, бөөрний талын өвчин, арьсан дээр элдэв тууралт, яр, шарх гарах зэргээр илэрнэ.
    Шинж тэмдэг: Лусын хорлолд өртсөн хүмүүс нь эмчилгээ домчилгоо хийлгэвч эдгэрч өгөхгүй, шинжилгээнийх нь хариу гарч өгөхгүй элдэвлэн зовооно. Мөн сонин дүрст амьтан, ус, мод, уул зүүдлэх, хавар намрын цагт өвчин нь идэвхжих зэрэг нийтлэг шинж тэмдэг үзүүлдэг байна.
    Лус савдгийн хараал, хорлолд өртөхгүйн тулд бид юу хийх ёстой вэ? Юуны өмнө байгаль эхтэйгээ бид хүйн холбоотой учраас байгаль дэлхийдээ зүй бус сэтгэлээр хандахаас бүх зүйл эхлэнэ.
    Хүмүүсийн ихэвчлэн хийдэг уршиггүй үйлдлүүд: Хог хаягдалаа зүгээр л хаян, газар ухах, шороо чулуу хөндөх, газраас чулуу хамаагүй авч явах, модны мөчир хугалах, тайрах, навч цэцэг санаатайгаар олныг тасдах, уул хайрхадын овоон дээр гарч архи уух, эр эмгүй бие засах, хэрүүл зарга хийх, хараалын үг хэлэлцэх, овоо тахилга болон ургаа модонд өргөл барьц өргөж байна гээд элдэв хадаг торго уях, мөнгө тавих, уусан архины шил, савтай сүү, архи орхих, таяг, машины жолооны бүрээс тавих, байгальд үл шингэх элдэв эд зүйлс өргөх учир нь хэсэг хугацааны дараа тэд хог л болж үлдэнэ. Ан амьтдыг үй олноор нь устгаж агнах, үр төлтэй амьтан болон содон зүстэй амьтад, ганц нэгээр яваа амьтан хөнөөх, тэр тусмаа лусын амьтан болох могойг алах, шувууны өндөг, үүрийг авч гэртээ тавьж элдэв гоёонд хэрэглэх. Гол, булаг шанд, нуур далайд шүлс, нус цэрээ хаях, бие засах, урсгал усанд улаан цагаан өнгийн идээ ундаа хийх болон цус дусаах /хүнсний махыг хүмүүс голд хийж хадгалдаг, миний бодлоор шүүрсийг нь урсгал усанд урсгахгүй байхаар бодолцож уутны амыг сайн боох хэрэгтэй/Голд элдэв хог хаягдал хаях, машин тэргээ угаах зэргийг цээрлэвэл зохино.
    Лус савдаг хангай дэлхийдээ хэрхэн өргөл өргөх вэ? Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх нь эртний уламжлалт зан заншил юм. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйлс өргөнө. Ингэхдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Юунд өргөх байна түүнийгээ дуудах. Хэн өргөж байна өөрийгөө таниулах. Хүсэл зорилгоо хэлэх гэсэн дарааллаар өргөдөг.
    Жишээ нь: Уул усандаа өргөл өргөхдөө “Хан их хайрхад, хатан их лусад минь ээ. Могой жилтэй …… би идээ цайныхаа дээжийг өргөж байна аа. Гал голомт үр хүүхдийг минь ивээлдээ авч хайрлана уу гэх мэт. Зэрэгцээ орших ертөнцийн тоо тоомшгүй олон энергийн урсгал дунд бид амьдарч буй. Тийм учраас өөрийн өргөж байгаа лус савдгаа болон буурал дээдсүүддээ хандан дуудаж өргөхгүй бол таны өргөл нь болох болохгүй завсрын сүнснүүдийг эрчимжүүлж сохор өргөл болох тохиолдол бий. Өргөл өргөхдөө, уул хайрхадын овоо тахилганд очихдоо богино өмд, богино ханцуйтай цамц, углааш өмсөж очвол нүцгэн очиж байгаатай ялгаагүй байдаг. Ер нь монгол хүн өвөг дээдэс, өндөр хүндэтгэлтэй хүмүүнтэй золгохдоо хөлдөө гуталтай, биедээ хувцастай, толгойдоо малгайтай золгодог ёс бийг сана. Энэ ёс нь уул хайрхадын овоонд гарах, уулын оройд гарах, элдэв тахилгад оролцох, өргөл өргөх зэрэгт мөн хамаарна.
    Фэйсбүүк хаяг: Uzmerch Zasalch Nyamaa
    Холбоо барих утас: 88108825