Category: Нийтлэл, ярилцлага

  • БЯМБАДОРЖ ЗАЙРАНТАЙ ЯРИЛЦЛАА.

    МБНЭ-ийн тэргүүн Д.Жаргалсайхан “Монголын минь нүүдлийн соёлын хэсгийн тасархай болсон бидний бяцхан өргөөнд АНУ, БНАСАУ зэрэг 10-аад улсын Элчин сайдууд зочилж, хүндэтгэл үзүүлж, хүрэлцэн ирж танилцлаа.
    1990 оны үед насанд хүрсэн хүн амын 1 хувь бөө шүтлэгээ шүтдэг байсан бол өнөөдөр 14 хувь болтол өссөн байдаг.
    1990 онд Монголд ялсан ардчилал бидэнд хүний эрхийн үнэт зүйл, шашин шүтэх эрх чөлөөг олгосон юм. Ардчилсан өөрчлөлтийн үр дүнд бид шашин шүтэх эрх чөлөө, хүний эрхийн олон амжилтад хүрсэн.
    Сүүлийн жилүүдэд монголд тэнгэр үзлийг гол тулгуур болгосон олон байгууллага үүсч хөгжиж байгаа нь бөө мөргөлд чухал ач тустай юм.
    Тэнгэр үзлээ шүтдэг, бөө мөргөлөө дээдэлдэг улаач нар 2012 онд МБНЭ байгуулж, тэр үеийн олон бөөгийн байгуулагууд нэгдсэнээс хойш цөөнгүй жил өнгөрлөө. 2013 онд батлагдсан “Монгол бөөгийн ёс зүй”-г хэрхэн мөрдөхөөс эхлэн бөөгийн байгууллага, галууд эргээд тархай байдалд шилжсэн. Цаг үе хувьсан өөрчлөгдөж байна.
    Бие даасан байгууллага, төв байх гэсэн, өөрийн дэг жаяг, онцлогоо авч явах гэсэн, тамга тэмдэгтэй төрийн бус байгууллага олноор бий болж, цаг үе, сорилыг дуулж явна. Энэ бол зайлшгүй туулах зам юм. Тодорхой хугацааны дараа нэгдэх гэж оролдох болно. Тэр хүртэл багагүй цаг хугацаа хэрэгтэй харагдаж байна.
    Тиймээс нэгдэх тухай бус, харин Зөвшилдөх уулзалтын механизмтай байх шаардлага урган гарч байна. Үүнд бас бэлтгэл ажил хэрэгтэй юм. Үүнийг зохион байгуулахад дэмжиж ажиллах хүсэлтийг” Монгол бөөгийн дархан зайран, Бямбадоржид уламжлалаа.
    Монгол бөөгийн дархан зайран, Бямбадорж саналыг талархан дэмжиж байгаагаа хэллээ.

  • ХУВЬ ЗАЯАНЫ ТӨӨРӨГ /ЖУРМЫН НӨХРИЙГ ДУРСАХУЙ/

    4 шуудай түлээ нүүрс аваачиж идэх хоол будаа боов цайны сүү дугтуйтай мөнгө тэргүүтнийг хүргэж өгч ихэд баярлуулав. Хэдэн сар ч юм бүү мэд огт гал түлээгүй байсан мөсөн хонгил гэрийг нь галлаж цай чанаж түүний баялаг түүхтэй сонирхолтой хууч яриаг дүрсжүүлж авч үлдэв. Гэрт нь ширхэг ч мод түлээ байсангүй Идэх юмны үртэс ч байсангүй бүх зүйл хөлдүү савтай ус нь хөлдчихсөн байж байх юм. Гурван есийн жавар тачигнасан ид хүйтэн байсан тул аргагүй байлаа. Тэрээр баяралсанаа илэрхийлж байн байн нулимс дуслуулав.Түүний амьдрал тэр чигээрээ түүх, баялаг намтар ажээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр хуучинаар МАХНТХорооны Улс Төрийн Товчооны гишүүн Түмэнбаярын Рагчаа агсаны өргөмөл хүү байлаа. Иргэний үнэмлэх дээрхи овог нь яах арагагүй тэр хүний нэрээр дурайж байх юм. Тэрээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Алтан гэдас одон Нийслэлийн хүндэт иргэний тэмдэгээр шагнуулж байжээ. Бас Ардчилалын 25 жилийн ой МАН ын 90 жилийн ойн медаль байх ажээ. Нийслэлийн хүндэт иргэний тэмдэгийг нь нэгэн найз нь түр гуйж зүүхээр аваад явсан ажээ. Амралтанд явахад хэрэг болдог гэнэ. Тэр найз нь түүний нэртэй ижил нэртэй нэгэн ажээ. Одон медалийг нь энгэрт нь зүүж зураг хөргийг нь авч хүндэтгэл үзүүлэв. Тэрээр бас халааснаасаа 100 граммын шилтэй “Хараа” архи гаргаж биднийг ёс болгон сэтгэлээсээ дайлав. Пан азийн аварга Лхагва болон нэр хүнд бүхий хүмүүстэй авхуулсан зураг хөрөг бусад шагнал дипломоо үзүүлэв. Хэдэн жилийн өмнө гэр нь шатаж өмссөн хувцастайгаа л үлдсэн гэнэ. Тэгэхэд хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одон бусад зураг хөрөг дурсгалтай бүх зүйл нь шатаж үгүй болжээ. Цахилгааны массаас болж гэр нь шатсан гэнэ.

    Төрөхдөө ганцаараа төрсөн одоо ч ганцаараа байгаа тэр эр хэдийнээ 75 насыг зооголжээ.Та энэ хүйтэн гэрт яаж амьдарч байнаа ? гэхэд Харин ингээд л сурчихсан юм өөр хаана амьдрах вэ гэж хариулав. Ширхэгч түлээ алга байна ш дээ Харин тиймээ Би хөлдүү мөсөн гэртээ орой ирээд шууд хувцастайгаа хөнжилд шургаж орж унтаад өглөө хувцастайгаа гараад явдаг юм гэж байна . Залуудаа нэгэн польш бүсгүйд сэтгэл алдарч явсан ч бүтээгүй гэнэ. Хэн нэгэнтэй гэр бүл болж явсангүй иймээс үр хүүхэд алга. Гэрээ шатсаны дараа өнгөрсөн жил энэ оромжийг тэтгэврийн зээл авч байж 800 мянгаар худалдан авчээ. Ингээд өнөөдрийг хүртэл тэтгэвэр авахгүй байгаа аж. Харж хандах ганц ч хамаатан садан үгүй тэрээр орь ганцаар ажээ. Өдөр нь сонин борлуулж цөөн хэдэн төгрөг олж авдагч өдөр нь хоолны газар хоол аваад үрээд дуусдаг ажээ. Хаанаас хэрхэн яаж өргөж авсан тухайг нь яриулав. Хэрхэн МАХН-ын Улс Төрийн Товчооны гишүүн эрхэмийн өргөмөл хүү болсон түүх сонирхолтой байлаа. Түүний нэрийг Рагчаагийн Эрхэмбаяр бөгөөд тэрээр Солонгос үндэстэн.
    Солонгос Японы дайнд эцэг нь алуулаад хойд солонгосын цэрэггүй бүсэд бас дайны талбарт эх нь буудуулж унаад амьсгал хураасан байхад нэг настай бяцхан хүү өөрөө шархтай хэдий ч цусанд хутгалдаж амь тавьсан эхийнхээ хөхийг үлгэж байхад нь орос цэргүүд олжээ. Тэгээд алс дорно Гулаг Олтригт аваачиж эмчилжээ Тэрээр гэдсэндээ байгаа бууны шархыг тэрээр үзүүлэв. Толгойдоо байгаа шархыг бас харуулав. Их бууны дэлбэрэлтийн шарх гэнэ. 1945 онд монголд төмөр зам анх тавигдаад нээлт хийж Сталины зургийг толгойдоо байрлуулсан анхны галт тэрэг монголд орж ирэхэд тэр галт тэрэгээр цор ганцаараа нялх хүүхэд монголд ирж асрамжийн газарт хүргэгджээ. Түүний дараа манай нам төрийн зүтгэлтэн Рагчаа гуай өргөж авч өсгөж хөмүүжүүлсэн аж. Ийм болохоор мэдээж түүний бага нас эрх ямба тансаглал дунд өсөн торнижээ.Одоогийн Кубын элчингийн байранд томцуултай айл саахалт өсжээ Тэрээр өсөхийн жаргал жаргал бишээ хэмээн ярив Нам төрийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн үр хүүхдүүд ялангуяа том Сүрэнжавтай нь дотно хамт тоглож өсжээ. Хар тэргэнд сууж эрхэлж тоглож эрх ямба эдэлж дээдсийн зиндаанд өсөж хүмүүжиж хүн болжээ. Гэхдээ тэр түүхээ их дэлгэрэнгүй ярьж олонд дэлгэхийг хүссэнгүй. Залуудаа тэр НАХЯаманд эх орныхоо төлөө алба хашиж байжээ Олон ч байгууллагад алба хашиж явж. Гадаад орнуудад ч их явж байж Одоо тэрээр бэлтгэл дэд хурандаа цолтой ажээ. 1990 оны ардчилсан хувьсгалд оролцож МоАХ болон Шинэ Дэвшилт Холбоонд элсэж дэмжиж ардчилалын төлөө зүтгэсэн олон мянган гишүүдийн нэг байсан тул тэрээр ажил албанаасаа хөндийрч холдожээ Гэр нь шатахад түүний хувийн амьдралын дурсгалт юм бүхэн шатаж устсан байна. Тэрээр С.Эрдэнэ даргын дэмжлэгээр Баянгол дүүргээс Батсүмбэрийн асрамжийн газар нэг одоо хүргэгдсэн авч тэндээсээ оргожээ.
    Сайн эр тэрээр мэдээж балгадаг байсан Ойрд уухгүй байгаа хэмээн тэрээр ярих ажээ Үүнээс болж нам төрийн зүтгэлтний өөрийн нь үр хүүхдүүд хамаатан садан нар зайгаа бариж тэрээр орь ганцаар тэнүүчлэх болсон байж магад Тэрээр биднийг автобусны буудал хүртэл гаргаж өгөөд баяралснаа байн байн илэрхийлж байсан авч хэн нэгэнтэй уулзахаар яаравчлан өөр зүг тийш яваад өгөв. Уг нь гэр нь одоохондоо дулаахан байгаа идэх хоол ч байгаа. Уулзаж учирдаг үе тэнгийн хөгшин байдаг юм бол уу гэж бид тааварлав. Яагаад гэвэл халаасанд нь дугтуйтай мөнгө байгаа. Үе тэнгийн хир таарсан эмгэн байдаг тухайгаа ч цухас дурьдаж байсан. Өөрт нь бас буруу байгаа л байх Улс төрийн хүчин төр засгаас бага сага дэмжлэг авч байсан бололтой. Ер нь Монголын нийгмийн өнөөгийн дүр зураг гэж ийм буюу Хүний хувь төөрөг тавилан гэж бас ийн буюу. Далан таван настай тэрээр хаа очиж бие сайтай нь ажиглагдав. Мань шиг юм ингэж амьдарвал аль хэдийнээ чад болсон. Хэн нэгэн эрхэм, төр засгийг харааж зүхсэнгүй Цор ганцаараа тэрээр өөрийн гашуун хувь заяатайгаа үүрд эвлэрчээ. Тэрээр өөрийн энэ амьдралаа олонд дэлгэрэнгүй дэлгэхийг хүсдэггүй юм байна. Ялангуяа аав Рагчаа гуайн тухай бага дурсав. Аавыгаа дотроо хайрлаж хүндэлж байснаас тэр байх. Хоёр улсын хоорондын харилцааны асуудалд сэв үүсэж магадгүй ч гэж өөрөө боддог бололтой. Түүний дүрстэй бичлэг яриа надад одоо болтол хадгалагдаж байдаг. Ингээд би энэ хүний тухай Face book хуудаснаа бичсэн Сайн санаат хүмүүс минь нэг удаа ч юм уу түүнд туслахад юуны буруу байхав туслаж дэмжээч, хэмээн уриалж бичсэн Зохиолч найруулагч Төрмөнх надруу холбогдож энэ хүний тухай баримтат кино хиймээр байна Херо Баатартай холбож өгөхөөр санаа гаргаж байлаа. Дараа нь сураггүй болсон. Ингээд монголчуудад минь сайхан сэтгэл халуун зүрхтэй хүн чанар нь гэрэлтсэн сайн хүмүүс арвин олон билээ. Тэдний нэг бол “Буянт Ээж” эмнэлгийн дарга Б.Наранцэцэг эмч юм тэрээр надтай холбогдож тэр хүнээ надруу явуулаач….. Би эмнэлэгтээ авч хэвтүүлж эмчилэе, асарая, өргөе хэмээн хүсэлт гаргасан Би Эрхэмбаяртай холбоо тогтоож тэр эмнэлэгрүү хүргэсэн Нараа эмч халуун дотно хүлээн авч ус цасанд оруулж хувцас хунарыг нь сольж үсийг засаж 20 гариу хоног асарч сувилсан Их сайхан болсон Улмаар эмнэлгийнхээ дэргэд хөнгөн ажил хийж тэндээ амьдрахыг санал болгож байлаа Тэрээр Эрхэмбаярын тухай дурсаж надад хэлэхдээ сэтгэл сайтай яриа хөөрөөтэй, амгалан хүн байна хэмээн надад магтаж байсан Гэсэн ч тэр хувь тавилан зургаа дагаад нэг л өдөр яваад өгчээ. Хаяа нэг эмнэлгээр үзэгдэж эмчилгээ сувилгаа авдаг байсан гэсэн Тэгэсхийгээд сураг тасарсан Надад ч сураг тасарсан надтай тааралдахаа больсон. Нараа эмчид ч олдохоо больсон Жил хагасын дараа Наранцэцэг эмч түүнийг тэнгэрт хальсаныг хаанаас ч юм сурагаар олж мэдсэн байсан. Хэрвээ тэр хүн хүсэлт гаргаад өөрийн эх орон хойт Солонгостоо очсон бол тэнд хүндэтгэлтэйгээр хүлээн авч тэндээ үлдсэн амьдралаа дуусгах боломжтой байсан байж магад Гэвч зүрх сэтгэл нь монголд татагдаж монгол хүн болж бас ч болоогүй монголын шудрага нийгмийн төлөө тэмцэж зүтгэж явсан юм. Ингээд тэр Монголынхоо хөрсөнд шингэж алга болсон Ийм нэгэн хувь заяаг би санаж сайн нөхрөө эргэн дурсаж үсэг тэрэллээ /Надад хань болж эргэж очсон журмын нөхөр Дамдинсүрэн Пүрэвжал нарынхаа нэрийг энд бас дурьдая/ Зураг дээр Наранцэцэг эмч Эрхэмбаяр болон түүнийг Монголд авчирсан анхны гал тэрэг Мөн Солонгос хүүхдүүд монголын асарамжийн газарт байгаа зураг
    Altangerel Gombo
    ·

  • ВЬЕТНАМААС НУТАГТАА ГҮЙЖ ИРСЭН МОНГОЛ АЗАРГА

    Төдөлгүй дарга нар ирж тус хорооноос 300 орчим цэргийг ялган гаргаж үнэмлэх бичиг шийтгэж олгон монгол дээл өмсгөн төмөр замын буудал дээр авч ирээд Вьетнам уруу бэлгэнд явуулж байгаа адуу хүргэх тушаал өгчээ. Арваад вагонд дүүрэн адуу ачсан байх бөгөөд нэг вагонд дунджаар дөч тавиад адуутай. Вагон бүрт 7-8 цэрэг хуваарилагдан өвс усыг нь өгч 7 хоног явахад Халзан гуайн хариуцсан вагонд аргагүй л нүдэнд туссан хур дэлтэй, урт сайхан сүүлтэй, тэгш дүүрэн хондлойтой, өндөр сайхан хүрэн халзан морь явсан. Харин нөгөө вагонд нэг сайхан хар хүрэн азрага явна гэж цэргүүд ярилцаж байлаа. Тэр хоёр морийг цэргүүд шагшин магтаж хайрлан өрөвдөж моринд хайртай буриад цэрэг Төгсөө гэдэг ийм сайхан амьтдыг юунд ингэж хүний нутаг руу явуулж байдаг юм болдоо гэмээн нулимс унагаж байсан гэдэг.

    Тэр хоёр морь вагон дотор хажуу дахь морьдоо хазаж хайрч тас тангаран амьтан хүн ойртуулахгүй уурсан догширч байсан бөгөөд тэдэнд өвс тэжээл өгөхөд хаалгаар өгөх аргагүй тул цонхоор л өвс тэжээл хүрздэн өгч явсан ажээ. Ингээд эцсийн зогсоол дээр ирэхэд Вьетнамчууд морьд хүлээн авахад бэлтгээд төмөр замын буудлыг өндөр хашаа барьж битүү торлон хамгаалаад буудал дээр буусан адууг шууд тэр торон хашаанд оруулаад цааш нарийн хоолойгоор дамжуулан авахаар тохируулан бэлтгэсэн байжээ. Буудал дээр ирээд морьд буулгахаар вагоны хаалга нээхэд нөгөө хээр азрага, хүрэн халзан морь хоёр хамгийн түрүүн үсрэн буугаад хээр азрага хамраараа салхи татан хэд хүчтэй агаар сорон үнэрлэснээ тэр өндөр торон хашаан дээгүүр хүрэн халзан морьтой хоёулаа харайн гараад тэр их битүү ой шугуй руу шурган алга болжээ. Хүмүүс хойноос нь хөөцөлдөөд хүрэн халзан морийг нь барьж ирсэн боловч хар хүрэн азаргыг нь барьж чадалгүй алдчихсан гэдэг.
    Гэтэл 1961 онд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас тусламжийн агтанд явуулсан адуунаас нэг хар хүрэн азарга 1963 онд нутагтаа гүйж ирсэн нь монгол түмнийг бишрээсэн хайрлам үйл явдал болж билээ.
    Уг морины эзэн адуучин эр нэг өглөө адуугаа хураахаар хүрээд иртэл адууны захад нэг сарлагийн тугал шиг бөөдийсөн хар юм хэвтэж байж гэнэ. Яваад очвол 3 жилийн өмнө вьетнамын дайнд илгээсэн өөрийнх нь хар хүрэн азрага ижлийнхээ дэргэд ирчихсэн хэвтэж байж. Хамаг бие нь шарх сорви болсны дээр эцэж тураад арьс яс болсон амьтан эзнээ дөхөн очиход толгойгоо өргөн үүрсэж байсан гэдэг. Эзэн нь үүнийг үзээд өөрийн эрхгүй бууж толгойг нь тэвэрч аван уйлж байжээ. Ёстой тураг шувуу нисэж үл хүрэм туурайт хүлэг туулж үл барам тэр хол газраас олон ус мөрөн гатлан, олон улс гүрний хил давж, замын хүнд баригдан тушигдан хүлэгдэж чоно нохойд хөөгдөн шарх сорви олсон ч зөвхөн нутагтаа гүйж ирж чаддаг чанар гагцхүү гайхамшигт монгол адуунд л байдаг байна. Энэхүү азаргыг тухайн үеийн Улаанбаатар хотын захиргаа худалдан авч гүү хураалган Богд ууландаа дархлан тавьсан билээ…
    Хаянхярваа Хаянаа

  • БИ МОРИНДОО “БҮРГЭД” ГЭЖ НЭР ӨГСӨН

    Хүрэх газар хол, дайн ийм ширүүн байдаг, эд ер нь яадаг бол” гэж анхандаа итгэл муутай байлаа. Цэргүүд бид омголон морьдоо номхруулах гэж ёстой хөглөдөг байждээ. Аргаа ядахдаа нүдрүү нь даавуу унжуулж байгаад унадаг байлаа. Гэтэл энэ арга маань улам аашийг нь хөдлөгдгийг даруй мэдээд больсон.
    Манай ангид шинээр цэрэг ирээд моринд эрэмгийгээ ярьж, яаж ч булгихад нь унадаггүй гэж гайхуулахад нь бид догшин Монгол мориноосоо өгнө. Тэгээд л нөгөө цэрэг хэд Ог л хайрайхад нь ойчоод амаа асуулгадагсан. Манай байлдагчид удалгүй Монгол морины сайн талыг нь мэдсэн юм. Монгол морьд их чадалтай, тэсвэртэй, ухаалаг, эзэндээ ээлтэйгээрээ хосгүй. Түүнийг өөр үүлдрийн ямарч мориор сольж үл болох сайн хүлэгүүд байсан юм шүү.
    Өөр үүлдрийн морьдыг их бага гэмтэлийн учир хичнээн ч сольдог байлаа даа. Харин ах дүү Монголын ард түмний илгээсэн морьд л шарх гэмтэл сайн даадаг багаханыг нь тоодоггүй явдагсан. Би өтгөн дэлтэй хээр морь унаж байлдаж байлаа. Анхандаа ч ааштай л адуу байсан. Гэсэн ч Орос цэрэг, Монгол морь хоёр удалгүй дасалцаж эзэн унаа хоёр болсондоо. Жижигхэн биетэй, Дүрлэгэр нүдтэй, Толгой доортой сайхан морь байсандаа. Би мориндоо “Бүргэд” гэж нэр өгсөн. Бүргэд өөр хүнд хажиг ааш муутай мөртлөө намайгаа дуугаар бүү хэл шүгэлдэхэд л таньдаг болсон байж билээ.
    Тэнгэр ямар ч таагүй муухай байлаа гэсэн замгүй газраар явах, шөнийн харанхуйд давхих, явж болохгүй газар, гаталж болохгүй намаг балчигийг мэдрэх чадвараараа Монгол морьд бидэнд гайхагдаж байлаа.Унасан хүлэг нь ухаантай,хурдтай, чадалтай байсан учраас анги Цэрэг бид Командлалынхаа даалгаварыг амжилттай биелүүлдэг байсандаа. Монгол морьд бас усч шүүдээ. Толгойгоо өлийлгөс хийн нүд хамрын нүрээ цухуйлгаад л хөвдөгсөн. Намагт живээд далдарвуу гэтэл гараад л ирдэгсэн хэмээн байлдаж явсан үеээсээ дурсаж бичсэн байдаг. Эх сурвалж: Гайхамшигт Монгол адуу

     

  • ЁС СУРТАХУУН ХҮНД

    Ёс суртахуун нь ёс зүйн ухааны судлагдахуун, хүнд байх учиртай, төлөвшүүлэх ёстой сайн сайхан чанаруудын нийлбэр цогц тул хүний ёс суртахууны тухай ярихдаа ёс зүй хэмээх шинжлэх ухааны нэрийг хэрэглэж, ёс зүйтэй хүн, ёс зүйгүй ажилтан гэх нь буруу юм. Ингэхийн оронд ёс суртахуунлаг хүн, ёс суртахуунгүй багш хэмээн хэлж ярьж, бичиж хэвших нь зүйд нийцнэ. Хүнд ёс зүй төлөвшихгүй, харин ёс суртахуун төлөвшинө, хүн ёс суртахуунтай байхаас биш ёс зүйтэй байхгүй. Хэн нэгнийг ёс зүйтэй хүн гэх нь ёс зүйн шинжлэх ухаантай хүн гэж байгаа хэрэг болно. Харин “ёс зүйн дүрэм” гэж хэрэглэж болох. Хүмүүст тавигдах ёс суртахууны шаардлага, мөрдөх зарчим, хэм хэмжээг тодорхойлон тогтоодог, сахиулан мөрдүүлдэг хүн ёсны хууль тул ийн нэрлэдэг.
    – Улс орны хөгжлийн эх үүсвэр бол ёс суртахуунтай иргэдтэй болох

    Академич С.Нарангэрэл:

     

  • СЭТГҮҮЛЧ Н.ДУЛАМСҮРЭНГИЙН Н.НАГААНБУУТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА.

    Мөнх тэнгэрийн хүчний түүх гэж байхгүй. Энэ бол монголын түүхийн гүн ухааны асуудал. Түүхийн гүн ухаан гэдэг нь тэр түүхийг яаж бүтээсэн, яагаад гэсэн асуултанд хариулагдах тусгай шинжлэх ухаан. Гүн ухааны түүх гэвэл гүн ухаан тэдэн онд үүссэн гээд эхэлнэ. Чингис хааны тухай түүхийг үнэхээр мэдье гэвэл тухайн үеийн агуу их үйл хэргийг яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэгж чадвал мөнх тэнгэрийн хүч гэдэг агуу том ойлголт гарч ирнэ. Тухайн үед агуу их зоригтой хүмүүст хурдтай морь, эрэлхэг зориг тус болсон л байх. Гэхдээ хамгийн гол түүнийг нэгтгэж зоригжуулсан зүйл нь мөнх тэнгэрийн хүч. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь одоогийн яриад байгаа шиг далд хүч биш. Бас бөө мөргөлийн юм ч биш. Энэ бол монголчуудын бөө мөргөлийн төр түмэнтэй холбогдсон агуу их үзэл санаа цэцэглэн хөгжсөн 13-р зуунтай яах аргагүй холбогдоно. Мөнх тэнгэрийн хүч гэдэг нь өвөг дээдсийн ой санаа, ухаан түүний удамшил юм. Эцэг тэнгэр, мөнх тэнгэр гэж ярьж байгаагийн цаана эх байна. Эх байгаа учраас эцэг гэдэг асуудал гарч ирнэ. Эх нь энэ дэлхий. Үр нь хүн гэх юм бол монголчууд. Тэгэхээр мөнх тэнгэр гэдэг бол эцэг талдаа ихээхэн хамаатай. Түүний аугаа их балар дахь дээд үеэс удамшсан ой санаа гэж ойлгох ёстой. Тухайлбал бага насны хүүхэд дөнгөж хөлд ормогцоо тоодогноод чулуу шидэх гээд байдаг. Тэр нь чулуун зэвсгийн үеийн сэрэл сэтгэхүй тухайн үйлийг хийлгэж байж магадгүй. Өөрөөр хэлбэл бүхий л хүмүүсийн тархи толгойд өвөг дээдсийн маань бүх мэдээлэл хадгалагдаж байдаг. Тийм учраас уггүй хүн, хаггүй хад байдаггүй гэсэн үг байдаг. Энэ нь бүх хүн түүнийг сэрээх бололцоотой гэсэн үг. Гэтэл өнөөдрийн хүмүүс ийм зүйлийг мэдэхгүйгээсээ болоод аугаа дээдсийн тэр их мэдээллийг сэрээх нь байтугай өөрийнхөө толгойг сэрээж чадахгүй байна. Элдвийн хэрэггүй мэдээлэлд дарагдсаар байгаад насаа өнгөрөөж байгаад харамсаж байна.
    Монголчууд аливаа нэг зүйлд хэт туйлшраад байгаа мэт санагддаг?
    Түүхэн үнэн гэж нэг зүйл байдаг. Би туйлшрал гэж үзэхгүй байна. Мэдэхгүйн хар гайгаар соотон халтар чимээнээр гэдэг шиг юм болоод байна. Сүүлийн үед төр засгаас шашинжсан шийдвэрүүдийг их гаргаж байна. Тухайлбал цагаан сараар 3 хоног баярладаг болно гэж байгаа юм. Гэтэл цагаан сарын баяр тэмдэглэдэг өдөр нь Төвдийн шарын шашныг үндэслэгч Зонхов Лувсандагва ламын нас барсан өдөр. Энэ мэтчилэн шашны зан үйлийн өдрөө мэдэхгүйгээсээ болоод хачин шийдвэр гаргаад байна. Төвд ламын нас барсан ойн өдрөөр монголчууд яагаад золгодог юм бэ гэж зарим хүмүүс асуудаг. Энэ бол эргэцүүлэх ёстой, үнэн бодомж. Нөгөөтэйгүүр шашин шүтдэггүй хүмүүс монголд олон байгаагаас гадна Баян-Өлгий аймгийн Казах иргэд Мусалман шашинтай, мөн Христийн шашинтангууд байна. Гэтэл тэр хүмүүс яагаад баярын 3 өдрөөр хийх юмгүй байж байх ёстой юм. Энэ бол мэдэхгүйн балаг. Би үүнийг туйлшрал гэж бодохгүй байна.
    Сүүлийн үед айл бүр л бөөтэй боллоо. Энэ туйлшрал уу?
    Айл бүр нэг бөөтэй боллоо гэж яриад байгаа нь туйлшрал гэхээсээ илүү уг удамшсан мөнх тэнгэрийн гэж яриад байгааг нь шинжээд, тэмдгийн соёлд буулгахдаа мөнх тэнгэр гэж энгүй их уудамтай зүйрлэсэн. Тэр дохио чанарыг үл ойлгосон хүмүүс идтэй шидтэй юм болж байна, юм тааж хэлдэг юм байна, хүн эмчилдэг юм байна гэж бодоод хэнгэрэг барьж аваад цохиод байдаг. Үүнийг сэрээдэг технологи байдаг. Өөртөө таарсан юм сэрдэг байхгүй юу. Тухайн хүнд өөрөө орж ирж байгаа дохио гэж бий. Дохиог мэдрээд үгээр илэрхийлнэ. Гэтэл түүнийг үгээр илэрхийлэх хүн маань ямарч боловсролгүй, сэтгэмжгүй байгаад байна. Ийм этгээдүүд тоглож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл 100 хувь транст ороод, мэдрэлээ алдаад Нагаанбуу гэдэг хүн орж ирэхийг мэдэхгүй байдаг юм биш. Бүгдийг өөрөө мэддэг байх ёстой. Энэ мөн л мэдэхгүйн балаг.
    Өнөөгийн бөө нар, бөө мөргөлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
    Монголын өвөг шүтлэг. Аугаа их соёл. Өнөөдрийн бөө мөргөл гэж босч ирж байгаа хүмүүсийг хараад 10 мянган бөө дотор 10 ширхэг бөө байна уу үгүй юу гэдэгт би эргэлздэг. Өнөөдрийн бөө гэж боссон хүмүүс ихэнх нь маш энгийн юмнууд. Тэдний тархи толгойд бууж сэрсэн зүйлүүд нь маш энгийн юмнууд. Түүний төлөө би айж байна. Би босоод хэнгэрэг барина гэхээс айж байна. Би жолдоно. Уггүй хүн, хаггүй хад гэж байдаггүй. Аль нэг ураг удамд өмнө нь хэн ухаантай байсан бэ, өнөөдөр түүнтэй хэн төстэй байна, хэн ухаантай байна вэ гэдгийг харах ёстой. Өнөөдрийн доктор цол биш шүү. Хамгийн тэнэг нь тэр доктор цолыг чинь авчихсан явж байж магадгүй. Докторын ажил гэдэг бол 4 дүгээр ангийн хүүхэд хийчих зүйл болсон. Тэгвэл энэ биш. Сэтгэдэг, өр зөөлөн, сайхан сэтгэлтэй, ах дүүдээ эелдэг ямар сайхан хүн байна тэр босох ёстой. Гэтэл тийм биш ажилгүй явж байсан ч юм уу, нэг газар үйлчлэгч хийдэг охин босч болохгүй. Үүний тулд оюуны чадамж хэрэгтэй. Тархин доторхи ертөнц гэж ойлгох хэрэгтэй. Тархин доторхи ертөнцтэй харьцана. Тэгэхийн тулд тэр тархи өрлөг байх хэрэгтэй. Тийм учраас өнөөгийн бөө мөргөлийг маш харамсалтай зам руу явж байна гэж би боддог.
    Тэгвэл энэ харамсалтай замаас зөв зам руу яаж залах вэ?
    Өнөөх л мэдлэгийн хоосрол. Үнэндээ өнөөдөр энэ талаар үнэн үг хэлж байгаа судлаачид ч алга байна шүү дээ. Б.Галаарид л байна даа. Бусад нь бүгдээрээ ид шид рүү явуулаад байна шүү дээ. Энэ ид шид биш. Ерөөсөө ч биш. Харин зургаа дахь мэдрэхүйн ажил мөн үү гэвэл мөн. Энэ бол 5-6 мэдрэхүйн эрхтэн нь маш сайн хөгжсөн хүний үйл мөн үү гэвэл мөн. Ид шид биш тархин доторхи ертөнцийн үйл.
    Таныг тэнгэрийн үзлийг түгээдэг, тэнгэртэй харьцдаг хүн гэлцдэг. Тэнгэртэй харьцана, тэнгэрийн хэлийг ойлгоно гэж чухам юуг хэлээд байна вэ?
    Хүмүүс онгод ороод энэ шүлгийг биччихсэн юм гэж ярьдаг даа. Энэ утгаараа яривал би тэнгэртэй хүн. Хүн мэдэхгүй юм аа гайхаад, хэнээс асуух вэ гэж бодоод байж байтал гэнэт л өнөөх мөнх тэнгэр чинь, аугаа өмнөх үеийн ой ухаан, санаа орж ирдэг байхгүй юу. Хэлдэг. Бүр өдөр судар хэлнэ гээч. Бясалгал гээч юм яриад байна шүү дээ тэгвэл түүний хариу гэж ойлго. Энэ ид шид биш ээ. Өөрийг тань ч гэсэн тэнгэртэй хүн гэж бодож байна. Нэг юм хийгээд үнэхээр түүндээ шамдаж байгаа чинь нэг сэдэв. Хүн төрлөхтний нэгэн эд эс болж төрсөн учраас би үүний учрыг олно гээд насан туршдаа нэг зүйлийн төлөө шаналж явахад чинь яг түүнийг мэддэг 17 дахь үеийн чинь нэг чавганц, 48 дахь үеийн чинь өвгөн орж ирнэ. Түүнийг мэддэг л хүн орж ирнэ шүү дээ. Нэг хүн хулгай хийе гэж бодно. Шөнө нь бодит юм шиг зүүдлээд л. Гэвч хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг өөр. Гэтэл чиний удамд нэгэн айхтар хулгайч байсан бол тэр чамайг өдөөнө. Тэр чинь өнөөх мөнх тэнгэр чинь чамд юм хэлж байна гэсэн үг.
    Та ямар нэгэн аюул осол, эсвэл сайн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрдэг үү?
    Надад тийм зүйл маш багаас болж байсан. Японд цунами болсон өдрийн өглөө би хүмүүст хэлж байсан. Өнөөдөр аюул болно гэж. Би тэр өдөр унаагүй гэрээсээ гараад төв зөвлөл дээр Лхагвасүрэн, бөө судлаач Бадарч хоёртой таараад хэлсэн. “Би гарахаас айж байна, газар хөдлөлт биш байх гэхдээ өнөөдөр энэ дэлхий дээр нэг аюул болох гээд байна” гэж хэлж байсан. Өмнө нь бас зохиолч Норов, Дашдооров гэх мэт нэлээд хэдүүлээ архи ууж сууж байгаад би “та нар тарцгаа хэн нэгэн чинь үхэх гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тэр шөнө орчуулагч Д.Алтанхуяг бидэнтэй цуг явж байгаад хүнд алуулсан. Бид бүгдээрээ гар хурууныхаа хээг аймшигтай өгч байсан. Намайг “та нар тар” гэж хэлж байхад Төрийн соёрхолт Д.Норов “чи жаахан тавтиртай байгаач ээ, ямар хурдан согтдог дурак вэ” гэж загнаад сууж байсан. Тэгэхээр энэ бол ид шид биш. Зөн совин, ёс цондон гэж юм байна. Энэ бүх хүнд байдаг. Үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Хөгждөг. Би урьд шөнө юу гэж зүүдлэв гэдгээ манаад, өнөөдөр, маргааш, нөгөөдөр юу болох гэж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тухайлбал чи гурав хоногийн өмнө гудамжинд явж байгаад Нагаанбуутай адилхан монхор хөх өвгөнийг хараад надаас ярилцлага авъя гэж бодсон байж магадгүй. Түүний үр дүнд одоо чи бид хоёр ярилцаад сууж байж магадгүй. Юм тийм л байдаг. 10-20 жилийн өмнө чамтай нэг ангид сурч байсан хүүхэд өнөөдөр чиний санаанд гэнэт ороход чи өнөөдөр эсвэл маргааш, магадгүй хэд хоногийн дараа тааралдаж магадгүй. Тааралдсангүй гэвэл чи таниагүй байж магадгүй. Энэ бүхэн ид шид биш. Ид шидээс ангид үзэх юм бол бөө мөргөл үнэн явна. Ид шидээс ангид үзэх юм бол буддын шашин, мухар сүсэгээс холдоно.
    Мэдэхгүй, чадахгүй хүмүүс олноор бөө болж байна гэдэгтэй та санал нийлдэг үү?
    Нэг талаар тийм. Нөгөөтэйгүүр төр засаг, мэдэхгүй чадахгүй сайд, дарга нар мэдэмхийрч шашны тухай шийдвэрүүдийг буруу гаргаж байна. Тухайлбал өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрийн шийдвэр гаргасан. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол түүх сударт бүгдэд нь байдаг. Гэтэл түүнийг хэрэгжүүлэхдээ эртний монгол зурхайгаар биш Төвдийн литээр хэрэгжүүлэхээр Чингис хааны төрсөн өдрийг өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд, энэ жил 11 дүгээр сарын 04-нд, 2016 онд 10 дугаар сарын 28-нд, 2029 онд 12 дугаар сарын 02-нд тэмдэглэхээр болоод байгаа юм. Энэ бол түүхээ мэдэхгүйн балаг. Орчин үеийн англи хэл ярьсан, гадаадын Харворд төгссөн хүмүүс ийм шийдвэр гаргаж байна шүү дээ.
    Угтаа бол Их Эзэн Чингис хаан олон өдөр төрөөгүй, нэг л өдөр төрсөн биз дээ?
    Их Эзэн хаан байтугай ишиг хурга, нэг эст амьтан хүртэл нэг өдөр төрөөд нэг өдөр үхдэг. Гэтэл монголчууд дэлхийн хамгийн бүдүүлэг Төвдийн литийг барьж аваад нүдний булай шиг зүйл хийгээд сууж байна. Чингис хааны төрсөн өдрийг хараад энэ дэлхийнхэн шоолж байна шүү дээ. Би саяхан Хятад яваад Өвөрмонголын олон эрдэмтэнтэй уулзахад тэд нар “та нар юу хийгээд байна аа. Чингис хаан өнгөрсөн жил 11 дүгээр сарын 14-нд төрсөн байж энэ жил яагаад өөр өдөр тэмдэглээд байгаа юм бэ. Ирэх жил хэдэн сарын хэдэнд тэмдэглэх вэ. Хүн нэг л өдөр төрнөө, нэг л өдөр үхнээ На багшаа” гэж байна. Ингэж л нүдний булай шиг зүйл хийгээд байна. Энэ бол туйлшрал биш, оюуны хоосрол биш, мэдлэггүйн хоосрол. Бичигтэй, хэлтэй судлаачид олширсон байна. Билэгтэй, ухаантай эрдэмтэн байхгүй болчихсон. Монголоо мэддэггүй. Монголын судлал гэхээр Англи юм уу Хятад юм руу хардаг. Монголоосоо монголоо хайхгүй байна. Хамгийн сүүлчийн монголууд бид нар шүү. Бид тулгатай гэрт төрсөн, бид үзэл сурталгүй амьдрал дунд хүн болсон хүмүүс. Бид үхээд өгөхөд үүнээс хойшхи хүүхдүүд улаан бүч зүүсэн пионерууд л болно. Энэ хэцүү, үүнээс хойш түүх сэргэх гэж зовно.
    Ингэхэд Буддын шашин Монголд юу авчрав?
    Төвдийн шашинд ид шид гэж ерөөсөө байдаггүй. Ер нь энэ ертөнц дээр ид шид гэж ерөөсөө байдаггүй. Илбэ ухаан гэж заль мэх байдаг. Бид ганданд очоод ном уншуулаад сайхан болчихно гэж бодох нь мунхрал. Ардчилалын буянаар шашин монголд сэргэж байна гэж яриад байгаа боловч Монголд шашин сэргээгүй. Мухар сүсэг дахин сэргэсэн. Энэ бол монголын уутны амыг уруу нь харуулахын цондон. Манжийн анхны хаан хэлсэн байгаа юм. “Монголчууд бидний бодлогоор оруулсан төвдийн шашинд хэтэрхий үнэмшээд хамаг хөрөнгөө түүнд зориулж байна. Энэ бол юу ч мэдэхгүйн балаг болой” гэж. Мөн Төргэрэлт хаан “яг бидний бодлогоор боллоо. Энэ бол манай Манж улсад хэрэгтэй болой” гэж хэлсэн байдаг юм. Монголд буддын шашин орж ирсэн нь Манжийн бодлого. Нөгөөтэйгүүр Төвдийн өөрийнх нь бодлого. Төвдийн шашин анх монголд орж ирэхдээ эхлээд баахан зураг авчирч тараасан. Энэ их амгалан гоё юм, үүнийг тахин шүтэж мөргөөд, мөнгө төгрөг өгч байвал ажил явдал сайхан болоод, амьдрал чинь цэцэглэнэ гэж. Хэрэв энэ шашинд юм өгөхгүй, мөргөхгүй бол ийм болно гэж төмсөгийг нь сугалаад өлгөчихсөн эрэгтэй хүний зураг, нүдийг нь ухаад хаячихсан хүний зургуудийг харуулж байсан учраас хүмүүс түүнээс айсан. Буддын шашны шинэчлэл ерөөсөө л энэ юм шүү дээ. Айдаг, мухар сүсэгээр итгэдэг. Цагаан буяны сараар түмэн адуу өргө гэж баахан өглөг аваад түүгээр баахан сүм барих зориулалттай байсан.
    Богд хаан төр барих хугацаандаа төрийн ажлыг хэрхэн хийж байсан бэ?
    Богд хаан 1911-1921 оны хооронд төр барихдаа төрийн ажил юу ч хийгээгүй. Жанрайсаг, Богдын музей зэрэг баахан сүм хийд л бариулсан. Тухайн үед хошуу нутгийнхан баахан гомдол яаманд бичсэн байдаг юм. “Ард олон үгээгүй боллоо. Богд хааны ёслол, Их дагинийн золголт, хүрээ хийд, сүм дуганын өргөл барьцад манай хошуу үгүйрэн хоосорч, өлсгөлөнд умбалаа” гэж. Ерөөсөө л гарт байгаагаа мултлавч үгээгүйд автсан байдаг. Монголчууд Манжийн үед байснаасаа Богдын үед хөмөрсөн тогоон дотор орчихсон байхгүй юу. Үнэн түүх нь энэ. Хуучин социализмын үед шашныг муулж байсан хүмүүс одоо сайн гэхээр шинэ сэтгэлгээтэй хүн болно гээд гүехэн ухаантай эрдэмтэд “Богд бол ардчилагч, Богд бол Ардын хувьсгалыг мандуулсан” гээд Батсайхан гэж дэд эрдэмтэн төрийн шагнал авсан шүү дээ. Тэрийг чинь хөөрөгдөж байна. Бас Тусгаар тогтнолын талбай дээр Богд хааны хөшөө барина гээд байгаа юм. Ингээд бодохоор Богд хааны ард Монголын их эмгэнэл оршино.
    Богд хаан хаан болох гээд шашныхан шахаж байхад Түшээтхан босч ирээд “энэ Төвд нөхөр бол шашны талаар боловсорсон нөхөр. Төрийн талаар юу ч мэдэхгүй. Би ийгээс Чингисийн алтан ургийн хүн. Би 29 настай. Эдгээр дотроо хамгийн ахмад нь би. Би хаан болбоос зохилтой” гэж хэлсэн байдаг. Гэтэл шашныхан түүнийг нам дараад Богд хаан болсон. Хаан болсныхоо дараа 49 хоног дээрээ түүнийг цохиж алсан. Түүнээс хойш 5 сарын дараа Засагтханыг алсан. Тэгээд л Өвөрмонголоос ирсэн Ванчигсүрэн, Таван яамны дэд сайд гээд монголыг нэгтгэх гэж байсан хүмүүсийг бүгдийг нь Богд хаан алсан. Хордуулсан, цохиж алсан. Чин ван Ханддорж, Сайн ноён хаан гээд бүгд алуулсан. Хэн алсан Богд хаан алсан. Өөрөөр хэлбэл үндэсний эрх чөлөөний хувьсгалыг таг харанхуй шашны ангал руу хийсэн. Богд хааны хөшөөг босгоно гэж өнөөдөр хийрхэж байгаа хүмүүс туйлширч байгаа хэрэг биш, мэдлэгийн хоосролд орсноороо ингэж байгаа юм. Мэдлэгийн хоосрол монголыг мөхөөж байна. Монголчуудын шүтээн бол Чингис хаан шүү дээ. Богд Зонхов биш, Христ биш.
    Манжийн бодлогоор орж ирсэн шашин Монгол эрчүүдийн зоригийг мохоосон уу?
    Эрчүүдийн илд барьдаг гарт нь эрх бариулсан. Эхнэр хүмүүсийг бузар гэж ойлгуулсан. Уг нь монголчууд эхийн умайг бурхан гэж үздэг. Тэр бурханаас хүн төрдөг. Жинхэнэ ид шид чинь тэр. Жинхэнэ удам төрдөг. Гэтэл эхийн сав, эрхтнийг бузар гээд, эм хүн хүрээ хийд рүү ойртож болохгүй, эм хүн уул овоонд гарч болохгүй гэдгийг шашин хийсэн. Түүхэндээ монгол эмэгтэйчүүд эрчүүдээ жинхэнэ барьж байсан. Монголд өрх бүлийг эмэгтэй хүн барьдаг.
    Эмэгтэй хүнийг уул овоон дээр гарч болохгүй гэж цээрлэдэг. Үнэхээр болдоггүй юм уу?
    Хуучин цагт ийм зүйл байгаагүй. Тухайлбал эр хонины мах, эм хонины махны амт ялгаагүй. Чи бид хоёрыг харьцуулахад өөр харагдавч ерөөсөө л мөн чанар нь адилхан. Хүн гэдэг агуулга. Өөр юм байхгүй. Монголчууд юуг шүтэж байсан бэ. Монголчууд эмэгтэй хүний алтан умайг шүтэж байсан. Үр төрүүлдэг мөн чанар. Эрэгтэй хүний боовыг шүтэж байсан. Монголчуудын бөө мөргөл, ардын ёс заншил бол яг үүгээр л явчихсан байхгүй юу. Тухайлбал айлын эзэн хүн гэргийдээ “миний хань наад бурханаасаа надад охин төрүүлж өг” гэж хэлдэг. Тэгэхээр эмэгтэй хүний умайг бурхан гэж үздэг байсан.
    Овоон дээр гурван зүйл гаргаж болдоггүй юм. Нэгдүгээрт даахиа авхуулаагүй онгон үстэй хүүхэд гаргаж болдоггүй юм. Сүм, тахилгад ч авч явж хэрэггүй. Яагаад гэхээр онгон үс мэдрэмтгий байдаг. Тэнд бүх хүн жаргал, зовлон бодож зогсдог учраас онгон үстэй хүүхэд түүнд өртөж дэв суудаг гэж үздэг. Хоёрдугаарт биеийнх нь буртаг ирэх насны эмэгтэй хүнийг гаргаж болдоггүй юм. Яагаад гэхээр урьд шөнө чи үр олсон байж магадгүй. Өөрөө мэдээгүй 20 гаруй хоногийн үртэй байж магадгүй. Тэгвэл тэр чинь дэвтдэг юм. Ямарч юм төрж магадгүй. Өндөр оргил дээр гарахаар түүн дээр эрчис их байна. Нөгөөтэйгүүр олон хүмүүсийн хүсэл, бодолд шамдуурч дайрагддаг. Тийм учраас биеийнх нь бохир ирэх насны эм хүнийг хайрласандаа, үрийн заяаг нь өөд нь бодсондоо, хүндэлсэндээ гаргадаггүй юм. Гуравдугаарт сохор доголон зэрэмдэг хүнийг гаргахыг цээрлэдэг. Яагаад гэхээр сайн үйлд нь сэв дэв, билэггүй юм болно гэж боддог. Бүр огтоос хавьтуулдаггүй зүйл бол харийн хүн. Харийн хүний сургийг нь ч хэлдэггүй, барааг нь ч харуулдаггүй. Хэрэв тийм хүн харагдахаар бол хэн нэг нь заль хийж анд авч явах юм уу, найр цэнгэл рүү авч явж золионд гаргадаг. Ингэж тахилга, шүтлэгээ хамгаалж үлддэг ёстой.
    Буддын шашны уншдаг номыг сургаалийн шүлэг гэх юм билээ?
    Буддын Богдзонховлувсандагвын гэж байгаа шашин бол сургаалийн шүлгүүд. Тэр сургаалийн шүлгүүдийг нь монголоор орчуулбал “байгаа юмаа гамтай эдэлбэл юмтай болно, битгий шуна шунах юм бол ингэж гэж байна” гэсэн утгатай ном байгаа шүү дээ. Түүнийг манай гандангийнхан дээр үед орчуулж байсан юм. Орчуулахдаа хүнд гоё сонсогдуулахын тулд тансаг яруу үгээр орчуулдаг байсан. Тэр нь хүнд буудаггүй. Нөгөөтэйгүүр ламтны бичсэн сургаалийн ном миний ээж, аавын сургадаг үгнээс илүү биш байхгүй юу. Миний ээж аав харин яс маханд шингэтэл сургасан байдаг. “Миний хүү чинь хэлэмгий, өлөмгий түүнээсээ болоод хүний дургүй хүргэчихвий, хүний дургүй хүргээд маргаж байгаад алуулчихвий” гэж миний бүх дутагдлыг хэлсэн миний ээж аавын сургасан сургаалаас ямар ч шашны үндэслэгч илүү сургаал хэлэхгүй гэдэгт би итгэдэг.
    Шүгдэн сахиусын талаар хэр сайн мэдэх вэ. Далай лам яагаад Шүгдэн сахиусыг хориглосон юм бол?
    Би Буддын шашин, Төгс буянтын зурхайг буруу зөрүү гэж яриагүй шүү. Энэ бол тэр үйлдээ зөв. Хятадын хуанли хавар золгож байна буруу гэж хэлээгүй шүү. Энэ бол Бээжин төвтэй дулаардаг тэр газартаа зөв. Хятадууд нарийн ухааны улс. Тиймээс би нэгэнт судалж үзээгүй учраас шашны зүйл дээр янз бүрийн юм цэцэрхэж ярих нь гутамшиг. Шүгдэнгийн талаар миний мэдэж байгаагаар их ээлгүй юм билээ. Далай лам 1950 он гартал Шүгдэнг шүтэж байгаад бүх зүйл нь болохоо байсны дараа том хүнээр үзүүлсэн чинь “та буруу юм шүтэж байсан байна” гэж хэлсэн гэдэг. Төвдийн шашныхан өөрсдийнхөө бурууг үүн рүү чихдэг хандлага байдаг. Тэр ч бүү хэл Далай лам Шүгдэн сахиусыг шүтдэггүй байсан гэж хэлснийг би нэлээд хэдэн жилийн өмнө Төвдийн нутагт явж байхдаа хүмүүсээс сонсож байсан. Ямартаа ч тухайн үед баячууд маш их хөрөнгө гаргаж хийлгэдэг, тэр нь эргээд өөрт нь арандаг болж буудаг, үр хүүхдэд нь их цөвтэй, том хэцүү үйл байдаг юм гэнэ лээ.
    Монголд христийн шашин орж ирээд удаж байна. Энэ мөн л цаанаа зорилготой, бодлоготой юу?
    Тэгэхээр бөө, христ, буддын шашны ард бүгдэд нь бодлого байдаг. Тэр бодлогыг барьсан орлогын эзэд байдаг. Бид үүнийг мэддэггүй. Өнөөдөр монголд гоё том сүмүүд бариад байна шүү дээ. Энэ хөрөнгө хаанаас гарч байна вэ. Үүнийг барьсан тэр зардлыг эргүүлээд нөхөж чадах уу? Чадна. Чаддаг байхгүй юу. Тэгэхээр монголчууд өнөөдөр үзэлд автаж байна. Үзэл гэдэг бол сэтгэлгээний хамгийн доод түвшин. Үзсэн дор төрсөн сэтгэгдэл. Монголчууд өнөөдөр үзлээр амьсгалж байна. Буддын үзэл, христийн үзэл, бөөгийн үзэл, либериал, коммунист үзэл гэж. Үнэхээр монголоосоо монголоо хайя гэж байгаа бол энэ бүх үзлийг таягдан хаях ёстой. Үзлийг бодвол бодол болдог юм. Миний сая хэлсэн бол бодол. Үзэл гэдгийг устгах хэрэгтэй. Үүнийг би хэлээгүй миний монголын ухаант өвөг дээдэс хэлсэн юм. Цаанаа оосорлогдчихсон. Хэд хэдэн улстөрч мөнгө өгчихсөн. Тэр бодлогоор Улаанбаатар хотын хамгийн эгзэгтэй цэгүүд дээр сүмээ барьж чадна. Өнөөдрийн сайхан царайтай, албан тушаалтай хүмүүс чинь бүгдээрээ харийн үзлүүдэд оосорлогдсон боолууд болчихсон байна. Энэ цагт монголоо монголоор нь авч явах гутамшигтай.
    Өвөрмонгол, Халимаг, Буриадууд яагаад биднээс хагацчихсан юм бэ. Бүгд үзлээр хуваагдсан шүү дээ. Өвөрмонголчуудыг хятадууд торго дурдан, архи дарс, хүүхэн өгч өөртөө авсан бол Буриадуудыг Оросын цагаан хааны бэлэг өгөөд гэрээ хийчихсэн. Тэгэхээр монголчуудын үзэлд хуваагддаг хэвшлийн тод илэрхийлэл нь элдвийн шашин монголд бий болж байгаа явдал. Үүний уршиг өнөөдөр биш нөгөөдөр гарна. Монголчууд ухаантай хүмүүс болохоор хоорондоо иргэний дайн хийхгүй гэсэн зүйл байхгүй. Нөгөөдөр дайтна. Буддын сүмийн нэг банди Христийн шашинтан нэг залуу хоёр хоорондоо зодолдоод нэг нь сүмийг нь шатаахад л энэ хоёр шашны хооронд дайн дэгдэнэ. Тийм учраас үзлээс хол явах хэрэгтэй.
    Тэгвэл эх оронч үзэл байх ёстой юу?
    Өнөөдөр эх оронч үзэл байж болохгүй. Эх орон гэдэг чинь бодитой, уултай устай, түүхтэй, хаантай, төртэй агуу юмыг үзэл гэж зэрэглээтүүлж болохгүй. Эх оронч ухаан хэрэгтэй байна. Тэр ухааны нэгээхэн хэлтэрхий нь элдвийн үзлийг зайлуулах шаардлагатай. Чингис, Модун хаан, Чингүнжав нар бүгд тэгж явсан хүмүүс шүү. Өнөөдөр үндэсний үзэл монголд хэрэггүй. Үндсэн дотор чинь илжирсэн, ялзарсан утгагүй юм зөндөөн байна. Хаях хэрэгтэй. Үндэсний эрдэм хэрэгтэй. Монгол хүн л хийж чаддаг, Монгол хүн л бүтээж чаддаг зүйл хэрэгтэй. Түүнээс биш архи уучихаад би Чингисийн удам гэж цээжээ дэлдэж байгаа хэлбэр бол эх оронч үзэл. Монголоо хамгаалахын тулд, монголоо сайхан болгохын тулд гайхамшигтай зүйл сэдэж, хийж бүтээхийн төлөө шамдаж байгаа залуус бол эх оронч ухаантай байна. Тэгэхээр шашин ба улстөрд хамгийн гайтай зүйл нь үзэл юм. Шашин бол үзлийн томоохон илэрхийлэл.
    Хүмүүс өөрийгөө би эх оронч үзэлтэй гээд байдаг шүү дээ?
    Тэнэг л гэсэн үг шүү дээ. Америк, Австрид очиж амьдарч байж эх оронч үзэлтэй гэх нь бидэнд ямар хэрэгтэй юм. Тэр хүн өөрийнхөө жаргалыг хөөгөөд явж байна шүү дээ. Үр хүүхэддээ англи хэл сургах гээд явж байна шүү дээ. Тэр бол үнэн үзлийн ажил. Эх оронч ухаантай хүн бол бид нар байж байна. Сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг. Өнөөдөр бид болохгүйгээ өөд нь татах гээд би энд ном уншаад, чи надаас хэдэн үг унагаах гээд ярилцаад сууж байна. Энэ чинь эх оронч ухаан. Бид эх оронч ухаан ярьж сууна.
    Таныг элэгний өвчнөөр хүндээр өвдөж, үхэл амьдралын заагтай нүүр тулсан ч тэнгэрээс таньд боломж, амь олгосон гэдэг?
    Би 4 жилийн өмнө импакт болоод эмнэлэгт очсон чинь дан импакт биш зүрхний гурван судасны нэг нь бөглөрсөн байна гэсэн. Тэгээд сэхээнд 20 гаруй хоносон. Тэгсэн чинь өөр ч юм байна гээд. Тэгэхээр нь Хавдар судлалын төвд очоод томограф гэгч юмаар үзүүлсэн чинь элэгний хавдартай байна гэсэн. 6, 8 см-ийн хорт хавдартай гарсан юм билээ. Гэхдээ надад хэлээгүй л дээ. Би мэдэрсэн. Өглөө манай хөгшний нүд хавдчихсан, эмнэлэгт хэвтэж байхад ирмээргүй хамаатан садны болон янз бүрийн хүмүүс шаваад андашгүй болсон. Тухайн үед намайг орноос босгодоггүй байсан юм. Тэгээд би үүрээр 4-5 цагийн үед орноосоо босч үүдний сувилагчдын өрөөнд ороод өвчтний түүхээ үзсэн чинь хавдрыг нь цагаанаар тойруулаад зурчихсан байж байна. Түүнийг хараад би нээх сайхан болсон. Ер айгаагүй. “За яахав ингэж л байг. Би ямарч л байсан 3 жил үхэхгүй, 5 ном бичих нь мэдээж” гэж бодсон. Тэгээд би 2 охин дүүдээ хэлсэн. “Та нарын нүд ам чинь яачихаад байгаа юм. Намайг үхнэ гэж муу ёрлож байгаа бол санасны чинь гарз шүү. Би наанадаж 3 жил амьд явна, 5 ном бичнэ. Та нар намайг үхнэ гэж битгий эрт баярла. Гомдож байгаа бол битгий солиор. Би өөрөө өөрийгөө мэдэж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш 4 жил болж байна. “Алтайн тэнгэр” гэж 3 дэвтэр роман бичсэн. Тэр маань мундаг үнэлэгдээд “Алтан-Өд” наадмын том хэлбэрийн зохиол дунд Нагаанбуугийн Алтайн тэнгэр орж ирээгүй учир тэргүүн байр эзлэх бүтээл байхгүй гэсэн байна билээ. Гайхамшигтай роман болсон гэдгийг хүмүүс надад хэлж байгаа. Өнгөрсөн 6 дугаар сард 1000 хувь хэвлүүлээд дууссан. Одоо 500 хувийг ахиад хэвлүүлнэ. Мөн “Итгэхүйн ухаан” гэж гайхамшигтай ном хэвлүүлсэн. Би даруухан зан гаргалгүй үүнийгээ хэлэх эрхтэй гэж бодож байна. Би баярлах эрхтэй хүн гэж бодож байна. Би үхлийн тухай бодохгүй байна. Тэнгэрээс намайг харж байна гэж бодож байгаа. Надаар өшөө илүү юм хийлгэх гээд байна гэж бодож байна.
    Та “Алтайн тэнгэр” романаа “Алтан-Өд”-өд өгсөн бол “Алтан-Өд”-ийн тэргүүн байрыг авах байж. Номоо яагаад өгөөгүй юм бэ?
    Би өмнө нь авчихсан шүү дээ. 2005 онд “Тэнгэрлэг түүх” гэдэг түүхэн романаараа авчихсан хүн. Би хошой Алтан-Өд шагналт гэж хэлэгдээд яах юм бэ. Алтан-Өд шагналтай юу гэвэл шагналтай. Дээрээс нь бие муутай хүн болохоор цагаан хэл амнаас айж байна. Хүмүүс Нагаанбуугийн “Итгэхүйн ухаан”, “Алтайн тэнгэр” мундаг байна гэж байхад нь дахиад хүмүүсийн өмнө очоод шагнал авахаар энэ нэг юм яасан үхэж далд ордоггүй юм гэж бодох хүн байгаа шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь тийм шүү дээ. Нагаанбууг шагнал авахад 100 хүн баяр хүргэж гар барихад 6 нь л үнэн баярласан байх. Би тэгж л боддог. Тийм учраас би томоохон шагналын найр, наадамд очдоггүй, очих дургүй. Яагаад гэвэл бүгд зусар зулгай, худлаа бялдуучлалаар дүүрчихсэн орчин байдаг. Тэгэхээр шалдар булдар юманд ороод байх нь онц биш.
    Бага залуудаа хань ижлээсээ хагацаж байсныг тань мэднэ. Эр хүн дээрээс нь ганцаараа хүүгээ өсгөх тэр цаг үе амаргүй байсан болов уу?
    Миний хүү чинь ээжээсээ 1 сартай үлдэж байсан юм. Нэг их цасаар шуурч байсан өдөр миний хань насан өөд болсон. Хэдхэн сарын өмнө охиноо алдаад удаагүй байсан үе. Тэр цагаан хэл амнаас болсон. Миний ээж, аав хэлдэг юм. Миний хүү хааяа муу хэлэгдэх зүйл хийж яваарай гэж. Миний хань зоо техникч, мундаг дуучин хүн байсан. Их дэлгүүрийн энд байрлах Худалдааны соёлын ордонд дуучнаар ирэхээр болоод байж байтал ийм зүйл болсон юм. Миний хүү нэг сартай үлдсэн. Оршуулгын ажил гээд л, гадаа цасаар шуураад л, хүү минь тэнд чарлаад л. Энэ хүүхэд хүн болохгүй гээд хэн ч тоохгүй. Хөхтэй хүн орж ирэхээр нь хөхүүлэх гэхээр сэжиглээд байдаг байхгүй юу. Тэгээд би хүүгээ өсгөх гэж үзсэн. Ямааны хөлдүү сүү хайлуулаад л. Тэгээд яахав хүн болсон. Миний ээж, бага охин дүү байсан. Би энэ хооронд ганцхан л зүйл бодсон. “Би архи л ууж болохгүй. Гутарна, гунина. Энэ хорвоод төрсөн үр минь байна. Би үүнийг л хүн болгох хэрэгтэй. Би элэг муутай 5 шарлачихсан хүн. Болж өгвөл хүүгээ 18 нас хүргэх хэрэгтэй” гэж бодсон. Одоо миний хүү 34 нас хүрчихсэн явж байна. Хүнд зовлон ирдэг. Зовлон ирэх л юм бол жаргалаас зугатаах хэрэгтэй. Би зовж байна гээд ганц шил архи хуваагаад уучихъя гэсэн хүнийг дагаж яваад, савсагнуур хүүхнүүдтэй шалиг налиг болоод явахыг би жаргал гэж бодсон бол би тэр үед мөхөх байсан. Би ер нь хөнгөн чанарын хүн шүү дээ. Их ил цагаан. Би хүнд муу санадаггүй байгаа юмыг байгаагаар нь хэлчихдэг. Тэр маань сайхан байдаг юм.
    Хүмүүс таныг Арго шиг гэж шоолдог байсан гэж сонссон?
    Хүмүүс намайг шоолдог байсан. Энэ солиотой юм, боловсролгүй юм гэж. Би монголын түүх бүгд худлаа байна гээд “Дундад зууны Монгол гажуудсан түүх” гэж ном гаргахад түүхийнхний дургүй маш их хүрсэн. Ренчин, Дамдинсүрэн нар л мэдэхгүй байв гэж, энэ л мэдэж байв гэж дургүйцсэн. Тэр үед намайг Арго шиг санаж байсан. Харин тэр хүмүүс өнөөдөр бүгд зөв байна гээд судлаад сууж байна шүү дээ. Цэргийн түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд “өөрийнхөөр чинь хийхээр Чингисийн үеийн дайн байлдаануудын цаг хугацаа яг зөв гарч байна” гэж байна шүү дээ. Намайг Гурвалын онол, Дүүрэн чанарын онолыг гаргахад гүн ухаанчдын инээд нь хүрч байсан байхгүй юу. Одоо харин гүн ухаанчид намайг шүүмжлэхгүй байна шүү дээ. Бүгдээрээ надад талтай байна, ярьж байна. Тэгэхээр би үүнийг тэнгэрийн хишиг гэж бодож байна. Би 4 жилийн өмнө үхсэн бол Нагаанбуу гэж хүн Арго шиг нэртэй үхэх байсан.
    Сүүлийн үед юу хийж байна вэ?
    Хэсэг бизнесменүүд, хэсэг эрдэмтэд нийлээд саяхан “Монгол ухаан эрдмийн хүрээлэн”-г байгуулсан. Түүнийхээ захирлаар намайг томилсон. Одоо Монгол ёс заншлын томоохон толь, Чингисийн билэг, засаг сургаалийн ажил дээр сууж байна. Монголоо үнэн байдлаар нь үлдээхийн тулд ажиллаж байна даа.
    Хуучин ёсыг сэргээх зорилгоор та болоод хэсэг бүлэг хүмүүс өнгөрсөн 9 дүгээр сард цагаан сарын баяраа тэмдэглэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан вэ?
    Би тэр өдөр олон газар уригдсан. Төр хурахад очиход 50 орчим хүн байсан. Олон бизнесменүүд цагаан сарыг тэмдэглэж байсан. Спортны төв ордны ард Босоо хөх монголын 460 гаруй залуучууд золгож байсан. Чингэлтэйд 3 айл золгоод намайг урьсан. Намар гэдэг чинь монголчуудын шинэ жил юм. 1940-өөд он хүртэл. Гэтэл ийм бага хугацаанд мартаж байна шүү дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Г.Бярваа гуай “90 жилийн дурьдатгал” ботьдоо “намайг цэрэгт иртэл намар шинэлдэг байлаа. Одоо энэ ёс таг мартагджээ” гэж. Би энэ ёсыг сэргээнэ.

     

  • СТИВ МОРЕЛ: МОНГОЛ АРДЫН УРТЫН ДУУ, ХӨГЖИМД УВДИС БАЙНА ГЭЖ ҮЗДЭГ

     

    -Таны www.uuguul.com сайтад уртын дууг чамбай тайлбарласан байна лээ. Мундаг судлаачтай хамтарч ажилладаг юм болов уу гэж бодлоо?
    -Тэр ажлыг ер нь би хийж байгаа. Анхны шат бол мэдээж үг олох хэрэгтэй. Үгийг бол хуучин номноос цуглуулж, заримдаа өв тээгчээс тэмдэглэж авч байгаа. Франц хүн учраас утга зөв ойлгохын тулд монгол түүхийн багш, уртын дуучин, уртын дуу судлаачтай уулзаж, мэдээлэл авна. Хамгийн сүүлд тайлбар бас орчуулга хийснийхээ дараа монгол хүнээр уншуулж, янзлуулдаг. Нэг дууны тайлбарт хэд хэдэн долоо хоног заримдаа хэд хэдэн сарын хөдөлмөр бас олон хүний сэтгэл, мэдлэг шингэдэг.
    МУИС-ийн нэг оюутан сайн дурын ажилтан маягаар надтай хэдэн сар хамтарч ажилласан. Даанч түүний хичээл нь ихсээд, завгүй болсон.
    -Та монгол судлаач. Юунд төвлөрч судалдаг вэ?
    -Миний магистрын судалгааны ажлын сэдэв “Монгол ардын хөгжим ба уртын дууны увдислаг чанар”. Монгол ардын уртын дуу, хөгжимд увдис байна гэж үздэг. Гэхдээ үүнийгээ нотлохын тулд илүү их судлах хэрэгтэй байна. Докторын ажлаараа хөгжмөөр анагаах сэдвээр гүнзгийрүүлж судлах юм. Монгол ардын уртын дуу хөгжмөөр анагаах чиглэлийг судлахаар төлөвлөсөн. Үүнд их цаг хугацаа орно. Бухимдалд орсон, сэтгэл зүйн асуудалтай хүнийг хөгжмөөр анагаах боломжтой. Хөгжмөөр анагаах судалгааны ажил зөндөө байна. Гэхдээ монгол уртын дуугаар анагаах тухай сэдэв би олж хараагүй. Уртын дуу, морин хуурын аялгуугаар анагаах гэдэг анхны судалгааны ажил юм шиг байна. Уртын дууны бичлэг хийж бэлтгэж байна. Надад бас увдис, сүнслэг чанар ойлгож мэдэрдэг дуучин хэрэгтэй. Бичлэг бэлэн болоход эмч, сэтгэл зүйчтэй хамтарч ажиллана. Уртын дуугаа сүнслэг маягаар тоглохын тулд утга санааг нь сайн ойлгож байх учиртай. Тийм учраас уртын дууг орчуулж, ямар утгатайг тайлбарладаг юм.
    -Уртын дуу гүн утгатай, философитой санагддаг гэсэн үү?
    -Миний хувьд ихэнхи уртын дуу амьдралын хичээл юм шиг санагддаг. Зарим уртын дуу үнэхээр үнэхээр гүн утгатай. Миний хамгийн хайртай уртын дуу бол “Асарын өндөр”. Үнэхээр сүнслэг, шашинлаг гэмээр мэдрэмж төрүүлдэг. Бүтнээр нь хуурдвал эсвэл сонсвол өөрт өвөрмөц энерги мэдрэгддэг.
    -Танаас өөр гадаад хүн монгол уртын дууны увдисыг мэдэрдэг болов уу?
    -Миний судалгаанд 15-20 гадаад хүн хамрагдсан юм. Эрэгтэй эмэгтэй, баян, ядуу, нас насны хүмүүс оролцсон. Морин хуур тэдэнд өвөрмөц мэдрэмж төрүүлсэн. Уртын дууг бол зарим хүн сайн ойлгож чадаагүй. Морин хуурыг бодвол уртын дуу гадагшаа арай бага түгэж байгаа. Хөөмий, морин хуур, “Алтан ураг”, “Домог”, “Хөсөгтөн”, Хү хамтлагийг цөөнгүй хүмүүс мэддэг шүү дээ.
    Зарим гадаад хүн морин хуурын аялгуу сонсоод тал нутаг, морь мэдэрдэг. Гэтэл Францад жишээ нь тал нутаг байхгүй. Хэзээ ч тал нутаг үзээгүй мөртлөө уудам мэдрэмж авч, сэтгэл дотор тайвширч байна, амар амгалан болж байна гэж байсан.
    Морин хуур, уртын дуу зөвхөн монголчуудад төдийгүй бусад гадаад хүмүүст ч нөлөөлнө. Бусад хүмүүс ч бас уртын дуу, морин хуурын аялгуу сонсоод уйлна, транст орно, бясалгана. Сонин сонин жишээ байгаа.
    -Өсвөр насны хүүхдүүд компьютер тоглоом, гар утсанд их цаг зарцуулдаг. Тэднийг чи монгол хүн учраас уртын дуу сонс гэж хүчлэх аргагүй. Уртын дууг мэдрэхэд нас чухал юм болов уу?
    -Хэдэн өдрийн өмнө энэ талаар хүмүүстэй ярилцаж байлаа. Уртын дуу гүнзгий утгатай учраас жаахан хүүхэд дуулж болох ч мэдрэх арай боломжгүй байх аа. Яагаад гэвэл жаахан хүүхэд амьдрал таньж амжаагүй. Уртын дууны сүнслэг чанарыг ойлгохын тулд амьдралын туршлага хэрэгтэй. Миний хувьд настай уртын дуучны хоолой гоё сонсогддог. Аав, ээждээ тэврүүлж хайрлуулж байгаа хүүхэд гуниг гэж мэдэхгүй. Харин хүү нас ахиж, жаргал зовлон үзсэн хойноо уртын дуу сонсвол санаж үгүйлсэн сэтгэл, гунигийг мэдэрнэ. Тэр үед л уртын дуу бүүр сүнслэг амьд мэдрэгдэнэ.
    -Франц хүн монгол хүнд морин хуур зааж байхыг харахад жинхэнэ даяаршил гэдэг энэ биш үү гэж бодогдож байна л даа. Өөрт чинь харин энэ өвөрмөц санагддаг уу?
    -Үгүй ээ. Яагаад гэвэл монголчууд ч бас дэлхийгээр тарсан. Англи хэл төгс мэддэг монгол хүн магадгүй америк соёлын талаар америкчуудад зааж байгаа. Эсвэл Францад амьдардаг монгол хүн надаас сайн франц хэлтэй байж магадгүй. Гэхдээ энэ хамаагүй. Хүн хайртай дуртай зүйлээ хийж байх нь чухал. Францад байгаа монгол хүн франц хэл соёлыг төгс эзэмшиж франц хүнд заавал танд сонин санагдах уу? Хэн нэг хүн ямар нэг зүйл сураад өөр хүнд түгээхэд арьс (ямар үндэстэн байх нь) хамаагүй гэж бодож байна.
    -Та хичээл заахаас гадна өөрөө бас цаг гаргаж суралцдаг гэсэн шүү дээ. Ойрын үед юу сурч байгаа вэ?
    – Өдөр бүр юм сурах хэрэгтэй. Жаахан ч гэсэн юм сурахыг хичээдэг. Би бас арьсан эдлэл хийж, эвэр сийлж, шинэ зүйл туршиж байна.
    -Тууль хайлж сурч байгаа гэсэн үү?
    -Тууль сурах хүсэл маань хэвээрээ. Хэд хэдэн туульчтай уулзаж, жаахан мэдээлэл авсан. Надад одоохондоо тууль хайлж сурахад хүнд байна. Би тийм түвшинд хүрээгүй. Уртын дуу илүү ойр санагдаж байгаа. Одоо бол уртын дуу орчуулах нь чухал санагдаж байна. Заримдаа товшуур тоглоод юм хайлж байгаа юм шиг суудаг. Одоохондоо миний монгол хэл төгс биш. Дахиад зөндөө юм сурах хэрэгтэй. Миний мэдлэгийн сав 50-60 хувьтай дүүрэхэд тууль хайлах тухай бодож магадгүй.
    -Та ихэвчлэн монгол хувцастай явж харагддаг?
    -Өөр хувцас байхгүй ээ. (инээв) Одоо ер нь дандаа дээлтэй явж байна.
    -Монгол хувцас урлаачидтай найз уу?
    – Өмнө нь нэг, хоёр эмээд дээл захиалж авдаг байсан. Саяхан язгуур, уугуул дээл оёдог эмэгтэйтэй танилцсан. Түүний хийж байгаа дээлийг манай вэб сайтаар дамжуулж гадагшаа илгээдэг. Хамтарч ажиллаж байгаа учраас надад дээл хувцас хийж өгдөг болсон. Энэ нэхий малгайдаа дассан учраас халууцаж байгаа ч өмсөж яваа. Гадаа дулаараад хөлс гоожих болсон. Зун яахаа мэдэхгүй байна. (инээв) Гэхдээ энэ малгайдаа хайртай.
    -Сая цагаан сараар айл хэсэв үү?
    -Энэ цагаан сараар завгүй байсан. Өмнө нь цагаан сараар “Морин хуур хуурдаж, жавар үргээж өгөөч” гээд хэд хэдэн айлаар очиж байсан. Гэхдээ цагаан сар бол гэр бүлийн баяр болохоор танихгүй, мэдэхгүй айлаар явах надад жаахан эвгүй санагдаж байна. Магадгүй гэр бүлтэй болвол миний хувьд цагаан сар бүр сонирхолтой болно.
    -Уран бичлэг хийдэг гэсэн. Уран бичлэгүүдээ зарж борлуулдаг уу?
    -Уран бичлэг хийгээд зардаг байсан. Энэ хананд байгаа хийсвэр маягтай уран бичлэгийг бол хүн авахгүй. Жаахан сонин царайтай бүтээл. Харин энэ овоотой бүтээл үнэ хүрч магадгүй, гэхдээ маш их сэтгэл зарцуулсан учраас зарчихвал жаахан хайран санагдаад байна. Энд бас миний сийлсэн тамга байна. Бүгдийг өөрөө хийдэг. Яваандаа үзэсгэлэн гаргах санаатай. Одоохондоо дэлгэрэнгүй ярихгүй, нууц.
    -Монгол залуус өндөр хөгжилтэй орнууд руу явах дуртай. Монголоос дайжиж байна ч гэж яригддаг. Гэтэл та эсрэгээрээ Монголыг зорьж ирсэн. Яагаад Монголд ингэж олон жил амьдарч байгаа нь хүмүүст сонирхолтой байх болов уу?
    -Би танаас юм асууя. Та ээждээ хайртай юу?
    -Мэдээж хайртай.
    -Яагаад гэж асуувал тэнэг сонсогдоно. Яагаад би Монголд амьдардаг гэхээр Монгол соёлд хайртай. Тэгээд л боллоо. Монгол соёл Монголд бий. Тиймээс би Монголд байгаа. Би хайртай юм аа хийж байгаа. Монгол залуус гадагшаа явмаар байвал яв гэж хэлмээр байна. Бусад орныг үзэхээрээ харьцуулах боломжтой болно. Хэрэв тэд гадагшаа явахгүй бол Монгол соёл ямар чухлыг ойлгож чадахгүй. Гэхдээ гадагшаа яваад монгол соёл чухал биш санагдсан ч хамаагүй. Франц хэл, соёлыг сураад түгээн дэлгэрүүлээд явсан ч болно. Монголдоо буцаж ирсэн залуус хэл, соёлоо хайрлаж түгээнэ.
    Ер нь нэг соёл өөр соёлоос илүү юм байхгүй. Бүх соёл чухал. Чин сэтгэл байх хэрэгтэй.
    Харин тухайн хүн юунд илүү татагдаж, юу хийхийг хүсч байгаа нь чухал. Би франц хүн учраас вино хийх ёстой гэж болохгүй. Яагаад гэвэл надад вино хийх сонирхол байхгүй.
    Хэрэв би вино хийсэн бол миний вино гашуун болж магадгүй. Яагаад гэвэл би энэ ажилд хайртай биш. Хайртай дуртай зүйлсээ хийж амьдрах хэрэгтэй.
    -Ирээдүйгээ Монголтой холбоотойгоор төлөвлөж байгаа юу?
    -Би Монголд арван жил болж байна. Би мэдээж ирээдүйг хэлж мэдэхгүй. Гэхдээ уртын дууны судалгааны ажил жилийн дараа дуусахгүй нь ойлгомжтой. Морин хуур судлахад бас цаг хугацаа зарцуулна. Яваандаа тууль судалж эхэлвэл арван жилийн дараа дуусахгүй. Монголоос явах санаа одоогоор байхгүй. Би энд баймаар байна. Магадгүй Улаанбаатарт биш хөдөө Сүхбаатар, Дундговь, Увс, Ховдод ч очиж магадгүй. Одоогоор сонгож чадахгүй. Яагаад гэвэл бүх аймаг үнэхээр сайхан. Өв соёл их байгаа.
    -Яаж монголоор ингэж сайн ярьж сурав, монгол хэл сурахад хэцүү гээд байдаг шүү дээ?
    -Одоо бол надад монголоос өөр хэлээр харилцаж байгаа хүн бараг байхгүй. Гэртээ англи хэл дээр кино үздэг. Аав, ээжтэйгээ видео дуудлага хийхдээ францаар ярьдаг. Бусад үед дандаа монголоор ярьдаг. Бүүр эхний жилдээ найз бүсгүйтэй байсан. Бид англиар ярьдаг байсан болохоор монгол хэл бараг сураагүй. Тухайн үед Монголд үлдэх эсэхээ шийдээгүй учраас хэл сурах тийм ч чухал байгаагүй л дээ. Хоёр, гурван жилийн дараа би Монголд байх боломжтой юм шиг санагдах болсны дараа хэл сурах хэрэгтэй гэж шийдсэн. Хэд хэдэн багшаас зөвлөгөө авч, гудамжаар явж байхдаа ч толь бичиг уншдаг байсан. Гол нь тэр үед би уртын дуу орчуулж эхэлсэн. Уртын дуу орчуулах надад үнэхээр сонирхолтой санагдсан юм. Яагаад гэвэл нэг мөрөнд ихэвчлэн гурван үг бий. Маш эвтэйхэн маягаар шинэ үг сурах боломжтой. Хэрэв би шууд роман барьж авсан бол нэг хуудсанд мянган шинэ үг гарч ирээд урамгүй байх болов уу. Уртын дуу монгол хэл сурч эхлэхэд маань их нөлөөлсөн. Сайн ойлгохгүй байсан ч шинэ үг орчуулаад, ямар утгатай вэ гээд судалдаг байв. Гэхдээ миний монгол хэлний түвшин тийм ч сайн биш. Яваандаа яриандаа оньсого, зүйр цэцэн үг хэрэглэх түвшинд ярьж сурмаар байна. Энэ бол миний мөрөөдөл.
    -Биелгээ сурсан гэсэн үү?
    -Сурсан юм байхгүй ээ. Сурсан гэвэл цаашдаа өөр сурах юм байхгүй гэсэн үг. Морин хуур, икэлээр бийн аялгуу амилуулахын тулд би өөрөө мэдрэх хэрэгтэй байсан юм. Тиймээс хэд хэдэн хүнээр хичээл заалгаж бийн хэдэн хөдөлгөөн сурсан. Мэдээж төгс биш. Гэхдээ аялгуу хөгжимдөхөд илүү их цаг зарцуулдаг. Хотод орчин үеийн бүжиг, бий биелгээ ихэвчлэн хольж бүжиглэдэг. Цэвэр бий нь баруун аймагт байдаг. Бий биелгээний хөдөлгөөн мал аж ахуй, малчны ажилтай холбоотой учраас хөдөө амьдардаг бол тэр хөдөлгөөн биед шингээд, бараг автоматаар биелдэг болох байх. Малын ажил хийж үзэхгүй бол миний хувьд биелэх нь дутуу санагддаг. Өв тээгч нарын биелэгээ үнэхээр сонирхолтой, амьд шүү.
    -Морин хуур тоглоод тусгай шагнал авч байсан гэсэн. Тэр үеэсээ хойш чадвар чинь сайжирсан гэж үздэг үү?
    -Газар, тэнгэр шиг өөр болсон. Надад одоо уралдаан тэмцээнд орох санаа байхгүй. Уралдаан жаахан утгагүй санагддаг. Хэн сайн, хэн муу гэж яаж дүгнэх вэ. Хөг төгс байвал сайн тоглодог гэх үү, эсвэл дотор сэтгэл маш гүнзгий учраас сайн тоглодог гэж үзэх үү. Шүүгч хэн бэ гэх мэт олон шалтгаан нөлөөлдөг. Гол нь би хөгжим тогломоор байна. Миний тоглож байгааг олон хүн сонсож таашаал аваасай гэж хүсдэг. Түүнээс биш шилдэг хөгжимчний шагнал авах, Соёлын тэргүүний ажилтан болох бол миний хувьд учир утгатай биш.
    -Монгол дээлийг гадныхан хэр сонирхож худалдаж авдаг вэ?
    -Ер нь сонирхоно. Гадаад хүмүүс бас монгол хэл, уйгаржин бичиг сонирхдог. Тэдэнд сонирхолтой, өвөрмөц санагддаг. Тийм учраас монгол хэл сурах арга бас бичиж байгаа. Саяхан нэг хүнтэй энэ талаар хамтрах боломж гарсан. Франц хүний нүдээр харахад монгол хэл маш логиктой. Монгол бичиг бол илүү төгс. Харин кирилл үсэг миний франц хэл шиг замбараагүй санагддаг. Монгол бичиг дүрэм маш цөөтэй, оновчтой. Монгол хэлний гурван үгэнд маш том агуулга гаргах боломжтой.
    Монгол хэл сурахад хэцүү биш. Харин мэдээлэл ховор учраас сурахад бэрх санагддаг байж магадгүй. Эсвэл шууд хэл шинжлэл орвол энгийн хүн ойлгоход түвэгтэй.
    -Ингэхэд тавгийн ааруул цагаан идээгээ хаанаас авдаг вэ?
    -Заримдаа миний шавь нар, хотоос зайдуу гарахдаа очдог хүмүүс өгдөг. Хажуугийн захаас Архангайн цагаан идээ зөв сонгож авах гэж хичээдэг. Сүүн ааруулд их дуртай. Сүүн ааруул зардаг ах хөдөө явсан, түүнийг ирэхээр нь сүүн ааруул дахиад авна даа.
    Б.Янжмаа

  • МА БЭЙСИЙН ДУЛМАА

    1907 онд Даргангын хоньчин гарын тэргүүн бэйс Магсаржавын 3 дахь охин болж төрөв. Ноёдын хүүхдүүдийн жишгээр гэрийн сургалтаар өндөр боловсрол эзэмшсэн Дулмаа (жинхэнэ нэр нь Лувсандулам) юм.
    Улаанбаатар хотод түр сургууль төгсөөд ЗХУ-д КУТВ-т суралцан тухайн цаг үедээ мэдлэг боловсрол, зүс царайгаараа Хүрээний хүүхнүүдийн сор нь болж шагшигдаж явсан ч элдвээр гадуурхагдан эрхэлсэн ажилгүй явсан юм.
    Дулмааг нөхөр ДХГ-ын дарга байсан Д.Намсрайн хамт баривчлан “Их монгол улсыг байгуулах эмэгтэйчүүдийн бүлгэмийн толгойлогч” гэсэн ял тулган эцэст нь хэрэг хүлээлгэж чадахгүй болохоор халимаг сургагч гардан байцааж, хилс хэрэг хүчээр хүлээлгэж байв.
    Хvчээр хэрэг хvлээлгэх буюу Сталины “Өөрийгөө илчлэх” арга нь 1938 оноос эхэлсэн.
    Харин Дулмаа хэрэг хvлээлгээгvй(Бүргэдийн Лосол шиг хөгийн эрчүүд амьд үлдэх гэж гүрийж байхад бүсгүйчүүд маань хэрэг хүлээлгүй шүд зууж байсан бас нэгэн агуу бүсгүй.)
    Тухайн үед Дулмааг байцаахдаа яг маршалын хэлж зааварласны дагуу асуулт тавьдаг байв.
    Манай II хэлтсийн мердєн байцаалтыг хэлтсийн дарга Галиндэв, тасгийн дарга Тvвшинжаргал, хэлтсийн зєвлєх Хичиков, хэлтсийн сургагч Сидиков нар удирдан зєвлєж явуулдаг.
    “Ма бэйсийн Дулмааг баривчилж ир” гэсэн удирдлагын шийдвэрээр л III хэлтсийн Чимид бид нар дайчилсан.
    Чухам ямар vндэслэлээр байсныг мэдэхгvй.
    Анх байцаахад хавтаст хэрэгт нь ганц хоёр хуудас л байсан шиг санагдана.
    Дулмааг хэд хоног хорьж, хэдэн удаа байцаасныг тоолж тогтоож байсангvй.
    Надад хийсэн гэм байхгvй гэх буюу уйлаад юм хэлэхгvй болохоор би хэрэг хvлээлгэж чадахгvй юм байна гэж дарга нартаа хэлсэн.
    Тасгийн дарга Тvвшин¬жаргал, Зєвлех Сидиков нар олон удаа байцасан.
    Дулмааг хэд хоног хорьж, хэдэн удаа байцаасныг тоолж тогтоож байсангvй.
    Надад хийсэн гэм байхгvй гэх буюу уйлаад юм хэлэхгvй болохоор би хэрэг хvлээлгэж чадахгvй юм байна гэж дарга нартаа хэлсэн.
    Тасгийн дарга Тvвшин¬жаргал, Зєвлех Сидиков нар олон удаа байцасан.
    Харин тэр мэдvvлэг бичээгvй байх.
    Тэр эмэгтэй орос хэл мэддэг, боловсролтой, худалдааны мэргэжилтэй хvн байсан.
    Хэлтсийн зєвлєх Хичиков нэг удаа байцаасан шиг билээ.
    Энэ хvн ууртай догшин хvн байсан.
    Тvvгээр л байцаалт дууссан байх.
    Нэг мэдэхэд л ял тєлєвлєсєн байсан.
    Ялын тєлєвлєгєег Тvвшинжаргал хийж, Сидиков орос хэл дээр орчуулжээ.
    Тусгай комиссаар оруулж буудан алах ял оноосон. Ямар ч гэмт хэргийн бvрэлдэхvvн байгаагvй, гэрчийн этгээд ч байгаагvй.
    Эрдэм мэдлэг, эрхэмсэг гоо сайхан, эрэлхэг хатан зоригийн нэгэн биед цогцлоосон Ма Бэйсийн Дулмаа бүсгүй хийсэн хэрэг байхгүй гэдгээ өмнө нь байнга хоргоож, хормой хотноос нь чангаадаг байсан Чойбалсанд хэлүүлжээ.
    Гэтэл Чойбалсан: “.Миний хүслийг чи биелүүлж байсангүй, тиймээс би чиний хүсэлтийг гүйцэтгэж чадахгүй” гээд онцгой комиссоор оруулж дээд хэмжээ шийтгэсэн тогтоолд гарын үсэг зурсан гэдэг.
    Одоогоор бол бэлгийн дарамт үзүүлээд өвөрт нь ороогүй сайхан бүсгүйг зүгээр л хөнөөжээ
    Монгол улсын цагаатгах ажлыг удирдах комиссын дарга байсан Тогоочийн Гэндэн гуай ярихдаа: “..Хоршоодын тєв холбооны дарга байгаад баригдсан шалтгаан нь тvvний нєхєр худалдаа vйлдвэрийн сайд агсан Гомбын Содном (Дулмаа нь хожим Намсрайтай гэр бvл болсон бололтой)
    Тариатын хvрээний бослогод алагдсаны дараа Дулмаа их гутрангуй болсон.
    Энэ vед Чойбалсан их оролдож, єдєр шєнє салахгvй эргvvлэхэд нь Дулмаа огт зєвшєєрєхгvй гэрээсээ хєєдєг байсан юм билээ.
    Үүнийг нь МАХН-ын Тєв Хорооны нарийн бичгийн дарга Бадамын Лхамсvрэн ярьсан юм” гэж.
    Улаанбаатар хотын хойхно оршдог хүн тавьдаг Самбалхүндэвийн энгэрт өрлөг жанжин Дэмидийн эхнэр Навчаагийн хамт Ма Бэйсийн Дулмааг цаазалжээ.
    Ganbat Balkhuu

     

     

  • Ц.Дэмбэрэл: Монгол хүн үнэнхүү дэлхийд гайхагдахуйц өндөр IQ-тэй

    “Чанартай сайн багштай болъё гэвэл үйл явцаар бус үр дүнгээр нь эхэлж оролдъё.”

    Монголын сурагчид, багш нар, эцэг эхчүүд тийм ч муу биш ээ. Асуудлын гол нь хуучинсаг нөхдийн бүтээсэн “контент” хоцрогдсонд байна. Үндэстний IQ-ээрээ монголчуудаас хавьгүй доогуур олон улс биднээс боловсролын чанараар хавьгүй урд явж байна. БШУЯ хуучинсаг баримтлалаасаа шийдвэртэй салах биз ээ. Багш бол боловсролын үйл явцад оролцогч. Миний тухайд багш руу бүгдийг чихэх тухайд арай өөр бодолтой. Би монгол багшийг тийм муу, чанаргүй гэж бодохгүй байна. Багшийн болон багш бэлтгэх сургуулийн чанарыг сайжруулах, тэнд сайн элсэгч авах энээ, тэрээ бол ЗАВСАР-ын шинжтэй хоёрдогч асуудал юм. Яагаад гэхээр, эдгээр нь дандаа үйл явц. Үйлээр оролдох нь эцэс төгсгөлгүй байдаг. Манайд магистр, доктор багшийн тоо нэмэгдээд л байгаа. Тэгээд яахаараа сургалтын чанар буураад байгаа билээ? Манай ШУА шинжлэх ухааны докторуудыг үйлдвэрлээд л байгаа. Гэтэл үр дүн хаана байна вэ? Улам л дордоод байгаа биз дээ. Ерөнхий шалгалтын өндөр оноотой хүүхдүүдийг МУБИС-д элсвэл төлбөрийг нь төрөөс дааж буй. Тэдгээр оюутан гайгүй багш болох нь болно. Гэхдээ тэд төрийн ЕБС-д ажиллах уу? Харин ч бүр өөр зүг рүү явчих биш биз? Тэгсэн байх шүү. Дутуу бодсон ажил араасаа ГАЙ дагуулдаг гэдэг. Ийм завсрын шинжтэй хоёрдогч юмаар оролдох нь БШУЯ-д амар, элдвийн үг хэлнээс ангид байгаа хэрэг. Зүй нь завсрын хоёрдогч юмаа орхиод, анхдагч суурь юмаа барьж авах ёстой л доо. Тэр нь БАГШИЙН ҮНЭЛГЭЭ юм. Одоо багш бэлтгэх үйл явцаар оролдоод амжилт олох магадлал тун эргэлзээтэй. Миний санал чанартай сайн багштай болъё гэвэл үйл явцаар бус үр дүнгээр нь эхэлж оролдъё гэдэгт оршмой.

    Манай боловсролын чанар сул байгаа нь багшаас л эхтэй гэх хандлага нийгэмд тархмал болсон, харахад ч тийм юм шиг?

    Энэ нь хоёр талтай. Багшийн чанар тэгтлээ муудсан уу, эсвэл асуудал бор юманд байна уу, одоо тэгээд багшаа л чадвартай болгочихвол ажил сайжирчих уу, үүнд баталгаа байна уу? Эдгээр нь эргэлзээтэй. Ер нь сулавтар багш олширсонтой маргах юун. Тэр бол ойлгомжтой. Гэхдээ асуудал хүндээ биш байх аа, би ингэж бодно. Асуудал боловсролын контент хөтөлбөрт л байгаа даа. Үнэхээр л сайн контентыг авч чадахгүй бол тэр багшийн ЧАДВАР СУЛ болой. Одоогийн манай боловсрол чинь судлагдахуунд суурилдаг. Судлагдахуун бол контентын гол цөм нь.

    Контент, судлагдахуун нь үнэхээр хоцрогдсон гэдгийг өмнө хэлсэн. Судлагдахуун нь ийм муу байхад багш хэчнээн чадварлаг байгаад ч нэмэргүй.

    Учир нь багш судлагдахуунаа л дагана. Үхэр тэрэгний дээд хурд гэж бий. Захирал, багш хоёр яаж ч хичээгээд үхэр тэрэг хэзээ ч машин шиг хурдтай болохгүй л дээ. Харин шинэ сайн хөтөлбөр контенттой бол ямар ч монгол хүн, төрөлхийн эргүү л биш бол, яаж ийгээд л даваад гарна. Монгол хүн чинь үнэнхүү дэлхийд гайхагдахуйц өндөр IQ-тэй. Иймд манай багш нар тэгтлээ дор орчихоогүй байх аа. Би вээр БШУЯ-д хандаж “Монгол багш нартаа итгэе, тэдэндээ сэтгэх эрх чөлөө өгье, өрсөлдүүлье тэгээд үнэхээр л явахгүй бол өөр арга бодъё” гэж уриалмой.

    Боловсролын чанарт сайн багшийн нөлөө чухал гэдэгтэй Та маргахгүй биз дээ?

    Сайн багш өмнө ч байсан, одоо ч байгаа. Гэхдээ тэд цөөн. Эцэг эхчүүд хүүхдээ сайн багштай ЕБС руу зөөж байгаа нь ч буруу биш. Гэтэл яагаад сул, муу, дундавтар багш нар багшилсаар байгаа билээ? Тэд яагаад сайн болъё гэж урагшаа зүтгэхгүй өдий хүрэв? Сайн багш гэж чухам хэн бэ? Багш нарын цалин бага, гэтэл сайн багш ажлаа хийсээр л байгаа. Ингэхлээр цалин нэмэхээр багш сайжирна гэдэг баталгаатай биш ажээ… гэх мэт олон асуудал байна.

    Үхэр тэрэгтэй байх үеийн сайн багш, тоёота жиптэй үеийн сайн багш хоёр их ялгаатай. Тэгэхлээр багшийг сайжруулах асуудал ярихаасаа өмнө ямар тээврийн хэрэгсэл ашиглахаа шийдмээр юм. Тээврийн хэрэгслээ солихгүй ээ, үхэр тэрэг монголчууд бидэндээ таарч байгаа гэвэл одоогийн багш нарыг чанаржуулах асуудал ярьж болно.

    Миний тухайд эхлээд үхэр тэргээ машинаар солих тухайд санал нэгдье гэж уриалсаар 28 жилийн нүүрийг үзэв. Сүүлдээ ч залхах аястай болж байна шүү. Өвөл өнгөрч, цас хайлсан, ИРЭЭДҮЙ хүссэн ч эс хүссэн ч өөрөө өөртөө зам гаргана л даа. Монголчууд үхэр тэргээ машинаар солих цаг ойртсоор байна. Иймд одоо үхэр тэрэгтэй боловсролын багшийг бус, машинтай боловсролын жолооч багшийг ярих цаг. Ирээдүйн багш гэсэн үг. Энэ бол сайхан гэгээлэг сэдэв шүү.

    Манай багш нар ЗААДАГ?

    Эдүгээ хүртэл манай боловсролд МЭДЛЭГ заасаар. Нарийндаа бол мэдлэг заах ч бас биш юмаа, зүгээр л мэдлэг дамжуулдаг. Гэтэл мэдлэг интернетээр дүүрэн, ямар ч үнэ төлбөргүй, бас их гангалсан, илүү ойлгомжтой, хүртээмжтэй болжээ. Мэдлэгийг зааж, дамжуулж болно. Харин түүнийг эзэмшүүлнэ гэхээр асуудал бий. Үүний оронд чадварыг эзэмшүүлнэ гэвэл болно. Эдүгээ “Багшлахуй” бол УРЛАГ юм гэх болов. Урлаг гэхээр мэдлэг рүү бус чадвар руу эргэчихнэ. Ингэхлээр багш нь өөрөө чадварлаг байх, багшлах урлаг эзэмшсэн байх ёстой болчихно. Энэ нь багшид тавигдах шинэ шаардлага юм. Ийм чадвартай, урлагтай багшийг ЖИНХЭНЭ БАГШ гэх. Тийм шинэ, жинхэнэ багшийг бүр багаас нь бэлтгэх учиртай. Яахаараа нэг зохиолын дуу дуулахад авьяас шаардах атлаа багш гэхээр таг байдаг билээ. Тэгээд багш чинь дуулахаас дор ажил юм уу? Үгүй ээ, тийм байх ёсгүй. Тэгэхлээр багш гэдэг нь нэлээд нарийн урлаг байх нь. Урлаг заавал төрөлхийн авьяасыг шаарддаг. Тэр тусмаа багш вээр тун дажгүй төрөлхийн өндөр IQ-тэй байх ёстой болно. Ингээд л шинэ, жинхэнэ багш, өндөр IQ хоёр айлсаад ирнэ. Би одоогоор багш бэлтгэдэг их сургуулиуд, тухайлбал МУБИС-аас хэзээ ОЮУН УХААН, IQ гэх үгс сонсогдох бол гэж Хүлээгээд л байгаа. 25 жил хүлээлээ. Ойрын 10 жилдээ сонсогдох болтугай гэсэн билэгтэй ерөөл өргөе.

    Жинхэнэ багш гэхээр сонин сонсогдож байх чинь?

    Монголын багш нарыг авармаар байна. Манай багш нар бол нэг талаасаа суралцагчиддаа мэдээ мэдээлэл мэдлэг цээжлүүлж, тэднийхээ хөндий цээжлэх чадварыг (хөндий хоосон цээжлэх сургалтыг хориглоод байгаа) шалгадаг Дарангуйлан захиргаадагч ноён мэт, нөгөө талаасаа өөрийн эрх мэдэлгүй, хичээлээ шинэ аргачлалаар ч заачихъя гээд хөдлөх л юм бол ажлаасаа хөөгдөх өндөр магадлалтай боол мэт. Ийм нөхцөлд багш ердөө л унтаж байдаг. Ийм байдлаар удаж болохгүй ээ. Гол нь багшид итгэх хэрэгтэй байна. Багшид үүрэг хариуцлагыг нь хамт үүрүүлэх ёстой. Тэгвэл манай багш нар сэрэх болно.

    Багшийг яаж сэрээх билээ?

    Багшийн асуудлаар цоо шинэ үзэл баримтлал гаргаж эрчтэй ажилламаар байх юм. ХХI зууны багш ямар байх тухайд загвар шаардлагууд нь аль хэдийнээ гараад мөрдөгдөж байна шүү дээ. Олон улсын жишиг загвар, үлгэр гэж бий. Ядаж түүнийг харахсан. БАГШЛАХУЙН ШИНЭ ПАРАДИГМ-ыг хүлээн авъя.

    Багшлахуйн шинэ парадигмын гол агуулга нь юу бол?

    Эдүгээ дэлхий даяар “Багшилдаг парадигм”-аас “Суралцдаг парадигм”-д шилжиж байна. Тэгэхлээр багш гэж ярих нь ч бас өөр илүү өргөн утгатай болно.

    “Багшлах биш ээ, гол нь суралцах.” Багшлах гэхээр тэр нэг багш гэх хүнийг онцлох бол суралцах гэхээр багш, суралцагч хоёулаа хамт орж ирнэ.

    Багш нь бас суралцана. Эдүгээ заримдаа сурагч нар маань багш нараасаа хол илүү болчихоод байна. Би гэхэд л шинэ технологитой холбоотой, гар утас, интернет гээд ирэхээр ач нараараа заалгадаг боллоо. Би ач нартаа шавь оржээ. Ингэхээр хэн нь багш хэн нь шавь болох асуудал ээдрээтэй болно, хоёулаа л суралцаж байгаа юм чинь. Технологийн шинэчлэлийн хурдыг гүйцнэ гэдэг залуусын л ажил юм. Орчин үед ЗААДАГ багш бол багш биш гэх болсон. Гэтэл манайхан тувт заасаар. Бас суралцдаггүй багш бол багш биш болсон. Мэдээ, мэдлэг дамжуулдаг багшийн үе ард хоцорлоо. Багшлахуйн шинэ парадигмын гол агуулга нь: Багшид өсөж дэгжих эрх чөлөө өгөх, өрсөлдүүлэх, багшийн стандартыг байнга чангалж сайжруулах, тэгээд багшийн чадамжийг хөндлөнгөөс нь тогтмол үнэлэх, ЕБС- ийн захирал нь сургуулийнхаа багш нарыг чадамжийн оноогоор нь эрэмбэлэн цалинжуулдаг байх, ЕБС-ийг чөлөөт өрсөлдөөнд оруулах чигтэй байна. ЕБС-ийг төдийгүй их сургуулиудыг ХХК хэлбэрт ойртуулах боллоо. Бидний өмнө Монгол хөрснөөс ургасан, дэлхийд гайхагдсан БАГШЛАХУЙН ШИНЭ ЗАГВАР боловсруулах ажил хүлээгдэж байна. МОНГОЛ БАГШ!!!

    “Монгол багш” гэх дэлхийд тэргүүлж, бусдад гайхагдсан ЗАГВАР-ыг бид боловсруулж чадах болов уу?

    ЧАДНА, чадна. Чадахгүй ээ, хэцүү байх, бусдаас л зээлдье гээд өөрсдийгөө доош хийгээд ухраад байвал чадахгүй л дээ. Харин чадна, чадах ёстой, бид тэргүүлэхгүй юм бол тэгээд хэн тэргүүлэх юм гээд зүтгэвэл чадах л болно. Монголчууд бидэнд тэгж зүтгэх, зүтгэсэндээ хүрэх суурь нөхцөл байна. Дэлхийн хамгийн том тархийг монголчууд бид л эзэмшиж буй. Тэгээд л болоо, бусад нь дандаа хоёрдогч зүйл.

    Багш нь эдүгээ өндөр хөгжилтэй орнуудад хамгийн нэр хүндтэй, хамгийн сайхан мэргэжил болжээ. Орчин үеийн багш гэдэг чинь суралцахуйн дизайнер болсон. Тэрээр шавь нараа суралцахуйд хэрхэн сургах арга зүйг эрж хайж, олдог, хүүхэд бүрийн хөгжлийн замын зургийг гаргаж хөтөлдөг, тулгарсан асуудлыг томоор загварчлан харж чаддаг нэг ёсны чиглүүлэгч менежер юм.

    Манай бүх шатны сургуулийн багш нарыг ийм дизайнер менежер багш болгож болно. Монголчууд дээрхийн гэгээнтэн ДАЛАЙ багш гээд мөргөөд сөхөрч унаад сүйд болдог. Данзанжамц бол жирийн л хүн, гэхдээ ухаалаг. Тухайн жилд төрсөн хөвгүүдээс шалгаад олчихсон учраас 1Q нь гайгүй байж таарна. Данзанжамц шиг хэмжээний сэтгэдэг багш Монголоор дүүрэн. Тэгэхлээр Данзанжамцыг шүтэх биш, харин түүнээс сурах ёстой. Багш бүр өөрийгөө Данзанжамц гэж бодох учиртай. Монголын бүх багшийг Данзанжамц шиг болгоно гээд ДИЗАЙНЕР БАГШ ГЭХ ХӨДӨЛГӨӨН зохион байгуулж яагаад болдоггүй билээ. Болно, гол нь зориглоод хийх. Манай энэ тор монгол хүндээ үнэнхүү халтай, тэдэндээ итгэхгүй, тэднийгээ амьгүй боол гэж бодох юм аа. БШУЯ ядаж багш нартаа итгэж болмоор доо. Тэднийгээ уриалаад хөдөлгөхсөн.

    Мэдээ, мэдлэг дамжуулдаг багшийн үе өнгөрлөө гэв үү?

    Монголын багш нар суралцагчиддаа мэдээ мэддэг дамжуулдаг, өөр хийх ажилгүй шахам байна. Эцэг эхчүүд бас үүнд ихэд дассан. Тэд хүүхдээсээ өнөөдөр багш чинь ямар мэдээ заав, түүнийгээ л сайн цээжлээрэй, тогтоогоорой гэдэг Нийгэм бүхэлдээ ийм болсон.

    Доод эрэмбийн мэдээ, мэдлэг бол хүний тархинд маш хортой. Түүхэн мэдээ ихэд үнэд орлоо, сүүлийн 30 жилд. Гэтэл мэдээ ялангуяа түүхэн мэдээ, хэрүүлэн мэдээ, эгэл мэдээ бол хор, хог юм.

    Хог идэн тархи өөрөө хог болдог. Бид шинжлэх ухааны мэдээ, мэдлэг хоёрыг ялгаж салгаж ухаарах ёстой юм л даа, уг нь. Мэдээ, өгөгдөл чинь хэрэгтэй газраа л хэрэг болно. Түүнийг хүн бүр тогтоох ямар ч шаардлага байхгүй. Мэдээ төдийгүй мэдлэг нь өөрөө дотроо эрэмбэтэй болсон. Доод эрэмбийн мэдээ, мэдлэг бол хүний тархинд маш хортой. Түүнийг хар тамхитай зүйрлэж байна. Хүн хар тамхинд донтдог шиг доод эрэмбийн хогон, хоосон, эгэл түүхэн мэдээнд бас донтоно. Бүр гарч чадахгүй болтлоо дотоод, түүндээ уусаад, тэгээд хүн биш болно. Тархи нь ӨМХИЙРНӨ. Огтоос сэтгэхээ болино. Уртхан өгүүлбэр хэлэхэд л учрыг нь ойлгохгүй хоосон хоцорно. Тэднийг оюун сэтгэлгээний талын судлаачид ДООД ТӨРӨЛТӨН гэсэн ангилалд оруулдаг. Эндээс Монголын боловсрол жирийн сайхан монгол хүүхдийг доод төрөлтөнд хөөн оруулдаг ажгуу гэвэл арай хатуудах уу, яах уу? Би үүнийг багш нартай холбож хэлэв ээ. Манай багш нар нэгийг бодох байх аа.

  • АРАВДУГААР БОГД.

    Миний бодоход дээдлэх гэсэн утга оршдог байх.Тэгэхээр юуг нь дээдлэх гэсэн ойлголт урган гарах нь дамжиггүй.Тийм ээ, чухам юуг нь дээдлэх юм бэ?. Дээдлэх гэдэг нь хүмүүний ухамсарт хүлээн авахын угтал эрмэлзлэлийг төрүүлэх байх.Тэгээд чухам юуг нь дээдлэх юм бэ?.Энд л олон олон асуудал,асуулт,хариулт,тайлбар орших биз ээ.Тиймээс энэ чиглэлд л зориулж өөрийн бодлоо бичихийг хүслээ.Хүмүүсийн хэрхэн бодох,хүлээж авахыг үл харгалзан бичиж байгааг минь болгооно биз ээ.

    Ер аль ч шашин эцсийн утгандаа бүгд л хүмүүнийг сайн сайхан,зөв ойлголтоор амьдраасай гэсэндээ сургаал номлолоо гаргасан гэдэгт хэн ч маргахгүй байх. Гэтэл яагаад өнөөдөр минийх зөв,чинийх буруу,бид үнэн та нар худал гээд маргалдаад нанчилдах нь нанчилдаад,дайтах нь дайтаад байгаа юм бэ? Нөгөө энэрэх нигүүлсэх,далд ертөнцөд жаргалтай байх замыг заагчид өөрсдөө талцдаг тулалддаг,гүтгэдэг,хулгайлдаг муу бүхнийг хийдэг болчихсон байна вэ?. Яагаад . . .
    Тэгвэл өнөөдөр юу нь үнэтэй гээд түүнтэйгээ зууралдаад,чаргуудалцаад байдаг байна аа. Яагаад . . .
    Шашин засгийн эрх мэдлийн төлөө үйлчлэх болсон цагаасаа л гажуудаж эхэлсэн. Мяндагтангууд нь эрх мэдэл,зоорьтой болохыг эрмэлзэж,засаг барьдаг хүмүүсийн гарыг атгасан тэр цагаас сургаал нь засагдаж явсаар,үйл нь нууцлаг болсоор,үйлдэл нь хуурамчаар халхлагсаар өнөөг хүрч ирсэн.Тэгээд өнөөдөр бүгд түүндээ үнэмшээд,эргүүлэгнээсээ гарч чадахаа больсон байна.
    Юун тэр анхны сургааль,бүр холоо тойрог таягдсан болжээ.Одоо хүний ухамсарт шинэчлэл хийж чадах тийм урсгал байхгүй болжээ.Нийт дунд нь хийсэн дүгнэлт нэг иймэрхүү.

    Тэгвэл миний Монголд минь хэрхэн өрнөсөн байх вэ?.Буддагийн сургаал гажуудсан тэртээ цагт Зонхов гэгч нэгэн хүн шинэчлэл хийсэн нь хүчээ авчээ.Түмэдийн Алтан хаанаар дамжин өнөөгийн хэлдэг төвд Монголд нэвтэрч,зарим нь Хувилай хааны үед гэх байх гэвч энэ биш,тухайн үед газар аваагүй.

    Түүнээс хойш Монголын маань олон оюунт өвгөд энэ шашинд оюуны бүтээлээ оруулсан ч нэгэнт замаа алдаж байсан ч Төрбайхын үеэс улам гаарсан.Түүнээс хойш гарцгүй болсон харагддаг.Одоо яахав,Буддын гэдэг нэрний халхавчин дор амь зогоож,арай ядан амьсгалж байгаа нь үнэн.Гэтэл Монголчууд бид шатрын тоглоомын хүүхэлдэй болсоор,санхүүгийн ивээн тэтгэгч болсоор,мухар сүсгийн бамбай болсоор өдий хүрч ирсэн ч мөн л 10 – р богд тодруулж,өөрийн хөлөг онгоцгүй далай руу шунгах гэж байна.Өөрийн хэлгүй,өөрийн оюун санааны бодлогын төвгүй,өөрийн суурь ойлгомжгүй тийм үндэстний шашин байдаг юм уу?. Төвд буддын сургаалийг өөрийн бон бөөтэйгөө хольж,өөрийн хэл дээрээ суурилж тусгаж авсан.Бидэнд тэгвэл юу байна.Ганжуур,данжуурын хэдэн зуун ботийг орчуулан буулгасан ч эх хэл маань хаачив.Түүнийг Монгол ухаантайгаа холиод,оюуны бодлогын төв болгосон нь хаана байна.Одоо ийм харанхуй явахаа больцгооё ахан дүүс минь.Шүтэх,эс шүтэх нь та бүхний эрх хойно гуйхаас өөр яана гэж.

    МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн Танхай.