Category: Нийтлэл, ярилцлага

  • Эмэгтэй хүний энерги хэрхэн сэргэдэг вэ

    5. Дуу аялж, заримдаа чанга дуулж бай.
    6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч хоолыг хэнээс ч дутахааргүй хийдэг бол гайхамшиг биш гэж үү. Өөрөө жор зохио. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр юм.
    7. Гол нуур далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүний ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.
    8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.
    9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.
    10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрэв та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид ч сар, жилээр нь гаргадаг болж болно.
    11. Эрүүл зөв хооллолт. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.
    12. Сайн сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэх мэдээлэл бүхий ном сэтгүүл унш. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.
    13. Номын дэлгүүрээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодог уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалж алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.
    14. Явган зугаалгад цаг гаргаж бай.
    Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсч үзсэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна гэж төсөөлж болно. Үнэнээсээ сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.
    15. Амьтан тэжээ, эсвэл цэцэг тарьж болно. Амьдрал сонирхолтой болно.
    16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлаггүй.
    17. Hайз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энерги солилцоно.
    18. Иогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энерги хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайн бүхнээ бусдад түгээх чадвартай. Иогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.
    19. Буян үйлдэж бай. Их бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу, өлссөн хүмүүсийг хооллож бай. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.
    20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу, эсвэл сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус, харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга.
    21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн, сайхан энергиэр цэнэглэж байна гэсэн үг.
    Эх сурвалж http://www.info.mn

  • “Орос хүнийг тэмтэрвэл татар яс цухуйна”

    бодит түүхийн улбаагаар замнахаар хөтлөх бүлгээ. Тэр явдлаас хожуухан 1237-1242 оны хооронд Бат хаан Дорнод Европыг байлдан дагуулж Алтан ордны улсыг байгуулсан агаад энэ улсын гол цөм нь Их Орос орон болов. Оросын их түүхч Лев Гумилев энэ талаар ултай судалж урьд өмнийн судлаачдын үзэл бодол, дүгнэлт хандлагыг үндсээр нь өөрчилсөн цоо шинэ ойлголтод хүрсэн юм. Тэрбээр бичихдээ: “Энэ бол ердөө л томоохон довтолгоон байснаас бус урьдаас төлөвлөсөн байлдан дагуулал биш байсан юм. Орост ч тэр, Польшид ч тэр, Балти орчмын болоод бас бус зах хязгаар нутагт ч монголчууд цэрэг суулгаагүй, хүн амыг нь байнгын алба гувчуураар дарамтлаагүй, ван гүнгүүдтэй тэгш бус гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Тийм болохоор “Харийн түрэмгийлэлд автсан боловч дийлдэшгүй Орос орон” хэмээх ойлголт үнэнд нийцэхгүй” гэсэн байдаг. Түүний үзсэнээр бол эртний Орос орныг хуваан салгасан нь Монголын язгууртнуудын засгийн эрхийг авсантай холбоотой агаад үүнд тухайн үеийн Орос орны нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна. Тухайлбал: Невийн Александр ван Зүүн хойд Оросын ноён болж, харин түүний дүү нь Галицын (одоогийн Украйн Я.Г) ноён Данилтай хамсаатан болсон бөгөөд тэрээр Европтой холбоо тогтоон Монголыг эсэргүүцэхээр төлөвлөж байсан гэдэг.
    Оросын хувьд чингэх нь бараг үлгэр мэт байсан монголчуудыг ялсан тохиолдолд ч үгүйрэл хоосрол л нүүрлэх байсан бөгөөд Оросын газар нутаг дамнан их дайн дэгдэж, католик шашинд автан уусч, үндэсний соёл уусах байсан төдийгүй Балтийн хавь газар нутгийн адилаар Новгород, Владимирийн нутаг рыцарийн загалмайтнуудын эзэмшил болох байжээ.
    Новгородын их ван, Невийн хэмээн алдаршсан Александр эл бүх нөхцөл байдлыг ухаалгаар шийдэж, Орос дахь Алтан ордны улстай холбоо тогтоох замаар Орос орныг дээрх болзошгүй аюулаас аварсан байна. 1251 онд Александр ван, Бат хааны ордонд бараалхаж нөхөрлөн, хааны хүү Сартагтай ах дүү бололцон хүж барилцаж, улмаар Бат хааны өргөмөл хүү гэгдэх болсон түүхтэй. Чухам яг энэ үед буюу 1251 оны өвөл Ладог нуурын дэргэд болсон их тулалдаан Орос орны цаашдын хувь заяанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Герман, Швед, Норвег, Литов зэрэг Европын холбоотон улсуудын загалмайтны их цэрэг Оросыг эзлэхээр ээлжит удаагаа довтолж ирэхэд Невийн Александр, Бат хааны жанжин Неврюйн хамт Ладог нуурын хөвөөнд угтан байлдаж, хиар цохисныг өдгөө түүхнээ агуу их тулалдааны зэрэгт тооцон хэлэлцдэг, түүнээс хойш Александр ванг Невийн (Невскийн) хэмээн алдаршуулсан болой.
    Орос нутгийн тэсгим хүйтэн өвөл хотонд гэтсэн чоно мэт довтолсон үй түмэн загалмайтан цэрэг хүч түрэн уулгалан ахуйд хур дэлтэй, намхан чийрэг морьд унаж, махир сэлэм далайн, өдөт сумаа шившин уухайлсаар, живэр сахалтай, үнэгэн малгайтай, бүргэдийн нүдэт татар монголчууд хуй салхи мэт, тэнгэрийн элч мэт довтолгон орж харийн дайсныг хиар цохин, нуурын цэл хүйтэн усанд үй олноор нь живүүлж буй тухай “Александр Невский” гэдэг түүхэн баримтат киног чухам яг Германчууд Оросыг довтолсон 1941 онд Зөвлөлтөд бүтээсэн нь тохиолдлын төдий хэрэг биш ээ.
    Учир юун хэмээвээс 1251 оны тэр түүхт тулалдаанаас найман зууны хойно монголчууд Оросын ард түмэнд дахин гар сунган тусалсан билээ. Харин энэ үед Евразийг дамнан оршсон Монголын их гүрэн хэдийн үгүй болж, Монгол орон туйлдан доройтсон байлаа. Гэвч яс махаараа нийлж, зүрх сэтгэлээрээ нөхөрлөсөн монголчууд хамгийн түрүүн Орос ах нартаа хүч хавсран тусалсан юм. Энэ удаа “Богатырь” хэмээгдсэн талын баатар эрэлхэг дайчид очсонгүй, харин эсгий гутал, нэхий бээлий, дээл дах, хоол хүнс, алтан бөгж, сувдан ээмэг… богоон богооноор умрыг чиглэн “Ах дүү зөвлөлтийн улаан армид“ гэсэн хаягтайгаар довтолгож байлаа. Бас гайхамшигтай нь найман зууны тэртээд Евразийн уудам тал нутгийг хэдхэн сарын дотор Хан Хэнтийн сугаас Хар тэнгисийн хөвөөнд хүртэл довтолгон туулж асан хур дэлтэй, чийрэг биетэй намхан монгол морьд сүрэг сүргээрээ богоон богооноор ачигдаж… домогт Будённийн морин хороонд гологдон шилэгдэн давхилдаж, дорнод Европын их балчиг намагт их буу чирэн унгалдаж, бас цэргийн гал тогоонд … сүүлчийн амьсгалаа хурааж байсан юм.
    Нэхэн санахул, Аугаа эх орны дайнд мөнөөхөн “богатырь” хэмээгдсэн баатар татар монголчуудын үр хойчоос олон олон жинхэнэ богатырууд эрэлхэг дайчин дээдсийн, яс маханд шингэсэн халуун сэтгэлээр амиа зориулж зориулж байсан нь тэд бол мөнөөх 13 дугаар зууны монголчууд, бас татар хэмээх нэрийг маань өвлөн авсан халимаг, балкар, башкир, кабардин, чечень, ингуш, киркиз, казах, узбек, буриад, авар,… “герой” нар байсныг хэн ч эс маргах буй заа. Өрнө дахинд монголчуудыг татар нэрээр нь түлхүү хүлээж авсан юм. Харин цагийн уртад татар нэрээр Алтан ордны улсын ази гаралтай, лалын шашинт хүн амыг нэрлэх болсон билээ. Бидний өвөг дээдэс бусдад алдар нэрээ үлдээн, өөрсдөө тэдэнд уусч цусыг нь сэлбэсэн түүх цөөнгүй. Гэвч энэ тухай жич өгүүлэх болно.
    Төр улсын болон гэр бүлийн элдэв учир шалтгаанаар татар монголын дээдэс язгууртнууд бүр Невийн Александрын үеэс Орос оронд тархан суурьшиж эхэлжээ. Тэд үнэн алдартны шашинд орж, орос эхнэр аван Шинэ Орос эх орондоо үнэнч тахимдуу зүтгэсэн юм. Тэд ганц хоёроороо биш олуулаа, зарим нь бүр нөхөр цэрэг, хүлэг баатдынхаа хамт очиж сууцгааснаас монгол, оросынхон зөвхөн дээдсийн хүрээнд төдийгүй эгэл доодсын зиндаанд ч цус холилдон нийлсэн гэсэн үг ээ. Оросын их түүхч Лев Гумилев энэ тухайд гүнзгийлэн судлалгүйгээр сонирхон шүүрдэж, монгол гаралтай вангийн 92 удам, бояр ноёны 50 удам, гүнгийн 13 удам болоод 300 гаруй эртний язгууртан удмын бүртгэл гаргаснаа чинагш бас олон үлдсэн, харин язгуур угсаагүй эгэл татаарын удам бол хэдэн мянгаар тоологдоно гэж бичсэн байдаг.
    Монгол язгуурт энэ олон удам угсааныхан хоёр гурав дахь үеэсээ л жинхэнэ орос үндэстэн болон өсч хүмүүжиж, олон зууныг элээх Орос эх орондоо төдийгүй дэлхий дахинд суурьшсан суутныг цөөнгүй төрүүлжээ. Тэдний дотор шинжлэх ухааны салбарт л гэхэд алдарт эрдэмтэн Менделеев, Мечников, Павлов, Тимирязев, түүхч Кантемир (Гантөмөр), Карамзин, туйл судлаач Челюскин, Чириков, утга зохиолын ертөнцөд Достоевский, Тургенев, Державин, Языков, Давыдов, Куприн, Булгаков, тэр ч бүү хэл Лев Гумилевын төрсөн эх Оросын суут яруу найрагч Анна Ахматова хийгээд бас бус олон нэрт зохиолч яруу найрагч байдаг ажээ. Ертөнцийг донсолгогч Улъянов-Ленин ч татар угсааных бөлгөө. Цаашлаад урлагийн тэнгэрт алдарт бүжигчин Анна Павлова, Уланова, алдарт жүжигчин Ермолов, Каратыгин, хөгжмийн зохиолч Скрябин, Танеев, зураач Шишкин нарыг дурдсу.
    Татар монголын удмаас Орос оронд хоёр хаан Борис ба Федор Годунов заяаж, таван хатан хаан, тэдний дотор Их Петрийн эх Наталъя Нарышкина мэндэлжээ. Авъяаслаг баатад, жанжид болоод эх орны дайны эрэлхэг дайчид, генерал маршалуудыг тоочихын эцэсгүй олон тул үүгээр цэглэсү. Тэгэхлээр Орос орныг хүчирхэг гүрэн болох үндсийг тавьсан агуу их нэгдүгээр Петр хаан ч татар цустай байх нь. Дорно дахины анагаах ухаанд “Хүний ясыг эцэг бүрдүүлж, цусыг эх өгдөг” гэж үздэг. Үнэхээр ч Орос хэлэнд “Орос хүнийг тэмтэрвэл татар яс цухуйна” гэж нийтэд түгсэн хэлц үг байдаг нь санаанд орсон санамсаргүй үг ч биш ажээ! Хамт суралцаж байсан оросуудтай нийлэн ярилцаж суухад тэд “Бидний удамд монгол цус бий. Өвөг дээдсийнхээ удам угшлыг хөөн үзэхэд заавал монголтой холбогддог” гэж ярьдаг байж билээ. Орос үндэстний тухай энэ хэмжээнд авч үзэж болох бол Хятад үндэстний хувьд ч үүнээс дутуугүй түвшинд авч үзэх боломжтой, арвин их судлагдахуун бий.
    XIII-XIV зууны үеийн Монголын байлдан дагуулал, цаашдын ноёрхол нь олон улсын нийгмийн хөгжил төлөвшил, угсаатан үндэстнүүдийн төвлөрөл хувьсалд зохих хэмжээгээр нөлөөлсөн юм. Энэ үед тогтсон “Рах Mongolica” буюу Монгол маягийн энх тайвны үр дүнд ази, европын олон улс орон нийгмийн харьцангуй шинэ түвшинд хүрч, өрнө дорнын соёл иргэншлийн аль алинаас нь өвлөн хүртэж, эв нэгдэлгүй, тархай бутархай байсан аймаг ханлигууд эвлэлдэн нэгдэж, чингэснээрээ угсаатны томоохон нийтлэг хэлбэрүүд төрөн гарахад хүргэсэн юм. Тухайлбал Хубилай хаан Хятадад ноёрхон суугаад олон шинэчлэл, хөгжилд хөтөлсний дотор засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийснээр Хятадын өнөөгийн муж аймгийн бүтэц үндсэндээ бий болсон бол Л.Н.Гумилёвын дүгнэснээр “Алтан ордны улсын нөлөөгөөр Орос орон, Византийн өндөр соёл, татарын гарамгай эр зоригийг өвлөн авч агуу их гүрний зэрэгт хүрсэн” авай.
    Энэ бүхнийг нэгтгэн дүгнэж үзэхэд монгол үндэстний оршин тогтносоор ирсэн амин чухал, хамгийн гол нэгэн хүчин зүйлийн тухай ойлголт гарч ирж буй нь “Төв Азийн эртний нүүдэлчин угсаатнууд, түүний дотор Монгол бол эрчимт үндэстэн мөн” гэсэн дүгнэлт. Тиймээ, Монгол бол эрчимт үндэстэн ажгуу. Эрчимт үндэстний нэг шинж бол эрчимт хүчээ бусдад өгөх, бусдад алдах үйл явц явагдаж байдаг байна. Үүнийг уусах, уусгах, цус холилдох, эрлийзжих, цус сэлбэлт гэж нэрлэдэг. Өөрөөр бас эрчимт хүчээ бусдад шимүүлэх, бусдын эрчимт хүчийг шимэх явдал гэж нэрлэж болно. Энэ үйл явцтай холбоотой ойлголтоос цааш ургуулан өөр нэг ойлголт гарч ирэх нь Шимэгч үндэстэн хэмээх ойлголт болой. Тийм ээ, шимэгч үндэстэн. Түүхээс үзэхүл Төв Азийн нүүдэлчин угсаатнууд, тэдний нэг болсон Монгол нь эрчимт үндэстэн, харин Орос, бас Хятад бол шимэгч үндэстнүүд юм. Энэ ойлголтыг мөхөс миний бие ерээд оны дунд үеэс хойш судалж, томьёолж ирсэн агаад өдгөө энд анхлан уншигчдад хүргэж байна. Эрчимт үндэстэн гэж байдаг бол Шимэгч үндэстэн байж таарна. Гэвч энэ тухай дараагийн удаад дэлгэрэнгүй өгүүлсү.
    Түүхийг түүхчид бичдэггүй, хүн төрөлхтөн өөрөө туурвидаг. Харин, түүхчид түүхийг судлан “цэцэрхдэг” болой. Тэгэхдээ өнгөрсөн түүхийг хэрхэн буй аснаар нь, бодит үнэнээр нь судлан тодотгож, үнэлэн дүгнэснээр нь тухайн түүхчийн, түүхийн өмнө хүлээх нүгэл буяны дэнс нь хөдөлдөг буй заа. Чөлөөт сэтгэлгээ, олон эшт үзэл хөгжсөн өнөө үед Монголын түүхийг үгүйсгэх, голж чамлах, хоцрогдсон дорой буурайгаар нь онцгойлон муулах үзэлтэн бодлоготон гадаадад ч, дотоодод ч байсаар байна. Тэд “Нүүдлийн соёл иргэншил гэж юу байсан юм, Чингисийн Монгол гэж юу юм? хэмээн элдвээр үгүйсгэн цэцэрхэж байгаа нь харамсалтай. Түүх бол өөр юу ч биш, түүх л билээ. Түүхээр өнөөдөр хүн амьдрахгүй, гүрэн хөгжихгүй. Харин түүнийг бодит үнэнээр нь сэргээн тодотгож, чин шударгаар үнэлэн цэгнэж, хойч ирээдүйн үе үеийнхэнд сайтар ухаж мэдүүлэх учиртай. Нэн ялангуяа өнөөгийн Монгол мэтийн бууран доройтсон бага жижиг улс үндэстэнд үндэсний бахархал, үндэсний үзэл хүчтэй байж гэмээнэ хүчирхэг олон улсын хүрээлэлд оршин тогтнож чадах болно. Үүнд өвөг дээдсийн баатарлаг түүхийн бахархал, мэдлэг л тус болно. Тиймээс, түүх түүхээрээ л үлдэнэ ээ.
    Өнөөдөр зарим улс, үндэстэн эртний угшилт их түүхтэй болох гэсэн хэтийн зорилго агуулахдаа Монголын түүхийг булаах гэж улайм цайм зүтгэж, монголчуудын өндөр дээд өвөг дээдсийн намтар цадигийг эрээгүй үгүйсгэн өөрийн болгох гэж оролдох боллоо. Тэр бүхнийг тоочихын аргагүй. Харин бид тэр бүхний өөдөөс хатуу зогсч монгол үндэстний мөнхийн гал голомт болсон энэ газар нутаг дээр болж өнгөрсөн, энэ газар нутаг дээр аж төрж асан өвөг дээдсийнхээ бичиж үлдээсэн агуу их түүхийн эзэн байхын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх учиртай болж байнам. Ганцхан жишээ хэлэхэд, 13 дугаар зууны үеийн монголчууд бол өнөөгийн монголчууд биш, эдний хооронд ямарч холбоо байхгүй, хоёр өөр ард түмэн байсан, бараг л европ маягийн хүмүүс байсан, Чингис хаан бол орос, казах, түрэг, солонгос… гэх мэт зориудын яриа өгүүлэл, дүгнэлт таамаглал үзэгдэх болжээ.
    Жижиг улс, үндэстэнд маш хүчтэй дархлаа байх ёстой. Тэгж байж даяаршлын энэ эрин үед олон сая, олон зуун сая, тэрбум хүн амтай улс гүрнүүдийн хүрээлэлд, тэдний хүчтэй нөлөөлөл дор тэсч үлдэж, оршин тогтноно. Тэдгээр дархлааны дотор хүн амын тоо, хөгжлийн түвшин, баялгийн эзэмшил, сан хөмрөгийн нөөц хадгаламж, соёл иргэншлийн онцлог багтдагийн нэг нь өнгөрсөн түүх юм. Эхний үзүүлэлтүүд нь Монголд бараг байхгүй. Бид хүн ам цөөхөн, тийм болохоор 3 сая гэдэг энэ тоо үндэстний хувьд аюулгүй байдал, оршин тогтнохуйн баталгаа, дархлаа болж чадахгүй. Зуун сая хүн амтай улс хүн амын өсөлт зогслоо, төрөлтийг хөхиүлэн дэмжье гэсэн бодлого хэрэгжүүлж байхад Монгол Улс өнгөрсөн зууны ерээд онд үр хөндөлтийг чөлөөтэй болгосноор наад зах нь 1 сая хүнээ “егүүтгэсэн” гэх тооцоо бий. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэж үг байдаг. Уг нь монголчууд хэчнээн ядарлаа ядарлаа гэхэд төрүүлсэн үр хүүхдээ тэжээж өсгөх чадалтай.
    Хөгжлийн түвшин дэлхийн хөгжингүй улс орнуудаас хол хоцорсныг илтгэдэг. Баялгийн эзэмшлийн хувьд Монгол орон асар их баялагтай боловч дам утгаар нь авч үзвэл монголчууд, Монгол Улс баялагтаа эзэн нь биш. Бид баялгаа дангаараа боловсруулан эзэмшиж чадахгүй, тийм болохоор гадныхан манай баялагт эзэн суудаг. Алт, валютын нөөц гэх юмгүй. Бидэнд ганцхан түүх л байна. Гэтэл ганцхан дархлааг маань бусад хүн булаах гэж оролдох боллоо. Үүнд бид анхаарахгүй бол өөр хэн анхаарах юм бэ? Төр засаг бодлогоор анхаарахгүй бол бусдын төр засаг бодлогоор булаах нь байна.
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Я.Ганбаатар.
    1998, 2018 он.

  • Ирж яваа цаг

    Харин шинжлэх ухааны үндэслэл дээр хийсэн зөгнөл бол ирээдүйд болох, болж мэдэх хэрэг явдлыг нилээн үндэслэлтэй, заримдаа үнэн болж хувирах хэмжээг хэлж чадах юм.
    Буцаж буй өнөөдөр
    Өчигдөр дээр өнөөдөр, өнөөдөр дээр маргааш үндсэлдэг хэрэг явдлыг хүн өөрөө үйлдэж, өөрөө ашиг болоод хохирлыг нь үзэж сургамж авдаг билээ. Үүнийг хоёрхон буюу хорь, хорин нэгдүгээр зуунаар тоймлоод бодоод үзье.
    Хорьдугаар зуунд хүн юу олов?
    -Агуу их нээлтүүдийг хийв.
    Үүнд:
    • а. Гелийн хэт урсгал чанар
    • б. Металийн хэт дамжуулах чнар
    • в. Квантын цахилгаан динамик хромодинамика
    • г. Хоосон зай вакум цахилгаанжилт султай модель
    -Агуу их эрдэмтэй болов.
    • а. Нильс бор, Эйнштейн
    • б. Улс төрд Карл Маркс, Ф. Энгельс, В. Ленин
    • в. Жүжигчид Чарли Чаплин, Аркадий Райкин, Мейланьфан
    -Тахин шүтэгдсэн удирдагчид
    • а. И.Сталин. Гитлер
    -Дэлхийн хэмжээний дайн
    • а.хоёр удаагийн
    • б. Цуврал хувьсгалууд
    • в. Намчлал / партократия/
    • г. Ардчилал / демократия/
    -Хүн хүнийхээ эсрэг зэвсэглэв.
    • А. Цөмийн болон улс төрчийн бөмбөг
    • Б. Химийн элдэв хорнууд
    • В. Зөвхөн II дайн 80 сая хүний амийг аваачлаа.
    Нийгмийн спид өвчин дэлгэрэв. Удирдагчдаа дахин шүтэх зангаасаа салцгааж эхлэв. Эв хамтын нийгэм буй болгох орлолдлого бүдрэв. Өнгөрөн одож буй өчигдөр маань өв хөрөнгө үлдээгээд явчихлаа. Явчихлаа ч гэж сүнс сүлд нь тасраагүй л байна.
    • Эрин зуунаа манай гэж тоолох болсныг 700 дахь жилд төмрийн үе буюу төмөр эзэмшиж эд хэрэглэл зэвсэг хийх болсон ололтын эхэн
    • 1500 дахь жил нь эхлэхэд газарзүйн шинэ нээлт хийцгээж, анхны үйлдвэржилт сууриа таввсан цаг. Бас ном хэвлэж сурсан үе юм.
    • 1830-1840 он гэхэд усны уураар болон цахилгаан эрчим хүчээр юм хийж сурсан цаг.
    • 1950 он болоход анхны цахилгаан тооцоолох машин улмаар цахим компьютер хийж эхэлсэн хэрэг. Мэдээллийн Хувьсгал гарч эхэлсэн нь тэр. Мэдээллийн зуун гаргахын дохио болсон юм.
    Орон сууцны тухайд гэвэл Төв Азийн монголчуудаас шавар нухаж, тоосго чулуу наалдуулан хана босгож дээврийг төмөр, модоор хийж хажуу хананд нь цонх гаргаад энэ л загвараараа дөрвөн хананы дунд аж төрсөөр олон зууныг элээж, нэг дор овооролдон сууснаар тосгон, дараа нь хот болсон нь өнөө хүртэл өөр загвар олоогүй юм.
    Харин монголчууд бол тэс өөрөөр бодож, сүлжмэл бургасаар сараалжин ханыг босгон, дугуйруулан холбоод дээд ацанд нь модон унь суулгаж төв оройд нь тооныг модоор дүгрэглэн үйлдэж унины үзүүр сүлбэн тогтоож гэр болгоод өвөлд нь давхар эсгийгээр, зунд нь эсгийгээр бүрж өвөрмөц сууцтай олон зууныг дамжин аж төрсөөр.
    Гэрийнхээ тооноор ямагт дээд тэнгэрийг харж, /эхээс дөнгөж төрөх цагаас/ цэвэр агаараар дутахгүй бас бороо орвол налуу дээврийг нь даган доош буудаг ус нь дусаал болон дотогш нэвтэрдэггүй, ачаалаад нүүхэд хөнгөхөн.
    Угсраад барихад хэдхэн хором хэрэгтэй онцлог орогнолтой болсоор хэдэн мянганы нүүр үзэв.
    Шавар байшинд суугчид эрүүл агаар агаар дутаж, нэг газраас өөр тийш шилжих боломжгүй байсаар нэг дор олон шавар тагз барьж цогц болсон нь өнөө ч хэвээр. Тийм сууцыг нүдээр үзэж биеэр мэдэрсэн Монгол их эзэн Чингис хаан “Шавар тагзанд шавааралдваас Монгол Монголоо алдмой” гэж захисан билээ.
    Орчин цагийн их соёлжсон гэгдэх Европ, Африк, Америк, Австрали,Азийнхан хорин нэгдүгээр зууны эхэн цагаас хотожсон амдьралд уйдаж,бас бие бялдарт нь сайн бус нөлөө ихтэй тул дэлхийн томоохон хотын чинээлгүүд нь зугтааж эхлэв.
    Хотынхон байгаль эхээсээ холдож, өнчирсөн хүмүүс.Өнчирлөөс зугтах хоёр арга байгаагийн нэг нь аялал жуулчилал юм.
    Хот гэдэг бол голын эргээс эхлээд зүлэгт талбай нь хүртэл асфальтан хучлагатай, хөхөө шувууны донгодох дуу, зүлэг ногооны анхилах үнэргүй алсын хараа нь, сонор сонсгол нь техникийн хиймэл дуу чимээнд аажмаар хөнөөгдөж дүлийрч, хараа мууддаг тийм орчин юм.
    Ийм аюултай орчноос зугтаж, түр ч гэсэн амсхийх шилдэг биш ч гэсэн боломжтой арга бол аялал жуулчлал гэдгийг 2000 онд 700 сая хүн жуулчилсан /давхардсан тоогоор/ бол арван жилийн дараа дэлхий даяар нэг их наяд тооны аялал жуулчлагчид бүртгэгджээ. Амсхийж, дэлхий ээждээ түр тэврүүлэх нөгөө арга нь түр зуурын зуслан юм.
    Харин монголчууд, ялангуяа малчид маань байгаль ээжийнхээ энгэрт, өвөр дээр нь эсгий гэрээс өөр тусгаарлагчгүй жаргасаар байгаа нь “шавар байшинд шавааралдваас Монголоо алдана” гэсэн өвөг дээдсийн сургаалийн нэг ач юмаа.
    Гэхдээ энэ сургаалийг умартаж хотожсон гүрнүүдийг хийрхэн дуурайсан мэтээр улсынхаа нийслэлд хүн амын тэн хагас нь шавааралдан бөөгнөрсөн, тиймд хүргэсэн эрх баригчдын лай ланчиг алхам тутамд тулгарч байх болсон нь хямрах, хоосрох, өвдөх, зовохын гол шалтгаан болж байх юм. Ядаж нийслэлээ “Улаанбаатар муж” болгож Төв аймагтай нэгтгэн том айлын хэмжээнд хүн амаа тараан байгуулах сан. /ийм саналыг дээр үед “ Дал” сонинд нийтэлж билээ./
    Өргөн чөлөөтэй, ариун сайхан нөхцөлд аж төрж байснаа дур зоргоороо орхиж эзгүйдүүлж нэгэн хонхорт монголчууд овооролдож байхыг нь хүн ам нь багтахгүй болсон гадна дотнын хуйвалдаан, үгсэл, түрэмгийлэлд хавчигдан нутгаасаа зугтаж дүрвэгсдийг хийх газраа эрж буй өрнөдийнхөнд “ хорхойсмоор “ түрээслэх юмуу бусад арга хэлбэрээр эзэгнэмээр,тийм төсөл хийе гэж Их британийн лордын танхимд яригдсан ч удаа бийгээс гадна АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга нь 3000 дүрвэгч манайхыг аваач гэж хэдэнтээ санал тавьсан гэдэг.
    Энэ маягийн санаархал цааш цаашдаа тасрахгүй байж мэднэ. Дэлхийн хүн амын өсөлт хүмүүсийн нас уртсах зэрэг үзүүлэлт бас умайн бус үр тээх мэтээс болж дэлхийн даац хүрэхээ байж ч мэдэх юм,
    Соёлжитын дотоод өвчин
    /Техник, шинжлэх ухааны ирээдүйн тухайд өөр бичлэгт бий/
    1. Соёлжилт нь гаднах сайн талаасаа биш дотоод сул тал нь аюултай.
    Үүнд:
    • А. хүчин чадал, зэвсэгтээ эрдэж дайн дэгдээх
    • Б. Олон улсын хэмжээний түрэмгийлэл / Африкт эхэлсэн/
    • В. Биологийн болон мэдээллийн түрэмгийлэл
    2. Соёлжилтын бүлэглэн хувиа бодох үйлдэл хүчээ авах
    Үүнд: хамтарсан бүлэг, /корпоративный/ эсвэл төрийн нэгдэлжилт /НАТО, СЭВ, Европын Холбоо гэхчилэн/
    1. Соёлжилтын дур зоргын мөлжлөг
    Үүнд: экологийн эзэрхийлэл/ ой мод, уул уурхай, газрын тос/нефьт/ усаар тоглох, цөлжүүлэх/
    Үүний зохицуулалт нь бүх нийтийн ойлголцол, харилцан хийх ухаалаг үйлчилгээ юм.
    Дотоод өвчин нь соёлтойгаасоо эхлээд бүдүүлэг улс орныг аль алиныг хэвтэрт оруулна. Хорин нэгдүгээр зуунаас хэтрэхгүй, одоо чхүндрээд байгаа энэ өвчнийг өөрсдөө анагаахгүй бол хүн төрөлхтөнг, өлгий болсон хорвоотой нь хөмрөх аюултай юм.
    Цөвийн цагийн муу ер нь хүний зан эвдэрч элдэв муу гэгдсэн бүхэн хөөрнө.
    Байгалийн баялгаа дотор гаднаас нь хайргүй хөнөөж, ан амьтныг нэдэрч, ДОХ,САРС гэгдэх өвчинд өөрсдөө нидрүүлж, архидах, завхайрах, мансуурахад автагдан ахиад “зэрлэгших” замд орно.
    Илүү зоригтой нь аврал эрж сансарт тэмүүлнэ. Гэвч сансрын ертөнцийг “сансарын бичиг” мэдэхгүйгээр зорих нь аврал биш аюулд хүргэж мэднэ.
    Гэвч сансар таг чиг. Эсвэл түүний мэдээллийг сонсох чих одоохондоо хүний толгойд алга байна.
    Цахимчлахын халдвар
    Хорьдугаар зууны дунд үе гэхэд л монголчууд “утсаар ярина”, “утас цохино” гэдэг яриаг дарга нараасаа анх сонсож билээ. Утсаар яаж ярьдаг юм болоо гэж эгэл малчид гайхаж байлаа. “Яахав, төмөр утас модон баганын оройгоор татаж үзүүрт нь тусгай чагнуур. Тэгээд хотоос аймаг, аймгаас сумын хүмүүс дэргэдээ байгаа юм шиг ярьдаг болж эхэллээ шүү дээ” гэж дарга нь тайлбарлахад сумын малчин ойлголгүй тасарч байлаа. Тэгэхээр дарга үнэмшүүлэхийн тулд “За би Баянхонгор аймгийн даргатай утсаар яриатхъя” гээд утасны аппаратаа авч нэг годгор юмыг нь эргүүлээд
    • Байна уу? Баянхонгороо? байна уу, Баянхонгороо гэж хашгирч байгаад
    Тэгснээ дуугаа намсгаж
    • Хантайшираас ярьж байна. Балган байна. Сайн уу, хө гээд л ярьж эхлэв.
    Түүнийг сонссон малчин өвөө бүр гайхаж толгой сэгсрэн:
    • Тэр холоос ярьж байгаа хэрэг үү? Гэхэд
    • Тиймээ. Шонд татсан төмөр утсаар…
    Утсаар ярина, утас цохино гэж ийм юм нэвтэрлээ шүү дээ гэж дарга нь баясахад өвгөн сая үнэмшив.
    Энэ явдлаас хойш хэдэн арван жил өнгөрөөд байтал ач хүү нь “цахимаар ярина” гэх нь тэр.
    Хотын хүн болчихсон, тэднийд өвөө нь айлчилж очоод байсан хэрэг.
    • Цахимаар ярина гэдэг чинь юу гэсэн үг вэ? Цахилгаанаар гэсэн хэрэг үү? Гэж өвөө нь лавлахад
    • Бараг л тиймдээ. Гэхдээ электроник юм л даа.
    За би таныг ирлээ гээд аавыг дуудаадхья гэж ач хэлээд нэг жижигхэн хар хайрцаг дээр хуруугаараа хэд хэд дараад “ За хэлчихлээ” гэв.
    • Дуугардаггүй юмуу гэж өвөө асуухад
    • Дуу муу хэрэггүй. Та хар л даа энэ шилэн нүүрэн дээр бичээстэй байгаа биздээ гэв.
    Өвөө нь тэр шилэн нүүрэн дээр байгаа бичгийг олж уншаад:
    • Одоо үүгээр чинь албаны ажил хэрэгтэй л холбоо барьдаг биздээ ? гэсэнд
    • Фейсбүүктэй хэн ч ярьж бичиж болно.
    Хүүхдүүд хүртэл фейсбүүктэй болж байгаа шүү дээ гэсэнд өвгөн
    • Юу? Писбук гэнэ үү? Гэхэд
    • Писбук биш Фейсбүүк. Нүүр ном гэсэн үг л дээ гэв. Энэ хоёрыг ингэж ярьж байтал хүүгийн аав маш ууртай орж ирэв.
    • Сайн юмыг заавал саар талаар нь ашиглах гэдэг энэ бүдүүлэг монголчуудаа яая даа байз гэж тэр гутлаа солих зуур үглэв.
    • Яачихав? Гэж өвөө нь товч асуухад
    • Өө, хүмүүжил соёлгүйгээ харуулах гэсэн юм уу нэг этгээд фейсбүүкээрээ л хүн доромжилж байхгүй юу? Бүр түгээмэл өвчин болох нь ээ гэж албан ажилтай хүү нь толгой сэгсрэв.
    … шинэ зууны эхний хэдхэн жилд Монголд цахим холбооны зүйл нэвтэрч эхэлсэн бөгөөд сайт, фейсбүүк, твитер, сошиал гэхчилэн олон хэлбэр төрх бүхий хэрэгслүүд нэвтэрсэн нь сайн хэрэг боловч “цахим шантааж” гэдэг урьд байгаагүй бас хяналт, зохицуулалтгүй,хариуцлагагүй бараг л “сэтгэцийн өвчний” хэлбэрт шилжээд байгаа нь гоцтой үзэгдэл юм.
    Зуун дамжин гол төлөв албан хаагчдад халдварлаж ирсэн партократия /намчирхал/ өвчнөөс салж ядаж байхад түүнээс ч түгээмэл, илүү халвартай цахим холбооны хэрэглэлүүдийн замбараагүй хяналтгүй, тэр тусмаа учир мэдэхгүй багачууд хүүхдүүдэд чөлөөтэй, бараг л тоглоом шиг хэрэглүүлсний тарьж буй олон гай, зовлонгийн зөвхөн нэгийг нь дурдвал “сэтгэцийн өвчин” болж байна.
    Манай хүн амын хүүхэд бага насныхан, залуучуудын олон хувь нь сэтгэцийн өвчлөлтэй, гажигтай 50 мянган хүний дөчин хувь нь тэд болчихлоо.
    Өөрийнхөө зургийг авч байнга нийтийн сүлжээнд тавьдаг болчихсон хүүхэд сельфист өвчинтэй болж буй хэрэг. Өдөрт дөрөв хүртэл удаа зургаа давтан тавьдаг бол тэр хүүхэд /хүн/ хэвийн бус байгаагийн илрэл гэж эмч, эрдэмтний дүгнэлт гарчээ.
    Фейсбүүк,твитер, инстеграммын муу нөлөө бас дээр нь Солонгос зэрэг гадаад улсуудаас бараг л хаягдал дээрээс кино авчирч Монголын телевиз, кино театраар өдөр алгасахгүй шахам цацдаг нь нэрмээс болж залуу үег сэтгэлийн хямралд оруулж байна.
    Энэ утгаар үзвэл АНУ-д дөрвөн минут тутам ТV-ээр хүчирхийлэл,аллагын айдас бүхий кино харсаар 18 нас хүрэхэд 100 гаруй тийм үзвэр үзсэн байна гэсэн мэдээг манайх сүүлийн үед бараг л гүйцэж түрүүлэхдээ хүрчээ.
    Гэтэл өнөөх эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч ийм хөнөөлийг зогсоох нь бүү хэл дургүйцэж сэтгэгдлээ илэрхийлж, үр хүүхдээ сэтгэхүйн бохирдлоос хамгаалах талаар хар цагаан дуугүй сууцгаах нь гайхалтай. Зүй нь тэд л сүрт жагсаал, цуглаан хийж ийм явдалтай юун түрүүн тэмцмээр юмсан.
    Уул нь Монгол улс “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай”,түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын/2002/ хөтөлбөрийг аль эрт гаргасан.
    Хаалгаар шагайж буй маргааш
    • “Орон бүхний пролетари нар нэгдэхтүн ” гэдэг уриагаа мартаж эхлэв.
    • Эв хамт /социализм/ “нийгэм журамт” /коммунизм/ гэдэг мөрөөдөл мухардаж, эв нэгдэлгүй, нийгмээрээ цурамгүй үзэгдэл тайзан дээр гарч эхлэв.
    • “Маргааш шиг ойрхон юмгүй. Яагаад гэвэл тэр ирж явна”.
    • “Сансарт ниснэ” гэдэг гэдэг маргаашийн хэрэг байлаа. “Цахим холбоо” тогтоно” гэдэг бас санашгүй зүйл байлаа.
    • Партикратия намчирхалаас илүү халдвартай Телекратия /зураглалт/ бараг л хүн бүрийн гарт атгаастай байх болов.
    • Анхаарах ёстой хүмүүс нь тоохгүй явсаар байтал нь “цахим сэтгүүлзүй” буй болж бодит сэтгүүл зүйн салбарыг бүхэлд нь татаж унагах зүг ойртоод байна. Соёлтой орнууд “цахим зурагчлалын” зохицуулалт хяналт хэдийнэ буй болгочихоод байна.
    • “Цахим бичлэгүүдийг” хувь хүн дур дураараа элдэвлэн түгээж байгаа нь нийгмийн сэтгэлгээнд буруу хазгай ташаа бас санаатай заналхийлэл, дарамтлал буй болгох мөн гүтгэлэг доромжлол хов живийн “чөлөөтэй нүх сүв” хэмжээнд хүрснийг анхаарахыг үндэстний эрх ашиг шаардаж байна.
    • Цахим дайн хэдэнтээ болох шинжтэй цаг үе эхлэвэй.
    Хүн өөртөө дайсан бүтээхүй
    Хүний бүтээл нь өөрт нь дайсан болж мэдэх цаг айсуй. Хүн төрөлхтөн өөрөө өөртөө дайсагнах зэвсэг бэлдсээр ирсний түрүүч нь биш дундаж нь цөмийн бөмбөг юм. Гэвч түүнийгээ ганц удаа хэрэглээд ахин тэслэхээ хориглосоор хагас зуун илүү хугацааг өнгөрөөлөө.
    Энэ завсар шинжлэх ухаан, техник технологийн хөгжлүүд одоо гурван том ололтын сэжүүрээс атгаж авчихаад байцгааж байна.
    • Нэгдүгээрх нь генетика буюу гарвал зүйн ухаан,
    • Хоёр дахь нь робот техник,
    • Гурав дахь нь нано технология /бичил арга ухаан/ юм.
    Гарвал зүйн ухааныг хөгжүүлж хүн амьтан, мал ахуйг зөвхөн үрээр нь үржүүлж чадах хэмжээнд хүрлээ. Үр байгаа цагт түүнийг шилэн хоргонд үржүүлээд хүн болгоод босгоод ирнэ.
    АНУ-д крио банк буюу үрийн банк байгуулж сайн эрчүүдийн үрийн донор буй болгож багагүй үрийн нөөцтэй болсон.
    Оросууд мөн удалгүй үрийн банк байгуулаад бие оюун сайтай хүмүүсээс үрийг нь авч банклаж түрүүчийн нэг эмэгтэй тийм үрээр жирэмсэлсэн нь найман ихэрээр, илүү хүүхэд төрүүлсэн.
    Хүний үрийн хадгаламжнаас жирэмслүүлэх байтугай эхийн хээлний нөхцөлийг бүрдүүлсэн хиймэл орчинд ч үржүүлэн хүн төрүүлэх боломжтойг нэгэнт судлаад зогсохгүй малыг мөн ийм аргаар үржүүлж мах, арьс, ноос, ноолуур бэлтгэх боломжтойг тогтоож туршиж бцй орнууд гарлаа.
    Хэн ч мэдээгүй байхад хэдэн зуун авь адилхан царай зүстэй цэрэг эрсийг бий болгоод дайнд оруулах магадлалтай нь ойлгогдлоо. Эх, эцэггүй зохиомол орчинд буй болсон хүн ямар ч тушаалыг биелүүлж, ямар ч аюулыг хийж чадах нь мэдээж. Тэрхүү донор цэргүүдэд роботоор бэлтгэсэн тусгай цэргүүдийг туслах хүчээр нийлүүлбэл аймшигтай их хүчтэн болно.
    Ингэж ярихад биелэшгүй зөгнөлт зохиолын сэдэв мэт санагдана. Гэвч хиймэл эхийн хэвлийд үржүүлж гаргасан хүн, мөн аль ч боловсролтой хүнээс дутахгүй робот хүн их гүрнүүдэд бодитойгор гарчихсан байж л байна.
    Үүн дээр нанотехнологи буюу бичил технологийн хөгжил нь эрчимжиж байгаа онолын үед нано роботыг үйлдвэрлэх нь тодорхой. Хэрэв цөмийн бөмбөг бусад зэвсэгнээс биеэ хамгаалах боломж байдаг бол нано роботоос нуугдах, зугтах арга байхгүй.
    Тоос, шорооноос цэцгийн үрнээс томгүй нано роботууд илгээсэн террористуудын юмуу дайсагнагчийнхаа чиглүүлэн тогтоосон, гарвалын онцлогтой, зүс царай ялгаатай хүмүүсийг шууд л устгах болно.
    Цөмийн нууцыг анх нээсэн өрнөдийн эрдэмтэн нэг л мэдсэн Хиросима, Нагасаки арлууд дээр АНУ цөмийн бөмбөг хаяж үй олон гэмгүй хүнийг орон сууц эд баялагтай нь үнсэн товорго болгочих юм гэж тэр үедээ бодоогүй л байх л даа.
    Одоо үед хүн амьтан байтугай хүнсний ургамал, ногооны 150 төрөл зүйлийн гарвал өөрчлөлтөд оруулж худалдаа үйлчилгээнд АНУ оруулчихаад европчуудын эсэргүүцлийг тоох ч үгүй Биль Гейтс хүртэл өлсгөлөн хүмүүсийг тэжээхэд хэрэгтэй гээд дэмжээд байгаа гээд л бодоцгоо л доо.
    Хэдхэн хүн мэддэг ч олонхи хүмүүс үл гадарлах, зөвхөн шинэ нээлт л гэж ойлгох хэмжээний зүйл нь сайн болоод саар талтайг тал бүрээс нь эргэцүүлэн бодох санаа, чадвар дутвал хийсэн зүйл маань хүйс тэмтрэхэд хүргэж мэдэх аюул нь сүлжээлэгдсэн нийгэм юм шүү, хүмүүсээ.
    Л. Түдэв соён гэгээрүүлэгч

  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ АНХНЫ ХЯТАД ОРЧУУЛГА

    МНТ нь 15 бүлэгтэй ба 12 бүлэгтэй хоёр эх бичгээс бүрдсэн, агуулгын хувьд үндсэндээ хоорондоо ялгаагүй. Энэхүү хоёр төрлийн эх нь хоёул 282 хэсэгтэй бөгөөд ийнхүү дугаарласан нь судалгааны ажилд дөхөм болгохын тулд хожим нэмж хийсэн зүйл юм. МНТ-ны эх нь монгол хэлээр тэмдэглэгдсэн боловч, монгол бичгээр бичсэн эх нь хараахан олдоогүй байна.
    МНТ-ны 282 зүйлийн 234 нь Лу.Алтан товчид багтсан бөгөөд МНТ-нд байхгүй хэсгүүд ч уг бүтээлээс олдсон нь МНТ-ны эх уйгуржин монгол бичгээр байсны гэрч гэж ихэнх судлаачид үздэг. Уйгуржин монгол үсгийн эх байсны ул мөрийг МНТ-ны галиг болон хэлний бусад жишээ баримтаас бас нотолж болно. Мин улсын Хун-У (洪武) хааны 15-р онд (1382) хэвлэсэн анхны хэвлэлийн 41 хуудас бүрэн бус цорын ганц эх хувь [24] үлдсэнийг энэ ялдамд дурьдахад түүхэн он цаг улирах тутамд ном судар хадгалагдан үлдэх нь их ховор тохиол болохыг харуулж байна.
    Манай үеийг хүртэл хадгалагдаж ирсэн хоёр эх хоёул монгол хэлээр хятад ханз үсгээр тэмдэглэгдсэн байгаа. Монгол эхийн үг бүрийн хажууд хятад хадмал орчуулгаас гадна, хэсэг бүрийн хойно хятад товч орчуулга хавсаргасан нь МНТ-г гадаад хэлэнд буулгасан анхны орчуулга юм. Энэхүү бүрэн эхийг Мин улсын Юн Лө хааны нэвтэрхий толь бичиг (永樂大典)-т хэвлүүлэн гаргаснаар хадгалагдан үлджээ. Үүнээс хойш олон удаа янз бүрийн эмхэтгэлд оруулан хэвлэсэн байна.
    Энэхүү илтгэлд МНТ-ны анхдагч буюу товч орчуулгын тухай өгүүлэхийг зорьсон юм. МНТ-г түүхэн эх сурвалж болгон ашиглаж байсан Европын болон Хятадын эрдэмтдийн нэлээд хэсэг нь чухамхүү энэ хятад товч орчуулгыг ашиглаж байв. Жишээлбэл: П.Кафаров [25] эхлээд хятад товч орчуулгыг олж авч, 1866 онд орос хэлнээ орчуулсны дараа 1872 онд 15 бүлэг бүхий эхийг олж, түүний улмаар Европ дахинд танилцуулжээ.
    Хятадын эрдэмтэн Цянь Да-синь (錢大昕) эхлээд 15 бүлэгтэй эхийг олж үзсэн бөгөөд хожим нь 12 бүлэгтэй эхийг олж авч, харьцуулсан үзсэн байна. Хятадын эрдэмтдээс Цянь Да-синь анх түрүүн МНТ-нд анхаарлаа хандуулсаны ачаар тэр үеийн хятадын эрдэмтэд, тухайлбал Ли Вэн-тянь (李文田), Ван Го-вэй (王國維) зэрэг эрдэмтэд МНТ-г түүхэн сурвалжийнх нь хувьд цоо шинээр үнэлэн цэгнэж, МНТ-ны судалгаа идэвхжин, олон тооны бүтээл гарсан байна.
    Харин 12 бүлэгтэй эхийг анх 1804 онд Гу Гуан-чи (雇廣圻) олсон бөгөөд 1805 онд уг номыг хэвлүүлснийг Ли Вэнь-тянь, Вэнь Тин-ши (文廷式) нар 1902 онд Японы эрдэмтэн Найто Торозиро (内藤虎次郎)-д бэлэглэж, тэрээр цааш нь Нака Митие (那珂痛世)-д өгснийг, орчуулан олон тооны тайлбар зүүлтийн хамт 1907 онд хэвлүүлжээ [26].
    Дээр өгүүлсэн хоёр төрлийн бүрэн эхээс гадна, МНТ-ны хэвлэгдсэн нэг хувилбар бол хятад орчуулгыг тусгайлан хэвлэсэн эх юм. Хятадын бичгийн хүмүүс Жан Му (张穆), Хэ Цю-тао (何秋濤) нар тусгай эмхэтгэлд оруулан, Дао Гуаны (道光) 27-р онд (1847) хэвлүүлжээ [27].
    МНТ-г бичсэн хугацааг 1240 он гэж үздэг бол хятад галигаар буулгаж орчуулгын хамт хэвлэсэн оныг 1388-1404 он гэж үздэг. Энэ нь Мин улсын Хун У хаан Хуа-И и-юй (Хятад-Монгол толь бичиг)-ийг зохиож, МНТ-г монгол хэл сурах хэрэглэгдэхүүн болгон ашиглахыг зарлиг болгосонтой холбоотой. Мин улсын Юн Лө-гийн үед хэвлүүлсэн дээр дурдсан нэвтэрхий толь бичигт МНТ-г оруулж хэвлэсэн учраас 1404 он бол чухал он юм.
    Ийнхүү МНТ-г 1382-1404 оны хооронд хятад хэлнээ орчуулжээ гэж үздэг. Монгол хэлийг хятад хүмүүс чухалчлан судалж байсан нь улс төр цэргийн ач холбогдлоос гадна, монгол хэл тэр үеийн чухал хэлний нэг байсан бололтой. XIII-XIV зууны үеийн бичгийн дурсгалын зүйлсийг хадгалсан Турфаны цуглуулгад дундад зуунд өргөн хэрэглэж байсан олон хэлээр олон төрлийн үсгээр бичсэн баялаг олдвор байдгийн дотор монгол хэлээр уйгуржан, дөрвөлжин хоёр ч төрлийн үсгээр бичсэн хэрэглэгдэхүүн байдгийг бид олж үзэж болно.
    МНТ-ны эхийн хэл нь тэр үеийн монгол хэлний онцлогийг, тухайлбал бичгийн болон ярианы хэлний онцлогийг тусгасан гэж үздэг. Энэхүү эх бичгийн хятад товч орчуулга нь өвөрмөц хэлтэй. Орчуулгын хэлнийх нь онцлогийг М.К.Холлидей [28] бүтэц хэл шинжлэлийн үүднээс судалсан байдаг. Тэрээр хятад хэлний эх сурвалж болгон судалж онцлогийг нь үзсэнээс бус, монгол хэлний эхтэй харьцуулан судлаагүй бөгөөд харин орчуулгын зарим онцлогийг монгол хэлний нөлөө хэмээн тайлбарласан зүйлс бий.
    М.К.Холлидей МНТ-ны хятад товч орчуулгын хэл нь тэр үеийн бичгийн хэлний (文言) хэм хэмжээнээс өөр, хойт зүгийн нутгийн аялгуунд тулгуурласан, ярианы хэлэнд илүү ойр хэлээр буулгасан хэмээн тэмдэглэжээ. Ийнүү сонгодог бичгийн хэлнээс ялгаатай хэлээр бичсэн нь хятад эрдэмтэд орчуулгыг дахин найруулан засах оролдлого хийхэд хүргэж байв [29].
    Ийнхүү хятадын хэл бичиг, түүхийн эрдэмтэд ном зохиолын хэл найруулгыг бичгийн хэлний хэм хэмжээнд нийцүүлэх өндөр шаардлага тавьдаг байсан боловч, МНТ-ны товч орчуулгыг түүхэн сурвалж болгон ном зохиолдоо ашиглаж байв.
    Ер нь МНТ-г судлаачид франц, герман, орос, англи, япон, хятад гэх мэт олон хэлний хэрэглэгдэхүүн ашиглахын зэрэгцээ МНТ-д хавсгаргасан үгчилсэн болон товчилсон хятад орчуулгыг заавал харгалзан үздэг.
    МНТ-г гадаадын 26 хэлэнд буулгасан орчуулгын зөвхөн цөөн хэсэг нь дундад үеийн монгол хэлнээс буулгасан эхээс орчуулсан эрдэм шинжилгээний орчуулга, харин нэлээд нь орчин цагийн монгол хэлэнд буулгасан эхээс орчуулсныг бид олж үзэж болно.
    Энэхүү илтгэлд авч үзэж байгаа анхны орчуулгыг яагаад товч буюу ерөнхий орчуулга хэмээн үздэг вэ? Үүнийг юуны өмнө орчуулгын хэсэг бүрийг монгол эхтэй нь тулган үзэх ёстой. Жишээлбэл, МНТ-ны §247-282-дох зүйлийн хятад орчуулгыг монгол эхтэй нь тулган үзэхэд, мөрийн тооны хувьд монгол эх нь илүү олон байв. Энэ нь нэг талаар монгол хэлний үг олон учраас илүү олон мөртэй байх нь ойлгомжтой.
    Монгол эхийн 3 мөр хятад орчуулгын 1 мөртэй тэнцэж, утгыг бараг товчлохгүй орчуулсан байх жишээтэй. Эх бичиг, орчуулгын эх хоёрын харьцаа 3:1-ээс илүү гарсан тохиолдолд тэр хэсгийг нэлээд хураангуйлан орчуулсан харагдана. Их товчилсон хэсгүүдийн жишээ гэвэл, §254-ийн монгол эх 62 мөр байхад орчуулга нь 12 мөр, §278-ын эх 87 мөр байхад орчуулга нь 2 мөр хүрэхтэй, үгүйтэй, §202-ын монгол эх 3 мөр гэтэл хятад орчуулга нь 3,4,2 мөр, §281-ийн монгол эх 27 байхад орчуулга нь 4,5 мөр байх жишээтэй.
    §278-д Өгөөдэй хаан хэвтүүл, хорчин, торгууд, бүх хишигтний тухай хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж мөрдөхийг зарлиг буулгаж, тэдний үүргийг нэг бүрчлэн дахин нарийн тодорхой зааж өгснийг тэмдэглэжээ. Гэтэл хятад орчуулгад зөвхөн хамгаалагч (守街的) гэсэн нэрийг хэрэглэж, “хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж мөрдөхийг дахин сануулав” гэсэн товч зүйлийг бичжээ.
    §202 зүйлийн монгол эхэд “…эсгийн туургатан улсыг нэгэнтгэж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад…,” Мухулайд улсын ван цол өгч, Зэвийг Найманы Күчүлэгийг дарахыг зарлиг болгож,… улс байгуулахад гавьяа байгуулсан 95 хүнийг мянганы ноён болгосон тухай өгүүлж, нийт хүмүүсийн нэрийг дурдсан байдаг. Гэтэл хятад орчуулгад“…улс байгуулахад гавъяа байгуулсан 95 хүнийг мянганы ноён болгов.” гээд нэрийг нь орхигдуулсан байна.
    §64 бол Ц.Дамдинсүрэн гуай “хуримын дуу” хэмээн нэрлэсэн шүлэглэсэн хэсгийг МНТ-ны толгой холбосныг орчин цагийн монгол хэлэнд буулгасан эхээр авч үзье.
    … манай Хонгириад хэзээнээс бусдын нутаг ба хүмүүсийг тэмцэлддэггүй…. гээд
    Харь улсыг үл довтлон
    Хацар сайн охидоо
    Хасаг тэргэнд суулгаж,
    Хар буур хөллөж,
    Харьгиулж одож,
    Хаан болсон та нартаа
    Хатан сууринд дэвшүүлэн,
    Хамт суулгамой.
    Өөр иргэнийг үл тэмцэн,
    Өнгө сайтай охидоо
    Өлзийт суудалтай тэргэнд суулгаж,
    Өл буур хөллөж, үүсгэж одож
    Өндөр суурь эзлэгсдийн
    Өрөөл хань болгомуй.
    Хятад хэлэнд энэ бүх мөр бадгуудыг 1, 9 мөрт багтаан хүүрнэх хэлбэрээр орчуулжээ. Үүнд:
    俺翁吉la家在前日子裹不與人爭國土百姓但有顔色的女子便獻與您皇帝人家后妃位子裹教坐有来
    106-д Жамуха хэрхэн тулалдаанд бэлэн байгаагаа Тэмүүжин анд, Тоорил хан хоёрт хэлүүлсэн хэсгийг шүлэглэн өгүүлсэн мөр бадгуудыг хятадаар орчуулахдаа “我自己整军” (“Би өөрөө цэрэг агтаа бэлтгэн засав”) гэснээр хязгаарлажээ.
    МНТ-ны эхийг хятад хэлэнд товчлон орчуулсан байдлыг харуулах зарим жишээг энд дурдаж, сүүлийн үед хятад орчуулгыг монгол эхтэй харьцуулан судалсан өөрийн ажиглалтаас хуваалцахыг хүсэж байна. Үүнд:
    Нэгдүгээрт, хятад хэлнээ орчуулсан энэхүү товч орчуулга нь МНТ шиг томоохон бүтээлийн тав, зургаан зуун жилийн өмнө хэрэгжүүлсэн анхны орчуулгын хувьд монгол, хятад хоёр хэлний аль алины орчуулгын түүхэнд тэмдэглэвэл зохих чухал үе шат болсон гэж үзэж байна.
    Хоёрдугаарт, хятад орчуулга нь МНТ-ны агуулгыг бүрэн гаргасан, ялангуяа түүхэнд баримт сэлт, он, сар, газар усны нэр, хүний нэрийг орхигдуулахгүйг хичээсэн байна.
    Гуравдугаарт, тоочсон зүйлийг засаж, товчлон тайлбарлаж орчуулснаас гадна шүлэглэсэн, яруу найргийн хэсгүүдийг утгачлан орчуулсан байна. Үүнээс шалтгаалан МНТ-ны хятад орчуулгад уран сайхны тал нь хасагдаж түүхэн тал нь давамгайлжээ. Ийнхүү шүлэглэсэн утга уянгын чанартай хэсгүүдийг товчлон хассан боловч, монгол үндэстний ёс заншил, домог, адилтгал, зүйрлэл зэрэг хэл найруулгын онцлогийг хятад орчуулгад хангалттай сайн тусгажээ. Энэ бүхэн нь монголчуудын түүх, ёс заншилтай танилцах, судлах зорилгын үүднээс орчуулсантай холбоотой болов уу.
    Дөрөвдүгээрт, энэхүү орчуулгын хэл нь XII-XIV зууны үеийн хятад хэлэнд үүсэн буй болж байсан үзэгдлүүдийг тусгасан онцлогтой тул тэр үеийн хятад хэлний бусад дурсгалын зүйлстэй, тухайлбал Сун, Юаны үеийн жүжгийн зохиол хэл, монгол-хятад хөшөөний орчуулгын хэлтэй харьцуулан судалж болох чухал хэрэглэгдэхүүн юм.
    Тавдугаарт, монгол хэл, түүх, уран зохиолын энэхүү гайхамшигт бүтээлийг гадаад хэлэнд орчуулсан хувилбаруудыг харьцуулан зэрэгцүүлж, нарийвчлан судлах нь нийт орчуулгын уламжлалын судалгаанд хувь нэмэр оруулах бас нэг талбар гэж үзэж байна.
    Ишлэл, зүүлт:
    [24] 大漢的世界紀家元時的多元文化與藝術 (Age of Great Khan, Pluralism in Chinese art and culture under the Mongols) Tai-Pei 2008, P47 (Catalogue of National Palace Museum in Tai Pei)
    [25] П.И.Кафаров, 1866: Стариное Монгольское сказиние о Чингисхане: Генеалогическая таблица к сказанию и Чингисхане, том IV, с 1-258, С Петербург
    [26] 成吉思汗實錄,東京,1907
    [27] 元朝秘史(十五本)連筠移蕞書,道光二十七年秋靈石楊氏刊本
    [28] Halliday M.A.K, 1959: The language of these Chinese “Secret History of Mongols ”, Oxford
    [29] 元秘史潤文,清光緖末年王氏清稿本,楷書
    НОМ ЗҮЙ:
    1. 元朝秘史,四部蕞刊三编史部,據民國二十五年四部蕞刊三编影印元朝年
    2. 元朝秘史,十五卷,連筠移嶪書,道光二十五年
    3. 元秘史潤文,十五卷,清,王樹策,潤文,文海出版社
    4. 大漢的世纪,學元時代的多元文化與藝術,National Palace Museum (台北)
    5. Ligeti Lajos, A mongol titkos tortenete, Budapest, 1964
    6. Igor de Rachewiltz, Index to the Secret History of Mongols, 1972, Indiana University
    Эх сурвалж: Доктор (Ph. D), профессор Л.Маналжав

  • ДЭЛХИЙ ДЭЭР ХИЧНЭЭН ХҮН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

    Учир нь 2080-аад оны хоёрдугаар хагаст хүн амын тоо дээд цэгтээ хүрч улмаар аажимдаа цөөрч эхлэх төлөвтэй юм байх. Энэ нь амьдралын өртөг өсч хүмүүсийн төрөлт багасахтай холбоотой гэнэ.
    Ер нь манай дэлхий дээр хичнээн хүн амьдрах боломжтой гэдэг нь хүнсний үйлдвэрлэл, хангамжаас шалтгаалах юм байна. Өнөөдрийн байдлаар бид хэрэгцээнээсээ хавьгүй илүү хүнс үйлдвэрлэж байна. Зөв хуваарилбал 15 тэрбум хүнийг ч тэжээхэд хангалттай гэнэ.
    Хоёр идэж, хоосон хонохгүй гэх юм бол манай дэлхий 30 тэрбум хүнийг хүнсээр хангах бололцоотой юм байна. Шинжлэх ухаан-техникийн хөгжлийн хурдац, түвшинг тооцвоос үүнд эргэлзэх шаардлагагүй гэж бодож байна.
    Асуудлын гол нь хүнс хэрхэн үйлдвэрлэхдээ биш харин яаж хадгалж, зөв зохистой хуваарилж, хэрэгцээтэй хэсэгтээ хүргэх вэ гэдэгт байгаа юм байх.
    За тэгэхээр 1,5 сая хавтгай километр нутагтаа манай улсын нутаг дэвсгэр дээр хичнээн хүний хэрэгцээ хангах хүнс (юуны өмнө мах, гурил, хүнсний ногоо) үйлдвэрлэж хичнээн хүн амьдрах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид судалдаг эсэхийг би мэдэхгүй юм. Мэдээж байгаль, цаг агаарын нөхцөлийг тооцох хэрэгтэй байх. Миний сонссоноор манай газар нутгийн ердөө нэг хүрэхгүй хувьд нь газар тариалан эрхлэх боломжтой гэсэн. Цаашилбал цөлжилт, бэлчээрийн даац, малын тоо толгой гээд олон зүйлийг тооцох шаардлагатай байх л даа.
    Sonin.mn agency
    Л.Хангай

  • Л.ТҮДЭВ: МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ МӨХӨХ ВЭ

    Гэвч тэр хугацаа нь дуусах хараахан болоогүй байна. Мөн 300 жилийн нас өгсөн ч “500 жилийн дараа мөхнө” гэж хамгийн өгөөмөр нэгэн таамагласан нь бас бий. Тэр тухай ихэд шуугицгаах боллоо. Тэгэхээр яагаад ийм таамаглал гарах болсныг сөхөж үзвэл их олон юм ойлгогдох бизээ.
    ‪‬‬Тавин жилийн насыг бидэнд хэн хэзээ, яагаад өгсөн бэ?
    Хорьдугаар зууны эхээр өрнөдийн улс гүрнүүдийн хараа дорно зүг рүү эргэж Ази тивийг нойрноос нь сэрээсэн юм. Монгол,Солонгос, Энэтхэг, Хятад, Вьетнам, Түвдийн зүг өрнөдийн аян эхлэж түүний үйлийн үрээр Солонгос, Вьетнам, Энэтхэг, Хятад улсууд хоёр хоёр хуваагдаж өнөө хүртэл салж сарнисан гэр бүлийн хэрүүл тасраагүй чигээрээ шинэ зуунд шилжив бололтой. Харин хоёр Вьетнам нийлжээ. Хятад, Тайваниа авахаар завдаж Хонконгоо нэгтгэхэд нэгэнт тулж ирээд байна. Монголын хувь заяа бол тэдгээрээс төө өмнө гурав хуваагдах тавилантай учирч хальж гарах нь гарч, буруу харах нь харж, өвөрт орох нь орж гадаа үлдэх нь үлдээд хэдийнэ хэвшил болж орхисон байлаа. Гэвч хорьдугаар зууны “олз хуваах” их гүрнүүдийн шинэ мөрөөдөлд өнөөх Монгол мөн л дахин багтжээ. Шууд хуваах шууд бусаар хуваах хоёр аргын аль нь тохирохыг тандаж мэдэхээр Монголын үл ойлгогдох уудам тал говь руу эрдэм номын мөр хөөх сайхан нэрээр өрнөдөөс эрдэмтдийг хойно хойноос нь дараалан илгээж эхлэв. Прежевальский, Потанин, Певцов, Ядринцев, Козлов, Хэдин, Эндрюс гээд л хаант оросын голдуу жуулчид хорьдугаар зууны эхээр монгол руу ёстой л бэлчиж билээ. Тэднээс дуулиан багатай ч гэсэн худалдаа наймааны зорилготой өөр өдий төдий экспедиц монголд бужигнаж байсан. Тэр жилүүдэд монголын тухай олон арван ном хэвлэл гаргаж байж. Тэр бүхнийг эргэн харвал монгол орны баялагт гайхан бишрэхийн хамт хүн ардын нь хувь заяанд харамссан үг өгүүлбэр олонтаа тохиолдоно.
    Монгол орныг “шуудайтай алт” гэж тэд нэрлэсэн юм.
    Монголчуудыг “мөхөж буй үндэстэн” г эж тэд бас нэрлэсэн нь олон. Хоёулаа үнэн үг байсан нь хоржоонтой. Яагаад “шуудайтай алт” гэсэнд тайлбар хэрэггүй. Харин яагаад “мөхөж байгаа үндэстэн” гэсэнд тайлбар хэрэгтэй. Яагаад гадаадын хүмүүс монголчуудыг мөхөж байгаа үндэстэн, тавьхан жилийн дараа үгүй болно гэж хорьдугаар зууны эхээр “муу ёрлосоноо” тэд өөрсдөө ном зохиолдоо тодорхой бичжээ.
    Нэгэн зүйл.
    “…Бараг л урьдаас санаатайгаар энд тархаасан тэмбүү өвчин ард олонд халдварлажээ.
    Хятадууд бас энд тахал холерын халдвар тархаахыг оролддог тухай ч яриа бий” гэж оросын тагнуул Пестовский “Орчин цагийн монгол” гэдэг номондоо дурджээ. (1915 онд хэвлэгдсэн мөн номын 11 дүгээр талд) Тэмбүү өвчин хятадын Дэнфү хотоос монголд дэлгэрээд мөнөөхөн хотын нэрээр “алдаршжээ”. Тэр нь харцаас хааныг хүртэл олон эрс эмсийг үргүй болгожээ.
    Бас нэгэн зүйл.
    “…Хятадаас монголд явуулж буй бодлогын эцсийн зорилго нь энэ улс орныг бүрэн хоосруулж үндсэн хүн амыг нь хорогдуулахад оршино. Тийнхүү монголчууд бөөн хятадууд дотор живж уусах юм” гэж И.И.Попов “Тэнгэр тэтгэсэн гүрнээс дундад иргэн улс хүртэл” (М. 1912 он, 224 дүгээр талд) номдоо дурджээ. Монголчуудыг гурван зууны турш колоничлохдоо хятадууд түүхий шавар хэрэмтэй цэргийн хэдэн хориг цайз (Ховд, Улиастай, Амгаланбаатар) модоор зангидаж босгосон хэдэн сүмээс өөр юу ч барьж байгуулаагүй юм. Цагийн гар даахаар нэг ширхэг ч барилга байгууламжийг тэд монгол газар үлдээсэнгүй.
    “Хятадын засгийн газар Монголд хорвоод хосгүй автономит өгөөд бүхэл бүтэн зуунуудын туршид монголд соёл эдийн засгийн арга хэмжээ зохион байгуулахад нь нэг ч улаан мөнгө өгөөгүй юм” гэж оросын агрономич И.М.Морозов бүүр 1918 оны үед бичсэн нь аргагүй үнэн үг юм. (Монголд хийсэн Москвагийн худалдааны экспедиц, М. 1912, 278 дугаар талд)
    Өөр нэгэн зүйл.
    “…Хувцас нь элдэв бөөс хуурсаар шигээстэй байхад монгол хүн бараг л тэдгээртэй найз юм шиг ажрахгүй, харин европ хүн тийм гэрт амсхийх ч заяа үздэггүй. Ийм бохир заваанаасаа болж монгол хүн ой гутан зугтаамаар эвгүй өвөрмөц үнэр ханхлуулдаг…” гэж мөнөөхөн Морозов мөнхүү номын 223 дугаар талд бичжээ. Ахуйн хувьд иймдээ хүрсэн монгол хүний хүнс тэжээлийн тухай гэвэл “монголчууд өвчилсөн болон үхсэн малын тэр ч байтугай бүр боом, сахуу, тахал өвчнөөр үхсэн малын махыг ердөө эрүүл малын мах шиг л идэхээр барахгүй хот сууринд бусад хүнсний зүйлтэй хамт зарж худалдахыг ч зөвшөөрдөг” гэжээ. (Мөн номын 225 дугаар талд)
    Эрүүл мэнд, идэж уух, эрх мэдэл нь иймэрхүү болчихсон улс үндэстэнд мөхөх сүйрэх хугацааг нь бодоод үзэхэд сайндаа л нэгэн жаранд тэсэх төдий хугацаа үлджээ гэж таамаглахаас аргагүй хэрэг байжээ. Үнэхээр л тэр янзаараа өнөөг хүрсэнсэн бол монголчууд үндэстний хувьд үгүй болох нь гарцаагүй байсан бизээ. Гэхдээ гадаадын хүмүүс бас ч сохор таамаглалаар хийсвэр ханддаггүй нь оносон хэрэг. Жишээ нь мөнөөхөн И.Морозов цааш нь бичихдээ “одоо үед (1912) хятад пүүс юмуу наймаачинд өргүй монгол хүн олоход хэцүү болжээ… Монгол хэзээ нэг цагт өөрийнх нь байсан малсүргийнхээ зөвхөн адгуулагч, манаач нь төдийхөн болж хоцорчээ…Гэхдээ дарангуйлагчдыг үзэн ядах үзэл сэтгэл зүрхэнд гүнзгий нуугджээ” гэжээ. Яг тэрний ачаар л монголчууд мориндоо мордож аз жаргалын аянд гарч төрөө төвхнүүлж насаа уртасгаж чадсан билээ. “Тавин жилийн дараа мөхнө” гэсэн хар төлгийг монголчууд худал хуурмаг хоосон үг болгон чадаад тэрхүү заасан хугацаа нь болоход 600-хан мянгаас хоёр сая ам бүлтэй өнөржсөн айл болж чадсан юм.
    Тэгвэл “зуун жилийн дараа мөхнө” гэсэн үг бас худлаа болохнээ? Тэр тухай дараачийн өгүүлэлд үзэж ажааму!
    Монголчууд хэзээ мөхөх вэ?
    Зуун жилийн дараа!
    Монголчууд тэр тусмаа өнөөгийн БНМАУ (монгол) улсын нутаг дэвсгэр дээр аж төрж буй монголчуудыг ойрын зуун жилд үгүй болно гэж өрнөдийн нэгэн монголч эрдэмтэн айлдсан юм. Тэрээр далдыг харагч юмуу, зөгнөлт зохиолч биш. Харин юм юманд нухацтай ханддаг түүхч эрдэмтэн хүн. Тэгвэл оргүй юм хэлээгүй баймаар даа.
    Ганцхан 100 жилийн насыг бидэнд хэн юуны учир өгөв?
    “Нүүдэлчин ардын хүүхэд өрсөлдөгч соёлтнуудад уусан алга болно. Ингэж аж төрөхийн нэгэн түүхэн хэлбэр манай үед алга болж байна” гэж английн нэрт монголч эрдэмтэн Р.А.Рупен саяхан бичсэн (тавиад онд) “Монголын үндсэрхэг үзэл” номондоо цохон хэлсэн үг нь түүнээс “монголчууд зуун жилийн дараа үгүй болно”’гэсэн дүгнэлт гарах гол үндэслэл нь болсон бололтой. Түүний үгийн гол утга бол нүүдэлчдийн соёл иргэншил нь аажмаар суурин соёл иргэншилд уусах замаар талийж одохыг хэлсэн ажээ. Үүнд үнэний тал бий. Яагаад гэх хүн цөөн биз ээ.
    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар ийш тийш сониучлан хараад алхаж яваа гадаадын ямар ч жуулчнаас сэтгэгдлийг нь асуухад “өө ердөө л европын аль нэгэн улсын жижигхэн хотоос ялгах юм алга” гэж хариулдаг, үгүй гэж үг сөрөх арга байхгүй, засаг төрийн ордны нь чанх үүдийг таглаад яг л Кремлийнх шиг хар улаан чулуугаар өнгөлсөн дөрвөлжин бунхан байдаг. Орон сууцны хорооллоор ороход Москвагийн Шинэ Черемушкийн аль нэг сууцанд орж байгаа юм шиг л санагддаг. Айлын хаалганы цоож түлхүүр нь ч ижил байдаг. Ёстой л өнөөх алдартай кинонд Москва дахь сууцныхаа түлхүүрээр Ленинград дахь орон сууцанд андуураад орчихдог тухай гардгийн үлгэр давтагдаж мэдэхээр…
    Улаанбаатарын гудамжаар алхаж яваа залуучуудын зөвхөн навчгар хамар, хар үсээр нь л монгол гэж танихаар… Тэдний гутал, хүрэм, малгай, өмд, цамц, зангиа… ер нь юм бүгд нь цөм гадаадынх… Амнаас гардаг таван үгний нь гурав дөрөв нь мөн л гадаадынх…
    – Улсын дараамын чиатрын билетийн кааснаас компанийнхаа броокэрт боонд авна гээд ярьж явна. Түүний амнаас гарсан 9 үгиин хоёрхон нь монгол үг. Мөдхөн “авна” гэдэг нь хаягдаад ганцхан “улсын” гэдэг үг үлдэнэ. Тэр нь л бүү гээгдээсэй дээ гэж залбиртугай. Буриадууд тэр үгийг хаяад “реслубликийн” гэдэг болчихсон. Өвөрлөгч нар дотор “го” гэж гоншигнох дуртай хум ч цөөнгүй. Халимагууд харин саяхнаас “тангач” гэцгээж ахин хэлд орж байна.
    “Хэл, хил, мал гурвынхаа төлөө тэмцье” гэж ойрдоо монголын радио яруу найрагчийн үгээр дуугардаг болжээ. Гэвч эхний хоёр нь дайвар үг төдий үлдээд “малын” төлөө голдуу л бид өөрөө өөрсөдтэйгөө тулалдсаар л байна. Малгүй болчихвол монгол хөөрхийлөлтэй нь үнээн. Өөр амь зуулга байхгүй. Хилгүй болчихвол монголын бие нь үгүй болно. Хэлгүй болчихвол монголын сүнс нь үгүй болно. Үүнийг л тавиад жилийн тэргээд эрдэмтэн Роберт Рупен олж хараад бичжээ. Бичсэнийг нь монголчууд өөрсдөө хүлээж аваагүй. Учир нь тэр үед “өвчний шинж тэмдэг” бүдэгхэн байсан. Өвчин болчихно ч гэж бодоогүй. Харин ч өрнөдийн соёл иргэншлээс суралцахад саад тотгор тавих гэлээ гэж дургүйцсэн. Үүнд ч буруу юм байгаагүй. Гэхдээ давс ихэдвэл хоол хор болдог ёсон бий.
    Яагаад Рупен монголыг НҮБ-д элсээгүй байх цагт ирээдүйг нь зуун жилийн орон цагаар хэмжих болсныг нь одоо түүний 1958 онд хэвлүүлсэн номноос товчлон сийрүүлье.
    “Монголын ирээдүйн асуудал Хятад, Зөвлөлтийн хоорондын харьцааны ерөнхий чиг шугамаас ихээхэн хамаарах юм. Үүнд таван нөхцөл байж болохыг авч үзье” гэж уул хэсгээ эхлээд Рупен цааш бичсэн нь:
    Гадаад Монгол улс Хятад руу буцан шилжиж магадгүй болох нь:
    а) 1936 онд Эдгар Сноу Мао Цзе-дунаас интервью авахад: “Хятадад ардын хувьсгал ялах цагт Гадаад монгол өөрөө хүслээрээ хятадын холбооны нэг хэсэг болж орно” гэжээ. 1944 онд Мао Цзе-дун үүнийгээ Гюнтер Штейнд давтан хэлжээ.
    б) Коммунист Хятадын газрын зурагт БНМАУ-ын хойд хилийг зааглаагүй харин Зөвлөлт БНМАУ-ын хилийг тод харуулж Хятад, БНМАУ-ын хилийг заагаагүй байна.
    в) Хятад, БНМАУ-ын хооронд худалдааны ажил сэргэн жил бүр өсч буй.
    г) Гадаад монголд цөөн орос суудаг атал хятад иргэд бөөн бөөнөөр нүүж ирсээр байна.
    Дотоод ба Гадаад монгол хоёуланд нь Орос ноёрхож магадгүй болох нь:
    а) Хуучин оросууд (1925 ба 1945 онд) панмонголизмыг хүлээн хүлцэж байснаас үзэхэд иймэрхүү зүйл тохиож магадгүй.
    б) Дотоод монголын хэл бичигт хийсэн өөрчлөлт нь үүнээс өмнө Гадаад монголд зөвлөлтөөс хийсэн кирилл бичиг хэрэглэх өөрчлөлтөд үндэслэв.
    в) Дотоод Монгол дахь Цининг хүртэл трансмонголын шинэ төмөр зам нь Оросын мэдэлд юм.
    Дотоод монгол хятадын, Гадаад нонгол Оросын нөлөөллийн хүрээнд хэвээр байж болох нь:
    а) Дотоод ба гадаад монгол XX зууны ихэнх үед тусгаар салангад байсан.
    б) Дотоод монголын автономит мужийг хятадын коммунист намын монголчууд удирдаж байсан болохоос Гадаад монголын коммунистууд толгойлж байгаагүй.
    в) Коммунист Хятад улс Гадаад монгол улсыг хүлээн зөвшөөрч Улаанбаатарт элчин сайдаа суулгаж байна.
    г) Зарим өндөр мэргэжилтэй, туршлагатай орос мэргэжилтнүүд, Хятад Дотоод монголыг, Орос Гадаад монголыг хөгжүүлнэ гэдэг байна.
    д) Дотоод монголд хятад иргэдийн тоо монгол иргэдийнхийг маш их хэмжээгээр давж байна.
    е) БНМАУ-ыг ЗХУ-д хураамжлахыг Орос оролдвол Хятад улс нэлээд сайн эсэргүүцнэ байх.
    БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэн хураамжилж болох тухайд:
    а) Хорин жилийн туршид “Бүгд Найрамдах” гэж байгаад Зөвлөлт Холбоот Улсад хураамжлагдсан Тагна Тувагийн жишээ монголд мөн тийм хувь заяа тохиолдож магадгүй гэж бодогдуулна.
    б) Монголын коммунист нам (МАХН) улсаа жолоодож байгаа ба БНМАУ-ын албан үйлс ЗХУ-тай гайхмаар ижилхэн тохирч байх юм.
    в) Зөвлөлтийн нөлөө хараан дор 37 жил байж коминтерний удирдлагад захирагдаж байгаагаас үзэхэд Монголын биеэ даасан байдал тун хэлбэрийн төдий юм.
    Монголын биеэ даасан байдал ихсэж болох нь:
    а) Монгол улс Хятад, Орос хоёрын хооронд яс хаяж хэрэлдүүлэн ашиг олж чадах бололцоотой юм.
    б) Боловсрол нөхцөлөө дээшлүүлж орчин нөхцөлөө хянаж чадах болсон нь монголчуудад өөрсдөө ажил хэргээ явуулах боломжийг нэмэгдүүлж байна.
    в) Төвлөрсөн засаг захиргаа ба улс төрийн хяналттай байгаа нь Улаанбаатар дахь засгийн газраас гаргасан шийдвэрээ биелүүлэх бүрэн бололцоотой болгож байна.
    г) Цөөн тооны Орос тус улсад сууна. Гадаад монголын засгийн газар хятад иргэдийг захирч хянаж байдаг бололтой юм.
    д) БНМАУ-ын засгийн газар монголчуудаас бүрдсэн ба эдний зарим нь жинхэнэ монгол эх оронч үзэлтэн болох нь гарцаагүй байна.
    НҮБ-д Монгол гишүүнээр элсэхийн сайн талууд:
    а) Монголын национализм (үндсэрхэг үзэл) нь занал сүрдүүлэгт орж хавчигдан шахагдаж байсан боловч олон улсаас түүнийг хүлээн зевшөөрч болох гавьяатай бодит үнэн зүйл юм.
    б) НҮБ-аас монголыг хүлээн зөвшөөрөх нь түүнээс өөрийн өвөрмөц тусгаар биеэ даасан байдлаа хадгалахад нь тусалж үндэсний хэлбэрээ алдан түүгээр ч үл барам түүхийн хогийн саванд хаягдахаас аварч болох талтай.
    в) Монголчууд нь коммунист бус орон ба ард түмэнтэй, үүнд өрнөдийн оронтой холбоотой байхыг ямар ч эргэлзээгүй хүсэж байна.
    г) Тэд үйл хэрэг, хөгжлийн асуудлыг хязгаарлагдмал боловч нэлээд хэмжээгээр өөрсдөө барьж байна.
    д) Монголыг ЗХУ-д хураамжлан нэгтэх эсэх асуудлыг Орос цэгнэн үзэж байгаа энэ үед БНМАУ-ын НҮБ-ын гишүүн болох асуудал орост муугаар нөлөөлж болох юм,
    Хэрэв НҮБ-д орвол ядаж цөөн тооны монгол төмөр хөшигнөөс гаран дэлхийг үзэж түүний амьдралыг мэдэх юм.
    Хэрэв НҮБ-д орвол ядаж цөөн ч гэсэн өрнөдийнхөн албан ёсоор чөлөөтэй явж БНМАУ-ын тухай бүрэн гүйцэд баримт мэдээ олж болох юм.
    НҮБ-д гишүүнээр элсэхийн саар талуүд:
    а) БНМАУ НҮБ-д орсон ч, ороогүй ч өөрөө биеэ даасан бодлого явуулж чадахгүй, одоогоор болон ойрын ирээдүйд Ерөнхий Ассамблей дээр ЗХУ-тай дуу нийлүүлж байх болно.
    б) Тус улсын засгийн газарт чөлөөтэйгээр шилж сонгогдсон хүмүүс биш гагцхүү улс төрдөө дурамжхан бөгөөд хүлцэнгүй ард иргэдийг удирдан суугаа цөөн тооны сонгомол (элит) бүлэг этгээдүүд ордог.
    в) Үндэсний Хятад (формоза) нь БНМАУ-ыг НҮБ-д орохыг яриангүй эсэргүүцнэ.
    г) АНУ нь Монголыг НҮБ-д оруулахыг дэмжвэл бодлоо өөрчилсөн болж коммунистууд үүнийг “бууж өгсөн” гэж тайлбарлах болно гэжээ.
    Монголын ойрын ирээдүйг 1958 оны 4, 7, 10 дугаар саруудад Их Британий Вангийн нэрэмжит Төв Азийн сэтгүүлд хэвлүүлсэн “Монголын үндсэрхэг үзэл” бүтээлдээ Роберт Рупен ингэж бичсэнийг бага зэрэг товчилсон чөлөөт орчуулгаар дээр иш татлаа. Энэ бүхэн тэр л маягаараа өнөөг хүртэл үргэлжилсэн бол Рупений тооцоо онох ч байсан байж болно. Гэвч үйл явдал өөрөөр эргэж монголчууд 1961 онд НҮБ-д элссэн юм. Улмаар 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгон авсан билээ. Гэвч эрдэмтэн Рупений санамжаас нэлээд зүйл түүний хэлснээр буюу түүнээс ч долоон дор байдлаар давтагдсаар байгааг анзаарахгүй юм бол түүний таамаглалын хугацааны бараг тал хувь нь өнгөрчихөөд байгаа ажээ. Үлдсэн хагас зуун жилд монголчууд биеэ шинжиж! төрөө засах тун ч их ажил үлдээд байгаа юм биш үү! Болгоогтун!
    Гурван зуун жилийн дараа
    “Монголчуудыг 50 жилийн дараа мөхмой” гэж энэ зууны эхээр монголоор аялан явсан өрнөдийн жуулчид зөгнөн бичсэн. Тэд ядуу дорой, өвчин эмгэгт баригдсан цөөхөн хэдээс монголчуудыг нүдээр хараад тэгж хэлцгээсэн. Тэр цагтаа яах аргагүй үнэн үг байлаа. Гэвч монголчууд үр үндсийг нь таслах гэж байсан нийгмийн өвчнөөс эрс шийдэмгий салж чадсаны хүчинд тавин жилийн нас өгсөн муу зөнг тасласан юм.
    “Монголчууд зуун жилийн дараа мөхмой” гэж энэ зууны дундуур өрнөдийн эрдэмтэд хэлж байсан. Тэр бол улс төрийн шинжтэй дүгнэлт байсан. Юу гэвэл улс орныхоо тусгаар тогтнол, улс төрийн бие даасан байдлыг хангаж чадахгүй бол хоёр талынхаа аль нэг том хөршид нэгдэн нийлж, живж үгүй болох аюул илэрхий харагдаж байжээ. Тагна Тува ард улс ч юмуу түвд улсын хувь заяа ч үүнийг давхар нотлон байсан хэрэг. Гэвч монголчууд нэгдсэн үндэсний байгууллагад бүүр дөчөөд оны сүүлчээс эхлэн арав гаруй жил элдэв бэрхшээлийг даван туулсаар гишүүнээр элсэн орж чадсан юм. Дэлхийн зуугаад оронтой “алтан аргамжаар” холбогдож чадсан билээ. Тийнхүү улс төрийн баримжаагаар зуун жилийн нас өгсөн тэр зөнг худал болгох болзлыг хангажээ.
    “Монголчуудаас 300 жилийн дараа юу ч үлдэхгүй” гэж бас нэг хүн хэлжээ. Энэ тухай дор өгүүлье.
    “Гурван зуун жилийн дараа монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж Ван Дайк урьдчилан хэлж байна хэмээн 1929 онд Москва, Ленинградад хэвлэгдсэн “Ханьжоугаас Москва хүртэл” номын 134 дүгээр хуудсанд дурайтал биччихсэн байгаа.
    Гурван зууны тэртээхийг бүүр 1927 онд олоод харчихдаг ямар гээч “мэргэн” эр байгаа вэ? Арай Нострадамус биш биз? гэж бодогдож болох юмаа. Нээрээ, тэр ямар гээчийн хүн байгаа вэ,
    Леон Ван Дайк гэдэг тэр хүн нь Бельгийн католик шашны хар лам байжээ. Тэр ламыг “язгууртны асар өргөн боловсролтой олон хэлний ном бүхий номын сантай, гэрэл зураг маш сайн авдаг хятад, монголын амьдрал ахуйг харуулсан хэдэн мянган гэрэл зурагтай хүн” гэж уул номонд Америкийн сэтгүүлч авгай Анна Стронг бичжээ. Үнэхээр тэр үедээ язгууртны өргөн боловсрол мэдлэгтэй ба католик шашны хар ламын хувьд шашны дээгүүр зиндааны мэдлэгтэй энэхүү бельги иргэн монголын хувь заяаны талаар оновчтой үг хэлж чадах оюуны чадавхитай гэж цаг үедээ итгэгдэхээр нэгэн байжээ. Тэрээр хятадын Нэнси хотод монголоос нэг их холгүй аж төрж байжээ.
    “Нээрээ монголчууд ямар нэгэн ач холбогдол, үнэ цэнэтэй гэж үү? Тэднээс ямар нэгэн бүтэлтэй юм гарна гэж үү?” хэмээн Анна Стронг мөн номынхоо 134 дүгээр талд асуулт тавьж бичжээ. Чингэж асуусан асуултандаа зарим хариу авснаа ч тэр дурджээ.
    “Энэ асуултад би арай хожимхон хойт зүгт аялахдаа өргөө (урга) гэж урьд нь нэрлэгдэж байгаад одоо гадаад монголын нийслэл Улаанбаатар хот гэж ахин загалмайлагдсан хотоос зарим хариуг нь оллоо” гэж бичжээ. (мөн номын 134 дүгээр талд)
    Хориод оны дундуур монголоор дайрч явсан тэрхүү сэтгүүлч эхнэр бол Анна Луиза Стронг гэгч бөгөөд хятадад залуу зандан насандаа очиж хувьсгалчидтай танилцан дараа нь хэд хэдэн ном бичсэн хүн юм. Сүүлд нь Мао- гийн тухай ч ном бичиж түүний ивээлээр Хятад улсад насны бөгсөнд орогнох болжээ.
    “Гурван зуун жилийн дараа монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж айлдсан хар лам Ван Дайкийн үгэнд Улаанбаатар хотоос хариу авсан гэж Америкийн сэтгүүлч авгай бичсэнийг олон жилийн дараах хэрэг явдлын мөн чанартай холбож үзэх юм бол эргэцүүлж бодохоор зүйл басчиг цөөнгүй.
    Нүүдэлчдийн соёл иргэншлийг мөхөх гол хүчин зүйл бол суурьшлын соёл иргэншил юм. Үүнийг дэлхий дахины байдал аяндаа ил тодоор ойлгомжтой хэлээд өгч байгаа билээ. Дэлхий бүхэлдээ нүүдэлчид, бядан явагчдын өлгий байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр 10 саяас илүү хүн амтай аймшигт хар “Мегаполис” гэгдсэн том хотууд тив болгонд хэд хэдээрээ буй болж нүүдэлчин гэж нэрлэчихмээр хүмүүс гэвэл ердөө л монгол, цыган (оорцог) хоёр үлдсэн ажээ.
    Монголчууд ч гэсэн өнөөдөр жинхэнэ нүүдэлчид мөн үү? Монгол улсын хүн амын гуравны нэгээс илүү нь хот суурин газарт аж төрдөг болжээ. Дээр дурдсан номд гардаг Өргөө хот энэ зууны эхээр гуч гаруйхан мянган хүнтэй тосгон байсан. Гэтэл тавиад жилийн дараа зуун хорин мянгат хот болж улмаар сүүлийн гучхан жилийн дотор хагас саяас 700 мянган хүн амтай нүсэр хот болон хувираад байна. Саяхан хот байтугай шавар тагз байгаагүй Бурхантын хөндийд Дархан хот, Эрдэнэтийн овоонд Эрдэнэт хот, аймаг болгоны төвд хорь гучаас доошгүй мянган хүн төвлөрсөн бэсрэг хотууд бий болжээ. Бас сумдын төв гэж нэг жижиг мөртлөө суурин гацаанууд буй болсныг хамруулан тооцвол 360 гаруй суурин газарт монголын гурван хүн тутмын хоёр нь суурьшсан амьдралын эзэд болон хувирчээ.
    …Хот руу тэмүүлэх тасралтгүй “урсгал” нэгэнт буй болжээ. Тэр урсгалын хурд улам бүр нэмэгдэж байна.
    1982 онд Улаанбаатарт жилдээ 2000 хүн ирж суурьшиж байсан бол арван жилийн дараа 1992 онд 6848 хүн ирсэн байна. Түүнээс хойших жилүүдэд нийслэл чиглэсэн “хүний урсгал” улам өтгөрч 1994 онд 8080, 1995 онд 11 мянган хүн Улаанбаатарт суухаар ирэгсэд хүн бүлийг нь эрс нэмж хүнс хоол, үйлчилгээ шаардах болов. Дээр нь бас гадаадынхны хөл дарж зөвхөн 1993 он гэхэд л 7819 гадаадын иргэд суух болсны 5078 нь хятадууд байв. Ийнхүү монгол улс хүн амынхаа гучаад хувийг, хөдөлмөрийн нөөцийнхөө гуч гаруй хувийг нийслэлдээ бөөгнөрүүлсэн “хачин улс” болон хувирав. Ийм “хачин улс” дэлхийд хоёрхон байгаа бөгөөд (Чили 38.3, Уругвай 42.6 түүний дараа гурав дахь нь Монгол болов. Бахархах юм мөн үү гэвэл хараахан тийм бус ажээ. 1995 онд нийслэлд шилжин ирсэн арван нэгэн мянган хүний ард нь дор хаяад л нэг хүнд хорин таван толгойгоор бодоход 275 мянган мал хариулах эзэнгүйдэж нутагтаа үлдсэн малчдад нэмэгдэл ачаа болж байгаа биш үү? Мөн тэр хэмжээгээр (тухайлбал 1996 онд шилжин ирсэн гурван мянган гаруй өрх айл) өвөлжөө, хаваржаа эзгүйрч байж болно. Бүр өргөн хүрээгээр бодож үзвэл нүүдэлчдийн соёл иргэншлийг тээгчдийн эгнээ шингэрч байна гэсэн үг. Хүнгүй соёл иргэншил гэдэг амьгүй болтлоо борцлогдсон соёл иргэншлийн идэвхгүй өв маягаар үлддэг. Монголчууд малаа орхин худаг ус, өвөлжөө хаваржаагаа огоорон хот суурин руу тэмүүлэх болсон нь ердөө л тавиад оноос хойш буюу саяхан эхэлсэн үзэгдэл. Дөчөөд оноос арван найман аймагтай болж аймгийн төвийн шавыг тавьж байх тэр цагт Ховд, Улиастай, Цэцэрлэг, Алтанбулаг, Баянтүмэнгээс өөр суурьшсан газар бараг байгаагүй. Говь- Алтай аймгийн төвийг одоогийн Алтай хот гээд байгаа тэр газарт байгуулахаар шийдвэрлэсэн тухай хурлын баримт бичигт “Чөдрийн морины өвстэйг бодож” Есөнбулагт байгуулахаар болсон байдаг нь хот байгуулах цагаан толгойг мэдэхгүй зөвхөн хот айлын түр буух бууц товлох хэмжүүртэй хүмүүс байсныг гэрчлэн үлджээ. Энэчлэнгээр улсын нийслэл Улаанбаатар хотыг ч хот байгуулалтын нарийн тооцоогүйгээр дээр дээр нь нэмэн барьж байгуулсаар өнөөдөр хүн амын гуравны нэгийг бөөгнөрүүлсэн нүсэр бөгөөд ундуй сундуй суурин, тэгээд ч идэш хоол, сууц үйлчилгээг нь дийлэхээргүй “хөлд дарагдсан” хөөрхийлөлтэй мөртлөө олон ам бүлтэй, омголон зантай, хэрэг зөрчил, хулгай дээрэм, муу муухай юм үүрлэсэн шоргоолжны үүр шиг орон газар болон хувирав.
    Нийслэлд амьдрал хөнгөн биш боловч сонирхол татах юм цөөнгүй байгаагийн гол нь орчин үеийн тохилог орон сууц, гэрэл цахилгаан, үзвэр үйлчилгээ, эд бараа, хөгжил хөдөлгөөнөөр хөдөөгөөс хавьгүй давуу юм. Тэр бүхэнд татагдсан хөдөөгийн залуус хот руу дэнгийн эрвээхэй шиг тэмүүлнэ. Хүүхдийнхээ аяыг дагадаг өвгөд хөгшид мөн л тэднийгээ бараадна. Тийнхүү өнөөх дэлхийд содон харагдаж гайхуулах гээд байгаа “нүүдэлчний соёл иргэншил” гэгч маань “суурин соёлын” нялуун цээжинд тас тэврүүллээ. Агь таанын үнэр нь сүрчиг бүрчигнийхээр солигдоно. Гол горхины хоржигноон нь машин тэрэгний хархираагаар солигдоно. Айраг цагааны сэнгэнэсэн амт нь архи пивоны нясуугаар солигдоно. Дөрвөн хананд хашигдаж уур уцаар нэмэгдэж алсын бараа харахгүйд нүдний хараа муудна. Уурын халаагуурт дасан хүүршээд жавар даахаа больж, суугаа амьдралын эрхээр судас шөрмөс суларч монгол зүснээс өөр монгол гэмээр юмгүй болно.
    “Монголоо алдмар” гэдэг хараал жинхэнэ ёсоороо хүрч морьтон ардынхаа заншил соёлоос хагацна.
    Нүүдэлчдийн соёл иргэншлийг аврах хадгалах тухай хичнээн мэргэн цэцэн гоё үгээр яривч суурьшлын соёл иргэншилд өөрийн эрхгүй гулсан орж уусан ууссаар “монголчуудаас юу ч үлдэхгүй” гэж хэлсэн Ван Дайкийн ёрлол нь дурдсан хугацаанаасаа өмнө ёсоороо болохыг няцаах баталгаа долоо хоногт 150 хүнээр ам бүл нь төрөлтөөр биш түрэлтээр нэмэгдэж байгаа Улаанбаатар нийслэлд л өнөөдөр лав алга. Монголын асуудал гэдэг бол одоо хотын асуудал болоод байна. Нэгэнт бөөгнөрөлийн гол төв болчихсон хотуудыг тараах, үгүй хийх ямар ч арга байхгүй тэгэх ч ёсгүй. Төрчихсөн хүүхдийг хэвлийд нь буцаах аргагүйн адил нэгэнт төрчихсөн хот суурингууд хоног хоногоор томорч л таарна. Суурин соёл иргэншлээс зайлж зугатсан ард зон өнөөгийн дэлхийд алга. Суурин соёл бүхнийг залгина.
    Өнгөрсөн зууны жар далаад оноос Оросын тариачид хот суурингуудад тэмүүлж хөдөө нутаг нь эзгүйрсэн шиг энэ зууны жараад оноос монголын малчид хот сууринд татагдаж малын бэлчээр зэлүүдширч байгаа нь нүүдлийн соёл иргэншлийн нэгэн өвөрмөц хэвшил мөдхөн төрөл арижихын цондон болж байгааг зөвхөн бельгийн хар лам Ван Дайк ч биш өрнө зүгийн ажигч гярхай хүмүүс томруулагч дурангүйгээр харж ажиглаж, хэлж бичиж байгаа нь ойлгомжтой. Илүү давуу талуудаараа суурин соёл иргэншил ноёрхох арга зам ганцхан бий. Тэр нь хоёр соёл иргэншлийн зүй зохистой хослуулсан нөхцөл байдлыг бүрдүүлэх төрийн үзэл баримтлал бий болгож урт удаан хугацаанд цогцолбор хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого юм. Өөрөөр хэлбэл хоймсон соёл иргэншлийн (бицивилизация) бодлогыг монгол хүн бүрийн дотор ухаанд бойжуулж буйлуулах хэрэгтэй юм. Тэгсэн цагт бид соёл иргэншлийн хувьд гурван зуу байтугай гучин мянган жилд ч урт настай удаан жаргалтай аж төрж чадна.
    – Лодонгийн Түдэв
    1996 он.

    #МАРКО #ПОЛО -#Page-

  • ХЭРЭЭ ХАР Ч БУРХАНЫ ШУВУУ ГЭГДДЭГ. ХЭРЭЭНИЙ ХЭЛНИЙ ТАЙЛАЛЫГ МЭДЭЭД АВААРАЙ

    Гон, гон гэж дуугарваас идээ ундаа олох Тан, тан гэж дуугарваас жинчин хүн ирэх Хан, хан гэж дуугарваас элч ирэх Хайс, хайс гэж дуугарваас чоно хулгайд довтлох Гааг, гааг гэж дуугарваас төр төвшин сайн Сон сон гэж дуугарваас хүмүн бүгдэд муу Нэр нэр гэж дуугарваас нийт хүнд муу Гүү гүү гэж дуугарваас хүүхэн олох 3. Цагаар баримжаалан шинжихүй: Хулгана цагт – ноён хүмүнд муу Үхэр цагт – хонь малд үхэл болох Бар цагт – сайн хүн ирэх Туулай цагт – мах, архи ирэх Луу цагт – улсын дундаас бэлэгшээт үг сонсох Могой цагт – жуулчин эхнэр хүн ирэх Морин цагт – санасан хэрэг бүтэх Хонин цагт – хэрүүл гарна, их ном уншуул Бичин цагт – зочид ирнэ Тахиа цагт – үдэш буюу маргааш хүйтэн бороо салхи болох Нохой цагт – төгөлдөр сайн Гахайн цагт – охин, хөвгүүнтэй эхнэр ирэх гэж шинждэг байна.
    ХЭРЭЭНИЙ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ Хүмүүс хэрээ гуаглахад тийм ч таатай ханддаггүй. Ер нь аль ч үндэстэн ястан үлгэр домог зэрэгтээ хэрээг мөнхийн сөрөг дүрээр илэрхийлдэг. Гэвч манай ард түмэн аливааг сайн сайхан талаас нь харж тайлж чадвал муу зүйл үгүй гэх билэг билэгшээлтэй өвөг дээдсийнхээ уламжлалаар гэрийн гадаа хэрээ гуагалвал “хурай, хурай, есөн цагаан өндөг гаргаарай” хэмээн ерөөх нь бий. “Хэрээ зүс нь хар ч зүрх нь цагаан” хэмээн аав ээжийнхээ ярилцаж байхыг сонсоод ихэд гайхсансан. Үнэхээр цагаан зүрхтэй байдаг юм болов уу гэж бодож билээ. Хэрээ “гэр бүлийн хувьд” бусад шувууг бодвол илүү бат бөх харилцаатай, нэг хостойгоо бүхий л насаараа хамт байдаг, нэгнийгээ үхэж үрэгдсэний дараа үлдсэн хугацаандаа ганцаараа амьдардаг, түүнийхээ араас “амиа хорлох” үйлдэл хийж хун шувуу шиг “уянгалаад” байдаггүй илүү ухаалаг, илүү өөдрөг үзэлтэй, тэвчээртэй, байгаль цаг уур, амьдралын олон бэрхшээлүүдэд дасан зохицож, даван туулах чадвар сайтай гэж шувуу судлаачид үздэг. Харин нөгөө нэг нь хосоо алдсан тохиолдолд түүнийг “гэр бүлийнхээ” гишүүнээр тооцож ангаахай, дэгдээхэйг нь хамтран өсгөлцөж, эзэмшил газар нутгаа нэгтгэн амьдралаа цааш үргэлжлүүлдэг байна.
    Хөгширсөн эцэг эх нь болох шувуундаа хоол зөөж тэжээсээр үддэг байна. Гайхалтай гэр бүлсэг, биедээ тусархуу, үүрээ аюулгүй газар нягт нямбай барьж чаддаг, бусад шувуу үүрэнд нь ирээд өндөглөчихсөн байвал булаацалдаад байлгүй шууд л яваад өгдөг, жил бүр нэг үүр шинээр барьдаг хөдөлмөрч, тусч, сайхан сэтгэлтэй гэхчлэн хүнд байдаг аль л эерэг чанаруудыг өөртөө агуулсан болохоор нь цагаан зүрхтэй гэсэн нь учиртай байж. Хүмүүс хун шувууг хамгийн үнэнч шувуу хэмээн үзэж хайр дурлалын билгэдэл болгодог, гэтэл хэрээ түүнээс ч үнэнч бөгөөд бие биедээ төдийгүй хүнд ч амархан дасаж, нэг сайн санасан хүндээ насан турш итгэж явдаг байна. Шувуу судлаачид хун шувуунд зүүсэн бөгжний тусламжтайгаар тэд хосоо алдсан ч ирэх жил өөр нэгэн хостой болоод ирж байгаа нь цөөнгүй тэмдэглэгдэж, өөр олон оронд насан турш нэг л хостой байдаггүй юм байна гэдэг нь батлагджээ. Хэрээ хар ч нутгийн шувуу, хун цагаан ч харийн шувуу гэх үг ч бий.
    Хэрээ хүн хоёрын нөхөрлөсөн бодит сайхан түүхийг “Хар шувууны цагаан түүх” номоороо нэрт зохиолч Ж.Дашдондог гуай түмэн олондоо хүргэж байсан билээ. Хон хэрээ, хар хэрээ, турлиах, шаазгай гэхчлэн хэрээнийхэн овогоос монгол нутагт 12 зүйл нь бий. Хэрээг шинжлэх ухаанд 20-25 насалдаг гэж үздэг. Дээрх номонд бичсэнээр бол 1948 онд таарсан хүн шувуу хоёр 60 жил нөхөрлөж байна гэж гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд бодит баримт юм. Тэр ч бүү хэл монголчууд хэрээг 300 насалдаг гэж ам дамжуулан ярьдаг ч хараахан нотлогдоогүй. Монголын төдийгүй гадаад улс орны бөө нар ч хэрээг “онгод тэнгэр явж байна” хэмээн шүтэж, билэгшээх нь түгээмэл. Онгодууд буюу өвөг дээдсийн ариун сүнс хэрээний биед оршин, хүссэн газраа нисэж явдаг хэмээн тайлбарладагаас үүдэлтэй ийм ойлголт бий. Харин буддын шашны талаас бол Гомбо хэмээх тарнитай, догшин бурхны дагуул гэдэг.

    Ямартай ч хэрээ маш зөнч, хэтэрхий мэдрэмжтэй амьтан. Сайн муу хүнийг хараад мэднэ, нэг харсан хүнээ хэзээ ч мартахгүй. Өөрт нь муу зүйл хийсэн хүнийг хүний нүд хүрэхгүй газраас таньж, зугтах төдийгүй бусаддаа ч анхааруулна. Бид хатуу зөөлний тэмдэгээ хасаад 33 үсгээр авиа тэмдэглэдэг бол хэрээ 46 орчим авиа гаргаж хоорондын харилцаанд ашиглана. Өөрийнх нь эзэмшил нутгаар урьд өмнө үзэгдээгүй амьтан, хүн, машин, техник гэхчлэн юу л байна тэдгээрийг орчин тойрондоо зарлан мэдэгдэнэ. Бусад шувуу амьтад хэрээний гуаглахыг сонсож мөн хөдөлгөөнөө зохицуулна. Анчид буугаа доош нь харуулж үүрдэг нь бас учиртай. Учир нь хэрээ бууг өргөнөөсөө нарийссан хэлбэртэй буюу гозгор мод мэт дээшээ үзүүртэй байгаагаар нь таньж гуаглавал тэр өдрийн аз хийморь анчинг дайрахгүй л гэж ойлго. Учир нь хэрээ бууг таниад бүгдэд зарласан гэж ойлгож болно.
    Хэрээ хүчтэй салхи шуурганы өмнө гуагалж цаг агаарын таагүй үзэгдлийг хүмүүст мэдээлдэг. Голын эрэгт хоёр хэрээ амнаасаа уур савсуулан хоорондоо ярьж буй мэт сууж байвал хэсэгтээ л тухайн орон нутагт дулаан, тогтуун байна гэсэн үг. Намар хэрээ олноороо цуглана. Энэ нь эцэг эхийн эзэмшил нутгаас нүүж шинэ газар нутаг хайхаар гарч байгаа нь тэр. Харин эцэг эх нь анх нутагласан газраасаа нүүдэггүй, тэр орчмынхоо хэл улыг дамжуулан, бараг л тэр гуай, энэ гуай гэх нь холгүй бүгдийг таньж, дасаж дадсан нутаг орондоо насаа бардаг байна. Өөрийн эзэмшил нутагтаа байж байгаль эх дэлхийгээ элдэв сэг зэм, үхэж хатсан амьтны үлдэглийг цэвэрлэн, халдвар нян тарахаас сэргийлдэг байгалийн ариун цэвэр сахиулагч гэж хэлж болно. Хэрээний нэг онцлог нь химийн утаанд хорддоггүй. Гэрийн гадаа хэрээ гуаглахад муу ёртой гэхээсээ илүү болох гэж буй сайн мууг хэлж өгч байна гэж ойлгох нь зөв юм. Болох ёсгүй байсан муу муухайг энэ хэрээ л дуудаж авч ирэх гээд байна гэж ойлголгүй, дотоод зөн билгээ чагнаж эх байгалийнхаа дохио чимээг анхааран сонсож болгоож сэргээж явууштай. Шувуу болон байгаль эх хүнд хараал хийдэггүй, мууг ёрлож дууддаггүй. Хүн л өөртөө муу муухайг дуудах нь бий. Тиймээс монголчууд аливаа ёр зөнг сайнаар тайлж ерөөл болгон өргөж амьдарч иржээ. Сайн муу ямар ч мэдээг бусад амьтдаас илүү хамгийн түрүүнд орчин тойрондоо зарладаг учир хүмүүс хэрээг сайтар чагнаж байх хэрэгтэй юм
    ИНГЭЭД ТА БҮХЭНДЭЭ “ХАР ШУВУУНЫ ЦАГААН ТҮҮХ БУЮУ МАЛЧИН БҮСГҮЙ БӨМБҮҮЛЭЙД ТОХИОЛДСОН ГАЙХАЛТАЙ ТҮҮХ”-ИЙГ ХҮРГЭЖ БАЙНА. ——————————— Малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Дайны дараахан буюу 1948 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элстэй багийн малчин бүсгүй Ц.Бөмбүүлэйд нэгэн сонин явдал тохиолджээ. Тэр хавар бүсгүй дөнгөж арван найман нас хүрээд байлаа. Аргал түүж яваад хээрээс хөлөө хугалан нисч чадахаа байсан хэрээ олжээ.Говьд хаврын тарчиг цагт өлссөн хэрээ ядарсан цагаан зээр барих гэж байгаад зээрэндээ даруулж унан гэмтсэн нь тэр байжээ. Бүсгүй хэрээг өрөвдөн хугарсан хөлд нь мод барин боогоод аргандаа үүрэн гэртээ авчирчээ..
    Хэрээнд хоол өгч бусад цагт нь араган дотор хийгээд орхино. Сүүлдээ хөл нь ч эдгэрч өөрт нь дасч бүсгүйн гараас хоол идэх болжээ..Хөл нь эдгэсэн юм чинь яваг гэж бодоод араган дотроос нь гаргасан боловч явсангүй. Тэр цагаас хойш хэрээ хүн хоёрын нөхөрлөл эхэлж энэ жил жаран нэг дэхь хавартайгаа золгож байна. Бөмбүүлэй гуай ямар ч олон хэрээн дотроос өөрийнхөө хэрээг хугарсан хөлний бороолсон хэсэг дээр ургасан цагаан үсээр нь танина. Хэрээний хөл эдгэхдээ олом жирэм, унаганы ногтны ормоор олойртсон байдаг шиг цагаан үс ургасан байдаг тул түүгээр нь ялгадаг байжээ.
    Бөмбөөлэй гуай надад ярихдаа: Хэрээг хараал хийдэг хар өнгөтэй гэж л боддог байлаа.. Хэрээ хүний ачийг мартдаггүй сайхан сэтгэлтэй шувуу юм билээ. Монголчууд хэрээг гурван зуу насалдаг гэдэг. Миний хэрээ анх надтай учрахдаа хэдэн настай байсан юм бүү мэд. Эр эмийг нь мал шиг ялгаж болдоггүй юм билээ. Тэхдээ миний энэ муу шувуу “бүсгүй” амьтан байгаа юм гэж билээ.
    Улс амьтан юу ч гэх юм билээ гэж хэрээгээ хөөгөөд явдаггүй бөгөөд эхлээд эзэндээ аашлуулан хэд хоног ирэхгүй боловч удалгүй хүрээд л ирнэ. Тэдний гэрээс холгүй үе дамжин нутаглаж ирсэн Гүн¬шандны хайлаасны нэгэн дээр хэрээ үүрээ засжээ. Хэрээ ухаантай гэдэг үнэн . Бөмбүүлэй гуай хааяа гэрт гадаа орж гарч байгаад малаа харахаа мартсан үедээ хэрээндээ: Ажил хийгээд завгүй байхад малаа хардаггүй яасан залхуу шувуув гэж аашлахад хэрээ ихэд гэмшсэн маягтай өндөөр нисч малаа харчихаад эзнээрээ эрүүлэлгүй мал дээрээ дагуулаад очно..Нэг эвгүй юм нь айлын гадаа байгаа чөдөр ногт, уурганы хуйв, малын тушаа, гялгар зүйл, толь, халбага сэрээг үүрэндээ зуугаад ирнэ. Бас манай гэрт авчирах тул хүмүүс хэрээгээрээ хулгай хийлгэлээ гэж хэлэх бий гэхээс санаа зовдог байлаа.. Хэрээ хээр хонь хургалсан байвал гэртээ ирж хэл өгнө.Хэл өгч байгаа нь андашгүй тоонон дээгүүр далавчаа шуугиулан ниснэ, гуаглана.Тэгээд л дагуулаад очно. Бүр нэг нь хургалсан хонио гэрээс хүн иртэл ээрч байна. Сүүлд нь бодоход энэ ч бас учиртай юм билээ. Хургалсан малын хагийг иддэг байсан юм билээ..Уншигч та юун хоёр дахь хэрээ гараад ирэв гэж гайхаж магад. Анх ирсэн хэрээ эм хэрээ байсан тул “нөхөрт” гарч үргэлж хоёул явдаг байлаа. Тэр ч байтугай хөгшнийг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад нь эртэйгээ хоёул эргэж очсон байдаг юм.Бас нэг сонин юм болжээ. Нутгийн нэг матаач Бөмбөөлэй хэрээ шувууны хэл мэддэг, хараал хийж магадгүй гэж дээд газарт алтан хошуу өргөжээ.Түүнийг шалгахаар аймгийн намын хорооноос хүн ирж шалгахад мань хүн: Ямар юмных нь хэрээ шувууны хэл мэддэг юм.Хээрээс нэг өвчтэй шувуу олсон эдгээд л нисээд явчихна билээ гэжээ. Түүний дараахан нэг өдөр хэрээ нь үр хүүхэд хань ижил нь бололтой тав зургаан хэрээ дагуулаад ирэхэд нь Бөмбөөлэй гуай хоол өгөх зуураа: Та нараас болж намайг шалгасан. Дахиж битгий ингэж олуулаа ирж бай гэснээс хойш олуулаа ирэхээ байж гэрийнх нь ойролцоох хайлаасан дээрхи үүрэн дээрээ байх болсон гэнэ. Хаврын тарчиг цагт хоол идэш ховордож хэрээ өлсөх тул Бөмбөөлэй гуай өвөл идэш хийх үед гэдэс дотрын өвдөл цөвдөл базаана. Хадгалж байгаад хоол унд ховордсон үед шувуундаа өгнө.
    Хэрээ зөнч ухаантай шувуу ажээ. Далавч нь шуугиад л элэн халин нисээд байвал тэр өдөр сайн мэдээ сонсоно.Ойр ойрхон нисч буугаад л гуаглаад байвал тэр өдөр хэрүүл юмуу согтуу хүн агсан тавих юмуу таагүй зүйл болдог байлаа. Улс амьтан элдвээр хэлж байсан ч Бөмбүүлэй гуай огт тоохгүй өөрийгөө ядарсан амьтанд тус болж байна гэж бодож байсан. Хөгшнийг ийш тийш явахад хоёр хэрээ нь хүүхэд шиг л дагана.Яагаад ч юм явахыг нь мэднэ.Сумын шуудангаар аймгийн төв ороход машиныг холоос дагана. Түүнийг мэдсэн хүү нь хүртэл сумын шуудан дагаад нисэж яваа хэрээг нь харж Ээжийн шувуу явж байна гэнэ. Машинаас хамаагүй түрүүлнэ.Бас хашир. Өөрийг нь явахгүй үлдчих бий гэж боддог юмуу суусан хойно нь хойноос дагах юмуу шуудан зогсох газарт хэдийнэ ирчихсэн байна. Сүүлдээ сумын шуудангийн зам, аймагт буудаг айлыг хоёрыг мэдчихсэн машин зогсоход түрүүлж ирээд хүлээж байх юмуу очих айлын нь ойролцоо түрүүлээд ирчихсэн хүлээгээд сууж байдаг байлаа. Нэг удаа аймагт буудаг айлын борц хийсэн шуудайны буланг эвтэйхэн цоолоод” шомбодчихсоныг” мэдээд айхтар зэмлүүлснээс хойш хулгай хийхээ байсан гэдэг. Тэр жил намар өвлийн заагаар Бөмбүүлэй гуайн бие чилээрхэж суудлаар хот явж эмнэлэгт хэвтэхэд нь түүнийг хэрээ нь эргэж ирсэн тухай Бөмбүүлэй гуай: -Хөөрхий минь намайг эргэж ирсэн нь үнэн.Тэр холоос яаж ирсэн юм хөөрхий. Их сэрүү орсон цаг байсан. Вагонд суухыг харсан болохоор шөнөжин суудал дагаж ниссэн байх. Эсвэл суудлын дээр суугаад ирсэн юм шиг байгаа юм Эмнэлэгт нэг палатанд хэвтэж байсан хүн: Маргааш хагалгаанд орох гэж байхад муу ёрын юм. Энэ хоёр хэрээ хэд хоног цонхон дээр суугаад байх юм гэхэд хөгшин : Миний муу хоёр шувуу намайг санаад бүр хар царайлчихсан бээвийгээд сууж байна гэж дуу алдсан гэдэг. Хоёр хэрээ нь эзнээ харсныг мэдээд баярлалдан нисч байсан гэнэ.Хөгшин хэрээ нь эргэж ирснийг хүүхдүүддээ дуулгаж мах авчруулан сайн гэгч нь хоол өгөөд: Та хоёр чинь гэр орон мал хуйгаа хаячихаад яаж яваа хүүхдүүдэв. Би удахгүй эдгээд харина. Хотын хэрээнүүдэд гадуурхагдаж хог идэж явсан биз .Одоо харьцгаа гэхэд хоёр хэрээ нь аав ээждээ зэмлүүлсэн хүүхэд шиг яваад өгчээ…Энэ хоёр хэрээ эмнэлэгт хэвтсэн эзнээ эргэхийн тулд хэдий хэр холоос ирснийг бодож үзье. Бөмбөөлэй гуай амьдардаг Хөвсгөл сум нь Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос баруун урагш 170 км¬т байдаг хилийн сум.Сайншандаас Улаанбаатар хүртэл 450 км байдаг юм. Тэхээр хоёр хэрээ 620 км газраас нисч ирсэн байна. Шандаас хот орох суудлын галт тэрэг оройн 9 цагт хөдөлж өглөө 9 цагт хотод ирдэг юм. Тэхээр Бөмбүүлэй гуайн хоёр хэрээ шөнөжин нисэх юмуу вагоны нэг хэсэг дээр шөнөжин сууж явсан байж таарна.
    Хотод буухад нь эмнэлэг хүртэл бас л сэм дагаж. Гарч ирэхгүй болохоор нь хөдөөнийхөн үзүүлдэг 1¬р эмнэлгийн 300 гаруй цонхыг нэг бүрчлэн харж эзнээ хайсаар эзнийхээ хэвтэж байгаа палатыг нь олоод ирсэн байх нь. Намрын сэрүү орсон үед хоёр шувуу буцаад харихдаа бас л 600 км гаруй явж очно гэдэг шувуу байтугай хүнд ч амаргүй ажил . Бөмбөөлэй гуайн хэрээ сайн санаатай хүнийг андахгүй. Ялангуяа тус сумын Л.Гайхал гэдэг хүнд сайн байсан гэдэг. Өөрийг нь эзгүй бол ач охиноос нь л хоол авч иднэ.Өөр хэний ч өгсөн хоолыг иддэгүй гэнэ.Би аймгийн сонины эрхлэгч байхдаа Хөвсгөл сумын Чулуут багийн өдөрлөгт очиж телевизийн нэвтрүүлэг хийх замдаа сумын засаг дарга Батмөнх, тамгын газрын дарга Ц.Чулуунбаатар нараар газарчлуулан Бөмбүүлэй гуайн очиж билээ. Хэрээний зураг авах гэж яваа тухайгаа хэлтэл хөгшин: -Ирэхгүй ээ? Манай шувуу тоо мэддэг юм. Сая та нар машинаас хэдүүлээ буусан бэ гэж асуусан. Бид тавуулаа буусаан гэтэл: Тэгвэл таван хүн машинд буцаж суугаад явж байгаа юм шиг гэрээс далд очоод хүлээж бай. Түүний дараа л нэг ирж магадгүй гэв Бусдыгаа машинд суулгаж явуулаад оператортайгаа хоёул үлдлээ. Зураг авах камертай хүнээ бараан дотор нуугаад би гэрийн хаяагаар харж хүлээлээ. Бөмбөөлэй гуай хүн дуудаж байгаа юм шиг дуудтал хэрээ хаанаас ч юм нисээд ирэх нь тэр. Тэгснээ өнөө хэрээ зураг авах гэж нуугдсан операторын толгой дээр очоод суучих нь тэр. Ингээд бид зураг авч чадалгүй буцаж билээ. Ямартай ч хэрээний тухай тэр сонирхолтой мэдээг Сайншанд телевизээр явуулахдаа манай зураглаач аймгийн Мах комбинат дээр очиж өөр хэрээний дүрс оруулсан гэдэг юм.Хэрээ хамгийн урт настай шувуу гэдэг. Бас цагаан завьжтай хэрээ хамгийн урт настай юм гэсэн.Говийн жирийн малчин бүсгүйтэй 1948 он буюу одоогоос 61 жилийн тэртээ хувь зохиолоор уулзсан хэрээ хэдэн настай байсан юм бол.Хорвоогийн амьдрал баян юм болохоор хэрээ муу хүнээс илүү ач тусыг ойлгон цайлган сэтгэл монгол ижийг 60 гаруй жил бараадан яваа бус уу.Хөгшин өөрийнхөө хэрээг эм шувуу гэж боддог юм билээ. Харин хэрээний эр болох том биетэй хэрээ бол нөхөр нь. Түүнийгээ хөгшин Миний ааштай шувууг бодвол эр том биерхүү. Ааш зан нь дөлгөөн. Бас хүнийх шиг сайхан хар нүдтэй.Хоол ундаа жижигтээ авчирч өгнө.Нэг бус удаа бусад хэрээнээс хамгаалж байхыг нь бодвол гэрийн эзэн юм шиг байгаа юм гэж хэлсэн нь сонин.Ингэж газрын хүн, тэнгэрийн жигүүртэн хоёр нөхөрлөсөн сонин түүх ийм буюу.Ж.Дашдондог “Хар шувууны цагаан түүх”

  • ВАНСЭМБЭРҮҮ

    голын урсгалын шүржигнээт дуу ямар нэг хөг аяыг сэтгэлд гижигдэнэ. Голын хоёр эргээр хаяа нийлүүлэн буусан олон айлын дэргэдүүр өнгөрөв. Энэ жил хавар, зун сайхан болсон болохоор хүн ардын сэтгэл тэнэгэр, малын зоо тэнүүн харагдана.
    Их уулын бэлд ирэв. Миний байгаа орчинд бороо ч намжлаа. Олон өдөр үргэжилсэн бороо биднийг машинтайгаа дээш өгсөх боломжийг хязгаарлав. Тэгээд уулын огцом оргил өөд явганаар мацаж эхлэв. Хамт яваа залуучууд аль хэдийн урагшаа тасарч одов. Эхлээд 20 метр дутам амарч байсан бол дээшлэх дутам 10 метр дутам, улмаар 5 метр дутам амарч дөтөлсөөр урагшлав. Хамт яваа нөхдөөсөө улам хоцров. Бүх биений хөлс асгарч, амьсгал багтарч, хөл цуцна. Аргагүй биз. Ширээний ард ном, цаастай ноцолдож өдрийг бардаг миний хувьд энэ удаагийн аялал биеэнд огцом ачаалал өгсөн гэнэтийн аялал байлаа. Өндөр уулын хугаст хүрч янз бүрийн хэлбэр дүрс агуулсан хад асганд хүрэв. Асга хадан дунд халтирчихгүйг хичээн харайж явахдаа нүдний үзүүрт нэгэн зүйл торох шиг болов. Зогтусан тэр зүйлийг нүдээ гүйлгэн хайлаа. Асга хадны дунд хэсэгхэн зүлэг ногоо байх агаад түүний захад нэгэн өнгө цацруулсан цэцэг байгааг харав. Эхлээд хэсэгхэн хугацаанд сонирхон харж зогсов. Тэгээд өөрийн эрхгүй “Нааш ир, энд том цэцэг байна” гэж орилов. Юм олж харсан, сониуч зан хөдөлсөн, бас олзуурхан хашгирсан миний дуу надаас холдсон нөхдөд тэр дороо хүрэв. Тэд төдөлгүй миний дэргэд ирэв. Тэдний нэг нь “Вансэмбэрүү” гэж ориллоо. Тэгэхэд толгойд минь ийм цэцэг байсан юм уу гэсэн зурвас бодол гялсхийн орж ирэв.

    Хорин долоон жилийн өмнө Их хайрханы оройд цэргийнхэн авиралт хийж байсан санаанд буув. Цэрэг эрс буу зэвсэгээ агсан, цанын ботинк өмсөж, түүндээ “муурын хумс” бэхлэж, бие биетэйгээ уулчдын нэрлэдэг “үндсэн” олсоор хоорондоо холбогдсон хоёр баг Их хайрханы онгоц мөргөж сүйрсэн тэр талаас нь авирч байсан сэтгэлд бодогдов.
    Их уулын оргилд гарав. Энэ оройгоос алс холын газар нутаг, уул ус, нуур, гол мөрөн зурсан зураг шиг харагдана. Их хайрханы оргилд гарсаны дараа хүн болгон дэвхцэж цовхцож, баяр хөөрөө сэтгэлээсээ гадагшуулан баясан гүйцгээж байлаа. Биднийг ахалж явсан “мэргэжлийн уулчин” бүгдийг цуглуулан нэгээхэн хэсэг газрыг “уулчны алх”-аар тогшиход цас цөмөрч ёроол нь харагдахгүй их ангал үүсэв. Одоо бид хүлцэнгүй номхон дуулгавартай нэгэн болов. Заасан газраар явж бөөндөө нэгдэн зураг хөргөө татуулав. Тэгээд авч гарсан хүн нэг бүрийн зэвсэг болох гар буу, автомат, тасгийн пулеметоор ёслолын буудлага хийлээ. Олон төрлийн бууны дуу, уулын оргилын цуурай давтамж нэгдэн сүрлэг дуу авиа тархав.
    Гэтэл тэрхэн агшинд их оройг тойрон үүлс хуралдан цас орж салхи ширүүсэв. Бид яаралтайгаар оргилоос буух маршрутаар хөдлөв. Ууланд авирч гарахаасаа буух нь хэцүү гэдэг.
    Сүйрсэн нисэх онгоцны багийнханы оршуулсан гэх чулуун овоо, онгоцны ослоос үлдсэн агааржуулах “мөгөөрсөн” хоолойны үлдэгдэл, онгоцны сүүлний далавч, цаахан нь уулыг нэвт зүссэн тогтоц бүхий гүн ангал харагдана.
    Бид ууланд авирах бэлтгэл хийх зорилгоор ноён оргилын эргэн тойронд дахь бүх уулын оройд гарч билээ. Хэн нэгний нь ээжийн бие муудсан түүнд Вансүмбэрүү өгвөл эдгэх тухай яриа гарч, бид ч хэрдээ түүнд туслах санаатай тэр хавийн уулсыг бүхэлд нь самнаж билээ. Тэгээд Вансэмбэрүү цэцгийг олсонгүй, Их хайрханаар нэрлэсэн арцтай, бас хүлхэдэг бөөрөнхий чулуутай, “хайлдаг” элстэй буцсан юмдаг.

    Одоо миний өмнө тэр олон жилийн өмнө хайгаад олдоогүй цэцэг харагдана. Түүн рүү тун болгоомжтой дөхлөө. Тэр цэцгийн тухай дуу, шүлэг, домог, хачин жигтэй түүхийг олонтой сонссон болохоор тэгж их болгоомжилсон байхаа.
    Цэцэг залуухан, дөнгөж л дэлбээгээ хумж эхлэж байгаа үе нь бололтой. Цэцгийн дэлбээний хэсэг тод цагаан гэгээнлэг өнгийг өөрөөсөө ялгаруулна. Миний үзэж харж байснаараа төсөөлөн бодвол түүнийг харанхуйд гэрэлтэх фосфорын гэрэлтэй зүүрлэв.
    Нялх хүүхдийн зулайд хүрч байгаа мэт эмзэгхэн, алгуурханаар гараараа цэцгийн дэлбээнд хүрэв. Хөвөн шиг зөөлөн зүйл гарт мэдрэгдэв. Түүнээс цааш би гар хүрч зүрхэлсэнгүй. Тэгээд гараа авлаа. Нөхдүүдийнхээ зөвлөснөөр гарынхаа алгыг үнэрлэв.
    Ямар сайхан, бас гоёхон үнэр ханхалсан гээч. Дэлхий дээр хүнд таалагдах үнэртэн хийх гэж хичнээн олон нарийн мэргэжлийн хүмүүс амьдралаа зориулж, хичнээн олон хүн хөдөлмөрлөж байгаа билээ. Гэтэл дэлхий, байгаль эх өөрөө энэ бүхнийг бүтээчихсэн байдаг. Байгаль эх өөрөө юутай нууцлагыг бас гайхамшигийг өөртөө агуулна вэ. Цэцэг өөрөө, түүнээс ялгарах өнгө, бас үнэр нь намайг Вансэмбэрүү цэцгэнд дуртай бас хайртай болгож орхив.
    Амьдралдаа би олон цэцэгтэй таарч явсан. Манайхан, хүмүүс хоорондын харилцаанд сарнай цэцгийг өргөн хэрэглэж ирсэн билээ. Телевизорын дэлгэцээр цэцэгсийн тухай дэлхийн уралдаан тэмцээнийг үзэж байсан.
    Умард солонгост хоёр их удирдагчийнхаа нэрээр нэрлэсэн цэцгийн музейг үзэж, тэрхүү цэцгийн дэргэд дурсгалын зургаа авахуулж явсан.
    Хүүхдүүдээ дагуулан Улаанбаатар хотын төвийн хэдэн үнэртэн зардаг дэлгүүрүүдээр явж, бүхий л үнэртэй усыг үнэрлэн сонголт хийж байсан цаг саяхан. Тэр бүхэн одоо Вансэмбэрүү цэцгийн дэргэд зүйрлэх юмгүй мэт сэтгэгдлийг төрүүлэв.
    Хүн үзэж харсанаараа бүхнийг жишиж, бас харцуулж дүгнэдэг. Миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан үнэртэй, гайхамшигт үзэсгэлэн гоо цэцэг–Вансэмбэрүү байлаа. Өндөр уулын оройд шахуу газраа сонгон ургасан энэхүү цэцэг онгон байгалийн зэрлэг төрхийн өөртөө шингээсэн, ертөнцийн гоо сайханы бахархал байлаа.

    Бид оргил өөд мацлаа. Байгаль дэлхийн бүтээсэн үзвэр, хад асганы дүрсийг ажиглан, өнгө алаглах ногоо цэцэгсийн зүг нүдээ билчээн урагш тэмүүлэв.

    Хад асгадаар өөрийгөө тойруулан хамгаалуулсан жижигхэн дэвсэг зүлгэн дунд гоо үзэсгэлэнгээрээ гайхуулах Вансэмбэрүү цэцэгтэй дахин таарлаа.
    Цэцэг бүхэн дэргэдээ байгаа аль нэгэн хадыг нөмөрлөн ургасан харагдана.
    Хүн хүнээ түшиж амьдардаг, байгаль ч гэсэн нэг нэгнийгээ түшиж амьдрахаар заяасан тэр хувь тавиланг давтжээ.
    Цэцэгсийг би бишрэн шүтэн харна. Вансэмбэрүү цэцэг намайг онгон зэрлэг нүдээр нэвт шувт ширтэн харна. Амьдралдаа би ийм нэвт шувт ширтдэг, онгон танхил зэрлэгхэн нүдтэй таарч яв луу.
    Энэ өдөр тав дахиа Вансүмбэрүү цэцэгтэй тааралдав. Миний эргэн тойрон Вансэмбэрүү цэцгүүд байна. Би ийм сайхан цэцэгсийн дунд амьдарч байна. Би ийм онгон сайхан байгаль, үүлгүй хөх тэнгэр, тэнгэрлэг хувь заяатай ард түмний нэг болон төрсөнөөрөө бахархаж байна. Вансэмбэрүү цэцэг чамдаа би хайртай болжээ.

    Өндөр уулын цэцэг гэнэ лээ Вансэмбэрүү
    Өргөн олон шүтдэг гэнэ лээ түүнийг
    Цэцэг цэцэгсээс тэс ондоо гэнэлээ Вансэмбэрүү
    Цэвэрхэн төрсөн чамайг түүнтэй зүүрлэлээ би

    Ариун нэрийг нь хадгалж явах хариуцлага чамд ногджээ
    Алдар нэр, итгэл, хүндэтгэл түүнд нь багтжээ, Вансэмбэрүү минь ээ
    Д.Жаргалсайхан
    Улаанбаатар-Бээжин-Берлингийн
    онгоцонд явахдаа үүнийг тэрлэв.
    2008.09.09

    djmedia:732
  • Бөө хүн онгод тэнгэрүүддээ хэрхэн ач тусаа үзүүлэх вэ?

    Монголчууд түүхэндээ бөөгийн зан үйлийг алхам тутамдаа ашигладаг байсны жишээ нь аян дайны өмнө дайсны талд салхи, бороо, мөндөр зэргийг дуудан авчирдаг зад барих үйл байна. Энэ зан үйл явсаар Хувилай хааны үед японы зэн буддизмын лам нарын бясалгал мөргөлийн зан үйлтэй тулгарсан юм. Хөрстөд хүн хоорондын, хөхрөгчид бурхад хийгээд догшин хар тэнгэрүүдийн хооронд тулаан болжээ. Энэ явдлаас хойш хаадууд нэгэн шинэ хүчийг эзэмших зорилго өвөрлөж эхлэсэн. Энэ зорилгоо муйхараар эхлэсэн учир олон бөө зайран хэлмэгдсэн түүхтэй.
    Цаг хугацаа бүхнийг цайруулдаг болхоор хүн ард тэнгэр онгодууд бүгд найрсан зохицож амьдрал ч цааш үргэлжилжээ. Буддын шашныхан догшин хар тэнгэрүүдээс онцлон сахиусаар залдаг болжээ. Олон ч тэнгэрүүд хамгаалагч сахиусны үүрэгтэйгээр томилогдсон байдаг. Далай багшийн дэргэд Найчун сахиус, мөн тусдаа урсгал болон хөгжөөд байгаа Шүгдэн сахиус гээд олон сахиус өмнө нь асар хүчит хар тэнгэрүүд байжээ. Найчун бол яах аргагүй Монгол нутагт оршиж байсан догшин тэнгэр байсан.
    Эдүгээ хамаг амьтан амар амгаланд хүрэх бололцоо төгөлдөр хэмээгдсэн Майдар бурханы даасан алтан эрин морилон ирж байна. Энэ эриний зөн совин хамаг амьтанд илэрч дор бүрнээ догдолсон, эрэл идэвхийлэл өрнөсөн үе тохиож байна. Хүн төрөлхтөнд индиго гэгдэх хүүхдүүд төрж, асури болон тэнгэрүүд хүн төрөлхтний зүг үр удамаа сэргээн ирж бөөн хөл найр болж байна. Зарим тэнгэр асурууд сайхан зөндөө хөтлөгдөөд ирсэн боловч үр удам болох хүн нь Майдарын эриний төсөөлөл ч үгүй байгаад балмагдан яахаа мэдэхгүй болж дэмий улаач бөөгөө аваад буцаад морилох үзэгдэл ажиглагдаж байна.
    Асур, тэнгэр, бардын гацалт зэрэг нь олон зуу бүр олон мянганаар наслаж зовлон гэдгийг хэзээ ч дуусашгүй мэтээр амсдаг хий биеийн амьдрал юм. Тэдэнд аз жаргалын энерги тасралтгүй ирэх боловч аз жаргал гэдэг нь зовлонгийн хагас гэдгийг тэд голдоо ортол мэдэрдэг.
    Бөө болсон хүн өөрөө тэрхүү тэнгэрүүдийнхээ алдааг давтахаас ангид байх хэрэгтэй. Мөн тэнгэрүүддээ тус болж жинхэнэ амар амгалан гэж юу байдгийг үзүүлж, тэрхүү амар амгалангийн амьдралын хэлбэр рүү тэнгэрүүдээ оруулах хэрэгтэй. Тэгхийн тулд эхлээд бөөгийн уламжлал тэнгэр, асурийн амьдралыг сайн судлах хэрэгтэй. Онгод тэнгэрийн юу хүсээд байгааг ойлгох хэрэгтэй. Хамгийн чухал нь буддын амар амгалангийн сургаал болох Дандарын ёс гээчийг олоод нэг харчихвал сайн.
    Дандарын ёсоор амар амгалан нь явцуу ганц сүнсийг эзэмшиж байх үед мэдрэгддэг зүйл бишээ. Харин аватара буюу оршихуйн бүх эд эсэд шингэсэн асар их тэлэлтэд орсон амь болж байж амар амгалан гэдгийг мэдэрнэ. Таван махбодийн аватар болоо гэхэд усны аватара хаана ус байна тэр бүхнийг эзэмшинэ. Шавар шалбаагаас эхлээд далай тэнгис бол надаас өөр хэн ч биш болно. Мөн амьтны биеийн 70 хувь нь ус тиймээс би бүх амьтан болж мэдрэнэ. Гал аватара гэхэд чүдэнзний галаас эхлээд галтикын бүх нарыг ч биеээ болгон мэдэрнэ. шороо аватара бээр шороо хаана байна тэр бүхэнд оршино. Хумхын тоосноос эхлээд бүх гараг эрхэст амь болон орно. Ийм маягаар миний амь бүх л аватара нар болон тэлж хөгжих учир одоо надад жаргал зовлон гэгч зүйл мэдрэгдэхээ байж амар амгалангийн жинхэнэ бодит шинэ амьдрал эхлэнэ. Тэнгэр асуруудад ийм шинэ амьдралын тухай цухуйлгах төдийд ойлгон баясаж, рид хүчээрээ аватарагийн мөн чанарыг өөртөө цогцлоож аваад бурханы хутаг буюу аватара төрхөнд шилждэг. Тэгээд тэдгээр тэнгэр асууриуд эцэстээ хамтдаа бүхэл оршихуйд шингэн амьдрахын ерөөлийг өргөөд шинэ агуу амьдралынхаа зүг эргэж ирэлтгүй явж өгдөг.
    Ингээд онгодоо бурханлагт үдсэн бөө хүн маань энгийн хүн болж цаашид амьдралаа хөөн оддог. Гэтэл энэ үзэгдлийг ойлгоогүй бөө нар эцэг өвгөдгүйгээр би хүн биш хэмээн өөрийгөө ч, онгодоо ч жаргал зовлонгийн далайд татаж чангаасаар байхыг илүүд үздэг. Тэгээд ч шал өөр юм хайж ирсэн хүнийг онгод болгоод ашиглачихвал түүн шиг хачин явдал хаана байх билээ.

  • ТЭР ЖИЛИЙН УЛСЫН НААДМЫН ӨГЛӨӨ

    Өдий насандаа, улсын баярын өдөр хэдэн ач нартайгаа баярлаж явах хүн ингээд байж байх гэж бодохлоор хэн нэгэнд гомдох сэтгэл төрнө.

    Амар мэнд асуусанаа, жар дөхсөн насандаа ингэж ч баяр тэмдэглэж байх гэж гэсэн бодол толгойд зурас хийв. Хэн, хэн нь нүдээрээ бас сэтгэлээрээ нэг нэгнийгээ уншина. Халуун сүүтэй цай, наадмын хуушуур авчирсанаа дэлгэв.
    -Та минь яачихав гэж би дэмий зүйл асуув.
    -Аа засаг дарга л … гээд чимээгүй болов.
    Ахы минь эхнэрийг Оргил гэнэ. Нутаг усандаа нэр хүндтэй, хүний төлөө сэтгэлтэй нэгэн. Өөрөө олон охидтой. Тэд өөрсдөө дутагдаж гачигдах зүйл ихтэй ч ядарсан хүн тааралдвал Оргил эмч олдсоноо бусдад зориулчихна. Тэглээ гээд Оргил эмч сэтгэлдээ баян, тайван, амгалан амьдарна. Сумын хаана л өвчин эмгэг, зовлон яригдахад хамгийн түрүүн сумын эмч очсон байдаг.
    Анх энэ суманд Оргил эмчийг ирж байхад ганцхан МАН гэж хэдэн нөхөд дангаараа олон жил тасралтгүй “ноёрхож” сонгогддог байв. Сумын МАН-ын байгууллага нь аймагтаа дээгүүр орох зуу гаруй гишүүдийн тоотой. Харин АН гэж хэн ч мэдэхгүй байхад Оргил эмч энэ суманд ирсэнээрээ анх намын үүр байгуулж, МАН-ын “зүрхэнд” хонхны дуу хадаасан түүхтэй.
    Өнгөрсөн сонгуулиудад дангаараа нэр дэвшиж ялалт байгуулж байсан МАН-ханд “хал” үзүүлж “хад” долоолгосон нэгэн бол Оргил эмч болой. Яах ийхийн зуургүй зуу давсан гишүүнтэй намын байгууллага байгуулж, сонгуульд хүчтэй өрсөлдөнө гэж МАН-ын хэдэн нөхөд зүүдэлж явсангүй. Дангаараа засаглан олон жил ид нойрмоглож явах үед нь цочоосон болохоор МАН-ын хэд нөгөө Оргил эмчид чигтэйхэн дургүй. Улс төр ид өрнөсөн тэр жилийн сонгууль, сумын хэмжээнд үзүүштэй бас хэдэн жил яригдахаар хүрц болж өнгөрөв. Тайван гэгчээр, бас өрсөлдөгчгүй ялсаар ирсэн ганц нам энэ жил арай хийж, арван гурван мэхээ хийж байж ганц, хоёр хүний илүүгээр ялалт байгуулав.
    Шинээр томилогдож ирсэн эмч энэ сумын улс төрийн тайван амьдралд гүн сорви үлдээж орхих нь тэрээ. Одоо хуучин архаг МАН-ын хэд, Оргил эмчийн аяыг нь олж, хүчийг нь дагуулж, сумаасаа зайлуулах тухай ярилцах болов.
    Тэр жилийн наадмын амралтын өдрүүд олон хоногтой таарч, арай эрт нутгийн цэнгүүн эхлэв. Нэгэн хүүхдийн үсний даахьний ёслол дээр сонгуульд ялсан МАН-ын “архаг” дарга, эхнэртэйгээ, шинээр тодорсон АН-ын шинэ хүчний дарга, эмч, нөхрийн хамт таарчихав.
    Даахьний ёслолын гэрийн гадаа хоёр хүчний удирдагчид учирч, сумын улс төрчдийн цээжин дотор залгисан “шүлс”-ээ цацалцаж, уусан архи толгой дотор манарах тэрхэн агшинд хэн хэндээ санаж явсан хатуу үг шидэлцэв. Хуучин хүчний архаг даргад албан тушаалын бяр хүч, омог, эр хүчний бардам зан бадарч, шинэ хүчний эмэгтэй удирдагчийн амаар уран цэцэн үг булгийн ус шиг ундрах мөчид хор шар, хувийн хонзон, албаны өширхөл дээд цэгтээ өрнөв. Архаг дарга маань, өрсөлдөгч нь эрэгтэй хүн байсан бол аль хэдийн “шанаа” өгчих хэмжээнд хүрэв.
    Олон жил дарга хийснийх арай гар зөрүүлчихсэнгүй. Албан тушаалын эрх мэдэл гэдэг айхтар амттай зүйл байдгийг мэдэх архаг дарга уран арга арга, ухаан бодол эргэлдүүлж, хэрүүл маргааныг өөртөө ашигтай болгож чадав.
    Наадмын өмнөх өдөр болсон “хэрүүл” архаг даргын ялалтаар өндөрлөж, санасаа хэрэгжүүлж чадав. Эмэгтэй хүнд эр бяраа гаргах нь нэр хүндэд халтай тул, эхнэрээ өмөөрч хажуунаас үг шидсэн Оргил эмчийн нөхөр, согтуугаар \уг нь даахьны найранд хэдэн хундага татсан нь үнэн юм\ засаг даргыг үг хэлээр доромжилсон ялд унаж, хорин нэгэн хоног баривчлагдах захирамжаар наадам эхлэхийн өмнөх өдрүүдэд аймгийн төв рүү баривчлагдан ачигдав. Том хэрэг биш учраас баривчлан хоригдох ялаа ногоон талбайн манаачийн ажлаар эдлэх болов. Тэгээд наадмын өглөө миний бие ахаа эргэж яваа нь энэ билээ.
    Улс тунхагласны наадмын өглөө радио, телевизроор төрийн дуулал хангинаж, Ардчилсан намын Ерөнхийлөгч үг хэлж, хөгжил дэвшил, ард түмний амьдрал бадран дээшилж, гадаад харилцаа өргөжин тэлж байгаа тухай уран яруу сайхан илтгэл тавихад, Ардын намын ерөнхий сайд идсэн уусандаа сэтгэл дүүрэн баярын мишээлтээр талимхайран нялагнаж, алгаа ташин баяр хүргэж, ихэс дээдэс зорьсон эрх мэдэлдээ хүрсэндээ сэтгэл тэнүүн байж, ард олон цэнгэлдэх дүүрэн уухай хошигорч байлаа.
    Ийнхүү Улсын баяр наадам эхлэхэд хөдөөгийн нэгэн ногооны талбайд ах бид хоёр буюу АН ба “хоригдол”, МАН ба “эргэгч” би, наадмын хуушуур идсэн шиг хамтдаа сууж билээ.
    Монголын минь улс төр гэж айл гэрт орж, амны бузар, ажлын садаа болон тэрчилнэ. Жирийн иргэд нь намын гишүүнчлэлгүй болж, улс төрөөр “хоол” ологчид нь мэргэжлийн ажлаа хийдэг тэр цаг хэзээ ирэх бол оо.
    Д.Жаргалсайхан