Category: Нийтлэл, ярилцлага

  • СОЛОНГОС, МОНГОЛ ӨӨР УГСААТАЙ ГЭДГИЙГ БАТАЛЛАА

    Тэд монгол эмэгтэй ажилчдаа дарамтлах, зодох нь ердийн мэт болсон төдийгүй хүн амины хэрэгт холбогдсон ч үл тоон тохуурхах ажээ.
    Гэвч энэ бол санамсаргүй үйл явц бус, харин хорин жилийн турш аажим хэрэгжсэн үзэл суртлын үр дагавар байсан юм.
    Солонгос хүмүүс Монголд анх хөл тавих үеэс “монгол, солонгосчууд угсаа нэгтэй, Монгол нь эртний солонгос өвөг дээдсийн газар нутаг юм шүү” гэх тэдний үзэл монгол хөрсөнд соёолжээ. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд Монголд ирэх нь өвөг дээдсийнхээ шороонд дахин хөл тавьж буй хэрэг байв.
    Энэ суртал ухуулга юуны өмнө их хэмжээний санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөрөөр дамжин Монголын шинжлэх ухааны байгууллагуудад гайхалтай гэмээр амжилттай хэрэгжсэн ажээ.
    Одоо энэ үзлийг ШУА-ийн Хэлний хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, МУИС-ийн Монгол, хэл соёлын сургууль, Алтай судлалын төв, Археологи-антропологийн тэнхим, Үндэсний түүхийн музей зэрэг шинжлэх ухааны гол байгууллагууд нь хүлээн зөвшөөрсөн төдийгүй өөрсдөө гадаад, дотоодод түгээх болсон ажээ.
    Тухайлбал, МУИС-ийн доктор С.Дулам тэргүүтэй хэлнийхэн монгол, солонгосчууд домог ба хэлээр холбогдсон ард түмэн гэж лекц, илтгэл тавдаг бол МУИС-ийн Археологийн тэнхимийн доктор Д.Түмэн дорнод монгол ба солонгосчууд антропологийн хувьд нийтлэг гэж бичжээ (Д.Түмэн Солонгосоос шагнал хүртсэн).
    Тэгвэл 2011 онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж гэгч “ОУ-ын монголч эрдэмтдийн их хурал” дээр генийн хувьд хүннүтэй хамгийн ойр ах дүү ард түмэн бол монгол-солонгос гэж албан ёсоор зарлав.
    Хувийн их, дээд сургуулиуд үүнээс хоцорсонгүй. Ялангуяа Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатарын их сургууль энэ үзлийг тараагч нэг голомт болжээ. Тухайлбал, тус сургуулийн солонгос судлаач, доктор Б.Сумъяабаатар дээрх үзлийн анхны монгол номлогчдын нэг ажээ.
    Мөн 2012 онд Чингис хаан дээд сургуулийн багш, доктор Б.Балжинням дээрх үзэлд үйлчилсэн агуулгатай “Дэлхийн монголчуудын түүх” гэх олон боть хэвлүүлж, сүр дуулиантайгаар нээлт хийж байв.
    Солонгос ах дүүгийн үзэл зохиолч-нийтлэлчдийн хувьд тун мөлжүүртэй сэдэв болжээ. Арван жилийн өмнө нийтлэлч Б.Батбаяр “Солонгос ахтай болъё” нэртэй өгүүлэл хэвлүүлж, үүндээ ах нь сургаж дүү нь сонсдог тийм харьцаа солонгос-монголд хэрэгтэй гэж бичсэн байдаг.
    Харин тухайн үед тэр монгол, солонгос гарал нэгтэй гэдэгт эргэлзэж буйгаа онцолсон бол 2009 онд Солонгост хуралд очихдоо бодлоо өөрчилсөн байв. Одоо тэр монгол, солонгос нэг язгууртай ард түмэн гэж сурталчилж явна.
    Авлигад идэгдсэн Монголд ерөнхийлөгч, ерөнхий сайдууд нь ч дээрх үзлийг дуртай нь аргагүй хүлээн авчээ. Монголын аахилсан бүдүүн дарга нар хоёр орны албан уулзалтын үеэр ч, болор жүнз бүхий зоогийн тансаг ширээний ард ч “ах дүүс минь” гэх долигносон үгийг нөгөө талд сүүлийн хорин жилийн турш хэлж иржээ.
    Харин солонгосчууд айхтар хүмүүс тул тэдний үг бүрийг бүртгэн баримтжуулж боть ном болгожээ. Ийнхүү “үнэн”-ийг мөнгө ба өнгөөр хэмжих хорвоод Монголын ард түмэн манкурт боол лугаа адил ой санамжаа арчуулан хөөрхийлөлтэйгээр мэхлэгдэн тэнэх ажээ.
    Тэднийг дээрлэхэж, оюуныг нь зэрэмдэглэж ханах биш. Одоо өнөөх цол, зэрэгтнүүд Монгол Улсын Засгийн газрын ивээл дор дэлхийн монголчуудын гарал үүслийн түүхийг бичиж, дунд сургуулийн хичээлийн агуулгад оруулах гэж байгаа ажээ. Тэд Монгол орны ирээдүй-хүүхэд бүрийг онилжээ.
    Гэвч үнэнийг мөнгөөр хэмжиж болдоггүй, үргэлж нууж чаддаггүй ажээ. Үнэн хэзээ нэгэн цагт илэрдэг. Тэгвэл тэр цагийг монгол залуус зөвхөн өөрийн хүч хөдөлмөр, оюунаар урин дуудаж эхэлжээ. Тэдний нэг нь судлаач Батбаярын Хэрлэн юм.
    Б.Хэрлэн АНУ-д био-анагаах инженерийн мэргэжлээр суралцахын сацуу “Фамили Трий ДНХ” компанид судлаачаар ажилладаг юм. Түүний хэлснээр тэр өөрийн үндэстний гарал үүслийг танин мэдэж, үүнд хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээс хүссэн тул 2008 оноос монголчуудыг генетик талаас нь бие даан судалж эхэлжээ (http://www.tsahimurtuu.mn).
    Б.Хэрлэн судалгаагаа илүү нарийн мэдээлэл өгч чадах эрэгтэй хүний Y хромсомын ДНХ дээр явуулж байгаа бөгөөд үр дүнг нь олон улсын судалгааны сэтгүүлд хэвлүүлээд байна (http://rjgg.org/index.php/RJGGRE/article/view/123).
    Монголчуудын Ү-ДНХ-ийн гапло бүлгүүд (генийн кодууд)-ийг бусад үндэстнүүдтэй харьцуулсан түүний судалгаа “монголчууд нь солонгосчуудаас (мөн хятад, түвд, япончуудаас) удамшлын хувьд хол зөрүүтэй” гэдгийг баталжээ.
    Монголчуудын давамгайлагч гапло бүлэг нь C3 ажээ. Харин солонгосчуудад O гапло бүлэг давамгай ба солонгосчуудад түгээмэл гапло бүлгүүд монголчуудад бараг байсангүй (Зарим харьцуулалтыг хүснэгтээс харна уу. Эх сурвалж: http://www.tsahimurtuu.mn/index.php/stories/2012-05-10-04-44-52/2123-2012-03-06-11-08-42).
    Б.Хэрлэн бас нэг сонирхолтой дүгнэлт хийжээ. Бид алтай, киргиз, якутуудыг өөрт хамгийн ойр хүмүүс гэж боддог боловч энэ нь эндүүрэл ажээ. Тэд монголчуудтай ойр холбоогүй байв. Харин казахууд монголчуудад илүү ойр байжээ. Гэхдээ тэрээр нэг ташаа ойлголтыг няцааж байна.
    Юуны өмнө, Чингис хааны үед монгол түрэмгийлэгчид ирж хүчирхийлэл үйлдсэнээс өнөөгийн казахууд хавтгай нүүр, онигор нүдтэй болоогүй, харин казах хүмүүс хамаагүй урт удаан үйл явцын үр дүнд үүсчээ. Үүнээс үүдэн казахууд өөрсдийгөө монгол, эсвэл Чингис хаан казах гэж маргах шаардлагагүй болсон ажээ.
    Гэвч энэ бүхнээс Б.Хэрлэнгийн судалгаа нэг зүйлээрээ хамгийн их ач холбогдолтой байсан юм. Түүний судалгаа Монголын шинжлэх ухааны байгууллага, их сургуулиуд болон өндөр цол, зэрэгтнүүдийн өнөөгийн үнэн дүр төрхийг илчиллээ. Тэр үүгээрээ Монголд мэдлэг, эрдмийн цол, зэргүүд ямар хуурамч вэ гэдгийг харуулав.
    Сүүлийн хорин жилийн хугацаанд Монголд монголчуудын гарал үүслийн талаар ийнхүү олон тооны ном, судалгааны өгүүлэл, нийтлэл, тайлан хэвлэн гаргажээ. Тэгвэл одоо тэдгээр ном, өгүүлэл хэнд, юунд хэрэгтэй вэ? Тэд хүчинтэй юу? Гэхдээ хичнээн худал хуурмаг байсан ч тэд нэг зүйлд хэрэгтэй байж магадгүй. Тэд мөнгөөр хэмжигддэг үнэн, хүчингүй мэдлэг ямар байдгийг, энэ нь ард түмнийг хэрхэн хохироож буйг харуулах жишээ матриал болж болох юм.
    О.Алтан

  • ЭКСПЕРТҮҮД: МОНГОЛД СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙГ ОНОШИЛЖ, ЭМЧИЛЖ ЧАДДАГГҮЙ

    Жил ирэх тусам хүрээгээ тэлж нийгмийн тулгамдсан асуудал болж буй сэтгэцийн эрүүл мэндийн тал дээр оновчтой үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар харилцан санал солилцсон юм. Мэргэжлийн экспертүүдийн байр суурийг хүргэж байна.
    СЭМҮТ-ийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа: АРХИНД ДОНТОХ ЭМГЭГ 40 ДАХИН ИХЭССЭН
    -Монголчуудын 5-6 хүн тутмын нэг нь ямар нэг сэтгэцийн тулгамдсан асуудалтай, амиа хорлох тухай бодож байсан гэсэн судалгаа гарсан. Тодруулбал, баруун хэсгийн бүсэд 100 мянган хүнд 28.1 хувьд ийм байдал ажиглагдсан байна. Хүн амын дунд 2019 онд хийсэн судалгааг 1984 оныхтой харьцуулахад стрессийн шалтгаант эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна.
    Мөн мансуурлын түвшин жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Үүнд, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ 2015 онд 90 байсан бол 2019 оны 354 болтлоо ихэссэн.Мөн манай төвд хандсан хүүхэд, өсвөр насныханд хийсэн судалгаагаар 30.5 хувь нь сэтгэцийн асуудалтай, есөн хувь нь ямар нэг эмгэгтэй гэсэн дүгнэлт гарсан.
    Сэтгэцийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд зардал үргэлж асуудал байсан Үндэсний хэмжээнд судалгаа шинжилгээ хийх боломжгүй байдаг. Олон улсын байгууллагаас санхүүжилт авч байж судалгаа хийх шаардлагатай болдог. Нийгэм хурдацтай өөрчлөгдөж байгаа тул судалгаануудыг 10 жил тутамд хийх шаардлага тулгарч байна.

    АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшин: СЭТГЭЦИЙН ГЭМТЛИЙН ЗЭРГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ
    -Хүний эрхийг хамгаалахын тулд хүний сэтгэц, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Гэтэл бид үр дүн, шинж тэмдгийн тухай их ярьдаг. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд сэтгэцийн гэмтлийг тогтоодог болох хэрэгтэй. Хүний эрхийг хамгаалахын тулд сэтгэл буюу сэтгэцийг хамгаалах нь чухал. Гэтэл бид шинж тэмдэг, үр дүнгийн асуудлыг маш их ярьдаг. Шалтгаан эсвэл тогтолцооны асуудлыг огт ярьдаггүй.
    Сэтгэцийн гэмтэл гэж нэг юм бий. Манайд сэтгэцийн гэмтлийн зэргийг тогтоох хэрэгтэй. Гэмтлийн зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж гуравхан зэргээр тогтоодог. Гэтэл сэтгэлзүйн гэмтлийг хэн ч, хэзээ ч тогтоодоггүй. Манайх цаасан дээр бичсэн хуулиа л дагадаг учраас үр дүнд хүрэхгүй, хэрэгжүүлэхгүй байна.
    “Хөөрхөн зүрх’’ ТББ-ын сэтгэл зүйч П.Энхчимэг: ХОХИРОГЧИЙН СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛЫГ НӨЛӨӨЛЛИЙН АРГААР ТАНИУЛАХ ХЭРЭГТЭЙ
    -Манай байгууллага бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдтэй ажилладаг. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахийн тулд бүх шатанд сэтгэлзүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Манай улсад хохирогч өөрийгөө буруутай гэх үзэл түгээмэл байна. Тиймээс хохирогчийн сэтгэлзүйн асуудлыг нөлөөллийн аргаар сурталчилан, таниулах хэрэгтэй байна.
    Үйлчилгээ үзүүлж байгаа гээд гэмтээгээд байна уу, үзүүлнэ гээд зүтгээд байна уу гэдгийг мэдрэх чухал. Мөн бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхдийн асуудалд маш хайнга хангагддаг. Бэлгийн хүчирхийлэлд орсон хүүхэд маш урт хугацаагаар сэтгэл санааны дарамттай явдаг. Үүнд гол нөлөөлж буй нэг зүйл нь тухайн хэргийг шийдэж буй хуулийн байгууллагаас шалтгаалж байна. Яадаг вэ гэхээр хэрэг хянан шийдэж байна гээд урт хугацаагаар нөгөө хүчирхийлэлд автсан хүүхдийг байн байн цагдаагийн байгууллага дээр дууддаг. Энэ нь хүүхдэд болсон хэрэг явдлыг эргэн сануулж байдаг. Энэ асуудал дээр төрөөс анхаарч хүчирхийлэлд өртсөн хүүхдийг харж үзээч гэж хэлмээр байна.
    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул: ХӨНГӨН ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮМҮҮСИЙГ НЭГ ӨРӨӨНД ЭМЧИЛЖ БАЙНА
    -Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эмгэг судлалын клиникт үргэлжлүүлж байна. Энэ клиникт 30 хүнийг эмчлэх боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар 41 хүн эмчлэгдэж байна. Тухайлбал 2-8 хүн нэг өрөөнд эмчилгээ хийлгэж тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа. Албадлагын арга хэмжээ авахуулсан хүмүүсийг гэмт хэрэг зөрчил үйлдсэн хэлбэрээр ялгах ёстой ч хөнгөн хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс нэг өрөөнд эмчлэгдэж байгаа. Түүнчлэн клиникт “COVID-19” халдвар гарсан тохиолдолд тусгаарлан эмчлэх өрөө, тасалгаа байхгүй учраас халдвар тархах эрсдэлтэй.
    Хүүхэд хамгааллын ажилтан Б.Жавзанхүү: СЭТГЭЦИЙН ЭМГЭГИЙГ ОНОШИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
    -Хүүхдүүдийн сэтгэцийн эмгэг хамгийн их байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал байнга яригдаж байна. Монголд сэтгэцийн эмгэг, өвчинг оношлох шаардлагатай. Оношлох эмнэлэг, эмчлэх эмч мэргэжилтэн дутмаг байна. Нэн тэргүүнд оношилгооны асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Тэгж байж тохирсон эмчилгээг нь хийнэ.
    Сэтгэл зүйч С.Баасанбат: ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ СУРГАЛТ БАРИВЧИЛГАА ХИЙГДДЭГ
    -Миний хувьд гэр бүлийн хүчирхийллийн асуудал дээр 20 гаруй жил ажиллалаа. Гэтэл одоо болтол сэтгэцийн асуудлыг хэмжиж оношилдоггүй, хохирогчийн сэтгэл зүйн байдал ямар байгааг анхаардаггүй хэвээр байна. Мөн хүчирхийлэгчийн зан үйл засах сургалт буруу явагддаг. Ингээд ямар ч үр дүнгүй сургалт баривчилгаа хийгдсэний дараа уур хорсолтой хүчирхийлэгч гэртээ очоод дахиад хүчирхийлэл үйлддэг. Хохирогчийн сэтгэл зүйн эрүүл байдлыг анхаардаг, хамгаалалтад авдаг болмоор байна.
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.9.17 БААСАН № 183 (6660)

  • МАНАЙ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ НЭН ХҮНД БАЙНА

    2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газар цар тахлаас сэргийлэх зорилгоор таван их наяд төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр эхлүүлэх болсноо зарлалаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө зарцуулахаар болжээ. Тус хөтөлбөр цар тахлаас иргэдийн эрүүл мэнд, улсынхаа эдийн засгийг хамгаалж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжинэ гэсэн маш тодорхой гурван зорилго тавьсан юм.
    Гэвч биелэлт нь онц муу дүн авахаар туйлын хангалтгүй байв. Цар тахлын вирусийг хэдэн сарын дотор дотооддоо нэгэнт алдаж, 21 аймаг, дийлэнх сумын иргэд ковидоор өвчлөөд байна. Нэг хэсэг хугацаанд сая хүнд оногдох өвчлөлийн тоогоор дэлхийд тэргүүлсэн.

    Тахлаар амь насаа алдагсад дөрвөн оронтой тоо давжээ. Иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан тухай олон баримт, жишээ дурдаж болно. Монгол Улсын Үндс эн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг хангаж чадсангүй.

    2020 онд аж үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт буурч дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 11 жилд анх удаа агшиж, аж ахуй нэгжүүд хаалгаа барин иргэд ажил, орлогогүй боллоо. УИХ-ын чуулган дээр Сангийн сайд Б.Жавхлан, 2020 онд эдийн засаг саарсан хүнд үед 68 мянган ажлын байр алдсан гэж ам алдлаа. Харин Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас гаргасан судалгаагаар нийт аж ахуй нэгжийн 75 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой хувиар зогсоосон төдийгүй нийт 400 мянган ажилтан цалингаа авч чадаагүй талаар мэдээлж байв.

    Засгийн газар эдийн засгаа хамгаалах, аж ахуй нэгжүүдээ дэмжих зорилгоор татвар төлөгчдийн асар их хөрөнгийг зарцуулаад ч нэмэр болоогүй жишээ дурдвал ийм байна. Улсын төсвөөс гадна гадаадын донор орнууд, олон улсын хандив тусламж олгогч байгууллагуудаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бараг тэрбум ам.доллар авсан боловч чухам юунд зарцуулагдсан нь бүрхэг үлдлээ.

    Гэвч өмнөх хөтөлбөрт зарцуулсан хөрөнгөнөөс хоёр дахин их хэмжээтэй төслийг хэдхэн хоногт боловсруулж хэрэгжүүлэхээ засаг амлав. “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг санхүүжүүлэхэд “мөнгө хэвлэхгүй, эдийн засгийн эргэлтийг сайжруулах найман их наяд төгрөг Төв банканд бий” гэж эрх баригчид мэдэгдлээ. Цогц төлөвлөгөө гэгчийг зарлах үед Монголбанкны үнэт цаасанд 8 их наяд төгрөг төвлөрсөн байв. Өнгөрсөн онд бодит байдалд огтхон ч нийцээгүй хэд хэдэн удаагийн хэт сүржин хатуу хөл хорионы улмаас жижиг дунд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь тасалдаж, зах зээл хямарч эхэлсэн юм. Ийм үед арилжааны банкууд хадгаламжид цугларсан мөнгөө зах зээл рүү гаргах нь тун эрсдэлтэй байсан тул ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авахыг илүүд үзсэн. Үүнтэй холбоотой Монголбанкны үнэт цаасанд их хэмжээний хөрөнгө төвлөрсөн нь үнэн.

    Арилжааны банкууд зах зээлд үүсэх хямралыг хамгийн түрүүнд мэдэрдэг. Жижиг дунд бизнес эрхлэгч нарын зээлийн төлөлт хүндэрч байгааг банкууд л анх анзаарсан байж таарна.

    Манай улсын ДНБ-ний (Дотоодын нийт бүтээгдэхүүн) 18 хувийг ЖДҮ бүрдүүлдэг. Энэ салбарт 906.5 мянган хүн ажиллаж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн 67.3 хувь эзлэх томоохон үзүүлэлт юм. Засгийн газар Монголбанкинд хуримтлагдсан их хэмжээний хөрөнгийг зах зээлд гаргаж идэвхжүүлэх зорилтыг тавьсан. Ингэхдээ зээлийн эрсдэлийг төрөөс даахаа амлав. Санаа нь хэдий зөв боловч тооцоо судалгаа тааруу. Тиймээс өмнөх хөтөлбөр шиг ээ үр дүнгүй болох магадлал өндөр байна.

    Засгийн газрын 200 өдрийн тайланд 10 их наядын цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн дүн мэдээ танилцуулагдсан. Ийм их хэмжээний хөрөнгө зах зээлд нийлүүлээд байхад 2021 оны наймдугаар сарын 30-ны байдлаар ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) есөн их наяд 147 тэрбум төгрөгт хүрч улам нэмэгдсэн байх юм.

    Уг нь найман их наядаас гурвыг нь хөтөлбөрийн хүрээнд зарцуулж зах зээлд нийлүүлсэн юм бол Монголбанкны үнэт цаасанд таван их наяд төгрөг үлдэх ёстой л доо. Гэвч эсрэгээрээ үзүүлэлт гарчээ. Энэ нь арилжааны банкууд зах зээлд зээл гаргахаас илүүтэй ТБҮЦ (Төв банкны үнэт цаас) худалдаж авах нь найдвартай гэж үзсэн хэвээр байгааг илтгэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр эдийн засагт төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаа төдийгүй хямрал үргэлжилж байгаа аж. Түүгээр ч үл барам танил тал, эрх мэдлээ ашиглан цогц төлөвлөгөөний зориулалтын гурван хувийн маш бага хүүтэй зээлийг аваад цааш нь өндөр хүүтэй хадгаламж болгож хувиргаад байгаа юм биш биз гэдэг хардлага төрүүлэхээр байна. Үүнийг банкуудын хадгаламж болон Монголбанкны үнэт цаасны хэмжээ нэмэгдсээр байгаа статистик үзүүлэлтээс харж болно.

    ИНФЛЯЦ ӨССӨН ШАЛТГААН

    2021 оны долдугаар сард мөнгөний нийлүүлэлт 21.5 их наяд төгрөг байсан бол нэг жилийн дараа 27 их наяд төгрөгт хүрч манай улсын түүхэнд байгаагүйгээр огцом өссөн нь инфляцыг хөөрөгдөх үндсэн шалтгаан боллоо. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц төлөвлөгөөний хүрээнд 3.4 их наяд төгрөгийг зах зээлийн эргэлтэд оруулсан нь мөнгөний нийлүүлэлтийг нэмжээ. Иймээс инфляц өсөх нь гарцаагүй юм. Нобелийн шагналт эдийн засагч Мильтон Фридманы “Инфляц бол хаана, хэзээ ч зөвхөн монетари үзэгдэл(феноменон) юм” гэж тодорхойлсон байдгийг энд нурших илүүц биз. Өнөөдөр инфляц Улаанбаатар хотод 7.9, улсад 7.4 хувьд хүрсэн байна. Гэвч энэ тооцоо ч бодит үнэн гэж үзэх эргэлзээтэй. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний суурь үнэд шууд нөлөөлдөг шатахууны үнэ өнөөдрийн байдлаар 33- 50 хувиар өссөн. Барилгын материалын үнэ 48 хувиас дээш нэмэгдээд байна. Энэ бүхнийг тооцож үзвэл инфляц хоёр оронтой тоонд хүрсэн байх магадлал маш өндөр. Үндэсний Статистикийн хороо инфляцыг тооцох аргачлал болон хэрэглээний сагсанд ямар бүтээгдэхүүнийг сонгож авахаас инфляцын хувь хэмжээ хамаарч таарна. Тэр бүр зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийн үнийн өсөлтийг зааж чадахгүй.

    Хэрэв Засгийн газар инфляцыг бага байгаа мэтээр иргэддээ харагдуулж, нийгмээ тайвшруулахыг хүсвэл ийм боломж тэдэнд бий. Уг нь инфляцыг бодит утгаар нь хэмжиж чадвал төр тухайн нөхцөл байдалдаа тохируулж бодлого хэрэгжүүлэх боломж байдаг юм. Цаашид Монголбанкны үнэт цаасанд хуримтлагдсан есөн их наяд төгрөгөөс зах зээл рүү хэт их мөнгө нийлүүлбэл инфляц хоёр оронтой тоонд тэр даруйдаа л хүрнэ. Энэ тохиолдолд өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж, Монгол төгрөгийн худалдан авах чадвар шалдаа хүртэл буурна.
    Инфляцыг өндөр орлоготой иргэд төдийлөн мэдрэхгүй боловч хоног өдрөө арай хийн залгаж буй дундаас доош орлоготой болон тэтгэврийн насны ахмадуудын амьдралд туйлын хүндээр тусдаг. Өдөр хоногоо арай ядан өнгөрөөдөг өрх, гэр бүл манайд дэндүү олон. Тиймээс төрийн аливаа буруу шийдвэрийн золиос нь Монгол Улсын нийт иргэдийн дийлэнх нь болдог.

    ТӨСВИЙН АЛДАГДАЛ ӨР НЭМЖ, ИНФЛЯЦЫГ ХӨӨРӨГДӨХ ШАЛТГААН

    Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давуулж өргөн барьдаг зуршил тогтсон. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байх төсвийн хүрээний мэдэгдэл УИХ батлаад байгаа. 2020 оны төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөгт хүрсэн. Ийм их хэмжээний алдагдал инфляцад нөлөөлөх нь гарцаагүй. Харамсалтай нь ийм тооцоолол хийчих мэргэжлийн байгууллага өнөөдөртөө манайд байхгүй байна. Төсвийн хүрээний мэдэгдлээс харвал 2020-2023 онд манай улсын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. Төсвийн алдагдал бол өр! Энэхүү алдагдлыг иргэд, аж ахуй нэгжийн татвар нэмэх эсхүл гадаад зээлээр барагдуулахаас өөр арга замгүй.

    Сүүлийн дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газрын өр дөрвөн тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Монгол Улсын гадаад өр эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрлээ.

    Цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд ийнхүү онилсон байгаа огт онохгүй байгааг дээр дурдсан эдийн засгийн макро үзүүлэлтүүд баталдаг. Энэ нь эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой олон их наяд төгрөгийн хөтөлбөр, түүний санхүүжилтийн схемийг оновчтой боловсруулж, зөв төлөвлөн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
    Монгол Улсын цаашдын эдийн засгийн өсөлтийн төлөв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн нөхцөл байдал, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын орчин зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс ихээхэн хамаарна.

    ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ

  • “ФАКТ ҮНЭНЭЭС ЧУХАЛ”

    Гэвч нийтлэлийн зарим дүгнэлт, баримтууд ихээхэн эргэлзээтэй, эргэлзээтэй төдийгүй илт мушгисан, хувийн субьектив хандлагадаа хэт автан, туйлшруулан тайлбарласан нь Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг Монгол орон даяар тэмдэглэхээр бэлтгэж, их бага ямар нэгэн хэмжээгээр монголчуудын үндэсний ухамсар, эх оронч үзэл сэргэн идэвхжиж буй энэ цаг үед эргүүлээд ус цацаж буй мэт болжээ.
    .
    ***
    1. Баабар ийн бичжээ. “Анхнаасаа Халх голын тулалдаан, мөргөлдөөн гэх цэргийн шинжлэх ухааны тогтсон ангилал бүхий нэршилтэй байсныг тэд энэ удаа дэндүү багаар үнэлж байна гэж голоод “дайн” гэж нэрлэхээр болжээ. Хүний түүхэнд тохиосон хамгийн хүнд, хамгийн том байлдааныг Сталинградын тулалдаан гэдэг болохоос Сталинградын дайн гэдэггүй нь цаанаасаа учиртай байхаа, уг нь. Гэтэл япончууд болохоор Халх голын тулалдааныг “Номунханы хэрэг явдал”, “Номунханы будилаан” гэж нэрлэдэг”.
    Оролцсон хүн хүч, хамарсан талбай, үргэлжилсэн хугацаагаар нь дайн мөн бишийг нь тодорхойлдог уу? Цэргийн шинжлэх ухааны тогтсон нэршлээр ямрыг нь дайн, ямрыг нь тулалдаан гэдэг вэ?
    Ердөө 38 минут үргэлжилж, хоёр талаас нийлээд 3000 хүрэхгүй цэрэг дайчид оролцсон, англи талаас нэг цэрэг шархдаж, нөгөө талаас нь энгийн иргэдийг оролцуулаад 500 хүн алагдаж шархадсан нэгэн үйл явдлыг дэлхийн түүхийн аль ч лавлах, тайлбар тольд “Англи-Занзибарын дайн” гэж / Anglo-Zanzibar War / Англо-занзибарская война / Guerra anglo-zanzibariana гэдэг. Гиннесийн номонд ч дайн хэмээн бичигдээд амжжээ. Энэ дайн 1896 оны 8 сарын 27-ны өглөөгүүр болжээ.
    Харин Халх голд болсон үйл явдал нь:
    – 1939 оны 5 сарын 8-аас 9 сарын 16 хүртэл 4 сар гаруй үргэлжилсэн нь Англи-Занзибарын дайнаас 4700 дахин урт хугацаанд болсон,
    – Халх голд хоёр талаас 135 000 цэрэг дайчид оролцсон нь Англи-Занзибарынхаас 45 дахин их.
    – Халх голд 33,420–95,768 орчим цэрэг дайчид амь үрэгджээ. /ЗХУ – Японы талын амь үрэгдэгсдийн талаарх мэдээлэл их зөрүүтэй байдаг/ Энэ нь Англи – Занзибарын дайнд эрсдэгсдийн тооноос 67-191 дахин олон.
    – цэргийн техник, зэвсэглэлийн хувьд харьцуулах ч боломжгүй. Танк, хуягт, их бууны тоо мянгаар тоологдоно. Орчин цагийнхаа хамгийн шилдэг зэр зэвсэг, техникийг ашигласан. Агаарын хамгийн олон онгоц оролцсон тулаан Халх голын тэнгэрт анх удаа болжээ.
    Цэргийн тооны хувьд ч, амь үрэгдэгсдийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч Халх голд оролцсоноос бага атлаа түүхэнд дайн / война / war / guerra / хэмээн тэмдэглэгдсэн үйл явдлууд цөөнгүй. Тухайлбал:
    – Хар тамхины I дайн / Первая Опиумная война / First Opium War /-д хоёр талаас 90 гаруй мянга цэрэг оролцсон.
    – Грек-Италийн / Italo-Greek War / дайнд 27 мянган цэрэг үрэгдсэн..
    – Итали-Этиофийн дайнд 25 мянган цэрэг үрэгдсэн.
    – Англи-Афганы III дайн 3 сар гаруй үргэлжилж, 3 000 хүрэхгүй цэрэг дайчид үрэгдэж, шархаджээ.
    – Коста Рикагийн иргэний дайн / Costa Rican Civil War / 1 сар, 1 долоо хоног, 5 өдөр үргэлжилж, 2000 орчим хүн үрэгджээ.
    Гэтэл хоёр талаас 2 сая гаруй хүн оролцож, 8 сар гаруй үргэлжилсэн Сталинградын тулалдааныг дайн гэдэггүйн учир юу вэ? Дэлхийн II дайны үндсэн том хэсэг болох ЗХУ-Германы фронтын хэсэгт болсон тулалдаан. Курскийн, Воронежийн, Киевийн, Москвагийн, Ленинградын гээд өөр олон томоохон тулалдаануудын л ижил Сталинградын тулалдаан нь том стратегийн нэг хэсэг. Гэхдээ хамгийн том, чухал хэсэг нь. Сталинградын тулааны цар зарим дайнуудаас хэдэн арав дахин том байгаа нь дэлхийн II дайны аварга цар хэмжээг илтгэнэ.
    Тэгэхээр зөвхөн оролцсон хүн хүч, хохирол, үргэлжилсэн цаг хугацаагаар нь дайн, эсвэл тулалдаан гэж ялгах шалгуур үгүй байх нь.
    1937-1945 оны хооронд Японы талаас Умард хятадыг эзлэн түрэмгийлсэн үйл явдлыг Япон-Хятадын дайн / Second Sino-Japanese War, 1939-1940 оны хооронд Финланд – ЗХУ-ын хооронд болсон үйл явдлыг Өвлийн дайн / Winter War гэх ба гэхдээ Дэлхийн II дайны нэг хэсэг гэж тооцдог ажээ. Гэхдээ л “дайн” гэдэг.
    Тийм атал Гитлерийн Герман Хойт Африк, Польш зэрэг орнууд руу хийсэн довтолгоонуудыг мөн Сталинградын тулалдааны нэгэн адил дайн гэхгүй, довтолгоон / Invasion гэдэг байна. Бас Дэлхийн II дайныг эхэлсэн албан ёсны хугацааг 1939 оны 9 сарын 1-нд фашистууд Польшид халдан довтолсноор тооцдог. Гэтэл Япон-Хятадын дайн, Өвлийн дайн нь түүнээс өмнө эхэлж, зарим нь бүр дуусчихсан байв. Их дайны энд тэнд өрнөсөн саланги стратеги бүхий нэг хэсэг байх, бас дайны үндсэн үйл явдлын нэг хэсэг байх хоёрт бас ялгаа бий аж.
    Хятад-Японы, ЗХУ-Финландийн дайнууд нь хэдий II дайны нэг хэсэг мөн боловч Станлинградын тулалдаан хийгээд германууд Хойт Африк, Польшид довтолсонтой харьцуулахад нэгдсэн том стратегийн нэг хэсэг бус, нэлээд бие даасан шинжтэй. Англи-Занзибарын дайн ч мөн дэлхийн колонийн дайны нэг хэсэг боловч бие даасан шинжтэй юм.
    Англи-Занзибарын дайнаар Занзибар тусгаар тогтнолоо алдаж, колони орон болсон бол Хар тамхины дайнаар Манж Чин гүрний мөхөл эхэлжээ.
    Эндээс дайн гэж нэрлэхийн нэг шалгуур нь харьцангуй бие даасан шинжтэйгээс гадна мөн ноцтой үр дагавартай, зарим нь бүр гарцаагүй түүхэн эргэлтийн гэж болохуйц үр дагавартай байгаа нийтлэг шинж байна. Хилийн мөргөлдөөн, тулалдаан, хэрэг явдалд тийм гүн гүнзгий шийдвэрлэх үр дагавар үгүй юм. Халх голын дайны өмнөхөн болсон Хасан нуурын тулалдаан ч, манай баруун хил дээр болсон Байтагбогдыг байлдаан ч улс орны хувь заяанд нөлөөлөхүйц цар далайцтай үйл явдал байсангүй.
    Дээрх жишгээр үзвэл Халх голын дайн нь харьцангуй бие даасан шинжтэй, Өвлийн дайн, Япон-Хятадын дайны нэгэн адил “дайн” хэмээн нэрлэж болохуйц дэлхийн II дайны нэг хэсэг, зарим судлаачдын үздгээр II дайны удиртгал, “Зарлаагүй дайны оршил” ч болно.
    Тэгэхээр зөвхөн цаг хугацаа, оролцсон цэргийн хүч, хохирлын хэмжээгээр Халх голын үйл явдлыг ч дайн биш ээ гэж хэлэх үндэслэл хангалттай биш байна.
    Стратеги, үйл явдлын далайц, үр дагавар, нөлөөллөөр Халх голын дайныг дайн биш гэж үзэх үндэслэл бүр ч бага болно.
    Олон улсын цэрэг дайн, улс төрийн бодлогын хэмжээнд,
    – Газар нутгаа Уралын нуруу хүртэл тэлэх санаархал бүхий Танакагийн меморандиум бодит эсэхээс үл хамааран Еврази болон Номхон далайн бүс нутгийн уудам орон зайд ноёрхох Японы дайнч түрэмгий санаархал нэн бодит бөгөөд Халх голд анх удаа тэрхүү санаархалд хүчтэй цохилт өгчээ.
    – Халх голын дайны үр дүнд 1941 оны 4 сарын 13-нд Москвад ЗХУ, Япон хоёрын хооронд гэрээ хийгдсэн бөгөөд уг гэрээгээр / Пакт о нейтралитете между СССР и Японией/ 5 жилийн хугацаанд харилцан довтлолцохгүй байх үүрэг хүлээсэн нь ЗХУ дэлхийн II дайны үед хоёр фронтод зэрэг дайтах, байгалийн асар их баялагтай Сибир, алс Дорнодыг болон стратегийн нэн чухал Дорнод Сибирийн төмөр замыг хамгаалах боломжийг бий болгожээ. Энэ нь II дайны хувь заяанд чухал нөлөө үзүүлсэн. Японы тал ч хоёр талд зэрэг фронт нээхгүйгээр Хятад, Зүүн Өмнөд Ази, Номхон далайд чөлөөтэй дайн хийх боломжтой болсон. Зүрх зориг нь бадарч Сувдан эргийг / Pearl Harbor / хүртэл бөмбөгдөөд амжсан. /Гэхдээ хэрвээ Германууд Москваг эзэлж, Оросын хүчин сулрах тохиолдолд зүүн талаас нь товтлоход бэлэн, яг цөөвөр чоно шиг байдалтай/
    Монгол Улс, монголчуудын хувьд Халх голын дайн нь
    – хүчин буурай монгол орныг санаан зоргоор эзлэн, эрхшээлдээ орчуулчих боломжгүй, хүчирхэг хамгаалагч, өмгөөлөгчтэй болохыг санаархагч орон: Япон, Хятадад хатуу сануулга өгсөн. 1941 оны 4 сарын ЗХУ-Японы гэрээнд хавсаргасан тунхаглалаар Японы тал БНМАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн бөгөөд халдашгүй дархан байдлыг хүндэтгэх үүрэг хүлээсэн нь манай улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэж болохуйц нэн чухал үйл явдал болсон.
    – аль 1915 оны үеэс л монголчуудын дунд Японыг дагаж хөгжих тухай санаархал өрнөж эхэлсэн ба энэ нь 1930-аад оны хэлмэгдлийн нэг үүсвэр шалтгаан болж байв. Халх голын дайны өмнө ч зүүн хил орчимд байсан цэрэг дайчдын дунд Японтой байлдаад дийлэхгүй гэсэн өөртөө үл итгэх байдал, айдас түгшүүр тодорхой байсан ба зарим цэргийн томоохон зүтгэлтнүүд ийм яриа гаргасны улмаас цэргийн шүүхэд татагдаж байжээ. Ер тэр үе хүртэл монголчуудын дунд, ялангуяа төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүдийн дунд Японыг дагах, ЗХУ-ыг дагах гэсэн хоёр үзэл санааны ялгарал тод байсан, Халх голын дайны үрээр энэхүү ялгарал үгүй болж, тууштай нэг талдаа гарчээ. Энэ нь Дэлхийн II дайны үед ЗХУ-ын талд тууштай, итгэлтэй байхад хүргэж, өөрийн бяцхан эдийн засгаас нь гарамгүй их хэмжээний тусламжийг ЗХУ-д нийлүүлж /ландлизингтэй харьцуулахад/, улмаар 1945 оны Чөлөөлөх дайнд ч ЗХУ-тай мөр зэрэгцэн оролцсон нь Монгол Улсын статус квог олон улсын түвшинд тодорхой таниулж, Сталиний хүчтэй дэмжлэгийн үрээр 1945 онд дэлхийн хүчирхэг гүрнүүдээр /Англи, Америк/ тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн. Цаг үргэлжид монголд санаархан шүлсээ савируулж байсан гоминданы болон коммунист хятадын амыг ч бас нам таглаж чадсан байна. Хятадууд Ар монголыг буюу одоогийн Монгол Улсыг Өвөр монголын нэгэн адил дээвэр туурган дороо нэгтгэж авахын төлөө хэрхэн улайран тэмцэж байсныг түүхийн олон баримтууд гэрчилдэг. Улмаар БНМАУ НҮБ-д элсэн, ТТ-оо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлсэн. Энэ нь Баабарын иш татаж бичсэнээр ЗХУ нь “Халх голын тулалдааны хүчээр өмнөд хөрш БНМАУ-ыг бүрнээ номхруулж, гадна ч, дотно ч талдаа ямар ч эсэргүүцэлгүй үнэнч боол болгож чадсан” явдал байсангүй. Тусгаар тогтнол гэдэг нь улс орны хувьд эрх чөлөө юм. Тэгвэл боолд эрх чөлөө олгох хэрэг юу билээ? Бид өнөөдөр тэр эрх чөлөөний буюу ТТ-ын үр шимийг хүртсээр яваа. (Соц системийн хүрээнд улс төр, эдийн засгийн хүчтэй интегралчлал байсныг, ЗХУ-ын ЭЗ-ийн болон улс төрийн эерэг болон сөрөг хүчтэй нөлөөлөл, нөмөр нөөлөг байсныг боолчлолтой хутгаж болохгүй юм.)
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth) гэдэг ч үнэн шүү.
    Бодит байдал, түүхэн баримт, үр нөлөө ийм байхад Баабарын хэлснээр “Тэд” буюу БИД нь Халх голын үйл явдлыг “тулалдаан”, “мөргөлдөөн” хэмжээнд үнэлэхийг голох нь зүйн хэрэг юм.
    Аль ч дайн, тулаанд оролцсон талуудад нийтлэг шинж байдаг нь өөрсдийн хохирлоо дарж, амжилтаа дөвийлгөдөг. Тэр бүү хэл өөрсдийгөө улайран зөвтгөдөг. Энэ жишгээр Зөвлөлт-Монголын тал өөрсдийн амжилтыг илт дөвийлгөсөн. Япон тал ч ялагдлаа дарсан, багасгасан. Тэр нь “Номунханы хэрэг явдал” гэхээр илэрдэг. /Нөгөө талаар Ази-Номхон далайн уудам оройн зайд өргөн царайтай дайн хийж байсан тэдний хувьд Халх голын үйл явдал нь жижигхэн харагдаж ч бас болно./ Тэр бүү хэл Японы тал Монголд халдан довтолсноо бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, бүр умард хятадыг эзлэн түрэмгийлж, сая саяар нь алж байсныхаа төлөө өнөө ч Хятадын талаас хангалттай хэмжээнд уучлал гуйгаагүй, маргаан мэтгээн дагуулсаар байгаа болно. Ийм нөхцөлд ялагдсан талын илт багасгасан байр суурийг хүлээн зөвшөөрч, дайн болоогүй ээ, мөргөлдөөн төдий байсан гэх нь хэт явцуу туйлшрал, эсвэл бодлоготой тархи угаалт болно.
    .
    ***
    2. Баабар гуайн нийтлэлд “Монголын Засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчин (Зөвлөлтийн) 1936-37 онд орж ирэн байраллаа” гэжээ.
    Харин тэр цаг үед ямар үйл явдал өрнөснийг эргэж харая.
    – 1934 оны 10 сарын 21-ээс 12 сарын 2-ны хооронд Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д сар гаруйн хугацаанд хийсэн айлчлал үеэр Сталин нартай уулзахад “цэргийн довтолгооны аюул заналуудыг аль болох аргаар зайлуулахаар урьдаас сэргийлэх хэрэгт бие биестээ туслах ба мөн хэрэв БНМАУ ба ЗХУ-д гуравдугаар этгээд довтолбол бие биедээ тусламж үзүүлнэ” гэсэн аман хэлэлцээ байгуулжээ.
    – 1936 оны 1 сарын 9-нд болсон Монгол-Зөвлөлийн дээд хэмжээний уулзалт дээр Гэндэн “1935 оны 7 сард та бүхний явуулсан техникийн ангиуд бидэнд их хэрэг болж байна” гэсэн үг хэлсэн байдаг. Энэ нь тэр үед монголд өргөнөөр оруулж ирж байсан холбоо, газар тариалан, зам тээвэр, эмнэлэг, барилга бүтээн байгуулалтын техникийн тухай яриа биш, харин гагцхүү цэргийн техникийн тухай яриа юм. Сталин хариуд нь улаан армийн моторчилсон хоёр бригад бүхий хүчийг монголд оруулахаа мэдэгджээ.
    – Манай төлөөлөгчдийг буцаж ирсний дараахан МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар Гэндэн тэргүүтэй төлөөлөгчдийн тайланг хэлэлцээд, ЗХУ-аас цэргийн туламж хүсэхээр шийдвэрлэжээ. Үүнд, нэг: …Улаан цэргээс тус улсын газар нутаг дээр моторчилсон бригад 2, дайран сөнөөгч онгоцны эскадриль 1, эдгээрийг нэн даруй хурдавчлан ирүүлэхийг хүсч явуулсугай. Хоёр:Манай улсын дотор байгаа улаан цэргийн ангиудыг хэвээр нь үлдээхийг хүсэх-ээр заажээ.
    – Хүсэлтийг ёсоор болгосноо 1936 оны 2 сарын 1-нд ЗХУ-ын тал Монголд мэдэгдсэн байна.
    – Дээрх уулзалт, яриануудын биелэл болж, 1936 оны 2 сарын 12-нд Улаанбаатарт БНМАУ, ЗХУ-ын хооронд “Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол”-д гарын үсэг зурав. Тэр үед Сталин “…Япон нь БНМАУ-ын тусгаар тогтнолд халдан довтлох аваас бид БНМАУ-д туслах болно. 1921 онд тусалсан шигээ тусална” хэмээн АНУ-ын сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгджээ.
    – 1937 оны 8 сарын эхээр Япон, Хятадын хооронд дайн өрнөж, япончууд Датун, Жанчхүүг эзлэн авсан. Ийм нөхцөлд болзошгүй мөргөлдөөнөөс сэргийлж, уг оны 8 сарын сүүлээр ЗХУ-ын 17-р армийг Монголын нутагт оруулж иржээ.
    Тэгэхээр ЗХУ нь Монголын засгийн газраас асуулгүйгээр нэлээд том цэргийн хүчинг Монголын нутагт оруулсан гэдэг нь худлаа болно. Хэд хэдэн удаагийн уулзалт яриа хэлэлцээ, манай яаравчилсан хүсэлтийн үр дүнд багадаа л гэхэд моторчилсон хоёр бригад, нисэх онгоцны эскадрил бүхий хүч монголд орж иржээ. Моторчилсон бригад гэдэг нь тариа бригадын хэмжээний зүйл биш шүү дээ. 1936 оноос ч өмнө ЗХУ-ын цэргийн ангиуд Монголд байсныг, нэмж тодорхой хүч яаралтай илгээхийг манайхан хүсэж байсныг, Зөвлөлтүүд хүсэлт ёсоор ч болгон цэрэг илгээснийг дээрх баримтууд нотлоно.
    Учир нь 1931 онд Япончуудын одоогийн хятадын умардын үлэмжхэн газар нутгийг эзлээд, 1932 онд Манж-Го хэмээх тоглоомын улс байгуулж, далбаанд нь тэнд 1 сая хүнтэй Квантуны хүчирхэг армиа байрлуулчихсан байсныг тухайн цаг үед энхийг сахиулах үйл ажиллагаа гэж ойлгох ямар ч аргагүй юм. Нөгөө талаар 1935 оноос л Халх гол, Нөмрөг орчмоор хил зөрчсөн үйлдлүүд тогтмол гарч байсан тухай мэдээлэл манай хилийн цэргийн архив, үйл явдалд оролцсон ахмад дайчдын дурсамжуудад хангалттай бий. Ингэхэд тэдгээр баримтад эргэлзэх, үл итгэх ёстой юу? Бас Баабар гуай “Монголын талаас тулалдаанд 6 ба 8 дугаар морьт хороог оруулсан ба тэд орчин үеийн техник зэвсэгтэй япончуудтай байлдаагүй, Манж Го-гийн талынх гэх барга монголчуудын морин хороотой тулгарсан” гэжээ. Халх голын дайнд оролцсон хэдэн арван цэрэг дайчдын дурсамжинд баргатай биш, япон цэргийн хувцас өмссөн баргатай ч биш, үйлийн үргүй зүс буруу японтой л байлдсан, ноцолдсон, буудалцсан, ухарсан, дайрсан гэж гардаг даа. Тэдгээрийг сөхвөл энд багтахгүй, бүтэн ном болохоор арвин. Тэднийг бүгдийг нь худал гөрдчихжээ гэх ёстой юу? Сөрөг баримтууд гарч ирж буй бол харьцуулан судалж байж дүгнэх учиртайгаас биш, шууд л “Өө, энэ үнэн байна шүү дээ. Манайхан ёстой бүлтэрдэг байжээ” гээд гуяа алгадаад гүйгээд байх нь шинжлэх ухааны арга зүй лав биш ээ.
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth)
    .
    ***
    3. Мөн “Барга, халх хоёрын хооронд хилийн маргаан гэх юм байсангүй, адилхан монголчууд, ялгаатай нь 1907 оны нууц гэрээгээр нэг нь Японы, нөгөө нь Оросын мэдлийн бүс болсон. Сталин гэнэт хилийн маргаан гэгчийг санаачлав. Ингээд Манж Го, Япон, БНМАУ-ын гурвалсан хэлэлцээ Манжуур сууринд олон удаа болж тохиролцоонд хүрчээ. Японы зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлнээ илэрхийлсэн нь хоёр хөршөөс яагаад ч зөвшөөрөхгүй алхам болов. Хэлэлцээрийг Ерөнхий сайдын орлогч Самбуу толгойлсон, харин түүнийг эргээд ирэнгүүт Москвад аваачиж буудан хороосон. Хилийн асуудлыг тохиролцож болохгүй, зөвхөн маргалдаад л гөжөөд байх ёстой аж” гэсэн өгүүлбэр Баабар гуайн нийтлэлд бий. Цаашлаад Япончууд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан, дайныг Япон биш, Зөвлөлтийн тал, Сталин санаачилсан гэх мэтээр үргэлжилнэ.
    Халх, Баргын хооронд хилийн ямар нэгэн маргаан огт байгаагүй биш юм. Аль Манжийн үеэс Халхын сэцэн хан, болон одоогийн Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэ Баргын зүүн, баруун хошууны хооронд хилийн ужиграсан маргаан байсныг Япончууд зорилгодоо ашигласан.
    1934 оноос Халхгол, Хайлаас, Нөмрөгийн сав газраар байнга хилийн зөрчил, маргаан үүсэж, зөвхөн 1939 оны эхний гуравхан сарын хугацаанд тагнах турших маягийн зөрчил 40 орчим бүртгэгдсэн баримт бий. Хилийн зөрчил хоёр талаас морь малын араас явах, хулгайлах, санаатай, санамсаргүйгээр төөрч будилах нь ч байсан, гэвч ноцтой нь цэргийн, тагнуулын зорилгоор хил зөрчих нь зонхилж байжээ. Тухайлбал, 1935 оны 1 сарын 24-нд 13:00 цагийн орчимд Халхын сүм орчмоор хилээс 20км-ийн гүнд япон, манжийн зэвсэглэсэн 17 хүн хилчидтэй тулгарч буудалцсан, манай талаас нэр бүхий хоёр хүн алагдаж, харин нөгөө талаас алагдагсад дотор алтан вагонтой, хоёр таван хошуутай, гуулин патлизтай офицер байжээ. Маргаантай, одоо ч нэг мөр эцэслэн шийдэгдээгүй Халхийн сүмийн, мөн 1935 оны 12 сарын 24-нд болсон Булан дэрсний томоохон хэрэг явдлууд ар араасаа гарсан байна.
    Тэгсээр энэхүү хилийн маргаан будилааныг зохицуулах Монгол-МанжГо-гийн бага хурал нэртэй ч Японы тал шууд оролцсон, гурвалсан ч гэхээр хурал 1935 оны 6 сарын 3-нд Манжуур өртөөнд эхэлсэн. Гэвч МанжГо-гийн төлөөлөгчид “БНМАУ-ын нутагт байнга оршин сууж, чөлөөтэй явж, өөрийн засгийн газартай холбоо барьж байх эрх бүхий төлөөлөгч суулгах, үгүй бол Тамсаг сүмээс зүүн тийш байгаа цэргээ татах” гэсэн шаардлага тавьж, энэ нь манай эрх ашигт нийцэхгүй гэж үзсэн Монголын тал түр түдгэлзсэн. Японы талын шаардлагад нааштай хандсан гэдэг шалтгаанаар төлөөлөгчийн тэргүүний хувь заяа хэрхэснийг Баабар биччихсэн. Тохиролцож чадаагүй учир хурал завсарлаад 1935 оны 10 сарын 2-оос 11 сарын 25-ны хооронд дахин хуралджээ. Гэвч хоёр тал аль аль нь тавьсан саналаасаа ухраагүй тул Бага хурал мухардалд орж, завсарласан байна. Ганц манай тал гөжөөд байсан юм биш. Санал зөрсөн зүйл нь Монголын талаас хилийн маргаанийг шийдвэрлэхийн тулд бүрэн эрхт төлөөлөгчийн газар нэг нэгийг харилцан солилцох, манайх төлөөлөгчөө Манжуурт, Японы тал Тамсагбулагт суулгах санал тавьсан бол Японы тал, гурван төлөөлөгчийн газар байгуулж, Улаанбаатар, Баянтүмэн, Тамсагт Японы төлөөлөгч суух, манай төлөөлөгчидийг Чанчун, Хайлаар, Манжуур өртөөнд байлгах санал тавьсан байна. Манай тал мэдээж хэрэг Улаанбаатар, Баянтүмэнд тэдний төлөөлөгчийн газрыг байгуулах нь аюулгүй байдалд нэн эрсдэлтэй хэмээн үзэж зөвшөөрсөнгүй, харин нөгөө тал Улаанбаатар, Баянтүмэнд сууна гэдгээсээ ухарсангүй. Учир шалтгаан нь ч бараг тодорхой биз ээ. Ийм бэлээхэн баримт мэдээлэл байхад, зөвхөн Монголын талыг Сталины даалгавраар асуудлыг улам дэвэргэх гэж, хилийн асуудлыг эв зүйгээр тохиролцохгүйгээр гөжөөд байсан гэх үндэслэл бараг үгүй юм.
    Хэдийгээр нийтээр мэддэг, манай түүхийн архив, лавлах, боть, номд бичигдсэн ч эдгээр баримтууд нь хоосон худал санаанаасаа зохиосон зүйлс биш, үгүйсгэх боломжгүй бодит баримтууд юм. Гагцхүү нэг баримтыг нь ор тас орхичихоор асуудал огт эсрэгээр харагддаг, тийм л аргыг Баабар хэрэглэдэг.
    Япончууд гэмгүй номхон, зүв зүгээр байтал гэнэтхэн Монголчууд хил даван зөрчил үүсгэж, дайныг үүсгэсэн, тэд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулаагүй байсан гэх мэт суртал ухуулга өнөөдөр хүчтэй явдаг болсон. Үүнийг үгүйсгэх эх адаггүй олон баримт дурдаж болно. Гэхдээ эхлээд хоёр, гуравхан нь асуултад баталгаатай хариулт хэрэгтэй.
    – 1936 оны 3 сарын 31-нээс 4 сарын 1-ний хооронд хэдэн арван машин, их буу, танк, хуягт машин, нисэх онгоц бүхий хүч манай хил давж, Адагдулааны застав руу довтолсныг манай монгол цэрэг дан өөрийн хүчээр тогтоон барьж, буцаан хөөсөн. Үүнийг орос цэргүүд япон цэргийн хувцас өмсөж, япон техник танк хэрэглэн довтолсон гэх баримт нотолгоо бий юу? Эсвэл манай заставын цэргүүд МанжГо-гийн хил рүү халдсан хэрэг үү?
    – 1936 оны 11 сарын 25-нд Япон, Герман хоёр хамтрах талаар пакт баримт бичигт гарын үсэг зурсны гол зорилго нь ЗХУ-ын эсрэг, улмаар холбоотон нь /Баабарынхаар боол нь/ болох Монголын эсрэг биш гэж үү? /Хожим 1940 онд Япон нь Герман, Италитай гэрээ байгуулсан/
    – Ерөөсөө Япончууд өчүүхэн ч гэмгүй номхон байсан юм бол юугаа хийж 1939 оны 6 сарын 27-нд Монголын хилийн гүнд, Буйр нуураас 40 гаруй км, Халх голын Сүмбэрээс 70 гаруй км-т байх Тамсагбулаг, бүр цаашлаад Баянтүмэн, Дорнод аймгийн төвийг хүртэл ирж 150 гаруй онгоцоор, хэдэн зуун бөмбөгөөр бөмбөгдсөн хэрэг вэ?
    – Японы үхлийн 731 анги 1939 оны 7 сард их хэмжээний янз бүрийн бактерийг яах гэж Халх голын усанд хаясан хэрэг вэ? Ариутгал хийх гээгүй нь лавтай.
    – Япончууд монголд довтлох ямар ч санаагүй байсан юм бол тэдний цэрэг техникийн их хүч нь 1939 оны 7 сарын 2-оос 3-нд шилжих шөнө Халх голыг зүүнээс баруун тийш Монгол орны нутгийн гүн рүү гаталж, Баянцагааны нуруунд үлийгээ хайж явсан хэрэг вэ? Төөрчихсөн хэрэг үү? Эсвэл Барга, Халхын хоорондох маргаантай нутгийг хүчээр тасалж авах гэсэн хэрэг үү?
    – Япончууд тухайн цаг үеийн БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүндэтгэж байсан аваас яах гэж Мана уулын хэсгийг гэнэдүүлэн довтолж, тэр чигт нь авч үлдсэн юм бол?
    – Японы хуурай замын ерөнхий штаб боловсруулж, эзэн хааны Төв штаб нь 1941 оны 9 сарын 6-нд баталсан Kantokuen /Сибирский поход японской армии/ гэх төлөвлөгөө бий. Уг төлөвлөгөөгөөр Москваг германчууд эзлэнгүүт Амар мөрний уудам сав газар болон Монголын зүүн хэсгээр /Үүнд Улаанбаатар орно/ довтолж, Байгал далай хүртлэх газар нутгийг богино хугацаанд эзлэх, улмаар баруун тийш үргэлжлүүлэн довтлох, тэгэхдээ хими, бактерлиогийн зэвсгийг өргөн ашиглахаар тусгагджээ. Төв штабынх нь 1941 оны 12 сарын 3-ны 1048 тоот тушаалд “Оросын эсрэг довтолгооны бэлтгэл ажлыг эрчимжүүлж, 1942 оны хавар довтлоход бэлтгэ”-ийг тушааж байжээ. Энэ төлөвлөгөө огт худал зохиомол зүйл байсан хэрэг үү? Танакагийн меморандиумын адил?
    – 1946 оны 5 сарын 3-наас 1948 оны 11 сарын 12 хүртэл Токиод хуралдсан цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн, монголын талаас гэрчээр оролцсон олон улсын шүүх хурлын шийдвэрийг хэрхэн үзэх вэ? Тэр шүүхээр япончуудыг хилс хэрэгт тулгаад яллачихсан болох уу?
    БНМАУ-ын Засгийн газар Японы талаас авах “дайны төлбөрөөсөө” татгалзсаны хариуд 500 сая иений мөнгөн тусламж хэлбэрээр шийдэгдэж, 1981 оноос ажиллаж, Монголын эдийн засагт төдийгүй Япон, Монголын харилцаанд ч үлэмжхэн үүрэг гүйцэтгэсэн Говь комбинат өнөө ч ажиллаж байгаа.
    “Факт үнэнээс чухал” (Fact is more important than truth)
    1990 оноос хойш манайд хамгийн бодит туслалцаа үзүүлсэн улс орон Япон. Түүх нь түүхээрээ, 39, 45 онд япон бидэнд дайсан болон харагдаж байсан үе бий. Хэдий суларсан ч 90 он хүртэл тийм хандлага арилаагүй байв. Харин одоо японыг шууд дайсан гэх сэтгэхүй монголчууд дундаас хайгаад ч олоход бэрх. /хувь хүмүүсийн харилцаанд гарсан асуудлаас үүдэлтэй янз бүрийн хандлага байдаг ч тэр нь түүхэн цаг үеийг тодорхойлохгүй/ Японтой одоо монголчууд зөвхөн ЭЗ төдийгүй соёл, нийгмийг олон салбарт үр дүнтэй өргөн харилцаатай байна.
    Өнөө Халх голын дайны ойг тэмдэглэж байгаа нь Японыг дайсан гэж үзэх үзлийг дэвэргэх гэсэн сэтгэлгээ, хандлага ч биш юм. Түүх нь түүхээрээ үлдэг. сургамж, дурсамж, бас бахархал аль аль талд нь бий. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг байх аа.
    Халх голын дайны ялалтыг шууд утгаар нь үгүйсгэх, тэр үгүйсгэлдээ Орос руу хамаг бурууг чихэх замаар асуудлыг шийдэх гэвэл түүн шиг хадуурал байж болохгүй л дээ. Баабарын санааг эсэргүүцээд байгаагийн шалтгаан нь энд бий.
    .
    ***
    Харбин хотын ойролцоо нууцаар байгуулсан алдарт 731-р ангийг дан ганц шинжлэх ухааны зориулалтаар байгуулаагүй нь тодорхой бөгөөд тус ангид хийж байсан хүмүүн бус туршилтынх нь золиосны гол байд зөвхөн хятад, оросууд байгаад зогсоогүй монголчууд ч өртөж байсан. Хохирогч гуалингуудын нэрсийн жагсаалтан дотор монгол хүний нэрс дурайтал бичээстэй бий. Монголын армиас сураггүй болсон 32 хүний хэд нь тийш очсоныг тааж мэдэхгүй. 731 отрядын аймшигт туршилт судалгааны тайланг нууцаар авсныхаа хариуд АНУ хүн төрөлхтний эсрэг хийсэн тэдний гэмт хэргийг шүүсэн шүүх хурлын үр дүнг саармагжуулж, гол гэмт хэрэгтнүүдийг өршөөсөн, зөвхөн эрдэм судлалын ажил байсан мэтээр харуулахыг оролдсон нь ч бодит түүх юм.
    Ялагдсан Японы тал өдий хүртэл Халх голын дайныг “Номун ханы хэрэг явдал” хэмээн ач холбогдлыг нь бууруулан нэрлэсээр ирснийг гарцаагүй зөв хэмээн хүлээн зөвшөөрөх нь юуны өмнө Халх голд амь үрэгдсэн 274-280, амь өрсөн тулалдсан 4860, шархадсан 678, сураггүй алга болсон 32 монгол цэргийн цус, хөлс, эр зоригийг зохих ёсоор үнэлээгүй, тэр цаг үеийн монгол түмний тусгаар тогтнолоо хамгаалах хүсэл эрмэлзлийг үгүйсгэсэн, түүхэн бодит үнэнийг мушгин гуйвуулсан болно.
    Түүхэн судалгаа тэр бүр эцэслэн цэг тавигддаггүй, урагш ахисаар, шинэ ойлголт, шинэ үзэл хандлага, шинэ баримт материалаар баяжсаар байдаг, тэр хэмжээгээр танин мэдэхүй өргөжин тэлдэг нь зүй ёсны үзэгдэл. Харин олон эш баримтуудаас тодорхой хэсгийг нь тодруулах, бас нэг хэсгийг нь ор тас “мартах“ замаар улс төрийн үзэл санаа, ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх, тулгах хүлээлгэх нь шинжлэх ухааны танин мэдэхүй биш, биш байтугай бүр танин мэдэхүйд харш, тархи угаалт, үзэл суртлын дайн болно. Ийм дайныг Баабарын хамгийн ихээр эгдүүцэн, үзэн яддаг большевикууд, коммунистууд гарамгай хийсэн, бас түүний хамгийн ихээр талархан сайшаадаг коммунизмын эсрэг хүчин ч дутахгүй сайн хийсэн. Өнгөрсөн зууны дэлхий нийтийг хоёр лагерт хуваасан хүчирхэг үзэл суртлын тэмцлийн оролцогчид чухам хэн нь хэнийгээ гэхээргүй тархи угааж, пропаганда хийсэн дээ.
    Хүйтэн дайн дуусаагүй ээ, өнөө хоёрдахь шатлалын хүйтэн дайн ид өрнөж байгаа. Энэ хүйтэн дайны талбар нь тархи, арга технологи нь тархи угаалт, зэвсэг нь мэдээлэл. Ийм нөхцөлд ийш тийш үсчиж, ханарч, туйлшрах нь тун осолтой. Өнгөрсөн үеэ гутааж, мушгиж, зүхэж байж дур тавьдаг гаж дон ч гэмээр хэтэрсэн туйлшрал бүр хэрэггүй.
    .
    ***
    Дашрамд, өнөө цагт “Бид яах гэж Оросыг дагав аа? Хэрвээ Японыг дагачихсан бол, эсвэл Швейцар лугаа адил дундыг барьчихсан бол …” гэсэн гоншигнуур үгс ямагт сонсогддог болсон. 1936 оны 11 сарын 25-нд Япон, Герман хоёр коминтерний эсрэг пакт хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан, 1940 оны 9 сарын 27-нд Япон нь Гитлерийн Герман, Муссолиногийн Италитай холбоотны гэрээ байгуулсныг, энэ гурвал нь 20 гаруй улсын оролцоо бүхий Тэнхлэгийн хүчний гол тулгуур болж байсныг санах хэрэгтэй.
    Түүхэнд “Хэрвээ…?” гэж байдаггүй гэдэг. Гэвч нэгэнт “Хэрвээ …?” хэмээж буй бол мөн тэр логикоор нь хариу өгөх шаардлагатай болно. ХЭРВЭЭ бид Японыг 1930-аад онд дагасан бол буутай хятад цагдааг хараад далжгасхийдэг Төвдүүдийн, эсвэл хүн амынх нь 37,8 хувь нь хятадад уусан, хүн далайд живэн алга болж буй өвөрлөгч ахан дүүсийнхээ хувь заяаг давтах магадлал 99,0 хувьтай байсан гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Яагаад вэ гэвэл, дэлхийн II дайнд Япон ялагдахад тэднийг даган далдаганасан, ар шилд нь хутга шаасан Монголыг Сталин хөгцтэй шүдэндээ хэрхэн чанга зуухаа мэдэх байлгүй. Тэр хэзээ ч “Гадаад Монгол зайлшгүй тусгаар тогтнох ёстой”, “Хэрэв Хятад улс гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол ЗХУ алс дорнодод цэрэг гаргаж Японтой дайтаж чадахгүй, тэгэхээр Хятад улс удтал Японд эзлэгдсэн хэвээр байх болно гэдгийг би та нарт тов тодорхой хэлж байна. Гадаад Монголын ард түмний тухайд гэвэл тэд Хятад улсад нэгдэхийг хүсэхгүй, бас ЗХУ-д ч нэгдэхийг хүсэхгүй, тэгэхээр тэднийг тусгаар тогтнуулах л болно” гэж 1945 оны 6 сард Москвад хэлэлцээр хийхээр ирсэн Хятадын Үндэсний гүйцэтгэх Юуаны дарга Сун Зы Вень, Гадаад хэргийн яамны сайд Ван Шице нарын хятадын төлөөлөгчдийн тэргүүнд хандаж хатуу бөгөөд тодорхой хэлэхгүй. Ялтын гэрээний үеэр АНУ болон Их Британын төрийн тэргүүнүүдэд мөн яг энэ агуулгаар шахалт үзүүлэхгүй байв.
    Харин ч нойтон хамуу шиг Ар Монголоо авна гэж шалаад шалдаггүй Хятадуудад Японыг дагаж далдаганасан Монголын газар нутгийн 48-р өргөргөөс өмнөх хэсгийг нь тасдаж шидчихээд, арыг нь өөртөө хамаад авчихаж ч мэднэ. Бид 70 жил оросын нөлөөнд явсан атлаа өнөөдөр орос цусанд живчихсэнгүй, хэдий өртөг золиос ихтэй ч улс оронд байдаг нийгэм болоод улс ардын аж ахуйн бүхий л салбарын эх суурь тавигдсан тусгаар улстайгаа үлдэж чадсанаа зол гэж залбирах хэрэгтэй юм. Гэтэл Манжийн төрийн шинэ бодлогын үрээр 1900-аад оны үеэс Монгол нутагт хятад иргэд чөлөөтэй орох зам нээгдэж, ердөө 20 хүрэхгүй жилийн дотор Нийслэл хүрээний хүн амын 36 хувь, нийт хүн амын 22.5 хувь нь хятад болж, биднийг уусган алдсан гашуун түүхийг ч, одоогоос яг 100 жилийн өмнө 1919 онд хятад цэрэг Монгол оронд хүч түрэн орж ирж, манай ноёд цалин пүнлүүгээр барьцаалан Тусгаар тогтнолоо худалдаж, түүхэндээ анх удаа монголчууд тулгар төрийнхөө сүлдийг гудайлган, хятадыг албан ёсоор хүлээн зөвшөөрч байсан түүхийг ч мартаж болохгүй юм. Хэрвээ тэр 70 жилд хятадын нөлөөнд явсан бол юу болох байсныг төсөөлж хэлэхээс зүрхшээм.
    Чухам 1939 онд Халх голд Зөвлөлттэй хамтран Японы эсрэг тулалдаж, нэг талдаа тууштай гарсны, II дайны турш найдвартай ар тал байсны, 1945 онд Чөлөөлөх дайнд мөр зэрэгцэн тулалдсаны, бас ЗХУ-ын өмнөд өрд аюулгүй бүфэр бүс хэрэгтэйн тулд, Соц системд нь сул ч нэгэн бүл нэмж буйнх нь тулд Сталин Монголыг өмгөөлсөн, хамгаалсан, бас тусгаар тогтнолынх нь асуудалд хатуу зогсож чадсан юм.
    Орос судлаачдын бичсэн номын зарим баримтыг олзуурхан Баабарын бичсэн нийтлэлийн ерөнхий агуулга нь Халх голын дайнд бид хохирчихжээ гэсэн санаа. Мана уулаа алдсан маань хохирол мөн. Гэвч Халх голын дайнаас Монгол улс тусгаар тогтнолоо авч үлдэх өргөн боломжийг олж авсан маань том хожил. Ерөнхий дүнгээрээ бид хожсон. Манжуур хийгээд Өвөрмонголын зүүн хойт хэсгийг бүхэлд нь хамарсан 1,5 сая гаруй км хавтгай талбай бүхий уудам, баялаг газар нутгийг дээвэр туурган доороо нэгтгэсэн Хятад том хожсон. Харин том хохирсон нь манж нар. Хэрвээ бид Японыг дагаж, Нармай монгол улс байгуулчихсан байсан аваас өдгөө зүүд зэрэглээ шиг, хөөс шиг санагдах болсон Манж-Го улсын гашуун хувь тавилан биднээс тойрохгүй. Мөн цаг үедээ Японы ивээлд ороод, Тусгаар болоод авахыг оролдсон, хамжлагаасаа салахын хүсээгүй Дэ вангийн болон өвөрлөгч Монголчуудын маань эмгэнэлт түүх ч гашуун, мартаж боломгүй сургамж. Манай Данзан нарын саналаар явсан бол юу болж дуусах байсныг МанжГо, Дэ Ван хоёрын түүх харуулна.
    80 орчим улс орнууд татагдан орсон, 110 сая хүн зэвсэг барин биесийнхээ өөдөөс буудаж, 70 саяыгаа нухаж орхисон Дэлхийн II дайн болоод түүний өмнөх, хойнох цаг үе бол буурай нь байтугай бузгай гайгүй нь хүртэл Тусгаар тогтнолоо хамгаалахад хэцүү, ээдрээ будлиантай, улс орнуудын хувь заяа цөөхөн хэдэн их гүрнүүдийн дохио зангаагаар өөрчлөгдөж байсан эвгүй цаг үе байв. Тийм нөхцөлд 80 мянган ламтай атлаа 12 мянган цэрэгтэй, дэд бүтэц, аж үйлдвэр, боловсролын системийн сураг ч байхгүй монгол орны хувьд Швейцарь лугаа адил дундыг бариад хөгжчих боломж бараг 00 хувьтай, ялангуяа хятадын ховдог санаархлын ид оргил цаг үед бүр ч боломжгүй байв. Өнгөрсөн зуунд дэлхийг 2 хуваасан хүчирхэг системийн хуваагдлын гадуур, тэр дундаа үйл явдлын, нөлөөллийн бүсд буй Монгол орны хувьд соц системийн хүрээ, нөлөөлөлд орохоос өөр сонголт, зам байсан гэж үү? АНУ-ын монголч эрдэмтэн Христофер Этвүүд “Монголчууд тэнгэрээс удирдлагатай юм шиг, үйл хэрэг нь цаагуураа зөв байгаад байдаг” хэмээн ярьж байсныг чихээрээ сонсож суусан билээ. Хэдий 37 мянган ламаа хядуулсан ч, хэдий ЗХУ-ын нөлөөнд байж, Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүртдэг байсан ч, хэдий Баабарын логикоор бол “ямар ч эсрэгүүцэлгүй үнэнч боол” болсон ч, хэдий материалист үзэлд тулгагдан үндэснийхээ өв соёл, танин мэдэхүйгээс нэлээд хөндийрсөн ч XX зууны Монголын түүх нь бүхэлдээ зөв чигтэй явж ирсэн. Үр дүн нь өнөөдрийн сайн муу ч, хэрүүл тэмцэлтэй ч тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улс. Төлбөргүй юм гэж байдаггүй, ялангуяа Тусгаар тогтнол бол хамгийн өндөр үнээр олддог, хамгийн эрхэм зүйл. Бид төлбөрөө ч хангалттай төлсөн. “Эрхэмлэж яваарай хэмээн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та бүхэн үлдээлээ” хэмээн итгэл төгс үлдээж чадсан өмнөх үеийнхний алдаа оноотой ч эрмэлзэл тэмцлийн утга учир үнэ цэнтэйгээ байгаа. Харин цаашид хэрхэхийг зөвхөн бидний эрүүл ухаан, зүрх сэтгэл шийдэх болно.
    Зарим хэрэгт өвс мэт бөхийсөн ч зарим хэрэг уул мэт бат сууж чадсан, алдаж оносон ч авч үлдэхээ аваад үлдэж чадсан цөлх ухаантай өмнөх үеийнхнийхээ өмнө хүндэтгэн мэхийсү.
    Б.Номинчимэд
    /Жич: Баабарын уг нийтлэлд 1932 оны үйл явдлын Иргэний дайн хэмээн бичсэн байгаа. Бас л нэг хэтийдсэн туйлшрал. Яагаад ? Яагаад ? гэдэг талаар дараагийн нийтлэлдээ бичие/
    .
    Зураг: Манжуур Японы хуурай замын цэргийн Алс Дорнодод хийх цэрэг дайны төлөвлөгөө. 1941 он.
    Баасангийн Наминчимэд
    2019.08.16 ·

  • Э.БАЯСГАЛАН: “ОЮУТОЛГОЙ”-Н ТУЗ-ӨӨР “РИО ТИНТО”-ТОЙ ХОЛБООТОЙ ХАРИУЦЛАГЫН БАГЦ АСУУДЛЫГ ЯРИНА

    -“Оюутолгой” дээр Тусгай хороо байгуулагдаж хөндлөнгийн шинжээчид томилж 3-4 сар ажилласны эцэст наймдугаар сарын эхээр дүгнэлт гарсан. Дүгнэлтээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрснийг өмнө нь “Рио Тинто”-гийн тайлбарлаж байснаар геотехникээс үүдээгүй гэж үзсэн. Геотехникээс үүдсэн зардал нь 90 сая ам.доллар байхад бусад 1.4 тэрбум ам.доллар бол менежментийн алдаанаас болсон гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, менежментийн алдаа даамжирсаар 22 сар болсон гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан.

    Дүгнэлтийг наймдугаар сарын 9-нд Засгийн газарт гардуулж өгсөн. Холбогдох мэргэжлийн хүмүүс судалж хэлэлцээрийн үе шатанд ашиглах бүрэн боломжтой.

    “Оюутолгой”-н ТУЗ-ийн хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг наймдугаар сарын 25-нд хэлэлцэж, танилцаад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Есдүгээр сарын эхээр хуралдах ТУЗ-ийн хурал дээр зөвлөмжийг яаж авч хэрэгжүүлэх болон менежментийн алдаа гаргасан асуудалд ямар хариуцлага тооцох талаар ярилцана. Мөн зардал хэтрэлтийг даамжруулахгүй байх арга хэмжээ авах, ер нь менежмент солигдох ёстой юу гэдгийг нухацтай хэлэлцэх ёстой. “Рио Тинто” менежментийн төлбөр гэж авсан мөнгөө авч үлдэх нь зөв үү, үгүй юу гэдгийг хөндөнө. Өөрөөр хэлбэл, хариуцлагын асуудлыг багцаар нь ярихаас гадна хөндлөнгийн шинжээчдийн гаргасан зардал дээр дахин аудит оруулах зөвлөмжийг ярих ёстой. Шаардлагатай бол тусгай хороо байгуулж санхүүгээр мэргэшсэн хөндлөнгийн шинжээчдийг томилж ажиллуулах болно.

    -ТУЗ шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор “Рио Тинто”-гоос тайлбар авсан уу?

    -Наймдугаар сарын 25-нд болсон ТУЗ-ийн хуралд “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Ж.Болд оролцоогүй. Оронд нь өөр хүн төлөөлсөн. Оюутолгойн гүйцэтгэгч компанийн төлөөлөгч хуралд оролцож, ТУЗ-ийн гишүүдийн асуултад хариулаагүй нь тун харамсалтай. Одоо болтол “Рио Тинто”-гоос хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны хариулт авч чадаагүй. Зарим нэг зүйлтэй эвлэрч, санал нэгдэж байна гэснээс биш албан ёсны хариулт өгөөгүй.
    “Рио Тинто” үнэхээр менежментийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа бол ямар арга хэмжээ авч, гэрээндээ ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг ярилцах ёстой. Гэрээ бол хоёр талын эрсдэлийг бууруулах механизм учраас ийм том хэмжээний эрсдэл үүссэн үед маш чухал асуудал. Хамгийн анхны 5.3 тэрбум ам.доллар дээр нэмээд 1.5 тэрбум ам.долларын зардал хэтрүүлсэн байхад хөнгөн хэмжээнд авч хэлэлцэх асуудал биш байх. Тиймээс хариуцлагын асуудал ярихаас гадна цаашид зардал хэтрүүлбэл яах вэ гэдэг дээр ойлголцох ёстой.

    -Хариуцлагын асуудлыг хэрхэн харж байна. ТУЗ-ийн гишүүдээс хөндлөнгийн шинжээчдийн гаргасан зардал дээр дахин аудит оруулах зөвлөмж өгсөн гэлээ. Зөвлөмжид юу тусгасан бэ?

    -Хоёр байгууллага ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байхад гүйцэтгэгч нь ажлаа сайн хийхгүй их хэмжээний нэмэлт зардал гаргаж дээрээс нь байнга татаас аваад байвал яах вэ. Ажил нь хоцрогдож, зардал нэмээд байгаа асуудал дээрээ бүрэн дүүрэн хариулт өгөхгүй худал ярьж төөрөгдүүлээд байгаа учраас хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа байх гэж бодож байна.
    “Рио Тинто” компани менежментийн төлбөр гэж Оюутолгойгоос их хэмжээний мөнгийг тухайн жил эхлээгүй байхад урьдчилаад бэлнээр авдаг. Ингэж урьдчилж мөнгө авч ажиллачихаад сэтгэлд хүрэхгүй, мэхэлсэн тохиолдолд мөнгөний асуудал ярих ёстой. Их хэмжээний мөнгө авах нь үндэслэлтэй юу гэдгийг хөндөх ёстой. Мэдээж цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал байгаа ч цаашид яах вэ гэдгээ тодорхой болгож нарийн тооцох шаардлагатай. Менежмент зөв явсан эсэхээс шалтгаалаад зардал хэтэрсэн асуудал яригдана.

    Хөндлөнгийн шинжээчдийн зүгээс зардлаа мэргэшсэн хүмүүсээр хянуулах ёстойг зөвлөсөн. Далд уурхайн бүтээн байгуулалт хамгийн анх батлагдсан 5.3 тэрбум ам.доллар даваагүй байгаа. Тиймээс 6.8 тэрбум ам.долларыг нягтлах ёстой гэж зөвлөсний дагуу ТУЗ-ийн хуралд тогтоолын төсөл оруулахаар бэлтгэж байна.

    -Хөндлөнгийн шинжээчид өмнө нь “Рио Тинто”-д ажиллаж байгаад гарсан учраас буруутгаж байна гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байсан. Шинжээчдийн багийг хэрхэн сонгосон бэ?

    -Хөндлөнгийн шинжээчдийг томилох гэж 2-3 сар болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд далд уурхай болон төслийн менежмент, худалдан авалт, геотехник, зардлын хяналтаар мэргэшсэн мундаг баг бүрдүүлсэн. Мөн энэ багийн гаргасан дүгнэлтийг дахин мэргэжлийн хүмүүсээр хянуулсны үндсэн дээр хөндлөнгийн шинжээчийн баримтад ач холбогдол өгч байгаа. Дүгнэлтийн үнэ цэн хэлэлцээрийн үеэр харагдах байх гэж итгэж байна.

    -Далд уурхайг эхлүүлэх асуудал хүлээгдэж байна. Юунаас шалтгаалж байна вэ?

    -Засгийн газар есдүгээр сард багтаан далд уурхайг эхлүүлэх байр суурьтай байгаа. “Рио Тинто” компани техникийн хувьд бүрэн боломжтой гэсэн хариултыг өгсөн ч өнөөг хүртэл эхлэхгүй явсаар байна. Албан бус мэдээллээр далд уурхайгаа эхлүүлэхгүй бол сар бүр 100 сая ам.долларын зардал гарна гэсэн тооцоог “Туркойз хилл” компани хийсэн юм билээ. Энэ мэтээр зардал хэтрэхээс гадна төслийн үнэ цэнийг бодолцох ёстой. Өдөр өнгөрөх тусам мөнгөний үнэ цэн унаж байгаа үед төслийн үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй.

    Далд уурхайг эхлүүлэх нь хоёр талд харилцан ашигтай учраас аль болох шуурхайлах шаардлагатай байтал Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажлууд дээр шантаажилж байгаа гэж харж байна. Тухайлбал, Засгийн газар нөөцийн тайлан, ТЭЗҮ-г хүлээж авахдаа мэргэжлийн зөвлөлөөр оруулж, нарийн судлах учиртай.

    Гэтэл Засгийн газар нөөцийн тайлан, ТЭЗҮ-г хүлээж авсны дараа далд уурхайг эхлүүлнэ гэсэн шантаажилсан, барьцаалсан арга барилаар явж байгаа нь удаан хугацааны түншлэл үүсгэхэд хүндрэлтэй. Дубайн гэрээн дээр ч ийм асуудал үүсэж байсан.

    -Лондоны шүүх дээр арбитрын маргаан үүсгэсэн. Цаашид үргэлжилнэ гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байна. “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

    -Ерөнхий сайдад илгээсэн захиаг нь хараагүй. Хэлэлцээр байгуулах ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг мэдэхгүй учраас тодорхой зүйл хэлэх боломжгүй. Мөн арбитрын маргаанд огт оролцоогүй.

    – Засгийн газрын эзэмшиж буй “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасныг Засгийн газар мэдэгдлээ?

    -Миний хувьд Монголын талын эзэмшиж байгаа 34 хувийг “Рио Тинто” компани ярилцъя гэдэг бол сонин л сонсогдож байна.

    -Ойрын хугацаанд хэлэлцээ эхэлнэ гэж байгаа. Хэрхэн үргэлжлэх бол?

    -Хэлэлцээрийн шатанд сайн зөвлөхүүд ажиллуулах ёстой. “Рио Тинто”-гоос санал өглөө гэхэд шийдвэрээ хурдан гаргахаас илүү ул суурьтай хандах хэрэгтэй байх. Монголд ашигтай талаас нь нухацтай судлахаас гадна өөрсдөө санал тавих, хариуцлагын асуудлыг хөндөж ярилцах ёстой. “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд бүрэн дүүрэн хариулт өгөөгүй байхад тавьсан саналыг нь яаран хүлээж авч шийдвэрлэх шаардлагагүй гэж бодож байна.

    Далд уурхайг эхлүүлэхэд хэлэлцээр өрнөж, төгсөх шаардлагагүй. Тэр болгоныг хэлэлцээртэй холбох нь утгагүй. Хоёр талдаа ашиггүй, эдийн засгийн алдагдалтай шийдвэр гаргаж болохгүй.

    -“Оюутолгой”-н ТУЗ тэр бүр нээлттэй байдаггүй. Тиймээс Монголын талын байр суурийг хамгаалахад ямар үүрэг, хариуцлага, нөлөөтэй байдаг талаар нийгэмд хариулт нэхсэн олон асуулт байдаг?

    – “Оюутолгой”-н ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголын талаас, гурвыг нь “Рио Тинто”, “Туркойз хилл”-ээс томилдог. Одоо Монголын талаас Н.Баганбанди, З.Ган-Очир бид гурав ажиллаж байна. З.Ган-Очир бид хоёр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдсон. Ажлаа аваад есөн сар болж байна. Миний хувьд аль болох олон нийтэд нээлттэй, үнэн зөв мэдээлэл өгөхийг хичээж байгаа. ТУЗ улирал тутам буюу жилд дөрвөн удаа хуралддаг. Хороогоор хэлэлцсэн асуудлыг ТУЗ-д танилцуулж, компанийн захирлууд тайлангаа тавьдаг. Төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг ТУЗ батлахаас гадна 250 сая ам.доллараас дээш мөнгөний хэлэлцээрийг заавал хэлэлцүүлдэг. Санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчийн асуудал гэсэн олон асуудал бий.
    Миний хувьд гэрээний дагуу Санхүү, аудитын хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Мөн өнгөрсөн хугацаанд бид дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тусгай хороо байгуулж нэлээдгүй цаг авч ажиллаж, шаардлага тавьсны үр дүнд 157 хуудас шинжээчийн дүгнэлт гаргууллаа.
    ТУЗ-өөр хэлэлцэж байгаа ихэнх асуудал олонхийн саналаар шийдэгдээд явдаг. Жишээлбэл, харилцан хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудалд Монголын талын байр суурийг хэчнээн хамгаалсан ч олонхийн буюу “Туркойз хилл”, “Рио Тинто”-гийн зургаан гишүүн батлаад явах боломжтой байдаг. “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын талын гурван хүн орчихоод зүгээр суудаггүй. Компанийн тухай хуулиар өөрсдийнхөө байр суурийг хамгаалахаас гадна “Эрдэнэс Оюутолгой” компаниас удирдамж авдаг.

    С.Уянга
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • МОНГОЛ УЛСЫН АНХНЫ МАРШАЛ ГЭЛЭГДОРЖИЙН ДЭМИД

    Дэмид тус хүрээнд амьдарч ажиллаж байсан Хятад, Орос, Төвд, Дани, Монгол лам хуварга худалдаачин, түшмэл, бичээч зэрэг таван хэлийн олон янзын хүмүүсийн дунд орж, тэдэнд үйлчилж, арилжаа наймаа, худалдаа үйлчилгээ, үзэл санаа, зан чанарыг өөрийн нүдээр үзэж, биеэр мэдэрч өөрөөр хэлбэл олон янзын хүмүүсийн дунд орж, ажилласан нь тухайн үедээ, тэр үеийн Монгол орны нийгмийн амьдралыг танин мэдэж авсан нь ирээдүйн улс төр, цэрэг арми, нийгмийн зүтгэлтэн болох мэдрэмжийг нь нээж өгчээ.
    Г.Дэмидийг 17 настай байхад Хан-Өндөр уулын хошууны төвд Наянт вангийн гутгаар хүү Артаасэд Бээжингээс ирж Монгол бичгийн сургууль “Тэнхим” байгуулсан нь түүний холыг харах, алсыг ухааруулах, билгийн нүдийг нээжээ. Тэнхимийн “Эрдмийг суръя гэвэл бичгийг сур. Эрүүлийг хүсвэл цэврийг сахь” гэсэн уриа дуудлага нь Дэмид хүүгийн сэтгэлд яв цав тохирч, бичиг үсгийг шамдан сурч, алсын замд гарч холыг зорих эрдмийн аянд баттай дөрөөлүүлжээ.
    Г.Дэмид 21 настайдаа 1921 онд шинэхэн үүсэж байсан ардын журамт цэрэгт ах Надмидынхаа оронд сайн дураараа элсэн орж, гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж, ардын хувьсгалын ялалтыг хангах үйл хэрэгт, амь бие үл хайрлан, идэвхтэй оролцож явсан аж. Ардын хувьсгалын партизан Г.Дэмид 1921 онд Алтанбулаг хотод МАХН-д гишүүнээр элсжээ.
    Дэмид багадаа хурдан морь унадаг, ажнай хүлгийн уяачдынхаа тоосонд хийморь сэргэдэг байсан нь хожим нь моринд дуртай болгож цэргийн жанжин болсон үедээ ч тэр хүслээ хөглөсөн. 1926 онд Зөвлөлт Орос улсын Тверь хотын морин цэргийн сургууль онц дүнтэй үлгэр жишээ суралцсан байдаг.
    Цэргийн зөвлөлийн гишүүн Г.Дэмидэд Англи Улсаас морин цэргийн сайхан эмээл бэлэглэсэн байдаг. Энэ эмээл болон түүний эдэлж хэрэглэж байсан цэргийн дүрэмт хувцас Монгол цэргийн музейн үзмэрт бий.
    Тэрбээр улс орныг батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх ажлыг гардан удирдахдаа Монгол Ардын Хувьсгалт Цэргийг өөрчлөн шинэчилж, эхний ээлжинд механикжсан морьт цэрэг, улмаар орчин үеийн арми болгох зорилтыг дэвшүүлж байв. Түүний санаачилгаар 1930-аад оны дундуур Монгол Ардын Хувьсгалт Цэрэгт техникийн цэргийн эзлэх хувийг нэмэгдүүлж их буу, холбоо, хуягтын тусгай хороодыг бие даан байгуулснаар Монгол Ардын Хувьсгалт Цэргийн байлдааны бэлэн байдал, байлдах чадвар эрс өсчээ. Ийм учраас судлаачид Г.Дэмидийг “техникжсэн морьт цэргийн онолыг үндэслэгч”, “цэргийн шинэчлэлийн анхдагч” хэмээн дүгнэдэг. Г.Дэмид Монгол, Зөвлөлтийн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бүрэн эрхт тусгаар тогтносон улсын зарчимд тулгуурлан харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх, зөвхөн дайны цагт Зөвлөлтийн цэргийг Монголд оруулах, бусад үед техник-эдийн засгийн тусламж авах тухай байр суурийг баримталж байв.
    Маршал Г.Дэмид ЗХУ-ын БХЯ-ны сайд К.Е.Ворошиловын урилгаар Зөвлөлтийн цэргийн маневрын сургуулийг үзэхээр явж байгаад 1937 оны 8 дугаар сарын 27-нд ЗХУ-ын нутаг Сибирийн төмөр замын Тайга өртөөнд учир битүүлгээр нас баржээ. Тухайн үедээ түүний үхлийг хоолны хордлогоос болсон хэмээн тайлбарлаж байсан боловч энэ нь зохион байгуулалттай улс төрийн аллага байсан гэж судлаачид дүгнэдэг. Түүнийг нас барсны дараахан “Дэмид бол хувьсгалын эсэргүү, Японы тагнуул” байсан хэмээн зарлаж, аав Гэлэгдорж, эхнэр Навчаа болон төрсөн ах, дүү нарыг нь баривчлан хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ.
    Маршал Г.Дэмидийг 1962 онд цагаатгажээ.

    djmedia:492
  • ЛАМЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ САРД 1 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВАХ ХУУЛИЙН ТУХАЙ

    Үүний тулд хөгжүүлэх гол арга зам шийдлийг цалингийн доод хэмжээг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Хэрэв цалин энэ чигээрээ байвал монгол дох бүх хийд үйл ажиллагаагаа хаахад хүрж болзошгүй гэж мэдээллээ. Бурхны шашин нь бусдыг соён гэгээрүүлэх нийгэмд амгалан байдлыг төлөвшүүлдэг бусад шашнаас илүү хэмээн хэлэв.
    Бурхнаа дээдлэхгүй байгаа айл өрхүүд доошлон, шүтэж байгаа хүмүүс нь дээшлэнэ гэж хэлэв. Мөн сахиус хамгаалалт жилийн заслаа хийлгэсэн хүмүүс ковидоор өвдөхгүй байгаа гэж мэдэгдэв. Өнгөрсөн 20 зууны их хэлмэгдүүлэлтээс соёлын биет болон биет бус өв ихээр сүйдсэн эдгээр хамгаалж хүн нь өөрөө лам нар байсан учир урамшуулж цаашдын замын засвал буян гэв.

    Лам хүн өргөл барьц авах нь авдаг. Гэхдээ тэр бүх мөнгөө хийддээ хандивлаж шүтлэгтэн олныхоо төлөө явдаг учир цалингаараа амьдардаг хэмээв. Төр засаг энэ талаар чухлаар авч үзэн цөөн хэдэн лам нараа сайжруулвал амар амгалан монголд тогтоно хэмээв. Бид өргөл авахгүй бол бидний сахиус гэж номын өрөнд оруулж тухайн хүний уншуулсан ном хүчингүй болдог жамтай гэлээ. Хэрэв энэ шийд хэрэгжвэл ирэх жилээс цалингаа нэмүүлвэл сайн байна цаашдаа улам хичээж ажилцгаана.

  • Б.РИНЧИН. ӨӨДГҮЙ УРВАЛТ БА ЛИГДЭН, ЦОГТ НАРЫН ҮНЭНИЙГ БИЧСЭН!

     

    Өвөр монгол ноёд Чингисийн алтан төрөөс, Чингисийн үрээс ичгүүртэйгээр урважээ. Өвөр ноёд Чингисийн төрийг алт мөнгө, цалин пүнлүүгээр Манж хаанд худалдаж, дагаар оржээ. Тэд Манжийн хаанд урваад зогсохгүй, манж цэргийн гол хүч болж, Чигисийн хойч Лигдэн хааныг сөнөөхөөр Цахарын нутагт цөмрөн ороход Лигдэн хаан цэрэг албатаа аван Хөх нуурын зүг дутаажээ. Түвдийн өндөрлөгийг хянавал Лигдэн хаан монголчуудад нөлөөлж, улам хүчээ авч буй Түвд шашны үзэл суртлыг хянаж, Манжид дагаар ороогүй монгол ноёдод хаант төрөөр нөлөөлж болох байв. Гэвч харамсалтай нь Лигдэн хаан 1634 онд аян замдаа халдварт өвчнөөр нас барж, Чингисийн байгуулсан их төр эмгэнэлтэйгээр төгсгөл болсон гэдэг. Лигдэн хааныг өөд болсны дараа 1636 онд Өвөр Монголын 49 ноён Манжийн нийслэлд цуглан манж хаан Абахайг бүх Монголын хаан болгон ширээнд залжээ. Энэ бол Өвөр Монголын ноёдын үйлдсэн асар том нүгэл байсан юм.
    Өвөр Монголын ноёд тэрхэн үедээ Манж хааны худ ураг болж, эд баялагт умбаж, Бээжинд ордонд сууж, манж хаанд шадарлаж байсан гэдэг. Өвөр Монголын ноёд Чингисийн угсааны төрөөс бөөнөөрөө урваж, зальхай Манжийг дагах болсны дараа Халхын ноёд цаашид хэрхэх талаар хэлэлцжээ. Энэ үед Халхын хүчирхэг удирдагчдын нэг, Чингисийн удмын Цогт хунтайж эрс шийдэмгийгээр Лигдэн хааны талд зогссон аж. Цогт тайж нь бичиг номд нэвтэрсэн боловсрол өндөртэй, гүн ухааны шүлэг зохиодог хүн байсан бөгөөд Лигдэн хаанд зориулсан шүлгээ алдарт Дуутын хаданд сийлж үлдээжээ. Цогт тайж, Лигдэн хаан нар тухайн үеийнхээ соён гэгээрүүлэгчид байснаараа бусад ноёдоос эрс ялгарч байжээ.
    Лигдэн хаан монголчууд бурханы шашны номлолыг өөрийн хэлээр судлах ёстой гэж үздэг хүн байжээ. Иймд тэрээр буддын шашны Ганжуур, Данжуур хэмээх хоёр их хөлгөн судрыг ихээхэн хөрөнгө хүч зарж монгол хэл рүү орчуулуулсан байна. Цогт тайж энэ тал дээр Лигдэн хаантай адил бодолтой хүн байжээ. Хэрэв монголчууд эх хэлээрээ шашны номыг судалдаг болбол монголчууд Түвдийн шарын шашны нөлөөнд автах нь багасах учиртай аж. Гэтэл энэ нь буддын шашны номыг монголчуудад түвд хэлээр зааж, Монголыг оюун санаагаар нь удирдах гэсэн Түвдийн шарын шашныхны дургүйцлийг хүргэв. Ингээд Түвдийн шарын шашныхны явуулгаар Далай ламын шашныг дагагч монгол ноёдын хувьд Лигдэн, Цогт нар “шашны дайсан” болж хувирсан аж. Өнөөгийн шарын шашны урсгалын монгол лам нар ч Цогт тайжийг “шашны дайсан” гэж үздэг. Ямар ч цаг үед “шударга эх орончид” ийнхүү ганцаардан шахагддаг ажээ.
    Нэг талаас Манжийн хаан болон Манжид урвасан ноёддоо шахагдсан Лигдэн, нөгөө талаас Чингисийн төрдөө үнэнч байж, Түвдийн шарын шашны оюун санааны түрэлтэд шахагдсан Цогт хунтайж нар хоюул тэмцэл хийх боломжит нутаг Хөх нуурын зүг цэргээ дагуулан хөдөлсөн ч зорьсондоо хүрэх хувь дутжээ. Ноёд нь Манжид урван, өөрөө хавчигдан зугтсан Лигдэн хаан хүчээ сэлбэж амжилгүй халдварт өвчнөөр нас баржээ. Харин Түвдийн Далай ламын зарлиг бүрийг үнэнчээр дагагч Ойрадууд өөрийн “эзэн” Далай ламаа аврахын тулд Цогт тайжийг цэрэглэн, байлдаж хөнөөжээ. Хувь тавилан Чингисийн их төрдөө үнэнч байсан эх оронч баатруудад хэтэрхий хатуу хандсан нь энэ бөлгөө.
    Цогт тайж эх орныхоо төлөө хэрхэн тэмцсэнийг “Цогт тайж” хэмээх уран сайхны кинонд харуулдаг билээ. Энэ киног үзэл сурталжсан гэж лам нар шүүмжилдэг боловч кинонд гарч буй хүмүүс, үйл явдлын ихэнх нь үнэн бодитой юм. Цогт тайж бол уг кинонд харуулсан шиг үнэхээр Чингисийн хаант төрдөө үнэнч, цогтой эх оронч байжээ. Лигдэн хаан замдаа нас барсан тул Цогт тайж Түвдийн өндөрлөг Хөх нуурт түүнтэй хүчээ нэгтгэж чадсангүй. Тэр үед Далай ламын эсрэг тэмцэгч бүлэглэл болох Түвдийн улааны шашныхан түүнээс дэмжлэг хүсчээ. Цогт тайж улааны шашныхантай холбоолж, Монголд даяар хэтэрхий нөлөөтэй болж, хэрэг дээрээ монгол ноёдын “эзэн” нь болж буй Далай ламыг сөнөөхөөр цэргээ илгээсэн ч гол хүчийг нь захирч байсан түүний хүү Арслан тайж Далай ламд урвасан байна. Тэрээр төрсөн хүүгээ үл өршөөж цаазалсан билээ. Тэр гэр бүлээсээ төрт улсынхаа эрх ашгийг дээдлэн хүүгээ цаазалсан нь жинхэнэ эх орончийн үйлдэл байв.
    Цогт тайж киноны зохиолыг их эрдэмтэн Б.Ринчен бичсэн нь бас л сонин хувь заяа аж. Цогт тайжийн өшөөг авч байгаа мэт шарын шашны сүм хийдийг үгүй хийсэн Х.Чойбалсан их эрдэмтэн Б.Ринченд эх орончийн тухай кино зохиол бичихийг даалгажээ. Гэхдээ Чойбалсан байлдан дагуулагч эзэрхэг хаад бус, харин Монголын төлөө зүтгэсэн хэн нэг эх орончийн түүхээр зохиолоо бичихийг хүсжээ. Ринчин бодож байгаад Цогт тайжийн талаар зохиол бичихээр болсон байна. Гэтэл Б.Ринчен өөрөө Цогт хунтайжийн удам байсан нь хувь заяаны тохиол байсан гэлтэй.
    Өвөр Монголын ноёд Манжид урваж, бусад монгол ноёд нь өөрийн төрөө бодохгүй Түвдийн Далай ламын “дуулгавартай үйлчлэгч” болж байсан тэр хар бараан цаг үед Чингисийн удмын сүүлчийн хаан Лигдэн ямар их ганцаардаж байсан бол! Харин тэр цагт Лигдэн хаандаа Халхын хунтайж Цогт тайж ганцаараа үнэнч үлджээ. Тэд ганцаардаж, хүч тэнцвэргүй тэмцэлд мөхсдөж, дайсандаа ялагдсан.
    Гэвч өнөө цаг үеээс харвал тэднийг дийлж байсан дайснууд хожим бүгд бууран доройтох буюу мөхжээ. Манж улс, манж үндэстэн мөхжээ. Түвд Хятадын эрхшээлд тарчилж, лам нар нь өөрөө зулын гол болж байна. Цогт тайжийг хөнөөж Түвдэд эзэн суусан Хошуудын Төрбайхын үр хойчис, албат нь ихэд бууран доройтож Түвдэд үндэсний цөөнх болсон ба хятад, түвдүүдэд гадуурхагдаж яваагаа Монгол улсаас ирсэн хүнд ярьсан байдаг. Гэхдээ хамгийн хэцүү хувь тавиланг өвөр монголчууд туулжээ. Тэд Маогийн соёлын хувьсгалаар хятадуудад хядагдаж, газар бэлчээргүй болсон. Одоо тэд гишгэх газар байтугай ярих эрхгүй болж байна. Их хаанаа гомдоосон Өвөр Монгол ноёдын хойчсийг Лигдэн хааны сүнс харж ивээхээ больсон юм болов уу? Гэм үйлдсэн ноёдын хойчсыг Лигдэн хааны сүнс уучлан өршөөх болтугай.
    Харин Чингисийн их төрд үнэнч үлдсэн Халхын Цогт тайжийн шударга тэмцлийн ачаар Чингис хаан тэнгэрээс Ар Халхыг ивээж байгаа нь гарцаагүй билээ. Өвөр монголчууд Чингисийн онгонд мөргөдөг, харин Халхчууд Чингис хааны төрсөн нутгийг сахидаг. Ялгаа асар их байна. Чингис хааны төрсөн нутгийг сахин үлдэж, сүүлчийн их хаанд үнэнч байсан Цогтын тайжийн хойчсыг Их хаан үүрд ивээг.

  • Т.Аваадорж: Жудаг, жаягаа мартсан уяачдаас татгалзъя

    -Монголчууд хийморь сүлдээ дандаа мориор зүйрлэж байдаг. Тиймээс монголчууд агуу төрийн сүлдэндээ хүртэл оруулсан байдаг шүү дээ. Өнөө цагт хийморийн дарцаг өргөснийгөө сүлд хийморь гэж ойлгох болжээ. Монгол хүн морио унаснаар хийморь нь бадарч байдаг. Харин цусыг нь сайжруулж байна гэж адуугаа эрлийзжүүлснээр түвшин нь өндөр болж хүүхэд унах явдал их гарч байгаа. Энэ бол эрлийз адуу монгол хүний ген, байгаль, зан чанарт тохирохгүй болчихоод байгаагийн илрэл. Түүнээс монгол адуу эзэндээ ээлтэй, хаана ч явсан явгалахгүй, амь сүнс нэгтэй болчихдог шүү дээ. Эрлийз адуу уралдуулж байгаа нь монгол өв уламжлал, баяр наадмынхаа үндэсний гэх зүйлүүдийг зөрчөөд наадмаа наадам биш болгоод байна. Монгол наадмаа хийж, монгол адуугаа уралдуулахад болоод л байсан шүү дээ.

    -Наадмаа наадам биш болгоод байна гэлээ. Хэн үүнд буруутай юм бэ?

    -Монгол өв соёлоо хэн унагаад байна гэвэл уяачид өөрсдөө. Тэд ийм зүйл хийгээд байна. Өнөөдөр наадам боллоо гэхэд тэд монгол адуугаараа уралдъя гээд нэг удаа тэвчээд, ёс жудгаа хүндлэх юм бол хэн ч эрлийз адуу уралдуулж, эрлийз наадам хийхгүй л байхгүй юу. Гэтэл наанаа ярьж дүр эсгээд, цаагуураа эрлийз морьдоо уралдуулаад, үгсэн хуйвалдаад байна. Гэхдээ энд бидний яриад байдаг цөвүүн цагийг өөрчлөх сайн зүйлүүдийн эхлэл ирж байгаа байх. Зул бөхөхдөө бадамлана гэгчээр үндэсний бөхөд ч тэр, үндэсний морин уралдаанд ч тэр шалгарал явж байна гэж би боддог. Зөв тал руугаа өөрчлөгдөнө гэж найддаг. Наадмаа зөв сайхан хийгээд, монгол адуугаа уралдуулж, уралдаанч хүүхдүүд тэнд гийнгоо хадаахад энд монгол хүн огшиж баярлаж байдаг, бид ингэж л наадаж ирсэн. Түүнээс эрсдэл хийж хүүхдээ морины нуруунаас унагаж амь насыг хохироох нь наадмын гол утга учир биш шүү дээ. Дээр нь монгол хүн амны бэлгээр гэж монголчууд үг хэлээ бодолцож баймаар байна.

    -Тухайлбал?

    -Бид “Унаач хүүхэд” гэх буруу үг хэллэгийг хэрэглэмээргүй байгаа юм. Үгийн хүч, энерги гэж байдаг. “Унаач, унаач” гээд байхаар унана шүү дээ. Уралдаанч хүүхэд гэж ярьж, бичиж хэвших нь зүйтэй. Бөх, морь хоёр хийморь сүлдээр нааддаг. Аль хийморьтой, даалттай нь ард үлддэг гэж ярьдаг даа. Энгийнээр хэлэхэд сайныг дагаж саар гэгч зүйл үүсч гарч ирж хүчээр хийморь сүлдийг эрхшээж авах гээд байгаа учраас цаана байгаа монголчуудын “тэнгэр хаяна” гэж ярьдаг тэр үйлдлүүд бий болж, ил ертөнцөд буюу хүүхдэд хэцүү бэрхийг үзүүлээд байна гэж ойлгож болох юм. Уяач хүний анхаарах ёстой зүйлүүд шүү дээ, энэ чинь. Бид ёсоо хүндэлж, дэгээ баримталж наадмаа журамтай сайхан хийх учиртай. Бөхчүүд ч гэсэн барилдахаар гарахдаа “Энэ өдрийн түрүү бөхтэй битгий таараасай” гэж өөрийн бурхан шүтээд даатгадаг юм гэнэ лээ. Яагаад гэвэл түрүүлэх бөх нь өөрөө ч байж болно, өрөөл нэгэн байж болно. Тэгэхээр нэгийн даваанд түүнтэй таарчихвал мянга сайн байгаад унаж таарна шүү дээ.

    -Эрлийз адуугаа монгол адуу гэж уралдуулаад, түүнийх нь нуруун дээр хүүхэд байтугай салхи ч тогтохгүй осол гарч байна гэж их ярьж байна?

    -Наанаа монгол адуу гэж яриад цаагуураа танил талаараа орж эрлийз адуугаа уралдуулаад байгаа шүү дээ. Морины комисс дээр хуйвалдаан, зөрчил их гарч байна гэдгийг бүгд л хэлдэг, ярьдаг.

    Уяачид өөрсдөө ч хэлдэг, “Монгол адуугаар уралдаад нэмэр алга” гээд эрлийз адуу тэжээж байдаг. Тэгэхээр энд бусдаас бурууг хайх бус уяачид өөрөөсөө бурууг хайх хэрэгтэй. Бусармаг зүйлүүдээ болих хэрэгтэй.

    Тэжээгээд, тэжээлийг нь бэлдээд байгаа эрлийз адуугаа орхичихвол дэг ёсондоо орно. Монгол адуу өөрийн дархлаагаар өвөл, хавар, зун, намар дөрвөн улирлыг даваад туулаад ирсэн, тэр л жамаараа уралдаад явна шүү дээ.

    -“Допингтой бөх” гээд ярьдаг, хариуцлага тооцдог. Гадаадаас үнэтэй тэжээл авчирч тэжээдэг, эм тариа хэрэглэсэн эрлийз морь гэдэг бас л “допингтой” бараг л “хагас галзуу” амьтан биз дээ, хүүхэд яаж амыг нь дийлж, залж удирдаж уралдуулах билээ?

    -Тэгж хэлдэг боловч ямар ч хүн ядарлаа гээд долоо хоногийн сүүлчээр дусал тариа хийлгэж, эм тан хэрэглээд л байдаг. Тэгэхээр “допинг” гээд хэт нэг талыг барьж “галзуу, араатан” гэхчлэн туйлширч ярьж болохгүй байх. Урьд цагт монгол морь 40 км\цагийн хурдтай давхидаг байсан бол одоо өөрийнх нь хүчээр бус хэрэглэж байгаа зүйлийнх нь хүчээр зүрхнийх нь ачааллыг ихэсгэж 55 км\ цагийн хурдтай давхиулдаг болж. Өмнө нь хот, хөдөөгийн хооронд “Газ-69” автомашинаар өдөржин шөнөжин явдаг байсан бол өнөөдөр тэр замыг жийпээр хэдхэн цагт туулдаг болсон. Үүн шиг нийгэмд бүх зүйл хурдасч байна. Гэлээ ч монгол наадмаа хийж монгол адуугаа уралдуулъя, өв соёлоо хадгалъя гэдэг асуудал зөв. Дээр хэлсэн шүү дээ “Адууныхаа цусыг нь сайжруулж байна гэж эрлийзжүүлснээр түвшин нь өндөр болж хүүхэд унах явдал их гарч байгаа. Энэ бол эрлийз адуу монгол хүний ген, байгаль, зан чанарт тохирохгүй болчихоод байгаагийн илрэл” гэж. Дахиад хэлэхэд үүнд уяачид өөрсдөө буруутай.

    -Бид хүүхэд хамгааллын асуудлыг дэвшүүлэн ярьж, бичиж байгаа. Энэ талаар?

    -Хүмүүс материаллаг зүйл рүү их орчихоод байна. Тэр нь гол болохоос тухайн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг орхигдуулаад байгаа тал их ажиглагддаг. Монгол хүүхэд багаасаа морь унаж сурдаг. Тэгээд морьтойгоо дасан зохицож, амь сүнс нэгтэй болтол ижил дасал болдог байсан. Гэтэл өнөөдөр тийм биш болсон. Эм тариа, хүчтэй тэжээл хэрэглэсэн эрлийз адуу “хийрхэл” сууж, өөрийн хүчээс хэд дахин хүчтэй болчихоор хүүхдийн морио жолоодох аргачлал байхгүй болно, тэгэхээр мориныхоо нуруун дээр яаж тогтох билээ. Олон жил морь унаж байгаа хүүхдүүд ч бас байна. Тэдэнд морь унасаар байгаад дадал зуршил суусан байдаг. Зарим уяач мориныхоо хурдыг нэмж хүчтэй болгочихоод өнөөхийнхөө нуруун дээр хүний нялх хүүхдийг хүлж баглах нь холгүй тавиад явуулчихаж байна. Тэр морь барианд орох нь л чухал болохоос тэр хүүхэд зургаан настайдаа анх морь унаж уралдаж байна уу, дадал туршлага байна уу гэдгийг бараг л хардаггүй тал ч анзаарагддаг. Магадгүй тэр нь морио хурдан, хүчтэйг олон түмэнд гайхуулж, цаагуураа үнэ хүргэж зарах гэсэн шунал хүсэл, ил далд сурталчилгаа нь явж байдаг байгаа байх л даа. Тэгээд хэл ам гарахаар “Энэ хүүхдийг би хэчнээн зуун мянгаар цалинжуулдаг, ар гэрт нь ийм тийм хэмжээний юм өгдөг” гэж ярьдаг. 500 мянган төгрөг өгчихсөн бол түүнийх нь оронд өнөө хүүхэд очиж морь унах, ажлаа хийх ёстой болж байдаг. Энд зөрчил их бий. Урьд цагт хүмүүс “Морь маань дүүрэн сайхан давхиад ирлээ. Хүүхэд, морины эндэгдэлгүй сайхан наадлаа” гэлцдэг байсан. Одоо буруу зүйл их байгаа учраас хүүхэд яах ийх нь сонин биш болж, маш муухай зуршил тогтох гээд байна. Осолдохгүй эхний тавд оруулж, нэр алдраа гаргахын төлөө “нүд улаан мөнгө цагаан” гэдэг шиг гаж зүйлүүд их болж дээ. Гол нь уяачид өөрсдөө анхаарч энэ гажуудлаа засах ёстой юм шүү дээ. Өөрсдөө тэгж хүсэхгүй байгаад гол асуудал байна.

    -Мэргэжлийн морь унаач, уучлаарай уралдаанчтай болохын тулд яах вэ?

    -Би өөрийнхөө л бодлыг хэлье. Монгол өв соёл эргэж түгэж эхэлж байгаа. Сайн сайхан руу өөрчлөгдөж байгаа учраас өнөөдрийн болох, болохгүй зүйл ил гарч олон түмнээр яригдаж шүүгдэж, цэгцлэгдэж байгаа гэж боддог.

    Дэг жаяг, жудаг алдагдсан зүйлүүд цэгцэнд орно. Шалгуур явагдаж, үнэн нь батлагдаж гарч ирж байж журам тогтоно. Бидний өв соёл, үндэсний дархлаа, хардаг, бахархдаг олон зүйл устаж, гажуудаж байгаа, түүнийгээ сэргээж Монгол монголоороо байх тухайд бид бодлогоор хандах ёстой.

    Түүнээс биш тэртэй тэргүй дэлхий хөгжүүлсэн зүйлийг бид энд авчирч хөгжүүлэх гээд яах юм бэ. Эрлийз адуугаар наадам хийнэ гэж юу байх вэ. Монгол морины үнэ цэн алдагдана шүү дээ. Эрлийз адуу шүтсэнээр монгол адуу маань сүүлдээ “Малины адуу” гэгч болж байна. Монгол өв соёлыг авч явж ирсэн малчид цаашид яах ёстой вэ. Тиймээс уяач нь ч, уралдаанч хүүхэд нь ч эрлийз адуунаас татгалзах ёстой юм. Эрлийз адууг унахгүй гэхэд тэр уяач яах юм бэ, тийм биз дээ. Уяач нар өөрсдөө унаж уралдах уу. Үүн дээрээ л тэмцэх хэрэгтэй. Монгол өв соёл, монгол гэж ярьсан атал цаанаа нэр алдраа гаргах, өнгө мөнгө харсан зүйл рүү хүүхдийг золиос болгодог явдлыг таслан зогсоох ёстой. Уяачдын шуналын цээрлэлийг хүүхэд амсах ёсгүй. Морь бол “машин шиг хурдан байх ёстой” гэсэн цаад эзэн, уяачийн номоор л давхиж байгаа нь тэр шүү дээ. Монгол өв соёл дотор маань монгол адууны давхил ийм байна, хүүхэд унахад тийм байна гээд бүгд байгаа. 40 км\цагийн хурдтай давхихад хүүхэд унаж уралдаад ирсэн байна шүү дээ. Одоогийнх шиг осол “борооны дараах мөөг” гэдэг шиг болчихоогүй байсан үе бий шүү. Эм, тариа хэрэглэсэн эрлийз адуугаар уралдахыг цэглэх хэрэгтэй. Үндэсний морин уралдааны тухайд морь будлиулсан уралдаанч хийгээд уяачид ямар шийтгэл ногдуулах тухай төрт ёсны өвөг хууль “Халх журам” -д маш дэлгэрэнгүй байдаг. Үүнийг хаа хаанаа уншиж судалж, баримтлах ёстой байгаа юм. Энэ хуулийг монголчууд эрт цагаас “Уралдааны цааз” ч гэж ярьдаг байсан юм билээ.

    Ч.Үл-Олдох
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • ХӨВСГӨЛИЙН АЙХЫГ ЕРӨӨСӨӨ МЭДДЭГГҮЙ ЭРТЭЙ СОНИН ЗҮЙЛИЙГ ХУУЧИЛЛАА

    vдшийн бvрий болоход ойд бaйсaн хvмvvс гaл тvлэхээр болж,Донгов гуaйг юунaaс ч aйдaггvй гэх шaлтгaaнaaр тулгын гурвaн чулуу aвчруулaхaaр бaйгaa гaзрыг нь зaaж өгөөд явуулжээ. Ингээд өөрсдөө чулуу aвaх гaзaрт нь тvрvvлж очоод, нэг нь хувцсaa тaйлж, чaрмaй нvцгэлээд модны aрд нуугдсaн бaйнa. Донгов гуaй очиж, чулуугaa aвaaд буцaх гэтэл чaрмaй нvцгэн сэгсгэр хvн хaрaнхуйн дундaaс гvйж гaрч ирээд, “Чулуугaa өгөхгvй ээ” гээд муухaй орилоод, чулуунaaс нь тaтaн зуурaлджээ.
    Гэтэл тэрээр “Зa юун сvртэй юм, хэрэгтэй юм бол мaргaaш aвчрaaд тaвьчихъя” гээд тvлхэж унaгaчихaaд, хэнэг ч vгvй явaaд өгчээ. Ингээд л aн-чин нөхдийнх нь aйл-гaх төлөвлөгөө бvтэлгvйтсэн гэдэг. Мөн нэг сониуч хvн тvvнээс “Тaныг юунaaс ч aйдaггvй гэх юм. Тa ер нь сvнс, чөтгөртэй тaaрч бaйсaн тохиолдол бaйдaг уу?” гэж aсуусaн гэнэ.
    Тэгэхэд нь Донгов гуaй “Би нэг орой уулaнд явж бaйхдaa ил гaл тvлээд, т-aм-х-иa бaaгиулaaд сууж бaйтaл гaлын утaaн дороос нэг нaрийн хоолой “Сaмыг минь өг, сaмыг минь өг” гээд хaшги-рсaн. Би гaзaр доорхоо тэмтэрч vзтэл хэдэн хугaрхaй шvдтэй сaм бaригдсaн. Тэгэхээр нь aвaaд “Мaй, хэрэгтэй юм бол яaх гэж хaясaн юм” гээд гaл руу шидтэл утaa мaнaрaaд л чимээгvй болсон доо. Тэр чухaм юу бaйсныг би мэдэхгvй” гэжээ.
    Энэ мэтчилэн тvvнийг хvн нь ч, буг нь ч aйлгaж чaдaaгvй гэдэг. Зaрим хvмvvс хэт мэдрэмтгий зaнгaaсaa шaлтгaaлaн огт бaйхгvй зvйлийг бaйгaa мэт хaрж, сонсож, мэдэрдэг. Гэвч vнэн хэрэгтээ vхсэн хvнээс биш, aмьд хvнээс aйж явaх хэрэгтэй гэдэг шvv дээ.