Category: Нийтлэл, ярилцлага

  • Монголчуудын өгсөн “Далай лам” цол “амьд бурхан” гэсэн утгыг олж, Монголчуудыг өөрсдийг нь “боолчлох” болсон нь “хувь заяаны хошигнол”

    Христыг алдаршуулж, христос шашныг үүдэж үүсгэсэн хүмүүсийн дийлэнх олонхи нь анхан эхлэлээсээ мөн л эртний нүүдэлчид, малчид (хоньчид голдуу) байжээ. Лалын шашныг ч гэсэн Арабын нүүдэлчид, малчид үүсгэж дэлгэрүүлжээ. Мал аж ахуй бол цаг агаар, бороо цас, нар, салхи, аянга, цахилгаан, үер уснаас их хамааралтай ба тэр бүх хүчин зүйлүүд нь яаж ч бодсон гэсэн дээд тэнгэрээс л үүдэлтэй мэт билээ. Ингэхлээр дээд тэнгэрт залардаг хэмээгдсэн ертөнцийн эзэд, бурхдад сүсэг төрөх нь “ёстой л яалт ч үгүй” буулт, тавилан ажээ.
    Нүүдэлчдийн, малчдын жаргал зовлон, амь нас, эд хөрөнгө, хувь заяа бүгд тэнгэр, бурхдын гарт байдагт итгэж, тэднийг аргадаж, өргөл барьц өгч, ивээл хүсэж амьдрах нь ганц зөв зам мөр гэгдэх нь ч яалт ч үгүй байжээ.
    Өмнө өгүүлснээс үзэхүл нүүдэлчид, малчдын оюун санааны амьдралд л бараг бүх шашны эхлэл, суурь анх тавигдсан байж болох талтай юм.

    Бурхны шашин анх Төвд, Монголд үүсээгүй мөртлөө энэ хоёр оронд л газар аван дэлгэрч ганцаар ноёрхох болсон нь цаанаа юу нууж, юу өгүүлж байна вэ?
    Энэ талаар Төвдийн шинэ үеийн оюунлаг хүмүүс, сэхээтнүүд сайтар эргэцүүлэн бодож уг үндсийг нь эрэх, судлах шаардлагатай. Мөн Монголын сэхээтнүүд ч ард түмнийхээ оюун санааны амьдралын ирээдүйд санаа тавих, сэтгэл зовох үүднээс “Будда-энэрэнгүй үзэлтэн, Будда-соён гэгээрүүлэгч, Будда-сэтгэл судлаач, эрдэмтэн, Будда-философич, хүмүүнлэгийн ухааны том сэтгэгч” болох талаас нь Буддаг дахин нээж шашин, мухар сүсгийн түүхэн их шавааснаас нь Буддизмыг салгамаар, цэвэршүүлмээр байна. Энэ их ажил, энэ том зорилго Монголын төдийгүй дэлхийн шашин судлаачдын өмнө “бүхэл бүтнээрээ шахам” зогсож байгаа болно.
    Бурхны номын дээд оройд нь гарч, цаад гүнд нь нэвтэрсэн гэгдэгч амьд бурхад, хутагт, хувилгаадын ид шидийн тухай худал цуу яриа, зальжин арга, хэлбэрээр тараасан гайхамшиг бүхэнд Монголчууд гэнэхэнээр итгэж, автаж ноёд, ард бүгдээр сөгдөн мөргөж, сүсэглэн залбирах болсон нь “эрт дээрээс монгол хүмүүнд уламжлагдан ирсэн их практик ухаан, аливааг нягтлан шалгаж байж итгэдэг заншилд” харшилсан нэгэн сонин баримт болж түүхнээ үлдэх биз ээ…
    Соёл, шинжлэх ухаан, техник-технологийн ХХI зууны өндөрлөгөөс үзэх ахул ардчилах үйл явц нь яг хэрэг дээрээ бол хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн бүхнийг шинэчлэх хөдөлгөөн юм. Иймээс ард түмний оюун санааны ертөнцийг ч гэсэн алив шаваас, булингараас нь чөлөөлөх, цэвэршүүлэх учиртай. Буруу суртлыг орхих, муу уламжлалаас салах, хоцрогдлыг арилгах, мухар сүсгээс ангижрах, бүхнийг, бүгдийг шинжлэх ухааны мэдлэгийн үндсэн дээр шинэчлэн эдүгээжүүлэх их хэрэгт төр засаг, оюунлаг иргэд, сэхээтнүүд бүгдээрээ хичээнгүйлэн зүтгэх ёстой. Чухам тэгж байж л бид үнэн боловсронгуй, үнэхээрийн соёлтой, иргэний ардчиллаар тугаа хийсэн хүмүүнлэг, энэрэнгүй нийгмүүдтэй зэрэгцэж очих болно.

    Өнөөдөр гэхэд л ихэнх Монгол хүмүүний оюун санааны амьдрал бараг нэлэнхүйдээ шахам бурхны шашны зан үйл, үзэл сурталд автагдах хандлагатай болчихлоо. Бүхий л юмс, арга хэмжээний эхлэл, төгсгөл, явц, амжилтыг ихэнхдээ л шашны зан үйлээр тэмдэглэх болов.

    Ардын маань үнэт, утга төгөлдөр уламжлал, өвөг Монгол заншил, дээдлэл, төрийн хар хүмүүний мухар сүсгээс ангид зан үйл гэх мэт нь хайччихаа вэ? Дан ганц шинжлэх ухааны мэдлэгт, ардын маань түүхэн уламжлалд суурилсан ухамсар, сэтгэлзүй яагаад өргөн олонд гүнзгий зуршихгүй байна вэ?
    Монголчуудын дунд бурхны шашныг аль болохоор түргэн, аль болохоор өргөн, эгнэгт шахам ноёрхох хэмжээнд гүн гүнзгий яаж дэлгэрүүлэх вэ? гэдэг зорилгоо Төвд, Манж нар үнэхээрийн чадамгай хэрэгжүүлжээ. Тэд энэ хэрэгтээ Чингис хааны нэр төр, удам судрын нь яс, цусыг ч овжин, зальжин ашиглажээ. Чингисийн угсааны ноёд, хатдын итгэл сэтгэлийг олзлоод зөвхөн зогссонгүй бүр лавлуулаад тэднийг мөнхүү шашны бурхдын хойд дүрүүдээр тодруулж “өөрийн болгож” тэдэнтэй үүх түүх, гарваль, угсаагаа холбож нэгтгэжээ. Мөн ч овжин, тун ч урлагтай, алсыг дэндүү сайн хараалсан бодлого гэж энэнийг л хэлдэг байх даа гэмээр…

    Төвдүүд Далай ламын дөрөвдүгээр дүрээр Түмэдийн Алтан ноёны хүү Сэнгэдүүрэнгийн том хүү Сумир дайчин хунтайжийн хүүг тодруулжээ. Ингэж Төвдийн шашны тэргүүн нь Чингисийн алтан ургийн хүн болжээ. Энэ нь Далай ламын удаах дүрүүд бүгд Чингисийн алтан ургийнхантай холбоотой болчихож байна гэсэн үг. Монголын хааны удам төвдөчлөгдөж, Төвдийн шашны тэргүүнүүд Монгол цустай болжээ. Ингээд зөвхөн зогссонгүй Богд Жавзандамба хутагтын хоёр дүр мөн Чингисийн алтан ургаас тодорч энд бас удаах төвд дүрүүд нь алтан ургийн хамааталтай болсон байна. Чингэж төр ба шашны дээдэс Төвд ба Монгол гарваль, түүх нэгтэй болжээ. Тэгээд бас зогссонгүй Төвд ба Монголын эзэн гүрэн Манжийн хаан нь Манзушир бурхны хувилгаан гэгдэх болсон билээ…
    Бурхны шашин суртлын үүднээс үзэх ахул Монголын хаад болон Манжийн хаад нь хүний дүрээр энэ дэлхийд залран мэндэлж Төвд, Хятад, Монголыг эрхшээн хаанчилж асан дээд тэнгэрээс гарвальтай, бурхдын хувилгаан дүрүүд мөн ажээ. Төвдийн шашин, Манжийн хаан хоёр ноёрхлоо ингэж зүй ёсны, тэнгэрийн таалал дагуу болгож баттай үндэслэжээ. Ази дахины түүхийг Бурхны шашны философийн үүднээс бичих аваас түүхийн үнэн ийнхүү уран сайхны бүтээл болж төрөл арилждаг, үлгэр болж хувирдаг байна.

    Монгол Далай лам нэгийг (Ендонжамцбалсамбуу 1589-1617) дээр нь нэмээд Монгол Жамзандамба хутагт хоёрыг Чингисийн алтан ургаас тодруулах уран овжин аргаар төвдүүд Монголчуудыг “олзлон авчээ”. Чингэж олзлогдсон эмгэнэлт төлөв байдлаасаа Монголчууд өнөөдөр ч чөлөөлөгдөж чадаагүй байна.

    Түмэдийн Алтан ноёны төвд ламд өгсөн “Далай лам” хэмээх цол, Хошуудын Төрбайх ноёны төвд ламд “Банчэн эрдэнэ” хэмээх цол амьд бурхан гэсэн утгыг олж, улмаар Монгол даяарыг оюун санааны хувьд боолчилж эдийн засгийн хувьд мөлжиж, улстөрийн хувьд дарангуйлах болсон түүхийг “хувь заяаны хошигнол” гэхээс өөрөөр нэрлэх аргагүй юм.

    Монголчууд бид ер нь юунд итгэж, юунд сүсэглэж, хэнд сөгдөн мөргөж ирсэн болж таарч байна вэ?…
    Ордосын ноён Хутагтай Цэцэн хунтайж болон түүний авга ах Түмэдийн ноён Алтан нарын идэвх, санаачилгаар Монгол руу гуравдахиа дэлгэрсэн бурхны шашин (шарын шашин) Төвд, Манж, Хятадын хувьд тун ч олон талын ашиг өгч, харин Монголчуудын хувьд олон талын хорлол, хор болжээ. Төвдөөс удаа дараа тодорсон Далай лам, Банчэн эрдэнэ, Жавзандамба хутагт нарт Монголчууд чин сэтгэлээсээ сүсэглэн мөргөсөөр, өргөл барьц өгсөөр, бүхнээ даатган залбирсаар 4 зууныг элээсэн боловч өөрсдөө улам л цөөрч, улам л ядуурч, улам л мунхарч, улам л арчаагүй, номхон, хүлцэнгүй болсоор иржээ. Чингэж доройтож, мөхөж байгаагаа ч үл ойлгож, учир шалтгааныг нь ч үл шинжилж, өөрийнхөө оршин байх төрөлх эрх, инстинкт, дархлаагаа ч хэрэгсэхээ больтлоо дүнхүүрчээ.
    Одоо, XXI зуунд энэ түүх давтагдах, тэгэхдээ Монголчууд бидний үндэсний ашиг, сонирхол, хөрш улсуудтайгаа харилцах байдалд хохирол, садаа болохоор цаг үе, нөхцөл байдалд давтагдаж болзошгүй байна. Энэнийг төр засаг ч анхаарах ёстой, түмэн олон ч ойлгож тооцож байх учиртай. Бүхний, бүгдийн дээгүүр Монголын маань л ашиг, сонирхол тавигдаж байх ёстой.
    Төр засаг болон шашин суртлынхаа жолоо цулбуурыг Монголчууд зөвхөн өөрсдөө л гартаа атгаж байх нь зөв болно. Эсрэг тохиолдлын хор хөнөөл, уршиг, үр дагаврыг бид мөн ч удаан хугацаанд, мөн ч гашуунаар амсаж эдэлсэн дээ!…
    Ахин, дахин эргэцүүлэн, нягтлан бодоцгоо ард минь!

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • ШАШНЫ СЕКУЛЯРИЗАЦИ

    Өөрөөр хэлбэл социологийн шинжлэх ухаан шашныг нийгмийн институт, социал үзэгдэл болох талаас нь судалдаг байна.Шашин үндэстэн угсаатны ухамсар сэтгэхүйд маш гүн гүнзгий удаан хугацаанд шингэж чаддаг, түүхэн олон үйл явдал, түүхт хүмүүсийн үзэл суртал, үйл хөдлөлд “ухамсарлагдаагүй сэтгэхүй”-гээр хүртэл нөлөөлж чаддаг нийгмийн оюунжсан үнэт зүйлсийн систем болж чаддагаараа их онцлогтой. Шашин шүтлэг нь тухайн ард түмний оюун санааны амьдрал, соёл, соёл иргэншлийн онцлогийг нь тодорхойлдог нэг гол элемент юм.
    Шашныг авч үзэх социологийн хандлага нь ихээхэн хэмжээгээр социологийн сонгодог болох К.Маркс, Э.Дюркгейм, М.Веберийн үзэл санааны нөлөөн дор бүрэлджээ. Тэд бүгд л шашин бол өөрийн уг чанараараа хуурмаг үзэгдэл юм хэмээн үзэж байв. Шашны бий болгосон тэрхүү нөгөө ертөнц нь угтаа бол шашны билэгдлүүдийн шүүлтүүрээр дамжин гуйвуулагдсан бидний өөрсдийн ертөнц юм гэж тэд үзэж байжээ. /Э.Гидденс “Социологи” 398 тал/
    Дэлхий нийт ба шашин: Өрнө, Дорнын нийлээд 4000 шахам “шашин” дэлхийд бий бөгөөд шашны урсгал бол дотроо культ, сект, деноминаци гэхчлэн салбарлан хөгжиж байдаг. Хүн төрөлхтөн дундад зууны бурангуй үеэс сугаран гарсан үндсэн нөхцлийн нэг нь төрийг шашнаас, сүм хийдийг сургуулиас тусгаарласан явдал гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг. Энэ үеэс л дэлхий дахины шашны секуляризаци эхэлсэн гэж ойлгож болно. XIX зууны эцсээр Ницше шашны нөлөө бараг л байхгүй шахам болтлоо багассаныг “Эзэн тэнгэр таалал төгссөн” гэсэн үгээр илэрхийлж байжээ.
    Дэлхий нийтийг хамарсан шашин байдаггүй нь эхний том бэрхшээл юм. Технологиос ялгаатай нь шашин, улс төр хоёр тухайн улс орон, бүс нутгийг л ихэвчлэн хамардаг. Баруун Европ зэрэг зарим 6үс нутгуудад шашны нөлөө буурч, харин Орос, Афганистан болон Арабын ертөнцийн орнуудад өссөн дүр зураг ажиглагдаж эхэллээ. Айзаак Азимов, Жин Роденберри нарын шинжлэх ухааны зөгнөгчид шашнаас ангид дэлхий ертөнцийг тун ойрын ирээдуйн дүр төрх гэж бичсэн байдаг. Дэлхий ертөнц улам бур шашны бус замыг сонгож, боловсролтой хумуус нэмэгдсээр байна Бурхад маргааш өдөр нарыг тэнгэрт буцааж гаргах болов уу гэж иргэншсэн нийгмийнхэн санаа зовохоо больсон нь үнэн.
    Насанд хүрсэн 10 хүн тутмын 6 нь дор хаяж сард нэг удаа сүм хийдэд очдог, тэдний бараг 40% нь долоо хоног тутам сүмд мөргөл үйлддэг байсан бол энэ байдал сүүлийн 50 жилийн турш 20% болтлоо өөрчлөгджээ. Ойрхи Дорнодын орнуудад ч эдийн засаг, боловсрол, улс төрийн шинэ өндөрлөгт хүрсэн учраас иргэдийнх нь амьдралд Исламын шашны нөлөө хүчгүй болж эхэллээ. Их Британийг хамарсан шашны уналтын хэлбэрүүд нь Франц, Итали, зэрэг католик орнуудыг оролцуулаад Өрнөд Европын дийлэх улс орнуудад түгээмэл болсон байна.

    Секуляризаци буюу иргэнлэгжихүй: Энгийнээр тодорхойлбол нийгмийн амьдралын янз бүрийн салбарт шашин өөрийн нөлөөллөө алдаж буй үйл явц юм. Харин социологийн утгаараа ер бусын зүйлд бишрэх болон түүнтэй холбогдсон зан үйлд үл итгэх болж шашны байгууллага, шашины итгэл үнэмшил нийгмийн ач холбогдол, нөлөөгөө алдах үзэгдэл. /Н.Смейлзер “Социологи” Орч: Д.Нямдорж/ Секуляризацийг гурван түвшинд авч үзэж болно.
    1. Шашны байгууллагууд дах гишүүнчлэл
    2. Шашны байгууллагууд нөлөөлөл
    3. Иргэдийн итгэл үнэмшил, шүтлэг, эрхэмлэл

    Шашин Монголд: Гурван сая гаруйхан хүн амтай манай улсад бүртгvvлсэн будда, христ, ислам, бахай, бөө мөргөл, мүүн, протестант, католик, лалын шашны урсгал чиглэлийн 350 гаруй сvм, хийд ажиллаж байна. Түүнээс ихэнх нь буюу 130 орчим нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг. Шашны байгууллагын дунд нийслэлийн хэмжээнд зөвшөөрөл аваагvй 50 гаруй байгууллага байгааг холбогдох газраас мэдээлсэн. Сүүлийн жилvvдэд төрийн зохих шатны байгууллагаас зөвшөөрөл авч байгуулагдсан христийн сvм 90 гаруй байхад, буддын шашны дуган, дацан, сvм хийд 60-аар нэмэгджээ. Шашны эдгээр байгууллагын олонхи нь христийнх. Бүр тодруулбал, нийслэлд христийн сүм, цуглаан явуулдаг 67, буддын хийдийн тоо 46-д байдаг байна.
    1. Шашны байгууллагууд дах гишүүнчлэл
    Монголд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог нэгдсэн журам байдаггүй. Аймаг, нийслэл, дүүрэг, сумын ИТХ өөр өөрсдийн гаргасан журамтай л байхаас биш нэгдсэн юм гэж үгүй. Өөрөөр хэлбэл шашны харилцааг зохицуулсан төрийн бодлого алдагджээ. Үйл ажиллагаа явуулахыг нь гадаадын зарим улсад хориглосон, итгэл үнэмшлээсээ болж хоорондоо сөргөлдөж магадгүй ч гэмээр олон шашны урсгал манай улсад газар авсан байна. Шашны байгууллагууд гишүүнчлэл хөөцөлдөх нь Монголын нөхцөлд христийн шашинд илүү. Идэх уух, өмсөх зүүхээр хомс маргинал хэсгийхнийг элсүүлэн тархийг нь угаана, эсвэл дорой, өвчин зовлонтой нэгнийг үнэмштэл нь ярьж гишүүнээр элсүүлнэ. Гэхдээ энэ тоо нэг шашны сектэд 500-1000 байдаг юм байна. НИТХ-ын журмын 2.12-т тухайн дүүрэг, хорооны нутагт үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын байршил, лам, санваартан нарын үнэмлэхүй тоог харгалзан зөвшөөрөл олгоно хэмээсэн нь тун ойлгомжгүй заалт ажээ.
    2. Шашны байгууллагуудын нөлөөлөл:
    Манай шашинд ч бусад аливаа шашны адил социологийн хэллэгээр бол маш олон урсгал, сект, культ, деноминаци байдаг. НИТХ 1994 оноос хойш буддын 64, христийн 90, бөөгийн шашны зургаан байгууллагад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. Түүнээс 28 нь л жил бүр зөвшөөрлөө сунгуулдаг, бусад нь НИТХ-аас гаргасан журмыг зөрчиж иржээ. Ингэхээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой байна. Төрөөс өгсөн зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд төр өөрөө хяналт ч тавьж чаддаггүй. Шашны асуудал эмзэг хэдий ч түүнээс гарах үр дагавар нь маш ноцтой байдаг. Шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хавтгайруулж олгосон, түүний хойноос тавьдаг хяналт алдагдсанаас итгэл үнэмшлээсээ болж хүмүүсийн дунд ямар нэгэн сөргөлдөөн үүсэхийг үгүйсгэхгүй. Түүнчилэн зохих газраас огт зөвшөөрөл аваагүй шашны 40 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас үзэхэд НИТХ-ын дэргэдэх шашин, сүм хийдийн асуудал эрхэлсэн ажлын хэсэг ямархуу ажиллаж байгаа нь илт. Судлаач Д.Ганхуяг “Монголд төр байдаг бол орж ирж байгаа шашны урсгал, чиглэлийг судлаад нийгэм болон хувь хүнд хор хохирол учруулж, ганцаардуулдаг, бас аюултай үйлдэл хийдгийг нь зарлах, хаах, оруулахгүй байх гэх мэтийн олон арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн бичжээ /Д.Ганхуяг МОНГОЛ ШАШИН/.
    3. Иргэдийн итгэл үнэмшил, шүтлэг, эрхэмлэл
    1991 онд хийсэн судалгаагаар хүн амын 80 хувь өөрсдийгөө буддист гэж тооцдог байжээ. Харин 2000 онд хийсэн судалгаагаар өөрсдийгөө буддист гэж үзэгчдийн тоо 50 хувь хүртэл цөөрчээ. 2006 онд америкчуудын хийсэн судалгаагаар буддист шашинтай хүмүүс 15 орчим хувь байлаа. Энэ судалгааны урьдынхаас ялгаатай нь хүн өөрийгөө ямар шашинтай гэж үзэж байгааг биш хөндлөнгөөс нь үнэхээр ямар шашин шүтдэгийг нь тодорхойлсон юм.
    Христосийн шашинтай 5 хувь, лалын шашинтай 3 хувь, бөө мөргөл шүтдэг 5 орчим хувь гарч ирж байна. 20 гаруй хувь нь ямар ч шашинд хамрагддагүй аж. Үүний дотор атейст ч байна, ортодокс марксист ч байна, гэхдээ олонхи нь агностик үзэлтэж аж. Цаана нь үлдсэн 50 орчим хувийг анимизмтай холбон тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл мухар сүсэгтэн. /Баабар Шашны өмөөрөхүй-3/
    Секуляризаци 1: Шинжлэх ухааны хөгжил
    “Шашин, шинжлэх ухаан хоёр тулгарах бүрийд жам юм шиг хэдэн үр дагавар гарна. Эхлээд тэд бие биенээ хүчтэй эсэргүүцдэг. Шинжлэх ухаан болохоор шашны “бурангуй мухар сүсгийг” өөрчлөх тухай ярина, шашин болохоор шинжлэх ухааны “бурхнаа гээсэн хүнлэг үзлийг буруушаана”. Энэ хоёр бие биенээ дайсагнан уулзах ба энэ сөргөлдөөн нэлээд удаан үргэлжилнэ. Яваандаа тэд хүлээцтэй болж, бие биенээ хулээн зөвшөөрч, харилцан тус дэм болж эхэлнэ. Дээрх маргаанд шинжлэх ухаан шашныг дийлэх нь цаг хугацааны асуудал мөн бөгөөд тэр цаг хугацаа нэгэнт болжээ.
    Социологийн шинжлэх ухаан шашныг зарим тохиолдолд эерэг нөлөөтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Канадад хийсэн нэг судалгаагаар сүмд явдаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол цаг зав, хөрөнгө мөнгөө нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах нь их байдаг ажээ. Мэрилэндийн Эруул Мэндийн Судалгааны Үндэсний Хүрээлэнгийн хийсэн судалгаагаар хоригдож байх үедээ Библийн сургалтад хамрагдаж байсан хоригдлууд дахин гэмт хэрэг уйлдэх нь эрс бага байдгийг тогтоожээ. Колумбийн их сургуулийн судлаачид эцэг эхээрээ шашны зан уйл, өв уламжлалыг заалгасан хүүхдүүд бусад хүүхдийг бодвол сэтгэл зүйн дарамтад орох эрсдэл багатай байдгииг олж мэдсэн байна. Шинжлэх ухаан иймэрхүү хэлбэрээр шашны ач холбогдлыг таниуж байгаа боловч өнөөдөр шашны секуляризацийн эхний шалтгаан яахын аргагүй шинжлэх ухааны хөгжил дэвшил болж байна.
    Секуляризаци 2: Итгэл үнэмшлийн бууралт
    Олон улсын улс төрийн харилцаанд соёлын асуудал нөлөөтэй хэвээр байгаа. Исламын ертөнцийн улс төрийн шийдлүүд шашны итгэл үнэмшил дээр суурилдаг боловч террорист ажиллагаанууд 2000 оны үеийнхээс даруй багассан байдалтай байна. Хинду шашны кастын систем Энэтхэгт мэдэгдэхүйц нөлөөтэй хэвээр байгаа ч сүсэлэгчдийн тоо үнэмлэхүй буурсан мэдээ “Communications Point” сонинд нийтлэгджээ. Ливан, Ирланд, Индонези, Босни, Судан, Израйльд болж буй мөргөлдөөнүүд шашны гэхээсээ угсаатны болон улс төрийн нөлөөний үзэл санааны сөргөлдөөнөөс эх авч байна.
    Секуляризаци 3: Төрийн оролцоо
    Ойрын хорь гучаад жилд төр засгийн газрууд шашны асуудалтай холбогдогдох нь багассан гэж үзэх үндэстэй. “Гадны” шашны бүлгүүдэд шашны эрх чөлөөг хэр их олгох талаар шийдэхийг чармайж буй орнуудын тоонд Орос, Израйль, мөн манай улс орно. АНУ-д л гэхэд шоронд шашны эрх чөлөөг хязгаарлах хуулийг хэлэлцсэн байна. Хятад, Саудын арабын засгийн газрууд шашныг бүрэн хянахыг оролдож байна. Хувь хүний шашны эрх чөлөөг хязгаарлаж хэзээ ч болохгүйг дэлхийн тэрүүд ойлгож шашны асуудалтай зууралдахаасаа аль болох зайлсхийж эхэллээ.
    Секуляризаци 4: Холимог сүсэг бишрэл
    Хүмүүс, сүсэг бишрэлүүд дэлхий даяар зэрэгцэн оршиж, харилцаа холбооны систем газар зүйн хил хязгаарыг гэтлэх боломжтой болохоос гадна шашинд гарч буй нэг чухал хандлага бол шашны синкретизм юм. Энэ нь өөрийн шашинд бусад шашнаас янз бүрийн хэсгүүдийг авч холихыг хэлдэг. Хэн нэгэн хүнд хамаг амьтны тусын тулд залбирдаг буддагийн номлол, сахиусан тэнгэрүүдийн тухай католик итгэл үнэмшил, гэр бүлийн ач холбогдлыг онцолж үздэг мормоны үзэл санаа, лютериан сүмийн ёслол уламжлалууд ямар нэгэн байдлаар хоорондоо авцалдах, холилдох болсоныг олон нийтийг төөрөгдүүлж шашны итгэл үнэмшлээ алдахад хүргэж байгаа юм.
    Секуляризаци 5: Индивидуализм ба түүний үр нөлөө
    Өндөр хөгжсөн орны нийгэм ихээхэн тархай бутархай, индивидуал, нийгмийн уламжлалт хэлбэрүүдээс холдсон хэлбэртэй болж байна. Урьд нь хүмүүс нэг сүмдээ олон жилийн турш явж, ажлын том талбар дээр албан тушаал ахиж, баяр тэмдэглэх хөршүүдийн хаалттай ёслолд оролцож иржээ. Харин одоо бид гэр орноо байнга л нүүлгэж, компьютер, видео тоглоомоор найз нөхдөө орлуулж, гэртээ ажиллаж, дуртай цагтаа ажлаа хийж, компаниа ойр ойрхон сольдог болов. Ийм өөрчлөлтийн дунд нийгэм, хамтлагийг хадгалж байх хэцүү болсон учир өндөр хөгжсөн орны иргэд зөвхөн өөрийгөө л анхаардаг болжээ. Энэ нь сүмийн олон гишүүд, гандангийн олон сүсэгтэнүүдээс иргэд дайжих эх сурвалж болж байна. Индивидуализм шашныг өөрчлөлт, иргэнлэгжихүйнд гол хүч болж эхэллээ.
    Секуляризаци 6: Шашны хэлбэр хөөцөлдөх, шашны луйвар
    Гэр бүлийн хэлхээ холбоо, сайн сайхан ирээдүйг амласан шашны өнгөц хэлбэрүүдэд хүмүүс их татагдаж байна. Шашин ашиглаж мөнгө олох, бохир бизнес эрхлэх явдал жил бүр өсч байна. Монголд л гэхэд бөөгийн, бурхны шашнаар бизнес хийж мөнгө олдог нь болсон хэн бүхэнд ил болж. Энэ нь шашны нэр хүндийг унагаж байгаа нэг хэлбэр юм.
    Шашин цаашид дээрхи 6 гол секуляризацийн хүчин зүйлээр нийгэмд нөлөөлөх ба өнөөгийн монголчууд бидэнд ч мөн адил нөлөөлөх болно.
    Ирээдүйн шашингүй, иргэнлэгжсэн нийгмийн төлөө хүн төрөлхтөн бид зорьж тэмүүлсээр…

    Социологич: Н.Батзориг

  • Хээнцэр мөнгөн мануухай

    Бодит амьдрал дээр бол бүр нарийн тогтоцтой байх шиг байгаа юм. Тухайлбал, хүн хэмээх бодьгал энэ хорвоод төрөх эс төрөх нь тохиолдол мөн биз. Төрж болно, төрөхгүй байж болно. Харин нэгэнт төрсөн л бол үхнэ, хэзээ ч магадгүй. Хүссэн ч үхнэ, эс хүссэн ч үхнэ. Үхэл, үхэл, бас дахиад л үхэл. Үхэл ингэж хүмүүн биднийг амсхийх завгүй ангуучлан гөрөөлнө. Хүн үхэх үйлтэй төрсөн ч үхэхгүй гэж түүнээс чадан ядан зугтаана. Хоол хувцас орон байр, нийгэм соёлын хангамж, үйлдвэр худалдаа, үйлчилгээ тэргүүтнээр хэрэм цайз босгон нуугдаж, илүү урт наслан амьдарна. Тэр талаас нь харваас үхэл нь хүн төрөлхтнийг хөгжил дэвшлийн замаар шавхчин туудаг улс нийгмийн хөгжил дэвшлийн хөтөч мөн байж харагдана. Харин Монгол хүний хувьд бусад үндэстэн ялангуяа Европынхон шиг үхлээс ухаан алдтал айгаад байдаггүй, дэндүү хэнэггүй. Тиймээс монголчууд үхлээс эмээхгүй байдгаараа архидна. Тамхи татна. Залхуурна. Бас хөөрхөн арга зальтай. Тэгээд л үхэл тэднийг авах гэсэн цагтаа төвөггүйхэн л аваад явчихна. Амьдралын үнэн ийм гэхийн ялдамд хүн нэгэнт төрсөн л бол бас татвар заавал төлдөг учиртай гэж байгаа. Үхлээс бага боловч холдож нуугдах гэж тэр шүү дээ.
    Дуугаа хадаан хорвоод мэндэлж уураг сүүгээ амлаж, өлгий даавуугаа сольж эхэлсэн тэр л цаг мөчөөсөө эхпээд зуун насыг зооглож, зургаадай таяг тулсан ч эцсийн амьсгал хураах мөчдөө хүртэл насан турш татвар төлнө. Хүссэн ч төлнө, хүсээгүй ч төлнө. Аяга цайгаа ууж, зүсэм талхаа зооглохдоо, гоё сайхан гутал хувцас авч өмсөхдөө, тэр байтугай боловсон жорлонд бие засаж ус татахдаа ч түүний үнэ хөлсөнд шингэсэн татварыг дургүй байвч яалт ч үгүй төлж л суудаг. Хүмүүн бидний ахуй амьдралыг ёс суртахуунлаг талаас нь харвал хайр дээр тогтдог нь үнэн.

    Харин бодьтой орших материаллаг талаас нь харвал татвар дээр тэнцвэржин тогтдог нь бас яалт ч үгүй үнэн. Монгол түмнийг бултаар нь алган дээрээ бөмбөрүүлж явдаг татвар төлөгчид гэж тусгай эрхмүүд байдаггүй нь энэхүү алаг хорвоогийн бас нэг чин шударга ёс мөн аж. Сайхаан сайхан, бүр сайхан. Татварын өмнө цөм адил тэгш захирагдана.

    Татвараараа үхлээс хамгаалах том гэгчийн цайз хэрэм байгуулна. Тэр цайзыг төр засаг гэж нэрлэдэг аж. Монголын гурван сая илүү тооны хэрэглэгчид цөмөөрөө адилхан татвар төлөгчид. Хэчнээн хүнд бэрх амьдралтай эсхүл улсын их хаан, сайд дарга арга зальтай нэгэн байлаа ч гэсэн ганц ширхэг талх авахдаа татварыг нь төлөхгүй үлдээгээд зөвхөн талхыг нь дангаар нь авъя гэж болохгүй юм чинь яалтай билээ. 1000 төгрөгний үнэтэй ганц талх авснаараа тэр хүн эрүүлийг хамгаалах, шинжлэх ухаан боловсрол, соёл, ахуйн үйлчилгээний байгууллагын төсөвт зардал түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн аль нэг түшээ, сайдыг эсхүл хаана нэг газрын багш эмч, шоронгийн хуяг тахрын цалинд нэг төгрөгний тэг бүхэл тэрбумны нэгийн дайтай ч юм уу түүнээс их буюу бага л хэмжээний татварын мөнгө нэмэрлэж байдаг агаад харин түүнийг нэг бүрчлэн бүртгэж мэдэх боломжгүй. Гэвч төрийн албаны хүмүүсийн цалин болон албан томилолт, утас, машины зардал зэргийг хамжин төлж байгаа нь л мадаггүй үнэн юм. Тэгэхгүй гэвэл талх идэхгүй, гутал хувцас ч өмсөхгүй, машин тэрэг ч унахгүй, тэр байтугай эзгүй хээрийн эзэнгүй хадны агуй бараадахгүй бол орон байр ч олдохгүйд хүрч осгож нүд аньж таарна. Улс гүрний тухайд хэрэвхүйеэ татваргүй бол наад зах нь төр засаггүй, цэрэг цагдаагүй болно. Татвар гэдэг чинь иймэрхүү л урт жацтай ихээхэн хүчирхэг бяр тэнхээтэй дарангуйлан захирагч юм байна. Үнэхээр ийм ач тустай учраас татвар ба үхэл, хүн гурав хүмүүн төрөлхтөн хэмээх нэгэн ээжээс ихэрлэж төрдөг учиртай, адил тэгш гурван гишүүнт бат цул нэгдмэл ертөнц мөн гэдгийг нийт нийгмээрээ ухамсартай хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэхгүйгээр Монгол улс өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг санхүү эдийн засгийн эх үүсвэр болсон татварын хүч бололцоог олигтой ашиглаж чадахгүй юм шиг харагдаад байна. Хамгийн харамсалтай гэмээр нь хэрэглэгч ард түмний татвараар дамжин эргэдэг санхүү эдийн засаг, нийгмийн зүрх судасны эргэлтийг ойлгож мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй сайд дарга нар байж харагддаг явдал юм.

    Монголын бүх ард түмэн өөрийнхөө төр засгийг өөрсдөө бий болгож өөрсдийгөө эмчлэх эмнэлэг, сургах сургуулийг өөрсдөө л байгуулж, цэрэг цагдаа шүүхийг басхүү өөрсдийн төлдөг татварын хөрөнгөөр ажиллуулж байдаг нь нууц биш. Ерөнхийдөө зайлшгүй зардал, зайлшгүй хуримтлал, зайлшгүй татвар гурвыг л улс гүрний оршин тогтнох тулгын гурван чулуу гэхнээ ч болно.

    Төр засаг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхпээд цэрэг цагдаа, шүүх, прокурор, шорон, эмнэлэг сургууль, соёл урлаг спортын байгууллага тэндхийн ажилтнууд хийгээд тэтгэврийн ахмад настан, оюутан залуус гээд бүхэлдээ татвараар тэжээгдэж, төсвөөс санхүүждэг нь ойлгомжтой. Цалин ба орлого нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өөрийн өртөгт шингэдэггүй бүх хүмүүс ингэж амьдардаг. Тэтгэврийн тухайд бол суурь тэтгэврийг зөвхөн улсын төсвөөс л санхүүжүүлдэг байвал шудрага ёс зүйд нийцэх учиртай. Тэгтэл сүүлийн үед одоогоос хэдхэн жилийн дараа тухайлбал 2030 он гэхэд тэтгэвэр тавих мөнгөгүй болох мэтээр ярьж байна. Тэтгэврийг зөвхөн нийгмийн даатгалаар төлөх юм шиг ярих болсон байна. Нийгмийн даатгал гэдэг бол тэтгэврийн зардлыг бус нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэмжийг санхүүжүүлдэг сан хөмрөг байсан, цаашдаа ч тийм л байх учиртай биз. Ахмадууд бол хэрэглэгчид. Тиймээс тэд татвар төлөгчид. Төлсөн татвараараа тэжээгдэх эрхтэй. Түүнээс гадна тэтгэвэрт гараагүй байхдаа нийгмийн зайлшгүй хуримтлалд нийлүүлсэн бөгөөтлөө хөлсийг нь аваагүй үлдээсэн өнгөрсөн буюу биежсэн хөдөлмөрийн үлдэгдэл хэмээх нэгэн төрлийн хадгаламжтай болсон байдаг учир тэтгэвэр олгохдоо өмнө нь авч байсан хөлс цалингий хэмжээгээр барьцаалан тооцож их бага янз бүрийн хэмжээний тэтгэвэр олгодог. Өндөр цалинтай байсан бол их хэмжээний баялаг бүтээж үлдээсэн, бага бол багыг үлдээсэн хэмээн тооцдог аргачлал хэрэглэж байсан, эдүүгээ ч тийм л байгаа байх. Ерөөсөө хүн алж хүрээ талсан ялтан хоригдлуудыг төсвөөр тэжээдэг байтлаа өнөөдрийн бүх баялгийг бүтээж авчирч өгсөн учраас нийгмээр тэжээлгэх хууль ёсны эрхтэй буурал ахмадын тэтгэврийг өөрсдөөр нь даалгах тухай ярих нь наанаа эдийн засгийн, цаад утгаараа бол хүнийг насаар нь хэмжиж, ялгаварлан гадуурхаж байгаа улс төрийн гадуурхал гэж үзмээр байна. Гэхдээ өнөөгийн хэдэн тожгор буурал өвөө эмээ нараа төвөгшөөдөг болсон нь тэдний буруу биш. Хэрэглэгч үйлдвэрлэн бүтээгчдийн хамтын хүчин чармайлтаар бүтээгдэж төр улсын бүх хэргийг санхүүжүүлж байдаг төрийн татвар нь зөвхөн татвар төлөгчдийн мөнгө мэтээр хувирч харагддаг төрийн татварын хээнцэр мөнгөн мануухайн ил харагдах дүр төрхөөс шалтгаалдаг гэж болно. Чулуун мануухай хүн биш чулуу боловч чонын нүдэнд чулуу биш хүн болж харагддагтай адил юм.

    Ажилдаа тэнцдэггүй сайд дарга нар жинхэнэ сайд дарга биш харин тэднийг орлогч хүн-мануухай мөн боловч гэнэн сонгогчдод төр засгийн жинхэнэ сайд дарга мөн юм шиг харагддаж буруу чулуу хөөлгөдөгтэй адил хэмээн улс төржүүлж бас болно. Энэ ташрамд дээр нэгэнт цухас дурдсан настан буурлуудынхаа тухай жаахан дэлгэрүүлж тодосгоё. Би Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын хоёрдугаар багийн дарга Баатарын гадна ирээд эзнийг нь гарч ирж нохойгоо хорихоос өмнө далдын далд хийсэн аппаратаа гаргаж ирээд намайг боорлон бүхий нохойны зургийг дарж орхив. Зайлуул даа, насны эрхээр ганцхан муу хэлтгий соёотой үлджээ энэ амьтан. Тэр нь элэгдээд бараг бөөрөнхий болсон харагдана. Цагтаа ах дүү нараа соёотой байсан байж таарна. Шүд нь дууссан боловч тэжээсэн эзнээ гэсэн “чин сэтгэл” нь дүүрнээрээ, халуунаараа, бүр цэл залуугаараа байгааг харлаа. Хөдөөх айлын хоточ нохой “Сайхан сэтгэл”-тэй амьтад байдгийг сайн мэднэ. Бие нь хөгширч харанхуй амтай болсон ч дөрвөн хөл нь цагаан тавагтай эл банхрын төрхөнд би өөрийнхөө болон өөрийн үе тэнгийнхний дотоод дүрийг олж харснаас тийн яарч зургийг нь дарсан юм. Үл таних холын гийчин намайг эзнийхээ гэрт дур мэдэн оруулж болохгүй гэсэндээ л хазах шүдгүй ч сэтгэлийнхээ чадлаар боргоогоод байгаа нь энэ. Хэрэв эзнээр нь хориулахгүй машинаас буувал аманд үлдсэн эцсийн ганц муу хэлтгий соёогоо миний хонгонд зоож орхино.
    Харин тэглээ гээд эзнээсээ шан харамж биш зодуур хүртэх юмсан уу, хэн мэдлээ. Буурай чадалтай болсон ч эх орныхоо төлөө, сум орон нутгийнхаа төлөө нэргүй зүтгээд эцэст нь “Хоцрогдсон амьтад минь хэрээ мэдээрэй, та нарын үе хэдүйнэ өнгөрсөн” гэсэн үгээр зодуулдаг миний үе тэнгийнхэнтэй яасан ч адилхан хувь тавилан түүнийг холгож зовоосныг хэлж барах билээ. Тэр мэдээжээр ганц шөнө бүтэн нойртой хоноогүй эзнийхээ хот хороог манасан байж таарна. Таних танихгүй хэчнээн олон айлчин гийчнийг энэ айлд бууж мордсон гэх билээ, тэр тоолонд шалган боргоож эзнийхээ өмнөөс хяналт тавиад л.

    Энэ цагийн өнгөн дээрээ өвөөгөө наслуулдаггүй “мөнхийн залуу Монгол Улс” гэж нэг шижигнэсэн гоолиг залуухан улс гүрэн байх болжээ. Өндөр хөгжилтэй, асрамж үйлчилгээ нь сайн хөгжсөн Япон Герман, Америк зэрэг орны 10 хүн тутмын 3-4 нь настайчууд байдаг гэж байна. Харин манайд энэ тоо нэг хувь хүрдэггүй юм гэнэ. Арван хүний ес нь залуус хүүхдүүд. Өвөө эмээ нараа амар тайван байлгаж уртхан шиг наслуулахыг бодохын оронд тэднийг социализмын үлдэгдэл, хоцрогдсон төгцгүүд, үеэ өнгөрөөсөн амьтад хэмээн элдвээр ад шоо үзэж, сэтгэл санаагаар унаган цаг бусаар нүд аниулаад байсны ул мөр ингэж ил гарч ирлээ. Монгол оронд ид цэцэглэн хөгжиж бүхий зэрлэг капитализмын балчиг намагт хамгийн түрүүнд настайчууд л сөхөрч байна. Үнэн байдал нь тийм л байгаа болохоор сайхан үгээр булзааруулах аргагүй. Хүсээгүй байхад хүрээд л ирж байгаа энэ хөөрхийлөлтэй хөгшин насыг яаж шүү туулдаг юм билээ гэж гаднаа ил хэлэхгүй ч дотроо боддог нь цөөнгүй бий. Сүүлийн үед айхтар хүчтэй газар авч байгаа эдийн засгийн аллагын (тероризмын) хүнд буулга юуны түрүүнд долоон буудпын Должин эмээ, баруун нарангийн Базар өвөө гэдэг шиг тийм л ядарсан ядуу зүдүү настайчуудын хүзүүн дээр бууж байна. Одоогийн “COVID-19” хэмээх цар тахлын хүнд буулгыг харахгүй юу. Ардчилсан төрийн алтан дүрэм нь хүн нэг бүрийн төлөө хариуцлага хүлээх явдал мөн болохыг манай зарим улстөрчид ялангуяа хэт барууны үзэлтнүүд мартаж байна. Ардчиллын эцэг Авраам Линкольн хэрвээ нэг хүн зовж байгаа бол нийгэм нь өөрөө зовж байдаг гэж хэлсэн гэлцдэг. Монголын төр засаг одоо энэ л цонхоор өөрийгөө сонжиж, бодлого зорилгоо хүн нэг бүрийн төлөө зориулах байх гэж найдаж байна.
    Чингис хаан бээр: “Би өвгөдийн хойноос очихгүй юм шиг” эндүүрч байна хэмээн ихэд харамсаад “Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин ахын ураг, Усун өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож явтугай” хэмээн зарлиг буулгасныг МНТ-ны 216 дуугаар зүйлд тэмдэглэж үлдээсэн байдгийг сануулъя. Ухаантай шүү дээ манай одоогийн төр засгийн удирдагчид.

    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ

    Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

  • Монголчуудын өөдөөс аугаа амжилт айсуй

    Агуу санамжийг үлдээсэн Их Монгол Улсын түүх юу билээ. Монголчууд дэлхийг захирах болсон тэр үеийг Монголын тулгар төрийн үеэс өргөн цараар нь үзвэл, язгуурын монголчуудын 1400-аад жилийн бутрал, хагаралд цэг тавьж нэгэн дээвэр дор нэгдэн нягтарсан явдал юм. Нүүдэлчин аймгуудын нэгдэх үйл явц эхэлмэгц тэднийг дотор нь хагаралдуулах, өш хонзонгийн гинжин хэлхээг өдөөн дэвэргэх бүхий л оролдлого мухардаж, Их Монгол Улсын захиргаанд орж байсан. Гэхдээ тэр цагийн сүүлийн үеийн нөхцөл байдлыг эргэн харвал, өөр зуураа хагаралдан тэмцэлдсээр, бусдын зууш болсоор бутарч үгүй болсон. Аливаа улс нийгэм алс ирээдүй, нэгдмэл зорилгоо тодорхойлоогүй цагт хэмлэлдсээр дуусах аюултай зам тосдог байх нь. Монголчууд бид 1992 онд ардчиллын замыг сонгосноор ололт амжилт авчирсан зүйл бий боловч хөлөөрөө толгой хийж, хүний хэлснээр бодлогоо тодорхойлж, газар нутгаа ухуулж, гаднынханд найр тавьсаар 30 жил болсон нь үнэн түүх билээ. Тэр бүхний хор уршгаар бид бүтээдэг бус нураадаг, хайрладаг бус хорсдог, уучилдаг биш зуудаг, манлайлдаг биш дагалддаг, үйлдвэрлэдэг биш хэрэглэдэг, бурууг өөрсдөөсөө биш бусдаас хайдаг, нүглээс айдаггүй хэрнээ үнэнээс айдаг ийм л арчаагүй болжээ. Энэ янзаараа цааш явбал юу болох нь бүгдэд тодорхой. Монголчууд та бид бүгдээрээ эргэж нэг хармаар байна, эргэцүүлж бас бодмоор байна.
    Чингис хааны хүч нь энгийн амьдрал, эгэлгүй ухаанаас гадна хааны сэнтий дэх эрх мэдлээ ард түмний сайн сайхны төлөө зориулдагт байсан гэдэг. Гэтэл манай өнөөгийн лидер нэртэнгүүд албан тушаалаа өөрсдөө баяжиж хөлжих, хувийн эрх ашгийн төлөөх хуйвалдаан хийх хэрэгсэл, гэмт хэргийн нуувч болгон ашиглаж байгаа нь нүдний өмнө ил байна. Ингэхлээр улс орон, ард түмэн ийм л байдалд ордог юм байна гэдгийг бүгд л жигшиж бас ойлгож байна. Нөгөө агуу их түүхийн санамжтай ард түмэн, түүний хүсэл тэмүүлэл, түүх давтагддаг гэсэн яасан хэрэг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тийм ээ, бид унтсан нь үнэн, сэрэх нь ч бас гарцаагүй. Түүх ч давтагдана. Гэхдээ үйл явдлыг таамаг, сэтгэлийн хөөрөл, мухар сүсгээр бус харин онолоор, бодитоор авч үзье. Эхлээд бид өөрсдөө хэн бэ, хэн байх боломжтой, ёстой юм бэ гэдгээ дэлхийн хэмжээний судалгаа дүгнэлтүүдээс харж, ухаарцгаая.

    АНУ-ын нэрт улс төр судлаач З.Бжезински: “Их шатрын хөлөг: Америкийн байр суурь ба геостратегийн амин чухал бодлого’’ номдоо Монголын эзэнт гүрнийг дахин өөр нэрээр, цоо шинэ зарчимд тулгуурласан дэлхийн тогтолцоо болгон яаж бүтээх, яагаад бүтээх ёстой тухай бичсэн байх юм. Дэлхийн хүчирхэг эрх мэдлийн (Global power) амин сүнс нь Монголын эзэнт гүрний цар хүрээг хамарсан Евразид байна гэж дүгнэн бичжээ. Энэ тухайгаа тэрээр “Монголчуудын улс төр, дипломат бодлогын уламжлал хийгээд туршлага бишрэм.

    “Монгол Евразийн гол тоглогчдын нэг байх бүрэн боломжтой” гэж Монголд ирээд байхдаа ч хэлж байлаа. Түүнийхээр бол, Монголын эзэнт гүрэн нуран унасан шалтгаан нь, нэгд, хээл хахуульд идэгдсэн, хоёрт, өөр хоорондоо хагаралдсан, гуравт, хойч үеэ бэлдэж чадаагүй, дөрөвт, дэлхийн санхүүгийн тогтолцоог бүрдүүлж чадаагүй хэмээн дүгнэсэн байна.

    Хятадын төр сүүлийн гучин жилийн дотор 600 сая гаруй ядуу, нэн ядуу иргэнээ өлсгөлөнгөөс салгаж, амьдралын урам зориг, баяр бахархлыг нь бий болгож чадсан байхад, дэлхийн тогтолцоог бүтээсэн гайхамшигт түүхтэй манай Монгол Улс гурван сая хүнээ ядуурлаас салгаж чадаагүй төдийгүй бусдаас гуйлга гуйсаар, өөр хоорондоо буруутан хайж, тамга тэмдгийн арчаагүй хэрүүлээр нийгмээ самарч, алдаа бүхэндээ шалтаг тоочсон шал арчигч болсондоо дүгнэлт хийх цаг нь болжээ.
    Төрийн жинхэнэ үүрэг бол өөрөө хүчтэй байж ард түмнээ баян чинээлэг амьдруулах боломжийг бүх талаар хангах ёстой болохоос бус өнөөдрийнх шиг Засгийн газар, ард иргэд нь ч ялгаагүй өрийн сүлжээнд хүлэгдэж, өдөр хоногийг аргацаасан байдлаар улс орныг удирдаж болохгүй. Ганцхан жишээ хэлье, бидний /тэдний/ тавьсан өр ДНБ-ээс хэд дахин давсан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин их. Бидний өнөөдөр тавьсан өр Манжийн дарангуйллын үеийнхтэй ч харьцуулшгүй, дааж давшгүй юм. Манжийн үеийн тавьсан өрийг хэдэн дансны дэвтэр шатаахад л шийдэгдэж байсан бол өнөөдөр бид тавьсан өрөндөө зөвхөн баялгаа төдийгүй эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо тавьж туух хэмжээнд хүрчихээд байна шүү дээ. Ямартай ч энэ байдалд төрөл бүрийн түвшинд дүн шинжилгээ хийцгээж байна.

    Түүний дотор, Монгол Улсыг түвшитгэх эхлэлийг тавьсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь энэ асуудал үндэсний ухамсрын түвшинд суулгасан улс төрийн соёл болж тогтоно гэсэн үг. Юутай сайн. Одоо ард түмний агуу их хүслийн илэрхийлэл, биелэл болох дэлхийн түвшинд гарах стратегитай ажиллах хэрэгтэй. Цаг нь ирсэн тул энэ бүтнэ.

    Бид Их Монгол Улс сэргээсэй, түүх давтагдаасай л гэж хүсэж байгаа. Ерөнхийлөгч хүн үндэсний удирдагчид байх зангаргийг харуулж, өөр хоорондын хагаралдааны гинжин асуудалд орооцолдох бус, тулга тойрсон хэрүүл зодооны дээгүүр харж, дэлхийн дайтай Монгол болох том зорилго дэвшүүлэн ажиллах хэрэгтэй байна. Энэ нь дэлхийг дайлаар мордох аянд гарах тухай асуудал бөгөөд үүнийг орчин үед хөрвүүлвээс, аянд гарна гэдэг нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг, дайны зөв стратеги нь дэлхийд гарах стратегийн бодлого гэсэн үг. Олз омогтой эргэн ирнэ гэдэг нь дэлхийн хөрөнгийн биржүүд, капиталын зах зээлээс мөнгө босгож Монголдоо авчирна гэсэн үг, зах зээлээ тэлэх нь газар нутгаа тэлэхтэй ижил утга, гадаадын компаниудыг худалдан авах нь дайсны талыг олзлохтой дүйцэх бөлгөө.
    Тэртээ XIII зуунд 900.000 гаруйхан хүн амтай монголчууд 250 сая хүн амтай газар нутгийг эзэлсэн байдаг. Ямар ч боломжгүй тэр үед байж боломгүйг бүтээсэн үндэстэн боломжоор дүүрэн энэ цагт хүний хийснийг давтах боломжтой нь дамжиггүй. Товчхондоо, хөгжил, дэвшлийг авчрах санхүүгийн дайнд гарах тухай яригдана гэсэн үг. Өнөөгийн энэ тулааны ялалт, олз омог нь дэлхийн капиталын зах зээлээс хэдий хэмжээгээр хутган авч, ард түмэндээ хэрхэн хүртээх вэ гэдгээр тодорхойлогдоно.
    Тэгвэл, дэлхийн зах зээлд Монголчуудыг оролцох боломжоор хангах, дэлхийн түвшний баялаг бүтээж, түүнийгээ тэгш хуваарилах замаар өрийн сүлжээнээсээ гарч, монголчууд ардчилал, эрх чөлөөгөө эдэлж, цаашлаад хүн төрөлхтний энх тайван ба хөгжилд хувь нэмрээ оруулж, удахгүй монголчууд дэлхийд визгүй зорчих паспорттой хүчирхэг үндэстэн болох боломжтой. Үүнийг хийж бүтээхэд нүүдэлчдийн гурван цагийн хэлхээсийн учрыг ойлгосон, дэлхийн хэмжээний хүсэл төсөөлөлтэй, Монголыг дэлхийд гаргаж, дэлхийг Монголд авчирч чадах мэдлэгтэй хүмүүсийн ухаарал, хүсэл, нэгдэл, хурд, сэтгэхүйн цараа, үйлдэхүйн чадамжаас шалтгаална.

    1948 оноос өмнө еврей үндэстэн 3000 гаруй жил төргүй байсан, зөвхөн жүдийн сүм дээрээ тулгуурлан зохион байгуулалтад орж төрөө байгуулан, боол байсан ард түмэн дэлхийн хамгийн хүчирхэг санхүү, бизнес, мэдлэгийн стратегич үндэстэн болж төлөвшсөн нь 1896 онд Теодер Хезлийн боловсруулсан “Еврей төр” гэдэг 31-хэн хуудастай стратегийн төлөвлөлт болон түүний хэрэгжилтийн үр дүн юм. Гэтэл, хүн төрөлхтний дотор Монголчууд болон еврей үндэстний ялсан түүх, байгуулсан гавьяаг харьцуулах ч боломжгүй агуу түүхийн эзэд билээ, бид. Одоо тэгээд яаж дэлхийг засаглах юм бэ, бид. Хариулт нь товч бөгөөд тодорхой. Хүн төрөлхтний мөнгө болон мэдлэгийг засаглах хэрэгтэй гэдгийг түүх баталж байна. Тэгвэл яаж дэлхийн мөнгө болон мэдлэгийг засаглах юм бэ, бид. Энэ мөн л товч бөгөөд тодорхой. Мөнгийг санхүүгийн зах зээлээс босгоно, мэдлэгийг старт-ап үйлдвэрлэнэ. За одоо бодитойгоор ажилдаа оръё. Дэлхийн хөрөнгийн биржид Монголчууд гарч өөрийн үндэстний компаниудыг дэлхийн түвшний үнэлгээтэй болгосноор Монголын сэргэлтийн шинэ түүх эхэлж, дэлхийн санхүүгийн үндэстэн болж төлөвшинө. Үүнийг цааш задалбал, санхүүгийн мэдлэгээр гинжин холбоо үүсгэж дэлхий даяар ахин дахин хөрөнгө оруулалт хийж, Хөрөнгө оруулалтын сангуудаа аж үйлдвэр, зах зээлийн хөгжлийн чиглэл бүрээр байгуулан ажиллана. Ингэснээр Монголчууд аль ХIII-ХV зуунд гарамгай хийдэг байсан, тив дамнасан санхүүгийн үндэстэн байснаа эргэн сэргээх бүрэн боломжтой.

    Хүн төрөлхтний мэдлэгийг засаглахын тулд мэдлэгийн үйлдвэрлэл болон хэрэглээний экосистемийн тогтолцоог бүрдүүлж хөгжүүлдэг өнөөгийн дэлхийн шилдэг практикийг бид “Монгол” гэсэн тодотголтойгоор гаргаж ирэх хэрэгтэй. Мэдлэгийг хэрэглээнээс салгасан засаглал гажигтай байдаг бол хэрэглээнээс мэдлэгийг салгасан ард түмэн удахгүй хэрэглээндээ залгиулдаг.

    Иймээс, бид мэдлэгийг үйлдвэрлэхээс гадна түүнийг хэрэглээнд нэвтрүүлдэг дэлхийн Старт-Ап улс болсноор Монголчууд дэлхийн мэдлэгийг засаглагч үндэстэн болно. Хөгжлийн тухай бид утга агуулга, бүтэц, цаг хугацааны аль ч талаас нь гажуу, зөрүү ойлгоод байна. Хөгжил гэж ярихдаа бид сайхан хөгжсөн орны жишээг зөв татаад байгаа хэрнээ арга хэмжээ авахдаа хөгжсөн орны жишээг бус харин хөгжихгүй байгаа орнуудын хийдгийг дуурайгаад байна. Бидний хөгжил гэж бодоод, яриад, хамаг мөнгөө хаяад байгаа нефтийн үйлдвэр, автозам, төмөр зам, уул уурхайн олборлолт бол хэрэглээний үйлдвэрлэл, дэд бүтэц төдий юм. Бас эдгээр нь мэдлэгийн үйлдвэрлэл болон хэрэглээний экосистем биш учраас шинэ мэдлэг үйлдвэрлэгдэж хэрэглээнд ороод ирэхээр шинэ шийдлээр орлогдож бүтээл сууриллын онолын эмгэнэлийг бид эдлэх болно. Тухайлбал, нүүрс тээвэрлэх төмөр замын ирээдүйн технологи нь хайпер лууп, нүүрс олборлож эрчим хүч гаргах технологийг дэлхий дахинд ойрын 15-20 жилд бүрэн хэрэглэхээ болихын цагт их хөрөнгө оруулсан хөрөнгө маань үр өгөөжгүй, бидэнд дахин өрийн дарамт болж үлдэх болно. Энэ жишээг энгийнчлэн ойлгомжтой болгохын тулд хувь хүн дээр авч үзье. Хэн нэгэн гар утастай эсвэл машинтай болно гэдэг хэрэглээгээ л хангаж байгаа нь тэр. Түүнээс бус машин унаж, гар утас эзэмшсэн тул тэр хүн хөгжсөн байна, мэдлэгтэй болсон байна гэсэн үг биш. Мөн машин, гар утас нь амьдралд орлого олоход нэмэртэй ч, зөвхөн зарлага нэмэгдүүлэх тал ч бий. Энэ бол дээр дурдсанчлан, нефтийн үйлдвэр, авто болон төмөр зам, уул уурхай бол хөгжил биш, мэдлэг бол бүр ч биш гэдгийг харуулна. Монголчуудын энэ бүх бүтэлгүйтэл, алдаа, хулгай, нүгэл, хилэнц бүгд орчин цагийн хамгийн хүчтэй зэвсэг болох мэдлэг, мөнгө хоёр байхгүйтэй л холбоотой юм. Иймээс, дэлхийн санхүү /мөнгө/ болон мэдлэгийн засаглалаас өөр бидний тэмүүлэх хөгжил байхгүй. Хөгжлийн бүтэц дээр хэдэн үг хэлье.

    Өнөөдөр Монголын эдийн засаг ДНБ гэсэн өрөөсөн багана дээр тогтож байгаа нь бид ерөөс гэрт юу байна, түүнийгээ зарж амьдарч байгаатай агаар нэг. Глобалчлагдсан энэ үед гаднын зах зээлийг ашиглаж, гадаадад байгаа монголчууддаа түшиглэж, дэлхийн хэмжээний бизнесийг орчин үеийн түвшинд эрхэлж, олон улсаас орлого олж болох сувгуудыг нээж ажиллавал манай эдийн засагг үндэсний нийт бүтээгдэхүүн /ҮНБ/ гэсэн давхар тулгуур багана босож ирнэ. Энэ нь ямар ч орны хувьд эдийн засгийн жинхэнэ зөв бүтэц, баттай тулгуур юм. Үүнийг ойлгоход эдийн засагч байх албагүй ч энгийнчлэн хэлье. Батын гэр бүл Монголдоо ажил хийгээд амьдралд нь хүрэхгүй болохоор нэг хүүгээ Солонгос явуулаад гурван сарын дотор өрнөөсөө гарч, жилийн дараа машинтай, гурван жилийн босгон дээр байртай болов. Дан ганц дотоодоос авдаг цалингийн орлого /улсын хувьд ДНБ/ бус гадаадаас давхар орлого /улсын хувьд ҮНБ/ олох нь хавьгүй ашигтай юм гэдгийг Батынхан ч ойлгочихсон л байна шүү дээ, таминь. Иргэд ажил эрхпэхээр гадаад явахад ч, улсынхаа эдийн засгийг хос баганатай болгож ҮНБ-ий орлогыг нэмэгдүүлэхэд ч гэсэн төрийн дэмжлэг, зохицуулалт хэрэгтэй. Энэ дутагдаж байна. Үүн дээр нэмээд цаг хугацааны хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй. Манайхны ярьж, төлөвлөж байгаагаар бол Монгол Улс 20-30 орчим жилийн дараа байдал арай дээрдэж эхлэх бололтой. Ингэж өөрсдийгөө болон өрөөлийг хуураад юу хийхэв дээ. Тэр үед өнөөдөр амлаж суугаа дарга нарын төдийгүй горьдож байгаа ард түмний ч нас хүрэхгүй биз. Хөгжил гэдэг хоромхон зуур ирэх боломжтой зүйл болохоос хэдэн арван жилээр ярьдаг, амладаг зүйл огт биш. Дахин бодит хөгжлийн гурван жишээ татъя.

    ДУБАЙ ХОТ. Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжил дэвшлээрээ гайхуулж байгаа Дубай хотыг 2001-2006 оны хооронд тавхан жилийн дотор барьсан. Энэ үед дэлхийн нийт өндөр краны 25 хувь нь Дубайд төвлөрч 24 цагаар ажиллаж байсан гэдэг.

    СИНГАПУР УЛС. Хөгжих найдвар бага, хамгийн хэцүү гараанаас эхэлж, одоо нэгэнт хэнд ч гүйцэгдэхгүй болсон энэ улс манай шилжиж дуусдаггүй, унаж дуусдаггүй ардчиллын 30 жилээс ч богино хугацаанд дэлхийн эдийн засгийн ёроолоос гарч оройд нь хүрсэн байдаг.

    ХЯТАД УЛС. Энэ улсын үсрэнгүй хөгжил сүүлийн 15 жилтэй л холбоотой. Хятадын Коммунист нам 2005 онд анхны компаниа Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр гаргасан тэр цагаас Хятад дэлхийн улс болж дэлхий тэдний нөлөөнд орж эхэлсэн юм.

    Ингэж л улс орноо богино хугацаанд хүчирхэг, баян чинээлэг болгохыг хөгжил гэнэ. Харин, хэдэн үе мултарсан хойно гарах өөрчлөлт бол ердөө цаг хугацааны эрхээр аяндаа тохиолддог хувьсал юм. Монголчууд энэ сайхан орноо хөгжин мандахыг өнөө маргаашгүй хармаар байна. Хүүхдүүдээ гэнэн цайлган байгаа дээр нь, идэр насныхан ид яваа насанд нь, ахмадуудынхаа хүлээлт, захиасыг биелүүлж улс орноо хөгжүүлмээр байна. Энэ бол бодитойгоор хийгдэх боломжтой зүйл. Тэр бүхнийг Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлснээр биелэгдэх бүрэн боломжтой. Бас өвгөдийн аугаа түүх давтагдах цаг үе ирсэн гэдгийг монголчууддаа төдийгүй дэлхийд харуулах ёстой. Энэ бүхэн бол шинэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх зайлшгүй ажил, хүлээх тулгарсан үүрэг, байгуулах түүхэн гавьяа нь мөн.

    Монголчууд бидний өмнөөс аугаа их цаг үе, аугаа их амжилт айсуй.

    Ц.ШАРАВДОРЖ /Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч/

  • ШИНЖЛЭХ УХААНЫГ ӨМӨӨРӨХҮЙ (IV)

    Хэдхэн жилийн өмнө хоёр швейцарь эрдэмтэн тасалгааны температурт халуун цөмийн урвал явууллаа гэж баахан шуугисан. Хулганы арьс таллаж будчихаад иммунологийн том нээлт хийлээ гэж зарласан австрали эрдэмтний явдал саяхных. Гэвч шинжлэх ухаан нотлогддог, няцаагддаг чанартай учир энэ төрлийн шуугиан урт насгүй. Сайн дурынхан хорвоогоор нэг. Зургаан тэрбум хүн дотор аль янзын юм байхыг тэр гэхэв. Харин тэднийг шинжлэх ухаан тоодоггүй. Шинжлэх ухааны нэр барьсан луйварчид дундад зууных шиг элбэг биш ч ялангуяа сэтгэлгээ дорой, хоцрогдсон нийгмүүдэд амь бөхтэй оршсоор. Хөрс байгаа болохоор л луйварчид гаарч байгаа хэрэг. Сэтгэцийн өвчтөн шинжлэх ухааны нэр барих явдал ховор биш. Харин эрүүл нийгэмд тэд эмнэлэгийн хяналтандаа л байна уу гэхээс зурагтын дэлгэцээс салахаа больчихдог юм гэж хаа байхав! Эрүүл нийгэмд бүгд байх ёстой газраа л байр байрандаа. Хаа ч хэзээ ч байдаг энэ үзэгдэл харин манайд хавтгайрч, улс орны хөгжлийн бараг л албан ёсны баримжаа чиг хандлага болон алдаж, нийгмийн гишүүдийн дийлэнхийг хамарч, мэдээллийн хэрэгслэлээр байнга сурталчлагдаж, олон түмэнд итгэл үнэмшил болж байгаад хамаг аюул байна. Нийгэм ийм зүйлд асар их хөрөнгө мөнгө зарцуулж оюун санааны гүн хямралд орж, байгаа ертөнцөөсөө тасарснаар ямарваа хөгжил дэвшил сайн сайхны тухай ярих нь ч утгагүй хэрэг юм. Татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг Үндэсний телевиз сэтгэцийн өвчтэй хүнээр яриулж Европын уулыг тахихад хандив өргөхгүй бол хараал хийнэ гэж ард түмнийг заналхийлгүүлж байхаар яахав? Танин соён гэгээрүүлж танин мэдүүлэх зорилготой гэх телевиз орой болгон ид шидтэнүүдээр бөөлүүлдэг заншилтай болчихоор яахав?

    Нийгэм маань гүн өвчтэй байна. Иймдээ шинжлэх ухааны нэр барьсан элдэв мистик, ид шид, ердийн солиорол, улайм цайм луйвар манай нийгэмд хүний санаанд оромгүй том орон зай эзэлж бараг л нийгмийн сэтгэлгээг тодорхойлж байна. Үүнийг ядуурлаар тайлбарлаж болно л доо. Арга ядсан, амьдралд сөхөрсөн үй олон хүмүүс мухар сүсэг рүү хуйларч аврал эрж байна гэх мэтээр. Гэтэл үнэндээ Монголын нийгмийн амьдрал статистик утгаар нь бодож үзвэл 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хавьгүй чинээлэг болсон. 1986 онд Хүнсний зорилтот программаар нэг хүнд жилд 88 кг мах идүүлнэ гэж зорилго тавьж байсан. Одоо 120 кг мах ноогдож байна, мөнгөтэй нь тийм их мах иддэггүй учраас ерөнхийдээ хүн амд жигд л хуваагдаж байгаа. Борлогдож буй гурилын 80 хувь нь 2-р гурил байсан бол одоо дөнгөж 5 хувь эзэлж байна. Өдөрт хэрэглэж буй хоол хүнс Монголд 2700 ккалори байгаа нь дэлхийд муугүй үзүүлэлт шүү. Сүүлийн ганцхан жилд цалин тэтгэвэр бараг хоёр дахин нэмэгдлээ. 700 мянга орчим өрхийн 98 хувь нь ямар нэг гэхээр өөрийн орон гэртэй юм байна. Тэдний ердөө 0,2 хувь нь тог цахилгаангүй гэнэ. Хүний дундаж наслалт сүүлийн жилүүдэд ихээр уртсаж өдгөө эмэгтэйчүүд наслалт дундачаар 73 хүрсэн байх юм. Өөр иймэрхүү олон статистик жишээнд татаж болно. Нийтийг хамарсан өлсгөлөн, байгалийн нөмөрсөн гамшиг алга. Харьцуулахын аргагүй ядуу байсан үе саяхных. Бидэнд хэзээ ч тохиолдож байгаагүй ядуурал өлсгөлөн гуйранчлалыг тухайлбал солонгос, япон, орос, европын ард түмэн саяхан л туулаад гарч байсан. Тэдний хаана нь ч мухар сүсэг ингэтлээ нийгмийн баримжаа болон тодорч байгаагүй. Ингэхээр ядуурлаар тайлбарлах нь учир дутагдалтай байхаа.

    Боловсрол. Бүдүүлэг нүүдэлчдийг богино хугацаанд бичиг үсэгтэй төдийгүй нийтээр дунд боловсролтой болгож чадсан нь ХХ зууны Монголын хамгийн том ололт байлаа. Өчигдрийн дундад зууны хоцрогдсон нүүдэлчин ганцхан үе өнгөрөхөд орчин үеийн сэхээтэн, багш, эмч, инжинер, хуульч, эдийн засагч, технологич, профессор, химич, физикч болж чадсан нь юутай бахархал. Ийм аугаа үсрэнгүй амжилтыг энэ богино хугацаанд үзүүлж дөнгөсөн өөр ард түмэн олонгүй л байх. 1950-1990 оны хооронд гадаадад 50 мянган мэргэжилтэн бэлтгэгдсэний 16 мянга нь дээд мэргэжлийн байв. Үүнээс хойшхи 20 жилд дахиад түүнтэй дүйцэхүйц олон боловсон хүчин дэлхийн өнцөг булан бүрд бэлтгэгдэж байна. 1990 онд дотоодод 18 мянган оюутан байсан бол одоо бараг 130 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хүн амын 10 гаруй хувь нь шинжлэх ухаанд суралцаж буй оюутнууд. Бараг л оюутны хот. 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор АНУ-ын өмнө, дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна, манай Монгол! Тоон үзүүлэлтээр ийм өндөр боловсролтой орон мухар сүсэгт бүрэн идэгдэж хүний нийгмийн мянган жилийн өмнөх сэтгэлгээтэй байж болох уу? Болдог юм байна. Судлууштай сонин парадокс!

    Манай боловсролын тогтолцоо хоцрогдсон ард түмнийг гэгээрлийн их замд гаргаж ирсэн бол одоо энэ нь тодорхой үе шатаас эхлээд гэгээрсэн ард түмнийг мухар сүсгийн харанхуй руу түлхэх машин болжээ. Энэ орныг бараг бүрэн эзлээд байгаа энэхүү солиорол, солиорлыг даган хуйлрах үй олон бол манай боловсролын системийн зэрэмдэг бүтээгдэхүүн юм. Хүүхдийг хар нялхаас нь эрдэмтэн болгохоор бэлддэг манай сургалтын тогтолцоо хээрээр гэр, хэцээр дэр хийж явдаг хоцрогдсон ард түмэнд гэрэл гэгээ болон их амьдрал руу дуудддаг байсан байх. Харин техник технологийн тодорхой эрэмбэд хүрсэн, хотожсон, иргэншсэн нийгэмд “эрдэмтэн бэлтгэх” программын эцсийн бүтээгдэхүүн нь мухар сүсэгт баригдсан хоосон толгой.

    Марксист сурган хүмүүжүүлэх ухаан гэгч нь ердийн сурганаас тэс ондоо юм байдаг. Маркс ангигүй тэв тэгш нийгэм хүсч байсан. Энэ төсөөлсөн нийгмийн иргэд нь универсаль өв тэгш, чадахгүй мэдэхгүй юмгүй супер баатрууд байх ёстой аж. Маркс коммунизмын үеийн иргэнийг өглөө загас барьдаг, өдөр нь үйлдвэрт ажилладаг, орой нь суралцдаг, үдэш нь шинжлэх ухаан урлагийн шүүмж бичдэгээр төсөөлж байв. Бүр ингэж бичиж байсан. Зөвлөлтийн сурганы систем яг энэ загвараар хийгдсэн нь манайд шууд хуулагджээ. Өв тэгш хүмүүжил боловсролын тухай МАХН-ын их хурал бүрээр заавар гарч байсныг ахмад үеийнхэн маань мартаагүй байж магадгүй. Гэтэл хүн гээч бодьгал хоорондоо ижилгүй, бараг давтагдашгүй онцлогтой, хүйснээсээ авахуулаад хүсэл сэтгэлгээ чадвар нь шал өмнөө олонлог гэдгийг ердийн эх эцэг мэднэ. Ингээд манай сургалтын программ, бүтэц, арга зүй, үнэлэмж, хандлага нь энэхүү универсаль эрдэмтэн бэлдэх зорилготой учраас эцэст нь ихэнх тохиолдолд зэрэмдэг бүтээгдэхүүнтэй хоцордог. Дунд сургуульдаа нуль онц сурч байсан хүүхэд амьдралд төдий л хөлөө олдоггүй нь манай сургалтын доголдлыг харуулна. Өв тэгш болохоор бэлтгэгдэж буй хүүхэд шинжлэх ухаан бүрээс зуурч нэлээд гүнзгий мэдлэгтэй болох ёстой аж. Программ нь тийм юм. Тэр дундаа яагаад ч юм математикийг ихэд шүтнэ. Тоо л бодоод байвал амьдрал хөнгөрчих юм шиг. Гэтэл ердийн мах цуснаас бүтсэн хүний амьдрал интеграл диференциалиас нэлээд холуур. Товхийсэн мужаан болоод подхийтэл амьдрах гэж байгаа хүүхдэд насан туршид нь огт хэрэг болохгүй.

    Солгой хоолойтой мань мэтийг самбарын өмнө дуулуулж, ямар ч дүйгүй хүүхдээр ундааны шил зуруулж үйл иддэгсэн, дунд сургууль. Өчнөөн жил өгүүлбэр зүй, тусагдахуун, байц ч гэх шиг хачин юм монгол хэлний хичээлээр үзсэн, 30 жил бичлээ – лав л ямар ч байц надад хэрэг болоогүй. Тэр тусагдахуун нь хэлний нарийн судлалд хэрэгтэй л биз, инжинер тэрүүгээр яах юм бэ? Гэтэл эх хэлээрээ зүгээр л аятайхан хүнд ойлгогдчихоор захиа бичиж, өргөдөл гаргаж, шүүхэд нэхэмжлэл биччиж чадах хүн огт бэлддэггүй. Хүүхэд хүссэн хүсээгүй хүний нийгэмд орно. Энд хамгийн чухал юм бол бусдад өөрийгөө ойлгуулах, бусдыг ойлгох чадвар. Өөрийгөө нийгэмд зөв илэрхийлж чадахгүй бол хэний ч амьдрал өөдлөхгүй. Монгол сурагчид өөрийгөө илэрхийлэх аргыг амьдралаас олдог болохоос лав л системтэй сургалтаар биш. Тиймдээ ч юун түрүүн худалч болдог биз. Тодорхой шинжлэх ухаанд сургаж байна гээд ёстой зэрэмдэглэнэ дээ. Хэт хүнд, хэт олон талын, хэт мэргэжлийн хандлагатай сургалт хүнд тогтоогддогүй төдийгүй амьдралд ямар ч хэрэг болдоггүй. Хүнд ойлгомжгүй хэцүү бэрх л бол мундаг гэсэн ойлголтоор шинжлэх ухааны энгийн суурийг аль л хэцүүгээр нь чирнэ. Би л лав Пифагорын теоромыг дээд сургуульд орж байж ойлгосон. Гурвалжингаа дөрвөлжин болгож зураад заагаад өгчихсөн бол хэн ч ойлгочихоор юм байж л дээ.

    Манай нийгмийн мухар сүсгийн уг суурийг чухам дунд сургуульд тавьж байна. Нийгэмд юун түрүүн үнэ цэнэтэй ХҮН хэрэгтэй. Энэ хүнийг гэрбүл, орчин, цэцэрлэг, сургууль бэлдэж өгөх учиртай. Энэ хүн нь нийгэм дэх өөрийн байр суурийг эзэлсэн байх ёстой. Юунд ч авъяас чадваргүй хүн гэж хорвоод үгүй. Аль нэг юм хийхдээ гаргууд л байж таарна. Сургалтын систем тухайн хүүхдийг тэрхүү чадвартай юм руу нь хөтлөн цаашид яаж юугаар амьдрахыг нь чиглүүлнэ. Анхан, дунд шатны боловсролын гол зорилго энэ. Нэгэнт хүүхэд ирээдүйд хүний нийгэмд амьдрах учир эргэн тойрныхоо тухай цэгцтэй анхдагч ойлголттой болох хэрэгтэй. Хүүхэд болгоныг бүх юмыг мэддэг чаддаг болгох гээд ямар ч үр дүнд хүрдэггүйг сүүлийн 60-аад жилийн сургалтын систем маань харууллаа. Тэгээд ч манай нийгэм эрдэмтэн доктороор дүүрлээ. Чулуу аваад дуртай зүг рүүгээ нүдээ аниад шидэхэд л аль нэг докторын толгой хага. Ийм олон оюутан, оюунтан, доктор профессортой болчихоор хэн гарч хог асгах юм бэ! Тэр олон докторыг чинь хэн тэжээх юм бэ!?

    Нийгэм өөрчлөгдөөд хориод жил боллоо. Өрнийн сургалтын системийг шууд хуулж хэрэглээд үр дүнг нь үзвэл үзэх хугацаа өнгөрлөө. Универсаль хүн бэлддэг марксист сургалтын системээс яагаад салж болдоггүй юм бэ? Шинэ нийгэмд энэ тогтолцоо таарахгүй болохыг арьс махан дээрээ бид мэдэрсээр л байна. Энэнээс болоод дээд мэргэжлийн дипломтой бол хоол бэлэн гэсэн ойлголт хүмүүсээс салдаггүй, иймээс хэрээс хэтэрсэн олон оюутан эрдэмтэнтэй болж сандал хадах хүнгүй боллоо. Энэ систем чухамдаа шинжлэх ухаанаар даажигнаж байна. Нийгэм солиорч, мухар сүсэгжиж, псевдо шинжлэх ухаан эрчээ авч буйн бүх биш гэхэд ихээхэн хувь нь боловсролын системд байна. Монгол хэлээр шинжлэх ухаанд хүрэхэд учир дутагдалтай. Хэл нь муудаа биш, цөөн хүн хэрэглэдэг учраас өнөөгийн мэдээлэлд дарагдсан ертөнцөд монгол хэлээр юм шүүх бололцоо хязгаарлагдмал. Норвег, фин, тай, румын хэл ч хязгаарлагдмал бололцоотой. Урьд бид төвд хэлээр дамжуулж байсан. Саяхан болтол орос хэл хорвоотой харилцах гүүр байлаа. Одоо орос мартагдаад англи орж ирж амжилгүй завсрын хэлгүй даадаа болчихоод байгаа нь бас нэг шалтгаан юм. Үнэндээ англи байтугай солонгос, хятад, японоор наймааны хэлтэй болж байгаа ч шинжлэх ухаанд нэвтрэх гүүр болохуйц хэлний боловсрол дэндүү дутаж байна.

    Жич: Дэндүү урт болчихлоо. Гэтэл хэлэх гэсэн санаа минь бүрэн гарч чадсангүй. Манай нийгмийн сэтгэлгээнд гарч байгаа энэхүү гажиг, үүнийг засаж сэлбэх талаар хүн хүнд олон бодол бий байх. Миний л бодоход ийм байна. Гажиг сэтгэлгээтэй нийгэм урагшлах дэвжих талаар ярих нь дэндүү ахадсан зорилт мэт. Төөрөлдөж мунхран мухар сүсэг ид шидэнд итгэсэн зуу зуун мянган ангаахайнууд бэлэн хоол нэхэн, болж бүтэхгүй болгоноо өөрөөсөө бусад бүх юманд тохон ид шидээр бэрхшээлээс гарч амьдралаа дээшлүүлнэ гэж горьдох боллоо. Миний бодоход зовлон бэрхшээлийн цаад шалтгаан нь хүмүүс өөрснөө юм. Түүнээс хохирогч нь биш. Будда сургахдаа зовлонг биш зовлонгийн шалтгааныг арилгах ёстой гэсэн. Шашин ч бидэнд шал өөр өнцгөөс шал өөр учир шалтгаанаар ирж нөхцөж байх шиг. Аймаар том ид шид! “Шашныг өмөөрөхүй” гэж өгүүлэл бичье гэж бодлоо. Шашныг лам хувраг болон элдэв ид шидтэн, бөө удган, зайран, үзмэрч, мэрэг төлөгч нараас өмгөөлж хамгаалах хэрэгтэй юм шиг. Шашныг шашны эдгээр дайснуудаас хамгаалах ёстой байх. Урлагийг ч үзэл суртлаас хамгаалах хэрэгтэй юм шиг. Энэ талаар та бүхэнд санал байвал bbaabar@gmail.
    2008.11.2

  • Ш.СҮХБАТ: МОНГОЛЫН ШИЛДЭГ ХӨВГҮҮД МОНГОЛ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧ ИРЭХ ЦАГ УДАХГҮЙ ЭЭ

    -Тиймээ байгуулагдаад нэг жил болох гэж байна. Удахгүй ойгоо хийнэ. 2-3 удаагийн тахилгыг эс тооцвол одоохондоо дорвитой зүйл хийгээгүй байна. Алсдаа хийхээр төлөвлөсөн зүйлс байгаа.
    -Танаас нийтлэг нэг зүйл асууя л даа. Танаас хүмүүс олон асуудаг байх. Энэ бол сүүлийн жилүүдэд бөө нар олноор төрөх болсон тухай. Эдгээрийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг?
    -Би Азийн бөөгийн “Тив дэлхийн холбоо”, Монгол бөөгийн “Голомт” төвийг удирддаг. Одоо ч удирдсаар явна. Энэ зүйл маань миний гол судалж, ажилладаг зүйл л дээ. Ер нь бол Монголын үндэсний ухамсарын сэргэлт, өнгөрсөн соёлоо эргэн харж байгаа, энэ соёл дахин сэргэн мандах өөрөөр хэлбэл түүх эргэн давтагдахын эхлэл дээр их олон бөө нар төрж гарсан. Бөөг бол дээд тэнгэрийн илч, улаач гэж үздэг. Тэгээд социализмын үед бөө мөргөлийн соёл уламжлал хав дараатай байлаа. Манай соёл бол археологийн үнэт олдвортой адилхан болтлоо газрын хөрсөнд дарагдсан. Энэ соёл маань эргэн мандаж сэргэж байгаатай холбоотой. Бөөгийн тухай элдэв таамаг дэвшүүлдэг ч бөө болох үйл явцын талаар жичид нь судлах асуудлууд бий.
    -Зарим тал дээр эдгээр олноор төрөөд буй бөө нарыг жинхэнэ бөө мөн, биш гэсэн ойлголт бий болсон санагдадаг.
    -Энэ тал дээр би судлаач хүний хувьд жаахан үгүйсгэдэг. “Би бөө болъёо” гээд зүтгээд байгаа хүн бол байхгүй. Лав л манай байгууллагын үүссэнээс хойш надад тэгэж хандаж ирсэн тийм хүн байхгүй. Харин бөө болон босч ирээд бөөгийн ёс заншил, түүний ёс дагаж мөрддөг зүйлсийг мэдэхгүй өөрөөр хэлбэл бөөгийн эрдмээ эзэмшээгүй, мэдэхгүй хүмүүс бол их байгаа. Эрдэм номоо сураагүй байдал нь бусдад хуурамч юм шигээр бусдад харагддаг болов уу.
    -Монголд нээрээ хэд орчим бөө байдаг юм бол? Нарийвчилсан судалгаа бий болов уу?
    -Миний тооцоогоор бол 10 мянга орчим бөө бий. Өнгөрсөн жил Чингисийн төрсөн өдрөөр зуны эхэн сарын улаан өдөр Хар зүрхэний Хөх нууранд томоохон тахилгыг хийсэн. Тэр тахилгад 5 мянга гаруй бөө ирсэн. Тэнд ирээгүй хөдөө орон нутаг алс холд байгаа зөндөө олон бөө нар үлдсэн. Тэдгээрийг нэгтгээд баримжаалан тооцоолбол 10 мянга гаруй бөө байдаг болов уу гэж үздэг. “Мөнх тэнгэрийн түмэн хөх цэрэг заларна” гэсэн Ностардамусын зөгнөл биелэсэн болов уу. 2012 оноос хойш шинэ бөө нар бараг гарахгүй байгаа.
    -Та бөө судалж эхлээд хэд орчим жил болж байна. Судлах болсон шалтгаан?
    -Яг 20 жил болж байна. Бөө мөргөл нь үндэсний өв соёл маань шүү дээ. Нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, гүн ухааны үндэс язгуур хаа байна тэрийг эрж хайх, олж таньж мэдэх зорилгоор Монголын хэсэг эрдэмтэд, судлаачид нийлж “Голомт” төвийг байгуулсан. Тэд бүгд тухайн цаг үеийн Монголын нэр хүндтэй улсууд байсан. Дамдин аварга, Сэвжидийн Сүхбаатар, Бадар-Ууган мэтийн 13 хүн нийлээд “энэ бөөг судлая, соёлынх хувьд харах үзэх юм юу байна” гэж зорьсон.
    Ер нь бөө мөргөл маань 40-100 мянган жилийн өмнө манай тооллын өмнөх үед үүссэн анхны их том шүтлэг ш дээ. Хэдий Хүннүгийн үед дэлгэрсэн энэ тэр гэж ярьцгаадаг ч нотлох баримт байдаггүй. Гэхдээ бөө бол манай үндэсний шүтлэг мөн гэдэг нь тодорхой. Монгол угсаатны шүтлэгийг нийтийн шүтлэг, онгодын шүтлэг, мөнх тэнгэрийн шүтлэг гэж гурав хувааж үздэг. Нэгдүгээрт нийтийн шүтлэгт, малчин ардуудын цай, сүүний дээжээ наранд өргөдөг, мөнх тэнгэртээ өргөдөг, уул ус, байгаль дэлхийгээ хайрладаг шүтлэг, Хоёрдугаарт, онгодын шүтлэг, энэ нь зөвхөн бөө хүнд л заяагдсан онгодоороо тахидаг, тайдаг шүтлэг, Гуравдугаарт, мөнх тэнгэрийн шүтлэг, Мөнх тэнгэрийн шүтлэг бол дээд язгуурын буюу язгууртан дээдсийн шүтлэг юм.
    -Та сүүлийн үед босч байгаа бөө нарын багш, шавийн барилдлагын талаар юу гэж хэлэх вэ? Ер нь бөөгийн ур чадварыг багштай нь холбон тайлбарлаж болно биз?
    Монголд багш, шавь болох уламжлагдаж, тогтсон ёс байдаг хэдий ч одоо бөө гэсэн хүмүүс зүгээр нэг онгод тэнгэр лүү нь залгуулж оруулчихаад явдаг, шавьдаа их хариуцлагагүй бөө нар их бий болжээ. Иймд зан үйл рүүгээ зөв ороосой, зөв яваасай гэж ном, сурах бичгүүдийг би тэдэнд зориулж гаргаж байгаа.Судлаачдын гаргаснаар7000 гаруй зан үйл байдаг. Эдгээр зан үйлээс багш болж буй хүмүүс ядахнаа 2000 3000-г нь сурчихаад шавьдаа зааж өгөх хэрэгтэй. 2-3 зүйл сурчихаад багш шавь гэж ярих нь их учир дутагдалтай зүйл юм л даа.
    Бөө мөргөл маань дэлхий нийтэд хэр судлагдсан зүйл вэ? Судалгаанаас орхигдож гээгдсэн зүйлс хэр байдаг бол?
    Дэлхийн даяар судалсан нь бол асар их. Японы эрдэмтэд, Хятадын эрдэмтэд, Оросын эрдэмтэд мөн Англи, Франц, Германы эрдэмтэд бол их судалсан. Одоо надад байгаа бүртгэлээр бол 78 хүн боть ном өөр өөрсдийн хэл дээр бичиж гаргасан байдаг. Энэ дотроос хамгийн их судалсан нь Б.Ринчин гуай. Тэр хүн бөөг үнэнхүү их сайн судалсан. Б.Ринчин гуайн номнууд бол ихэнх нь гадаадад хэвлэгдсэн. Бид саяхан орчуулаад “Монгол бөөгийн дуудлагууд” гээд гаргасан. Одоо 2 дахь удаагаа хэвлүүлээд байна.
    Шинээр төрсөн өөрт байгаа хүчээ ашиглаж чадахгүй байгаа бөө нарт юу гэж зөвлөх вэ?
    Сурах хэрэгтэй. Дахин дахин сурах хэрэгтэй. Ном унших хэрэгтэй. Онгод сахиус тэнгэртээ үнэнч байх хэрэгтэй. Бүх талаараа ариун явах хэрэгтэй. Тэгээд энэ уул ус, газар дэлхий байгальтай харьцаж сурах хэрэгтэй. Тэрний эргэлтэнд орох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Мөнх тэнгэрийн хүчин доор өөрийн энергиэрээ холбогдож бүрэн орж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хийх гээд байгаа зүйл нь хүчтэй болж чадахгүй.
    Уул уурхайн үйлдвэрлэлээс болж байгаль, цаг уур ихээхэн доройтох болсон. Монголд маань бөө нар зөндөө олноор байх авч уул усны эзэд нь хилэгнэсээр л байгаа бусуу?
    Ер нь байгаль цаг уур гэлтгүй хүн төрлөхтөний өсөлттэй холбоотойгоор гараг өөрөө мөхөл рүү явж байна ш дээ бүхэл дээ. Асар их буруу юм хийж байна. Дэлхий нийтдээ газар шороо руу гаа авах, ухах, үйлдвэрлэх, хэрэглэх мэтээр хандаж байна. Манай орны хувьд олон мянган жил билэгийн соёлыг эрхэмлэж ирсэн учираас 90-ээд оныг хүртэл байгалиа онгон ариунаар хадгалсан шүү дээ. Тэгээд ардчиллын дараа хэрэгжсэн буруу бодлогын улмаас л өнөөгийн байдалд хүрээд байна.Энэ зүйл дээр бөө нарын хувьд тэнгэр дуудаад, уул усны эздээ дуудаад залбираад юм хийж байгаа хүмүүс их бий. Гэхдээ төрийн зөвшөөрөл доор хүчээр хүмүүсийн хийж байгаа ажиллагааг таслан зогсоох боломжгүй байдаг.
    Ямарваа шашны урсгалууд ирээдүйг харсан зөгнөлүүд байдаг. Бөө мөргөлийнхний хувьд улс орныг хэрхэн зөгнөсөн бэ хэдийнээс цэгцрэх бол?
    Асууж байгаа санааг чинь шууд ойлгож байна. Би 2009 онд Дархадын Балжир удганд очоод онгод дуудаад та хэлээд өгөөч “Бидний хувь заяа хаа байна? Бид сэргэлт хэдийд авах вэ, мөд авах нь уу” гэж асуухад тэр удган “2012 оноос Монголын төр цэвэршиж эхэлнэ. Намайг “чи амьд явах хэрэгтэй. Үзэх хэрэгтэй. Биеийнхээ эрүүл мэндийг сайн бодож яваад үүнийг хараарай” гэсэн.Үнэхээр одоо цэвэршиж байна. Цэвэршилт бол өнгөрдөг жилээс эхэлсэн. Хулгайч нар луйварчдыг бол асар их илчилж байна. Дахиад ч олон мянгаараа илчлэгдэнэ. Хэрвээ л Ардчилсан намын Засгийн газар л луйварчдыг дарахгүй бол өдий төдий идээчин уугаачид гарч ирнэ. Бүгд нам байгуулчихсан ард түмнийг хуурч мэхэлж байгаад сонгуульд мөнгөөрөө ороод ялчихсан луйварчид дүүрэн бий. Ядуурал зовлонт энэ амьдралыг тэд л өдөөсөн. Тэднээс хариуг нь авах хэрэгтэй.
    Сүүлийн асуултыг танд үлдээе. Та Монголынхоо ард түмэнд хандаж юу гэж хэлмээр байна.
    Манай үндэсний агуу их соёл маань дэлгэрч байж, энэ улс оршин тогтноно шүү дээ. Энэ эрлийз хурлийзууд төрийн эрхэнд гарчихаад Монгол улсыг баллаж байна ш дээ. “Эрлийзийн элгийг “элгэн” чулуу эмтлэхгүй” гэсэн айхтар үг байдаг юм. Тэдэнд Эх Орон утга учиртай биш үнэтэй ч биш хоёр талын мах цусны гаралтай хүн хэзээ ч эх орон гэж бодоггүй. Бүгд л хувийн амьдралынхаа төлөө баяжихаар зүтгэдэг. Агуу их үндэстэн, агуу их төрийг байгуулсан, агуу их соёлыг бүтээсэн агуу их ард түмний үр сад бид сэрэх хэрэгтэй, сэргэх хэрэгтэй.Бид хэтэрхий их залхуу, хэнэггүй Эх орон гэж аман дээрээ ярих дуртай ч Эх орныхоо төлөө юу ч хийхгүй байна. Үндэсний эрх ашгийнхаа төлөө үндэснийхээ эв нэгдлийн төлөө нэг тугийн доор босох цаг ирсэн. Орой бүр айлын хойморт УИХ-ын танхим доторх хэрүүл гардаг. Хэн нь хэнийхээ төлөө зүтгээд байгаа нь ойлгогдохгүй хэрүүл гарч байгаа нь Монголчуудыг үзэл санааны хувьд, сэтгэл санааны бутралд оруулж байна. Манай үндэсний эв нэгдэлийг тэд л бутаргаж задалж байна. Үүнд автах ёсгүй. Монголын шилдэг хөвгүүд Монгол төрийн толгойд гарч ирэх цаг удахгүй ээ.

  • УЛАМЖЛАЛТ ШАШНЫ ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

    Ний нуугүй хэлэхэд бараг монгол хүн бүр шашнаа “сэм” шүүмжилж буй боловч гагцхүү яаж өөрчлөхөө л мэдэхгүй байгаа гэж баттай хэлж болно. Ингээд би судлаачийн хувьд бугшсан зарим асуудлыг хөндөх гэсэн юм. Хөндөх ч юу байхав, асуудлыг шийдэх нөхцөл байдлыг арай тодорхой, арай хялбар, арай дөхөм болгох сайн санааны үүднээс үүнийг бичиж байна. Түүнээс биш би шашны асуудлыг шийдэх гээгүй. Энэ төр шиг юм нь уул овоо тахихаас өөрийг мэдэхгүй тохиолдолд өөрөөр яах билээ…
    Шашин гэвэл манайхан дур дураараа ойлгодог. Тэгвэл аль ч талд нь орохгүй, бүгдээрээ зөвшөөрөх тийм ойлголт гэж байх уу ? гэсэн асуулт үүснэ. Байна аа. Энэ бол сонгодог социологийн болон системийн анализийн ойлголт юм.
    Шашныг, түүний дотор манай уламжлалт шашныг: нэг, ном эрдэм, сургааль номлол, хоёр, сүм хийд болон зохион байгуулалтын хэлбэр, гурав, лам хувраг буюу боловсон хүчин, дөрөв, нийгэмд үйл ажиллагаа явуулах хэлбэр гэсэн дөрвөн том хэсгээс бүрдэх нийгмийн том систем буюу нийгмийн институт гэж авч үзэж болно.
    Ингээд энэ системийг бүрдэл хэсэг тус бүрээр нь авч үзье. Гэхдээ би энд зөвхөн арга зүйн асуудлыг л авч үзнэ.
    Нэг. Онол ном сургааль
    Манайхан шашин гэнгүүт л зөвхөн энэ асуудал руу ордог ба түүний буруу зөвийн тухай эцэс төгсгөлгүй, үнэн худал нь үл ялгарах маргаан руу ордог. Энэ маргаан хэдэн мянган жил болсон ба цаашид ч дуусахгүй гэдгийг ор тас мартдаг. Гүн ухааны шинжтэй энэ маргаанаас ялагч болон гарсан нь цөөн. Иймээс онол ном, сургаалийн тухай яриа маргааныг энэ сэдвийн хүрээнд цэглэх ёстой. Одоо бол хүн хүн өөр өөрийн итгэл үнэмшлээр явах болсон цаг.
    Гүн ухааны утгаар Буддын сургааль, гүн ухаан маргаангүй үнэн зөв гэдэгт би итгэдэг. Харин энэ бол зөвхөн миний хувийн итгэл үнэмшил юм шүү. Харин тэрхүү сургааль номлолоо манай шашны систем монголын нийгэм, үндэстэндээ хүргэж гэгээрүүлж, ариусгаж чадаж байна уу, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу гэвэл би огт чадахгүй байгаа гэж шууд л хариулна.
    Хоёр. Сүм хийд болон зохион байгуулалтын хэлбэр
    Дэлхийн олон шашин бүгд шахуу сүм хийдтэй. Тун цөөхөн нь сүм хийдгүй. Манай шашны сүм хийд байрлал, тоо хэмжээгээрээ хэтэрхий олон, оршин тогтнох эдийн засгийн арга нь тун өвөрмөц. Тэд угаасаа өргөл барьц авч жас жав хэмээх аж ахуйгаа өөрөө тэлэн хөгжүүлж, улс дотор улс болж өөрийн хүчин чадлаа байнга өсгөж ирсэн хачин сонин уламжлалтай. Энэ нь шарын шашны сүм хийдийн хэт их тэлэлтийн үндэс болж байсан. Шарын шашин түүхэн утгаараа улс орны эдийн засгийн туйлын идэвхигүй байр суурь баримталдаг.
    Бусад улс оронд сүм хийд байдаг боловч “нэг сууринд нэг сүм” гэсэн зарчим голдуу үйлчилдэг. Манайд бол нэг газар төрөлжсөн, хоршсон, мэргэшсэн асар олон сүм хийд байх. Ингээд ахиад нэмж сүм хийд байгуулна. Тэгээд тэлэлт явагдана. 1919 онд 900 шахам болтлоо өссөн шүү дээ. Ингээд сүм хийдийн тоо хэмжээ хэт ихэсдэг. Хуучин ч тийм байсан, одоо ч тийм. Тоо ихэсвэл чанар мууддаг. Энэ бол зүй тогтол. Ингэхээр тоо хэмжээг анхаарах ёстой болж. Тоо хэмжээнээс гадна соёл хийгээд үйлчилгээ гэсэн гол юмаа орвонгоор нь өөрчлөхгүй бол нэг их хол явахгүй дээ.
    Сүм хийдийн эдийн засгийн оршихуйн дүрэм журмыг цэгцлэхгүй бол хамтын болон хувийн өмч илт холилдож үүнээс болоод зөрчилдөөд байна. Ухаандаа Бурханд, сүм хийдэд, ламд өргөж байгаа мөнгө хөрөнгө их ялгаатай л даа. Хэрэв хувийн орлого юм бол улсад татвар төлөх ёстой, нийтийн орлого юм бол нийтийн буюу буяны үйлст зориулагдах ёстой. Энд бүх юм холилдсон хамаг зүйл зохицуулалтгүй байгаа нь хэн ч харахад ойлгомжтой. Үүнийг чинь маш амархан янзалж, зохицуулж болдог юм. Үүнийг лам нар биш, шинжлэх ухаан хийдэг юм.
    Сүм хийд манай нийгэмд гамшиг болсон лалар харанхуй мухар сүсгийн эсрэг дорвитой ажил зохиохгүй бол хамаг лай ланчиг нь уламжлалт шашин дээр бууна шүү. Сүүлийн үед манай мунхаг харанхуй, балар суртал арай дэндэж байна ш дээ. Үүний тулд систем дотроо байгаа мунхаг харанхуйтай эхлээд тэмцэх ёстой гэдэг нь баараггүй үнэн. Ингэлээ гээд Та нарт л сайн нь тусна. Нээрээ шүү…
    Шинээр барих сүм хийдийн гадаад дотоод дизайн, орчноос эхлэн өөрчилж орчин үеийн цэлгэр, тохилог, үзэмжтэй болгох ажлыг зоригтой эхлэх нь шинэчлэлийн нэг гол чиглэл болно.
    Гурав. Лам хувраг буюу боловсон хүчин
    Аль ч газрын боловсон хүчин сайн байж ажил үйлс нь бүтэмжтэй байна. Энэ утгаар манай шашны үйлс сайн байна гэж номонд хазгай. Жишээ татаад яахав, бүгдээрээ л мэдэж байгаа хойно. Энэ нь боловсон хүчнийг хуучин аргаар бэлтгэж байгаа болон мөнгөнд автсантай холбоотой.
    Саяхан би “Баруун дахь Буддизм” ном уншсан юм. Баруунд буддизм их дэлгэрч байна. Энэ ч сургааль номын сайных байх. Түвдээс баруунд дүрвэж очсон лам нар анх их зовсон юм байх. Номоо номлох гэсэн чинь тэднийг америкчууд ёстой тоож харагдана ш дээ. Түвдэд зүгээр сууж байхад нь сүсэгтнүүд ирдэг байсан бол баруунд лам нар нь “шинэ” сүсэгтний араас гүйдэг болж гэнэ. Буддын лам нар арга барилаа өөрчлөн барууны хүмүүсийн сэтгэл зүй, тэдний зовлон бэрхшээлийг судлан тэрийг нь Бурхны номын үүднээс тайлбарлаад өгсөн чинь нөгөөдүүл нь гэгээрээд ирж гэнэ. Ингээд шашнаа дэлгэрүүлж гарчээ. Тэгэхдээ ихээхэн амжилттай.
    Энэ түүх надад их таалагдсан. Заавал үүн шиг байх нь албагүй л дээ. Ямар ч байсан манай лам нар орчин үеийн хүмүүсийн үнэт зүйл, зовлон жаргал, тэдний оюуны эрэлт хэрэгцээг мэдэж байх ёстой. Үүний тулд лам нар орчин үеийн социологи, сэтгэл зүй зэрэг шинжлэх ухааны үндсийг мэдэж байх ёстой гэж санана. Тийм биш гэж үү ?! Хүнийг гэгээрүүлэхийн тулд өөрөө эхлээд гэгээрсэн байх ёстой. Лам нар өөрөө гэгээрэх нэг хэрэг, бусдыг гэгээрүүлэх түүнээс ч том хэрэг. Үгүй ядаж хувийн ариун цэвэр болон харилцааны соёлын стандарт гэж байх ёстой биз. Цаашилбал сахилга бат, үйл ажиллагааны хэм хэмжээ гээд олон юм ярьж болох…
    Сүм хийдэд албан ёсоор данс бүртгэлтэй лам хувраг нараа цагдаа нарт байдаг шиг хувийн дугаар, ялгах тэмдгээр хангасан ч илүүдэх юм алга. Тэгэхгүй бол аль нь лам хувраг, аль нь хулгайч луйварчин гэдгийг ялгахгүй зовж байна ш дээ, энэ хүмүүс чинь…
    Дөрөв. Нийгэмд үйл ажиллагаа явуулах хэлбэр
    Шашинд хүн хэзээ ханддаг вэ ? Нэг, үхэх төрөх үедээ, хоёр, зовлонд учирсан үедээ, гуравт, аз үзэх үедээ, хамгийн сүүлд дөрөв дэхэд нь, аз жаргалтай үедээ. Хамгийн түгээмэл бөгөөд заавал хийх үйл нь үхлийн шалтгаан юм. Үүнийг эдийн засгийн хувьд ч, үйлчилгээний хувьд ч стандартад оруулаад хэл амгүй, хүний сэтгэлд юм хийхгүй аятайхан хийчихэж болноо доо. Стандарт зөрчсөн шуналын туламнуудаа олж шийтгэж болно биз дээ. Хахууль авсан төрийн албан хаагчийг хуулиар шийтгэдэг шиг хийхгүй юу…
    Гадаадын сүм хийдийн олон үйл ажиллагаа гэгээрүүлэх, хүмүүнжүүлэх болон буяны олон үйл ажиллагаа хийдэг. Улаанбаатар хотод найдваргүй болсон өвчтөнд үйлчилдэг Христийн хөнгөвчлөх эмнэлэг ажиллаж болоод байна. Ямар ч мөнгө авахгүй, амьдралын эцсийн хоногоо хүлээсэн хүний сүүлчийн өдрийг сэтгэлийн сайхан үгээр үдэж байна. Тэд баярын нулимстай хорвоог орхиж байна. Яагаад манай шашин ийм буян хийж нэг сайхан эмнэлэг барьж болдоггүй юм гэж би асууж байна. Нас барсан хүн хайж явдаг олон лам нарын ядахдаа хэдхэн нь ийм эмнэлэгт ажиллаж найдваргүй болсон хүмүүст буян болж болдоггүй юм ?!
    Оршуулах газар, зан үйлээ хүртэл солонгосуудад алдсан гэм буруугийн дийлэнхи нь ёстой жинхнээсээ хараал идэж баймаар улс төрч, Улаанбаатар хотын захиргааныханд ногдлоо гэхэд нэлээд хэсэг нь лам хуврагуудад ногдоно гэж би бодож байна.
    Монгол талийгаач Монгол Нутаг дээрээ гадаадынхны оролцоогүй тайван нойрсож болно биз дээ !!! Монгол хүн нас барсан хойноо ч баян ядуугаараа ялгаварлагдаж ад үзэгдэхгүй Эх Нутагтаа үүрд нойрсох эрхтэй юм байгаа биз дээ !!! Монголчуудынхаа сүнсийг шашнаас нь өөр хэн хамгаалах юм ?!
    Энэ мэтээсээ болоод л манай уламжлалт шашны нэр хүнд унаж байгаа ш дээ…
    Цэвэр мал аж ахуйгаас бүрдсэн эдийн засагтай, малчин ард хийгээд феодал хоёроос бүрдсэн уламжлалт нийгэмд байсан шашны системийн хэлбэрийг XXI зууны зах зээлийн эдийн засагтай, нийгмийн олон анги, давхраатай, олон ургальч үзэлтэй өнөөгийн нийгэмд тэр хэвээр нь сэргээн мандуулна гэдэг бол үл гүйцэлдэх ажил мөн.
    Шашны шинэчлэлийн тухайд
    Манайхан сүм хийд (2), лам хувраг (3), шашны нийгмийн үйл үйл ажиллагааны (4) асуудал ярингуут онол номын (1) асуудал руу заавал оруулж балайруулдаг заншилтай. Ийм байдлаар яривал шашны асуудлыг яагаад ч шийдвэрлэж чадахгүй нь лавтай. Системийн 4 бүрдэл хэсгээс гурав нь сүйрлийн байдалд орсон бол үлдсэн нэгдээ буюу онол номдоо муугаар нөлөөлөх нь гарцаагүй юм. Системийн анализ хийхэд иймэрхүү байдлаар харьцангуй “бие даасан” хэсгүүдэд задалж тус тусад нь шинжлээд дараа нь “нийлүүлдэг” юм. Ингэхгүйгээр эхнээс нь “хольчихвол” ямар ч “юм” гардаггүйг ойлгоно гэж найдаж байна. Үүнээс өөрөөр тайлбарлах аргаа би олохгүй байна…
    Ер нь ямар ч шашин нэг талаас нийгэмтэйгээ дасан зохицож, нөгөө талаас нийгмээ манлайлж хөгждөг жамтай. Гэтэл уламжлалт шашин орчин үеийн нийгэмд дасан зохицож ч, манлайлж ч чадахгүй байна. Уламжлалт шашны үйл ажиллагаа дэндүү хуучин хэлбэрт баригдсан байна. Шинэ юм болгоныг уламжлалаа сэргээх гэдэг тэнэг үгээр няцааж байна. Бүх уламжлалаа сэргээнэ гэвэл дундад зууны балар харанхуй руугаа буцаж орно гэсэн үг л дээ. Манай шашныхан Бурхны шашныхаа төв үзлийн сургаалийг огт мэддэггүй улс байна.
    Уламжлалт бус шашныг зоргоороо шүүмжилж болох ч өөрөө түүнээс бүх талаараа илүү, хүчтэй, идэвхитэй, зохион байгуулалттай баймаажин тэднийг ялж даван гарах нь бас л зүй тогтол гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Иймээс манай шашны системд шинэчлэл хийх гарцаагүй шаардлагатай.
    Шашны шинэчлэлийг яръя гэвэл дан ганц шашны мяндагтнуудын хүрээнд биш, харин дээр дурдсан системийн бүрдэл хэсгүүдийн хүрээнд орчин үеийн системийн онол, онолын социологи, удирдахуйн онол зэргийн хүрээнд цогц байдлаар шийдвэрлэх ёстой. Шашны систем нийгэмтэйгээ холбогдох, шүргэлцэх үй олон шижмийг шашин судалдаг биш, онолын социологи гэж шинжлэх ухаан судалдаг юм. Шашны социологи гэсэн салбар ухаан ч байдаг. Үүнийг би олон хүнд олон удаа хэлж үзсэн. Надад бараг л шашны дайсан мэт хандах нь олонтаа.
    Монголын шашны систем монголчуудыг эх оронч, ёс суртахуунтай, хүнлэг, эрч хүчтэй, нийгмийн идэвхитэй, өөртөө итгэлтэй, зоригтой, золбоо хийморьтой болгодог байгаасай гэж би хүсч байна.
    Олонхи монголчууд уламжлалт шашнаа дээдлэн шүтдэг, хүндэтгэдэг, харин шашны нийгэмд явуулж буй үйл ажиллагаа, сүм хийдийн байдал, соёл хийгээд үйлчилгээ, зарим лам хуврагуудын хувийн зан байдал, зарим гаж үйлдэлд сэтгэл алдардаг нь нууц биш билээ. Үүнийг монголчууд шашнаа шүтэхээ больж байна гэж тайлбарладаг хуврагуудыг би нүдээрээ үзэж байсан. Ингэж маанагтаж болохгүй ш дээ. Монголын ард түмэн шашнаасаа шинэчлэлийг хүлээж байна. Би судлаач хүн мэдэлгүй яахав. Энд би зөвхөн асуудал л дэвшүүлж байна. Уг нь ярих ярихгүй, ил ярих, далд ярих олон л юм байхсанж…
    Хэрэв дутагдлыг нь хэллээ гэж намайг шашны дайсан мэт үзэх юм бол би танай дайснуудад саад болох үүрэг хүлээгээгүй…
    Судлаач Х.Д.Ганхуяг

  • ШАР ТОС ОЙ ТОГТООЛТЫГ САЙЖРУУЛЖ, ТАМИР ТЭНХЭЭГ ТЭТГЭДЭГ

    Шар тосыг дотроос ууж хэрэглэхээс гадна хийн өвчин болон нойргүйдэх өвчний үед бүтэн биеийн зөөлөн бариа, дөрвөн толион зөөлөн иллэг хийж өгснөөр хийг дарж нойргүйдэхийг анагаах ач тустай. Өвлийн улиралд өглөө өлөн дээрээ нэг халбага шар тос уух нь үр дүнтэй. Мөн толгойн өвдөлтийн үед шар тосыг түрхэж зөөлөн бариа хийж өгснөөр өвдөлт намдахаас гадна үсийг торгон зөөлөн намирсан болгох чадалтай. Нүүрэнд түрхэж, хамар чихэнд бага зэрэг дусаан хэрэглэснээр чих шуугих, хамар битүүрэх, хуурайших зэрэг өвчнүүдээс ангирч чадна.
    Бяцхан үрсийнхээ дархлааг дэмжихэд шар тос ихээхэн тус болно. Хүүхдээ усанд оруулсны дараа шар тосоор зөөлөн бариа хийж өгвөл дархлаа сайжирч, хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг. Мөн шөнө ханиалгаад унтаж чадахгүй байх үед нуруунд нь шар тосоор иллэг хийж өгвөл ханиалга дарагдах болно. Аливаа зүйл хэдий тустай ч хэмжээнээс нь хэтрүүлбэл хор болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Шар тосыг хэтрүүлэн хэрэглэвэл хоолны дуршилгүй болох, тосоор гүйлгэх эрсдэлтэй.
    Мөн эс шингэх өвчин, хоолны шингэлт муудсан үед, суулгах, хэрэх, тулай дур булгих, бадганы хувь их бөөлжих, ундаасах зэрэг өвчнүүдийн үед ямар ч тослог зүйл идэхийг хориглоно. Дашрамд дурдахад шар тос нь өвөл хэрэглэхэд тохиромжтой бөгөөд насыг уртасгах, хоолны шингээлт, оюун ухааныг сайжруулах ач холбогдолтой бол үрийн тосыг зуны улиралд хий арвидсан өвчний үед хэрэглэдэг. Харин хаврын улиралд чөмөгний тос, өөхөн тосыг ядарч сульдсан, яс үес өвдөх, хэвлий, умайгаар өвдөх, тархи, чих өвдөх үед хэрэглэнэ.
    Оточ Манрамба Их Сургуулийн багш, УАУ-ын их эмч Б. Болорчимэг

  • ХҮННҮГИЙН БУЛШНЫ ДУРСГАЛУУД ОЛОН АЙЛЫН ХАШААНД ОРСОН”

    Жишээ нь, томхон судалгааны малтлага явуулахад 100 сая болно. Цаашлаад өчнөөн сая, тэрбумаар яригдана. Иймд гаднын эрдэмтэдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж, малтлага судалгааг үргэлжлүүлдэг юм. Нөгөөтэйгүүр гаднын улс орнуудын шилдэг эрдэмтдээс бид туршлага солилцож байдаг.
    Археологи хэдийгээр зардал өртөг ихтэй ч эргээд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой салбар. Баригдаж буй шинэ музейг юугаар дүүргэх вэ? гэхээр археологийн олдвор. Үүнийг гаргаж үзмэр болгосон нь археологичид. Археологийн судалгаа нь эдийн засгийн үр өгөөжтэй, аялал жуулчлалын хөгжилд эерэгээр нөлөөлөх боломжтой. Эдийн засагт шууд болон шууд бус утгаараа өгөөжтэй.
    Дээр нь мэдээж өвөг ба эртний түүхийн судалгааны гол сурвалж болно. Тиймээс археологийн салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.  Сүүлийн 1.5 жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр гадаадтай хамтарсан том төслүүд зогссон болохоор нуулгүй хэлэхэд археологийн салбар хүндхэн байлаа. Товчхондоо Монголын археологи хөрсөн дээрээ бууж байна. Гэхдээ бид дотоодын санхүүжилттэй цөөнгүй судалгаа хийсэн. Энэ жилээс гадаадын хөрөнгө оруулалт, хамтран ажиллах төсөл эргэн сэргээсэй гэж хүсч байна.
    -Археологийн салбар өртөг өндөр, бас эдийн засагт үр өгөөжтэй. Энэ салбараас ашиг хонжоо хайж, баяжих эх үүсвэрээ болгосон мэргэжилтэн байхыг ч үгүйсгэхгүй байх?
    -Хувь хүний тухай яриагүй, үндэстнээрээ баяжна. Эдийн засаг гэх ерөнхий утгаар нь үр өгөөжтэй гэж хэлж байгаа юм. Зарим улс орнууд археологийн салбараар хоолоо олж идэж байна. Жишээ нь, Грек, Египет улс археологийн салбараа аялал жуулчлалтай холбож хөгжүүлсэн.
    -Археологийн үнэт олдворыг алт, мөнгөөр хэмждэг үе өнгөрсөн гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Гэвч, энэ үзэл амь бөхтэй байгаа. Түүхийн үнэт олдворууд сүйдэж байна. Археологичид өөрсдөө булш тоногчид болсон тухай  мэдээлэл цацагдсан?
    -Археологичид өөрсдөө булш тоногчид байх боломжгүй. Мэргэжлийн хүнд тонуул хийх ёс зүй байхгүй болов уу. Цагдаагийн байгууллагын 2015 оны судалгаагаар улсын хэмжээнд соёлын өвийн эсрэг 26 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт орон нутгийн иргэд ямар нэгэн байдлаар оролцсон байгаа юм. Зарим нь хотоос ирсэн хүмүүс. Харин мэргэжлийн хүн нэг ч холбогдоогүй. Хүмүүсийн хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ археологич болох замналд түүхийн үнэт олдвороо хайрлах, хүндлэх үзэл суухаас биш, хувийн ашиг сонирхол хайх сэдэл гардаггүй.
    Би энэ салбарт 20 гаруй жил ажиллахдаа түүхийн үнэт олдвороо шинжлэх ухааны ач холбогдол, үнэ цэнийг нь харснаас биш ашиг хонжоо хайсан нэг ч эрдэмтэн, судлаач, ажилтан харж байгаагүй. Тиймээс энэ асуудал зарим хүмүүсийн ойлгодгоос өөр болов уу.
    Энэ талаар баттай нотолгоотой зүйл ярихгүй бол бүтэн салбарыг харлуулж, нийгэмд буруу ойлголт өгөх хор нөлөөтэй. Хүмүүс археологичдыг судалгааны ажлаар биш, хулгайч гэж харж эхэлбэл сөрөг үр дагавар нь их. Ийм асуудал гарсан байлаа гэхэд нийт олныг хамааруулж, харлуулж болохгүй.
    -“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Цөөн хүний шуналаас болж хууль хүчний байгууллагынхан төдийгүй археологичид өөрсдөө ч ил зарладаггүй, нуудаг юм биш үү?
    -Хэрэв археологич булш тоносон асуудал гарлаа гэхэд археологийн салбарт төдийгүй нийгэмд маш хор хөнөөлтэй. Ер нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын асуудал хариуцаж буй хууль сахиулах байгууллагын хүч чадал их сул дорой байна. Үүнийг бүгд мэдэх хэрэгтэй. Улсын хэмжээнд соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцдэг ганц л хүн бий. Энэ бол үнэхээр хангалтгүй. Хариуцсан тасаг нэгж гарвал хүмүүс ажил хийнэ, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд л соёлын өвийн хадгалалт хамгаалалтын түвшинд эрс өөрчлөлт гарна гэж бодож байна. Ер нь хууль эрхзүйн орчны хувьд соёлыг өвийг хамгаалах боломжтой болсон. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар соёлын өвийн эсрэг бүлэг анх удаа тусгасан. Гэтэл бодит байдал дээр хэрэгжилт хангалтгүй байна.
    Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь хүмүүсээ мэргэшүүлж амжихгүй, бололцоо олгохгүй байгаатай холбоотой. Хэрэв хуулийг хэрэгжүүлж чадвал Монголд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг буурах боломжтой.
    -Та булш тонох гэмт хэрэг их гарч байгааг ч онцолж байсан. Хэн дуртай нь булш тонож, түүхийн үнэт олдвороос ашиг харж байна гэсэн үг үү?
    -Хэн дуртай нь л булш тонож байна. Хэн дуртай нь л хулгай хийж байна. Зарим газар бүр гэмт хэрэг гэж боддоггүй бололтой. Хулгай, гэмт хэрэг гэж ойлгодоггүй. Газар шороотой харьцдаг нинжа нарын бүлэг бий болчихлоо. Алт харсан хүмүүст соёлын өвийг хайрлах сэтгэл байхгүй. Металл хайгчаар зэвсэглэсэн, домог цуу ярианы араас хөөсөн хүмүүс маш их байна. Зарим аймаг, суманд бүтэн үлдсэн дурсгал байхгүй болсон. Жишээ нь, Өмнөговь аймгийн Номгон сумыг судлаачид дурддаг. Ерөнхийдөө булшны тонуул маш их болсон. Энэ асуудалд сэтгэл их өвддөг. Байгальтай зүйрлэвэл соёлын цөлжилт гамшгийн хэмжээнд хүрлээ. Ер нь Монгол Улс археологийн дурсгалт газар, түүхийн үнэт олдвороор баялаг. Дурсгалт газаргүй бүс, газар гэж байхгүй.
    -Таны хувьд эл салбарт олон жил ажиллахдаа 50 гаруй малтлага судалгаа явуулж, дэлхийд гайхагдах олдворууд нээж байсан. Хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ хаанаас бүрдүүлж байв?
    -Археологийн малтлага, судалгаа зардал их боловч үр өгөөжтэй. Цар тахлаас өмнө судалгаа шинжилгээний ажлыг гадаадын төслүүдтэй хамтран зохион байгуулдаг байлаа.
    -Таны ерөнхий чиглэл Хүннү судлал болон Монголын хүрэл, төмрийн үеийнх. Одоо ямар судалгаан дээр ажиллаж байна?
    -Хүннүчүүд бол монголчуудтай генетикийн удамшлын шууд холбоотой. 2004 онд Хүннүгийн жирийн иргэдийн булшаар докторын зэрэг хамгаалж байлаа. Үүнээс хойш Хүннү судлалыг орхиогүй. Ерөнхийдөө 2013 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Тамирын Улаан хошуу гэх Хүннүгийн хамгийн том жирийн иргэдийн оршуулгын газарт судалгаа хийж байгаа юм. Энд хийгдсэн цогц судалгаанаас хүннүчүүдийн эртний генетикийн судалгааг онцлон дурдууштай. Өөрөөр хэлбэл, монголчуудын гарал, үүслийг тогтооход нэмэр болохуйц судалгаа хийгдэж байгаа юм. Түүх сөхвөл, Хүннүгийн өмнөх үе буюу скифийн үед европжуу, монголжуу холимог хүн ам Төв, Баруун Монголд оршин байжээ. Үүний дараа мандсан Хүннү бол их гүрэн учраас олон үндэстэн, ястнаас бүрддэг байсан байгаа юм. Өмнөх үеийн хүн ам Хүннүгийн бүрэлдэхүүнд багтан орсон нь тогтоогдож байна.
    Тамирын улаан хошууны судалгаагаар Монголд анх удаа нэг гэр бүлийн таван үеийг илрүүлсэн. Ах дүүс, аав ээж, хүүхэд, эцэг эх зэрэг. Нэг оршуулгын газрын хүрээнд бид бичил он цагийг тогтоож, 100 жилийн түүхийг харж болохоор байгаа юм. Энэ бол археологийн шинжлэх ухааны салбарт том ололт, бас нэг шатаар ахисан алхам боллоо.
    Харамсалтай нь, эдгээр нэг гэр бүлийн таван үеийн булш бүгд тоногдсон байсан ч яс нь хэмхэрч, гэмтээгүй байснаараа судалгааг үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Ерөнхийдөө Хүннүгийн оршуулгын дурсгалт газрууд олдвороор баялаг байдаг. Ялангуяа Тамирын Улаан хошууны булшны дурсгалт газар маш онцгой. Манай судалгааны багийнхан өнөөдрийг хүртэл 50 гаруй булшны малтлага явуулахад 10 цоо шинэ хэлбэрийн шавар сав суулга олдсон. Эдгээр ваар нь дахин давтагдашгүй маш өвөрмөц хэлбэртэй. Тамирын Улаан хошууныхан ваар урлахдаа маш шинэлэг байдлаар ханддаг байсан. Одоогийн хэллэгээр бол инновацлаг хүмүүс байсан юм.

    -Археологийн судалгааны гол зорилго, ач холбогдол юу вэ?
    -Сүүлийн үед бидний судалгааны гол зорилго монголчуудын угсаа гарлыг судлах. Монголчууд гэж хэн юм бэ?, Монгол үндэстэн хэзээ бий болсон юм бэ, гадаадын судлаачдын хэлдэг шиг одоогоос мянган жилийн өмнө Зүүн хойд зүгээс Амар мөрнөөс нүүж ирсэн анчид загасчид юм уу, эртнээс нааш Монголын нутаг дэвсгэрт аж төрж байсан юм уу гэдгийг археологийн талаас шийдэх зорилготой.
    Хөрш орнууд болон холын хөрш улсууд манай улсын түүхийг гуйвуулсан судалгааг гаргах болсон тул Монголын судлаач, түүхч, археологич, антропологичид хүчээ нэгтгэж, монголчуудын угсаа гарлын чиглэлээр гурван жил ажилласан. Энэ ажлын үр дүнд өнгөрсөн онд гарсан “Археологийн судалгаа: Монголчуудын угсаа гарвал” бүтээлд монголчуудын угсаа гарвал наад зах нь 3000 жилийн өмнөөс эхлэлтэй болохыг тодорхойлсон байгаа.
    НТӨ 1000 жилийн үеэс монголчуудын угсаа гарвал нэлээд тодорхой болж эхэлсэн. Тухайн үед монголчуудын өвөг гэж нэрлэж болох үндэстэн манай археологийн нэр томъёогоор дөрвөлжин булшныхан мөн гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тэднээс хүннүчүүд залгамжилсан нь зан үйл, олдворын хувьд нягт холбоотой.
    -Түүхийн дурсгалт эд өлгийн зүйлс нийслэлд ч бас түгээмэл. Гэвч хүн амын хэт нягтралаас үүдэн бас л сүйдэж байна. Энэ асуудалд Археологийн хүрээлэнгийн Авран хамгаалах судалгааны багийнхан хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байна вэ?
    -Археологийн хүрээлэнгийн Авран хамгаалах судалгааны багийнхан зам гүүр, барилга, уул уурхай явуулах газруудад урьдчилан хайгуул хийж, шаардлагатай тохиолдолд авран хамгаалах малтлага судалгаа явуулж чөлөөлдөг. Нийслэлийн хэмжээнд археологийн олдвор баялаг ч хүн амын хэт нягтрал, барилгажилт, газар олголт зэрэг олон шалтгаанаас болж түүхийн үнэт дурсгалууд устаж үгүй болох эрсдэл үүссэн тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг, Зүүн салааны аманд Хүннүгийн булшны дурсгалууд олон айлын хашаанд орсон. Үүнийг ШУТИС-ийн малтлага судалгааны баг 2010 онд судалж тогтоож байв. Мөн Ар гүнтэд Хүннүгийн үеийн болон хүрэл зэвсгийн үеийн дурсгалууд байгаа ч газар олголтод орж, айлууд хашаалсан. Үүнийг чөлөөлөх шаардлага байна. Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булш байдаг ч бас л эрсдэлд орсон. Тус аманд Археологийн хүрээлэнгээс энэ жил судалгааны ажил эхлүүлнэ. Уг дурсгалт газрыг 1960-аад оны үед манай ахмад археологичид нээж илрүүлж байсан. Түүнчлэн Их тэнгэрийн аманд маш алдартай хадны зосон зураг байдаг ч устах аюул нүүрлээд байна. Хүрлийн үеэс Их Монгол Улсын үеийн хоёр үед хамаарах зосон ба бэхэн зурагт богтаг малгайтай монгол эхнэр хүн ба согооны дүрслэл байдгийг Алун гуа эх ба Гуа марлын дүрслэл гэж таамагладаг. Мөн энд хар бэхээр бичсэн XIII-XIV зууны монгол бичигтэй маш алдартай зураг юм. Гэвч орчин тойронд нь бөөгийн овоо босгож, тос нялаад, түүхэн үнэт дурсгалыг сүйтгэх эрсдэл байгаад анхаарах ёстой. Энэ мэтчилэн нийслэл дэх түүх соёлын дурсгалууддаа хүмүүс хайхрамжгүй, хүйтэн сэтгэлээр хандаж сүйтгэж байгаа асуудал олон байна. Үүнийг нийслэлээс анхаарч, тордон аялал жуулчлалын бүс болгох боломжууд байна.

    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

     

     

  • МОНГОЛЫН УНАЛТ, ДОРОЙТЛЫН НЭГ ГОЛ ШАЛТГААН НЬ ЛАМЫН ШАШИН, МУХАР СҮСЭГ

    Төв төрийг нь мөхөөж, түмэн хэсэгт хувааж, хооронд нь алалцуулж, бүх баялгийг нь цөлмөн мөлжиж, хүн амыг нь мухар сүсэгтэн болгон мунхруулж, цэрэг эрсийг нь шалдан лам, дарга жанждыг тойн нар, хан ван нарыг эфү, хоосон нэр, цол, чулуун жинсний төлөө улангасан өрсөлдөгч хэнээтнүүд болгож хувиргасан нь үнэхээрийн эмгэнэл, гаслан, шаналал байв. Энэ бол харийн, дайсагнагч хүчнүүдийн хоруу бодлогын хэрэгжилт, урьдаас төлөвлөсөн үр дүн байлаа. Харийн хүчнүүд хожиж, завшиж, харин монголчууд ядуурч, цөөрч, доройтсоор үхэл мөхлийн ирмэгт тулжээ.
        XIII-XV зууны үед монгол хүн, монгол айл өрхийн гар дээр байсан алт, мөнгө, үнэт эдлэл, түүхийн ховор нандин зүйлс бараг л бүгдээрээ Төвд, Хятад руу зөөгджээ. Монгол айл өрхийн 90 гаруй хувь нь зөвхөн л жижиг гэр ба цөөн малтай үлджээ. Хөрөнгө, зоорь гэхээр өөр юм байсангүй…
        Эрчүүдийн 40 орчим хувь нь лам болсноос өрхийн тоо цөөрч, хүн амын өсөлтгүй жилүүд үргэлжилсээр XX зууны эхэн гэхэд 800 мянга хүрэхгүй хэмжээнд очжээ.
        Их Монгол-улсын дэвсгэр нутаг 5 сая квадрат километр гаруй байснаа эцэс сүүлдээ 1,5 сая квадрат километр болтлоо танагдаж багасчээ.
        Монгол хүний олонх нь БНХАУ-д, гурав дахь хэсэг нь Оросын харъяанд аж төрөх болов. Монголынх гэж нэрлэж болох бүх үнэт зүйлсийн (газар нутаг, газрын дээрх, доорх баялаг, хүн ам, мал, гэр, байшин г.м) 70 орчим хувь нь хойд, урд хөршүүдэд хуваагдан өвөрчлөгджээ. Ийм үр дүн гарсны гол шалтгаан нь монголчууд төрийн тусгаар тогтнолоо алдаад Манж чин гүрний вассал болсон, шарын шашинд гүнзгий автаад мухар сүсэгтнүүд болсон явдал юм.

        Төвд дэх Бурханы шашин олон урсгалд хуваагдаж, хоорондоо сөргөлдөж, урсгал тус бүр нь өөртөө холбоотон, ил далд дэмжигчидтэй болж, зөрчил тэмцэл яван хурцадсаар адаг сүүлдээ шашин суртлын үндсэн дээр иргэний дайн дэгдэж, мөнхүү дайнд монголчууд эсрэг тэсрэг тал болон хуваагдаж оролцсон нь Монголын цэрэг-зэвсгийн чадамжийг ихэд доройтуулж бас дотоодод нь хагалж, ужгирсан самууныг тарьжээ.
        Бурханы шашны улаан малгайтны бүлэглэлд туслахаар Цогт тайж тэргүүтэй 40.000 орчим цэрэг эрс Лхас руу хөдөлсөн бол шар малгайтны бүлэглэлд туслахаар Төрбайх тэргүүтэй 10.000 орчим цэрэг эрс мөн л Лхас руу гарчээ.
        “Улаан хошууны” гэх нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн шийдвэрлэх том тулалдаанд монгол цэрэг эрсийн цус “уул давааг нэвтэртэл” асгарчээ. 30.000 шахам цэрэг амь үрэгдэж, үлдсэн хэсэг нь Төвдийг төвхнүүлэх хэрэгт үргэлжлүүлэн оролцож мөн л ихээхэн хохирол амсчээ. Харь холд зөөврийн дайн хийж, харь улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, оролцох оролцохдоо бүр хоорондоо цус асгаруулан тулалдаж оролцсон нь Халх Монголыг ч сульдуулж бас Ойрд Монголыг ч доройтуулжээ. Сульдуулаад, доройтуулаад зөвхөн орхисон биш тэдний удаах харилцааг бүр дайсагнал, хонзогнолын байдалтай болгож эвджээ.
        Бурханы шашин олон урсгал, олон толгойтой болсон, шашны үйлчилгээ бизнесийн шинжтэй болсон, Лхасын сүм хийдүүд олон улсын аялал-мөргөлийн төв болж эхэлсэн, шашны урсгал тус бүрийн тэргүүнүүд, ихэс дээдэс нь нэр алдарт шунах, олбог суудал булаацалдах болсон, энэ үндсэн дээр дотоодын самуун эхэлж, Төвд орон засаглалын хомсдолд орж төр-шашны доройтол ужгирч сүсэгтэн олон түмэн хэрхэхээ мэдэхгүй үймэлдэж бужигнаж байсан нь Төвдийн уламжлалт нийгмийг сандчааж, бас туйлдуулжээ. Ийм болчихсон орныг эргүүлж цэгцлэх хүч Төвдөд дотоодод нь алга байв.
        Улааны шашны бүлэглэл цэрэглэн хөдөлж Лхасыг эзэлж шарын шашны талынхныг барьж хорьж, сүм хийдээс нь хөөж, дураараа загнаж эхэлжээ. Энэ нь шашны урсгал хоорондын цаг зуурын самуун төдий үзэгдэл биш байлаа. Төдхөн л хэн нь хэнийгээ вэ? гэсэн хурц тэмцэл, иргэний дайн болжээ.
        Төвд дэх иргэний дайныг Ойрдын ноёд зогсоож, Төрбайх ноён Төвдийн хаан болжээ. Төрбайхын албатууд Төвд рүү нүүж, Торгуудууд Ижил мөрөн тийш дайжиж, Буриадууд Оросын нөлөөнд автаж, Галдан, Занабазар хоёр учраа ололцохоо больж, тэдний хооронд Манжийн хаан болон Далай ламын төлөөний этгээдүүд яс хаясаар эцэс сүүлдээ тэд цус асгаруулсан сөргөлдөөнд орж Монголын төрийг мөхөөжээ.
        Шарын шашны ихэс дээдэст Монголын ноёдоос анх олгосон Далай лам, Банчэн эрдэнэ гэх цолыг төвдүүд овжиноор ашиглаж тэднийг амьд бурханы зиндаанд хүргэн алдаршуулж бас хойт дүрүүдийг нь тодруулж, Лхасыг бурхдын орон болгоод орон орноос эргэл мөргөлчдийг татаж ихээхэн ашиг олж эхэлжээ. Их Монгол улсын хаадаас олгосон гэх дуулиант алдрыг хөөрөгдөж дэвэргэж чадсан нь угтаа Чингисийн эзэнт гүрний хаялга мөн байв. Чингисийн эзэнт гүрэн, Их Монгол улсын нэр цуу тэр үедээ юуг ч Брэнд болгочихож чадахаар тийм өндөрт байжээ. Өөрсдийнхөө нэр суугаар бүтээсэн “энэ хоёр амьд бурханы” үлгэрт дараа нь монголчууд өөрсдөө бүрэн итгээд, шүтэж тахиж эхэлсэн нь ёстой л “түүхийн хошигнол” болох баримт мөн болно…
        Хариас цэрэг зэвсгийн тусламж авч элэг нэгтнээ хядсан Далай лам, Банчэн эрдэнэ хоёр өөрсөддөө учрах хойших аюулыг тооцож Ойрд ноёныг Төвдийн хаанаар өргөмжилжээ. Төрбайх хаан арван хөвгүүнтэй байсны зарим нь Төвд болон Хөх нуурын хаад, ихэс дээдэс болж өмнөх өш хонзон мартагдаж алга болоход хүрэлцэхүйц удаан хугацаагаар Төвд дахиныг захирчээ. Чингэж Төвд дэх иргэний дайны болзошгүй муу үр дагавар монгол цэрэг эрсийн хүчин зүтгэлээр арчигдаж мартагдсан түүхтэй.
        Төвд дэх Бурханы шашны түүхэнд зөвхөн л монголчуудын өгсөн цол, хэргэм дээдийн дээдэд тооцогдон үнэлэгдсээр бараг 600 шахам жил болж байгаа нь хаадын хаан гэгдсэн Чингис хааны алдар, суутай холбоотойг дахин хэлье.

    х          х          х
        Шарын шашныг Монголд аль болохоор түргэн, аль болохоор өргөн дэлгэрүүлэх хэрэгт Манжийн хаад, Хятадын түшмэдүүд, Далай лам, Банчэн эрдэнэ нар, Жавзандамба хутагтууд, бусад хувилгаад, Төвдийн том толгой лам нар ил далд уралдан зүтгэцгээжээ. Төвдөөс тодорч Монголд залагдсан Богд гэгээний 6 дүрийн Лхасаас авдаг нууц даалгавар бол “Монголын өнцөг булан бүрд сүм хийд барих, лам нарыг бэлдэх, хүн амыг гүнзгий сүсэгтэн болгох, эргэл мөргөлчдийн сүлжээ үүсгэж Лхас, Гүмбүм рүү илгээж зуршуулах” явдал байжээ.
        Эр, эм лам нарын тоо олширсноор Монголын баялаг бүтээгчдийн тоо, хүн амын тоо цөөрчээ. Өргөл, барьц, мандал, эргэл мөргөлчдийн шугамаар ихээхэн баялаг Төвд, Хятад руу урсан гарсаар байв. Хамжлага ардын бүтээсэн баялгаар амьдардаг хүмүүс ба давхрааны тоо өссөөр Монголын уламжлалт нийгэм 200 гаруй жилийн туршид завсрын сэргэлтгүйгээр унаж доройтжээ. XX зууны эхэн гэхэд Монголд лам нарын том давхраа, ноёдын том давхраа, Манжийн төрийн түшмэдүүд, Хятадын худалдаа-мөнгө хүүлэгчид, Оросын худалдаачид, алт, мөнгө олборлогчид өөр өөрийн арга, хэлбэрээр малчин ардуудыг мөлжиж, мунхруулж, дарлаж, үгээгүй ядуу байдлыг гүнзгийрүүлсээр байлаа.
        Лхас, Гүмбүм рүү хэдэн сараар аялан явж эргэл, мөргөл хийх, Далай лам, Банчэн эрдэнэд мандал өргөх, хутагт хувилгаадыг тодруулан залж ирэх, шинээр барьсан сүм хийдүүдэд зориулж гол шүтээн бурхдыг Төвдөөс зөөх зэрэг зан үйлийн зардалд харамсмаар их үргүй зардал, чирэгдэл гарсаар байв.

        Хутагт, хувилгаадын хойт дүрийг тодруулж ирсэн арга, хэлбэр нь итгэл, үнэмшил багатай, мэхэлсэн хуурсан шинжтэй, нэг болохоор “урдах дүртэйгээ төстэй, хувийн эдлэл хэрэглэлээ минийх гэж таньсан, шавь хийгээд шадар хүмүүсээ нэрээр нь дуудсан” гэх мэтийн улмаас танигдаж, тодорсон, эсвээс “сэргэлэн цовоо олон хөвгүүд дундаас сугалаа болон шодох аргаар” тодруулсан гэх мэтээр яригддаг хэдий ч Далай лам, Банчэн эрдэнэ мэтийн дээдэс батламжилсан гэгддэг лагшин сольсон амьд бурхад Монголд олон болсоор байлаа. Үнэн мөнөөрөө уламжлагдан ирсэн ганц жишээ, мэдээг иш татъя. Да лам Лувсан-Иш тэргүүтэй 8 хүн Богд Жавзандамба хутагтын 8-р дүрийг тодруулахаар Их Хүрээнээс 1874 онд гарч Бээжингээр дамжин Лхаст очжээ. Ер бусын гэгдсэн 9 бяцхан хөвгүүний нэрийг бичиж алтан бумбад хийгээд сэгсэрч холиод мөнгөн савхаар 6-г нь нэг нэгээр сугалжээ. Харин үлдсэн 3-ын нэрийг алтан савхаар сугалсаар эцсийн нэгийг нь гаргаж ирэхэд Төвдийн нэгэн томоохон язгууртан хүний 4 настай, 4 дэх хөвгүүний нэр бичигдсэн байв гэнэ. Тэр хөвгүүнд Агваанлувсан гэх шинэ нэрийг Далай лам өгч, Манжийн хаан (Бүрэн засагч) зарлигаар батламжилжээ. Тэр үед Монгол оронд сэргэлэн цовоо хөвгүүд хэдэн арваараа байсан нь тодорхой юм. гэтэл яахлаараа шодох, сугалах ажлыг заавал Төвдөд, Лхаст явуулдаг билээ? яахлаараа монголчуудын оюун санааны амьдралын жолоо, цулбуур харь төвд хүний гарт байх ёстой гэж? Тодлогдсон балчир хүүхдийг аав, ээж, дөрвөн ах, нэг дүүтэй нь хамт, мөн хувийн нь багш, сойвон, донир, эмч гэх мэтийн олон төвдүүдийн хамт Их Хүрээнд авч ирэх ажил 19 сар орчим үргэлжилжээ. Зөвхөн тэдний замын хүнс хоолонд цалин цагаан мөнгө 1000 орчим лан зарцуулжээ.
        Монголын төлөөлөгчид Лхаст очоод манз барих ёслолд зориулж өмнөх Богдын сангаас 40.000 лан, Халх дөрвөн аймгийн хошуу бүрээс 10.000 лан, ван нар, засаг ноён бүрээс 1000 лан гаргажээ. Лхасаас Хөх нуурт ирэх уналга, хөсгийг дээд монголчууд, харин Хөх нуураас Их Хүрээ хүртэлхийг халх монголчууд даажээ. Энэ хэрэгт халхчууд атан тэмээ 1271, агт морь 823, эсгий бүрээстэй, ор дэвсгэр, уншлагын ширээ бүхий шинэ гэр 7, майхан 108-ыг гаргажээ. Уг хэрэгт Халхаас 400 гаруй хүнийг томилон оролцуулжээ. Нэг жил хагасын хугацаанд үргэлжилсэн хөлтэй том ажил 1875 оны Х сарын 3-ны өдөр төгсөж 8-р богд гэх төвд хүүхэд Их Хүрээнд морилон иржээ. Энэ хүү түүний төрөл төрөгсөд, багш, эмч, үйлчлэгч хүмүүс, зочин гийчин төвдүүдийн бүх зардлыг монголчууд 1924 он хүртэл даасаар байлаа…
        Өмнө дурдсантай төсөөтэй түүх олон янз хувилбараар энэ ХХI зуунд ч мөн давтагдан гарч эхэллээ. Зардал ба ашиг хоёрыг, үнэн ба худал хоёрыг, төр ба сурталдаа өөрсдөө эзэн болж явах, эс явахын тус ба ус хоёрыг дээр, дооргүй л бодолцмоор байна даа…
        Түүх арай өөрөөр, өөр нөхцөлд (гоо заслаар халхавчлагдаад) давтагддаг аюултай. Монголчууд бид туулсан, өнгөрөөсөн доройтол, уналтаа давтахаас цаг ямагт сэргийлэх учиртай. Энэ бол бидний хийчихэж мэдэх алдаануудаас нэлээд их магадлал бүхий нэг нь юм (Мухар сүсэг улам бүр л газар авсаар байна).
        Өмнө зүгт Тангадууд буй гэдгийг өглөө бүр надад сануулж бай! (Чингис) гэхийн адилаар энэ алдааны талаар бид байн байн бодож, сэргийлж явах учиртай…
        1911 оны гунигт төлөв, байдал хүртэлх уналт, доройтол, ядуурлын нэгэн гол шалтгаан нь ламын шашин, мухар сүсэг байсан нь үнэн болно.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

    djmedia:413