Category: Нийтлэл, ярилцлага

  • ХҮН БА БАЙГАЛИЙН ХҮЙН ХОЛБОО

    Мич-бич-бичин хүн-хомосапиенс гэх гинжин хувьсал нь хүмүүс бол байгалийн бүтээгдэхүүн, биологийн нэгэн зүйл амьтан, ухраан үзэх аваас хүн дүрстэй мичний хойчис мөнийг үзүүлдэг. Гэхдээ орчин үеийн хүн бол байгалийн ч бүтээгдэхүүн, бас нийгмийн ч бүтээгдэхүүн мөн юм. Харин энэхүү хоёрдмол мөн чанараа хүмүүс одоо, XXI зууны эхэн гэхэд бараг мартсан буюу эс тооцох болчихжээ. Энэ бол тун ч муу үзэгдэл, хол явах ихээхэн сөрөг үр дагавартай үзэгдэл билээ. Өөрийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдгээ ямагт санаж, тооцож, байгаль эхээ эргэж “халамжилж”, нэг л эхээс төрсөн бусад амьтдаа хайрлаж, ойрхны садан төрлөө хэмээн ачилж, тордож байх ёстой ажээ. Эсрэг тохиолдолд бид байгаль эхийнхээ халамжнаас салж аажмаар мөхөх болно.

    Хүмүүс бид эх болсон байгалиа, эртний өвөг дээдэс болох амьтдаа огоороод зөвхөн л бүтээсэн соёлынхоо ертөнцөд бялууран, “согтууран”, найрлан суух аваас өөрөө өөртөө булшны нүх ухаад “Байгалийн түүх”-ийн тавцангаас зайлуулагдах нигууртай.

    Бид бол амьтад, амьтдад байгалийн эрүүл орчин л хэрэгтэй. Xүмүүсийн бүтээл нэг бүр нь байгаль орчинд хоргүй байх ёстой. Xордсон, бохирдсон байгаль эргээд биднийг л хордуулах болно. Уудаг ус, иддэг хоол, амьсгалдаг агаараа хүмүүс эх болсон байгалиасаа л авдаг. Унтах, амрах, хөдөлмөрлөх, төрөх, үр удмаа үлдээх гэхчилэн бүхий л хэрэгцээгээ хүмүүс экологийн цэвэр орчинд л хэвийн хангах боломжтой. Аль ч нийгэм эрүүл аж төрөх ёсыг л дээдлэх учиртай. Ингэхлээр бид хүн гэхээсээ хамаагүй илүүгээр амьтан гэх мөн чанараа, хэвийн, жам ёсны нөхөн үржих боломж, нөхцөлөө, жирэмсэн эх, торниж буй ураг гэдгийг чухалчлан үзэх ёстой байна.
    Оюун ухаан яаж ч хөгжөөд, оюун ухааны тусламжаар бүтээсэн юмс, орчин яаж ч боловсронгуй болоод экологийн цэвэр орчин, унаган байгалийн шимийг гүйцэж, давж орлож чадахгүй.
    Өнгөрсөн түүхэнд удтал оршиж, өнөөдөр ч гэсэн хүмүүст нөлөөлсөөр буй олон төөрөгдлөөс хүн төрөлхтөн салах ёсгүй. Одоо цаг нь ирсэн, болсон, бид учрыг нь таньсан, сэхээрсэн. Оюун ухаан л хүмүүсийг буй болгосон, оюун ухааны бүтээсэн, бүтээх соёл л бидэнд хэрэгтэй, байгалийн хувьд бол хүмүүс зөвхөн л идэвхтэй хэрэглэгчид хэмээн мугуйдалж байсан цаг аль эрт урсан өнгөрчээ.

    Өнөөдөр ч гэсэн тодорхой утгаар, тодорхой шалтгаанаар хүмүүс бид мичүүд мөн, бичүүд мөн. Жаахан л доошлуулж нэрлэх аваас бид ердийн хөхтөн амьтад, сүүгээр бойжигчид… Гэтэл бүр шашин, шашны томоохон зүтгэлтнүүд хүний байгаль болон нийгмийн мөн чанарыг бүрэн огоорч хүмүүс бол ид шид, элдэв увдисын бүтээгдэхүүн, дээд тэнгэрээс илгээгдсэн элч, бурхад, олон янзаар хувилан төрөх, тодрох чадавхтай сүнсний эзэд, үхээд оршуулагдах атлаа ертөнцийн эзний ивээлээр хэдэн зуу, мянган жилийн хойно ч амилан босож ирэх боломжтой, увдистай мэтээр сурталчилж, төөрөгдүүлсээр иржээ. Хүмүүс бол бурхдын бүтээл мөнийн учир, ялангуяа хаадууд бол дээд төрөлхтөн, тэнгэрийн элч мөнийн тул тэдний биед мэс хүргэж болохгүй, мэс ажилбарт өртүүлж болохгүй хэмээсээр эдгээж, анагааж болох өвчтөнг ч үхүүлсэн тохиолдол олон гарчээ. Хаад, язгууртнууд, цагаан ястай хүнийг аянга ниргэдэггүй, далайн бурхны ивээлд багтагчид усанд живдэггүй, дайны бурхдын хувилгааныг бууны сум даадаггүй, үхэшгүй мөнхийн шидийг олсон хутагтууд, тэдгээрийн хойд дүрүүд гэх мэтийн хуурамчлал тив бүхэнд, улс үндэстэн бүхэнд байсаар иржээ.

    Эрт, эхэн үедээ үр жимс, ургамлаар хооллосоор хожуу нь олон идэштэн, анчид, махан идэштэн болсон, зэрлэг амьтдыг гаршуулж гэршүүлснээр нүүдэлчид, малчид болсон, зөвхөн хэдхэн мянган жилийн өмнөөс л газар тариалан эрхэлж суурьшиж эхэлсэн түүхэн процессыг хүртэл шашинчилж, элдвээр гуйвуулж, хоруу зорилгын үүднээс зориуд зохиомжлон өөрчилсөн сургаал, номлол ч олон гарчээ. Ийм ном, судрууд бүр их, дээд сургуулийн сурах бичгийн үүрэг гүйцэтгэж байсан тохиолдол ч цөөнгүй.

    Ард олныхоо оюун санааны амьдралыг хий хоосон зүйл (чөтгөр, шулам, ид шид, бурхад гэх мэт), үл гүйцэлдэх итгэл, мөрөөдөл, шашны элдэв харгис урсгал, зан үйл мэтэд мухар, сохроор автуулж, эцсийн дүндээ ухвар мөчид хүмүүс, сүсэгтэн олноос өргөл, барьц цуглуулж түүгээрээ амьдарч, хөлжиж байх нь XXI зууны мэдлэг, ухамсрын үүднээс үзэх, үнэлэх ахул залилан, луйврын нэгэн төрөл, хэлбэр болж ойлгогдох болжээ. Ард түмнээ мунхруулах хэрэгт хуруу, хумс нэмэрлэх нь том нүгэл, ялангуяа оюунлаг, сэхээтэн хүнд байж үл болох алдаа, дутагдал юм. Өндөр, өргөн нэр хүндийг олсон лам хүн ч гэсэн мухар, сохроор сүсэглэх явдлыг сайшаах, дэмжих ёсгүй билээ. Хутагт, хувилгаад гээчдийн хойд дүрийг тодруулж байна гээд хүний нялх балчир хүүхдийг өөрт нь ямар ч сонголтгүйгээр шашин суртлын субъект болгож хувиргах нь хүний чөлөөт байдал, эрхийг ноцтой зөрчиж буй бусармаг үйлдэл болно.
    Хүн ба байгалийн хүйн холбоо нь хүмүүсийн хувьд олон талын онцгой хариуцлагыг төрүүлж, нөхцөлдүүлж байдаг. Гэтэл мөнхүү хариуцлагын асуудлыг тухайлан судлах ажил орхигдсоор, хоцрогдсоор байна. Эх байгалийнхаа өмнө бидний хүлээх ёстой хариуцлагын зарим талыг бүр НҮБ-аас хуульчлан тогтоох хэрэгтэй. Энэ бол яав ч сайн дурын байх ёсгүй. Улс, үндэстэн нэг бүр хариуцлагаа сайтар ухаарч, үг дуугүй биелүүлж байх учиртай.
    Хүрээлэн буй орчин, эх байгалиасаа л хүмүүс бүх талаар тэтгэгдэж, тэжээгдэж, олон янз энергиэр цэнэглэгдэж байдаг. Иймээс бид эх байгалиа, экологио цэвэр ариунаар нь, унаган төрхөөр нь байлгах, хадгалахын төлөө бүх нийтээрээ тэмцэх ёстой. Шаардлагатай хөрөнгө дайчлан гаргаж байх ёстой. Энэ талын анхаарал суларсан, тэмцэгчид цөөрснөөс болж хүмүүс бидний амьдралын чанар доройтож, өвчин халдвар газар авч, эрт хөгширч, нөхөн үржихүйн чадавхаа эр, эмгүй эрт алдаж, эх ба нялхсын эндэгдэл нэмэгдэж, халдварт бус өвчнүүдээр хүүхэд, залуучууд хүртэл амь насаа алдах болжээ.

    Байгалийн амьтан гэдгээ мартаад бие, эрхтнээ зөнд нь хаяснаас болж яс сийрэгжих, үе мөч үрэвсэх, судас хатуурах, сахарын шижин, элдэв харшилд өртөх, хөдөлмөрийн чадвараа эрт алдаж тахир дутуу болох үзэгдэл ч хавтгайрсаар байна.

    2018 оны 10-р сарын байдлаар дэлхийн хэмжээгээр үзэх ахул 6 секунд тутамд нэг хүн цус харвалт гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдэж байна. Шаардагдах арга хэмжээг цаг алдалгүй авдаг боловч жил бүр 15 сая хүн цус харвалтаас болж үхэж байна. Унаган байгалийнхаа орчин, нөхцөлд амьдарч байгаа хүн дүрстэй сармагчны хувьд цус харвах өвчин, саяар тоологдох үхэл байхгүй нь тодорхой билээ. Байгаль болон нийгмийн харьцангуй цэвэр, тайван гэхээр орчин, нөхцөлд аж төрж буй Монголчууд бидний хувьд гэхэд жилдээ 100 мянган хүний 250 нь цус харвалтанд өртөх болжээ. Өнөөдөр Монголд 10 хүний 4 нь судас хатууралтай гэж оношлогджээ. Мөн манай насанд хүрсэн хүн амын 28 хувь нь артерийн даралт ихтэй ажээ. Энэчлэн тоочих аваас муу, муудчихсан үзүүлэлт олныг нэрлэж болох байна.

    Цэнхэр гариг маань хатуу, шингэн, хийн хөрсөөрөө (газар, ус, агаар) бид бүхнийг тэтгэх, тэжээх гэж амрах, завсарлах цаггүй “хөдөлмөрлөсөөр” байдаг ажээ. Эх байгаль маань өөрөө далай, тэнгисийн усыг нэрж, ууршуулж үүл манан болгоод бидэнд зориулж цэнгэг ус (бороо, цас) үйлдвэрлэдэг. Хөрсөн дээрх ус, газрын гүний ус, цас мөс ингэж л цэнгэг усаар сэлбэгдэж, нөөцлөгдөж байдаг.
    Эх байгаль маань өөрөө өвс ургамлаараа дамжуулан усны молекулыг задалж хүчилтөрөгч болон ургамлын гаралтай уураг, шим тэжээл бэлддэг. Энэ бүхнийг эцэг өвгөд маань таньж мэдээд тэжээгч, тэтгэгч эх болсон байгалиа хүндэтгэж, дээдэлж, тахиж тайж иржээ. Уул, усаа талархан тахиж, тайлга үйлдэн цэнгүүн үүсгэдэг нь үнэндээ бол мухар сүсэг биш юм шүү! Ард олны хүндэтгэж, дээдэлж, талархаж буй зан үйл, бэлгэдлийг шинжлэх ухаанчаар ойлгож, уламжлан үлдээж байхын ач холбогдол тун их билээ…
    Агаар бол хийн хөрс, ус бол шингэн хөрс, газар бол хатуу хөрс. Энэ гурав эрүүл байвал л хүмүүс бид эрүүл байх болно.
    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Солонгосын монгол хатан Ногук (Боржигин Будашири)

     

    Тэдний дундаас үр хүүхэд төрөхгүй байсаар 15 жилийн дараа хатан бие давхар болсон ч төрөхийн хүндрэлээс болж 1365 онд нас барсан гэдэг. Түүнийг нас барсны дараа хаан Гон Мин төрийн хэрэгтээ санаа тавихаа больж энэ хариуцлагаа Буддын лам Пён Жод үүрүүлсэн байна. Харин Пён Жо 1371 онд цаазлуулж, ван Гон Мин 1374 онд нас баржээ. Энэ түүхэн хатны тухай өгүүлсэн олон ангит киног 2005 онд Солонгосын MBC телевиз “Монгол гүнжийн домог” /Shin Don/ нэртэйгээр хийж Боржигин Будашир хатны дүрд жүжигчин Сё Жи Хү тоглосон билээ.

     

  • МОНГОЛЧУУДЫН ГАРАЛ ҮҮСЛИЙН ТУХАЙД ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЭХ НЬ

    Монголжуу төрхтөнүүд нүүрнийхээ хэлбрээр өргөн царайт, нарийн царайт гэж хоёр хуваагддаг. Өргөн царайт төрхөд голчлон сибирийн төрх хамаарагддаг. Нарийн царайт төрхөд Алс дорнодын, өмнөд азийн (хойд ба өмнөд хятадын төрх гэх нь бий. Гэхдээ энэ нэр томъео сибирийн гэсэнтэй адил хятадын хүн амд л холбогдох нэр томъёо гэж хэлж болно) төрх хамаарагдана. Эднийг нийтэд нь палео-азийн төрх гэж авч үздэг. Европжуу төрх нь баруун европын, зүүн европын, европжуу-брахикраны гэх мэтээр хуваагддаг. Европчууд. арабууд, иранчууд, энэтхэгчүүд хоорондоо ондоо байгаа нь эхнийх нь баруун юмуу, зүүн европын төрхтөнд, нөгөөдүүл нь европжуу- брахикраны төрхтөнд хамаарагдаж байдагтай холбоотой юм.
    Харин Монгол хүнийг Монголжуу өргөн царайт төрхөд хамааруулах уу, европжуу-брахикраны төрхөд хамааруулах уу гэдэг асуудлын талаар антропологчид маргалдсаар одооноос л нэг мөр болон тасарч байна. Гэхдээ аль ч үеийн антропологчдоос хэн нь ч Монголчуудыг хойд хятадын нарийхан царайт төрхөд хамруулж байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Монгол хүний хувьд өрнөдийн шинжлэх ухаан тун том алдаа гаргаснаа хожуухан ойлгосон гэж хэлж болно. Тэр алдаа нь ДНХ-гийн судалгаа нилээд хожимдож гарч ирсэнтэй холбоотой байдаг. Учир нь Монгол хун европжуу-брахикраны төрхтөнд хамрагдах ДНХ-тэй болохоос бус азижуу төрхтөнд хамрагдах хүмүүс биш гэдэг нь ДНХ-гийн судалгаа гарч ирснээс хойш тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл европжуу том төрхт (өргөн царайтай гэсэн ч болно) хүн болохоос бус өмнөд азийн нарийхан царайтай төрхтөн биш юм. Үүнийг Монгол улсын Их Сургуулийн Антропологи-Археологийн тэнхимийн багш судлаачдаас орчин цагийн Монгол залуучуудын ДНХ-г судалсан сүүлийн гурван жилийн судалгаа давхар нотолж өгсөн. Энэ судалгааны үр дүнд өнөөгийн Монголчуудын арван хүн тутмын 7 нь европжуу төрхтөний генитэй болохыг генетикийн судалгаагаар тогтоосон юм. Хамгийн сонирхолтой нь энэ судалгааны үр дүнг Монгол нутгаас олдсон антропологийн олдворууд дээр арав гаран жил хийсэн молекул генетик, молекул антропологийн судалгааны (Митохондрийн ДНХ) үр дүнтэй харьцуулан үзэхэд нэгэн ижил үзүүлэлт гарсан явдал юм. Тиймээс Монгол нутаг дээр үеийн үед европжуу-брахикраны төрхтэй хүмүүс давамгайлан оршин сууж байсан бөгөөд өдгөө ч европжуу генитэй хүмүүс давамгайлсан хэвээрээ л байна.
    Нэрт угсаатан зүйч Н. Н.Чебоксаров “Угсаатан, арьстан, соёлууд” гэдэг номондоо аль нэг төрхтөнийг төлөөлөх бүлэг хүмүүс төрөлх орчноосоо газар-зүйн өөр орчинд нүүдэллэн очоод нутгийн хүмүүстэй цус холилдолгүй аж төрөн суухад 1225 жилийн дараа байгаль-газарзүйн нөлөөгөөр төрх нь аажмаар өөрчлөгдсөөр нутгийн уугуул иргэдтэй ижил төрхтэй болдог гэж бичсэн байдаг. Энэ бол ахуй анхдагч гэдгээр төрх өөрчлөгдөх тухай сонирхолтой баримт юм. Гэхдээ генийн бутэц тун бага өөрчлөгддөг гэдэг нь ойлгомжтой. Тиймээс өнөөгийн Монголчуудын бүр хамгийн азижуу төрхтэй хүн дээр ч генийн судалгаа хийж үзэхэд европжуу хүний гени гарч ирэх мадгадлал өндөр бий. Учир нь Монголчууд европжуу төрхтөнүүдийн хамгийн зүүн жигүүрийн төлөөлөгчид бөгөөд Энэтхэгийн хойгийг өнгөрөөд Дундад Азийн дорнод жигүүрээс эхлээд Монгол хүртэл европжуу-брахикраны төрхтөн тархсан газарзүйн нарийн хошуу Азийн гүн үрүү түрж орсон байгаа тухай нэрт угсаатан зүйч, антропологич, түүхч Е.Г.Грумм-Гржимайло өнгөрсөн зууны 20-иод оноос, алдарт туүхч, угсаатан зүйч, онолч Л.Н.Гумилёв 60-аадоноос бичиж, судалгаагаа танилцуулж байсан билээ. Гэвч тэр үед молекул генетикийм судалгаа үүслийн төдий, харин археологийн судалгааны уламжлалт хэмжилтийн арга давамгайлж байснаас шинжлэх ухааны хүрээнд бүрэлдэн тогтсон ташаа ойлголтыг огцом эвдэхэд хэцүү байсан юм. Гэсэн ч үнэн юм хэзээ нэгэн цагт үнэнээрээ гарч ирдэг ёсоор молекул генетикийн судалгаа гарч ирснээр бид өөрсдийнхөө гарал угсааг илүү бодит баримт дээр тулгуурлан жинхэнэ үнэнийг мэдэх боломжтой болсон.
    Сүүлийн үеийн генетикийн олон арван судалгаагаар Монголчууд, хятадууд огт ондоо хоёр өөр гапло-төрхүүдэд (Brigitte & Mark,2005) хамаарагддаг нь хөдлөшгүй тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Монголчууд европжуу-брахикраны терхөд, хятадууд палео-азийн төрхөд хамаарагддаг. Нөгөө талаар үндэстэн угсаатны хэл тэднийг хэр ондоо, хэр ойр болохыг хэлж өгдөг хамгийн чухал тодорхой зүйл байдаг. Энэ үндэслэлээс авч үзвэл Монгол хэл, хятад хэл хоёр бол хэлний хоёр өөр аймагт хамаарагддаг огт ондоо хэлнүүд юм. Тухайлбал Монгол хэлний үгс давхар үеэс бүтсэн байдаг байхад хятад хэлний үгс дан үеэс бүтсэн байдаг байх жишээтэй. Энэ бол хэтэрхий том ялгаа бөгөөд төрөлсөх ямар ч үндэсгүйг харуулж өгч байгаа хэн ч яагаад ч хөдөлгөж чадашгүй бат нут нотолгоо юм. Харин Хятад, Түвд хоёр хэл бол хэлний нэг аймагг хамрагдах дан үетэй, төрөл хэлнүүд яах аргагүй мөн. Тиймээс төрөлсөх нэлээд зүйл байж болох юм. Харин Монголоос “хөрш” нь гэхээс өөр зүйл гарах нь юу л бол доо. Хятадууд бол өнөөгийн өмнөд хятадын Хэнань мужаас гаралтай өмнөд азийн үндэстэн юм. Тэр үед Хэнань, Цянаас (өнөөгийн Түвд) хойд зүгт Жүн (Ман) аймгууд Цагаан хэрэм (энэ хэрэм нанхиадуудыг умар зүг хүрч ирэхээс бүр өмнө баригдсан байсныг английн архелогчид судалж тогтоогоод National Geographic-аар цацсан) хүртэлх нутагт сууж байсан бөгөөд бидний өвөг дээдсээс алс хол өмнө зүгт байсан юм. Тиймээс тэдний гарлыг авч үзэхэд тэд умар зүгийн үндэстэн огт биш гэдэг нь ойлгомжтой байдаг. Тэд зуу зуун үеийн туршид жүнчүүдтэй дайтаж, бас цус холилдож, тэднийг умар зүг түрсээр МЭӨ V зуунд бидний өвөг дээдэс болох хүнчүүдтэй (хүннүчүүдтэй) хил хатгаж хөршилж ирсэн юм. Гэхдээ тэр үед тэд өөрсдийгөө ханчууд гэж нэрлэдэггүй байсан юм.
    Энэ нэр МЭӨ III зуунд буюу хятадын ванлигуудыг анх удаа нэгтгэж, нэгдмэл улс бий болгосон Жүн угсааны Цин улс мөхсөний дараа МЭӨ 202 онд гарч ирсэн Түрүү Хан улсын үөэс үүдэлтэй юм.Тиймээс биднээс харьцангуй хойно гарч ирсэн үндэстэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл жунчүүдтэй цус холилдож байж гарч ирсэн шинэ үндэстэн юм. Тиймээс хойд хятадууд, өмнөд хятадуудтайгаа хэл ярианы талаар бие биеэ ойлголцдоггүйн учир үүнтэй холбоотой. Ханчууд жүнчүүдтэй асар их холилдож байж гарч ирснийг эртний нанхиадууд өөрсдөө хулээн зөвшөөрдөг байсныг Хан улсын жанжин Жан Хуаний “Жүнүүд, дичүүд болоод бид нар нэг гарвал угсаатай. Тэднийг бүгдийг нь нэгийг ч үлдээлгүй устгах гээд хэрэггүй” гэж хэлж байсан нь нотолдог. Нөгөө талаар үндэстэн угсаатнуудыг сэтгэлзүйн хувьд ялгаруулж байдаг сэтгэлгээний загвар гэж бас нэг сонин зүйл бий. Үндэстнүүдийн сэтгэлгээний загварт “манайхан ба харийнхан” гэдэг мэдрэмж чухал үүрэг гүйцэтгэдэг тухайд суут Л.Н.Гумилёв онолын үүднээс сайтар судалж, гол зарчмуудыг нь нээж өгсөн. Тэгэхлээр угсаатнууд өөрсдийнхөө төрөлсөх хүмүүс мөн үү, биш үү гэдгээ үндэснийхээ сэтгэлгээний загвар, зөн билиг хоёроороо маш нарийн мэдэрч тодорхойлж чаддаг гэж хэлж болно, Тийм болохоор Монголчууд урьд хөршийнхнийгөө үеийн үед “манайхан” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, тэд ч улс төрийн хэтийн зорилго сэдээгүй л бол биднийг бас “манайхан” гэж хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Бид хоорондоо маш их ондоо гэдгээ яс махнаасаа мэдэрсээр ирсэн гэж баттай хэлж болно.
    Антропологи судлал бол шинжлэх ухааны маш том салбар бөгөөд түүнд сайтар нэвтэрч судлалгүйгээр сураг ажигаар ухвар мөчид зүйл бичвэл хар хэл аманд орох нь ойлгомжтой. Шинжлэх ухааны тодорхой салбарын асуудалтай холбоотой сэдвээр сэтгүүлч хун дуулиан хөөцөлдвөл тун халгаатай байдаг. Мэдээж хэрэг сэтгүүлч хүн бусдын анхаарлыг татахын тулд ямар нэгэн хэмжээгээр дуулианы хойноос хөөцөлдөлгүй яахав. Гэхдээ шинжлэх ухааны нарийн асуудлаар өнгөц, ухвар мөчид ойлголтоор дуулиан тарих гэж оролдох нь тун болчимгүй ташаа явдал болж хувирдаг. Учир нь шинжлэх ухаан маш нарийн мэдлэг шаарддаг зүйл юм. Тиймээс ямар нэгэн тусгай зорилго өвөрлөөгүй л бол шинжлэх ухааны эсрэг зүйл бичиж болохгүй гэдэг нь ойлгомжтой. Түүх судлал ч гэсэн шинжлэх ухааны маш том салбар юм. Тэр салбарын нарийн нандин асуудлыг зөв буруу тийш нь мушгиж, дуулиан босгох нь зөвхөн тухайн үеийн хүчин зүйлээс шалтгаалаад явууртай байж болох ч тэр хүчин зүйл үгүй болмогц түүхийн үнэн үнэнээрээ л босож ирдэгийг энд хэлэх юун. Түүхэн үйл явдалд парадокс байх нь байдаг. Жишээ нь хятадууд өөрсдийгөө хан үндэстэн гэдгээс бус дэлхий даяар тэднийг огт өөр үндэстний нэрээр нэрлэдэг. Монголчууд бид тэднийг нанхиадууд гэж нэрлэж байгаад Өмнөд Манжуур, Өвер Монгол, өнөөгийн Хятадын хойд хэсгийг эзэмшин захирч байсан Хитан гүрэн зүрчидүүдийн (манжуудын өвөг дээдэс) цохилтон дор унасны дараа ч өмнө зүгийг “хитан” гэж нэрлэсээр л байсан. Энэ нэр сунжирсаар олон тоог заах дагавар авч “хятад” болсноор барахгүй өмнөд хөршийн хүн амыг нэрлэдэг нэр болж хувирсан. “China” гэдэг нэр ч ханчууд өөрсдийгөө нэрлэдэг нэр биш юм. Энэ нэр нанхиадуудыг анх нэгтгэж өгсөн жун угсааны Цин улсын нэрнээс улбаатай юм. Энэ бол яах аргагүй түүхийн парадокс мөн.
    Түүнчлэн бидний жишээн дээр л гэхэд дээр хэлсэн азижуу царай, европжуу генийг нэгтгэсэн парадоксоос гадна Монгол түмэн Ази тивийн гүнд амьдран суудаг атлаа үндэсний сэтгэлгээ, соёл маань Ази маягийн биш европорхуу маягийн байдаг бас хоёр ч парадоксыг бид хадгалж явдаг. Эдгээрээс гадна бүр гайхаш татах бас нэг парадокс Монгол хүн судлалын судалгаанд бий гэж хэлж болно. Монголчууд бид дэлхийн зүрхэн нутагт амьдардаг болохоороо ч тэр үү, өөр ямар нэгэн нарийн учир шалтгаанаас ч тэр юм уу бусад ундэстнүүдээс бие махбодийн хувьд арай өөр бүтэцтэй гэж хэлж болохоор байдаг.Судалгаанаас үзэхэд Монгол хүний зүрхний агшилтын дээд давтамж 30-40 насны хүн дээр 140-өөс дээш гардаггүй. Гэтэл европынхны хувьд энэ үзүүлэлт 200 байдаг. Өөрөөр хэлбэл ядрах дээд ачааллын үед Монгол хүний зүрхний агшилтын давтамж харьцангуй бага байдаг гэсэн үг юм. Монголчууд европынхонтой ижил ажил гүйцэтгэхэд тэднээс бага хүчилтөрөгч зарцуулах буюу хүчилтөрөгч “гамтай зарцуулдаг” гэх жишээтэй. Монгол хүн “бага хүчээр их ажил амжуулах” чадвартайг энэ хүчин зүйл харуулдаг.
    Монгол хүний дотоод эрхтэний жинг өөрийнх нь биеийн жинтэй харьцуулсан хэмжээ европ хүнийхээс их юм. Өөрөөр хэлбэл Монгол хун тэднээс арай бага биетэй ч таван цул эрхтний жин нь европ хүнийхтэй ойролцоо байна. Монгол хүний дотоод эрхтний эс нягт, туслах эд буюу булчирхайн жин нь харьцангуй их байна гэсэн үг. Мөн уушигны урт өргөн, нарийн гэдэс нь урт, бамбай булчирхай, төмсөгний жин ээрэг нь гадаадын эрдэмтдийн (бусад орны хүмүүс дээр) тогтоосон хэмжээнээс бага зэрэг ялгаатай байдаг. Жишээ нь 1977 онд олон улсын судлаачид европ хүний уушигны уртыг 27- 30 см, өргөнийг нь 13-14 см гэж тогтоосон байдаг. Тэгвэл эрүүл Монгол эр хүний уушигны урт 20,2-23,5 см, өргөн нь 15,1-15,4 см байна. Уушиг 1-2 см илүу өргөн гэдэг их ялгаа. Гэтэл жингийн хувьд ойролцоо байдаг.
    Монгол хүнтэй холбоотой бас нэг сонирхолтой жишээг дор иш татан өгүүлэхийг хүснэ. Хүн сансрын жингүйдлийн байдалд ороход тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд заавал ордог юм байна гэж Монгол хүнийг сансарт нисэхээс өмнө эрдэмтэд үзэж байсан. Гэтэл Монгол хүн сансарт нисээд тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд орохгүй байсаар буцаж ирсэн. Үүний учир шалтгааныг эрдэмтэн судлаачид одоо хүртэл олж тогтоож чадаагүй байгаа. Энэ мэтчлэнгээр бидэнд бусдаас ялгарах зүйл яах аргагүй байгааг мэдэрч байсан учраас өвөг дээдэс маань тэнгэрийн өнгөөр өөрсдийгөө Хөх Монголчууд гэж нэрлэсээр ирсэн биз ээ. Бас өнөөгийн бидний мэдэхгүй учир шалтгаан байгааг ч үгүйсгэхийн аргагүй. Үндэстэн болгон өөрсдийгөө онцгой гэж үздэг. Гэвч ийм өвөрмөц юмуу, онцгой зүйл гарч ирж өгдөггүй нэг гачлан бусад хүмүүст байдаг. Мөн өөр нэг зүйл нэмэж дурдахад Өмнөд солонгосын угсаатан зүйч эрдэмтэд, антропологчид Монголчуудын угсаа гарлыг судалж үзээд 30 эцгийн хүүхдүүд юм байна. Монголчууд чинь гетерогени үндэстэн юм гэж тодорхойлсон. Тиймээс Монголчууд бид хүн төрөлхтөний язгуур чанарыг хадгалж байдаг гэх бүрэн үндэстэй. Учир нь ихэнхи үндэстнүүд, нэн ялангуяа азийн үндэстнүүд 5 юмуу, 6-хан эцгийн хүүхдүүд байдаг. Тиймээс цусаа цэвэршүүлэх шаардлага тэдэнд илүү их хэрэгтэй юу гэхээс биш бидэнд өчүүхэн төдий хэрэгцээтэй. Эцэст нь хэлэхэд молекул генетикийн судалгаагаар эртний хүний ДНХ-ийн дарааллыг тогтоож, түун доторх хувьсал өөрчлөлтийг үнэлэх боломж нээгдсэнээр бид өөрсдийн гарал угсааг илүү бодит баримт дээр тулгуурлан мэдэх боломжтой болсон. Молекул антропологийн судалгаанд гол 2 судлагдахуун байдаг ба эдгээр нь У хромосом болон митохондрийн ДНХ (мтДНХ) юм. У хромосом нь зөвхөн эцгээс хүүд дамжих бол митохондрийн ДНХ нь эхээс үр удамд (хуү, охинд) дамждагаараа онцлог юм.Митохондрийн ДНХ нь янз бүрийн удам угшлын (популяцийн) гарал үүслийг тогтооход хамгийн тохиромжтой хэрэгсэл бөгөөд антропологийн эволюци, удам угшлын генетик, анагаахын генетик, шүүхийн шинжилгээ зэрэг шинжлэх ухааны салбаруудад чухал судлагдахуун болдог. Зөвхөн эхээс үр удамд дамжих ба рекомбинаци явагдахгүй тул митохондрийн ДНХ-ийн олон янз байдал нь гагцхүү мутацаас үүдэлтэй бөгөөд энэхүү ялгаатай байдлыг ашиглан тогтсон гапло-төрхүүдийг (гаплотипүүдыг) бий болгосон.
    Ж.Бор
    Д.Баатар

  • ИРАН БӨХ МОНГОЛЫН ӨМНӨӨС БАРИЛДАЖ БУЙ АНХНЫ ТОХИОЛДОЛ БИШ

    Өгөдэй хааны үед өнөөгийн Ираны нутагт дийлдэшгүй хүчтэй, уран барилдаанч бөхийн сураг гардаг байжээ. Их хаан зарлигдаж түүнийг хоёр жилийн хүнд бэрх аян зам туулуулан байж Хархоринд авч ирэв. Ингээд Монгол бөхчүүдтэй барилдуулж үзэхэд түүнийг давах нэгээхэн ч гарсангүй гэнэ. Иймд хаан түүнд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээ шагнал болгон өгч Монгол нутагт үлдэхийг зарлигдсан байна. Өнөөгийнхөөр бол иргэншилийг нь сольчихсон гэсэн үг. Тэгээд долоо хоногийн дараа өнөөх амьд “шагнал”аа дуудаад юу болсоныг асууж гэнэ. Эмэгтэй “надад огт ойртсонгүй” гэхийг сонсоод хаан бөхийг дуудаж учрыг асуухад “хаантан минь миний толгой бөх барилдаж таныг цэнгүүлэх үүрэгтэй билээ. Хэрэв би эмэгтэй хүнтэй ойртож гэмээ нь ядарч сульдан, өрсөлдөгчдөө ялагдах үндэс болох тул…” хэмээн тайлбарласан байдаг. Өгөдэй хаан “чи зугаацуулахаас гадна бидэнд үр удмаа үлдээх ёстой, үгүй гэвэл бидэнд бөх олон бий, нэгний толгой мултарах харамсалтай биш” гэж байж албан ёсны хүргэнээ болгосон түүхтэй. Энэ түүхээс тэр цагт л Иранд бөх нь цэрэг дайны гэх анхдагч шаардлагаас давж, зугаа цэнгээний буюу спорт түвшинд хүрсэн байсан тухай анзаарагдана. Байлдааны мөнхийн бэлэн байдалд байх цэрэг армитай улсад очиж буй бөх өөрийг нь зөвхөн барилдуулж түүнээ харах сонирхолтой хэмээн бодож буйгаас анзаарагдаж байгаа биз дээ… Энэ ч яахав тэр үеийн түүх агаад хүчтэй байхдаа бид хүчээр иргэншилийг нь солиулдаг байв. Тэгээд хөдсөн дээл нөмрүүлж, монгол хүүхэн тэврүүлнэ. Харин өнөө цагт Саейд Моллай өөрөө биднийг гуйж ирэв. Бид хэн нэгнийг зандарч чадахаа байгаад өөрсдөө хоёр хөршдөө үргэлж зандаруулж, бусдын өмнө хормой дэвсэн гуйлга гуйх энэ цагт шүү дээ. Урьдын хүч чадлын сураг үгүй болж эгээ л хүн мичнээс үүссэн гэдэгт итгэмгүй шиг тэр цагийн хаадын үр үндэс гэхэд үнэмшимгүй доройд баригдсан биднээс иргэншил гуйж, төрийн далбаан дор минь барилдах эрх олж авсан. Манайхан жаахан андуураад байна. Хакухо японы иргэншилтэй ч гарцаа байхгүй Монгол хүн. Тэрэн шиг энэ залуу манай иргэншилтэй, манай далбаан дор зодоглох хэдий ч гарцаа байхгүй иран хүн. Түүний зүрх сэтгэлд фарс аялгаар ярих нутгийн хүн ард, аав ээж, өссөн төрсөн хот тосгод, дундад азийн толгорхог нутаг нь хадаастай бий. Түүнд Монгол уртын дуу таалагдах ч анхны хайрынх нь дурсамтай холбоотой иран дууг нь давна гэж байхгүй. Моллайн нандин бүхэн ирантай холбоотой. Ираны засгийн газраас түүнд үзүүлсэн шахалт ч эцсийн эцэст эх нутгаа, үндэс угсаагаа үзэн ядах шалтаг болохгүй. Бөхийн амжилтын оргил үеэ мэдэрч, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн учраас л тэр иргэншилээ сольсон. Гэхдээ дэлхийн аварга гэх ланжгар цолыг авсан хүнд баян тансаг орноос, үгүй ядахдаа бүр хятадаас ч иргэншил гуйх боломж бий. Дор хаяж л шашин шүтлэг ойролцоо казакстан биднээс хэд дахин илүүг түүнд өгч чадна. Гэвч тэр маш сайн бодож Монголыг сонгосон юм. Монгол нь Ирантай олон улсын маргаангүй. Тэр бүү хэл Ираны хувьд манай юм бүхэн ач холбогдол багатай. Гэсэн атлаа Жудо сайн хөгжсөн. Бэлтгэл хийх бололцоо өндөр, бэлтгэл хангагчид нь хүртэл маш хүчтэй. Ямартай ч амжилтын төлөө болохоос мөнгөний төлөө эх орноосоо урвасан гэж хэлэгдэхгүй тийм л газрыг сонгосон нь Монгол юм шүү дээ. Хэзээ нэгэн цагт буцаад очих бололцоо гарвал энэ бүхэн давуу тал болно гэдгийг ойлгож байгаа. Мэдээж Иран буцааж түүнд иргэншилээ олгодоггүй юм аа гэхэд хэзээ нэгэн цагт ойлголцол үүсэж Монголын иргэний хувиар эх нутагтаа очиход ч төвөг чирэгдэл аль болох бага гэж тооцсон биз. Эцэст нь манай танай нутаг гэж маазрах, Молом нэр өгөх ч дээ хөгжилтэй болохоос биш хүнлэг үйлдэл бол биш шүү. Тэр Ираны нэрийн өмнөөсөө чөлөөтэй барилдаж чаддаг байсан бол өнөөдөр алт авчих байсан ч байж мэднэ. Эх орноо, гэр бүлээ санахын хэцүү чинь явж явж хамгийн том шаналал шүү дээ… Түүнийг тамирчин хүнийх нь хувьд хүндэлж, өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэхдээ Монголын нэрийг гаргаж байгаад нь л ханацгаая. Бүрх малгай хазгай тавьж, Монгол дээл өмссөн Моллай гэх залуу охиныхоо духыг үнэрлэж гарынхаа тосыг энгэртээ арчиж буйгаар төсөөлөх эрх бидэнд байхгүй.

  • Г.ЭНХБАЯР: БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТАА ЦӨӨНХ БОЛООД АМЬДАРЧ БУЙ УРИАНХАЙ, ТУВА, ДӨРВӨД ИРГЭДЭД БЭРХШЭЭЛТЭЙ АСУУДЛУУД БИЙ…

     

    Өнөөдөр нэгэн залуутай танилцах гээд, бас уншигчиддаа танилцуулах гээд уулзаж байна. Сайн байна уу?

    Сайн, сайн байна уу? Хувьтай хүн хурнаар гэдэг шиг сайхан өдөр та Өлгий хотод маань ирсэн байна. Намайг Г.Энхбаяр гэдэг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул. Тува хүн байна. Гэр бүлийн хүн маань Өлгий хотод “Арвин” нэртэй ресторан ажиллуулдаг.

    Эхнэр нь ресторан ажиллуулдаг юм байна. Нөхөр юу хийж байна?

    Нөхөр бизнесийн салбарт туршлага багатай.Төрийн албанд ажиллаж байгаад, улмаар бизнесийн салбарт ороод 3 жил орчим болж байна. Суралцаад л явж байна. Ресторанаас гадна өөр шинэ бизнес рүү орох санаатай. Хийж буй ажлаараа дамжуулж, орон нутгийн хөгжилд дэм болоод, чаддаг зүйлээрээ тусалчих санаатай л явж байна даа.

    Аав, ээж нь бас Цэнгэл сумын уугуул хүмүүс үү? Өвөг дээдсээ хөөвөл аль нутгийн хүмүүс байна?

    Тийм ээ. Аав ээж маань ч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх. Ер нь Цэнгэл суманд голдуу Тува хүмүүс амьдардаг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум бол Монгол Улсад амьдардаг Тува хүмүүсийн өлгий нутаг гэж явдаг л даа. Дээр үед 3 том хошуу байсны Шар Даагийн буюу Хөх Мончоогийн Хошуугаар нутагтай хүмүүс л дээ, аав ээж минь. Аав минь Цэнгэл сумын урд талын Хар уулаар нутагтай. Ээж маань Хар уулын цаахан талд Улаан хус сумын Баян уул гэж бий. Тэр хавиар нутагтай. Ийм л угсаа гаралтай хүмүүс дээ.

    Монголд ойролцоогоор хичнээн Тува хүн амьдарч байна?

    Зарим нь хэл усаа мэдэхгүй, дээрээс нь энд тэнд тархаж амьдраад,яг тэд гээд тоо гаргахад хэцүү болчихсон. Сүүлийн үед зарим нь өөрийгөө Тува гэхээ ч больчихсон. Ер нь бол ойролцоогоор 10-15 орчим мянган хүн бий байх гэсэн багцаа тоо байдаг.

    Тэгвэл дэлхий дээр Тува хүн ер нь хэд байна вэ?

    ОХУ-д 360,000 орчим, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронд 10,000 орчим Тувачууд бий. Тэд бол Алтайн Урианхайн 7 хошууны гурван хошуу Тува байсан хүмүүсийн үргэлжлэл. Хил тогтооход Шинжаанд үлдчихсэн хүмүүс юм.

    Цөөхүүлээ байна шүү. Түүхэнд Тувачуудын талаар юу гэж өгүүлсэн байдаг вэ?

    Түүхийн хувьд Чингис хааны үеэс л улбаатай. Сүбээдэй баатрыг Тувачууд бидний өвөг дээдэс, Тувачуудын баатар гэж ярьдаг.

    Урианхай, Тува хоёр бол нэг гарал үүсэлтэй, ах дүү хүмүүс. Нэршлийн хувьд Тува ч гэдэг, мөн ерөнхий том утгаар нь Урианхай ч гэж нэрлэх нь бий.

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Тува хэлээр ярьдаг хүн байна гэхээр нь хамт машинд суугаад явсан л даа. Нэг ч үг ойлгоогүй?

    Тува хэл бол Алтай язгуурын хэл л дээ. Зарим нь Түрэг угсааны хэл гэдэг ч Монгол хэлнээс ч үг бий, мөн Түрэг үг ч бий. Гэхдээ би Алтай язгуурын хэл л гэж боддог.

    Алтай язгуурын хэл Японоос эхлээд, Иран, Ирак гээд яваад байх шиг?

    Тэгэлгүй яахав. Урал Алтай гээл аргагүй том л доо. Гэхдээ түүн дотроо “Өвөг” Алтай гэх юм уу даа, ОХУ-ын Алтайн улс байна. Хакасууд байна.Тэгээд Тувачууд, цаашлаад Якутууд бол хэл, гарал угсааны хувьд ойролцоо хүмүүс шүү дээ.

    Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

    Аав маань Орос хэлний багш хүн. Цэнгэл сумандаа, мөн аймгийн төвд, Ногоон нуур суманд багшилж байсан. МУИС төгсөөд, нутагтаа ирж, насаараа л багш хийсэн дээ. Ээж маань гэрийн сайн эзэгтэй. Ах дүү бид 6 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэн, бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлж, сайхан Тува ахуйгаар хүмүүжүүлж хүн болгосон ачтай буянтай хүн дээ.

    Зарим нь Тува гэдгээ хэлэхээс эмээж байхад танай гэр бүлийнхэн бол би Тува хүн гээд бардам зогсож байхаар л хүмүүжиж дээ?

    Тэгэлгүй яахав.Бид чинь Тува ахуйд төрж, өссөн.Тэр орчиндоо л хүн болж, амьдралын ухамсар, үнэ цэнийг олж авсан. Би нэг ах, хоёр эгчтэй. Хоёр охин дүүтэй.

    Ах, эгч, дүү нар бүгд дээд боловсролтой гэсэн. Та хэд маань ямар мэргэжил эзэмшсэн бэ?

    Том эгч маань аавын мэргэжлийг өвлөж, нийгмийн ухааны багш болсон. Ах маань эрдэм шинжилгээний ажилтан, хэл судлаач хүн байгаа. Би өөрөө хуульч, олон улсын эрхзүйгээр мэргэшсэн. Хоёр охин дүүгийн нэг нь багш, нөгөө нь эмч мэргэжилтэй. Аав ээж хоёр минь зургаан хүүхдээ бүгдийг нь дээд боловсролтой болгосон…

    Таны хувьд төрийн албанд олон жил зүтгээд, 3 жилийн өмнөөс л хувийн салбарт хүч үзэж байгаа гэсэн?

    Тийм ээ. Би төрийн тусгай албанд ажиллаж байсан. Мөн сүүлд нь дипломат албанд ажиллаж байгаад, одоо хувийн бизнест хүч үзээд явж байна.

    Хаана хаана очиж ажиллаж байсан бэ?

    Баян-Өлгий аймагтаа арваад жил, мөн Улаанбаатар хотод ажилласан. Турк Улсын Анкара хотод Монгол улсаас суух Элчин сайдын яаманд 4 жил ажилласан.

    Та чинь тэгвэл Турк хэлтэй, аягүй бол Казак хэлтэй байх нь ээ?

    Тэгэлгүй яахав. Би Турк Улсад дээд сургууль дүүргэсэн. Мөн Турк улсад 4 жил дипломат албанд ажилласан учраас Турк хэлний мэдлэг бол нэлээн боломжийн.

    Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг Тува айлд орж хэсэг ярилцахад хүүхэд нь сургууль дээрээ Монгол хэл, Тува хэл үздэг. Мөн Казак хэл заалгадаг гэж байсан ?

    Цэнгэл суманд Тува бага сургууль бий. Уг бага сургууль нь хос хэлний хөтөлбөрөөр хичээллэдэг. Бага сургуулиа төгсөөд дунд сургуульд суралцахдаа зөвхөн Монгол хэлээр хичээл нь ордог юм. Ингээд Монгол хэлээ албан ёсны боловсролын хөтөлбөрөөрөө сурчихна. Мөн Казак айлууд байдаг учир амьдарч байгаа орчиндоо Казак хэл сурчихна. Тува хэлийг гэр бүл дотроо сурчихдаг. Энэ бол маш том давуу тал.

    Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?

    Манай гэр бүлийн хүнийг н.Пүрэвсүрэн гэдэг. Урианхай гаралтай. Оорцогын хүн л дээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцаж байхдаа танилцаж гэр бүл болсон. Эдийн засагч мэргэжилтэй. Арваад жил банкинд ажилласан. Одоо хувийн бизнестээ анхаараад явж байгаа ийм бүсгүй байна даа.

    Танай гэр бүлийн энэ бизнесийг хүмүүс их сайшааж, магтахыг сонсоод эхнэрээс тань анх ярилцлага авья гээд ирэхэд манай нөхөр л ярилцлага өгнө гэж байсан. Тэгээд хийдэг нь өөрөө, хэлдэг нь нөхөр юм уу? гээд тоглоом хийж байлаа. Та хоёр маань хэдэн хүүхэдтэй вэ?

    Манайх гурван охинтой. Том нь 11-р анги. Удаах нь 10-р анги. Бага нь 6-р ангид сурч байна.

    Тэгэхээр та хоёр маань залуу гэр бүл юм байна шүү дээ?

    Залуу ч гэж, ер нь хожуу гэр бүл болсон. Үеийн нөхдийн маань хүүхдүүд эхнээсээ их, дээд сургууль төгсчихлөө л дөө.

    Баян-Өлгий аймаг үнэхээр л нэр шигээ, аль ч суманд нь очсон дуу алдахаар үзэсгэлэнтэй, Монголчууд маань зайлшгүй очиж үзэх ёстой нутаг юм даа гэж бодогдлоо?

    Би өөрөө төрж өссөн болоод ч тэр юм уу, дэлхийн хэд хэдэн оронд очиж үзсэн хэдий ч Алтай нутгаа улам илүү таньж мэдэх ёстой гэж санагддаг. Сэрүүн Алтай гэж ярьдаг шүү дээ. Зундаа сэрүүхэн, өвөлдөө өндөр уулсаараа хүрээлүүлсэн нөмөртэй сайхан газар. Алтай нутаг маань Монгол орны үүц юм болов уу гэж боддог.

    Нутаг усаа магтаад, гурван зүйлийг нь онцлоод хэлээч гэвэл?

    Алтайн сүрлэг уулс, эрэлхэг дайчин иргэд.Яагаад эрэлхэг дайчин иргэд гэхээр Алтай нутаг сүрлэг сайхан хэдий ч нөгөө талдаа цаг агаар, уур амьсгал нь амаргүй, бэрх, эрс тэс уур амьсгалтай. Энэ нөхцөлд мал ахуйгаа, ажил хөдөлмөрөө эрхлээд амьдарна гэдэг амаргүй юм.Гуравдугаарт, сайхан гол, ус мөрөн элбэгтэй. Та гуравхан зүйлийг онцолж хэлээч гэсэн учраас энэ гурвыг онцоллоо. Түүнээс ер нь олон зүйлийн араатан жигүүртэн гээд бахархам онцлогтой зүйлс ихтэй нутаг даа.

    Баян-Өлгий, Ховд, Увс нутгийг олон ястны өлгий гэж ярьдаг шүү дээ. Та бүхэн маань соёлын хүрээнд ч тэр, бусад салбарт ч хоорондоо яаж хамтарч ажиллаж, амьдарч байна вэ?

    Баян-Өлгий аймаг 1940 онд байгуулагдсан. Хүн амын дийлэнхи нь Казак түмэн. Уугуул иргэд нь бол энэ нутагтаа хэдэн үеэрээ амьдарч ирсэн Урианхай, Тува, Дөрвөд ястнууд. Сүүлийн үед мөн ажил албаны шугамаар өөр олон үндэстэн, ястнууд амьдарч байна.
    Мэдээж энэ олон үндэстэн, ястнуудад соёлын болон сэтгэлгээний, мэдлэгийн гээд ялгаатай зүйлс олон бий. Үүнээс үүдэлтэй жижиг сажиг үл ойлголцол байдаг. Гэхдээ энэ бол хаана ч байдаг зүйл байх. Ерөнхийдөө хоорондын эв найрамдал, хүндэтгэл, харилцаа сайн байдаг шүү. Цахим орчинд Баян-Өлгий аймагт амьдарч байгаа үндэстэн, ястны асуудлыг дэвэргэж, хөөргөх үйлдэл цөөнгүй байна. Магадгүй зарим нь янз бүрийн бодолтой хүмүүс ч байдаг байх. Баян-Өлгий аймагтаа цөөнх болоод амьдарч байгаа Урианхай, Тува, Дөрвөд иргэдийн хувьд бэрхшээлтэй асуудлууд байдаг л даа. Ялангуяа сонгох, сонгогдох асуудал дээр хэн нь сонгогч олонтой байна, тэр нь л гараад ирнэ ч гэдэг юм уу? Үүнээс улбаатайгаар төлөөллөө зохих түвшинд гаргаж чаддаггүй гэдэг ч юм уу? Улстөрд төлөөлөлтэй байж төрөөс ирж байгаа боломжуудыг тэгш хүртэх, түүнийг авах орчин бүрдэнэ ч гэдэг юм уу? Иймэрхүү хүндрэлтэй асуудлууд бий…

    Баян-Өлгий аймгийн иргэдийн хуралд Казак үндэстнээс өөр төлөөлөгч бий юу?

    Өнгөрсөн 4 жилийн хугацаанд байхгүй байсан. 2020 оны АИТХ-ын сонгуулиар Буянт сумаас нэг Монгол нэр дэвшигч сонгогдож, төлөөлөгч болсон.

    Тэр хүн маань яаж сонгогдсон байна?

    Буянт сумын хүн амын 50 гаруй хувь нь Урианхайчууд л даа. Өмнө нь ч Аймгийн ИТХ-д Урианхай хүмүүс сонгогддог л байсан юм.

    Би УИХ-ын гишүүн байхдаа Монгол-Хятадын парламентийн бүлгийн дарга байсан. Тэр үед БНХАУ-д хэд хэдэн удаа айлчлал хийж байсан. БНХАУ-д эмэгтэй квот гэж байдаг. Гурван даргын нэг нь эмэгтэй байх. Мөн Өвөрмонгол, Шинжаан Уйгарт ч юм уу гурван даргын нэг нь заавал үндэсний цөөнхи байна гэх мэтээр үндэстэн, ястны оролцоог бүрдүүлдэг квот байдаг?

    Баян-Өлгий аймагт одоогоор тийм зүйл алга. Ардчилал гэдэг утгаараа хэн олонхийн санал авч чадсан байна, тэр тал нь удирдлагаа бүрдүүлээд явчихдаг. Энэ асуудлыг улстөрийн намууд дотроо илэн далангуй, сайн хэлэлцэж ярилцах ёстой болов уу. Үүнийг нууж хаах зүйлгүй шүү дээ. Зөвхөн үндэстэн, ястны асуудал ч биш, өөр өөр эрх ашиг, сонирхолтой хүмүүсийн эрх ашгийг нь тэгш хангахийн тулд намууд хэлэлцээ явуулдаг шүү дээ. Үүнтэй адилаар цөөнхи дотроо цөөнхи болж амьдарч байгаа, сонгох сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэдийнхээ эрхийг хангасан бодлогыг намууд дотроо сайн хэлэлцэж, зөв төлөвшүүлээд, дэмжээд явчихад болмоор санагддаг. Жишээ нь: Баян-Өлгий аймаг дотроо квот олгож болмоор санагддаг юм. Манай аймаг бусад аймгаас онцлог зүйл нилээн бий. Жишээлбэл Аймгийн Засаг дарга нь 2 орлогч даргатай. Үүний нэг орлогч даргыг нь аймгийнх цөөнхи иргэдээс томилох ч гэдэг юм уу? Ингэж байж цөөнхи иргэддээ хүрч ажиллах, тэдний орхигдоод байгаа, зөрчигдөөд байгаа эрхийг нь, асуудлуудыг нь төрийнхөө бодлогод тусгах боломж бий болох болов уу?

    Таны хувьд ямар намын гишүүнчлэлтэй вэ?

    Би нам бус.

    Сонгох сонгогдох эрхийн асуудал ийм байгаа юм байна. Сурч боловсрох, мэдлэг авах эрх ямар байна? Үндэстэн, ястны хэлээ сурах боломж нь хэр байна вэ?

    Боломж нь бий. Төр засгаас, яамны түвшинд ч, боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудын түвшинд ч энэ асуудал байнга яригддаг. Ялангуяа Баян-Өлгий аймгийн хувьд хос хэлний хөтөлбөрийг нутагшуулах гээд зориод явж байгаа. Өөр хос хэлтэй улс орны туршлагийг нэлээн судалдаг. Миний мэдэхээр Казахстан улсаас туршлага судлаад ирсэн, Киргизээс туршлага судалсан. Гэх мэтээр гадны орнуудаас туршлага судлаад, үүнийгээ нутагшуулах гээд явж байна л даа. Гэхдээ тодорхой хэмжээнд хүндрэл бэрхшээл байлгүй яахав.

    Хос хэлний боловсрол гэдэг нь Казак хүүхэд Монгол, Казак хэлээр сурах, Тува хүүхэд Монгол, Тува хэлээр сурах асуудлыг л яриад байна уу?

    Тийм ээ.

    Гол асуудал нь манай аймагт “Цөм” хөтөлбөрийн хүрээнд бүрэн дунд боловсрол Монгол хэлээр явагдана гэдэг шугамаар явж байгаа юм. Гэхдээ үүнийг Казак хүүхэд ойлгохгүй бол Казак багш нь Казак хэлээр тайлбарлаад явчихаар нөгөө хүүхэд маань Монгол хэл сурах боломж нь, эрх нь хязгаарлагдмал болчихоод, дунд боловсрол эзэмшсэн хэр нь Монгол хэлний мэдлэг нь тааруу байдаг нь үүнтэй л холбоотой юм л даа.

    Баян-Өлгий аймгаар явахад Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байрлах тохиолдол цөөнгүй байсан л даа. Тэгээд дотуур байранд байгаа хүүхдүүдтэй ярилцах гэхээр бага ангийн хүүхдүүд нь Монгол хэлийг огт мэдэхгүй шахам. Орчуулагч багшаар дамжуулж харилцдаг ч юм уу? тийм тохиолдол их. Харин ахлах ангийн сурагчид нь их, дээд сургуульд сурахад шаардлагатай гэдэг утгаараа ч юм уу? Монгол хэлээр харьцангуй сайн ярих нь ажиглагдсан л даа?

    Тийм зүйл байгаа. Орчин бүрдэхгүй байна. Хос хэлний хөтөлбөрт энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ойлголт алга байна. Мэдээж арай дэвшилттэй, шинэлэг гэсэн зүйлийг туршиж байгаа болов уу? Намайг Анкара дахь Элчин сайдын яамд ажиллаж байхад Баян-Өлгий аймгаас очиж суралцаж байгаа олон хүүхэд байсан л. Тэдгээр хүүхдүүд дунд харамсалтай нь Монгол хэлээ мэдэхгүй нь ч байсан. Тэгээд нутгийн хүүхдүүд гэдэг утгаар нь цуглуулж байгаад, та нар маань энд сурч байгаа Монгол оюутнуудтайгаа найзалж, дотносож, тэднээсээ Монгол хэлээ суралцах хэрэгтэй. Энд сургууль төгсчихөөд зөвхөн Баян-Өлгий аймагт л ажиллана гэж жижиг орчноор амьдралаа төсөөлж болохгүй. Монгол бүү хэл дэлхий даяарчлагдсан энэ үед Монголын шилдэг компаниудад ажиллах шаардлага гарна. Тэр үед Монгол хэлээ сайн мэддэг байхгүй бол ажил олгогчийн шаардлага хангахгүй шүү дээ гэж хэлж байсан.

    Энэ асуудал ганц Баян-Өлгийд ч биш, жишээлбэл Улаанбаатарт гадаад хэлний сургалттай сургуульд хүүхдээ багаас нь явуулчихсан чинь нөгөө хүүхэд нь Англи хэлээр ярьдаг, зүүдэлдэг, боддог болчихсон. Өвөө эмээтэйгээ ч ойлголцохоо болиод ирэх гэх мэт асуудал үүсээд байна л даа?

    Бид дэлхийтэй хөл нийлүүлж алхах ёстой нь үнэн. Тэгэхээр гадаад хэл, ялангуяа Англи хэл сурах шаардлагатай. Гэхдээ Монгол хэлээ бүрэн төгс сурч, эзэмших зайлшгүй шаардлагатай л даа.

    Энэ асуудал зөвхөн Баян-Өлгий аймагт биш, Монгол Улсад тулгарчихаад байгаа асуудал юм шиг санагдаад байгаа учраас хөндөж ярилаа л даа. Намайг УИХ-ын гишүүн байхад, ер нь түүнээс ч өмнө, арван даргын нэгийг нь Казак хүнээр тавих ч гэх юм уу? үндэсний цөөнхөө илүү анхаарах, илүү хүндлэх харилцаа байсан. Өнөөдөр эргээд бодоход тэгж онцгойлон анхаарах асуудал биш юм шиг надад санагдаж байна. 21 аймгийн л нэг. Адилхан Монгол Улсын л иргэд. Заавал ингэж онцгойлох шаардлага юу билээ гэж бодогдох болсон. Үүнийг та үгүйсгэх үү?

    Энэ бол улс орон бүрийн үндэсний цөөнхийнхөө талаар барих бодлого, жанжин шугамтай холбоотой асуудал байх л даа. Шаардлагатай тохиолдолд төр үндэсний цөөнхдөө дэмжлэг үзүүлэх ёстой байх.

    Хамгийн сүүлд гэхэд Х.Баделхан гишүүн сайд боллоо шүү дээ?

    Тийм ээ. Цөөнхийн төлөөлөл тэнд байгаа гэж бодохоор энд амьдарч байгаа Казак ард түмний сэтгэл нь өег гэдэг ч юм уу, социалист нийгмийн үед ч явж байсан бодлого юм билээ. Түүнтэй адилаар төр засаг Баян-Өлгий аймагт амьдарч буй Казак түмнийг үндэсний цөөнх гээд дэмжиж байгаа бол түүн дотор амьдарч байгаа Дөрвөд, Урианхай, Тува иргэдэд ч мөн адил хүлээлт байгаа юм л даа. Төр засгаас явуулж байгаа бодлогын үр шим бидэнд ч тусах ёстой гэдэг ч юм уу? Аймагтаа, сумандаа, амьдарч байгаа орчиндоо нөгөө төлөөлөл байх гэдэг асуудал гараад ирж байгаа юм л даа.

    Цөөнхийн цөөнхи?

    Яг энэ цөөнхийн цөөнхи гэдэг нэршил бол надад зөв нэршил биш санагдаад байгаа юм. Яг өнөөгийн хэвшсэн олонхийн сонгуулиар энэ асуудал шийдэгдэж чадахгүй байгаа. Иймээс намууд нь тусгайлсан бодлого гаргадаг ч юм уу, квот үүсгэдэг ч юм уу, янз бүрийн шийдэл байгаа.

    Жишээ нь: Цэнгэл сумын сонгуульд өрсөлдөх намууд хоорондоо тохироод, Урианхай, Дөрвөд, Тува иргэдээсээ хэд, хэдэн хүн нэр дэвшүүлье гээд тохирчих нь байна шүү дээ?

    Тийм ч байж болно. Ер нь олон шийдэл байгаа. Мэдээж хэрэг аль нэгэн намыг дэмжигч Урианхай, Дөрвөд, Тува иргэд байж л байгаа. Үүнийгээ сайхан хоорондоо ярилцаад, нэгнээ сонсох хэрэгтэй. Ингэж байж дундын шийдэл гарах болов уу.

    Энэ асуудлыг яагаад хөндсөн бэ? гэхээр социализмын үеэс өнөөдрийг хүртэл олонхи нь цөөнхөө гэдэг бодлыг тээж шийдвэр гаргадаг. Энэ бодлого одоо ч байгаа. Яг үүнтэй адилхан Баян-Өлгий аймагт олонхи нь болчихсон байгаа Казак иргэд маань бас цөөнхөө бодож шийдвэр гаргадаг байгаасай гэж л таныг өдөж асуусан юм?

    Энэ асуудлаар сонгуулийн дараа шинээр томилогдсон Баян-Өлгий аймгийн Засаг Дарга, ИТХ-ын даргатай цөөнхийн төлөөлөл болсон Урианхай, Тува, Дөрвөд иргэдийн төлөөлөл уулзаж, нилээн ярилцаад, та бүхэн минь тулгамдаад байгаа асуудлууд дээр анхаарч өгөөрэй. Мөн төр засгийн сонорт хүргэж, шийдэж өгөөрэй гэдэг хүсэлт тавсан. Яг өнөөдрийн байдлаар шийдчихсэн зүйл алга. Гэхдээ шийдлийг нь хайж, эрэлхийлж байгаа болов уу гэж бодож байна.

    Таныг энэ төвөгтэй асуудлаар бага ч гэсэн яриулсандаа миний хувьд баяртай байна. Яагаад вэ гэхээр яг энэ асуудлыг хөндөж байгаа хүмүүс их цөөхөн байна. Та бид хоёр багагүй эр зориг гаргалаа гэж бодож байна?

    Бодит байгаа асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гаргаж ярих ёстой гэж боддог юм. Та ч мэдэх байх. Чингис хаан Хэрэйд аймгаас туслалцаа аваад, нөгөө найман аймагтай, Хонгирадуудтай харилцаад явж байсан түүхтэй шүү дээ. “Нууц товчоон”-д ч энэ талаар орчуулагчаар дамжуулж харилцаж байсан гэсэн зүйл байдаггүй шүү дээ.Тэгэхээр хэл ус, бүх л зүйл нь ойролцоо байжээ.Дэлхийд өнөөдөр бид бүгд эсгий туургатны соёлын гол төлөөлөл хүмүүс.

    Сэтгэлгээний хувьд, Алтайн соёл, эсгий туургатны соёл гээд олон талаараа ойролцоо.Тийм учраас өнөөгийн орчин цагийн нөхцөлд тааруулж, хоорондоо ойлголцоод, бие биенээ дэмжээд, эв найрамдалтайгаар, уламжилж ирсэн зүйлээ хадгалаад цаашаа явах бүрэн боломжтой.

    Олон хүний дотор яваад байдаг хэр нь ил гаргаж ярьдаггүй сэтгэл зовнил байдаг. Ил харагдаад байдаггүй энэ төвөгтэй асуудлыг хоёулаа зоримог сайхан ярилаа. Үүнийг олон хүн уншаасай. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс нэгийг бодож, шийдвэр гаргаасай гэж хүсч байна. “Бидний цөөхөн монголчууд” төслийн маань гол зорилго бол энэ цагийн Монголчуудаа түүхчлэн авч үлдэх, тухайн хүнээ нилээн ухах зорилготой юм. Гэхдээ өнөөдөр таныг нэг их ухсангүй. Нөгөө асуудлаа голлож ярьсаар байгаад таарлаа. Гэхдээ сайхан яриа боллоо. Тантай ярилцсандаа маш их баяртай байна. Та бүхэндээ ажилд нь амжилт, хамгийн дээд, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Та бүхэнд бас баярлалаа. Монгол Улс төдийгүй, хил даваад, гадаадад амьдардаг өнөө цагийн Монголчуудынхаа ахуй амьдрал, бодит байдлыг эрэн сурвалжилж, сум бүрээр, баг бүрээр очиж, хүн бүртэй уулзаж байгаа нь танин мэдэхүйн маш том ач холбогдолтой гэж хардаг. “Бидний цөөхөн монголчууд” төслийн бичлэг, зураг, яриа хөөрөөг байнга үздэг. Бидний мэдэхгүй олон зүйлийг үзүүлж, таниулдаг энэ сайхан төслийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэе.

    Таны аавын талаар ярихад надад нэг Тува өвгөний түүх санагдсан юм. Өнгөрсөн жил ковидын улмаас ОХУ-ын нийслэл Москва хотод би нилээн удаан хугацаагаар хөл хорионд байсан. Тэр үедээ бас зүгээр суулгүй олон хүнтэй уулзаж ярилцлага хийсэн л дээ. Энэ үеэрээ н.Гомбо гэж өвгөнтэй танилцсан юм. Увс аймгийн Давс сумын хил залгаа нутагт төрсөн. Ер нь Монгол хүн юм билээ.

    Санхүүгийн мэргэжил эзэмшээд сумандаа нягтлан хийдэг, унаган Монгол хэлтэй. Нутгийн Тува хэлтэй. Гэтэл нэг өдөр Москвагаас яриад Москва хотын Хилийн цэргийн академид орчуулагч, багшаар ажилд авчихаж. Тэр сургуульд нь Монголын хилийн цэргийн албан хаагчдын ихэнхийг нь бэлддэг юм байна. Орос багш нар, Монгол оюутнууд хооронд орчуулгыг хийж өгдөг. Монголын хилийн цэргийн албан хаагчдын 400-500 нь тэр хүний шавь нар. Нөгөө өвгөн би Монгол явахад паспорт хэрэг болохгүй. Манай шавь нар намайг мөрөн дээрээ өргөөд л явна гэж надад дэгсдүүлж онгирч байгаа юм. Таны аавыг Орос хэлний багш гэж ярихад тэр хүн санаанд орлоо. Аливаа хоёр орны харилцаанд хэл гэдэг маш чухал юм. Тува Улсын Ерөнхийлөгч байсан Шолпан дарга, өөр олон хүмүүстэй уулзаж байхад нэг сонин зүйл сонссон.Тува улсын төрийн дууллыг Баян-Өлгий аймагт амьдардаг хоёр Тува залуу бичсэн гэж. Энэ үнэн үү?

    Тэр үнэн шүү. Одоо тэтгэвэрт гарчихсан, тухайн үедээ хилийн цэрэгт алба хааж байсан хоёр хилчин хүн бий.Энэ хоёр хүний Тува түмнээ, Тува нутгаа магтаж, омогшлоороо бичсэн дуу л даа. Хилийн цэрэгт, заставуудаар ажиллаж явж байхдаа бичсэн. Тэр сайхан нутаг ус, байгаль дэлхийгээ хараад онгод нь ороод бичсэн юм болов уу даа. Нэг нь ая оруулаад энэ сайхан дуу бүтсэн юм билээ. Тэр дууг Цэнгэл сумын Тувачууд маань сүлд дуугаа болгоод, дуулаад их олон жил болсон. Тэгээд ОХУ-ын Тува Улсын уран бүтээлчид ирээд, нөгөө дууг сонсоод маш их сонирхож сураад, нутагтаа очоод түгээн дуулсан байгаа юм. Тэгээд Тувагийн алдарт дуучин Андрей Монгуш мөн дуулж алдаршуулаад, ингэж явсаар байгаад тухайн үеийн Тува Улсын Ерөнхийлөгч энэ дуу бол их сүнслэг, Тува хүнийг дэлхийд алдаршуулсан дуу байна. Энэ дууг төрийн дууллаа болгоё гээд шийдвэр гаргасан байдаг юм. Ингээд уг дууг зохиосон хоёр хүнд Тува улсын Гавьяат цол олгож, нилээн дэмжсэн.

    Таны хувьд Тува үндэстнийхээ ёс заншлыг түгээн таниулахад анхаарал их хандуулдаг юм шиг анзаарагдсан л даа. “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг Баян-Өлгийн Цэнгэл суманд ажиллах үеэрээ Тува үндэстний хурим, найр, наадам гээд ёс, зан заншилтай холбоотой бүхий л зүйлийг бүрэн дүрсжүүлж авсан байгаа. Үүнийгээ удахгүй нэвтрүүлэг болгох гээд ажиллаж байна. Бэлэн болсон үед нь уг сайхан соёл, ёс заншлыг олон түмэнд түгээх, таниулах ажилд бид таны хамтрагч шүү гэдгийг хэлэхэд таатай байна.

    “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамт олонд маш их баярлалаа. Уншиж байгаа хүмүүстээ сонин болгоод товчхон хэлэхэд Тува хэлийг Түрэг гаралтай гэж их ярьдаг л даа. Миний хувьд Түрэг биш, Алтай язгууртай гэж хэлнэ. Тувачууд бол Өвөг Алтай хэлний тээгч ард түмэн юм. Бөөгийн шүтлэгтэй, нэлээн хожуу Алтайн хязгаарт Буддын шашин дэлгэрэхэд уг шашинд орсон. Уул овоогоо тахиж шүтдэг. Ёс заншил бүх зүйлээрээ нийтлэг. Баруун Монголын үндэстэн, ястнуудтай ижил ард түмэн дээ.

    Сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа.Таныг, хувь хүнийг нь л ухаж амжсангүй…

    Дараа дахин ирээд ухах байх аа гэж бодож байна.

    Баярлалаа.

     

  • “ААВЫГАА ХАРААГҮЙ Ч НЭРИЙГ НЬ СОНСООД ХАРИУЦЛАГА ҮҮРЧИХСЭН”

    Дархан хотод ном түрээслэн уншуулах үйлчилгээ, номын худалдаа эрхлэн амьдардаг тэрээр таван настайдаа уншиж сурснаар дунд сургуулийн хоёрдугаар ангиас дэлхийн сонгодог зохиолуудыг уншиж “Горькийн нэрэмжит хүүхдийн номын сан”-гийн байнгын уншигч болжээ. Аавынхаа авьяасыг өвлөж багаасаа зураг зурж, шүлэг бичдэг байсан тэрээр “Би бол чи” нэртэй анхны номоо 2018 онд хэвлүүлсэн юм байна.

    “Чи авьяас билэгтэй, эрдэмтэй аавын охин учраас муу явж болохгүй шүү” гэж захидаг байжээ

    Аавынхаа төрсөн нутагт

    Нийгэм ороо бусгаа, үзэл суртлын хайч гээч зүйл үл үзэгдэх атал юуг ч үл хайрлан тас хяргаж байсан 60, 70-аад оны “шуурга”-нд найрагчийн өөрийнх нь шүлэглэсэнчлэн шунхан улаан залуу насныхаа эрхээр шувуу шиг нисэн өнгөрсөн гал цогтой яруу найрагч бол Ренчиний Чойном байсан билээ. Олон бүсгүйд зориулж шүлэг бичсэн ч тэрээр гурван эмэгтэйг чин сэтгэлээсээ хайрлан амьдрал холбож, үрийн зулай үнэрлэжээ. Өдгөө түүний үргэлжлэл болж сувд шиг гурван сайхан охин үлдсэний нэг нь манай “Амьдралын тойрог”-ийн зочин Чойномын Мөнхтэмүүлэн юм. Тэрээр төрсөн эцгийн хайрыг үзэх битгий хэл барааг нь ч хараагүй. Сургуульд орохдоо ээжээрээ овоглож, заримдаа хойт эцгийн нэрээр овоглож явсан бөгөөд 1990 оны ардчиллын нөмөрт төрсөн эцгээрээ овогложээ.

    Ч.Мөнхтэмүүлэнгийн ээж бол нэрт найрагчийн зохиол бүтээлд нэрээ үлдээгээд зогсохгүй, отгон охиныг нь төрүүлсэн тэр үеийн хотын сайхан бүсгүйчүүдийн нэг, орос хэлний багш Дашдондогийн Туул агсан юм. 1966 оноос нэрт найрагч эсэргүү шүлэг бичиж, нийгмээ шүүмжилсэн гэх хилс хэргээр шоронд орж, 1970-аад оны дундуур сулагдаад удаагүй байж. Зохиол бүтээл нь хаалттай, нийтэд уншихыг хориглосон тул оюутны уулзалт, үдэшлэгт нууцаар очиж шүлгээ уншина. Ингэж явахдаа МУИС-ын оюутан, өөрөөсөө 14 насаар дүү өндөр цагаан бүсгүйтэй танилцсан нь Д.Туул байжээ. Бүсгүй өөрөө шүлэг найрагт дуртай, урт урт найраглалыг цээжээр уран тод уншихын зэрэгцээ Оросын мөнгөн үеийн яруу найрагчдын зохиол бүтээлээс ч уншина. Ийнхүү тэд яруу найргийн гэрэлд татагдаж, залуу насны итгэл сэтгэлээр хөглөгдөн ижил дасал болсон гэдэг. Гэвч тэдний дурлал амьдрал болж үргэлжлээгүй. Мөнхийн мөрдлөг, хавчлага шахалт, дарамтад амьдарч явсан Р.Чойномын хувьд амьдрал зохиож, үр хүүхдээ өсгөн налайж суух боломж байгаагүй тул хоёр тийш болжээ. Нэрт найрагч өмнөх эхнэр Н.Нинагаасаа ч мөн ийм л шалтгаанаар холдсон гэдэг. Хоёр бүсгүй хэн, хэнийхээ тавиланг давтсан өрөөсөн заяаны эзэд юм. Охин үрс нь ч эцэг, эхийнхээ хүсээгүй салалтын гунигт тавилан, өнчрөл хагацлын гашууныг амсч өсч торницгоожээ. Мөн тэднийг хоорондоо сайн харилцаатай байсан, Д.Туулыг өвдсөн үед Н.Нина биеийг асууж утсаар ярьдаг байсан хэмээн мэдэх, таних хүмүүс дурсдаг.

    Д.Туул шаардлага өндөртэй, зарчимч бүсгүй байжээ. Тэрээр охиноо бага байхад аавынх нь талаар хэлдэггүй байж. Харин 13-14 хүрч юмны наад цаадыг ялгаж салгаж ойлгохтой болох үед нь “Чиний аав уран бүтээлч хүн байсан. Нэр хугарахаар яс хугар гэж үгтэй. “Эмэгтэй хүн эрдэм боловсролтой байх ёстой. Чи авьяас билэгтэй, эрдэмтэй аавын охин учраас муу явж болохгүй шүү” гэж захидаг байжээ.

    Аавыгаа огт харж байгаагүй, юу хийдэг ямар хүн байсныг ч мэдэхгүй бяцхан охин Мөнхтэмүүлэн гэнэт ийм хариуцлага үүрч, орос сурах бичиг үзэж, зузаан ном тэвэрч суухдаа “Би жирийн хэн нэг хүний хүүхэд байхгүй яав даа” гэж бодох үе ч байжээ.
    Д.Туул бүсгүй айлын 13 хүүхдийн нэг хэдий ч эцэг эхээс дөрвүүл үлдэж, хожим тэднээсээ хагацаж хүний ганц охин болсон. Аав ээж нь Октьябрийн хувсгал эхэлж цаг төр үймэх үеэр Оросоос Монгол руу ирж Сэлэнгэ аймгийн нутагт амьдарч байгаад Улаанбаатарт суурьшсан буриад хүмүүс байсан тул мөн л нийгмийн шахалт хавчилтад амьдарч байж. Дээр нь цаг үедээ адлагдсан яруу найрагч Р.Чойномтой ханилснаар түүний амьдрал мөрдлөг хавчлагад өртөж бүр ч амаргүй замыг туулжээ. Хожим цэргийн хүнтэй гэрлэж нэг охин төрүүлсэн ч ой ч хүрээгүй байхад нь хадмуудын зүгээс “Эсэргүүний эхнэртэй ханиллаа, цол тушаал ахихгүй хэцүү” гэсээр тэд салж, охиноо ч хүнд өргүүлжээ. Гэхдээ тэрээр сайн цагийг үзэж, 1990 оны эхээр Р.Чойномыг цагаатгасан Улсын Дээд шүүхийн шийдвэрийг гардан авч, 1998 онд охин Ч.Мөнхтэмүүлэнгээ 22 настай оюутан байхад нь бурхан болжээ.
    Ч.Мөнхтэмүүлэн хүнд өргөгдсөн дүүгээ хаана явааг мэдэхгүй. Нэг өдөр зүс мэдэх хоёр эмэгтэй ирээд “Дэлгүүр рүү молоко аваад ир” гэж охиныг гүйлгээд ирэх хооронд нь авч яваад хүнд өргүүлчихсэн байж. Хэнд өргүүлснийг нь тэр үед ээж нь ч мэдэж чадаагүй гэдэг. Өдгөө ээжийнх нь талаас түүнд хамаатан садан байхгүй. Харин “Өд” сангийн Д.Ганболд ахтай хааяа утсаар ярьж аавынхаа хэвлэгдсэн номноос авахаас гадна зарим үед бага сага тусламж гуйдаг. Д.Ганболд ах ч тав арав гээд л боломжоороо тусалдаг” гэв. Ч.Хулан \Н.Нинагаас төрсөн охин\, Эрдэмном \Лхагважаваас төрсөн охин\ гэж ээж өөртэй ч эцэг нэгтэй хоёр эгч түүнд бий. Гэвч тэд бие биеэ сургаар мэдэж сүүлд бараа бараагаа харж эгч дүүс гэдгээ мэдэлцсэн байна.

    Ч.Мөнхтэмүүлэн ээжийгээ нас барсны дараа Н.Нина дээр очиж, Хулан эгчтэйгээ уулзжээ. Ээж нь амьд сэрүүндээ түүнийг аавтайгаа адилхан гэж ярьдаг байсан бол бусад хүмүүс Хулан, Мөнхтэмүүлэн хоёрыг хоорондоо усны дусал шиг адилхан гэлцдэг аж. Түүний хувьд нэлээд хожуу “Өд” сангаас аавынх нь ургийн баярыг хийхэд хүүгээ дагуулан очиж Хулан эгчтэйгээ уулзжээ. Харин Эрдэмном эгчтэйгээ бүр сүүлд одоогоос хоёр жилийн өмнө л анх уулзалдаж танилцжээ. Мөн “Өд” сангийн урилгаар аавынх бүтээлээр нэрлэсэн “Оюухай” наадамд очиход сүрэг зээр зам хөндлөн давхиж, хос тогоруу нисч байсан бол буцахад нь бороо орж солонго татаж их найрагчийн нутаг бэлгэ дэмбэрэл дүүрэн угтаж үдсэн гэнэ. Одоо аавынхаа нутаг руу явбал тэрээр гэр бүлээрээ очих бодолтой байдаг гэв.

    “Зурах, сийлбэр хийх дуртай, шүлэг бичдэг охин байв”

    Аавынхаа төрсөн гэрийн буйран дээр том охины хамт. 2014 он.

    “Амьдралын тойрог”-ийн зочин маань Улаанбаатарт төрж, 100 айлын Хүнсний IX дэлгүүрийн арын гэр хороололд тоглож өсчээ. Түүнийг том болоход тэднийх III, IV хороолол руу нүүсэн байна. Багаасаа зураг зурж, шүлэг бичиж, гарт таарсан модыг зорж сийлбэр хийх гэж оролддог байв. Дөрөвдүгээр ангид байхад нь “Пионерийн үнэн” сонинд анхны шүлэг нь хэвлэгдэж байсан бол 10 жилд байхдаа бичсэн шүлгүүд нь 1990- ээд онд “Залуучуудын үнэн” сонинд гарчээ. Харин анхны номоо 2018 онд “Би бол чи” нэртэйгээр хэвлүүлжээ. Номын нэрийг аав нь түүний зүүдэнд ирж хэлж өгсөн гэнэ.
    Тэрээр аравдугаар ангиа төгсөөд “Цагаан шувуут” компанийн Монгол ёс заншлийн хувийн дээд сургуульд орсон ч зах зээлийн үед сургалтын төлбөрийн асуудал хэцүү байсан тул сургуулиасаа гарчээ. Дүрслэх урлагийн “Анима” сургуульд шалгалт өгч тэнцсэн ч мөн л төлбөрийн асуудлаас болоод сурч чадаагүй. Ингээд Солонгос компанид ажилд ороод байтал нэг өдөр Ардын уран зохиолч Д.Бадарч тааралдаж “Зохиолчдын хороон дээр яваад оч” гэснээр тийш очиж Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд шалгалт өгч тэнцсэнээр элсэн оржээ. Удалгүй ээж нь нас барж, дараа жил нь айлын бэр болж том хүүгээ төрүүлж, улмаар хүүгээ эмчлүүлэх, асрах шаардлага гарч сургуулиа орхиж 2006 оноос Дарханд суурьшжээ.

    Ренчиний Чойномын нэрийг өргөж, үргэлжлэлийг нь өсгөж хүмүүжүүлж явна

    Ч.Мөнхтэмүүлэнгийн нөхрийг Д.Отгонбаатар гэдэг. Тэд дөрвөн хүүхэдтэй өнөр бүл байсан ч өнгөрсөн жил дөнгөж 20 нас хүрээд байсан том хүүгээ алджээ. Дараагийн охин нь ирэх намар арванхоёрдугаар ангид орох бөгөөд зураг сайн зурдаг, ирээдүйд үргэлжилсэн үгээр зохиол бичиж мэдэхээр авьяаслаг нэгэн. Дунд охин нь энэ жил зургадугаар ангид орох бол бага охин нь зургаан настай гэнэ.
    Бид Ч.Мөнхтэмүүлэнд өнгөрсөн өвөл хоёрдугаар сард цахимаар ярилцах хүсэлт илгээсэн ч тэрээр хойшлуулсаар энэ хүрсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “Хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаа тавгүй байх болсон. Тэр минь сурлага сайтай, яруу найрагт дуртай , шүлэг бичиж, Beat зохиодог байлаа. Хүүгээ амьд сэрүүн байхад зээл авсан юм, ном гаргах санаатай. Гэтэл түүний дараахан хүү минь өвдөж, эм тариа олох, эмчилгээ хийлгэх гээд аав нь ажлаасаа гарч хот руу очиж сахисан. Сайн эмч нарийн ачаар хүү маань эдгэрч хичээлдээ явж эхэлсэн. Энэ дашрамд хүүг минь үргэлж тусалж дэмжиж байсан Отгонтэнгэр их сургуулийн удирдлага болон багш ангийн найз нарт нь үргэлж талархаж явдгаа хэлмээр байна. Дараа нь цар тахал хөл хорио гээд орлогогүй боломж муутай болсон. Бас хүү маань гэнэтийн ослоор бурхан болж, хэдэн төгрөгөө юм болгож эргэлдүүлж чадсангүй, зээлээ ч төлж чадсангүй. Хүүгийнхээ буяны ажил дээр ирсэн найз нөхөд, танил тал, сайхан сэтгэлээрээ тусалсан хүмүүсийг хараад “Миний хүү үнэхээр бусдад хүндлэгдсэн мундаг хүн байж” гэж бахархаж омогшихийн зэрэгцээ ийм үнэтэй эрдэнээ алдчихлаа гэж бодон маш их харамсч ашуудсан. Одоо зээл нэхэгдэж, шүүхийн мэдэгдэл ирээд барьцаанд тавьсан байраа алдчих вий гэж сэтгэл зовниод байж байна. Манай нөхөр шилэн кабелийн техникч мэргэжилтэй, Дарханд мэргэжлийн ажил олдохгүй бас нас, хүйс заагаад ажилд авдаггүй. Миний хувьд гар дээрээс ном зарж, солилцож, түрээсээр уншуулж хэдэн төгрөг олж амьдралдаа нэмэрлэж ирсэн. Цар тахлын үед хүмүүс гар дээрээс ном авах, гар дамжуулж унших дургүй болж миний ажил ч зогссон. Зээлийн барьцаанд тавьсан байраа ч алдаж болзошгүй хүндхэн байдалд орсон учраас ярилцлагад урихад чинь хойшлуулсаар энэ хүрлээ. Гэвч байдал сайжирсангүй, сэтгэлийн зовлонтой байна. Би бага байхаас ямар ч сорилтыг давж туулаад л ирсэн. Амьдрал ээдрээтэй хэцүү гэдгийг мэдэхгүй явсаар одоо л хэцүү юм уу гэдгийг олж харах гээд байна. Залуу байхад анзаардаггүй байжээ. Бүхнийг чадах, мэдэх юм шиг тийм л цагаан цайлган, тэнэг зоригтой байж. Гэхдээ одоо би чадна гэж бодогдохоо бас байжээ, нас ч явж байна хэмээн ярьсан юм.

    Цаг үеэсээ түрүүлж төрөөд хориотой хатуу нийгмийн буулган дор нухлагдсан ч бууж өгөөгүй зохиол бүтээлээрээ тэмцэж буцсан Ренчиний Чойномын отгон охин Ч.Мөнхтэмүүлэнгийн амьдралын тойргоор аялахад ийм байна. Аавын охин болж төрснөөр надад боломж олон таарсан ч би алдсан нь их. Тийм аавтай байна гэдэг сайхан. Зарим хүн “Чи азтай юм” гэдэг, зарим нь чи тийм хүний охин юм чинь ийм байх ёстой гээд амьдрал заах гээд аав шигээ авьяастай, алдартай байхыг надаас нэхээд байх нь бий. Би Ренчиний Чойномын охин гэж нэрээр нь овоглосон ч Мөнхтэмүүлэнгээрээ л амьдарч ирсэн. Би ийм байж ирсэн, ийм л байна хэмээн даруухан өгүүлэх тэрээр аавынхаа алдраар овоглож бас үргэлжлэлийг нь өсгөж хүмүүжүүлж явна. Монгол Улс бурангуй үедээ эцгийг нь хэлмэгдүүлж хохироосон юм чинь хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлж яваа энэ үедээ алдаагаа засаад үр хойчийг нь өргөж тэтгээсэй билээ.

    Ч.Мөнхтэмүүлэн болон түүний тэнгэрт байгаа хүү О.Энх-Амгалан нарын шүлгийг толилуулъя.

    Намайг тэнд байхад
    Намайг оргилд байхад
    Нүд бүхэн намайг ширтэж
    Нүсэр бүхэн надад сөгдөж
    Нүцгэн үнэн хүртэл дээлээ давхарлаж
    Нүгэл бүхнээ надаас нууна
    Намайг нүхэнд унахад
    Уруул бүхэн намайг нулимж
    Хуруу бүхэн намайг чичилж
    Хуучин бүхэн надаас түрүүлж
    Худал хуурмаг надаар тоглоно
    Намайг байхгүй байхад
    Хэн ч намайг санахгүй байж болно
    Хэсэг нэгэн нь алтан өнгөтэй хорон үгийг
    Хэд хэдийг хойгуур минь унагаж байж ч болно
    Намайг байхаа болиход
    Бүгд л гаднаа уйтгар гуниг
    Бүгд л гаднаа уй гашуу
    Бүхний тэр нулимсан дунд
    Бүдэгхэн нэг инээмсэглэл байх вий

    2016 он О.Энх-Амгалан
    Эх орон буюу өвгөдийн захиас
    Алтан түүхийн шарласан хуудаснаас
    Аньсага цавчилгүй намайг ширтэн
    Аяархан санаа алдсан өвгөдийн минь сүнс
    Алтнаас үнэтэй эрдэнэ эх орон минь гэж шивнэнэ
    Амь шигээ хайрлаарай гэж захина
    Алдахгүй хамгаалж чадвал
    Амгалан тайван, нуруу цэх амьдарна
    Алдаж үрэгдүүлвэл бусдын боол болж
    Арчигдан устаж мөхөх болно гэж сануулна
    Атар хээр талын ширхэг чулуунаас эхлээд
    Алтай Хангайн ноён оргил хүртэл
    Рашаан булаг, гол нуурын дусал ус ч
    Асгарсан цус, тасарсан амины үнэтэй шүү гэнэ
    Өвчинд шаналбал эмчлэх эм чинь
    Өвс ургамал, рашаан усанд нь бий
    Өлсч ядарвал идэх хоол чинь
    Өргөн тал, уул хангайд нь бий
    Үлгэрийн мэт эрдэнэс баялаг хөрсөн доор нь бий
    Өнчрөхгүй, сөгдөхгүй явах ухаан нялхсын цусанд бий
    Өнөөдрийн эх орны хувь заяа харин чиний гарт бий
    Эх орон газар нутгаа гэсэн өвгөдийн минь тэмцэл
    Эрин зуунд мартагдахгүй түүх болон мөнхөрсөн юм
    Элгэн чулуун хөшөө болон хээр талд үлдсэн юм
    Эхийн чинь хайр болон чамд шингэсэн юм
    Эцгийн чинь овог болон чамтай үлдсэн юм
    Эргэн тойрноос чинь хүрээлэн түшсэн юм
    Эгц бардам омголон явахад чинь тусалсан юм
    Ийм учраас хойч үе минь чи
    Эрээн мяраан өнгөнд бүү авт
    Элэггүй харийн хүнд өврөө бүү нээ
    Эх орондоо эзэн шиг нь эзэн бай
    Хүүхэддээ өвлүүлэх хамгийн эрхэм өв болго!
    Хүн шиг амьдрах амьдралын нь баталгаа болог!
    Худал хуурмагийн салхи орчлонг бүрхэж
    Хувь заяандаа гутарч суух үедээ
    Хэзээ нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн дээдсээ дурсаж
    Хэний үр сад гэдгээ санан омог бардам бай!
    Хүж дэлхийгээр эрэн тэнүүчлээд явсан ч
    Хүрч ирээд амрах эх оронтой байлга!
    Хүй орчлонгоос хальсан ч гэрэлт сүнс чинь
    Хөх чонын удамт өвгөдтэйгөө нэгдэх ёстой!
    Хөх толбот Монгол болж Эх орондоо төрөх ёстой!
    Хүчирхэг Монголын голомтыг унтраалгүй сахих ёстой!
    Энэ бол чиний оршин тогтнох утга
    Эх орон гэдэг алдашгүй ганц эрдэнэ

    Чойномын Мөнхтэмүүлэн

    Ч.Үл-Олдох
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Газар усны нэрийн уламжлалт ёс

    7р зууны үеийн Орхоны дурсгалд тохиолддог Тугла /Туул гол / Оркун /Орхон гол/ Алтай /Алтайн нуруу/ Сэлэнгэ /Сэлэнгэ мөрөн/ зэрэг нэршлүүд одоо хүртэл өөрчлөгдөөгүй нэрлэгдсээр яваа бөгөөд энэ нь эрт цагийн түүхийн элдэв явдлыг хожмын үеийнхэндээ тодотгож өгөх үнэт баримт юм. Газар усны нэрэнд овог аймгийн газар нутгийн суурьшил хэмжээ, хол ойрын хил заагийг гаргахад чухал баримт илтгэн үзүүлэх нь цөөнгүй ажээ. Энэ тухай академич Ренчин гуайн бичсэн нь “ Хөвсгөл аймагт Дэлгэр мөрөн гэдэг нэртэй мөрөн явсаар байгаад нэг газраас гэнэт Сэлэнгэ болчихдог нь түүхийн үүднээс, эхээр нь монголчууд хэзээний оршин суусаар ирсэн учраас Дэлгэр гэж нэр өгсөн ба эрт цагт хамниган нар суудаг байсан тэр нутагт мөрөн ус даруй хамниганаар Сэлэнгэ буюу монголоор Төмөрт гэсэн нэртэй болсон аж. Зүүн зүгээс монголчууд хамниганы нутагт хүрэлцэн ирэхдээ уугуул хамниган нэрийг нь хэвээр хэрэглэн нэг мөрөн ус, адаг, дунд биедээ хамниган нэртэй, эхээрээ Дэлгэр гэдэг монгол нэртэй болж ирсэн түүхтэй “ гэжээ.
    13р зуунаас өмнө монгол хэлтэн улс аймаг хаагуур нутаглаж байсан тухай асуудал бол одоо үеийн шинжлэх ухаанд төгс шийдэж чадаагүй бэрх асуудлуудын нэг билээ. Энэ мэт асуудлыг асуудлыг боловсруулахад газар усны нэр чухал баримт болдог. 13р зуунаас өмнө Хөх нуур Түвдийн хязгаарт монгол хэлтэн аймаг улс байсан тухай мэдээ түүхэнд мөчид гардаг боловч тэр хавийн газар усны нэрийг судлахад 13р зуунаас өмнө монгол хэлтэй овог аймаг тэнд нутаглаж байсан тухай тодорхой баримт олддог байна. 1280 онд Хубилай хаан Хатан голын эхийг олуулахаар Түшийг томилж явуулсан бөгөөд энэ ажлыг Түшийн дүү Хугачу үргэлжлүүлж дуусгасан билээ. Тэдний мэдээлснээр Хатаны гол Ходун –наураас /одон нуур/ эх авч урсана. Цаашид энэ орчим Хулан гол /улаан гол/ , Йесүн олом-/есөн олом/ , Кара бэлчир /хар бэлчир/ , Нарин кара /нарийн хар/ гэх мэт монгол нэр тохиолддог байна. Ер нь дорнод Түвд, Ганьсү мужид газар усны монгол нэр тохиолдсоор байдаг. Үүнээс үзэхэд дээрхи нутагт монгол хэлтэй аймаг улс оршсоор байжээ.
    Монголын нууц товчооны газар усны нэрийг ажиглахад тэр үеийн монгол хэлзүйн сонин баримт ажиглагддаг. Далан Нэмүргэс, Далан Балжуд, Гурбан Тэлэгсүд, Көлүрэн-ү, Долуган Болдугууд гэх нэрд олон тоогоор харилцан шүтэлцэх ёс нь мэдэгдэж байна. Нууц товчоонд гардаг Көл-Баргужин-Төкүм, Баргужин гол зэрэг нэр нь нэн эртний шинжийг агуулжээ. Учир нь Баргужин гэдэг нэр үгэнд эм хүйсийг үзүүлэх жин дагавар хэрэглэн газар усыг нэрлэж байгаа нь эхийн эрхт ёсны ул мөрийг санагдуулна. Жин , чин, лүн гэх дагавараар тэр үед эм хүйсийг үзүүлж нэлээд өргөн хэрэглэж байсан.
    Шүтлэг мөргөл шашин суртхууны нөлөө газар усны нэрэнд ул мөрөө үлдээсэн байдаг. Монгол бөөгийн мөргөл хүчтэй байсан цагт уул усыг эрхэмлэн тахиж, шүтэн биширдэг байсан бөгөөд уулыг ихэвчлэн хан, голыг хатан гэж нэрлэдэг байна. Алтай хан, Хангай хан, Хэнтий хан, Муни хан, Хэрлүн хатан, Онон хатан гэх мэтээр холбон хэлдэг байжээ. Монгол оронд буддын шашин дэлгэрсэн цагаас хойш богд ,хайрхан хэмээх үгийг уулын нэрэнд их хэрэглэх болсон байна. Ац Богд, Цагаан Богд, Таван Богд, Аж Богд, Баатар хайрхан, Мөнх Хайрхан зэрэг нэр үүнтэй холбоотой байна.
    Монголын газар нутгийн нэр дотор нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц үйл ажиллагаатай шууд холбогдсон нэрийн зүйл маш элбэг. Монгол нутагт Жороо, Хээр адуу, Хонгор , Шарга гэх мэт адууны нэрээр нэршсэн газар олон бий. Мөн түүнчлэн Шийр, Дэл, Сүүл, Шарга морьт, Адуун худаг, Тэмээн уул, Хөгнөхан, Тэмээн хүзүүт, Үхэрт, Морин даваа, Ямаат, Ишгэн шил, Ингэн гол гэх мэт нэршлүүд аймаг сумдад элбэг тохиолддог.
    Түүнчлэн байгалийн баялагаар онцлон нэрлэсэн Тарвагатай, Хужирт Оюу толгой Алтан уул, Шохойт, Цахилдагт, Булган гол Сонгинот , уул усны төрх байдлаар нь нэрлэсэн Дөрвөлжин, Төгрөг нуур, Дөрөө нуур, Холбоо нуур, Дэл хад, Ханан чулуун ам, Хавтгай уул, өнгө зүсээр заасан Улаан нуур Хөх гол, Цагаан гол, Улаан даваа, Шар худаг, Хар өндөр , Ногоон нуур,Буурал хайрхан, мөн тооны нэр оролцон түүний бүтэц бүрэлдхүүнийг илтгэн гаргасан Хос гол, Гурван нуурын рашаан, Найман нуур, Дөрвөт даваа, Таван богд, Есөн булаг, Гучин ус, зэрэг мөн зүг чигийг заасан Баруун бүрэн, Өмнөдэлгэр, Дунд гол, Дээд хөндөл, Адгийн цагаан нуур, эрхэмлэн өргөмжилсөн магтан бахдсан Алдархан, Мандал овоо, Өндөрхан, Баянцогт, Дэлгэрхангай, Эрдэнэмандал гэх мэт монгол орны газрын нэршил агуулга туйлын баян агаад түүнийг бүрэн тооцоход бэрх юм.
    Монголын газар усны нэрийг аймаг ястны нэр, эрдэнийн чулууны зүйлээр газар усны нэрийг бүтээх, мөн өргөмжилсөн дархан нэр хэрэглэх, зарим уул усны нэрийг цээрлэж өөр үгээр орлуулан нэрлэх зэрэг олон янз байдаг билээ.

  • З.Бат-Отгон: Мөнх тэнгэр гэдэг зүйлийг шинжлэх ухааны онол, хууль, мэдлэгээр тайлбарлаж, баталж бичсэн

     

    -Сайн байна уу, та? Таныг шинэ, сонирхолтой ном гаргасан гэж сонслоо. Баяр хүргэе. Ямар ном гаргав аа? Энэ номыг бичих санаа хэзээнээс төрж эхэлсэн бэ?
    -Баярлалаа. Би саяхан “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” гэдэг ном гаргалаа. Миний үндсэн мэргэжил бол физик – математик. Би оюутан байх үеэсээ амьдралыг, хөгжил дэвшлийг болон орчлон хорвоог арай өөр нүдээр харж эхэлсэн. Гэтэл манай дэлхийд сайн сайхан зүйлсээсээ муу муухай зүйлс илүү олон байв. Жишээ нь, маш олон дайн самуун болж, хүмүүсийн цус нулимс урсаж, хагацал өнчрөл, зовлон зүдгүүр, өлсгөлөн гуйланчлал, ядуурал, хар тамхи, мансуурал, донтол, биеэ үнэлэлт, харгислал, дарангуйлал, хүчирхийлэл гэх мэт амьдралд байж боломгүй – тэвчишгүй муу муухай зүйлс энгийн үзэгдэл болсон, түүнд хүмүүсийн бодол, сэтгэл хэтэрхий дассан учир ямар ч эмзэглэл, харуусал төрөхгүйгээр маш буруу амьдарч байгааг ажигласан. Тэгээд миний сэтгэл маш их шаналсан, маш их гутарсан.
    Тэр үеэс би “Хүн төрөлхтөн яавал энэ их муу муухай зүйлсээс салах бол?” гэж их боддог болсон. Бас “Хүн төрөлхтний зөв, сайн сайхан оршин амьдрах арга нь юу вэ, гарц нь юу вэ?” гэж эрж хайж эхэлсэн. Байгальд хамгийн төгс шийдэл, гарц гаргалгаа байдгийг санаад эрэл хайгуулаа байгалиас эхэлсэн. Энэ нь эцсийн эцэст орчлонгийн оршихуйн түгээмэл хууль гэж нэрлэгддэг орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг таньж мэдэх ажил болж хувирсан.
    Орчлонгийн оршихуйн үндсэн хуулийг би өөрийн эзэмшсэн физик, математикаас олоогүй. Тиймээс хими, биологи, газар зүй, анагаах ухаан, хүн судлал, сэтгэл судлал гэх мэт шинжлэх ухааны тулгуур 20 гаруй салбар луу орж судалгаа хийсэн. Бас л олоогүй. Шинжлэх ухааны хамгийн сүүлчийн салбар болох синергетик нь шинэхэн учраас тийм өндөр түвшний шийдэлд хараахан хүрээгүй байна. Дараа нь философи руу орсон. Өрнө, дорнын гүн ухааныг бүхэлд нь уншиж судалсан. Бас олоогүй. Дараа нь будда, христос, ислам хэмээх гурван том шашны сургаал номлолоос олоогүй. Мөн эзотерикийг уншиж судалсан боловч бас олоогүй. Ингээд миний эрэл мухардсан.
    Ингээд би 2000 – аад оны эхээс монгол судлал руу орж судалгаа хийж эхэлсэн. Учир нь, нүүдэлчин монголчууд байгалийг илүү танин мэдсэн байдаг төдийгүй тэдний амьдрал нь байгальтай хүйн холбоотой байдаг. Ингэж монгол судлал руу орж, эртний Монголын гүн ухааныг судалсанаар би орчлонгийн оршихуйн түгээмэл онол, үндсэн хуулийг олсон. Удаан хайсан эрлээ олсон. Түүнийгээ “Мөнх тэнгэр ба шинжлэх ухаан” ном болгон бичиж уншич та бүхэнтэй хуваалцаж байна.

    -Мөнх тэнгэрийг шинжлэх ухаантай хослуулж бичсэн гэсэн үг үү?
    -Товчхондоо, тэгж ойлгож болно. Мөнх тэнгэр гэдэг зүйлийг шинжлэх ухааны онол, хууль, мэдлэгээр тайлбарлаж, баталж бичсэн.

    -Монголчууд бид Мөнх тэнгэр гэж ярьдаг ч яг юуг нь сайн мэддэггүй. Мөнх тэнгэр гэж яг юу юм бэ? Олон монголчууд танаас энэ асуултыг асуугаасай гэж бодож байгаа байх.
    -Тэнгэрийн сургаалд болон монгол суу ухаанд “Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх гэрлийн эрчим хүчний дээд нэгдэл” гэж сургадаг. Эндээс Мөнх тэнгэр бол гэрэл, гэрлийн энергийн нэгдэл болох нь маш тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, Мөнх тэнгэр гэдэг бол цахилгаан соронзон физик, гэрлийн буюу оптикийн физик, атомын физик, цөмийн физик, квант физик гэсэн үг. Цаашилбал, синергетикийн онол, хууль, мэдлэг. Тэгэхээр Мөнх тэнгэр бол сүсэг бишрэл, шашин шүтлэг огтхон ч биш. Гагцхүү шинжлэх ухааны дээд онол, дээд мэдлэг, монголчуудын орчлонг бүхлээр нь бүрэн танин мэдсэн дээд шинжлэх ухаан юм. Чухамхүү үүнийг л уг номонд дэлгэн өгүүлсэн.

    -Мөнх тэнгэр, монгол суу ухаан хоёр яаж холбогдох уу?
    -Нэг талаас, судалгаа маань монгол суу ухаан гэсэн шатнаас мөнх тэнгэрийн ухаан гэсэн дараагийн дээд шатанд ахисан гэсэн үг. Нөгөө талаас, мөнх тэнгэрийн ухаанаас монгол суу ухаан соёолж, ургаж гарсан гэсэн үг. Нэг ёсондоо, монгол суу ухааныг төрүүлсэн эцэг ухаан нь мөнх тэнгэрийн ухаан.

    -Тэгэхээр таны судалгаа ахиж дээшлээд, улам хүрээгээ тэлээд, гүнзгийрч байна гэсэн үг үү?
    -Тиймээ. Миний судалгаа дараагийн түвшиндөө шилжсэн. Хэрвээ орчлон хорвоог нэг гэр гэж үзвэл түүний тооно нь Мөнх тэнгэр. Орчлонгийн орой бол Мөнх тэнгэр. Тиймээс өвөг дээдэс маань “Оройн дээд Мөнх тэнгэр бий, орчлонг чиглүүлэгч мөнхийн хүч бий” гэж итгэлтэй хэлдэг байж. Энэ нь Мөнх тэнгэр бол орчлонгийн төр – орчлонгийн глобаль удирдлага гэсэн утгыг илэрхийлнэ. Мөн орчлон хорвоог нэг гэр гэж үзвэл тэр гэр доторх бүх амьдрал гагцхүү Мөнх тэнгэрийн хуулиар буюу Мөнх тэнгэрийн зарлигаар явагддаг юм байна. Монголчууд тэр хуулийг танин мэдээд, түүгээр улсаа бадраан хүчирхэгжүүлж Их Монгол улсыг байгуулжээ. Бидний өвөг дээдэс ингэж орчлон гэрийг бүхэлд нь бүрэн танин мэдэж, тэр мэдлэгээ дэлхий гэр, улс гэр, өрх гэртээ хэрэглэснээр тэнгэрлэг, агуу оршиж ирсэн байна. Мөнх тэнгэрийн ухааныг улс гэрт хэрэглэсэн нь монгол суу ухаан. Тэгэхээр Мөнх тэнгэрийн ухаан бол орчлон гэрийн оршихуйн ухаан, харин монгол суу ухаан бол улс гэрийн оршихуйн ухаан. Мөнх тэнгэрийн ухаан ч, монгол суу ухаан ч хоёулаа байгалийн ухаан төдийгүй тэнгэрийн ухаан. Чухамхүү ингэж орчлонгийн буюу тэнгэрийн оршихуйн онол, хуулиудыг баримталж оршин амьдарсан монголчуудыг тэнгэрлэг монгол гэж нэрлэдэг байжээ.

    -Та түрүүн Мөнх тэнгэр бол орчлонгийн орой гэж хэллээ. Тодруулж тайлбарлаач?
    -Газрын нэг үндэснээс өвс ургамал ургадагийг бид мэднэ. Тэгвэл Мөнх тэнгэр гэдэг тэнгэрийн нэг үндсээс орчлонгийн бүх үзэгдэл юмс соёолон дэлгэрч, салаалж мөчирлөж, цэцэглэн дэлгэрдэг юм байна. Тиймээс Мөнх тэнгэр бол орчлонгийн бүх зүйлсийг өөрөөсөө үүсгэсэн, эргээд орчлонгийн бүх зүйлийг өөртөө хураан нэгтгэдэг. Чухамхүү энэ бол супер нэгдэл. Шинжлэх ухааны сүүлчийн тулгуур онол нь супер нэгдлийн онол гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэрхүү супер нэгдэл нь монголчуудын танин мэдсэнээр Мөнх тэнгэр байжээ. Өвөг дээдсийн маань орчлонг бүхлээр нь танин мэдсэн энэ мэдлэг өнөөгийн монголчууд төдийгүй дэлхийн танин мэдэхүйд ялангуяа, шинжлэх ухааны танин мэдэхүйд нэн чухал. Тиймээс уг номыг англи, орос, япон хэл рүү хөрвүүлж, хэвлэж, түгээхээр ажиллаж байна.
    -Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Эрдмийнх нь ажилд улам өндөр амжилт хүсье!
    -Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын амжилт хүсье!

    www.times.mn

  • Д.БАТЧУЛУУН: ААВЫН МИНЬ ӨВИЙГ ЗАЛГАХ ҮЕ ОЙРХОН БАЙГАА

     

    -Аав чинь аль нутгийн хүн юм бэ?
    -Аав минь Хөвсгөлийн Ренчинлхүмбэ сумын хүн.1960 оноос цаатангуудыг суурьшуулсан шүү дээ.Цагаан нуур сум гэж бий, аавын минь онгод шүтээнтэй нутаг.Аавыг хүмүүс их л дурсан ярьцгаадаг юм.Эрдэм чадалтай л зайран байсан даа.Ээжийн минь ээж намайг анх хүй боож авсан юм билээ.Эмэг эх минь есөн хүүхэд төрүүлсэн буурал байлаа.Намайг нэг настай байхад аав минь баривчлагдсан юм.Ээж маань 1950 онд намайг аваад хот орж, Батцагаан гэдэг шоронд аавыг эргэж очиж байсан.Манайхан чинь ер нь “ногоон малгайтан” гэхээр их айдаг улс байж.Ялангуяа ээж минь “ногоон малгайтан”, тэнгэрийн дуу хоёроос л их айна.Хуучин арьс өнгөний эмнэлэг чинь шорон байлаа шүү дээ.Гаднаас эргэлт оруулахгүй болохоор нь балчир надад гуулин данхтай цай, идэж уух юмыг нь бариулаад явуулж байсан юм.Би багадаа бэтгэ өвчин тусч бие их мууддаг байсан.Том гэдэстэй, явган яваад амьсгааддаг сонин хүүхэд байлаа.Эмнэлгээр яваад нэмэргүй.Манайх Хатгалд хэсэг амьдарсан л даа.Тэнд эмчлүүлээд тус болоогүй.Тэгтэл нэг орой аав хүрээд ирсэн.

    -Шоронгоос оргоод ирсэн юм уу?
    -Бодвол тэгсэн байлгүй дээ.Аав надад үлгэр их ярьж өгнө.Шоронгоос хүрч ирсэн шөнөө намайг өвөртөлж унтсан.Маргааш нь би маш их шээж, бэтгэ маань тэр дороо л эдгэрсэн.Ер нь аав маань засал хийж байна гэж нэг их юм хийдэггүй байсан санагдана.Яахав, хатуу үйлийг засдаг л байсан байх.

    -Олон удаа баривчлагдсан уу?
    -Олон доо.30 гаруй жил шоронгоор явсан.Монгол, төвд бичиг үсэг сайтай, тоонд их гаргууд хүн байсан юм.Үнсэн самбарт тоо бичиж хүмүүсийн төөрөг заяаг хэлдэг, хүнийг шууд хараад мэдэрдэг байсан юм билээ.Би бол ном судар юмаа харж хэлдэг.Аав шиг шууд хараад хэлж мэдэхгүй шүү дээ.Тийм хүч чадал одоохондоо надад хүрч ирээгүй байна.Гэхдээ манайхны удам ирнэ гэж би боддог юм.Гурван зээ, нэг охинтой.Аавын минь сүнс бидэндээ эргэж ирсэн.Тиймээс аавын өвийг залгах үе ойрхон байна.

    -Ю.Цэдэнбал гуай аавыг тань шоронд байхад Б.Ширэндэвийг уулзуулахаар илгээж байсан юм гэдэг.Тэр тухай та хуучлахгүй юу?
    -Судлаачид тэгж л ярьцгаадаг юм.Би тэр тухай сайн мэдэхгүй.Би хүмүүсээс аавынхаа тухай зөндөө их зүйл сонсож байсан.Наадах чинь тэдгээрийн нэг биз.Аав бол аргагүй л чадалтай зайран байж дээ.Ээж бид хоёр анх хот руу нүүж ирээд аавын эгчтэй суусан Даваажав гэдэг айлын хажууд гэрээ барьсан юм.Ээж нүүрс асааж чадахгүй их хөглөдөг байлаа.Нэг орой тэгж будилж суутал гэнэт аав ороод ирсэн.Түүнийг орж ирэхээс өмнө би нүүрсний угаарт цохиулж үхэх шахаж байсан юм билээ. Аав шууд л над руу шанагатай ус цацаж амийг минь авсан. Ер нь их сонин, хамгийн эгзэгтэй цаг мөч бүрд аав маань аль ч шоронд байлаа гэсэн хүрч ирээд л янзлаад явдаг хүн байв.Түүний хувьд шоронгоос гарч явах нь чөлөөтэй байсан юм шиг байгаа юм.Шоронд тэр одоогийн хүмүүс шиг зовж зүдэрч байгаагүй болов уу.Өөр газар байх боломжгүй юм чинь аав минь шорондоо төрийнхөө сүлдэн дор бөө хүний ёсоор зөв амьдарч байсан нь тэр байх.Тэнгэрийг төрт ёстой нь холбож өгөх гэж л бөөгийн эрдэмд мэрийж явсан юм.Харамсалтай нь би хоёр удаа аавыгаа цагаатгах гээд чадаагүй.

    -Яагаад чадаагүй гэж?
    -Бөөгийн зан үйл хийлээ гээд л аавыг баривчилж хорьдог байлаа шүү дээ.Энэ бол хэлмэгдүүлэлт.Бөөлөхдөө хүнээс өргөл барьц авдаг байсан гэж ялласан юм билээ.Есөн хадаг, гурван дээлийн өнгө, дөрвөн данх, 273 төгрөг л авсан байдаг юм.Үр хүүхдүүд минь Дээд шүүхээр хөөцөлдөх байлгүй дээ.Хуулийнхан болохоор хэлмэгдүүлэлт биш ээ, тэр үеийн хуулийн заалт нь тийм байсан юм гэдэг.Гэхдээ бөө, шашныг хорьж байсан үеийн хэлмэгдүүлэлт яах аргагүй аав дээр их хатуу туссан гэж би үздэг юм.Одоо цагт юун 273 төгрөг, хэдэн тэрбумаар нь ууж идэж байна шүү дээ, энэ эрх мэдэлтнүүд нь.Гэхдээ аав шоронд орохыг ер тоодоггүй хүн байсан.Хамт хоригдсон хүмүүс нь ярьдаг л юм, Дамдин зайрантай л хамт хоригдох юмсан гэцгээдэг байсан гэж.Шоронд хонины мах чануулж идээд л, дуртай үедээ гардаг, хүмүүст их тусалдаг, шидийг ч үзүүлчихдэг, ер нь их олон түмэнтэй хүн байж дээ.

    -Бөөд хүмүүс өргөл барьц өгөх ёстой юу?
    -Хүмүүс лус савдгаа хилэгнүүлж байна.Хэрүүл үүсгэж байна.Энэ бүхнийг засахын тулд заавал тэнгэрээ аргадах хэрэг гарна.Барьц өгнө гэдэг чинь хүний л муу үйлээс болж байгаа юм.Өргөл барьц гэдэг бол тухайн үйлээсээ шалтгаална.Өргөл барьц өгч л таарна.Гэхдээ тааруулж авах нь чухал.Ул үндэсгүй өргөл барьц бол аль алиндаа зохимжгүй.

    -Таны ээж бас удган хүн байсан уу?
    -Ээж болохоор Завхан аймгийн Яруугийн голын хүн.Ягаан удган гэж байлаа.Хөвсгөл рүү нүүж очоод Хатгалын ноосны үйлдвэрийн анхны ажилчин болж байсан юм.Ээжийн талд лам олонтой.Цагийн эрхээр хил давж гарсан лам ч бий.Аавын минь ээж нь түүний тэнгэрийг таньж удган болгосон.Бие нь их мууддаг хүн байсан юм.Сүүлдээ чадалтай удган болсон доо.Ялангуяа хүүхдэд их ээлтэй.Олон хүнд өвчтэй хүүхдийг амьдруулсан.Одоо тэр азтай хүмүүс нь бидэнтэй уулздаг л юм.Ер нь дээр үеийн улаач нар ямар сайхан улс байсан юм, одоогийнхныг дагуулахгүй чанартай шүү.Гэвч бас л баривчлагдаж байлаа.

    -Ээж тань хэдэн удаа баривчлагдсан юм бэ.Бөөллөө гэж тэр үү?
    -Гурван удаа баривчлагдсан юм.Гэхдээ мөрдөнд нэг нэг хоноод гарч байлаа.Хамаг юмыг нь хурааж аваад явуулдаг байсан.Ааваас хойш архи их ууж байсан даа.Санаа сэтгэл нь ямар олигтой байх билээ дээ.Ээж их олон онгодтой байсан юм билээ.Тэрийгээ хүн бүрд үзүүлэхгүй шүү дээ.Ойр дотны хүндээ л гаргадаг байж.Би одоо шавь авдаггүй.Тийм хэмжээний улаач болоогүй байгаа.

    -Аав тань бас шид үзүүлдэг их олон янзын онгодтой хүн байсан гэл үү?
    -Ер нь манай уг удмын онгод бол өндөр дээд онгодууд юм.Дархадын нисдэг долоон бөөгийнх ч бий.Мөн Есөн их хайрхадын онгод байдаг.Эд бүгдээс сэтгэлд оромгүй хүч чадал гарна л даа.Хулгайч онгодууд ч байсан.Аав минь аль онгодоо ашиглаж байсныг би сайн мэдэхгүй юм.

    -Аавын тань танилууд, шавь нар нь таньтай уулздаг уу?
    -Өө, их олон хүн дурсаж суудаг.Зарим нь ирж уулздаг л юм.Би нэг сайн дурсамжийн ном бичдэг юм билүү гэж бодож байна.Түүхэнд хүмүүсийг зөв бичиж үлдээх нь чухал.Аавыг минь бэрээр нь овоглоод бичсэн хүн ч байж л байх юм. Зарим нь Дамдин зайрангийн аав Батчулуун гэдэг удган байсан гэж бичих вий дээ. Ингэж гажуудуулж болохгүй шүү дээ.

    -Ер нь хуурамч бөө олон болжээ.Та тийм хүмүүстэй уулздаг л биз дээ?
    -Харин тийм ээ.Гэхдээ тийм хүмүүс чинь надаас зугтаадаг юм.Тэнгэр шүтээнээ олон нийтэд таниулах ажил хийж яваа болохоор тэдэнд би их харамсдаг.

    -Бөө удганд сургалт зайлшгүй хэрэгтэй юү?
    -Одоо цагт их хэрэгтэй байна.Зан үйл, онгод тэнгэрийг зөв зааж, хэлж өгөх хэрэгтэй.Дээр үед бол өөр байж.Огт уг байхгүй хүнийг бөө болгоно гэх нь утгагүй шүү дээ.Багш нь тухайн шавийнхаа уг удмыг сайн мэддэг байх ёстой.Гэтэл зарим нь 99 тэнгэрийн дээр байгаа 106 дахь тэнгэрийн онгод чамд байна гэх мэтээр залж байх юм.Ингэж болохгүй шүү дээ.Бөө болох гээд чадаагүй, болих гэхээр больж чадахгүй хүний өмнө хүүхдүүд нь бөхийж очоод мөргөх, өрөвдмөөр юм.Хаанаас ч юм татаж авчраад өөртөө нааж орхисон онгодтой бөөнцөр цөөнгүй байна.Өчнөөн сая төгрөг өгч багш, шавь болоод сүүлд нь багшийгаа хайгаад олохоо больсон ч хүн байж л байх юм.Тиймээс бид бөөгийн ёс зүйн дүрмээ хэлэлцэж баталсан.Яваандаа чанаржих байх.

    -Та хэдийд удган болсон юм бэ?
    -Аав, ээжийнхээ нас барснаас хойш ганц охиноо үхдэгийн даваан дээр, амьдралд шахагдаж явсаар нэлээд хожуу удган болсон.

    -Охины бие гайгүй болсон уу?
    -Одоо зүгээр ээ.Хань бүлтэй сайхан л амьдарч байна.Би чинь бас онгодын хүчээр амьд явж байсан хүн шүү дээ.Ээжийн минь арав гаруй онгод намайг тээж явна.Зайран хүнээр надад хуур бэлдүүлж өгсөн юм.Амь тогтоход тэр нь ч зөв байсан юм билээ.Миний багш чинь Баяр удган.Тэр миний дүү юм.Надад дээд язгуурын, бүр 200 гаруй жилийн өмнө байсан онгодууд ч бий.Миний уг удамд тэр бүгд байдаг байжээ.Өөр дээрээ бороо оруулдаггүй хүн ч манайхан дунд байсан.Энэ ч яахав, бараг жирийн юм.

    -Тань руу олон хүн ирж засал хийлгэдэг үү?
    -Би ер нь хүн хүлээж авдаггүй.Аав, ээж дээр минь даатгалтай байсан, нутаг усны, танилын хүрээнийхээ цөөн хүнийг авдаг юм.Зарим нэг найз нар минь гуйгаад хүрээд ирдэг л дээ.Гэхдээ голдуу утсаар яриад юмыг нь үзээд өгчихдөг.Заримдаа хийхээс аргагүй зарим хүний юмыг тусгайлан хүлээж авахаас аргагүй л болдог доо.

    -Та Бөөгийн нэгдсэн эвлэлд ямар алба хашиж байгаа вэ?
    -Дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа.Бид бөөгийн ёс заншлаа жинхэнэ ёсоор хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Бидний тухай www.mongolianshaman.com сайтаас уншиж болно.

    Б.ОТГОНБАЯР
    Эх сурвалж: WWW.ZONE.MN

  • ШАШНЫГ ӨМӨӨРӨХҮЙ

    Гэхдээ нэг нийтлэг юм байна: Шашинд итгэж байгаа бараг бүх хүн үүнийгээ өөрт нь нөлөөлдөг ямар нэг хүч цаана нь байна гэж үздэг.

    Үндэсний болон гэр бүлийн уламжлал, соёл, ёс заншил гэсэн энгийн утгаар олон хүн шашин шүтдэг. Далдын дээд хүчин өөрийг нь харж байдаг учраас амар амгаланг олох гэж шүтэгсэд их бий. Ийм төрлийнхөн дээд хүчнээс аврал эрэх нь их. Аврал өгнө, аз жаргал авчирна, үхлийн дараах амьдрал бэлэглэнэ гэсэн амлалтанд автаж шашин шүтэгсэд ч олон бий. Маш олон хүн хувийн тайвшрал, амьдралд хандах хандлагаа тодорхойлоход шашин туслана гэж шүтнэ. Тэд “Амьдрал гэж юув?”, “Хүний хувь зохиолын төгсгөл юув?”, “Нүгэл буяны ялгаа юув?” гэсэн асуултад хариу олно. Эцэст нь маш олон хүн сэтгэлийн зовлон, түүнээс ангижрах аргыг шашнаас хайж шүтдэг.

    Ангилж үзэх юм бол хүний түүхэнд мянгаар тоологдох янзын шашин оршсоор иржээ. Антропологичид болон шашны түүх судлаачдын тогтоосноор 60 мянган жилийн өмнөөс анхны шашны хэлбэр үүссэн бололтой. Төсөөлөн бодох чадваргүй хомо эротикус (уг нь анх гал олсон), хомо нэндэрталь (уг нь анх хувцаслаж эхэлсэн) зэрэг орчин үеийн хүний өвөгт шашны тухай ойлголт байсангүй. Хомо сапенс гэгдэх орчин үеийн хүн төсөөлөх чадвараараа тэднийг давсан. Ингэхээр шашин бол хүний төсөөлөх чадвараас үүсэлтэй ажгуу.

    ӨНӨӨГИЙН ШАШИНУУД

    Орчин үеийн ертөнцөд найман гол шашин оршиж байгаа нь: Буддизм, Христос (Загалмайн), Лал, Күнз, Хинду, Иудай, Шинто, Дао буюу монголоор Бумба. Эндээс Бумба, Шинто, Хиндуизм гурав нь үргэлжлэн хөгжсөөр сургаалаа буй болгосон бол бусад тав нь нэр бүхий үүсгэгчтэй, түүнийхээ сургаалд тулгуурладаг: Буддизм нь Шагжиймунын Будда, Христос нь аврагч Есүс, Лал нь зөнч Мохамэд, Күнз нь Күнз багш, Иудай нь Мойсэс.

    Дээд хүчний талаар философийн гурван гол үзэл бий. Дээд хүч гэж огтоос байхгүй гэж үздэгийг атейзм, байгаа гэж үздэгийг нь тейзм, байгаа байхгүйг нь тодорхойлох аргагүй гэж үздэгийг нь агностик гэнэ. Ихэнх шашин дээд хүчинд итгэдэг, гэхдээ жишээ нь Күнзийн сургаал үүнийг үгүйсгэдэг учир атейст шашин болж таарч байна. Олон шинжээрээ шашны агуулгатай болсон ортодокс марксизм ч гэсэн атейст шашин гэж нэрлэгдэж болмоор.

    Ихэнх шашин сургаалаа даган өөрийн иргэншил үүсгэсэн. Өрнийн иргэншлийн суурь нь загалмайн шашин бол Энэтхэгийн иргэшлийнх хинду, Лалын иргэншлийх лалын шашин, Хятадын иргэншлийнх Күнз, Лаоцы нарын сургаал. Зарим шашин зөвхөн тухайн үндэстэнд зориулагдсан. Жишээ нь хинду нь энэтхэг хүмүүст, иудай нь зөвхөн жүүд үндэстэнд хамаатай. Шинто ч ердөө л япончуудынх. Харин лал, христос зэрэг нь нийт хүн төрлөхтөнд хамаатай гэж сургадаг. Гагцхүү буддизм бол соёл болохоос иргэншил биш гэж судлаачид үздэг. Буддизм бүх соёл болон иргэншилд нэвтрэн нөлөөлж холилдох чадвартай ч өөрөө бие даасан иргэншил үүсгэж чадаагүй, ерөөс сургаалийнхаа мөн чанараар тусгай иргэншил болох бололцоогүй юм.

    Шашинууд хоорондоо бүлэг бүлгээрээ гарал үүслийн хувьд ах дүүгийн холбоотой. Иудай, Христос, Лал гурав нь нэг эхээс үүдэлтэй, үндсэн нэг эх зарчимтай ах дүү шашин. Бүтээгч нэг л бурхан байдаг, тэр нь дэлхий рүү үе үе элчээ илгээдэг гэж тэд үздэг. Үүнийг монотейзм буюу ганц бурхант зарчим гэнэ. Нэг л Бурхан байдгийг Библид бичсэнээр эртний жүүд нар Яахва гэж нэрлэдэг байж, араб хэлэнд энэ нь Аллах гэсэн нэршилтэй. Христос шүтлэгт орнуудад үүнийг өөр өөрийн хэлээр Гот, Гад, Бог гэх мэтээр нэрлэжээ. Олон бурхад байдаг гэсэн үзлийг политейзм гэнэ. Эртний Герег, Ромд худалдаа, дайн, хайр гээд өөр өөрийн хариуцсан салбартай мэргэшсэн бурхадын тухай домог их бий. Эдний дарга нь Зевс. Энэтхэгчүүдийн итгэл үнэмшлээр Брахман даргатай бас л олон бурхан байдаг аж. Бөөгийн болон Африк, Далайн орнуудад оршсоор байгаа бөө маягийн шүтлэгүүд ч олон бурхныг хүлээн зөвшөөрдөг.

    Хиндуизм, Буддизм хоёр нь мөн л ах дүү шашин. Хэрэв Христос, Лал, Иудайн сургаалаар бүтээгч Бурхан энэ хорвоог зөвхөн хүнд зориулж хийсэн гэж үздэг бол Буддын болон Хинду сургаалаар орчлонгийн бүхий л амьд юмс тэгш эрхтэй, хүнд онцгойлох давуу юм байхгүй, тэр байтугай эдгээр амьд биес үхлийн дараа нэг нэгэндээ шилжин явдаг аж. Хятадын гол хоёр сургаал нь найрлын онол юм. Күнз төрийн тухай, түүний найрал зохицлын тухай сургасан бол Бумбын шашин хувь хүн нийгэм болон ялангуяа байгальтай хэрхэн зохицож найрах тухай сургажээ. Сонирхолтой нь нэг эх сурвалжтай ах дүү шашинууд түүхийн явцад хоорондоо илүүтэй дайсагналцаж байв.

    Дэндүү хатуу чанга дэглэмтэй арабын зарим орныг эс тооцвол өнөөгийн ертөнц шашин болгоныг өөртөө багтааж, шашин болгонд хүлцэлтэй ханддаг болжээ. Лондон, Улаанбаатар, Дели, Исламабад, Ерусалэм, Ром алинд нь ч лалын хиндусын, христосын, буддын, иудайн сүм хийд биендээ дайсагналцалгүй зэрэгцэн оршиж байна. Шашны үл тэвчил өөрийн түүхэн бүдүүлэг үеэ хэдийнээ өнгөрөөжээ. Чингисийн монголчууд магадгүй анхны шашны хүлцэлтэй гүрэн байсан байх. Тэнд айлчлаад ирсэн Марко Поло олонд дуулдаагүй элдэв сонин ярьсанд европчууд итгэж эхэлсэн боловч Хархоринд лалын болон христосын сүмүүд биендээ огт муу юм санахгүй зэрэгцэн оршдог тухай яриадахсан чинь “мянган худалч” хоч зүүсэн байдаг. Түүнээс өмнө Монголд ирсэн Рүбрүк буддын, лалын, христосын шашинтнууд зэрэгцэж суугаад хорвоогийн мөн чанарын тухай ном хаялцан маргаж байсан тухай бичиж үлдээжээ. Тэр байтугай Мөнх хаан лалынхнаас христосыг өмөөрч байсныг тэмдэглэсэн байна.

    АНИМИЗМ

    Эртний хүмүүс шашинд онцгой ач холбогдол өгдөг байжээ. Шашны ямар нэг зан үйл, тахилга үйлдэх нь цаашид оршин тогтнох, ялангуяа хоол унд олдох үндсэн шалгуур гэж ойлгодог байв. Британы антропологч Тайлорын онолоор ертөнцийг үхсэн хүмүүсийн сүнс захирч байдаг гэж эртний хүмүүс ойлгодог байжээ. Иймээс тэднийг аргадах тайвшруулахын тулд элдэв тахилга үйлдэх болж. Германы хэл шинжээч Мюллэрийнхээр эртний хүмүүс аяндаа өөрт нь нөлөөлж буй далдын хүчнийг муу тэнгэр, сайн тэнгэр гэх мэтээр хувааж эхэлсэн аж. Ингээд сайныг нь хөхиүлэх, мууг нь зайлуулах есөн шидийн ритуал ёслол бодож олсон гэнэ. Энэ нь бурханы тухай анхдагч ойлголт байжээ. Мөн Германы шашин судлаач Оттогийн тайлбарласнаар хүмүүс аяндаа далдын хүчийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй ариун гэгээн гэсэн юмаа шүтэж дээдэлж биширдэг болжээ. Хүн байх утга учир гэсэн ойлголт ингэж буй болсон гэнэ. Орчин үеийн шашинд автаагүй, соёлын доод төвшинд яваа бүдүүлэг овог омгуудад энэ байдал өнөө болтол байсаар байгаа. Туйлын, Сибирийн, Канад, Аляскийн, эсвэл Бразилийн шугуйн, Африкийн ширэнгэ дахь, Далайн орнууд болон Шинэ Зеланд, Папуа Гвиней, Австралийн бөглүү гээд олон газарт буй овог отгуудад энэ ойлголт болон хэмжээ агуулагдсаар байгааг харж болно.

    Анимизм буюу сүнс шүтэх үзэл гэсэн санаатай нэршил бий. Дээрх бөөгийн мухар сүсгийг ингэж нэрлэдэг. Шаманизм нь үүний нэг хэлбэр. Шаман гэдэг нь зайран, удган гэсэн эвенк-тунгус үг бололтой. Ингэхээр шаманизм гэдэг нэршил Сибирь болон түүний ойр орчим дахь хүйтэн газрын бөө мөргөлийг нэрлэдэг. Австрали, Бразил, Африкийн бөөгөөс их ялгаатай нь мэдээж. Үгүй дээ л цаг агаарын онцлог, гарал үүслийн хол, зан заншлын ялгаа гээд байлгүй яахав. Гэхдээ цаад үндсэн агуулга нь бараг л яг ижил. Ер нь дэлхийн эртний бүх үндэстний уугуул шашин нь бөө мөргөл мөн. Ингэхээр хэзээ нэгэн цагт энэтхэгчүүд ч, хятадууд ч, европчууд ч бөө мөргөлтэй л байсан байж таарна.

    МОНГОЛ БӨӨ

    Монголчууд бүр эхнээсээ л бөө мөргөлтэй байсан. Түрэг угсаатны эзэмшил өнөөгийн Монгол нутагт монгол угсаатан Сибирийн тайгаас орж ирсэн байж магадгүй байдаг. Тал гэдэг бол хөвчтэй харьцуулахад соёлын илүү дэвшилд хүрэх бололцоо юм. Өнөөгийн Монгол нутагт үе үеийн турш төр улсаа төвхнүүлж байсан түрэг, монгол, хамниган овгийн улсын тал хээрт олон шашны урсгал орж ирж байжээ. Буддизм анх VII зуунд хачирхалтай нь өнөөгийн Афганистанаас орж иржээ. Мөн үед Персээс гаралтай манахэйн шашин орж ирж нэлээд хүчтэй нөлөө үзүүлж байв. IX зууны үед христосын шашин орж ирлээ. Тодорхой системтэй, сургаалтай, тайлбартай, моралтай, шалгууртай, үндэстэн дамнасан шинжтэй эдгээр шашнууд нь далдын хүчинд итгэн дулдуйдсан, ердийн мухар сүжиг болсон бүдүүлэг бөө мөргөлд амархан цохилт өгч байв. Гэвч ямар ч сургаалт шашин бүдүүлэг овог отог руу нэвтрэхэд удаан хугацаа шаарддагаас гадна нутгийн уламжлалт аминист шашинтай зөрчилддөг мөртөө бас холилддог. Христосын шашин орж ирэхээс өмнө герман, слав үндэстний шүтдэг байсан бөө мөргөлийн олон элемент өнөө хүртэл европчуудын дунд цөөнгүй бий.

    Монгол болон бусад түрэг, хамниган овогтнууд ч сургаалт шашныг авахын зэрэгцээ өөрийн бөө мөргөлтэй ихээхэн “эрлийзжүүлж” байв. Христ санваартан Рүбрүк Монголд ирчихээд загалмайн шашныг хэрхэн дампууруулж танигдахгүй болгож байгааг хараад гасалж байв. Бөө маягийн загалмайтан, бөө маягийн лал мөргөлтөн, бөө маягийн буддист Монголын талаар нэг байв. Чингисийн өмнөхөн Монголын хамгийн том хоёр аймаг Хэрэйд, Найман христос мөргөлтөн байжээ. Энд тэндгүй үргэлж дайн хийдгийн хувьд Төв Ази нь тухайн үедээ дэлхийн геополитикийн том төв байсан, тэр утгаар нь янз бүрийн шашин нааш их зочломтгой байж. Харин хээр талаас хойгуур уул мод руугаа ойр Хамаг Монголд бөө ноёрхож байлаа. Гэвч дэлхийг эзлэн олон соёл иргэншилтэй танилцахын хэрээр өөр шашинд орох буюу талтай болон автаж байлаа. Чингис хаан насны бөгсөнд Бумбын шашинд их автсан байдаг. Түүний бүх бэр христосын шашинтай байсан нь сонин. Ач хүү Гүег христос шүтэгч байсан бололтой. Дөрвөн их хааны эх Соргагтани христ шүтдэг байсан тул бараг ХХ зуун хүртэл олон сүмд Мари дарь эхийн орыг эзэлж байв. Зүч болон Цагаадайн удмынхан лалын шашинтан болсон бол Хубилайн удмынхан күнз, бумба, буддын шашин тийш хэлбийжээ. Хубилай Хятадын Юань династийн хаан болоод хятадын гол гурван шашин күнз, бумба, буддын төдийгүй мөн христос, иудай, лалын шашны баярыг албан ёсоор тэмдэглэдэг байсан байна.

    Бөө мөргөлтэй хатуу тэмцсэн шашин бол ХVII зууны үесд Монголд нэвтэрсэн төвдийн буддизм юм. Монголд төвд буддизм, тэр дундаа шарын шашныг анх залсан гэдэг Алтан хан юун түрүүн уул овоо тахих бөөгийн ёсыг цаазлан хорьж өндөр торгууль ноогдуулж байв. Хөгширсөн өвгөнийг ач хүү нь ам руу нь өөх чихэн араас нь ясаар гудруулж алах, уул ус тахихдаа онгон залуу охидыг усанд үйж алдаг зэрэг зэрлэг бүдүүлэг заншил ёслолтой буддизм ширүүн тэмцсэн юм. Ялангуяа шарын шашин төрийн зэрэглэлтэй болсноос хойш эдгээр үйлдлийг чангаар яллах болжээ. Ойрдод бөөгийн эсрэг хүч хэрэглэж бараг ор мөргүй болгож орхисон. “Тийм их шидтэй юм бол өөрийгөө авар” гээд бөө нарыг орон гэртэй нь шатааж байсан тохиол тун элбэг байжээ. Үүний зэрэгцээ ухуулга сэнхрүүлэг хүмүүжлийн ажил ч их явуулж байсан юм.

    Шарын шашин тал газраар илүүтэй хурдан тархаж байсан ч уул хөвчид тун удаашралтай байв. Ялангуяа Хөвсгөлийн болон Тагнын нуруу, Алтайн чанад руу хүний хөл хүрэхэд хэцүү газар бөө мөргөл амь бөхтэй оршсоор байлаа. Энгийн үгээр хэлбэл дэд бүтэц байхгүй учраас л тэнд лам нар очиж чаддаггүй байж. Хөвсгөлийн урианхай, дархад нарыг бөөгөөс нь салгахын тулд Богдоос тэднийг шавь болгон зарлаж өөрийн ивээлд хүртэл авсан байдаг. Хөвсгөлийн болон Тагнын нурууны аглаг бөглүү газар ХХ зуун хүртэл бөө үлдсэн нь ийм учиртай. Орос Алтайн (Горный Алтай ч гэдэг) ойрдуудын дунд ч өнөө хэр бөө мөргөл байсаар байна. Сияаны нуруунд тува нар ч бөөгөө авч үлдсэн. Харин Байгал нуур, Хэнтийн нуруу тал руугаа бол бөөг ор мөргүй болтол нь шахаж чаджээ.

    Хачирхалтай буцах процесс бас болсон байх юм. Хилийн наана цаана орших халх, буриад монголчуудыг хооронд нь зааглахын тулд оросууд XIX зууны сүүлчээс эвенк, тунгус хүмүүсийг авчирч хилийн харуул козак болгон суурьшуулжээ. Тэднийг халхчууд хамниган буриад гэдэг, харин тэд нэгэнт буриадтай огт хамаагүй болохоор буриадууд зүгээр л хамниган гэдэг. Бүдүүлэг омгийн тэд хоёр монголын дунд суугаад тун амархан монголжижээ. Ногоон нүдээр нь л ялгаж болно гэж ярилцдаг. Тэд Хэнтийн нуруу хавийн буриад, халх монголчуудын дунд мартагдсан бөөгийн мөргөлийг нь авчирсан байна. Үр дүн нь одоо л гарч байгаа юм байлгүй, Хэнтийн хойд сумдаар нэг салбаганасан бөө нар гараад ирж, саяхнаас.
    БУДДАГИЙН СУРГААЛ
    Сиддарта Гаутама буюу Шагжиймунын Буддагийн мэндэлсний 2550 жилийн ойг хүн төрлөхтөн саяхан тэмдэглэсэн. Ер нь байгаль хүн төрлөхтөнд нэг хэсэг бөөн бөөнөөр нь аугаа ухаан илгээх мөртөө нэг хэсэг хэдэн мянганаар таг чиг болчихдог. Одоогоос 25 зууны тэртээ аугаа сартваахиуд нэг хэсэгтээ бөөнөөрөө төрж байсан нь Будда, Күнз, Лаоцы, Аристотель, Платон, Сократ, Зараостэр гэх мэт. Мянганаар тооцох түүхийн утгаар эд нэг үеийнхэн.
    Буддизм нь өөрөөсөө хавьгүй ахмад шашин хиндуизмын хөрсөн дээр соёолжээ. Эртний энэтхэгчүүдийн түүхээр боловсорч хөгжсөн шашнаас зан үйл, домог, бэлгэдлээс авахуулаад сэтгэлгээ, гаргалгаа, философи гээд маш олон зүйлийг өвлөн авсан байдаг. Будда үхэх төрөхийн циклийг тайлбарлажээ. Хийсэн үйл болгон дараа нь үр дүнгээ үздэг гэсэн нь түүний философийн гол гаргалгаа юм. Өнөөдөр яг одоо амьдарч байгаа биет нь урьд насны үйлийн үр дүн. Амьдрал бол үхлийн шууд үргэлжлэл. Энэ цикл тасрахгүй. Амьтан болгон зовдог, энэхүү зовлон нь урьд нь хийсэн үйлийн үр дүн юм. Иймээс зовохгүйн тулд зовлонтой нь биш тэрнийг үүсгэсэн шалтгаантай тэмцэх ёстой. Тэр шалтгаан нь нэгэнт урьд өмнө болоод өнгөрсөн учраас цаг хугацааг урагшлуулан очиж засах бололцоогүй. Иймээс гагцхүү хожим зовохгүйн тулд хожмын зовлонгийн шалтгааныг одоо үүсгэж болохгүй. Чухам эндээс Буддын зөв амьдрах сургаал мөрдлөг болон гарч ирж байгаа юм. Энэ бүхнийг монголчууд нэн эртнээс үйлийн үр гэж орчуулах болсон. Гэхдээ одооны хэлээр үйлдэл ба түүний хариу, эсвэл үйлдэл, тэрнээс үүссэн хариуцлага гэж болох юм. Орчин цагийн монгол хэлэнд “үйлээ үзэх” гэвэл ядрах, махрах, махаа идэх гэсэн утгатай; “үйлийн үр” гэхээр гарах гарцгүй, цаанаасаа ингэж заяагдсан гэсэн өөр утга агуулах болжээ. Достоевский үүнийг “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэх маягтай хэлснийг “Гэм, зэм” гэсэн хэлц үгээр ч орчуулна. Гээд энэ нь Буддын сургаалын өрөөсөн тал нь. Гэм хийвэл зэмтэйгээс гадна буян хийвэл шагналтай гэж байж бүтэн болно. Ямар л үйлдэл хийнэ тэрэндээ тохирсон хариу сүүлд нь гарна гэж товч илэрхийлж болох нь. Ингэхээр хүний сайн муу явах зөвхөн өөрөөс хамаарах ажгуу.
    Энэ сургаал нийтэд их ойлгомжтой зүйл. Гэтэл Буддын сургаалыг нийтэд ойгомжгүй болгодог зүйл нь дараагийнх нь. Хэрэв хүн үхэх төрөхийн цикл дотроо л байгаад байвал зовлонгоос нэг мөсөн ангижрахгүй. Харин хүн энэ хорвоогийн эгэл зүйлсээс ангижирч чадвал мөнөөх цикл эргэлтээс гарч дөнгөнө, тэгсэн цагт мөнхийн аз жаргал, амгаланг олох аж. Мөнхийн амгалан олох тэр статусыг Будда нирваан гэж нэрэлжээ. Ийм амгаланг ологч мянгаар тоологддогийн нэг нь Будда өөрөө аж. Бусдаас нь ялгахын тулд түүнийг Шагжийнмунын Будда гэнэ. Түүнийхээр бүтээгч Бурхан гэж үгүй аж, харин нирваан болсноор хэн ч Бурхан болдог ажгуу. Чухам үүгээрээ буддизм нь нэг Бурхант шашин болох лал, христосоос эрс өөр тайлбартай.
    Буддаг нас барснаас хойш үе үеийн шавь нар нь сургаалыг нь нэгтгэн Трипитика хэмээх судар гаргажээ. Үүний нэг нь Дармапад. Тэд Нама будаяа, нама дармаяа, нама сангаяа гэсэн товч цогц илэрхийлэл зохиосон нь “гурван эрдэнэ” ч гэгддэг. Энэ нь Буддаг шүтье, Буддагийн сургаалыг шүтье, сургаалыг цааш дэлгэрүүлэгчийг бас шүтье гэсэн санаа. Буддагаас хойш сургаал нь гурван гол урсгалд хуваагдсан нь их хөлгөн, бага хөлгөн, тарнийн хөлгөн юм. Бага хөлгөн буюу хинаяанагийнхан өөрснийгээ ингэж нэрлүүлэх дургүй, “тэрэвада” гэцгээдэг. Тэд Буддаг өөрийг нь илүү эрхэмлэн шүтдэг бол Их хөлгөн буюу махаяанагийнхан олон будда байдаг гэсэн чиглэлээ барьж ирээдүйн будда ирэх (төрөх?) цагт хүн төрлөхтнийг аврана гэж үзнэ. Тарнийн буюу төвдийн буддизмынхэн өөрснийгөө Их хөлгөнд хамааруулдаг авч судлаачид үүнийг үгүйсгэдэг, шал өөр чиглэл болохыг нь төрөл бүрээр баталдаг. Төвдийн буддизм ловон Бадамжунайгаас үүсэн цааш явсан. Хэн ч гэгээрч болно гэсэн Их хөлгөний үзлээс төвд шашин угшилтай боловч цаашдаа салаад явжээ. Их хөлгөн Боддармагаас эхлэн хуушаан буюу чань болон хөгжиж улмаар Япон руу зэнь гэсэн нэрээр төгөлдөршлийг олсон байна. Эд нирваан болох технологийг практик болгон хөгжүүлсэн учраас эндээс үшү, кунфү, каратэ, жижицү гэх мэтийн философи-урлаг-спорт ч үүсчээ.
    ТӨВДИЙН БУДДИЗМ
    Буддагийн амьдарч байсан уулын архан талд төвдүүд суудаг. Хөрш орон руугаа сургаал нь III зуунд анхлан ирсэн гэх боловч үнэндээ Буддагаас хойш 1200 жилийн дараа л лавтай гүн шингэжээ. Гол учир нь хоёр ард түмний соёлын болон иргэншлийн хэт зөрөөнөөс болсон хэрэг. Уулын мухарт суудаг төвдүүд нь дэндүү хоцрогдонгуй, бүдүүлэг үндэстэн. Хэт өндөр газар ус ч буцалдаггүй учир махаа хүртэл түүхийгээр нь шахам иднэ. Бөөгийн мухар сүжигтэй, тэрийг нь бон гэнэ. Ийм газар орж ирсэн соёлтой, өндөр мэдрэмжийн сургаал бөөгийн мухар сүсэг, бүдүүлэг зан үйлийнх нь гоёл, хавсрага төдий болох нь ойлгомжтой. Гурван эрдэнэ гэсэн ойлголт орж ирүүтээ дөрөв боллоо. Дөрөв дахь нь лам. Лам хүнийг мухраар шүтэж, хамгийгаа тэмтрэн өгч байх энгийн авилга. Бөөгийн шүтдэг олон шүтээн, тухайлбал сармагчин, шулмас зэрэг нь дорхноо бурхны зэрэгт өргөмжлөгдөв. Бөөгийн зан үйл домог Буддын гайхамшигт сургаалтай холилдон тэр гэхийн тэмдэггүй боллоо. Лам нэрээр хүмүүсийг хуурч авилгаар амьдардаг бүхэл бүтэн паразит давхрага үүслээ. Тэд гол нь тарнийг шүтэх ба элдэв уншлага, хараал, авралын тарни бодож олсон нь учир тоймгүй.
    Мянгаад оны үед Адиша хэмээх их эрдэмтэн Төвдөд ирснээр үндсэн эргэлт хийсэн. Адишагийн сургаалыг орчин үеийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарласан Ошо багшийн тайлбар гэж бий. “Билгүүн ухааны шастир” нэртэй энэ ном П.Бадралын орчуулгаар саяхан хэвлэгдэн гарсан. Энд чухам Буддагийн яриад байсан үйлийн үр хэмээх бүхэнд ойлгомжтой сургаал, нирвааны тухай ойлгомжгүй сургаалыг ялгаж өгсөн юм. Үйл болгон ардаа хариутай, иймээс зөв амьдрах нь зовлонгоос хол байх үндсэн арга. Хүн шуналаасаа болж буруу үйл хийдэг, буруу үйлийн хариу зовлонг авчирна. Маш ойлгомжтой товчхон философи. Энд чухам хүний амьдралын этик, мораль, амьдралын ухаан оршмой. Тарни гэдэг бол мунхруулга, ерөөсөө ч буддизм ямар ч ид шидийн тухай сургаагүй гэдгийг Адиша төвдүүдэд хэлж өгсөн юм.
    Хүн зовлонгоос мөнхөд ангижран нирваан болъё гэвэл энэ хорвоогийн явдлаас бүрэн салах ёстой. Сиддарта шиг эхлээд эхнэр, нялх хүүхэд, хөгшин эх эцгээсээ холдон бүрэн умартана. Хорвоогийн бүхий л үйл явдлыг өөрт огт хамаагүй мэтээр тэс хөндлөнгөөс харж үл оролцоно. Энэ сургаал ойлгоход хэцүүгээс гадна үнэмшихэд ч бэрх, цаанаа ямар нэг ид шид агуулж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эгэл хүний хувьд мөнхийн амгаланд очино гээд хорвоог огоорч байх ямар ч шаардлага үгүй. Харин ингэхээр зорьж буй хүмүүсийг лам гэнэ. Эгэл хүнд энэ нь ид шид мэт харагдана. Ид шидтэнгээс хүмүүс тусламж гуйна. Хариуд нь өргөл барьц өгнө. Хөдөлмөр хийлгүйгээр тун амархан тэжээлгэчих арга ингээд гараад ирж байна. Өөр бусад нь ч энэ сайхан амар арга руу тэмүүлнэ. Ингээд лам нарын бүхэл бүтэн арми үүсэж таараа. Ингэхээр дотор нь өрсөлдөөн үүснэ. Мөн илүү ид шид бодож олно, эгэл иргэдийг улам илүүгээр мунхруулах арга санаачлана, өргөл барьцаа булаацалдан хоорондоо муудалцана. Адишаа төвдүүдийн буддист ойлголтыг цэгцэлсэн боловч түүнээс хойш мөн л дампуурч нийгмийн хамгийн бузар сав болж. Мэдээж Адишаагийн буянгаар Төвдөд мөнөөх зөвхөн дээд эгнээнийхэн ойлгох ертөнцийг огоорч байж мөнхийн амгаланг олох сургаал ихэд хөгжин маш том ололтод хүрснийг үгүйсгэх аргагүй.
    1400 орчим онд Төвдөд Зонхов хэмээх нэгэн эр шашны энэ дампуурлын эсрэг тэмцжээ. Тэрээр өөрийн школыг төрүүлснийг шарын шашин гэнэ. Тэдний сургуулийнхан авилгач лам нараас ялгагдахын тулд тусгай формтой болж шар малгай духтуулах болсноос ийм нэр гарчээ. Нэгэнт л нирваан болж ертөнцийн хар бор амьдралаас тасрах гэж байгаа болохоор эхнэр авахыг хориглолоо. Сексийг бол хорьсон юм байхгүй. Харин ч сексээр дамжин нирвааны зарим хувилбарыг ойлгох технологи байдаг гэнэ. Зонхов нирваанд хүрэх гэж буй эдгээр лам нарыг сахилгажуулснаас гадна эгэл хүмүүсийн ойлгох ёстой зүйлийг бас тусгаарлаж өгчээ. Түүний бичсэн “Бодь мөрийн зэрэг” зохиол нь гурван ботиос бүрдэнэ. Эхнийх нь эхлэн гэгээрэгч буюу эгэл хүмүүст зориулж Буддын сургаалыг тайлбарлажээ. Энэ бол Буддын сургаалын дагуу хүмүүс зөв амьдрах тухай л номлол. Тэрээр Буддагаас гадна түүнээс хойш төрсөн архад – Нагаржуна, Адишаа, Шантив, Асанга зэрэг олон сартваахийн тайлбарыг харьцуулан өгүүлсэн юм. Улмаар гэгээрэгч, төгс гэгээрэгч нарт зориулсан дараагийн хоёр боть нь бурхны шавь гэгдэх мөнөөх нирваанд очихыг санаархагч хүсэгч тэмүүлэгч нарт зориулжээ. Энэ нь ерөнхийдөө мэргэжлийн сурах бичиг юм даа. Ингээд Буддагийн гэгээрэлд хүрэх арга зөвхөн лам нарт төдийгүй энгийн ардад ч бололцоотой болохыг Зонхов зааж, бичиг үсэггүй ардад лам нар тайлбарлаж ойлгуулах үүрэгтэй болохыг хэлсэн юм. Үүнийг хөтлөх гэнэ. Өөрөөр хэлбэл Бодь мөрийн зэрэг номын эхний ботийг лам хүн эгэл хүмүүст уншиж өгөн тайлбарлах, дараагийн хоёр ботийг өөрөө уншиж гэгээрэх ерөнхий журам эндээс гараад ирж байна.
    МОНГОЛД БУДДИЗМ ИРСЭН НЬ
    Төвдийн буддизм Монголд нэвтэрсэн нь улс төрийн шалтгаантай. Юань мөхөж нутагтаа хөөгдөж ирсэн монголчууд олон арван ханлигуудад хуваагдаж биендээ захирагдахаа болин хоорондоо тэмцэлдэх болжээ. Тэгэхээр тэднийг нэгтгэх үзэл суртал хэрэгтэй болсон. Нөгөө талаас Төвдөд шашны олон урсгал хоорондоо тэмцэлдэн хэн нь ч цоройж чадахгүй учир Монгол мэтийн хүчирхэг улсаас цэргийн тусламж авч ноёлох сонирхол бүгдэд нь байв. Хоёр тал ийм улс төрийн сонирхлын шалтгаанаар уулзалджээ. Монголчуудаас тусламж авах гэж Төвдөд улааны болон шарын шашин хоорондоо өрсөлдөж байсан бол Монголын ханлигууд биентэйгээ өрсөлдөн алиныг нь ч хамаагүй урин залж байв. Алтан хан анх шарын шашин залахдаа “Ойрдуудыг өшлөн дарахад хэрэг болно” гэж байсан бол ойрдын Хархул хариу цохиход хэрэг болж магадгүй хэмээн уралдан заллаа. Халхын Авдай сайн хан Төвдөөс сажапагийн урсгалынхныг урьсан бол цахарын Лигдэн улааны шашныг хамгаалагч болж байжээ. Олон хуваагдсан монголчууд Төвдийн олон хуваагдсан шашныг хэсэглэн өмөөрч хоорондоо байлдаж байв. “Цогт тайж” кинонд гардаг үйл явдал үнэн түүх. Хүний шашин өмөөрөх гэж Туулын усаа амсаад хэдэн мянган км хол явж хүний нутагт хоорондоо байлддаг, бас л шог байгаа биз? Дараа нь яахав дээ, халх, ойрд, цахар, барга, буриадад бүгдэнд нь шарын урсгал нэвтэрсэн, Төвдөдөө шарынхан төрийн эрх барьж, тэдний Далай лам хэмээх монгол цолтой лам толгойлогч нь болсон. Тухайн үед хүчирхэгжиж байсан манжууд төдийгүй хятадын Мин, дараа нь Чин улсын эзэд Монголд шарын шашин дэлгэрч байгаад ихэд баясан хөхиүлсэн байдаг. Энэ бол улс төрийн тал нь!
    МОНГОЛ МАЯГИЙН БУДДИЗМ
    Буддын шашины хамгийн гоц дампуурсан хэлбэр Монголд тогтсон. Төвдийн бөөгийн “гарт хүмүүжиж” хэлбэрээ алдсан сургаал Монголын талд ирж дутахгүй бүдүүлэг бөөгийн “гараар орон” нүднээс гарав. Үхэл амьдрал дамнасан мөнхийн циклийн тухай сургаал тун ч хялбарчлагдаж үхэх мөрөөрөө үхэхгүй эргэж төрөөд буг болохтой шахдаг үзэгдэл хавтгайрав. Эхлээд Төвд Энэтхэгт томчуул нь эргэж төрдөг, тэрийг нь хайж олоод тодруулдаг байсан бол сүүлдээ нийтлэг үзэгдэл болж Монголын жалгын сүмийн хамба эргэж хувилаад салахаа болив. Хувилгаадын тоо замбараагаа алдаж, энэ нь нэг төрлийн аятайхан бизнес болсон тул төрөөс оролцон тоог нь хязгаарлажээ. Буддын сургаалыг бичиг номтой болсны хувьд бусдад тайлбарлаж өгч байх үүрэгтэй лам нар маань харь тангад хэлээр нь ном уншин түүндээ ид шид оруулж өвчин зовлонгоос салгадаг болжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн үнэнийг өөрөө хайх тухай сургаал гадаад хэлээр ид шид агуулсан тарни болон ойлгогдож буй нь энэ! Мэдээж өөрөө ч ойлгосон юм байхгүйгээр ном уншсан нэр зүүгээд шан харамж авна, тэр нь амьдралыг нь залгуулна. Ийм бэлэн хоол руу бүгд зүтгэх нь мэдээж. Ядуу айл хүүхдээ хоолтой залгуулах гэж лам болгодог бол, баян айл татвараас зугтаах гэж ийш тэмүүлнэ. Ингэсээр 700 мянган хүн амтай нийгмийн 100 мянга нь лам болжээ.
    Буддагийн сургаал бол үнэний эрэл. Түүнийхээр хүн өөрийнхөө үнэнийг өөрөө олох ёстой. Хорвоогийн мөнхийн эргэлтээс сулран гарч чадсан цөөн нэг нь абсолют үнэнийг олох бололцоотой. Өөрөөр хэлбэл буддизм нь хамгийн догма үгүй шашин. Монголын буддизм магадгүй дэлхийн хамгийн догма шашин болжээ. Үзмэрч, төлөгч, тарнич, зурхайч, номхруулагч, хараалч, мууг зайлуулагч, тольдогч гээд цаад утгаараа буддын сургаалтай харш, мөн чанараараа буддизмд байж болошгүй үзэгдэл монгол буддизмын амин сүнс, утга чанар нь болсон. Мухар сүсгийн хүрсэн зэрэглэл нь бөөтэй өрсөлдөхүйц болж авав. Буддагийн сургасан болгон энд ид шид, далдын хүч, парапсихологи, экстрасеанс болон хувирсан. Лам нар болгон зөвхөн ном уншиж хүн айлгадаг төдийгүй, ирээдүйг нь тольддог, нүгэлийг цайруулдаг, од гаригийн хөдөлгөөнөөр хувь заяаг нь тодорхойлдог, өдөр тутамд хүний юу хийх болон эс хийхийг нь зааварладаг универсал шидтэнгүүд. Энэ нь хоцрогдсон нийгмийн сэтгэхүй болон моралийг бүр эвдсэн юм. Ямар ч нүгэл хийсэн тэрнийгээ эд мөнгө өгөн хахуулдах замаар цайруулж болно гэсэн нийгмийн ойлголт буй болгожээ. Ингэхээр сүм хийд гэдэг нь үнэн чанартаа Бурхантай наймаа хийдэг хар захархуу юм болон хувирч буй хэрэг.
    Шашины энэхүү балайрал дампууралтай үе үеийн монгол сэхээтнүүд, ялангуяа томоохон лам нар их тэмцэж байсан юм. Тогтох ван, Агваанхайдав, Агваанбалдан, Ишданзанваанжил, цахар Лувсанчүлтэм, Данзанравжаа, Сандаг гээд олон бий. Энэ нь нийгмээ мухардалд оруулаад зогсохгүй сүйрэлд хүргэнэ гэж тэд анхааруулж байлаа. 1937-38 оны их аллага гол нь сүм хийдийг чиглэсэн. Коммунизм гэх шинэ атейст шашин, түүний фанат дагагч улаантнууд лам нарыг хэдэн арван мянгаар нь хөнөөж бүх сүм хийдийг галдан шатааж эвдэн сүйтгэж нураалаа. Ухаалаг том лам нар хэлж байв: Ингэх цаг нь болсон, хэтэрхий буруу явсан болохоор энэ чарлаб нарын гараар шийтгэл ирж байгаа нь энэ! Үйлийн үр! Орчин цагийн хэлээр хөрвүүлэх юм бол: ямар л үйлдэл хийсэн байна тийм л хариу гарна. Будда үнэн хэлжээ.
    МАРКСИЗМ БА БУДДИЗМ
    “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж хэлж байхдаа Маркс өөрийнхөө сургаалыг бас нэгэн шинэ шашин болно гэж зүүдлээгүй бизээ. Коммунизмын тухай таамаг нь бас нэгэн шинэ диваажингийн амлалт болж өөрийнх нь хөрөг Есүсийг орлох боллоо. Маркс шашныг басамжлан үздэг байсан бол түүний хамгийн үнэнч шавь Ленин шашныг шууд үзэн яддаг байлаа. Ленин, дараа нь Сталин марксизмыг шинэ шашин болгон хувиргасан юм. Ердөө л орлуулах журмаар. Маркс, Ленин нар сүсэгтэй сэхээтэн айлд өсөж хүмүүжсэн бол Сталин шашны сургуульд сурч байжээ. Ингээд л орлуулж гарлаа. Коммунизм-диваажин, сүм хийд-нам, хувраг-намын дарга нар, сүмээс хөөх-намаас хөөх, усан баталгаа-пионерт элсэх, дагшин газар-удирдагчийн бунхан, Есүс-Маркс болон бусад удирдагч, архад-улс төрийн товчооны гишүүд, чойг-намын батлах, шашны баяр-хувьсгалын баяр, тарни-намын лоозон, шүтээн алтарь-лениний болон сүхбаатарын танхим… гэх мэт. Гэхдээ өөр шашин болон ямар ч үзэл бодлыг үл зөвшөөрдөг дундад зууны католикуудын үеийн загвараар буй болгожээ. Иймээс коммунист инквизаци ч ажиллаж байсан.
    Оросуудын оруулж ирсэн энэ шашны цаад мөн чанарыг монголчууд эхлээд ойлгохгүй байлаа. УБХ-ын дарга Гэндэн “Ертөнц дээр Будда, Ленин гэж хоёр аугаа бурхан төрсөн…” гэж хурал дээр айлдаж байв. Хоёр удаагийн Ерөнхий сайд Амар шүтлэгтэйгээ нуух байтугай илт идэвхитэй буддист аж. 1940 он гэхэд бүгдийг нь алж устгаж, буддын сүм хийдийг шатааж нурааж дууссанаар ортодокс марксизм өрсөлдөгчгүй ноёрхох боллоо. 1943 онд намын хатуу хяналтын дор Гандантэгчлэн хийдийг нээжээ. 1990 он хүртэл энэ сүм төрийн нэгэн хавсрага болж байсан төдийгүй нууц цагдаагийн газрын нууц туршуулын ч үүрэг гүйцэтгэж байсан. Төвдийн буддизм анхлан орж ирэхдээ бөөгийн бүдүүлэг зан заншлыг устгаж Энэтхэг Төвдийн асар их соёлыг тээн орж ирснээрээ нийгэмд мундахгүй их дэвшил авчирсан. Яг адилхан процесс энд бас болсон юм. Марксизм орж ирснээр өрнийн соёл иргэншлийг тээн авчирч шинжлэх ухааныг ихэд хөгжүүлсэн. “Шар машин” гэгдэх оюун санааны хүлээсийг зад татан, мухар сүсгээс үүдэлтэй бүдүүлэг зан заншлыг халж, нийгмийн асар том дэвшил дагуулсан билээ.
    МОНГОЛ СҮЖИГ
    Иргэншлээс зөвхөн бэлэн зүйлсийг нь хэрэглэж байсан талын нүүдэлчин монголчууд иргэншсэн шашныг мухар сүжгийн хэмжээнд ашиглана уу гэхээс цаад мөн чанар руу нь орж автаж байсангүй. Эзэлсэн орондоо суурьшсан монголчууд л хэдэн үе өнгөрсний дараа жинхэнэ лал, күнз, христос, буддын шашинтан болж байлаа. Рүбрүкийн баталж байгаагаар христос мөргөлтөн болсон нүүдэлчид байтугай миссионер, хуврагууд нь хүртэл олон авгайтай, архи дарс уугаад явдаг аж. Загалмайд хүлэгдсэн Христын дүрсийг хуу татаад авчихана. Хүн төрлөхтний гэмийг өөртөө хүлээн шаналж байгаа жинхэнэ утгыг нь ухахгүй, тиймдээ ч бусдад тайлбарлаж чадахгүй болохоороо ингэж байсан болов уу.
    Төвдийн буддизм орж ирсэн ч энэ шашны жинхэнэ философи, арга ухаан, мөн чанар нүүдэлчдийн дэндүү ихэнхид дэндүү холын юм байлаа. Бөөгийн мухар сүжгийг орлох төдий үүрэг гүйцэтгэх болов. Ерөөсөө бөө нь үхэгсэдийн сүнсийг шүтэх гаргалгаатай. Өөрийн өвөг дээдсийн сүнс тэр хүндээ Бурхан байдаг. Ингэхээр зэрэгцээ хоёр хүний шүтээн бурхан тус тусдаа байдаг нь гайхмаар зүйл биш төдийгүй, ерөөсөө л угаасаа ийм байх ёстой аж. Иймдээ ч нүүдэлчид алив шашныг хэзээ ч харилхдаггүй, хэрэгцээ гарвал тун амархан өөриймшүүлчихдэг ажгуу. Чингисийн их гүрэнд дайсагнагч шашнууд эв найртайгаар зэрэгцэн оршиж байсны нууц энд болов уу.
    Оросын эрдэмтэн Майский 1918 онд Монголд ирэхдээ нэгэн хачирхалтай зүйл олж ажигласнаа тэмдэглэсэн байдаг. Нэгэн баян нүүдэлчин өглөө христийн сүмд загалмайлаад зогсож байж. Өдөр нь тэднийд очсон чинь лам авчирчихсан ном уншуулаад сууж байж. Орой нь харин тэднийд бөө уригдан ирж түүдэг ноцоож онгон тэнгэрээ дуудан эзний муу муухайг зайлуулж байх юм гэнэ. Гэрийн эзнээс яагаад энэхүү хоорондоо харш шашныг зэрэг зэрэг шүтдэгийг нь асуужээ. “Нэг нь тус болохгүй гэхэд нөгөө нь туслах байлгүй” хэмээн цаадах нь маш прагматикаар хариулж. Алив шашинд хандах монгол хүний жинхэнэ дүр!
    1937-38 онд 800 шахам сүм хийдийн 6 мянга орчим барилга байгууламжийг үнэн хэрэгтээ монгол хүн гараараа галдан нураасан. Заавар, зандрал тулгалт нь цаанаасаа байсан ч монгол хүн өөрийн гараар энэ нүглийг үйлдсэн. Хэрэв буддын ухааныг мөн чанараар нь ойлгодог байсансан бол ийм нүгэл хийхээс үхлийг дээрд үзэх байсан болов уу. Үүнээс даруй дөрвөн зууны тэртээ хэдэн мянган жил шүтсэн бөөгийн ёсоо төвдийн буддизмийн суртлаар харгислан дарж үгүй хийсэн билээ. Төвдөөс суртал нь ирсэн болохоос үүнийг мөн л монгол гар гүйцэтгэсэн. Хожим нь орж ирсэн марксист шашинд монголчууд үнэнчээр үйлчилж, үүгээр урьд нь байсан буддизмыг орлуулах болжээ. 1980-аад оны дундуур энэ талаар судалгаа хийсэн европын шинжээчдийн тайланд “марксизмыг шашны хэмжээнд ритуал, итгэл үнэмшилтэй нь мөрддөг магадгүй цорын ганц ард түмэн” гэж гайхшран нэрэлсэн байдаг. “Шашин хориглогдоод хэдэн үе өнгөрсний дараа хүмүүс орлуулж болох юуг ч шинэ шашин болгон мөрддөг юм байна” гэсэн нээлтийн хэмжээний дүгнэлт гаргаж байлаа, тэд.
    АРДЧИЛАЛ БА ШАШИН
    1990 оны ардчилсан хувьсгал шашны эрх чөлөөг авчирлаа. Гучаад онд Монголд арчигдсан төвдийн буддизм 1990 онд буцаж ирэх хооронд Монголын нийгмийн харилцаа, бүтэц, зэрэг дэв үндсээрээ өөрчлөгджээ. Иргэншил гүн шингэсэн, хүн амын ядахнаа тал нь иргэншсэн орчинд амьдардаг, бүх нийтээр бичиг үсэгтэй, үйлдвэржсэн, хотжисон, ухамсаржсан, соёлжсон нийгэм болжээ. Шинжлэх ухаан энэ нийгмийн ертөнцийг ойлгох гол аргачлал нь болсон юм.
    1991 онд хийсэн судалгаагаар хүн амын 80 хувь нь өөрсдийгөө буддист гэж тооцдог гэнэ. Ямар марксист гэлтэй нь биш! Харин 2000 онд хийсэн судалгаагаар өөрсдийгөө буддист гэж үзэгчдийн тоо 50 хувь хүртэл цөөрчээ. 2006 онд америкчуудын хийсэн судалгаагаар буддист шашинтай хүмүүс 15 орчим хувь байлаа. Энэ судалгааны урьдынхаас ялгаатай нь хүн өөрийгөө ямар шашинтай гэж үзэж байгааг нь биш хөндлөнгөөс нь үнэхээр ямар шашин шүтдэгийг нь тодорхойлсон юм. Христосын шашинтай 5 хувь, лалын шашинтай 3 хувь, бөө мөргөл шүтдэг 5 орчим хувь гарч ирж байна. 20 гаруй хувь нь ямар ч шашинд хамрагдаггүй аж. Үүний дотор атейст ч байна, ортодокс марксист ч байна, гэхдээ олонхи нь агностик үзэлтэй аж. Цаана нь үлдсэн 50 орчим хувийг анимизмтай холбон тайлбарлажээ. Марко Пологийн номын орчуулгад ийм хүмүүсийг “дүрс хөрөг шүтэгчид” гэсэн байдаг. Мөнөөх Майскийтэй тааралдсан олон шашинтан эрийг хэлээд буй хэрэг. Өөрөөр хэлбэл ердөө л мухар сүсэгтэн. Бөө ч мухар сүсэг, тэгэхээр юугаараа ялгагдах вэ? Бөө шүтэгч хүмүүс тэрийгээ л итгэл үнэмшил болгодог бол анимистууд бөөг оруулаад юуг л бол юуг сүслэнэ.
    Эд хэн бэ? Шалгалтын өмнө хүрд эргүүлдэг оюутнууд, гаалийн байцаагчийн өмнөөс шороо цацдаг наймаачид, айл ухсан олзноосоо Ганданд аваачиж өгдөг хулгайчид, өвчин зовлонгоо эдгээх гэж боловсон эмнэлэгээс эхлээд бөө хүртэл тэнэдэг өвчтөнүүд, өр ширнээсээ салах гэсэн зовлонтон, өрсөлдөгчөө хорлож үхүүлэх гэж гүрэм уншуулдаг атаач, олсон хэдээ эргүүлж алдахаас айн даатгал “төлдөг” баячууд, албан тушаал ахих гэсэн горьлогчид, үрэгдэгчийн араас гунихрагч, зүгээр л нойр шингэрсэн бие чилээрхсэн хүмүүс гээд нийгмийн бүх давхрагаас янз бүрийн асуудалтай улс юм. Ер нь ч тэгээд цайчихсан тэнэгийг тооцохгүй бол асуудал бэрхшээлгүй хэн байх билээ. Үүндээ чухам яаж хандаж байна гэдэгт л хэргийн учир бий.
    Шинжлэх ухаан, техник технологийн ийм өндөр эрэмбэд гарсан XXI зуунд, муу ч сайн ч нийтээр сургууль номоор явсан орчин цагийн хүмүүс ийм олноороо яагаад мухар сүсэгтэн болж хувирав? Олон шалтгаан бий байх. Итгэл үнэмшил байхгүйгээр гурван үеийг өнгөрөөжээ. Явсаар ганц итгэл нь коммунизм болсон. Гэтэл коммунизм ганцхан өдрийн дотор хайлан урсахад хүмүүсийн итгэл үнэмшилд асар том хоосон орон зай гарчээ. Итгэл үнэмшил, ариун дээд юм, эрхэмлэх зүйл, амьдралын утга учрын тухай төсөөлөл, ертөнцийг харах үнэлэмж асар дээр үеийн бүдүүлэг отог омгийн гишүүдэд үүссэн тухай дээр өгүүлсэн. Шинжлэх ухаан нь хүмүүсийн мэдлэг дээр суурилж, байгаль эд юмсын объектив талыг нь судлан нууцыг нь ойлгуулдаг. Харин шашин бол оюун санаа, төсөөлөл дээр суурилан хоосныг судлана. Аль алин нь танин мэдэхүй, гэхдээ нэг нь биет зүйлийг, нөгөө нь биет бус зүйлийг танина. Шашин бол ариун, дээд танин мэдэхүй. Шинжлэх ухаан мэдлэгийг буй болгодог бол шашин мэдэрхүй буй болгоно. Хүн шинжлэх ухаангүйгээр амьдрана, харин хомо сапенс хэмээх оюунт хүмүүн шашингүйгээр бараг л бололцоогүй болов уу. Хэрэв шашин гэдгийг итгэл бишрэл, ариун дээд юм, үнэмшил, бишрэл гэж үзэх юм бол шүү дээ. Шашин бол танин мэдэхүй төдийгүй соёл, урлаг, гүн ухаан, боловсрол, хүмүүжил юм. Орчин үеийн ихэнх шашин олон жилийн намтартай, өөрийн үзэл санаатай, ёс журамтай учир хүмүүнд хар багаас нь сууж хүмүүжүүлж, ёс суртахууныг нь тогтоож, болох болохгүйн заагийг тогтоож өгдөг. Харин ердийн мухар сүсэг нь бэлтгэлгүй хүнд тун амархан сууна. Чухам ийм л шалтгаанаар гэнэт өөрийн ариун нандин гэх зүйлгүй, итгэл үнэмшилгүй болсон нийгэмд мухар сүсэг хүчтэй нэвтрэн орсон болов уу. Олон шалтгаан бий байх, гэхдээ энэ бол хамгийн гол учир нь байхаа. Иймдээ ч хүмүүс үзтэл галзуу солиотой, эсвэл улайм цайм луйварчид руу “юм яаж мэдэхэв!” гэсэн үндэслэлээр өргөл өвөртлөн цувна.
    ШАШНЫ ЗАХ ЗЭЭЛ
    Эрэлтийг дагаж нийлүүлэлт буй болдог. Нийлүүлэлт ч эрэлтийг өдөөдөг. 1990 оноос Монголд оюун санааны тулгуурын асар их эрэлт буй болжээ. Шилжилтийн эхний үе ядуурал, инфляци, гэр оронгүй хүмүүс, барааны хомсдол, ажилгүйдэл дагуулсан. Ингэхээр хүмүүс юун түрүүн аврал хайж юунд л бол юунд итгэхэд бэлэн болжээ. Анхны оюуны аврал амлагч нь Ерөнхийлөгчийн үзмэрч, гал гаргадаг хүүхэн, алтан цөгц, өөр гаригийнхан, Ромбу хэмээх нууцлаг биест, 69 машинд угсарсан мөнхийн хөдөлгүүр, Чингисийн булш, Унгерний нуусан алт эрдэнэс байсан, бүгд л хөдөлмөр заралгүйгээр амархан хөлжих арга зааж өгөв.
    Шашин болгонд “культ” гэгддэг гажсан, үндсэн санаанаас хол зөрсөн, зарим тохиолдолд хүчирхийлэл, амиа хорлол, солиорол суртчилдаг хориотой урсгал бий. Тэр жилүүдэд чухам ийм культууд эхэлж орж байв. Мэккагаас “буруу номт” гэж зарлагдсан, лалын ихэнх оронд хориглогдсон урсгал л 1990 онд Баян-Өлгийд хамгийн түрүүн ирж байсан. Энэтхэгээс хиндугийн хориглогдсон зарим культ орж ирсэн нь одоо болтол энд байсаар байгаа. Христийн сайнслоги гэх мэтийн культ ч орж ирсэн. Токиогийн метронд хорт утаа тавьж олон хүнийг үхүүлдэг Ом Шанригийн бүлэг ч төвдийн буддизмын нэг культ юм. Ийм гаж үзэгдэлд нийгэм хамгаалалтгүй байлаа.
    Бараг мөхөж алга болоод 400 жил болсон бөө мөргөл эргээд гараад ирлээ. Угсаатан судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүд шинэ бөө нарын гарын авлага болох нь тэр. Эрдэмтэн Пүрэв, Бадамхатан нарын бүтээл ингэж луйвар хийх хэрэгслэл болдог байжээ! 1996 онд нар хиртэхэд гадаадын жуулчдыг хоргоож байсан бөө нар Ураалын их сургуулийг төгссөн сэхээтнүүд байж билээ. Хөвсгөлийн тайгад цаатан болж жүжиглэн урцанд сууж бөөлөгчид дунд сургууль төгссөн монгол хүмүүс байдаг. Бөө удамшдаг гэж ярьдаг, тийм юм бол тэнэг ч, зальхай ч, луйвар ч удамших ёстой. Юутай ч удамшдаггүй юм гэхэд халдвартай бололтой. Хөвсгөл гэдэг гучаад оны үед байгуулсан зохиомол аймаг. Урд сумд нь Сайн ноён ханых, баруун сумд Засагт ханых, зүүн хэсэг нь Түшээт ханых. Зөвхөн хойд тайга нь Богдын шавь байлаа. Одоо ч “би хөвсгөлийнх” гэвэл “мөнгө өгөхгүй бол хараана шүү” гэсэн утгатай болоо шив дээ! Өвчин бүх улс даяар тархаж дотроо ихээхэн өрсөлдөөнтэй, захиалга ч ихтэй дажгүй бизнес болжээ. Биенийгээ хараалгаж өрөөл татуу болгох, улмаар үхүүлэх захиалга хамгийн эрэлттэй нь. Нэгийг нь хараачихаад, нөгөө дээр нь очиж хараал хариулаад орлогоо хоёр нугална.
    Буддистууд гэгч манай лам нарын тухай олон юм яримааргүй байна. Урьд бол До яамны нууц мэдээлэгчид цөөнгүй байсан, одоо ч олзонд явдаг ичих нүүргүй гар л олширч. Тэд хаа л бол хаа, ингэхээр бүгдээрээ сайн мэдэх болоо биз. Энэтхэгт зуу зуун монгол лам сурч байна. Тав зургаа нь үнэхээр дээшээ гараад явчихсан залуучууд байнаа. Бусад нь Монгол Энэтхэгийн хооронд бумба зөөх юм. Бумба тахиулахаар айл баяждаг гэнэ. Хөдөлмөр заралгүйгээр баяжих хүсэлтэн санасныг бодвол олон шүү дээ. Намсрай гэж бурхан бий, мөнгөтэй хүн түүнээ хэрхэн зарцуулахыг, яаж түүгээрээ буян үйлдэх ёстойг заасан ёс суртахууны кодекс болохоос ядуу айл болон компанийг баяжуулах ямар ч ид шид түүнд байхгүй. Манал бурхан ч эмчийн ёс зүйг заадаг, өнөөгийн ойлголтоор Хиппократын тангараг болохоос эмчлэх эдгэрүүлэх далдын ид шид үгүй. “Таравчимбо”, “Жадамба”, “Банзрагч” гэх мэтийн номыг тангадаар нь уншихаар үл ойлгогдох тэр чимээг сонсоод хүнд ямар өөрчлөлт гарах вэ? “Ганжуур” бол буддизмын нэвтэрхий толь, орчин үеийн ойлголтоор “Британника” энциклопеди юм даа. 108 боть энэ аврага судар хэд хэдэн янзын хэвлэлтэй. Номын хавтаслалтаас нь болоод нэгийг нь Алтан ганжуур, нөгөөг нь бэхэн Ганжуур гэнэ. Харин Гандангийн унших тариф өөр өөр, ямар учиртайг нь Будда өөрөө ч ойлгомгүй. “Ширнэн” бол Буддагийн сургаалын дээд орой, ертөнц хоосон гэдгийг баталсан шастир. Одоогийн ойлголтоор Кантын “Цэвэр шалтгааны шүүмж”-ийн зэрэглэлийн гүн ухааны бүтээл. Ийм нарийн юмыг хүний буян заяа дуудахад зориулж уншихаар яахав? Занабазар “Жанаг гагадог” гэдэг шүлэглэсэн ерөөл төвдөөр зохиожээ. “Хар хятадыг хорихуй” гэж орчуулж болно. Үүнийг одоо мэнгэ засалд уншдаг. Ийм юм бол Парчингийн “Алтайн магтаал”-аар мөн ч олон юм аргалж болохнээ? “Жадамба” бол Буддагийн сургаалын хураангуй эмхтгэл. Энийг суудал засах гэх мэт мужаан маягийн юм болгожээ, манай лам нар. “Банзрагч” хэмээх гүн ухааны зохиол “малын банзрагч” болсон нь доромжлол уу? “Таравчимбо” хэмээх гайхалтай зохиолын монгол нэр нь “Үлэмж гэгээрүүлэгч”. Энийг төвдөөр уншуулж сонсохоор хувь заяанд эргэлт гардаг юм бол Гегелийн “Шашины философи” зохиолыг германаар уншуулал даа, ялгаа бий юу?
    Ном уншиж засал хийдэг энэ тэнэг балай ёс анхлан үүсэж байхад амьдарч асан Данзанравжаа эсэргүүцэн тэмцсэн учир галзуу согтуугаараа мөн ч их дуудуулж байсан аж. Эдгээр зохиолын төвд бичлэгийг одоогийн төвд хүн ч ойлгохгүй, учир нь хэл өөрчлөгддөг болохоор номын сонгодог хэлбэр гэдэг нь болсон. Эдгээр номонд нь уг нь буддагийн сургаалыг энгийн сүсэгт хүмүүст хялбарчлан тайлбарлаж өгөхийг захисан байгаа. Эдгээр номонд нь од гаригийн хөдөлгөөн, он сараар хүнийг мэргэлж мунхруулахыг тас хориглосон байгаа. Эдгээр номонд нь ид шид гэж байхгүй, хүн зөвхөн өөрөө хайж байж үнэнийг олно гэсэн байгаа. Харин монгол сүсэгтэн тарифаар мөнгө төлөөд хэтэвчээ дундлаад л гарна. Зонхов, Адиша нарын үед Төвдөд ч, Монголд ч бичиг үсэгтэй хүн ховор байсан, иймдээ л лам царайчлах хэрэгтэй байж. Нийтээр бичиг номтой болсон өнөө үед хөтлөгч хэрэгтэй юу? Ойлгохгүй юм гарч болно, тэрийг хэлээд өгөх лам ч ховор доо, ховор. Гандангийн үүдэн дээр гадаад хүн харуулдаад суудаг лам нарыг хэн хүнгүй таних болоо биз. Бурханы өргөөнд орж үзэхийн тулд 10 доллар төлдөг өөр тийм сүм дэлхий дээр үгүй байхаа.
    Суврагыг анх энэтхэгчүүд бодож олжээ. Буяны гэхээсээ сейфний зориулалттай байсан нь сонин. Тэнд номын эхийг хадгалдаг, хожим маргаан гарвал тэндээс судраа гаргаж тулгадаг байж. Сувраганд ямар ч ид шид байхгүй. Харин энэхүү улаан халтуур овоотой өрсөлдөн олширсоор. Ньютоноос хойш од гаригийн хөдөлгөөн маш тодорхой болсон. Хүсвэл үүнээс цааш хэдэн мянган жилээр гариг эрхэсийн хөдөлгөөнийг секундээр нь тодорхойлж болно. Үүнд нэг их ухаан орохгүй. Пифагорын теоремыг сургуульд хүүхдэд заадаг болохоос математикийн хүрээлэнгийн эрдэмтэд өглөө бүр энэ теоремыг дахин батладаг, үүнийхээ төлөө цалин авдаг төдийгүй теоремыг өдөр болгон зөв баталдаг гээд цол зэрэг авбал ямархуу байхав? Шинэ жилээ хэднээс тоолох нь ёс заншил дагасан үзэмжийн асуудал, энд ямар ч шинжлэх ухаан хэрэггүй. Календарь зарах гэсэн луйварчдын маргаан буддын философи, шинжлэх ухааныг хэлмэгдүүлнэ.
    Шашин манайд улс төрийн тоглоомд хамгийн их ашиглагддаг нохойд барьдаг мод. Устгаж нэг тоглоод л, сэргээж нэг тоглоод л, үйлийн ч үртэй юм даа. 1990 оны сонгуульд аравнайлсан шүдэнз тарааж санал авч байлаа. Одоо ч замаа алдсан. Бөө, буддизм хоёрыг ялгах тэнхэлгүй улс төрийн зүтгэлтнүүд тэнд ч уул овоо тахиж гол нуур руу алт эрдэнэс цацаад л, энд ч төвдийн бурханжсан чөтгөр шуламны зураг хөрөг хийлгэж төрийн байгууллагын шүтээн болгоод л. Чингис хаан хүртэл төвд бурханы хойд дүр болоод явчихлаа. Өөрөө мэдвэл эднийг цаазлах байсан даа. Уул нь важрапаань бурханыг XVI зуунд халхын Автай сайн хан Төвдөөс залсан гэдэгсэн. Богд хаан уул овоо тахих журмыг цэгцэлж төрийн тахилгатай дөрвөн уулыг нэрэлж, шүүсийг нь орон нутаг гаргах, ёслолд дэд сайдаас доогуур хүн төр төлөөлж оролцохоор зарлиг гаргасан байдаг юм. Одоо ч сум болгон төрийн тахилгат овоотой болох гэж уралдан, сонгуулийн өмнө үүнээ баталгаажуулж авах болж. Уул нь тахилгыг номоор нь хийх гэж байгаа бол залуу онгон охидыг усанд үйж, галд шатаадаг ёстой юм шүү дээ, дарга нар минь! Төрийн яам агентлаг албан газрууд бөө нь мэдэгдэхгүй, буддизм нь мэдэгдэхгүй тахилга шүтээний албан танхимтай болоод авлаа. Батлан хамгаалах яам хүртэл шүү! Сүхбаатарын танхимыг орлож байгаа юм байх даа? Тэнд салбаганасан бөө гэгч, улаан шарыг намируулсан лам нар уралдан очиж гүрэм уншиж, хараал хийж, даатгаж, сүр үзүүлж дөвчигнөцгөөнө. Төр шашин хоёрыг салгасан Үндсэн хуулийн заалт цаанаа олон утга агуулсан бүхэл бүтэн зарчим юмсан. Монголын үр хүүхдийг төр даан заавал нийтийн сургалтанд хамруулах хууль бий. Энэ бол хойч үеийн өмнө хүлээсэн үе үеийнхний үүрэг, хариуцлага. Сүм болгонд бичиг үсэгт ч тайлагдаагүй мухар толгойтой тэнэг банди нар олширсоор. Хүүхдийг сүмд аваачиж хүн биш болгодог өөр ийм шашин байдаг болов уу? Сүсэг бишрэл гэдэг бол насанд хүрсэн хүний чөлөөт сонголт шүү дээ. Тэр дундаа буддизм бол хүүхдийн шашин биш. Өнчин тэнэмэл хүүхдийг хайрлах халамжлах хүмүүжүүлэх, тэднийг гэгээрүүлэх ажил гадныхны л үйл хэрэг юмаа даа. Уул нь буддизм ч ийм буян хийдэг болох нь Их хөлгөний сүм, III хорооллын сүм зэрэг гадаад захиргаатай буддын сүм хийдийн ажиллагаанаас харагдаад байх юм. Тэд өргөл барьц ч авдаггүй, төлбөртэй ном уншдаггүй, мэрэг төлөг тавьдаггүй.
    Жич: Энд шашиныг үгүйсгэсэн, буддизмыг доромжилсон ямар ч санаа агуулаагүй, харин ч өмөөрч байна. Үеэ өнгөрөөсөн ч бай, бүдүүлэг ч бай хэн хүнгүй бөө ч шүтэх эрхтэй. Залилан бол шашинаас их л өөр зүйл. Орчин үеийн ертөнцөд аль ч орны хуулинд залиланг эрүүгийн хуулиар шийтгэдэг шүү дээ. Үнэн сүсэгтэн, жинхэнэ номтой лам цөөнгүй бийг энд огт үгүйсгээгүй. Харин шашиныг бизнес луйвар, дээрэм болгосон үзэгдэл манай нийгэмд илэрхий давамгайлаад байгааг эрхбиш та зөвшөөрнө бизээ? Бидэнд зовлон маш их байна. Манай нийгэм зовж байна. Монгол орон зовж байна. Зовлонтой нь биш шалтгаантай нь тэмцэж, шалтгааныг олж арилга гэж суут Сиддарта Гуатама тэртээ 2500 жилийн өмнө хүн төрлөхтөнд сургасан. Түүнийг бид Будда гэдэг нэрээр нь сайн танинаа.
    2009.2.10