Category: Нийтлэл, ярилцлага

  • Хүн үхсэнийхээ дараа хаашаа явдаг вэ?

    Энэ судрыг нас нөгчиж буй хүнд буюу нэгэнт өнгөрсөн хүнд уншиж өгдөг байсан ч зөвхөн дээгүүр зиндааны лам нар л унших эрхтэй нууц судар байсныг дурдах нь зүйтэй. Энэ сударт тэмдэглэсэнээр Бардын зургаан шат байдаг. Гурвыг нь хүн амьддаа үзэж гурвыг нь нас барсныхаа дараа туулдаг тухай өгүүлжээ. Ингээд “Бардо Тойдол”-оос зөвхөн зайлшгүй чухал гэснийг нь толилуулья.

     

    Чикая бард буюу үхлийн мөчийн бард

    Энэ нь нэг дэх шат буюу аливаа амьтан амь тавих мөч. Энэ үед доорхи үхлийн шинжүүд мэдрэгдэнэ. Ямар шинжүүд өөрт мэдрэгдэх вэ хэмээвээс, Бүх бие хүндрэн жихүүдэс хүрч хүйтэнд умбана. Нэг бол халуу оргиж нэг бол хүйт даана. Нүдний өмнө харанхуйлан гал бутарч үзэгдэнэ. Энэ бүхэн үхэлд бэлтгэгдэж байгаагийн шинж юм. Ингээд удахгүй нүдэнд чинь гал бадран Чикайя Бардад шилжинэ.Энэ үед анхааралтай байж бодлоо төвлөрүүлэн сайн сонсч, сайн харах хэрэгтэй. Мөнхийн гурвал болох Кайя буюу Дхарма Кайя /үйлийн үр/, Самбхог Кайя /цэцэн ухаан/, Ниймана Кайя /төрөл хувирах/ -ийг харж мэдрэхийг хичээ. Хамгийн сүүлийн амьсгалаа авахгүй. Үүний дараа мөнхийн ариун гэрлийг олж харна. Өмнө чинь зах хязгааргүй орчлон нээгдэнэ. Чи орь ганцаар өд мэт хөнгөхөн хөвөх болно. Гэвч үүнд бүү баяс, бас битгий ай, энэ бол үхлийн цаг. Үхлийг ашигла, энэ бол аугаа их боломж…
    Хэрэв чи гялбаа үзвэл энэ бол яруусан тодорсон бодит ахуйн мөнхийн гэрлийн гялбаа гэж ойлгох хэрэгтэй. Чиний өөрийн оюун ухаан энэ үед ахуйгаас тусгаарлан, ариусан цэвэршиж, гялтганан гялалзах бөгөөд энэ нь чиний ухамсар юм. Оюун ухаан, ухамсар хоёрын нэгдэл чинь мөнхийн Дхарма Кайя үйлийн үр мөн. Одоо чиний оюун ухаан төрөх үхэхийг мэдэхгүй. Энэ чинь л дангаараа мөнхийн гэрэл Будда Амитаба ажээ. Анхаарлаа төвлөрүүлэн мөнхийн гэрлийг хайхтун. Олж хараад түүнийг Энэ байна гэж хүлээж ав.Энэ бол мөнхийн үнэн Дхарма Кайятай уулзаж байгаа нь тэр. Түүнийг олж хараад, танин мэдэж чавал үнэн хэрэгтээ чи юу хүснэ тэр болж чадна. Ингэж нууцад нэвтэрвэл, үхэл амьдралын хуулийг ойлгож өөрөө энэхүү гэрэл болно. Гэвч энэ бол хүн болгоны хүрч чадах шулуун зам биш юм.

    Хоёр дахь шат:
    Чи мөнхийн тод гэрлийг олж харж чадаагүй бол дараагийн Бардад шилжихийн өмнө хоёрдогч гэрэл үзэгдэж болно. Олж харахыг хичээ. Хэрвээ харж, нэрлэж, хүлээн авч чадвал цаашдаа олон юмнаас зугтаж чадна гэсэн үг. Гэрлийг олж харуутаа өөрийн шүтээн мэт хүлээж авах хэрэгтэй. Энэ хоёр дахь гэрлийн үе амьсгал зогссоны дараа хэдэн цаг үргэлжилдэг. Амьдрах хүч чинь биеийн нэг онгорхой цэгээр гадагшлах бөгөөд ухаан санаа яруусч, эргэн тойрондоо байгаа бүхнийг олж харна.
    Найз нөхөд, төрөл төрөгсдөө харах төдийгүй тэдний яриаг ч сонсоно. Өөрийн орхисон бие махбодио, өөрийн одоо эзэмшиж буй биеэ хараад өөрийгөө нүднээ үл үзэгдэгч, тунгалаг болсоноо мэдэрнэ.Үүнийг мэдрээд айхгүй байвал нэгэн мөчид л аврал ирнэ. Энэ бол хоёрдогч мөнхийн гэрэл. Өөрийгөө өөрчлөгдсөнийг мэдээд шинэчлэгдэж, гэрлийг мэдэрч, хүлээж авсанаар өөрөө гэрэл болно. Өөрөөр хэлбэл гэрэлд шингэнэ. Гэрлийг танихгүй бол мөнхийн харуулуудыг ямар ч дүрээр харна. Тааралдана. Хэрвээ чи гэрлийг хараагүй боловч ухааран сэргэсэн бол, хаана байгаагаа мэдэрсэн бол номхон хүлцэнгүй байхыг хичээ. Юутай ч тааралдсан толгой гудайлган амьд сэрүүндээ мэддэг байсан ганц тарнийг ч болов унш, итгэж шүтэж явсан зүйлдээ мөргө. Замчин тааралдваас түүнд бишрэн мөргө. Их зам өмнө чинь нээгдэнэ. Энэхүү Чикайя Барда 3-5 хоног үргэлжилнэ.

    Хонид бард буюу кармуудын хий үзэгдлийн бард.
    Энэ Бард нь ойролцоогоор 15 хоног үргэлжилнэ. Ер нь үхлийн гурван Бард нийтдээ 49 хоног юм. Хэрэггүй болсон бие махбодио орисон оюун ухаан чинь Чикайя Бардыг дамжаад Хонид Бардад шилжинэ. Хонид Бардад шилжээд бү ай, битгий яаар, анхаарал болгоомжтой бай. Чи үхсэн өнгөрсөнтэйгээ бүү зууралд. Сэтгэл хөдлөл чинь чамайг аймшигтай газар аваачиж чадна. Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо хар. Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл, аянга тэнгэрийн дуу мэт их чимээ өмнө чинь дүүжигнэнэ. Чи нэгэнт үгүй болсон тул чамайг юу ч айлгаж чадахгүйг бүү март. Чи хүссэн зүйлдээ хувилж чадна. Энэ дуу чимээнд хувирч нэгд. Энэ бол сүүлчийн чинь мөн чанар мөн. Хэрвээ энэ бүгдийг мэдэрч, ойлгож, хүлээж авч чадахгүй бол чамайг аймшиг нөмөрнө. Мөс цөмрөх мэт гай зовонгийн өөр ертөнц рүү унаж мэднэ. Бодолгогүй мэдрэмжээсээ болгоомжил.

    Ингээд Хонид Бардад шилжсэний дараахи өдрүүдийг дараалан өгүүлье.
    Нэг дэх өдөр.
    Гурван өдрийн турш өөрт чинь юу тохиолдсон нь мэдэгдэхгүй байсан бол сэргээд битгий сандар. Чи их өөрчлөгджээ. Бүх юмс өөрчлөгдөж, чи өөр болсон. Толинд бүү хар, ойр дотныхноо бүү зовоо. Чи урьд өмнө нь хэзээ ч үзээгүй зүйлээ үзэж, сонсч байгаагүй зүйлээ сонсох болно.
    Аль алиных нь эх үүсвэр бол зүрх сэтгэлийн чинь мандал юм.Энд чи гэгээрэх боломжтой.
    Эхний өдрийн энэ газар бол Цагаан Бадда-Вайрочаны эзэмшил юм. Тэр цав цагаан биетэй бөгөөд цэвэр цэнхэр гэрэл цацруулна. Энэ гэрэл нь маш хурц, тоймгүй их дөлтэй тул айж эмээх сэтгэл төрүүлнэ. Гэвч хэн айхгүй энэ гэрэлд итгэж өөртөө хүлээн авна тэр Бардагийн аугаа их өвчин зовонгоос чөлөөлөгдөнө. Цэвэр цагаан гэрэлд хэрхэвч автаж болохгүй, замаасаа төөрнө гэсэн үг.
    Хоёр дахь өдөр.
    Энэ өдөр бол нэвтрэхийн жаргал болон Толины цэцэн зөнг шингээсэн цагаан голын өдөр юм. Мөн энэ өдөр нүгэлтнийг авахаар тамын хаалга нээгдэнэ. Тэндээ утаархуу бараан гэрэл цацрах бөгөөд ихэд ойр дотно, халуун дулаан санагдана. Гэвч энэ дотно мэт хар гэрэл рүү бүү хар.
    Муу үйл уур уцаар чинь чамайг там уруу түлхэж чадна. Тамд нэг унаваас тэндээс буцах зам нь удаан. Энэ өдөр уурлаж уцаарлахаас зайлсхий. Газар дээр үлдэгсэд чиний өмч хөрөнгийг хуваан маргаж, эсвэл хань чинь чамайг мартсан байхыг үзэж болох бөгөөд энэхэн мөчид л дүрсхийн уурлавал тамд уналаа гэсэн үг.
    Зургаан тэнгэрлиг тэмдэг солонгийн өнгөөр үзэгдэнэ. Дорнын ялагдашгүй Төгс Будда хурц цагаан, нүд гялбам гэрлээ цацруулсаар ирнэ. Энэ цагаан гэрлийг хайр, ёс журам, гоо сайхан төгс төгөлдөр дагалдана. Үүний хажуугаар там болон муу муухайг дагуулсан хар хүрэн гэрэл ч байна. Хүний муу муухай зан чанар цагаан гэрэлээс нүд гялбан бууруулж, хүн айдаг болохоор ийнхүү хар гэрлийг дагана. Энэ мөчид ухаалаг бай. Энэ хар гэрэл чамайг тодорхойгүй арчаагүй, ирээдүй уруу хөтөлнө гэсэн үг.

    Хурц цагаан гэрлээс эмээлгүй түүнийг дага сонго.
    Гурав дахь өдөр.
    Өмнөд зүгийг цэвэр шар гэрэл ноёрхоно. Ратнасамбаха буюу өмнийн Будда шар биенээсээ шар гэрэл цацруулсаар ирнэ. Хэрэв шар гэрлээс айж, түүнтэй сүлэлдэн туяарч буй бүдэг цэнхэр гэрлийг дагаваас газар дээрх шинэ амьдралд эргэн орж, төрөх өтлөх, өвдөх үхэх зовлонг дахин амсч сонгох аргагүй хамгийн муу муухай газар унана. Цэвэр шар гэрэлд уусагтун.

    Дөрөв дэх өдөр.
    Энэ өдөр бол цэвэр улаан галын өдөр. Эргэцүүлэхүй, цэцэн ухаан хоёрт захирагддаг өрнө зүг ноёрхоно. Өрнийг эзэгнэгч, бүхнийг мэдэгч Будда-Амитаба хүлцэл, ач буян, дуу хуур, гал зэрэг дагуултайгаа хурц улаан гал бадруулсаар ирнэ. Хорвоогийн амьдралтай холбоотой нэгэн хэмийн бүдэг улаан гэрэл дагалдана. Энэ бүдэг улаан гэрлээс зугт. Учир нь энэ гэрэл нүглээ наминчлаагүй, заяа муутай сүнснүүдийн оронд аваачина. Энэ өдөр өс хонзон, хайр сэтгэл буюу газар дээрх амьдралд хоргодсон аль нэг тэмүүллээс болж хий үзэгдэл, буг чөтгөр буюу азгүй сүнснүүд төрдөг. Тэр цаашдаа Бардыг туулж авралд хүрч чадахгүй. Хурц улаан галыг сонго.

    Тав дахь өдөр.
    Хойд зүгийн цэвэр ногоон гэрэл туяарч хойд зүгийн Будда-Амогасидхи буюу Чин зоригт, гүйцэлдүүлэгч Будда заларна. Хурц ногоон гэрэл нь хардах, үл итгэх атаа жөтөөний цайвар ногоон гэрэлтэй сүлэлдэнэ. Энэ бүдэг ногоон гэрлийг сонговол үргэлж дайсагнан тэмцэлдэгч хар санаат аваргуудын оронд очих тул болгоомжлогтун. Хурц ногоон гэрлээс бүү ай, зоригтой хүлээж ав.

    Зургаа дахь өдөр.
    Бүх тэнгэрлиг тэмдэгүүд болон чиний гэрлэн бүтцийн нууцууд нэг нэгээрээ чамд цувран үзэгдсэн бөгөөд чи өөрийгөө танин мэдэж, ямар байсан тэр хэвээрээ үлдэж чадлаа.
    Энэ зургаа дахь өдөр ус, гал, хий, шороон махбодийн илрэл болсон шар, ногоон, цагаан, улаан гэрэл зэрэг асна.Тэдэнтэй нэгд, тэднийг хайрла, тэдний салшгүй нэг хэсэг нь бол. Өөрийгөө анхдагч төрөөгүй бодлын байдалд оруул, чамд ямар ч эхлэл дүгнэлт, тодорхойлолт байхгүй. Энэ гэрлийн аль нэгийг сонгож болохгүй. Бүгдэд нь адил хандаж, өөрийн чинь тусгал болсон тэднийг хайрла. Энэ тод гэрлийн хажуугаар бүдэг гэрэл тусах боловч тэдэнд битгий авт, автвал итгэл аврал үгүй өөр ертанц рүү унана. Ийнхүү бурхантай өөрөө өөртэйгээ нэгдэж чадвал бүх нууцад нэвтэрч чамд мэдэхгүй зүйл гэж байхгүй болно. Зургаа дахь өдөр бол өөрийн сэтгэлийн Чарамыг танин мэдэх сүүлчийн өдөр юм.

    Долоо дахь өдөр.
    Энэ өдөр чи эрдэм мэдлэгийг харах хоолойн чакрамд шилжинэ.Янз бүрийн өнгөөр гялалзах гэрэл чиний дээр эргэлдэнэ.Мэдрэхүйн тэнгэрүүд өөр өөрийн өнгө, чанарыг илэрхийлэн сүртэй чанга хөгжмийн аянд бүжнэ.Тэд сайныг шагнаж, мууг шийтгэхээр иржээ. Тэд асар хурц гэрэл цацруулах тул харж үл тэвчин тайван цэнхэр гэрэл цацарч буй руу тэмүүлбээс олон зовлоонг урт удаан хугацаагаар эдлэх болно. Хурц гэрэл, дуу чимээнээс бүү ай, хамт бүжиглэ. Тэднээс туслалцаа, өглөг гуй. Өөртөө гялалзагч таван галыг шингээснээр диваажинд орох үүд чинь нээгдэнэ. Өөрт чинь үзүүлж байгааг таньж мэд, түүнд хувил чи чөлөөлөгдөнө. Чөлөөлөгдсөний шинжүүд яаж илрэх вэ гэвэл, хурц тод нар, анхилам хүжийн үнэр, нууцлаг, агаарт эгшиглэх хөгжим. Анхдагч гэрлийг таниад түүнд ууссан хүн шууд Дхарма Кайяд хүнэ. Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч Бардо Тойдол-ыг унших шаардлагагүй болно. Хонид Бардад ухаарч сэнхэрсэн хүн төрөл дамжих хэлхээг шууд таслан, дэлхий дээр ирвэл хүн төрөлтөнийг гэгээрүүлэх гэж ирэх бөгөөд Самбхог Кайяд хүрнэ. Хэрвээ Сидна Бардад хүрч байж сая таньж мэдвэл сайн төрөл олох боломж багасна. Өөрөөр хэлбэл Нирман Кайя төшинд байна гэсэн үг. Гэвч хичээвэл энд ч сайн төрөл олох, асур буюу хүмүүсийн дунд төрж, үхлээр тасалдсан амьдарлаа үргэлжлүүлэн, хөгжин дэвших боломж байдаг. Хонид Бардад байх 8-14 өдрүүд нь бурхад болон оюун ухааны тэмдгүүдийг эзлэх өдрүүд болмой.

    3. Сидна бард буюу төрөн мэндлэхээ хүлээх бард
    Хонид Бардын амьд тэмдэгүүдийг таньж мэдээгүйн учир чи өөрийгөө олсонгүй. Одоо чи Сидна Бардад байна. Энэ Бардад төрөх нь дэлхийнхээс тэс өөр. Чиний ухасар сэргэж, нэг мэдэхэд чи байна. Чи урьд амьд үеийнхтэйгээ адил биетэй, мэдрэмжтэй, чөлөөтай хөдөлнө. Кармын жирийн биш хүчний нөлөөгөөр Бардад байгаа амьтдыг бүгдийг харна. Чиний бие урьдынхтай адил боловч илүү төгс, учир нь хүсэл мөрөөдөл итгэл найдвар, ирээдүйн билэгдлүүдээс төрсөн болоод тэр. Ирээдүйд төрөх газар орон, хамт амьдрах хувь тавилантай хүмүүсээ харна. Тэдэнд бүү авт. Энэ бол Бардын хүнд бэрх, урт удаан зам. Хонид Бардад чи өөрийгөө харж, таньж мэдэж, санаж чадаагүй. Тиймээс Сидна Бардад өөрийгөө үрэлгүй, өөрийн сэтгэл хөдлөлд авталгүй байх нь чухал. Шунал тачаалгүй, сайн санаатай байж чадвал эндээс гарч дахин төрөлдөө ой ухаанаа хадгалах буюу бүр эцсийн тохиолдолд ой ухаанаа гээсэн ч илүү дээгүүр төрөл олж болох юм.
    Хэрэв өөрийгөө захирч чадвал эхийн умайд орох шаардлагаас чөлөөлөгдөнө. Сидна Бардад байгаагаа хэзээ ч бүү март. Чи Кармын биетэй байгаагийн нэг баталгаа бол чи ямар ч хана, хэрэм, уул, хадыг нэвт гарах чадвартай. Чи Кармынхаа хүчээр дуртай газраа очиж, дуртай зйлээ үэх чадвартай. Бардад харж буй болон чам уруу ширтэж буй амьтад хожим ирээдүйд хувь заяа чинь чамтай уулзуулан учруулах хүмүүс. Чи бүх ертөнцийг хэрэн хэсч чадах боловч хоёрхон газарт нэвтэрч чадахгүй. Тэр нь сүнсний аугаа их төв болох эхийн умай. Газар дээрх хүмүүс, садан төрлийн холбоотой байсан хүмүүсээ харж яривч тэд чамайг сонсохгүй, тэдэнд хүрэхийг хичээвч нэвт гарна. Чи 49 хоногоо хүртэл ийм байдалд байна. Ихэнх хүмүүс /сүнснүүд/ Сидна Бардад 22 хоногийг өнгөрүүдэг. Амьд сэрүүндээ өөрийгөө цэгнэж хянахыг хичээн, үхэх төрөх амьдралын тухай байнга санаж байсан хүмүүсийг Сидна Бард, аз жаргал, баяр баясгалангаар угтана. Гэхдээ энд хууртаж хөөрч болохгүй. Сидна Бардад үзсэн сайн муу аймшигтай, гэгээтэй зүйлүүд бүгд өөрийн чинь ухаан бодлоос урган гарч байдгийг санаж яв. Хамгийн гол нь тайван байж сурах хэрэгтэй. Сидна Бардад хэн ч чамд туслахгүй, хувь заяаг чинь өөрчилж хүчрэхгүй. Энд дээд зэргээр ганцаардах тул хүний бие хайж эхэлнэ. Гэтэл чамайг энд байх хугацаанд хуучин бие чинь өмхөрч үгүй болжээ. Дахин төрөл авах гэж бүү яар, аль тааралдсан умайд орвол алдаж мэднэ. Зөвхөн зовохын тулд төрвөл яана. Энэ ертөнцөд үзэж буй чиний бүх зовлон чамаас өөрөөс чинь гарч байгаа юм. Хэрэв чи зовлонгоосоо салж чадахгүй байгаа бол сайн сүнс ирээд чиний сайн үйл бүрийг цагаан чулуугаар тэмдэглэн овоо босгоно. Түүнтэй цуг нөгөө талд нь муу сүнс ирээд хар чулуугаар чиний муу үйл бүхнийг тоолж овоо босгоно. Энэ овоонуудыг чи хараад айж хэлж хашгичиж эхэлнэ. Тэгэнгүүт үхлийн ноён /Эрлэг номун хаан/ гартаа хувь тавилангийн толийг барьсаар ирэх бөгөөд тэнд чиний сайн муу үйл бүгд ялгаран харагдана. Чи өөрөө энэ толинд хараад л үнэнийг мэдэрнэ. Дараа нь эрлэгүүд чамайг хүзүүнээс чинь оосорлон чирж элдвээр тамлан тасдаж зовоох бөгөөд бие чинь дороо бүтэн болж, дахин тамлуулах зэргээр энэ гинжин хэлхээ зогсоо зайгүй үргэлжилнэ. Чи бүгдийг ухааран ойлготол, чи өөрөө өөрийгөө шүүж байгааг, энэ бүхэн чинь бохирдсон оюун ухаанаас урган гарч байгааг ойлготол чинь үргэлжилнэ. Ямар нэгэн эрлэг чамайг тамлаж байгаа юм биш чи өөрөө өөрийгөө зовоож байгаа нь энэ. Энэ бүхэн хий хуурамч үзэгдэл боловч Бардын ертөнцөд хий үзэгдэл болон чи өөрөө нягтаараа адил тул, өвдөхийн зовлон жинхэнэ юм. Нүгэл буянаа дэнслүүлэхдээ битгий худлаа ярь, эрлэгээс битгий ай, түүнээс хамгаалж туслахыг гуй. Бурханд залбир, тэгвэл аврагдана. Энэ бол чиний чөлөөлөгдөх сүүлчийн боломж. Одоо л амьдралын нууц бичлэгийг тайлж чадахгүй бол өнгөрсөн бүхнээ мартахад доошоо унана. Энэ боломжийг алдвал дахин төрөхдөө ой ухаанаа алдана гэж мэд.
    Дахин төрөхдөө зургаан ертөнцийн хаана нь ч төрж болно.Чиний очих ёстой ертөнц илүү хурцаар чамд гэрэлтэнэ.

    Тэгш цагаан гэрэлтэй нь тэнгэр нарын ертөнц.
    Тэгш ногоон гэрэлтэй нь асур нарын ертөнц.
    Тэгш шар гэрэлтэй нь хүний ертөнц.
    Тэгш хөх гэрэлтэй нь араатан амьтадын ертөнц.
    Улаандуу гэрэлтэй нь бирд нарын ертөнц.
    Хар саарал сүлэлдсэн гэрэлтэй нь тамын ертөнц.

    Төрөх дөрвөн арга зам бий.
    Үүнд: Өндөгнөөс, умайнаас, жирийн биш замаар, үр тарианаас.
    Там, Асур, Тэнгэр, Бирд нарын ертөнцөд жирийн биш аргаар төрнө. Хүний ертөнц болон амьтны ертөнцөд төрөл олбол умай шаардлагатай. Зарим сүнс ертөнцөд бурханы замыг засахаар өнгөрсөн болон ирээдүйгээ мэдэх чадвараа орхилгүй мэндлэх нь бий. Хэрэв өчүүхэн төдийн уурлаж уцаарлах буюу өнгөрсөн амьдралдаа, дэлхий дээр орхисон зүйл, эд юмандаа хоргодвол шууд төрөл доошилж тамд төрнө. Сайхан сэтгэлтэй, бодолтой, бурхан багшдаа итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Тэр ч бүү хэл, чи тамын ертөнцөд төрөх тавилантай ч энэрэнгүй сайхан сэтгэл гаргаваас төрөл дээшлэх магадлалтай. Бодол санаа чинь ариун тунгалаг байх нь чухал.Энэ зургаан ертөнцөөс илүү хурц гэрэлтэж байгаа нь өөрийн ертөнц гэж таньсан бол чиний ирээдүйн төрж, амьдрах ертөнц гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Оюун санаанд чинь өнгөрсөн амьдрал бүдгэрч, ирээдүй улам тодрох болно. Гэвч битгий яар. Чи дахин төрөл олж зовох, жаргах чинь өөрийн анхаарал мэдрэмжээс шалтгаална. Одоо өөртөө аль болох таатай газар олохыг хичээж, өөрт чинь зовлон авчрах умайнаас хол байхыг бод. Чиний очихыг хүсээгүй умайн амсрыг хаах таван арга байдаг. Үүнд:
    Чамайг умай руу урсгаж буй урсгалыг эсэргүүц. Эсэргүйцлээ номхон хүлцэнгүй итгэл үнэмшилтэйгээр ямар ч уур уцааргүй үйлд. Бодлоо сайнаар эсэргүүцэх гэдгээс бусдаас нь цэвэрлэ. Эр эмийн ажил үйлдэж буй хоёр хүнийг битгий сатааруул, анхаарлыг нь өөртөө бүү тат. Тэр хоёрыг эцэг эх хэмээн үзэж тэдэнд итгэж бодлоороо өөрийгөө өгч, үнэн сэтгэлээсээ сургаал хүс. Тэгж чадвал чамайг хүлээн авахад бэлэн байсан умай хаагдана. Мөн эр эмийн ажил үйлдэж байгаа хоёрыг хараад сэжигч муу бодлоосоо холдож, хайраас хөндийрөн, хүсэл таашаалаа багасга. Хэрэв чи амжилтанд хүрч чадамгүй санагдвал энэ хоёр, дуу чимээ, умай энэ бүхэн хий хоосон зүйл гэж бод. Тэр ч байтугай өөрийн оюун ухамсарыг ч хий зүйл гэж тооц. Ингэвэл санасанаар болно. Хэрэв мөн л урьдынхтай адил чамайг хүлээж байгаа умай харагдвал чи эргэлзэж, байхгүй зүйлийг үнэн байдал мэт хүлээн авч буйтай холбоотой. Зөвхөн “өөр” дээрээ төвлөр. Миний оюун ухаан хүртэл байхгүй зүйл, тэр төрөөгүй болохоор үхэж чадахгүй. Миний ухамсар бол толинд тусч, өөрөө өөртөө баригдагч тусгал гэх мэтээр эргэцүүл. Тэгж чадвал чамайг хүлээж байсан савны амсар хаагдана.

    Умайг сонгох нь:
    Хэрэв чи сургаалын үгийг сонсоогүй, тэднийг ажиглаж чадаагүй бол умайн ам нээлттэй хэвээр бол түүнд орох цаг ойртож байна гэсэн үг. Умайгаа сонгохыг хичээгтүн. Нэн тэргүүнд чи төрөх тивийнхээ тэмдэгийг олж үзнэ. Хэрэв дорнод тивд төрөл авах заяатай бол хун шувуутай том нуурыг үзнэ. Битгий ор. Тэнд тухлаг жаргалтай ч итгэл сул. Өмнөд тивд төрөл авах болбол гоёмсог орд харшыг үзнэ. Чадвал ийшээ ор. Өрнө тивд төрөх болбол эргээр нь үхэр бэлчсэн нуур үзнэ. Тэнд эд баялаг, хангалуун тансаг орчин хүлээж байвч, итгэл бишрэл сул тул бүү ор. Асур нарын оронд төрөл авах бол ширэнгэн ой буюу галан тойрог үзнэ. Ороод хэрэггүй. Тэнгэр нарын оронд төрье гэвэл алт мөнгө, үнэт эрдэнэсээр дүүрсэн дуган харагдана. Чадвал ийшээ нэвтэр. Хэрэв амьтадын ертөнцөд төрөл авья гэвэл манан, утаанд умбасан гүнзгий нүх, агуйнууд харагдана битгий ор. Тамд төрөл авбаас сэтгэл татам уянгалаг дуу сонсогдоно. Чи маш ихээр энэ дуунд татагдана. Үүнийг эсэргүйц. Чи энд олон зууны турш зовж шаналах болно. Битгий ор. Одоо чи урьдах Кармаасаа саллаа. Хувь заяаны хүч, түүний тоо томшгүй хүчдэл шуурга үүсгэнэ. Энэ бол Кармын шуурга.
    Чиний ард асар хүчтэй, аймшигтай дуу чимээ гарч шуурга дэгдэхэд чи аврал эрэн харсан зүг рүүгээ гүйх болно. Олон сайхан орд харш, тал нуга, нуур ой, цэцэг навч, өмнө чинь харагдан аварга том бадамлянхуа цэцгэнд ороход тэрбээр дэлбээгээ хумхина. Дотор нь амар амгалан тул чи эндээс аймшигт салхи шуурганд гарахыг хүсэхгүй. Гэвч чи ямарч сонголт хийж чадалгүй тааралдсан умайд шургаж баригдах нь энэ. Сонголт хийхийн тулд сонгох боломжтой байхын тулд энэ Кармын шуурганд автаж, эмээх хэрэггүй. Тэр чамайг нөмрөөд ирэнгүүт бурхан багшдаа эсвэл муу зүгийн юмыг зайлуулах чадвар бүхий бурхдад залбирч мөргө.

    Дахин төрөлт.
    Хэрэв чамд умайд орохоос өөр зам үлдээгүй бол энэ сургаалыг сонс. Эхний умайд бүү ор. Муу зүгийн тэнгэр нарыг эсэргүүцэх тарни уншвал тэд чамд садаа болохоо больж чи сонголт хийх боломжтой болно. Чиний өмнө дээд, эсвэл хүний ертөнцөд төрөл авах боломж байна. Хэрэв дэлхий дээр төрөл авахаар шийдвэл итгэл үнэмшил нь бат бөх байгаа тивийг сонгоорой. Гялгар бүхэн алт биш гэдгийг мартаж болохгүй. Сонголт хийхдээ болгоомжтой бай. Бүх чадлаараа хаан, сурвалжтан ч юм уу эсвэл зовлон зүдгүүргүй амьдрах хүн болж төрөхийг хүс. Сайтар нягталж бодсоны эцэст чамайг дуудсан саванд ор. Орохдоо өөрийн хүсэл сонголт биелнэ гэдэгт итгэл хайр дүүрэн байх хэрэгтэй. Тэгвэл тэр умай чинь чиний авралын сүнс болно. Дотор нь ороод эцсийн мөчид бурханы тухай, хайр энэрлийн тухай бод. Хэрвээ умайгаа сонгож чадахгүй бол мөргө, залбир. Өөрийн бүх хүчийг дайчлан хайр итгэл хоёроор зэвсэглэн анхаарлаа хоёрдуулалгүй бурханд ханд. Нэг мөчид түүнд шингэ. Тэгвэл өөрийгөө олж харна. Өөрөө өөртэйгөө дөрвийг нэг болгон нэгд, тэгвэл эцсийн мөчид аугаа их хүч орно.Тэгвэл алт, алмас эрдэнээр чимэглэсэн өндөр сүм дугана бүхий тивийг сонго. Чадвал тийшээ нэвтэрч, хүсвэл бурхан болно.

     

  • Ч.Хашчулуун: Хар жагсаалтад орсноор Монголд хэрэгжих ямар ч төсөл Европын холбооноос санхүүжилт авч чадахгүй

    Хориг тавих чадваргүй, зөвлөмж маягийн жагсаалт гаргадаг. Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг. АНУ, Япон улс Монголд хориг тавьж байгаагаас ялгаагүй гэсэн үг.
    -Европ зүгийн хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа асуудалтай болчихлоо гэсэн үг үү?
    -Тийм. Дэлхий даяар ажилладаг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхдээ Европын холбооноос ямар ч санхүүжилт авч чадахгүй гэсэн үг. Европын холбооны шийдвэрийг харьцангуй гэнэтийн гэж хэлж болно.
    -Герман улс саяхан Монголд хэрэгжүүлж буй зарим төслийнхөө санхүүжилтийг зогсоох мэдэгдэл хийлээ. Ийм шийдвэрүүд шил дараалаад байгаагийн цаад шалтгааныг хэрхэн харж байна?
    -Европын холбооны санхүүгийн хяналтын зөвлөлийн баримтуудаас харахад энэ оны хоёрдугаар сарын 18-н хүртэл Монгол Улсын статус өөр байсан. Тодруулж хэлбэл, хамтран ажиллаж байна гэсэн статустай явсан. Яагаад ийм гэнэтийн шийдвэрүүд гараад байна вэ гэдэг асуултад хариулахад хэцүү.
    Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг. Хамтран ажиллахын тулд тодорхой шаардлагуудыг биелүүлэх ёстой гэсэн албан санал хүргэдэг.
    Зарим улс тэр шаардлагыг нь хүлээж аваагүй бол зарим нь хүлээж авсан. Бидний сайн мэдэх Вьетнам гэхэд шаардлагыг нь хүлээж аваад биелүүлсэн. 2017 оны арванхоёрдугаар сард саналыг нь хүлээж аваад жилийн дотор шаардлагатай арга хэмжээнүүдийг авчих жишээний. Вьетнамыг сая хар жагсаалтаас бүрмөсөн гаргасан нь тийм учиртай. Турк том улс. Европын холбоотой хил залгаа гэсэн онцлог талтай.
    Жишээ нь, Туркэд Европын комиссоос хар жагсаалтад орно шүү гээд мэдэгдчихсэн байгаа. Европын комисс жилд хоёр удаа үнэлгээ хийдэг. Хоёр дахь үнэлгээ нь ирэх намар болно. Тодорхой арга хэмжээ авахгүй бол Турк улс ирэх намраас хар жагсаалтад орно гэсэн үг.
    -Европын хар жагсаалтад авлига хэр нөлөө үзүүлдэг вэ?
    -Авлига тодорхой хэмжээнд яригдах ч гэлээ гол шаардлага нь татварын мэдээллийг автоматаар солилцдог байя гээд байгаа юм.
    -Энэ шалгуурыг нь биелүүлэхийн тулд бид яах ёстой вэ?
    -Манай хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол энэ асуудлыг хуульчлах шаардлага бий. Хуулиндаа тусгах хүртэл одоогийн байдал хэвээр үргэлжлэх байх.
    -Манай улстай холбоотой бас нэг таагүй мэдээлэл өнөөдөр (өчигдөр) цацагдлаа. Мүүдис манай зээлжих зэрэглэлийг сөрөг ангилал руу уруудуулаад буулгачихлаа. Яг ямар үндэслэл шалтгаанаар ийм шийдвэр гаргачихав?
    -Мүүдис агентлагийн хувьд дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгож байгаа бүх улс орныг шалгаж, үнэлж тухайн улс орны төлбөрийн чадвар хэр явааг тогтоодог газар.
    Ер нь дэлхий даяар бүх улс орны байдал муудаж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд байдал өөр л дөө. Валютын нөөц нь хүчтэй, мундаг технологи, аж үйлдвэртэй. Иймд давуу талуудтай учраас хямралаас гарчихна гэж бодож суугаа.
    Харин манайх шиг харьцангуй сул, жижиг эдийн засагтай орнуудад хямрал хүндээр бууна. Хүндээр буухаар эргэн төлөх чадвар муудаж таарна. Тэр утгаараа эрсдэлтэй гэж хараад үнэлгээгээ буулгалаа гэж харж байна. Монголын эдийн засаг хямрах нь ээ гэдгийг урьдчилаад хэлж байна гэсэн үг.
    -Коронавирусийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, манайд нөлөөлөх хугацаа, хүрээ царааг хэрхэн харж байна?
    -Өмнө нь ийм том хямрал болсон түүх байхгүй. Испанийн ханиадтай зүйрлэж болох ч маш том ялгаатай. Одоогийн хямрал санхүүгийн ч биш аж үйлдвэрийн ч биш, тэс өөр шинэ төрлийн хямрал. Тийм учраас цар тахлаас үүдэх хямралын үр дагавар, цараа нөлөөг нь хэн ч тооцож чадахгүй байна.
    Эдийн засгийн хувьд асар өндөр хохирол амсах нь тов тодорхой болчихлоо.
    Бүхэл бүтэн салбаруудыг унагааж байна. Тухайн салбаруудад ажиллаж буй бүх хүнийг ажилгүй болгож байна. Хамгийн эрсдэлтэй нь яаж, хэр хугацаанд үргэлжлэх нь ойлгомжгүй байна л даа. Хэзээ дуусах вэ гэдгийг нь хэн ч мэдэх арга алга.
    Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг.

    Цар тахлаас үүдсэн хямралын нөлөө манайх шиг жижиг улсад тэр дороо мэдрэгдэж байна. Оны эхээр нүүрсний экспорт зогссон, өнөө жил аялал жуулчлал гэж байхгүй нь тодорхой болсон, хүмүүсийн худалдан авалт эрс багассан, соёл спортын салбар тэр аяараа зогссон гэж ирээд яривал өчнөөн жишээ дурдаж болно.
    Хямралын нөлөө энэ янзаараа хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултад хариулах аргагүй байгаа нь хамгийн том аюул. Европын холбоо хямралын нөлөөг зөөллөж, хямралын эсрэг бодлого гаргаж ажиллахыг хичээж байна.
    Ганц зүйлийг онцлоход бидний мэддэг хорвоо өөрчлөгдсөн гэдэг нь л бодит үнэн болчихлоо. Дэлхий ертөнц эргээд хэвэндээ орно гэсэн ойлголт лав алга болсон.
    -Цар тахлын үед Монголын хувьд макро эдийн засаг талаасаа ямар эрсдэлүүд ажиглагдаж байна вэ. Нөгөө талаас хямралыг боломж болгох гэдэг утгаараа ашиглаж болохоор давуу талууд гэвэл та юуг онцлох вэ?
    -Давуу талаас нь эхэлье. Маш олон жилийн турш эдийн засгийн сөрөг тал, дутагдал гэж бодож явсан зүйлс маань одоо давуу тал болж хувирч байна.
    Дэлхийн эдийн засаг сүүлийн тавин жилд маш хурдацтай өөрчлөгдсөн. Улс орнууд бие биетэйгээ үйлдвэрлэл, ложистик, худалдааны маш том сүлжээгээр холбогдсон. Өөрөөр хэлбэл дэлхийн аж үйлдвэрлэлд даяарчлал жинхэнэ утгаараа хэрэгжсэн.
    Монголын тухайд өөрсдийгөө даяаршсан гэдэг ч сая онцолсон олон улсын үнэ цэнийн сүлжээнд бараг л ороогүй. Тэр утгаараа манайд дэлхийн том компаниудын үйлдвэрлэл бараг байхгүй. Гаднаас тоног төхөөрөмж авчраад их хэмжээний үйлдвэрлэл явуулж экспортолдог бараа бүтээгдэхүүн ер нь алга.
    Товчхондоо үйлдвэрлэгч орон биш л дээ. Цөөн тооны экспортын бүтээгдэхүүнтэй, ихэнх зүйлсээ гаднаас авч хэрэглэдэг улс. Түрүүний хэлсэнчлэн олон улсын сүлжээнд орсон улсын хувьд маш хүчтэй хямарч байгаа. Хаа нэг газар, жишээ нь Азид ложистикийн асуудал үүсэхэд л үйлдвэрлэлийн сүлжээ тэр чигтээ зогсож байна.
    Жишээлбэл, гар утасны үйлдвэрлэл гэхэд бүх л процесс нь ганц асуудлаас болоод хойшлогдоно гэсэн үг. Дэлхийн компьютерийн үйлдвэрлэл гацаанд орж байна. Сэлбэг, эд ангиуд нь олдохгүй байна. Засвараа хүртэл хийж чадахгүй асуудал ажиглагдаж эхэллээ. Америк, Европыг жишээлээд харъя.
    Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг.

    Уг нь биотехнологи хөгжсөн улсууд. Энгийн маск ч юм уу, эм үйлдвэрлэх гэхээр түүхий эдийн асуудалтай нүүр тулчих жишээний. Түүхий эдээ Хятадаас авдаг учраас үйлдвэрлэл нь гацаж байна л даа.
    Харин Монгол Улс ийм сүлжээнд ороогүй болохоор дэлхийн улсуудыг бодвол байдгаараа байгаа гэсэн үг. Дэлхийн зах зээлтэй шууд холбогдох салбар гэвэл аялал жуулчлал л байна.
    Монголын экспортын гол салбар гэгдэх уул уурхай дэлхийн зах зээлтэй холбоотой боловч бүтээгдэхүүнийхээ ихэнхийг ганц улс руу гаргадаг онцлогтой. Хятадад байдал дажгүй бол уул уурхайн бүтээгдэхүүнээ яаж ийгээд борлуулаад аж төрөөд явна.
    Эдийн засгийн голлох хоёр дахь салбар бол хөдөө аж ахуй. Корона байсан ч байгаагүй ч мал нь үржээд өсөөд байх давуу талтай.
    Ямар эрсдэл байна вэ гээд харахаар тэгтлээ гутранги өнцөг бол алга. Манайх шиг хүн ам цөөн, тархмал суурьшилтай улсад корона дэгдлээ гэхэд тархац нь удаан байх магадлалтай. Харин жирийн хүмүүст гадагш явах, хуралд суух, сургалт судалгаанд оролцох гэх мэтээр хувь хүний хувьд дэлхийтэй харилцахад хэцүү болчихлоо.
    -Хөрөнгө оруулалт тасарчихлаа. Оюу толгойгоос өөр гялайх төсөлгүй гучин жил боллоо гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Хөрөнгө оруулалт тасарсан гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Ирэх сонгуулиар аль ч нам ялсан улс төрийн тогтворгүй байдал Монголын сул тал хэвээр үргэлжилнэ гэсэн таамаг, төсөөлөл бий. Энэ том эрсдэл биш үү?
    -Оюу толгойгоос өмнө манай улсад гадаадын хөрөнгө оруулалт гэж ер нь байгаагүй.
    Оюу толгой ганц том хөрөнгө оруулалт гэдэг үнэн л дээ. Улс төрийн тогтворгүй байдлын нөлөөгөөр энэ том төсөл зогсвол эргээд гадаадын ямар ч хөрөнгө оруулалтгүй гэсэн хэцүү байдал руугаа орно.
    Энэ утгаараа улс төрийн тогтворгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулалтгүй орон болчихвол маш том эрсдэл.
    Улс төрийн хүчнүүд Оюу толгойг шүүмжилдэг ч гэлээ бодит байдлыг ойлгодог байх гэж найдаж байна. Гэрээ хэлэлцээрийн үед янз бүрийн асуудал яригддаг боловч төсөл үргэлжлээд яваа онцлог бий.
    -Өнгөрсөн гучин жил ганцхан том төсөлтэй явсаар өнөөг хүрлээ. Сая Таван толгой дээр IPO хийнэ гэж байснаа засаг ухралт хийчихлээ. Энэ янзаараа бол том төслүүд явахааргүй зураг харагдаж байна. Том төслүүдээ урагшлуулах бодитой гарц гэвэл танд санаа шийдэл байна уу?
    -Том төслүүдийн тухайд маш олон яам тал талаасаа оролцдог. Ийм оролцоо байх нь зөв ч хоорондынх нь уялдааг сайжруулж зангидахгүй бол ажил урагшлахгүй. Уялдааг хангах гарц нээгдсэн.
    Тавдугаар сарын 20-ноос хойш Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам гэж байгуулагдах ёстой. Үндсэн хуулиар ийм боломж нээгдэж байгаа. Энэ яамны хувьд харьцангуй том төслүүдийг хариуцах болов уу гэж харж байна.
    Манай улсад яам нь нэг талаасаа салбарын бодлого тодорхойлж хэрэгжүүлдэг байгууллага юм шиг, нөгөө талаасаа улс төрийн нөлөөнд ажилладаг юм шиг харагддаг.
    Тэр утгаараа нэг том төсөл дээр гэхэд л маш олон төрлийн улс төр, бизнесийн сонирхлууд холилдоод байдаг. Өнөөдүүл нь хэл амаа ололцохгүй бол төсөл урагшилдаггүй. Тэгэхээр аль нэг шатанд энэ сонирхлуудыг нэгтгэх, зохицуулах, аль нэгийг нь зөвшөөрөхгүй байх хатуу гар хэрэгтэй болчихоод байгаа юм.
    -Хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг хариуцсан намаас үл хамаарсан бүтэц бий болгох хэрэгтэй гэх мэт санаа оноо дуулддаг. Таныхаар ийм боломж бий юү?
    -Байхгүй. Сүүлийн үед зөвхөн Монголд биш дэлхий даяар мега төслүүд хэцүү болсон л доо. Хэвлэл мэдээлэл, сошиалын хөгжлөө дагаад олон ашиг сонирхлууд ил тод гараад ирчихсэн. Өмнө нь ийм зүйлийг хүчээр дардаг, эсвэл мэддэггүй гэх мэт асуудал байсан.
    -Аль аль талын ашиг сонирхлыг хангах гэсэн том асуудалтай нүүр тулсан гэж үү?
    -Тэгж ойлгож болно. Сүүлийн үед мега төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх талын ашиг сонирхлыг нэгтгэх нь чухал гэж ярьдаг болсон.
    -Сүүлийн асуулт. Саарал, хар жагсаалтаас гарах хугацааг хэзээ гэж харж байна вэ?
    -Сонгуулиас өмнө бол амжихгүй.
    Шинээр бүрдсэн УИХ тодорхой хуулиудад зохих өөрчлөлтийг оруулбал энэ жилдээ аль аль жагсаалтаас нь гарах боломж техникийн хувьд бололцоотой. Хар жагсаалтын тухайд гэхэд Европын комиссоос наймдугаар сарын 31-н гэхэд шийдвэрээ гаргаарай гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр энэ хугацаанд нь амжиж шийдвэрээ гаргавал боломж байгаа гэсэн үг.

  • Агуйгаар гэр хийж явсан шилийн сайн эрчүүд

    Харин хориод оны сүүлчээр түүний мэргэлж түргэлдэг авъяасыг тухайн үед Баянхонгор аймагт нэр цуутай явсан Лу цорж буюу Лувсанцэрэн цорж гадарласнаар нэг өдөр түүнийг хийд дээрээ дуудаад “Бурханы авшиг шингэсэн бумбан эрхиэр буцалтгүй мэргэлдэг хүн хол ойроос адуу хөөдөг шилийн хулгайч байж таарахгүй. Чи бол хийдэд шавилан сууж ард нийтийн буян заяаг мэргэлж суух тавилантай бурхан номын хүн байна” гэснээр шилийн эр Ванчин ташуу энгэртэй дээл өмсч буян номын мөр хөөх болжээ.

    Төдөлгүй тэр бусад лам нараасаа эрдэм чадлаара ялгарч нутгийнхаа ардуудад “Ванчин гавж” гэж хүндлэгдэх болсон байна. Гэвч түүний шашин номоор олныг түвшитгэх хувь тавилан хэмжээ хязгаартай байжээ. 1932 оноос эхлээд лам нарыг хавчин хяхах үзэл бодол улс орон даяар өрнөх болсноор Ванчин гавж өөрийнхөө заяа төөргийг мэргэлж үзээд “Бурхан шашныг газрын хөрстэй тэгшлэх цөвийн цаг хаяанд ирсэн байна. Миний цаашдын хувь заяаны эргүүлэг хуваргын зам биш хулгайчийн зам болж надад үзэгдлээ. Ер нь би төрхөөсөө л шилийн хулгайчийн замаар явсан хүн. Одоо тэр л замаараа явъя даа” гээд орхимжоо тайлж хаяад морин дэлэн дээр дарцаглах болсон гэдэг. Гэхдээ тэр ганцаараа биш, амьдрал хувь заяа нь дээсэн дөрөөн дээр байсан арваад хүнийг өөртөө элсүүлжээ. 1932 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын хоршоог дээрэмдэн тонож, сумын захиргааны ажилтныг барьцаалж өөрийнхөө талд орохыг ятгасан хэмээх хилс хэрэгт гүтгэгдсэн Хорлоогийн Ванчин гавжийг До яамны комиссар Содномын отрядын Амгай захирагч баривчлах гээд чадаагүй гэдэг. Учир нь Ванчин гавж хамтран зүтгэгчидтэйгээ ногоон малгайтнуудаас зугтаж явахдаа эрхиэрээ мэргэлж үзээд л зам мөрөө буруулдаг байж.
    Нэг удаа тэрбээр ногоон малгайтнуудаас зугтаж яваад Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт байх Бага Богд хайрханы оройд гарч “Зандан мод” гэж шүтэгдсэн хадаг яндар бүхий ургаа модтой овооны өвөрт амрахаар шийджээ. Тэгээд өөрийнхөө итгэл сэтгэл нэгтэй арваад хүний хамт морьдоо чөдөрлөн идээшлүүлж хоол цай хийж идээд сайхан амарч хоносон байна. Ванчин гавж өглөө наран ургахад нөхдөөсөө түрүүлж босоод эрхиэ татаж үзсэнээ “Хөөе нөхөд минь. Нэг л биш болоод явчихлаа. Миний эрхи эвлэж өгөхгүй сондгой буугаад байна. Одоохон хөдөлцгөөе” гэж бусдыгаа шавдуулжээ. Нөхөд нь ч түүний үгэнд ороод тэр даруйдаа босч мориндоо мордоод Бага Богд хайрханы арын асга хад руу буугаад бэлд нь орж явахад Амгай захирагч тэргүүтэй хүмүүс зүүн талаас нь морьдоо давирсаар “Зандан мод”-ны овоон дээр ирж байсан гэдэг. Ванчин гавж ийм л мэргэн хүн байж. Амгай тэргүүтэй хүмүүс Ванчин гавжийг Бага Богд хайрханы ар руу дөнгөж хөдөлсөнийг мэдмэгцээ хойноос нь хөөцөлдсөн боловч тэднийг баривчилж чадсангүй. Учир нь Ванчин гавж мөр буруулахдаа гаргууд нэгэн байж. Нэг газраас явахдаа хүрэх ёстой зүг рүүгээ бус эсрэг зүг рүү нь явсан мөр гаргаж чулуу хөөлгөдөг байж. Бас элдэв уншлага тарнитай цацлагыг мөрөн дээгүүрээ цацаад “Буруу номтонууд долоон уулын цаагуур, дов шороон доогуур ор гэж тарниддаг байжээ. Тиймээс ногоон малгайтнууд түүний чулуу хөөлгөсөн мөрөөр ороод л хад мөргөх жишээтэй.
    Шилийн эр Ванчин Лувсанцэрэн цоржийн тэргүүн багийн Чээжүү жасын гавж ламтан байхдаа Суваргын хийдэд байн байн заларч эрхиэрээ төлөг татдаг байж. Лу цорж түүний мэргэн түргэн авъяасыг шүтдэг байсан бөгөөд тэрбээр шашин төрийн хэргээ нууж хаалгүй хэлэлцэж зарлиг тушаал буулгахдаа Ванчин гавжийн санаа оноог заавал тусгадаг байжээ. Ванчин гавж 1930-аад онд Лу цоржийнд нэг удаа залрахдаа эрхиэ татаад “Бидний явдал суудал ч нэг их удахгүй нь бололтой. Ноёд, лам нарт ихээхэн халгаатай цаг үе айсуй. Баруун хойд зүгээс төмөр тэрэгтэй хүнд зэвсэгтэй, буруу энгэртэй хувцастай олон хүн ирж ноёд, баяд, лам хуваргуудыг амьдаар нь газарт булах юм байна. Ер нь манай лам хуваргууд тамын оронд зуурдаар явахгүйгээ эртнээс бодууштай болсон байна” гэж сануулж байсан гэдэг. Үнэхээр ч түүний хэлсэнээр 1932 онд Ванчин гавжийн шавилан сууж байсан Дарь-Эхийн хүрээний бүх лам хуваргыг ногоон малгайтнууд хоморголон баривчилж ихэнхийг нь амьдаар нь газарт булж байжээ. Харин Ванчин гавж ийм зүйл болохыг эрхиэрээ мэргэлж мэдсэнээр ногоон малгайтнуудыг ирэхээс өмнөхөн шилийн эрийн замаар явчихсан хэрэг.
    Тэрбээр 1932-1937 он хүртэл нөхдийнхөө хамт ногоон малгайтнуудыг чулуу хөөлгөж Эхин усны говь хавьцаах Алтайн нуруунд орогнож, мөн Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт байх гэрийн чинээ том агуйд хоёр гурван ч жил бүгжээ. Ангийн арьсыг тэр чигээр нь хувцас маягтай болгож өмсдөг байсан түүнийг малын эрэлчид алсаас харчихаад “Алмас үзлээ” хэмээн нэг бус удаа дуулиан дэгдээж байснаар 1935 онд түүнийг судалж сурвалжлахаар Оросын геологич Виктер гэдэг хүн Эхин усны говь руу зүглэж байжээ. Гэвч түүнийг цангаж үхдэгийн даваан дээр хэвтэж байхад нь Ванчингийн хоёр хүн тааралдаж худаг бараадуулаад орхиж байсан гэдэг. 1937 оны намрын нэг өдөр Ванчин гавж эрхиэ татаж үзээд “Миний хээрээр гэр, хэцээр дэр хийх хоногийн тоо гүйцжээ. Одоо үхэхэ цаг минь болж. Лу багшийг маань Дотоодын хамгаалахынхан баривчлаад авч явсан байна. Би өөрийгөө барьж өгч багшийнхаа амийг аварна” гэж шийдээд хамт байсан хүмүүсээ тараагаад өөрөө Баянхонгор аймгийн Дотоодыг хамгаалах хэлтэс дээр очиж “эсэргүү” хэргээ хүлээж Лу цоржийг суллахыг шаарджээ. Уг мэдээг хүлээн авсан До яамныхан “Наад аюултай эсэргүү хэрэгтнээ хатуу хамгаалалтан дор Улаанбаатарт авч ир” гэсэн нууц тушаал өгчээ. Ванчин гавжийг ингэж явах хооронд ногоон малгайтнууд Лувсанцэрэн цоржийг буудаж алснаа тас нуусан байгаа юм. Ийнхүү Ванчин гавж Лу багшийгаа аврах гэж зүтгэсэн биш өөрөө 1938 оны 1-р сард цаазаар авахуулжээ. Тэр үед үнэн юм гэж үнэхээр байсангүй. Лам бол эсэргүү, ноёд бол тагнуул болж байсан цаг болохоор арга ч үгүй юм. Ванчин гавжийн хэргийг Монгол улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 6-р сарын 20-ны 97 дугаар хурлаар цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн байна.
    Түүний оргонож байсан Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт байх гэрийн чинээ том агуйд гучин жилийн дараа буюу 1970-аад оны үед Шинээгийн Оросоо хэмээх шилийн эр найман жил орогносон гэдэг. 30 гаруй насны булчин шөрмөс нь зангирч , бие хаа нь тэгширсэн Шинээгийн Оросоо хол ойроос адуу хөөсөн хэргээр арван жилийн ял авчээ. Гэсэн ч тэр Туул голоор сал урсгах хүнд хүчир ажилд дайчлагдаж байсаар нэг л өдөр оргочихож. Тэрбээр дамуурга модоо эрэг дээр гаргаж чулуудаад улаан хоормогоор үеэрлэн байсан гол руу үсэрч ороод урсгал даган сэлж оджээ. Төдөлгүй орой болж хянагч нар хоригдлуудаа жагсааж бүртгээд Оросоог алга болсныг мэдсэн байна. “Ялтан Оросоо оргочихлоо” гэсэн ойлголт тэднийг эзэмдэж бөөн эрэл хайгуул болох нь тэр. Эцэст нь түүний хувин модонд өлгөөстэй, дамнуурга нь уснаас зайтай шидэгдсэн зэргийг хараад живж үзжээ гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Оросоо бүрий болсон хойно уснаас гарч, ой дундуур хэсэг гүйжээ. Өлссөн гэж жигтэйхэн. Гэвч шантралгүй явсаар л байлаа. Гэтэл нохойн дуу аниргүй орчныг эвдэж Оросоогийн зүрхийг түгшээх нь тэр. Нохойн дууг чагнаад байвал яавч мөрдөгч нохой биш айлын хоточ нохой болох нь мэдрэгджээ. Оросоо тэр зүгийг чиглэн явсаар айлын бараа олж хараад хамгийн баруун захын айлд ортол нэг ланжгар эр хурхирч байсан байна.
    Оросоо алган дээрээ элс үрээд мөнөөх эрийн нүүр лүү жигдхэн үлээхэд цаадах нь шуурга тавьж байна гэж санасан бололтой хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчээ. Өлссөндөө болоод эрэгнэгэн дээр байсан түмпэнтэй хоолноос идэж өл залгаад гадаа уяан дээр байсан морийг эмээллэж унаад баруун зүг жолоогоо залсан байна. Энэ цагаас хойш Оросоо Баянхонгор аймгийн Жинст сумын Богд ууланд найман жил бүгсэн гэдэг. Харин дараа нь чухам юу болсон нь тодорхой бус. Ямартай ч тэрбээр нутгийн иргэдэд хандаж “Надад найман жилийн ял дутуу байсан. Тэр найман жилээ би агуйд бүгэж өнгөрөөлөө. Нутгийн та бүхэн надад маш их хүндэтгэлтэй хандаж найман жилийн турш амаа жимийж явсан. Үүнд чинь би насан туршдаа баярлаж явах болно. Одоо би нутагтаа очиж амьдарна” гээд Өмнөговь аймгийг зорьсон гэдэг. Харин тэр цагаас хойш тус нутгийнхан Богд ууланд байх гэрийн чинээ агуйг “Ванчингийн агуй” гэдэг байснаа болиод “Оросоогийн агуй” гэж нэрлэх болсон гэдэг.
    Бас нэг агуйд амьдарч явсан сайн эрийн тухай Агуй, агуй дамжин хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан Чимэдбалдан хэмээх 70 гаруй насны өвгөн одоогоос хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүрэгт амьдарч байлаа. Тэрбээр гэр орон, хань ижилгүйдээ ийнхүү тэнэж явсан бус байгалиа хайрлаж, хишгээр нь биеэ тэжээж, улсын ангийн төлөвлөгөө гээчийг давуулж байвал Монголд л хэрэгтэй хэмээн зүтгэж явжээ. 1960-аад онд бүтээгдсэн “Алтан өргөө” хэмээх кинон дээр “Чонын анчин Рааш” гэж гардаг. Чимэдбалдан гуай чонын анчин, тэр дундаа “Улсын анчин” гэх алдар хүндийг гуч гаруй жил хүртсэн бөгөөд хавь ойрынх нь хүмүүс түүнийг “Чонын анчин Рааш” гэж авгайлдаг байж. Ингээд хоёр жилийн өмнө түүний хүүрнэж байсан яриаг хүргэж.
    Та анхныхаа чоныг хэдэн настайдаа намнасан бэ?
    Би 1943 онд 13 настайдаа анхныхаа чоныг намнасан. Чоно ч ёстой хийморьтой тэнгэрлэг амьтан шүү дээ. Хэдийгээр доройтсон ч бусдыг хардаггүй өөрийнхөө эр чадлаар хоолоо олж иддэг амьтан. Үнэхээр зоригтой, шийдэмгий. Ямар сайндаа л хавханд орсон хөлөө тас хазаад явчихсан байх билээ дээ.
    Таны өрөөсөн чих…?
    Үүнийг ярихад их урт түүх ярих байлгүй. Өвөө нь хоёр хөлийнхөө арван хурууг тайруулж, өрөөсөн чихээ чононд сэтлүүлсэн хүн. Дээхэн үед ангийн төлөвлөгөө гэж айхтар даалгавар өгдөг байлаа шүү дээ. Өвөө нь энэ төлөвлөгөөг биелүүлэх гэж яваад нэг чоно алаад ганзаглачихгүй юу. Тэгтэл нөгөө чоно чинь дутуу үхсэн байснаас болж гэнэт архиран надтай ноцолдоод, үүнээс болж морь булгиад би гэдэг амьтан саахалтын дайтай газар мориноосоо чирэгдсэн байсан. Нэг ухаан ороход өнөөх чоно хайччихсан юм бүү мэд, би л ганцаараа цустайгаа холилдоод хэвтэж байлаа. Хөдлөх гэсэн чинь бүхий л бие өвдөөд ер нь их бэртсэн бололтой. Ангийн болзол нь гэрийн эсгий туургаар шагнах байлаа. Гэвч эцэст нь би чононд хүүлүүлж тасарч унах шахсан чихтэй эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хөлийн хуруунууд маань бүгд хөлдсөн байлаа Тэгээд л тайруулсан даа. Энэ улс гээч юм чинь эгэл хүнийг их хуурах юм даа. Надад нөгөө гэрийн эсгий туурга муургаа ч өгөөгүй. Нэг баярын бичгээр шагнасан болоод л өнгөрсөн.
    Чононд хэрүүлэх юмуу, бүслэгдсэн үе бий юу?
    -Гайгүй ээ, дээр үеийн чоно хүнээс айдаг байсан юм. Харин өнөө үеийн чоно бол хүний өөдөөс дайрдаг болчихоод байгаа юм. Хуй шиг хэнийг яах вэ гэдгээ чоно сүрхий мэддэг. Айгаад байвал айлгаад л байна. Чоно бол чоно шүү дээ.
    Та ямар буу хэрэглэж байв?
    -Би насаараа нэг цахиур буу барьсан. Миний удам харц гаралтай л даа. Тиймээс намайг 12 настай байхад аав маань цахиур буу авч өгсөнийг 1992 он хүртэл 70 гаруй жил барилаа.
    Чоныг хэвтэр үүрнээс нь ямар аргаар холдуулж бэлтрэгийг нь сугладаг юм?
    -Чоныг алахын тулд эхлээд сайн судлах хэрэгтэй. Ямар уулын ямар энгэрт хэвтдэгийг нь мэдээд ульж дуудна. Улихдаа нааш ир, цаашаа яв гэсэн хоёр хэллэг, дохио гаргадаг. Мөн хонь, ямаа шиг майлж, үнэг, тарвага шиг шогшрох гэх мэт олон хэлбэрээр өөртөө ойртуулдаг. Харин одоогийн ан сонирхдог залууст хандаж хэлэхэд гэнэн гоомой юм хийж хэрхэвч болохгүй. Ан хийж яваа хүнд өөрт байгаа зэвсэг, мэс хүртэл анхаарал муутай бол дайсан болно гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
    Гадаадын хүнтэй, ер нь томчуултай авд мордож байсан л биз дээ?
    -Гадаадынхан загаснаас өөр ан хийвэл ятуу, хойлог гэх мэт шувууд л эргүүлдэг болохоос монгол хүн шиг том ан хөөх нь ховор. Би гэртээ байхаасаа байхгүй нь их байсан болохоор манайд төрийн томчууд ирж намайг сураглаад явсан байдаг юм. Гэхдээ томчуултай авд мордолгүй яахав. Ялангуяа Түвдэндорж аварга, Циркийн Дамдин зэрэг бөхчүүдтэй хэд хэдэн удаа авд мордсон. Намайг “Улсын анчин” гэдэг алдар хүртсэнээс хойш манай гэр дэн буудал шиг л байдаг байсан. Ихэнх анчинд ирж уулзана, ярина хөөрнө.
    Б.Ойдов

  • МАЛ СҮРЭГ МИНЬ ЭНЭ ХЭТУУ ЦАГИЙГ ТУУЛАХАД Ч ТУС БОЛНО.

    Малчид тогтмол орлоготой болоод ирвэл бүгд урамшина. Малын үнэ хямд дээр нь олон тоогоор авч чадахгүй байгаа болохоор л манай мал чанаргүйжин тоо толгой л өсөөд байна даа. Үүний цаана Монгол мал хэврэгших, давжаарах асуудал асуудал болон гарч ирж байна.
    Яг бодит байдал дээр 200-300-н бог малаа жилдээ өвлөөс өмнө зарчих бодолтой малчид маш олон байдаг. Өөрөөр хэлбэл малчид жилдээ олох тогтмол орлоготой болохыг л хүсэж байна. Тэр боломжийг хэн бий болгож чадах уу? Төр л зохицуулж чадна. Монополь компаниуд биш, чайнжүүд бас биш !!!
    Миний ажиллаж, судалгаа хийж буй Норвегийн Tөр бүх л зүйлийг маш сайн зохицуулж чадаж буй болохоор хувь хүмүүсийн үйлдвэрлэж буй баялгийг мөнгө болгож чадаж байна.
    Үүн дээр л манай төр анхаарах шаардлагатай. Монгол малаа экспoртлoх чиглэлийн малчидтайгаа хамтарсан Төрийн компани байгуулах цаг болсон.
    Корпораци хэлбэрийн бизнесийн засаглал Скандинавын орнуудад амжилттай хөгжиж байна. Монголын бодит байдал малчид нь зах зээлгүй гээд малаа тоогоор өсгөөд, үйлдвэрүүд нь түүхий эдгүй гээд ажилгүй зэврээд байж байна шүү дээ.
    Др. М. Найданхүү.

  • ЮНЕСК-ийн дэлхийн түүх соёлын өвд бүртгэгдсэн Монгол улсын өвүүд

    Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв:
    1. Монгол тууль
    2. Монгол арды нбүжиг, бие биелгээ
    3. Монгол цуур хөгжмийн урлаг
    4.Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга, битүү амьсгаа
    5. Монгол уран бичлэг
    Дэлхийн дурсамж хөтөлбөрт:
    1. Луу алтан товч
    2. Монгол шунхан данжуур
    3. Есөн эрдэнийн ганжуур
    Хүн ба шим мандал хөтөлбөр:
    1. Монгол Дагуурын тал
    2. Дорнод Монголын тал
    3. Хустайн нурууны цогцолборт газар
    4. Говийнихдарханцаазатгазар
    5. Увс нуурын сав газар
    6. Богд хан уул тус тус оржээ.

  • Академич Сергей Глазьев: Өнөөгийн дэлхийн хямрал хийгээд дайны онцлог

    Орос эрдэмтэн учраас орос өнцгөөр, оросын эрх ашгийн үүднээс илтгэлээ хийсэн нь мэдээж хэрэг. Гэхдээ АНУ, Хятад болон бусад бүх том улсуудад иймэрхүү төрлийн баримт бичиг байгаа гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй.
    Ямар ч гэсэн дэлхий дахинаа чухам юу болоод байгааг ойлгож ухаарахад тус болно гэж үзээд энэ том илтгэлийн ганцхан хэсгийг (параграф) орчуулан хүргэж байна. Харин над руу хандсан ямар ч “шүүмжлэлийг” хүлээж авахгүй гэдгээ эртхэн хэлчихье…

    х х х
    Нийгэм-эдийн засгийн хөдөлшгүй хуулийн улмаас АНУ Хятадтай хийж буй худалдааны дайнд ялагдах нь тодорхой байна. Хэдий ийм боловч Америкийн эрх баригч элит даяар ноёрхлынхоо төлөө олон улсын эрх зүйг ч үл харгалзан өөрт байгаа бүхий л хэрэгслээр тэмцэхийг оролдож байна.
    Хамгийн сүүлд гэхэд л Хятадтай худалдааны дайн хийхдээ Олон улсын Худалдааны Байгууллагын хэм хэмжээг үгүйсгэв, НҮБ-ын Дүрмийг зөрчин Балкан болон Ойрхи Дорнодод зэвсэгт түрэмгийлэл үйлдэв, түүнчлэн Европ, Өмнөд Америкийн хэд хэдэн оронд төрийн эргэлт зохион байгуулав. ОУВС-гийн дүрмийг зөрчин Оросын эсрэг хориг арга хэмжээ авав, биологийн зэвсэг боловсруулж, кибер терроризм хийгээд бусад орнууд дахь цэргийн оролцоогоо өсгөн нэмэгдүүлж байна, олон улсын конвенцуудыг зөрчин сансарт цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байна, шашны хэт даврах үзэл, неонацизмыг санхүүжүүлж, террорист байгууллагуудыг зохион байгуулж, өөгшүүлж байна, бусад орны санаанд нь үл нийцэх иргэдийг хулгайлан, хөрөнгийг нь хурааж байна.

    Энэ дайныг АНУ-ын эрх баригч элит Хятад дахь эдийн засгийн хөгжлийг удирдах бүтэн эрэмбээр дээгүүр үр ашигтай систем бий болсон шинэ нөхцөлд өөрийн даяар ноёрхлыг хадгалан үлдэх зорилгоор өдөөн турхирч байна. Одоо америкийн элитүүд ноёрхлоо тогтоон барих гэж зүтгэхдээ хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээ ямар хязгаар хүртэл үйлдэх вэ ? гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.

    Дэлхий дайнууд хэрэглэж буй технологоороо бие биенээсээ эрс ялгагддаг. Дэлхийн хоёрдугаар дайн моторын дайн байсан бөгөөд энэ нь тухайн үеийн технологийн хэвшлийн цөмийг бүрдүүлдэг автомашин зохион бүтээх, органик синтезийн аж үйлдвэрийн хөгжилд хүчирхэг түлхэц өгсөн юм. Өнгөрсөн зууны 70-аад оны дунд үеэс энэ нь өсөлтийнхөө хязгаарт хүрч, түүнийг технологийн дараагийн хэвшлээр солих үйл явц эхэлсэн ба энэ шинэ хэвшилд микро электроникийн аж үйлдвэр түлхүүр хүчин зүйл нь болжээ.
    “Оддын дайны” номлол хийгээд АНУ-ын эхлүүлсэн сансар-пуужингийн хүрээнд зэвсэглэлээр хөөцөлдөх болсон нь түүний өсөлтөд хүчирхэг түлхэц өгсөн ба энэ нь өнөөгийн зуун жилийн эхэн хүртэл үргэлжилж иржээ.
    Харин өнөөдөр бол технологийн энэ хэвшлийг дараагийн хэвшлээр солих үйл явц болж байгаа ба энэ шинэ хэвшлийн түлхүүр хүчин зүйл нь мэдээлэл-харилцаа (информационно-коммуникационный) нано болон био инженерийн технологиуд юм. Үүнийг мөн л урьдын адил зэвсэглэлээр хөөцөлдөх явдал тэтгэн урамшуулж байна.
    Гэхдээ өнөөдөр технологийн шинэ хэвшлийн төлөвшин бүрэлдэж буй суурь технологиуд өмнөхөөсөө эрс ялгаатай. Эдгээр технологийг боловсруулах ажлыг өдөөн урамшуулахад стратегийн объект, хүн ам болон дайсны ухамсрыг хөнөөдөг өндөр нарийвчлалтай пуужин, биологийн зорилтот, кибернетикийн болон мэдээллийн когнитив (ухамсарт нөлөөлөх-орч) зэвсгүүд хамгийн сайн тохирдог юм.
    Өнөөдөр зэвсгийн эдгээр төрлүүдийг өргөн хэрэглэж байгааг ажиглахад хэцүү биш. Тухайлбал: өндөр нарийвчлалтай зэвсгийг байлдааны ажиллагаанд, биологийн зэвсгийг корона вирусын тахал хэлбэрээр, кибернетик зэвсгийг санхүүгийн болон эрчим хүчний дэд бүтцийн объектын эсрэг, когнитив зэвсгийг нийгмийн сүлжээнд өргөн ашиглаж байна.
    Цөмийн болон химийн зэвсгийг хэрэглэх боломжгүй болохоор орчин үеийн дайн гибрид (эрлийз- орч) шинжийг олсон ба энэ нь дайснаа номхотгохын тулд санхүү, худалдаа, дипломатын арга мэхийг өргөн ашиглах явдал болно.
    АНУ дээр дурдсан бүх хүрээнүүдэд олсон давуу талаа ашиглан дайснаа сулруулах үндсэн дээр дэлхийн эдийн засаг дахь давуу талаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Оросын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээний хэлбэрээр санхүүгийн дайн өдөөсөн ба үүний золиосонд хөнгөн цагааны аж үйлдвэр “Русал”-д харъяалагдаж америк “хамтрагчдын” хяналтад шилжсэн усан цахилгаан станцуудынхаа хамт нэрвэгдэж байна. Тэдний дараагийн бай нь барууны менежментээр хэсэгчлэн хянаж буй “Роснефть” болж байна.
    Вашингтонд таалагдаагүй оросын хуулийн болон биет этгээдийн хөрөнгийг баривчлах, мөнгөн шилжүүлгийг хаах, тэдэнтэй гэрээ хэлэлцээр хийхийг хориглох зэрэг үйлдлийг долларын бүхий л бүсэд өргөн фронтоор хэрэгжүүлж байна. Оросоос гарсан бүтэн триллион доллар англо-саксоны оффшорын олзонд байна.
    Худалдааны дайны хэрэгслүүдийг Хятадыг сулруулахын тулд ашиглаж байна, Вашингтон Дэлхийн Худалдааны Байгууллагын хэм хэмжээг зөрчин, нийт 300 млрд долларын импортын нэмэлт татвар Хятадад ногдуулж, түүнчлэн компьютерийн технологийн тэргүүлэх үйлдвэрлэгчдэд хориг арга хэмжээ авав.
    Худалдааны дайны шалгарсан аргаар Саудын Арави нефтийн үнийг унагав, үүнийг Оростой хийх худалдааны балансыг алдагдуулах зорилгоор Вашингтоны тушаалаар гүйцэтгэсэн ба энэ аргыг 80-аад онд ЗХУ-ын эсрэг хэрэглэж байсан юм. Үүний дээрээс Саудын Арави оросын компаниудыг шахан зайлуулах зорилгоор Европын зах зээл рүү нефтийн нээлттэй демпинг хийж эхэлсэн ба нөгөө талаас нь АНУ хориг арга хэмжээ зэрэгцүүлэн авч байна.
    Кибернетик зэвсэг хэрэглэсэн жишээ нь Ираны Атомын цахилгаан станцад гарсан бөгөөд үүнийг технологийн процессыг удирдах автоматжуулсан системд компьютерийн вирус оруулж өдөөсөн юм. АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг Хятад, Орос, Венесуэл болон Вашингтоны хяналтаас гадуурх улс орнуудын эсрэг минут тутамд хэд хэдэн кибер дайралт хийж байна. Телефон яриаг сонсох даяар сүлжээ, компьютерт нуусан “цох”-ыг ярих ч хэрэг байхгүй.

    Энэ жил биологийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн гибрид дайны шинэ фронт нээгдэж байгаа ба хятадын болон оросын олонхи экспертүүдийг үзэж байгаагаар корона вирусыг нийлэгжүүлж, америкийн тусгай албад Уханьд тараажээ.
    Дайны зорилгоор био инженерийн технологи боловсруулах нь технологийн шинэ хэвшлийн хөгжилд хүлээвэл зохих “жолоодлого” (драйвер) юм.
    Тодорхой арьстан, нас болон хүйстэй хүмүүсийн эсрэг зорилтот хөнөөгч үйлчилгээ бүхий вирусыг нийлэгжүүлэх боломжийн тухай Оросын ШУА-ийн эрдэмтэд бүр 1996 оноос ярьж эхэлсэн ба Оросын биологийн аюулгүй байдлыг хангах тусгай програм боловсруулах, батлахын зайлшгүйг үндэслэж байлаа.
    Эбола чичрэг хэлбэртэй “анхны хараацай”, гаж (атипичный) хатгалгаа, магадгүй “шувууны” ханиад, ДОХ зэргийн үе аль хэдийн өнгөрчээ. Дэлхий даяар энд тэндгүй тархсан америкийн биологийн нууц лабораториудын өргөн сүлжээ био инженерийн зэвсэг “дархалж” байгаа нь эргэлзээгүй.
    Үүнийг боловсруулж, хэрэглэх нь био инженерийн тэргүүлэх аж үйлдвэрийн хөгжлийг урамшуулах ба энэ нь анагаах ухааны эрдэм шинжилгээний судалгаа, багаж хэрэгсэл, шинэ нарийн вакцин хийгээд эмийн эрэлтийг бий болгоно. Технологийн шинэ хэвшлийн тэргүүлэх салбар болсон анагаах ухаан өсөлтийн нэмэлт түлхэц олж авна.
    Газар сайгүй тогтоосон хорио цээрийн арга хэмжээ, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан явдал нь мэдээллийн технологи, тооцоолох техникийн хөгжилд асар их түлхэц өгч, үүний ачаар электрон худалдаа, зайны сургалт, гэрээр ажиллах тоног төхөөрөмж, алслагдсан ажлын байрны эрэлтийг эрс өсөхөд хүргэж байна.
    Төрөөс хотууд хийгээд олон нийтийн газруудад видео бүртгэл, иргэдийг хянах, хувь хүнийг таних, тэдний шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийг хянах тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд аварга их мөнгөний хөрөнгө оруулалт хийж байна. Энэ үндсэн дээр том өгөгдөл дээр ажиллах хиймэл оюун ухаан төлөвшүүлж, эдгээр том өгөгдлийг боловсруулахад супер компьютер, хэт өндөр бүтээмжтэй программын хэрэгсэл хэрэгтэй болж байна. Энэ нь эргээд зохих өндөр бүтээмжтэй, авсаархан, эрчим хүч хэмнэдэг тооцоолох техникт зориулсан нано технологийн хөгжлийг урамшуулж байна.
    Технологийн хувьсгалын үед зэвсэглэлээр хөөцөлдөх нь цаг ямагт технологийн шинэ хэвшлийн өсөлтийн хэтийн чиглэл рүү эргэдэг юм. Технологи нь бөөнөөр хөнөөх зэвсэг боловсруулах хүртлээ боловсрон хөгжиж, ёс суртахуунгүй улс төрчдийн гарт орвол хүн төрөлхтний оршихуйд аюул занал учруулна.
    Хүн төрөлхтийн эсрэг үйлдсэн тэдний гэмт хэргийн тод жишээ нь Хиросима, Нагасакийг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн явдал юм. Сая сая хүмүүсийг хөнөөгч корона вирусыг хэрэглэж байгаа нь орчин үеийн тэргүүний технологийн үндсэн дээр үйлдсэн гэмт үйлдэл гэдгийг харуулж байна.
    Японы хотуудад атомын бөмбөг хаяснаас ялгаатай нь биологийн зэвсэг эргэх үр дүн үзүүлдэг бөгөөд дайсныхаа төдийгүй, өөрийн хүн амыг хөнөөж болдогт оршино.
    АНУ-ын эрх баригч дээдэс буюу “гүний улс” гэж нэрлэгддэг бүлэгт Вашингтоны хяналтад буй дэлхийн хэсгүүдэд түүнийгээ хэрэглэх нэмэлт сэдэл байгаа гэж таамаглаж болно. Тагнуулын Төв Газрын саланги задгайгийн улмаас болсон 2011 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын хүчний байгууллагууд эрс хүчирхэгжин, нийгмийн хяналтаас гарч, өргөн их эрх мэдэлтэй болсон билээ.
    Цар тахлын дэлгэрэлт иргэдийн иргэний эрх чөлөөг бүрэн устгатал нь хязгаарлах улам илүү өргөн өргөн суурь дэвсгэр бий болгож байна. Технологийн хэвшил солигдохыг дагалдан капитал үнэгүйдэх, гутран уймрах үзэгдэл бий болж байна. Үүний дээрээс дэлхийн аж ахуйн хэвшил солигдож байгаа нь эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах институтын үр ашгийг унагаж, улс төрийн хямралыг өдөөж байна.
    Нөхцөл байдлыг хяналтандаа тогтоон барихын тулд эрх баригч элитүүдэд иргэдийн эрхийг хязгаарлах ил үндэслэл хэрэгтэй болж байна. Энэ нь дэлхийн гибрид дайны нөхцөлд бүр чухал болон тавигдах ба энэ дайны явцад америкийн эрх баригч элитийн хүүхэлдэй тоглуулагчид үйлдлийн эрх чөлөөг алга болгох, золиосны хөрөнгийг хураан авахыг оролдоно. Санхүүгийн хөөс хагарч, санхүүгийн зах зээл сүйрснээр олон арван сая америкчуудын хөрөнгө үнэгүйдэнэ. Иймээс боломжит эсэргүүцлийг саармагжуулахад хорио цээрийн дэглэм хамгийн их тохирно.
    Бүрэлдэн тогтсон дэлхийн аж ахуйн хэвшлийн хүрээнд зонхилох байр сууриа хадгалах гэсэн, оршин буй технологийн хэвшлийн үйлдвэрлэлд капиталын хэт хуримтлалаа алдсан улс орнууд дэлхийн дайныг өдөөж байна. Гэвч энэ дайнд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтыг цагаа олж бүрдүүлсэн, технологийн шинэ хэвшлийн суурь үйлдвэрлэлийг эзэмшиж чадсан тэр орнууд ялалт байгуулж чадна. Тийм орнуудын хувьд энэ үе нь эдийн засгийн хөгжилдөө үсрэлт хийх, Кондратьевын шинэ урт мөчлөгийг бусдаас түрүүлэн барьж авах, капиталын хуримтлалын зууны шинэ мөчлөгийг эхлүүлэх боломж нээгдэх юм.

    Дэлхийн өнгөрсөн дайныг Их Британийн даяар ноёрхлыг тогтоон барих зорилгоор английн тусгай албад өдөөсөн билээ. Гэвч энэ дайны ялагчаар дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтэд үндэслэсэн удирдлагын үр ашигтай систем бүтээж чадсаныхаа ачаар технологийн шинэ хэвшлийн суурь үйлдвэрлэлийг хурдан хөгжүүлж чадсан ЗХУ, АНУ хоёр ялан гарсан юм.

    Босоо чиглэлд нэгтгэн зангидсан, томоохон хэмжээний үйлдвэрлэлийг зохион байгуулж чадах, яам, корпорациуд нь нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломж Баруун Европын ялзарч муудсан эзэнт гүрнүүдэд буй гэр бүлийн фирм, элэгдэж хуучирсан язгууртнуудыг бодоход ЗХУ-д ч, АНУ-д ч олон дахин илүү байсан юм.
    Энэ дайны эхний шатанд Гурав дахь Рейхийн корпоратив-захиргааны бүтэц дэх нөөцөө төвлөрүүлснийхээ ачаар Европын бүх улсуудыг амархан бут ниргэсэн Герман ялалт байгуулсан ба эцсийн дүнгээрээ нацистын корпоратив улсын хэлбэртэй дэлхийн аж ахуйн хүнийг үзэн ядагч шинэ хэвшлийг устгасан ЗХУ, АНУ хоёр ялсан юм.
    Өнгөрсөн зууны дэлхийн дайнууд газар нутаг эзэмшихийн төлөө болж байв. Ямар ч гэсэн гол түрэмгийлэгч Герман, Япон хоёр өөрийн үндэстний амьдралын орон зайг тэлэх зорилт тунхаглаж, бусад хүн төрөлхтнийг боолчлохыг хүссэн.
    Өнөөгийн гибрид дайныг АНУ-ын эрх баригч элитүүд дэлхийн эдийн засаг, юуны өмнө түүний санхүүгийн системд хяналт тавих гэж өдөөн турхирч байна.
    Дэлхийн валютад эмисс хийх үүргийг хувьчлан авсныхаа ачаар америкийн эрх баригч олигархууд өөрсдийнхөө хийсэн баталгаагүй мөнгийг бодит материал баялаг, актив болгон солих замаар бүх хүн төрөлхтнийг шулан мөлжих боломжтой болсон юм.
    Тэдний түрэмгийллийн зорилго нь либерал даяарчлалын үйл явцыг дуусгаж, энэ хүрээнд бүх улс орнуудад америк доллар дэлхийн валют байдлаар чөлөөтэй эргэлддэг, түүнийг бүхий л үндэстний таваар-материалын үнэт зүйл, активаар сольдог болгох явдал болно.
    Ийм учраас өнөөгийн гибрид дайны байлдааны ажиллагаа өнгөрсөн зууных шиг танк, усан онгоц, нисэх онгоц ашиглаж биш, харин санхүүгийн хэрэгсэл, худалдааны хязгаарлалт, кибер атак, нийгмийн ухамсрыг төөрөлдүүлэх замаар хэрэгжинэ.
    Зэвсэгт хүчнийг байлдааны ажиллагааны төгсгөлийн шатанд нэгэнт ялагдсан дайснаа бүрэн дарж авахын тулд залхаан цээрлүүлэх зорилгоор хэрэглэнэ. Харин биологийн зэвсгийг удирдлагыг алдагдууулах, эдийн засгийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор хүн амын дунд үймээн сандраан үүсгэхийн тулд хэрэглэнэ.
    Энэ дайнд ялах нь АНУ-ын хувьд газар сайгүй тоглоомын дэглэм бүрэлдэхэд хүргэх ба тэднээс олон зүйл шаардахгүй, тэд бусад улс орнуудаас: эдийн засгийн нээлттэй байдлыг хангах ОУВС-гийн зөвлөмжийг хатуу мөрдөх; мөнгөн эмиссийг удирдах үндэсний систем бүтээхээс татгалзаж, капиталын чөлөөт хөдөлгөөнийг хангах; улсын үйлдвэрийн газруудыг америкийн копорациудад ашигтайгаар хувьчлах; ХМХ болон теле харилцаанд америкийн агентуудын хяналт тогтоох; Вашинтоны гадаад бодлогыг дагалдах зэргийг л шаардана.

    Америкийн эзэнт гүрэн хяналт тогтоосон орнуудад түрэмгийлэх цэрэг байлгах ямар ч хэрэггүй: АНУ болон Их Британийн дээд сургуулиудад сахилгажуулж, томоожуулж сургасан эрх баригч элитүүд Вашингтоны зааврыг идэвхи чармайлттай биелүүлэх бөгөөд үндэснийх нь баялгийг америкийн капитал шулан мөлжсөнөөс олсон орлогын өөртөө ногдох хувийг хүртэнэ. Үүний хариуд америкийн зааварлагчид тэднийг үндэсний эдийн засгаа хөгжүүлэх ажлаас чөлөөлж, үүнийг гадаадын хөрөнгө оруулагчдад хариуцуулна.

    Латин америкийн орнуудыг АНУ олон жилийн турш хянаж түүхэн туршлагаас үзэхэд тэдгээр орны макро эдийн засаг, батлан хамгаалах болон гадаад бодлогыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн явуулахын тулд Төв банк, Сангийн яам, мөн батлан хамгаалах болон гадаад яамны удирдах албан тушаалд өөрийн агентыг байлгахад л хангалттай болох нь харагдаж байна.
    Орчин үеийн ийм түрэмгийллийн хэвшмэл жишээ нь АНУ-ын хяналт, удирдлагад байдаг Украин, Гүрж, Ирак, Бразилийн дэглэмүүд болон ЕХ-г оролцуулсан бусад олон улсууд юм.
    Ийм “зөөлөн” түрэмгийллийн үр дагавар нь өнгөрсөн зууны дэлхийн дайнуудад ялагдсан орнуудын хүлээсэн хохирлоос юугаараа ч дутахгүй. Жишээлбэл: Вашингтоны хяналтад байсан Ельциний дэглэмийн үед Орос орны хүлээсэн хохирол Гитлерийн түрэмгийллийн хохиролтой дүйцдэг.
    Эзлэн авсан газар нутаг дээрээ ихээхэн амьд хүч, техникээ алдсан фашист Германаас ялгаатай нь америкийн эрх баригч элитүүд триллион триллион долларын капиталд хяналтаа тогтоож, түүнд байсан активуудыг ямар ч алдагдалгүй пост зөвлөлтийн орон зайнаас гарган авч чадсанд оршино.
    Гибрид дайн бол өнгөрсөн зууны зэвсэгт мөргөлдөөнийг бодоход хамаагүй илүү ашигтай, ая тухтай байдаг. Гибрид дайн америкийн эрх баригч элит, хүчний бүтэц, нөлөө бүхий клануудын бизнес логикт маш сайн тохирдог: АНУ-ын хяналтад байдаг Афганистан, Колумбийн хар тамхины сүлжээг Тагнуулын Төв Газар, Ирак, Ливээс америк цэргүүдийн дээрэмдсэн нефтийн худалдааг Пентагон, Украины хийн тээврийн хувьчлалыг Байданы гэр бүл, Кувейтын нефтийн ордууд дээр Бушийн гэр бүлийн хяналт тогтох г.м.
    Энэ бол ердөө л тусгай тусгай жишээ юм. Америкийн копорациуд эзлэгдсэн орнуудын хөрөнгө, нөөцийг дахин эргэлдүүлж, тэднийг америк технологи ашиглахыг шаарддаг. Дээрэмдсэн музейнуудаас авсан ховор нандин үзмэрүүдээр америкийн цуглуулгууд дүүрч байна. Америкийн эмнэлгийн байгууллагууд баян захиалагч нарт зориулж хаост нэрвэгдсэн орнуудаас хүний эрхтнийг авч байна. Гэхдээ хяналтандаа байдаг улсуудын санхүүгийн зах зээлийг залилж мэхэлсэн америкийн корпорациуд хамгийн их ашиг олж байна. Тэр ч байтугай үгүйрч ядуурсан Украины облигацаас Соросын асрамжлагчид жилийн орлогынх нь 60 хүртэлх хувийг залилан авч байна.
    Дайныг арилжаанд оруулах нь капитал хуримтлуулах америк мөчлөгийн гол элемент мөн. Түүний нөгөө талд АНУ-ын хяналтад байгаа улс орнууд үгүйрэн хоосорч, үүний улмаас дэлхийн аж ахуйн хэвшлийн бүрэлдэн тогтсон даяар нөхөн үйлдвэрлэлийн хүрээ зааг шавхагдаж байна.
    Ойрхи Дорнод, Хамтын нөхөрлөлийн орнууд, Латин америкт үйлдсэн америкийн түрэмгийлэл хэт их ашиг өгч байгаа хэдий ч тогтвортой эдийн засгийн өсөлт, хүн амын сайн сайхан байдлын дээшлэлтийг хангах удирдлагын системийн боломж нь шавхагдсаны улмаас гибрид дайнд АНУ ялагдал хүлээх тавилантай.
    Вашингтоны хөтлөн явуулж буй дэлхийн гибрид дайны золиос болсон улс орнууд үгүйрэн хоосорч байхад “Нэг бүс-нэг зам” төслийн хүрээнд Хятадын нэгтгэн ойртуулж буй улс орнуудын (Энэтхэг-Хятадын орнууд, Пакистан, Монгол, Шри Ланка Эфиопи болон африкийн бусад орнууд) амжилттай хөгжил америк төвт дэлхийн аж ахуйн хэвшлийн үр ашиг унасаар байгаагийн илт харагдах жишээ болж байна.
    Америкийн эрх баригч элит даяар ноёрхлоо тогтоон барихын тулд өөрийнхөө хяналтаас гадуурх улс орнуудын нөхөн үйлдвэрлэлийн хүрээ заагийг гибрид дайны дээр дурдсан хэрэгслүүдийн тусламжтайгаар газар сайгүй эвдэн сүйтгэхийг чармайж байна.
    Гэхдээ америкчууд эзлэгдсэн улс орнуудын хөгжилд шинэ боломж бүтээх зорилт огт тавиагүйгээр үл барам тэр орнуудыг шулан мөлжүүлэхээр өөрийн корпорациудад шилжүүлж байна.

    “Эбола” чичрэг гарсан африкийн хэд хэдэн орноос хятадуудыг хөөн гаргасан америкчууд Хятадын барьж эхэлсэн нийгэм, тээвэр, инженерийн дэд бүтцийн объектуудыг гүйцээлгүй орхиж, тэдгээр орны үндэсний орлогын эх булагт хяналт тогтоосноор сэтгэл ханаж байна.
    Украиныг Оросоос салгасан америкийн хөлсний этгээдүүд хоршооллын тасалдсан холбоог орлуулах, зогссон хөрөнгө оруулалтын төслийг шинээр эхлэн талаар юу ч хийсэнгүй, харин Украины эдийн засгийн хамгийн их орлоготой объектуудыг америкийн капиталд шилжүүлжээ.
    Зах хязгаарын улс орнуудын хувьд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн ойртон нягтрах бүтцэд орох уу, эсвэл америкийн үндэстэн дамжсан корпорациудын шинэ колоничлолын талхинд орох уу гэдгийг ялгаа улам бүр тодорхой болж байна: үр ашигт чанараа алдсан дэлхийн аж ахуйн эзэнт гүрний (империя) хэвшил шинэ, интеграл, дэлхийн аж ахуйн хэвшлийн нөхөн үйлдвэрлэлийн механизм бүрэлдэж, өргөсөхийн хэрээр сүйрэн унаж байна…

    2020 оны 04 дүгээр сарын 22

    Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

  • ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГИЙН ЯРИЛЦЛАГА

    -Таны уран бүтээлд яагаад заавал Монгол аяс давамгайлдаг вэ? Та өөрийн имиджээ ингэж бүрдүүлэхийг хүсдэг үү? Өөр шалтгаан бий юу? Мөн уран бүтээл тань хэр их судалгаанд суурилдаг вэ?
    -“Мөнх тэнгэрийн хурай” уран бүтээлээр жишээ татахад “Хурай” гэдэг үг нь хурааж, хуруулах гэсэн утгатай байх шишээтэй. Үгийн үндэс нь Хур. Би зүгээр үгийн утга агуулгын тухайд хэллээ. Мэдээж уран бүтээлээр аливаа утга санаа, хүсэл зорилгыг илэрхийлэхийн тулд судалгааг тодорхой хэмжээнд хийнэ. Тэр дундаа Монгол гэх тодотголтой байхын тулд чамгүй өндөр босго давах хэрэгтэй болдог. Би болон миний уран бүтээлд Монгол гэдэг филоссофи зөвхөн имидж төдийхнөөр хэмжигддэггүй. Миний дотор хийгээд гадна, үйлдэл болон оюун санаа жинхэнэ Монгол. Ингэж байж уран бүтээл минь Монгол илэрхийллийг даацтай үнэн илэрхийлж чаддаг. Би багаасаа л Монгол ахуйд хайртай өссөн. Аймгийн төвд тэмээнээс бусад малыг маллаж өсөхдөө л ахуйдаа дурласан. Хамгийн сайхан дурсамжуудаа санах бүрт Монгол ахуй буудаг. Том болоод СУИС –д уртын дууны ангид ороод үстэй дээл, лоовуузан малгай, монгол гутал өмсөөд явдаг байлаа. Дараа нь Монгол ахуйд тун хайртай залуутай ханилсан. Миний хувьд хамгийн сайхан аялгуу Монгол аялгуу, хамгийн сайхан зүйл бол Монгол байгаль, хамгийн гоё зүйл бол Монголын язгуур өв соёл.
    -Таны хань анх Монголч бүсгүй болохоор тань татагдсан байж магадгүй?
    -Бид хоёр анх танилцаад удаагүй байхад өрнөсөн яриа бий л дээ. Дуртай хоолны тухай. Бид хоёрын хамгийн дуртай хоол толгой шийр байсан. /Инээв/ Сонирхол бол маш их нийлдэг.
    -Хар хархан харц дууны клипэнд толгой шийр идэж гардаг?
    -Тийм. Бид хоёр дуртай, бидний хүүхдүүд ч дуртай. Толгой шийрийг хаан хоол гэж нэрлэдэг. Маш их шимтэй хоол л доо.
    -Таны нөхөр нэгэн цагт зохиолын дууны ханхүү гэгдэж байсан. Харин өнөөдөр төр түшилцэж гишүүн болсон. Нөхрийн хийж байсан, хийж буй ажлуудын хооронд их зөрүү байна. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
    -Өөрөө хэлдэг. Олон жил тасралтгүй дуулжээ. Харин одоо миний хэрэлдэх цаг хугацаа болсон гэж. Уг нь дуулж байгаа хүн хэрэлдэж байгаа хүн хоёрын дуулж байгаа нь илүү сайхан шүү дээ. Гэхдээ миний хань ганцхан өөрийнхөө төлөө хэрэлдэж яваа биш болохоор хүслийг нь хүндэлдэг. Ард түмний сайн сайхны төлөө чинь сэтгэл нь тэр хүнийг тэнд аваачсан. Хэн нэгний хүсэл биелэх шиг сайхан зүйл байдаггүй. Би ханийхаа хүслийг биелээсэй гэж залбирдаг. Зорьсон зорилгодоо хүрээсэй гэж хүсдэг.
    -Таны нөхрийн УИХ –ын гишүүн болсон зорилго хэр биелж байгаа бол? Та энэ үйл хэргийг нь хэрхэн дэмжиж, арын албанд хэр үүрэгтэй байна даа?
    -Миний хань өөрийн байрь сууриндаа бат зогсож байгаа. Ямар нэг зүйлд автахгүй, хазайхгүй ганц дайчин ганцаардахгүйн замаар явж байна.
    -Таны нөхрийн зарим үйлдэл олны анхаарлыг ихээр татах нь бий. Жишээ нь УИХ –ны чуулганд мориор ирсэн ч гэх юм уу. Энэ бүх шийдвэрийг тантай зөвлөж шийддэг үү? Та хэрхэн ханддаг вэ?
    -Мэдээж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Гол зорилго нь тийм үйлдэл хийхийг шаардаж байвал би дэмжинэ. Содон сонин байлаа гээд бохир муухай биш.
    -Танайх ер нь жинхэнэ Монгол айл байх. Энэ нь аж төрөх байдлын хувьд ярьж байна. Та өөрийгөө жинхэнэ Монгол гэргий гэж хэлж чадах уу?
    -Сайн эзэгтэйн эрхэм чанаруудын цөөн хэдийг нь эзэмшсэн байж болох ч үлдсэнийг нь суралцаад амьдарч л явна. Би ер нь учиргүй бардамнах дургүй. Хэн ч ирээдүйд яаж амьдрахыг хэлж мэдэхгүй ч өнөөдрийн хувьд сайн эхнэр, сайхан Монгол эмэгтэй байхыг хичээж л явна.
    -Та хүүхдүүдээ уламжлалт сэтгэхүй, хандлагаар хүмүүжүүлдэг үү?
    -<Хүнийг хөдөлмөр хүмүүжүүлдэг гэж боддог. Би хүүхдүүдээ ахуйтай нь ойр амьдруулахыг зорьдог. Эрдэмд шамдаж, соён гэгээрч болох ч зөвхөн ингэснээр ХҮН болж чадна гэдэгт эргэлздэг. Галаа түлж чадахгүй Монгол хүн байж боломгүй мэт санагддаг. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж эрдэмд сургана. Бусад цагт нь зусланд мал дээр гаргах мэтээр ахуйтай нь уядаг. Бид хоёргүй хорвоод хазайж гудайхгүйхэн шиг амьдарч тавилангаа дааж чадах хүн болоосой гэж өсгөж байна. Хүүхдээсээ хэт их зүйл нуухгүй байхыг зөв гэж боддог. Алаг хорвоо гэж ярьдаг даа. Шаазгайн өнгө шиг хар, цагаан ээлжилдэгийг мэдэж өсөөсэй л гэж хүсэх юм.
    -Эмэгтэй хүний сайхан нь юундаа оршдог юм бол? Алаг нүд сайхан биендээ эсвэл ээж болох тавиландаа юм болов уу?
    -Эмэгтэй хүний сайхан нь дотроосоо хайр ундруулж чаддагт оршдог гэж бодож байна. Гэр бүлээ, эд юмсаа, үр хүүхдээ, бусдыг… Ер нь аливааг хайралж энэрч байгаа хэн бүхэн хамгийн сайхан харагддаг. Дотроосоо хайр ундруулж байгаа эмэгтэй хүн л хамгийн үзэсгэлэнтэй дээ.
    -Та хэр хайр ундруулдаг эмэгтэй вэ?
    -Хайрыг ундруулахыг маш их хүсдэг. Гэхдээ зарим үед хайраа ундруулаагүй үе ч байгаа байх. Бас хэт ихээр ундруулсан үе ч бий. Хайр гэхээр зөвхөн эр эм, эхнэр нөхрийн хайр гэж явцуу ойлгох хэрэгггүй. Аливаа юмсыг, амьд бүхнийг хайрлан энэрэх өгөгдөл эмэгтэй хүн бүхэнд байдаг. Гэрийнхээ орчин, тавилгыг хайрладаг, хямгаддаг эмэгтэйн гэр орон, эд хогшил ямар сайхан эмх цэгцтэй, шинээрээ байдаг билээ. Хайрлаагүй амьдарсан эзэгтэйн гэрийн тавилга, хүүхдийнх нь харц л бүхнийг хэлээд өгнө дөө. Бүх зүйлд л хайр шингэдэг. Эмэгтэй хүний хайр шингэсэн бүхэн өнгө орж гялалздаг.
    -Бас өөрийгөө хайрлах ёстой байх?
    -Тийм. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэж үг бий. Эмэгтэй хүний гоо сайхны тал хувь нь гадаад, нөгөө тал нь дотоод гоо сайхан байдаг. Өөрийгөө хайрлаж тордсон эмэгтэй бусдыг хайрлах тэнхээтэй, итгэлтэй болно. Хүн ер нь амьдралдаа хэт их баярлахгүй, хэт баяжихыг хүсэхгүй, хэт их гунихгүй бас ядрахгүй өөрөөр хэлбэл алдан дунд, зохистой хэмжээнд тэнцүүлж чадах нь хамгийн аз жаргалтай байх гарц юм уу гэж боддог.
    -Хэт ихэдвэл цалгилаад, багадвал бас дутаад хэцүү тухай хэлж байна уу?
    -Тиймээ. Тавыг нь тааруулж сурах л чухал.
    -Та хэр ухаантай охин бэ, -Ээж аавынхаа?
    -Гайгүй шүү. Миний аав ээж намайг сайн явна, сайхан амьдарна гэдэгт бат итгэдэг. Магадгүй миний охин ухаантай учраас сайхан амьдрана гэж боддог байх. Би ээж аав хоёртоо аль болох муу үг дуулгахгүй, итгэлийг нь даахыг хичээдэг. Болж байна, бүтэж байна. Охин нь сайн байгаа, ийм сайхан зүйл хийхийг хичээж зорьж байна гэх мэт дандаа сайхан үгээр ярилцдаг.
    -Эцэг эхээ өтлөхийн цагт асарч хайрладаг энэрч өргөдөг Монгол хүүхдүүдийн онцгой чанар байдаг. Энэ чанарын тухай таны бодол?
    -Гадны зарим улсад эцэгээ хөгшрөхөөр асрамжийн газарт өгдөг жишиг байдаг тухай хамгийн анх сонсоод ямар аймшигтай юм бэ гэж хүлээж авч байсан. Энэ бол Монгол хүний ухаан л даа. Гайхамшигтай зан чанар. Их ухаан юм даа. Бас нэг зүйлийг би их гоё гэж боддог. Бид их сайхан цаг үед амьдарч байна. Орчин үеийн эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлээд бие зүсээ сайхан авч явснаараа мундаг, сайхан гэж олонд хүндлэгдэн хайрлагддаг. Энэ бол одоогийн нийгмийн хамгийн онцгой сайхан чанар юм шиг.
    -Та хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй вэ?
    -Одоо гурван хүүхэдтэй. Дахиад хамгийн багадаа нэг хүүхэд төрүүлнэ дээ.
    -Одонтой ээж болох нь ээ?
    -Одон аваагүй байж авна даа гэж санаашрах нь юу юм. Ер нь эх хүний хувьд бодол бий.
    -Та их сайхан үг хэллээ. Их сайхан нийгэмд амьдарч байна гэж?
    -Надад бол миний амьдарч байгаа цаг хугацаа их сайхан бас үнэ цэнэтэй. Нэг хэсэг гадны соёлд автан дурлаж байсан бол одоо харин эргээд Монгол ахуйгаа санагалзаж, үндэсний хувцас хэрэглэлдээ дурлан түүгээр гоёхыг чухалчидаг үе ирж байна. Энэ мэт нийгмийн хувьслыг бид түүхийн хуудаснаас уншаагүй. Уншигдах түүхийг бүтээлцэн амьдарч байна. Их азтай.
    -Хүн амьдралд алдаж онодог. Хазгай гишгэж хальтрахгүй амьдрахын тулд хүнд ямар зан чанар байх ёстой юм бол?
    -Баярласан ч уурласан ч ер нь сэтгэлийн ямар ч хөдлөлд захирагдахгүй байх ёстой юм шиг. Аль нэг талдаа автаад дийлдээд ирэхээр л хэтийдсэн шийдвэр гаргаж амьдрал дайвалзах шийдвэр гаргадаг байх. Эрүүл ухаанаар аливаад хандах ёстой юм болов уу?
    -Ийм голчтой, өөрийн гэсэн чамбай үзэл бодолтой эмэгтэйг өсгөсөн ээжийн тухай яриач?
    -Миний ээж багш. Бага байхад маш ихээр ажил хийлгэдэг, зүйр цэцэн үг их хэлж загнадаг байж билээ. Одоо ч хэвээрээ. Би хоёр насны зөрүүтэй эгчтэй. Хоорондоо муудахдаа зүйр цэцэн үгээр үзнэ. Сайныг дагавал сарны гэрэл. Мууг дагавал могойн хорлол. Наранд нь сууж саранд нь гэгчээр чи өөрөө хийх ёстойгоо хийгээгүй байхад би яахаараа хийдэг юм гэж муудалцдаг байсан. Одоо бодоход их өхөөрдөм байгаа юм л даа. Гэхдээ энэ бидний хүмүүжлийн нэг хэсэг байж. Би хүүхдүүдээ хааяа зэмлэхдээ энд тэндэхийн эрээвэр хураавар үг биш хүний амьдрал хэрэг болохуйц гурван үг хэлэхийг бодно. Үүнд мэдээж нөгөө зүйр үгээ ашиглана./Инээв/
    -Танайх Монгол гэрт амьдардаг гэж хүмүүс ярьдаг?
    -Аль алинд л амьдарна. Манай Монгол гэр Гачууртад байдаг. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт өгөх, нөхөр хуралдаа хоцрохгүй ирэх хэрэгцээнүүдээс шалтгаалаад хотод байна даа.
    -Танай Монгол гэр билгэдлийн чанартай юу?
    -Үгүй. Очсон хүн эднийхэн эндээ л их байдаг юм гэж бодохоор. Угаасаа ч тийм. Амралтын өдөр болонгуут л гэр рүүгээ яардаг. Очоод гурилаа зуурч элдээд хоолоо хийж иднэ, долоо хоногийнхоо боорцогоо хийж, цуйвангийнхаа гурилыг бэлдэж аваад буцна даа.
    -Таны нөхөр хэр сайн хань вэ?
    -Эмэгтэй хүн сайн ханьтай учрах нь ерөөлийнх. Би их сайхан, ухаантай нөхөртэй. Юу юуны духанд хүрээгүй хайраа гэж гүйгээд элдвээр сүйдлэхгүй ч ноён нуруундаа хайр нь бат байж л байна. Эр хүний сайхан чанар. Би ийм ханьтайдаа маш их баярладаг. Их л талархаж явдаг даа. Боломж гарвал цай сүүнийхээ дээжийг мөнх тэнгэртээ өргөнө дөө.
    -Цайныхаа дээжийг өглөө бүхэн өргөдөг үү?
    -Улаанбаатарт байсан үедээ өглөө бүхэн өргөж чаддаггүй ээ. Айлын машин, хүний толгой дээр цацчих гээд. Ерөөж залбирах биш бүр тавгүйтэж орхидог. Ерөөж хүсэж залбирах биш бүр айдастай өргөгддөг. Харин Гачууртын гэртээ очихоороо хэдэн минутаар ч хамаагүй гадаа зогсоод хүссэн санасан бүхнээ даатгаад хүслээрээ дээжээ өргөнө дөө./Инээв/
    Цай сүүнийхээ дээжийг хангай дэлхий, мөнх тэнгэртээ өргөх тэрхэн хугацаа бясалгал юм. Өглөө бүхэн хоёр минут сайхан зүйлийн тухай бодож хангай дэлхийтэйгээ харьцах нь их сайхан мэдрэмж. Өдрийн сайхан эхлэл болдог.

  • “Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм”

    Чадраабалын Лодойдамба
    Бүтээсэн дүр болгон нь сэтгэлээс гардаггүй мөнхөрдөг дүрийн эзэд Монголын кино урлагийн түүхэнд олон бий. Тэдний нэг нь Итгэлт баян буюу Ардын жүжигчин А.Очирбат гуай билээ. Та XX зууны шилдэг роман, Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг уншиж байхдаа хэсэг зуур нүдээ аниад “Итгэлт баян”-ы дүрийг төсөөлөөд үз. А.Очирбат гуайн царай л орж ирээд байгаа биз. Кино урлагийн нэг гайхамшиг бол энэ.

    А.Очирбат гуай амьдралынхаа 60 гаруй жилийг урлагт зориулж, хүүхдийн жүжгээс эхлээд олон түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн авъяастан.
    1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр гэдэг газар төржээ. Түүний төрсөн аав нь нутаг усандаа алдартай зураач Дашдаваа гэдэг хүн байж. Дашдаваа нь ихэвчлэн бурхан зурдаг хүн байсан гэдэг. Харин А.Очирбатыг ээжийнх нь дүү жирийн ард Аюурзана өргөж авсан түүхтэй. Малч удмын хүү тэрээр багаасаа малын дэргэд өссөн, 19 нас хүртлээ мал маллаж өнгөрөөжээ. Энэ тухайгаа дурсахдаа “Ихэвчлэн хонинд явна. Хааяа саахалт айлынхаа үеийн банди нарыг дагаж адуунд давхина. Морь уургалах гэж хүртэл оролдоно. Морины толгой гайгүй олдог ч бяр муу болохоор голдуу уургаа алдчихна. Харин бие жижиг болоод ч тэр үү эмнэг адууны нуруун дээр нэг гарчихвал хачиг шиг л наалдчихдаг байлаа.” хэмээжээ.
    1940-өөд оны үе Монголчуудын хувьд шинэ бүхний эхлэл байжээ. Бүгд бичиг үсэгтэй болохыг эрхэмлэж, үсэг сурах нэг сарын аянг зохион байгуулагджээ. Тэрээр хэдэн гэр барьчихсан, ширээ сандал байхгүй, эсгий дэвсчихсэн гэрт хичээллэж байснаа дурсан ярьсан байдаг. Ингээд үеийн хүүхдүүдтэй эрдэм номын их аянд мордож, бичиг үсэг тайлагджээ. Ээжийнхээ буянаар найман настайгаасаа уншаад сурчихсан учир түүнд хэцүү зүйл байгаагүй аж. Харин ч үеийнхнийгээ хошуучлан, ангийнхаа онц сурлагатнаар шалгарсан түүхтэй. Тэрээр сайн суралцаж, бүлгэмийн болон сумын төвийн багш болсон байна. А.Очирбат гуай “ Өнөө “Шинэ үсгийн багш” кино шиг олон ах, эгчид хичээл заана. Заримдаа настай хүнд ч заана” гэж ярьсан байдаг. Тэрээр төрсөн аавыгаа дуурайсан маш гоё зурдаг хүүхэд байж. Тэр үед цаас ховор байсан болохоор улаан тамхины боодлын цаасан дээр л зурж, голдуу хөдөөний аж байдлыг дүрсэлдэг тухайгаа ч мөн хуучилсан байдаг.
    Жүжигчний мэргэжилтэй анх холбогдсон нь
    Ардын жүжигчин маань уран бүтээлч, жүжигчин болно гэж зүүдлээгүй явсан гэдэг. 19 нас хүрч сумандаа ч багшилж байсан тэрээр хот явж сургуульд сурахаар шийдэж л дээ. 1947 онд морь унасан, нударга унжуулсан шавилхан залуу Улаанбаатар хотод ирлээ. Аав нь зураач байсан тул уран зургийн сургуульд орох бодолтой тээж явж. Гэвч тэр сургууль нь татан буугдсан учир Цэргийн сургууль, Худалдааны сургууль, техникум гээд хэд хэдэн газар очсон боловч дөрөвдүгээр ангийн боловсролтой түүнийг их сургуульд аваагүй гэдэг. Гэтэл тэр үед нутгийн хүн нь тааралдаж “Би чамайг сургуульд оруулж өгье” гээд жүжигчний ангид оруулжээ. Шалгалт өгөхөөр олон зуун хүүхэд бужигнаж хүүхдүүд ч нэг нэгээрээ шалгуулж дуусжээ. Харин Очирбат гуай нутгийн хүний нэрийг бодож шалгалт авч буй багш нарын хэлсэн бүрийг гүйцэлдүүлсэн гэдэг. Энэ үед шалгаруулалтад ирсэн Д.Маамхүү, Д.Хишигт, Сэлэм тогмид зэрэг Монголын урлагийн алтан хуудсыг бичилцсэн хүмүүстэй танилцжээ. Цагааны Цэгмид, зохиолч Э.Оюун, зэрэг хүмүүс шалгалтын комисст багтсан байв. Гэвч А.Очирбат гуай тэдгээр хүмүүсийг таньдаггүй тул айж, сандрах зүйлгүй дуугаа дуулж, шүлэг уншив. Харин этюдийн шалгалт ирэхэд түүнд сэдэв өгсөн байна. “Сонинд ах нь одон медалиар шагнуулсан ч нас барсан” тухай байж. Түүний хувьд мэдэх зүйл байсангүй. Гарахад нь “Хүү минь чи тэнцээгүй” байх шүү гэсэн гэдэг. Гэртээ харъя гэж бодсон ч яагаад ч юм тэнцсэн хүүхдүүдийн нэрийг сонсмоор санагдаад хүлээж. Харин тэдгээр хүүхдүүдийн дотор өөрийнх нь нэр байгааг хараад гайхсан гэдэг. Ингээд малчин А.Очирбатын жүжигчин болох гараа эхэлсэн байна. Наймдугаар сарын 20-нд сургуульд дуудагдаж, мэргэжлийн хичээлээ Цагааны Цэгмид багшаараа заалгав. Энэ үеэс урлагийн сайхныг мэдэрч, урлагт ухаангүй дурласан гэдэг. Тэрээр Д.Хишигт, П.Туваанжав, Ц.Цэрэндорж зэрэг авьяаслаг хүүхдүүдтэй хамт урлагийн сургуулийг дүүргэжээ.
    Түүнийг сургуулиа төгсдөг жил Төв хорооны тогтоол гарч “Улсын хүүхэд залуучуудын театр” байгуулагдсан бөгөөд жүжигчин мэргэжил эзэмшсэн төгсөгчид бүгд томилогджээ. Тэр үед театрт нийт 13 хүүхэд томилогдсон бөгөөд тэдний нэг бидний хайртай Ардын жүжигчин болсон А.Очирбат байлаа. Тэрээр хамгийн анх Ч.Лодойдамба гуайн зохиол “Нэг ангийнхан” жүжигт тогложээ. Сургуульд орсон цагаасаа хойш тайзан дээр амьдарсан А.Очирбат гуай тайзны 200, дэлгэцийн 30 орчим дүрийг амилуулж, Монголчуудаа урлагийн сайхнаар аялуулсан хүн билээ. Үүгээр ч зогсохгүй “Баавгай дуулах дуу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга” зэрэг арваад жүжгийн зохиолууд бичсэн. Түүний ажил хөдөлмөр, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж 1971 онд БНМАУ-ын Гавъяат Жүжигчин, 1988 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цолоор тус тус шагнасан байдаг.
    Ард түмний сэтгэлд хоногшсон дүр
    Үзэгчдийн сэтгэлд хамгийн тод үлдсэн дүр нь яах аргагүй “Тунгалаг тамир” киноны Итгэлт баян гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэр өөрөө ч миний Итгэлт баяны дур хүмүүст их хүрсэн шүү гэж ярьдаг байсан.Тэрээр “Зохиол нь мундаг байсан болохоор биднийг хөтлөөд л аваад явчихсан. Онгирч байна гэж бодох вий дээ. Итгэлийн дүрийг бүтээхэд ямарч бэрхшээл тулгараагүй шүү. Сайн зохиол жүжигчнээ хүртэл хөтлөөд аваад явчихдаг юм билээ” хэмээн ярьсан байдаг. Суусан газраасаа шороо атгаж, атгасан шороогоо алт болгодог адтай, овсгоотой энэ дүр түүний дэлгэцийн анхны бүтээл байв.
    Түүний Итгэлт баяны дүрд томилогдсон нь бяцхан түүхтэй. Шавилхан биетэй, шаг хийсэн яриатай хүнийг олох гэж кино багийнхан их хайсан гэдэг. Ингээд жүжигчдийн дунд “Тунгалаг тамир” роман кино болох гэнэ гэсэн яриа тархаж эхэлж. Харин энэ үед А.Очирбат гуай Д.Намдагийн “Хярааны хонхорт” кинонд тоглох гээд хяналтад ороод завгүй явж. Харин Ч.Лодойдамба “Итгэлт баян”-аа хайгаад энэхүү киноны хяналтад саатаж л дээ. Хяналт дуусаад өрөөндөө сууж байтал үйлчлэгч бүсгүй хаалгыг нь тогшиж Ч.Лодойдамба гуай дуудаж байна гэж. Яваад очтол өнөөх том зохиолч “За хө, чамайг нэг сайн харна аа. Чи наашаа алх, цаашаа алх, одоо суугаад тамхиа тат” гэсэн гэдэг. Ингээд түүнд “Хярааны хонхорт” кинонд тоглуулалгүй “Итгэлт баян”-ы дүр оногдуулжээ. Уг дүрийг бүтээхдээ тэрээр 40 гаруй настай байжээ. Гурван ангит кино хийхэд багагүй хугацаа зарцуулагдаж, нэг ангийг нь жилийн хунгацаанд зургийг нь авсан гэдэг. Кино бүтээхэд гурван жилий хугацаа зарцуулагдаж, зураг авалт дууссанаас хойш жилийн дараа үзэгчдийн хүртээл болжээ. Сонирхуулахад эхний зураг авалт цүү хаядаг хэсэг байж. Энэ зургийг хүмүүс “Тамирын гол” гэж боддог ч Таван толгойн бааз, Туул голын эрэг дээр авчээ. Манай уншигчид санаж байгаа байх “Тунгалаг тамир” кинонд Цэвэлсүрэн гэж ганган хүүхэнтэй сээтэгнэх хэсэг гардаг. Тэр хэсэгт тоглоход жүжигчинг биеэ бариад байна гээд солих уу яах уу гэж ярьцгааж байж. Маргааш нь мал тоолдог хэсгийн зургийг авахад найруулагч нь нэлээд урам орж “За өнөө орой цүү хаядаг хэсгээ ав” гээд авч байж. Энэ тухай тэрээр “ Мал тоолдог хэсэгт муу тоглосон бол би энэ кинонд тоглохгүй байсан байх” хэмээжээ.
    Түүний бас нэгэн түүхэн дүр бол Сатай сайд. “Мандухай цэцэн хатан” киног хийх үед тэрээр өөрөө Сатай сайдад тоглох санал гаргажээ. Энэ тухай тэрээр “Сатай сайд нэгэн хэвийн дүр. Кино дуусахад ч тэр хэвээрээ л төгсдөг. Хийх ажилгүй байна гэдэг ямар хэцүү гээч. Жүжигчин хүн чинь өөрийгөө эвдэх ёстой. Гэтэл би Сатайд нэг хэлбэрээр тоглоод л дууссан даа. Гэхдээ түүхэн дүр болохоор сайхан шүү. Кинондоо бол их чухал дүр. Мандухай хатныг авчирдаг, насаараа түүний үнэнч зөвлөх нь байж, төрийн төлөө амьдралаа зориулдаг шүү дээ” гэсэн байдаг.
    Мөн тэрээр урлагийн гараагаа тайзнаас эхэлсэн. У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж байжээ.
    Ингээд А.Очирбат гуайн дурсамжаас хүргэе.
    -“Тунгалаг тамир” киноны олон мундаг жүжигчин шиг биш гэхэд тэр хэмжээнд дөхөж очихуйц жүжигчид одоо ч байгаа юм шүү дээ. Тэр кинон дээр адгийн муу Галсангийн дүр хүртэл хүмүүсийн сэтгэлд үлдэж л байгаа биз дээ. Гол нь чанартай зохиол, сайн дүр хоёр хэрэгтэй байна.
    -Жүжигчин хүний хувийн зан чанартай яг таг нийцсэн зүйлс бүтээж буй дүрд нь байдаг л байх. Гэхдээ яагаад ч юм ихэнхдээ л эсрэг тэсрэг байдаг даа. Итгэлт бид хоёрын араншин алд дэлэм зайтай, би Итгэлт шиг баян биш, бас зальтай биш. Энэ дүр их сайхан. Надад уран бүтээлийн замыг нээж өгсөн. Ганц Итгэлт биш Цахиур Төмөр, Дулмаа, Хонгор, Эрдэнэ, Бадарч тахар цөмөөрөө л мундаг дүрүүд.
    -Үйл явдлынхаа үеэр үхээд өгдөгт нь харамсдаг. Гэхдээ зохиол болон жүжигчний логик харьцаа яг тэгж үхүүлэхээр таарч байгаа юм. Нэг уулзалт дээр хүмүүс Лодой багшаас “Та яагаад тэр сайхан дүрүүдийг үхүүлчих вэ” гэж асуухад “Тэрийг чинь би биш Түгжил хөнөөчихсөн шүү дээ” гэж их гоёор энгийн хариулж байлаа.
    – Энэ киноны хоёр ангийг Ч.Лодойдамба багш зохиож байсан ч харамсалтай нь таалал төгсч, эхнэр нь үргэлжүүлж зохиосон. Ч.Лодойдамба гуайн зохиолыг сайн ажиглавал эхний хэсгийг уншихад үргэлжлэл төгсгөл хоёр нь яаж өрнөх нь тодорхой байхаар нарийн бичсэн байдаг. Нэг ч хэсгийг нөгөөгөөс нь салгаж болмооргүй гэх үү дээ.

    -“Тунгалаг Тамир”-ыг Монголын “Дөлгөөн Дон” гэдэг. Энэ хоёр зохиол төстэй гэгдэх үйл явдал олон. Гэхдээ нэг нь Монгол зохиол, нөгөө нь Орос зохиол. “Тунгалаг тамир”-т үнэхээр Монгол гэсэн уур амьсгал, ялгарах шинж чанар ихтэй шүү. Хүмүүс Лодой багшийг та хуулсан гэж зэмлэж ч байсан, тэрийг би нуухгүй. Ч.Лодойдамба багш өөрөө ч хэлсэн “Би эхнээс нь аваад, төгсгөл хүртэл “Дөлгөөн Дон”-ы хуудас бүрийг эргүүлж байж уг зохиолоо бичлээ” гэж.
    -“Хатанбаатар Магсаржав” кинонд туслах дүрд тоглохдоо нэг орос цэрэг барьж хүлдэг зальтай, алиа маягийн ламын дүр бий. Тэр үед найруулагч Л.Эрдэнэбулган надад тэг ингэ гэж юу ч хэлээгүй. Чи өөрөө л заль хэрэглээд л тэр орос цэргийг барьж аваад хүлчих гэсэн. Тэгээд л өөрийн мэдэлгүй л тэгж жүжиглэж эхэлсэн.

    Г.ЖАРГАЛ

  • Чингис хаан худалдаачдынхаа өсийг авсан Отрарын төлөөх тулалдаан

    Мухамед шахдайн гарцаагүй болсны дараа ч “ухаан муутай, эдгээр зэрлэг бүдүүлэг монголчууд ” мөнхийн цас мөстэй тэрхүү цэвдэг газраас аагим халуун улс оронд ирж чадна гэж итгэхгүй байв. Тэд иймэрхүү алхам хийж зүрхэлдэг юмаа гэхэд Хорезмын эзэнт гүрний зах хязгаар Трансоксаний бэхлэлтүүд л тэдний дээгүүр занг нуга дараад өгнө гэж бодож байв. Түүнд ингэж үзэх бүрэн үндэслэл байсны дээр хилийн бат бэх хамгаалалттай Отрар хотоос гадна Женд, Хожент зэрэг хотуудын дээд зэргийн бэхлэлттэй цайз, боомтууд, түүнчлэн Самарканд, Бухар дахь бэхжүүлсэн хуарангууд монголчуудын замыг хааж байлаа. Дээрх хуарангууд ихээхэн хүчирхэг, байлдааны үлэмжхэн туршлагатай байснаас гадна бурхан шашнаа буруу номтнуудаас хамгаалан тэмцэж байгаа гэсэн сэтгэл зүй, моралийн хувьд ч давуу талтай байв.

    Тэгтэл алс холын тал нутгаас сэтгэл түгшээсэн мэдээ ирэх болжээ. Монголчууд ямар ч саад тотгоргүй түргэн урагшилсаар яваа, үзэгдэж сонсогдоогүй дайчин, шуурхай байдалтай байгааг Хорезм шахын ордонд анхандаа шивнэлдэж, сүүл сүүлдээ хүн болгонд дуулдахаар ярих болов. Түүгээр ч үл барам Хар Кидан, Хорезмын эзэнт гүрний зах хязгаараар хэсүүчилж явдаг овог аймгийнхнаар өдөр тутам хүчээ сэлбэн, нэмэгдсээр айсуй гэжээ. Эцэст нь тэртээ тэнгэрийн хаяанд дайсан этгээдийн жадны үзүүр харагдах болж, морьдын янцгаалт, ачаатай тэмээний буйлаан хүрхрээн чих дэлдэж байна гэсэн мэдээ аваад Хорезм шахын нөгөөх ихэмсэг тайван байдал хийсэн арилав.

    Энэ үед Мухамед шах Отрар хотыг орхин, урьд нь алт эрдэнэс хийгээд эмс хүүхнүүдээ нэгэнт явуулаад байсан Балх руу яаравчлан одсон байна. Урваад урваад “Тэмүжингийн хилэнгээс” аврагдаж нэгэнт чадахгүй болсон Отрар хотын захирагч нар хийгээд монголын 500 элчийн толгойг залгин, дайныг өдөөхөд гол “гавьяа” байгуулсан Иналчугийг үнэнчээр зүтгэнэ гэдэгт Мухамед шах огт эргэлзэхгүй байлаа. Отрар хот зэр зэвсэг, сум хэрэглэлийг хангалттай нөөцөлсөн бөгөөд тавин мянган цэрэг бүхий байлдааны хүчтэй бэхлэлт байлаа.

    Чингис хааны цэргийн дайралтын анхны бай нь мэдээж Отрар хот байлаа. Хорезмын султан өөрийн бэлтгэлээс таван түмэн хүн, морь Иналчугт олгоод, Харач Хас-хажиб гэдэг жанжинаар түмэн морин цэрэг удирдуулан туслуулахаар явуулжээ. Хэрмэн хот Отрар нь гадуураа давхар цайз, дотуураа хотын хэрэмтэй. Тэдгээр нь маш бэх батын дээр их хэмжээгээр цэргийн хэрэглээний эд бараа хуримтлуулсан нь удаан хугацааны бүслэлтийг давж гарахаар байжээ. Иналчуг морин цэрэг, явган цэргээр хотын хаалгыг мануулж, цөөн хүн дагуулан хотын хэрмэн дээр гарав.

    Түүнд санаанд багтамгүй зүрх алдам байдал харагдаж, нүд нь орой дээрээ гарах шахам айдаст автав. Хотын гадна зах хязгааргүй далай мэт, эр арслан сүрэглэн цугларсан шиг, агт морьдын янцгаах нь догшин арслан хүрхрэх мэт, хэнгэрэг бүрээний дуун уулын үеэр буух мэт санагдаж, тоолж баршгүй хуаран цэрэг бүчсэн, сэлэм жад ой шугуй мэт зах нь харагдахгүй сүрдмээр байсан нь монголчууд нутагтаа, Алтайн ууландаа байх мэт буудалласан нь тэр байлаа. Хэдхэн сумны газарт есөн хөхөлт цагаан туг намирч харагдсаны дээр зүүн хойд зүгээс жад сүхээ сэрийлгэсэн шинэ шинэ түмтүүд нэмэгдэн ирсээр байгаа нь хоромсог дүүрэн сумтай яваа гэдэгт эргэлзэх хэрэггүй байлаа. Түмт бүр чулуу дүүгүүрдэгч, сум шидэгч оньсон хэрэгсэл, нөөц шат зэргийг авч явав. 500 гаруй худалдаачдыг алж байж даллан авчирсан 20 түмэн дайсны цэргийг хараад Иналчуг гэмшиж эхэлсэн бөгөөд зориг нь мохож, айж байсан ч ухрах газаргүй болжээ.

    Гэтэл Чингис хаан нэгэн том биш хилийн хотыг 20 түмэн цэргээр довтлохыг бодсонгүй, цэргээ цугларч гүйцмэгц дөрвөн хэсэгт хувааж, чиглэл чиглэлээр давшилтанд оруулав. Нэгдүгээр замын цэргийг Цагаадай Өгөдэй нар удирдаж Отрар хотыг эзлэхээр үлдэв. Чингис хааны анхны байлдааны зорилт нь Отрар зэрэг хилийн хотуудыг эзлэн авах, өөрөө төв замын цэргээр Бухар руу довтлох, түүний тактик бол хүчтэйгээс зайлсхийж хүчгүйг дайрах, завсар дундуур нь цөмрөн орох, Хорезмын шинэ хуучин хоёр нийслэлийн харилцаа холбоог тасалснаар бүслэлтэнд байгаа хилийн бүх хотуудад тусламж хүргэх бололцоог алдуулахад чиглэгдсэн байна. Ийнхүү монгол цэргийн хүрээнд бөөн бужигнаан болж, буудал тэр аяараа хөдөлж, тал тал тийш бутарч, агт морьд янцгаалдан, атан тэмээд орилолдож, тэрэг чарга хяхтнан, цэргүүдийн зэвсэг хангиналдаад, Отрар хотыг тойрсон хачин их нүргээн чимээ дуурсахад, хотынхон хэрмэн дээрээ шавааралдан гарч, дайсны араас гар зангидан занаж, “Ашгүй аллахын авралаар атаатнууд зайллаа” гэж бодож байв. Гэвч баярласан хэрээ бархирав гэгч болж Чингис хааны маш олон цэрэг хотын гадаа үлдэж хоцорсныг үзээд арай эрт баярласнаа ухаарчээ.

    Тэд тэр дороо хотыг дайрахаар зэхэж, хана эвдлэгч чулуун харвууруудыг хэрмийн ойр чирч авчран, овгор товгор шорооны ард байрлуулав. Ийнхүү хотын төлөөх амь дүйсэн буцаж няцахгүй шургуу тулаан эхлэв. Бүслэлтийн эхний үед монголчууд хотын гадна орчинтойгоо харьцах бүх зам харгуйг таслан хааж, бүхэлд нь өлсгөлөнд автуулсан байна. Харвасан бул хар чулуунууд хана хэрмийг өм цөм цохиж, арсгар шүднүүдийг яйруулж эхлэв. Хажуугаар нь галтай сумнууд шунгинан ирж, байшингийн дээврийг шатаан, хар утаа баагиулж эхлэв. Хотыг хамгаалагч цэргүүд хар утаанд бүтэж, хахаж цацан ханиалгаж, эсгийгээр галыг цохиж, элс цацаж унтрааж байлаа. Монголчууд хоттой үхэн хатан зууралдав. Өдөр шөнөгүй хад чулуу нүүгэлтэн ирж, хэрмийг балбан нүргэлнэ. Чихэнд чийртэй тэрхүү нүргээн утаа тоосноос хотынхон зайлах аргагүй болжээ. Ийнхүү монгол цэргүүд дөрвөн зүг найман зовхисоос дайрахад хотоо сахин хамгаалсан цэргүүд ч зориг шантрахгүй эрэлхэгээр тулалдсаар таван сар өнгөрөхөд Отрар хот эзлэгдэхгүй байсаар байв.

    Ийнхүү байлдсаар өвөл хаяанд ирэв. Эхний цас дарж, нүд алдам газар нэвсийтэл цайрав. Хотод харин хамаг юм хөө тортгонд дарагджээ. Монголчууд сэг хийлгүй хотыг балбасаар байв. Хэрэм олон газраар нурж эхл эв. Иналчуг нурсан онгойсон нүх сүвийг суман мөндөр дундуур таглаж бөглөхийг тушаалаа. Суманд оногдож үхэгсэд улам олшров. Түүнээс хойш Отрар хотыг сахин хамгаалсан цэргүүд тэсвэрлэхэд бэрх болж, туслаар ирсэн Харач жанжин Иналчугт хандан монголчуудад бууж өгөхийг санал болгов. Гэвч Иналчуг энэ дайныг өдүүлэгч нь өөрөө тул монголчууд түүнийг хэрхэвч амьд үлдээж өршөөхгүй, тэгээ/ ч монголчууд хотыг ус нэвчих зайгүй бүсэлсэн учир оргон зугтаж ам гарах газаргүй гэдгээ сайн мэдэж байв. Иймээс бууж өгөхийг тэр ер сайшаахгүй байв. Иймд: “Хэрэв бид эзэндээ үнэнч эс байх юм бол, яая өөрсдийгөө цагаатгах билээ. Бид чинь гэм зэмээ юугаараа хаацайлж лалын буруушаал зэмлэлээс мултрах юм бэ” гэж учирлах болжээ.

    Харач түүнийг бууж өгөхийг хүсэхгүй байна гэдгийг ойлгоод дахш ятгахаас бэрхшээв. Гэхдээ тэр ятгасан өдрийнхөө шөнө өөрийн шилдэг цэргийг аваад, Отрар хотоос сэмхэн зугтах гэсэн авч монгол цэргүүдэд олзлогдон, хүргэгдэж ирээд “бууж өгье амь авар” гэж гуйв. Цагаадай Өгэдэй нар тэднийг байцааж, Отрар хотын доторх хамгаалалтьп байдал, цэрэг хүн хүчийг мэдэж аваад: “Та нар өөрийн эзэнд үнэн* биш байтал, бидэнд үнэнч байна гэж горьдох аргагүй” хэмээгээд цөмийг хороох тушаал өгчээ.

    Төдөлгүй монгол цэрэг Отрар хотыг эзлэн авч, хотын оршиг суугчдыг хонь мэт тууж гаргаад, өнгөтэй өөдтэйг нь талан дээрэмдэв Иналчуг хан шадар цэрэгтэйгээ хотын дотоод цайзад ухран орж, үхээ унтахыг төдий бодолгүй, хоорондоо салах ёс хийгээд, нэг ээлжинд 50 хүн гарч зэр зэвсэггүй болсон хэрнээ бололцоогоороо үзэлцсээр байлаа Иналчуг цэргүүдцээ: “Дайчид аа, амьд гарах горьдлого бидэнд бараг алга. Та нарын амь насыг би мэдэхгүй, аллах тэнгэр мэднэ. Надтай цуг амьсгал хураахгүй гэсэн улс салаад явж болно. Бид хаалгаа онгойлгог гаргана” хэмээн цэргүүдээ тулалдаанд шуудруулав. Иналчугийн шадар цэргүүд амьсгаа хурааж дуустлаа тулалдаанаа үргэлжлүүлсээр байв.

    Монголчууд өөрсдөө дотоод хэрмийг дайран эзлэх гэсэнгүй. Хариг олзлогдсон цэргүүд ба хотынхныг хэрэм өөд авирууллаа. Тэд амандас балиус зуугаад босоо шатуудаар авирцгаалаа. Иналчугийн цэргүүг дээрээс нь хад чулуу, мод, тоосго хайр найргүй шидлэн унагааж, сум харван, жадаар хатган түлхэж байв. Ханын ёроолоор үхдлүүд дүүрэв Үхсэн цэргүүдийн оронд мөн л олзны цэргүүдийг дахиад хөөн авчирч байлаа. Байлдаан ийнхүү бас нэг сар сунжирав. Эцэст нь монголчууг хэрмийн хаалганд гэтэж очоод, самбар мод эсгийгээр сум чулуунаас хайцаалсан халхавч барьж, хаалга цөмлөх түншүүр зэвсэг тавьлаа.

    Гурав хоногийн дараа хаалгыг хэмхэлж, монголчууд өөрсдөө дотоод: бэхлэлт рүү цөмрөн орлоо. Иналчуг хаалганы хажууд үзэлцсээр ухарч ордны шатан дээр гарч тулалдав. Түүний цэргүүд хядагдан барагдсаар сүүлдээ тэр шахагдан ордны дээвэр дээр гарлаа. Тэнд тэрбээр тоосгс дээврийн хавтан авч шидлэн нүдэлцсээр байв.

    Дайчдыг нь цөмийг нь сум тоолон унагаж, хамгийн сүүлд Иналчуг өөр хоёр хүнтэй хоцорсон атал зугтах нь бүү хэл байлдахаа зогсоохгүй байв. Цагаадай, Өгэдэй нар түүнийг амьдаар барихыг тушаасан учир түүнд тэмцэлдэх завшаан олджээ. Нөгөө хоёр нь тулалдсаар үхсэн ба Иналчуг хан зэвсэггүй гар хоосон болоход эмсүүд нь ордны хананы тоосгыг түүнд зөөн өгсөөр тоосго ч дуусав. Тэгсэн хэрнээ өөр элдэв аргаар тэр олон хүнийг цохиж алсаар ганцаардаж, эцэстээ монгол цэрэгт баригдав.

    Монголчууд энэ удаад хүнд гарз хохирол амссан бөгөөд дотоод цайзын эргэн тойрон тоо тоймгүй хүүрээр дүүрсэн байлаа. Цагаадай, Өгэдэй хоёр уур хилэндээ автан золтой л түүнийг алчихсангүй. Дараа нь түүнийг Самарканд хотын гадна дүүрэгт байсан Чингис хааны их орд Хөх сарайд хүргэв. Чингис хаан олон таван үггүйгээр дорд хүмүүсээр мөнгө хайлуулж Иналчугийн чихний сүв, нүдний ухархайд цутгуулсан нь ховдог шуналтанд оноох шийтгэлийн нэг хэлбэр бөгөөд алагдсан худаддаачдын өсийг авсан хэрэг байжээ. Отрараас өмнө монголчууд Бухарыг буулгасан байсан ч гол буруутан орогнож, маш шаргуу эсэргүүцсэн энэхүү хотыг эзэлж зохих гэсгээлийг үзүүлснээрээ өөрсдийгөө “тэнгэр бурхны зараалыг хэрэгжүүлэгч” хэмээн улам итгэн үнэмших болж, моралийн давуу тал нь бэхжсэн болой.

    Ц.Хан-Хөхий

  • ХАРИЙН ШАШНЫГ ХАЛАМЖ НЭРЭЭР ХААЦАЙЛСААР БАЙХ УУ

    Ямартай ч магтаал дуугаа дуулаад, дараа ньБиблийн ном зааж, хүүхдүүд их эзний тухай гэх дуу дуулж байсан. Хажуугаар нь солонгос хэл зааж, төгөлдөр хуур, гитар тоглуулдаг аж. Буддын сүмийг бодвол христийнх итгэгчдээ татахдаа сонирхолтой арга хэмжээ явуулдаг нь ажиглагдсан. Ямар сайндаа л цэцэрлэгийн хүүхдүүд “Их эзэн тахайрыг авахын төлөө төрсөн хүн билээ” гэж дуулахав. Тэд хүүхэд, залууст гадаад хэл зааж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарч, итгэгч оюутнууддаа унааны зардал, сургалтын төлбөр, эмчилгээ, хоол хүнс, түлээ нүүрс, халуун усны үйлчилгээ хүртэл үзүүлдэг нь учиртай. Шинээр ирсэн итгэгчдэд онцгой анхаарч, тэдэнд зориулан залбирал үйлдэнэ. Гарын бэлэг гээд алчуур, оймс, цамц өгдөг юм билээ. Энэ мэт үйл ажиллагаа өрнөсөөр цуглааны цаг дундаа оров. Их эзэндээ хандив өргөдөг юм байна. Итгэгчдийн дундуур хандивын сав аялуулж хүн бүхэн боломжоороо мөнгө хийнэ. Эдгээр байгууллагууд манайхаас албан ёсны зөвшөөрөл авахдаа иймэрхүү мөнгө хураах тухайгаа тусгасан болов уу гэж бодогдов.
    Ингээд эцэст нь хүмүүсийг цайлж, хооллож ундална. Энд ирдэг итгэгчдийн олонх нь ядарсан улс харагдсан. Зарим нь хаа холоос аяга хоол горьдож ирдэг тухайгаа хэллээ. Энэ бол манайд үйл ажиллагаа явуулдаг харийн шашны нэгээхэн жишээ. Ядуу буурай орны нийгэмд аливаа шашин дэлгэрэн суурьшихдаа амархан байдаг гэлцдэг. Энэ жишигт манай улс сүүлийн 20 гаруй жил автав. Үндсэн хуульд христ, лал, буддизм, хинди гэх мэт шашин шүтэх эрх чөлөөтэй гэж заасан байдаг учир харийн шашин манайд суурьшин, дэлгэрэх нь амархан байдаг байх. Тэдний сайн, муу талыг төдийлэн сөхдөггүй, сөхсөн ч хувь хүний эрх болж хувирдаг учраас тэр. Ямар сайндаал айл бүрт нэг эмч, нэг цагдаа, нэг бөө, нэг христэд итгэгч, Солонгост ажилладаг 1-2 хүн байдаг гэсэн хошигнол гарах вэ. Ядуу иргэдэд халамж нэрээр хандив тусламж үзүүлж буй нь сайшаалтай ч нийгмийн оюун санаа, иргэний үзэл бодол, төлөвшилд ихээхэн сөрөг үзэгдэл дагуулдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй биз.
    Одоогийн манайхны шүтээд буй христийн шашин нь үндсэндээ Мормоны үзэл гэнэ. Мормоны үзэл нь Есүсийг амьд байх үед түүнийг дагалдагчийн нэгийг шүтэх үзэл ажээ. Азийнхны дунд мормоны үзэл дэлгэрэх хандлага түгээмэл байдаг учир тэд энэ сиймхийг ашиглан хүслээ гүйцэлдүүлдэг гэж хэлж болно. 2003 оны байдлаар Монголд шашин шүтдэггүй иргэд 77.8, шүтлэгтэй нь 22.9 хувь байсан бол 2010 оны сүүлчээр шашин шүтэгчдийн тоо 38.6 хувиар нэмэгдсэн байгаа юм. 2009 он гэхэд нийслэлд162 сүм хийд бүртгэлтэй байгаагаас 60 нь бүртгэлгүй байж. Дээрх сүмийн 64 ньбудда, зургаа нь бөөгийнх, 90 ньхристийнх. Эдгээрээс албан ёсны зөвшөөрөлгүй салбар хөдөө орон нутагт цөөнгүй аж.
    Өнгөрсөн оны статистикаас харахад шашны 800 орчим байгууллага үйл ажиллагаа явуулдгаас тэн хагас нь албан ёсны зөвшөөрөлгүй гэнэ. Хоёроос гурван жилийн хугацаанд шашны байгууллагуудын тоо хэд дахин өссөн нь эндээс харагдаж байна. Шашин хүчтэй дэлгэр ч буй өнөө үед болгоомжтой, бодлоготой алхам барихгүй бол нийгмийн оюун санааны ертөнцөд дайн дэгдэж болзошгүй боллоо. Гаднын улс орнуудад насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, мөн ахуйн хэрэгцээний бараагаар хуурч, хүмүүсийг шашинд оруулахыг хориглосон атал харийн шашны байгууллагууд манай нутагт үйл ажиллагаа явуулахдаа энэхүү хоригийг эсрэгээр нь хэрэгжүүлж байна. Сүмийн итгэгчдийн нэрсийн жагсаалтад гурван настай хүүхэд хүртэл байх жишээтэй. Хүүхдүүдэд баяраар бэлэг өгч, ядуу иргэдийг идэж уух зүйлээр ханган, хуурч мэхлэн шашиндаа татан оролцуулах нь наад захын асуудал болжээ. Нэг хэсэг энэ тухай хэвлэлийнхэн шуугиад өнгөрснөөс өөр авсан арга хэмжээ алга. Одоо энэ байдалтайгаа эвлэрч харийн шашны төлөөллүүд айл бүрийн хаалга үүд балбаж, библийг унш, үүнийг шүт гэж шаардах нь холгүй болсон.
    Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хоньманайх гэдэг шиг гэртээ ч тайван байж болохоо болих нь. Зурагтаар бага насны хүүхдүүд Есүсийн тухай дуу дуулж байна. Энэ юу гэсэн үг вэ. Тэдгээр бяцхан амьтад шашин энэ тэрийг юу мэдэхэв дээ. Тэдний тархийг хар багаас нь угааж байгаа хэрэг биш гэж үү. Багачуул учраа мэдэхгүй байж болох ч ухаан орсон, нас бие гүйцсэн томчуул нь ингэж болохуу. Багануур дүүргийн иргэдийн шүтдэг Гүний овооны дээрх чулууг нурааж, голын модыг нүцгэлэн, тасалсан мөчрүүдийнх нь оронд христийн загалмай өлгөсөн хэрэг гарсан. Бас Сонгино хайрхан дүүрэгт орших “Толгойт номун хан” дацангийнхананд христийн ухуулах хуудас нааж, бурхны шавь нар гэж өөрсдийгөө нэрлэн, лам нарыг бүлэглэн зодсон удаатай.
    Хүмүүс шашин шүтэх эрх чөлөөтэй боловч харийн шашнууд хүч түрэн орж буй өнөө үед үндэсний зан заншилтай зөрчилдөж мэдэх. Хуулийн зохицуулалт сул байгаагаас гаднын шашнууд асрамж, халамжийн төвийн нэрээр халхавчлан шашны үйл ажиллагаа явуулж, сум хороо бүрт салбарлах зарчмаар гэр цуглаан зохион байгуулж байна. Хэдий болтол харийн шашнуудыг халамж нэрээр хаацайлсаар байх юм бэ. Эцэст нь бидний уламжлал, ёс заншил харийн довтолгоонд өртөн, уусан устаж болзошгүй билээ.
    О.БАТ-УНДРАХ
    Эх сурвалж : www.mongolnews.mn