Category: Нийтлэл, ярилцлага

  • Дэндүү харгислалд өртсөн Дэмид жанжныхан

    Түүнтэй арав гаруй жилийн өмнө уулзсан бичлэгээ дахин дэлгэж байгаа маань энэ. Миний өмнө цал буурал үстэй жаахан буриад аялгатай самган үе үе хоолой зангируулан ярьж сууна. Асуулт тавьж яриагий нь таслах хэрэг надад байсангүй.
    -1937 оны есдүгээр сарын 10 аав маань баригдсан. Яг хэлмэгдлийн өдөр шүү. Зургаа хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баригдах үед Дэмид жанжны авгай Навчаа манайд хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан юм. Шөнө шүү дээ. Миний ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр чинь төрсөн эгч дүү хоёр шүү дээ.
    Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш дахиж гэрийнхээ босгыг алхаагүй юм. Сүүлд өлсч, зовж зүдэрч гудамжинд хонож явахдаа гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ. Тун ч сайхан айл байсан шиг бодогддог юм. Аав маань цэргийн клубийн захирал байсан болохоор би орой бүхэн жүжиг ший үздэг байлаа. Манайх тоомсог моринд хөллөдөг том дугуйтай өндөр сүйх тэрэгтэй байсан. Тэр тэргэнд нь суугаад хотоор зугаалах мөн ч гоё байдагсан. Аав ажил ихтэй болохоор би ихэнхдээ ажил дээр хононо. Кино үйлдвэрийн тэнд олон цонхтой булангийн дугуй өрөөнд аавын контор байх. Ганцхан төмөр ортой. Хагас бүтэн сайнаас бусад өдөр ихэнхдээ тэндээ
    амьдарна. Намайг унтаж байхад л аав минь ажилдаа явчихна. Би босоод цэргийн клубийн гу анзанд хоол идчихнэ.
    Орос тогооч авгайн хүүхдүүдтэй тоглож өнждөг тийм л байсан. Энэ үеэ хожим мөн ч их санаж ганцаараа уйлдагсан.
    Дэмид жанжных одоогийн Вьетнамын элчин сайд байгаа хоёр давхар байшинд байна. Ээж маань баригдахдаа маргааш ирнэ гэж хэлсэн боловч ирсэнгүй. Ээжийгээ хүлээгээд л байсан. Гэтэл сургууль цуглаж би Дэмидийн хүү Элбэгийг дагаад нэгдүгээр ангид орлоо. Тэгтэл мөн ч удалгүй арван хэд хоногийн дараа аравдугаар сарын 2-нд Дэмидийн ах Надмидтай цуг Навчаа эгчийг бариад явчихсан. Навчаа эгч маань жирэмсэн байсан юм билээ. Манай ээж бас жирэмсэн байж байгаад шоронд хүүхдээ гаргасан гэдэг юм. Навчааг аваачаад удалгүй буудсан. Хүний ёсноос гажууд мөн ч нүгэлтэй, аймшигтай юм хийдэг улс шүү. \Толгой сэгсрэн гаслав.\
    Элбэг бид хоёрыг Надмидын авгай Баярлах дээр хүргэж өгсөн. Тэднийх миний үе тэнгийн Нямаа гэдэг охинтой. Гэр нь Арслантай гүүрийн зүүн хойно одоогийн Багшийн сургуулийн хойно байсан. Хашаандаа гэр, зуны л байшинтай бай л уу даа. Тэндээс бид одоогийн гэрлэх ёслолын ордны орчим үлгэр жишээ сургуульд явдаг байлаа. Нэг өдөр бүх сурагчдын жагсаалын өмнө баахан хүүхдийг нэр дуудаж гаргаад,
    -Та нар маргаашаас эхлэн хичээлд ирж болохгүй. Эсэргүүний хүүхдүүд сургуульд явах эрх байхгүй гэлээ. Тэнд Элбэг бид хоёрын нэр хамгийн түрүүн орчихсон байлаа.
    Надмидын авгай Баярлах ажилгүй, бас их бие муутай хүн байсан. Дээр нь сэтгэл санааны дарамт юм юм л давхцаа биз. Удалгүй нас барж гурав дахь удаагаа гэргүй боллоо. Нямааг маань Баярлахын ах дүү нар аваад хөдөө явсан байх. Элбэг бид хоёр гудамжинд гарлаа. Урьд таньдаг байсан хүмүүс ч танихаа байчихдаг хэцүү цаг үе байсан. Юухан хийхэн олж идэн гол зогоогоод гэр ч үгүй, сургууль ч үгүй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй, улаан нялх хоёр амьтан яах ч юм билээ дээ. Дээр нь аав ээж, ах дүүгээ баривчлуулсан амьтад ямар олиг байхав дээ.
    Тэгэж байтал Дэмид жанжны тогооч байсан “местный” орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад л сүйд боллоо. Одоогийн Монгол банкны тэр хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол өгөөд “Та хоёр шөнө болохоор ирээрэй” гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Бид хоёр хулгайч шиг шөнө нь сэмхэн гэтэж ирж хоноод өглөө эртээ босоод явчихдаг боллоо. Идэх хоолтой, шөнө нь унтах газартай хэдэн сар сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал бас удаан үргэлжилсэнгүй. Нэг шөнө ирсэн чинь гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй. Хожим сонсох нь ээ, баривчлагдаад 24 цагийн дотор хойш нь гаргачихсан гэж байгаа юм. Ингээд бид “бабушка”-даа бас гай тарьчихав аа. Нэрийг нь мэдэхгүй зөвхөн бабушка л гэдэг байсан юм. Бодвол бас хороосон байлгүй, хөөрхий… \хоолой нь зангирав\
    Дахиад л орох оронгүй оочих аягагүй боллоо. Гэтэл Цэдэндамба гэж хөдөөний хүн Элбэгийг маань хүүхдээ болгоно, мал маллуулна гээд хөдөө аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног өнгөрөөж байтал бага сургуульд нэг ангид байсан Лхамсүрэн гэдэг найз охинтойгоо тааралдлаа. Холбооны ард 3 дугаар хороонд хашаа байшинтай. Гэрт суудаг байсан байх. Аав ээж нь ч сайн хүмүүс байсан. Уг нь хүний мөс чанар одоотой адилгүй. Даанч Дэмидийн хэргийн хамсаатан болчих вий гэхээс их айдаг цаг байлаа. Хүн ирэхээр намайг амбаартаа нуучихна. Гэтэл нэг эрэгтэй хүн,
    -Би Оюуныг сураглаж явна. Ээжтэй нь уулзуулах гэсэн юм гэж ирэв. Миний байсан айлын хүмүүс,
    -Манайхаар байхгүй. Ирвэл, бид танд дуулгая л юм болжээ. Тэгээд надад хэллээ. Би ч ээж гэдэг үгийг сонсонгуут л “Тэгье уулзая” юм боллоо. Тэгээд хуучин арьс өнгөний больницын тэнд шоронд хоригдож байгаа ээжтэй минь намайг аваачиж уулзууллаа. Хоёулаа уйлаад л сүйд боллоо. Баривчилгаанаас гурван жилийн дараа 1940 он шүү дээ.
    Авах хүнгүй, орох оронгүй бяцхан охин намайг ээжээс минь хүчээр салгаж гудамжинд гаргаад хаячих зүрхтэй хүн олдоогүй учир би ээжтэйгээ шоронд хамт байх боллоо. Өндөр хашаан дотор өдөрт нь гэрт хүүхнүүд юм оёод шөнө нь шоронд очиж хононо. Намайг байгаа болохоор ээжийг маань надтай хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгэж байсан.
    Сонирхуулж хэлэхэд, Баянтүмэний “Суран ташуур” хочтой хүүхэн байх. Түүнийг хятадууд их эргэж ирнэ. Янз бүрийн ногоотой, мантуутай, сайхан хоол авчирна. Би тэнд ганцаараа хүүхэд учраас бурхан шиг хүндтэй. Хүн бүхэн ирсэн эргэлтээсээ надад өгнө. Дараа нь тэнд хамт хоригдож байсан Цэрмаа гэж буриад авгай суллагдахад ээж намайг хамт явуулсан. Нөхөр нь Дамбий гэж сайхан ааштай хүн. Тэдний хүүхэд болоод эргээд сургуульд орж нэгдүгээр 10 жилийн дотуур байранд амьдарсан. Дөчин хэдэн онд аравдугаар ангиа онц төгсгөж Москва хотноо сургуульд явсан.
    -Нөгөө Элбэг маань тэгээд хаачсан?
    -Хөдөө нэг их удаагүй. Авгай хүүхэдгүй Цэдэндамба гэж говийн малчныд очоод идээшээгүй юм билээ. Шөнө хүртэл тэмээгээ саадаг, байж чадахгүй хэцүү айл байлаа гэсээр оргоод ирсэн юм даг. Мал мэдэхгүй хотын хүүхэд аргагүй шүү дээ. Дараа нь сургуульд ороод цэргийн хүн болж, БХЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. Би ч бас Төлөвлөгөөний комисс, Улаанбаатар хотын захиргаа, ҮЭ зэрэг энгийн газар 20 жил, армид гадаад захиалга эрхэлсэн ахлах офицер хүртэл 26 жил ажиллаж байгаад бэлтгэл дэд хурандаа болж гарсан юм. Хотын гудамжинд тэнэж явсан хоёр адилхан байгаа биз. Элбэг маань одоо бурхан болчихсон доо.
    -Элбэг гуайн үр удам байдаг биз дээ?.
    -Нэг хүү байж байгаад өөд болсон. Элбэг ах маань тогтсон амьдрал муутай л байсан хүн дээ.
    -Таны ээж юу хийж байсан хүн бэ?
    -Миний ээж Дэжид буюу Багданова Зина нь Улаан-Үдийн буриад хүн байсан. Ленинград хотноо химийн дээд мэргэжил эзэмшиж Монгол оронд буцаж ирээд Д.Сүхбаатарын нэрэмжит бага даргын сургуульд багшаар ажиллаж байсан юм. Энэ тухай Сүхбаатарын хүү Галсан гуай сонин түүх хуучилдаг юм. Ээж маань намайг дагуулж Дэжид багш дээр очиж “Миний хүү дэггүй болох шинжтэй. Та хүмүүжүүлж өгөөрэй” гээд шавь оруулсан гэдэг. Дэжид багш намайг удалгүй ангийн дарга болгосон. Итгэл өгч хариуцлага нэмэгдэхэд би томоожсон юмдаг. Дэжид багш их том хүн байлаа гэж Галсан гуай дурсан ярьсан байдаг юм.
    -Жанжин Д. Сүхбаатарын нууцын эрхлэгч байсан Баторун гэдэг бас танайхны талын хүмүүс байна уу?
    -Тэгэлгүй яахав. Бага Баторун буюу манай аавын дүү Константин Баторун нь 1921 онд Монгол ардын журамт цэрэгт Омскийн цэргийн тойргоос томилогдон ирж Д.Сүхбаатарын орчуулагч, нууцын эрхлэгч байсан юм. Дараа нь 1922 онд Дотоодыг Хамгаалах газрын даргаар дэвшин ажиллаж байгаад 1937 оны эхээр нутаг буцсан юм. Жанжин Д.Сүхбаатар “Эрдэмтэн нөхөр, хувьсгалч К.Баторунд дурсгав” гээд зургаа дурсгасан байдгийг нь би цэргийн музейд өгчихсөн юм. Тэнэг байгаа биз. 1967 онд “Сүхбаатар зургаа хэнд өгөв” гэсэн гарчигтай “Үнэн ” сонинд гарч байсан. Нутаг буцаагүй бол тэр ах маань бас алуулах байсан биз. Харин санасан дээрээ энд нэг юм хэлэхэд тэр ахын маань хүү Зоригт Баторун 1991 онд аавыг цагаатгах тухай өргөдлийг Москвагаас ирүүлж тэрний хүчинд 1992 онд манай аавыг цагаатгаж, 1995 онд ээжийг маань цагаатгасан юм. Өмнө нь би аав ээжийгээ цагаатгуулахыг хүсэж НАХЯ-нд зургаан удаа өргөдөл өгөөд намайг огт хэрэгсээгүй юм.
    -Та түрүүн нэг яриандаа хэлмэгдэл удамшдаг юм байна гээд хэлчихлээ. Энэ ямар учиртай үг вэ?
    -Би намд элсэх гээд эцэг эхээ цагаатгуулах гэж өргөдөл өгсөн гэж хэлсэн шүү дээ. Яг үүнтэй холбоотой юм. Миний тэр хувийн өргөдлийн хариуг манай албан газарт өгчихсөн байсан. Тэгэж болдог юм уу. Нөгөө хувийн нууцыг хуулиар хамгаалдаг гэсэн яалаа. Тэгээд намайг мэдэхээс өмнө манайхан дамжуулан уншчихсан байсан. Ингэж намайг хамт олонд дэлгэрэнгүй илчилснээс би зарим хүмүүсийн идэш болсон юм. Атаархуу хорон санаатай зарим нь 1986 оноос надаар оролдох болж, нам бус гэдгээр далимдуулан дайрч цэргийн нууцтай холбоотой чухал ажил дээр намын гишүүн биш хүн ажиллах эрхгүй хэмээн хавчин ажлаас халж 1987 оны 7 сард хүчээр тэтгэвэрт гаргасан юм. Тэгээд бас зүгээр орхиогүй. Хэсэг хүн БХЯ-ны нууцынхантай эвсэж гэрт маань ирж нэгжлэг хийж намайг мөрдөж мөшгин хятадын тагнуул гэдэг нэрээр НАХЯ-ны мэдэлд шилжүүлсэн. 1937 онд л манайхыг Дэмид ах, Надмид гуайнхыг нэгжиж, аав ээж ах эгч нарыг минь мөрдөж мөшгин баривчилж байсан ба яг 50 жилийн дараа намайг цэргийн прокурор хоёр сар, НАХЯ гурван сар мөрдсөн. Октябрийн хувьсгалын 70 жилийн өршөөлөөр тулгаж байсан хэргээ хэрэгсэхгүй болгож санаа амарсан юм. Тэгээд болоогүй. Би улсад 46 жил ажиллаж олон хүүхэд төрүүлж өсгөхдөө ганц дөрвөлжин квадратны эрхгүй тэтгэвэрт гарсан хүн. Цагаатгалын комиссын нарийн бичгийн дарга Н.Сампилноров гуай манайд ирээд,
    -Та боломжийн байртай хүн байна гэхэд нь би,
    -Та намайг өнөөдөр болж байвал маргааш яах нь хамаагүй гэж бодож байна уу гэж хэлсэн. Манай нөхөр Пунцаг төмөрзамд ажиллаж байгаад жолоон дээрээ нас барсан юм. Энэ байр тэндээс өгсөн байр. Төмөр замд ажиллаж байсан эцэг эх нь өөд болоход хүүхдүүдийг нь хүчээр хөөгөөд гаргаж байгаа тохиолдолтой би бишгүй таарсан. Ийм хувь тавилан миний хүүхдүүдийг хүлээж байна. Хэлмэгдэл төгсгөлгүй үргэлжилж хүүхдүүд маань миний нэгэн адил гудамжинд хөөгдөхөд бэлэн байна. Хэлмэгдэл удамшина гэж үүнийг л хэлэх байх. Үүнийг заавал бичээрэй миний хүү. Манай яамныхан ч уншиг. Тэдний зарим нь миний байр сууцгүй мөрдөгдөж, мөшгүүлж байсныг мэдэхгүй. Энэ чинь дээгүүрээ нууцаар хийсэн ажил.
    -Цаг зав гаргаж ярилцсан танд их баярлалаа.
    -Харин чамд их баярлалаа. Бүүр нэг дотор онгойх шиг боллоо. Бүх насаараа миний дотор бөглөрч яваа юм.
    Энэ ярилцлагаас хойш арав гаруй он улирсан ч аймшигт хэлмэгдүүлэлтийн гэрч болж өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээрээ байна.
    Энэ хар түүхийг “Цагаан номын” хуудсанд
    1.Гэлэгдоржийн Дэмид 1900-1937 Архангай. Их тамир. Бүх цэргийн жанжин. Нас 37. ЗХУ-ын нутагт онц сэжигтэйгээр нас барсан. “Гэндэн, Дэмидийн хэрэг ” гэгчид эчнээ холбогдуулсан.
    2.Чойсүрэнгийн Гэлэгдорж. 1870-1938 . Архангай. Их тамир. Малчин. Жанжин Г.Дэмидийн төрсөн эцэг нас 68, цаазлагдсан.
    3.Баторун Михаил 1890-1937. ЗХУ-ын харьяат, Цэргийн клубын захирал. Нас 47. 1937.12.09 цаазлагдсан.
    4.Зина Богданова 1937- 1954 (буриад) Баторуны гэргий. Улс төрийн хилс хэргээр 9 жил шоронд ял эдэлсэн.
    5.Богдановын Навчаа. (Жанжин Г.Дэмидийн гэргий ) 1906- 1937 ( буриад ) Цэргийн эмнэлэгт шинжээч. Нас 31. 1937.10.02 цаазлагдсан. Цаазлагдах үедээ жирэмсэн байсан.
    6.Гэлэгдоржийн Надмид (Жанжин Г.Дэмидийн ах) 1898-1937. Хоршооны ерөнхий хороонд бэлтгэлийн агент. Нас 39. 1937.11.16 нд цаазлагдсан.
    7.Гэлэгдоржийн Ойдов. 1906 -1938. Архангай. Их тамир. Жанжин Дэмидийн төрсөн дүү. Нас 32. 1938.03.11 цаазлагдсан гэж бичжээ.

  • Хүчирхэг Вера Мухина

     

    Зөвлөлтийн ардын зураач, сүрлэг бадрангуй монументал урлагийн нэрт төлөөлөгч Вера Игнатьевна Муханагийн /1889-1953/ хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Сталины нэрэмжит төрийн шагналыг таван удаа олгожээ. Тухайлбал, 1941,1943,1946,1951,1952 онд олгосон байдаг. Чинээлэг худаалчин гаралтай Вера Москвагийн гимназид сурч байхдаа уран зурагт шамдан К.Ф.Юон, И.О.Дудин, И.И.Машков нарын урланд суралцаж байв.
    1912-1914 онд Парист Гранд Шомьерийн академид нэрт монументал барималч Э.А.Бурделийн урланд суралцан О.Родений бүтээлч чадварт хүчтэй автсан нь түүний цаашдын уран бүтээлд хүчтэй нөлөөлжээ. Дараахан нь тэрээр Италиар аялан сэргэн мандалтын нэрт мастеруудын бүтээлтэй танилцсан юм. Вера Мухина дэлхийд хамгийн томд тооцогдох байсан Лениний цогцолборын төсөлд оролцож байсан юм.
    Москвагийн Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэнд /ВДНХ/ “Ажилчин, тариачин” хөшөө ийнхүү сүрлэг өндөр сүндэрлэн байдаг. Вера Мухина “Ажилчин,тариачин” хөшөөг бүрэн бүтнээр нь 1939 онд ВДНХ /Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэн/-д босгожээ. Энэхүү хөшөөний архитектороор Б.М.Иофан ажилласан байдаг. Эрин үеийн дуулиан болсон энэ хөшөөг 1947 оноос “Мосфильм”-ийн бэлэг тэмдэг болгосон байна.
    Энэхүү сүрлэг бүтээмжид 2003-2009 онд сэргээн засварлалт хийж тавцангийн суурийг 1937 онд Парисын павильонд тавигдсан анхны эх загвартай нь ойролцоо маягаар шинэчилжээ.
    Вера Мухина “Интернационалын сүлд дуулал”, ”Хувьсгалын туг”, “Газар”, “Тэнгис” , ”Ургац хураалт”, ”Үр тариа” зэрэг олон арван алдартай, сүрлэг бадрангуй хөшөө дурсгал бүтээснээс Ленин, Свердловын хөшөөний төслөө хэрэгжүүлж амжилгүй таалал төгсжээ. Мөн 1943 онд Москвагийн Белоруссийн вокзал дээр пролетарийн зохиолч Максим Горькийн хөшөөг босгосон байдаг.

    “Үр тариа” Москва голын гүүрэн дээрх цуврал баримлын эскиз /1938-1939/

    Энэ бол түүний шилдэг бүтээлийн нэг хүдэр чийрэг жинхэнэ Орос тариачин эмэгтэй. Яг л Василий Шукшиний зохиолд гардаг бүрэн боловсорсон “Улаан улаагана” гэсэн үг.
    Вера Игнатьевна өөрөө ийм хүчирхэг, зоримог, эцэж цуцахыг үл ажрах хөдөлмөрч нэгэн байжээ.

    Бас нэг сонирхолтой баримт өгүүлэхэд, бидний эртний танил хагас шил “водка” багтдаг шилэн аяганы сонгодог дизайныг Мухина зохиосныг олон орос эрчүүд бахдан ярьдагсан.

    Москвагийн Пречистений гудамж дахь энэхүү байшинд Вера Мухина 1947-1952 онд амьдарч байжээ.

    Социалист бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон энэ хөшөө Октябрийн хувьсгалын түүхт 50 жилийн ойн мөнгөн зоосон дээр бас мөнхөрчээ.

    Оросын уран зургийн академийн 200 жилийн ойн марк дээр ч “Ажилчин, тариачин” заларч амжжээ.

    Москва дахь Вера Мухины хөшөө /Барималч М.К.Аникушин/

  • ХЯТАД ХЭТЭРХИЙ ТОМОРЧ, ОРОС ОГЦОМ ХҮЧИРХЭГЖИНЭ

    Дэлхийн хөгжлийн төв Хойд Америкаас одоо Ази тив, Зүүн хойд Азид шилжиж байна. Азтай Монгол улс Азийн энэ бүсэд хамаарна. Хөгжлийн төв нь БНХАУ тэгээд Япон, хоёр Солонгос, Оросын Алс Дорнод, Монгол гээд… Энд эдийн засгийн хөгжил, харилцааны сайхан ирээдүй байна.

    Зам тээвэр гэхэд л дэлхийн аль ч том далай нээлттэй. Номхон дөлгөөн далай, Атлантын далай, Энэтхэгийн далай…цэнхэр зам зурайж байна. Хуурай зам Өрнөд Европоос галт тэрэг, автомашин хөндлөн гулд давхиж болно. Хөгжлийн туршлага БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-ын Алс Дорнодын хязгаар. Зүүн хойд Азийн бүс нутгийн байгалийн бялагт дэлхий даяараа шунаж байна. Манай гарагийн ирээдүй, олон улсын харилцааны төлөвт Монголчууд бид гарч байгаа, гарах бололцоог л овжин ашиглах чухал нь хэнд ч ойлгомжтой. БНХАУ, ОХУ одоо найзууд л байна. Энэ хоёр том гүрэн сайдах, муудах нь амархан. Үүрд тэврэлдсэн найзууд байхгүй байх аа. Энэ өдрүүдэд ч Хятад-Оросын харилцаанд эгзэгтэй зүйл яригдаж л байна.

    Орос, Хятад гүрнүүд Ази, Зүүн хойд Ази дахь нөлөөгөө булаацалдах төлөв бий. Энэ хоёр томын дээд, доод түвшний яриа хэлэлцээ, ил далд бодлого үйл ажиллагаанд Монгол хавчуулаастай байгаа нь үнэн, ойлгомжтой. Харин бид түүний аясыг судлаж мэдэх, ухаалаг, тэгэхдээ хүлээцтэй бодлого, үйл ажиллагаа өрнүүлэх нь чухлаас чухал.

    БНХАУ, түүний тэргүүн зэргийн удирдагч Си Жиньпиний бодлого, үйл ажиллагаа бүхэлдээ дэлхий дахин руу хандах болсон. “Нэг бүс, Нэг зам”, “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” хэмээн томьёолоод, урагш ахиж байна. Хятад бол асар том зах зээл, худалдан авах чадвар машид өндөр. Түүнийг Монголын төр засагч, түмэн олон ч чадварлаг ашиглах, хамтрах хэрэгтэй юм. Хуучин сэтгэлгээгээр хандах, хардаж сэрдэх биш, шинэлэг байдлаар, ирээдүйн байдал, судалгааны үндсэн дээр ажиллах нь чухал. БНХАУ дэлхий рүү өөрийн нээлттэй, асар багтаамжтай хаалгаа дэлгээд байна. Харин энэ коронавирус маш том саад тотгор болж байна.
    Ер нь энэ өвчин нөгөө даяаршил гэдгийг бараг дампууруулав. Одоо БНХАУ худалдаагаараа, эдийн засгийн хөгжлийн хурдацаар дэлхийд нэгдүгээрт, эдийн засгийн потенциалаар хоёдугаарт орчихоод байна. Тэгэхээр дэлхийн хоёр дахь топ эдийн засаг гэсэн үг. Зөвхөн эдийн засаг худалдаагаар ч биш дэлхийн шинэ дэг журам бий болгоход анхаарах боллоо. Эдгээр нь сүүлийн үеийн олон улс харилцааны үйл явцад илэрсээр. Энэ удаагийн цар тахал их төвөг учрууллаа, хойшид тэр хэрхэх нь тодорхойгүй.

    БНХАУ, ОХУ хоёр стратегийн түншлэлийн зиндааны харилцаатай. Энэ бол аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэсэн ойлголт юм. Аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэдэг нь цэрэг, зэвсгийн тал руу хэлтийдэг талтай. Хятад улс гадаад улс оруудыг их судалдаг. Түүндээ түшиглэсэн бодлого эрхлэхийг чармайдаг. Монгол Улсын байдал, төр засгийн бодлого үйл ажиллагаа, хүмүүсийн санаа бодолд нухацтай судалгаа хийж л байгаа.

    ОХУ цэрэг зэвсгийн талаар огцом хүчирхэгжиж байна. Түүний далим, анхаарал нь Украин, Беларус юм. Одоо эдгээр улсын хил орчим, цэрэг зэвсэг сэтгэл түгшээж байна гэж ойр хавийнхан нь ярьцгааж, сэтгүүлчид тэр зүг дурангаа чиглүүлж байна. Үнэн хэрэгтээ НАТО алгуурхан ч гэлээ, янз бүрийн далим ашиглан ОХУ-ыг бүсэлсээр байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин угаасаа хүчний байгууллагын хүн. Дайсан найз хоёроо маш сайн ялгадаг. Владимир Путин гэдэг энэ эр ОХУ гэдэг том гүрний нэгэн ёсны “хаан” маягтай. Өнөө үе түүнд олон шалгуур тавьж байна. Тухайлбал, Украин, Беларус, өрнөдийн хориг, коронавирус. Тэр шийдвэртэй, эрс шийдэмгий бодлого боловсруулж магадгүй. В.Путин дэлхийн том орны удирдагч дотроос хурдан сэтгэдгээрээ онцлогтой. Монголчууд хоёр их хөршөөсөө БНХАУ ОХУ-аас санаа авах, суралцах шийдэл алхам тутамд л гардаг. Өнөөдөр сайн харцгаах, ухаалаг, ул суурьтай бодлого Монгол Улсын аль ч шатанд аргагүй хэрэгтэй байна.

    Тоймч Б.Дашзэвэг

  • Монгол Улс нас барсан нэг ч тохиолдолгүйгээр коронавирусийг ялсан боловч …

     

    ВАШИНГТОН. /Business Insider/. Монгол Улсад коронавирусний халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдварын хамгийн цөөн тохиолдол илэрсэн орнуудын нэгд багтаж байна. Хэдийгээр Монгол халдварыг хяналтад авсан боловч эдийн засагт ихээхэн хохирол учирч, тус улсын 11 мянга гаруй иргэн хилийн чанадад гацсан хэвээр байна.
    Монголчууд жил бүрийн долоодугаар сард үндэсний баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнгө өнгийн хувцас өмссөн тамирчид “эрийн гурван наадам” хэмээн нэрлэдэг морины уралдаан, бөхийн барилдаан, сур харвааны тэмцээнээр өөр хоорондоо өрсөлддөг. Гэвч энэхүү баярыг 800 жилийн түүхэнд анх удаа цар тахлын улмаас үзэгчгүйгээр, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх дүрэм журамтайгаар зохион байгууллаа. Ердийн үед уг баярыг олон мянган хүн үздэг бол энэ жилийн хувьд шууд дамжуулан үзүүлжээ.
    Гэсэн хэдий ч уг баяраа тэмдэглэх шалтгаан тэдэнд байсан юм. Монгол Улс коронавирусний халдварыг хэдийнээ ялан дийлжээ. Өнөөдрийн байдлаар халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдварын 300 гаруй тохиолдол илэрсэн нь бүгд зөөвөрлөгдөн иржээ. Энэ нь халдвар олон нийтийн дунд тархаагүй гэсэн үг бөгөөд 3.3 сая орчим хүн амтай орны хувьд гайхалтай амжилт юм.
    Монгол Улс нь дэлхийн хамгийн хүн ам сийрэг суурьшсан орнуудын нэг тул зайнаас харилцах зарим хэлбэр нь амьдралынх нь нэгэн хэсэг гэж хэлж болно. Мөн малын тоо толгойгоор авч үзвэл, нэг хүнд 22 мал ногддог байна. Гэвч нийт хүн амын тэн хагас нь агаарын бохирдолтой Улаанбаатар хотод оршин суудаг нь “COVID-19” шиг амьсгалын замын халдвар өвчин тархах эрсдэл өндөр юм.
    Монголын зарим иргэний хувьд вирусний халдварыг хяналтад авсныг амьдралын уламжлалт хэв маяг, 12-р зууны үеийн байлдан дагуулагч Чингис хааны дотоод хүчтэй холбон тайлбарлаж байна. “Энэ бүгд бидний идэж байгаатай холбоотой” гэж үйлчлүүлэгчдийнхээ ирээдүйг зөгнөн хэлдэг зайран Бямбадорж хэлжээ. Өвлийн улиралд адууны мах, зуны улиралд цагаан идээ хүнсэндээ хэрэглэснээр дархлаа тогтдог гэж Монгол ёсонд үздэг байна.
    Гэвч Монгол Улс хөрш БНХАУ-д халдвар дэгдэж эхэлсэнтэй зэрэгцэн эрт, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь ийнхүү амжилтад хүрэхэд түлхүү нөлөөлсөн байна.
    Монгол Улс нэгдүгээр сарын 27-нд буюу Хятадын эрх баригчид Ухань хотод хөл хорио тогтоосноос дөрөвхөн өдрийн дараа Хятад улстай залгаа хилээ хаасан юм.
    Мөн бүх сургуулийг хааж, олон нийтийн газраар явахдаа амны хаалт заавал зүүхийг үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ хилийн чанадаас эх орондоо эргэн ирсэн Монголын бүх иргэнийг эмнэлэг, тусгаарлах байранд тусгаарлажээ.
    Монгол Улсад гуравдугаар сарын 10-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдэх үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан бөгөөд Монгол Улсын хувьд аль хэдийн дэлхийн дахинаас тусгаарлагдаад байв. Ийнхүү эрт арга хэмжээ авсан нь ч үр дүнгээ өгсөн байна.
    “Монгол Улс халдварыг хяналтад авч чадсан шалтгаануудын нэг нь монголчууд халдварын үр дагаврыг маш сайн ухамсарлаж байсантай холбоотой хэмээн бодож байна” гэж 1990-ээд оны залуучуудын ардчилсан хөдөлгөөний талаарх “Young Mongols” хэмээх номын зохиолч Обри Менард хэлжээ.
    Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот боловч оршин суугчдынх нь тэн хагасаас илүү хувь нь гэр хэмээх монголчуудын уламжлалт нүүдэлчин хэв маягт тохирсон нүүж суухад тохиромжтой майхантай төстэй сууцанд амьдардаг юм. Өвлийн улиралд Улаанбаатарт Цельсийн хасах 40 хэмд хүрч хүйтэрдэг.
    Гэрт оршин суугчид дулаан байхын тулд түүхий нүүрс юм уу ахуйн хаягдлыг түлдэг. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар өвөлдөө дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордог байна.
    “Иймээс “COVID-19” шиг амьсгалын замын халдварт өвчин тархвал эмнэлгийн хүчин чадал бага, амьсгалын аппарат цөөнтэй Монгол Улсад асар том аюул учирч болзошгүй” гэж О.Менард ярьжээ.
    Гэвч вирусний халдварын хяналтад авах арга хэмжээнүүд нь шууд бус нөлөөллийг ч мөн үзүүлжээ.
    “Монгол Улсад коронавирусний халдвар тархахаас амжилттай урьдчилан сэргийлсэн Засгийн газраа бид сайшаах хэрэгтэй боловч энэ үр дүнд их хэмжээний зардал, золиосоор хүрсэн хэмээн бодож байна” гэж “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын гишүүн Б.Мөнхдөл хэлжээ.
    Монгол Улс эрт хилээ хаасан нь хилийн чанадад ажиллаж байсан олон мянган иргэнд хүнд цохилт болжээ. Хоёрдугаар сард “COVID-19” дэлхий даяар тархаж эхэлж байх үед тэдгээр иргэнд нутаг буцах долоохон хоногийн хугацааг олгосон байна.
    Н.Амарболд гэр бүлийнхнийхээ хамт БНСУ-д гацжээ. Ажилгүй болсон тэд түрээсээ төлөх мөнгөгүй болж, очих газаргүй болсон тул Монголын Элчин сайдын яамны гадна хоноглож буй олон арван хүмүүстэй нэгдэхээс өөр аргагүйд хүрчээ.
    Монголдоо долоодугаар сарын сүүлээр ирсний дараа тэд өөрсдийнхөө зардлаар 21 хоног тусгаарлагджээ. Н.Амарболд бохир давхар ор, угаалгын өрөөны угаалтуураас гоожиж буй бор усны зургийг нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Мөн тэрбээр, “Хаашаа ч явж болохгүй, бүх үйлдлийг маань хянана, цонхоо ч онгойлгож болохгүй, яг л боловсон шоронд байгаа юм шиг санагдаж байна” гэж бичжээ. Хилийн чанадад гацсан, бухимдсан монголчууд АНУ, Турк, Их Британи, Унгар, Малайз, БНСУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаал зохион байгуулсан байна.

    Олон нийтийн энэхүү шаардлагыг Засгийн газар харгалзан үзэж, иргэдээ татан авах үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Есдүгээр сарын байдлаар Монголын 23 мянга орчим иргэн эх орондоо ирснээр 55 улсад 11 мянга орчим иргэн үлджээ.
    Засгийн газрын хувьд иргэдээ эх орондоо авчрах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа зөвтгөсөн байна.
    “Гадаадад гацсан монголчуудын асуудлыг нэр хүнд олж авахад ашиглаж, өөрсдийгөө зөвхөн энэ асуудалд санаа зовниж буй мэт аашилж байгаа цөөн хэдэн хүн байна. Тэд бол урвагчид” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлжээ.
    Мөн хилийг хаасан нь Монголын экспортоос ихээхэн хамааралтай эдийн засагт нөлөө үзүүлсэн бөгөөд тус улсын экспортын 90 орчим хувийг БНХАУ эзэлдэг юм.
    “Монгол Улсын одоогийн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзвэл эдийн засгийн шокийг даван туулах чадвар хязгаарлагдмал байна. Монгол Улс Хятадтай хилээ хаах үед эдийн засаг нь ихээхэн буурсан нь эмзэг байдлыг нь онцлон харууллаа” гэж О.Менард хэлжээ.
    Энэ оны эхний зургаан сард Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 орчим хувиар буурсан гэж НҮБ мэдээлсэн байна.
    Мөн 10 мянга орчим хүнийг ажлын байраар хангадаг ноолуурын үйлдвэрлэл нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний гадаадын эрэлтээс хамаардаг. Энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт нь нүүрс, ашигт малтмалын араас хоёрдугаарт бичигддэг юм.
    “Сор кашемир” компанийн гүйцэтгэх захирал Б.Бархасбадийн хувьд хил хаалттай хэвээр байвал өөрийн бизнестээ санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
    “Одоогоор дотоодын борлуулалт бараг байхгүй болсон бөгөөд бидэнд цөөн хэдэн гадаадын захиалга ирж байна. Бид захиалгаа хангахын тулд нийт хүчин чадлынхаа 40 хувийг ашиглаж байна” гэж тэрбээр хэлжээ.
    Монголчуудын гурван хүн тутмын нэг орчим нь өдөрт хоёроос бага ам.долларын орлоготой ядуу амьдарч байна. Гэвч иргэдийн ялангуяа хөдөөний малчдын амьжиргааны түвшин сайжирсан гэж “Вorgen Рroject” байгууллага мэдээлжээ.
    Харин эдийн засгийн одоогийн нөхцөл уг ахиц дэвшлийг арилгаж, хүн амын тэн хагас орчмыг ядуурлын шугамаас доогуур түвшинд хүргэж болзошгүй байна.
    Монголын Засгийн газар “COVID-19”-тэй тэмцэх үйлсийг санхүүжүүлэхийн тулд Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк гэх мэт байгууллагууд болон хувийн хэвшлээс хагас тэрбум орчим ам.доллар зээлжээ. Харин зарим хүн уг мөнгийг хэрхэн зарцуулж буйд санаа зовниж байна.
    Тэр мөнгө хаачсан бэ? Олон улсын байгууллагаас “COVID-19”-тэй тэмцэхэд зориулан өгсөн мөнгө юунд зарцуулагдаж байна вэ?” гэж “SHAPE Mongolia” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Б.Мөөгий мэдээлжээ.
    Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Breathe Mongolia” төрийн бус байгууллага Засгийн газар зээл, тусламжийг хэрхэн зарцуулсныг шалгах ажиллагааг эхлүүлжээ.
    Монголд намраас хөл хориог сулруулж эхлэв. Үүний дагуу сурагчид анги танхимдаа хичээллэж эхэлсэн боловч долоо хоногт гуравхан өдөр танхимаар хичээллэж байна.
    Хилийн боомтуудыг нээтэл сургуулиуд бүтэн цагаар ажиллах боломжтой тул сэргэлт хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх ажээ. “Маш олон ганц бие ээж хүүхдээ харуулах хүнгүй тул ажилдаа явж чадахгүй байна. Ийм шалтгаанаар тэд дахин ядууралд орох магадлалтай” гэж “People in Need” хандивын байгууллагын Монгол дахь төлөөлөгч Тим Женкинс хэлжээ.
    Монголын ард түмэн өнө эртнээс эхлэлтэй түүхийнхээ туршид цаг агаарын хүнд нөхцөл, дайн тулаан, улс төрийн үймээнийг туулж өнгөрүүлжээ. “Энэ бол маш том хамтын соёл юм. Монголчууд аливаа зүйлийг даван туулахын төлөө нэгдвэл түүнийгээ бүтээж чаддаг” гэж Б.Мөөгий хэлсэн байна.
    Зайран Бямбадорж болон түүний дагагчдын үзэж буйгаар, вирус амьдралын эртний хэв маягаа мартсан монголчуудад сануулга болжээ. “Энэ өвчин бол байгалийн уур хилэн. Бид байгаль дэлхийгээ сүйтгэж, амьдарч буй газраа үл тоомсорлосон. Эх болсон байгалиа ариун хэвээр нь хадгалах хэрэгтэй бөгөөд үүнийг дагаж мөрдөөгүйгээс энэ өвчин үүссэн. Хэрэв та бүхэн үүнийг баримталбал уг өвчнөөс айх хэрэггүй болно” гэж Бямбадорж ярьжээ.

    Хулан.Э

  • МӨХӨЖ БУЙ МОНГОЛ ХЭЛ-“ЧИХНИЙ ЧИМЭГ” ТҮҮХ БОЛОХ УУ?

    Энэхүү шүлэг бол монгол хүн бүр цээжлэн уншиж, бахархан санаж байх, нандин бүтээл. Монгол хэл бол өөр бусад хэл рүү хөрвүүлэхэд утгыг нь бүрэн төгс илэрхийлж барамгүй гайхамшигтай хэл гэдэг. Манай томоохон зохиолчоос нэгэн сэтгүүлч “Манай уран зохиол хэзээ дэлхийн төвшинд орчуулагдах бол” гэж асуухад нь тэр эрхэм “Дэлхий хэзээ монголчуудын хэлэх гэсэн санааг утга төгс орчуулж чадах хэлтэй болно, тэр цагт л. . . ” хэмээн ам бардам хариулсан гэдэг. Улс гүрний тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бол тухайн орны эх хэл байдаг. Эх хэлээ алдсанаар бусад орны эрхшээлд орж, үндэстэн даяараа мөхсөн гашуун түүх цөөнгүй бий. Гэтэл сүүлийн жилүүдэд монгол хэлээрээ “Чихний чимэг” хийх нь багасч, түүний оронд алт, мөнгөөр сонсголын эрхтнээ “чимдэг” болж. Монгол хэлнийхээ “Сонсох бүр яруу баялаг” байх үнэт чанарыг нь алдагдуулж байгаа нь одоогийн хүүхэд залуус гэхээсээ илүү томчууд бид.
    Цаг хугацаатай уралдах болсон энэ үед хүн бүр өөрийн хүсэл, сонголтоороо аливаа үгийг бичиж байна. Ялангуяа цахим бичил захидал буюу мессежээр харилцах тусгай хэллэг бий болсон. Гэсэн ч латин үсгээр бичигддэг энэхүү хялбаршуулсан хэллэгийг шууд монгол үгэнд орлуулан хэрэглэх болсон нь цаашдаа албан ёсны бичлэгийн хэлбэр рүү ч давшилж магадгүй болоод байна. Дээрээс нь олон нийтэд өөрийн бичвэрээ зөв хэмээн ойлгуулж чадсан нэгний зохиосон дүрэм “биежиж” буй нь нэн харамсалтай.
    Нийтлэлч Гаамп гэж нэг хүн байдаг юм билээ. Бичсэн зүйлсийг нь уншиж байсан хүмүүс андахгүй байх. Бусдаас ялгарах гэж тэгдэгсэн үү, аль эсвэл өөрийнх нь монгол хэлний чадвар энд хүрээд дуусдагсан уу, бүү мэд. Ямартаа ч эрхэм Гаамп маань нэг иймэрхүү бичдэг юм билээ.
    “Уудаг сайхан пиавныхаа амтан дээр
    Урд хөршийн хэдэн унхайгүй барилгачин дээр
    Ууж идэж хандаггүй увайгүй төрийн түшээдийн нүүрэн дээр
    Унгас алдатлаа бурах улс төрчдийн аман дээр
    Тусгаар тогтнол чамайг
    Тунхаглан бичнэ би. . .” Уг нь монгол хүн бүр бахдан дуудаж байдаг энэ шүлгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсан бичсэн хэмээн итгэдэг байлаа. Гэтэл “Гаамп гэгч эрхэм бичсэн ч юм уу?” хэмээн эргэлзэхэд хүрлээ, үүнийг уншаад. Дээрх бичвэрт зөв бичгийн дүрмийг бут цохьсон нэлээд үг байгааг та бүхэн анзаарсан байх. Эсвэл сая дахин уншихдаа анзаарсан ч байж магадгүй. Ихэнхийн маань хамгийн том алдаа бол өөрсдөд маань ойлгогдож л байвал тэр үгийг “зөв” хэмээн итгэдэгт байгаа гэхээр. Мөн түүний “Ерөнхийлөгчийн таалсан сэтгүүлч” нэртэй нэгэн бичвэр нь /нийтлэл гэж хэлэхгүй байгааг маань анхаараарай/ “За гарчгийг бол хүмүүсийг татах гэж өгсийн. Тэрнээс ерөнхийлөгч маань яг сэтгүүлч эмэгтэй таалаад байжаахыг нь би мэдэхчгүй.” гэсэн өгүүлбэрээр эхэлж байгаа юм. Дээрх хоёр өгүүлбэрт зөв бичигдсэн үг бараг л алга гэдгийг та харж байгаа байх. Эдгээр бичвэрүүд хэн нэгний бусдаас онцгойрохыг хүссэн “мода” байхыг үгүйсгэх аргагүй ч “Өвөг дээдсийн өв их эрдэнэ”-ээ ингэж хайр гамгүй, өөрийн дур хүслээр устгах нь зүйд нийцэхгүйг л хэлэх гээд байгаа юм. Дээр дурдсанчлан энэ бол хялбаршуулсан хэллэг буюу мессежний бичвэрийг шууд монгол хэл рүү хөрвүүлэн ашиглаж байгаа хамгийн том алдаа. Энд зөвхөн олон нийтийн уншсан байж магадгүй гэж бодсон нэг хүний ганц нэгэн бичвэрийг жишээ болгон онцоллоо.
    Зарим нэгний томьёолдгоор “бичсэн үгээ зөв эсэхийг нүдэндээ аятайхан харагдаж байгаагаар нь дүгнэж” болохгүй баймаар. Энэ мэтчилэн бидний өдөр тутмын харилцаанд, бүр цаашилбал, бичгийн харилцаанд ч зөв, найруулгатай, алдаагүй үг, өгүүлбэр цөөхөн болж байгаа нь бидний хамгийн том эмгэнэл юм. Биднийг ингэж бичиж, яриад байхаар монгол хэлний бүрэн бүтэн байдлыг хадгалж, хамгаалж үлдэх эзэд болсон үр хүүхэд маань зөв бичгийн дүрмийг сурахгүй байх нь аргагүй. Хэлсийшдээ, атаархдын, гуйжийна гээд бичээд байгаа нь зөвхөн бичиж байгаа хүндээ бус түүнийг нь уншиж байгаа хүмүүст буруу бичих эх үндсийг тавьж өгдөг гэхэд болно. Ингэж хүн бүр өөрийн дураар үгсийг бичиж, утгыг найруулах юм бол манай улсад Шинжлэх ухааны академи хэмээх том байгууллага, түүний дэргэд Хэл, зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн тасаг гэж байх хэрэг байна уу? Бүгд л өөрсдийн зөв бичих дүрэмтэй, эвтэйхэн харагдсанаараа бичиж болж байгаа юм бол бусад хичээлээ яая гэж байгаа хүүхдүүдэд энэ үгийг ингэж бичих ёстой, “монгол баавар” гэх мэтээр үгсийн сангийн дүрэм заах утгагүй мэт санагдана.
    Уг нь манай ард түмэн “чоно” гэдэг үгийг арав гаруй төрлөөр, “нас барсан” гэдэг утгыг хорь орчим үгээр илэрхийлж чаддаг аугаа их хэл ярианы баялагтай ард түмэн. Гэтэл өнөөдрийн бидний ажил амьдрал, ахуйн харилцаандаа хэрэглэж буй үг хэдхэн төрөл дотор эргэлдэж байна. “Сод их билэгт түмэн”-ий маань хэл бичгийн соёл ингэтлээ доройтож байгаа нь шууд техникийн дэвшилтэй холбоотой, мессеж бичсэнээр алдагдаж байгаа хэмээн ойлгох нь дэндүү өрөөсгөл болно. Үүнд бид амарчилсан байдлаар хоорондоо цахим бичил захидлаар харилцахдаа хэрэглэдэг бичвэрээ ажил төрлийн болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бичлэгт ашиглахгүй байх л хэрэгтэй гэдгийг хэлэх гээд байгаа хэрэг.
    Нарны гэрэл мэт асгаран буух босоо бичигтэй, өөр хаана ч байхгүй аман болон бичгийн их соёлтой хэмээн цээжээ дэлдэж байх хооронд маань “Чихний чимэг болсон өв их эрдэнэ” маань өдрөөс өдөрт багасч, ярианы болон бичгийн харилцаандаа гадаад, монгол нь мэдэгдэхгүй үг хэллэгийг ашигласнаар эх болсон монгол хэл маань түүх болон үлдэх нь вий.
    Т.ДАРХАН

     

  • ЮМ ҮЗЭЭГҮЙ ЯВАХАД ЕВРОПИЙН ОРНУУДЫГ ИХ ГОЁ ГЭЖ БОДДОГ БАЙЛАА.

    Юм үзээгүй явахад европийн орнуудыг их гоё гэж боддог байлаа. Дунд нь удаан амьдраад ирэхээр их өрөвдмөөр шүү энэ шар хүмүүс…Хуурамч инээмсэглэл, нэг хэвийн ажлын өдөр, нэг хэвийн үйлдвэржсэн хоол, мөнхийн чийгтэй байшингууд, ямар ч үнэргүй ургамал, хоорондоо нэг их ялгараад байхааргүй барилга тэгээд л энгийн адилхан хужаад үйлдвэрлэсэн хужаа хувцас…Ёс заншил гээд байх юм бараг байхгүй, сэтгэхүйн зөрүү нээх байхгүй. Нэг тиймэрхүү…Уйтгартай…
    Монголдоо ирээд л захын таксинд суугаад л амьдралд живдэг. Амьд байгаагаа мэдэрдэг. Монгол улсад дэлхийд байхгүй ЭРХ ЧӨЛӨӨ, амттай хүнс, үзэсгэлэнт байгаль, сайхан хүн ард байдаг. Дэндүү цайлган, цагаахан, энгийн, ид шидтэй хүмүүс байдаг. Үүнийг энэ шар хүмүүс хараад гайхдаг…Өөрсдийгөө үргэлж илүү гэж боддог шар хүмүүс захын малчин мотоциклийн мотороо засаж унаад, 20, гуч тавин адуу туугаад ирэхээр таг шооконд ордог. Учир нь дэлхийн тансаг хэрэглээний зүйлс нь Монголд энгийнээс энгийн хэрэглээ…Нэг цаг морь унахад ойролцоогоор 100$, харин Монголд үнэгүй…
    Тэгээд цаашаагаа үхрийн био мах өдөр бүр иддэг гэхээр ам нь сунаад эрүү нь мултардаг юм…
    Одоо угаасаа Томроод байсан Бүх Улсууд, ганц вирүснийхээ учрыг олохгүй далаараа тавиулж, байрандаа ирлээ. Бутрах нь бутарч, задрах нь задрана. Дэлхий ертөнц Дахин гарааны ижил нөхцлөөс эхлэх гэж байна.
    Тэнэг бүдүүлгээрээ дуудуулж хэдэн зуун жил Байгальтайгаа зохицон амьдарсаар ирсэн Монголчуудад давуу тал үүслээ.
    Байгальтай ээлтэй хөгжлийн тухай бүгд ам уралдан ярьцгааж байна. Бид ярих биш БҮҮР ХИЙСЭЭР ирсэн!!!
    Эх Орондоо Эзний Сэтгэлгээгээр хандаж Эко хөгжлийг авчиръя. Сүйрэн доройтож буй хуурамч хөгжлийг биш!!…
    Д. Хонгорзул

  • ТЭНГЭРЛЭГ МОНГОЛ УДАМТАН

    Тэнгэрлэг заяаны нууц нь юу вэ?
    Монголчуудыг тэнгэрлэг заяатнууд гэдэг. Тэнгэрлэг гэдэг нь үнэндээ орчлон хорвоогийн үнэнг таньж, түүний жам ёсны хуулиудад зохируулан, зохицон хөгжих зөв, эерэг агуулга, арга ухааныг олж, өөрсдийгөө засч, залруулж, үр хойчистоо уламжлуулж үлдээсэн соёлтой гэсэн утгатай. Зөв ухаарал, арга ухаан гэдэг нь жам ёсонд нийцсэн гэсэн агуулгаар тайлагдах бөгөөд тэр ч утгаараа илүү дээд дэвшингүй, хөгжингүй мөн чанартнууд хэмээгддэг. Бидний өвөг дээдэс зөв амьдрах ухаан, ухаарлаар өөрсдийн аж амьдрал, ахуй соёл, ёс заншил, өв түүхээ бүтээж, үеэс үедээ өртөөлүүлэн уламжуулж ирсэн, үнэлж баршгүй баялагтай билээ.
    Монгол Удам гэж чухам вэ?
    МОНГОЛ хэмээх үгийг олон янзаар тайлсан байдаг. Ихэнхдээ авиа дуудлага, үгийн үндэсээр нь таних, тайлах гэж хичээсэн нь бий. Харин үнэндээ МОНгол хэмээх нь Мөнхийн Оршихуйд Нийцэхүйг гол шугмаа болгож хөгждөг буюу жам ёсны үнэнд зохицон хөгжих замыг өөрсдийн хөгжлийн үндсэн шугмаа болгож, яс дагасан, язгуур уламжилсан удам, ургийн өгөгдлөөр уламжлуулан, улаан цусанд шингэсэн угсаа гарвалийн мэдээллээр удамшуулан дамжуулдаг ард түмэн гэсэн утгатай.
    Тэнгэрлэг заяа удмаар уламжлагддаг
    Бидний өвөг дээдсүүд орчлон хорвоогийн жам ёсыг таньж, өөрсдийгөө төдийгүй өнгөтийн ертөнцийг засан залруулж, засаглан тохинуулж ирсэн үгүйсгэгдэшгүй үнэний түүхтэй, үнэлж баршгүй соёлтой. Өвөг дээдсийнхээ ухан таньсан ухааны ундарга, учиглан зангидсан тэнгэрийн барилдлага, оньслон бүтээсэн оюуны онч, олон олон эрдэм, арга ухааныг, арга хийгээд билгийн зохилдолгоо, тэсвэр хатуужил, эрхэм чанаруудыг бид өвөө, эмээгээсээ, эцэг эхээсээ өвлөн суралцаж, өөрсдөө баяжуулан бүтээж, үрс хойчистоо уламжлуулан үлдээдэг.
    Бид удмын үргэлжлэл
    Бид өвгөд дээдсийнхээ удмын үргэлжлэл, ухааны үргэлжлэл, өвийн үргэлжлэл үүргийн үргэлжлэл. Бид тэднээс суралцах төдийгүй тэдний өөр өөрийн цаг үедээ өндөр төр, өргөн олон, эх дэлхийн төлөөх эгэлгүй үйлийг өртөөлөн хүлээн авч үргэлжүүлэн үүрэгждэг. Хэтийдсэн дээд өвгүүд маань хэн байсан түүнийг нь өөрийн эрин цагтаа дордуулалгүй өртөөлөн, үйлийг нь, үнэнийг нь үргэлжлүүлэн бүтээж, өөрсдийн гэсэн үнэний түүхээр баяжуулан хойд үедээ уламжлуулан үлдээдэг нь Монгол удмын ёс билээ.
    Бид удмаа бүтээлцдэг
    Нарт ертөнцөд мэндэлсэн хүмүүн заяат хэн боловч ясны мэдээллээр боссон эцгийн язгуур, цусны өгөгдлөөр биежсэн эхийн угсааг удамлан төрдөг. Өнчин гагцаар гэх хүмүүн үгүй бөгөөд хэдийгээр өөрийн төрөл төрөгсдийг танихгүй байсан ч эрчмийн мэдээллээрээ холбогдон өөрийн цус нэгтэй, яс нэгтэй, удмын эрчим нэгтэй бусдынхаа хувь тавиланд зохих нөлөө үзүүлж байдаг. Бидний хийсэн сайн үйлийн үр удмын маань заяаг эерэгжүүлэн тэтгэж, бидний хийсэн муу үйлийн үр удмын бүхий л үрсэд сөргөөр нөлөөлж байдаг. Дан ганц нэгэн цаг үед хамт оршин амьдарч буй үрсэд нөлөөлөөд зогсохгүй удмын мэдээллийн санд эерэг, сөрөг өгөгдөл болон хадгалагдаж, уламжлагдаж байдаг. Тэр ч утгаараа бид өөрсдийн бодол, үйлээр удмаа бүтээлцэж, ирээдүйгээ залж чиглүүлдэг билээ.
    Бид удмаа уламжлуулдаг
    Бидний өвөг дээдсүүд биднийг залж чиглүүлж, өндөр дээрээс ивээж, үргэлж мөнхөд тэтгэдэг шиг бид ч бас хойч ирээдүй үеийнхнийхээ өндөр дээдэс нь болно. Бидний түүх замнал, үлдээх өв үр хүүхдүүдэд маань зам нь, зүг нь, чиг нь, үнэн болох болно. Бид ирээдүйнхээ өмнө хариуцлага хүлээж, тэднийг хэн байж болохыг чиглүүлэн угтах алсыг нь урьдаас бэлддэг билээ. Бид хэн байна, тэд тийм байна. Бид юунд хөтөлнө, тэд тэнд байх болно.
    Бид удмынхаа өмнө үүрэг хүлээдэг
    Бид өөрсдийн хамаарах удам бүрийн өмнө үүрэг хүлээдэг. Угсаа, язгуурын эрчимт мэдээллийг өвлөгчийн хувьд, үргэлжлүүлэн замнагчийн хувьд, өргөжүүлэн хөгжүүлэгчийн хувьд, өртөөлөн дамжуулагчийн хувьд, үлдээснээрээ залагчийн хувьд үүрэгжээд зогсохгүй өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц үүргийг бүтээх нь ч бий. Би удмынхаа өмнө үүрэгжиж, удмын бусад үрсүүд ч миний өмнө үүрэгждэг. Бид нэгэн амин эрчмээр холбогдож, бие биенээ тэтгэж явдаг. Удамд хамаарах бүгд өөрсдийнхөө өмнө, бусдынхаа өмнө, удмынхаа өмнө үүрэгждэг.

    Эрэлчин

  • Өвөг монголчууд Америк тивийг нээсэн баримт нотлогдсоор

    Ялангуяа Орос, Америкийн эрдэмтэд үүний төлөө олон жил ажиллажээ. 1974 онд энэ хоёр орны эрдэмтэд Алеутын арлууд дээр гурван сар археологийн судалгаа хийж, Монголын говь хийцийн чулуун зэвсэг олжээ. Энэ нь Америк тивийг анх хэн нээсэн юм бэ гэдэгт хариулт болох байв. Харамсалтай нь, эрдэмтэд нь өөрсдөө монгол хэл мэдэхгүй байсан тул археологийн малталт хийсэн эдгээр арал нь язгуур монгол нэртэй байсныг мэдээгүй ажээ.
    Учир нь, эдгээр арлын нэр нь Атга, Адаг, Уушиг, Их Нүдэ тэдгээрийн ойр орчмын газар нутаг нь Цагаан Тайга, Атту, Агат гэх зэрэг олон монгол, монголжуу нэртэй байдаг гэнэ.
    Тэгэхээр өвөг монголчууд амьдрахын эрхээр ан гөрөө хийж, амьдрах тавтай орчин хайж 8-25 мянга, магадгүй 30-40 мянган жилийн тэртээ Америк нутагт хөл тавьсан байж болох юм гэж МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн агсан С.Жамбалдорж авгай сонин санаа дэвшүүлсэн юм. Монголын говь хийцийн чулуун зэвсэг Америк тивээс олдоно гэдэг бол монголчуудын хувьд гайхалтай нээлт юм. Аляскийн хойгт Чагаан тайгун гэж одоо ч газрын зурагт тэмдэглэгдсэн нь Цагаан тайга гэж монголчуудад хэтэрхий ойлгомжтой байгаа юм. Бас Карлуг буюу Харлаг гэдэг үг ямар нэг аймгийн нэр байж мэдэх юм. Аляскийн гол мөрний нэрийг сонирхвол Ноатак буюу нутаг, Кокалин буюу Хөх, Хөх олиг, Ээк буюу Эх гол нэртэй газар байна. Эдгээрийг монгол үг мөн үү, биш үү гэдэгтэй маргах хүн бараг байхгүй биз ээ. Алеут арлын хүмүүс эх хэлээ Unangan буюу унаган хэл гэж нэрлэдэг юм байна.&nbsp;<br>
    Хэл шинжлэлийн судлаачдын нотолсноор эскимосчуудын ярьдаг Ескимо-Алеут овгийн хэл, Гренландын хүмүүсийн ярьдаг На-Дене хэл нь уугуул индианчуудын ярьдаг Америнд овгийн хэлнээс тэс өөр гарал үүсэлтэйг нотолжээ. Харин монгол хэл тэрхүү Америнд овгийн хэлтэй гарал үүсэл нэгтэй. Тэгэхээр Америк тивд хүрсэн Азийн анхны хүмүүс нь монгол гаралтай, монгол унаган хэлтэй, монгол говь хийцийн чулуун зэвсэгтэй өвөг монгол хүмүүс байжээ.
    Азийн анхны хүмүүс эхлээд Аляскт хүрсэн гэх таамаглалыг дэвшүүлэгчид нь 15-18 мянган жилийн тэртээ ээлжит мөстлөгийн үеэр далайн түвшин одоогийнхоос 90 метрээс нам дор байсан тул Берингийн хоолой хавиар Ази тивийг хойд Америктай холбосон хуурай газар байсан гэж үздэг. Уг хүзүүвчээр туулж гарсан анхны анчид өмнө зүг үргэлжилсэн аварга том мөсөн уул, уул гүвээтэй тулгарчээ. Гэхдээ цааш цаг агаар дулаарч эхэлснээс хойш иймэрхүү мөсөн гүвээ буюу мөстлөгийн үед хойд Америкийг бүрхсэн мөсөн хуяг дундуур хайлалтын хонгил гарсан юм байна. Харин хэзээ ч юм бэ мөстлөгийн түрлэгт автагдсан зэрлэг ан амьтан, амьтад урагшилсаар, хүмүүс ч түүнийгээ хөөж хамт урагшилсан байж болох юм.
    Америкийн индианчуудын монголчуудаас өвлөж үлдсэн олон зүйл байдаг гэнэ. Тэд одоо ч гэсэн Ailo буюу айл гэж хот айлаа эзэд дээдсээ “надаан” буюу хаан гэж бидний нэгэн адил нэрлэсээр байна. Мөн, алеут хэлний тольд “Адии” буюу Аугаа гэдэг үг нь бурхан шүтээн сахиус гэсэн утгатай ажээ. Аугаа их, хүчирхэг, шилдэг хэмээх утга агуулсан энэ үгээр олны манлай болсон сайн хүнээ өргөмжлөн дээдэлдэг хэвээрээ ажээ.

  • Юүн А Хён: Монголчуудын тайван зан их таалагддаг

    -Яагаад манай улсыг сонгож суралцах болсон юм бэ. Сургалтын системийн ялгааг юу гэж хардаг вэ?
    -Миний хувьд монгол, солонгос оюутнуудын дунд ялгаа байхгүй юм шиг санагддаг. Харин оюутны дүн гаргах систем нь өөр байдаг. Солонгост их, дээд сургуулиуд нь дүн гаргахад их өрсөлдөөнтэй. Яагаад гэвэл Монгол шиг 90-ээс дээш гарвал ‘’А’’ дүн өгдөггүй. Бүх оюутныг дүнгээр нь жагсаадаг учраас өрсөлдөх шаардлага гардаг. Харин Монголд арай өөр юм билээ.
    -Соёлын хувьд ямар ялгаа мэдрэгдсэн бэ?
    -Ер нь манай хоёр орон соёлын хувьд тун адилхан болохоор нэг их бэрхшээл гардаггүй. Гэхдээ ямар ч оронд очсон хэл сурах л хамгийн хэцүү санагддаг. Их сургуулийн хичээлийг шууд монгол хэлээр сонсох амаргүй даваа. Ойлгохгүй зүйл, мэдэхгүй үг гээд л . Өмнө нь монгол хэлийг бага мэддэг байсан. Тэгээд нэг жил хэлний бэлтгэл ангид суугаад ерөнхийдөө сайн ойлгодог болсон. Харин дуудлагын хувьд Л үсэгтэй үг хэлэхэд одоо ч гэсэн хэцүү санагддаг. Мөн хүмүүсийн өдөр тутамдаа ашигладаг сул үг, хэлц үгнүүдийг ойлгоход хүндрэлтэй байсан. Одоо бага багаар ойлгож байгаа. Хамгийн сүүлд шинээр чихшиг гэдэг үгийг сурсан. Анх яг юу гээд байгааг ойлгодоггүй байсан ч одоо утгыг нь ойлгодог болсон.
    -Манай орноос хамгийн их таалагдсан зүйл нь юу вэ?
    -Миний бодол шүү. Солонгос хүмүүс их хурдан зан чанартай. Тиймээс уулзалтдаа цагаасаа өмнө ирж хүлээдэг. Монгол хүмүүс тайван сэтгэлтэй. Тиймээс цаг барихдаа ч маш тайван ханддаг. Хүмүүсийн тайван зан чанар анх хэцүү санагддаг байсан. Одоо бол эсрэгээрээ илүү их таалагддаг болсон. Солонгост байхад хичээл гээд л их завгүй амьдардаг. Харин Монголд ирээд орчин тойрноо харж, жижигхэн зүйлээс аз жаргалыг мэдэрдэг болсон. Ялангуяа, эрх чөлөөг хөдөө бүр ихээр мэдэрч, амар амгалан байж чаддаг.
    -Монголын хөдөө нутаг үнэхээр сайхан шүү?
    -Тийм ээ. Хөдөө аялалд явахад үнэхээр сайхан. Яагаад гэвэл хөдөөгийн хүмүүс биднийг таньдаггүй хэрнээ маш халуун дотноор угтаж авна. Хоол цайгаар дайлж яг л удаан уулзаагүй дотны найзаа угтаж байгаа юм шиг маш баяртайгаар хүлээж авдаг. Үнэхээр гоё мэдрэмжийг мэдэрсэн. Бас анх монгол хэлийг тийм сайн сураагүй үед ойлгохгүй зүйлийг маань зааж, тусалдаг байсан. Тэр нь надад маш сайхан мэдрэмж төрүүлсэн..
    -Монгол үндэсний ямар хоолонд дуртай вэ?
    -Бууз, хуушуур, хорхог, цуйван, гурилтай шөлийг их идэж байсан. Гурилтай шөлөнд хамгийн их дуртай. Цагаан идээ их сонирхолтой байсан. Анх айраг уухад гашуун гэхдээ нэг тийм гоё амттай санагдсан. Харин аарц идэхэд л жаахан хэцүү. Цагаан идээнээс тараг уух их дуртай. Солонгост тараг байдаг ч монгол тараг илүү их сүү амтагдсан сайхан амттай.
    -Удахгүй баяр наадам болох гэж байна. Үндэсний баярт дуртай юу?
    -Тийм ээ. Наадам, цагаан сараар үндэснийхээ хувцсаа өмсдөг нь их гоё. Наадмаар жаахан хүүхдүүд морь унаж байгаа нь сонирхолтой. Хараад л шууд уулга алдсан. Өмнө нь сонсож байсан ч нүдээр хараад их гайхсан. Харин цагаан сарын хувьд бүх таньдаг айлдаа очиж амар байна уу гэж золгодог нь гоё. Манайд цагаан сар тэмдэглэдэг ч зөвхөн гэр бүлээрээ л цуглардаг. Солонгост том хүмүүс, хүүхдүүдэд мөнгө өгдөг. Монголд харин эсрэгээрээ өндөр настай хүмүүст мөнгө барьж золгоод, хүүхдүүддээ бэлэг өгдөг. Бас монголчууд шинэ жилийг маш өргөн хүрээтэй тэмдэглэдэг юм байна лээ. Бүх байгууллага шинэ жилээ тэмдэглээд үдэшлэг зохиож, даашинз өмсдөг. Солонгост зүгээр л гэр бүл, найзуудтайгаа хоол идэж бялуу хуваадаг. Мөн хүүхдийн даахь үргээдэг нь сонин, сонирхолтой шинэ зүйл байсан. Түүнд ч бас их ач холбогдол өгч маш утга учиртай ханддаг нь харагдсан.
    -Монголын хөгжмийн ертөнцийг сонирхдог уу. Сонсох дуртай хамтлаг дуучин бий юу?
    -Тийм ээ, байлгүй яахав. Би дуучин Укад маш их дуртай. Бас Vandebo, Thunder-ийг сонсдог.
    -Энд ирээд ямар нэгэн шинэ зуршилтай болсон уу?
    -Мах их иддэг болсон. Маш чөлөөтэй, илүү тайван болсон. Монголд ойрхон улсуудыг сонирхож, 21 аймгаар аялж үзэхийг хүсдэг. Гэр бүлийнхэн маань Монголд их хайртай. Асрамжийн газрын хүүхдүүдээс их хүч чадал хайрыг авдаг. Тэдний ачаар илүү их юмсыг хайрлаж сурч байгаа. Энэ нь Монголд үргэлжлүүлэн амьдрах нэг шалтгаан болсон.

  • Чингис хааныхаа нэр хүндэд хүндэтгэлтэй хандацгаая

     

    Суу алдар нь зуун зуун дамжин бадран мөнхжсөн Чингис хааны маань нэр эдүгээ цагт ч монгол цустай хүн бүрийн итгэл үнэмшлийг сэрээн батжуулж, Монгол үндэстний оюун санааны нэгдмэл орон зайг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Их хааны гэрээслэл, айлтгал бүхэн хөх толбот Монголчуудын оюун санааны эв нэгдлийг хангах замаар хөрш үндэстнүүдийн төрийн болон эдийн засаг, соёлын цөмрөлтийг тогтоон барьж үндэсний тусгаар тогтнолыг батлан сахиулах тэнгэрийн зарлиг болж оршсоор байна. Монголын төр, түмэн Эзэн Богд Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбай дээр Их хааны хөшөөт цогцолбор сүндэрлүүлсэн. Мөн гадны зочид гийчид ирэх үүд хаалга болсон Буянт-Ухаа онгоцны буудлаа Их хааныхаа нэрээр нэрлэсэн билээ.

    Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ард иргэдтэйгээ хамтран Бурхан Халдун уулаа дөрвөн жил тутам хүндэтгэн тахиж, Эзэн Богдоо Чингис хаанаа бурханчлан тахихаар зарлигдсан.

    Үндэсний оюун санааны эцэг Эзэн богд Чингис хаанаа шүтэн биширч, итгэл үнэмшил, эр зориг, шударга шулууны эрхэм дээд үлгэр болгож байхад, энэ сайн үйлстэй зэрэгцэн Их хааны хөрөг дүр, нэр алдрыг архи, тамхины шошго дээр байрлуулж байгаа нь нэн харамсалтай.

    Монголчууд бидний дээдлэн шүтэж сүсэглэн залбирдаг Эзэн Богд Чингис хааны дүрийг архины шошгон дээр байрлуулах замаар хог шороотой хутган үндэстний хийморь лундаа, цог жавхааг доройтуулж байгааг ойлгон ухаарч шийдвэртэй алхам хийж чадах Чингис хааны алтан төрийн аргамжаанаас атгалцаж буй төрийн түшээд та бүгдийн дунд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өвөг дээдэс, шүтээн хийморио хог шороотой хутгачихаад сууж буй ард түмэн, үндэстэн энэ дэлхий дээр биднээс өөр байгаа болов уу?

    Өнөөдөр Есүс Христ, Будда, Мухамед, Күнз нэртэй архи гарч ирсэн бол соёлт хүн төрөлхтөн яаж галзууран бачуурч, уурлах бол. Харин бид бурханчлан тахисан их шүтээн, Эзэн Богд Чингис хаанаа архины шошгон дээр байрлуулж хогтой хутгачихаад хээв нэг үхэр царайлан зогсох нь юун их эмгэнэл вэ. Туурга тусгаар Монгол Улсын эх ундаргыг бүрдүүлж өгсөн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 851 жилийн ойн амралтын өдөр их хаанаар нэрлэгдсэн хөлчүүрэх ундаагаа бага хэрэглэж амрахыг нийт монголчуудад уриалж байна.

    Тэнгэр Таныг тэтгэг!
    Хөх ташуур 2013.11.01