Category: Нийтлэл, ярилцлага

  • ЭЭЖ МИНЬ

    Ертөнцийн тооллоор бол маш богино хугацаа, хүний насаар бол их л хугацаанд тооцогдох он, жилүүд өнгөрчээ. Тэгээд ээжийгээ баярлуулж байсан бас зовоож байсан зарим мөчүүд санаанд бууж ирлээ. Ээж минь найман хүүхэд төрүүлж бойжуулсан, төрөөс алдарт эхийн хоёр одон хүртсэн монголын мянга, мянган эгэл ээжүүдийн нэгэн байлаа. Бага насанд үлдсэн дурсамжаа санав.
    Хамгийн түрүүнд бүр багын, бүдэг, бадаг санах тээр жилийн дуулиант явдал санаанд буув. Хамгийн том ах маань Чигэстэйн голоос ус авахаар үдэд яваад ирсэнгүй ихэд удав. Ажлаас ирсэн ээж минь эгчийг юу болсоныг тодруулахаар араас нь явуулж билээ. Гэр тэрчигтээ түргэн авав. Голын дундах цооногийн дэргэд хоёр арвын бидоныг дүүрэн устай орхижээ. Бидонтой ус нилээд зайрмагтсаныг үзвэл ихэд уджээ. Бүгд л муу юм бодов. Аавыг ажлаас нь дуудаж тэр хавьдаа бужигнаж байтал битүү цана, туураг болсон ах тээр холоос гулгасаар айсуу харагдлаа. Найз нараасаа гуйж олдсон тэшүүрээр шавиагаа ханатлаа гулгахаар Улиастай хотоос Алдархаан сум ороод ирсэн нь энэ байжээ. Тэр явдлаас хойш бид тэшүүртэй болсон юмдаг.
    Зуны ид халуун өдрүүд үргэлжилж байлаа. Гэрийн дэргэдэх гэрлийн шонгийн модонд дунд ах минь өглөөнөөс хойш хүлээтэй байх агаад гэрийн бүслүүрт тэр үедээ маш ховор бүх л төрлийн чихэр өлгөөстэй харагдана. Тэрээр манайд үе дамжин ирсэн ээжийн бор авдар дахь чихрээс хулгай хийсэн учир зохих “шийтгэлээ” эдэлж байгаа нь тэр байлаа. Бид зуны халуунд нойтон алчуур толгойд нь тавих, аманд нь цай зальгуулах туслалцаа үзүүлнэ. Хамтдаа шийтгэлийг амсаж, хүмүүжиж байгаа нь тэр юм. Угтаа бол ахынхаа хүлээсийг тайлах, уях нь хэдэн секундын ажил, бас сүүдэрт байлгаж байгаад аав, ээжийгээ ажил тарах эргээд уяж болондоо. Гэхдээ аав, ээжийн шийдвэр гэртээ хууль учраас хүүхдүүдээс хэнч үл зөрчинө. Тэр л бидэнд үлдэх сургамж байжээ. Цаг ямагт ч бусдын хөдөлмөрийн үр шимийг хүндэлж, амьдралдаа үнэнч шударгыг эрхэмлэн амьдрасаар энэ насаа өнгөрүүллээ.
    Эмээ минь, хожим ээж минь хаяа нэгхэн амьдралын түүхээ дурсана. Эмээ ээж нутагтаа хувьсгалт ёс тогтоход залуучуудын байгуулагад элсэж үсээ тайруулсанаа ярьдаг байж билээ. Түүнийхээ горыг амсаж, эсэргүүний жилүүдэд баригдаж, үсээ тайруулсан бүсгүйчүүлийг нэгэн эгнээнд жагсааж, нэгээс гурав тоолуулан гурав дахь хүн бүрээр амийг авч тахиж байсан тухайгаа ярьж, надад хоёрын тоо таарч амьд үлдсэн шүү хэмээн бидэнд хуучилна. Манайхан хувьсгалын жилүүдэд гурван ч удаа хөрөнгөө хураалгаж байсан ч, мал нь түргэн өсдөг юм хэмээн хуучилна.
    Аав ээж хоёр малаа даган амьдарч, завсар зайнд нь нэг нь мужаан хийж, ан эрхэлж, нөгөө нь дээл, хантааз оёж амьдралаа залгуулна. Амьдрал өөрөө тухайн нийгмийн тусгал байдаг болохоор тэр үеийнхэний дундаж амьдрал болох дөрвөн жилийн сургуулийн боловсрол эзэмшсэн аав минь дайны жилүүдэд хилийн цэрэгт зургаан жил албаа хааж байжээ. Ээж минь монгол, латин, кирилл үсгээр уншиж бичнэ, тогтоох гэсэн зүйлээ гайхалтай сайн цээжилнэ. Олон хүүхдээ өсгөхийн тулд амьдрал аав, ээж хоёрыг минь, бас биднийгээ шуурхай, хөдөлмөрч байхад сургасан билээ.
    Хүүхдүүд өсч томрох дутам амьдрал хоёр хуваагдаж, аав малаа дагаж хөдөөд, Донойн хөндийд, ээж хүүхдүүдийнхээ сургуулийг бараагдан төв газар Улиастайд суурьших болов. Тэгээд амьдралын хэвшилээ өөрчлөх цаг хугацаанд тулж ирэв.
    Аав, ээж хоёр маш их зориг гарган, айлд 500 гаруй толгой малаа орхиод нийслэл хот хэмээн их айл руу зориглон хөдөлсөн байдаг. Хожим бодоход аав, ээж минь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө амьдралдаа эрс өөрчлөлт хийсэн, маш зоримог алхам байсан юм билээ.
    Хотод анх ирээд анх буусан газар Улаанхуаран хэмээх цэргийнхэн голдуу байрладаг газар байв. Одоо ч тэнд миний амьдрал үргэлжилж байна. Энэ л газарт жаран жил болжээ. Хугацаа маш хурдан өнгөрчээ.
    Мэргэжилгүй болохоор ээж минь хотод ирээд Улаанхуарангийн тоосгоны үйлдвэрт тэр үеийн нэрлэдгээр “баюунд” нормочингоор ажилладаг байлаа. Шатаах зууханд маш хүнд нойтон түйпуу өрж, шатаасан тоосгыг зөөж гаргаж өрнө. Энэ бол эмэгтэй хүнд ахадсан ажил байсан. Гэхдээ л хүүхдүүдийнхөө төлөө чадах бүхнээ хийж байжээ. Хичээл тармагч зургаан эрчүүд ээжийн ажил дээр цугларч, өөр, өөрсдийн тоосго зөөдөг үүргэвчээ үүрч, ээжийн нормийг тэр дор нь гүйцээнэ. Энэ бүхний дараа бид өөр, өөрсдийн “тоглох, наадах” гээд хүүхэд насны ажилаа эхэлнэ. Тэр хүүхдүүд дотор ирээдүйн төрөл мэргэжлийн цэргийн олон хурандаа нар, хотын дарга нар цүнхээрээ хаалга хийчихээд хөл бөмбөг тоглож өссөн.
    Арван жилийн тэр жилүүдэд ээжийн минь толгойд цагаан үс үзэгдэх болж, зуун ширхэг үс түүвэл “марожин” авч өгнө. Тэр хөлсний хөдөлмөрийг их хийсэндээ.
    Идэр нас хүрч ирлээ. Амжилтад хүрэх болгонд бүхнээс түрүүн ээжий минь баярлана. Цэргийн сургуульд суралцаж, Сүхбаатарын нэрэмжит цалинтан болов. Бүх хангалтыг улсаас өгдөг цэргийн сургуульд нэрэмжит цалин нь тэр үедээ өндөр цалин байлаа. Хамгийн эхний цалингаа аваад дээжээс нь ээждээ дуртай баавгайтай чихэр, аавдаа шил архи, тус бүр 25 төг дагалдуулж өгч, курсын дарга Батсүх \Пяткад\ нижгээд шил архи, үлдсэн мөнгөөр тамхи, чихэр, боов авч майхан цуванд дээр асгаад курсынханы дунд тавьж, тэмдэглэж билээ.
    Тэгэхэд Ээж, аав хоёр минь ихэд баярлаж билээ. Миний амьдрал цаг хугацааны хэмжүүр болсон “цаг”-ын шагнал дагаастай, түүнээс ээж минь ямагт адис авна. Цэргийн сургууль төгсөхөд Батлан хамгаалахын сайдын, ОХУ-д удирдлагын академи, Москвагийн нийгэм эдийн засгийн их сургуулийн захирлын, АНУ, ХБНГУ-д сургуулийн дурсгалын цаг дагаастай. Гол нь би онц сурахын төлөө биш, монгол гэдэг эрхэм нэрийг бусдын өмнө “ихэмсэг” байлгахын төлөө тэмцэж явсан.
    Хүүхдүүд томорч гэр бүл болон салаалав. Эрчүүд нь хот хооронд тээврийн жолооч болж, эмэгтэйчүүд нь улаанхуарангийн сүүний үйлдвэрт ажлын гараагаа эхлэв. Хүн бүхэн ажилтай байж, өөр, өөрийн амьдралаа авч явсан тэр жилүүд жаргалтай байжээ.
    Ээжийн минь 49-ний жил том ах минь геологийн авто баазад жолоочоор ажиллаж байхдаа судалгааны ажлаар янз бүрийн бэрх, бартаад замаар аялж яваад осолдож, нэг геологч нас барсан хэрэгт оров. Ерөөс хэдхэн хоногийн дотор ээжийн минь үс цав цагаан болж билээ. Эх хүн үр хүүхдийнхээ төлөө юутай их санаа зовж, сэтгэл нь ямар их хямардагийг тэгэхэд мэдэрч билээ. Түүнээс хойш ээж минь цав цагаан үстэй болсон юм.
    Оюутан байхдаа аав, ээж хоёроо дагуулан оросын сибирээр нэгэн зуны турш аялж, Москваг үзүүлэв. Тэр л миний ээж, аавдаа зориулсан, хамтдаа удаан аялсан, цаг хугацаа байжээ.
    ҮАБЗ-ийн ажлын албаны анхны даргаар томилогдоход хамгийн их баярласан хүн бол аав, ээж хоёр минь байлаа. Аавын минь нүдэндээ нулимас цийлэгнүүлэн үнсэж, ээж минь тос шаргалтсан хийцтэй цайгаар дайлж тэрүүхэн хавьдаа бөөн баяр болж өнгөрсөн. Төрд ажилласны баярт мөчийн нэг нь энэ байлаа.
    Өндөр настай болсон ээж минь өдөржин мэдээ үзэж, улс орны аюулгүй байдлын холбоотой мэдээллийг сонсож, гол, гол санаа зовоож буй асуудлуудыг намайг ирэхэд танилцуулна. Миний хийж буй ажилд санаа их зовж байгаагийн илэрхийлэл болов уу. Сэтгэлийг нь амраахын тул бүгдийг нь сонсоно. Ээжийн минь цээжлэх ой ухаан гайхалтай шүү. Хэдий миний мэдсэн мэдээлэл байдагч ээжийн ярих зүйлд олон түмний санаа бодол нэвт шингэсэн байдаг байлаа.
    Улсад 30 жил зүтгэсэн хөдөлмөрийг төр нь үнэлж, одон, медаль чамгүй л хүртсэн. Авах, авахдаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Улсын их хурлын дарга Энэбиш нартай хамт, төрийн ёслолын танхимд ёс төртэй авч байсан билээ. Ажил, их хөдөлмөрийн үр дүнг төр нь үнэллээ гээд бодож явсан шагналыг өмнөд солонгост олон жил ажиллаж, мөнгө хийсэн нөхөр, насаараа жолооны курсын захирал хийсэн “он жав”-ууд мөнгөөр аваад зүүсэн, түүнээс хойш миний хувьд шагнал нь үнэ цэнэгүй болж, цээжинд зүүх чимэг, бусдад өөрийгөө харуулах “аархал” болж хувирсаныг мэдрэв. Тэгээд ч зүүдэггүй юм. Авсан шагналаа аав, ээждээ үзүүлж, үнсүүлэх хүртэлээ л зүүдэг байлаа. Шагналтай гээд хүн магтсангүй, шагналгүй гээд хүн муулсангүй.
    Намайг ажилгүй болгосон дарга нартаа баярладаг юм. Тэд жирийн малчины хүүхдэд гарын “шүүсээ” амтлуулсан л даа. Тэдний ачаар ээж, аав хоёрыгоо хорвоог орхиход, би тэднийгээ амьсгал хураахад нь дэргэд нь байж чадсан юм.
    Хүн дандаа л хамт байх юм шиг бодсоор насыг өнгөөрнө. Ээж минь ухаан алдаж, бид, бүх үр хүүхэд нь цугларсан байлаа. Ээж минь унтаж байгаа юм шиг хэвтэнэ, амаараа амьсгална. Хэл нь амьсгалыг нь түгжих гэж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрнө. Ээжийн судасыг тэмтэрч цохилтыг нь мэдрэх гэж оролдов. Насаараа эмч хийсэн бэр бидэнд одоо найдах хэрэггүй шүү гэж анхааруулсан байлаа. Ээж минь ухаан орохдоо аав, бид хоёрыг дуудав. Ээждээ үнсүүлчихээд аавтай хоёуланг өрөөнд үлдээгээд би өрөөнөөс хурдан гарсан юм. Энэ бол ээжтэйгээ уулзсан сүүлчийн уулзалт байлаа. Төдөлгүй ээж минь ухаан алдав. Бид өрөөнд орлоо. Тэгээд хэд, хэд хүчтэй амьсгалсанаа, урт гээчийн амьсгал аваад тэнгэрийн орныг зорисон.
    Үүрд мартахгүй гэх л юм. Үнэндээ жирийн амьдралд бол үр хүүхдүүдээс өөр дурсах хүн байдаг юм уу. Алдар нэр, гавьяа шагнал цаг үедээ амьдарч, цаг үедээ дуурсагдан өнгөрөх ажээ. Хэдэн арван жил өнгөрөхөд ихэнх зүйл мартагдана.
    Ээж минь тэнгэрийн орон зориход түүнрүү өдөр болгон хөтөлдөг байсан харгүй зам хаагдаж, аагтай, шар тостой сүүтэй цай, боорцогоо аваад явсандаа. Орчин цаг түүний үргэлжлэл байж чадсангүй.
    Миний зовлонт мөч аав, ээж хоёр минь тэнгэрт зорьсоны дараа тохиосон билээ. Түүндээ баярлаж явдаг юм. Малчны хүүхэд намайг хэн хамгаалах вэ дэ. Өөрөө, өөрийгөө л хамгаална. Төрийн нууц задруулсан хэргээр хоёр ч удаа эрүүгийн хэрэг нээж баривчлагдаж, хоригдож байхдаа, аав, ээжээ зовоогоогүйдээ баярлаж явдаг юм. Орчин цагт монголд над шиг тусгай байгуулагаар дахин, дахин шалгагдсан хүн ховор байх аа. Энэ бүхэн бол төрдөө үнэнч шударга зүтгэсний төлөө “шагнал” юм.
    Номын өргөөнд суудаг ажлын ширээний дэргэд хүн анзаарахгүй газарт аав, ээжийн зураг бий. Тэд үргэлж надтай хамт байдаг гэж боддог шүү.
    Д.Жаргалсайхан

  • Э.Сандагжав: ХӨӨМИЙГ МОНГОЛ УЛСААРАА ОВОГЛУУЛЖ ЧАДСАН

    -Одоогоос 1000-аад жилийн тэртээгээс үүсэл¬тэй гэж таамагладаг. Ар¬дын урлагийн сонгодогт багтдаг юм. Дэлхийд хаана ч байхгүй урлаг шүү дээ. Хүнээс хоёр хоолой гарах нь шинжлэх ухааны үүд¬нээс боломжгүй гэж үздэг. Гэхдээ хөөмийлөх өөр хү¬нээс олон хоолой гардаг нь гайхалтай.

    -Таныг хөөмийн тухай анхны номыгбичсэн гэж сонссон?
    -2010 онд “Монгол хөөмий” хэмээх номообичсэн. Номд маань хөөмийн үүсэл,хөгжлийн түүх, манай алтан үеийнхөөмийчдийн тухай со¬нирхолтой баримтууд болон хөөмийн гарын авлага багт¬сан.

    -Хөөмий гэж хүн бүхэн ярьдаг ч чухамаль нутгаас гаралтайг нь тэр бүр мэд-дэггүй. Энэ тухай дэл¬гэрэнгүйтайлбарлавал?
    1950-аад оны үед Ховдын Чандмань сумыг байгуулсан юм билээ. Тэнд Завхан, Увс, Говь-Алтай аймгааснэг нэг баг ирж суурьшсан түүхтэй. Тэндээс л хөөмийн урлаг үүсэлтэй. Гэхдээ нутгархаж болохгүй, энэбол нийт Монголын урлаг. Монгол цэргүүд дайн байлдаанд явахдаа цуур хөгжим авч явдаг байж. Тэр ньолон нүхтэй мод л доо. Хэдэн жилээр гэрээ¬сээ хол явна. Энэ хугацаанд цэргүүд уйдахаараа тэр хөгжмөө үлээж зугаацдаг байж. Тэр үед ч хөөмийн элементүүд байсан гэж үздэг. Амаараа ямар нэгэн авиа гаргах,хоолой гоо шахах гэх мэт. Гэхдээ энэ үед, хөөмийлөг гэдэг байсан. Мөн чоно авлах¬даа чоныг уриндууддаг байж. Буга шиг урамддаг байсан гэдэг. Энэ бүхнээс хөөмийн урлаг үүсэлтэй юм даа.

    -Хөөмийг хятадууд ма¬най өмч гээд бүртгүүл¬чихсэн байсан шүү дээ?
    Үндэсний бахархал болсон энэ урлагаа бид алдахаа шахсан. Гэхдээ буцаагаад авч
    чадсан шүү дээ.Манай улсын зүгээс хөөмийн урлаг манайх гэсэн баримт бичиг,
    но¬тол¬гоог явуулсан. Тэр бүх¬нийг би өөрийн биеэр бичиж, киног нь бүтээж явуулсан юм. Гурван хэл дээр бичдэг юм билээ. Хэдий багаханхоцорсон ч Монголынхоо нэр дээр бүртгүүлж чадсан.

    -Та тэгвэл Монголын урлагийн түүхэнд үнэтэй гавьяа байгуулжээ?
    Би хоёр сарын хугацаанд бичсэн. Түүнээс гадна 20 гаран жил энэ урлагийг судласан судалгаа, туршлаганадад бий. Хэдэн удаа шалгагдаж, эргэж буцсаны хүчинд хөөмийн урлаг бол Мон¬голоос үүсэлтэй, Монголын үнэт урлаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

    -Хятадууд ямар үндэс¬лэ¬лээр манай хөөмийг өмчлөх гэсэн юм бол?
    Одоогоос хичнээн зуун жилийн өмнө манай цэргүүдийг цуур хөгжим тоглохыг хятадууд харсан юм шигбайгаа юм. Олон төрлийн авиа гаргаж, хоо¬лойгоо шахаж, дуугарах нь өвөрмөц санагдсан нь мэ¬дээж. Тэр үед л манайхан зааж өгсөн гэсэн бодол тойлгойд нь суучихсан байж л дээ. Тэр бодолдоо хөтлөгдөн тиймбуруу дүг¬нэлтэнд хүрсэн байна лээ.

    -Тэгвэл албаны хүмүүс нь энэ тухайд ямар байр суурьтай байв?
    -Мэдээж тэнд мэргэж¬лийн судлаачдын баг ажил¬ласан. Эхнээсээ л судлаад шалгаад үзэхэд хөөмийн урлаг манайх гэдэг нь тогтоогдсон. Хөө¬мий бол манай үндэсний хамгийн том бахархал. Энэ урлагаа ЮНЕСКО-д Монгол Улсаараа овог¬луулж чадсандаа бахар¬хаж, омогшиж явдаг.

    -Хөөмийн гоцлол гэж байдаг уу?
    -Байлгүй яахав. Хөгж¬мийн зохиолч Н.Жанцанноровын “Бурхан халдун” хэмээх сайхан аялгуу бий. Минийзохиосон “Тахил¬гын магтаал” хэмээх бү¬тээл бий. Миний энэ аял¬гуун дээр үндэслэн Өвөр¬монголын үндэсний дуу бүжгийн чуулгын дэргэдэх амтлаг уран бүтээлээ хий¬дэг юм билээ. Маш олон жил энэ аялгууг ашиг¬лаж байгаа гэж сонссон.

    -Энэ чинь таны оюуны өмч шүү дээ. Хамаагүй ашиглаж болдог юм уу?
    -Тэр үед хөөцөлдөж үзсэн. Гэхдээ нэг их он¬цолж авч үзээгүй. Манайх чинь буурай жижигхэн улс шүү дээ.Дээрээс чимээ¬гүй ажлаа хий гэсэн ту¬шаал өгсөн. Тийм боло¬хоор яаж ч чадаагүй юм.

    -Хөөмийн анги гэж байдаг уу. Ирээдүйн бо¬лов¬сон хүчин хэр бэлт¬гэгдэж байна?
    -Соёл урлагийн сур¬гууль хөөмийн анги гэж авдаг болсон. Тав, зургаан жил болж байна уу даа. Анхны төгсөлтөө хийсэн. Миний хувьд хөөмийн сургалтын төв байгуулаад ажиллаж байна. Ирээдүйд боловсон хүчнээр дутаах¬гүйн төлөө хичээж байна.

    -Хөөмийн урлагаа дэл¬хийд сурталчлаад явж байхад Монголоороо
    омогших сэтгэл төрнө биз?
    -Би “Морин хуур” чуул¬гынхаа буянаар дэлхийн олон оронд очиж, хөөмийн урлагаа
    сурталчилсан.Гадаадын олон фестивальд оролцсон. Гадаадын уран бүтээлчид
    гайхдаг юм.
    Ямар сонин юм бэ гээд л.Заримдаа бүр хоолой барьж үзэх тохиолдол гарна шүү дээ. Намайг тайзанд гарахыг ажаад л, бодволхоолойндоо юм хийчихдэг гэж ойлгосон юм шиг байгаа юм. Хэд хоногийн дараа фестиваль дуусахад бүгдэнтэй нь найз болчихоод буцдаг. Нэг удаа намайг бүр ха¬жуудаа суулгаж байгаад “За одоо зүгээрярь, энэ усыг
    уучих. Тэгээд тайзан дээр гараад хөөмийл” гэж байсан. Үүнээс үзэхэд энэ гайхамшигт
    урлагийг дэл¬хийн олон орон сонирхох нь тодорхой.

    -Таны хувьд хөөмийн урлагтай хэзээнээс нөхөр¬лөв?
    -Манай өвөг эцэг хөө¬мийлдөг хүн байсан юм. Хэдэн уул давж хөөмий¬лөх нь сонсогддог
    байсан гэдэг.Өвөг эцгийн хөө¬мий¬лөх дуунаар ээж нь цайгаа гал дээр тавих цаг болжээ
    гэж ойлгодог байсан гэдэг.Цай буцлахад гэртээ орж ирдэг байсан гэж ярьдаг юм. Хөөмий бас нутаг устайгаа ихээхэн холбоотой. Усны дуу, хадны цуурай, салхины исгэрээ, мал аж ахуй, газар ус, монгол хүнтэй¬гээ хүртэл хөөмий уялдаатай. Өвөг
    эцгийнхээ энэ домог, түүх мэт зүйлийг сонсоод би хөөмийлж өгөөч гэж гуйдаг болсон.
    Намайг 16 настай байхад өвөө минь 81 хүрээд хөөмийлж үзүүлсэн. Хөөмийн тавилт,
    дуугаралтыг заажөгсөн. Энэ үеэс л хөөмийн урлагт дурлаж, хайрлах болсон. Одоогоор 25,26 жил хөөмийлсөн байна. Энэхугацаанд бие даасан уран бүтээлээ зургаан удаа
    үзэгч түмэндээ хүргэсэн.

    -Тэгвэл та чинь урла¬гийн удамтай хүн юм байна даа?
    -Манай аав их сайхан дуулдаг хүн байлаа. Нутаг¬таа их нэртэй. “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэнддуулдаг байсан. Би аавынхаа энэ авьяасыг
    өвөлж авсан. Уртын дуу дуулдаг. Хөөмий ээжийн талаас үүсэлтэй бол уртын дуу
    аавын талаас эхтэй. Би их сонин хувь тохиол¬той. Ээжээсээ төрөхдөө аавын хааалган дээр унасан юм билээ. Энэ хоёр авьяастай хүний чадварыг өвлөсөндөө баярлаад хана¬даггүй юм.

    -Та ямар төрлөөр хөө¬мийлдөг вэ?
    -Намайг тав зургаан настай байхад манай ну¬тагт Цэнд-аяа гэж мундаг хөөмийч байсан юм. Тэр хүн аягаар хөөмийлдөг байсан. Анх тэр хөөмий¬чийг хараад ингэж хөө¬мийлж сурах юмсан гэж хүсч байлаа. Одоо ч энэ төрлөөр хөөмийлдөг.

  • ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ НЬ МОНГОЛЫН Ч БИШ БҮР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ГАРСАН ЗУУНЫ ХАМГИЙН ТОМ ЛУЙВАР ГЭЖ ХЭЛЖЭЭ

     

    1. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв 2 талаас хамтарч байгаа бол 2 талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм.
    Нэг талаас оролцож байгаа Рио Тонто бол Монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхэлхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51% дээш хувь эзэмших ёстой. Гэтэл байгалийн эзэн улс нь 34% эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66% эзэмших гэрээ болсон өөрөө Мянганы шилдэг луйварын эхлэл юм.
    Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн авсан хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг. Монгол улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй.
    Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм.
    2. Оюутолгойн хувьцааг Рио Тинто бүрэн 100% эзэмшин ашгийг нь хүртэж байна. Яагаад Монголын тал 34% эзэмшдэг гэж та бодож магад тэгвэл үгүй юм. Учир нь Монголын тал өөрийн авах ёстой 34% ашгыг авдаггүй уг нь 2022 оноос авах байсан гэрээг өнгөрсөн жил Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусах юм.
    Өөрөөр хэлвэл Монголчууд нэг ч төгрөг хүртэхгүй өөрийн асар том ордыг гадаадын луйварчидад бэлэглэж байгаа гэсэн үг юм. Яагаад Рио тинто Оюутолгойн 100% эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай 2, 3 хан тэрбум долллар гаргах бол юу ч биш тэрийгээ ч гаргасан.
    Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлвэл тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн Монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж тэрнийхээ 34% ийг Монголчуудаар төлүүдж байгаа юм. Тэд нар 66% хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу?
    Үгүй! яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш тухайн мөнгө гарсан банканд байршсан Рио тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлвэл Рио тинто оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66% ийг шууд аваад Монголчуудад ноогдох 34% -ыг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны мөнгө хэмээн хуурч Монголчуудын авах 34% ашиг тэдний өвөрт ордог гэсэн үг юм. Ингээд нийлээд 100% ашиг тэд хүртдэг юм.
    3. Монголчууд яагаад мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр их гайхдаг. Монгол бол асар том нутагтай байгалийн асар их баялагтай улс. Ердөө 3 сая хүнтэй миний хувьд бол Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй, 2 том зах зээлийн дунд байршилтай цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ.
    Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр Монгол гэгч энэ үндэстний 13 зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр сонирхсоор ирсэн билээ. Миний хувийн бодол бол Монголчууд Оюутолгойг буцаан бүрэн өөрсдийн талд авах хууль эрхзүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Мөн уг гэрээ нь булхай луйвар хээль хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг. Хэрэв миний хувьд Монголын ЭЗ-ийг барьдаг хүн байсан бол.
    1. Оюутолгойн гэрээг цуцлан, дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдалгүй шууд олон улсад тендэр зарлан шууд зарах хэрэгтэй юм. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг төгрөг ч авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу юм.
    Мэдээж зарах үнэ бол дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум $ хүрч зарагдана. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөг авалгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум доллар бэлэн авах гэрээ болгож байгаа гэсэн үг. Мэдээж өөрийн мөнгөөр 100% худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно.
    Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэж мөн бэлэн эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас Монгол улсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн Рио тинтогийн төлж байгаа татвараас хэдэн 10 дахин их байх болно. Оюутолгойг зарсан 50 тэрбум $ оор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд л 4-5 томоохон ордыг Монгол улс 100% өөрөө эзэмшин хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн ЭЗ ердөөл 2-3 жилийн дотор нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм.
    Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэл хэвээрээ байгаа улс аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах салбар уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй.
    Монголчуудыг сэрээсэй мянганы аймшигтай том луйварыг зогсоож ЭЗ-аа хурдан босгоосой гэсэн бодлоор өөрийн бодож санаж явдаг зүйлсийг танд ярьлаа гэж бидний яриа өндөрлөв.

  • Цагаан сарын түүх

    Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагыг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс.

    Монголчууд жил цагыг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөх ажээ.Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглон наадан бүтүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.
    Монголчууд Цагаан сарын шинийн нэгэнд хийморийн овоонд гарч дээд Мөнх тэнгэрт мөргөн нар гарахыг үзэж байгаа нь
    Цагаан сар түүхэн сурвалжид
    Дээл хүндэдвэл өмссөн хүнд ачаа болно
    Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
    Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
    Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой
    Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго” гэж айлдсан баримт байдаг.XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан юм. Цагаан сар гэдэг чинь жинхэнэдээ бөөгийн ёс. Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.
    XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар”-ын 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гээд их сайхан үг хэлсэн байдаг.

  • ХАР ТУГ, СҮЛДИЙН ӨРГӨӨ.

    Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунд байсан хар туг сүлдийн тухайд л гэхэд тугчийн гэрийн гадаа “Тугийн өргөө” нэртэй шанз эсгий бүрээстэй өргөө байжээ.

    Тугаа жижиг гэрийнхээ баруун талд босгон ишийг нь өөр хоёр модоор хавчин газарт суулгаж тогтоосон байдаг байжээ. Харин Хурц вангийн хошуунд байсан хар туг-сүлдийг тугч зайсангийн гэрийн баруун хойд бүслүүрт уяж бэхэлдэг байсан нь сонирхол татаж байна. Энэ нь бидний бодлоор угтаа хар туг-сүлд бол Мөнх тэнгэрээс буусан шүтээн болохоор өдөр шөнийн хорин дөрвөн цаг, өвөл зуны дөрвөн улиралд хэзээд Мөнх тэнгэрийг бараалах ёстой гэдэг тэр үзэл санаатай холбоотой өнө эртний уламжлал болно. Нөгөөтэйгүүр, энд дурдсан хоёр туг-сүлдийг аль алиныг нь гэрийнхээ баруун юм уу баруун хойд талд босгодог зүг чигийн тогтсон бэлгэдэлтэй байжээ. Монгол нутагт уламжлагдан ирсэн хар туг-сүлдний тухайд Чин Ачит вангийн хошууны хар туг-сүлд нь “Чингисийн тугийн сүм” нэртэй бурханы шашны уран барилгын дурсгалын дээр мандаастай байжээ. Энэ тухай газар зүйч В.А.Смирнов бичихдээ:

    “Эвгүй тахиралдсан шатаар сүмийн дээвэр дээр гарахад урт ишинд /шилбэнд/ бэхэлсэн алтан товруутай төмөр цагирагт адууны хар сүүлээр молцоглуулан хийсэн Чингис хааны хар сүлд мандаж байна.Тэндээс Хэрлэн голын өргөн хөндий эргэн тойрны уулсын гайхамшигтай байдал сайхан харагдана” гэжээ. Эндээс үзвэл бас л эртний уламжлалаа дагаад хар сүлдийг сүм дотор саатуулалгүй сүмийн дээвэр дээр тогтоон мандуулж байсан нь өмнө дурдсан хар туг сүлдийг Мөнх тэнгэр бараалуулж ил байлгах гэсэн үзэл итгэлтэй холбоотой билээ. Иймээс дөрвөн хөлт хар сүлдийн гол сүлдийг ямарваа цомцог ордон, өргөө гэрт оруулахгүй хэдэн зуун жил хээр гадаа саатуулан тахиж байжээ. Энэ нь бас тугийг анх бүтээсэн азарганы хөхөл дэл нь тэнгэрийн хур, салхи, нар, сарны гэрлээс өөр юу ч хүрдэггүй ариун онгон зүйл гэдэг үзэлтэй ч холбоотой.

    Хар туг-сүлдийн тахилгын уламжлал. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хар туг-сүлдийг тахиж байсан одоогоор мэдэгдэж буй газар орон гэвэл хуучин Сэцэн хан аймгийн Хурц ван Түдэнгийн хошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/, Засагт хан аймгийн Эрдэнэ Дүүрэгч вангийн хошуу /одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум/, Сэцэн хан аймгийн Чин Ачит вангийн хошууны /одоогийн Дорнод аймгийн Булган сум/ нутагт тус тус тахиж байсан мэдээ буй.

    Эрдэмтэн В.А.Смирновын тэмдэглэлээс үзвэл, 1850-иад оны үед уг сүмийг барьсан бөгөөд тугийн сүм нь Хэрлэн голын баруун талын өндөр эрэг дээр голоос таван километр зайд оршдог байжээ. Ордос нутагт сүлдийн дархадын голомт Улаанмөрөн гол Хөх усан голын уулзвар-Шинаан хошуу гэдэг газар оршуулан тахиж он жил удсан байна. 1956 онд хар сүлдийг эртний заншил ёсоор шинэ онгоны баруун ордонд тусад нь залжээ. Түүнчлэн Хатгины хар туг, Хэрэйдийн хар туг, Уйгаржин хар туг, Дархадын муу мянган сүлд, Үзэмчин сүлд, Барга сүлд гэхчлэн олон хар туг-сүлд байжээ.

    Хар туг-сүлдийн үүсэл. Сүлдийн дархадын домог үлгэр ярианаас үзвэл, эзэн дээдсийн дайчин шүтээн болох эл догшин хар сүлд нь хэн нэгэн зохион туурвисан биш дээд тэнгэрээс буумал юм гэж өгүүлдэг, ингэж ч итгэдэг байна. Чингис хаан нэгэн удаагийн дайнд ялагдан арга барахдаа морины хөлстэй эмээлийг тэнгэр өөд ангайлган тавьж “Тэнгэр эцэг ээ, намайгаа тэтгэж авна уу, үгүй юу” хэмээн даатган мөргөхөд агаар тэнгэрээс үлэмж дуун гарч Хан хурмаст тэнгэрээс хар сүлд саглагар модон дээр бууж ирсэн гэдэг. Ингээд Чингис хааны зарлигаар Мухулай тэр сүлдийг саглагар модон дээрээс нь хөтөлж явсан хээр азаргын онгон мундаан дээр залан буулгажээ. Мухулайгаас хар сүлдээ тайж тахих сануулга айлтгасанд Чингис хаан /Мухулайн айлтгалаар/ “мянган улаа базааж, түмэн өтгөөр тахия” гэж тангараглан есөн ес наян нэгэн хээр азаргын дэлийг навсалзуулан хөхөл зооглуулан чимж, өтгө амжихүй болбол есөн ес наян нэгэн хонины нэг шийртэй хамт тахилга өргөөд үлдсэн дутуу тоог манай Монголын мал сүргээс Хан Хурмаст тэнгэрийн хөх нохой /чоно/ чинь гүйцээн барих болтугай” хэмээн тахиад дайны туг сүлд болгосон домогтой билээ. Чингэхлээр хар сүлдийн уг эзэн нь морины хөлсөнд уяран дамжиж бууж ирэх, хээр зүсмийн онгон азаргын мундааг таалан орших даатгалтай гэдэг нь харагдаж байгаа юм.

    Өмнө өгүүлсэн “Цагаан түүх”-д дурдсан ёсоор төрийн есөн их бэлгийг есөн өрлөг хариуцан мэдэх учиртай бөгөөд дөрвөн хөлт хар сүлдийг есөн өрлөгийн дотроос Мухуйлай жанжинд даатгасан учир алс холын аян дайнд морилохын цагт Улсын Гоо ван Мухулай жанжин, , түүний үр хойчис тайж тахиж, туг сүлдийг үе улируулан хадгалж дамжуулан ирсэн байна. Хожим арван гурван жилийн луу жил тохиолдох бүр догшуулгын Их тайлга хийхэд мөн л Мухулайн хойч үеийнхэн сүлдийн ямтад чинсан биеэр гардан догшуулгын ёслол журмыг гүйцэтгэсээр иржээ.

    Ирээдүйн Чингис хааны зүүн гарын их жанжин Мухулай Гоо ван бол үнэндээ долоон үеэрээ өтөг боол явсан Жалайруудын удмын хүн бөгөөд хараа ихт хар туг-сүлдийг тайж тахих үүргийг уламжлан авсан тугч нар болж байгаа юм. Чухам энэ уламжлалаар туг сүлдийг тайж тахигч нар нь алтан ургийнхан биш, өөр элэг ургийн бүр доорд язгуур гаралтан байсан шиг санагдана.

    АВГАЛДАЙ ШҮТЭЭНИЙ ДОМОГ
    Бөөгийн шүтээний түүний зан үйлд авгалдай гэх нэг гол шүтээн байдаг. Энэ шүтээн нь хүний нүүрний төрхийг харуулсан үс гэзэг, сахал ээмэг сэлтээр чимэглэсэн аманд нь сүүлэн өөх өмхүүлэн, тамхи нэрүүлэн байх шүтээний мануул, хамгаалагч хийн байх бэлэгдэлтэй шүтээн юм.

    Энэ шүтээний гол эзэн нь тухайн бөөгийн удмын нэг онго байх бөгөөд тэр онго өөрийн удам угсаагаа хамгаалан байх үүргийг авсан мөнх тэнгэрт андгай өгсөн онго байх бөгөөд улаачийн биед буудаггүй шүтээн юугаа манан байх гол үүрэгтэй. Энэ шүтээний домог нь:

    Авгалдай хамниган хүн байжээ. Хоёр лусын хаан гарвалтай бөгөөд бөө болсон гэдэг. Харин эхнэр нь Гуулин хааны охин Сэтэрхэн гэж авгалдаг удган байсан гэдэг. Тэдний дундаас нэгэн хүү гарсан нь Баахан гэж нэр өгчээ. Нэг өдөр эхнэр удган нь айлд залагдаад бөөлөх болж гэнэ. Явахдаа хүү Баахан гэдэг хүүгээ бүү орхиорой, хичээн байж харж байгаарай гэж захижээ.

    Авгалдай өөрөө тамхинд тун дуртай нэгэн байсан аж. Хүүгээ гэртээ ганцааранг нь үлдээж орхиод саахалт айлаасаа тамхи гуйхаар очоод нэг хоёр татах тамхи олж аваад гэрлүүгээ ирж явтал гэртээ үлдсэн Баахан хөвгүүн нь гэрээс гараад эцгээсээ буруулан цааш гүйжээ. Гуугалан дуудан нэхсээр явтал нэгэн их хуй салхи дэгдэн буугаад хөвгүүнээ аварч чадалгүй өөд болсон юм.
    Эхнэр нь иргэн ирж болсон явдлыг мэдээд харамсахын ихээр харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаян үүнээс хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн цааз өгөн тангараг тавьсан учиртай. Энэхүү домгоос үндэслэн авгалдайнд тамхи татуулдаг болжээ.

    АЛБИН
    Хурмаст тэнгэр нэгэн хар санааны хувилгаантай байжээ. Тэр нь цаг үргэлж амьтныг хорлон бүтээснийг бүрэлгэн, асаасан галыг унтраан, урссан усыг хүртэл хатааж түйвээдэг байж гэнэ. Энэ бүхнийг хараад “Хурмаст тэнгэр би хэдийгээр энэрэнгүй тусч сэтгэлийг бүтээвч бас итгээд муу дайсантай билээ” гэж ямагт сэрэмжлэн байдаг ажээ. Хар санааны хувилгаан нь хурмастын дагиныг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болоод нисээд явахад нь харваад алж орхижээ.

    Хурмаст тэнгэр хар санааны хувилгаанд хилэгнэж, түүнийг биеэр нь зовлон амсуулж үзүүлье гээд доод тивд чөтгөрийн элч “алибан” гэдэг амьтан болгон төрүүлж гэнэ.

    Алибан нь хүүхэд шиг жижигхэн биетэй, хонгор шар үстэй. Үс нь хоорондоо хувиралдан төмөр шиг хангир жингир дуугарч явдаг гэнэ. Тэр салхиар хооллож, сансраар хөвч явдаг юм байна. Чөтгөр хүний амийг авахаас урьд алибанг явуулж, сүнсийг нь авахуулаад дараа нь хорлодог гэлцдэг.

    Урьд нэг анчин хүн ан хийж яваад хээр унтаж байтал нэг юм хөлийн ул уруу нь чичихэд босож харвал шар үстэй орой дээрээ ганц том нүдтэй хүүхэд шиг жаахан амьтан байв. Тэр орой дээрх ганц том нь хурмастын элч ирж хэзээ нэгэн цагт намайг авч явна гээд үргэлж тэнгэр өөд ширтэж байдаг гэнэ.

  • ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ

    2. Мөн сэтгүүлийн 5-рт Х. Пэрэнлэйн бичсэн “Монголын цэргийн чадвар” өгүүллийн 11-15-р хуудсанд: эх оронч санааг харуулсан жишээнд “Чингис”-ийн нэр дурдсан ба цэргийн зохион байгуулалтын 10-т, 50-т, 100-т, 1000-тыг бичжээ.
    3. Мөн сэтгүүлийн 10-11-рт Х. Пэрэнлэйн бичсэн “Эртний монголчуудын соёлын тухай” өгүүллийн 41-42-р хуудсанд: Чингис хааны зохион байгуулах авьяас, байлдан дагуулсан тактик, байлдааны техник зэргээс иш татаж бичигдсэн статья авч бичжээ.
    4. Л. Дүгэрсүрэн “Монголын ард түмний өөрийн тусгаар тогтнолын төлөө тэмцсэн” /1943 онд улсын хэвлэлээс хэвлэжээ/ өгүүллийн 5-7-р хуудсанд: “Чингис бээр монголыг эвлэлдүүлэн нэгтгэж түүхээ хамгаалж дэлхий дахинаа хүчирхэгээр тэмдэглэгдэж байсныг, мандаж гэвч түүний зэрэгцээгээр чинагш давж бусдын газар шороог эзэрхийлэн булааж, дээрэмдэн алан хядаж, эвдэн устгах зэрэг ард түмний ашдын тусад харш бодлогыг явуулж Хятад, Орос гүрэн ба Европын бусад орон нутгийг эзлэж түмэнд жигшүүртэй, мянганд буруутай үнэхээр бузар үйл, явуулга болохыг монголын ард түмэн үүрд жигших ёстой” гэдгийг тэмдэглэжээ.
    5. /НТХ-ны хэвлэл/ “Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн ба Японы эзэрхэг түрэмгий нар” өгүүллийн 3-р хуудсанд: “Эртнээс инагш тусгаар тогтнолын төлөө тэмцсээр ирсэн. Бид дэлхий дахины түүхнээ үүрд нэрээ дуурсгасан сод жанжин Тэмүжин Чингис хаан болон олон баатар жанждыг төрүүлжээ. Дэлхий дахинаа эрэлхэг баатар хэмээн алдаршсан…” хэмээх зэргээр иш татаж бичжээ.
    6. НТХ-ны суртлын хэлтсээс 1945 онд ухуулагч нарын тусламжинд зориулсан лекцийн эмхтгэлд И. Сосорын бичсэн “Монголын ард түмний эх оронч үзэл” гэдэг статья /өгүүлэл/-ийн 32-36-р хуудсанд: “…дэлхий дахинд алдар нэр нь гарч үйл явдал нь тодорсон их хурандаа баатар эрс олноор төрсөн билээ. Эдгээр их хүмүүсийн нэн тэргүүнд /Чингис/ Тэмүжин ормуй” хэмээжээ.
    7. Бүрэн ба бүрэн бус дунд сургуулийн 5-р ангид үзэх утга зохиолын бичиг /1945 он. 2-р хэвлэл/ 59-78-р хуудсанд: “Нууц товчоо”, “Хөх монголын хөх туг”-аас бичжээ.
    8. “Уран зохиолчдод тусламж” /1943 онд Урлагийн газрын зохиол. Улсаас гаргажээ/ өгүүллийн 8-9-р хуудсанд: “Баатарлаг үлгэр туужуудын тухай үзүүлэхдээ монголын ард түмнээр Чингисийн үеийн болох тэргүүн зэргийн уран сайхан, эрэлхэг үлгэр туужуудыг хадгалан үлдээсэн…” гэж бичжээ.
    9. Буздников “Чингисийн үеийн монгол гүрэн” /хүрээлэнгийн хэвлэл/ өгүүллийн 3-57-р хуудсанд: түүхт баримтуудыг товчлон түүвэрлэж Чингис хааны чадвараар бүтсэн монголын их гүрэнд нэгтгэх хүчин дутамдаж завсрын тэмцэлд идэгдсээр бутран унасныг бичжээ.
    10. /Зохиолчдын хорооны хэвлэл 1947 он/ “Зохиолын шүүмжлэл” шүүмжлэгчийн бичсэн өгүүллийн 34-р хуудсанд: “Ялангуяа шарын шашин дэлгэрээгүй байхад монгол хүний зан чанар эрэлхэгийн охь манлай болон бадарч байх тэр цагийг кинон дээр үзэхэд Чингисийн үеийн баатарлаг явдал нэгэн хамтаар урган гарч ирмүй…” гэжээ.
    11. /Зохиолчдын эвлэлийн хэвлэл. 1946 он/ 25 жилийн ойд гаргасан зохиолын “түүвэр”, Ринчиний “Бэр цэцэг”-ийн 112-115-р хуудсанд: “…Эзэн Чингисийн үед юм гэнэ лээ
    Дайн хөл ихтэй цагт юм гэнэ лээ
    Дайнч Чингисийн үед юм гэнэ лээ
    Сартуул түмэнтэй эвдрэлдээд
    Сайн муугаа үзэлцэн тулах гэжээ
    Арын их хэнгэргийг дэлдэж
    Ай түмэн цэргийг хөдөлгөж
    Өврийн их хэнгэргийг дэлдэж
    Үй түмэн цэргийг хөдөлгөж гэнэ лээ
    Харийн гүрнийг дийлэх гэж
    “Хаандаа нэрийг өөртөө олз” эрэн олох гэж дайчин эрс
    Эрээн майхнаар талыг бүрхжээ…” гэх мэтээр шүлэглэжээ.
    12. /Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлэл, 1941 он/ “Манжийн дарлалд байсан Халх монгол” /Ш. Нацагдорж/ өгүүллийн 5-8-р хуудсанд: “Манжийн хаад нь бүр 17-р зуунаас аваад өөрсдийгөө Чингис хааны байгуулсан монголын Юань улсын хаадын залгамжлагчид хэмээцгээж, монголын феодалуудын заримыг хүчээр, заримыг аргаар уургалж…байсныг тэмдэглэжээ, үүнийг тодорхойлсон Улсын Номын Сангийн ажилтан Дагвадорж, Сүрэнжав, Жадамба нар 1949-08-24-нд” гэж бичсэн байна.
    МУ., ҮТА., МАН-ын баримтын төв Х-4, Д-16, ХН-276, Тал-25-27
    Баримтын төвийн архивч Ц.Эрдэнэбулган

  • ХАНГАЛ ИХТ ЦАГААН ТУГИЙН ТАХИЛГА, БЭЛГЭДЭЛ

     

    “Монголын нууц товчоо”-нд “Төдий эсгий туургат улсыг шударгалгаж, барс жил Ононы тэргүүнээ хүрч есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанаа хан нэрийг тэнд өгвөө” хэмээн тэмдэглэн үлдээсэн байна. Энэ бол Монголын түүхэнд анх удаа эсгий туургатныг нэгтгэж, 1206 онд Чингис хаанд хаан цол өргөмжилсөн түүхт үйл явдлыг тэмдэглэн дурдаж буй хэрэг билээ.

    Монгол угсаатны дунд тахиж шүтэж байсан цагаан туг сүлдний тухайд олноо алдартай нь хуучин Засагт хан аймгийн Лу жанжин гүн Лувсандондовын тахиж байсан “Цагаан туг”, Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд байсан “Төрийн сүлд” хэмээх цагаан туг Засагт хан аймгийн Тарган баатар ван Базарваань ноёны хошуунд байсан цагаан туг, Өвөрлөгч нутагт бол Ордосын Үүшин хошуунд тахиж байсан есөн хөлт /найман хөлт/ цагаан туг, Авгын Да вангийн хошуунд тайж тахиж байсан цагаан туг зэрэг болно.

    Цагаан туг сүлдний өргөө гэр. Говь мэргэн вангийн хошууны цагаан тугийн өргөөний тухайд авч хэлбэл оосор бүч, хошлонг нь гадагш ил гаргалгүй далд уяагаар бөхөлж, цэвэр цагаан шанз эсгийг сул нөмөргөсөн мэт барьсан, гаднаас харвал “оосор бүчгүй орд цагаан өргөө” байсан ажээ. Цагаан тугийн сүүлчийн тахилч Цогзов агсны өргөмөл хүү Гүрцоо гуайн хуучилснаар бол сүлдийн өргөө бүрэх эсгийг тугчийн багийнхан 5 мориор /зарим настан 3 мориор гэв/ зэрэг татуулан үргэлж томоор нь хийдэг байсан гэнэ. Тийм болохоор нэг эсгий нь нэг дээвэр болж байсан аж.

    Оосор бүч, ханын боолт, унины сэгэлдрэг зэргийг голдуу цагаан зүсмийн ороо азаргын хялгас, орсон буурын өвдөгний зогдор сэлтээр томж хийсэн хоёр хуруу хэртэй зузаан, хошлон нь дөрвөн хуруу хэртэй өргөн байсан байна. Лу жанжин гүний хошуунд тахиж байсан цагаан тугийн өргөө нь тугчийн гэрийн баруун талд барьсан “сүлдний гэр” гэгч улаан халзтай өргөө байсан бөгөөд сүлдний өргөөг хошуунаас тусгайлан бэлдэж өгдөг байжээ. Наранбулагийн эхний тухцаг /товцог/ дээр намрын намарт гурван гэр ямагт байх бөгөөд баруун талын цагаан гэрийн гал голомтын оронд их цагаан туг, хажууд нь болор чулуун дэнлүүнд мөнх зул бадамлан асаж байдагсан гэжээ.

    Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нутагт /одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сум/ алтан ургийн хойч Түшээт хан Гомбодоржийн хүү Анхдугаар Богд Жибзундамба-Өндөр гэгээн Занабазарын равнайлж үндэслэсэн Халхын Баруун Хүрээний /Эрдэнэ зуу хийдээс өмнө 26 километрт орших/ гол хэсэг шар банзан хашаанд гэр хэлбэрийн таван дуган байсны нэгийг “Сүлдийн сүм” гэдэг байжээ. Сүлдийн сүм нь угтаа жижгэвтэр модон дугана шиг орой дээрээ догтой байшин бөгөөд дотор нь дөрвөн талаас нь дугтуйтай төмөр донгиноос аргамжсан дөрвөн төмөр гинжээр бөхөлсөн хадаг яндар болсон цагаан үстэй туг байв. Энэ бүхнээс үзвэл цагаан туг сүлдний өргөө нь ихэвчлэн “Сүлдний өргөө” нэртэй, “далай цагаан” хэмээн нэрлэгддэг дөрвөн баганатай, арван ханатай /бас зургаа, найм ч буй/, заримдаа улаан хөлтрөгтэй, эсгий туургатан монгол угсаатны оосор бүчгүй орд цагаан өргөө байсан ажээ. Харин сүм хийдийн газар энэ нь сүм, дуганын оройтой байшин сав байсан байна.

    Цагаан туг сүлдний тахилгын газар орон. Говь мэргэн вангийн хошууны цагаан тугийг тайж тахиж байсан газар нь одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэнэ Хөх толгой хэмээх газар болно. Уул гарлаасаа бол Хөх овоо гэж нэрлэж байгаад хожим нь түүнээс дамжин хувирч Хөх толгой болоод сүлд байршуулан тахидаг байсан учир Сүлдэнэ Хөх толгой хэмээн алдаршжээ. Чухам энэ газрыг яагаад сүлд тахих газар орон болгож сонгосныг сонирхвол дээр үед үзмэрч шинжээч хүн баруунтайгуур урагшаа орсон модтой Улаан хавцгай хэмээх голын тэндээс Хөх овоог сайтар шинжээд энэ бол их эзэнтэй, садаа савдагтай, номхон дөлгөөн цагаан лустай газар байна. Иймд энд түшүүлж сүлдээ байгуулбал сайн гэсэн гэдэг. Эндэхийн хүн зоны шүтэж биширдэг Хутаг уулын лус савдаг Хөх овоо руу ирдэг дамжлага гүйдэлтэй юм гэнэ.

    Ер нь Хөх овооны энгэрээс салдаггүй хоёр ооно байдаг гэх бөгөөд тэд нь Хөх овооны лусын хөлгө унаа гэж үздэг байна. Бидний бодлоор монголчууд дан хөх чулуугаар цогцлуулан овоо босгоод түүнийгээ “Хөх овоо”, “Тэнгэрийн овоо” гэхчлэн нэрлэдэг нь энд хамаатай юм шиг санагдана. Тэгээд хөх тэнгэрийн овоотой энэ газар тэнгэр язгуурт төрийн цагаан тугийг тахих нь бүр ч утга бэлгэдлийн хувьд төгөлдөр болох буй за.

    Лу гүний хошуунд байсан цагаан тугийг голдуу Шонгийн хоолой хэмээх газарт тахиж байсан бөгөөд 1908, 1919 оны тахилгыг Чигтийн голын Наран хэмээх газар тус тус тахисан байна. Ер нь тугчийн удмынхны нутаглаж байсан газар нь гучин гурван Хан хөхийн өвөр, гурван голын бэлчир дэх Өндөрхангай сум, сумаас урагш хагас өртөө газар буй Наранбулаг, булгийн баруун этгээдийн Алагчулуут тал ажээ.

    Тарган баатар вангийн хошууны цагаан тугийг тэр үеийн дөрвөн хошууны ардууд буюу одоогийн Говь-Алтайн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Жаргалан сумынхан нийлж, Нуур могой гэдэг газар тахидаг байсан байна. Ордосын Үүшин хошууны цагаан тугийг Нарийн голын Муу булаг хэмээх газар ихэвчлэн тахиж иржээ. Монгол нутагт цагаан туг тахиж байсан газрууд нь ихэвчлэн төвөөс алслагдмал өмнө, баруун, зүүн хязгаар байсан нь хариас халдан ирэх дайсны аюулаас сэргийлж байсан гэлтэй. Бас лус савдаг зөөлөнтэй, ариун дагшин, үзэсгэлэнт сайхан газар орныг сонгож байсан бололтой.

    Цагаан туг сүлдийн тайллага тахилга. Цагаан тугийн тайлга тахилгыг газар бүрийн монгол угсаатан өөр өөрөөр нэрлэдэг байна. Говь мэргэн ангийн хошууны цагаан тугийн тайлгыг “туг тунгах” гэдэг байсан бол Лу гүний хошууны цагаан тугийн тайлгыг “сүлд цэнгэх” хэмээн нэрлэж заншжээ. Мэргэн вангийн цагаан тугийг сар бүрийн 15-нд тунгадаг байв. Туг тунгах өдөр тав гэзэгтэй төрийн хар хүнээр хонио төхөөрүүлнэ. Төхөөрөхдөө хониныхоо баруун хааг хөлийг нь үлдээж арьстай нь авна. Уушиг, зүрх, хэл, хоолой, багалзууртай нь зульц /зүлд/ гэж авна.

    Шүүсний хонь нь хар цоохор, хөвхөр зүсмийнх бол болдоггүй, цагаан халзан, бор халзан, шар халзан, хар нүдэн байвал болно. Шүүсийг сүлдэнд дэвшүүлэхдээ толгойг /төөлэй/ дээр нь тавиад хоёр хаа, хоёр гуяыг нь оролцуулаад тусгай тэвшинд амьд янзаар өрж, толгойг нь сүлд рүү хандуулж тавина. Сүлдний нүүр баруун талдаа байх учраас тэнд нь тавина. Хонготой шаант, сүүлнийх нь годон хоёрыг овоонд аваачаад өргөчихнө. Зарим настан хэлэхдээ хонины баруун хааг бүтнээр арьстай нь чанаж болгоод тугандаа өргөнө, өөр нэг тэвшинд хонины толгой /төөлэй/, баруун гуяны хонго, шаант сүүлний годон, зульцыг /зүлдийг/ Хөх овоонд өргөнө.

    Лу жанжин гүний хошуунд байсан цагаан тугийн хувьд 3 жилд нэг удаа намрын дунд сарын улаан тэргэл өдөр сүлд цэнгэх ёслол хийдэг байсан байна. Тухайлбал 1919 оны намрын дунд сард Тэнгэр хөх Бэлэгт тугч Наран булгийн хөл талбай дээр цагаан сүлдээ цэнгэсэн мэдээ байна. Энэ тугийн тахилга нь олон үе залгамжлагдснаараа болон тайлга тахилгынхаа өвөрмөц онцлогоор судлаачдын анхаарлыг татахуйц сонин гойд ёслол мөн болохыг онцлон тэмдэглэе.

    Сүлд тахилгын ёслолыг 32 цагаан хувцастан хэмээгдэх, мөн үе хөөж залгамжилдаг, дотроо магнай харвуул /2 хүн/, цэцэд /4 хүн/, хошууч /4 хүн/, өвдөгч /10 хүн/, засуулчин /4 хүн/, баатар /4 хүн/, живэр сэргээгчин /2 хүн/, бүрээч /2 хүн/ гэх зэрэг гүйцэтгэх үүргээрээ тодорхой ч зэрэг дэвийн ялгаатай бүгд 32 тооны эр гардан хийдэг байжээ. Энэ 32 цагаан хувцастан нарыг Чингис хааны дотнын 32 баатрыг төлөөлсөн хүмүүс гэж үзэх бөгөөд хулгай хийсэн, худал хэлсэн зэрэг ямар нэгэн хэрэг хийсэн хүн байх эсэхийг нарийн харгалзан сонгодог байжээ. 32 цагаан хувцастан туг сүлдийг авчирдаг буюу буцааж залдаг нь өнгө болон тооны бэлгэдлийн хувьд ихээхэн учир утгатай зүйл юм.

    Тэнгэр, онгод шүтлэгтэн хүний хувьд цагаан өнгө бол монгол домог зүй, бөө мөргөлийн төсөөллөөр нарны гэрэл, өдрийн цагаан гэгээний болон баруун зүгийн тавин таван хөх, цагаан тэнгэрийн өнгийг төлөөлдөг. Тийм учраас цагаан сүлд сахиус гэдэг маань өнгөний бэлгэдлийн хувьд мөн л энэ үзэл төсөөлөлд хамаарах тул гүн эртний уламжлалаа дагаж 32 цагаан хувцастан авчирч залдаг байна. Харин 32 гэдэг маань тоо зүй-бэлгэдэл зүйн талаасаа хоёр 16 буюу дөрвөн 8, найман 4, арван зургаан 2 буюу эцсийн бөлөгт хоёрын тооны бэлгэдлийн нэгэн цогцолбор юм.

    Монгол утга соёл дахь бэлгэдэл зүйд хоёрын тоо нь арга билиг хоёр буюу эсрэг тэсрэгийн нэгдэл, ижил хосын утга, хүчин бүлийн санаа гэсэн олон өнгө аяс илэрхийлдэг. Нөгөөтэйгүүр, хоёрын тоо нь монгол тооны бэлгэдлийн цогцолборт “энэ ертөнцийг” бэлгэдэгч тэгш тооны тэнхлэгийг үүсгэдэг. Тахилгын өглөө тугчийнхаас туг-сүлдээ тахилгын газарт залж авчрахаар 32 эрчүүд одох бөгөөд тэр хүн нэг бүр дайны хөө хуяг хэлбэрийн цагаан хувцас өмсөж, цагаан зүсний морь унаж, нум саадгаа агсаж, жинхэнэ аян дайнд мордож байгаа дүртэй явдаг байна.

    Эрчүүдийн унах цагаан морьдын зүсийг ч хүртэл хар нүдтэй, хөх туурайтай, гоо бие цогцостой, жинхэнэ цагаан зүсний морь байх ёстой гэхчлэн бүр нарийн сонгож тохируулахыг хичээдэг байсан гэнэ. 32 цагаан хувцастаны морьдын зүс зүсэм нь Чингис хааны Алтан ордны тайлга дээр сэтэрлэдэг Өндгөн цагаан морины зүс, шинж, эрдэм бүрдмэл байна. Тугаа тугч морин дээр авч явах бөгөөд түүний унах морь бас л цагаан зүсмийн, түүнийг хошуу ноёны адуун сүрэг дотроос барьж ирдэг байна.

    Тугч тугаа морин дээр зөв талдаа, эмээлийн урд бүүрэгнээс өлгөж тогтоосон тусгай хулсан бортогонд ишээр нь суурилуулан барьж, тахилгын газар руу явахад 32 цагаан хувцастан нар түүнийг дагалддаг байна. Тэднийг тахилгын газарт хүрэх замд тусгай хэдэн хүн угтан авч ёслолын өвөрмөц хоол хонин боодгоор тайж ёслох бөгөөд бас зам гудаст туг-сүлдээ гурвантаа саатуулан зогсоож, 32 цагаан хувцастан нар түүнийг тойрч их дуугаар хашгиралдан давхилддаг заншилтай байжээ.

    “Хонин боодог”-оор дайлах замын энэ ёслолоо “дагшаа хийх” хэмээн нэрлэдэг бөгөөд амсаж ёсолсны дараагаар уг хоолоо тугчийн гэрт хүргүүлдэг уламжлалтай. Туг сүлдээ тахилгын талбайд орж ирмэгц хошуу ноён угтан босож, туг залж яваа тугчийн морины жолооноос барьж, сунгаж дэвссэн цагаан эсгийнүүд дээгүүр хөтлөн явж, сүлдний өргөөний үүдэнд буулгана. Тугаа морин дээрээс авч, гэрийн үүдэнд засаж тавьсан ширээнд хатгаж байрлуултал ноён зогсож хүндэтгэдэг ёстой байна. Үүний дараа тугч бусад дагалдан явагсад суудлаа эзлэхэд тахилгын ёслолоо эхэлдэг ажээ. Тахилгын эхэнд “сүлдний өчиг тангараг” уншиж, дараа нь “тунаг амсуулах”, “живэр түгээх” зэрэг ёслол болдог байжээ. Сүлдний тангараг унших хүн гэзэгнээсээ хадаг уясан байхын зэрэгцээ гартаа заавал хадаг барьж тангарагаа уншина.

    Тахилгын махан зоог хуваахад тангараг уншсан хүнд адууны өвчиж чанасан толгой зориулж тавьдаг гэх ажээ. Монгол угсаатны тайлга тахилгын соёлд адуугаар тайлга хийх нь өнө эртний уламжлалт тэнгэр тахилгын улбаа мөн гэж үзүүштэй. Гурван жил болж туг-сүлдээ тахихдаа түүний живэр үсийг сольж сэргээдэг тогтоосон заншилтай ажээ.

    Шинээр солих тугны живэр үсийг маш том савтай айрганд угаадаг, тэр живэр угаасан айраг нь ёслол хүндэтгэлийн өвөрмөц ундаа болдог байна. Өөрөөр хэлбэл, тугны живэрийг ариутгаж дээжилсэн савтай чигаа-айраг “тунаг” хэмээн хүндэтгэн нэрлэж, түүнийг эрхэм дээд идээнд тооцдог сонин уламжлал буй болгожээ. Уг савтай айрагнаас тахилгад оролцож байгаа хүн бүрт амсуулдаг заншилтай байсан бөгөөд үүнийгээ ийнхүү “тунаг амсуулах” хэмээдэг байжээ.

    Нөгөө нэг сонирхолтой зан үйл бол “живэр түгээх” ёслол юм. Туг сүлдний хуучин живэр үсийг “тунаг амсуулах”-ын нэгэн адил тахилгад хүрэлцэн ирсэн бүх хүнд хүртээнэ тараадаг байна. Тугны живэр-үсийг хошууны ноёны адуун сүрэгт явдаг есөн цагаан гүүний дэл, сүүлнээс дээжлэн авч зөвхөн живэрч хэмээх тусгай хүмүүс л сольдог эрхтэй явжээ.

    Энд гарч байгаа “тунаг” хэмээх үг нь аливаа шингэн зүйлийн доторх өтгөрсөн хэсэг доошлон буух утга бүхий Монгол хэлний “туна-тунах” гэдэг үйл үгнээс гаралтай болов уу. Харин “живэр” гэх үг нь бөлөглөсөн үсний нэр бөгөөд “туг живэр” гэсэн хэллэг монгол угсаатны баатарлаг туульд элбэг тохиолддог. Ер нь шинэ тугны живэрийг том савтай айрганд дүрж угаадаг энэ заншил дохио зангааны бэлгэдлийн хувьд монгол бөө мөргөлд байдаг төөрөг амсуулан-амилуулан зан үйлтэй жишиж болох зүйл юм. “Сүлд цэнгэх” үед хорио цээртэй байсан үйл гэвэл туг-сүлдээ ноёдын авхай нарт “харуулдаггүй, тэдний асар үргэлж урдуураа хөшиггүй, хэрэв авхай нар туг-сүлдийг харвал ухаан алдаж ойчдог гэж ярьдаг байсан ажээ.

    Цагаан сүлдийн нууц шүтээн. Сүлдэнэ-Хөх толгойд тахиж байсан төрийн цагаан тугийн баруун тийш харсан барсын арьсан эмжээртэй “нүүрнээс” цааш олон дарцаг, хадаг яндрыг нь яраад үзвэл мухар сөөм хэрийн урт чон чулуун хүний дүрсийг олон өнгийн хив хадагт ороогоод гол шилбэнээс дүүжлээтэй байсан гэнэ. Ар нуруун дээрээ чигчий хуруу орохоор гогцоотой, түүнээс нь хадгаар сүвлээд дүүжилж орхидог байсан санж. Тэр эрдэнийн улаан өнгийн хүн чулуун бурханыг шүрээр тогшиход тухайн өдөр шөнийн сарны дүрс тодорч ирдэг эрдэмтэй гэнэ. Уул бурханаа олон өнгө дарцаг, хадагт ороогоод Эзэн Чингис хааны дайн байлдааны түүх намтар бүхий мөн л хадганд боосон судрын хамт байрлуулсан байдаг гэнэ. Энэхүү улаан чон чулуун бурхныг чухам л Чингис хааны тахиж шүтэж явсан бурхан нь байх гэж лам нар ярьдаг байв.

    Мөн түүнтэй хамт эртний монгол баатрын дүр байдалтай “Алтан баатар” гэгч шүтээн байдаг байжээ. Лу жанжин гүний хошуунд байсан цагаан тугийн живэр үсний дотор голд ч гэсэн бяцхан цагаан бөс хавтаганд “Чингисийн төр сүлд” гэгч зүйл байсан гэх бөгөөд түүнийг онгойлгож үзэх нь хатуу цээртэй байсан ажээ. Гэхдээ зарим живэрч нар тэр “сүлд” гэгчийг үзсэн удаа буй гэх ба сэлэм барьсан морьтой хүний дүрс байсан, энэ нь Чингис хааны “Лундаа” юм хэмээн ярьцгаадаг байжээ. Түшээт хан хошууны Баруун Хүрээнд байсан сүлдийн сүмийн цагаан тугийн дотроос хожим хадаг яндрыг дэлгэн үзэхэд соном хадгийн чинээ торгомсог эдээр урласан хар ирвэсийн зураг байв. Ийнхүү цагаан туг-сүлдийн дотор байдаг морьтой хүн дүрс, чон чулуун хүн дүрс, ирвэс мэт амьтны дүрс зэрэг нь энэ туг-сүлдийн амин сүлд “дотоод нууц шүтээн” нь бөгөөд амилуулж, амьдруулдаг гол шүншиг нь гэж хэлж болно. Үүнийг зарим судлаач нар эртний аль нэг овог аймгийн тотем амьтан хэмээн үзсэн нь ч буй. Гэтэл ихэнх туг сүлдийн “нууц шүтээн” хүн дүрстэй байгаа нь энэ бол аль нэг эрт дээр үеийн тэнгэрт хальсан өвөг дээдсийн сүлд сүнсийг оршуулсан, уур авч шингээсэн /эцсийн амьсгалыг нь шингээсэн/ эд өлгийн зүйл байгаа болов уу хэмээн сэтгэгдэнэ.

  • А.Амар “Монголчуудын уг гарал үүсэл ба анх түүхэнд тэмдэглэгдэх болсон үе”

    МЭӨ 400-гаад оны үеийн Хятадын байлдаант долоон улсын Цинь улс, Жао улс, Янь улс гурав нь Монгол лугаа зах нийлэн суужээ. Цинь улс Ицюйг дуусгаж одоогийн Ганьсу,Шэнси мужийн хойгуур орд хот цогцлоож Монголыг хаав. Жао улс Ордос хавийг эзлэн сууж, Янь улс Дунху-г дарж мянганы газар хөөн монголыг халхалжээ. Ицюй гэж эртний монгол аймгийн нэр, Дун ху гэж зүүн монгол мөн.
    Цинь Шихуан нь бусад зургаан улсаа мөхөөн их Цинь улс \МЭӨ403-221он\байгуулан Цинь төрийг хүннү нар мөхөөнө гэсэн зөнчийн үгэнд итгэн жанжин Мэн Тяньд гучин түмэн цэрэг өгч Хүннүг алс умар зүг хөөн урд байгуулсан урт цагаан хэрмийг засч баруун Линьтао газраас зүүн Ляодун хүртэл түм илүү газар цогцлоов. Линьтао гэдэг нанхиадаар Ордос нутгийг хэлдэг.
    Нанхиад улсын умард хязгаар дагуу маш олон өөр нэртэй улс аймаг ээлжлэн халалцсаар ирсэн нь үнэн боловч эдгээр нь чухамдаа монгол, түрэг, зүрчид гурван үндэстэн болох ба аль нэг нь удирдан дагуулж нөгөө хоёр нь түүн дотроо багталцан явж нанхиадтай байлдан дийлж дийлэгдэн явжээ. Нанхиадууд монголыг тэднээс ялган эрт үеэс Ху хэмээн нэрлэж байж. Дунху буюу зүүн Монгол, Линь ху буюу баруун монгол хэмээн хэдэн мянган жилийн өмнөөс Дорнод Азийн судар, түүхэнд тэмдэглэгдсээр иржээ.
    Монгол үндэстэн эрхбиш баруун зүгээс ирсэн байж болзошгүй бөгөөд төвд энэтхэгүүд монголчуудыг Хор буюу Согбу хэмээн нэрийднэ. Тэрхүү Хор хэмээх үндэстэн нь Энэтхэгийн баруун хойно бүхий Моугал хэмээх нэгэн аймгаас тасарч зүүн зүгт очиж суусан хэмээдэг.
    Чингисийн өмнөх 1367-1136 оны Хань улсын 14-р Мин Ди хааны үеийн эрдэмтэн Фа Сяны Энэтхэгт очсон тэмдэглэл, түүнээс 300 жилийн дараа Тан улсын эрдэмтэн лам Тансаны мөн энэтхэг явсан замын бичигт Монголын их Ху ханыд очив гэдэг.
    Бас Төвдүүд монголыг эрт цагаас дээд, дунд, доод Монгол гэж гурав хуваадаг бөгөөд дээд Монголыг Ил Тарвагатай хавиас эхлэн Төвдийн араар Энэтхэгийн хойд зах шахам хүртэл боддог.
    Монгол хэмээх нэр нилээд эрт цагт байсан бололтой. Тан улс Монголыг Мэнгу хэмээн нэрлэж байсан ба МЭ 25 оны үед Мэнгу нэртэй аймаг байж хэмээн сударт тэмдэглэжээ. Энэтхэг орны Моугал хэмээх үндэс нь Монголын овог мөн байж болзошгүй, судлууштай.
    Мөн монголын эрт язгуур цагаас нааших түүх сударт байдаг Шарай голын гурван хааны Цагаан гэрт хаан монгол үндэстэн мөн байсан ба түүний хотын туурь нь Төвдийн Ханба хэмээх газрын Буруцу хэмээх гол буй. Тэдний үлдэгдэл цагаан Монголчууд одоо ч тэнд сууж буй.
    Ер нь монгол үндэстний зарим хэсэг маш эрт баруун зүгээс тасран гарч Хянганы нуруу хүртэл хэсэг хэсгээр цацран тархаж суусан мэт бөгөөд язгуурын газар үлдэгсэд зам зуур хоцрогсод уван цуван нийлж.
    Монгол хэлний аялгуу нь энэтхэгтэй их ойр гэдэг ба монгол хэлэнд энэтхэг, согд, уйгар үгс маш олон байдаг. Монголын үсэг бичиг, соёл боловсрол, шашин шүтлэг анх цагт Нанхиад ба Төвдөөс уламжилсан бус энэтхэг, согд , уйгар нараас уламжилсан байна.

  • Б.Мэргэн: ТББ бол хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн

    Тэгвэл “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг дахин сэргээж байгаатай холбогдуулан анхны хуримтлал үүсгэх зорилгоор зохион байгуулсан “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг монголын олон телевиз шууд дамжуулж, иргэд, ААН, байгууллагуудаас нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглуулсан билээ.
    Цахим орчинд иргэдийн дунд энэ үйл ажиллагаатай холбоотой маргааш өндрөө авч байна.
    Хуульчид харин үүнийг хууль бус гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа бөгөөд Хүүхдийн фондод төрийн албан хаагчдын цалинг хандивласныг мөн шүүмжилж байна.
    Ингээд хуульчдын байр суурийг хүргэж байна.
    Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа “Төрийн албан хаагчдын цалинг хэн нэг дарга нь алба хаагчдаас өөрсдөөс нь асуулгүйгээр кампаничилж хандивладгийг тухайн эрх мэдэлтэн албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж болно” гэсэн юм. Мөн тэрээр үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй дурьдсан юм.

    Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа одоогийн хууль зүйн орчинд төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй гэдгийг тодотгов.
    Тэрээр “Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгож. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар Төрийн бус байгууллага байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз. Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс. Энэ Төрийн бус байгууллагад өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино.
    УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компанууд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа.
    Нэг жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн баригдчихсан Төрийн бус байгууллагын хуулиа нэг хэлэлцэж, батлахгүй бол ингэж байгаад нэг баларнаа. Сан, холбоо, төр гээд цэгцлэх төсөл. Баахан амьтан шоронд орж байж нэг ухаарч хөдлөх юм байхдаа. Арай л удаан дарагдаж байна даа…
    Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байдгаас хуулийн дагуу тайлангаа ирүүлдэг нь 30 гаруйхан ширхэг нь байдаг. Шилэн болгохыг төрөөс шаарддагууд нь хүртэл санхүүжилт, зарцуулалт нь хаалттай байгаа гэхүүдээ. Ер нь бол манай улс саарал жагсаалтанд орсон нэг шалтгаан нь төрийн бус байгууллагаар дамжуулж мөнгө угаагаад байнаа гэдэг асуудлаас болсон юм байгаамшдээ…” гэсэн байна.

    Харин Хуульч Б.Мэргэн өөрийн цахим хуудастаа “ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг гэв.
    Тэрээр “ТББ-ын тухай хууль 1997 онд батлагдсан. 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй ТББ байгуулагдсан. Байгуулчихаад мартчихсан нь ч бий, ТББ нэрийн дор далд эдийн засгийг тэлж, мөнгө угаадаг. Хамгийн энгийн нь гэхэд гаднаас тусламжийн гэх бараа оруулж ирээд л зардагууд нь өчнөөн. Бүр тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа нь ч маш олон байх магадлал өндөртэй байдаг. Хяналт байхгүй, тайлан өгдөггүй нь олонх. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд байсан 6 улирал дараалан тайлан өгөөгүй бол татан буулгадаг байсан заалт хэрэгжиж үзээгүй байсаар хүчингүй болсон. Уг нь 20 мянгаас 11 мянга гаруйг нь татан буулгах шийдвэрийг 2015 онд гаргуулж байсан ч хэрэгжээгүй.
    Товчхондоо ТББ бол сайхан нэрийн дор хууль завхруулах маш том боломж, нууц зэвсэг байсаар өдийг хүрсэн. Одоо бүр Ерөнхийлөгч нь улс төрдөө ашиглаж, олны танилууд нь хөхиүлэн дэмжиж, учраа мэдэхгүйнүүд нь сайшаан дэмжиж байна. Хуулийг нь 10-аад жил шинэчлэх гээд барахгүй л байгаа. Хичнээн ажлын хэсэг байгуулагдаж, хичнээн янзын төсөл боловсруулж, хэдэн хэлэлцүүлэг хийснийг тоолвол нэлээд их тоо яригдана. Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, ТББ-ын тухай хууль гэж анзаарагдамгүй мөртлөө далдуур үндэсний аюулгүй байдалд ч хор уршиг тарих аюултай 2 хууль байдаг даа” хэмээжээ.

     

  • ТУГ СҮЛДНИЙ ШҮТЛЭГ

     

    Ер нь туг сүлд шүтэх нь гагцхүү монголчуудын хэрэг бус Европ азийн нутагт аж төрж байсан нийт нүүдэлчдийн дунд нэн элбэг байсан шүтээн юм. Энэ нь уламжлал болон дэлхийн улс бүхэн өөрийн үндэсний уламжлалыг харуулсан туг сүлдээ мандуулсаар байгаа билээ.
    Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Дөрвөн хөлт Хар тугаа бүтээн залсан агаад Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг бол Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж байжээ.
    Чингис хаан Дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залснаас хойш дайсан бүгдээ даран сөнөөж, ялалт амжилт нь ихэд бадарсан гэдэг. Иймээс ч монголчууд Хар сүлдийг машид эрхэмлэн дээдлэх болсон юм. Монгол цэргийн жанжид байлдаанд орохын өмнө цэргийн тугаа тахидаг уламжлалтай байжээ. Энэ тухай МНТ-ны 106, 193 дугаар зүйлд дурджээ. Туг тахих нь монгол цэргийн хамгийн том зан үйлийн нэг бөгөөд маш нарийн дэг ёс, гүн гүнзгий утга агуулгатай юм.
    Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалыг судалсан өрнөд Европынхон монгол цэргийн шүтээн болсон хар сүлдийг их сонирхдог юм. Энэ тухай үеэс үе дамжин өнөөг хүртэл ярьсаар байгаа. Тэр сүлд эх оронч уриа дуудлагын ердийн билэг тэмдэг байсан уу? Эсхүл шашин мөргөлийн учир холбогдолтой юу гэдэг асуудал байдаг. Чингис хааны алдарт тугийг сарлагийн сүүлээр хийдэг байсан гэж үргэлж бичдэг Өрнө зүгт ихэд түгсэн домог оргүй ташаа зүйл, харин азарганы хөхөл дэлээр хийдэг байж “Их Монголын эзэнт улс”-ын үеэс монголд үндэстний ухамсар, шашины ухамсар харилцан хутгалдаж байсан болохоор эх орончийн бэлгэ тэмдэг мөн л шашины бэлгэ тэмдэг болдог байжээ.
    Чингээд Монголд газар сайгүй дэлгэрсэн мухар сүсгийг ерөнхийд нь шашин гэх нь бий. Тийм сүсэг бишрэлийн үүднээс, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд дайсантай тулалдахад монгол цэргийг ивээж ялуулдаг хар сүлд гэдэг өршөөн тэтгэгч хоёр сахиус хүн бүрт оршдог гэнэ. Чингис хаан айван тайван үеэс чачир өргөөнийхөө орой дээр цагаан тугаа залж, хэрэвзээ дайн тулаан болох гэж буй бол хар тугаа залахад хэзээ мөдгүй дайн тулаан болох нь гэдгийг хүн болгон мэддэг байжээ.
    Адууны хөхөл дэлээр үйлдсэн дайн энхийн бэлгэ тэмдэг, үндэсний туг сүлдийн мөн тийм хийц маяг нь цагаан хар хоёр адууг хүч чадлын жинхэнэ хэрэгсэл гэж үздэг тэр үеийн итгэл үнэмшилтэй яв цав зохицжээ.
    Хараат ихт тугаа тахиж
    Хар бухын арьсаар бүрсэн
    Харгих дуут хэнгэрэгээ дэлдэж
    Үзэмжит сайхан тугаа тахиж
    Үхрийн арьсан хэнгэрэгээ дэлдэж хэмээн бөөгийн дуудлагыг дуудан туг сүлдээ тахьдаг байна.

    Эртний бөөгийн ёсоор яс баригч бөөгийн онгон бүргэдийн эсгий дүрс байжээ. Бөөгийн хувцас хэрэглэл дотор онгон дүрс олонтой байдгийн нэг нь аварга эр эм могойн дүрс юм. Могойг лус савдгаас онгон тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн илч төлөөлөгч гэж үздэг учир бөө нар амьд хонины зоос нурууны ноосыг томж хөх улаан өнгийн даавуугаар бүрж могойн толгой нүд, ам, сүүл зэргийг нь урлан бүтээж хаддаг.
    Монгол нутагт байдаг түүхийн нэн өвөрмөц дурсгал болох хадны сүг зураг нь Ховдын Манханы Хойд цэнхэр, Өмнөговийн Гурвансайхан хайрханы Хавцгайт, Дундговийн Өлзийтийн Дэл хөнжилийн уул, Өвөрхангайн Богдын тэгш уул, Хужиртын хавцал, Говь-Алтайн Халиуны цагаан гол, Бигэрийн бичигт, Архангайн чулуутын хадны орд, Өвөрмонголын Улаан цав зэрэг газар дахь сүг зургууд онго шүтээний олон бэлгэ тэмдэг дурсгалыг хадгалж байна.
    Эртний бөөгийн чулуун онго нь уламжлагдан хөгжсөөр эртний хаад ноёд баатар эрсийн чулуун хөшөө дурсгал болон үлджээ. Чухамхүү бөөгийн энэ эд өлгийн олон тооны түүх дурсгалууд нь нүүдэлчдийн урлахуйн ухааны таван мэдрэл сэтгэхүйн хүчээр бүтээгдсэн урлагийн олон төрлийн дурсгалуудын бодит гэрч болж байдаг. Онгоныг эрт оршуулан байрлуулахаас гадна уул усанд нь оршуулан байрлуулдаг ёс байдаг.
    Бөөгийн хэнгэрэг дээрх могойн дүргслэл хүй мод, буга согооны дүрс нь мөн л онгоны оршин буйн дүр юм. Эдгээрээс Нанайн удгануудыг есөн могойн дүрст үндэстэй могойн чуулга хэлбэртэйгээр урласан байна. Монголд ирсэн өрнийн элч тагнан танадагчдийн бичсэнээр бол хаад ноёдын талийгаачдын онго зарим үед 200 хүртэл тэргэн дээр тээгдсэн байжээ.
    Эртний нүүдэлчид талийгаачаа хатааж занданшуулан хадгалж авч явдаг байсныг өөрчилж онго болгон авч явдаг уламжлал тогтжээ. Хүннүгийн ширмэл ширдэгний захаар барьцалдсан амьдтын дунд гол есөн хүй мод буюу удган мод дүрслэгджээ. Удган мод буюу сүлд мод, хүй мод зэрэг нь онгодын оршин байх бас нэгэн орон болж байдаг. Онгод онгоны оршин байх нэг орон нь овоо юм. Овоо тахилга нь онгоны орон шүтээн үүсэлтэй.
    Монголчуудын нэн эрт үеийн төрийн шүтлэгийг сайтар ухаарахын тулд нүүдэлчдийн ертөнцийг үзэх гүн ухаантай заавал холбон үзэх шаардлагатай. Хүн төрөлхтөнд түгээмэл байдаг хосолмол бүтцийн зарчмаар бүх зүйл, бүхий л үйл ажиллагаа, байгууламж бүхэн ийм хосмолжин үүсэлтэй. Төр бол бас л тодорхой хийгээд хийсвэр хоёр талтай, бие мод хийгээд сүнс сүлдтэй байдаг хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, төр хэмээх хүмүүний үйл ажиллагаа, нийгмийн байгууламж бол угтаа мөн л хүн сүнстэй, уул эзэн, онгон, сахиус, сүлдтэй байдаг шиг тийм мөн чанартай, арга зарчимтай зүйл ажээ. Энэ нь чухамдаа монголчууд яагаад үе үе “Төрийн сүлдээ” нэрлэн дууддагийн учир утга байж болзошгүй. “Төрийн сүлд” гэдэг нэрийдэл, нэр томъёо наад зах нь өөр хоорондоо ялгаатай боловч нягт холбоотой гурван ойлголтыг багтааж байна. Анхных нь XIII зууны түүхэн сурвалж “Монголын Нууц Товчоон”-д дурдсан Чингис хааны Эзэнт гүрний туг сүлд болох морины дэлээр хөхөл хийж бүтээсэн есөн хөлт цагаан туг, дөрвөн хөлт хар сүлд хоёр, дараагийнх нь ойр үед хэрэглэж эхэлсэн төрийн сүлд тэмдэг, сүүлийнх нь жирийн ард иргэдээс тайлан тайлбарлан ёсгүй төрийн зүгээс эрхшээсэн оюун санааны аугаа хүчин эдгээр гурав болой. Эндээс цагаан, хар туг-сүлд гэж чухам юун болохыг авч үзье.