Category: Нийтлэл, ярилцлага

  • И.К.Азизов: Айсуй үхэр жил Орос, Монголын нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэх болтугай

    Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хоёр талын хугацаагүй гэрээ 9 дүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Бид Аугаа их Ялалтын болон Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэлээ. 6 дугаар сарын 24-ний өдөр Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид Ялалтын баярын хүндэтгэлийн жагсаалтад оролцон, Улаан талбайгаар алхав. Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 60 дахь ойн өдрүүдийг цахимаар зохион байгууллаа. Эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа ид өрнөж, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, Монголын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойг барих боломжийг судлах, Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллалаа.
    2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жил, 3 дугаар сарын 22-ны өдөр сансарт хамтран ниссэний 40 жил гээд агуу ойн баярыг тус тус тэмдэглэнэ. Харин Монголын ард түмэн манай хоёр талын хамтын ажиллагааны түүхтэй салшгүй холбоотой Ардын хувьсгал, Монгол ардын нам, Зэвсэгт хүчний 100 жилийн, мөн Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойг тэмдэглэнэ.
    Зовсны эцэст жаргана гэгчээр өнөөгийн зовлон бэрхшээл ард хоцорч, ирж буй үхэр жил нь бүхнийг сайн сайхнаар өөрчилж, бидний нөхөрлөл, иж бүрэн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх болтугай.Та бүхэнд 2021 оны Шинэ жилийн халуун мэнд хүргэе! Эрүүл энх, энх тайван, эв эе, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  • Соёл, оюуны дархлаа гэж үнэ цэнтэй зүйл байдгийг бид умартсан шиг байна

    Ажлын далимаар франц зохиолчидтой уулзах үед тэр хэд маань зохион байгуулаад “Мянган найрагчийн шугуй”-даа мод тариулж байлаа. Тэнд зөвхөн мод тариад зогсохгүй, Францын болоод олон улсын яруу найрагчид шүлэг найргаараа мялааж, тэдэнд гэрчилгээ олгодог юм. Францын төв цэг болсон Весдэн хотод уг шугуй бий.
    Таны шүлэг, найргийг уншиж байхад Франц орон, тэр дундаа Парис хот танд их онцгой сэтгэгдэл төрүүлсэн шиг санагддаг?
    Социализм ид хүчтэй байхад Франц руу явсан. Тэнд би Монгол хэл, соёлоо заах үүрэгтэй ч далд нэг хичээнгүйлэл байсан нь энэ орны соёл иргэншилтэй чадлынхаа хэрээр танилцах. Би далдыг хардаг Далай лам биш болохоор Монгол орон эргээд ийм эрх чөлөөтэй болчихно гэж тухайн үед итгээгүй хэрэг. Тиймээс завтай өдрөө хагас, бүтэн сайныг ер алгасахгүй хүүхдүүдээ дагуулаад, “Michelin green guide”-аа бариад л аялдаг байлаа. Уг номд Францын сонирхолтой газруудыг таван хошуугаар зэрэглэсэн байдаг. Энэ бол цэвэр өрнийн соёл иргэншлийн өлгий газартай танилцах, өрнөдийн ертөнц гэж юу юм бэ гэдгийг таньж мэдэх эрмэлзэл байсан. Тэр үеэс л яахаараа манай орон заавал нэг намтай байдаг юм, эдэн шиг яагаад ийм олон янзын намтай, болох болохгүйгээ харилцан яриад, үнэн зөвийг нь тунгааж болдоггүй юм бэ гэдэг бодол аяндаа орж ирсэн. Тэр цагийн, муу үгээр хэлбэл хөрөнгөтний нөлөө, нөгөө талаас нь харвал нүдний цагираг тэлж байгаа хэрэг. Хамгийн гол нь яруу найрагч хүнийхээ хувьд Францын яруу найраг надад онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Францын яруу найраг дотроо орчин цагийн модернист найрагчдын эцэг гэгддэг Шарль Бодлер, араас нь Артур Рембо, Гийом Аполлинер нарын шүлгийг эх хэлээр нь унших ер бишийн завшаан оногдсон. Энэ бүхэн мэдээж миний яруу найрагт нөлөөлсөн. Франц явахаас өмнө бичиж байсан шүлгүүд, тэнд байхдаа бичсэн шүлгүүдийг хүмүүс их тодорхой ялгаж хэлдэг юм.
    Миний ажигласнаар Парист бичсэн таны шүлгүүд илүү эх оронч санагдсан. Хүн ер нь хүний нутагт очихоороо эх орноо санагалзаж, сайхныг нь илүү тод хардаг юм шиг ээ?
    Энэ ч бас хүний жам юм. Энд байж, тоосон дотор нь цуг давхиад байхаар өөрийнхөө сайхныг, нутгийнхнаа сайхныг, хүнийхээ сайхныг, соёл иргэншлийнхээ гайхамшгийг мэдэрдэггүй юм уу, анзаардаггүй. Өөр иргэншлийн дунд яваад орохоор өөрийнхөө ажигладаггүй байсан, урьд нэг ч удаа бодож үзээгүй санаа сэдлүүд төрдөг юм билээ. Нөгөө талдаа “носталгия” буюу нутгаа эргэн дурсах, санах мэдрэмж их хурц болдог.
    Сүүлийн хэдэн зуунд бид тасралтгүй дуурайж ирлээ. Манж сайхан байснаа Орос илүү таалагдаад одоо бол Солонгос, Америкийн “сайхан”-д автаад л. Гэтэл эдний маань байр суурь дэлхийн тавцанд ганхаж эхэллээ. Монголоороо үлдэхийн тулд бид хэрхэх хэрэгтэй вэ?
    Дуурайх сэтгэлгээ хүн төрөлхтөнд байдаг. Тийм учраас Аристотелийн “байгалийг дуурайх” гэсэн онол хүртэл гарч байсан. Хүн байгалийг дуурайж, үй олон зүйлийг бүтээж, мэдэж авсан тал бий. Харин дуурайхаас гадна бүтээх, туурвих сэтгэлгээ нь олон зүйлийн амьтнаас зөвхөн хүн гэдэг бодгалистл заяагдсан. Энэ бүтээх туурвих хосгүй зүйлийг олон утгаар ойлгож, урагш давшин шинэ юмыг нээж, соёл иргэншлийг бүтээсэн байна. Монголчууд ч гэсэн өөрийнхөө өвөрмөц соёл иргэншлийг бүтээж чадсан. Хүн төрөлхтөн дөрвөлжин орон сууц барьдаг байсан бол монголчууд дугуйлжин сууц барьдаг ч юм уу. Бусад нь газар тариалан голдуу эрхэлдэг байсан бол монголчууд мал аж ахуй голлон эрхэлж, үүнтэйгээ уялдан өөрийнхөө утга соёлыг цогцлуулсан байх юм. Тэр нь эргээд хэлэндээ нөлөөлөөд хэл маань үгсийн сангийн хувьд мал ахуйн соёлтойгоо илүү холбоотой үгсийн сантай болсон гэхчлэн олон зүйлийн ялгаа бий. Бид XVI, XVII зууны үеээс эхлээд л үндсэндээ Энэтхэг, Төвдийн соёлын хүрээнд ороод Бурханы шашнаар дамжуулан бүх юмыг Бурханы шашны гүн ухааны сэтгэлгээгээр үзэж, харж, шийддэг нэгэн хэсэг цаг үе явсаар XX зуунтай золголоо. Төр улсын талаас үзвэл Манжийн нөлөө, Манжийн төр улсын байгууламж бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Дараагаар нь XX зууны нэлээд хойно өөр ертөнцтэй харьцаж эхэлсний нэг нь Орос болоод Оросоор дамжуулаад Европын соёлтой танилцаад ирэнгүүт бид юмыг харах өөр хараатай болсон нь европ маягийн үзэл, сэтгэлгээ. Энэ маань 70-аад жил үргэлжлээд 90-ээд оноос барууны соёл иргэншилтэй танилцаж, юмыг Америк маягаар харж, нэн ялангуяа орчин үеийн залууст америкийн прагматик сэтгэлгээ хүчтэй нөлөөлж байна.
    Тэгэхээр бид зөвхөн дуурайгаад бүтээх, туурвих сэтгэлгээгээ ор тас мартжээ дээ, тийм үү?
    Тэгж хэлж болно. Одоо болохоор бид хэт дуураймхай, өөрийн гэсэн дагасан суртахуунгүй, сэтгэлгээгүй болж, гуйвж дайвсан маягтай явж байгаа юм уу гэсэн сэтгэгдэл төрж байгаа юм л даа. Соёл, оюуны дархлаа гэж үнэ цэнтэй зүйл байдгийг бид умартсан шиг байна. Ер нь соёл, оюуны дархлаа нимгэрэх тусам дуураймхай чанар нь төдий чинээ ихэсдэг. Амьтнаар зүйрлэвэл тоть, сармагчин төрөл рүү ер нь жаахан дөхөж байна гэсэн үг. Хүмүүн гэдэг бодгалиас нь бүтээлчээр сэтгэж, туурвих чадвартай амьтан байдаг байтал бид нөгөө чадвар нь буюу байгалиас заяасан дуурайх маягаар явна гэдэг бол сэтгэлгээнийхээ хэлбэрийн хувьд ч гэсэн ядуу зүдүү болж хувирч байна. Бид өнөөдөр Монгол ухаан, Монгол сэтгэлгээ байна, байхгүй гэж элдвийн зүйл ярьдаг. Гэлээ гэхдээ аливаа зүйл байгаль дээр оршин байхдаа нэг л юм үзэгдэл байдаг. Уул гэдэг юм бол ямар ч тохиолдолд хувирахгүй. Харин уулыг аль талаас нь харах, хэрхэн сэтгэж, төсөөлөхөөс хамаарч өөр өөр сэдэл төрүүлэх явдал бий. Ингэж олон талаас нь хараад ирэхээр хэлээрээ илэрхийлнэ. Тиймээс хэл, соёл хоорондоо маш их холбоотой сэтгэлгээний соёлоор холбогдож байдаг юм уу гэж ойлгож болно. Ялгаагүй, бид хүн төрөлхтөнд байгаа бүх хэлтэй адилхан хууль жамтай, Монгол хэл гэдэг зүйлийг, энэ соёлыг бүтээсэн. Энэ соёлоороо ертөнцийг бусад үндэстэн угсаатнаас өөрөөр ялгаж хардаг, өөрөөр сэтгэх боломжийг бидэнд заяажээ. Энэ боломжийг хэрэглэх үү, үгүй юу гэдэг бидний асуудал. Хэрэглэхгүй бол бидний сэтгэлгээ маань ядуураад л байна. Энэ боломжийг хэрэглээд л байвал энэ сэтгэлгээ маань хөгжөөд л байна. Гадаад хэл сурна гэдэг бол ямар нэг хэмжээгээр тэр орны соёлыг сурна гэсэн үг. Соёл сэтгээлнийх нь орчинд орж, түүгээр нь “амьсгалаад” ирвэл хэлийг аяндаа сурна. Өөрийн төрөлх хэл ч гэлээ бидэнд олон үеэр дамжсан, генд буй өгөгдөл байгаа гэж боддог. Байгаа учраас хүүхэд хэлд орохдоо гэнэтхэн хэнээр ч заалгаагүй мөртлөө маш олон нэр томъёог мэдээд, хэлээд байдаг чинь бол тэр хүний удамд нь заяасан, оршиж байсны шинж тэмдэг. Үүнээс үзвэл аливаа юмыг бүтээлчээр хэрэглэх, бүтээх нэг эх сурвалж бол бидний өөрийн хэл гэж бодож байна.
    Биднийг Монголоороо үлдэх гэж эрмэлзэж байх зуур дэлхийд нэг шинэ хандлага гарч ирсэн нь “дэлхийн хавтгай болж байна” гэх үзэл. Дэлхийн иргэн байхын хажуугаар Монголоороо үлдэх давааг бид хэрхэн давах ёстой гэж та бодож байна?
    Энэ бол нэг юмны л хоёр тал гэж би бодож байна. Монгол хүн байлаа гээд дэлхийгээс хэзээ ч нүүхгүй шүү дээ. Дорж гэдэг бодгаль Монгол хүн мөн, дэлхийн иргэн ч мөн. Аль талаас нь харснаас л болно. Юмыг хоёр тийш нь хүчээр заагладаг явдал нь жирийнээр хэлбэл хүнээр тохуурхаж байгаа хэрэг. Би өөрийгөө дэлхийн хүн гэж хэчнээн тунхаглалаа ч гэсэн заяамал өгөгдөл нь хэзээ ч арилахгүй. Хүмүүн гэдэг амьтнаар “робот” хийх туйлын хүслэн байдаг юм шиг ээ. Бид өөрийн бүтээснээрээ робот хийж, өөрөө зарцалж үүгээр хөдөлмөрөө хөнгөвчилж амьдрахыг бодно уу гэхээс заяамал хүмүүн гэдэг бодгалиараа робот хийж амьдарна гэдгийг би зөвшөөрөхгүй. Эцсийн бүлэгт ямар ч соёл бие биедээ саад тотгор болдоггүй л байхгүй юу. Түүнийг тотгор болгуулдаг юмуу зориудаар болгодог систем, улс төрийн төлөөлөгч нар бол байдаг. Түүнээс бишээр дэлхий дээр 6900 гаруй хэл байна гэдэг нь энэ хэрээр юмыг хүлээж авах, сэтгэх нөөц боломж байгаа гэсэн үг. Энэ боломжийг заавал арчиж, бүгдийг нь тэгшхэн хэмтэй болгох юм уу, бүгдийг хуурайдах хэрэггүй гэж бодож байна. Миний бодлоор хүн гэдэг амьтан ялгаа нь илүү сонирхолтой нийтлэг нь харьцангуй сонирхолгүй байдаг шүү дээ.
    Дэлхийн анхны соёл иргэншил дорноос үүдэлтэй. Гэтэл нэлээдгүй хугацаанд өрнийн соёл иргэншил голлох үүрэгтэй байж ирлээ. Одоо харин эргээд дорнын “цаг, үе” ирж байгаа нь ажиглагдаж байна. Энэ цаг ирвэл монголчуудын байр суурь дорно дахинд хэр хүчтэй байх бол?
    Европ маягийн соёл иргэншлийн ноёрхлын их эрин үе байлаа. Гэтэл одоо байдал өөр тийшээ хандаж байгаа буюу дэлхийн хөгжлийн тэнхлэг Ази, Дорно руу хазайж байна. Энд ганц хятад гэсэн ойлголт байхгүй гэж би бодож байна. Одоогоос хэчнээн жилийн өмнө Америкийн ерөнхийлөгчөөр африк гаралтай хүн болно гэдэг нь хүний санаанд багтамгүй, америк хүний ухаан санаанд яагаад ч орохгүй асуудал байсан. Одоо гэсэн ч түүгээрээ удирдуулаад, сайн сайхныг нь үзээд л явж байна. Энэ бол цагаан арьстнуудын ноёрхол буурч байгаагийн нэг бэлгэ тэмдэг болж байна гэж би бодож байна. Европ бус цагаан арьст бус хүмүүсийн сэргэн мандал эхэлж байгаагийн шинж. Тэгэхээр арьс, үндэс угсаагаар нь огт ялгахгүйгээр хүний шинж чанар, чадвар гэж байдаг. Энэ чадвар ази, африк хүнд ч байдаг. Соёл иргэншлийн урт удаан хугацааны түүхээр үзвэл Инд, Ганга мөрний хөндийд үүссэн Энэтхэгийн, Тигр, Ефрат мөрний хөндийд байсан Месопотамийн соёл иргэншил, Нил мөрний хөндийд үүссэн Мисир, Египетийн соёл иргэншил цөм азийнхны бүтээл. Европын хамгийн эртнийх болох Крит-Миккейн соёл иргэншил л гэхэд азийнхны өмнө гишгэхгүй. Соёл иргэншлийн эргэлт, оршил дахиад буцаж ирж байгаа нэг цаг үед л бид амьдрах нь л дээ. Монгол бусдаас өвөрмөц, газар тариалан голлосон бус мал ахуйн соёл иргэншлийг цогцлоож, Төв Азийн өндөрлөгт товойж гарсан. Энэ өвөрмөц онцлог бидэнд ирээдүйд заавал хэрэг болно. Ирээдүйд Монголыг хүмүүс юугаар нь сонирхох вэ гэвэл соёл иргэншлийнх нь өвөрмөц онцлогийг л харна. Түүнээс биш Америкийг яаж дуурайж вэ, аль зэрэг сайн дуураймал болж гэдгийг хэн ч сонирхохгүй. Оросыг хэр дуурайж вэ, 40 мянгатын байшингууд нь оросыг сайхан дуурайсан байна шүү гэж бараг хүн ирэхгүй дээ. Монгол хүн иргэншлээ хэрхэн бүтээснийг үзэх гэж л хүмүүс ирнэ. Үүн рүү л өөрийнхөө ирээдүйн бүх юмыг чиглүүлэх ёстой. Бид монгол иргэншлээ шинэчилж болно, гэхдээ уг язгуураа бүр мөсөн алдах юм уу, монгол хүнийхээ чанарыг бүр мөсөн зайлуулах гэж хэт тэмцэх ёсгүй л гэж бодож байна.
    Хууль дүрэм гэж зохиогоогүй байхад монголчууд бэлгэдлээр, өөрсдийн цээр ёсыг дагаж мөрддөг, үүнийгээ өнөөгийн хуулиас ч дээгүүр үзэж, дээдэлдэг байсан. Гэтэл өнөө цагт бэлгэдэл нь ч тэр, хууль нь ч тэр үнэ цэнгүй болоод ирэхээр бид буцаад л адгуусан төрөл рүүгээ ойртож байх шиг харагдах юм.
    Аман хуулиар нийгэм зохицоод явж байхдаа маш их дэг журам, эмх цэгцтэй байжээ. Миний багад аав ээж, хэн нэг ахмад хүн “нүгэл” гэж хэлсэн бол тэр үйл дахиад үйлдэгддэггүй байв. Тэр нүгэл гэдэг нь нэг л үг шүү дээ. Тэр нэг үгээр л бүх нийгмийг зохицуулдаг байж. Энэ маань бидний нэг үнэт зүйл мөн. Гэтэл олон янзын туршилтад ороод ирэхээр бид чинь нэг туршилтын туулайрхуу л болсон юм уу даа. Оросын коммунизмын туршилтад нэг хэсэг орлоо, Американизмын прагматизмын туршилтад одоо явж байна, өөр юуныхаа ч туршилтад орох гээд байгаа юм бүү мэд. Энэ олон туршилтын дундуур гараад явахаар л ийм гажуудал үүсэж байгаа юм.
    1981 онд Монгол хэл, зохиолын тэнхимээс салбарлан гарсан Утга зохиолын тэнхимийн 30 жилийн энэ жил тохиож байна. Хүний насаар яривал ид хийж бүтээдэг, бас ч гэж эргээд харахад хийсэн бүтээсэн зүйлтэй нас юм уу даа. Танаас түүх сонсмоор байна?
    Миний залуу багш байх үед Хэл бичгийн факультет дотор монгол болоод гадаад хэлнүүд нь тэр чигээрээ багтддаг байлаа. Сүүлд Монгол Судлалын Сургууль маань ялгараад, Гадаад Хэл Соёлын Сургууль ч бас биеэ даасан. Энэ тэнхимийн үүслийг Б.Ринчен багш эхлүүлж, Ш.Гаадамба, Ц.Хасбаатар, Ц.Сүхбаатар багш нар маань залгамжилсан. Тэгж байгаад Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хорооны 1981 оны 245/36 дугаар тогтоолоор Утга зохиолын тэнхим байгуулах шийдвэр гаргасан. Анх байгуулахдаа “Монголын утга зохиолын тэнхим” нэртэй байлаа. Тухайн үед ШУА-ийн Урлаг судлалын тасгийг толгойлж байсан С.Лувсанвандан докторыг урьж тэнхимийн эрхлэгчээр хавсран ажиллуулсан. Тэр үед эрдмийн зэргээ хамгаалаагүй залуу багш байсан намайг орлогч эрхлэгчээр тавиад Д.Жамбаажамц багш эртний уран зохиол, Ж.Дагвадорж багш аман зохиол, би дорно дахины уран зохиол, уран зохиолын онол зааж, энэ хэдэн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байлаа. Тэр үеэс эхлэн бид Монголын уран зохиол судлал, аман зохиол судлалыг яаж хөгжүүлэх вэ гэдэг талаар бодож, миний бие санаачлан хээрийн шинжилгээний ажил бие даан хийж эхэлсэн. ШУА хээрийн шинжилгээ хийгээд Монгол орноор явдагтай адил. Тэгэхэд эрдэм шинжилгээ хариуцсан проректор н.Батсуурь багш энэ санаачилгыг дэмжиж, бид жил бүр хөдөөгүүр хээрийн шинжилгээний ажил хийх болсон. 1983 онд Ховдын бүх сумаар, 1984 онд Увсаар явсан. Ингэхдээ халх биш сумдаар явж Монголын бусад ястны соёлыг судлах, угсаатны зүйн эх хэрэглэхүүн, туульс цуглуулж явлаа. Үүний үндсэн дээр тэнхим өөрийн судалгааны эх хэрэглэгдэхүүн, аман зохиолын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх арвин нөөцтэй болсон. Дараа нь би Парисын Дорно дахины хэл иргэншлийн сургуульд багшлахаар явах зуур манай тэнхимийн багш нарын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. С.Лувсанвандан Ч.Билигсайхан багшийг телевизэд байхад нь, Техникийн их сургуулийн Орос хэлний тэнхимээс Н.Төмөрхуяг багшийг урьж авчирч гадаадын уран зохиолын заалгахаар авчирсан. Мөн Ч.Дагвадорж багшийг ШУА-иас урьж багшлуулсан. 90-ээд оны үед тэнхим дахиад залуу хүмүүсээр бэхжих шаардлага гарсан. Тэр үед ардчиллал хөдөлгөөнд орсон, хүмүүсийн ая зан янз бүрээр хувирсан цаг үе таарч Б.Хишигсүх, Г.Нандинбилиг, Г.Галбаяр гэх залуу багш нарыг тэнхимдээ авлаа. Үүнээс өмнө манай Д.Галбаатар багш Ховдоос шилжиж ирчихсэн байсан юм. Ингээд тэнхимийн одоогийн бүрэлдэхүүн бүтэж бүрэлдсэн байна. Бүр сүүлд нь До.Цэнджав, С.Дашдэжид, Д.Батжаргал нар нэмэгдлээ.
    Эдгээр залуу багш өдгөө бүгд эрдмийн зэрэг хамгаалсан байна уу?
    Манай тэнхимийн нэг онцлог нь бүх багш эрдмийн зэрэг хамгаалсан, өдгөө бүгд тодорхой салбарт амжилт гаргаж байна. Гадаад, дотоодод өөрийн судалдаг зүйлээрээ танигдаж, уригдаж лекц уншдаг болоод ирэхээрээ аливаа шинжлэх ухааны байгууллагын амжилт нь төлөвшдөг. Манай тэнхимийн нэг зорилго бол өөрийн мэдлэг, мэргэжлээрээ Монголдоо болоод олон улсын хэмжээнд нэр, нүүрээ таниулах. Энэ маань тодорхой хэмжээнд биелэж байгаа. Францын Үндэсний эрдэм шинжилгээний төвийн эрдэмтэд болох Амайэн, Мари-Доминик Эвен, Страсбургийн их сургуулийн доктор Изабелла Бианки, Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэн Каролайн Хамфрийнартай хамтран ажиллаж, харилцан биенээ урьж, лекц унших маягаар өрнөдийн ертөнцөд өөрсдийнхөө бүтээл, номыг танилцуулж ирсэн.
    Тэнхим байгуулагдсан нь Монголын уран зохиолд ямар нөлөөл үзүүлсэн бэ?
    -Манай тэнхимийн мэргэжилтнүүд мэргэжлээрээ өдгөө ямар хэмжээнд хүрч байгаа тухай ярья л даа. Профессор Д.Галбаатар Монголын уран зохиол онолын асуудлаар Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Уран зохиолд олон хөдөлгөөн болж, хуучин голдрилоосоо гараад шинэ гольдрилд шилжиж, уран зохиолын ертөнцөд шинэчлэл болж байна. Энд манай тэнхим, тэр дундаа ШУ-ны доктор, профессор Д.Галбаатар чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр цагийн шинэ эрэлхийлэл хийсэн залуус манай сургуулийн Утга зохиолын нэгдлээс гарсан. Эднийг зүглүүлж чиглүүлэх үүргийг гүйцэтгэх гэж нэг үгээр хэлбэл монголын орчин үеийн модернист, постмодернист уран зохиолын онол аргазүйг нь манай тэнхим боловсруулсан гэж үзэж байна. Тухайн үед манай оюутнууд “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадам зохиож, үүгээр уран зохиолд бусдын хэлээгүй үгийг хэлэх боломжийг бүрдүүлсэн. Одоо ч энэ наадам маань үргэлжлэн, зохиогдсоор байна. Ер нь манай уран зохиолын дугуйлангаас үе үед гарсан хүмүүс тэр цагийнхаа уран зохиолын ачааны хүндийг нуруундаа үүрч явсан юм шүү. Ахмад үеийнхээс Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба хоёр бол тэр чигээрээ монголын уран зохиолын нэг үеийн ачааг үүрсэн. Бас Ж.Бадраа гуай байна. Дараагийн үе болоод ирэхээр манай сургуулийг төгссөн С.Эрдэнэ, Д.Мягмар нар байна. Дунд хэрийн үе болохоор Ш.Сүрэнжав гуай, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог, Д.Цэдэв гэсэн нэг ангийнхан уран зохиолын бүхэл бүтэн үеийг авч явсан юм шүү дээ.
    Дараа нь таны залуу багш байсан үе таарах байх. Тэр үе “Ду багшийн дугуйлан” их нэр хүндтэй байсан, тэнд болдог зүйлсийн тухай үлгэр, домог шиг олон дурсамж байдаг юм билээ.
    Миний залуу багш байх үед уран зохиолын нэг сэргэлт, дэлбэрэлт ч гэмээр юм уу, маш олон залуу найрагч орж ирж, түүнийг дугуйлан удирдагчийн хувьд залж чиглүүлэх үүрэг надад оногдсон. Тэр үед одоогийн манай уран зохиолын ачааг үүрч яваа төрийн шагналт Д.Норов, Д.Төрбат, Дан.Нямаа, З.Түмэнжаргал, Б.Цэнддоо бас Б.Энхтуяа, Д.Сумъяа гэхчлэн эмэгтэйчүүд ч байлаа. Тэдний нэг төлөөлөгч болох доктор Д.Батжаргал өдгөө надтай цуг ажиллаж, хүүхдийн уран зохиолын талын сүрхий төлөөлөгч болчихсон явж байна. Манай дугуйлангаас зохиолчдын бүтэн үе төдийгүй, уран зохиолын нийгэмлэг хүртэл гарсны жишээ нь“Хөх мэдрэхүй” ТББ, Монголын уран зохиолын сүүлийн үеийн залуу авьяастнуудыг та бүхэн бүгд мэдэж байгаа байх. Бүр сүүлийнх гэхэд л ноднин төгссөн манай Д.Нямдорж хамгийн авьяаслаг залуусын тоонд гарцаагүй орно гэж би бодож байна. Энэ мэтчилэн авьяастны урсгал, давалгаа манай сургуулиас тасарч байсангүй. Социализмын үед юм хатуу байхад хүртэл Монголын хамгийн чөлөөтэй нэг байгууллага манай дугуйлан байсан. Улс төрийн клуб байдаггүй, клубын зохион байгуулалт гэж мэддэггүй байхад л манай дугуйлан хамгийн чөлөөтэй ярилцдаг, залуус өөрсдийн бодсоноо илэрхийлдэг газар байсан. Тэд өөрсдийгөө муулна, зохиолчдын хороо, том зохиолчдоо хүртэл шүүмжилнэ, өөрсдийгөө ч магтана. Дугуйлангийн яриа хэлэлцээр маань шөнө дөл, үүр цайтал үргэлжилнэ. Дараа нь гудамжинд үргэлжилэх мэтээр их бүтээлч хандлагатай. Нэг загварт баригдсан биш, чөлөөтэй сэтгэх боломжийг нээж өгсөн нь хамгийн чухал үнэт зүйл юм даа.
    Та олон жил багшилсан хүний хувьд оюутнууд төгсөөд гарахдаа мэргэжлийн ур чадвараас гадна ямар үнэт зүйлийг мэдэрч, сурч гараасай гэж хүсдэг вэ?
    Миний ч биш, манай тэнхимийн баримталдаг зүйл бол оюутнуудын сэтгэлгээг нь хөгжүүлэх. Энэ бол онцгой чухал. Түүнээс биш хэдэн хүний намтар, он, сар цээжлээд урдаас магнитафон шиг хариулаад байх нь сайхан биш. Үүний оронд аливаа юм үзэгдлийг өөрийнхөөрөө сэтгээд өөрийнхөөрөө бодоод хариулдаг, заримдаа тэрслүү байг, заримдаа буруу байг, заримдаа утга муутай ч байсан хамаагүй тэр нэг өөрөөрөө бодох гэж оролдож байгаа уураг тархийг бол бид дэмжинэ шүү.
    Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл асуумаар санагдлаа. Таны өвөө их үлгэрч хүн байсан гэдэг. Та өвөөгийнхөө авьяасыг хэр өвлөсөн бэ, одоо хүүхдүүддээ үлгэр ярьж өгч байна уу?
    -Өвөөгийн үлгэрийг сонсох гээд л сумын төвийн албан хаагчид амралтаа аваад, манайд ирж зуныхаа амралтыг өнгөрөөдөг байсан. Хүмүүс эгнэж суугаад л, өвөө маань үлгэр ярихаар би суганд нь шигдээд сонсоно. Тэгж байтал ээж үхэр, тугал болохоо байлаа гээд муухай орилно. Тэгэнгүүт гарах нэг хэцүү, гарахгүй нэг хэцүү нэлээн шигдэнэ, дараа нь их муухай орилохоор нь гарахаас аргагүй болно доо. Тэгж өвөөгийнхөө үлгэрийг сонсож өссөн. Маш харамсалтай нь бага насанд судлаачийн ухамсар байх биш, тогтоож цээжлээгүй. Харин ээжид үлдсэн, ээжээр дамжуулсан зарим нэг үлгэрийг, тухайлбал “Мэрзийн тухай домог” гэдгийг миний өвөө хэлсэн, үүнийг судалгааныхаа ажилд хүртэл оруулж байсан. Би бас үлгэр ярина аа. “Би дандаа үлгэр ярих юм, чи хааяа үлгэр ярьж өгч байгаач” гэхээр эхнэр “Та чинь өнгөтэй ярьдаг байхгүй юу” гэнэ. Үлгэр ярихдаа чоно гарвал чонын дуугаар дугараад тэнд гарч буй үйл явдлыг биеэрээ үзүүлээд, заримыг нь бараг мах, чихэнд нь хүргээд өгөхөөр хүүхдүүд чинь үлгэр яриулах гээд салахаа байдаг байхгүй юу.

    Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

  • ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ МОНГОЛ УХААНЫ ГАЙХАМШИГ ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ МОНГОЛ УХААНЫ ГАЙХАМШИГ

    Чингис хааны ертөнцийг үзэх үзлээс зөвхөн төрийг үзэх үзлийн талаар л ярья. “Бие хэврэг, билиг мөнх” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь хүний оюун ухаан, оюун ухаанаар бүтсэн юм, хүний сэтгэлгээ мөнх юм гэсэн үг. Харин бие бол ертөнцийн жам ёсоор мөнх бусыг үзүүлээд байгаль дэлхийдээ шингэдэг. Хүн бодож сэтгэж байгаа юмаа бүтээж үлдээж чадвал тэр нь мөнх гэсэн үг. Ингэж чадсан хүн бол Чингис хаан.
    “Вашингтон пост” гээд Америкийн том сонин бий. Тэр сонин дэлхийн “Мянганы хүн”-ийг тодруулсан. Энэ мянганд хамгийн суут хүн Чингис хаан байсан. Гэхдээ яаж, ямар шалгуураар энэ хүнийг тодруулсан бэ? Зүгээр л энэ Чингис чинь мянганы хүн байна гээд хэлчих үү? Дэлхийг хэн агшаав? Агшаана гэдэг маань энэ дэлхий гэдэг чинь их жижигхэн юм байна шүү гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг нэг хэмжүүр, энэ дэлхийн ард түмний арга технологийг хэн урагшаа ахиулав гэдэг хоёрдугаар хэмжүүр, энэ дэлхийг хүн эзэгнэж байдаг юм гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг гурван хэмжүүрээр дэлхийн бүх алдартнуудын нэрийг оруулаад цахим тооцоолуураар шалгасан байна. Тэнд Шекспир, Колумб, Напалеон, Македоны Александр гэх мэтчилэнгээр дэлхийд хамгийн алдартай хүмүүсийн нэр орсон. Тэгээд цахим тооцоолуураар шинжлэх ухааны үүднээс тооцоолоход дээрх гурван хэмжүүрийг хангасан хүн ганцхан Чингис хаан байсан. Америкчууд бас үүнд итгээгүй ээ. Дараа нь Нью-Йорк Таймс сонин бас энэ гурван хэмжүүрээр оруулсан. Дахиад л Чингис хаан тодорсон.

    Ийнхүү Чингис хаан үнэхээр аугаа хүн гэдгийг дэлхий өнөөдөр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Чингис хаан энэ Монголоо нэгтгэхгүй бол ерөөсөө сүйрэх нь гэдгийг ойлгосон байсан. Тийнхүү хамгийн түрүүнд Монгол овогтноо нэгтгэх бодлого явуулсан. Чингисийн ухаантай, авъяастай, дайчин гэх мэт бүх чанарууд нь олон Монгол овогтны удирдагчид дотроос товойгоод ирэхээр тэдгээр овог аймгуудын ахлагчид атаархаж эхэлсэн. Ер нь манайхны нэг зовлонтой зүйл нь жаахан товойгоод гараад ирснийгээ заавал татаж унагах гээд байдаг шүү дээ. Яг тэр зүйл 13-р зуунд ч байсан байна. Чингисийг унагах гэсэн олон дайсан байсан. “Монголын нууц товчоо”-г уншихад Чингис тэдний нэг рүү нь ч довтолдоггүй, бүгд л Чингисийг довтолсон байдаг. Харин Чингис хариу бариад л байсан. Тэгсээр байгаад Их Монгол Улсыг байгуулсан.
    Онон мөрний хөвөөн дээр, Ононы цэгээн нуур гэж бий. Түүний хойд эрэг дээр есөн хөлт цагаан тугаа босгоод Их Монгол Улсаа байгуулахдаа Чингис хаан, “Мунгинан явж, намайг зовон зүдэж зонхилон хурахуй мунлаж зоволдон жаргалдан хүчээ үлэмж өгсөн молор эрдэнэ мэт энэ бүх Бэтэ улс минь мүнээ үзтэл зовбоос бээр ерөнхийгийн гол болсноор хөдлөхийн дээд Хөх Монгол гэж хэмээгдэжүхүй” гэж хэлжээ.” Хөх Монгол гэдэг нэр эндээс үүдэлтэй. Энэ бол Саган цэцний “Эрдэнийн товч”-д бичээстэй байгаа. Их Монгол Улс аугаа их хаантай, аугаа их хаанаа сонгодог их хуралдайтай байсан. Хуралдай гэдэг нь одоогийн парламент шүү дээ. Монгол бичиг гэдэг төрийн бичигтэй, улсын шүүгчтэй, шүүгч нь Шихихутаг, улсын зурхайчтай, тэр нь Үсүн гэдэг хүн байсан. Дөрвөн түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, аравтын тогтолцоонд хуваасан цэргийн зохион байгуулалттай. Төрийн алтан аргамжааны бодлоготой.
    Энэ нь дипломат бодлого шүү дээ. Төр улс ямар байх ёстой, тэр бүхнийг цогцлуулсан улсыг Чингис хаан анх байгуулжээ. Хуралдайгаар сонгогдоод хаан болчихлоо. Төрийг яаж барих вэ? Чингис хааны төр барих бодлогыг “Төрийн алтан хайрцагны бодлого” гэдэг байсан. Энэ бодлогод Их Монгол Улсын хуралдайгаар сонгогдсон хаан авч явах ёстой гэж үзэж байсан нь Би гадас болж өрийг бэхлэн сахиж Аргамж болж Улсыг барин хатуужсу гэж хэлснээс нь илт юм. Шударга, харцаа дэмждэг, хамгийн мэргэн ухаантай хүнийг авч ажиллуулж чаддаг, ард түмнээ жаргааж, төрийнхөө эв нэгдлийг баталгаажуулж чаддаг гэх мэт олон сайн шинж чанарыг агуулсан хүн л хаан болж чадна.
    Энэ нь Чингисийн үр хүүхэд, жанжин цэрэг нартаа сургасан сургаал, захисан захиасаас нь тодорхой байдаг. Тухайлбал, “Хаан хүний явдал үсний төдий ч хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал…” гэх буюу “Өчигдөр сая сууриндаа сууж хаан болмогц энэ өдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс эдүгээ их төрд харшин, хойтод үр ач нарт муу суртал болмуй: Дэлхий дахины ямарваа үйлс зүтгэхээс бүтмүй. Алжуугаас бүрэлмүй” гэж айлдаж байлаа. Мөн “Өргөмжлөх цолыг миний үр ач нар бүү хэрэглэ. Өөрийгөө ихэмсэглэн магтах, магтуулах хэрэггүй. Өөрийнхөө нэр дээр “хаан” гэдэг ганц үгийг л нэмэхэд болно” гэж захиж байлаа. Тэгвэл төр нь ямар байх ёстой вэ?

    “Хаан хүний төр харанхуйд үл төөрөлдьюү. Ханьд үл эндэгдьюү” хэмээн нэгэнтээ Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь элдэв хүмүүсийн ятгалга, элдэв санаанд автахгүй, нэгдмэл нягтармал, эв нэгтэй төр байх ёстой гэсэн үг юм.
    “Төрийн бат бэх байх нь бодлогын сайнаас, хуулийн чангаас болмуй”, “Сэтгэл хэмээгч биеийн эзэн. Сэтгэл мунхарваас бие даруй хэвтэнэ. Эзэн хэмээгч улсын хаан, эзэн ташаарваас улс даруй мөхнө” хэмээн мөн айлджээ. Тэгэхээр хаан хүн гэдэг бол хэзээ ч алдаж болохгүй. Энэ бол манай эзэн хаанаас 800 жилийн өмнө өнөөдрийн төрийг барьж байгаа хүмүүст үлдээсэн захиас гэж хэлж болно. Өнөөдөр улс төрчид алдаад л байвал улс орон маань доройтоод л байна. Хамгийн ухаан билигтэй хүн төрийг атгалцахад оролцоно гэж Чингис хаан үзэж байсан. “Онгоц үйлдэн сэлүүрийг нь зохиохуй нь гол мөрнийг гатлахын тулд болой. Эрдэмтэн ухаантныг сонгон авах нь төрийн жолоог атгалцахын тулд болой” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Төрийн жолоог мэргэн билигтэй, ухаантай түшээд атгалцах ёстой гэж үздэг байжээ.
    Тэгж ч чадсан. Мухулай, Боорчи, Сүбэдэй, Зэлмэ гээд есөн өрлөг, мөн гадны ухаантай эрдэмтэй хүмүүсийг орчуулагч зэргээр авч ажиллуулдаг байсан. Хятадын “Чингис хаан” гэдэг кинонд Елүй чуцай гээд хүн Чингисийг бараг хамраас нь хөтлөх шахаад яваад байна аа даа. Монголын ганц ч сурвалж бичигт Елүй чуцайгийн тухай байхгүй. Юань улсын түүхэнд нэг ганц хоёр хуудас байдаг юм. Гэхдээ тэр бол Хятад түүхчийн бичсэн зүйл. Монгол төрийг байгуулахад Елүй чуцай огт оролцоогүй шүү дээ. Тэр чинь бүр сүүлд Алтан улстай байлдаж явахдаа олзолж авсан хүн. Тэр кинон дээр Чингист заагаад сургаад л, төрийн бодлогод оролцоод яваад байх шиг гардаг. Үгүй шүү дээ. Монгол төрийн бодлогыг монголчууд өөрсдөө явуулж байсан. Чингисийг жаахан алдаа, ташаарал гаргавал есөн өрлөг нь засаж зааж хэлдэг байсан. “Алтан товч”-д ч байна. “Нууц товчоон”-д ч тодорхой бичээстэй байна. Хамаг Монгол, Их Монгол Улс бол жинхэнэ монгол ухаанаар, өөрөөр хэлбэл Чингис хааны ухаанаар үүсч хөгжсөн юм.

    Төр ард түмнээ жаргаах бодлого явуулах хэрэгтэй гэдгийг хаантан дэндүү ухаарч байлаа. Нэг удаа Чингис хаан Алтай уулан дээр гараад хатад, охид, жанжид цэргүүд, ард иргэддээ хандаж, “Миний мэргэн харваач, цэрэг дайчид маань ойн гоолин нарс мэт жигдрэн нүүгэлтээд л, хатад, бэрс, бүсгүйчүүлийн маань хацар гал сарнай мэт улаа бутраад л байх юм. Миний сэтгэлдээ эрхэмлэж хатангитан санах нь, эднийхээ аманд амтат чихэр хүлхүүлж, биеийг нь алтан саат хоргойгоор өвч чимж, эдэндээ харгам сайн аргамаг хөлөглүүлж, эднийгээ усны тунгалаг, амттайгаас ундлуулж, мал сүргийг нь соргог сэрмүүн бэлчээрт идээшлүүлж, их замаар урагшлуулахад хотол зоны хөлд тээглэж байгаа чөдөр өвс, сөрдгөр узуур зэрэг тээртэй бүхнийг арилгаж өгөх болой” гэж хэлсэн байна. Тэрчилэн “Эзэнт гүрний харъяат хэн ч бай, монгол хүнийг боол буюу зарц болгож болохгүй” гэж хуульчилан заасан байна. Боолын худалдаа цэцэглэж байсан тэр аймшигт үед монгол хүн хаана ч цээж түхэгэр, толгой гэдгэр, омог бардам явж байж шүү.
    Хүүхдүүд ээ, та нар бол монгол ээжийн ангир уургийг хөхөж, монгол эхийн бүүвэйн эгшгээр манцуйнаасаа гарч, өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаа гоц авъяастнууд юм байна шүү дээ. Би их баярлаж байна. Монголчууд дотор олон гоц авъяастан, болдогсон бол бүгдээрээ гоц авъяастан байгаасай. Тиймээс та бүхэн Чингис гэдэг энэ аугаа хүнээ, Чингисийн энэ аугаа бодлогыг судлах хэрэгтэй. Чингисийг манай эзэн хаан гэж мухар сохроор шүтэхээсээ өмнө ертөнцийг үзэх үзэл, дотоод оюун сэтгэлгээгээрээ ямар хүн байсныг мэдэх хэрэгтэй. Тэгвэл бид түүн дээрээ дөрөөлж урагш хөгжинө. Та аль 800, 900 жилийн өмнөх Чингис хаан гээд улирсан баларсан юм яриад байх юм гэж зарим хүн хэлдэг. Энэ буруу. Яагаад гэвэл өнгөрсөн үе дээрээ суурилж байж өнөө үеэ бүтээн байгуулдаг учраас өнгөрснөө мэдэж байж ирээдүйгээ тодорхойлно. Та ирээдүйн тухай ярь л даа гээд байдаг. Би ирээдүйг харж чадахгүй. Би үзмэрч биш. Ирээдүйг харж болохгүй. Харин төлөвлөж болдог. Ирээдүйд тийм юм хийнэ гэж төлөвлөж болно. Бүтэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэрнийг бүтээхийн тулд бид өнгөрсөн түүх дээрээ суурилах ёстой.
    Би “Монголын нууц товчоо”-г хүүхэд байхаасаа л уншиж эхэлсэн. Хэд дахин уншсаныг мэдэхгүй. Энэ ертөнцийг үзэх үзлийн талаар 1996 оноос судалж эхэлсэн юм. “Нууц товчоо”, “Алтан товч”-ийг үзээд байхад Чингисийн гоё гоё сургаал гарч ирдэг. Энэ сургаалиудаар жижигхэн ном хийе гэж бодоод “Чингисийн оюун билгийн соёрхол” гээд өврийн ном бичсэн. 1999 оноос хойш 100 гаруй номыг Англи, Орос, Монгол хэл дээр уншиж байж энэ бүх сургаалиудыг цуглуулж авсан. Тэгээд “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх Монголчуудын өлзий учрал” гэдэг ном бичсэн юм.

    “Алтан товч” -д Чингис хаан бол хаан хүний 35 эрдмийг эзэмшсэн байсан” гэж гардаг. Чингис хаан яагаад энэ Бурхан халдун дээр гарч бясалгал хийдэг байсан юм бол гэж би боддог. Чингис хааны үзэл суртлын гол баримтлал нь Мөнх Тэнгэр гэж байлаа шүү дээ. Тэр үзэл баримтлалаар бол Мөнх Тэнгэрээс ирж байгаа эрч хүч, дэлхийгээс цацарч байгаа эрчим хүч хоёрын солбицол дээр Чингис хаан бясалгал хийдэг байсан. Тэнд гурван хоног сууж бясалгал хийгээд, “Бид дайнд ялах юм байна” гээд л морддог байж шүү дээ. Хятад руу аян дайнд мордохдоо ч тэгсэн. Сартуул руу ч мөн адил. Хүнээс байнга энерги, эрчим хүч цацарч байдаг. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдоод баттай болчихсон зүйл. Чингис хаанд өөрт нь онцгой эрчим хүч байсан. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс ирж байгаа дохио, газраас ирж байгаа эрчим хүч хоёрыг солбицол дээр суугаад юмыг онцгой мэдрэх чадвартай байсан. Дээр нь хаан хүний 35 эрдэм нийлээд энэ хүн дэлхийн мянганы суут хүн болж чадсан.
    Ер нь хүн амжилтад хүрье гэвэл авъяас билгээс гадна оролдлого, зүтгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд барилдаан, зодоон биш оюун ухааныг шүтэх хэрэгтэй. Бид үзэлцвэл оюунаараа үзэлцье л дээ. Үүнийг л Монголын хүүхэд залууст захина. Би үүнийг телевизээр ярих болгондоо хэлдэг. Өнөөдөр ч би үүнийгээ давтаад л хэлж байна. Оюун ухаан мандах болтугай.

    Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Г.АКИМ

  • ЧИНИЙ ТӨЛӨӨ ӨӨРИЙГӨӨ Ч ХАЙРЛАХГҮЙ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ БОЛ ЧАМАЙГ Ч ХАЙРЛАХГҮЙ

    Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон Их газрынхаа чулуунд очдог, америкийн нэг том хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог, өөдөөс нь Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог эргэн тойронд нь тор татаад, францын нэг тэрбумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ?

    Монголын тэнгэрийг, монголын өвс ногоог, монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. “Дайн гэдэг хүсэх юм биш ч, тулаад ирвэл буцах юм биш” гэж цэргийнхэн ярьдаг.

    Газар нутаг байж эх орон байдаг, эх оронтой байж ард түмэн болдог, эх орон, ард түмэн хоёр нийлээд улс орон болдог нь мөнхийн хууль.

    Хэрвээ энэ холбоос алдагдвал, энэ учир шалтгааны дараалал алдагдвал үндэстэн мөхдөг, тусгаар тогтнол сөнөдөг…Чухам ийм үед л “Эх орон, эсхүл үхэл…” гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, хөгшид өвгөд, охид хүүхнүүд хэний ч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй” гэдэг мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харвадаг биз.

    Хуулийг тэнэгүүд хэлэлцэж тэр нь батлагдвал ухаантан ч дагана
    Бүр эрт Хүннү нар Хятадаас хил тусгаарлаж, тэр хилээ байнгын харуул манаатай байлгаж, харуулын байрыг нь “Оуто” гэж нэрлэж байсныг өртөө, отог, орд гэж тайлбарладаг бөгөөд Дунхутай хил нийлсэн газраар Хүннүгийн харъяа бүхий, хүн оршин суудаггүй мянга гаруй мод газар байжээ. Аль аль нь өөр өөрийн хилээр нутаглаж “оуто” болгодог … байв.

    Дунху-гийн эзэн нь Модунь Шаньюйд элч илгээн хэлүүлсэн нь: “Манай хилийн чанад Хүннү-гийн харъяанаа буй эзэнгүй газар нь Хүннү нар үл хүрэх газар. Бид түүнийг авахыг хүснэ” гэжээ. Модунь түшмэдүүдтэйгээ зөвлөлдөхөд зарим нь “энэ бол хаягдсан газар, өгөхөд ч болно. Өгөхгүй байхад ч болно” гэжээ. Модунь тэсгэлгүй уурлан “Газар бол улс орны үндэс мөн. Хэрхэн өгч болно” хэмээгээд, өгнө хэмээгсдийн цөмийнх нь толгойг аваад мориндоо мордож, мөн хоцрогсдын толгойг авна хэмээн зарлиг буулгажээ. Ингээд дорно зүг аялан Дунхуг гэнэт дайрчээ. Тэд Модунийг үл тоомсорлож байсан тул бэлтгэлгүй байв. Модунь цэрэглэн очоод Дунху-гийн ванг бут цохиод харъяа ард, мал хөрөнгийг нь олзлон авчээ. /Шицзи 10 боть, 16 дахь тал/

    Мөн гэргийгээ өг… гэхэд нь харийн хаанд өгч явуулаад, аргамаг хүлгээ өг… гэхэд нь бас илгээгээд, эцэст нь газар нутгаа өг… гэхэд нь “газар байгаа цагт эхнэр, аргамаг хоёр олдоно. Газраа өгвөл надад юу үлдэх билээ” хэмээн дайлаар мордож, дайснаа дарсан гэж, их хаан Модунь Шаньюй-н тухай түүхэнд тов тодорхой бичиглэн үлдээснийг бүү мартагтун.

    Чингис хаан яах гэж дөрвөн зүг, найман зовхист аян дайн хийсэн юм бэ? Үр хойчдоо амьдрах уудам орон зай үлдээх гэж… Найман зуун жил танаад, танаад үлдэх газрыг бидэнд орхисон их өвгөө бүү март.

    Чингүнжав яах гэж зоосны нүхээр сүвлүүлж, тарчлан зовж амиа алдав? … Газар нутгаа та бидэнд үлдээх гэж…

    Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, даа лам Цэрэнчимэд яагаад бусдад хорлогдов.? Газар нутгаа та бидэнд үлдээх гэж…

    Нацагдорж та бидэнд юуг гэрээслэн үлдээв?…
    “Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
    Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө
    Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
    Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон” гэж… сануулжээ.

    “Бяцхан сумаар том хөлөг онгоцыг цоо буудаж болно” гэж Дагестаны тусгаар тогтнолын төлөө 25 жил ард түмнээ удирдан тулалдсан Шамиль хэлжээ.

    Тиймээ, өнөөдөр хуулийн бяцхан цоорхойгоор Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний аюулгүй байдлын “баталгаа” элсэн цаг шиг урссаар л байна.

    “Хуулийг тэнэгүүд хэлэлцэж, хэрвээ тэр нь батлагдвал ухаантай хүмүүс ч дагахаас өөр аргагүй болдог” гэж нэгэн гүн ухаантан сануулжээ. Монголын тусгаар тогтнолд аюултай “тэнэг хууль” батлагдах гэж байна. Сэрэгтүн, залуус аа!

    Монгол үндэстнийг эрлийзжүүлэх, үндэстнийх нь хувьд устгах бодлого эхэллээ. Сэхээрэгтүн, ард түмэн минь !…

    “Урвагч хүн газар дээр байснаас газар доор байсан нь дээр”
    Дайны эмгэнэлт төгсгөл нь Гунибын уул боллоо. Тэр уулын оргил дээр гэгээнтэн сүүлчийн удаа мөргөл үйлджээ. Мөргөл хийж байхад гарт нь сум тусчээ. Шамиль цочсон ч үгүй, мөргөлөө үйлдсээр байжээ. Гэгээнтний өвдөг ба зогсож байсан чулууг нь цус буджээ. Шархадсан гэгээнтэн мөргөлөө дуусгаад босоход нь дэргэдийн хүн түүнд “Гэгээнтэн минь та шархаджээ” гэсэнд “Энэ шарх юу ч биш. Эдгэрнэ. Харин Дагестаны цус гоожиж байна. Тэр шархыг анагаахад л хэцүү байна гээд Шамиль хэсэг өвс таслан авч, гарынхаа цусыг арчиж байжээ. Үүнийг Расул Гамзатов бичиж үлдээжээ.

    “Одоо Монгол минь шархадлаа. Түүний цус савирч байна. Өөрийнх нь хөвгүүд бие биеэ алж, талж, дээрэмдэж, аугаа их Чингисийн охидын үр хойчийг хүчирхийлж, хүний нутагт урван одож, залуу нас, хүч чадал, оюун бодол, авъяас билгээ харийнханд зориулж, өнгө мөнгөнд тэмүүлсээр, өтөлсөн хойноо өгөршсөн бие, өмхийрсөн ясаа хэнд ч хэрэггүй болоход нь “нутагтаа ясаа тавихаар ирлээ” гэж хуцаж байна.

    Эх орон минь харийнхнаар дүүрч, уул тодгод, хөндий тал, нуга, хангай, говь цөлийг минь тэд судалж, тэд сэндийлж эхлэв. Монгол охидод гадаадын хүн бурхан, монгол эрс чөтгөр болж, монгол эрс нь улсаан биш, арьсаан бодож эхлэв.

    Эх орон минь шархдлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна? … “Дагестан минь тал талаас нь шувуу тоншиж байгаа амьтантай адил болжээ” гэж Аварын найрагч хэлсэн бол, монгол ч ийм л боллоо:

    -“Манай голоос дайсан морио услах эрхгүй” гэж Хятадын Тан улсын үеийн их шүлэгч Ли Бай хэлжээ.

    -“Урвагч хүн газар дээр байснаас, газар доор байх нь дээр” гэж Дагестаны үндэсний баатар Шамиль хэлжээ.

    -“Амар, Гэндэн, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дандар баатар, Олзвой, Чогдон, Дамба нарыг мартсан хүмүүс хараал идэх болтугай. Тэд манай газар шорооны төлөө амиа алдсан юм” гэж залуу хүү, яруу найрагч Т.Содномнамжил хэлжээ.

    -“Гунибын ууланд Шамилийг бэхлэн суухад түүнийг эзлэх ямар ч бололцоогүй байжээ. Гэтэл урвагч хүн гарч дайсанд нууц зөргийг зааж өгсөн байна. Фельдмаршал Барятинский тэр уулын хүнд алт шагнажээ. Хожим Шамилийг Калуга-д очоод байх үед тэр урвагч төрсөн гэртээ харьж ирсэнд эцэг нь: “Чи уулын хүн биш. Ер нь хүн биш, урвагч. Чи миний хүү биш” гэж хэлээд тэр хүүгээ алж, толгойг нь аваад мөнөөхөн алтны нь хамт хадан дээрээс гол руу хаяжээ. Тэгээд эцэг нь ч мөн төрөлх хот айлдаа суун, хүмүүсийн нүдэнд харагдаж зүрхлэхгүй болоод хүүгээсээ болж, ичихдээ холын хол явж сураггүй болжээ. Урвагчийн толгойг хаясан тэр газрын дэргэдүүр одоо хүртэл уулынхан явахдаа чулуу шиддэг” гэж найрагч бичжээ.

    Монголын газрыг гадаадынханд үе удам дамжин эзэмших бололцоо олгож буй хэн бүхэн, алтнаас Шамилийг худалдсан урвагчтай адил.

    Тэднийг үеийн үед урвагч гэж зүхэх болтугай. Тэдний үр хойчийг чулуугаар шидэх болтугай.

    Газрыг монгол хүний нэрээр харийнханд үүрд өмчлүүлэх, монголчуудыг гурав дахь үеэс нь эрлийзжүүлэх бодлого явуулж буй хүмүүст:
    “Чамд адуунаас ямар нэг юм байх шиг байна
    Чамд хониноос ямар нэг юм байх шиг байна
    Чамд элээнээс ямар нэг юм байх шиг байна
    Чамд үнээнээс ямар нэг юм байх шиг байна
    Чамд загаснаас ямар нэг юм байх шиг байна
    Эр зориг чинь харин хаа байна? Эрхэм нэр чинь харин хаа байна? Гэсэн алдарт шүлгийг сануулъя.

    Монголын газрыг гадаадынханд монгол хүний нэрээр өмчлүүлэх бололцоо олгож буй хэн бүхэн “хүнгүй хувцас байж чи, толгойгүй малгай байж чи” гэсэн уулынхны ардын яруу найрагчийн үгийг үхэн үхтлээ санаж явтугай.

    Алга дарам газрын төлөө
    – Нэг хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан юм бэ?
    – Хоёр айлын тариан талбайн хоорондох алга дарам газар, бяцхан хажуу, чулууны төлөө шүү дээ.
    – Зэргэлдээ хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан бэ?
    – Хот айлын дундах алга дарам газрын төлөө шүү дээ.
    – Дагестан бусад ард түмэнтэй юуны төлөө тулалдаж байсан бэ?
    – Дагестаны хил дээрх алга дарам газрын төлөө гэж Расул Гамзатов хариулжээ.

    Хэл, хил, мал гурав
    Өнө эртний хүмүүс агуйд галаа манадаг байсан. Өвөг дээдэс минь мянга мянган жил хилээ манаж ирсэн. Өнөөдөр ч үр ач нь манаж буй. Харин тэднийг дархан хилээ нүд чавчилгүй манаж байхад бид “хууль” нэртэй цаасан дээр хуудуутай хүмүүсийн балгаар “хилээ алдах” гээд байна. Хилчид хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй бол, хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүд нь хуулийн цоорхойгоор хил зөрчсөн “заалт” оруулж болохгүй /О.Д/

    “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ? Монгол ялагдахгүй” гэж төрийн соёрхолт зохиолч Зундуйн Доржийн хэлсэн үг нь 281-ийн холбооны мөнхийн уриа юм.

    Нарны гэрэл, агаар-хувийн өмч үү?
    Бурхан багш ч эд баялаг, хөрөнгө мөнгөөр шударга ёс үл тогтох тухай мөнхийн сургааль айлдсан.

    Гадаадынхан одоо бидэн рүү зэр зэвсгээр бус, мөнгөөр, “ардчилал”, “хүний эрх” гэдэг худал үгээр зэвсэглэн дайрч байна.

    -Гадаадынхан бидний гэрийг хоослон, бидний үр хүүхдийг цөлмөж, үр хойчийг минь зарц боолоо болгохоор “эрх чөлөө”, “тансаг амьдрал” гэдэг гоё үгээр зэвсэглэн дайрч байна. Монгол орон өрнөдийн замаар явбал түргэн үхнэ. Дорнодын замаар явбал түргэн уусна. Ард түмэн мэхлэгдэж, ноёлогч, эрх баригч хэсгийнхэн заль мэх, худал хуурмаг, эд хөрөнгөөр гуйвагч сэхээтнүүдийг оосорлож, дуртай зүг рүүгээ чирч байна.

    Аугаа их Толстойн “Сэхээрэл” романы гол баатар газрын эзний эрхээсээ татгалзан, газрыг тариачдад өгдөг. Ард түмнийхээ үгүйрэл хоосрол, зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгааныг Л.Толстой заахдаа, “Газрын эзэд нь тариачдаас газрыг нь булаан авсан явдал” гээд газрын эздийн газар эзэмшлийг устгах санал тавьж байв.

    “Нарны гэрэл, агаар хувийн өмч биш байдаг шиг, газрыг хувьдаа өмчилж, худалдах, худалдан авах зүйл болгох ёсгүй” гэж өөрөө газрын том эзэн байсан Л.Толстой хэлжээ. Түүний бодсоноор “хүн бүхэн газар эзэмших талаар ижил эрхтэй ч” газрыг хувьд өмчлүүлэхэд хэн нэг нь газраа худалдахаас өөр аргагүйд хүрч, хэн нэг нь худалдан авсаар газрын эзэд, тэдний мэдлийн тариачид буй болж, эцэстээ эзэн, боол, баян, ядуу, үгүйрэл хоосрол, ард түмний зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгаан болдог тул, газар өмчлөхийг устгах асуудал нь гол зүйл гэж үзэж байв. ХХ зууны эхээр болсон сүрт жагсаал, зэвсэгт бослого, тариачдын үймээнийг Толстой нэн сонирхож, эздийнхээ газрыг булааж авсан тариачдын тухай, “Тун зүйтэй. Тариачид хамгийнхаа чухал зүйлд оржээ” гэж Короленкод хэлж байв.

    Толстой нь Достоевскийтэй нийлж өөрийн суут авъяас билгээр бүх дэлхийг донсолго, “Европ дахины гайхан биширсэн анхаарлыг Орос орны зүг татсан”, “Толстойг мэдэхгүйгээр өөрийгөө соёлтой хүнд тооцож болохгүй” гэж М.Горький хэлсэн бол, Францын их зохиолч Нобелийн шагналт Ромен Роллан “XIX зууны бүх романуудаас давуутай, суут дурсгал” гэж “Дайн ба энх”, “Анна Каренина” романыг нь үнэлжээ. “Сэхээрэл” роман нь хэвлэгдээд жил хагасын хооронд дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж байсан энэ их хүнийг Махатма Ганди, Ги де Мопассан, Бернард Шоу, Анатоль Франс, Андре Моруа, Эрнест Хемингуй зэрэг дэлхийн олон их оюун ухаантнууд бишрэн хүндэлж, одоо ч түүнтэй эн зэрэгцэх гүн ухаантан, зохиолч өдрийн од шиг гэж дэлхий нийтээр үздэг. Гэтэл газрын эзэн, их зохиолч Л.Толстой газрын тухай ийм хатуу, зөв байр суурьтай байжээ.

    Газрыг өмчилнө гэдэг нь түүний жинхэнэ байдлыг заавал алдагдуулж, ямар нэг өөрчлөлт оруулж, физик болон байгалийн шинжийг нь эвддэг.

    Дэд бүтэц буй болгох, усжуулах систем нэвтрүүлэх, учир утгагүй байшин барилга барих болон газар өмчлөгч нь дурын хязгаарлалтгүй эрх эзэлж, үүгээрээ тариа ногоо тарих болон хөдөө аж ахуйн бусад зориулалт устаж, газрын жам ёсны үүрэг алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр, техник, бас бус байгууламжийн талбар болно.

    Газрыг өмчлөгч нь бусдад худалдах, түрээслүүлэх эрх эдэлснээр монгол нутгийн унаган төрх алдагдаж, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хохирол учирна.

    Хэн үүнийг турхирав
    Монгол Улсын Үндсэн хуулинд “Газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаанд өгөхгүй, арилжихгүй” гэдэг заалт бэлхнээ буй.

    Чухам эл заалтыг оруулах гэж 1991 оны эцсээр эхэлж 1992 оны хоёрдугаар сард 76 хоног хуралдаж, хэрэлдэж байж дууссан тэр үеийн Ардын Их Хурлын чуулганд депутат байсан миний бие “Бие даасан депутатуудын бүлэг” байгуулан хирдээ л тулалдсан билээ. Газраа гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гэснээрээ бид “фашит, нацит” гэдэг нэр хочийг ардчилагчид гэгчдээс хүртэж, тэр үедээ багагүй л хараалгаж зүхүүлж байсан.

    Харин одоо санахад нэг л юм ойлгогддоггүй юм. Чухам ямар санаатайгаар газрыг заавал гадаадынханд худалдаж, өмчлүүлэх гээд байв аа?

    Хэн үүнийг турхирв?… Жинхэнэ эзэд нь монголд байв уу? Эсхүл хилийн чандаас ийн удирдав уу? гэдэг нь хэзээ нэгэн цагт тодрох биз. Юутай ч гэсэн үндсэн хуулиар тэдний далд санаархал тас цохигдсон ч, газрыг гадаадыханд хугацаатай, төлбөртэйгөөр эзэмшүүлж, ашиглуулна гэдэг заалт орсон билээ. Үүнийг бид эсэргүүцээд хүч хүрээгүй билээ. Нөгөө талаас зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх үед гадаадын хөрөнгө оруулалтыг огт үгүйсгэж болохгүй байсан юм.

    Нэгэнт зах зээлийнг эдийн засагт шилжсэн гэх тул, эл заалтыг үндэслэн гадаадын иргэд, пүүс, компани хөрөнгө оруулалт хийх, бас бус зорилгоор Монголын газар нутгаас 60 жилийн хугацаатай түрээслэх, цаашилбал 40 жилээр сунгаж болох заалт өөр хуулинд орсон юм. Ер нь газрыг гадаадынханд урт хугацаагаар эзэмшүүлж ашиглуулах, түрээслүүлэх нь өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй, томоохон улс гүрнүүдийн хэрэг болохоос бус, манайх шиг бага буурай орны явдал биш гэдэг нь олон жишгээс харагдана.

    Хятад шиг тэрбум хүнтэй аугаа их гүрэн 99 жилээр Англид түрээслүүлсэн Хон-конгийг буцааж авах гэж хичнээн явдал болов доо? … Өргөн уудам нутагтай, хүн ам нь даан ч цөөхөн манай улс, газар нутгийнхаа бүх хэсэгт хяналт тогтоох ямар ч боломжгүй билээ. Хоёр сая монголчууд 100 жилээр эзэмшүүлэхээр харьд өгсөн газраа том гүрнүүдээс буцааж авах баталгаа байна уу? Газраа хувьд авсан хүн түүнийгээ хэнд панзалж, хэнд түрээсэлж, яаж арилжиж, хэрхэн ухуулж, төнхүүлж байгааг төр, ард түмэн хянах ямар ч боломж алга. Хянадаг хүн байлаа ч, түүнийг худалдаж авах мөн ч амархан шүү дээ.

    Дор хаяхад 20 сая хүн амтай, цаашилбал 100, түүнээс дээш сая хүн амтай улс орон л гадаадынханд газраа түрээслүүлдэг болохоос манайх шиг жижиг улс ийм алхам хийсэн дэлхийн жишиг алга.

    Өнөөдөр бид газраа гадаадынханд 60+40=100 жилээр түрээслүүлье? Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад ихэс дээдэс, Улсын Их Хурлын гишүүдээс 100 жилийн дараа амьд байх хүн бий юу?… Тэр үед дэлхийн явдал, хүчний харьцаа хаашаа эргэж, яаж ч хувирах билээ? Хэн мэднэ?

    Учир иймд “надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэх сэтгэлээр эх орондоо ханддаг хүмүүс, өөрийн өчүүхэн биеийг далайн хөөс, өөрийн өчүүхэн санааг зэрэглээ гэж бодож явалтай.

    Би, Монгол Улс газраа гадаадынханд огт түрээслүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж буй юм биш ээ. Гагцхүү нөхцөл байдал, цаг хугацаа, орон зай, бусад сөрөг нөлөөллийг сайтар тооцож, хүн ам маань 20 саяас доошгүй, улс орон маань ядахдаа өмнөд Солонгосын түвшинд хүрсэн цагт төр маань өөрөө, олон нийтийн нарийн хяналтын дор хугацаатай, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох юм гэж үздэг.

    Харин газрыг гадаадынханд худалдах, өмчлүүлх, барьцаанд өгөх, бэлгэнд өгөх, арилжих тухай ярьсан хүнийг бол үеийн үед хэлийг нь огтол, бодсон хүний толгойг нь авах болтугай. Тийм төмөр нүүртэй төр ирэх болтугай.

     

  • ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ ГЭР БҮЛЭЭ АВАРЧ ҮЛДДЭГ ХАРИН СУЛ ДОРОЙ НЬ ТАЛЛАН ХУВААДАГ

    Гэр хорооллын мухарт хуучны модон байшиндаа өглөө орой бүр дөрвөн хүүхдийнхээ хоолыг хийж, шал зүлгэж ирсэн ч амьдрал намайг харж үзээгүй. Ажлаас минь орон тоогоор цомхотгож миний оронд хэлтэй устай, их сургуулийн дипломтой залуухан бүсгүйг ажилд авсан. Би барилгын инженерээр коллеж төгссөн ч гэлээ ганц ч удаа мэргэжлээрээ ажиллаж үзээгүй хүн. Олон жил төрийн байгууллагад үйлчилгээний ажилтан хийж хүний хөл гарт гүйх зарц шиг л амьдарсаар ирсэн.
    Эр нөхрөөсөө яагаад салсан юм бэ гэж үү? Өнөө л нэг архинаас болоод… Би үр хүүхдүүдээ хэрүүл зовлонгүй, зодоон нүдээнгүй ядаж сэтгэл амар амьдруулахыг хүссэн юм. Өлөн зэлмэн ходоодтой байлаа ч гэсэн өршөөх уучлах сэтгэл зүрхгүй болчих вий гэж айсан юм. Эр нөхөр минь тийм ч муу хүн байгаагүй ээ. Зүгээр л амьдралд хэтэрхий бууж өгөмтгий, сэтгэлийн хатгүй, архинд толгойгоо мэдүүлчихсэн л байсан. Намайг хамаг хувцсыг нь цүнхэнд чихэж өгөөд гаргахад юу ч хэлэлгүй үүрч аваад л өөрийнхөө төрсөн нутаг руу яваад өгсөн. Уг нь би намайг аргадаад, үр хүүхдээ бодоод ядаж хотоос холдохгүй байх гэж дотроо найдаж л байлаа. Гэтэл нэг л мэдсэн манай гэр бүл ганцхан хүний цалин харж ганцхан ээжийн гар харахаас өөр аргагүй хүндхэн үетэй нүүр тулгарсан.
    Би хүүхдүүддээ л их баярлаж явдаг. Тийм хүнд хэцүү үед ээжийгээ ойлгож өлссөн байлаа ч хоол нэхэлгүй, багадсан байлаа ч хувцас гуйлгүй, нэг нэгнийхээ уранхай ноорхойг нөхөж өлссөн нэгнийхээ ходоодыг айлаас хоол гуйж байгаад цатгаж өгдөг байсан тэр их тэвчээр, амьдралын тэмцэлд нь талархаж явдаг юм. Би угаасаа муу ээж байсан. Хэрвээ бүр эхнээс нь хөөж бодох юм бол бүгд л миний алдаанаас эхэлсэн юм.
    Одоогоос 22 жилийн өмнө нөхөртэйгөө суух үедээ би амьдралын талаар гүн гүнзгий бодох хэрэгтэй байж. Эр нөхрөө сайн шинжиж дүгнэн тэр хүнийг сайн мэдэж, ойлгож бас хүмүүжүүлэх их ухаан тээх хэрэгтэй байж. Ээж минь надад хэлж л байсан.
    “Чи хол нутгийн хүнтэй суух гэж зүтгээд байх юм. Энэ хүний талаар чи юу мэдэх вэ? Хамтдаа нэг оронд ороод л хайр бий болчихдог юм биш. Хэдэн арван жил ханилсан мөртлөө нэг нэгнээ таньж чадахгүй хоёр тийшээ болсон хүмүүс хэдэн мянгаараа байна. Чи тэр хүнээ ядаж юуны төлөө амьдардаг, юу хийх дуртай, ямар муу зуршилтай, яаж залж чиглүүлэх хэрэгтэй талаар мэдэх үү? Эр хүн амьдралыг үүрч явдаг бол эхнэр хүн чиглүүлж явдаг юм шүү! Хамгийн гол нь харамсах вий. Чи өөрөө л мэд.” гэж байсан.
    Тэр үед ээжийг хатуу үг л хэлж байна даа гэж бодсоноос биш хэрэгтэй зүйл яриад байгааг нь ойлгох тархи байсангүй дээ. Намайг явахын өмнөх өдөр аав маань шөнөжин надтай ярилцаж байлаа. Тэр их ярианаас одоо толгойд нэг л зүйл бүтэн үлдсэн байна.
    “Чи аавыгаа хүчтэй учраас энэ амьдрал ийм сайхан байна гэж боддог уу? Гэхдээ ээж чинь мундаг учраас л би ийм хүчтэй харагдаж байгаа юм. Ээж чинь надад үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстойг ойлгуулах гэж амьдралынхаа арван жилийг үрсэн хүн. Хайран сайхан залуу насаа шүү дээ. Хайрлаж дурлалгүй яах вэ? Залуу нас хүн бүхэнд л байдаг зүйл. Харин ханилж амьдрал бүтээнэ гэдэг чинь их ухаан шаардана. Бүх л хүчтэй эрчүүд өөрийнх нь ард байгаа эмэгтэй хүнээс шалтгаалдаг. Ээжийн чинь өсгөсөн 6 хүүхэд бас дээр нь нэмээд 50 хүрч байгаа намайг нэмбэл үүрч яваа ачааг нь хэмжих боломжгүй. Хэрвээ аавынхаа гэрээс холдох гэж, сургууль төгсөөд бие даах ёстой гэж бодоод эндээс зугтах шахам явж байгаа бол ахин дахин сайн бодоод үз. Хүн шаварт зоогдсон бол тэр газраас гаран гартлаа шавартайгаа л тэмцэлдэнэ. Харин гарсан хойноо тэнд анхнаасаа орох хэрэггүй байсныг ойлгодог юм. Ээж чинь чамайг болиулаад өгөөч ээ гэж намайг ятгасан. Харин аав нь чамайг өөрөө мэд дээ л гэж хэлнэ. Харин нэг зүйлийг санаарай. Хэрвээ эр нөхөртөө хариуцлага үүрүүлж, зовлон даалгуулж сургахгүй юм бол тэр бүх зүйлээ чи өөрөө үүрч явахаас өөр аргагүй болно шүү!”
    Яагаад тэр үед аав ээж хоёр минь мэдсэн юм шиг ийм зөвлөгөө өгөөд байсан юм бол доо гэж одоо ч гайхдаг. Гэхдээ би амьдралд бууж өгөөгүй ээ! Одоо би гурван салбартай барилгын материалын дэлгүүр ажиллуулж дөрвөн хүүхэд маань ээждээ туслаад сайхан л амьдарч байна. Харин саяхан салсан нөхөр маань нутагтаа өөд болсон талаар таагүй мэдээ дууллаа. Бас л өөрийгөө буруутгах гээд байх юм. Залуу насандаа хамтдаа бүгдийг бүтээнэ гэж гараас нь атгаж амьдрал уруу зүглэсэн мөртлөө замын голд нэгнээ орхисон юм шиг мэдрэмж төрөөд байна. Ер нь тэгээд хайр дурлал байсан ч байгаагүй ч нэг нэгнийхээ төлөө амьдрах сэтгэл, зүтгэл байх юм бол юуг л бол юуг бүтээж болдог. Хэрвээ гучин насанд минь одоогийн тавин нас шиг ухаан бас энэрэх уучлах сэтгэл байсан сан бол би гэр бүлээ аварч чадах байлаа. Хүмүүс намайг чи өөрийгөө битгий буруутга, чи буруугүй гэж хэлдэг. Гэхдээ би буруутай. Хэн нэгэн хүн намайг энэ амьдрал руу түлхээгүй. Би өөрөө гүйж орсон. Хэн нэгэн хүн надад нөхөр сонгож өгөөгүй. Би өөрөө түүнийг сонгосон. Хэн нэгэн танихгүй хүнтэй би амьдрал эхлүүлээгүй. Би хайртай байсан учраас хамтдаа бүгдийг эхлүүлсэн. Хэрвээ надад багахан ухаан өчүүхэн хүч байсан бол би энэ амьдралыг элэг бүтэн авч явж чадах байсан.
    Яг үнэндээ нөхрөөсөө илүү би өөрөө хүчгүй байсан юм билээ. Хэн нэгний эхнэрийн өмссөн зүүснийг ярьж, яаж баян тансаг амьдрах талаар ярихаас биш эр нөхрийнхөө юу хүсээд, юу бүтээх гээд байгааг нэг ч удаа бодож байсангүй. Аз жаргалыг их хямдхан зүйлээр би харж байж. Хүүхнүүд минь сайн бодож байж урагшаа алх. Хэрвээ аль хэдийн алхчихсан бол сайн бодож байж нүүдэл хий. Гэрлэлтээ салгалаа гээд эргээд амьдрал сайхан болохгүй. Чи өнөө л ачаагаа үүрээд л алхана. Бүх зүйлийг өөрөө болгож бүтээж байгаа гэж бардаж ориллоо гээд хэн ч чамайг сонсохгүй. Учир нь тэр ачааг чи л өөрөө нуруун дээрээ үүрчихсэн. Түүнээс биш хэн нэгэн чамайг тамлаад зовоогоод зарцлаад байгаа хэрэг биш шүү дээ. Одоо ингээд ганцаараа хөгширч, ганцаараа цайгаа ууж, ганцаараа орондоо орох тоолондоо өөрийнхөө тэнэг залуу насыг зэмлэмээр санагддаг юм. Бас хэдэн хүүхдээ хадамд гаргахдаа нүүрээ улалзуулан ганцаараа сууна. Тэд нарт маань ч амаргүй л байдаг. Нүднээс нь харагддаг юм. Хүчирхэг эмэгтэй хүн л гэр бүлээ аварч үлддэг, харин сул дорой нь түүнийг таллаж хуваадаг. Би үүнийг өөрийнхөө зүрхний гүнээс тархины булангаас гаргаж та нартаа уудлаж байна. Би алдсан. Харин чи алдаж болохгүй. Бусдын алдааг ахин батлах хэрэггүй. Харин бусдын алдаанаас суралцаж өөрийнхөө алдааг олж хараад засах хэрэгтэй.”

  • Чингис хаан хаана төрсөн бэ?

    Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга О.Жамъян 1928 онд зориуд биечлэн сурвалжилж Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байна гэсэн санааг анх гаргасан байна. Тэрээр “Бас Хан Хэнтий уулын баруун өмнө зүг Хэрлэн голын зүүн этгээдэд зүүн өмнөөс Хэрлэн гол руу орсон нэгэн их амыг Болдагийн ам хэмээдэг. Тэр Дэлиүн болдагт Чингис хаан төрсөн хэмээн хэлдэг гэж тэндэх нутгийн хүмүүс хэлнэ. Энэхүү Дэлиүн болдаг хоёр газрын алинд нь Чингис хаан төрсөн болохыг эрдэмтэн мэргэд шинжлэх ажаамуу хэмээнэ” гэжээ.
    Нэрт түүхч Х.Пэрлээ: “… Дэлүүн болдог Онон, Балж хоёр голын боом буюу бэлчирт хуучин нэрээ хадгалсаар байна. Гурван нуурын рашаан амралтын дэргэд бий” гэсэн нь Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Дэлүүн болдог юм.
    Сүүлийн үед Дэлүүн болдогийн байрлалын талаар шинэ санал гарч ирсэн ба газарзүй судлаач Ж.Бадамдаш, Д.Базаргүр нар Дэлүүн болдогийг Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Ламын ухааг мөн гэж үзсэн байна.
    Дээрхээс үзэхэд Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдогийн байршлын талаар үндсэн 4 санал дэвшигдэн гарчээ. Үүнд:
    1.Ононы адаг урсгал дахь одоогийн ОХУ-ын нутагт буй Дэлюн болдок,
    2. Ононы буюу Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн болдог,
    3.Хэрлэний Дэлүүн болдог,
    4.Хэнтий аймгийн Биндэр сумын Ламын ухаа болж байна.
    Дэлүүн болдогийг хайн судалсан дээрх эрдэмтдийн саналаас О.Жамъян, Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн зэрэг манай ахмад эрдэмтдийн судалж тогтоосон Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Дэлүүн болдог нь Чингис хааны төрсөн газар мөн байх үндэслэл хамгийн өндөр байна.
    Б.Баатархүү, Д.Одсүрэн: Чингис хааны төрсөн газрын нэр Дэлүүн болдог мөн үү, Нууц Товчооны нууцаас тайлах нь, 2014 номноос

  • “БИ”-ГЭЭР ӨВЧЛӨГСӨД

    *НАДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА
    Сошиал сүлжээнд ѳѳрийгѳѳ их нѳлѳѳтэй гэж бодож дүгнэдэг хүмүүс цѳѳнгүй бий. Бүх зүйлийг ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэдэг тэд, ѳѳрийг нь дагаж магтаагүй ѳѳрѳѳс нь ѳѳрѳѳр сэтгэн үйлдэж байгаа хэн нэгэнд дургуйцлээ илэрхийлнэ. Шүүмжилж хэн нэгнийг доош хийн доромжлох аястай бичлэгтээ ѳѳрийн санал бодлоо тулгадаг. Түүнд хэн нэгэн таалагдахгүй байгаатай адил ѳѳрѳѳ ч хэн нэгэнд таалагдахгүй байж болохыг тооцдоггүй. Санал бодол зѳрѳлдѳж болно л доо. Харин ѳѳрийгѳѳ хэт дѳвийлгэж, нѳгѳѳ хүний хийж бүтээж байгааг үгүйсгэж байгаа нь таагүй. БУСДЫН САНАА БОДЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ДОРОМЖИЛОХГҮЙГЭЭР ШҮҮМЖИЛЖ БОЛНО.

    *БИ ИНГЭЖ ХҮСЧ БАЙНА
    Ѳрѳѳл бусдын хүсэл сонирхлыг огт тоохгүйгээр зѳвхѳн ѳѳрийн хүсч буй зүйлээ бусдад тулган шаарддаг хүмүүс бий. Ямар ч аргаар хамаагүй ѳѳрийн хүссэн бүхнээ гүйцэлдүүлэх оролдлого шунал руу хѳтѳлж байдаг. Боломжоосоо давсан үнэтэй хэрэглээ амьдралыг тань зовлон болгон хувиргана. Бусдад таалагдах гэсэн хүсэл бодсоноосоо ѳѳрѳѳр ярихад сургадаг бол, бусдын дор орохгүй гэсэн адбиш хүсэл баян хүний дүрд ядмагхан тоглох оролдлогод хүргэдэг. Энэ амьдралд ѳѳрийнхѳѳрѳѳ байж, ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч чадахгүйдээ хүмүүс хамгийн ихээр ядардагийг та анзаардаг уу? ЭНЭ АМЬДРАЛД БҮХ ЗҮЙЛ ѲѲРИЙН ХЭМЖЭЭТЭЙ. ХЭМЖЭЭ НЬ ХЭТЭРСЭН ҮЙЛДЭЛ БҮХЭН ЗОВЛОН БОЛЖ ХУВИРДАГ.

    *БИ БУСДААС ИЛҮҮ
    Улстѳрд орсон зарим хүмүүс улстѳрѳѳс зайлуулагдахаараа энгийн амьдралаар амьдарч чадахаа больж, ѳѳрийн хувь заяатайгаа эвлэрч чадалгүй бухимддаг. Улстѳрд байхад нь тойрон зусарддаг олон хүмүүс “Та мѳн ч ухаантай шүү”, “Та гайхалтай сайхан хэллээ”, “Хүмүүс таныг шагшин магтаж, дэмжээд байна” гэж хѳѳргѳн магтсаар байгаад унагаж орхино.

    Бодит байдлыг огтоос мэдэхгүй хѳѳсрѳн хѳѳрсѳѳр байгаад “хэн ч биш” болж унахад зусардан дагалдагсад ихэнхи нь дэвсэлж нулимчихаад хээв нэг холдож одно. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЗѲВХѲН ѲѲРѲѲ БОДИТ БАЙДЛЫГ МЭДЭРЧ ДҮГНЭЖ, ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙ.

    *БИ Л БОЛЖ БАЙВАЛ
    Хэн нэгэнтэй ярилцахдаа зѳвхѳн ѳѳрийнхѳѳ тухай дѳвийлгэн ярьдаг хүмүүс цѳѳн биш. “Би ингэсэн”, “Би ингэж бодож байгаа”, “Би ингэх гэж байгаа”, “Би…”, “Би…”, “Би..” гэж ярьдаг хүмүүс бусдын талаар тэгтлээ анзаарч боддоггүй. Яагаад ч юм бэ? Бусдын анхаарлын тѳвд байх хүсэл нь ѳѳрийгѳѳ байнга магтах хүсэлтэй сүлэлдэнэ.

    Бусдын яриаг анхаарч сонсохгүй атлаа ѳѳрийнх нь яриаг анхаарч сонссонгүй хэмээн бухимдаж эгдүүцнэ. Хүн бүхэнд тантай адил асуудал байдаг болохоор хуваалцахыг хүсч байгаадаа тантай ярилцах цаг гаргадаг. ѲѲРТѲѲ АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ ХҮСЧ БУЙ БОЛ БУСДЫН ЯРИАГ АНХААРАЛТАЙ СОНСОЖ СУР

    *ЗҮГЭЭР Л МИНИЙХЭЭР БАЙ
    Сайн муу холилдсон ѳѳрийн амьдралаараа бусдын амьдралыг жишиж, ѳѳр шигээ байлгах гэж ѳрѳѳлийг зовоож, ѳѳрѳѳ ч зовж явдаг олон хүмүүс бий. Ѳѳрийн хүүхдүүдтэйгээ зѳрчилддѳг бидний алдааны нэгэн шалтгаан нь энэ. Идэж уух, ѳмсѳж зүүх, алхах гишгэх, шийдвэр гаргах бүрд зѳвхѳн ѳѳрийн хүслээ тулгахдаа “хайрлаж байгаа учраас” хэмээн ѳѳрийгѳѳ зѳвтгѳдѳг. Ах дүү нарынхаа амьдралд ч хутгалдаж ямар хүнтэй яаж ханилах, ямар мэргэжил эзэмшиж хаана ажиллахыг хүртэл зааж зааварчилахыг хүсдэг. Ѳѳрийгѳѳ мундаг амьдарч байгаа гэж боддогоос тэр байх. ХҮН БҮХЭНД ѲѲРИЙНХѲѲРѲѲ АМЬДРАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙ. УЧИР НЬ ТА ТѲГС ХҮН БИШ.

    *ТѲГСГѲЛИЙН ОРОНД
    Дэндүү богинохон энэ амьдралд хүний хэрэглээ тийм ч их биш. Хайгаад байдаг аз жаргал нь хаа нэгтээ бус ѳѳрт нь байгааг бас анзаардаггүй. “Би л жаргаад байна” хэмээн сайрхах, “Би л зовоод байна” гэж гутрах хэрэггүй дээ, хүн бүхний амьдрал ѳѳрийн хэм хэмжээтэй. Энэ хэм хэмжээнээсээ халихаар л бидний амьдрал утгагүй бас зовлон болж хувираад байдаг юм шүү дээ. Ѳѳрийн зовлонгийн шалтгааныг ѳѳрѳѳсѳѳ бус ѳрѳѳл бусдаас хайгаад ирэхээр чи энэ амьдралд ѳѳрийгѳѳ хэзээ ч олохгүй тѳѳрсѳѳр байдаг. Хэн нэгнийг буруутгаад л үзэн ядаад, түүнд ѳс хонзон санаад ирэхээр амьдрал тань ямар ч утгагүй болж чи ѳѳрѳѳ маш ихээр ядарч эхэлдэг.
    Бусдыг хайрлаж, бусдыг уучилж эхлэхээр амьдрал тань огт ѳѳр болж байгааг та анзаарах болно. Чи хэрвээ мундаг хүн болохыг хүсч байгаа бол бусдын тус дэмгүйгээр хэрхэвч чадахгүй. Бид бие биедээ сайнаар хандаж, бие биедээ чин сэтгэлээсээ тусалж, бие биенээ зүрхнээсээ хайрлаж эхлэхэд амьдрал тань хѳгжүүн сайхан болдог.

    Ѳѳрийн БИ гээ умартаж БИД гэж бодож эхлэхэд хамтдаа хѳгжиж, хамтдаа эерэг сайхан бодолтой болцгоож, хамтдаа баяр жаргалтай болно. Дургүйг тань хүргэсэн хүнийхээ ѳѳдѳѳс инээмсэглэн сэтгэлдээ уучлах тийм ч хэцүү биш. Жижигхэн асуудлаас шалтгаалан ѳнѳѳдѳр муудалцсан хүнтэйгээ маргааш эсвэл хэзээ ч уулзахгүй байж болох шүү дээ. Боломж гэдэг үргэлж олдох биш.

    Монголчууд бид нэг л эвээ олохгүй байнаа. Алдаа гаргасан нэгнээ бүгдээрээ доромжлон шоолж, хараан зүхэж нулимцагаана. Үргэлж л нэгэнтэйгээ муудалцаж, талцаж хэрэлдэнэ. Бичиж буй сэтгэгдэл нь хүртэл ой гутмаар муухай. Ѳѳрийн муугаа анзаарахгүй байж ѳрѳѳл бусдын мууд дурлана. Дандаа бие биетэйгээ ѳрсѳлдѳн, бие биенээсээ илүү гарах гэж хэмлэлдэцгээнэ. Хувиа хичээж БИ хэмээн цээжээ дэлдэн сагсуурна. БИД болох бол зугатаж нуугдана. Яагаад ийм болчихов доо? гэж харамсан бодох. Юу гээч!!! Би та нар руу хараад нэг их сайхан инээмсэглэмээр байна, ууч сайхан сэтгэлийн тань хариуд хайрламаар байна, зүгээр л сэтгэл амар амгалан баймаар байна. Амьдрал дэндүү богинохон шүү дээ.

    Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    2020-11-27

  • Монголын түрэлтийг өрнө хязгаарт цэг хатгасан айн жалутын тулалдаан

    Энэ цэргүүд бол Лалын ертөнцөд эр зоригийн тууль болон үлдсэн монгол жанжин Хэт Буха ноёны удирдсан цэргүүд байсан юм.1260 онд Хүлэгүхаан Лалын ертөнцийгэзлэн дуусгаж, ИхХаан Мөнхийн тушаалыг биел үүл ээд Газар дундын тэнгисийн эрэг дээрээс морио усалж лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.Гэтэл яг энэ үед Мөнх хаан өвчний учир таалал төгсөж хаан ахаа алдсан Хүлэгү хаан дайнаа зогсоож, хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ.Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын хаан Бэрхтэй кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян, Азербейжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха ноён бол Хүлэгү хааны шадар жанжин бөгөөд түүний хамт Багдадыг эзэлж, халифыг даран сөнөөж, Иранд исмайлитуудын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсны дээр хааныхаа адил христос мөргөлтөн байв.Хүлэг хаан буцмагц Хэт Буха ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет рүү илгээж “Мөнх хөх тэнгэрийн зарлигаар хөхрөгчид хөх тэнгэр, хөрстөд монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандарийн Рустамаас илүү болно.Ийм учир бийд та нар бууж өгч элчээ ирүүлж, хүндлэл үзүүл, эс бөгөөс байлдахад бэлтгэ” гэжээ.

    Энэ үед Египетд байсан Мамлюкын улс бол монголын эрхшээлд ороогүй лалын сүүлчийн улс байсан бөгөөд түрэгүүд Египет, Сири, Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа.Хаан нь Кутуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж.Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн хан хүү Желал Аддины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэдэг. Дээр явуулсан монголын элч мөн нэмж ингэж хэлжээ: “Хүлэгү хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч халиф, султан, малик түүнийг сөрөн зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах их хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний арслангийн зоригт, луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна.Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг” гэж шаарджээ. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж: “Бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая, ухрах газар бидэнд үгүй, ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй” гэж ярилцаад монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэгү хаантай муудалцсан Алтан Ордны хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлюктай цуг Хүлэгүг дайлж лалын шашны сүр хүчийг сэргээе гэжээ.

    Бэрх лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгийг Хүлэггэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан юм. Даарин дээр давс гэж Хүлэгү хааны цэрэгт хүч өгч, Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 ханхүү учир битүүлэгээр түүний ордонд нас барж, тэдний албат нар “ханхүү нар хор ууж үхсэн” гэж баталсан аж. Бэрх хаан лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх явдал гэж үзэх бүрэн үндэстэй байв.Үүгээр ч зогсохгүй чухамдаа Өгөдэйн удмаас хаан ширээг Тулуйн удмын Мөнх хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд “тэжээсэн бяруу тэрэг эвдлээ” гэж хэлэхээр байдал үүсжээ.

    Мамлюкууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин элч зарж Мамлюкын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ.Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн ухарч няцаж байгаагүй хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.Дайснууд нь монголчуудаас үнэхээр айн сүрдэж байсан агаад тэдний дайралт ч няцаагдашгүй байсан тул олон дахин давуу хүчтэй мамлюкийн арми цохигдож ухрав. Гэвч Кутузын цэргийн голлох жанжин Бэйбарс байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан улмаар мөрдөж байсан дайснуудаа бүсэлж цохисон нь монгол цэргийн аргаар өөрийг нь давшуулж болгоомж сэрэмжийг нь алдагдуулаад цохисон хэрэг болжээ.

    Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан: “Хүлэгү хаандаа ялагдлын мэдээ дуулгаж, түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж дуусъя. Бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно” гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар зугтан ухрах аргагүйд болж амьдаараа олзлогдсон байна.

    Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад, улмаар монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг нь буруу номтныг өмгөөлж хамгаалсан хэмээн тарчилган цаазалжээ. Хэт Буха Ноёныг мамлюкын хаан Кутузын өргөөндөө авчирч “Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна” гэжээ. Үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд огтхон ч айсан шинжгүйгээр: “Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чиний биш бурхны таалал гэж үзнэ. Чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэгү хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербейжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж, Мамлюкын нутаг монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна. Хүлэгү хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би” гэжээ.

    Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кутузыг цочроож түүнийг үгэр цаазалж толгой гap хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөж дайсандаа сүрдүүлэг өгөхийг зорьсон гэнэ. Үнэхээр Кутуз султан түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногийн дараа өөрийн цэргийн жанжин Бэйбарсын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэгү хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн, үлдэж хоцорсон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан байна. Харамсалтай нь, Алтан Ордны Бэрх хаан, Мамлюкын шинэ хаан Бэйбарс нартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэгү хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ. Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан лалын ертөнцийг ноёрхох монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол, 1380 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээдэг оросын түүхчдийн жишээ билээ. Ил Хааны улс Мамлюкгай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байда. 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг эзлэн түрэмгийлж галдан шатаасан юм.

    Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгуй байсан, мамлюкын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан, монгол цэргийн тактикийг мэдцэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, нөгөө фронтод Алтан Ордны хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.Хэдийгээр монголчууд Мамлюкын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч лалын ертөнцийг бүхэлд нь эрхшээлдээ байлгасан болно. Ил хааны улсын хаад өөрсдөө лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр хаан ба монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсныг мэдэж, монгол баатар эрсийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй болов уу.

  • Ураны зах зээлийн төлөв

    Францын Бессин дэх нөхөн сэргээсэн талбай
    Үүнээс гадна Монгол ураны ихээхэн орд, нөөцтэй. 6-10 жилийн дараанаас ураны эрэлт ихсэх үүнийг дагаад унасан ураны үнэ энэ үе гэхэд өсөж, нааштай болох таамаг олон улсад байгаа юм байна. Уран гэдэг нь нүүрс, нефтьтэй адил элбэг зүйл биш ажээ. Одоогоор ердөө л 18 улс оронд ураны нөөц байгаа бөгөөд түүнийг нь олборлож байна. Дэлхийн цөмийн нийгэмлэгийн мэдээгээр 2013 онд гэхэд дэлхий дахинд 59,000 тонн уран олборлон дэлхийн хэрэгцээний 91 хувийг хангаж байжээ. Энэхүү ураны ихэнх хувийг Казахстан улс олборлож байжээ. Өндөр хөгжилтэй орнуудад цөмийн технологийн хэрэглээ өссөөр байгаа. Тэгэхээр Монгол Улс ганцаараа уран олборлох гээд байгаа юм биш ажээ. Өнөөдөр уран олборлолтын 65 хувийг Казахстан, Канад, Австрали улс гүйцэтгэж байна.
    KATCO үйлдвэр
    Казахстан олборлож буй ураныхаа 80 хувийг Хятадад, үлдсэнийг нь Европын орнуудад нийлүүлж байна. Манай улсын таамаг ураны нөөцийг Казахстантай харьцуулахад хоёр дахин илүү юм. Өнөөдрийн байдлаар манай улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван компани байгаа. Францын “Арева” групп дэлхийн цөмийн эрчим хүч, ураны олборлолтын салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Түүний охин компани нь хайгуул явуулж байгаа Дорноговь аймгаас “Дулаан уул”, “Зөөвч овоо” ураны ордууд илрүүлж, нөөцийг нь батлуулснаар Монгол Улс албан ёсоор ураны нөөцөөрөө дэлхийд 11-т жагсах болоод байгаа ажээ.

  • ГАЗРЫН ТӨЛӨӨ ТУЛАЛДААН ЭХЭЛЛЭЭ

     

    Хамгийн зүүн захын цэг нь Соёлз уул хэмээх боловч чухамдаа Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойгт зүгт 7,1 км-т байгаа Модотой хамрын 1290,0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэг юм. Модотой хамар нь хойт өргөрөгийн 46 градус 43 минут, дорнод уртрагийн 1019 градус 56 минутад оршдог билээ.

    Хамгийн хойт захын цэг нь Хөвсгөлийн Тэнгис голын эхний Монгол Шарын даваа юм. Энэ даваа дээр босгосон Монгол-Оросын хилийн 331 дүгээр тэмдэг нь хойт өргөрөгийн 52 градус 09 минут, дорнод уртрагийн 98 градус 58 минутад орших тус орны хамгийн хойт захын нэг билээ.

    Хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны Бор толгой юм. Энэ толгой дээр Монгол, Хятадын хилийн 258 дугаар тэмдгийг /хойт өргөрөгийн 41 градус 35 минут, дорнод уртрагийн 105 градус 00 минут/ босгожээ.

    Монгол Улсын нийт хилийн эргэн тойрон нь 6161 км, 895 м урт, 1 сая 566 мянга гаруй хавтгай дөрвөлжин килолметр уудам энэ нутгийг та бид эх орон, газар шороо минь, тусгаар тогтнолын алтан өлгий минь гэж хайрлан хүндэтгэж, хамгаалан амьдарсаар мянга, мянган оныг элээсэн бүлгээ. “Дайсны гутлыг долоож амьдарснаас, нэр төртэй үхсэн нь дээр” гэж үздэг омог бардам өвөг дээдэс минь бидэнд амь насаараа үллдээж өгсөн Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө төр, ард түмэндээ би Улсын Их Хурлын гишүүний хувьд өргөсөн тангараг, үүргийнхээ дагуу хандаж байна.
    – Гадаадынхан юу хүсч байна вэ?
    – Яагаад?
    – Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
    – Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
    – Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж…
    – Яагаад?
    – Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн “доллартай” болно.
    – Газаргүй болоод иргэд яах вэ?
    – Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал зуун жил амьдрах биш. “Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэж байна.
    – Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та “гишгих газаргүй хөл” болно доо…

    Хүнээс аваагүй миний нутаг
    Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган жилийн тэмцэл тулаан зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа. Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм.

    Газар гэдэг маань Эх орон юм.
    Үндэстэн оршин тогтоно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр
    Улс орон гэдэг ч газар нутаг гэсэн ойлголтоос эхэлнэ.

    Тэр газар дээр амьдардаг ард түмэн нь эцэг дээдэс, үе удмаараа эх орон гэж нэрлэсэн газраа аж төрж, хөдөлмөрлөж үр хүүхэд төрүүлж, дурлаж хайрлаж, бүтээж туурвиж, тэр газартаа уусан шингэж, Эх орныхоо нэг хэсэг болдог. Тэгээд ч бид эцэг дээдэс минь үе үеэрээ шингэсэн тэр газрыг Эх орон гэж ариунаар нэрлэн дуудаж, “Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмцэн ирсэн амуй /О.Дашбалбар/

    Өнөөдөр амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхий дахинд урьд байгаагүй хүчтэй өрнөж, Израйль, Палестин хоёр газрын төлөө мөнхийн хэрүүл хийж, Чечень, Орос хоёр цус урсган тулалдаж, Боснийн серб, хорватууд хэдэн жил алалцаж, Парсалийн арал Хятад, Вьетнам хоёрын хоолойд тээглэсэн яс болж, хойт, өмнөд хоёр Солонгос бие биеэ отож,Канадаас Квебекүүд салан тусгаарлахаар тэмцэж, англи, ирланд хоёр муудалцаж, армен, азарбайжин хоёр ч үе үе энд тэндээ хүрч, фолклендын арлуудыг Аргентин, Англи хоёр булаалдаж, Турк, Грек хоёр Эгейн арлаас болж золтой л байлдсангүй. Ирак, Кувейт хоёр дайсагнаж, Хятад Тайвань руу санаархаж, Курилын арлуудаас болж Орос, Япон хоёр муудалцаж, Тажик, Аган хоёр ч хилийн зөрчил буудалцаан тасрахгүй, Энэтхэгт ч Кашмирын салан тусгаарлагчдаас болж амар заяа үзэхгүй зовсоор … Мөн Синкаку арал зүүн өмнөд Азийн хэрүүлийн алим болж байна.

    1960-аад оны эхээр “Хоёр миллиард хүнийг хот сууринтай нь багтаасан” гэж шүлэгт ордог байсан дэлхий маань 1990-ээд онд буюу гуч гаруйхан жилийн дотор зургаан тэрбум гаруй хүнтэй болж, хэрүүл тэмцэл, дайн тулааны утаа униар дунд үйлийн үртэй биднийгээ дааж ядан эргэлдсээр л …

    Дэлхий дахин амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө, газраа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв.

    “Миний газар нутгийг бурхан гуйсан ч битгий өг”
    /Эх оронч Галдан Бошигт/
    Дэлхий дахинд аугаа их задрал явагдаж, нэгдмэл байсан улс орнууд тархай бутархай жижиг улс орон болон хувирч, өвөр зуураа тасралтгүй тэмцэж, хуучин хүчтэй их гүрнүүд нөлөөгөө алдан оронд нь өөр хүчирхэг гүрэн улсууд дэлхийг хувааж идэхээр зэхэж, задарсан бүхнийг эргэж хүчээр нэгтгэж, “ардчилал”, “хүний эрх” гэж чалчигчдад “тэр чинь хоосон цууриа, элэнцгийн чинь “хүний эрх”, “ардчилал”.
    Огт байхгүй юмны төлөө битгий донгос, дэлхийг чинь бид төвхнүүлээд өгье” гэж цөмийн зэвсгээ туршиж, пуужингаа онилж, танкаа бэлдэж байна.

    Хүн төрөлхтөн асар их зэвсгийг зүгээр л тоглож, бие биеэ айлгах гэж бүтээгээгүй нь тодорхой.

    Германы газар зүйч Ф.Ратсель: “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэж бичжээ. Олон эрдэмтэн, философичид үүнийг баталсан. Е.Обст, К.Шмидт, А.Хетнер, Г.Гримм, А.Грабовски гээд хэдэн арваар нь дурдаж болно.

    Аугаа их тэмцэгч, эх оронч Галдан Бошигт “миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж гэрээсэлжээ.

    Газар бол эрх чөлөө. Газаргүй Израйлчууд дэлхийгээр нэг хэрэн хэсэж мянга мянган жил яаж зовсныг санагтун. Газаргүй палестинчууд хэдэн арван жил үйл тамаа эдэлснийг санагтун. Газаргүй курдууд яаж бусдын идэш болж буйг харагтун. Эрх чөлөө ардчиллаар халхавчилсан, ард түмний эрх ашгийг хохироогчид “Үнэн гэдэг Хималайгаас өндөр” гэдгийг умартаж, газрыг хувьд өгөх, өмчлүүлэхийг санаархаж байна. Ийм хуулийн төсөл ч бэлэн боллоо. Монголын түүх ийм юмыг хэзээ ч үзээгүй. Нар, ус, агаарын адил газар маань нийт ард түмний өмч байлаа. Өнөөдөр монгол хүн өөрийнхөө эх оронд хүн шиг алхалж, дуртай газраа өргөө гэрээ барих эрхгүй болох нь …Дуран барьсан америк хаа сайгүй давхиж, дугуй унасан хятад энд тэндгүй жирийж, “Би энд насаараа сууна” гэж япон авгай сайрхаж, найрын ширээний ууц таллах гэж байгаа юм шиг дэлхийн улс орнууд Монголын зүг ширтэж шүлсээ залгилж, зарим нь бүр дэргэд нь зогсоод тарган иргэний сүүлийг тэмтэрч үзээд аль олигтойг нь шилж авдаг шиг аашилж байна.

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхийг би огтхон ч эсэргүүцээгүй байна. Гагцхүү цаг нь болоогүй гэдгийг л хатуу сануулж байна.

    Ард түмэн нийтдээ ядуу дорой байна. Авсан газраа гадаадынханд урт хугацаагаар түрээслүүлнэ. Нэг үгээр хэлбэл монгол хүний нэр дээр гадаадын хүмүүс газар нутгийн маань эзэн болох нөхцлийг бүрдүүлж өглөө.

    Ядуу дорой амьдралтай монголчууд газраа гадаадынханд түрээслүүлж, ашиглуулж, эзэмшүүлж, оронд нь гол зогсоох төдий юм авна. Америкийн Жон ч байна уу, Хятадын Ху овогт ч байна уу, Германы Шмит ч байна уу хамаа алга. Тэд Монголын Доржоос юм уу, Балдангаас бай, эсхүл Батаас ч юм уу, Гончигоос ч юм уу газрыг нь 60 жилээр түрээсэлж аваад, түүнд зохих мөнгийг нь өглөө… Одоо гучтай юм уу, дөчтэй Жон, Дорж, эсхүл Ху овогто, Бат дөрвийн хэн нь ч 60 наслахгүй. Сайн бол 30-40 жил амьдраад мажийна. Цаашаа яаж вэ? Үр хүүхэд нь өв залгамжилж, гэрээ түрээсийг үргэлжлүүлэн, сунгаж ч болно.

    Жон юм уу, Ху овогт ч юм уу, Доржийн юм уу, Баабарын ч юм уу газар дээр хөрөнгө оруулалт хийж, орон сууц, үйлдвэр, юм юмтай л болно. Тийм их хөрөнгө зарчихаад “Энэ газар Доржийнх байгаасай, би сүүлд нь буцааж өгнө” гэж толгой нь хамуурсан амьтан л бодох байхдаа. Баян хүн таван хаанд нүүртэй. “Энэ газар яахаараа Доржийнх юм уу, Батынх байх ёстой билээ?. Минийх байж болохгүй гэж үү?” хэмээн Жон ч юм уу, Ху овогт ч юм уу сэтгэж эхэлнэ.

    Газрын эзэн Дорж юм уу, Бат боловч өөрийн газар нутаг дээр хэсэгхэн зайд боол зарц мэт амьдарч, нэгэнт газрыг нь 60-70 жил түрээсэлж аваад байр сууц, үйлдвэрээ барьсан хар эзэн нь хаан шиг данхалзана биз дээ. Аз болж Доржид охин, Жонд үе тэнгийн хүү байя гэж бодъё. Хоёр залууг нийлүүлэх шиг амар юм баян Жонд юу байх билээ? Эсхүл Ху овогтод гооохин, Батад хүү байлаа гэж сэтгэе. Жоны болон Ху овогтын хувьд аль болохоор залуусыг нийлүүлэх нь оройн дээд хүсэл. Залуусыг ямар ч аргаар хамаагүй гэрлүүлж дөнгөнө.

    Чингээд л гурав дахь үе дээрээсээ монгол газрын маань хэсэг Ху овогтын охин, Батын хүү хоёроос гарсан эрлийзийн өмч болох нь тэр. Тэр амьтан нэгэнт монгол эцгээс төрсөн, монгол нутагт төрсөн юм чинь яах билээ? Хүний эрх, ардчилал… Хэанбугай ч, юу ч хэлж чадахгүй. Тэр хүүхэд 16 хүрээд монголын иргэн болж, паспорт авна. Ху овогт өвөөгийнхөө буянаар газар, байр сууц, үйлдвэр бүгдийг өвлөнө.

    Доржийн охин, Жоны хүү хоёроос бас нэг эрлийз төрнө. Түүнийг америк гэх үү?… монгол гэх үү? Ямар ч гэсэн монхор шар хамартай, ногоон нүдтэй тэр хүү бас л Монголд төрсөн гээд монгол паспорт авч, монгол эцэгтэй гээд Монголын газраас өмчилж л таарна. Ийнхүү монгол улс нь үндэстнийхээ хувьд нэг үндэстэн, нэгдмэл байдлаа алдаж, гурав дахь үеэсээ эхлэн эрлийзжих, бусад үндэстэнд уусах бодит аюул заналхийлж байна.
    “Хайрт нутгаа алдаад зуун хөлтэй үлдлээ гэхэд
    Хаана тэр хөлөөрөө гишгиж явах юм бэ?… гэж татарын яруу найрагч Муса Жалиль хэлсэн.

    Хөрөнгө мөнгө, эрх ашгийн төлөө эх орныхоо тусгаар тогтнолыг юугаар ч солихоос буцахгүй улс төрийн хүч, хэсэг бүлэг хүмүүс өнөөдөр, өвөг дээдсийн минь мянга мянган жил цусаа ч урсгаж, амиа ч алдаж, тэмцэж үлдээсэн газар нутгийг маань ийнхүү тайван замаар харийнхны идэш болгох гэж байна. Яах гэж бидний өвөг дээдэс сөөм газрын төлөө амиа алдаж, алхам газрын төлөө цусаа урсгаж, залуу насаа Тужийн нарс, Сэлэнгийн тохой, Хамар Даваа, Хайлааст манханд үрсэн юм бэ?

    Өнөөдөр яагаад заавал хөрөнгө оруулалт нэрээр гадаадынхнаар Монголыг дүүргэж, газрыг нь тэдний мэдэлд өгөх гээд байна вэ?