Category: Нийтлэл, ярилцлага

  • Засгийн газрын нууц тогтоолоор шонхороо гаргасаар байх уу?

     

    Манай улс анх 1993 оноос идлэг шонхор шувууг арабуудаар бариулж гадаадад гаргаж эхэлсэн байдаг. Ингэхдээ гадаадад гаргах шонхорын тоог Амьтны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3-т заасны дагуу Засгийн газрын тогтоолоор жил бүр ил тод баталдаг байв. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлд ан амьтан, загас, шувууг ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай гэсэн гурван зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг.

    Ахуйн зориулалт гэдэг нь анчид, ан сонирхогч иргэд, малчид тухайн орон нутаг /сум/ -аас нь зохих зөвшөөрлийг авч өөрсдийн ахуйн хэрэгцээнд нэн ховор, ховроос бусад цагаан зээр, бор гөрөөс, гахай, тарвага, үнэг, хярс, ус намаг, ой хээрийн зарим шувуу, түгээмэл тархацтай загас зэрэг ан амьтныг агнах, барихыг хэлдэг.
    Монголчууд улсын түүхий эдийн бэлтгэл болон экспортод зориулан тарвага, үнэг, хярс, чоно зэрэг үслэг ан амьтад болон цагаан зээр, бор гөрөөс, гахай зэрэг ан амьтдыг олон тоогоор буюу үйлдвэрлэлийн зориулалтаар агнуулж, мах, арьс зэрэг түүхий эдийн зүйлийг нь гадаад, дотоодын хэрэгцээнд нийлүүлж байсан үе бий. Сүүлийн үед бараг бүх төрлийн ан амьтдын тархац, нөөц, тоо толгой багассан учраас одоо зөвхөн ганц хоёр нуурын загасыг үйлдвэрлэлийн зориулалтаар бариулж урд хөршид гаргадаг болжээ.

    Тусгай зориулалт гэдэг нь зарим ан амьтдыг гадаадын анчин жуулчид, иргэдэд болон дотооддоо соёл, шинжлэх ухаан, эмчилгээний зориулалтаар цөөн тоогоор агнуулж, бариулахыг хэлнэ гэж Амьтны тухай хуульд тус тус зааж өгчээ.

    АРАБ РУУ ГАРГАДАГ ШОНХОРЫН ТОО 26 ДАХИН НЭМЭГДЖЭЭ

    Амьтны тухай хуулийн 26.3-т “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу сүүлийн 30-аад жил тусгай зориулалтаар буюу гадаадын анчдад агнуулах болон амьдаар нь барьж гадаадад гаргах, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнах, барих амьтны нэр, тоог Засгийн газар жил бүр нэг тогтоол гаргаж ил тод баталсаар иржээ. Энэ нь харьцангуй шударга үе байж. Цаашилбал, Байгаль орчны багц хуулиудын үндсэн буюу эцэг хууль гэж болох Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн “Байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчим” гэсэн тавдугаар зүйлийн “Төр нь байгаль орчныг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална” гэсэн хоёр дахь заалтын 2.4-т “байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх” гэж заасан байдаг.

    Гэтэл 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Д.Оюунхорол салбарын сайд болсноор тухайн жилд тусгай зориулалтаар агнуулах, бариулах ан амьтны нэр, тоог баталдаг Засгийн газрын тогтоолоос шонхор шувуу гэдэг нэрийг зориуд хасч, зөвхөн шонхороор тусгайд нь тогтоолын төсөл боловсруулан оруулж Засгийн газрын нууц тогтоол гээчийг гаргуулж эхэлжээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааг нь БОАЖ-ын сайдаар нэг жил хүрэхгүй хугацаанд ажилласан Н.Батцэрэг, одоо салбарын сайдын албыг хашиж буй Н.Цэрэнбат нар мэдэж байгаа ч мэдээгүй дүр эсгэн мөн л “Нууц тогтоол” гээчийг гаргуулсаар иржээ.
    Идлэг шонхор бол дэлхийд нэн ховордож CITES /Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц/ -ийн I, Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн хавсралтад орсон нэн ховор шувуу.Иймд улс орнууд шонхор шувуугаа хилээр гаргах, худалдаалахыг хориглосон. Сүүлийн жилүүдэд Монгол Улс ганцаараа идлэг шонхороо экспортод гаргаж байна. БОАЖЯ-наас 2015-2019 онд амьдаар нь барьж гадаадад гаргах шонхорын тоог 2012, 2013, 2014 оныхоос хэд дахин нэмэгдүүлснээр барахгүй 2015 оноос өнөөг хүртэл жил бүр Засгийн газрын “Нууц тогтоол” гээчийг гаргуулж нууцлах болсон нь ихээхэн хардлага төрүүлж байгаа юм.

    ГАДААД, ДОТООДЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ИДЛЭГ ШОНХОР ЦӨӨРЧ БАЙГААГ АНХААРУУЛСААР БАЙНА
    Монгол Улс шонхороо экспортод гаргаж эхэлсэн үе /1993 он/ -ээс хойш түүхэндээ нэг жилд 395 толгой идлэг шонхорыг гадаадад гаргаж байсан удаа үгүй. Тэгвэл Дэлхийн зэрлэг байгалийн сангаас Лондонд төвтэй Амьтны хүрээлэнтэй хамтран гаргасан Олон улсын эрдэмтэн судлаачдын илтгэл – тайланд “Зэрлэг ан амьтад /хөхтэн, жигүүртэн, шувуу, загас, нялцгай биетэн, хэвлээр явагч/ -ын тоо толгой 1970 – аад оны үеийхээс 60 орчим хувиар багассан” гэж дурдсан байдаг. Мөн 2017 оны есдүгээр сарын 14-нд Киргиз улсад болсон Олон улсын шувуулахуйн холбоо болон Идлэг шонхорын хуралд оролцсон олон улсын эрдэмтэн судлаачид “Сүүлийн хоёр жилд идлэг шонхорын тоо толгой 40 орчим хувиар буурсан” гэж мэдэгджээ. Манай улсад Байгаль орчны сайд асан Л.Гансүхийн 2010 оны тавдугаар сарын 18-ны А/146 тоот тушаалаар Идлэг шонхорын нөөц байршлын судалгааг эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн есөн баг гаргасан байна. Тэд 42100 км замыг туулан тооллогын ажлыг гүйцэтгээд “Манай улсад 6835.8 толгой идлэг шонхор байгаа бөгөөд ангаахайн хорогдол нь 70 хувьд хүрч, үржил нь 15 хувиар буурч байна” гэсэн иж бүрэн судалгааны тайлан-дүгнэлтийг БОАЖЯ-д тухайн үед гаргаж өгч байжээ. Идлэг шонхорын эм нь эрээсээ биеэр харьцангуй том, эрч хүч сайтай байдаг учраас арабууд эмийг нь дагнан барьдаг. Иймээс эр, эмийн харьцаа нь алдагдаж үржил нь буурчээ. Тэгвэл 2016 оны есдүгээр сарын 8-нд Төрийн ордонд болсон “Шонхор шувууны зүй бус хорогдол, түүний шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэгт оролцсон мэргэжлийн судлаачид өндөр хүчдэлд цохиулснаас жилд 6000 орчим шонхор хорогдож байна гэж ярьж байв. Үүний дараа буюу 2017 оны есдүгээр сарын 14-нд Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгаалах төвд болсон “Цахилгаан дамжуулах агаарын шувуунд махчин шувууд хүчдэлд цохиулах эрсдэл түүнийг бууруулах боломж” сэдэвт Үндэсний анхдугаар зөвлөгөөнөөс МУИС, ШУА-ийн ЕБСБ-ийн хүрээлэн, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачдын гаргасан дүгнэлтэд “Мэрэгч амьтдын тоо толгой, тархалтын байдлаас хамааран нэг жилд 713-7950, дунджаар 4116 толгой идлэг шонхор хүчдэлд цохиулж хорогддог” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

    АРАБЫН ХОЙГИЙН ОРНУУДТАЙ ХАРИЛЦААГАА СЭРГЭЭХИЙН ТУЛД ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОДОГ ГЭЖ ҮҮ
    Гэтэл С.Оюуныг БОАЖ-ын сайд байх үед буюу 2013 онд 15, 2014 онд 40 толгой шонхорыг гадаадад гаргаж байсан бол Д.Оюунхорол тус салбарын сайд болсон үеээс эхлэн арабуудаар бариулж гадаадад гаргах шонхорын тоог эрс нэмэгдүүлж 2015 онд 149, сайд Н.Батцэрэгийн үед 2016 онд 235, Н.Цэрэнбат сайдын үед буюу 2018-2019 онд нэг жилд гадаадад гаргасан шонхорын тоо тус бүр 395-д хүрч 2013 оныхоос даруй 26 дахин нэмэгджээ.
    Анхаарал татаж буй өөр нэг баримт нь Н.Цэрэнбат сайдын хэвлэлд өгсөн /2019.7.10-нд/ ярилцлагад “2010 онд хийсэн шонхорын тооллогоор 7800 орчим байсан бол 2018 оны тооллогоор 10600 орчим болж нэмэгдсэн”. “Өнөөдөр” сонины 2019.11.20-ны дугаарт өгсөн ярилцлагад “Манай оронд 13000 орчим шонхор байгааг 2019 оны тооллогоор тогтоосон бөгөөд түүнээс 400 орчмыг нь агнахад популяцид сөргөөр нөлөөлөхгүй гэж үзээд шонхор агнах квотыг Засгийн газрын хуралдаанаар батлуулсан” гэжээ. Сайдын дурдсан тоо баримт нь бодит байдалд үл нийцэх, зөвхөн арабуудад өгч гаргах шонхорын тоог нэмэгдүүлэхэд чиглэсэн болох нь түүний байр сууриас илэрхий байна. Учир нь сүүлийн жилүүдэд идлэг шонхор шувууны нөөц, тоо толгой нэмэгдэж 13 мянган толгойд хүрсэн гэж үзэх ямар ч үндэслэл, боломж байхгүйг дээр дурдсан судлаачдын болон судалгааны байгууллагуудын гаргасан тоо баримтаас харагдаж байгаа юм.

    Мөн Н.Цэрэнбат сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шонхор шувууг Арабын хойгийн орнуудтай харилцаагаа сэргээхийн тулд шонхор барих зөвшөөрлийг олгож байгаа” гэжээ. Энэ нь УИХ-ын гишүүн, төрийн сайд, улстөрч хүний хувьд алдаатай, буруу дүгнэлт гэж үзэхээр байна. Учир нь Монгол Улсын Арабын хойгийн орнуудтай харилцах харилцаа, хамтын ажиллагаа саарсан, сэвтсэн зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн жилүүдэд талуудын хамтын ажиллагаа идэвхжиж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Үүнийг төрийн сайд байтугай жирийн иргэн хэлэх байх. Ер нь бол 2015 оноос өмнө аливаа зориулалтаар агнах, барих ан амьтны нэр, тоог нууцалж байсан түүх Монгол Улсад байхгүй. Байгаль орчин, ан амьтны талаарх олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын ямар ч хууль тогтоомжид энэ талаар тусгагдсан зүйл байдаггүй.
    Амьтны тухай хуулийн 26.3-д “Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу 2015 оныг хүртэл тусгай зориулалтаар буюу гадаадын иргэд, анчид жуулчдад агнуулах ан амьтны тоотой хамт гадаадад гаргах шонхорын тоог Засгийн газрын тогтоолоор ил тод баталсаар ирсэн байна.Харин “Нууц тогтоол” гээчийг анх санаачлан гүйцэтгэгч нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол юм. Тэрээр 2015 онд БОНХАЖ-ын сайдын албыг хашиж байхдаа арабуудаар бариулах шонхорын тоо, зориулалтыг нууцлах, төлбөр, хураамжийг нь дутуу төлүүлэх, түүгээр үл барам шонхор шувуудыг ямар ч үнэ төлбөргүйгээр тэдэнд бэлэглэх зэрэг хууль бус “шинэ санаачлага” -ыг анх гаргажээ.

    Засгийн газрын нууц тогтоолын талаар 2016 оны хавар “Үндэсний бахархалаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд” гэсэн нийтлэл хэвлэлд гарч байсан удаатай. Түүнд гадаадад гаргах шонхор шувууны тоог нууцлах болсныг шүүмжилж, энэхүү алдаагаа засахыг салбарын сайдаас шаардсан байдаг.

    Монгол улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн 6.2 –т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Эндээс ард түмний мэдэл, төрийн хамгаалалтанд байдаг төрийн өмчийг хэн нэгэн төрийн түшээ, албан тушаалтан дур мэдэж гадны иргэдэд үнэ төлбөргүй бэлэглээд, ая тал засаад байж болох уу гэдэг асуулт гарч байгаа юм.

    Кувейт, Саудын Араб, Эмират, Катар, Бахрейн зэрэг гарын таван хуруунд багтах хэдхэн оронд гаргах шонхорын тоог 1993 оноос эхлээд л Засгийн газраас ил тод тогтоож төлбөр, хураамжийг нь төсөвтөө бүрэн төлүүлчихээд гаргасаар ирсэн баримт бий. Ийм байдалтай 27 жил ямар нэгэн зориулалт заахгүйгээр экспортод гаргасан атал БОАЖЯ-ныхан 2015 оноос эхлэн Соёлын зориулалтаар эсвэл бэлэг нэрээр гаргаж байна гэдэг болсон.

    Тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын санаачлагаар “Идлэг шонхор шувууг Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлэгдэл болгон” Засгийн газрын 2012 оны 101 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндэсний бахархалт шувуу болгон зарлан тунхагласан. Энэ тогтоолыг үндэслэн тухайн үеийн БОНХАЖ-ын сайд асан С.Оюун идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолыг 2013 оны нэгдүгээр сарын 12 –нд гаргуулсан. Гэвч сайд асан Д.Оюунхорол энэ тогтоолыг үл хэрэгсэн нөгөө л “Нууц тогтоол” гэгчээ гаргуулан Үндэсний бахархалт шувуугаа хэдэн зуугаар нь соёлын зориулалт, эсвэл бэлэг гэдэг нэрээр гадаадад гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсныг юу гэж ойлгох вэ.

    Шонхороос орж буй орлого хаашаа орж, юунд зарцуулагддаг нь тодорхойгүй. Иймд гадагш нь гаргаж буй шонхорын тоог хуульд зааснаар ил тод баталж төлбөр хураамжийг нь төсөвт бүрэн оруулж байхыг шаардах эрх Монгол Улсын иргэн хэнд ч бий.

  • Монгол Улсын ардын жүжигчин, Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн гишүүн А.Энхтайван: Чингэс хаанд тоглохоо цагаан морин жилийн шинийн нэгэнд мэдэж билээ

    -2009 онд төрийн өн¬дөр хишиг хүртэж, ардаа¬раа овоглосноосоо хойш ерөнхийдөө чимээгүй бай¬лаа. Би ардын цолтон болчихлоо шүү дээ гэж онгирч омойтсон аястай ярилцлага өгөл¬тэй нь бишдээ. Миний ус нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын зааг юм. Аав минь надад Баян-Адаргын Баян-Өлзийт багт төрсөн гэдэг. Сүүлд сонсох нь ээ, Бин¬дэрийн Бор-Овоогийн Уртын эх газар төрсөн гээд байгаа.

    Миний бие бол Бор-Овоогийн Уртын эхийг л тоонотоо гэж бодох болсон. Биндэр гэхээр хүмүүс буриад гэж ойлгох нь бий. Би чинь халх хүн. Аав ээж хоёр минь хоёу¬лаа халх, бүр боржигон хүмүүс юм. Аав Шаравын Агваанцэрэн хөвчийн Жонон вангийн нутаг Баян-Адаргын хүн. Нэгэнт аавынхаа тухай, ус нутгийнхаа тухай ярьж буй учир энд нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Ерэн нэгэн онд би удам угсаа, гарал үүслийнхээ талаар ааваасаа асууж байлаа. Тэгэхэд аав минь Хэнтийн Өндөрхаанд бие муу хэвтэрт байсан. Би гэдэг хүн эзэн хааныхаа дүрд тоглоод байж байдаг. Балжинням найруулагчаас хоёр хоногийн чөлөө аваад Өн¬дөрхаанд очиж байв. Тэр бол аав¬тайгаа уулзсан, үг яриаг нь сонссон сүүлчийн уулзалт байлаа даа.

    -Биндэр сумандаа сургууль соёл дүүргэсэн үү?

    -Цэнхэр мандал суманд цэцэр¬лэгт анх орж байсан түүхтэй. Аав тракторын жолооч байхгүй юу. Цэнхэр мандалд мал аж ахуйн станц байгуулагдахад хоёр трактор байсны нэгийг манай аав, нөгөөг нь гавьяат жүжигчин, дуучин Эрдэнэбатын аав Гэндэндарам гуай барьж байсан. Тэр хоёр тус сумын бүх л айлын ус түлээг дөхүүлж, нүүлгэж суулгаж байсан буянтнууд. Эрдэнэбат бид хоёр тухайн цагийг яаж мэдэх билээ. Нэг насны зөрүүтэй хоёр. Цэцэрлэг, сургуульд цуваад л орсон. Цэнхэр мандалд гуравдугаар ангиа дүүргээд дараа нь аймгийн төв рүү шилжиж тэндээ арав дугаар ангиа төгссөн. Арван жилд дуулдаг, бүжиглэдэг тийм л хүүхэд байлаа. Бас ч болоогүй урлагийн тэмцээн уралдаанаас шагнал авчихсан, Улаанбаатарт ирээд дуу хоолойгоо цуурайтуул¬чихсан догь эр явлаа.

    -Урлагт анх хөтөлсөн багш тань хэн байна?

    -Тав дугаар ангийн сурагч байх¬даа Хан Хэнтий чуулгын дуучин, Монгол Улсын ардын жүжигчин Шар хүүхэн гуайгаар уртын дуу заалгаж байсан. “Хулст нуур”, “Эр бор харцага” зэрэг дуунуудыг хоёр ч жилийн хугацаанд заалгасан юм. Шар хүүхэнгуай “Миний хүүгийн хоолой бол уртын дууны хоолой бишээ. Дуурийн дуулаачийн хоо¬лой. Чи тэр замыг хөөх ёстой ” гэж захиж байсан. Дол дугаар ангийн хүүхдэд тэгж хэлж байгаа хэрэг. Ингээд аравдугаар ангиа дүүргээд Улаанбаатар хотноо Хөгжим бүж¬гийн сургуульд ирлээ. Хоёр дугаар курст орох жил манай найрал дууны анги тухайн үеийн Улсын багшийн дээд сургууль руу шилж¬сэндээ.

    -Та чинь Свердловскийн Ура¬лын хөгжмийн дээд сур¬гуулийг дуурийн дуулаачаар төгссөн хүн дээ?

    -Улсын багшийн дээд сургуу¬лийг төгсөөд л шууд Уралын хөгжмийн дээд сургуульд явсан. Уул нь намайг Дуурийн театрын дуурийн гоцлол дуулаачийн ангид хуваарилсан юм. Тэгтэл Соёлын яамны урилгаар гээд л гадагшаа явуулчихсан. Уралын хөгжмийн сургуульд таван жил суралцаад наян таван онд төгсч ирсэн. Тэгээд л хорин жил дуурийн театрын гоцлол дуучнаар ажилласан. Дуу¬рийн театрт наян таван оноос 2005 он хүртэлх хугацаанд тавигдсан Монголын болон дэлхийн бүх л сонгодог дуурийн гол дүрд дуулсан байна. 32 дуурийн гол дүрийг авч гарсан байдаг шүү. Хайдав багш, Банди гавьяат хоёр тэтгэвэртээ суугаад сургуулиуд руу багшаар явчихаар нарийн цээл хоолой буюу тенор хоолойтой эрэгтэй дуучин нь би л үлдэхгүй юу. Д.Лувсаншаравгуайн хэд хэдэн дуурьт дуулсан. Манай хүн намайг дуурийн театраас гарахаас өмнө”Хадам ээж” гэсэн хоёр хүний дуурь бүтээж түүнд нь ардын жүжигчин А.Долгор бид хоёр дуулж байлаа. Халтарын Билэгжаргалын”Гэрэл сүүдэр” гэж дуурьт зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж гуайтай хамт дуулж байсан гээд бодохгүй юу. Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад вэ гэж та асуух байх.

    -Тэгэхээр ямар хариулт өгөх бол?

    -Наян таван онд дуурийн театрт ирэхэд манай алтан үеийнхэн халаагаа өгөх дөхчихсөн байсан. Яг тийм цагт бидний үеийнхэн хаврын шувууд шиг ганганалдан ирж өнөө аваргуудаас хормойгоо дэвсэн халааг нь авч байсан. Ц.Пүрэвдорж, Г.Хайдав, А.Бүтэд, Х.Уртнасан, Д.Жаргалсайхан гээд Монголын сонгодог урлагийн үрийг нь тарьсан хүмүүс. Энэ дундаа миний хамгийн хайртай алтан портнер бол Хорлоогийн Уртнасан гуай. Бид хоёр олон сонгодог дуурьт хамтарч дуулж байлаа. Маш түшигтэй сайхан хүн шүү дээ. Хоёулаа Гонгорын Хайдав гэж хүний шавь юм. Бидний үеийнхэн гэвэл ардын жүжигчин Батаагийн Жавзандулам, Аюурзанын Долгор, Чинзаяагийн Мөнхшүр нар шүү дээ. Ийм л нэгэн үеийн сонгодог дуучидтай Монголын дуурийн театрын тайзнаа хорин жилийг үдсэн байна. Алтан үеийнхний тарьсан үрийг Монголынхоо хөр¬сөнд улам сайхан ургуулаад дарааүе, дүү нартаа хүлээлгэж өгсөн гэж бодохоор омогшил төрдөг л юм. Гэхдээ бид өнөөдөр тэгтлээ хөг¬ширчихөөгүй байна. Хэдий эмээ, өвөө болчихсон ч гэсэн багш нарын¬хаа дэргэд залуу л байна.

    -Тантай гурван ч сэдвээр данайтал ярилцаж болмоор санагдана. Ухаандаа, хоёу¬лаа эхний сэдэв буюу дуурийн дуулаачийн тухайд чинь л ярилаа. Эзэн хааныхаа дүрийг бүтээх түүхэн үүрэг танд оногдсон. Энэ тухай асуулгүй өнгөрч боломгүй. За тэгээд цаана нь хөгжмийн зохиолч гэж нэг том зүйл бас байнадаа?

    -Үнэншүү. Ах нь өөрийнхөө Монголын урлагт байгуулсан гавь¬яа, зүтгэсэн зүтгэлээ гурван хэсэгт хувааж боддог. Эхний хэсгийг нь ярилаа. Одоо эзэн хааныхаа түүхэн дүрийг бүтээсэн хувь заяа буюу кино урлагтай холбогдсон түүхээ сөхье. Ерэн оны цагаан морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд миний бие кино урлагтай холбогдсон. Энэ маань эзэн хааныхаа түүхэн дүрийг бүтээх болсон гэсэн үг л дээ. Би бол өөрийн саналаар юмуу, сэтгэлийнхээ дуудлагаар ийм хувь заяатай холбогдоогүй. Ерөөс На¬ца¬гийн Жанцанноров гэж хүний буян юм. Тэр хүн намайг Чингэс хааны хаад үрийг бүтээх эхний алхамыг хийж өгсөн. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурьт тоглож байхад намайг анхаар ч харсан юм билээ. Энэ дашрам д хэлэхэд, Нацагдорж багшийн “Үүлэн заяа”, “Гэсэр”, Билэг¬жар¬галын “Ламбугайн нулимс” энэ гурван дуурь бол Монголын үндэсний дууриудын хамгийн том шинэчлэл гэж би боддог. Ингээд “Үүлэн заяа”гийн Төмөр төр хаанд дуулж эхний өдрийн тоглолтоо дууссаны дараа Жанцан норов гуай баяр хүргээд “Бидний хэдэн нөхөд нэг юм хийхгээд байгаа. Маргааш чи энэ дуурьдаа дуулна биз дээ” гэлээ. Тэгээд л өнгөрсөн. Би ямар хүмүүс, юу хийх гэж байгааг мэдэх ч үгүй, асуухч эрхгүй шүү дээ. Маргааш нь дуурь дуус¬саны дараа өрөөндөө будгаа арилгаад зогс ч байтал Балжинням, Нагнайдорж нарын найруулагчид ороод ирдэг юм байна. Бүгд намайг харж сонжиж, хэд гурван үг асуу¬гаад яваад өгсөн. Өглөө нь ажилдаа ирээд дасгалаа уншаад зогс ч байтал “Энхтайван, чи юу хийгээд энд байж байгаа юм бэ. Чамайг 10 цагт кино үйлдвэр дээр бэлэн байгаарай гэсэн ш дээ” хэмээн нэг нь хэлдэг юм. Тэгээд л автобусанд суугаад кино үйлдвэр орлоо.

    -Тэнд Б.Балжинням найруу¬лагч тэргүүтэй хүмүүс хү¬лээж байв уу?

    -За хө, хэн хэн хүлээж байсан гэж бодно. Төрийн шагналт, урла¬гийн гавьяат зүтгэлтэн Бэгзийн Балжинням, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ, төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр, зураач Пүрэвсүх, зохиолч Дүгэржавын Маам, оператор Луузаншаравын Шаравдорж гээд аваргууд сууж байгаа юм. Тэд надаас ус нутаг асууснаа шууд л өндөр хэд вэ, биеийн жин хэд вэ гэдэг юм. Тухайн үед чинь би мөрнийхөө дээгүүр татах хэмжээний урт үстэй байсан. Балжинням найруулагч “Бадам ¬сүрэнг дууд” гээд нүүр будагчийг дуудууллаа. Тэгээд намайг хорин настай, дөчин настай, жаран настай болгуулж үзлээ шүү. Жаран настай болчихоод байж байхдаа “Би ер нь ийм л өвөө болох юм байна” гэсэн бодол төрж билээ. Гэхдээ надад чухам хэний хорин нас, жаран нас гэдгийг мэдэхгүй байлаа. Ухаандаа, жаран настай өвгөний дүрд хувираад цагаан ногтон сахалтай амьтан өнөө хэдийн чинь өмнө зогсож байхдаа “намайг ер нь яах гээд байгаа юм болоо” гэж бодож байлаа. Ингээд долоо хоногийн дараа манай дуурийн театрын ерөнхий найруу¬лагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулган гуай ороод ирлээ. “За нөхөр минь чи кино үйлдвэрт нэг сарын хугацаатай ажиллах болж байна даа” гэлээ. Би хариуд нь”Үгүй ээ, найруулагчаа би явж чадахгүй. Уран бүтээ¬лийн¬хээ ажлыг хиймээр байна. Хэд хэдэн дуурь намайг хүлээж байна” гэсэн юм хэллээ дээ. Тэгтэл загнуулдаг юм аа. “Чиний наад толгой чиний толгой биш төрийн толгой. Хэн юу л гэж хэлнэ чи түүнийг нь биелүүлэх ёстой. Хэрвээ ихээхэн гөжүү зан гаргаж өмнөөс тайлбар тавих юм бол дэмий шүү” гээд сүхээр цохих шиг л тас буулгаад авдаг юм. Ингээд би гэдэг хүн бүр нэг гомдолтой нь аргагүй, театр руугаа эргэн эргэн харсаар кино үйлдвэр рүү явж билээ. Ямар ки¬нонд, ямар дүр бүтээхээ мэдэхгүй амьтан л явж байгаа хэрэг шүү дээ. Замд явахдаа юу гэж бодсон гэж санана, ямар ч дүр өгсөн хамаагүй түүнд нь тоглож чадахгүй гэдгээ албаар харуулаад, тэнцэхгүй нь гэсэн тодорхойлолт аваад буцаад театртаа ирнэ дээ гэж. Нэг сарын хугацаанд сургуулилт хийхдээ “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Бөртэ-д тоглодог ардын жүжигчинС.Сарантуяа, Боорчийн дүрийг бүтээдэг, “Мандухай цэцэн хатан”-д Мянхайд тоглож байсан Төмөр¬тогтох, төрийн шагналт Ц.Төмөр-баатар, Хасар Жагаа, гавьяат Ж.Сүххуяг нартай эхлээд тоглуулж байгаа юм. Бид бол үетэнгийнхэн. Дараа нь Сувд гуайтай, Мягмар¬наран гуайтай тоглууллаа. Монголын тайз дэлгэцийн урлагийн сор болсон тэдгээр жүжигчдээс би үнэндээ сүрдэж байлаа шүү.

    -Чингэс хааны дүрийг бүтээ¬хээ яг хэдийд мэдсэн гэдэг билээ?

    -Ерэн оны хоёрдугаар сарын 19 буюу цагаан морин жилийн шинийн нэгэнд мэдэж байсан. Дуурийн театрынхан чинь шинийн нэгэнд театр дээрээ уулзаж ахма¬дууддаа золгодог улажлалтай. Тэрхүү уламжлалынхаа дагуу шинийн нэгний өглөө гэртээ шинэлчихээд театртаа очоод “Гоцлол дуучин А.Энхтайвандаа эзэн Богд Чингэс хааныхаа түүхэн дүрийг Монголын кино урлагт анх бүтээх болсонд баяр хүргэе” гэсэн бичиг үүдний самбар дээр дурайтал байж байдаг юм. Би эхлээд итгэ¬сэнгүй. Манайхан надаар дамшиг¬лаж байна даа гэж бодлоо. Үүднийхээ жижүүрээс хэн ийм зарлал гаргасныг асуулаа. “Мэдэхгүй ээ, захиргаанаас байлгүй дээ. Баяр хүргэе” гэдэг юм. Өрөөндөө ортол манай хэд баяр хүргээд тэвэрч үнсээд сүйд. Удалгүй театрын удирдлагууд баяр хүргээд ахмад настнууддаа золгох биш “Чингэс хаандаа золгоё. Эзэн хаанаараа бахархах ийм нэг сайхан цаг ирдэг юм байна” гээд хөгшин залуугүй надад золгож баяр хүргэж байлаа.

    Ингэж л хувь заяагаар эзэн хааныхаа дүрийг Монголын кино урлагт анх бүтээсэн юм шүү. Сайн муу бүтээснийг ард түмэн л үнэлнэ. Өнөөдөр хүртэл миний ард түмэн намайг Чингэс хаан шигээ хүндэт¬гэн дээдэлдэг. Тэгэхээр би энэхүү түүхэн дүрийг гайгүй шиг бүтээсэн юм болов уу. Хамт тоглосон нэртэй жүжигчдийн нөлөө байсан. Ухаандаа, Сувд гуайг би уг кино бүтэх хоёр жилийн хугацаанд ээж шигээ л хүндэтгэж “ээжээ” л гэдэг байсан. Банзарын Дамчаа гуай, Гүрсэдийн Доржсамбуугуай хоёр киноны турш надтай ажилласан. Тэдний л хүчинд чи Чингэсийнхээ дүрийг бүтээсэн байхгүй юу. Нэг сонин зүйл нь Монголын дуурийн театраас Сүхбаатар, Хатанбаа¬тарын дүрүүд тодорсон байдаг. Ер нь тэгээд Дашнамжилгуайгаар Сүхбаатаржанжныг, Эрдэнэ¬бул¬ган ахаар Хатанбаатарыг, өчүүхэн надаар Чингэс хааныг төлөөлүүлж боддог болж дээ. Үүнд уран бүтээл¬чийнхээ хувьд бахархахгүй байхын аргагүй ээ.

    -Та Монголын кино урлагт Чингэс хаанаасаа өөр дүр бүтээсэн үү, үгүй шиг санагдах юм?

    -Бүтээгээгүй юмаа. Надад бол олон киноны урилга ирсэн. Тэр бүгдэд зөвшөөрөөгүй ээ. Би бол мэргэжлийн жүжигчин биш. Азаар, хувь тавилангаар эзэн хааныхаа л дүрийг бүтээчихсэн хүн. Гэтэл өөр кинонд тоглож байгаа нь энэ гээд ард түмний сэтгэлд нэгэн өндөрлөг тогтоосон өнөө дүрээ манайхны хэлдгээр шалны алчуур болгочих¬вол яах юм бэ. Чингэс хаан чинь худалч, хулгайч, зальжин, шорон¬гийн хүн болоод хувирчихвал яах юм. Тийм л бодол өвөрлөж татгалздаг. Үндсэндээ, Монголын ард түмэн намайг эзэн Богд хаанаараа л хүлээж авсан. Тиймээс би Чингэс хаан нь л байя гэж бодсон хэрэг л дээ. Харин кино урлагт бол сэтгэлээ өгсөн. Гэргийнхээ “Нүхэнд үлдээсэн сувд” зохиолоор”Мойлхон” гэж кино хийсэн. Азийн кино наадмын фестивальд шилдгээр шалгарч байлаа. Түүнээс хойш хоёр, гурван ч кино хийгээд байна.

    -Танаас бас нэг зүйлийг асууя гэж бодоод байдаг. Сүүлд манайх “Үхэж үл болно-Чин-гэс хаан” гэсэн кинохийлээ. Түүнд Чингэсийн дүрийг Тө-мөрбаатар гавьяат бүтээсэн. Мэдээж өөрийнхөөрөө л бүтээсэн ньмэдээж. Түүнийг та Чингэсийг ямар хэмжээнд гаргасан гэж боддог вэ?

    -Уг киног сайн муу гэж тодор¬хойлох нь миний хувьд зохимжгүй юм. Ц.Төмөрбатар бид хоёр уран бүтээлийн найзууд. Түүнийг би ясны жүжигчин гэж боддог. Үнэхээр ч төрмөл, таримал амьтан л даа. Бид хоёр уулзахаараа уран бүтээлийн тухай санаа оноо солилцоно. Харин Чингэс хааны тухай, бүтээсэн дүрүүдийнхээ тухай “А” ч гэж ярьдаггүй байхгүй юу. Сонин байнауу. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино дэлгэцэнд гарсны хорин жилийн ойгоор задгай галын дэргэд зогсоод Тэмүүжин, Жамуха хоёрын дүрд хэрхэн тоглосноо дурсан халуунаар тэврэлдэж байс¬наа мартамгүй. Тэр бол ховорхон л тохиол.

    -Бид хоёрын яриа сонины энэхэн зайд үнэндээ багтах-гүй л дээ. Гэхдээ танаас уран бүтээлийн гурав дахьхэсэг буюу хөгжмийн зохиолчийн тухайд чинь асуумаар байна?

    -Хөгжмийн зохиолчийнхооо хувьд 400 гаруй дуу, тав зургаан уран сайхны кино, хориод баримтат киноны хөгжим бичжээ. Анхны маань дуу бол Жүмпэрэлийн Саруулбуян андын минь шүлэг” Балжийн гол” юм. Мэргэжлийн дуулдаа. За тэгээд Саруултайгаа “Ононгийн шугуй” тэргүүтэй хэд хэдэн сайхан дуу хийсэн. Сүх-баатар нутгийн найрагч Сумъяагийн Амартайвантай хамтарч бү¬тээсэн “Олонтой явсан аав” дуу минь “Морин хуур” авч, би гэдэг хүн ихэд баярлаж байлаа. Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд дуулж олонд хүргэснийг хүмүүс мэднэ. Мөн Б.Батмэнд, С.Цогт¬сайхан нарын “Санасан шүү ча¬май¬гаа”, У.Далантай, Т.Баясгаланнарын “Эрхлэн жаргах бидэн хоёр” гээд олны сайн мэдэх дуунууд байна. Ерээд онд байна уу даа, Бавуугийн Лхагвасүрэнгуайн “Ээжийн¬хээ ачийг яалаа даа” шүлгэнд аялгуу хийгээд зууны манлай Хорлоогийн Уртнасан гуайгаар дуулуулж явсан хүн шүү дээ, би.
    Эх сурвалж : Өдрийн сонин
    Ярилцсан Н.ГАНТУЛГА

     

  • Д. Дарьчулуун: Битүүлэх ёсыг аливаа шашин, хувь хүн талаас харж болохгүй

    -Хүн төрлөхтний даяаршлын эрин үед бидний авч үлдэж чадсан өвөг соёл юм-
    Л.Баатархүү
    Монгол бөөгийн тэргүүн зайран, 2013 оны Монголын шилдэг зайран, Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн гишүүн Дондорын Дарьчулууныг “Бодлоготой ярилцлага” буландаа урилаа. Түүнтэй Цагаан сарын ёс заншил, хөгжил, үүслийн талаар сонирхолтой яриа өрнүүлэв. Дашрамд дурьдахад Д.Дарьчулуун зайран ЮНЕСКО-оос зохион байгуулсан Биет бус соёлын өвийг хамгаалах олон улсын хуралд төлөөлөгчөөр оролцоод иржээ.
    Танд Бодлого.мн цахим хуудсынхаа нийт уншигчдын өмнөөс сар шинийн мэнд дэвшүүлье. Цагаан сар болж байгаатай холбогдуулан монголчууд өнөөдөр ёс заншлаа хэр зэрэг мэдэж, дээдэлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
    Юуны өмнө танай цахим хуудсын нийт уншигч, зон олонд энэ өдрийн мэнд хүргэе. Өн эртнээс нааш уламжлан ирсэн Цагаан сар гэдэг энэ баяр гайхалтай том ёс заншил юм. Уг баяр монголуудын ураг төрлөө мэдэлцдэг, ахмад буурайгаа хүндэлдэг, нялх балчируудаа баярлуулдаг учралын ийм сайхан баяр. Өөрөөр хэлбэл, хүн төрлөхтний даяаршлын эрин үед бидний авч үлдэж чадсан эртний өвөг соёл гэдгийг хэлмээр байна. Цаашдаа ч гэсэн уламжлалыг нь эвдэхгүй, агуулгыг нь алдахгүй авч явах он цагийн хэлхээн дээр бид ирэв.
    Орчин үеийн залуучууд Цагаан сар гэдгийг сайтар ойлгодоггүй, мэддэгүй болжээ. Зүгээр нэг хонины мах, шүүс тавьдаг юм байна. Настан буурлууддаа бараг хүчээр шахам очиж золгодог юм байна гэх өөдөсхөн ойлголттой болчихож. Ийм ойлголт үнэндээ буруу зүйл. Энэ баяр бол дахин хэлэхэд настан буурлууд бүтэн жил мэнд байсны, ураг төрөл биентэйгээ учрах, сайн сайхнаа хэлэлцэх зан заншил. Товчхондоо тухайн айлын нэг жилийн өнөр өтгөн болсныг, ямаршуу өнгө чинээтэй байгааг илтгэх жилийн онцгой үе. Монголчууд эл баяраар яагаад ширээ дүүртлээ идээ ундаа бэлдэж, шинэ дээл хувцас өмсдөг вэ гэхээр айл, өрхийн жилийн амьдрал ямар байгааг нэг ёсондоо шинжиж буй юм.
    Тэгэхээр Цагаан сар гэх энэ гайхалтай баярыг монголчууд яг хэдий үеэс тэмдэглэж эхэлсэн юм бол. Бөөгийн ёсонд ч юм уу, дийлэнх монголчуудад намар тэмдэглэдэг байжээ гэдэг. Энэ талаар та хариулт өгөхгүй юу?
    Монголчууд Цагаан сарыг хамгийн түрүүнд хэзээ тэмдэглэж байсныг бус өвөг дээдсээс уламжилж ирсэн агуу соёл, зан заншил гэдгийг эхлээд ухаарах хэрэгтэй. Уг баярыг Чингис хаанаас өмнө мөн түүний үед намар тэмдэглэдэг байсан гэдэг яриа ам дамжин өнөөдөртэй золгосон. Зарим зурхайч, судлаач, манай бөөгийн хүрээнд ч гэсэн ийм ойлголт бий. Гэхдээ энэ баримт гээд байгаа яриа бас маргаантай хэвээр байна. Домог, түүх ам дамжсан яриагаар бол Чингис хааны үед монголчууд идээ ундаагаа элбэг авсан, хүн зоны сэтгэл тэгширсэн, малын зоо тэнэгэр, тарга дүүрэн тэр үе буюу намар цагт Цагаан сар /идээний баяр/-ыг тэмдэглэдэг байжээ.
    Аливаа зүйл домог, ам ярианаас үүдэлтэй гэх нь ч бий. Харин Монгол Улс хожим Манжид дарлагдаж байх тэр ахуйд эл баяраа хавар тэмдэглэдэг болсон гэдэг. Томоохон судлаач нарын бүтээлүүддээ тэмдэглэснээр “Ялсан орон ялагдсан орондоо өөрийн цаг тооны бичгийг тулгаж, хүлээн зөвшөөрүүлж байсан” хэмээдэг. Түүнээс хойш монголчууд хавар тэмдэглэдэг болжээ гэх нь элбэг. Тэгвэл үүнийг хэрхэн, яаж илүү нотлох вэ гэхээр Хятадын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр цэцэг дэлгэрч, хаврын уур амьсгал ордог.
    Тэгтэл Монголд дүн өвлийн, идэр есийн хүйтэн тачигнаж байг цаг. Ийм үед зарим нутагт маань ард олон түлээ түлшгүйтэх, зуд зурхантай ч учрах гээд ядруухан байх үе юм. Мал нь хүртэл тарга тэвээрээ алдчихсан байдаг. Түүнчлэн хол ойрын ах дүү, хамаатан садантайгаа хүртэл өвлийн дүн хүйтнээр очиж уулзахад нэн бэрх улирал шүү дээ. Өнөөдөр ийм л үед монголчууд Цагаан сарыг тэмдэглэж иржээ. Тиймээс Манжийн дарлалаар монголчуудад тулгасан цаг тооны бичгийн дагуу бид Цагаан сараа тэмдэглэж байгаа нь энэ гэлтэй.
    Ямартай ч бид хэдэн зууны туршид хавар тэмдэглээд ирчихжээ. Харин битүүлэх ёс гэдэг нь намар тэмдэглэдэг байхад байсан юм болов уу. Эл ёсны онцлог, ёсын талаар та уншигчиддаа хуваалцахгүй юу?
    Битүүлэх ёс гэдэг бас өвөг дээдсээс уламжилж ирсэн эртний ёсны уламжлал, агуулга. Хэдийгээр халтар хултар хийгээд байгаа ч гэсэн эрт хэзээ нэгэн цагт үүссэн, хөгжлийнхөө шат дамжлагаар өнөө цагтай золгосон ийм ёс заншил, нүүдэлчин монголчуудын соёл. Битүүлэг гаргана гэдэг бол улирч буй жилийнхээ алив гай барцад юуг гаргаж, идээ ундаагаа, сэтгэл санаагаар баян гэдгээ ирэх ондоо харуулж буйн нэгэн илрэл юм. Шинийн 1-ний өглөө мандах нарны туяа шиг, цаст уулын оргил шиг угтахын урьтал бол битүүлэх ёс.
    Өнөөдөр бидний үйлдээд байгаа битүүлэх ёсонд бөө, буддагийн алиных нь уламжлал, нөлөө шингэчихээд байна вэ?
    Битүүлэх ёсыг аливаа шашин, хувь хүн талаас харж болохгүй. Нийт монгол түмний өнө эртнээс уламжилж ирсэн уламжлал хагас дутуу ч гэсэн энэ цагтай нэгэнт золгочихсон байна. Чухам Чингис хааны үед ямаршуу байсныг өнөөдөр хэн ч өнгөтөөр хэлж чадахгүй. Тийм ийм байсан гэж түүх, сурвалжид ч үлдээгээгүй байгаа шүү дээ.
    Ер нь монголчууд битүүний орой яг юу юу бэлдэж, хийсэн байх ёстой вэ?
    Энэ орой хамгийн эхлээд хог, шороогоо цэвэрлэсэн байх учиртай. Холдсон мал хараа хотондоо авч ирэх хэрэгтэй. Ингэснээ золгож буй жилдээ өнгөтэй өөдтэй байхыг билэгддэг юм. Мөн битүүний орой заавал битүүртлээ идэхийн урьтал, утга отгохон ч биш. Хамгийн гол нь хот айл, өрх гэрээрээ идээний ундааныхаа дээжийг засаж, улирч байгаа жилээ сайн сайхнаар үдэх ёстой.
    Үүнд шашины нөлөө байхгүй. Эрт цагаас уламлжлаад, ард түмэн сэтгэлдээ тээгээд ирчихсэн бас л нэг соёлын түүчээ. Нөгөөтэйгүүр битүүний орой үхрийн дунд чөмөг ташдаг. Үүнийг шашины ойлголтоор шулмын хөл хуга ташиж байна гэдэг. Гэвч үнэндээ буурал жилийг мялааж, буянтай жилийг тунгалаг ариун зүйлээр угтаж байгаагийн утга.
    Шинийн 1-ний өглөө бид зүг чигээ гаргана гээд модны үртэс ч юмуу гарсан зүгтээ хаядаг. Ер нь энэ уламжлал чухам шарын шашин, бөө хоёрын алинд нь хамаардаг юм бэ?
    Зүг чиг гаргадаг нь өн эртнээс уламжилсан бөөгийн ёс заншил. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн, эр хүн хамгийн эртлэн босож өндөр уулын орой, өнгөт нар хардаг эртний ёсон шингэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, монголчуудын нарнаас эрч хүч авдаг, амьдрал ахуйгаа даатгадаг ийм ёс байгаа юм. Нарыг ээжтэйгээ, сарыг аавтайгаа адилхан бодож ирсэн байна. Нар, сар, гал гурав их том шүтээн.
    Өнөө цагт янз бүрийн байгууллагууд хамт олноороо наранд залбирах ёслол үйлдэх гээд олон зүйл хийж байгаа нь нэг талаараа зөв. Гэвч тухайн жилдээ, тухайн газартаа очиж байгаа нь зүг чиг, газрын байрлалын хувьд зөв байна уу, буруу байна уу гэдэг нь чухал. Тиймээс хамаагүй зүг, байгальд очиж, хайрхадад гарах нь эрсдэлтэй зүйл. Нөгөөтэйгүүр уул толгод дээр янз бүрийн амьтны дүрс хийх, элдвийн цаас, эд өргөх нэрээр хаях нь маш буруу үйлдэл.
    Ингэхийн оронд алтан шаргал нарандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, айлын зөвхөн өрхийн тэргүүн зүг чигээ гаргадаг байх учиртай юм. Үүнээс гадна нутаг нутгийн ёс заншил гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Харамсалтай нь өдгөө долоон хүүхэдтэй айл гэхэд аав, ээжтэйгээ есүүлээ болж есөн тийш зүг гаргах нь байж болшгүй асуудал. Өөрөөр хэлбэл, тэр гэр нэг л гал голомт гэж явж байгаа учраас нэг газраас олон хүн гарах нь таарч, таарахгүй зүгт буян хишгийг алдах аюултай юм. Өвөг дээдсийн соёлыг буруу тийш эргүүлж буйд их харамсдаг.
    Мөн бэлэг солилцох ёс яг хэдий үийнх юм бол. Эрт үед, бөөгийн ухаанд ч юм уу Цагаан сараар бэлэг солилцдог, өгдөг уламжлал байсан юм уу?
    Өвөг дээдэс, өтгөс буурлууддаа хишиг тараах гэж ёс байжээ. Түүнээс биш өнөөдрийнх шиг мөнгө, торго, янз янзын эдээр гар цайлгаж, уралдаж байсан ёс байгаагүй аж. Өндөр настнуудынхаа алгыг нь дээш харуулж бэлгээ өгдөг байсан байна.
    Үүнээс гадна бид чухам яаж золголт хийх ёстой юм бэ. Залуу хүн хадаг барьж болдоггүй, настныхаа биенд хүрэхгүй, эвсэл тохойноос нь өргөх гээд олон юм бий?
    Золгох ёс гэдэг бол мөн дээдсээс үлдэж ирсэн соёл. Хадаг самбаа барьж золгох ийм зан заншил байгаагүй гэдэг. Өтгөсийнхөө өмнө очиж сөхөрч суугаад биенд нь хүрэхгүй хоёр хацраа өгөх, мөн төв нутагт ахмадынхаа хоёр тохойноос өргөх үнэрлүүлэх ёс байсан аж. Одооных шиг балчир хүүхдээс авахуулаад хадаг бариад давхиад байдаггүй байж.
    Үүнээс гадна бөөг шашин гэж үзэх юмуу. Аль эсвэл байгалийн ухаан юмуу гэдэгт монголчууд ихээхэн эргэлздэг. Тэргүүн зайран хувьд бөө гэж чухам юу юм бэ?
    Ихэнх хүний оюун ухаанд бөөг шашин мөн биш мэтээр тодорхойгүй ойлголт шингэсэн байна. Товчхондоо бөө гэдэг бол байгалийн ухаан, хүн гэгч байгаль дэлхийтэйгээ ойр, түүнийгээ шүтэн биширч, тэжээгдэж ирсэн ийм нэг өвөрмөц уламжлал. Нөгөөтэйгүүр бөө хүн, тэнгэр, газар гурвын холбогч нь юм. Бөө бол шашин биш мөнх тэнгэр, байгал дэлхийгээс монголчуудад өгсөн агуу том соёл юм байна. Яагаад гэвэл уул хайрхадын эзэн, өвгөдийн сургааль үгийг бөө хүнээр дамжуулан сонсож байдаг.
    Та оны өмнөхөн ЮНЕСКО-ийн биет бус соёлын томоохон чуулга уулзалтад монголчуудаа төлөөлж оролцсон гэж дуулсан. Энэ чуулганаар чухам юуны тухай ярьсан юм бэ?
    Зүүн өмнөд Азийн орнуудын соёлын биет ба биет бус соёлын өвийг хамгаалах, судлах хүрээнд ЮНЕСКО-оос зохион байгуулсан том уулзалт, хурал болсон юм. Уг хуралд Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс таван хүний төлөөлөл очсон л доо. ЮНЕСКО-ийн байгууллагууд 2003 оноос эхэлж Монголыг судалсан юм билээ. Учир нь монголчууд яагаад хүчирхэг байсан юм бэ, бөө гэдэг нь яг юу юм бэ. Соёлын өвийг тээгч үү аль эсвэл шашин юм уу гэдгийг хэлэлцсэн. Өмнөд Солонгосын Жиндү гэдэг Япон, Хятад хоёрын хил дээрх аралд болсон.
    Энэтхэг, Солонгос, Япон, Хятад зүүн өмнөд Азийн соёлын нэг баг болж ажилладаг. Энэ ч үүднээс маш их судалгаа хийж байгаа юм билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх долоодугаар сард Монголд олон улсын Алтай судлалын том баг орж ирэх гэж байна. Харамсалтай нь бөө гэдгийг төр засаг нь ч анхаардаггүй, ард түмэн болохоор зүгээр нэг хэрэглэлд ашиглана гэж буруу ойлгоод байна. үүнийг дээр доороо сайтар ойлгох нь монголчууд бидний өмнө тулгамдаад буй том асуудал гэмээр.
    Эцэст нь ирж буй морин жил Монгол түмний маань сэргэн мандалтын жил байх болно. Төр улс төвшин. Түмэн зон олон амгалан байх болтугай. Мөн төр рүүгээ бүү дайраасай. Хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын дагуу төр рүүгээ маш их дайрч, оролдож, унагах гэж үзэж байна. Энэ их буруу зүйл гэдгийг хэлье.
    Баярлалаа. Та сайхан шинэлээрэй

  • Үе үеийн Ерөнхийлөгчдийн үлдээсэн өв юу вэ?

     

    Харин дараагийн Ерөнхийлөгч Н.Багабанди 1997 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдож найман жил төр барьсан эрхэм. Түүнийг асуудлыг олон талаас нягталж шийдвэр гаргадаг, өөрийн шийдвэр дээрээ хатуу байр суурьтай зогсдог, түүнийгээ хэрэгжүүлэх бодлого боловсруулахдаа гойд хэмээн тодотгодог. Тэр хүний хийсэн, бүтээсэн зүйл юу байв аа гэхээр 2004 онд морин хуурыг үндэсний бахархлын хэмжээнд аваачиж, монгол иргэншил, соёл урлаг, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалыг хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлж, морин хуурыг айл гэр, албан байгууллага бүрт залахыг зарлигдсан нь өнөө түүний үлдээсэн өв соёл, мөр ажээ. Түүнчлэн түүний зарлигаар Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал байгуулагдан эдүгээ эрийн цээнд хүрчээ. Хоёр ч удаа сонгогдож байсан тэрбээр эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх талаар дорвитой зүйл хийгээгүй байдаг. Одоо тэтгэвэртээ гарсан эрхэм “Титэм үг” тэрлэж, олон хүний ой тоонд үлдээх болов. Үүнийг нь оюуны өв мөр гэвэл буруудахгүй байх.

    Гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005-2009 оныг хүртэл төрийн тэргүүн, “эцэг” хийсэн хүн. Ерөнхийлөгч болох үедээ Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть номыг хэвлүүлэх тухай зарлиг гаргаж, бас хэд хэдэн уул овооны тахилгыг сэргээсэн байдаг. Бас хөөмийг сэргээх санаачлагыг гаргаж байсан. Хамгийн хэцүү хатуу сорилт нь 2008 оны долоодугаар сарын 01-ний хэрэг байсан бөгөөд түүнээс хойш элдэв хэл аманд орооцолдож, сүүлдээ авлигын эцэг хэмээн алдаршиж “аав”-ын хаалга татсан бөгөөд Өршөөлийн хуулиар суллагдаад өдгөө БНСУ-д биеэ эмчлүүлж байгаа билээ.

    Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн л хоёр удаа сонгогдож, төрийг удирдаж яваа. Тэрбээр “ардчилсан” Ерөнхийлөгч гэсэн тодотголтой нэгэн.

    Отгон Ерөнхийлөгч юу хийж, бүтээж байна вэ гэвэл жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригт мод тарих үндэсний өдөртэй болгосон. Хойч үедээ үлдээж байгаа хоёр дахь өв бол түүний санаачилсан хүүхэд багачуудад үндэсний үнэт зүйлс, соёл уламжлалт сэтгэлгээ, зан заншлын нийтлэг хэм хэмжээг таниулах зорилгоор “Иргэний боловсрол” хөтөлбөрийн хүрээнд заавал судлах монгол уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс хичээл юм.

    Мөн Ц.Элбэгдоржийн гаргасан цөмийн хаягдлыг Монголд булшлахгүй байх тухай зарлиг бол түүний зангарагтай шийдвэрүүдийн нэг гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг онцлох нь зөв байх. Одоо төр барьж байгаа хугацаанд авлигачтай хатуухан тэмцэнэ гэдгээ илэрхийлээд, олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр болоод байгаа юм. Ийнхүү үе үеийн Ерөнхийлөгчид юу хийсэн, бүтээсэн талаар дурдахад ийм байна. Эх сурвалж www.wikimon.mn

  • Д.Бямбасүрэн: Үндэсний баялгаа намуудаар тоглууллаа

    Цаашдаа энэ байдлаар явбал дараагийн 200 хоногт ч босгож, сэргээх аргагүй. 100 хоног гэдэг бол амиа аргацаах л арга. 100 хоног дуусахтай залгаад Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн айлчлал болно. Айл амьтан айлчилж байхад дотроо хэрүүл уруулгүй байя гэсээр байгаад намрын чуулган болтол үлдэж дөнгөнө. Энэ бол ердөө хугацаа хожих л арга. Намрын чуулган эхлэнгүүт энэ Засгийн газар хэрүүлгүйгээр сайн дураараа буувал Монголдоо буянтай хэрэг болно доо.
    -Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засгийн чухал шийдвэрээ бөөлж гаргадаг гэсэн шог яриа байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын тал дээр ямар байр суурьтай байна вэ?
    -Ганзагын наймаачид ирээд төрийн толгой дээр суучихлаа. Сайд нарын хувьд бизнесмен, компанийн захирал байж болно. Компани удирдах, улсын эдийн засаг удирдах хоёр чинь газар, тэнгэр шиг ялгаатай. Адаглаад яаманд мэргэжилтэн хийж байсан туршлагатай бол яая гэхэв. Хөгжлийн талаар философийн ойлголттой байж ажиллана шүү дээ. Дэлхий дахинд тогтвортой хөгжил гэж цоо шинэ ойлголт бий болоод байна. Гэтэл манайд Засгийн газар нь хөрөнгө хөгжлөөр, Байгаль орчны яам нь ногоон хөгжил баримтлаад хоёр тусдаа хөгжлөөр явах гээд байна уу, яах гээд байна. Ингэж балайрч байх ямар хэрэг байна. Үнэндээ харамсалтай санагдах юм.
    -Таны хувьд эдийн засгийг сайжруулах гарцыг харж байгаа байх. Ер нь танаас Засгийн газар, төрийн түшээд зөвлөгөө авдаг уу?
    -Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа, оноогоо хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа уулзах хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй, эргэж дуудаагүй болохоор нь дахиж очоогүй. Одоо бол Засгийн газартай ямар ч холбоогүй байдаг. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаа оноогоо хэлж ярьдаг. Монголын эдийн засаг бол маш жижиг эдийн засаг. Унахдаа ч амархан, сэргэхдээ ч амархан. Өмнөх туршлагуудыг хараад байхад Монголын эдийн засаг зургаан сарын дотор нөхөхөд өндийх чадвартай. Хамгийн гол нь энэ Засгийн газар, УИХ эдийн засгаа өндийлгөж, сэргээж чадахгүй байна. Угтаа хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол хэмнэлт. Тэгсэн манайхан хэмнэх оролдлого ч хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ 126 сумын 90 жилийн ой хийж 90 тэрбум төгрөг агаарт цацаж УИХ, Засгийн газрын гишүүд наадамд нь очиж зунжин наадлаа. Нийслэлийн төлөөлөгчид нь бөөнөөрөө Бразил яваад хөлбөмбөг үзчих юм. Үүнийг хэмнэлт гэх юм уу. Ийм үед гэрээ хэлцэл хийх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх айлчлал томилолтыг зогсоох ёстой. Улаанбаатар хотын төлөөлөгчид улирал бүр сонгогдсоныхоо төлөө таван сая, жилд 20 сая төгрөг бэлнээр аваад халаасалдаг. Миний бодлоор бол энэ хүмүүс бүгдээрээ хатуу газар очоод сууж баймаар санагддаг. Ажил хийснийхээ төлөө төрөөс цалин авч байна. Бас намайг сонгоод өг гэж гуйж гувшиж гарч ирчихээд хариуд нь мөнгө аваад байж байдаг. Төр засаг маань даанч ажилласангүй. Олон мянган хүний хүсэл мөрөөдөл шороонд дарагдлаа. АН-ын удирдлага хариуцлагаа хүлээх ёстой.
    -Гишүүд улсынхаа эрх ашгийг боддог байгаасай гэж дуугардаг хэрнээ ярьсан шигээ явж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Эрх ашгийн эрэмбэ дарааг та юу гэж боддог вэ?
    -Намын эрх ашиг гэж байхгүй л дээ. Нам толгойлж байгаа баячуудын эрх ашиг л гэж байна. Жишээ нь 2006-2009 оны хооронд эрх барьж байсан МАХН буюу МАН Эм Си Эс-т л үйлчиллээ шүү дээ. Ямар сайндаа манай судлаачид Монгол Улсын их хурал юм уу, Эм Си Эс-ийн их хурал юм уу гэж сануулж бичиж байлаа. Өнөөдөр компанийн төлөөлөгч нь УИХ-д ороод ташаагаа тулчихсан “Тэр ордыг чинь би авъя” гэж том дуугараад авдаг болсон байна лээ. Нам гэдэг чинь олон түмний үзэл бодлын асуудал. Өнөөгийн ийм ороо бусгаа цагт Ардчилсан нам төрөө барьж байгаа нь зөв юм. Харин нэр цэвэр, бодлого үйл ажиллагаа нь илүү өгөөжтэй байх ёстой. Намын толгойд гарсан хэдэн нөхөр нь хэсэгхэн баячуудынхаа арга аяганд орчихсон байх юм. Бүхэл бүтэн улсын маань Ерөнхий сайд гэхэд л телевизээр “Би жорлонгийнхоо бохирыг гол руу хийгээгүй” гээд яриад сууж байх юм. Гэтэл өөр нэг телевиз нь бүдүүн бохирын хоолойноос бохир ус Туул гол руу урсаад гарч байгааг нь харуулах юм. Ерөнхий сайд нь жорлонгийнхоо бохирыг Улаанбаатарчуудыг ундаалдаг Туул гол руу хийсэн, хийгээгүй гээд яриад сууж байхаар яах болж байна даа.
    -Тэгээд одоо ийм гажуудлыг яаж засах вэ, хууль эрх зүйн хувьд засах боломж байна уу. Ингэж явсаар ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч тэсэрвэл яах вэ?
    -Хэрүүл тэмцэл бу¬химдлаар юуг ч шийдэхгүй. Эв зүй, хууль эрх зүйн хүрээнд аливаа асуудлыг шийдэх нь хамгийн зөв гарц. Ерөнхийлөгчийн санаачилсан дархлаажуулалтыг сулруулах хуулийн төслүүд хамгийн чухал. Нэгэнт л хэрэг төвөгт нэр холбогдсон бол албан тушаалаа сайн дураараа өгөх хэрэгтэй. Манайд одоо хэрэг хийсэн нөхрийг АТГ, прокурор бүгд сануулаад нэмэр алга. Нөгөө УИХ-ын гишүүд чинь бие биеэ өмгөөлж, хамгаалаад тавьж явуулахгүй. АТГ сонгуулийн өмнө намуудад асуудалтай хүмүүсийнх нь нэрийг гаргаж өгсөн боловч нэмэр болсонгүй. Прокурор, УИХ-аас нэр бүхий нөхдүүдийг шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд бас л нэмэргүй байна.
    -Нийт Монголын эрх ашиг чухам хаана, хэний гарт байна вэ гэсэн эмзэглэл төрөх юм?
    -Тийм учраас залуучууд минь юу ч болж байсан төрөө худалдахгүй, нутгаа худалдахгүй юм шүү гэдгийг зүрхэндээ нэвт шингээж ойлгох хэрэгтэй. Энэ бүх байдлыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан улс орон, монгол түмний минь хувь заяатай холбоотой хуулийн төслүүдийг араас нь урдаас нь чадах чинээгээрээ олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжээд батлуулаад байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний эрх ашгийн төлөөх хуулийн төслүүдийг УИХ, Засгийн газар их хэрзгэр хүлээж авч байгааг анзаарч байгаа биз дээ.
    -Өнөөдрийн улстөрчид болохоо байлаа. Залуу үеэр цус сэлбэх ёстой гэдэг дээр ямар бодолтой байгаа вэ?
    -Монгол орон шинэч¬лэгдлээ. Бид шинэ орчин, шинэ нийгэмд амьдарч байна. Улс төрд тэр дундаа монгол төрийн жолоог барьж явах шинэ үеийн хүмүүсийг хүмүүжүүлэх, тэдэндээ түшиглэж хөгжих нь нийгмийн бодит захиалга болоод байна. Бид өнөөдрийг хүртэл шилжилтийн үеийн сэтгэлгээгээр асуудалд хандаж, төрийн албыг баяжих, албан тушаал ахих дамжлага болгон хардаг сэтгэлгээтэй хүмүүстэйгээр явж ирлээ. Ийм хоцрогдсон сэтгэлгээтэйгээр цааш явна гээд зүтгээд байвал Монголыг үндэстнийнх нь хувьд ч улс гүрнийх нь хувьд ч мөхөл рүү хүргэх аюултай.
    -Аль нэг нам фракц дагаж, эсвэл хэн нэгний цүнх барьж гүйдэг цаг ирээ юу даа…
    -Өнөөдөр нам гэдэг ойлголтыг нэлээд шүүмжлэлтэй харах шаардлагатай болжээ. Улс төрийн намууд гурван үндсэн доголтой болчихож. Нэгдүгээрт, улс нийгмээ авч явах философи үзлийн түвшинд үнэн сульдаатай байна. Ардчилсан нам гэхэд либерал гэж ярихаас цаашгүй болсон. Консерватив үзэл гэж чухам юу юм бэ. Консерватив үзлийн жинхэнэ утга бол ирээдүйгээ өнгөрсөнтэй, өнгөрснөө одоотой холбож чадах тухай асуудал. Үүн дээр алдаж байна. МАН гэхэд социализмынхаа үзлийг жаахан хувиргаад түүнийгээ мөрөөдсөн улс. Намын нэрээр төрд орж ирсэн хүмүүс хувийн шуналаа хашиж дийлэхгүй төрөөр дамжуулан идэж байна. Хоёр дахь нь, улс төрийн намууд хөрөнгөлөг хүмүүс, цөөн тооны компанийн халаасанд орчихсон. Улс төрийн намууд тодорхой компани, мөнгөтэй хүмүүсээр тэтгүүлж байгаад сонгуулиар тэднийхээ шантаажинд ороод тухайн компаниар овоглогдсон хүмүүс нэр дэвшээд гараад ирдэг. УИХ-ын гишүүдийг Монголын ард түмний сонгосон хүмүүс гэдэг нэг нүдээр харвал хүндэтгэх хэрэгтэй болдог. Нөгөө нүдээр харвал хулгайч, луйварчин, шунал нь цухалзсан хүмүүс. Гурав дахь нь, цөөн хэдэн хүн намын толгойг барьчихаад жирийн иргэд, гишүүд дэмжигчдийн санаа бодол намын мөрийн хөтөлбөрт огт орохоо байсан. Үүний гайг бид амсч байна. Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс төрийн намуудаар тоглууллаа. Адаг сүүлд нь улс орныхоо эдийн засгийг тамирдуулчихсан хараад сууцгааж байна. Ингээд харахаар намууд гэдэг дээр маш болгоомжтой хандах учиртай.
    -Намын эрх ашгаас болж улс хэцүү байдалд орлоо гэж судлаачид хэлж байна?
    -Ер нь бол нам сонгуульд оролцож, нам бүхнийг шийддэг байх нь явцгүй боллоо. Энэ бол ганцхан Монголын зовлон биш дэлхийн зовлон. Францад гэхэд олон нийтийн байгууллагууд нь сонгуульд оролцдог. Монголд гэхэд Ардчилсан холбоо, Монголын залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо, МҮЭ-ийн төлөөлөл сонгуульд оролцож байж бүх нийтийн төлөөлөл бүрдэх юм. Израйлд гэхэд Өндөр настны холбоо гурван суудалтай. Улс төрийн тэргүүн эгнээнд намууд байдаг боловч ард нь олон нийтийн маш олон байгууллага байдаг. Намуудын бүрэн эрхийг хязгаарлах бодлого явуулах ёстой. Залуучуудын замыг нээх, гаргаж ирэх тал дээр хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах ёстой.
    -Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу, намуудын эрхийг хязгаарлах, шинэ үе орж ирэх боломж хуулийн төсөлд тусгагдсан болов уу?
    -Хуулийн төслийг харсан. Одоогийн УИХ-д улстөрийн намын нэрээр орж ирээд зангирчихсан, булагначихсан бүлэг хүмүүсийн нэгдэл байгаа цагт хэзээ ч нийгэмд хэрэгтэй хууль гаргахгүй. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн бариад хэлэлцүүлж болж байна. Түүнээс биш одоо байгаа УИХ-ын нөхдүүдээс хэзээ ч олигтой юм гарахгүй. Нөгөө С.Баярцогт, Н.Номтойбаяр гэсэн нөхдүүд л энэ хуулин дээр сууж байна шүү дээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахаас долоо хоногийн өмнө МАХН буюу одоогийн МАН нарийн бичгийн дарга нар бүгдээрээ цагаан цамцтай 1.5 сая төгрөгийн батламж барьчихсан даллаад зогсож байлаа. АН нэг сая төгрөг өгнө гээд амлачихсан байсан. 2012 оны сонгуулиар АН, МАН хоёрын сонгуулийн амлалтад анализ хийгээд үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум ам.доллар, АН-ынхад 20-30 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Аль аль нь хэрэгжих боломжгүй. Энэ бүхнээс харахад улс төрийн намууд ямар ч судалгаа анализ хийлгүйгээр хоосон амлалт яриад сонгуульд орж байна. Үүнийг л хуулиар хориглох хэрэгтэй. Улс төрийн намууд улирал бүр Монголынхоо нийгэм эдийн засгийн үзүүлэлтэд бодит анализ хийгээд олон түмэндээ мэдээлэл хийдэг маш том судалгааны байгууллага байх ёстой юм. Хууль эрх зүйн хүрээнд ийм байдал руу шахаж өгөхгүй бол бизнесийн хэдэн нөхдүүдийн аманд ороод худлаа ярьж, худлаа амласан газар болох гээд байна. Ардчилсан нам төр бариад хоёр жил болж байна. Мөрийн хөтөлбөрийнх нь биелэлт хэдэн хувьтай байгаа билээ. Хэн үүнийг тооцож байна. Хэдэн наймаачдыг сайд нараар тавьчихсан. Нөгөө хэд нь улс орныхоо эдийн засгийг сайжруулах нь бүү хэл эвдээд хаячихсан. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дахиж өрсөлдөх эрхийг нь хасдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн намууд мөнгөтэй, шуналтай хүмүүсийн төрийг худалдаж авах хэрэгсэл болчихоод байна.
    -Таныг Ерөнхий сайд байх үеийн улстөрчид болон өнөөгийн улс төрчдийн хооронд ямар ялгаа гарсан бол?
    -Манай Засгийн газар шилжилтийн хүнд хэцүү үед 16 хүнтэй ажилласан. Дундаж нас нь 42 байсан. Би өөрөө 48 настай байсан. Хамгийн ахмад нь Батлан хамгаалахын сайд Жадамбаа 51 настай. Хамгийн залуу нь Дорлигоо маань 32 настай, Да.Ганболд 34-тэй байлаа. Тэр үед нийгмээ өөрчлөх залуусын хүсэл зориг маш их байсан. Залуучуудыг багтаа оруулаад хамтарч ажиллаж байсандаа харамсдаггүй. Миний хоёр шадар сайд одоо ч төрдөө зүтгээд сайхан ажиллаж л явна. Манай Засгийн газрын 16 гишүүний ес нь эрдмийн зэрэг цолтой байсан. Тийм учраас ямар ч асуудлыг ярихад мэргэжлийн өндөр түвшинд ойлгож, түүнийгээ шийдэж чаддаг байсан.
    -Хувь хүн талаасаа манай улстөрчид хэр боловсорсон бол?
    -Хувь хүний чанар, хүмүүжил суурь боловсрол их чухал. Манай Засгийн газрын гишүүдэд шунал гэж ойлголт байгаагүй. Элдэв хэл аманд ганц нэгэн нөхөд орж байсан. Тэдний хувьд социализмынхаа үеийн хуучинсаг сэтгэлгээгээр зарим зүйлд хандаж хэл аманд орж байснаас биш одоогийнх шиг захиалгын хууль боловсруулдаг кабинет байгаагүй. Одоо гарч байгаа хуулиудыг харахад гадны хөрөнгө оруулагчид болон өөрсдийн эрхэлдэг бизнестээ тохируулсан хууль гаргаж байгаа нь илт харагдаж байдаг. Манайх Айвэнхоуд тохируулж хичнээн ч хуулиа өөрчлөв дөө. Үнэхээр эмгэнэлтэй.
    -Өнөөдрийн улс төрд залуус гарч ирэх механизм байна уу?
    -Сонгуульд өрсөлдөж байгаа хүний сурталчилгааны үгэнд итгэнэ гэвэл дэндүү гэнэн хэрэг болно.
    Би хааяа гадуур залуучуудтай уулзаж лекц уншдаг. Тэгээд залуустайгаа ярилцахад өнөө цагийн залуус мундаг, боловсролтой, улс орноо бодсон эрүүл сэтгэлгээтэй төлөвшиж байгаа нь харагддаг. Олон мянган залуус эерэг эрүүл сэтгэлгээтэй төлөвшиж байгааг хараад залуучуудаараа бахархдаг. Энэ мундаг залуусаа өөд нь гаргах механизм манайд байхгүй. Гэтэл энэ улс төрийн намууд ийм залуусыг нухчин дарж байна. Миний бодоход Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад нам бүхнийг шийддэг гэдгийг болиулах хэрэгтэй.
    -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар эрхийг хязгаарлана гэхээр АН, МАН хоёр лав хөдлөхгүй болов уу?
    -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэхээр хамгийн том саад болж байгаа зүйл бол Их хурал өөрөө. Өөрсдийнх нь эрх ашиг боомилогдох учир улс төрийн намууд, УИХ-ын гишүүд амиа хорлоё гэж бодохгүй шүү дээ. УИХ бизнесийн сонирхолд захирагдсан, шуналтай хүмүүсийн товчоо болчихсон. Энэ хавар Монголынхоо газар нутгийг 60-100 жилээр гадаадын нөхдүүдэд дуудлагаар худалдана гээд хээвнэг зогсож байна шүү дээ. Газар нутгаа гадныханд худалдана гэдэг төрийн түшээдтэй байна гэдэг Монголын эмгэнэл. Ерөнхий сайд Бадамдорж гэж нөхөр 1919 онд Сү Шү Жаныг хүрээнд ороод ирэхэд орой болгон уулзаж, архи ууж хундага тулгадаг нөхөр байсан гэдэг. Түүнээс хойш Монголынхоо хувь заяанд цэвдэг ханддаг төрийн түшээ, Засгийн газар байсангүй. Тэгсэн энэ удаагийн Засгийн газар гадныханд эх нутгаа дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл санаачлаад барьчихсан явж байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гэдэг нөхөр тэр хуулийг нь дэмжээд УИХ дээр ярьж байна шүү дээ. Энэ нөхөр чинь Хэнтий аймгийн Биндэр сумынх. Бид хоёр нэг нутаг усных юм. Үгүй нээрээ хэлэх ч үг алга. Одоо сэрэх цаг болжээ. Энэ чинь юу болоод байна вэ.
    -Засгийн газарт та нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. АН-ын Засгийн газар мухардмал байдлаасаа хэрхэн гарах вэ. Гарцыг та хэрхэн харж байна вэ?
    -МАН-ын хувьд энэ Засгийн газрын хувь заяагаар тоглоод Ардчилсан намыг шатрын ойлголтоор цогц зангад оруулчихлаа. Энэ нь ганцхан нүүдэл хийнэ, тэр нь амиа хорлох. МАН-ын хувьд Засгийн газрыг огцруулах санал оруулсан. Тэр нь огцруулах гэж байгаа юм биш шүү дээ. Зөвхөн зургаа, зургаан сараар амийг нь уртасгаад сонгууль хүргэж байгаад нэг мөсөн тонгорох гэж байгаа юм. Танхимынх нь нэг сайд нь нэг охины хар тамхины асуудлаас болоод өөрийн харьяаны цагдаа, мөрдөн, АТГ, тагнуул гээд хамаг байгууллагынхаа нэр хүндийг бараад, сайдынхаа хөлд бүгд чирэгдлээ шүү дээ. Ийм байдал гаргасан салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч хоног тэвчээд сууж болохгүй. Сайн дураараа саналаараа огцрох хэрэгтэй. Харин үүний дараа АН дараагийн Засгийн газраа байгуулаад зөв бодлого явуулбал ирэх сонгуульд найдвар бий.
    -Улстөрд залуусыг бодлогоор гаргах нь зөв үү?
    -Монгол төрийнхөө залуу удирдагчдыг бэлтгэх чухал шаардлага байна. Улстөрд гэлтгүй нийгмийн бүх давхаргад шинэ үеийн хэрэгцээ шаардлага ус, агаар шиг хэрэгтэй байна. Энэ цаг мөчид шинэ залуусыг бодлогоор гаргаж ирнэ гэдэг бол туйлын зөв. Энэ бол өөрөө шинэ зүйл, шинэ санаачилга. Маш том зүйлийн эхлэл юм. Үр дүнд битгий яараарай. Үр дүн магадгүй 10-15 жилийн гарна. Нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйлийн шинэ эхлэлийг тавина гэдэг, шинэ жишиг тогтооно гэдэг өөрөө маш чухал юм. Түүнд яарч болохгүй. Залуучуудаа ганц удаагийн үндэсний төслөөр илрүүлээд орхих биш тэдний цаашдын боловсрол, төрийн албанд шат шатанд нь ахиулж бэлтгэх механизмыг давхар авч явах хэрэгтэй.

  • Сүн улсыг сөгтгөн мөхөөгч билэгт жанжин Баян

    Баян жанжны цэрэг Линьань хотыг эзлэхийн тулд юуны өмнө зам зуур байсан Инчжоуг эзлэх шаардлагатай байлаа. Монголын цэрэг Ханыпуй гол дагаж, Инчжоу хотыг дайран ороход, туунийг хамгаалж байсан жанжин Чжан Шицзе цэрэг иргэдийн хамт шируунээр эсэргүүцэн тэмцсэн тул монголын цэрэг арга буюу энэ хотыг эзлэх явдлыг түр хойшлуулан, түүнийг тойрон гарч бас нэг чухал боомт хот болох Шаян цайзыг эзлэхээр шийдэв. Ийнхүү аялан явсаар 1274 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Баян жанжны удирдсан монголын гол замын цэрэг Шаян цайзад ойртон очив. Баян жанжин уул цайзыг хамгаалж байсан Ван Хучэнь, Ван Даюян нарт бууж өгөхийг шаардсан боловч тэд эрс татгалзаж, дотооддоо хатуу цааз гарган, дайсанд бууж өгөх гэж оролдсон хүн бүхнийг цаазаар авна хэмээн зарлаж, буулгахаар хүрэлцэн очсон монголын элчийг ч алжээ. Хүчтэй салхи шуургатай байсан өдрийг ашиглан, монголын цэрэг Шаян цайзыг захаас нь түймэр тавин, нилэнхүйд нь шатаац эзэлж, Шаян цайзын хамгаалагчдыг хүйс тэмтрэн устгаж элчийнхээ өшөөг авчээ. Энэ мэтчилэнгээр Баян жанжны удирдсан монгол цэрэг Хөх мөрний хойд эрэг дээр байсан өмнөд Сүн улсын цайз хотуудыг эзэлсээр, 1275 оны нэгдүгээр сард Хөх мөрний өмнөд эрэг дээр орших Уцзи буюу Янлобу хэмээх газарт нийлэн бөөгнөрчээ.

    Энд болсон цэргийн зөвлөлгөөн дээр цаашид хэрхэн байлдах арга тактикийн талаар зөвлөн хэлэлцсэн боловч нэгдмэл санал гаргаж чадсангүй. Энэ үед зарим жанжин Хөх мөрнийг уруудан, өмнөд Сүн улсын нийслэл Линьань хүрэх санал тавив. Гэтэл Юань улсын нэгэн замын цэргийг удирдаж байсан Ажу жанжин Линьань хотыг эзлэх болон дайн байлдааныг цаашид амжилтгай явуулахын тулд юуны өмнө, Ханьяан, Эчжоу зэрэг өмнөд Сүн улсын чухал боомт хотуудыг эзлэн авч ар талаа бэхлэх нь чухал гэж үзэв. Баян жанжин энэ саналыг дэмжсэнээр монголын жанждын энэ бодлого бодсоноос хялбар шийдвэрлэгдэж, дээр дурьдсан хоёр хотыг бараг байлдалгүй эзлэн авчээ.
    Баян Эчжоу хотыг амжилтай эзлэн авсны дараагаар 40 мянган цэргайг Арикай жанжинаар удирдуулан үлдээгээд, өөрөө Ажу жанжны хамтаар усан ба хуурай замаар дамжин, Линьанийг дайран эзлэхээр явжээ. Баян жанжны цэрэг 1275 оны эхний гурван сард Хөх мөрний дагуу Хубэй, Аньхой зэрэг мужуудаар амжилттай давшсанаар, өмнөд Сүн улсын цэрэг монголын цэрэгт бүрэн бут ниргүүлж, их цэргийн сүр хүчинд автсан Сүн улсын Цичжоу, Аньцин зэрэг удаан хугацаагаар бүслэлтийг давахаар тооцон хүчтэй бэхэлсэн цайз хотууд ямар ч эсэргүүцэлгүй бууж өгчээ. Энэ үед өмнөд Сүн улсын тэргүүн сайд Цзя Сыдао Баян жанжинтай гэрээ хэлэлцээр байгуулж, жил бүр алба гувчуур төлж байх болзолтойгоор хүчээ сэлбэн, цаг хожиж, улмаар алдсан газар нутгаа эргүүлж авах, дипломат нарийн бодлого явуулах гэсэн боловч бүтсэнгүй. Баян нэгэнт найрамдахыг хүсэхгүй гэж эрсхэн хариу өгсөн учраас Цзя Сыдао арга буюу цэргайн жанжин Сунь Хучэнээр толгойлуулсан хуурай замын 70 мянган цэргийг Динцзячжоу хэмээх газарт, усан цэргайн жанжин Ся Гуйгийн 2500 байлдааны хөлөг онгоцыг Хөх мөрөнд тус тус байрлуулан, өөрөө Луган боомтод цэрэг ангийн хамт хориглон байрлаж, Баян жанжны удирдсан монголын цэрэгтэй байлдахаар шийджээ. Гэвч өмнөд Сүн улсын цэрэг энэ тулалдаанаар усан ба хуурай замын байлдаанд сүйртлээ бут ниргүүлж Цзя Сыдао өөрөө Луган боомтыг орхин, Янчжоу хотруу амь зулбан зугтжээ. Баян жанжин энэ үед Сүнгийн их цэргийг гэзэг дараалан цохиж, бэхэлсэн хотуудыг явуут дараалан эзэлж, өмнөд Сүн гүрний хааны өргөө оршин буй тэр үедээ нэг сая зургаан зуун мянган өрх айл бүхий тэр үеийн дэлхийн хамгийн томоохон үзэсгэлэн төгөлдөр Ханьжоу хот руу шуудран давшив.
    Ханьжоу бол Венецийн нэгэн адил 12 мянган том, жижиг чулуун гүүр дээгүүр нь дамналдсан усан суваг, шуудуу гарын судас мэт хэрэлдэн сүлжиж, сувгийн хоёр талаар хөсөг тэргүүд чөлөөтэй зөрөлдөн зорчих гудамжууд сүлжилдэж, гүүрний доогуур нь тэр үедээ хамгийн өндөр шургаагтайд тооцогдох томоохон хөлөг онгоцууд хөвж өнгөрөх бололцоотой үзэмж төгс сайхан хот байжээ. Усны гайхалтай сайн суваг сүлжээний ачаар борооны улиралд нөхөн тэгшилсэн гудамж талбай нь цэвэршиж, хурдан хатдаг байжээ. Зугаа цэнгээн, найр наадмын тухайн үедээ магад ч үгүй дэлхий ертөнцийн хамгийн баян хамгийн том боомт зах зээлийн энэ хотыг эзлэхээр Баян жанжин монголын их цэргийг толгойлон морджээ.
    Энэ үед өмнөд Сүн улсын албан ёсны эзэн хаанаар өргөмжлөгдсөн долоон настай хүүгийнхээ өмнөөс төр барьж асан хатан эх нь найрамдахыг гуйжээ. Баян жанжин хэлэлцээ хийх саналыг эрс няцааж, харинүгдуугүй буулгажавахыгголзорилгоо болгов. “Балчирхөвүүний эсрэг цэрэг хөдөлгөж, гар мухардсан ядарсан хүнтэй байлдах гэж үү” хэмээн Сүн улсаас ирсэн хятад элч нар монголчуудын сэтгэл санааг уяраахыг хичээсэн ч “Сүн гүрнийг эмхлэн байгуулагч чинь эзэнт улсаа бас л нэг томоогүй жаал хүүгээс булааж авсныг эрхэм сайд мэдэхгүй гэж үү” гэх Баян жанжны үг элчийг мохоожээ. Ийнхүү арга мухардсан өмнөд Сүн улсын Хатан эх бууж өгөхөө илэрхийлж, эзэнт гүрний тамгыг илгээж, Ханьжоу хотын гол хаалгыг нээсэнд, Баян жанжин цэрэгтэйгээ ямарваа нэгэн эсэргүүцэлгүйгээр сүр жавхлантайяа цутган оров.
    Монголчууд хотод нэвтрээд дээрэм тонуул хийсэнгүй, харин цэргийг ахалж яваа захирагч дарга нар нь Баян жанжны урьдаас гаргасан тушаал зааврын дагуу өмнөд Сүн улсын засаг захиргааны билэг тэмдэг болсон албаны бүх тамгыг хурааж, бас урлагийн бүтээл, ном судар, газар зүйн зураг сэлтийг цуглуулан, хааны их эрдэнэсийн сангийн хамтаар Хубилайн ордонд хүргүүлэх болов. Нэгэн цагт Чингис хаан Хорезм шахын эх бардам хэрцгий зантай Туркэн хатныг гинжилж орд руугаа явуулж байсан бол өмнөд Сүн улсын хатан эхийг чингэсэнгүй ямбанд нь хэвээр байлгав. Хатан эх монгол жанжинтай уулзахыг хүссэн ч Баян хааны эхтэй ямар ёслолоор уулзахыг мэдэхгүй байна хэмээн шалтаг заагаад, ордонд очсонгүй. Хуучин хааны зэрэг зиндааг ч Хубилай хааны ордноос шинээр тогтоож өгөх ёстой байв. Инээд Сүн улсын балчир хаан асанд гуравдугаар зэргийн хунтайжийн зэрэг дэв тогтоож өгчээ.
    Аятан улсын хаадыг Сүн гүрнийхэн зэрлэгүүд хэмээн үзэн яздаг байсан бол одоо алс хол умар зүг байх мoнгол угсааны шинэ хааныг өөрөөр үзэх ёстой болов. Өөрийг нь хүүтэй нь хамт Хубилайд хүндэтгэн хүргэх бараа бологсод томилогдсон гэдгийг хатан эхэд айлтгасанд тэрбээр хүүдээ хандан: “Тэнгэрийн хөвүүн таны амийг өршөөн соёрхжээ. Түүний уужим сэтгэлд талархах нь зүй” хэмээгээд хоёулаа умар зүг хандаж, есөн удаа мөргөн сөгдсөн байна. Баян жанжин ийнхүү дайн байлдааны ажиллагааг гарамгай удирдан, өмнөд Сүн улсын нийслэлийг эзлэн авч, эзэн хааныг нь олзолсон ч дөчин жилиин даин үүгээр дууссангүй. Хятадын өмнөд нутагт эсэргүүцэл үзүүлсээр байлаа. Баян жанжны давшилтаар Фо Циэн мужид зугтан очиж хоргодсон өмнөд Сүн улсын сайд, түшмэдүүд балчир эзэн хааны ахыг хааны затгамжлагчаар зарласан учир монголчууд хот, муж бүрийг дараалан байлдан эзлэх шаардлага гарсан бөгөөд ингэснээр эзэнт гүрний өргөн удам нутагг их цэрэг ихэд тархаж, сарних осолтой болов. Цэрэг эрс хүрэлцэхгүй байсан тул Баян жанжны саналаар Хубилай гяндангаас хоридлуудыг суллаж, агт морь зэр зэвсэг, хоол хүнсээр хангаж их цэргийн хойно илгээсэн байна. Энэхүү шоронгоос суллаж илгээсэн 20 мянган цэргээс хожим нь олон гарамгай жанжин тодорсон байна.
    Удалгүй Баян жанжины биечлэн удирдсан монголын усч болон морьт цэргийн түрэлтийн дүнд өмнөд Сүн улсын эх газарт буй сүүлчийн цайз болох Кантон эзлэгдэв. Ингээд усан замын цэргээс өөр юм үлдсэнгүй. Тэгэхээр Сүнгийн сайд түшмэдүүд эзэн хаанаа их цэргийн үлдэгдэлтэй нь хамт усан онгоцонд ачиж, далайн эргээс холгүй орших арлуудад тэмцэн очиж бэхлэн суув. Монголын усан замын цэрэг арлуудад ойртон ирэхэд, Кантоны булангаас хааны цэргийн хөлөг онгоцууд угтан байлдав. Далай дээрх энэхүү их тулалдаан өдөржин үргэлжилсээр, үдэш нь буусан манангаар халхавчилж, эзэн хааны усан цэргийн 16 онгоц их далайд гарч авралыг олоод, үлдсэн найман зуу гаруй онгоц нь монголчуудын гарт оров. Эзэн хааны далбаа бүхий толгой онгоц хэт хүнд учир хойноос нэхэгсэдээс тасарч чадахгүй байсан тул онгоцны ахмад хааны хатан болон хүүхдүүдийг амьдаар монголчуудын гарт оруулахгүйн тулд далайд хаяуулаад, адаг сүүлд нь өөрөө “Сүн гүрний эзэн хаан олзлогдохоос үхэхийг илүүд үзнэ” хэмээн хашхираад, хаан хүүг тэвэрсээр хүрхрэн оволзох их далай руу үсэрчээ.
    Ийнхүү Сүн улсад явуулсан аян дайнд монголын их цэргийг ерөнхийлөн захирсан жанжны нэр алдар Чингис хааны шилдэг жанждын жагсаалтанд орж эгнэгт бичигдсэн бөлгөө. Мөн энэ үед Юань гүрэн мэргэжлийн галт бууны ангитай болсон нь 5 жил эзэлж чадаагүй Сяньян, Фаньчен хотуудыг 50 хүрэхгүй хоногт, 40 жил сунжран үргэлжилсэн Монгол Сүнгийн дайныг 4 жилд багтаан дуусгахад үлэмж нөлөө үзүүлсэн байна. Сүн гүрэн 300 гаруй жил оршин тоггсоны эцэст мөхөж, түүхэнд анх уд аа Д унд ад эзэнт гүрэн харийн буюу монголчууд ын ноёрхолд бүхлээрээ орж, дахин хагарч бутарсангүй. Монголын эзэн гүрний буй болгосон тэрхүү эв нэгдлийг ямар ч байлдан дагуулал ямар ч хувьсгал бусниулж чадсангүй болой.

    Шийрэвдоржийн Насанбат

  • Д.Бум-Очир: Нийгмийг гэрэлтүүлэх оюунлаг давхаргыг бий болгоё

     

    Тэр бахархал нь харин зөв байх ёстой. Өөрдсийгөө агуу гээд, бусдыг хэн ч биш, юу ч биш гэж үзээд байвал тэр нь хэт националист үзэл рүү явна шүү дээ. Гэтэл Монголд ийм үзэгдлүүд бий болсон. Би Монголын ард түмнийг агуу биш гэж хэзээ ч хэлэхгүй. Гэхдээ бид өөрсдийгөө өндөрт тавьж бусдыг, тухайлбал Хятадыг нэг хэсэг хужаа нар гэж ярьж, бичдэг байсан нь бүдүүлэг явдал. Түүнээс гадна өөрсдийн авьяас чадварыг зөв харж, үнэлж чаддаг байх хэрэгтэй. Би бөө судалдаг учраас үүнийг хэлж байгаа юм, ялангуяа бөө нарын дотор дээд тэнгэрээс заяат төрсөн дэлхийн хамгийн топ хүн гэх ойлголт байна. Хүн төрөлхтөнийг зэрэг зиндаагаар нь ингэж ангилахыг хаана, хэн бидэнд сургасан юм бэ. Бид мөнх тэнгэрээ шүтэж, бахархах юмаараа бахархаж болно. Харин бусдыг ялгаварлан гадуур¬хаж туйлширч болохгүй.

    -Ингэхэд та яагаад өөрийн анхны мэргэжлээс хүн судлал руу “урвасан” юм бэ. Кембрижийн их сургууль хүртэл өөрийгөө боловсруулж антропологи руу тэгтлээ тэмүүлсэн шалтгаан юу байв?

    -Миний анхны эзэмшсэн мэргэжил монгол хэл-уран зохиолын багш. Тэр үед бараг моодонд ороод байсан түгээмэл мэргэжил тэр. Аав, ээж хоёр минь хоёулаа монгол хэл –уран зохиолын багшийн мэргэжилтэй. Надад ч түүнээс илүү хийж чадах юм байгаагүй. Харин давуу тал нь тухайн үед бидэнд англи хэлний мэдлэгийг нэлээн сайн олгож байсан юм. Тэр үед монгол-англи хэлний хосолмол сургалтын тогтолцоотой байлаа. Тиймээс миний хувьд англи хэлийг бусдаасаа арай түлхүү үзсэн байх. Гэхдээ би монгол хэл-уран зохиолын багшаас илүү зан үйл, аман зохиолыг ихээхэн сонирхож байсан юм. Аман зохиолоо судалж явтал жаахан англи хэлтэй байсны хэрэг гарсан гэх үү дээ.

    Учир нь Монголын аман зохиол, ардын билэг зүй, зан үйлийг судалсан зохиолууд англи хэл дээр нэлээдгүй байсан. Тэр нь их төлөв барууны бүтээлүүд. Тэдгээрийг ямар хүмүүс бичиж вэ гээд үзтэл манайх шиг палеологи буюу хэл бичгийн ухааныхан биш, дандаа антропологчид байсан. Тэр үед антропологи-хүн судлал гэдгийг тэр бүр мэддэггүй, судалдаг ч үгүй байлаа. Тэгээд би бага сага юм уншиж эхэлсэн. Тэндээс соёл гэдэг зүйл, нийгэм болоод хүн гэдэг “амьтан”-ыг танин мэдэхэд ялангуяа хүнийг нийгэм-соёлын “амьтан” болох талаас танин мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн маш сонирхолтой өнцгөөс хардаг шинжлэх ухаан болохыг ойлгосон.

    -Гэхдээ олонх нь хүнийг байгалийн амьтан гэж үздэг, одоо хүртэл тэгж хардаг, ойлгодог шүү дээ?

    -Хүн тодорхой хэмжээгээр байгалийн амьтан боловч, мөн тодорхой хэмжээгээр нийгмийн амьтан. Ялангуяа хүний дийлэнх хувь нь нийгмийн амьтан юм. Генетикийн, биологийн хэв шинж бай¬лаа ч түүнийг нь нийгэмшүүлж өгөх¬гүй бол хөгждөггүй ерөнхийдөө нийгэмшил гэдэг генетикийн хэв шинжийг хүртэл даван хөгждөг зүйл юм. Жишээ нь, би төрсөн эцэгтэйгээ хамт өсөөгүй байлаа гэж үзэхэд мэдээж цусанд нь генетикийн болоод биологийн хэв шинжүүд нь байгаа шүү дээ. Гэтэл хамт өсөөгүй бол өөрийн эцэг гэсэн ухамсар, сэдэл суухгүй. Тийм ухамсар нь нийгмийн бүтээл, хамт өсч байж хүний оюун тархинд суудаг зүйл. Хамт өсөөгүй хүн 20, 30 нас хүрээд төрсөн эцэгтэйгээ таарлаа гэхэд “Сайн байна уу, та” гээд уйлвал уйлаад тэврэлдвэл тэврэлдээд цаашаа нэг их сүйдтэй юм болохгүй. Яагаад тэр харилцаа цаашаа хөгжихгүй байна гэвэл генетикийн холбоогүйдээ биш, тэр холбоог нь нийгэмшүүлж, нийгмийн харилцаа болгож хөгжүүлээгүйд байгаа юм. Тэгэхээр хүн нийгмийн амьтан.

    -Танай салбарт хамгийн сүүлд гарсан, монгол хүнтэй холбоотой сонирхолтой судалгаа юу вэ?

    -Монголыг судалсан, олон нийтэд хүрсэн сонирхолтой бүтээл гэвэл 2009, 2010 оны бүтээлүүд одоо эрчимтэй уншигдаж байна. Монголын түүхийн салбарт нэлээд өөр өнгө аясыг авчирсан антропологич гэвэл Кембрижийн их сургуулийн доктор хүн байгаа, “Тэргүүн үгүй төр” гэдэг ном бичсэн. Монголын түүхийн туршид улс төрийн ямар тогтолцоо байсныг тайлбарласан. Барууны маш олон эрдэмтэн монголчуудын байгуулж байсан төр бол төр биш гэж үзэж ирсэн. Тэгвэл “Тэргүүн үгүй төр”-д Монголын түүхэнд байсан төр нь ямар маягийн тогтолцоотой байсан бэ гэдгийг авч үзэж, нэгэн төрлийн төрийн хэлбэр юм, тэр нь “Тэргүүн үгүй төр” гэж тайлбарласан. Урдын Булаг гэж эрдэмтэн бий. Кембрижийн их сургуульд доктор хамгаалж, Америкт багшилж байгаад одоо Кембрижийн их сургуульд багшилж байгаа. Түүний “Хамтын национализм” гэж бүтээл судлаачдын төдийгүй хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байна.

    Тэр бүтээлд өнөөгийн Хятадын улс төрийн байдлыг түүхчилсэн байдлаар тайлбарласан. Яагаад өнөөдөр Хятадад бослого тэмцэл гараад байгаа юм бэ, төвдүүд, уйгар шинжааныхан болон өвөрмонголчууд босох болсныг юу гэж тайлбарлав гэхээр 1949 оны үед Хятадын коммунист нам байгуудагдаж Шинэ Хятад улсыг байгуулахад Мао тэргүүтэй Хятадын коммунистууд сайн хятад, муу хятад гэсэн логик гаргаж ирсэн. Муу хятад нь гоминданууд, сайн хятад нь коммунистууд байсан. Тэгээд гоминданыг ялахын тулд тэдний эсрэг босох бүх хүнийг өөртөө нийлүүлсэн .Тэр нь нөгөө олон үндэстэн угсаатнууд нь байсан. Марксист үзлээр бол ийнхүү бүх дарлагдагч анги сайн хятадтайгаа нийлээд гоминданыг хөөж гаргасан. Тэгээд хамтын улсыг байгуулсан нь “Хамтын национализм” юм. Ингэхдээ бүх улсдаа автономит эрхийг нь өгнө гэж ярьсан. Гэтэл амласнаа өгөөгүй тухай Булаг гуай номдоо бичсэн байна лээ.

    -Нэгэнт шинжлэх ухааны тухай ярьж байгаагийнх энэ салбарын хөгжлийн тухай таны бодлыг сонсъё?

    -Энд олон юмыг ярих хэрэгтэй болно. Нэгдүгээрт, шинжлэх ухаанаа ярих юм бол миний түрүүнд ярьсан, заримыг нь нэрлэсэн тэдгээр бүтээлүүд бүгд англи хэл дээр байгаа. Монголчуудаа англи хэл мэддэг, мэддэггүй гэж ялгах эрх надад байхгүй. Гэхдээ шинжлэх ухаанд итгэж байгаа бол тухайн шинжлэх ухааны хэлийг нь эзэмшсэн байх хэрэгтэй. Б.Ринчен гуай, Ц.Дамдинсүрэн гуайгаас эхлээд ингэж ярьдаг байсан шүү дээ. Судлаач хүн сурвалжийн гурван хэлтэй, судалгааны гурван хэлтэй байя гэж. Сурвалжийн гурван хэл гэдэгт эртний сурвалжуудыг уншдаг хятад , эсвэл перс, араб, манж хэл орно. Судалгааны хэл гэдэгт орос, герман, франц, англи хэл орж байгаа юм. Өнөөдөр XXI зуунд англи хэл түлхүү хэрэглэгдэж байна. Тэгвэл бид англи хэлийг бүрэн сурч чадаагүй. Яагаад ийм байна гэвэл шинжлэх ухааны гол хэл нь орос хэл байгаад тэр нь тодорхой хэмжээгээр солигдож англи хэл болж хувирангуут завсрын шилжилтийн үе гарч ирсэн. 1990-ээд оны энэ шилжилтийг бид хурдан хийж чадаагүй. Гэтэл шинжлэх ухаан биднийг хүлээхгүй шүү дээ.

    -Тэгвэл шинжлэх ухаан, дээд боловсролын салбар дахь хоцрогдол нийгэмд ямар хохирол авчрав?

    -Хоцрогдол байна гэж хэлэх нэг хэрэг. Шинжлэх ухааны салбарууд болж байна, болохгүй байна гэж ярих өөр асуудал. Үүнийг шинжлэх ухааны салбарт тухайн үед ажиллаж байсан хууччуулаа мууг нь гайхах нэг шалтгаан юм шиг хүмүүс ойлгоод байдаг. Би бол тэгж боддоггүй. Бид өөрсдөө шилжилтээ хийж чадаагүй улсууд шүү дээ. Зөвхөн дээд боловсрол гэлтгүй дунд боловсрол хоцрогдож ирсэн нь нийгэмд ямар гажуудал авчрав гэвэл үүнд төр, засгийн бодлого оролцооны тухай ярих хэрэг гарна. Энэ нь Монгол Улсын үе үеийн тэргүүнүүдийн бодож, тархиа гашилгаж байсан л асуудлууд байгаа. Хамгийн гол нь бид бусад салбараа хөгжүүлэх гээд нийгмийн шинжлэх ухааны салбараа хаячихсанд учир бий. Иймээс ард түмний олон нийтийн боловсрол, шинжлэх ухаан, соёлоо хардаг байдалд өөрчлөлт орж эхэлж байгаа юм.

    -Улс орны хөгжил, улс төрийн байдал гээд бүх асуудал мэдлэг боловсролоос шалтгаалж байна гэж та хэлж байна уу?

    -Би Монголын уламжлалт соёлыг судалдаг хүн. Энэ соёлд “Эрхэм баян эрдэм мэдлэг “ гэсэн байдаг юм. Монголын өвөг дээдэс хэчнээн мянган жилийн өмнө Монголын соёлд ач холбогдол өгч үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ хэлж захиж ирсэн. Өнөөдөр энэ зарчим алдагдсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бид өнөөдөр үндэсний хэмжээний сэхээтний давхарга, бүлэглэл байхгүй биш байгаа ч тэд нь дэмжлэггүй, өөрөөр хэлбэл нийгмийн нэг бүлгийг илэрхийлж чадахгүй хэмжээнд хүрчихсэнд байгаа юм. Дэлхийн бүх хувьсгалчид хэлсэн байдаг юм, нийгмийн манлайллыг авч явах хэсэг нь сэхээнтний давхарга гэж.

    Тэр нь нийгмийн тодорхой / магадгүй олон биш / хувийг эзэлдэг. Өнөөдөр Монголыг авч явж байгаа гэх юм уу, эсвэл Монголын ард түмнийг чирж явдаг, гэгээрүүлдэг, оюунлаг болгодог хэсгийнхэн, тийм бүлэг байгаа юу. Тухайлбал, оюунлаг давхарга байна уу. Энэ асуултыг уншигчдаас ч Монголын төр, засгаас ч асуумаар байна. Огт байхгүй гэж болохгүй байх. Цөөн ч гэсэн тийм хүмүүс, боловсролтой хэсэг бий. Харин нийгмийн бүлэг болж чадаж байгаа гэж хэлж чадахгүй. Тэр хүмүүсээ бид бодлогоор дэмжиж авч явах ёстой.

    -Тэгж чадахгүйгээс болоод гажуудал үүсч байна, тийм ээ. Тухайлбал, судлаач биш улс төрчид бүхнийг тодорхойлж байна шүү дээ, манайд?

    -Өнөөдөр хэн улсыг захирч явдаг вэ гэвэл бизнес эрхлэгчид биш. Аль ч улсад ийм. Яагаад гэвэл тэр хүмүүс хувийн бизнестэй, ашиг сонирхлын зөрчилтэй. Бүгдийг буруутгаж байгаа юм биш, гэхдээ тийм магадлал нь өндөр. Өнөө¬дөр үндэсний том компаниуд, үйлдвэрлэгчдийн нуруун дээр Монгол Улс явж байгаа, тиймээс тэднийг буруутгаж болохгүй. Гэхдээ улсыг засаглахад, хууль батлахад тэр хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй бүлгүүд гэж тооцогддог. Өнөөдөр Их хурлын гишүүний хэд нь хувийн бизнестэй гэж бодож байна. Бараг бүгд тийм байгаа шүү дээ. Хувийн бизнесгүй, ашиг сонирхлын зөрчилгүй нь хэд вэ. Та сая хэллээ, улс төрч гэж. Тэгвэл улс төрч гэж ямар хүн байх ёстой юм бэ. Бизнесмэн байгаад түүнээсээ татгалзаад улс төрч болсон хүн байж болно. Өөрөөр хэлбэл, нийгмийн шинжлэх ухаан хаягдаж, боловсрол хаягдахаар тэр орон зайг нь олигархиуд эзэлж байна шүү дээ. Тэднийг буруу гэж байгаа юм биш,тэд чадаж байна.

    Ингэхээр тэр нь эргээд нийгэмд засаглалын тогтолцоонд гажуудлыг авчирч байгаа юм. Бидний улс төрч гэж нэрлээд байгаа УИХ-д байгаа тэр хүмүүсийн олонхи нь улстөрч байж болохгүй хүмүүс байгаа. Хамгийн харамсалтай нь “Улсыг хэн засагладаг вэ” гэж асуувал “Мөнгөтэй хүн” гэж хариулах хэмжээнд хүрчихээд байна бид. Мөнгөтэй хүн улсыг захирч, хууль батлах ёстой юм биш үү гэж үзэж байна. Тийм ч учраас тэр хүмүүст санал өгч гаргадаг. Энэ ард түмний буруу. Ард түмэн өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг сонгож гаргаж ирж байна шүү дээ. Мэдээж Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хэн ч нэр дэвших эрхтэй. Тэдэн дотор сэтгэл зүрх нь Монголын төлөө цохилж байгаа хүмүүс байхгүй биш байгаа байх аа.

    -Намын гишүүнчлэлээр санал авч байна шүү дээ. Бүх хүн намын харъяалалтай байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

    -Монгол Улс сайхан орон. Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад янз бүрийн байдлаар талцаж хагарсан нийгмийн бүлгүүд цөөн. Монгол олон үндэстний улс биш. Бид үндэстнээрээ хуваагдаж хагарч бутардаггүй. Шашнаараа хагарч байна уу гэвэл үгүй. Бөө, лам нарын маргааныг эс тооцвол тодорхой хэмжээгээр амар тайван байна. Энэ бидний аз, ирээдүйд юу болохыг би хэлж мэдэхгүй. Харин өнөөдөр монголчуудыг хагалан бутаргаж байгаа зүйл нь улс төрийн нам.Одоо хоёр том намд хуваагдаад гэртээ ч хэрэлдээд, гадаа ч, ажил дээрээ ч хэрүүлтэй байна. Аль ч нам засаг авахаараа сонгуулийн ажилд нь гар бие оролцож байсан хүмүүсийг боловсрол хамаарахгүйгээр албан тушаалд тавьдаг.

    Үе үеийн нам тэгэх юм шиг бана. Хамгийн харамсалтай нь улс төр рүү орж байгаа залуучууд сэхээтний давхаргын хүмүүс мөн үү гэвэл ихэнх нь үгүй. Би үүнийг маш тодорхой мэдэж байна. Яагаад гэвэл МУИС-д багшилдаг учраас. Оюутны холбоо гэж нэг хэцүү байгууллага гарч ирсэн. Тэд улс төрийн байгууллагуудтай ямар нэгэн байдлаар холбоотой болчихдог. Нөгөө улс төрийн байгууллагууд маань өөрсдийн хойч үеийг оюутны байгууллагуудаар бэлддэг. Монголын улс төрд байдаг хор гэдэг зүйл оюутны байгууллагад байдаг болсон. Нөгөөдүүл маань сургуулиа төгсөөд намд очиж зүтгээд нөгөө хорчин гэдэг нь болдог. Ийм тогтолцоонд Монголын улс төр шилжсэн нь харамсалтай.

    -Тэгвэл хүмүүсийн ухамсрын төвшинг яаж нийтээр нь дээшлүүлэх вэ. Ямар гарц байна?

    – Ашиг сонирхлын зөрчилгүй нийгмийн бүлэг улс төрд болоод нийгмийнхээ удирдах манлайлах төвшинд гарч ирэх хэрэгтэй байна. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдэг нь бүх хүнд хамааруулж байгаа юм биш. Ашиг сонирхлын зөрчилгүй, дээр нь хамгийн шилдэг боловсролтой хүмүүсээ гаргаж ирмээр байна. Энэ эргээд бидний яриад байгаа нийгэмд манлайлал болдог, тэр нийгмийн бүлэг бий болж чадахгүй байгаатай холбоотой болов уу. Манай төр, засаг одооноос юу хийх ёстой вэ гэвэл нийгмийнхээ бүлгийг бий болгох, хэлбэржүүлэх, бүтээх бүхий л талын арга хэмжээг авах хэрэгтэй. Тухайлбал, дэлхийн өнцөг булан бүрт байгаа оюунлаг, шилдэг залуусаа эргүүлэн татах бодлого хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Энэ бол улс орны хөгжилд ч, тусгаар тогтнолын асуудалд ч нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал.
    Ч.ҮЛ-ОЛДОХ

  • ЗЭСИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦОЙЛУУЛАХ ХАРМАГТАЙ

    Гурван жилийн өмнө танилцуулсан нөөцийн дүнтэй харьцуулахад зэсийн агууламж 400 хувь, алтны агууламж 249 хувиар нэмэгдсэн гэж “Занаду майнз” тооцжээ. Бүр тодруулж хэлбэл өмнийн говьд орших Хармагтай орд 1.9 сая тонн зэс, 4.3 сая унци алтны нөөцтэй хэмээн “CSA global” компани үзэж байна. Нөөцийг ЖОРК стандарт, NI 43101-ийн дагуу тогтоожээ. Оюу толгойн гүний уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхлэх үед Монгол Улс зэсийн зах зээл дээрх голлох тоглогчдын нэг болно гэсэн таамаглал бий. “Занаду майнз”-ийн хувьд нөөц ахиад нэмэгдэх өндөр магадлалтай гэсэн байр суурь илэрхийлж буй. Компанийн зүгээс мэдэгдсэнчлэн Хармагтайн ордын нөөц өнөөгийнхөөс өссөөр байвал “Монгол зэсийн зах зээл дэх гол тоглогчдын нэг болно” гэсэн таамаг бүр бодитой болох нь тодорхой.
    Тус компани түрүү жил Хармагтайн ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцуулсан удаатай. Тухайн үедээ “180 метрийн гүнд 0.95 хувийн зэсийн агууламж, нэг грамм хөрс тутамд 1.84 грамм алт илэрсэн бол 30 метрийн гүнд 1.55-2 орчим хувийн зэсийн агууламж, тонн хөрс тутамд 3.45-4.14 грамм алтны илэрц оллоо. Энэ үр дүндээ сэтгэл хангалуун байна” гэж компанийн зүгээс мэдэгдэж байв. Өмнө нь тодорхой байсан мэдээллүүдийг давтан хүргэхэд “Занаду майнз” компанийн лицензийн талбайд илэрсэн нөөц Оюу толгойн ордоос 15 дахин бага, бүр анх 680 гаруй мянган тонн зэс, 70 тонн алт, нийтдээ 203 сая тонн хүдрийн нөөцтэй, Хармагтайн зэсийн дундаж агуулга 0.34 хувь, эдийн засгийн хувьд ашигтай эсэхийг нарийвчилсан ТЭЗҮ-ээр тогтооно гэж байлаа. Гурван жилийн өмнө тус ордын нөөцийг ЖОРК стандартаар 680 мянган тонн зэс, 2.2 сая унци алтны нөөцтэйг тогтоосон гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм. Тухайн үед олон улсын mining.com сайтад “Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаан суваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй гэдгээрээ анхаарал татаж байна” хэмээн мэдээлж байв.
    Сүүлд зарласан үр дүнгийн талаар “Занаду майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стюарт “Манай компани өнөө жилээс тун амжилттай ажиллаж байна. Хармагтайд порфирийн төрлийн орд нээсэн нь яах аргагүй шинэ нээлт. Одоогоор 19 том гэгдэх порфирийн төвөөс наймыг нь шалгаснаас тав нь ашигтай нь нотлогдсон. Хамгийн сүүлийн өрөмдлөг хийсэн газар болох Зараа талбай маш сайн үр дүн өгч байгаа. Энэ бол тоглоомын өөрчлөгч. Шинээр нээсэн порфирийн төв.Үр дүн нь гайхалтай байгаа. Хармагтайн нөөцийн зэрэглэл, хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ хэсгийг нээснээс хойш нөөцийг нь богино хугацаанд тодорхойлж чадсан нь бидний ажлын үр дүнг харууллаа. Олборлолтын арга нь зарлал багатай байх нь бидний хувьд том давуу тал. Нэг зүйлийг онцолж хэлэхэд төсөл маань маш хурдан хугацаанд сайжирна. Хармагтайд гүний өрөмдлөг хийх газрууд дахиад ч бий. Компанийн зүгээс үүнийг системтэй үнэлээд нэмэлт порфирийн ордуудыг нээхээр зорьж байна. Хармагтай орд зэсийн хувьд Эквадорын “Solgold’s Cascabel” төслийн гуравны нэгтэй тэнцэхүйц гэсэн тооцоо гарсан. Уг төслийг “BHP”, “Newcrest Mining” сонирхож байгаа. Ирэх гурван сардаа багтаж эцсийн үр дүн гарна гэж үзэж байна. Зэсийн агууламж 400 хувь өссөн нь Хармагтайг Монголын өндөр чанарын уурхай болоход нөлөөлнө. Бид удахгүй танилцуулах эдийн засгийн урьдчилсан судалгаагаараа Хармагтайн ордыг санхүүгийн хувьд том боломжтой төсөл гэдгийг нотлон харуулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Давтан онцлоход Хармагтайд бага зардлаар олборлох боломжтой гэсэн давуу тал бий гэж геологичид онцолдог.
    Хармагтайн хувьд өндөр нөөц бүхий орд гэсэн хүлээлт, таамаг хэдэн жилийн өмнө тодорхой байсан юм. Учир нь уг орд Оюу толгой, Цагаансуварга гэх мэт том ордууд багтдаг алт, зэсийн бүсэд оршдог. Хармагтайн орд Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг, Оюу толгойгоос 120 км, Цагаан суваргаас 170 км-ын зайтай.
    Хармагтайн зэс, алтны ордод 1993 онд анх Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Одоогоос 16 жилийн өмнө Роберт Фридланд өрөмдөж байсан гэх мэдээлэл ч чих дэлсдэг. Хайгуулын лицензийн хувьд 2002 онд “Айванхоу майнз” компани өөрийн охин компани болох “Оюут Улаан”-д шилжүүлж байж. Харин Хармагтай ордын нөөцийг 2013 онд тогтоож, “Занаду майнз” компани” ашиглалтын лиценз авчээ. “Занаду Майнз”-ийн тухайд гадаадын хөрөнгө оруулалттай компани. Хармагтайн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн (MV-017387) ихэнх хувийг эзэмшдэг. Эзэмшлийн хувиа 2014 онд “Turquoise Hill Resources” (TRQ:US) компаниас 14 сая ам.доллараар худалдаж авсан юм. Хувьцааны үлдсэн хэсгийг “Mongol Metals” болон “Quincunx” компани эзэмшдэг.
    Сонирхуулж хэлэхэд, 2015 онд Хонгконгт болсон “Mines and Money” уул уурхайн чуулга уулзалтын үеэр “Занаду майнз”-ийн “Хармагтай” төсөл хайгуулын шилдэг ололт номинацид нэр дэвшиж байж. Тухайн үед дэлхийн хэмжээнд ердөө гурван төсөл нэрлэсний нэг нь Хармагтай байжээ.
    ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН

  • ӨЭЛҮН ЭХЭД АЛТАН ЭЭМЭГТЭЙ ИРСЭН ТАТАРЫН ШИГИХУТАГ

    Энэ үе бол Чингис хааны эсрэг янз бүрийн хүчнүүд гарч Монголын нэгдсэн улс байгуулахыг эсэргүүцэх явдал их байсан, өөрөөр хэлбэл амь дэнсэлсэн хүнд мөчүүд байв.Түүний гол дайсан Татар аймаг Халхын гол орчимд бугшиж байсан юм. Тийм учраас Халх гол нь Монголын нэгдсэн их улс байгуулах асуудлыг шийдвэрлэх чухал цэг болж байсан юм.
    Шигихутагийн тухай түүхийн сурвалж бичигт өгүүлснийг авч үзвэл: 1196 онд Алтан улс Бор хотоос 30 мянган цэрэг ирүүлж татартай байлдав. Уг байлдаан нь татар аймгийн тэргүүн Мэгүжин сүүлт нь, Алтан улстай тохиролцсон гэрээгээ биелүүлээгүй учраас түүний эсрэг байлдав. Тэгээд Алтан улсын цэрэг Мэгүжин сүүлтийг нэхэн хөөж Улз гол хэмээх газар ирсэн байж. Энэ тухай мэдээг Чингис хаан сонсоод, Хэрэйдийн Тоорил ханд элч илгээж, Татарууд бол манай өвөг эцгийг алсан өштөн дайсан болох юм. Одоо Татарын Мэгүжин сүүлт, Алтан улсын цэрэгт дийлэгдэн баруун тийш зугтааж, Улз гол өөд ирж байна гэнэ. Бид өшөө авах цаг болов. Тоорол хан эцэг цэрэг гарган туслана уу гэж хэлүүлжээ. Үүнийг Тоорил хан зөвшөөрч өөрийн цэргийн хамт гурван хоногийн дараа хүрч иржээ Энэ үед Татарын Мэгүжин сүүлт нь Улз голын “Хусут шүтээн” “Нарт шүтээн” гэдэг газар хороо бэхлэлт байгуулан хоригложээ. Гэтэл Чингис хаан, Тоорил хан нар Татарын тэр бэхлэлтийг эвдлэн орж, Мэгүжин сүүлтийг барьж авч тэнд нь алсан байна. Татарын бэхлэлт байгуулан хоргодож байсан “Нарт шүтээн” гэдэг газраас гээгдэн орхигдсон хүүг Чингисийн цэрэг олж аваад Чингис хаанд өгөхөд нь ээждээ авчирч өгчээ.Тэмүжин Монголын олон аймгийг нэгтгэх явцад Мэргэдийн нутгаас олж авсан Хүч, Дайчуудын Басуд овогтны нутгаас олж авсан Хөхч, Татар нутгаас олж авсан Шигихутаг, Зүрхэний нутгаас олж авсан Борхул энэ дөрвөн хөвгүүнийг Өэлүн эх өөрийн хүүхэдтэй адил үзэж, хөвгүүдийнхээ өдөр үзэх нүдэн, шөнө сонсох чих болгоё гэж өсгөн бойжуулж хөлий нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэснээр барахгүй, тэд цөмөөрөө бүх Монголыг нэгтгэх агуу их үйлсийн дунд Тэмүжиний үнэнч найдвартай анд, өрлөг баатар жанжин суут мэргэд сайд нь болсон юм.
    Нууц товчооны 135-р зүйлд Татарын хоргодож байсан Улз гольм Нарату Шүтээний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсоныг бидний цэргүүд олзолжээ. Үзвэл Дөртай Алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон: даж торгон элгэвч (хантааз) өмссөн байв. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч, Өэлүн эхэд бэлэг гэж өгөв. Өэлүн эх өгүүлрүүн: “Сайн хүний хөвгүүн биз. Язгуур сайт хүний ураг биз. Таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё” гээд Шигихутаг гэдэг нэр өгч асрав гэжээ.
    Нууц товчооны 135-р зүйлд Чингис хаан Тоорил хан хоёр, цэргээ авч Ванчин Чансанд туслахаар Улз гол өөдөө явж очвол Улзын Хусуту Шитээн Нарату Шүтээн гэдэг газар Татарын Мэгүжин сүүлт тэргүүтэй Татар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан Тоорил хан хоёр тэр хот Мэгүжин Сүүлт нарыг бэхлэлтээс нь барьж тэнд нь алаад мөнгөн өлгим батана эрдэнийн чимэгт хөнжлийг нь Чингис хаан олзлон авав.

    Улз гол нь Халхын язгуур нутаг бөгөөд Сэцэнхан аймгийн баруун гарын зүүн хошууны газар гэж 1920-иод оны Хятадын зурагт тэмдэглэлд “Хусуту шүтээн” “Наранд шүтээн” гэж “Богд баатар биеэр дайлсан] тэмдэглэлд”-д дурьджээ.
    Чингис хаан их хуралдай дээр есөн өрлөгүүд тэргүүлэн хүчнээ өгөгсдөд нармай их Монгол улсын төрийг засахын тулд зүтгэсэн хүнд Гүн их цол, их ямба тушаал хүртээж, их өглөгийг хүнд хөнгөн зэргээр соёрхож, наян найман гавьяатан, ерэн таван мянганы ноёдыг нэгд нэгэнгүй нэр заан шагнажээ. Түүний дотор Шигихутагт “Чи миний 6-р дүү биш үү Өргөмөл дүү чамд өөрййн дүү нарын адилаар өмч хуваан олгоё. Бас чиний ач тусын хариуд есөн удаагийн алдал осолыг хэлтрүүлье” гэж зарлиг буулгасан бөгөөд “Мөнх тэнгэрийн ивээлээр гур улсыг зүглүүлж бүхийд, чи үзэх нүдэн, сонсох чих болж яв. Чинии тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно.” гэж зарлиг болгожээ. Ингээд Шигихутагийг Түр” (бүх) улсын доторхи хулгайг цээрлүүлж хуулийг мохоож, ухуулах ёстойг ухуулж, яллах ёстойг яллаж бай” гэж бүх улсын дээд зарлиг болгов. Шийтгэсэн хэргийг хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн хэмээжээ.

  • Г.Жаргалсайхан: Энэ онд бид гурван соёлын өвөө бүртгүүллээ

    -За баярлалаа. Юуны түрүүнд төрийн маань энэхүү шагнал бидний хийж байгаа үйл хэргийг гэрэлтүүлж өглөө гэж бодож байна. Бид зөв замд яваа юм байна. Бидний зам мөр үргэлж гэрэлтэй байж бусдыг мөн гэрэлтүүлэх од нь болж ажиллах болно гэдгээ хамт олныхоо өмнөөс олон түмэндээ хандаж хэлье дээ.
    – Өнгөрөгч 2013 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэс¬ний комисс юуг хийж амжуулав?

    -Энэ 2013 он бидний хувьд онцлог олонтой жил байлаа. Манай үндэсний комисс байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа энэ оныг бид чамгүй өндөр амжилтаар үдэж байна. Монгол улсаас явуулж байгаа бодлого зорилтыг ЮНЕСКО өндрөөр үнэлж байдаг бөгөөд Монгол улс НҮБ-ын хамгийн их гишүүнчлэлтэй байгууллагад бодлого тодорхойлж оролцлоо. Тухайлбал өнгөрсөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотноо хуралдсан 37 дугаар чуулганаар Монгол улсын санаачилсан Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг хөгжүүлэх тухай тогтоолыг маань гишүүд санал нэгтэй баталлаа. “Бичиг үсгийн 10 жил” тогтоолыг мөн Монгол Улс санаачлан НҮБ-аар батлуулж ЮНЕСКО-той хамтран 2003-2012 онд хэрэгжүүлсэн бөгөөд цаашид энэ салбарт Монгол улс санаачлан зохион байгуулагч нь байж болох ажлыг эхлүүллээ. Шинжлэх ухаан, соёл, боловсрол, байгаль орчин, хэвлэл мэдээллийн олон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагууддтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тоймтойг нь дурьдвал шинжлэх ухааны олон улсын зөвлөгөөн, бичиг үсгийн боловсролын үндэсний зөвлөгөөн хэлэлцүүлэг, Хүн ба шим мандлын зүүн азийн бүсийн зөвлөгөөн, хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ хэлэлцүүлэг, туулийн олон улсын хоёр зөвлөгөөн гэх мэт олон ажил амжууллаа. Энэ онд бид ЮНЕСКО-д гурван соёлын өвөө бүртгүүлж чадлаа. Соёлын биет бус өвд Монгол уран бичлэг, Монгол гэр урлах уламжлалт арга, түүнтэй холбоотой зан үйлийг бүртгүүлсэн бол Дэлхийн баримтат өвөөр есөн эрдэнийн Ганжуурыг бүртгүүлсэн. Гандантэгчилэн хийдийн номын санг засварлах ажлыг эхлүүлээд байна.
    -Ирэх онд юу хийхээр төлөвлөсөн бэ?
    -Бичиг үсгийн боловсролын асуудлаарх их эвслийг олон улсын хэмжээнд байгуулж ажиллах боломжийг судалж санаачлан ажиллах зорилт дэвшүүлээд байна. Хэрэгжүүлж чадвал Монгол улс энэ салбарт өөрийн олсон нэр хүндээ дэлхий дахинд улам бататгахаас гадна энэ салбарт хийх маш том буянтай ажил болох ёстой. Өнөөдөр дэлхий дээр 700 гаруй сая бичиг үсэггүй иргэд байна. Улс орнуудтай нь хамтран ажиллаж шийдвэрлэх боломжийг ЮНЕСКО-той хамтран эрэлхийлэх юм. Гагцхүү дэмжлэг л хэрэгтэй. Мөн Зүүн азийн хүүхдийн урлагийн наадам хамтран зохион байгуулна.

    -ЮНЕСКО-гийн гишүүн орон байх, гишүүн биш байх, конвенцуудад нэгдэх, нэгдэхгүй байхын ялгаа юу вэ?
    -Монгол улс ЮНЕСКО-д нэгдээд их амжилт олсоон. Өнөөдрийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжил энэ хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Бид зөвхөн НҮБ болон ЮНЕСКО-оос дэмжлэг хандив хараад байлгүй одоо бүр тус байгууллагад бодлого тодорхойлж оролцох бололцоотой. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаа. Одоо өнөөдрийн байдлаар Засгийн газар хоорондын таван хороонд сонгогдоод байна. Ингэж гишүүн болж хороодод сонгогдох нь мэдээж маш их давуу талтай. Нэг жишээ дурдахад бид сая Хууль бусаар өмчилсөн соёлын өвийг уугуул улс оронд буцаах Засгийн газар хоорондын хороонд сонгогдлоо. Энэ хороо юу хийдэг вэ гэхээр хууль бусаар гадаадад гарсан соёлын өвийг буцаан авчрах ажлыг зуучлан зохион байгуулдаг хороо. Өөрөөр хэлбэл Батаар шиг хууль бусаар гадаадад гарсан өвийг уугуул оронд нь авчрах ажлыг шийдвэрлэхэд оролцоно гэсэн үг. Гагцхүү холбогдох мэргэжлийн байгууллагууд нь идэвхитэй ажиллаасай гэж хүсэж байна. Олон улсын боловсролын товчоо мөн ялгаагүй. Бид гишүүн болсон давуу талаа ашиглах хэрэгтэй юм.
    -Конвенцид нэгдэх нь нэг хэрэг. Конвенцид нэгдсэнийхээ төлөө хүлээх үүргээ хэр биелүүлж байна. Ямар асуудал бэрхшээл байна?
    -Өнөөдрийн байдлаар Монгол улс ЮНЕСКО-гийн 10 конвенцид нэгдэн ороод хэрэгжүүлж байна. Мэдээж нэгдэж орсон үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж тайлангаа хугацаанд нь гаргахаас эхлээд тодорхой бодлого хөтөлбөрөө нийцүүлэх ёстой байдаг. Өөрийн гэсэн онцлогтой Конвенциуд ч бас бий. Тухайлбал Дэлхийн өвийн 1972 оны Конвенци, Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах 2003 оны конвенцийн дагуу төр засгаас тодорхой бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж газар нутаг өв соёлоо хамгаалах үүрэгтэй. Тулгарч байгаа бэрхшээл цөөнгүй. Хөрөнгө мөнгө санхүүгийн бэрхшээл байгаа хэдий ч хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал боловсон хүчний асуудал болж байна. Энэ тал дээр төр засгаас дэмжлэг хэрэгтэй.
    Б.МАНД