Category: Үндэсний соёл, зан үйл

  • “ЧИНГИС ХААН” ХААД, ЯЗГУУРТНЫ МУЗЕЙГ НЭЭХ ЁСЛОЛ БОЛЛОО.

    Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээл юм.
    Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь Азид алдартай Лениний музейн эрхлэгч хийж байсан бөгөөд мөн ази тивд алдартай Чингис хааны музейг нээх хувь түүнд тохиожээ.
    ЧИНГИС ХААНЫ БАЙЛДАН ДАГУУЛАЛТ МАНДТУГАЙ…
    Өнөөдрийн гол трэнд асуудал, үйл явдал бол Чингис хааны музей байлаа. Ард түмэн түүх соёлоороо бахархам сайхан үйл явдал гэхээсээ эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Тухайлбал Солонгос улс түүх соёлоо кино урлагтай холбож бусад орныг “эзлэн түрэмгийлж” байгаа билээ. Тэд түүхээ таниулах зорилгоор хоол ундаанаас өгсүүлээд хувцас хунараа хүртэл бусад оронд худалдах жишээтэй. Чингис хааны музейд 11 мянган үзмэр тавигдсан, нэг хүн үзээд явахад 7-8 цаг болно гэсэн тооцоо бий. 2000 гаруй жилийн түүхтэй Хүннү болон Эзэнт гүрний түүх аргагүй том. Тун удахгүй дэлхийн кино урлаг Чингис хаан, Их Монгол улсын түүхээр амьсгалах болов уу. Монгол Улс энэ утгаараа бие даасан Соёлын яамтай болж хууль гарган энэхүү музейн эх үүсвэрийг тавьсан байдаг. Монголчуудын түүх дэлхийд тод ул мөрөө үлдээсэн бахархам түүхээ гадны зочид төлөөлөгч үзүүлж боломжтой болов. Зүгээр нэг музей биш эдийн засагт нөлөө үзүүлэхүйц (үйлдвэр нээгдлээ) арга хэмжээ байв шүү.

    Б.Жаргалсайхан (Буянгийн)

    Өнөөдөр Чингис хааныхаа музейн нээлтэнд оролцож магнай тэнийв. Сайхан болжээ. Үзмэрийн чанар чансаа, дэглэлт үнэхээр сайхан. Хүмүүсийн магтдаг Бээжингийн төв музейгээс илүү юу гэхээс дутах юм алга. Аугаа дээдэстэйгээ мэдрэх шиг боллоо. Музей төдийгүй соёл ш/у, соён гэгээрлийн төв, улс үндэстний бахархал, бишрэл хүндэтгэлийн ордон, их хаад, дээдсийн шүтээн цогцолбор болжээ. Ноён Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуайтай таарч, гар барив. Сонгуулиар нь би сөрөг байр суурь баримталсан, бүр хоржоонтойхон шүлэглэж ирээд жаал эсэргүүцэж билээ. Гэтэл тэнэгэр эр юм, нүүр дүүрэн сайхан учрав . Энэ хүнд үед монгол улсад үнэхээр аугаа үйлс бүтээж чаджээ. Аугаа бүтээн байгуулалтыг биширч, догдолсон түүхч, архивч, археологич, музейнхэн нээлтийн ёслолийн үед сэтгэл тэнэгэр, баяр хөөрөөр дүүрэн, сэтгэл хорогдсоор сая л гэрээ зүглэлээ.

    Хоролдамба Дамдинсүрэн (Ph доктор)

     

    djmedia:548
  • ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААС ЭРТНИЙ СЯНЬБИГИЙН ҮЕИЙН ХААД ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШ ОЛДЖЭЭ

    Өчигдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон холбогдох албаны төлөөлөл Бунхант булшны олдворуудтай танилцаж цаашид хэрхэн судалгааг хийхдээ аюулгүй байдлаа ханган үргэлжлүүлэх талаар санал солилцож холбогдох шийдвэрийг гаргасан юм.
    Тус дурсгалт газар нь Монголын түүхэнд маш бага судлагдсан ховор олдвор ажээ. Сяньбигийн үеийн хаад язгууртнууд хамгийн том хэмжээтэй бунхант булшнуудтайгаараа онцлог.
    Малтлагын ажил энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дуусах шатандаа буюу бунхныг судлах ажил хийгдэж байна.
    Одоогийн байдлаар олдсон олдвороос дурдвал, бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, нэг бугын толгой, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа талаар судалгааны баг мэдээлэв.

    Мөн Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах газрын дарга доктор М.Оюунтулга олдворуудын хадгалалт, хамгаалалтын талаас зөвлөхөөр ажиллаж байгаа ажээ.
    Ташрамд дурдахад Монголын түүхэнд Сяньбигийн хаад язгууртны бунхант булш ингэж олдсон тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй гэдгийг судалгааны багийнхан хэлж буй.
    Судалгааны багт Улаанбаатар их сургуулийн Түүх археологийн ангийн 1, 2 дугаар курсийн оюутнууд багтаж байгаа гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

    djmedia:547
  • ЖАМУХЫН АЛТАН БҮС

    Доктор Д.Наваан уг алтан бүсийг тухайн үед амьд сэрүүн байсан ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, олноо эрдэмтэн гэгдсэн О.Намнандорж, ардын зураач Ядамсүрэн нарт үзүүлэхэд “Жамухын бүс” гэж дуу нэгтэйгээр хэлж байжээ. Сүүлд АНУ-ын монголч эрдэмтэн Хангины Гомбожав ч гэсэн “-Эргэлзэх хэрэггүй. Энэ бол Жамухын алтан бүс мөн” гэсэн байна. Энэхүү алтан бүс өдгөө Монгол улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа.

     

  • ХҮҮХДЭД ШИНЭ ДЭЭЛ ӨМСГӨХ ЁСОН

     

    Урд хормойг нь унага даага дагаг
    Хойд хормойг нь хонь хурга дагаг
    Дотоод хормойг нь тос өөх мялаа
    Гадаад хормойг нь ганзага сур чимэг
    Энэ жил даавуу даалимбаар хийв
    Ирэх жил торго дурдангаар хий
    Тоос бүү халд
    Тос халд
    Эд нь хэврэг
    Эзэн нь мөнх болоорой!

    Гэж хэлээд хаваасыг нь авна. Тэгээд хүүхдийг үнсэн баяр гэж шинэ дээлийг мялаадаг заншилтай. Шинэ дээл өмссөн хүүхэд үеийнхэндээ гайхуулан хөөрч, эх, эцэг нь түүнийг даган баясч байх бөгөөд хүүхэд айл саахалтаар бусад хүүхдүүдтэй орж шинэ дээлээ мялаалгах бөгөөд насанд хүрэгчид шинэ дээлтэй, дээлгүй бүх хүүхдэд мялаалга өгч гарган хүүхдийг баярлуулдаг уламжлалтай.
    Мэдээллийн эх сурвалж: “Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.

  • Т.Мацүкава: Гүег хааны захидал Ватиканы нууц архивт байгаа

    Профессор Такаши Мацүкава 1994 онд эхэлсэн Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийг хэрэгжүүлэх багийн судлаачаар ажиллахдаа Монгол нутгаар хөндлөн гулд явж, хөшөөд, хадны бичээсүүдийг шинээр нээн илрүүлж, олон судалгаа хийжээ. Монголын түүхийн талаар монголчуудаас илүү мэдээлэл цуглуулсан Японы эрдэмтэнтэй түүхийн шарласан хуудсыг сөхөн ярилцсанаа Уншигч танд хүргэж байна.
    -Монгол хэлний ангийг сонгож, Дорно дахины түүхийг судлах болсноос тань яриагаа эхэлье?
    -Намайг дунд сургуульд байх 1970-аад оны үед Японы NHK телевизээр Silk road буюу Торгоны зам гэж баримтат кино гарсан нь миний төдийгүй, олон нийтийн сонирхлыг ихэд татаж билээ. Бас “Тансан лам Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” кино гарлаа. Түүнээс хойш Торгоны зам, Дундад болон Төв Азийн талаар сонирхож эхэлсэн л дээ.
    Тухайн үед Дундад Азийн хэл заадаг анги Гадаад хэлний сургуульд байгаагүй. Зөвхөн Монгол хэлний ангид монгол хэл зааж байсан учир элссэн хэрэг. Хэдийгээр Монгол хэлний ангийг төгссөн ч Хөх хотод Өвөр Монголын их сургуульд суралцсаны дараа монгол хэл, Монголын түүхийн гүн гүнзгий утга агуулгын зах зухаас мэдэрч, Монгол судлалыг насан туршийнхаа ажил болгохоор шийдсэн юм.
    -Таны анхны судалгаа юу байв?
    -Өвөр Монголд суралцаж байхдаа XVIII зууны үеийн зурхайн номыг судалж, тэр сэдвээрээ магистрын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш би монгол зурхайн талаар сонирхож эхэлсэн л дээ. Цааш нь сурвалж бичгийн ухаан болон түүхийн талаар гүнзгийрүүлэн судлахаар болж, “Долоон өвгөний судар”-ыг зөвхөн монгол биш, хятад, түвд, уйгур хэлний Долоон өвгөний судартай харьцуулан судлахаар мастерийн судалгааны ажлынхаа сэдэв болгож сонгосон. XIV зууны эхний хагаст бурхны ямар, ямар судар монгол хэлнээ орчуулагдсан тухай судалгаа хийсэн. Цэндийн Дамдинсүрэн гуайн “Монголын уран зохиолын дээж Зуун билэг оршвой” зохиолд Долоон өвгөний судар бий. Энэ судар Хятадаас гаралтай.

    Хархорин, Эрдэнэзуу хийдийн орчмоос олж илрүүлсэн хөшөөдөөс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол бичигт нэг хөшөөг Монгол Улсын хосгүй үнэт өв, хоёр хөшөөг үнэт өвийн бүртгэлд оруулан тусгай хамгаалалтад аваад байна.

    Хятадаас монгол хэлнээ хөрвүүлсэн. Эсвэл уйгур хэлнээс монгол хэл рүү орчуулсан. Би энэ судрыг од тэнгэрийн тахилга шүтлэгтэй холбоотой гэж бодож, судалж эхэлсэн хэрэг юм. Дараа нь “Монголын Эзэнт гүрэн, Юань улсын үеийн зарлиг бичгүүд” сэдвээр Осакагийн их сургуульд доктор цол хамгаалсан. Чингис хааны үеэс эхлээд Хубилай хаан зэрэг Юань улсын хаадуудын буулгасан зарлигууд бий. Тэдгээрийн олонхийг уйгуржин монгол бичиг, дөрвөлжин үсэг, Хятад орчуулгаар чулуун хөшөөнд сийлбэрлэсэн байдаг. Мөн цаасан дээрх бичмэл ч бий. Түүний хэв маяг буюу суурь мэдээлэл авах шинжилгээ хийсэн. Би сургуулиа төгсөөд Японы Осака хотод байдаг улсын Угсаатны зүйн музейд гурван жил ажилласан. Дараа нь Киото хотод Отани их сургуульд багшлах болсон.
    -Одоо та судалгаагаа юун дээр төвлөрүүлж байна вэ?
    -Монгол Японы хамтарсан “Бичээс” төслийн багт судлаачаар ажиллаж байна. Монгол Улсын нутаг дахь янз бүрийн хэл бичгээр буй хөшөө, хадны бичээснүүдийг олж илрүүлэх, судлах зорилго тавин ажиллаж эхэлснээс хойш 2014 онд 20 жилийн ойтойгоо золгосон. Өнгөрсөн хугацаанд манай судалгааны баг Хархорум хотын туурь, Эрдэнэзуу хийдийн орчмоос монгол, хятад, араб, перс хэлээр бичсэн чулуун хөшөө, хөшөөний хугархай олныг олж судалсан. XIII-XIV зууны үед янз бүрийн үйл явдалд зориулан олон хэлээр хөшөөд босгосоор байсныг олдворуудаас мэдэж болно.

    -Тэдгээр хөшөөдөд тухайлбал юун тухай бичиж тэмдэглэсэн байх юм?
    -Араб бичигтэй нэгэн хөшөөнд “Хархорумд лалын сүм байгуулсан тухай, мөн тэр цагт Монголд газрыг түрээсээр эзэмшүүлж, эдэлбэрлүүлж байсан тухай өгүүлсэн. Бас нэгэн Монгол бичигт хөшөөнд Хархорум орчимд ган зуд болоход Тэмүгэ нэрт ноён өглөг өгч, буян үйлдсэнийг тэмдэглэн үлдээсэн байх жишээтэй. Хархорин, Эрдэнэзуу хийдийн орчмоос олж илрүүлсэн хөшөөдөөс Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол бичигт нэг хөшөөг Монгол Улсын хосгүй үнэт өв, хоёр хөшөөг үнэт өвийн бүртгэлд оруулан тусгай хамгаалалтад аваад байна.
    ЮАНЬ УЛСЫН ҮЕД БӨӨ, БУДДА, ХРИСТОС, МУСУЛЬМАН ШАШИН ЗЭРЭГЦЭН ОРШИЖ БАЙСАН
    -Хадны бичээсүүд, түүх соёлын өв дурсгалууд нар салхинд элэгдэхээс гадна шунахай тонуулчдын халдлагад өртөж байгаа тухай нэлээд мэдээлдэг. Энэ талаар сүүлийн үед багагүй анхаарах болсноор байдал сайжирсан болов уу?
    -Түүх соёлын дурсгалуудыг нар, салхи, бороо, цаснаас хамгийн түрүүнд хамгаалах ёстой. “Бичээс” төсөл хэрэгжүүлж эхэлсэн 20 жилийн дотор энэ тал дээр анхаарал тавих болсон нь бидэнд бага ч гэсэн мэдэгдэж байна.
    -Хадны бичээсүүдийг түүх дурсгалын өв соёл болох талаас нь Та юу гэж тайлбарлах вэ?
    -Хархорум хот Монголын эзэнт гүрний үеийн нийслэл байсан. Дараа нь Хубилай хааны үед нийслэлийг одоогийн Бээжин буюу Дай Дү хотод шилжүүлсэн. Хархорум бол XIV зууны Юань улсын үед Монголын соёлын нэг төв нь байсан. Тэнд араб үсэг хэрэглэж байсны гэрч болж, Хархорумаас 1341 оны Перс хэлний бичээс олдсон. Өөрөөр хэлбэл, Юань улсын үед Хархорумд лалын шашинтан ирж, лалын шашны сүм хийд байгуулж байсан тухай дурсгал байна. Тухайн үеийн нутгийн түшмэлүүдийн дэмжлэгтэйгээр мусульман шашны сүм хийдийг барьсан тухай баримт байна.

    Монгол эзэнт гүрний үед бөөгийн шашнаас гадна буддын шашин, Хятадын бумбын шашин, христос, мусульман шашин бүгд чөлөөтэй байсан нь батлагдсан. Тэрийг Монголын төр зөвшөөрч байж. Тийм учраас энэ маш чухал. XVII зууны үед соёмбо үсгийг дахин зохиосон. Харин XIV зууны үед араб үсэг, Перс хэлээр хөшөөнд бичиж байсан. Бичээс төслийн илрүүлэн олж, судалж байгаа монгол, дөрвөлжин, араб, перс, нанхиад, түрэг, уйгур, согд зэрэг олонхи хэлний хөшөөд нь, бичээснүүд нь зөвхөн Монгол төдийгүй Төв Азийн ард түмнүүдийн түүх, соёл, тухайн үеийн Ази, Европ хоёр тивийн улс төр, эдийн засаг, шашны харилцааг судлахад шинэ мэдээ өгөхүйц үнэ цэнэтэй эх сурвалж болж байгааг судлаачид хэлдэг.

    -Та Монголд анх хэзээ ирж байв?
    -1981 онд анх жуулчнаар, дараа нь 1987 онд орчуулагчийн ажлаар БНМАУ-ын үед ирсэн. Харин судалгааны ажлаар 1994 оноос хойш ирэх болсон. Гэхдээ удаан амьдраагүй, Монголд суралцаагүй.
    -Энэ удаа Та ямар ажлаар ирэв?
    Монгол-Японы хамтарсан “Хан Хэнтий” төслийн Японы талыг ахалж байна. 2017 оноос эхлэн гурван жил үргэлжлэх энэ төслийг бид БОАЖЯ-ны харьяа Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байгаа. Бурхан Халдун хайрхныг 2015 оны зун ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэсэн. Гэвч Дархан цаазтай газар гэж хязгаарлан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дорвитой ажил хийгээгүй юм билээ.

    Төслийн хүрээнд энэ хайрхныг хойшид хэрхэн судлах, аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх талаар судалж байна. Тусгай хамгаалалттай газарт хүмүүсийг хамаагүй оруулж болохгүй. Тиймээс хаана нь жуулчны бааз байгуулах вэ? гэх мэтээр төлөвлөх хэрэгтэй. Энэ удаа Бурхан Халдун хайрхан болон түүнийг хүрээлсэн тахилгат уулууд гэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Түүн дотор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт байгаа Балдан Бэрээвэн хийд, Батширээт сумын нутагт орших Рашаан хад, Биндэрийн овоонууд бүгд түүхийн учир холбоостой. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэхдээ тэдгээрийг хассан байна. Тэгэхээр түүхэн дурсгалт энэ газруудыг дахин сайн судлаад соёлын өвд бүртгүүлэх чиглэлээр ажиллаж байна.

    БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫГ ФҮЖИ УУЛЫН ЖИШГЭЭР ХӨГЖҮҮЛНЭ
    -Фүжи уул Японд очсон жуулчдын зорьж очдог газар, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүнүүдийн нэг шүү дээ. Түүн шиг Бурхан Халдун хайрхныг аялал жуулчлалын эргэлтэд оруулахад юуг анхаармаар санагддаг вэ?
    -Фүжи уул бас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, тахилгат хайрхан. Бид энэ хоёр хайрхныг харьцуулан судална. Монголын талаас албаны хүмүүс Фүжи уулыг аялал жуулчлалд зориулан хөгжүүлсэн байдлыг очиж үзэж, харилцан судлах юм. Бурхан халдунд хийх эхний гурван жилийн судалгааны үр дүнгээр тахилгат хайрхныг яаж тахиж шүтэж байсан тухай түүхийн мэдээллийг цуглуулна.

    -Монголын нууц товчоонд Тэмүжин Гурван Мэргидээс зугтаж амь гарсны дараа:
    “Гагцхан амиа хайрлан
    Ганц морьт болж
    Хандгайн жимийг дагаж
    Халхасан гэр гэрлэж
    Халдун дээр гарлаа, би
    Халдан бурханаа
    Харцын төдий амиа
    Халхлуулав, би.
    Айхын ихээр айлаа, би
    Бурхан халдуныг
    Өглөө бүр мялаасугай!
    Өдөр бүр өчсүгэй !
    Ургийн ураг минь
    Ухан мэдтүгэй! хэмээн наран өөд хандаж, бүсээ хүзүүндээ эрихлэж, малгайгаа гартаа сэгилдэргэлж, гараа өвчүүндээ дарж, наран зүн есөнтөө сөгдөж, сацал сацаж, өчил өгөв” гэж өгүүлсэн байдаг. Гурван мэргид Тэмүжинг хайж, Бурхан халдуныг гурвантаа тойроод ч эрэн хайгаад олоогүй. Үүнийг шашин шүтлэгтэй холбож үзэх үү?

    Европын христос шашны лам нар Монголд ирээд Гүег хаантай уулзаад, Гүег хааны захидлыг Ромын пап ламд хүргэсэн. Тэр захидал одоо Ватиканы нууц архивт байгаа.

    -Тэгнэ, бөөгийн шашин. Тэр үед бурхны шашин хараахан нэвтрээгүй байсан. Харин одоо бол уул хайрхны тахилгатай холбоотой сангийн судруудын олонх нь түвд эхтэй. Жишээлбэл, Бурхан Халдуны талаар IV Ванчин богдын зохиосон сангийн судар байна. Бас Зава Дамдин гуайн түвд хэлээр зохиосон Бурхан Халдуны тахилгын судар байдаг.
    Ер нь бурхан шашин, Монголын бөөгийн шашин уул усны тахилгатай ямар нэг сэжмээр холбоотой. Би түвдээр муухан уншина. Энэ төсөлд Гандан хийдийн лам нар оролцож, шашин шүтлэгийн талаас нь тайлбарладаг. Тийм суурь мэдээг сайн цуглуулж бүртгэх ёстой. Зохиолч Ж.Саруулбуян гуай энэ төсөлд ажиллаж байгаа. Тэр хүн Чингис хааны хоригийг сахиж байсан Урианхай ястны хойчис гэж өөрийгөө хэлж байсан.
    МОНГОЛД ТАЛ НУТГИЙН ТОРГОНЫ ЗАМ БАЙНА ГЭЖ ҮЗДЭГ

    -Таныг Эрдэнэзуу хийдэд судалгааны ажил хийсэн гэж дуулсан. Чухам ямар судалгаа хийсэн бэ?
    -Монгол Японы хамтарсан “Эрдэнэзуу” төслийн хүрээнд Эрдэнэзуугийн хийдэд 2009 оноос зургаан жилийн хугацаанд энэ хийдийг цогц байдлаар судлах ажил эхэлсэн. Шашин, түүх, археологийн өвийг сэргээн засварлах, сүм хийдийн архитектурын талаар суурь мэдлэг олгох судалгаа хийлээ. Эрдэнэзуу хийд 1587 онд анх байгуулагдсан гэж үздэг. Эрдэнэзууд урт нь 500 метр, өргөн нь 450 метрийн хэмжээтэй хэрэм бүхий 108 суваргатай байгууламж бий.

    Түүний дор Монголын эзэнт гүрний үед баригдсан Монголын их хаадуудын ордон байх магадлал өндөр байна. Энэ бол Монгол Германы хамтарсан судлаачдын олж нээсэн ажил юм. Гэхдээ шашны газар учир хамаагүй малтлага хийж, хөндөж болохгүй. Тэнд судалгааг хийсэн Японы археологич профессор Н. Шира Иши Уйгурын үе буюу VIII-IX зууны ваар, тоосго гарч байна гэсэн. Нөгөө талаар Монголын нэрт хувилгаан, Гавш Зава Дамдин 1930-аад онд “Монголын Бурхан шашны түүх” номыг түвд хэлээр бичсэн. Тэр хүн түвдээр маш олон ном бичсэн.

    Тэр номондоо Эрдэнэзуу хийд анх Уйгурын үед байгуулагдсан гэж бичсэн байна. Бид тийм баримт олдоогүй гээд итгэхгүй байсан. Шууд батлах баримт олдоогүй ч Эрдэнэзуугийн урдуурх газар VIII-IX зуун буюу Уйгурын үед зарим нэг байгууламж байсан гэх магадлал маш өндөр. Орхоны хөндийн тэр хэсэг Уйгурын үеэс одоогийн Хархорин Эрдэнэзуу байгаа газар бол Монголын түүхийн бүх цагийг үзээд ирсэн дурсгалт газар мөн гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.

    -Та нар судлаачид учир түүхийн жаахан ч гэсэн ул мөрийг үзээд түүнээс маш сонирхолтой дүгнэлтүүдийг хийж чадаж байна. Харин жирийн жуулчин Эрдэнэзуу хийдэд очоод сэтгэл дундуур буцсан тухай нэг бус удаа сонсож байлаа?
    -Тийм тал байж магадгүй. Бид нар зургаан жилийн хугацааг будаж, жаахан сэргээж засварласан. Жуулчдад тодорхой мэдээлэл өгөх ёстой. Жишээлбэл, Эрдэнэзуу хийдийн орчмоос илрүүлсэн хөшөөдөөс нэгийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол бичигт хөшөөг Монголын хосгүй үнэт, хоёр дахь хөшөөг үнэт өвийн бүртгэлд оруулан тусгай хамгаалалтад аваад байна.

     

    Хархорумын 1341 оны Перс хэлний бичээс бүхий хөшөө байдаг. Эрдэнэзуу бурхан шашны хийд атал лалын шашны агуулгатай хөшөө байгаа юм. Уг хөшөөнд нь соёмбо байдаг. Монголын эзэнт гүрний үед лалын шашны сүм хийдийг барьсан дурсгал байна гэж хэн ч яриагүй байсныг бид судалсныхаа дараа Монгол хадмал орчуулгыг тавиад, Японы буцалтгүй тусламжаар байгуулсан Хархорум музейд шилжүүлж оруулсан. Бид бас өөр нэг төслөөр музейн үзмэрүүдийг iPad дээр тайлбарлан таниулсан апликэйшн хамтран хийж байгаа. Судалгааныхаа үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр энэ мэт ажлуудыг хийж байна.

    Тал нутгийн Торгоны замаар арилжаа наймаа хийж байсан гэх баримт олдоогүй ч Азийн зүүн, баруун хэсгийг холбосон уулзвар газар, зам тээвэр, арилжаа наймааны гол зам байжээ.

    -Та шашны дурсгалт өвүүдийг судалдаг юм байна. Хэр шүтлэгтэй вэ?
    -Ямар нэг шашин шүтлэггүй. Ер нь олонх япон хүн тодорхой шашин шүтдэггүй. Хурим найр хийхдээ христос шашны зан үйлийг дагадаг. Цагаан сар бол Японы хааны шашин. Оршуулга болоход бурхан шашны ёсыг дагах жишээтэй. Миний аав, ээж христос шашинтан. Тийм учраас багадаа Христийн шашны хийдэд очдог байлаа. Гэхдээ би том болоод ямар ч шашинд ороогүй. Би бурхан шашны сургуульд ажилладаг. Тийм болохоор заримдаа шашны ёслол дээр тарни уншдаг. (инээв)

    -Анх Торгоны зам Таны нүдийг нээж, сонирхлыг татжээ. Харин одоо Хятад улс Ази Европыг холбосон шинэ Торгоны замыг нээх тухай ярьж байна?
    -Энд Хятадын улс төрийн бодлого байгаа учир нэг их дүгнэж ярих хэрэггүй байх аа. Гэхдээ Монгол Улсад тал нутгийн торгоны зам байна гэж үздэг. Тэр нь юу гэвэл Чингис хаан Төв Азийг дайлахаар мордохдоо одоогийн Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтайгаас Алтайн нурууг даваад Төв Ази руу нэвтэрсэн.

    Тал нутгийн Торгоны замаар арилжаа наймаа хийж байсан гэх баримт олдоогүй ч Азийн зүүн, баруун хэсгийг холбосон уулзвар газар, зам тээвэр, арилжаа наймааны гол зам байжээ. Чингис хааны үед гаргасан Тал нутгийн торгоны замаар ХХ зууны эхэн үед Японы судалгааны “Отани” нэртэй анги явсан. 1908 онд Бээжингээс гараад Их хүрээ оролгүй Эрдэнэзуугаар дайрч Улиастай, Ховдоор дамжин Төв Азид нэвтэрсэн. Тэр замыг тал нутгийн Торгоны зам гэж үзэж болно.

    -Тал нутгийн Торгон замаас үлдсэн ямар нэг ул мөр одоо байна уу?
    -Отани багийнхан дунджаар 100 км замд нэг өртөө буюу буудал, үйлчилгээ байсан гэж тэмдэглэлдээ бичсэн байдаг. Тийм учраас тал нутгийн Торгоны замд анхаарал тавих, судлах шаардлага бий. Чингис хаан Төв Ази руу явсны дараа Хятадын Чанчун бомбо гэж бомбын шашны нэг лам тэр замаар явсан. Одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутгаар явж байхдаа Чингис хааны шадар сайд Чинхай гэдэг хүн Чанчун бомбыг угтаж авсан. Чинхай балгас гэж Чингис хааны цэргийн түшиц газар байж. Тэр чухам хаана байдгийг одоо хүртэл сайн мэдэхгүй, янз бүрээр ярьж байсан.

    “Бичээс” төслөөр бид нар хайгуул хийгээд Шарга сумын нутаг Шарга голын өмнөх эрэг дэх Халзан Ширэг гэдэг газар байгаа балгас мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид өнгөрсөн жил судалгаа малтлага хийхэд бурхны хөл гарч ирсэн. Энэ тухай гуравдугаар сарын 27-нд хэвлэлийн бага хурал хийгээд нийтэд мэдээлнэ. Эндээс Тал нутгийн Торгоны зам нь бурхан шашны төлөөлөгчид ирж, буцдаг байсан зам мөн гэсэн бас нэг шинэ дүгнэлтэд хүрч байна. Бид он цагийн шинжилгээ хийж байгаа. Чингис хааны амьдарч байсан үеийн он цагтай таарвал бас сонин. Манж Чин улсын үед тэнд Манжийн цэргүүд сууж байсан учир магадгүй тэр он цаг гарч мэдэх юм.

    -Он цагийн шинжилгээний дүн нь хэзээ гарах бол?
    -Удахгүй гарна. Японд шинжилгээ хийж байна.

    ХЯТАДЫН СУРВАЛЖ БИЧГҮҮДЭД МОНГОЛЫН ТАЛААР ӨГҮҮЛСЭН МАШ ИХ МАТЕРИАЛ БИЙ

    -“Түүхээ мэдэхгүй хүн ойд төхөөрсөн саравч адил” гэсэн үгийг би нэг түүхчээс сонсож байлаа. Та Монголын талаар сайн мэдэх хүний хувьд юу гэж дүгнэх вэ?
    -Монгол хүмүүс түүх, соёлоо сайн мэдэх ёстой. Жишээлбэл, Монголын Эзэнт гүрний түүхийн холбогдолтой материалууд зөвхөн Монгол төдийгүй хятад, түвд, перс зэрэг гадаад хэл дээр маш их байгаа. Түүнийг сайн судлах ёстой. Түүхээ судлахгүй бол Чингис хаан ямар хүн байсан талаар сайн мэдэхгүй шүү дээ. Бид нар гадаад хүн учир тэдгээр материалыг гол эх сурвалж гэж үздэг. Чингис хааны амьдарч байсан үеийг өгүүлэх Монголын Нууц Товчооноос өөр монголоор бичсэн материал бараг байхгүй. Амаар уламжилж ирсэн Чингис хааны билэг сургаал бий.

    Аман яриагаар дамжсан мэдээлэл цаг хугацааны уртад бодит үнэнээс гуйвсан байж болно. Хятад, Перс, Түвд сурвалж бичгүүдэд Чингис хааныг гадаад хүний нүдээр харсан материал байдаг. Монголд ирээд буцсан Хятадын элчийн замын тэмдэглэл, Европын христос шашны лам нар Монголд ирээд Гүег хаантай уулзаад, Гүег хааны захидлыг Ромын пап ламд хүргэсэн. Тэр захидал одоо Ватиканы нууц архивт байгаа. Гэхдээ сүүлийн үед Монголын эрдэмтэд түүхээ сайн судлах болсон. Тэд судалгааны бүтээлүүдээ хялбарчлан боловсруулж нийтийн хүртээл болгох ёстой гэж боддог. Ингэж хэлэх нь хаашаа юм, монголчууд хятад хүмүүст жаахан дургүй тал ажиглагддаг. Гэхдээ Хятадын сурвалж бичгүүдэд Монголын талаар өгүүлсэн материал маш их байдаг.

    -Хятадын сурвалжуудад өгүүлсэн Монголын талаарх материалуудаас Таны хамгийн их сонирхсон зүйл юу байв?
    -Юань улс Хятадыг эзлэх үеэс хятад хүмүүс Монголчуудын талаар маш нарийн бичиж байжээ. Муу талаас нь гэхээс илүү Монгол хүмүүс маш гайхалтай гэсэн байна. Жишээлбэл, Хятад улс бичиг үсэгтэй. Албан бичигт тамга дарж баталгаажуулдаг. Харин Өгөдэй хааны 1230-аад оны үед Хятадын элч нар Монголд очсон тухайд “Монголд бичиг үсэгтэй хүн бараг байхгүй, аман яриагаар харилцдаг. Монголчууд худал хэлэхгүй.

    Хятадын нэгэн сурвалж бичигт “Монголд бичиг үсэгтэй хүн бараг байхгүй, аман яриагаар харилцдаг. Монголчууд худал хэлэхгүй. Хэрэв худал хэлсэн бол аман яриагаар дамжуулж засаг захиргааны тогтолцоог үүсгэж чадахгүй. Тийм учраас үсэг бичиггүй ч гэсэн монгол хүмүүс улс байгуулж чадна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Хятад бол чадахгүй гэсэн санаа.

    Хэрэв худал хэлсэн бол аман яриагаар дамжуулж засаг захиргааны тогтолцоог үүсгэж чадахгүй шүү дээ. Тийм учраас үсэг бичиггүй ч гэсэн монгол хүмүүс улс байгуулж чадна” гэж байсан. Өөрөөр хэлбэл, хятад хүн бол чадахгүй гэсэн санаа гарч байгаа юм. Харь хүний нүдээр харсан тийм том дүгнэлт байсан шүү. Монголчууд түүх, археологийн олдворуудаа сайн судлах хэрэгтэй. Түүгээр түүх сэргэж, шинэ сонирхолтой мэдээлэл авч болно. Археологийн малтлагын талаар маш их зүйлийг хийж байгаа. Энэ их сайн хэрэг.
    -Манай археологичид ховор олдворуудыг олж байна. Тэр олдворуудаа олон нийтийн хүртээл болгож танилцуулснаар нь судалгааны ажлын үр дүнг тооцно биз дээ?
    -1980-1990-ээд оны үед ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд очиход олдворуудаа нэг том чингэлэгт хадгалчихаад хүмүүст үзүүлдэггүй байсан. Харин 1990-ээд оноос хойш нийтэд үзүүлэх, мэдээлэх болсон. Социализмын үед түүх бол зөвхөн онол гэж үзээд бодит байдлыг анхаарахгүй явсан тал бий.

    Сүүлийн үед их өөрчлөгдөж байна. Археологийн шинэ олдвор байвал түүхийн талаас тайлбарлаж эрдэм шинжилгээний бүтээл бичиж, сэргээн засварлаад музейд тавьж байна. Үндэсний музейн танилцуулгад сүүлийн үеийн олдворуудаа танилцуулсныг би сая олж үзлээ. Бас сүүлийн үеийн түүх, археологийн олдворын богино хугацааны үзэсгэлэн гаргасан байна. Энэ бол маш сайн хэрэг.

    -Тэгэхээр түүх, археологийн чиглэлээр судлах зүйл асар их байна гэсэн үг үү?
    -Бид нар “Бичээс” төслийн хүрээнд Монгол нутгаар 20 гаруй жил явж байна. Тэгэхдээ хоёр аймагт шинэ хятад ханз хадны бичиг байна гэж саяхан сонслоо. Өмнө нь огт тийм зүйл олдож сонсож байгаагүй.

    -Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй учир түүх соёлын маш их зүйлүүдийг өргөн удам газар нутагтаа хаяад явчихдаг. Хожим түүнийг нэхэн судалдаг. Харин япон улсын түүх яаж бичигддэг вэ?
    -Япончууд тариачин гаралтай. Газар нутаг багатай, хүн ам олонтой. Тийм учир цаас, мод, хулсан дээр юм бичиж үлдээсэн түүхэн материал маш элбэг. Чийглэг газар боловч тусгай сан хөмрөг дотор зохих нөхцөлөөр хадгалуулах уламжлал эрт бий болсон учир цаас муудахгүй удаан хадгалагддаг. Японы үсэг Хятадаас гаралтай. Тэр бол V-VI зуунаас хойшхи хэрэг. Түүнээс өмнө Японд бичиг үсэг байгаагүй учир археологийн олдворуудаас мэдээлэл авч болно.

    Хятадад соёлын хувьсгал гарсан, Монголд 1930-аад оны хэлмэгдүүлэлт, Японд бол дайн гарсан. Японд ч гэсэн дайны гамшгаар түүхийн сурвалж бичгүүд устаж үгүй болсон тал бий. Харин японд бол ер нь хуучны сурвалжууд гайгүй хадгалагдан ирсэн байдаг. Түүхийн эх сурвалжууд он цагийн дарааллаараа жишээлбэл, манай Отани их сургуулийн номын санд хадгалагдаж байна. Материал хангалттай байгаа учир түүгээр түүхийг сэргээж, нарийн судалгаа хийж байдаг.
    Монголд амаар уламжилж ирсэн мэдээлэл маш их байдаг. Түүний дээр монгол хүн бичиг үсэг сурах болсон хоёр шалтгаан байжээ гэж би боддог. Нэгдүгээрт, Монгол хүмүүс хоорондоо харилцахад үсэг бичиг хэрэггүй байсан. Аман яриагаар харилцаж, мэдээлэл солилцож болно. Харин Монголын Эзэнт гүрэн Хятад, Төв Ази зэрэг монгол хэл мэдэхгүй улс үндэстнийг эзэлсэн. Тэр хүмүүст зориулж, тэдний үсэг бичгээр хаад ноёдын зарлигийг өгөх хэрэгтэй болсон учир монгол хэлээс гадна тухайн улсын хэл дээр хадмал орчуулгатай бичгүүдийг явуулах болсон байх. Хоёрдугаарт, Монголд бурхан шашин нэвтрэхэд бурхны номыг орчуулан тэмдэглэх шаардлага гарсан гэж боддог.

  • ХОДООДНЫ ӨВЧНИЙГ ЭДГЭЭХ МОНГОЛЫН ЭРТНИЙ АРГА

    -Тарвагны тосыг шөнө дунд нэг халбага уувал ходоодны шарх эдгэнэ.
    -Хойлогийн мах, ходоодыг хатааж нүдсэн борцыг буцалсан усанд 1 халбага хийж бүрж уухад сайн. Өдөрт 3 удаа ууна. Хойлогийн ходоодыг хатааж нүдээд ширгээсэн хагас аяга усанд амны халбагыг хийж бүрээд уудаг. Өдрийн гурваар 14 хоног уухад эдгэнэ.
    -Манай орны хаа сайгүй ургадаг таван салааг хандалж уухад сайн.
    -Чонын ходоод, мах чанаж уудаг ба ялангуяа ходоодны шингэц муудахад тустай.
    -Чацарганын тосыг хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал эдгэнэ.
    -Тахианы ходоодыг хатааж нүдээд өдөрт 3 халбага уудаг.
    -Шинэ төмсний шүүсийг адил сахартай хольж буцалгаад хатааж нүдээд усаар даруулж уухад шарх лавтай эдгэнэ.
    -Монголчууд ярьдаг ходоодны бадгана өвчинд өглөөний өлөн шээсээ авч өдөрт 3 аягаар сар уухад эдгэдэг.
    -Ширгээсэн усанд зөгийн бал хийж уух нь шарх эдгээх сайн эм болно.
    -Нохойн хошуу буюу ганьдгарын буурцагыг хандалж зөгийн балтай өдөрт 2 удаа аягаар уухад лавтай эдгэнэ.
    -Чацаргана идэх тосыг нь эмийн журмаар уух гоц сайн шархлаа эдгэдэг.
    -Жанчивлан сувилалыг эмч Цэвээн тарваганы бөөрний өөхийг наранд тавьж саванд тосч аваад газар хадгалж өдөрт 2 халбага тос өглөө оройд уусаар 14 хоног уугаад ходоодны шархлаагаа эдгээсэн гэдэг.
    -Архаг өвчтэй хүн ургамлын тос 1 амны халбагыг балгаж гаатай чихэр хүлхэнэ. Залгиж хэрхэвч болохгүй 10 минут байлгаад өтгөрсөн тосыг асгаж амаа зайлна. Өглөө өлөн дээр, оройд хийгээд байхад 10-20 хоногт эдгэнэ.
    -Мах шингэхгүй бол цагаан луувангийн шүүс буцалгаж уувал сайн.
    Ходоодны хорт хавдар буюу нарийн
    Монголчуудын үндсэн өвчин гэж хэлж болох энэ өвчнийг монголчууд “нарийнтах” гэж ярьдаг бөгөөд намайг бага байхад цус харвах, дайрлаг дайрах хоёроос өөр өвчин бараг байгаагүй санагдана. Хүнийг өлсгөж харангадуулж үхүүлдэг энэ өвчнөөр өвдөөд эдгэсэн хүн мэр сэр байх ажээ.
    -Харин Өмнөговь аймгийн хоёр өвгөн нарийн өвчөө эдгээсэн түүхийг ярья.
    -Цог хорхой буюу тонгой хар гэдэг нь эмчилгээний ховор амьтан бөгөөд 4 хөлтэй, 6 хөлтэй 2 янз байдаг. 4 хөлтэй нь илүү сайн гэдэг юм билээ.
    -Хорт хавдарт чонын ходоод идэх сайн гэдэг.
    -Цог хорхойг архинд хийж эмчилгээний журмаар уудаг боловч амьдаар залгиж болохгүй. Архинд 7 ширхэгийг өмхийг нь гаргахгүй хийдэг.
    -Ёл шувууны мах идэж өвчнөө эдгээсэн хүн байдаг бөгөөд Ёл шувуун мах ховор учир тэр бүр олдохгүй. Миний мэдэх Байдаг богд Хавтага, Тахийн шар нуруунд л байдаг.
    -Чонын мах, цус халуунаар нь идэх.
    -Доргоны халуун цус уух нь сайн.
    -Шар шувууны махыг чанаж шөлтэй нь идэж уудаг.
    -Сохорномингийн махыг шалз чанаж шөлтэй нь идэх.
    Англи улсын эрдэмтэн Жон Армсронг ямар ч өвчнийг хүн өөрийн шээсээр эмчилж болдгийг дурьдсан “амьд ус” гэдэг ном бий. Ер нь өглөөний өлөн шээс анагаах чадвартай гэдэг. Ходоод дотор, Элэг, цөс эмэгтэйчүүдийн гэх мэт ямар ч өвчинд шээс сайн. Намайг бага байхад миний буурал аав Лантуу элдэв халуун ханиад халдварт өвчинтэй газар явахдаа гарсан шээсээ ууж шархаа угааж шавшиж бай гэж надаа захидаг байлаа. Өөрөө есөн эрүү шүүлтийг давахдаа шээсээ ууж шархаа шавшиж эдгээсэн гэж ярьдагсан. Тэр үед би бага байсан болохоор сонсоод л өнгөрсөн. Хожим олон газар явж олон хүний яриа сонсож буурал аавын хэлсэн нь үнэхээр ач тустай арга гэдгийг өөрөө хэрэглэж байж л үнэмшсэн дээ.
    -Чонын ходоодонд байдаг шингэнийг асгалгүй хатааж аяга буцалсан усанд хатсан ходоодноосоо хэсгийг хийж хэсэг байлгаад бүгдийг нь уудаг гэж 1978 онд ярьж байсан хилийн цэргийн офицер байсан хүн одоо ч эрүүл саруул явж байна.
    -Төвдүүд “Дувтоврилгор” гэдэг эмээ байнга уудаг бөгөөд нарийн гэдэг өвчин байдаггүй гэнэ.
    -Энд зориуд дурьдахад хүн өөрийн өлөн шээсээ уугаад байхад олон төрлийн өчнөөс сэргийлж эдгээж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
    Өөрийн шээс өөрт эм болдгийг олон удаа үзсэн сонссон. Ходоодны өвчтэй Сэмжаан эмнэлгээр хэдэн жил яваад эдгэрээгүйд аяганы хагас ус буцалгаад нүдэж бэлдсэн Игүүшин жижиг халбагыг хийж бүрээд уугаад байсан нь зүгээр болжээ.
    -Ходоодны өмөн үүтэй хүн тарваганы тос уугад байхад хэдэн жил явна шүү.
    -Хоол идэхээ больчихсон хүн тарваганы тос өдөрт 3-4 халбага уугаад 2 жил болж эдгэсэн. Өмөн үү өвчинд хэрэглэдэг.
    -Хадны хааг ширгээд уухад суулгах өвчин зогсоно.
    -Элэг өвдвөл голдуу баруун хавирганы ясан дор өвдөх, эвгүй оргих, гэдэс үргэлж хөөх, хоолонд дургүй болох бөөлжис хүрэх хоолны шингэц муудах, бие сулрах, тамиргүй болох, нүд, нүүр улайх, ам гашуу оргих, элэг томорсон мэт санагдах гэх зэрэг шинж илэрдэг.

  • УРАН БҮТЭЭЛЧ Р.ЛХАМСҮРЭН ГУАЙ ӨӨРИЙН БҮТЭЭЛТЭЙГЭЭ ТАНИЛЦУУЛАВ.

     

    Түүний уран бүтээлийн дээд оргил бол Хэнтий аймгийн Хөдөө аралд босгосон Монгол олон овгийн тамгийг хөшөөнд тусгасан гэрэлт хөшөөг бүтээсэн билээ. Тэр хөшөөнд Монгол овгийн 500 орчим овгийн тугийн тамгийг дүрсэлж босгосон юм. Эрдэмтэдийн судалгаанд ороогүй 3 тамгыг тэр хөшөөнд нэмж байсан түүхтэй. Энэ үед овгийн тамгийг судлахад их цаг зарцуулсан билээ.
    Мөн Улаанбаатар хотын сүлд, тугны төслийг хийж анх яригдаж Улаанбаатар хотын АДГЗ-ны дарга Алтангэрэл, МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга Пүрэвдорж гуайд танилцуулж байсан түүхтэй. Хан гарьдын зураг бүхий сүлдийг 1994 онд хотын Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж батлуулж байсан юм.
    Мөн төрийн есөн цагаан тугийн зургийн төслийг бүтээсэн билээ.
    Би баруун Алтай, 4 ойрдын гаралтай, үг гарвалтай хүн юм. Хөвсгөлөөр хойт зүгт нүүдэлж, улмаар монголд орж ирсэн юм. Эртний уг гарвалаар урианхай хүн болж таарсан. Манайхан Баатар буюу Баатад овгийн улс юм. 1990 онд нэг өвгөн ирж, манайханы угийн бичиг авчирч өгч байсан сонин түүхтэй.
    2010 оноос хамт олон Мөнх тэнгэр шүтлэгчүүдтэй уулзлаа. Монгол бөөгийн судлаачид, удган зайрангуудтай танилцаж, Мөнх тэнгэрийн шүтлэгтэнгүүдтэй танилцаж явна.
    Түүний уран бүтээлл нь Хүннү Сүннүгийн үеэс өнөөг хүртэл хүртэл түүхийн улбааг багтааснаараа онцлоготой. Р.Лхамсүрэн гуай “Мөнх тэнгэр-Зөн билиг” сэдвээр уран бүтээл туурвиж уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байжээ.
    2012 онд Р.Лхамсүрэн гуай МБНЭ-ийн Дээд хуралдаанд биечлэн оролцож, бөөгийн нэгдсэн анхны байгууллагыг байгуулахад оролцож явсан түүхтэй. Тиймээс МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрийн зүгээс чадах бүхнээ зориулахаа илэрхийлсан билээ.
    МБНЭ-ийн санаачлан байгуулж байгаа Монгол туургатан баатруудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулж байгаа тухай мэдээлэл өглөө. Тэрхүү цогцолборт Р.Лхамсүрэн гуайн бүтээлээс байрлуулах боломжтой байгаагаа илэрхийлсэн юм.

    Д.Хүрэлбаатар

  • ТОРОЙ БАНДИ

     

    Заябандид тэднийг “Төрийн сайн эрс” хэмээн нэрлэж, тэдний хүчээр монголын баялгийг хэсэг зуур ч гэсэн хамгаалж чаддаг байсан түүхтэй.
    Тоорой банди хэмээн алдаршсан Нанзад нь 1834 онд одоогийн Дарьгангын “Бударын чулуу” хэмээх газар мэндэлж, бага балчир насандаа эцгээс өнчрөн эхийн хамтаар тун тарчигхан амьдарч байхдаа “Бургасан дуган”-д шавилан сууж байсан боловч лам багшийнхаа хатуу занг үл тэвчин дуганаасаа оргожээ.
    Тоорой банди хожим “төрийн бөөс” хэмээх хочтойгоор алдаршиж 1860 оны дунд үед Цахар найман хошуунд төдийгүй Халх даяар нэрд гарсан шилийн сайн эр болжээ. Хошуу нутгийнхаа ард олонтой олсон олзоо хуваан, харийн худалдаачид, ноёд түшмэдийн эсрэг тэмцжээ.
    Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан малаа үгээгүй ядуу хүмүүст тарааж явахдаа адуугаа таниад ирсэн эзэнд нь “Тоорой бандиас авсан” гэж хэлж байгаарай гэдэг байжээ. Хэрвээ адуучин нь адуугаа буцаагаад аваад явсан байвал нөгөө ноёд түшмэлийн адуунаас шилж байгаад 20, 30-аар нь аваад явчихдаг байжээ. Түүнээс хойш өөрийн алдсан морио таниад “Тоорой өгсөн” гэж сонсвол буцааж авдаггүй байжээ. Сэцэн хан аймгийн нутагт бүгэж байхад нь 800 орчим цэрэг дайчлан хайгаад олоогүй гэдэг. Ядуу ардууд түүний үйл хэргийг хүндэтгэн үнэнчээр нууж чаддаг байв.
    Тоорой хэмээх нэр нь говийнхон “эр зоригийн мод” хэмээдэг тоорой модны нэр болов уу, харин банди хэмээх нь түүнийг хийдэд шавилан сууж байсан учир ийнхүү нэрийдсэн болов уу, хэмээн судлаачид үздэг.
    Мөн Тоорой биш “Торой” гэдэг байсан гэж ч ярьдаг. Ер нь бол жижгэвтэр биетэй хүн байсан бөгөөд зугтаад алга болохоороо маш хурдан шаламгай байсан гэнэ. Торолзож бөртөлзсөөр алга болдог байсан учраас “торойх бөртийх” гэдэг үгнээс үүдэлтэйгээр “Торой” банди ч гэж нэрлэж байсан гэдэг.
    Бас зарим сурвалжид, ядуу ардаас гаралтай ч амьдрал тэмцлээрээ шалгаран “торойж” Халх 4 аймаг, шавь 5 аймаг, Ар, Өвөрлөгч 49 хошуунд нэр алдраа цуурайтуулсан хүн учраас торойж гарч ирсэн гэдэг утгаар “Торой банди” болсон гэж тайлбарлах нь ч бий. “Торойтон” гэх 70 гаруй хүн нэгдсэн сайн эрсийн хөдөлгөөн байсан ч гэдэг.
    Тоорой бандийн эцэг Данзан гэж бяр чадалтай бөх хүн байсан ба хошуу наадамдаа хэдэн ч удаа түрүүлж байжээ. Эцэг нь өвөрлөгч хошуудын нутагт жин тээж яваад Тоорой бандийг 9 настай байхад нь хорлогдон нас барсан гэх яриа байдаг. Эх Дулам нь удганы эрдэм чадалтай хүн байсан гэх агаад далны ясаар мэргэ төлөг буулгадаг байжээ.
    Тоорой банди өөрийн хувь заяаг асуухаар Говийн мэргэн хутагтынхыг зорьжээ. Хүрэлцэн очиход ноён хутагт “шагайт чөмөг” зооглон сууж байжээ. Тоорой банди мэнд амрыг нь асуутал, хутагт үг ч хүлээлгүйгээр шагайт чөмөгнийхөө шагайг мултлан нэг хоёр орхитол “морь” буужээ. Хутагт тэр шагайгаа морь буусан чигээр нь Тооройд үг хэлэлгүй өгөөд уншлага уншиж гарчээ. Тоорой түүнийг нь аваад “чиний амьдрал морин дэл дээр юм байна, морьтой нөхөрлө, морь чиний хань” гэсэн айлтгал болохыг ухаараад буцсан гэдэг.
    Тоорой банди Монголын их баялаг сүргийг харийн хил давуулахаас өмнө “шомбодож” нутгийн ядуу олонд тараадаг байсан учраас ард олны дунд,
    “Тоорой бандийг байхад торгоны сайныг өмслөө
    Тоорой бандиас хойш тостой даавуу ч олсонгүй
    Гэрийн хаяанд суугаад гэзгийг минь илдэгсэн
    Хажууд минь түшиж суугаад хацрыг минь илдэгсэн
    Гуна гүнжийн нуруунд гундаа нь үгүй Тоорой
    Гучин хоёр хошуундаа баригдаа нь үгүй Тоорой
    Цантын цагаан нуруунд цантаа нь үгүй Тоорой
    Цахар найман хошуунд баригдаа нь үгүй Тоорой доо…”
    хэмээн ардын дуунд мөнхрүүлэн дуулдаг байжээ.
    Тоорой бандийн хөшөөг 1999 онд Ганга нуурын зүүн хойно байрлах Гангын цагаан овоон дээр уран барималч Ж.Дүүрэнтөгс урлан босгожээ. Хөшөөний урд байх аяны тогоонд ирсэн гийчид цай чанаад, цайныхаа дээжээс Тоорой бандийн гартаа барьсан аяганд нь хийж өгч хамт үдэллэх ёсыг бодож бүтээсэн байна.
    1791 онд Халх журам хуулинд “суурин иргэд Манж, Хятад худалдаачдын бие, хөрөнгөнд халдсан этгээдийн гарыг мухарлах, цөлөх, есөн эрүү тулгах, цаазын ял оноох” тухай заалтууд оруулж байсан гэдэг. Үүнээс үзвэл, Монголын газар нутагт Тоорой бандиас өмнө манж, хятад, монгол ноёдыг “айлгадаг” шилийн сайн эрс байсан нь тодорхой байдаг.
    Баруун хязгаарт нум сум чадамгай хэрэглэдэг Лхан хар Бадарч, Засагт хан аймгаас гаралтай Тогос Чүлтэм, Алтайн нурууны Ганган Төгс, Дөрвөд далай ханы Архаг Жума гэх мэт түүхт эрс олон байжээ. Тэд Манжийн дарлал, Хятадын мөнгө хүүлэл, дотоодын феодал ноёдын алба татвар зэргийг эсэргүүцэн ардын төлөө босон тэмцэж, өргөсөн тангарагтай, андын журамтай явсан ажээ.
    1715 оноос манж нар Зүүнгарын хаант улсыг эзлэх бодлогоо эрчимжүүлэн Халхын нутгийг түшиц газар болгон цэргийн хүнс, уналга унаа, цэрэг эрс дайчлах ажлыг хийж эхэлсэн ба чанга цааз тогтоон цэрэг дайнд мордохоос дургүйцэх, заасан хугацаанаас хождуулах аваас хошуу ноёдын цалин пүнлүүг хасах, албат иргэд, адуу малыг хураах, эхнэр хүүхдийг цөлөх, ноёд энгийн ард алин боловч саад учруулсан бол цаазаар авах хүртэл шийтгэл ноогдуулж эхэлсэн байна.
    Халхын ноёд манжийн бодлогыг нэлээд эсэргүүцдэг байсан жишээ олон байдаг ба 1730-аад оны сүүлээр Сэцэн хан аймагт Манжийн эсрэг гарсан хөдөлгөөн бий. Тус аймгийн нутгаас 3000 цэрэг татагдсаны 1800 нь гэдрэг буцаж эсэргүүцжээ. Манжийн цэргийн хүнсийг замаас нь булаах дээрэмдэх үзэгдэл нэлээд гардаг байв. Үүний нэг жишээ нь, Халхын Засагт хан Цэвээнжавын ард Жав, Боролдой нарын удирдлагад хэдэн зуун хүн нэгдэн манж цэргийн мал, будааг булаан авсан учир Хятадын хязгаар нутагт цөлөгдөж байсан байна. Эдгээрээс үзвэл, шилийн сайн эрс төрөн гарах үндэс нь Манжийн бодлоготой шууд холбоотой байжээ.

  • ХҮҮХДЭД НЭР ӨГӨХ ЁСОН

     

    1. Төрсөн жилээр нь билэгшээж нэрлэнэ. Хулгана, туулай, луу, барс…

    2. Төрсөн гарагаар нь нэрлэнэ. Даваа, Мягмар, Буд…

    3. Төрсөн сар гараг хоёрын тохиолыг баримтлан нэрлэнэ. Санчир, Эрхэс, Марал… мэт

    4. Од гаригийн тохиол баримтлан нэрлэнэ. Саран, Нархан, Хишиг, Мөнгөн гэх мэт …

    Хүүхдэд нэр хайрлахдаа хэд дэх хүүхэд, хүүхдийн тогтоц зэргийг харгалзаж байсан баримт бас байна.

    Бие султай, өвчин ороомтгой хүүхдийн нэрийг сольдог байв. Мөн хүүхэд тогтдоггүй айл хүүхдэдээ нэр өгөхдөө маш их учир жанцантай ханддаг байжээ.

    Цэцэг, Навч болсон нэрийг хуучцуул өгөх тийм дуртай биш. Улирлын чанартай, амархан хагдарч унадаг тул богино наслана гэж үздэг байв.

    Түүхэнд нэрээ дуурсгасан алдарт хаад, тэдний үр садангийн нэр өгөхөөс цээрлэдэг байж. Энэ нь нэгд их хаадаа хүндэтгэж, нэрийг нь дэмий дуудахгүй байх, нөгөө талаар ийм нэрс хүндэднэ гэж үздэг байв. Гэтэл өнөөдөр бие биентэйгээ барьцаж байгаа юм шиг олон Тэмүүжин, Чингис, Өгөөдэй, Ану, Мандухай нар бий болсон байна. Ёс уламжлалаа мэдэхгүйн уршиг энэ юм.

    Дээр үеийн хүмүүс хүүхдэдээ Лувсан, Дулам, Бадам гэх зэрэг түвд нэрийг өгөхийг чухалчилдаг байж. Ийм нэрийг нас урт, бие эрүүл, бөх бат, хувь заяа сайн байхын билэгдэл гэж үздэг байв. Хүүхдийн нэрийг хичнээн урт байсан ч бүтнээр дуудахыг эрхэмлэнэ.

    /Хань/

  • ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛ БОЛОН МОНГОЛ ГАРАЛТАЙ ХЭДЭН ХҮН АМЬДАРЧ БАЙНА БЭ?

    2. Өвөрмонголд 3 сая
    3. Энэтхэгт 30 сая Монгол гаралтай хүмүүс
    4.Непал буюу Монголчуудын хэлдэгээр Балбын вант улсад 10 сая
    5. Афганистанд хазара буюу мянгатууд 5 сая
    6. Иранд хазара буюу мянгатууд 1сая
    7. Пакистанд хазара буюу мянгатууд 600000 гаруй мянга
    8. Шинжаан Уйгарт 200000 гаад мянган хүн Үндэсний цөөнх 0,8%
    9. Халимагт 150000 мянган хүн төрөлх хэлээрээ ярьж байгаа.
    10. Буриад Дэлхий даяар — 550 мянга (2010 он).
    Үүнээс: 2010 тооллогоор:
    * Орос 461,389 хүн амьдарч байна.
    * Бүгд Найрамдах Буриад Улс Буриад — 286,839 хүн амьдарч байна.
    * Эрхүү муж — 77,667хүн амьдарч байна.
    * Өвөр Байгалын хязгаар — 73,941 хүн амьдарч байна.
    * Монгол Монгол — 45,087 хүн амьдарч байна.
    * Хятад (БНХАУ) — 10,000 хүн амьдарч байна.

    11.БНХАУ-д нийтдээ 5 сая гаран Монголчууд байна гэсэн мэдээ байна. Харин Монгол гаралтай хэдэн хүн байгаа бол…
    12. БНХАУ Хөхнуурын Монгол буюу дээд монголчууд 200000 гаад мянган амьдарч байна
    13. БНХАУ – Дунсиань Монгол : Монголын эзэнт гүрэн буюу Чингис хааны их цэргийн байлдан дагууллын үед үлдэж хоцорсон хүмүүсийн хойчис юм. 1227 онд Чингис хаан хамгийн сүүлчийн байлдан дагууллаа хийхээр Тангуд улсыг зорьсон. Тэр зам Хатан голын эрэг дээр шархадсан цэргүүдийнхээ зарим хэсгийг цааш аян дайнаа үргэлжлүүлжээ. Тэнд үлдсэн Монгол цэргүүдийн үр хойч өдгөө Хатан голын эрэг дээр амьдардаг Дунсиань-чууд юм. Өдгөө тэдний тоо 541 мянгад хүрчээ. Тэдгээр хүмүүс Алтай язгуурын Монгол хэлээр ярьдаг.
    14. БНХАУ – Ганьсу мужийн Хилияншан уулын цаст өндөрлөгт Монгол улсын Баруун аймагаас 1910 оноос хойш 3 удаа нүүдлэн очсон Цастын халхууд 4000 гаруй хүмүүс амьдарч байна.
    15. Татарууд буюу Их Нирун улсын хааны үр удам дэлхий даяар мөн тархан суурьшсан байна.
    16. ОХУ – Бүгд Найрамдах Тува Улс 17 хошуунд – 310,460 хүн амьдарч байна.
    17. ОХУ – Бүгд Найрамдах Алтай Улсад 69000 Монголчууд амьдарч байна.
    18. АНУ – ын Халимагууд
    Энэ мэт бидний мэдэх болон мэдэхгүй маш олон Монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан амьдарч байна.

    Монголчууд дэлхийд тархан суурьшсан шалтгаан нь:
    1. Хил хязгаараар таслагдсан
    2. Эзэлсэн нутгаа сахиж үлдсэн
    3. Хаад болон цэргүүдийн үр удмаас
    4. Нүүж очсон
    5. Орхигдож үлдсэн гэх мэт…

    Ийм л хувь тавилан эрт цагт амьдарч байсан бидний өвөг дээдэст тохиолдсон байна. Монголчууд маань дэлхийн газар нутгийн 33 000 000 мкв буюу Атлантын далайгаас Номхон далай хүртэл эзэлсэн цорын ганц ард түмэн шүү.

    Бидний хэдэн цөөхөн Монголчууд гэдэг ч цөөхөн байлгахыг хүсч байгаа улсууд, хүмүүс их байна. Гадныхны урт удаан хугацааны бодлогын үр дүнд Монголчуудыг маань салгаж сарьнуулж, буталж бутаргаж, алж талж, хавчиж хатуурхаж ирсэн. Энэ юуг хэлээд байна вэ? гэвэл Дэлхий биднээс айж байгаа бид нэгдвэл түүхийг өөрчлөх, шинэчлэх агуу ухаантай, зоригтой их хаадын үр удам тэнгэрлэг, тэнхээлэг “ДЭЛХИЙН ХААН” ард түмэн.