Ашигт малмалын ордод олборлолт хийхэд улсад зохих хэмжээний татвар төлдөг, цөөн хэдэн хүн ажлын байртай болдог, уурхайн эзэд баяждаг, нөхөн сэргээлт хийсэн ч өрөө уудлуулсан байгаль эх дэлхий өрөөл татанхай болж үлддэг. Харин ордыг хэвээр үлдээвэл ашигт малтмал, алт эрдэнэс үр хойчид минь үлдэж, унаган байгаль, ус гол, ургамал амьтан аврагдан, өвөг дээдсийн үлдээсэн түүхэн дурсгал анхны төрхөөрөө үлддэг нь үнэн.
У.Хүрэлсүхийн засгийн газрын үед төрд эргүүлж авч, олборлолтыг зогсоосон зарим ордыг хэрэв одоо хэрнээ ухаж төнхөж байсан бол дараах дурсгалууд өм цөм сүйдэж, агуу дээдсийн минь алтан яс өндөлзөх байжээ.
-Ноён уулын Сүжигт, Зурамт, Хужиртын аманд 293 булш бий. Тэдний бараг тал нь Хүннүгийн үеийн язгууртны оршуулга юм.
-Салхитын мөнгөний ордын орчимд төмөр зэвсгийн түрүү үед төмрийн хүдэр олборлож, боловсруулж байсан ул мөр бүхий сонирхолтой дурсгалууд бий.
-Хармагтайн ордын орчимд тахилгын хоёр ч чулуун байгууламж, Монголын эзэнт гүрний үеийн жирийн иргэдийн булш, хүрэл зэвсгийн үед зэсийн хүдэр олборлож байсан ул мөр бүхий дурсгалууд бий.
-Багануурын уурхайн орчимд Хүрээт дов хэмээх Хүннүгийн хотын туурь бий.
-Асгатын мөнгөний ордын орчимд эртний хүмүүсийн төмөрлөг олборлож, боловсруулж байсан ул мөр бүхий дурсгалууд бий.
Төрд эргүүлж авсан өөр олон орд бий. Наад захын жишээ дурдахад л ийм байна.
Нийтлэгч Д.Болдхуяг
Category: Монгол үндэсний түүх
-
АВРАГДСАН ЗАРИМ ДУРСГАЛ
-
МОНГОЛД ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТУУД БА БОЛОМЖУУД
Тус улс нь дэлхийн дулаарал, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдал, Украин дахь Оросын түрэмгийллээс үүдэлтэй хүндрэл бэрхшээл зэрэг гаднаас ирж буй нөлөөллөөс гадна, хөдөлмөрийн харилцаанаас эхлээд тэгш бус байдал, засаглал зэрэг дотооддоо тулгамдаж буй олон асуудлыг даван туулах зайлшгүй шаардлагатай байна.
Монгол Улсын Шадар сайд ноён С.Амарсайхан, Монгол Улсын Боомтын асуудал эрхэлсэн сайд хатагтай Х.Булгантуяа, Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч, парламентын гишүүн Дэниел Кавчински, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвийн (MIASU) судлаач доктор Элизабет Фокс нартай хийсэн Лондон хот дахь “Эзэн хааны коллеж”-ийн профессор Керри Брауны энэхүү ярилцлагад Монгол Улсын хэтийн төлөв, хөгжил дэвшилд тулгарч буй сорилтуудын талаар онцлон ярилцжээ.
“Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтол болон урьдчилан тооцож болшгүй үйл явдлын далайц, давтамж нэмэгдсэн нь бидний өмнө тулгарч буй сорилтуудыг улам нэмэгдүүлж байгаагаас гадна, геополитикийн нөхцөл байдал манай нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж байна” гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050” шинэ бодлогын талаар ярихдаа, 2050 он гэхэд Монгол улсыг Азийн тэргүүлэгч орнуудын нэг болгох зорилгоор худалдаа, цахимжуулалт, эрчим хүч, эдийн засгийн өсөлт, засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгийн олон чиглэлээр тулгарч буй бэрхшээлийг даван туулахыг зорьж байгаагаа хэлэв.
Монгол Улсын хилийн боомтуудыг сайжруулах нь “Алсын хараа-2050” бодлогын нэг чухал хэсэг юм. “Эрдэс баялгийн экспортын 90 гаруй хувь нь хэдхэн хилийн боомтоор дамжин экспортлогдож байгаа тул бид автозамын, төмөр замын болон агаарын хилийн боомтуудад их хэмжээний хөрөнгө оруулж байна. 2030 он гэхэд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж нийт экспортын хэмжээг 20 тэрбум ам.доллар болгохыг зорьж байна” гэж хатагтай Х.Булгантуяа онцоллоо.
Хөрш Хятад улсын тухайд өмнө нь тээврийн дэд бүтэц сул байснаас хүндрэл бэрхшээл үүсэж байсан тус улстай Монголын Засгийн газар түүхий эдийн худалдаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд хөрш орны харилцаанд чухал ач холбогдол өгч байгаа талаараа дурдлаа. “Хоёр улсын стратегийн түншлэл нь Шинэ сэргэлтийн бодлого болон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын уялдаа холбоог хангана” гэж Боомтын асуудал эрхэлсэн сайд хэлэв.
Бид эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэхийн тулд дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлд тээвэр, дэд бүтцийн боломжуудыг улам сайн ашиглан эрчим хүчний аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай байна” гэж Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
Энэхүү ярилцлагын үеэр Лондон дахь “Эзэн хааны коллеж”, Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Азийн судалгааны төвөөс (MIASU) хамтран гаргасан Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилтууд, хэтийн төлөвийг тодорхойлсон тайланг танилцуулсан байна. Уг тайлан нь Монголын талаар Их Британи, Европ төдийгүй бусад бүс нутгийн улс орнуудад илүү өргөн хүрээнд таниулах зорилготой ажээ.
Доктор Фокс Монгол Улс нь бүс нутагтаа онцгой байр суурь эзэлдэг, ардчилсан улсын статустай, 3.4 сая хүн амтай хэмээн яриад, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал, агаарын бохирдол, авлига зэрэг асуудлууд нь нэмэлт сорилтууд болж байна гэлээ.
Шадар сайд С.Амарсайхан авлигын талаар ярихдаа, “Монгол Улс авлигын индексээрээ дэлхийд 110 дугаарт эрэмбэлэгдсэн, энэ тоог хоёр оронтой тоонд маш хурдан оруулах хэрэгтэй. Энэ бол манай Засгийн газрын зорилт” хэмээн тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс нь Их Британитай хийж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг дахин нотлоод “Манай засгийн газар хоёр орны ашиг сонирхол, үнэт зүйлд нийцүүлэн Их Британитай харилцаагаа бүх талаар хөгжүүлэхийн төлөө байгаа. Тиймээс манай хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөжин тэлэх боломжтой” хэмээн мэдэгдсэн юм.
“Монголчууд биднийг гурав дахь хөрш хэмээн нэрлэж байгаад бид их бахархаж байна. Зөв түншлэлээр Монгол Улс дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Их Британийн Ерөнхий сайдын Монголыг хариуцсан худалдааны элч Даниел Кавчински хэллээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг -
ГАДНЫ ЭРДЭМТЭД ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ:
Тэр өөрийнхөө тухай ном бичиж, шүлэг найраг туурвиж, дуу зохиож дуулахыг ч таалан болгоосонгүй, орд харш сүм хийдийг ч алдар нэрээрээ овоглосонгүй. Түүнийг таалал болоход “эх нутгийнхаа хөрсөнд амгалан нойрсохыг хүссэн” гэрээслэл ёсоор нь бунхан, сүм, пирамид, тэр ч байтугай булшны чулуу ч босголгүй оршуулжээ. Ийнхүү их хаан халин одохдоо Монголын уудам талд мандан бадарсан газартаа эргэн шингэсэн юм” гэж Америкийн эрдэмтэн Жак Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” номондоо бичжээ.
Марко Поло “…Монголын эрхшээлд орсон бүх улс орнууд Чингис хааны захиргаанд орсон даруйдаа айх аюулгүй амар жимэр суух болсноо ухаарч Чингис хааныг өндөр дээд язгууртан болохыг хүлээн зөвшөөрч түүний төлөө бүхий л сэтгэлээ зориулан үнэнчээр зүтгэх болсон юм” гэж тэмдэглэсэн байдаг.
Вашингтоны цэргийн академийн урлагийн тэнхмийн ханан дээр дэлхийн алдарт жанжингуудын хөрөг зураг байх бөгөөд хамгийн эхэнд Чингис хааны хөрөг болон хэлсэн үгийг нь байрлуулжээ. Тэрбээр “Монголчууд хоёрхон замаар л явж ирсэн. Тэр гуйдаг эсвэл булаадаг” гэж хэлжээ.
Америкийн эрдэмтэн Д.Ж.Вернадский “Монголчууд ба Орос орон” номондоо “XIII зууны Монгол арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан. Чингисийн цэргийн зохион байгуулалт нь хатуу чанд сахилга бат, дэг журам, эрэлхэг зориг, сайтар боловсруулсан арга төлөвлөгөө, нэгдмэл байнгын сургуулилт юм” хэмээн дүгнэн бичжээ.
Чингис хааныг дэлхийн эрдэмтэд, түүхчид, улс төрийн зүтгэлтнүүд янз бүрээр үнэлэн дүгнэдэг боловч эцсийн эцэст Чингис хаан бол дахин давтагдашгүй, ер бусын хувь тавилант амьдралтай, энгийн нэгэн цэргийн жанжин биш, гарамгай удирдагч, түүхэн суут хүн байсан гэдэгт санал нэгддэг. Тийм ч учраас 2002 онд Америкийн Тайм (Time) сэтгүүлээс зохион байгуулсан санал асуулгаар “Хоёр дахь мянганы суут хүн” хэмээн өргөмжлөн зарлажээ.
Дэлхийн олон эрдэмтэн судлаачид “Чингис хаан төрийн дээд эрхийг атгасан хэмжээгүй эрхт эзэн хаан байсан боловч дорно дахины олон хаадын адил дур зоргоор авирладаг хаан байгаагүй бөгөөд бусдын санал бодлыг анхааран тусгаж авдаг ухаантан байсан. Тухайн үеийн төр нийгмийн үзэл баримтлал, хууль тогтоомж, зарлиг тушаал нь хааны бүрэн эрхийг үндэслэх ба бататгахад чиглэгдэж байсан. Их хааныг өргөмжлөх, дайтах ба найрамдах зэрэг чухал асуудлыг зөвлөлдөн шийдвэрлэх, хаанд зөвлөх шинж чанарыг агуулсан Их хуралдайг байгуулсан нь үнэн хэрэгтээ тогтмол бус язгууртны институт байсан юм” хэмээн дүгнэжээ.
Оросын Монголч эрдэмтэн В.Я.Владимирцов “Чингис хааны авъяас чадвар нь хэчнээн суут боловч Чингис бол өөрийн үеийн хүү, Монголын ард түмний хүү байсан юм” хэмээн хэлжээ.
Чингис хааны хөргийг янз бүрээр зурсан дөрөв таван зураг дэлхий дээр тархжээ. Эдүгээ Тайванд хадгалагдаж буй эх зургийг судлаачид хүлээн зөвшөөрсөн байна. -
ТӨРИЙН АЛБАНД АВЛИГА ӨССӨН 10 ОРНЫ НЭГЭЭР МОНГОЛЫГ НЭРЛЭЛЭЭ
Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсын оноо 35 гэсэн оноон дээр тогтвортой байсан. Гэвч 2022 оны авлигын төсөөллийн индексээр 100 онооноос 33 оноо авлаа. Ингэснээр дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдэж байна.
Өмнөх жил нийт 100 оноо авахаас 35 оноогоор 110-т эрэмбэлэгдэж байсан юм. -
АЗИЙН ХАМГИЙН БУУРАЙ ОРНУУДЫН ТООНД МОНГОЛ БАГТЖЭЭ
Азийн ДНБ-ий дийлэнх нь Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэгт төвлөрдөг. Гэвч Ази тивд санхүүгийн бие даасан байдал, хууль дээдлэх ёс, улс төрийн тогтвортой байдал, санхүүгийн ил тод байдал, ДНБ-ий өсөлтөөрөө хоцрогдсон олон орон бий. Эдгээр нь голчлон Өмнөд Ази, Төв Ази, Баруун Азид байрладаг.
Хятад яагаад Энэтхэгээс хурдан хөгжсөн бэ?
Ази тивд нийгэм, эдийн засгийн хөгжлөөр харьцуулахад хамгийн хялбар хоёр орон бол Хятад, Энэтхэг юм. Хятад улс АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг, харин Энэтхэг тавдугаарт ордог.
Хоёр улс өөр өөр шалтгаанаар аутсорсингийн төв болж, Хятад үйлдвэрлэлээрээ тэргүүлж, Энэтхэг мэдээллийн технологи зэрэг үйлчилгээний салбарт ахиц дэвшил гаргаж байна.
2021 оны байдлаар Энэтхэгийн ДНБ-д эзлэх үйлчилгээний эзлэх хувь 47.5 хувь, харин үйлдвэрлэлийн салбарынх дөнгөж 14 хувь байна. Хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хурдасгахад үйлдвэрлэлийн салбар чухал ач холбогдолтой, эмпирик мэдээлэлд тулгуурлан хөгжиж буй орнуудын үйлчилгээнээс чухал ач холбогдолтой учраас Хятад улс энд л давуу талтай байв. Хятад улс асар олон хүн амтай учир хоёр орны эдийн засгийн өсөлтийг бий болгох боломжтой хэдий ч зах зээлийн шинэчлэлийн эхлэл, хямд ажиллах хүч, үйлдвэрлэлийн салбараа өргөжүүлснээр Энэтхэгээс илүү хурдацтай хөгжсөн.Яагаад Азийн олон орны эдийн засаг сул хөгжсөн хэвээр байна вэ
Азийн олон орны эдийн засгийг буурай хөгжилтэй байлгадаг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд авлига, хууль дээдлэх ёс муу, улс төрийн тогтворгүй байдал, хүчирхийлэл, зах зээлийн болон хөдөлмөрийн цогц шинэчлэл хийгдээгүй гэх мэт.
Тухайлбал, Азийн буурай хөгжилтэй орнууд олон улсын компаниудаас технологи дамжуулах чиглэлээр өндөр хөгжилтэй Азийн орнуудаас хол хоцорч байна. Үүний эсрэгээр, Тайланд, Индонез зэрэг харьцангуй өндөр хөгжилтэй Азийн орнууд дотоодын болон гадаадын компаниудын дамжуулан үйлдвэрлэлийн холбоосыг идэвхжүүлэхэд илүү идэвхтэй ажиллаж байна.
“Insider Monkey” гэх cанхүүгийн мэдээллийн сайтаас Азийн хамгийн буурай хөгжилтэй 25 орныг нэрлэжээ. Монгол Улс уг жагсаалтын 25 дугаарт жагсаж байна.
25. Монгол Улс• Хүний хөгжлийн индекс: 22
• Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 24
• Дундаж зэрэглэл: 23Монгол Улс Төв Азид оршдог. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 2021 оны байдлаар 4566 ам.доллар, Хүний хөгжлийн индекс нь 0.739 оноотой байна. Монголын эдийн засаг гол төлөв уул уурхайн үйлдвэрлэлд түшиглэдэг тул зах зээлийг төрөлжүүлэх боломж хомс байна. Дээрээс нь Монголд мэргэжилтэй боловсон хүчин дутагдаж байна.
24. Иран• ХХИ: 26
• Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 20
• Дундаж зэрэглэл: 23
23. Шри Ланка• ХХИ: 27
• Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 16
• Дундаж зэрэглэл: 21.522. Жордан
• ХХИ: 20
• Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 21
• Дундаж зэрэглэл: 20.521. Индонез
• ХХИ зэрэглэл: 17
• Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 23
• Дундаж зэрэглэл: 2020. Ливан
• ХХИ зэрэглэл: 18
• Нэг хүнд ногдох ДНБ-ий зэрэглэл: 22
• Дундаж зэрэглэл: 20 бичигдэж байна.Ц.ДАВААСАМБУУ
-
Д.ГҮН-ҮЙЛС: ИХ ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ МОНГОЛ НОЁНООС АВЧ, ХИЛ ДАВУУЛСАН ГЭДЭГ
________________________________________
-Хамгийн эхлээд сэрэг дүр, хөрөг дүр, эш дүрийн ялгаатай утга агуулгыг тодорхойлж өгнө үү?
-Эртний түүхэн хүмүүнийг анхлан зурж дүрсэлсэн эх хөргийг эш хөрөг гээд байгаа юм. Зарим судлаач эш дүр гэж ярьдаг нь эш хөрөг дээрх тэр л дүр төрх гэсэн үг.
Эш хөрөг нь хаад, хатад, ихэс дээдсийн тухайд ихэвчлэн яригдах бөгөөд гэгээнтнүүдийн лагшин дүрийн тухайд ч яригдах нь бий. Ухаандаа, Чингис хааны эш хөрөг гэвэл, түүний дүр төрхийг хамгийн анх баримтлан буулгасан хөргийг хэлж байгаа хэрэг. Тухайн хөргөөс өмнө их хааны өөр ямар нэгэн хөрөг зураг байсан байх бололцоогүй гэсэн үг. Тийм учраас эш хөргийг хамгийн анхдагч, бодит дүрийн илэрхийлэл, цор ганц хувь гэж ойлгож болно. Цор ганц болохоор тэр нь улс гүрний тэргүүний мэдэлд, алтан сан хөмрөгт л хадгалагдаж таарна.
Гэтэл тахилга тайлга, ёслол тахилгын сүм зэрэгт зориулан Чингис хааны хөргийг хуулбарлан толилуулах шаардлага нэг бус удаа гарч байжээ. Чингис хаанд зориулсан ёслол хөрөг зурагтай байвал улам л сүр жавхлантай, сүнс сүлдтэй болж таарна. Тэгээд хуулбарлах болж. Тэгэж хуулбарласан хөргийг олон газар тахиж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. “1322 оны аравдугаар сард Тайзу хааны тайлгын харшийг шашныг мандуулагч сүмд байгуулав” гэж Шадбал хааны шастирт, “1324 оны наймдугаар сард Хотол буянт сүмд Тайзу, Тайзун хаадын гэгээн төрхийг тахих зарлиг буулгавай” гэж Есөнтөмөр хааны шастирт, “1340 оны цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон хаадын гэгээн дүрийг чулуун бурханы сүмд тахивай” гэж Тогоонтөмөр хааны шастирт тус тус тэмдэглэсэн байдаг. “1322 оны аравдугаар сард Тайзу хааны тайлгын харшийг шашныг мандуулагч сүмд байгуулав” гэж Шадбал хааны шастирт, “1324 оны наймдугаар сард Хотол буянт сүмд Тайзу, Тайзун хаадын гэгээн төрхийг тахих зарлиг буулгавай” гэж Есөнтөмөр хааны шастирт, “1340 оны цагаан сараар Тайзу, Тайзун, Руузон хаадын гэгээн дүрийг чулуун бурханы сүмд тахивай” гэж Тогоонтөмөр хааны шастирт тус тус тэмдэглэсэн байдаг. Юань улсын үе гэсэн үг шүү дээ. Магадгүй их эзнийг мандаан бишрэх сэтгэлээр хан ван ноёд онцгой тохиолыг ашиглан ордны зураачдаар хуулбар хийлгэж байсныг ч үгүйсгэхгүй.
Өөрөөр хэлбэл, Чингис хааны эш хөргийн хуулбар нэг бус байжээ. Нэгэнт хуулбар юм чинь тэдгээрийг эш хөрөг гэх аргагүй. Эш хөрөгнөөс өнгө будаг, зураас татлагын зөрөөгүй хуулбарласан ч тэр нь эш хөрөг гэгдэх боломжгүй. Гэхдээ эш хөрөг биш ч гэлээ хуулбар зурагт тэр хүний дүр хадгалагдах нь ойлгомжтой.
Олон жил зурж боловсорсон, ордны мэргэшсэн зураач нар тэр тусмаа дүр төрх тал дээр юу гэж алдаа гаргах вэ. Өнөөдрөөр жишээлэхэд л ойлгомжтой. Жишээ нь, намайг ч юм уу, эсвэл чамайг ямар ч зураач зурсан яг л өөрийн дүр төрхөөрөө л чи бид хоёр гарна биз дээ.
Тэрэн шиг хичнээн хуулбарласан ч дүр төрх, үзэгдэх харагдах байдлын ялгаа гарахгүй гэсэн үг. Тэгэхлээр эш хөрөгнөөс хуулбарласан зурагнуудад дүр төрх зөрж өөрчлөгдөх нь үгүй. Энэ л тогтсон дүрийг эш дүр гээд байгаа хэрэг. Харин сэрэг дүр гэдэг нь тухайн дүр төрх, нүүр царайны илэрхийллийг хадгалж хөрөг зургийг шинээр бүтээх үйл явц юм. Ташрамд хэлэхэд, хөрөг гэхээр манайхан цээж хөрөг, Европын портрет гэсэн ойлголттой дүйцүүлж бодоод байдаг. Үнэндээ тийм биш. Монголчууд чулуун хөрөг, шүтээн хөрөг гэхчилэн нэрлэдэг нь ихэнхдээ бүтэн биеийн зураг байдаг.
-Үе үеийн хаадын хөрөг дүрийг баримтлан үлдээсэн түүхэн явц өөр, өөрийн гэсэн онцлогт тусгалтай байсан байх, тийм үү?
-Аливаа улс үндэстний түүх урлагийн түүхтэйгээ салшгүй холбоотой байдаг. Дуу хуур, ардын зохиол, бүжиг биелгээ, наадам цэнгээн, уран дарханы урлал, дүрслэх урлаг гээд бидний буй болгосон соёлын олон талт өв тэр чигээрээ манай түүхийн үр хөврөл юм. Түүх соёлын нэгэн туурвилаас өөр шинэ туурвил ундран гардаг нь зүйрлэвэл усны тунгалаг эхээс шинэ гол мөрд үргэлжлэн үүсдэгтэй агаар нэг. Яг л энэн шиг Хубилай хааны соёрхон баталсан Чингис хааны хөргийн хэв маяг, зургийн арга барил нь Монголын Юань улсын хаадын хөрөг зургийн эх загвар болсон гэж үзэж болно. Чингис хаанаас эхлээд Өгэдэй, Хубилай, Төмөр, улмаар манай хамгийн нялх хаан Ринчинбал хүртэл найман хааны зураг ерөнхийдөө хэв загварын хувьд ижил. Монгол Улсын хоёрдугаар далай их хаан Өгэдэйгээс хойших зургаан хааныг амьд сэрүүнд нь зурсан байж таарна. Тиймээс дүр төрхийн хувьд эргэлзэх зүйлгүй бөгөөд ордны зураачид их хааны хөргийн загварыг голчлон ашигласан нь харагддаг. Чингис хааны адилаар зөвхөн хаад гэлтгүй хатдын нүүрийг ч эгц урдаас нь шахуу зурсан нь тухайн үеийн нийтлэг хэв шинж биш юм. Ингэхдээ шунх, байгалийн шороон буюу эрдэс будаг ашиглаж, хуурай будгийг маш бага усанд найруулан давхарлаж будсан байдаг.
Чингис хаан, Хубилай хаан хоёр хүрээтэй үстэй малгай өмссөн бол Өгэдэй хаан хэлбэр ондоо булган малгай, дөрвөлжин захтай дээл өмссөн байдаг. Харин бусад хаад нь сувдаар чимсэн цан мэт малгай өмсжээ. Хүрээтэй булган малгай нь урьдын монголчууд хийгээд нүүдэлч соёлын холбоог илтгэдэг бол “цан” малгай нь монголчуудын ноёрхолын цэргийн шинжийг тодотгодог гэдэг. Монголчууд төв Хятадыг байлдан эзэлснийхээ дараа огт өөр хэл соёлтой, хувцас хунар, царай төрх, ер нь бүх зүйлээрээ ондоо улс үндэстнүүдийг захирах болсон ч эзэнт гүрний хэмжээгээр Монголын соёлын нөлөөг тусгаж, үндэсний ёс бэлгэдлээ хадгалж л байж дээ. Нэг талаас Монголын Юань улсаас өмнөх Сүн зэрэг улсын хаад хатдын хөрөг зураг бүтээж байсан уламжлалыг үргэлжлүүлэх, нөгөө талаас тухайн үедээ Хятад болон Азийн олон орныг эрхшээж байсан монгол хаадын бэлгэдэлт дүр төрхийг толилуулах нь зайлшгүй байсан тул эдгээр хөрөг бүтээгдэх нь жам ёсны зүйл байсан гэж үзэж болно. Тайваний ордон музейн цуглуулгад гэхэд л Сүн, Юань, Мингийн үеийн хаад, хатдын маш олон зураг байдаг нь 700 шахам жилийн хугацаанд тэдгээр улс хэрхэн хувирч өөрчлөгдсөнийг харуулах нэг ёсны баримт нотолгоо болдог.
-Монголын хаадын эш хөргийн түүхэн олдвор өдгөө хамгийн үнэн бодитоор хадгалагдаж буй хэдэн газар байна вэ, ихэнх нь хил давсан шиг?
-Одоогоор мэдэгдээд байгаа Чингис хааны хоёр л хөрөг бий. Нэг нь Бээжингийн Дундад улсын түүхийн музейд, нөгөө нь Тайваний Тайпей дэх үндэсний ордон музейд байгаа. Одоо Бээжинд байгаа манай их хааны хөргийг Хубэй мужийн Цэнь Хуань гэгчийн үр хүүхдүүд хадгалж байсныг 1953 онд Бээжингийн түүхийн музейнхэн олж авсан байдаг. Тэр Цэнь Хуань гэгч нь ХХ зууны эхэн үед Юан Ши Кайн цэргийн нэг хурган дарга байсан бөгөөд манай орноор явж байхдаа нэг монгол ноёноос энэ хөргийг олж авсан гэдэг. Тэр хөргийг мэргэжилтнүүд судалж, цаас, будаг, дүр дүрслэл, барласан бичээс, зурсан арга барил зэргийг нь нарийн шинжлээд энэ хөрөг нь Юань улсын үеийн зураачийн бүтээл болохыг тогтоосон. Энэ хөрөг нь “Юань улсын түүх, тайлга тахилгын тэмдэглэл”-д гардаг Хорихосуны зурсан хөрөг байж мэдэх бөгөөд монголчууд Дайдү хотоос ялагдан гарах үеэрээ авч явсныг Монголын нэгэн язгууртан үе улираан хадгалж байсан байх магадлалтай юм. Тайваньд байдаг хөрөг нь Манжийн хааны ордны Ноншиун харш дахь зургийн цуглуулганд байжээ. Эртний хаад хатад, алдарт сайд түшмэдийн 500 орчим хөрөг байсныг Тэнгэр тэтгэгчийн арван гуравдугаар он буюу 1748 онд хааны зарлигаар хураан хадгалсан гэдэг. Гэхдээ уг хөргийг хуулбар гэж үздэг.
-Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Чингис хааны эш хөргийг тахин шүтэж, дээдлэн хүндлэх тухай зарлиг гарлаа шүү дээ. Судлаач хүний хувьд Их хааны эш хөрөг энэ мөн гээд батлан нотлох судалгаа танд хэр бий вэ?
-Тийм ээ, энэ наадмаар Ерөнхийлөгч маань сайхан зарлиг гаргалаа. Өмнөх үеийн Ерөнхийлөгчид “Монголын нууц Товчоон”, морин хуур залах зарлиг гаргаж байсан. Эдгээр нь арга байхгүй манай монголчуудын ёс төр, уламжлал, ур ухаан, философи, нүүдэлч соёл оршихуй нэвт шингэсэн үндэсний бэлгэдэлт зүйлс юм аа. Энэ удаа их эзэн Чингис хааны эш хөргийг айл гэр, албан байгууллагууд баримтлан залах зарлиг айлдварыг төрийн тэргүүн гаргасан нь цагаа олсон шийдвэр гэж үзэж байна. Монгол хүний суу билиг, чадал чансаа, нөөц боломжийг дэлхий нийтэд таниулсан хүн бидний бахархал байхаас яах билээ. Хүн төрөлхтөнд маш том үр нөлөө үзүүлж, түүний хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаагүйгээр дэлхийн түүхийг төсөөлөх аргагүй учраас манай Чингис хааныг Америкийн “Вашингтон пост” сонин мянганы хүнээр тодруулсан шүү дээ. Өнөөдөр бидэнд юу хамгийн их дутагдаж байгаа билээ гэвэл эв нэгдэл Тэгвэл Чингис хаан бол монголчуудын эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Бас монголчуудын оршин тогтнохуйн баталгаа, үндэсний бахархал юм.
Чингис хааны эш хөргийн үнэн мөний тухайд олон зүйл яримааргүй байна. Тэр 750-иад жилийн өмнө зурагджээ. Түүхийн урт удаан оршилтой харьцуулахад багахаан хугацаа. Бүх зүйл өнгөрсөнд тэмдэглэгдээд үлдчихсэн. Түүхэн үйл явдал, түүхийн философийг судалдаг бүхэл бүтэн шинжлэх ухаан бий. Урлагийн бүтээл төдийгүй аливаа үлдэц, олдворыг судалдаг, насыг нь тогтоодог арга ч бий. Шинжлэх ухаанд итгэхгүй өөр юунд итгэх билээ. Хааны зарлиг айлдвар он сартайгаа, ордны зураачид нэр устайгаа, зурагдсан хөрөг нь бидний өмнө үг хэлэх нь үү гэлтэй хоймор залаастай байхад юунд эргэлзэх билээ дээ.
-Мөн хаадын хөргөөс гадна уран баримал зэрэг өөр төрлөөр олонтаа дүрсэлсэн байдаг шүү дээ. Төрийн ордны гадаа Их хаанаа заллаа, удахгүй Чингис хааны музейд залах гэж байна шүү дээ?
– Би хэдэн жилийн өмнө “Чингис хаан: Эш хөргийг баримтлах их эзний дүр төрх” гэж ном гаргасан. Тэр бүтээлдээ Чингис хааны эш хөргийг гэрэл сүүдрийн ялгаралтай, реалист чиглэл рүү шилжүүлэх урлагийн инженерчлэлийн аргаар хувиргалт хийж үзсэн юм. Өөрөөр, хэлбэл хавтгай буюу зураасан зураг дээрх дүрслэлээс бодит дүрслэлд хувиргаж, хааны царай төрхийг тодруулах оролдлого хийсэн. Хааны тэрхүү дүр түүхэн ном сударт тэмдэглэгдсэнтэй ерөнхийдөө тохирдог. Гадаадад яс үсний үлдэцээс хүртэл хүний царай зүсийг гаргаж ирээд байхад бид бэлэн хөрөг зурагнаас хааныхаа дүрийг тодруулж яагаад болохгүй гэж. Энэ бүхнийг таны асууж байгаа дүрслэх урлагийн бүтээл туурвигчдад зориулсан юм. Уран зураг, баримал, рельеф, хөөмөл гээд дүрслэхийн бүтээлүүдэд нэг л царай төрхөөр илэрхийлдэг болчихвол уг нь зөв юм. Тэгэж байж хааны царай “тогтоно”. Эс бөгөөс ойлгохын аргагүй олон янзын царай зүстэй Чингис хаанууд төрсөөр байх болно. Уран бүтээлчийн эрх, сэтгэлийн дуудлага гэхчлэн гоё сайхан үгээр далдалж болох ч нэг л дүр төрхөөр тогтчихвол ядахнаа ирээдүй хойч үеийнхэнд хэрэгтэй юм даа.
Барималын тухайд гэвэл, ордны өмнөх хааны баримал болон Намдаковын хүүхэд хөгшид айж зочмоор арзайж сэрзийсэн баримал хоёр санаад орж байна. Сүүлийнх нь гэхэд, шинэ үеийн сонин содон урсгал, уран бүтээлчийн хийсвэр сэтгэлгээ энэ тэр гэдэг л юм. Гэхдээ ойлгомжгүй, сэтгэлд хүйт оруулам тийм бүтээл ямар ч -изм байсан монгол бэлгэдлийн уламжлал, тэр тусмаа Чингис хааны дүрийн хувьд тохирохгүй. Хааныг дүрслэе гэвэл монгол бэлгэдлийг орхигдуулж огт болохгүй. Ордны өмнөх баримал нэг л хөшүүн… “Чингис хаан” музейн дээд хэсэгт хийгдэх их эзний баримлын хэв загварын талаар миний бие зөвлөлдөх хэсэгт орж саналаа хэлсэн.
-Төрийн ордны гадаах их хөрөг болон Хэнтий аймагт залсан хөшөө, эш хөргүүдийг ямар түүхч, судлаачдаас зөвлөгөө авч хийсэн бол?
-Их бага ямар нэг хэмжээгээр түүхэн сэдэвт баримал, хөшөө дурсгал, бүтээн байгуулалт хийхийн тулд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс гэдэгт түүхч, ёс бэлгэдэл судлаач, инженер, дизайнеруудыг хамруулж байна. Тэгэхгүй бол хэл ам салахгүй, хөрөнгө мөнгөөр ч хохирно. Тэд хэнээс ямар зөвлөгөө авсныг би мэдэхгүй. Ер нь уран сэтгэмж, ер бусын шийдэл гэдэг хүн бүхний цээжнээс гардаг юм биш л дээ.
-Тухайн үед хаадын эш хөрөг үлдсэн зоосон мөнгөн тэмдэгт, зарлиг, гэрэгэ зэрэг нь таны бүтээсэн номуудад хэрхэн туссан бэ?
-Таны дурьдсан бүх зүйл “Төрт Ёс, Хаадын Сан”-гаас гарсан “Монгол хаад” цуврал болон түүхийн бусад бүтээлүүдэд буй. Ил хаадын үед дэлдүүлсэн зоос зонхилдог тул тэнд Юаний үеийн эш хөргүүд байх боломжгүй. Зарлиг, гэрэгэ тэргүүтэнд ч ялгаагүй.
– Түүх, соёлын чиглэлээр эрхлэн гаргасан номуудаас олон улсын судлаачдын бүтээл хэр туссан байдаг вэ, тэнд хаадын эш хөрөг, түүхэн олдворын талаар хэрхэн өгүүлсэн байдаг вэ?
-Бид ШУА-ийн Түүхийн хүрээлэн болон Их дээд сургуулийн эрдэмтэдтэй нягт хамтран ажилладаг. Тиймээс манай байгууллагаас гарсан номуудыг мэргэжлийн бүтээл гэж ойлгож болно. Эрт эдүгээгийн олон хэлний сурвалж хэрэглэгдэхүүн, тухайлбал монголоос гадна хятад, орос, араб, перс, солонгос, англи, франц зэрэг олон хэл дээрх түүхэн баримтуудыг ашиглаж бичсэн эрдэмтэн судлаачдын бүтээл зонхилдог гэсэн үг. Монгол хаадын эш хөргийн талаар хамгийн сайн судалгаатай нь Монголын болон Хятадын судлаачид байдаг. Хаадын хөргийн талаарх гол сурвалжуудын нэг болох “Юань улсын уран зураг, уран баримал” гэж бүтээл буй. Тэнд Юаний хаад, хатдын хөргийг эхэлж зураад, дараа нь торгон дээр нэхдэг байсан тухай тэмдэглэсэн байдаг. Харамсалтай нь тэр нэхмэл хөргүүдээс нэг нь ч үлдсэнгүй. Монгол судлаачдаас “Чингис хааны товчоон” хоёр боть ном бичсэн Өвөр Монголын Сайшаалт гуай, манай эрдэмтэн Д.Баяр гуай тэргүүтнээс эхлээд шинэ цагт А.Пунсаг гуай, молхи мань мэтийг нэрлэж болох байх.
-Олон улсад Чингис хааныг зэрлэг балмад, хорлон сүйтгэгч гэх мэтээр сөрөг байдлаар ярих нь олонтаа. Түүх гуйвуулна гэж айхтар юм байна аа…?
– Би нэг үгийг тоглоом шоглоомоор хэлдэг юм. Чингис хаан энэ дэлхий ертөнцийг энхжүүлэн амаржуулна гэж амласан. Бодоод байхад, эзэлж аваад захирахаас өөрөөр яаж ч энхжүүлэн амаржуулах билээ. Бүхнийг илд мэс, эр бяраар шийдэж явсан эрт дундад зуун шүү дээ гэж. Энэ үг үнэний ортой. Гэхдээ Чингис хаан дайтах байлдахын дон тусчихаад яваад байсан юм огт байхгүй. Тусгаар тогтнолоо бататгах, харь улсын дарамт шахалтыг сөрөн зогсох, эдийн засгийн асуудлаа нааштайгаар шийдэх, хулгайч урвагчдаас ял асуух гээд олон шалтгаанаар довтолж байсан нь улмаар өргөжиж дэлхийн хэмжээний эзэнт гүрэн үүссэн хэрэг. 1206 оноос хойш аваад үзэхэд л ойлгомжтой. Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад хөрш улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх, газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангах, гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг зорьсон боловч түүний санаснаар болсонгүй, улсыг нь дорд үзэж, элч нарыг нь алж талж, доромжилсон тул асуудлыг хүчээр шийдэхээс аргагүй болсон шүү дээ.
Монголчуудын сүр хүчит довтолгоонд хэн нь ч тэсэж үлдээгүй бөгөөд олуулаа нийлээд ч хүчин мөхөстсөн. Хэрвээ оросууд тэр хэвээрээ байсан бол бие даасан, өөрийн гэсэн туг сүлдтэй улсууд хожим хойно ч өөрийн эрх мэдлээ хадгалан барихыг эрмэлзэх нь гарцаагүй байсан бөгөөд сайн дураар нэгдэх эсэх нь ч туйлын эргэлзээтэй байв. Түүхэнд хэрвээ гэсэн үг байдаггүй. Оросуудын бахархал болсон Невийн хэмээх Александр Бат хааны хуурай хүү шахуу байсан гэхээр монголчуудын зангараг харагдаж байгаа юм. Хожим, монголчуудтай холбогдсон нөхцөлд л Оросын язгууртнууд эрх мэдэл эдэлдэг, тодорхой албан тушаалд хүрэх боломжтой байжээ. Хятадын олон хэсэг улсыг ч монголчууд л нэгтгэж өгсөн. Хятадууд энэ нөхцөлийг ил тод ярьж, талархангуй хандлагаа илэрхийлдэг бол оросууд энэ нөхцөлийг сөхөж ярихыг ч хүсдэггүй. Л.Гумилёв зэрэг цөөн тооны эрдэмтэд л үүнийг баримт судалгаатай хэлдэг байсан даа. Тиймээс бидэнд одоо зөөлөн хүчний бодлого хэрэгтэй. Гадаад дотоодод түүхээ зөвөөр сурталчлан таниулж, монголчуудын үзэл санааг алгуурхан таниулах хэрэгтэй.
-Гадаад улс орнууд манай хаадын түүхийг өөрсдөдөө хамаатуулж, олон ангит сериалыг хэт гуйвуулж, огт өөр дүр дүрслэл, хувцас хэрэглэлтэй гаргадаг шүү дээ. Энэ тал дээр манай судлаач, түүхчид дуугардаг, өөриймсөж хамгаалж харамладаг хүн байна уу?
-Бид хувцас хэрэглэл, дүр дүрслэлээ өөрсдөө тодорхой болгоогүй байхад гадныхан хэр юм бэ дээ. Хоёр жилийн өмнө байна уу, Соёлын Яамнаас зарласан шалгаруулалтанд “Монголын Нууц Товчоон”-д гардаг түүхэн хүмүүсийн хөрөг дүр, хувцас эдлэл, өмсгөл зүүсгэл зэргийг түүхэн бодит баримт судалгаанд нийцүүлэн тодорхой харуулсан зураг хийх төсөл өргөн барьсан боловч яагаад ч юм татгалзсан.
Одоо яг тийм угсаатны зүйн элементүүд, монголчуудын дүр төрхийн нэгдсэн судалгааг багцалж гаргах цаг нь болсон. Тус тусдаа, ганц нэгээр хийгдсэн судалгаа бол байдаг юм. Манай түүхийг гуйвуулсан гадны бүтээлүүдийг шүүмжилж, улс орон, уран бүтээлчдэд нь хүртэл дуугардаг хүн байхгүй дээ. Өвөр зуураа л шүүж ярилцахаас биш. За тэгээд шүүмжлээд ч гадныхан тоохгүй. Тэднийг зөв “шпи”-гээр хангаж өгөх, монголчуудын тухай хийх кинонд зөвлөгөө өгөх хэмжээнд санал тавибал харин яадаг юм бол.
Эх сурвалж: Өглөөний сонин -
ӨВӨГ ДЭЭДЭС МААНЬ ХЭЗЭЭ ЯМАГТ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛЭЭР ИЛҮҮРХСЭН ОЮУНЛАГ ХҮМҮҮС БАЙЖЭЭ
Ази, Европ, Африк, Австрали, Америк хүмүүсийн бие эрхтний бүх үзүүлэлтийн алтан дундаж нь монгол төрхтөн (монголоид). Өндөр намын дундаж, арьсны өнгөний дундаж, биеийн жингийн дундаж, хамар, ам, нүд, чихний дундаж, зөв царай зүсний дундаж нь монгол хүнийх гэсэн үг…
Дэлхийн хүн амын дунд ази хүмүүс л байнгад олонхи нь байжээ. Одоо ч тийм байна.Дэлхий даяарт хэрэгжсэн бүх нүүдлийн чиг Азиас л дөрвөн зүг, найман зовхист байсан нь үнэн юм. Ингэхлээр Азиас л хүмүүс тархан тархсаар Европ хүрчээ, Африк хүрчээ, Австрали хүрчээ, Америк хүрчээ. Хүйтэн, сэрүүн бүс нутагт байршаад аажимдаа цагаан арьстай, өндөр нуруутай, халуун дулаан бүс нутагт удаад хар арьстай, намхан нуруутай, Америк тивд нүүдэллэн очоод улаан арьстан, Австралид удаад аборигенүүд болжээ. Яг иймэрдүү өөрчлөлт бусад хөхтөн амьтны хувьд ч гарчээ. Жишээ нь өндөр сэрүүн газарт аргаль, янгир мэт, нам доор газарт хонь, ямаа адил, бие нь том бага, жин нь их бага, зүс нь өөр өөр байдаг. Баавгай гэхэд л цас, мөсний оронд бие томтой, зүс цагаан, халуун дулаан оронд бие жижиг, жин бага, зүс нь хүрэн бор, алаг…
Монголчууд бие бялдрын хувьд, царай зүсний хувьд, хувцас хунарын хувьд Ази төрх, маягийн байхын дээр оюун санааны амьдралын хувьд ч мөн Азийн, Дорно дахины шинжтэй байж иржээ. Энэнийг гэрчлэх баримтууд бүр нийтийн тооллын өмнөх үеэс, одоогоос 2500 жилийн өмнөх үеэс эхлэн олдсоор байна.
Жишээ болгон үзүүлэх, дурдагдах археологийн олдвор, эд өлгийн зүйлс ч олон бий. Ер нь Ази тивийн гол гол үндэстнүүд шашин суртал, гүн ухаан, анагаах ухааны хувьд эрт дээр цагаас холбоо, харилцаатай байж, нэг нэгэндээ хүчтэй нөлөөлж ирсэн нь аман түүх, домог, бичмэл түүхээр ч нотлогддог.
Энэтхэгт анхны эзэнт гүрнийг байгуулсан Ашока хааны (МЭӨ 265-232) үед эдийн болон оюуны соёл ихэд хөгжиж, нийгмийн амьдралд үзүүлэх шашин суртлын нөлөө нэн хүчтэй болжээ. Энэ үеийн Энэтхэгт Эллиний соёл, Персийн төрийн байгууллын нөлөө, ер МЭӨ III-II зууны үеийн Европын болон Азийн урлаг, шинжлэх ухаан, уран барилга, хот байгуулалтын ололтууд нэвтэрч, биежжээ. Ашокын эзэнт гүрний зонхилох шашин нь буддизм байв. Ашока хаан буддизмыг аль болохоор өргөн дэлгэрүүлэхийг хичээж ойр зэргэлдээ орших бүх улс оронд номлогчдыг илгээж байжээ. Буддизмын энэ үеийн дэлгэрэлт Ойрх Дорнотоор дамжин хүннүчүүдэд мөн хүрчээ. Хүннүгийн ихэс дээдэс, язгууртнууд Буддагийн үзэл санаа, сургаалтай чухамхүү энэ үед анх танилцсан байна. Түүхэн энэ үед Хүннү болон Хятад улсын хооронд болсон дайны үеэр хятад цэргүүд хүннүчүүдээс алтан бурхан (Будда) олзлон авсан баримт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үед хүннүчүүд Энэтхэгийн Ашокын эзэнт гүрэн төдийгүй Грек, Ром зэрэг Европын улсуудтай ч харилцаж байсныг гэрчлэх археологийн олдворууд, эд өлгийн зүйлс мөн олдсон юм. Тэгэхлээр тэр үед ч гэсэн монголчууд хорвоогоос хоцрогдсон нүүдэлчид биш байжээ. Европын болон Өмнөд Азийн материаллаг хийгээд оюуны соёлтой хүннүчүүд танил байсан төдийгүй бүр харилцан суралцах, ойлголцох түвшинд холбоотой байж, тэр цагийн нэр, цуутай сэтгэгчдийн бүтээл, сургаалыг судалж, ашиглаж иржээ. Монгол улсын өнөөгийн болон өмнөх үеийн түүхэн газар нутгийн хөрснөөс МЭӨ үеийн сүлжмэл хивс, бүс даавуу, шаазан аяга, шилэн эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс олдсоор л байна.
Энэтхэг, Жагарын суут сэтгэгчид, нэртэй оточ нар, анагаах ухааны ном судар, мөн эрхтний Хятадын суут сэтгэгчид, анагаах ухааны бүтээлүүд, шашны том зүтгэлтнүүдийн нэр, цуу, Төвдийн эрдэмтэн лам нарын бүтээлүүдтэй Монголын хаад, оюунлаг хүмүүс цаг цагтаа танил байж, заримыг нь урьж уулзаж, хаадын ордонд ажиллуулж иржээ. XIII-XV зуунд Чингис хаан, Өгэдэй хаан, Өгэдэй хааны хөвгүүд, Мөнх хаан, Хувилай хаан, түүний залгамжлагчид цаг цагийнхаа нэрд гарсан сэтгэгчдийг, оточ нарыг, одон орон судлаачдыг урьж уулзаж, ордондоо үлдээн ажиллуулж, тэдний бичсэн ном судрыг барлан олшруулж, төр ба иргэний хэрэгт өргөн ашиглаж байжээ. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотод тэр цагийн олон шашны лам нарын дунд ярилцлага, мэтгэлцээн хүртэл зохиож байсан мэдээ, баримт үлджээ. Монголд уригдан ирж байсан, хааны ордонд үлдэж ажиллаж байсан харь орны эрдэмтэн, мэргэдийн нэрсийг тоочих аваас наад зах нь хориод хүн нэрлэгдэж байна. Харь орны эрдэмтэн мэргэдийн бичсэн зохиол бүтээлийг хэвлэсэн, орчуулж хэвлэсэн тоо, баримт гэвэл наад зах нь 400 хүрэхээр олон бий. Тэдний дунд олон хуудастай том суурь бүтээлүүд ч цөөнгүй буй.
Байгаль орчин, нар, сар, од мичид, ган, зуд, цасан болон шороон шуурга, ус үер, өвчин тахлын талаарх монголчуудын мэдлэг цаг цагтаа бусад аль ч ард түмнийхээс ер дутаж байсангүй. Дайн тулалдааны үед, бүр алс хол руу аялсан зөөврийн дайны үед ч монголчууд байгалийн бэрхшээлийг өөрсөддөө ашигтайгаар, эсрэг этгээддээ хортойгоор гэтэлж чадаж байжээ.
Нар сарны байрлал, од мичидээр баримжаалж дадсан цэрэг, арми нь ер төөрч будилж байсангүй. Монголын цэрэг, армийн нэгэн том давуу тал бол орчны байдлыг ашиглан маневарлах чадамж, түүний өндөр хурд, хүчээ задлах болон зангидах олон хувилбар, таахад хэцүү элдэв мэх, занга, отолт, хуурамч ухралт, гэнэтийн цүүцэн цөмрөлт, өдөөх хуурамч давшилтууд зэрэг байжээ. Бага хохиролтойгоор том ялалтанд хүрч байсан арга, тактик нь тэр цаг үеийн харийн жанждыг гайхшруулж, мохоож байв. Энэ талаас нь үзэж дүгнэлээ ч гэсэн нүүдэлчин монголчууд зэрлэгүүд, бүдүүлгүүд биш байжээ.
Монголчууд нь X-XII зуунд хүй нэгдлийн байгуулалд байсан гэж Орос, Зөвлөлтийн академичид голдуу эрдэмтэд үзэж, бичиж байснаас болж нэн эртний түүх, соёл, уламжлал, төр, ёс бүхий монгол угсаатныг саяхны бүдүүлгүүд мэтээр ойлгох, дүгнэх нь ихэд газар авчээ. Наад зах нь 3000 гаруй жилийн төр, ёсны түүхтэй, Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Сүмбэ гүрэн, Их Нирун улсыг байгуулж Төв Азидаа жанжилж ирсэн Монголчуудыг, нүүдлийн соёл-иргэншлийг дутуу таних, доошлуулж үнэлэх энэ дутагдал одоо ч бүрэн арилаагүй байна. Энэ алдаа, дутагдал нь танин мэдэхүйн хийгээд улстөрийн шалтгаантай байсан нь үнэн юм. Орос, Зөвлөлтийн, мөн Хятадын зарим судлаачдынхаар бол монголчууд МЭӨ бараг л бичин хүмүүс байсан, Хятадын Ся, Шан, Чжоу улсын жанжид чулуун зэвсэгтэй хүй нэгдлийн монгол эрчүүдтэй тулалдаж ялж, ялагдаж явсан болж таарч байна. Гэтэл үнэндээ бол Хятадын Ся (НТӨ XXI-XVI), Шан (НТӨ XVI-XI), Чжоу (НТӨ XI-III), анхны хүчирхэг эзэнт гүрэн Цинь (НТӨ III), мөн Хан (НТӨ III- НТ III зуун) гүрний дайчидтай тэр үеүдийн Монголын дайчид эн тэнцүү цэрэг-улстөрийн хүчин байжээ. Энд түүх гуйвсан шиг гуйвжээ. Түүх энэнээс илүү ихээр гуйвж байсан тохиолдол бараг л үгүй болов уу. Энэ гуйвуулгыг манай ихэнхи түүхчид 1990 он хүртэл хүлээн зөвшөөрч, давтан, дууриан бичсээр, ярьсаар иржээ.
Монголчуудын эртний түүхийг танин мэдэж чадаагүйн улмаас гуйвуулах, охорхон болгох нь уучилж болох үзэгдэл мөн хэдий ч харин цэвэр улстөрийн зорилгоор, санаатайгаар гуйвуулах, охорхон болгох үзэгдэл нь нийт хүн төрөлхтний ёсзүйн үүднээс бол гэмт хэрэг мөн болно.х х х
Хүннү гүрний хувьд гэхэд л Хятадын нэг бус жанжид ялагдаж, олзлогдоод Хүннүгийн шаньюгийн ордонд үлдэж, эхнэртэй болж, хүннүчүүдэд зөвлөж байжээ. Хятадын хааны ордны том түшмэл Хүннүд урваж ирсэн удаа ч гарч байжээ. Хүннүчүүдэд ялагдаж олзлогдсон, эсвэл том алдаа гаргаж олон цэргээ алуулсан, олзлуулсан жанждын ар гэрийнхнийг гурван үеэр нь цаазлан хороож байсны улмаас олзлогдсон хятад жанжид Хүннүгийн хаанд зүтгэхээс өөр замгүй болдог байв. Хожуу үеийн баримт гэхэд л Даогийн сурталтан том лам, Кунзын сурталтан том лам, Төвдийн сажа бандида Гунгаажанцан, Пагва лам гэхчилэн олон жишээ дурдаж болох байна. Чингисийн үе гэхэд л Чан чун бумба, хожуу үе гэхэд Рашид-ад-дин гэхчилэн олон нэр бий.
Монголчуудын түүхэн уламжлалаар бол эрдэм номтой, их туршлагатай хүмүүсээ, ахмад үеийнхнийгээ хүндэлж, дээдэлж, тэдний үг, зөвлөгөөг дагаж ирсэн түүхтэй. Гэрийн сургалтаар эрдэм номтой хүмүүсээ бэлдэж байсан нь үнэн билээ. Харин Монголд шарын шашин дэлгэрснээр нас барагсдын хойд дүрийг тодруулах, ухаалаг цовоо сэргэлэн хүүхдийг хэн нэгний хойд дүр гэж зарлах, тэр мөртөө ингэж тодруулсан хүүхдүүддээ өөдтэй боловсрол олгож ч чаддаггүй бурангуй ёс тогтжээ. Хутагт, гэгээнтэн гэгчдийн хойд дүрийг эцэсдээ VIII Богд мөнгө, хандив авч, үнэлж, худалдаж тодруулах болсноор жинхэнэ эмгэнэлт байдал буй болжээ. Нэр цол, албан тушаал, хэргэм зэргийг худалдах бусармаг ажиллагаа ийнхүү эртний улбаатай ажээ.
Америк тив, Австрали тив, томоохон арал дээр амьдардаг хүмүүсийг Азийнхан, Еюропынхан мэддэггүй, тэр тивүүүд нээгдээгүй байх үед (XIII зуунд) тэр цагийн дэлхий дахиныг бүхэлд нь шахам эзэлсэн монгол хаад, монгол жанжид мөн л мэдлэг, мэдээллээр илүүрхэж байж л том том ялалт байгуулжээ.Цэрэг удирдах, зөөврийн дайн хийх, эсрэг этгээдээ бүх талаар аргагүй байдалд оруулах, элдэв зэвсэг хэрэглэх, хана хэрэм нураах, худал мэдээлэл тараах, сэтгэлзүйд нь нөлөөлөх сүртэй үйлдлүүд хийх талаараа монгол жанжид үнэхээр хосгүй байж чадсан юм.
Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Хүннүгийн нийслэл байсан Луут хотын тууриас олдож буй эд өлгийн зүйлсээс үзэхэд хүннүчүүд бичиг үсэгтэй, олон барилга, байгууламж бүхий том нийслэл хоттой, барилгын материалыг өөрсдөө бэлддэг, цэргийн том байр-казармтай, цэргийн агтны том хашаа хороотой, ус ба тэжээлийн нөөц, сантай байсан нь илэрчээ. Хятадын Цинь, Хан мэтийн том улсууд хүннүчүүдээс ихэд болгоомжилж, хэлэлцээр хийж, гэрээ байгуулж, найрамдал-ургийн харилцаа тогтоож байсан нь тэр цагийн нүүдэлчин монголчуудын хөгжлийн түвшин, цэрэг-зэвсгийн чадавхи, мэдлэг, мэдээллийн өндөр чадамжийг илтгэн үзүүлж буй юм.
Нүүдэлчин монголчууд нэн эртнээс эхлэн цаг цагийнхаа онцлогт нийцэх, дүйцэх мэдлэг, мэдээллээр бусад улс орноос ер дутуугүй, зарим талаараа бүр илүүрхэж байсныг түүх, түүхэн баримтууд ийнхүү нотолсоор, гэрчилсээр байна.Судлаач, профессор Д.Чулуунжав
-
ТАВАН ТОЛГОЙН БУЛШ
2004 онд Д.Навааны малтсан 1-р булшнаас алтан шармал чимэгтэй торгон тохоштой эмээл бүхий морь дагалдуулан оршуулсан настай эмэгтэй хүн илэрч, түүнийг дагалдуулан тавьсан оюу чимэгтэй алтан зүүлт, мөнгөн бугуйвч, дотроо шонхор шувууны цохимол дүрстэй хос алтан бөгж, 2-р булшнаас морь адууг дагалдуулан тавьсан эрэгтэй хүний оршуулга илэрч, чулуун шигтгээтэй, алтан соновтор гарсан бол 2005 онд малтсан 5-р булшнаас мөн л бүтэн морь дагалдуулан оршуулсан эмэгтэй хүний шарил илэрч, луу товойлгон урласан алтан шармал эмээлийн чимэглэл, богтаг малгайн алтан цог, сувдан чимэглэлүүд, хос сүүжин ээмэг, энгэсэгний алтан сав, мөнгөн зүүлт, алтан очир, хаш чулуун онго, ланз үсэгтэй цагаан хүрэл толь, мөнгөн аяга ба савны хагархай, үр тарианы үлдэгдэл илэрчээ. 2007 онд малтсан 11-р булшнаас бүтэн морь дагалдуулсан эрэгтэй хүний оршуулга илэрч торгон малгай, уулын болор чулуун тоногтой бүс гарчээ. Судалгааны үр дүн өгүүлэл хэлбэрээр хэвлэгдсэн ба булшнуудаас илэрсэн хүний ясанд хийсэн палеогенетикийн судалгааны үр дүн мөн хэвлэгдэн гараад байна.
2010 онд Ц.Төрбат нарын малтсан Их Монгол улс-Юань гүрний үед холбогдох 57, 59 ба 61-р булшны хоёр нь эрт цагт тоногдож эвдэрсэн, зөвхөн 57-р булшны хүний оршуулгын хэсэг огт хөндөгдөөгүй байсан онцлогтой билээ. Энэхүү гурван булшнаас олон арван сонирхолтой эд өлгийн зүйлс илрүүлсний дотор урьд өмнө судалгааны хүрээнд огт илрээгүй хэд хэдэн онцгой ховор нандин олдвор гарсан юм. Үүний дотор, 57-р булшнаас гарсан малгайн алтан дог ба духавч, хоромсого ба сумнууд, төмөр илд, төмөр жадны гилбэр, суран бүс, эвхдэг аяны сандал, төмөр гархин хуяг, 59-р булшнаас гарсан бичээс бүхий ясан тамга, төмөр илд, хоромсогны ясан чимэглэлүүд, мөн дээрх булшнуудаас гарсан төмөр дөрөө, эмээлийн үйсэн хавтаснууд зэрэг нь урлагийн болон соёлын өндөр ач холбогдолтой олдворууд болно.
Таван толгойн морьтой оршуулгууд нь дагалдуулан тавьсан эд өлгийн төрөл зүйл баялаг төдийгүй тухайн цаг үеийн зөвхөн язгууртан дээдсийн эдэлж хэрэглэх зүйлс, оршуулгын зан үйлийн онцгой төрх зэргээрээ дундад зууны монголчуудын булш оршуулгаас эрс ялгардаг бүлэг булш билээ. Эдгээр булшинд оршуулсан хүмүүс Юань улсын үеийн дээд язгууртнууд байсан нь эргэлзээгүй юм. (Ц.Төрбат) -
ХҮН ҮНДЭСТЭН МОНГОЛЧУУДЫН ТӨӨРӨГДӨЛ
Угтаа бидний нүүдлийн соёл иргэншил хэмээгч нь дөрвөн улиралаа даган өвс ургамалын гарц, уул усны байршилын онцлогоос шалтгаалан өвөлжөө, хамаржаа, намаржаа, зуслангаа тойрон нүүдэллэж, аж төрөх амьдралын нэгэн хэв маяг билээ. Энэхүү мал ахуйтан ард түмний амьдралын гол учир шалтгааныг дутуу ойлгосноор тэдгээр ард түмнүүд хаа дуртай газраа хэрэн тэнүүчилж, харсан зүгтэй ямар нэгэн зорьлогогүйгээр эсхүл дээрэм тонуулын мөрөөр нүүдэллэн амьдарч байдаг гэсэн ташаа ойлголтоос үүджээ.
Гагцхүү өөрсдийн амьдарч байсан уугуул нутгаа орхин хэдэн зуун жилээр, алс холыг зорин нүүдэллэх ГАНЦ Л ШАЛТГААН байсан нь тухайн ард түмнүүдийн овог аймаг хоорондын зөрчил, газар нутаг бэлчээр усаа булаацалдан тэмцэлцэх буюу үндсэндээ дайн байлдаанаас үүдэн гардаг байжээ. Ийн нүүсэн бүлэг нүүдэлчид харин хэсэг хугацаанд ямар нэгэн зорилгогүй, дээрэм тонуулаар аж төрж болох бөгөөд бусдын нүдэнд харагдсан зөвхөн энэ нэг талын өнцөгөөр мал ахуйтан ард түмний түүхийг төсөөлж, бичиж ирсэн байх талтай юм.
Одоогийн манай Монгол улсын нутаг дэвсгэрт оршин байсан аливаа нэгэн төрт улс нуран унаж, дараагийн нэгэн төрт улс залган гарч ирэхэд өмнөх улсын ард иргэд тэр чигтэй нүүдэллэн алга болох эсхүл бүрэн шахагдаж, оргүй хоосон газар нутагт тэр эзэлсэн улсын ард түмнүүд оршин суудаг мэтээр нүүдэлчид гэдэг ухагдахууныг нааж бидний түүхийг санаатай юмуу санаандгүйгээр тайлбарлаж ирсэн байна. Бид ч энэ мэтээр төсөөлж иржээ.
Чухамдаа Алтайн нуруунаас Хянганы нуруу хүртэлх өргөн уудам нутаг дэвсгэр болоод эдгээр их уулсыг тойрон мал ахуйгаа даган аж төрөх нэг хэл соёлтой, олон овог аймагт хуваагдсан (соёлын хувьд хол зөрөөгүй, хэл ижил ч аялга ондоо) ард түмнүүдийн ээлжлэн төрөө байгуулж, бусдыгаа эрхшээн ДАГУУЛЖ байгаа үйл явц нь хэдэн мянган жилийн турш явагдасаар ирсэн байна.
Түүхэнд бичигдэж, цаасанд буусан нь Хүн гүрний үеэс эхэлжихүй. Энэхүү одоогийн Монголын тэгш өндөрлөгт болж байсан зөрчил тэмцэл нийт хүн төрөлхтөнийг хөдөлгөөнд оруулж байсан нь Хүн гүрэн болоод дараагийн төрт улсуудын мандал бадрал, мөхөл сүйрлүүдээс тод харагдана. Хүн гүрнээс өмнө энэ үйл явц хэдэн удаа, яаж өрнөж байсан нь гагц бичигдэж үлдээгүйн улмаас бид одоо мэдэхгүй болжээ. Таамаглавал Шумерийн үе (эртний перс?), Скифийн (индо-европ?) үетэй ч холбоотой байж болох юм. Эдгээр одоо ч бүрэн судлагдаагүй, гарал үүсэл нь тодорхой биш, маргаантай нүүдэлчин овог аймгууд мөн л баруун тийш шахагдсанаас (хэсэг бүлэг нь) их нүүдлийг үүсгэн (энэ үйл явц хэдхэн жилийн бус хэдэн зуун жил дамнана), хүн төрөлхтөний нэгэн гайхамшигтай түүхийг бичилцэж ирсэн. Чухам хаанаас гарч ирээд тийн болсон нь тодорхойгүй ч нөгөөх л ГАНЦ учир шалтгааны улмаас үүдсэн байж болно. Шалтгаангүйгээр эх нутаг, газар усаа орхин нүүхгүй билээ.
Хүн гүрэн мөхөж задран унахад эрх мэдэл бүхий ноёд язгууртнууд нь өөрсдийн захиргааны хэдэн мянгаас хэдэн түмэн өрх айлаа дагуулан эх нутгаа орхин явсанаас биш тухайн Хүн гүрний бүх ард түмнийг дагуулан явна гэсэн ойлголт байж боломгүй асуудал. Үндсэн ард түмэн бол байдаг газраа үлдээд дараагийн шинэ төрөө дагаад тэдний улсын туган доор аж төрөн, тэдний хойчис нь мөн л дараагийн шинэ төрөө дагах мэтээр үргэлжилнэ. Энэ нь овог, аймгууд өөрсдийн төрөө ээлжлэн байгуулж, төр улсын нэрийг өөрсдийн овог, аймгийн нэрээр нэрлэж буй явц бөгөөд үндсэн ард түмнүүд байдгаараа л байна.
Өөрсдөө мэдэлгүй түүхийн хулгай хийх болсон үндэслэл
Манай түүхийн үүсээд буй гол асуудал Түрэгийн эзэнт гүрний үеэс эхэлнэ. Түрэгийг дээдсээ болгосон Турк, Казакууд манай түүхийг булааж биднийг энэ газар усны уугуул бус суугуул болгох хүртэл хэмжээнд асуудал нэн их хурцаджээ.
Жужан гүрний үед төмрөөр алба барьж дагаар орсон Ашина овгийн 500 өрх анх Алтайн нурууны Дуулга ууланд ирж суурьшжээ. Хэдэн зуун жил өнгөрөхөд хүчирхэгжин МЭ VI зуунд Этүгэнд төрөө байгуулах хэмжээнд хүрсэн байна. Ашина түрэг овгоос, Түрэг аймаг болж, аймгаас Түрэг улс болж, улсаас эзэнт гүрэн болсон хэдэн зуун жилд анх 500 өрх байсан ардууд Этүгэнийг бүхлээр нь Түрэгжүүлэхүү эсхүл олонх байсан Хүн гүрний хойчис Этүгэн ард түмний дотор уусах уу? Модуны үед оргил үедээ 300-400 мянган морьт цэрэг гаргах хүчин чадалтай Хүн гүрний хойчис Түрэгт эзлэгдэсэнээр бүгд түрэгжих үү? Эсхүл Ашина түрэгүүд хаанаас ирсэн хэн байлаа ч гэсэн анх Алтай орчмыг нэгтгэн Түрэг аймаг болохдоо Хүн гүрний хойчис баруун дээдсийн хэл соёлд уусан Түрэг гэдэг нэр л үлдсэн байж болох уу? Тэд ямар хэлээр ярьдаг ямар үндэстэн байв? Үсүнь газар усны ардууд уу? Энэ бол бидний эхлээд шийдэх асуудлын нэг нь. Үсүнь гэдэг бол Каспийн тэнгисээс Алтайн нуруу хүртэлх өргөн уудам газар нутгийг хамрах ойлголт.
Ямартай ч Түрэг төрийн үеийн хадан бичээсэнд Хүн хэлээр ярьдаг байсныг Sergelen International Expedition -ны судлаачид тогтоож буй нь талархуйштай. Үүнээс гадна тэдний судалгааны ажил маш олон зүйлийг ухааруулж, сэхээрүүлж байгаа билээ.
Ашина түрэгүүд анхнаасаа Хүн хэлээр ярьдаг байв уу? Хүн соёлд автав уу? гэдэг нь бас нэг тусдаа асуудал. Гэхдээ тэд Этүгэний ард түмнээс тэс ондоо хүмүүс биш байсан болов уу? Соёлын багахан зөрөөтэй, аялага өөр байснаас их хэтрэхгүй гэж бодож байна. Жужаныг цохиж бүгдийг нь шахаж үлдсэн орон зайг Түрэг ардууд эзэлсэн гэх үлгэр яавчиг логик ухагдахуунд буухгүй. Яг энэ нүүдэлчин гэдэг ухагдахуунаар Хүн гүрнийхэн бүгд шахагдаад үлдсэн орон зайг Сүмбэ эзэлсэн, Сүмбийг Жужан, Жужаныг Түрэг, Түрэгийг Уйгар гэх мэтээр үргэлжилнэ. Их Монгол улсыг ч мөн ингэж үзнэ.
Түрэг гэдэг нэр хэрхэн яаж яваад Хүн үндэстэн Монголчуудын түүхээс салсан нь тэдний байлдан дагуулалтай холбоотой асуудал юм. Алтайн нуруунд анх 500 өрх айл ирж суурьшихаас эхлээд хэдэн зуун жилийн дотор одоогийн Монголын өндөрлөгийг нэгтгэн Этүгэнд төрөө байгуулсанаар өмнөх болон дараагийн төрт улсуудынхаа адилаар Үсүнь газрын ардуудыг дагуулжээ. Чухам энд л бидний төөрөгдөлийн шалтгаан тайлагдах учиртай юм. Үсүньчүүд Түрэгийн ноёрхолд орсон нь мөн л бүгд Түрэгүүд болно гэх ойлголт байхгүйг бид мэднэ. Гагц Түрэгийн соёлын нөлөөнд их бага хэмжээгээр автаж тэдний туган доор тэдний нэрээр цаашид аж төрөх тухай ойлголт юм. Цаашлаад эзэнт гүрэн болсон Түрэгүүдийн байлдан дагуулалт лалын ертөнцөд тэлэхэд Түрэг удирдагчидтай Үсүнь ардуудын нэр тухайн бүс нутагт Түрэг нэрээр үлджээ гэж ойлгож болно. Үсүньчүүд газар усныхаа эздийн хувиар олонх байсан учир он цаг өнгөрөх тусам ноёлогч анги нь үндсэн ард түмнийхээ дотор уусаж алга болдог нь зүй тогтол. Үсүнь газар усны ардууд өөрийн газар усандаа Хүн төрийн үед ч байсан, Түрэг төрийн үед ч байсан, Их Монголын төрийн үед ч байсан мөн одоо ч байсаар л байгаа энэ Казакын ард түмэн юм. Ерөнхийдөө Их Монголын эзэнт гүрний үед Алтан ордны улсын ноёлогч анги нь Монголчууд, ихэнх ард түмэн нь Кипчагууд байсантай ижил юм.
Чухам яагаад Түрэг гэдэг нэр бусдаасаа илүү Үсүньд үлдсэн нь сонирхолтой. XI зуунд арабын Махмуд ал Кашгари хэмээгч хүн Түрэг хэлний тайлбар толь зохиосон нь “Диван лугат” юм. Энэ толийг бичих шаардлага гарсан нь тухайн үед Түрэг хэлээр ярьдаг төр ямар нэгэн хэмжээгээр байсныг илтгэнэ. Харин XIX зуунд Османы эзэнт гүрний үед ижил шашинтай учир зарим нэг үгийг тайлж уншсанаар манай эртний хэл юм байна гэсэн өнгөц ойлголт авч тухайн толин дээр гарах Түрэг гэх улсын нэрээр XX зуунд улсаа нэрлэсэн байх үндэслэлтэй юм. Одоогийн Анатолын хойгт суурьшсан Сельжүкүүд суугуул ардууд учир өөрсдийн түүхийн эрэл хайгуулаа хийж явахдаа буруу замаар орсон нь энэ юмаа. “Диван лугат” толь дээрх Түрэг үгсийн 70 хувь орчим нь одоогийн бидний хэлтэй дуудлагаараа ижил, жирийн хүн ч ойлгохоор тодорхой байгааг судлан гаргажээ. Харин үлдсэн 30 хувь нь Үсүнь хэлний үгс аж. Эндээс одоогийн Турк, Казак болон СТАН-ны орнуудын дээдэс бол Үсүньчүүд гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэд анх түүхийн хулгай хийж байгаагаа мэдээгүй байсан бол одоо мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
(Мустафа Камиль пашагийн үеээсээ улсаа Турк гээд нэрлэчихсэн хүмүүс үүнээсээ буцна гэдэг бас хүнд асуудал шүү!!!)
Түрэгүүд Хүн хэлээр ярьдаг байсныг шинжлэх ухаанчаар нотлох нь бидний эхний хийх алхам гэдгийг дахиад дурдъя.
Өөрсдөө түүхийн хавханд орж буй Монголчууд
Асуудал хэдий ийм боловч шийдэхэд хамгийн том бэрхшээл нь Их Монголын эзэнт гүрний үетэй холбогдоно. Учир юун хэмээвэл Тэмүчин Чингис хаан бол бидний Монголчуудын хамгийн ихээр бахархан, хүндэтгэдэг их эзэн хаан.
Бидний түүхийг өмчлөх, булаах үйл бид Чингис хааны Их Монголын төрийн түүхээр түүхээ хардагаас болж буй хэрэг. Үүнээс болж энэ үеийн түүхээ өмнөх эртний түүхүүдтэйгээ шинжлэх ухаанчаар холбож чадалгүй мухардалд ордог байдал. Түүхийг төрийн биш ард түмний түүхээр бичсэнээр бид мухардалаас гарна.
Уншигч та гайхаж буй байх. Учрыг сийрүүлье:
Монголын нууц товчооны хамгийн эхний бүлэг ЧИНГИС ХААНЫ ДЭЭД ЯЗГУУР БӨРТЭ ЧОНО ГЭРГИЙ ГУА МАРАЛЫН ХАМТ ТЭНГИС ДАЛАЙГ ГЭТЛЭН ИРЖ ОНОН МӨРНИЙ ТЭРГҮҮНЭЭ БУРХАН ХАЛДУН УУЛАНД ИРЖ НУТАГЛАЖ буй тухай хэсэг. Мөн Рашид Ад Диний “Судрын чуулган” дахь Эргүнэ хунгийн домог, бусад сурвалжууд зэргээс үзэхэд Чингис хааны дээд өвгүүд хэзээ ч Этүгэнд ирж төр барьж байгаагүйг харж болно. МЭ VIII-XIX зууны үед л Бөртэ чоно тэнгис далайг гэтлэн ирж Бурхан Халдунд иржээ. Энэ бол хөдлөшгүй баримт. Чухаг нь бас нэгэн судлах ухагдахуун бол Хамаг Монголчуудын гарал үүсэл юм. Үүнд Шивэй аймгуудын түүх, Жужаны хиан, чонос 2 овгийн Эргүнэ хунд шургасан явдал хийгээд Бөртэ чонотой хэрхэн холбогдож байгаа түүхийг сэргээх нэн шаардлагатай.
Этүгэн бол Хангайн нурууг тойрсон гол ус ихтэй, өвс ургамал тэгширсэн төв нутаг. Орхоны сав бол үе үеийн төрийн голомт. Чингис хаан бүх овог аймгуудыг нэгтгэж Орхоны савд Хархорумыг байгуулсан нь тохиолдол биш ээ. Үеэс үед хамгийн их хүнтэй, малтай нутаг бол ЭТҮГЭН нутаг, одоо ч хэвээрээ.
Төрийн түүхээр түүхээ бичнэсээр бид гадныхны зохиосон нүүдэлчин гэдэг ухагдахуунаар суугуул иргэд болоод байгаа нь ийм учиртай. Турк, Казакууд Түрэгийг дээдсээ гэж үзсэнээр (асар их хөрөнгө хаяж судалж байна, суртчилаж байна, Турк улс Түрэгтэй холбон нэрээ ч сольж байна) биднээс 700 гаруй жилээр урт түүхтэй болж энэ газар усны уугуул эзэд болоод зогсохгүй Хүн гүрний түүхийг өмчлөх хэмжээнд тулан ирээд байна. Мэдлэггүй, мунхагаасаа болж бид өөрсдөө хавханд гүйн орж дотроо ч учираа олохоо байжээ. Чингис хааныг үгүйсгэж байгаа хэрэг огт биш. Чингис хаан хэдий агуу хаан ч гэлээ, Их Монголын эзэнт гүрний түүх эгнэшгүй ч гэлээ түүнээс өмнө ч бид агуу хаадуудтай, мөн л эгнэшгүй түүхүүдтэй байсан.
Хүн гүрний задралаас хойш олон овог аймгууд өөрсдийн төрөө ээлжлэн байгуулж ард түмнүүд нь нэрээ сольж, хаанаа сольж байсан шиг тэдгээр олон овог аймгуудын нэг болсон Хамаг Монголчууд өөрийн төрөө байгуулж байжээ гэдгийг ухах хэрэгтэй. Тухайн XIII зууны үед хэл болоод соёлын онцын ялгаагүй Хамаг Монголчууд зүүн хойд захын жижиг аймгаас Чингис хааны суу ухаан, авъяас билэгээр Этүгэнд ирж төрөө байгуулсан байна.
Этүгэн дэхь төвийн төр хуваагдалтай, хүч дорой байснаас Түрэгийн Буман хаан Тэлэг цохин дагуулж, улмаар Жужан төрийг нураан ноёрхох болжээ. Чингис хааны үед төвийн төр нь Хүн гүрний шууд хойчис болсон Этүгэн дэхь Хэрэйдүүд (Хэрэйдүүд дотроо маш их хагаралтай байсныг бид “Монголын нууц товчоо” –оос мэднэ) байж. “Монголын нууц товчоон” -д Ван хан Тоорилыг хамгийн эртний хаадын отгон нь хэмээн хүндэтгэсэн байдаг, мөн Хамаг Монголчуудыг “дорно зүгийн цөөн Монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг элдвээр айлган дутаалгаж энэ саяхан үхүүлэв. Тэгээд тэд, бүгдийг эзлэн хаан болох санаатайа юу?” гэж Найманы Таян хан өгүүлдэг. Энэ нь XIII зуунд тухайн үедээ Хэрэйдүүд хамгийн их хүн амтай, малтай аймаг нь байж, Их Монгол улсын ард түмэн хийгийд үндсэн соёл нь Хэрэйд давамгайлсан, төр нь Хамаг Монголчууд байжээ гэж үзэж болно. Ялангуяа Хэрэйд хатантай Тулуйн угсаа зэвсэг зөрүүлэлгүй төрийн эргэлт хийсэн нь түүний хөвгүүдийн ард Хэрэйдүүд дэмжиж байсантай холбоотой юм. Алтан ордны Бат хааны дүү Бэрх 3 түмэн цэрэгтэй хуралдайд ирээд Мөнхийг хаан болгож байхад Их хаан Өгөөдэйн угсаа эх нутагтаа Бэрхийн 3 түмэн цэргээс эмээсэндээ хаан ширээг талбин өгсөн байх учир байхгүй юм.
Үүнтэй ижил нэг тохиолдол өмнө нь дэлхийн түүхэнд ч тохиолдож байжээ дурдсуу.
МЭӨ IV зуунд Грекийн хойд захын Македон хэмээх жижиг муж улс суут байлдан дагуулагч Агуу Александр болон түүний эцэг Филиппийн үед бүх Грекийг нэгтгэж дуусган бага Азийг байлдан дагуулжАхеменидийн Персийн эзэнт гүрнийг мөхөөж зүүн зах нь Энэтхэг, Бактриа (одоогийн Афганистан орчим) хүрчээ. Биднээс ялгаатай нь Грекүүд улсаа Македон гэж төрийн нэрээр нэрлэсэнгүй түүнээс өмнөх эртний Грек хэмээх нэрээр улсаа нэрлэжээ. Одоо үед Агуу Александрыг хэн ч Грек хүн биш гэж хэлэхгүй. Грекүүд эртний Македоны түүхийг 100% өмчилж байна. Балканы хойгт Югославын задралаар шинээр бий болсон слав гаралтай үндэстэн Македон хэмээх нэрийг авч улс болоход Грекүүд эсэргүүцсээр байгаад саяхан 2019 онд улсынх нь нэрийг Хойд Македон болгон өөрчлүүлж чадаж байна. Агуу Александрыг жанжид нь Грек хатан авахыг хүсэхэд зөрүүдэлсээр байгаад Бактриагаас хатан авсан нь түүний босгосон эзэнт гүрэн мөхөх нэг шалтгаан нь болжээ. Александрыг нас нөгчмөгц жанжид нь хатан, хан хүүг нь хороож эзэнт гүрнийг нь хуваан захирдаг. Энэ бас манай түүхээс бас нэг ялгаатай тал нь. Их Монгол улсын хаан угсаа Хэрэйд эхтэй Тулуйн хөвгүүдэд шилжсэнээр Хүн гүрний шууд хойчис Хэрэйдүүд тэдгээр хөвгүүдийг хаанаа хэмээн хүлээн зөвшөөрч Чингис хааны байгуулсан их улсыг задраалгүй авч үлджээ. Нөгөөтэйгүүр Өгөөдэй хаан амьд сэрүүн байх үедээ Хэрэйдийн бэлэвсэрсэн хатан Сорхугтани Бэхийг хүү Гүегтэй эртний Монголын авга түших ёсын дагуу авч өгөх гэсэн нь тохиолдолын хэрэг биш бөгөөд өөрийн удмын хаан угсааг хадгалан үлдэх гэсэн холын бодол байжээ. Дөрвөн том болсон хөвгүүдтэй, хөгшин эмэгтэйг зөвхөн өөрийн хүүдээ авч өгөх гэсэн нь өөрөөс нь хойш төр хямрах үйл явцыг ухсан байж. Борчигуны угсаанаас Гүегээс өөр авга түших эр олдохгүйдээ тэгсэн хэрэг биш юмаа.
Одоо уншигч та санааг ойлгож буй байхаа. Хүн гүрний задралаас үүссэн олон овог аймгийн нэг Хамаг Монголчууд XIII зуунд өөрсдийн төрөө байгуулжээ. Грекээс ялгаатай нь бид улсаа Хүн гэж нэрлэсэнгүй Монгол гэж нэрлэсэн нь төөрөгдөлд оруулж байгаа юм. Басхүү Монгол гэж нэрлэсэн нь буруу гэж байгаа зүйл биш гэдгийг ухах хэрэгтэй. Төрийн түүх, үндэстэний түүх гэдэг ялгааг ойлгож, үндэстэнийхээ буюу ард түмний түүхээр өнгөрсөнөө харж, сэргээж чадвал би Хүн гүрнээс хойших үе үеийн бүх төрийн түүхүүдээ давхар өмчилж чадах билээ.
Мал ахуйтан Хүн үндэстэний 2200 жилийн түүхэн дэх зөвхөн XIII зуунд хамаарах хэсэг нь Их Монгол улсын үе юм шүү.
Анхаарал тавин уншиж дуусгасанд гялаалаа!
Бичсэн: Оюунбаатарын Наранбаатар. 2022 оны 07 сарын 28 өдөр.
Гол эх сурвалж: Sergelen International Expedition -ны судалгаа -
МОНГОЛ УЛС ЭЛЭГ, ХОДООДНЫ ХАВДРЫН ӨВЧЛӨЛӨӨР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсад 2022 онд 6885 хүн хорт хавдраар шинээр оношлуулж, 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Манай улсад өвчний улмаас жилд дунджаар 16-18 мянган хүн нас бардаг ба нас барсан таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай.
Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс гаргасан статистикаар манай улсад зүрх, судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол хорт хавдар хоёр дахь шалтгаан болж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 20 жилд тогтвортой байгаа бөгөөд 2014 онд манай улсад хавдрын өвчлөл 100 мянган хүн ам тутамд 185 байсан бол өнөөдөр 230 болж нэмэгджээ.
Үндэсний статистикийн хорооноос тоон гаргасан мэдээгээр 19 жилийн өмнө Монгол Улсын хүн амын тоо 2.5 сая ба тухайн жилд хорт хавдраар оношлуулсан хүний тоо 4625 байсан бол 3.4 сая хүн амтай өнөөгийн Монголд хорт хавдраар жилд бараг 7000 хүн оношлуулсан гэх харамсалтай тоо мэдээ гарлаа.
Монгол Улс элэгний хавдрын өвчлөл болон нас баралтаар, ходоодны хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна.
Хавдраар оношлогдсон 6885 хүний 87 хувь нь 45-аас дээш буюу ид ажил хөдөлмөр эрхлэх насныхан байна. Хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй бол 2040 онд хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ-аас гаргаж, сануулга өгчээ.НИЙТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙН 33.2 ХУВИЙГ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ЭЗЭЛЖ БАЙНА
Графикт дээрх хорт хавдрын өвчлөлийн бүтцийг харахад Монгол Улсад нийт хавдрын 33.2 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна.
Элэгний хавдрын өвчлөл 7-8 жилийн 38-40 хувийг дангаараа эзэлж байсан бол жил ирэх тусам хавдар дотор элэгний хорт хавдрын өвчлөлийн хувь аажмаар буурсаар буй нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүн хэмээн ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа дүгнэж байв.Н.ЭРДЭНЭХҮҮ: ХСҮТ 2022 ОНД 150 МЯНГАН ХҮНД ҮЙЛЧИЛСЭН
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс тус эмнэлгийн үйл ажиллагаа болон өвчлөлийг бууруулах ямар гарц шийдэл байгааг тодруулсан юм.Тэрбээр, Монгол Улсад хатуу хяналттай хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж хардаг. Манай улс 3.4-хөн сая хүн амтай. Цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд хамгийн чанартай амьдрах, хийж бүтээх насандаа хавдар болон бусад өвчний улмаас эрт нас барах, эсвэл баялаг бүтээх бус групп тогтоолгон халамжийн гэх ангилалд шилжиж байна. Энэ бол хувь хүний амьдралын чанар хийгээд улс орны нийгэм, эдийн засаг, айл өрхийн ахуй амьдралд ч сөрөг үр дагавартай. Эдийн засагчид үүнийг тооцох ёстой юм.
-Хавдар судлалын үндэсний төвөөр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?
-Хавдар судлалын үндэсний төв 2022 онд 150 мянган хүнд үйлчилсэн, энд үйлчлүүлэгчийг дагаж ирж байгаа хүний тоог оруулаагүй. Долоо хоногт 120-140 мэс засал хийж байна. Хамгийн их хүлээлэгтэй нь элэг, хоёрдугаарт ходоодны хорт хавдрын мэс засал ордог. Энэ хоёр хавдар манай улсад тэргүүлж буй учир ачаалал ихтэй байна. Элэгний мэс засал жилд дунджаар 500-600-г хийдэг байсан бол 2022 онд 1000 хүрсэн.-Яагаад ингэж огцом нэмэгдэв?
-Тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Ходоодны мэс заслын тоо мөн адил нэмэгдсэн. Тэгэхээр эрт илрүүлэх арга хэмжээ чухал байгаа юм. Гэхдээ нэг удаагийн улс төрийн шийдвэрээр хийх биш, улс орны эрүүл мэндийн салбарын тогтсон тогтолцоо бүрдүүлэх ёстой юм гэлээ.ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ МОНГОЛД /100 МЯНГАН ХҮН АМ ТУТАМД/ 2022 ОНД 4548 ХҮН ХОРТ ХАВДРЫН УЛМААС НАС БАРЖЭЭ
2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Үүнээс 1636 буюу 36 хувь нь элэгний хорт хавдрын улмаас хорвоог орхиж байна. Хорт хавдрын улмаас нас барсан иргэдийн 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэйчүүд. Хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 66 хувь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна. 42.4 хувь нь 5 болон түүнээс дээш жил амьдарч байна.
Элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл хүйс харгалзахгүй хамгийн өндөр байгааг та зургаас харж болно. Эрэгтэйчүүд дунд уушгины хавдар өвчлөлийн гуравдугаарт орж байгаа бол энэ төрлийн өвчлөл эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын шалтгааны долоодугаарт эрэмбэлэгджээ. Харин эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаар шалтгаан нь хүний папиллома вирусийн халдварын улмаас үүсдэг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.
ХАВДРААР ОНОШЛОГДСОН ИРГЭДИЙН 70.4 ХУВЬ НЬ ӨВЧНИЙ ХОЖУУ ҮЕДЭЭ ЭМНЭЛЭГТ ХАНДСАН
Иргэд хорт хавдрын өвчлөлийн аль үе шатандаа оношлогдсоныг дараах графикаас харж болно. Эмнэлэгт хандсан иргэдийн 70.4 хувь нь өвчний сүүлийн шат буюу III-IV үедээ оношлогдож, жил хүрэхгүй хугацаанд амьдраад хорвоог орхиж байгаа эмгэнэлтэй мэдээ энэхүү статистикаас харагдаж буй юм.
Монголд зонхилон тохиолдож буй хавдруудаас нойр булчирхайн хавдраар оношлогдсон иргэдийн 86.6 хувь нь хавдрын сүүлийн үе шатандаа оношлогдсон нь анхаарал татаж байна.УЛСЫН ХЭМЖЭЭНД 26347 ХҮН ХАВДРЫН ЭМЧИЙН ХЯНАЛТАД БАЙНА
Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 26347 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байна.ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТЫН 70 ХУВЬ НЬ БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДАД ТОХИОЛДОЖ БАЙНА
ДЭМБ-аас 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас барсан хэд болох тооцооллыг улс орнуудын хүний хөгжлийн индекстэй холбон гаргажээ. Монгол Улсад жил бүр 3000 гаруй хүн хорт хавдраар оношлогдог бөгөөд 2040 онд энэ тоо 5000 давна гэж тооцоолжээ. Эрэгтэйчүүдийн дунд хорт хавдар 90.8 хувиар өсөх гэсэн тооцоолол гарчээ. 2040 он гэхэд Монголд нийт хорт хавдрын өвчлөлд 11 мянгыг давах нь гэсэн тооцоолол хийж, урьдчилан анхааруулсан байна.
Хорт хавдрын улмаас дэлхий дахинд жилдээ 10 сая гаруй хүн хорт хавдраар өвчилж байна. Хавдрыг бууруулах тулд улс орнууд юу ч хийхгүй бол энэ тоо 13 сая хүрнэ.
Хавдраас урьдчилан сэргийлэх ажиллагаа зохион байгуулбал хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй иргэдийг эрт илрүүлэн эмчлэх боломжтой. Хорт хавдрын нас баралтын 70 орчим хувь нь буурай хөгжилтэй улс орнуудад тохиолдож байна. Үүнд Монгол Улс багтаж байна.
Дэлхийн хүн амын тал хувь нь эрүүл мэндийн нэн шаардлагатай бүх төрлийн тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бөгөөд ихэнх нь хорт хавдрын тусламж үйлчилгээ авах татгалздаг. Тиймээс бүх хүнд ээлтэй эрүүл дэлхийг бүтээе гэсэн уриалгыг дэвшүүлж байна.
Амь насыг хамгаалбал мөнгийг хэмнэдэг. Хэрэв урьдчилан сэргийлэхэд 11.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд хавдрын эмчилгээнд зарцуулах 100 тэрбум доллар хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг гаргажээ. Хавдрын өвчлөлийг үл тоовол дэлхий нийтээр хөдөлмөрийн бүтээмж муудаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал өснө, айл өрхийн орлого буурна хэмээн анхааруулж байна. Тиймээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө зарцуулахаас бүү ай хэмээн ДЭМБ-аас улс орнуудад уриалж байна.
Инфографикийг А.Эрхэмбаяр