Category: Монгол үндэсний түүх

  • №34 Зургаан түмэн буюу Зургаан улс

    Дөрвөн Ойрад
    XV зууны тэргүүн хагасын Ойрад, Зүүн Монгол хоёрын тэмцэлд голдуу Ойрадууд ялдаг байжээ. Түүний гол шалтгаан нь тэр үед Ойрадын дотоод нэгдэл, зохион байгуулалт нь чанд байхад, Зүүн Монголын ноёд нь эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж, төвийн захиргаа нь сульдаад байсантай холбоотой.
    XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт, Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад1, Хойд, Баатуд Түмэн нэг Ойрад2, Барга, Буриад нэг Ойрад3, Өр* Монгол нэг Ойрад4 болж явсан гэжээ.
    Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохорын үр хойчис юм. Хошуудын ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв. XV зууны хориод онд Хасарын 7 дахь үеийн ач Аригтөмөр, Өрөгтөмөр ах дүү хоёр албат харъяатаа булаацалдан эвдрээд, Өрөгтөмөр нь Хянганы баруун тал, Хөлөнбуйр орчмын нутгаасаа өөрийн албатаа дагуулан Тогоон тайшийг түшиж ирсэн ажээ5. Хошууд нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ.
    Торгуудын язгууртан нь Хэрэйдийн Ван ханы угсааныхан юм. Турхагууд гэсэн нь сунжирч, Торгууд болсон гэлтэй. Турхаг нь тураг, биеэрхүү гэсэн үг бөгөөд эрт цагт хааны ордон болон бие хамгаалах торгон цэргийг тийн нэрлэж байв.
    1 “Тод үсгийн дурсгалууд” УБ, 1976, тал 379. “Ойрадын түүхэн сурвалж Хөх хот. 1986, тал 307
    2 “Ойрад түүхэн сурвалж”, тал 379
    3 “Дөрвөн ойрадын түүх тууж хэмээх тууж оршив” Тод үсгийн гар бичмэл. ШУА, ХЗ хүрээлэн
    *Өр монгол гэж, Зүүн монголыг хэлж буй бололтой.
    4 “Ойрад түүхэн сурвалж” тал 307. Тод үсгийн дурсгалууд. УБ, 1976, тал 337
    5 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 19936, тал 82
    Хойдын ноёд нь Ойрадын Хутуга бэхийн үр сад байжээ1. Хутуга бэхийн үр хүүхэд нь Чингисийн алтан ургаас тасралтгүй гурван үзе хатан буулгасан учир тэдний “яс нь цайж, цагаан тугийн ноён болсон”2 гэж сурвалжид тэмдэглэж байна.
    Хойд нь Их мянган, Өл түмэн, Алан гулз, Цагаан туг хэмээн дөрвөн отгоос бүрэлдэж байв3.
    Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу нар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзлэн, өөрийн харъяат аймгаа “Өөлд” хэмээн нэрийджээ4. “Өөлд” нь өсгөлүүн, биеэрхүү том гэсэн утгатай үг гэж эрдэмтэд үздэг. Чоросоос тасран гарсан нэг аймаг Ойрадын дотор ингэж буй болжээ.
    1 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 1993, тал 82.
    2 “Тод бичгийн дурсгалууд”, тал 333.
    3 А.Очир.Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ, 1993, тал 73.
    4 “Ойрад түүхэн сурвалж…”, тал 280.
    Ойрадын ноёдын эрх мэдэл, харъяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Чорос хоёр хоорондоо дайтжээ.
    Чингэж XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол дөрвөн аймаг болжээ.
    XVI зууны эхээр төвлөрсөн захиргааг эсэргүүцэж Даян хаанаас зугатсан Уйгурын Ибэрэй тайш, Бурхай нарын ноёд Хөх нуурт нутаглаж байсан билээ.
    Шарын шашин дэлгэрүүлсэн нь
    Шашин бол феодалын байгууллын оршин тогтнохын хамгийн нийтлэг нийлбэр, хамгийн нийтлэг санкц нь байсан бөгөөд шашны энэ чанар нь Монголын феодализмд онцгой хүчтэй үйлчилснийг тэмдэглэх хэрэгтэй.
    Монголын феодализмд шашин сүм хийдийн үүрэг ямар байсан түүхийг бид үзэхдээ түүнийг гурван үндсэн үд багцаалан хувааж болмоор байна.
    Нэгдүгээр үе нь: Монголын байлдан дагуулал ба Их гүрний үе, энэ үеийн нэгдүгээр шат нь байлдан дагуулах хэрэгт тухайн орны шашны эрх баригчдын нөлөөг ашигласан, хоёрдугаар шат нь нэгэнт байлдан авсан газар оронд ноёрхлоо мөнхжүүлэхийн тулд хүрээ хийд лам нарыг өргөн тэтгэх, төр шашин хэмээх хоёр ёсыг хослон хөгжүүлэх аргыг хэрэглэсэн.
    Хоёрдугаар үе нь: Их гүрэн мөхсөний дараа Монголын феодалууд шарын шашныг албат харъяат нарынхаа дунд санаачлан дэлгэрүүлж монголчууд шарын шашинд нэлэнхүйгээр орсон үе. Энэ үеийн нэгдүгээр шат нь шарын шашин бөөгийн мөргөлийг бүрмөсөн шахан зайлуулж түүний орыг эзэлсэн ба хоёрдугаар шат нь Монголын хант улсуудад монгол ёсны шашны төв буй болсон үе юм. Энэ удаагийг шашны дэлгэрэлт нь Монголын феодалын хөгжлийн шинэ үетэй тохиолдож, хоёр ёсон жинхэнэ Монголын нийгмийн харилцаанд үйлчлэх болсон юм.
    Гуравдугаар үе нь: Монгол орон харин булаан эзлэгчдийн эрхэнд орж тусгаар тогтнолоо алдсан ба Монголын феодалуудын эрх мэдэл их хязгаарлагдмал байдалтай болсон цаг байлаа. Тэр үед хүрээ хийд, шашны дээд толгой лам нар нь Манжийн байлдан дагуулагчдын эрх ашигт тууштай үйлчилж байсан юм. Хоёрдугаар шат нь XIX зууны хоёрдугар хагасаас үндсэндээ эхэлсэн бөгөөд шашны том лам нар хутагт хувилгаад, хүрээ хийд чухамхүү тэр үед мал сүргийг том эзэд болж, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг нь маш их нэмэгдэж, лам нарын тоо эрэгтэйчүүдийн бараг 40 хувийг хамарч, Монголын нийгэм аажимдаа теократ шинжийг олсон юм.
    XVI зууны хоёрдугаар хагаст Монголын аж амьдралд гарсан чухал том үйл хэрэг бол Монголд шарын шашин дэлгэрсан явдал байлаа.
    Монголын феодалууд дотроос Юан улсын дараа шарын шашныг эрхшээл нөлөөгөө бататган дээшлүүлэх зорилгоор дэлгэрүүлсэн анхны хүн нь Алтан хан болно. 1577 онд Алтан хан Түвэдээс лам Содномжамцыг /1542-1588/ хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүн Ордосын бусад феодалыг шашинд оруулсан байна. Монголын феодалуудын дотроос хамгийн хүчирхэг нөлөөтэй байсан Алтан хан шарын шашны тусламжтайгаар Монголыг эрхэндээ оруулж нэгтгэн захирах бодлогыг тавьж байсан нь эргэлзэх газаргүй. Энэ нь Алтан хан, Содномжамц лам хоёр өөрсдийн биеийг Хубилай ба Пагва ламын шашин төрийг хослон хөгжүүлсэн хэргийг цаашид үргэлжүүлэгчид гэж үзэж байснаас тодорхой. Бөө мөргөлийг орхин, шарын шашныг хүлээн авахтай холбогдуулан хийсэн их ёслол дээр Алтан хан Содномжамцыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж түүнд “Далай лам” гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд түүнд “Далай лам” гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрсөн ажээ. Тэгээд Алтан хан, Далай лам хоёр энэ тухай тусгай хууль гаргах болж, Ордосын нөлөө бүхий том ноён Сэцэн хунтайжид шашны цааз хууль боловсруулан зохиохыг даалгасан байна. Сэцэн хунтайж бол алдарт түүхч Саган сэцэний элэнц өвөг бөгөөд Алтан ханы хамт Монголд шарын шашныг идэвхтэй дэлгэрүүлж байжээ.

  • № 33 XVI зууны монгол

    үетэй харьцуулбал ялгаатай байжээ. Алтан ургийн бус хүмүүс тухайлбал, тавиан нэр хэдий өөрийн эзэмшил газартай, харъяат ардтай байсан боловч Төв засгийн газаргт орох эрхгүй байв.
    Түмэн хааны эдгээр арга хэмжээ нь олон нийтэд талархагдаж Их цаазыг зохион явуулсан тул Түмэн засаг хаан гэж алдаршжээ.2 Түмэн засагт хаан 35 жил хаан ор суусан хугацаанд улс төрийн хямрал нэг хэсэг намжран зогсож, ард олны аж байдалд нааштай өөрчлөлт гарсан учир Саган сэцэн, Түмэн засагт хааныг “үлэмж жаргалангаар хүн амьтныг хангаж байсан”3 гэх зэргээр бичсэн байдаг.
    Түмэн, хаан болоод дараахь чиглэлээр ажилласан. Үүнд:
    1. Дээр дурьдсанчлан төвлөрсөн Төв Засгийн газрыг байгуулсан.
    2. Монголын нийгэмд урт удаан хугацаанд баримталж байсан татвар, гувчуурын журмыг өөрчилж Зүрчид, Илигүд, Дагуур зэрэг бууж өгсөн аймгуудаас шан харамж авах болов. Ийнхүү Түмэн хаан өөрийн эзэмшил газрын хил хязгаарыг өргөтгөх бодлогыг идэвхитэй явуулж, Зүрчид, Илигүд, Дагуур зэрэг аймгийг эрхэндээ оруулж авсан.4 Гэвч зарим судлаачдын үзэж байгаагаар хэрэг дээрээ зөвхөн Зүрчидийг эрхэндээ оруулсан ажээ.
    3. Түмэн засагт хаан өөрийн улсын дотор шашны төвийг бий болгох талаар арга хэмжээ авч байжээ. 2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ.1961. тал 220, 3 Мөн тэнд.
    4 “БНМАУ-ын түүх”, Тэргүүн боть. УБ. 1966. Тал 439-440
    Түмэн хаан Хятадын хилийг уулгалж зөвхөн цэрэг, аян дайны замаар өөрийн эдийн гачигдлыг тайлж байсан уу? гэвэл үгүй юм. Түмэн хаан Алтангийн төрөл садантай ойр дотно харилцаатай байсан бөгөөд Алтан ханы хүү Чинбаатарын тусламжтайгаар Сюаньфу дахь малын зах дээр малаа борлуулан арилжаа наймаа хийж байсан тухай тэмдэглэсэн байдаг.
    Түмэдийн Алтан хан бие даасан бодлого явуулах болсон нь
    Алтан мөн Ойрадыг хэд хэдэн удаа дайлж эрхшээлдээ оруулсан ажээ. Анх 1552ондд биеэр цэрэг авч мордон, Дөрвөн Ойрадыг Хүнүй, Завханы орчим байлдаж цохисон. Үүнээс хойш 1558 онд Уйгур, Шар уйгурыг эрхшээлдээ оруулжээ. 1567 оны үеэр Шахай руу элч илгээж Чагаадайн улсын үеэс ургийн холбоотой байснаа сануулж аргамаг хөлөг, алтт үнэт эрдэнэсийг бэлгэнд явуулсан.
    XIV-XVI зууны монголын нийгмийн байдал
    Юан гүрний дараах Монголын нийгмийн хөгжилт
    Хятад дахь Монголын ноёрхол унаж, хаан ноёд Монгол орондоо буцаж ирсэн нь тус орны байдлыг ноцтой өөрчилж, Монгол орон улс төр, эдийн засгийн талаар дахин биеэ даасан нийгмийн цогцос болж тус орны хувь заяа нь гол төлөв дотоодын хүчин зүйлээс, өөрийн үйлдвэрлэхүй хүчний хөгжилтөөс шалтгаалах болов.Суурьшмал улс орнуудтай худалдаа арилжаа хийж өөрсдийн хэрэгцээт гурил, будаа, бөс даавуу, төмөр эдлэл олж авах хэрэгцээ шаардлага дахин хүчтэй гарч ирэв. Тэр үед монголчуудын эрхлэх аж ахуйн гол үндсэн салбар нь нүүдлийн мал аж ахуй хэвээр байж газар тариалан, гар урлал урьдын адил мал аж ахуйн хавсарга байдалтай байв. Ан гөрөө нь мал аж ахуйн дараа орох эдийн засгийн чухал салбар, монголчуудын амьжиргааны нэг чухал зүйл хэвээр байжээ.
    XVI зууны хоёрдугаар хагасаас Монголын энэ тэр нутагт Хөх хот мэтийн хот суурин газар үүсэж эхлэсэн ба шарын шашин дэлгэрэхийн сацуу сүм дуган байгуулагдаж, тэр нь яваандаа Монголын шинэ үеийн зарим хотын үүсэл болов. Тэр үед Мин улсын хаант төрөөс нүүдэлчдийн эсрэг явуулж басан дээр цагийн уламжлалт бодлогыг идэвхтэй сэргээн явуулж байв. Хан улсын үед хүннү нарын эсрэг явуулж байсан “и-и-чжи-и” /нүүдэлчдийг ашиглан нүүдэлчдийг баримтлан захирах/, “и-и-фа-и” /нүүдэлчдийг ашиглан нүүдэлчдийг довтлох/, “цань-ши” /хүр хорхой адил бусдыг газар нутгийг идэх/ зэрэг уламжлалт бодлогыг хэрэглэж тэднийг хооронд нь цохилдуулан харилцан дайсагналцуулах, нэгийг нөгөөгөөр нь цохих аргыг өргөн хэрэглэхийн хамт суурьшмал ард түмний бараа таваараар үргэлж гачигдан дутагдаж байсан нүүдэлчдийн эдийн засгийн сул дорой байдлыг далимдуулан худалдаа ба эзлэн түрэмгийллийг хослуулдаг аанай хуучин бодлого алхам алхамаар хэрэгжүүлж байв.
    Отог, хошуу
    Отгийн бүрэн зонхилсон нь XY-XVI зууны үе бололтой. “От” бол монгол, түрэгээр “гал” гэсэн үг. Б.Я.Владимирцов “отог”-ийг газар нутаг хэмээсэн согд гаралтай үг гэж тайлбарлажээ.1 Монголоор “отог”, түрэгээр “отаг” нь “гэр”, “чачир” хэмээсэн утгатай үг гэж эртний түрэг хэлний тольд тайлбарласан байна.2
    Бид отгийг “гал”, “голомт”, “өрх”, “гэр” хэмээсэн утга бүхий монгол үг гэж үзнэ.3 Манай Монголд аянчны түүдэг, гөрөөчний буудлыг отог хэмээн нэрлэдэг. Төдөн гал аянчин, төдөн гал гөрөөчин гэхийн оронд төдөн отог гөрөөчин, төдөн отог аянчин гэх мэт. Монголчууд бас өрхийг “утаа” хэмээн нэрлэх ёс бас байжээ.4 Бусад оронд өрхийг “утаа” хэмээн нэрлэх ёс бас бий. Жишээлбэл, орост өрхийг “дым” /утаа/ гэж нэрлэдэг байв. Ийнхүү “гал”, “утаа”, “голомт” болон “отог” хэмээх үгтэй нягт хоолбоотой байна.
    Бид отгийг “отчигин” хэмээх үгтэй бас холбох нь зүйтэй хэмээн санаж байна.Отчигин бол “галын эзэн” хэмээсэн утгатай үг. Монгол ёсонд эцгийн голомтыг отгон хөвгүүд залгамжилдаг заншилтай. Тэгэхлээр эхэн үедээ отог буюу гал голомт бол отгон хөвгүүнд шилждэг зүйл байжээ. 2 “Древнетюкский словарь” Ленинград. 1969, 3 Бидний энэ бодол С.А.Константинова. “…К характеристике лексического комплекса “очагжилище-народ” в алтайских языках” гэдэг өгүүлэлд дурдсан зүйлтэй нийлж байна. “Проблема общности алтайских языков. Тезисы локладов на первой алтаистической конференции”. Изд-во Наука, Ленинград, 1969, стр.341
    4 Ю.Н.Рерих. Монголо-Тибетские отнощения в XIII-XIV вв.Филология и история монгольских народов. М., 1958, стр.72

  • №37 Монгол-Түвэдийн харилцааны сэргэлт

    унах хүртэл хоёр орны харилцаа нэлээд өргөжсөн юм. Харин Юан гүрнийг мөхсөнөөс хойш XVI зууны дунд үеийг хүртэл манай түүхийн сурвалжид “шашин төр хоёр үлэмж цөлийдсөн” хэмээн өгүүлдэг нь хоёр орны харилцаа бараг тасрахад хүрсэн гэлтэй. Гэтэл төдхөн хоёр талын чармайлтаар сэргэж эхэлсэн.
    XVI зууны эхэн үеийн Монгол-Түвэдийн харилцаа нь бие даасан хоёр улсын харилцаа байсныхаа хувьд XVIII зуунаас хойших харилцаанаас зарчмын ялгаатай бөгөөд Монголын улс төр, эдийн засаг, шашин-соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг нийгмийн амьдралын олон салбарыг хамран, үргэлжилсэн хугацаа, цар хүрээ, зорилго, шинж чанар, түүхэн үр дагавраараа Монгол, Түвэдийн түүхэд чухал нөлөө үзүүлсэн болохыг өгүүлэн буй үеийн харилцааг Өмнөд
    Монгол-Түвэдийн, Халх Монгол-Түвэдийн, Ойрад Монгол-Түвэдийн харилцаа хэмээн баахан ялгамжтай авч үзсэн нь зарим талаар түүхэн газарзүйн нөхцөл шалтгааныг харгалзан үзсэн боловч гол нь Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монголын хаад ноёдын Түвэдтэй харилцсан бодлого, зорилго, чиглэл, шинж хандлага, түүхэн үр дагавар нь харилцан адилгүй байсныг эш үндэс болгож Түвэдийн шашны бүлэглэлүүдээс Монголын улс төрийн бүлэглэлүүдтэй харилцсан байдал, бодлого, байр суурь, үйл ажиллагаа нь мөн өвөрмөц өөр байсныг давхар харгалзан үзэж Монголын түүхэнд тухайн үеийн Төв Азийн олон улсын харилцааны гүйцэтгэсэн үүргийг тодруулахад чухал болоход тус тус оршмуй.
    XVI зууны үед Түвэд орон бурхны шашны олон урсгал, ялангуяа Зонхава /1357-1419/-гийн шинэчилсэн урсгал болох гэлүгвагийн ба хуучин шашны хооронд ужиг удаан үргэлжилсэн тэмцэлд нэрвэгдэж, улс төр, эдийн засаг, шашин суртлын талаар хямралд автагдсан байв.
    XVI зууны эхэн үед Монголын хаад ноёдын дотроос Түвэдийн гэлүгвагийн шашинтай холбоо тогтоож, идэвхтэй харилцсан ноён бол Түмэд аймгийн Алтан гэгээн хан /1502-1582/ болой.
    Алтан ханы гадаад улс төрийн бодлого нь дотооддоо явуулж байсан бодлогын адил байр суурь, нэр хүндийг нь бэхжүүлэхэд чиглэгдэж байсан бөгөөд Мин улстай хэвийн найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засаг, шашин соёлын хувьд эрхшээлд нь автахгүй байхын нэг гол хүчин зүйл бол Түвэд болоод Дундад Азийн орнуудтай байнгын харилцаатай байх явдал гэж үзэж байжээ.
    Алтан хан XVI зууны тэргүүн хагасын сүүлчээс Монгол, Түвэд, Хотон, Уйгур зрэг янз бүрийн угсаатан хольцолдон суудаг, нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд тохирожмтой, олон орны хил зааг, стратегийн ач холбогдолтой Хөхнуурыг эзлэн авснаар Түвэдтэй шууд хиллэх болжээ. Чингэснээр Алтан хан Монгол-Түвэдийн харилцаагаа идэвхжүүлж, өөрт ашигтай зохицуулах нөхцөл бололцоогоор Монголын бусад хаан, ноёдтой харьцуулахад илүүтэй болжээ.
    Алтан хантай гэлүгвагийн шашны дээд лам нар эхэлж холбоо тогтоосон бөгөөд хэн хэнийх нь эсэргүүцэл этгээд өөр хоорондоо зохих харилцаатай байсан нь үүнд давхар нөлөөлжээ.
    Алтан хан, Содномжамц нар 1574 оноос элч солилцон харилцаж, уулзалтын талаар Түвэдээс Монголд 1576 оны билгийн улирлын 5-11 сард, мөн 1577 оны 6 сард хоёр тал нийт зургаан удаа элч төлөөлөгчөө харилцан солилцож хэлэлцсэн нь уг айлчлалыг эхнээс нь чухалчлан үзэж байсны баримт юм.
    Алтан хан Монголын их хаадын өргөмжлөл, усны их сан “Далай” гэсэн цолыг буй болгож, харь түвэд хутагтад олгосон нь сонирхолтой хэрэг.
    Алтан сан, Содномжамц нар бие биендээ эрхэм цол, эрх соёрхсоны дээр харилцаа тогтоох, шашин номыг дэлгэрүүлх хэрэгт хүчин зүтгэсэн түвэд хүмүүст Алтан хан, өөрөөр хэлбэл Монголын талаас, Содномжамц, Манзушири, Майдар хутагт нар Гурван түмний ноёд түшмэдэд дэс дэсээр тус тус алдар цол, эрх дарх шагнан урамшуулсан байна.
    Гуравдугаар Далай Содномжамц Алтан хан тэргүүтэй Баруун түмний ноёдтой харилцаа холбоо тогтоож, Монгол оронд гэлүгвагийн шашныг дэлгэрүүлэх үйл хэрэгт биечлэн зүтгэж, Монгол-Түвэдийн харилцаа сэргэж, улс төр, шашин-соёлын талаар өргөн харилцахын эхлэлийг тавилцжээ.
    Содномжамц хутагт гэлүгвагийн шашны хойчийн хувь заяаг бодож хойд дүрээ Монголоос тодруулахыг гэрээсэлж, түүнийг нь гүйцэлдүүлсэн хэрэг.
    Ёндонжамцыг /1589-1616-ыг Түвэдэд залж Дашилхүнбэ хийдийн ширээт лам эрдэмт хутагт Лувсанчойжижалцан /1567-1662/ ба Гандан хийдийн ширээт лам Гэндэнжалцан нар ном эрдэм зааж, мөн Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан заллагаар нь Лхаст хэдэнтээ тусгайлан очиж байсан нь Монголоос тодруулсан бяцхан хутагтын нэр хүндийг сүсэгтэн олны дунд өргөхийг эрмэлзэж байсан хэрэг.
    Дөрөвдүгээр Далай ламыг Монголоос тодруулсан нь Монгол-Түвэдийн харилцааг өргөжүүлж, Монголд шашин дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн.
    Харин дөрөвдүгээр Далай лам гэнэт жанч халсанд түүнийг өмгөөлөн шарын шашныг дэмжигч монгол ноёд цэрэглэн хөдөлснөөс үүдэж, Түвэд, Монголд шарын хийгээд улааны шашинтны хоорондын зөргчил хурцдаж, улааны ба шарын шашны эвсэл байгуулахад хүрч байв.
    XVI зууны Халхын түүхэнд болсон чухал үйл явдлын нэг бол Түвэд улстай харилцаа тогтоож, бурхны шашныг дэлгэрүүлсэн явдал юм.
    Халх Монгол-Түвэдийн харилцааны эхлэлийг тавьсан Абатай сайн хан /1554-1588/ төмөр могой жил /1581/ Монголжин Түмэдийн худалдаачдаас Алтан хан Түвэдтэй харилцаа тогтоон, шарын шашныг тэтгэн буйг сонсож мэдээд, Түмэдэд хоёр ч удаа элч зарж Алтан хан болон Сэнгэдүүрэн /1538-1585/ хан нараар дамжуулан түвэд хутагтуудтай холбоо тогтоон харилцаж байжээ. Абатай сайн хан гуравдугаар далай лам Содномжамцыг Монгол газар хоёр дахь удаа, чингэхдээ бүр Хөх хотод ирэхэд нь 1585 оны зуны адаг сарын 15-нд өөрийн биеэр уулзаж, түүнд булган арьс, алтадсан өргөө, алт мөнгө, мал сүрэг үлэмж өргөл өргөжээ. Содномжамц хариу болгож, Абатайд галд үл шатсан пагмадүв очир хааны хөрөг өргөн баргьж, “Очирай сайн хан” цол, шар үсэг бүхий тамга ганжээ.2
    Абатай сайн ханы үеэс бурхны шашны дэлгэрлийг дагалдаад хоёр орны харилцаа ч өргөжиж, нөлөө бүхий ноёд бараг цөм Далай лам, Банчин-Эрдэнэ нартай харилцах болж, монгол, түвэд хүмүүс янз бүрийн хэргээр ирж, очих явдал олширсоор байна.
    2 “Лувсанпринлэй Жибзундамбабалсанбогийн ерийн товч намтар” /Өндөр гэгээний намтрууд оршвой/ 1995, тал 7.

  • Т.БАТМӨНХ: МОНГОЛЧУУД ЦАВУУНЫХАА НУУЦЫГ АЛДСАН

    энэ ажлыг нуруундаа үүрсэн. Эдүгээ “Эрийн гурван наадам” ХХК нум сум эрхэлж байна. 10-р хороололд байрлах тус үйлдвэрийнхэн юм хийе бүтээе гэсэн хөдөлмөрч хүмүүс аж. Тэд нэг нь нумаа, нөгөөх нь хамгийн чимхлүүр ажил болох шөрмөсөө нумандаа тааруулж наах гээд тус тусдаа үүрэгтэй хариуцлагатай аж. Компаний захирал Т.Батмөнхтэй ярилцлаа.
    -Нцм сумын үйлдвэртэй болох санаа хэдийд төрөв?
    -Би уг нь газар зүйн багш мэргэжилтэй. Сух харваж сурч байхад Ядамсүрэн багш нум сум хийхийг заасан. Би гарын эв дүйтэй санагдсан уу, багш маань “Мандухай сэцэн хатан” киноны нум сум болон зарим хэрэгслэлийг хийж байхдаа намайг зуныхаа амралтаар хамтарч юм хийгээч гэх нь тэр. Багшийнхаа заавраар шөрмөс задлах, нуман дээр тогтоох зэргийг гадарлах болсон. Дараа нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны нум сумыг мөн л хийлцэхдээ нэлээд дөртэй болоод бие даан юм хийхтэй болсон байх.
    -Анх хийсэн нум сум санаанд чинь нийцсэн үү?
    -Анхны нум сум хүүхдийнх байсан л даа. Багш эсгэж өгөөд, наагаад ир гэсэн. Тэгээд болж байна гээд хүүхдийн 5-6 нум сум хийлгэсэн.
    -Нум сум хийх яггүй ажил уу?
    -Гичир шар, хамар гээд олон хэсгийг хулсандаа тааруулж наана. Нааж хамаасныхаа дараа эврээ зүснэ. Янгирын эврийг л зүсч нимгэлнэ шүү дээ. Зүссэн эврийг эсгэсэн нуманд тааруулж өвөр талд нь наана. Ингээд хорь орчим хонуулаад шөрмөсийг цавуунд зулж, ард нь наана. Бэлэн болсон нумыг 4-6 сар хатаасны дараа хөвчлөөд зэхнэ.
    -Их олон дамжлагатай юм. Тэгэхээр нэг нум 4-6 сарын дараа бэлэн болдог байх нь ээ.
    -Нум, сум хийнэ гэдэг маш нарийн ажил. Наад зах нь дөрвөн сар хатаах горимтой.
    -Зааны яс, бугын эвэр өөр юу ч билээ тэр олон зүйлийг яаж олж цуглуулдаг вэ, Та?
    -Чиний дээр нэрлэсэн ховор эдээр сумны булцуу хийдэг юм. Зааны яс бол бүр олдохгүй. Бугын эвэр их үнэтэй. Тийм болохоор хандгайн эвэр ашигладаг. Хандгайн эврийг Хөвсгөл, Хэнтий рүү захиж авна. Дээр үед том эвэртэй хайнаг, бүдүүн шарын эврийг ашигладаг байсан. Одоо үхрийн эврийн оронд янгирын эврийг зүсч хэрэглэх болсон. Зарим үед хуванцраар орлуулдаг. Ийм булцууг бэлтгэл дасгалын үед л хэрэглэнэ. Тэмцээний үед тохирохгүй. Энэ нь уламжлалаа алдаж байгаа хэрэг л дээ. Нум сумандаа хэрэглэх бургас, хусыг л гэхэд жилийн өмнөөс сүүдэр газар хатаана. Сүүдэрт хатсан мод бат бэх болно. Харин наранд хатаавал хэврэгшнэ.
    -Монгол аргаар хийсэн цавуу бас л өөр үү?
    -Дээр үед цавууг өөрсдөө буцалгадаг байж. Харамсалтай нь хятадууд гангар шаазан хийдэг патентаа бусдад алдсан шиг өвөг дээдсийнхээ цавуу хийдэг байсан нууцыг алдсанаас тодорхой жор үлдсэнгүй.
    -Үйлдвэрлэл эрхэлж байгаагийн хувьд цавуу хийдэг байсан тэр уламжлалыг нь судалж үзэв үү?
    -Гаднаас худалдаж авна гэхээр өртөг ихтэйгээс гадна шаардлага хангахгүй. Хятадын цавуу л гэхэд ер наасан болохгүй. Тийм болохоор өөрсдөө хуучин уламжлалаар нь монгол аргаар цавуугаа хийж байгаа. Налайхад амьдардаг ная гарсан нэгэн хөгшнөөр заалгасан.
    -Тэр цавууг яаж буцалгадаг тухай сонирхуулахгүй юу?
    -Үхрийн арьс ширний годыг загасны махтай хольж буцалгана. Ингэхдээ тасралтгүй 72 цаг чанаж жинхэнэ шөрмөс тавих цавуу гаргаж авч байгаа юм л даа. Цавуугаа буцалгахдаа огтхон ч хайнга хандаж болохгүй. Хоёр хүн ээлжлээд гурван өдөр шөнө буцалгадаг гээд бод доо. Бас бус юм бий л дээ. Тэр бүрийг тоочоод яах вэ.
    -Багагүй түлш орох нь ээ.
    -Тэгэлгүй яахав. Түлш хэмнэхийн тухайд өндөр даралтаар хайлуулдаг тогоог ашиглах хэрэгтэй юм билээ. Бид тэр тогоог хэрэглэж үзсэн. Боломжийн санагдсан шүү.
    -Цахилгаангүйгээр хийх өөр арга байж болох уу. Томоохон зууханд гал түлээд буцалгаж болох биш үү?
    -Ер нь л аль болох хэмнэлт талаас нь хийхийг зорино л доо. Ингэхдээ чанарыг орхигдуулж болохгүй. Зун намрын цагт бол хангай газар очоод, танилынхаа гадаа томоохон “поошгон” зуухан дээр 30-40 кг цавуу бэлтгэж авдаг л даа.
    -Нум сумын харьцаа гэж харваачид ярьдаг. Ер нь нум сум хийхэд гол нь харьцааг алдагдуулахгүй байх нь чухал уу?
    -Нум сумын харьцаа тохирсон байх ёстой. Эрэгтэй хүнд эр сум тааруулна гээд их нарийн л даа. Өнгөрсөн жил Чингисийн ойн наадмаар болсон явдал л даа. Эхнэр маань урьд өдөр нь бай сүрхий оноод байгаа л харагдсан юм. Гэтэл маргааш нь эр сум андуурч авснаасаа болоод сум нь байндаа хүрэхгүй байж билээ. Хөгшчүүд хүртэл андуурна. Дээр үед хатуу нум, том сумаар харвадаг байсан. Одоо нум нь зөөлрөөд сум нь жижгэрсэн байгаа. Бүр эрэгтэй нь 72 граммаас дээш, эмэгтэй нь 60 граммаас дээш жинтэй сумаар харвадаг байж. Гэтэл одоо энэ хэмжээ хамааралгүй болсон.
    -Бид нум сумын талаар голдуу ярилаа. Одоо ярианыхаа сэдвийг танай үйлдвэр рүү чиглүүлье. Ингэхэд танайх хичнээн ажилтантай юм бэ?
    -Үйлдвэр дээр гардан ажилладаг таван хүнтэй. Гэрээрээ шөрмөс задалж байгаа 10 гаруй хүн бий. Монголд нум сумны үйлдвэрлэл явуулдаг газар нь ганцхан манайх болоод байгаа. “Эрийн гурван наадам” ХХК буюу “Монгол нум сумны үйлдвэр” нэртэй. Манайхаас салбарласан “Нөхөрлөл” нэртэй хувийн хоршоо Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд бий. “Нөхөрлөл” хоршоо жилд 50 орчим нум сум үйлдвэрлэдэг. Долоон үеийн харваач удамтай, Болдбаатар гэдэг залуу толгойлж байгаа. Залуу хүн гэхэд сайн хийж байгаа шүү.
    -Танай үйлдвэрийн хувьд жилд хичнээн нум, сум үйлдвэрлэдэг вэ?
    -Жилдээ 80-100 орчимд эргэлддэг.
    -2006 онд Тулгар төр байгуулагдсаны ойг тэмдэглэхтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу аймаг, сум бүрийг нум сумтай болгохоор шийдсэн байгаа шүү дээ. Танайх энэ хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэх нь лавтай?
    -Энэ хөдөлгөөний дагуу нэг сумд дөрвөн нум сум хэрэгтэй гэж үзээд, 1200-г хийх хэрэгтэй болж байгаа. 2006 он хүртэл манай үйлдвэр 600 гаруйг нь хийх зорилго тавин ажиллаж байна. Сэлэнгэд байгаа салбар үйлдвэр 300-400-г хийх болов уу. Дээр нь хувиараа хийдэг хүмүүсийнх нэмэгдэнэ. Энэ жил хүүхдийн их наадам болохтой холбогдуулан манайх захиалга ихтэй байгаа. Тиймээс хүүхдийн 40-60 нум сум хийхээр төлөвлөж байна. Том хүнийхтэй нийлээд 150 нум, сум хийнэ.
    -Авьяасаас гадна гарын ур дүй, тэвчээр хатуужил шаарддаг гэдгээрээ ажилтнаа сонгон шалгаруулж авахад хэцүү юү?
    -Жинхэнэ юм хийе гэсэн ясны авьяастай хүн шалгарч үлддэг. Наад зах нь зургийн, техникийн талын мэдлэг, гарын ур дүйтэй байх шаардлагатай. Одоо нутгийн хүүхдүүдтэйгээ 2006 он хүртэл ажиллана гэж байгаа. Нум сум хийхдээ нэг л зүйлийг нь буруу хийвэл мөнөөх оло өдрийн уйгагүй хөдөлмөр, өндөр өртөг бүхий эд материал талаар болно. Тиймээс шавь нараа буруу юм хийвэл зэмлэнэ ээ би. Нэг талаар ажлын хариуцлагаас гадна үйлдвэрийн нэр хүндэд ч нөлөөлнө шүү дээ.
    -Нум сумны одоогийн үнэ ханш гэвэл…
    -80-150 мянган төгрөгийн үнэтэй.
    -Миний сонссоноор бол 70-80-аад оны үед нум сум хийдэг жижиг үйлдвэртэй байсан боловч нэг их удаан үйл ажиллагаагаа явуулж чадалгүй зогсоход хүрсэн гэдэг. Энэ дашрамд та нум сум хийх уламжлал хэрхэн өвлөгдөж ирсэн талаар сонирхуулахгүй юү?
    -1965-1966 оны үед өөрсдөө үйлдвэрлэх бололцоогүй байснаас улсын мэргэн Адилбиш Хятадад 1500 нум сум хийлгэж байсан. 1972 онд Ой модны аж үйлдвэрийн яам, Ан агнуурын газар, улсын мэргэн Пүрвээгээр удирдуулсан нум сум хийх тасаг байгуулсан. Дараа нь 80-аад оны үед Спортын төв Ордны дэргэд тэр үеийн Сурын холбооны дарга байсан Балдандоржийн санаачилгаар улсын мэргэн Дашцэрэн, Гэнэн, Хангай нарын хүн нум сум хийж байсан. Харамсалтай нь 1990 он гэхэд энэ жижиг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь зогссон. Гадаадад нум сум захиалж хийлгэхээ ч больсон. Сүүлдээ Гэнэн, Пүрвээ, Цэвээн нарын ахмад мэргэчүүл маань гэрээрээ нум сум хийдэг болсон. Хамгийн гол нь нум сум хийх уламжлал алдагдах нь гэдгийг ойлгосон байх. Ер нь бол 1970-аад оноос нум сум нь гэр бүлсэг өв уламжлагдсан маягаар хөгжиж эхэлсэн. Нэг ёсондоо үе дамжсан харваачид үр хүүхэддээ зааж өгч нум сум хийх, харвах нь зөвхөн найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд шилжсэн гэх үү дээ. Тэднээс хамгийн олон буюу 20-30 жил нум сум хийсэн хүн бол улсын дархан мэргэн А.Цэвээн.
    -Үйлдвэрийн чинь байр арай л давчуу жижиг юм. Цаашид үйлдвэрээ өргөтгөх бодол бий юу?
    -Үйлдвэрлэлээ өргөтгөх гэж 1995 онд 10-р хорооллын Спорт цогцолборын гимнастикийн сургалтын заалыг авах гэж тэр үеийн төрийн өндөрлөг, хот болон дүүргийн захиргаанд албан бичиг төслөө өгсөн ч үр дүнд хүрээгүй. Одоогийн Улаанбаатар Паласын хажуугийн жижиг заалыг монгол нум сумын үйлдвэрт өгөх юм бол үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Тэр жижиг заалыг өргөтгөөд зөвхөн нум сум хийгээд зогсохгүй гадаадын хүмүүс өвөл зуны алинд ч ирж нум сум харваж үзэх зориулалтын талбайтай болгож болно. Өөрөөр хэлбэл тэр нь сонирхогчдын талбай болно гэсэн үг.
    -Ярилцсан Б.Туул

  • Бошгот хааны нугарашгүй тэмцэл буюу зуун модны тулалдаан

    . Тэрбээр энэ удаагийн аян дайнд урьд урьдаас илүү нарийн бэлтгэж, ойрадыг дайлахад галт зэвсэг маш чухал хэмээн үзэж, хуучин нүсэр үхэр бууны оронд авч явахад хялбар, эвлэг хөнгөн маягийн үхэр бууг шинээр цутгуулсан ба цэргүүдэд сум нэвтрүүлэхгүйг бодож, мяндас тавьсан хуягийг хийлгэн, 1696 оны цагаан сард дайлах цэргийн бэлтгэлийг биеэр шалгаж, шагнан урамшуулжээ. Энх-Амгалан бүгд 20 түмэн цэргийг дайчилж, цэргийг гурван замд хуваан, зүүн, баруун замын цэрэгт тус бүрт 5 түмийг хуваарилан өгч, дунд замын 10 түмэн цэргийг өөрийн биеэр авч мордсон бөгөөд бүгд 40 түмэн цэргийг авч мордов хэмээн алдаршуулсан байна. Энэ нь Гавдан Бошгот өөрийн цэргийг 10 түм, оросоос тусалсан 10 түм, бүгд 20 түмэн цэрэггэй гэж алдаршуулсныг үнэмшин, ийм үлэмж цэргийг авч гарсан ба бас тоог нэмэн алдаршуулсан хэрэг байв. Энх Амгалан хааны их цэрэг хятад, манж төдийгүй өвөрлөгч болон халхуудаас бүрдсэн монгол цэргүүдээс бүрдсэн асар их хүч байлаа.
    Манж нар Галдан Бошготын цэрэгт явсан хотон цэргийг орос цэрэг хэмээн эндүүрэн таньж, бас Галдангийн цэргийнхээ тоог нэмэн алдаршуулсан үгийг үнэмшин, эхэн үедээ үнэхээрийн оросын цэрэг Галданд туслахаар ирсэн юм гэж ойлгон их л бачимдан сандарч байсан боловч манжид урваж ирсэн халхын Цагаан зайсан нараас ойрадын цэрэг ердөө 3 түм орчим бөгөөд оросын туслах цэрэг огт байхгүй болохыг мэдэж сая баахан санаа амарсан ажээ. Манжийн цэргийг ийнхүү халхад дайлаар орж ирэх үед Галдан Бошгот Хэрлэнгийн хойд биед байсан бөгөөд манжийн дундад замын цэргийг ойртоход, манжийн цэргийн гол хүчин тул түүнтэй халз байлдалгүй, харин ухрах замыг нь огтлон цохих зорилго тавьж, Туулын чиглэлээр давшин ирж байгаа манжийн баруун замын цэргийг тосон байлдахаар таван сарын шинийн долооны өглөө эрт хөдөлжээ.
    Тэгэхэд Галдан Бошготын хойноос манжийн дундад замын цэрэг нэхсэн байна.Галдан энэ үед дундад замын цэрэг мөрдөн хөөхөөс сэргийлж өртөө бүрт 100 цэрэг орхин явсаар 5 дугаар сарын дундуур Туулын сав газар ойртон очжээ.Үнэхээр ч манжийн дундад замын цэрэг Галдан Бошготын цэргийг мөрдөн хөөсөн бөгөөд өртөө бүрийн 100 цэрэгтэй зууралдан байлдаж байх зуур Гавдангийн цэрэг амжин дундад замын цэрэгт гүйцэгдэлгүй Туул голын орчим иржээ.Гэвч манжийн баруун замын цэрэг Туул голд түрүүлэн ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байжээ.
    Ийнхүү Зуун модны Заан Тэрэлж хэмээх газарт 1696 оны 5 дугаар сарын 13-нд болсон тулалдаанд манжийн 5 түмэн цэрэг, ойрадын 3 түм орчим цэрэг оролцжээ. Эхлээд манж нар довтлон дайрав.Ойрадын цэрэг хүрээгээ засаж, бүрээ дуугарган, түппүүрийн дохио өгөөд “дайсан довтлон ирлээ” гэдгийг зарлав.Бүх цэрэг тулалдаанд орох боллоо.Манжийн цэрэг ойртон давшсаар харваж бас буу буудаж эхлэв.Ойрадын цэрэг харваж, их буугаар ганц нэгхэн буудахдаа сумаа хайрлаж, бүр ойртохоор нь бөөн дунд ончтой галлахыг зорьж байв.Байлдаан улам ширүүсэж, бууны дуу олон болоод манж нар урагш ахисаар байлаа.Ойрадын цэрэг ч ширүүхэн эсэргүүцэж, хариу буудан, зэрэг зэрэг харваж байв.Манжийн цэрэг Галдангийн цэргийн хүрээнд ойртож ирлээ.Энэ үед ойрадын цэрэг морин цэргээр сөрөх довтолгоонд орлоо.
    Манжийн цэрэг ойрадын цэргийн довтолгоог зогсоох гэсэн байдлаар агшин зуур шивээлэх маяг үзүүлэн, их буугаар ганц нэг галласнаа Галдан Бошготын цэргийн дайралтыг барьж чадаагүй байдлаар буцаад ухран зугтлаа.Хоёр талын цэргүүд бараг холилдон, тулалдаан үргэлжилсээр ойрадууд манж цэргийг гүйцэн алдан сүүлчийнхийг нь цавчин унагаж байв.Манжийн цэрэг ийнхүү гол уруудан зугтсаар ойрад цэрэг тэднийг мөрдөн хөөсөөр байлаа.Ойрадуудын сэтгэл энэ үед догдлон хөөрч дайсан ухарсанд дотроо улам дэвэрч, хэн юу ч гэж хэлсэн дуулахааргүй урагш хурдлан байв.Галдангийн цэргийн шилдэг жанжин дайрах ангийг хошуучилжээ.Тулалдаан мөрдөн хөөлт үргэлжилсээр бараг хагас өртөө хирийн газарт Туул голын хоёр талаар уруудан довтолгосон байна.Манжийн цэргийн зарим нь алуулж, нилээд хэсэг нь гол уруудан зугтаах нь үнэхээр хэдэн жилийн өмнө болсон Улахуй голын тулалдааныг бодогдуулах мэт урам зоригийг сэргээжээ.Мөрдөн хөөсөөр энэ өдрийн хонин цаг дуусах дөхөж ирэв.
    Гэнэт юу болох нь энэ вэ гэмээр ойрадын цэргийн хоёр хажуу, баруун, зүүн гарын урд зовхис, ар хоёр жигүүрийн мөрөн дээгүүрээс олон их буу нүргэлэн, тугалган сум мөндөр адил асгарч эхлэв.Бас урдаас нь ширүүн гал нээж, тал бүрээс манжийн цэрэг балбаж гарлаа.Галдан Бошгот болон түүний шадар жанжид даамлууд өмнө зүгээс ирсэн цэргийн бачит аргад автан хууртсанаа сая мэдэв.Манжийн цэргийн гол хүчин Туулын адаг, Улхын булангаас наахна бөөгнөрч байна гэсэн туршуулын худал мэдээлэлд итгэсэн байв.Ийнхүү Галдангийн цэрэг хаашаа ч хөдлөх аргагүй болж Туул голын хоёр талын хөндий хоолой, ганга жалга, дэнж хамруудыг дагаад зууралдан байлдаж гарав.Гэдрэг ухрая гэхэд бас араас нь ороон боож эхэлсэн байна.Энх-Амгалан хаан ойрадын цэрэгтэй нүүрлэн тулалдаад, мэдэхгүй газарт хаврын хавсарган цагаар олигтой амжилтанд хүрэхгүй, зөвхөн хуурах аргыг олон янзаар хийж, их хүчээр гэнэдүүлэн цохих ухааныг тулалдааны гол чиг шугам болгосон нь энэ байжээ.
    Хүн орилолдон, морьд янцгаан, буу пижигнэж, харвасан сум исгэрэлдэн байгаа чимээ анир чих дүлийрүүлэн болов.Их голын сав хөндий, хоёр талын уулсын оройг тултал утаанд бүрхэгджээ.Тэнд юу болж байгааг хэн ч олж харж чадахаа байв.Энэ үед цэргийн хүрээндээ үлдсэн Галдан Бошготын хайрт хатан Ану эр нөхрөө мөн хүүгээ аврахын тулд амь хамгаалах шилдэг 300 цэргээ дагуулан дайсны хаалтыг сэтлэн зам гаргахаар манжийн их цэрэг рүү цусан зам татуулан дайран оржээ.Ойрадын энэ хэсэг цэрэг дайралдсан бүхнээ сэргэг хүчээр цөмлөн оржээ.Ану хатны хөтлөн дагуулж дайран орж ирсэн цэрэг араар нь ороон хааж байгаа манж цэргийг хоёр тийш ньяран бага “хаалга “нээв.Үүгээр Галдан Бошгот цэргийн үлдсэн цөм хэсгээ аван дайны талбараас гарахыг зорив.Харин энэ тулаан дундуур эрэлхэг зоригт Ану хатан дайсны суманд оногдон үхлийн шарх авчээ.Ийнхүү их тулааны талбараас хэдхэн зуун хүн хаантайгаа сугаран гарч, шандаст хүлгийн хурдаар Тэрэлжийн аманд хүрч араасаа хөөн айсуй дайснаас буруулав.
    Галдан Бошгот цэргээ энд зохистой газар байрлуулан, дахин эргэж тулалдахыг хичээсэн боловч сарнисан хүч нь буцаж эвлэсэнгүй.Туул голын хоёр хажуу хөндийн элст булан, өтөг хадны дунд байлдаан бас шувтраагүй үргэлжилж, манж, хятад цэрэг хоёр талын өндөрлөгөөс их буугаар буудсаар байсан тул голын хоёр талын дэнж, ганга жалга, усны эрэг хүн малын сэгээр дүүрэв. Энэ тулалдаанд ойрадын цэргийн олон хүн алагдаж, шархадсаны дотор Ану хатан, баатар Булад, Хожуу нарын цэргийн том зүггэлтнүүд амь эрсдэн, 2 түмэн үхэр, 4 түмэн хонь бусад үлэмж зүйл манжийн цэргийн гарт орсон байна. Зуунмодны тулалдаанаас Галдан Бошготын цэрэг 3 хуваагдан зугтан гарсан ба тэдгээр цэрэг жанжид нь Тамирын галын Тайхар чулууны дэргэд цугларч, цаашид хэрхэх асуудлаа зөвлөн хэлэлцсэн боловч нэгдсэн шийдвэр гаргаж чадсангүй.Галдангийн гол жанжин Данзан Омбо, Дугарравдан нар цэргээ авч Алтай болон Завхан Хүнгүй рүү оджээ.Гагцхүү түүний шадар жанжин Данжила Галдан Бошготын дэргэд үлджээ.
    Энэ тулалдааны дараа Галдан Бошгот манжийн эсрэг тэмцлээ тууштай үргэлжлүүлэхийг хичээсэн боловч дахин сэхээ авч чадахгүй байсаар 1697оныЗдугаарсарын 13-нд 53насандааАцАмггайгэдэггазар таалал төгсчээ.Манж Чин улс ид мандан бадарч, хүчирхэгжлийнхээ үед байхад нь монгол нутгаа өмгөөлөн, тэдний түрэлтийг сөрөн зогссон сүүлчийн томоохон хүчин ийнхүү дарагдаж монголчууд манжийн эрхшээлд орж, уруудан доройтсон түүхэн хүнд мөч ирлээ.

  • Дөрвөн бэрх

    Уут дүүрэн шагайгүй айл өрх, шагайгаар тоглододггүй хүүхэд гэж байсангүй. Шагайгаар малаа төлөөлүүлэн хүүхдээ малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг. Малчдын хүүхэд өдөр малаа хариулаад оройн цагаар, бас цагаан сар зэрэг баяр ёслолын үеэр шагайгаараа тоглоно.
    Дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээдэг байв. Дөрвөн шагайг баруун гартаа авч тэгш, зөөлөн талбайд орхино. Дөрвөн шагай нь морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү бэрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэжээ. Дөрвөн бэрх орхиход 35 тохиолдол байна. Жишээ нь морь унахгүй бусад мал болох 15 тохиолдол, морь нэг удаа унаж бусад нь өөрчлөгдөх 10 тохиолдол, хоёр морь унаж бусад нь өөрчлөгдөх зургаан тохиолдол, гурван морь унаж бусад нь өөрчлөгдөх бусад өөрчлөгдөх гурав тохиолдол, дөрвөн морь унах нэг тохиолдол байдаг: Энэ гучин таван тохиолдол хонь, тэмээ, ямаа алинд ч адилхан байдаг.

  • №35 Шарын шашин дэлгэрүүлсэн нь

    Алтан ханы орыг залгасан түүний хүү Сэнгэдүүрэнтэй холбоо хэлхэгээ зузаатган байтал, мөн онд тэрхүү Сэнгэдүүрэн бас нас баржээ. Ингээд Далай ламын холбоотон Абатай хан, Хутагтай сэцэн хунтайж, Сэнгэдүүрэн нар удаа дараагаар нас барсан учир эрхбиш Монголын өөр нөлөө бүхий феодалуудтай холбоо тогтоох нь чухал болжээ. Алтан хүн нас барсны дараа Баруун түмэний байдал аажмаар доройтож, нөлөө бүхий этгээд бараг үгүй болсон тул Далай лам, Зүүн гурван түмэний томхон феодалууд, тухайлбал тэр үед хүчирхэг байсан Түмэн засагт хаантай холбоо тогтоохыг эрмэлзжээ.
    Алтан ханыг нас барсны дараа Содномжамцыг хоёр ч удаа нутагтаа залж байсан ба Содномжамц сүүлийн урилгыг хүлээн аваад очихыг завдан байтал 1588 онд нас барсан билээ.
    Баян хүн тус бүр тусгай нэг сүм барьж бурхан шүтээн их тахиж, лам хувраг залж ном уншуулж өдөр бүр хүж асаан тахилга тавьж мөргөдөг болов.
    Шарын шашин бөөгийн мөргөлийг богино цагийн дотор ялж Монголын ард түмний сэтгэл санааг эзэмдэн, аж байдалд гүн нэвтрэн асар нөлөөтэй хүчин зүйл болж чадсаны шалтгаан нь зөвхөн албадлага хавчлага хэрэглэсний төдийхөн гэхэд учир дутагдалтай. Түүнчлэн шарын шашны гадна талын сүр жавхлан зан үйлийн уран нарийнаар бөөгийн мөргөлөөс хавьгүй давуу илүүгээр шүтлэгтэн олныг биедээ татаж чадсанаас тийнхүү ялав гэхэд бас л хангалтгүй мэт. Дээрх шалтгаануудаас гадна тухайн үеийн Монголын түүхт нөхцөл байдал нь шинэ шашин олны сэтгэлд хялбархан байр суурь олж чадах зам мөрийг засаж өгсөн болов уу гэмээр. Шарын шашин бөө мөргөлийг бодвол цус урсгахыг хориглон номхон хүлцэнгүй байхыг номлож байжээ. Сүсэг бишрэлийн хүчээр аливаа зовлонгийн үндсийг арилгаж хойд насандаа сайн төрлийг олох ба энэ насандаа ертөнцийн жаргалыг эзэлж болно гэж итгүүлдэг байсан нь үргэлжийн дайн байлдаанд зүдэрсний улмаас амар жимир амьдрах гэсэн ард олны оюун сэтгэлийг татаж чадсан байна. Энэ талаар Хутагтай Сэцэн хунтайжийн хэлж байсан үгийг холбогдуулан авч үзэж болно.
    Бөөгийн мөргөлтэй жишиж үзэхэд шарын шашин XVI зууны Монголын аж байдалд тодорхой хугацаанд зарим талын соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэжээ. Бөөгийн мөргөлийн зэрлэг бүдүүлэг зан үйлийг халж өөрчлөхийн хамт Монголын тал нутагт Энэтхэг, Түвэдийн соёлын зарим ололтыг авчран дэлгэрүүлсэн байна.
    Тархай бутархай монголчууд нэгэн шүтлэгтэй болсноор оюун санааны барилдлагаар холбогдож, зарим үед тэр нь тэдний улс төрийн талаар нэгдэхэд нь хүчин зүйл болж байжээ.
    Шарын шашныг хүлээн авсан нь овгийн байгууллын үеийн үлдэцийг арилгахад түргэтгэх нөлөө үзүүлэв. Энэ нь тэр үеийн нүүдэлчдийн дунд байсан зарим нэгэн бүдүүлэг зан суртлыг өөрчлөн халахаар илрэлээ олжээ.
    Шарын шашин нь зөвхөн овгийн байгууллын үлдэгдлийг устгахад нөлөөлснөөр барахгүй Монголын нийгмийн феодалжих үйл явцыг цаашид түргэтгэсэн байна.Шарын шашны дэлгэрэлт нь монголын феодализмын хөгжилтэй уялдсан нь санамсаргүй хэрэг биш, их гүрний үед дэлгэрсэн бурханы шашин нь бидний дээр хэлсэнчлэн их төлөв ноёрхох ангийн дунд дэлгэрч байсан бөгөөд жинэнэ монгол газар, монгол хүний дунд шашны төв нь Монгол нутагтаа байршиж монголын феодалын харилцаа хөгжихийн хэрээр ард феодал хоёр ангийн зөрчил хурцдаж байсан нөхцөл байдлын дунд буй болсон хэрэг.
    Шарын шашин дэлгэрсэн нь монголчуудын соёл боловсролын амьдралд томхон үйл явдал байлаа. Санскрит, түвэд хэлнээс шашны олон судар номыг орчуулсан нь монгол бичгийн хөгжлд үлэмжхэн түлхэц болсон байна.
    Монголын феодалууд өөрийн Монгол улсын дотор харъяат албат ардын дунд шашныг, энэ удаа шарын шашныг санаачлан дэлгэрүүлсэн нь ер ард иргэдийг зөвхөн соён гийгүүлэх хүсэл эрмэлзлэлээр биш харин юуны өмнө өөрсдийн ноёрхол эрхшээлээ бататгах, дайн байлдаанд нэрвэгдэж санал сэтгэл нь алагдаж, эсэргүүцэн тэмцэх болж эхлэсэн өргөн олон малчин ардыг тайвшруулан захирахад шарын шашныг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах тодорхой зорилготой байсан юм.
    Шашин нь Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийн зарим үед зохих хэмжээний эерэг үйлдлийг үзүүлж байжээ.

    Түүхийн жимээр аялалыг хөтлөсөн Д.Жаргалсайхан

  • №36 XIV-XVI зууны эхний монгол улсын гадаад харилцаа Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв

    Тэр үед монголчууд Хятадад ноёрхлоо сэргээх зорилгоор Мин улс руу байн байн довтолж байжээ. Мин улс ч Монгол руу удаа дараа цэрэг илгээж байсан байна. Гэвч тухайн үед Хятад, Монголын газар нутгийг эзлэн авч тэнд өөрийн ноёрхолыг тогтоон барьж байх дотоод улс төрийн нөхцөл бүрдээгүй байв. Иймээс тэд монголчуудын хүчийг сулруулан дахин улс төрийн талаар бэхжихгүй болтол нь доройтуулан эрхшээлдээ барьж байх зорилго агуулж байжээ. Монголчуудын хувьд гэвэл цаашдаа Монголын зорилго агуулж байжээ. Монголчуудын хувьд гэвэл цаашдаа Монголын дотоод дажин хямрал нь тэдний тамир тэнхээг ихээхэн сулруулж, нэгдсэн хүчээр Хятадыг буулган авах хүч бололцоо алдагдсаныг харгалзан хүч хэрэглэх биш, харин найрамдан улмаар эдийн засгийн мухардмал байдлыг гэтлэн давахыг оролдох болжээ. Хятадын эрх баригчид ч мөн. Монголын хүч чийрэг байсан зэргийг харгалзан цэргийн хүчээр номхотгох бололцоогүйг мэдэж улс төр, эдийн засгийн шахалт хавчилт үзүүлэх монголчуудын дотоод хямралыг аль болохоор дэвэргэх, хүчийг нь бутаргах зэрэг “тайван” аргыг хэрэглэсэн байна.
    Чингэхдээ Мин улс монголчуудын талаар явуулж байсан гадаад улс төрийн бодлогоо Юан гүрний үед тасарсан “дэлхийг тохинуулах хаант төр” хэмээх уламжлалт бодлогын хүрээнд оруулахыг эрмэлзэж байжээ. Улмаар Хятад улс худалдаагаар дамжуулан монголчуудын өөрийн нөлөөний хүрээнд барьж байх зорилгоор худалдааны салбарт улсын онц эрхийг тогтоож хувийн худалдааг цаазаар хорьжээ. Цаашдаа Монгол дахь улс төрийн бутрал гүнзгийрснээр хаад ноёдуудын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл улам хурцдаж улс төр, эдийн засгийн хувьд Хятадыг түших гэсэн хандлага гарч иржээ.
    Өгүүлж буй үеийн Монгол-Мингийн харилцааны хоёрдугаар үе нь XV зуунаас мөн зууны эцэс хүртэл хугацааг хамарна. Монгол-Мингийн харилцаа шинэ шатанд гарсан нь юуны өмнө Монголд түр боловч улс төрийн талаар нэгдэх хандлага бүрэлдэн бий болсонтой холбоотой юм. Монголчууд цэрэг, улс төрийн талаар хүчирхэг болсноор хоёр орны хооронд тогтсон албын хэмжээ, элчийн тоог хэтрүүлж хариу бэлэг шааргдан Мин улсын эдийн засгийг хүнд байдалд оруулах болжээ. Мин улс монголчуудын тавьж байсан шаардлагыг эс гүйцэтгэвээс тэд Хятадын хил хязгаарыг түйвээн хил орчмын нутагт гай гамшиг учруулсаар байжээ. Иймээс Хятад арга буюу монголчуудын шаардлагыг биелүүлэхэд хүрдэг байсан бөгөөд энэ нөхцөлд худалдаа нүүдэлчдийн довтолгооноос өөрийгөө хамгаалах зэвсэг нь болж хувирчээ.
    Монголчууд цаашид улам хүчирхэг болохын хамт тухайлбал, Эсэн хааны үед улс төржсөн худалдааны хэлбэр нь монголчуудыг хазаарлан барьж байх үүргээ биелүүлж чадахаа байж улмаар гол төлөв бараа солилцооны үндсэн хэлбэртээ орсон бөгөөд чингэхдээ монголчууд худалдаанд өөрийн болзлыг тулган хүлээлгэх болжээ. Энэхүү тохиолдолд Мин улс өөрийгөө хамгаалах зорилгоор хаалттай бодлого явуулахыг оролдож байсан боловч монголчуудын хүчинд автагдаж тэдний болзлыг арга буюу хүлээн авахад хүрч байжээ.
    Мин улсын бодлогын гол зорилго бол монголчуудыг алба, худалдаагаар хязаарлан баргих биш харин хил хязгаарыг чандлан сахихад гол нь чиглэгдэж байв. Иймээс тухайн үед Монгол, Хятадын хооронд найрамдалт харилцаа тогтмол шинж чанартай байж чадахгүй байв.
    Гуравдугаар үе нь XV зууны эцэс XVI зууны эхэн үеийг хамарна. XV зууны эцэс гэхэд Монголд улс төрийн бутрал даамжирч бие даасан улсууд бий болж Монголын эзэн хаантай эн зэрэгцэн орших болсон байна. Тэдгээр улсууд нь улс төр, эдийн засгийн хувьд нэлээд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд Мин улсын хувьд чухал гадаад хүчин зүйл болж байжээ. Монголын нийгэм дэх улс төрийн бутрал нь ийнхүү даамжирснаар Монголын гадаад улс төрийн бодлогын нэгдмэл чанар алдагдаж тусгаар улсуудын эрх ашгийг илэрхийлэх болжээ. Монголын эзэн хаан Мин улстай харьцахдаа нэгдмэл шинж чанартай гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлж цэрэг, улс төрийн давамгай байдал бий болгохыг эрмэлзэж байв. Гэвч түүхийн тухайн нөхцөлд Монголд гадаад улс төрийн нэгдмэл байдал хангагдаж чадахгүй байжээ. Бие даасан улсууд улам хүчирхэг болж Хятадтай өөртөө ашигтайгаар харилцах болсон нь нэгдсэн гадаад улс төрийн үндсэн дээр, өөрөөр хэлбэл Мин улсын эсрэг үндсэн дээр Монголын улс төрийн нэгдлийг хангах бололцоогүй болжээ. Нөгөө талаас энэхүү нөхцөл байдал нь Хятад улсын гадаад улс төрийн бодлогын шинж чанартай шууд уялдаа холбоотой байсан хийгээд тухайн үед Хятад, монголчуудын хувьд илт түрэмгий бодлого явуулахгүй байсан учир нүүдэлчдийн зүгээс түүний эсрэг нэгдэн тэмцэх үндэс байгаагүй бололтой.
    Өмнөд Монгол, Мин улсын хооронд тогтсон харилцааны шинж чанарыг авч үзэх юм бол тэрхүү найрамдалт харилцаа нь харилцан буулт хийсэн үндсэн дээр байгуулагдсан ажээ. Мин улс Алтан ханы цэргийн довтолгоонд эрстэж арга буюу түүнтэй найрамдахад хүрсэн бөгөөд Алтан ч цаашид Мин улсыг удаан хугацаагаар уулгалж байх дотоод улс төрийн нөхцөл байгаагүйг харгалзан Хятадын зүгээс тавьсан хариу болзлыг хүлээн авахад хүрчээ. Өгүүлэн буй үеийн Монгол-Хятадын харилцааны түүхийн энэ үе шатанд Монгол, Хятад хоёрын хооронд найрамдалт харилцаа нэлээд урт хугацаагаар үргэлжилсэн ажээ. Чингэхдээ чухам энэ үед Мин улс монгочуудын хувьд “дэлхийг илбэн тохинуулах хаант төр” хэмээх бодлогын зарим нэгэн зүарчим, тухайлбал “алба” авах, хэргэм цол олгох зэргийг өргөнөөр хэрэгжүүлсэн байна. Тэгэхдээ энэхүү практик үйл ажиллагаа нь бүх Монголын хэмжээнд хэрэгжиж чадаагүй бөгөөд зөвхөн Өмнөд Монголыг хамарсан ажээ.
    Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

  • “Их хааны өв” ба Өвөрмонголчуудын амьдрал -Өвөрмонголд аялсан тэмдэглэл 4-

    гэрлэн чимэглэл нь хүртэл есөн цагаан тугны хэлбэрийг агуулсан байх нь нүднээ содон тусах аж. Монгол үндэсний хээ угалзыг хотынхоо жижиг детальд хүртэл нэгбүрчлэн оруулсны зэрэгцээ, монгол гэрийн хэлбэртэй Олон улсын бага хурлын төв, монгол шатрыг нэгбүрчлэн урлан тавьсан ногоон парк, Монголын нууц товчоо, Алтан товч, Эрдэнийн товч судруудыг билэгдсэн гурван ном зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй Төв номын сангийн барилга, монгол маягийн эрэгтэй, эмэгтэй малгай зэрэгцүүлэн тавьсан хэлбэртэй театрын барилга, Шанью-гийн алтан титмэн дээвэртэй үндэсний гар урлалын худалдааны төв, хүрэл зэвсгийн олдворуудаар хийсэн том баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэн, монгол үндэсний хээгээр чимэглэсэн далангаар хүрээлэгдэж, сүрэг адуу давхиж буй хөшөөг төв хэсэгтээ залсан Улаан мөрөн голын эрэг дэх амралт зугаалгын газар, Хияа багшийн шинэ дүүрэг гээд Ордос хотын онцлох “үзмэр”-ийг нэрлэвэл урт жагсаалт болно. Хотын төв хэсэгт байрлах музей нь гэхэд л элэгдсэн чулууны хэлбэр бүхий зэс гадаргуутай 39 метр өндөр барилга байх ба газар дор 1, газар дээр 4 давхар бүхий байгууламж гэнэ.Тэнгэр баганадсан өндөр барилгуудыг олноор нь барьж байгуулсан тус хотод хүн суурьшаагүй бололтой шинэ хороолол ч цөөнгүй харагдав.
    Монгол хүн үнэ төлбөргүй үздэг “шүтээн”
    Намрын эхэн сарын шинийн гурванд нутгаасаа гарсан манай багийнхан шинийн 8-ны өдөр “Их онгон” цогцолборт зочилсон билээ.Их хааны сүнс оршин буй хэмээн бидэнд тайлбарласан, энэхүү шүтээнд зочлохдоо багийнхан маань дундаасаа хадаг цай, архи тус бүр гурвыг өргөв. 99 гишгүүр шатаар алхан өгссөөр гол шүтээнд ороход “Эзэн сан” хэмээх ном уншиж, идээний дээжийг хүн нэг бүрт хүртээх бөгөөд зочид гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор хүж асааж, арц, улаан утаснаас нь хувь хүртдэг ажээ.

    Хишигтэн хошууны гаралтай Хайраа хэмээх тайлбарлагч бүсгүйн ярьснаар, шүтээний өмнө байх зулыг 786 жил унтраалгүй асааж яваа Боорчи, Мухулай нарын удмынхан үе дамжин онгон шүтээнд ажиллаж ирсэн ба шүтээнийг хамгаалдаг дархадуудад улсаас тэтгэмж өгдөг болсон гэнэ. Хар азарганы онгон дэлээр хийсэн Их хар сүлдийг догшруулах тахилгыг луу жил бүрт хийж, 12 жилд нэг удаа хар сүлдийг сольдог байна.Их хар сүлдийг тахихдаа “Сүлдийн сан” хэмээх ном унших бөгөөд хар сүлдийг байрлуулсан талбайн дээд талын шат руу эмэгтэй хүн гардаггүй уламжлалтай гэв.

    Өгөдэй хааны үеэс эхлэл нь тавигдаж, Хубилай хааны үед найман цагаан орд өргөөг тахих болсон уламжлал өдгөө ч хэвээр байгааг бидэнд үзүүлэв. Тайлбарлагчийн ярьснаар, цаг тайван бус байх 1939 онд Ганьсу мужийн Бумбын сүмд шилжүүлэн 10 жил тахиж, 1949 онд Хөх нуурын Гомбын сүмд таван жил тахисны дараа 1954 оны 4 сарын эхээр одоогийн байгаа Эзэн хороонд авчирсан аж. Харин “Их онгон” цогцолборыг 2005 онд байгуулж дууссан бөгөөд Сүлдийн тахилгыг зүүн дархадууд буюу Мухулайн үр сад, Ордон гэрийг баруун дархадууд буюу Боорчийн үр сад тахиж, хамгаалж ирсэн тул шүтээнд 24 цагаар байх эрх дарх эдэлдэг байна. Билгийн тооллын 7 сарын 14-нд их хар сүлдийг тахидаг бол, билгийн тооллын 3 сарын 21, 5 сарын 13, 9 сарын 12, 10 сарын 3-нд бусад тахилгыг хийдэг хэмээн бидэнд танилцууллаа.
    “Их онгон” цогцолбор өглөөний 07.30-19.00 цаг хүртэл зочдоо хүлээн авах бөгөөд Монгол Улсын зочид болон өвөрмонголчууд шүтээнийг үнэ төлбөргүй үзэж, тахилгад үнэ төлбөргүй оролцох эрхтэй байдаг гэнэ.Харин хятад хүн болон гадаад орны иргэд 110 юань төлж тасалбар авсны дараа уг шүтээн цогцолборт нэвтэрдэг аж.

    Даяарчлалд нэрвэгдсэн амьдрал
    ӨМӨЗО-ны хөгжлийн түвшин манайхаас хэд дахин илүү гэхэд хилсдэхгүй.Даяарчлагдсан ертөнцийн тавьж буй бүхий л шаардлагыг тэд биелүүлжээ.Харин хүн ам нь энэ хурдыг гүйцэхийн тулд үндэсний соёлоо, төрөлх хэлээ гээж үрэгдүүлээд зогсохгүй, даяарчлалын шуурганд нэрвэгдэн унахгүйн тулд хөл дээрээ тэнцэж ядан, шинэ ертөнцөд амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа дүр зургийг өвөрмонголчуудын амьдралаас би олж харсан юм.Тэд аялгатай ч гэсэн хачин хэллэгтэй монгол хэлээр бидэнтэй ярьж, монгол дуу дуулж, морин хуурын аялгуугаар сэтгэл гэгэлзүүлж чадсан.Бас монгол айл бүрийн үүдэнд хос хар сүлд тахиастай байгааг бидэнд харуулж, монгол маягийн гэрүүд парк, цогцолборуудынх нь гол үзмэр болох нь анзаарагдаж байсан.Гэвч үндэсний соёл гэдэг тэдний хувьд асар том байгууламжууд, байшин барилга, эд зүйл дээрх хээ угалз, хэлбэр дүрс болон музейн гайхалтай үзмэр, түүнчлэн өөрсдөө бараг үзмэр болох шахсан үндэсний хувцастай аялал жуулчлалын хөтөч нарын түвшинд л үлджээ.

    Тэдний алдааг бид давтахгүй гэхийн аргагүй тул, “хашгирч чарласан” гэмээр хэт хөгжилд улайрч, бусдыг дуурайн уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа татгалзах хэрэгггүй юм байна гэдгийг “тал нутаггүй, бэлчээргүй” болсон өвөрмонголчуудын амьдрал бидэнд харуулж байна. “Тал нутаг хаана байна” гэдэг дууг хятад хэлээр дуулан зогсох өвөрмонгол эмэгтэйчүүд, тэдний үр хүүхдүүд нь зөвхөн засмал замаар явж, зүлгэн дээр гишгэхгүй амьдарч, паркад очиж агаар амьсгалах, нэг байшингаас нөгөө байшинд, нэг тээврийн хэрэгслээс нөгөөд шилжин суух тийм л амьдралд “хүлэгдсэн” хувь заяаг эргэлт буцалтгүй сонгожээ.

    Харин бидэнд зөв сонголт хийх боломж нь одоо ч нээлттэй байна.Сайхан Монгол орныхоо сэрүүн тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж, цэцэгт ногоон талдаа тааваараа бэлчих мал сүргээ маллан, морио унаж, монгол дээлээ өмсөөд, өргөө гэртээ сэтгэл тэнүүн амьдран сууж, нутгийнхаа хаана ч хүссэнээрээ зугаалж яваа монголчуудын амьдрал жаргал цэнгэлээр дүүрэн ажээ.Ямар их хувь заяагаар бид нар эзэн нь болж төрөв өө гэсэн дууны үг юутай үнэн болохыг мэдрүүлсэн энэ өдрүүдэд баярлалаа.

    “Хатан зориг бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулъя” хэмээн өглөө бүр төрийн дууллаа дуулж зоригжин, хичээлдээ, ажилдаа явж буй хойч үеийг төрүүлсэн хүмүүс билээ бид.Бидний Монгол Улс мөнхөд оршиг.

    Нийтлэсэн: Цэдэвдамбын Оюунчимэг

  • ХАВТГАЙ ТЭМЭЭ ДАЙЖИЖ, харийн нутаг руу одож байна

    Одоо Хятад улсад 600 хавтгай байна. Энэ амьтны нөгөө гол нутаг болох Монгол Улсад 300 орчим хавтгай байна. Үүнээс үзвэл дэлхийн зэрлэг тэмээний нийт тоо 1000 хүрэхгүй байна” гэж “Синьхуа” агентлаг 2011 оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан бол саяхан “Хятадын байгаль хамгаалагчид хилийн ойролцоох нутгуудаар судалгаа хийж явахдаа 124 хавтгайтай таарчээ. Эдгээр зэрлэг тэмээ Монголын нутгаас орж ирэн, идээшиж байна” хэмээн мэдээлэв.
    ХАВТГАЙН ГАЗАР НУТАГ 30 ЖИЛД 15.000 АМ КМ-ЭЭР ХУМИГДЖЭЭ
    Хавтгай хэдийгээр Монгол Улсын баруун өмнөд, БНХАУын баруун хойд хэсэгт цөөн тоогоор сүрэглэн амьдрахдаа хил дамнан нүүдэллэж явдаг ч гэлээ сүүлийн жилүүдэд малчдад шахагдан, малд бэлчээр нутгаа алдаж байгаа нь үнэн. Жилээс жилд сая саяар өсөн үржиж байгаа мал сүргээ малчид зэрлэг амьтдын газар нутгийг булаан идээшлүүлж байна. Дээрээс нь олз хайгч нинжа нараас үргэн дайжиж буй амьтдаа буцаан даллах бодлого манай улсад алга. Түүнээс болоод хавтгай эх нутгаасаа дайжиж, эргэж ч харалгүйгээр харийн нутаг руу үүрд явж байгааг үгүйсгэх аргагүй. Манай оронд хэдэн хавтгай нутаглаж буйг яг таг хэлэх хүнгүй, нэг хэсэг нь устаж байна гэхэд нөгөө нь түүнийг үгүйсгэж сууна. Зэрлэг тэмээ Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн таван сумын 44 мянган ам км нутаг дэвсгэрт нутагладаг (1980-аад оны үед) гэж үздэг байсан бол өдгөө Майхан ус, Хар хайрхны нуруу, баруун урагшаа Сайрын хошууны булаг, Гурван шар уул, Бэлийн хэлтэс, Нүдэн булаг, зүүн тийш Талын мэлтэс, Наран сэвстэй, Булган хошууны нурууны урд бэл, Хатан суудлын нурууны өвөр бэл, зүүн хойшоо Хөх хулсны нуруу, Ланзатын нурууны зүүн хэсэг, хойд зүгт Эдрэнгийн нурууны зүүн өмнөд болон өвөр бэлээр Цулбуур харын нуруу хүртэлх 29.000 ам км нутагт амьдарч байна. Энэ нь 1900-1920 оны үеийнхээс 3.5 дахин бага нутаг юм. Хавтгайн газар нутаг ийн хумигдаж байгаа нь энэ амьтан Монголд цөөрч, харьд хулжиж буйг илтгэх бас нэг нотолгоо бус уу.
    SOS ЖАГСААЛТЫН НАЙМДУГААРТ ХАВТГАЙГ БҮРТГЭЖЭЭ
    1873 онд Оросын судлаач Н.М.Пржевальский Төв Азид хийсэн хоёр дахь судалгааныхаа үеэр хавтгайг харж, ийм амьтан байдгийг шинжлэх ухаанд “хэлж өгсөн” түүхтэй. Хавтгай агнахыг манай улс 1930 оноос хуулиар хориглон, 1958 онд дархалж, 1975 онд Говийн их дархан газар бол энэ амьтны үндсэн тархац нутаг болохыг тогтоожээ. Ан агнуурын тухай 2000 оны хуульд хавтгайг байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац хязгаарлагдмал, устах аюулд орсон, нэн ховор амьтны ангилалд оруулсан байна. Монгол Улс нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Биологийн төрөл зүйлийн конвенц (SBD)-д 1993 онд, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалахыг хориглох тухай конвенц (CITES)-д 1996 онд, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Бонны конвенц (CMS)-д 1999 онд нэгдэж, хавтгайгаа бүртг үүлсэн тул энэ амьтныг хамгаалах нь олон улсын өмнө хүлээсэн том үүрэг болж байгаа юм. Гэтэл манай улс энэ үүргээ биелүүлэхийн оронд аргацаасаар өдий хүрэв.
    Уг нь энэ хосгүй ховор амьтан тэнэгэр говьдоо идээшилж, хавтгай Монголд байдаг хэмээн дэлхийд зарлуулж байвал бидний, Монголын бахархал. Гадаадын эрдэмтэд хавтгай бол дэлхийн гайхамшиг юм хэмээн онцолж, Амьтан судлалын нийгэмлэг Эволюцийн хувьд тусгаар, генетикийн хувьд устах аюулд орсон зүйл (EDGE) хэмээх хөтөлбөр (SOS жагсаалт гэж болох)-т хавтгайг оруулж, жагсаалтын наймдугаарт бүртгэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховордсон ан амьтныг унаган байгальд нь хадгалан хамгаалах ажлыг сайжруулж, хавтгай тэмээ зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээрийн генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглах”-аар заасны дагуу 2010 оны есдүгээр сард БОАЖЯ гадаад, дотоодын судлаачдыг хамруулсан томоохон хурал зохион байгуулж, “Хавтгай хамгаалах үндэсний хөтөлбөр” боловсруулж эхэлсэн ч одоо болтол гарт баригдаж, нүдэнд харагдах юм хийсэнгүй.
    2003-2007 онд Байгаль орчны яам НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран, “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах” төсөл хэрэгжүүлсэн нь чамгүй үр дүнд хүрчээ. Гэвч уг төслийн хүрээнд хавтгайн хорогдлын шалтгааныг тогтоох байсан ч эрдэмтэд үүнд хариулт өгөөгүй байх юм. Биологийн хүрээлэн, АНУын Денверийн амьтны хүрээлэн хамтран хавтгайн байршил, нүүдлийн замыг тодорхойлох, ажиглалт хийх зорилгоор 2003 оны аравдугаар сард нэг хавтгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Мөн олон улсын “Тахь” групп, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран 2007 оны тавдугаар сард нас гүйцсэн гурван буур, хоёр ингэн хавтгайг хүзүүвчилсэн байна. Үүний гурвыг Буурын хяр, Атасын шал, Давхар харын нуруунаас барьсан бол хоёрыг нь Хар сайрын хөндийгөөс барьж хүзүүвчлээд, буцаан тавьжээ. Гэсэн ч ганц л хавтгайд зүүсэн хүзүүвчний дохиолол ажилласан гэнэ. 1998 онд хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, ШУА, МУИС, Улсын багшийн их сургууль, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчид оролцсон зөвлөлгөөн болж, хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах, нөхөн сэргээх тухай санамж бичиг баталжээ. 2001 онд Бээжинд болсон хавтгай хамгаалах олон улсын бага хурлын үеэр Хавтгай хамгаалах сангаас Монгол, Хятадын Засгийн газрын хооронд дэд сайдын хэмжээний уулзалт зохион байгуулж, хавтгай тэмээг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох тухай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Харамсалтай нь эдгээр хурал, цаасны үр дүн чамлалттай.
    1980-1982 ОНД ОНГОЦООР ТООЛЛОГО ХИЙЖЭЭ
    1943 оны үед Монголд 300-гаад хавтгай байсан гэх тоо дуулддаг бол 1980-1982 онд 500-800 бий гэсэн тоо гарчээ. Манай улс 1980-1982 онд “АН- 2” онгоц, автомашин ашиглан, Алтайн цаад говьд хавтгайн тооллого явуулсан байна. Үүний үр дүнд манай эрдэмтэд хавтгайн онцгой шинж, экологийн үндсэн үзүүлэлт, тоо толгой, байршлын талаар төсөөлөлтэй болсон аж. Үүний дараа Говийн их дархан цаазат газрын мэргэжилтнүүд 1982-1988 онд хавтгайн тоо толгой 500-600-гийн хооронд хэлбэлзэж байна гэж тооцоолжээ. 1997 оны гуравдугаар сард Монгол, АНУ, Германы судлаачид хамтран, агаарын тооллого хийгээд 802 хавтгай бий гэж мэдээлсэн байна. 1980-1982, 1997 онд хийсэн тооллогын дүнгийн зөрүү их байгаа нь судалгааны арга, боловсруулалт, судалгаа хийсэн газар нутгийн хэмжээ өөр байсантай холбоотой бололтой. 2004-2005 онд нэгдсэн аргачлалаар улирал тутамд тодорхой замналын дагуу хийсэн тооллого, судалгааны дүнд Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 463 хавтгай байгааг тогтоожээ. Үүнийг үнэнд ойр тоо хэмээн судлаачид үзэж байна. Хамгийн сүүлд БОНХЯ-ны захиалгаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУБИС, Хавтгай тэмээ хамгаалах сан, БХЭОЗХ хамтран, 2012 оны намар хавтгайн тооллого хийж, Монгол Улс 800 гаруй хавтгайтай гэж дүгнэжээ.
    ГАРШУУЛСАН ХАВТГАЙ ҮРЖИЖ ОЛШРОХДОО ТААРУУ БАЙНА
    Хавтгай 2-3 насандаа өөрийн бие даасан сүргийг үүсгэдэг. Энэ үедээ анхаарал сэрэмж муутай, айж зугтаахын оронд сонирхох, тандах нь давамгайлдаг тул чонын идэш болох, бууны овоо хараанд орох магадлал өндөр байдаг аж. Устаж буй энэ амьтныг аврахын тулд Баянтооройгоос 2001 онд 11 ботго барьж, Баянхонгор аймгийн Эхийн голд аваачин, хоёр жил гаршуулжээ. 2003 оноос Английн Хавтгай хамгаалах сан, Ховор амьтан хамгаалах үндэсний комиссын дэмжлэгээр уг 11 хавтгайг Баянтооройд буцаан авчирч, үлдсэн хоёр ингэтэй нийлүүлснээр хавтгай гаршуулах ажил үргэлжилж байна. Одоо Захын усны үржүүлгийн төвд малчин, малын эмч нар хавтгайг хүний оролцоотой үржүүлэн, байгальд буцаан тавих үйл ажиллагаа явуулж байна. Гаршуулсан хавтгайн зэрлэг байдлыг нь алдагдуулахгүйн тулд дөрөвдүгээр сарын 20-нд бэлчээрт тавьж, аравдугаар сарын 20-ны үед ороо нь орох цагаар хашиж, алсаас өвс тавьж өгдөг аж. Баянхонгор аймгийн Аудитын газрын дүгнэлтээс үзвэл гаршуулсан хавтгай тооны хувьд өсөлт муутай байгаа аж. Хавтгайн ботгоны бие дааж амьдрах чадвар муу байгаагаас өсөж олшрохгүй байгаа бололтой. Хавтгай гаршуулагчид өвөл орооны үед хавтгайн буур, үржлийн ингийг хашаанд тусгаарлан нийллэгт оруулах, хээлтэй ингийг тэжээж тордон эсэн мэнд төллүүлэх, төлийг нь бүрэн торниулах, зун, намарт задгай бэлчээрт хариулж тарга хүч авахуулахын хажуугаар ажиглалт, судалгаа явуулдаг гэнэ.

    МОНГОЛ, ХЯТАДЫН ХАВТГАЙ ХАМГААЛАХ ЯЛГАА
    Манай улс Говийн их дархан газрыг 1976 онд дархан цаазтай болгож, улсын тусгай хамгаалалтад авсан ч хавтгай хамгаалах талаар одоо болтол нэгдсэн бодлого, хөтөлбөргүй сажилж ирлээ. Энэ ажилд улсын төсвөөс мөнгө зарцуулдаггүй, хавтгай хамгаалах ажлыг өдий хүртэл гадаадын байгууллагуудад ацаглан орхижээ. Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 2005 онд 3.0 сая, 2006 онд 35.5 сая, 2007 онд 67.9 сая, 2008 онд 106.4 сая, 2009 онд 103.5 сая төгрөгийн санхүүжилт улсаас авчээ. Үйл ажиллагааны зардлын 75.5 хувийг нь цалин эзэлдэг энэ байгууллагад хавтгай хамгаал, өсгөж үржүүл гэж мөнгө өгдөггүй. Ажилтнуудад нь хавтгай хамгаалах сэтгэл зүтгэл байлаа ч түүнийгээ мөнгө болгон судалгаа шинжилгээ хийж, өвс, ус, хужир болгон хавтгайд тавьж өгч болох биш дээ. Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор дархан цаазат газрын цөлийн нөхцөлд нэг байгаль хамгаалагчид 200 мянган га талбай хариуцуулахаар тогтоож өгчээ. Үүгээр бол 4.4 сая га талбайтай Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 22 байгаль хамгаалагч ажиллах ёстой атал 11 ажиллаж байна.
    Гэтэл Хятад улс 2003 оноос Шиньжанд Лоб нуур, Ганьсүд Ань Наньба гэх, хавтгай хамгаалах байгалийн хамгаалалтын бүс дараалан байгуулсан юм. 78 мянган ам км газар нутагтай энэ хоёр нөөц газрыг хавтгайд тусгайлан зориулжээ. “Олон жилийн уйгагүй хүчин зүтгэл, төрөөс мөнгө санхүү, бодлогоор дэмжиж байгаагийн хүчинд Хятадад зэрлэг тэмээний тоо мэдэгдэм нэмэгдэж байна” хэмээн урд хөршийнхөн ам бардам байна. Тэд хавтгайн тооллого, судалгаа шинжилгээг ч тасралтгүй хийж, өөрийн нутаг дахь хавтгайг Монголын хил давуулахгүй байх, Монголын талаас орж ирсэн хавтгайг тэндээ үүрд нутагшуулахад ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдав. Хятадууд үүл буудан бороо оруулж, хавтгай хамгаалах нутгаа өвстэй, устай байлгахад анхаарч байна. Амьтан ч бас амьд юм хойно устай, ургамалтай айх аюулгүй газар бараадах нь мэдээж.
    Хавтгай Монголоос хулжиж, хүний нутаг руу үүрд одвол хятадууд “Хавтгай гэх хосгүй ховор амьтан зөвхөн манайд л байдаг” хэмээн сайрхаж, хавтгайгаа үзүүлэхээр гадаадынхныг урин дуудаж, Хятадыг сурталчлах нэрийн хуудсаа нэгээр нэмнэ. Английн Хавтгай тэмээ хамгаалах сан зэрэг байгууллага хандив тусламжаа тэр үед зөвхөн тийш л чиглүүлнэ. Харин тэр үед бид яах вэ. Хятадаас хавтгайгаа гуйх уу, гадаадын амьтны хүрээлэнгүүдээс хайх уу.