Category: Үйл явдлын тойм

  • ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНД МБНЭ-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН ЁСООР ОРОЛЦЛОО.

     

    Юуны өмнө Халх голын дайны талаар товч мэдээлэл өгөхийг хүсч байна. 1939 оны дундуур Монгол Улсын хил дээр томоохон өдөөн хатгалга болж, 5 дугаар сарын 28-нд сөргөлдөгч тал их буу, хуягт машин, нисэх онгоцоор дэмжүүлсэн цэргийн үлэмж хүчээр Халхын гол тийш давшиж эхлэхэд 1936 онд Монгол, Зөвлөлт хоёр улсын хооронд байгуулсан харилцан туслах Протокол гэрээний дагуу БНМАУ-ын нутагт байрлаж байсан Зөвлөлтийн цэрэг, Монголын цэрэгтэй хамтран тэрхүү давшилтыг зогсоож, 5 дугаар сарын 29-ний орой Монголын хилээс хөөн гаргасан юм. Гэвч эсрэг тал 31-ны өдөр тооны давуу байдлаа ашиглан дахин довтолж, Халхын голыг гаталж, Баянцагааны нурууг эзлэн Монгол-Зөвлөлтийн цэргийг бүслэх аюулыг бий болгожээ. Гурван өдрийн ширүүн тулалдааны явцад сөргөлдөгч талын цохилтын бүлэг бут цохигдож, түүний үлдэгдлийг Халхын голын зүүн эрэгт хөөн гаргасан байна. Үүний дараа дайсагнагч талаас 7 дугаар сарын 8-11, мөн 24-25-нд хийсэн шинэ дайралт төдийлэн амжилтад хүрээгүй юм.
    Хоёр тал байлдааны ажиллагааны талбарт ихээхэн хүч татан ирүүлж, аль аль нь шийдвэрлэх тулаанд бэлтгэж эхэлсэн. Халхын голын орчимд 8 дугаар сарын 10-ны байдлаар Японы тал хүн хүчээ 6 дугаар арми болгон нэгтгэж, түүний ажиллагааг 300 гаруй нисэх онгоцоор агаараас дэмжиж байв.
    Харин армийн нэгдүгээр группт нэгдсэн Зэвлөлт, Монголын цэргийг корпус командлан захирагч Г.К.Жуков, монгол цэргийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан командалж байв. Түүнчлэн алс дорнод дахь Зөвлөлтийн цэрэг болон Монголын цэргийн үйл ажиллагааг армийн дэд командлагч Т.М.Штерн тэргүүтэй фронтын удирдлага, цэргийн бэлтгэл, хангалтын талаар Ю.Цэдэнбал, БНМАУ-д сууж байсан Зөвлөлтийн элчин сайд И.А.Иванов нар ажиллаж байсан юм.
    1939 оны 8 дугаар сарын 20-нд Зөвлөлт, Монголын цэрэг дайсагнагч этгээдээс өрсөж авиац, артиллерийн хүчтэй галын бэлтгэл хийсний дараа шийдвэрлэх давшилтад оров. Эсрэг этгээд хүнд цохилт хүлээж, гал зогсоох тухай хүсэлт тавьсны дагуу 9 дүгээр сарын 16-нд байлдааны ажиллагаа зогсчээ. Ийнхүү БНМАУ-ын эсрэг өдөөж Халхын голд 4 сарын турш үргэлжилсэн зарлаагүй дайн монгол, зөвлөлтийн ард түмэн, армиудын ялалтаар дууссан байна.
    Энэ дайнд Монгол, Зөвлөлтийн дайчид эрэлхэг зориг, дайчин чадвараа үзүүлсэн юм. Монголын дивизийн дарга Л.Дандар, улс төрийн удирдагч Л.Гэлэгбаатар, заставын дарга П.Чогдон, пулемётчин Ц.Олзвой нарын олон дарга, цэргүүд гарамгай байлдсан юм. Тэдний гавьяаг үнэлж, Монгол Улсын төр БНМАУ-ын баатар цолоор шагнасан билээ. Тэрчлэн Халхын голын байлдааны ялалтын 30 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолыг ЗХУ-ын маршал Г.К.Жуковт хүртээсэн юм.
    Халхын голын байлдаанд баатарлагаар тулалдсаны учир танкийн бригадын дарга, бригад командлан захирагч М.П.Яковлев, мотобуудлагын хорооны дарга хошууч И.М.Ремизов, нисгэгч К.Н.Абрамов нарын 17121 хүн зөвлөлт төрийн шагнал-одон медалиар, 70 байлдагч, дарга нар ЗХУ-ын баатар цолоор шагнуулсны дотор нисгэгч С.И.Грецевец, Г.П.Кравченко, Я.В.Смушкевич нар анх удаагаа ЗХУ-ын хошой баатар болцгоосон байна.
    Халхын голын байлдааны үйл явц улирах он цагийн эрхээр түүхийн хувьд биднээс алслан холдох тутам энэхүү түүхт ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байх болно.
    Халхын голын байлдааны ялалт нь Алс дорнодод гамшигт дайны аюулыг хазаарлан зогсоож, дэлхийн дайны галыг Евроазийн эх газарт хоёр талаас зэрэг ноцоох гэсэн фашист эвслийн түрэмгий төлөвлөгөөг тасалдуулахад хүргэсэн билээ.

    ХЭНТИЙ АЙМАГТ
    Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг тэмдэглэх арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөгчид анх удаа оролцлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн тэргүүн зайран, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүн Д.Дарьчулуун, бага хуралдайн гишүүн, удган Д.Наранцэцэг, Д.Саранцэцэг, У.Ононтуул, Б.Мөнхтунгалаг, Н.Амартүвшин нар орсон байна.
    2014 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Хэнтий аймагт МБНЭ-ийн төлөөлөгчид ЗХУ-ын баатар М.С.Аношин, А.И.Киселев нарын дурсгалын хөшөө, нэр нь үл мэдэгдэх Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ажиллагаа, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын цуглаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концерт, Өндөрхаан хотын залуучууд, хөдөлмөрчид, Орос, Монголын төлөөлөгчдийн хамтарсан цэнгүүн, ёслолын буудлагаанд оролцов.

    2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан Зэвсэгт хүчний анги, Хил хамгаалах ерөнхий газрын отряд, Цагдаагийн газар, Онугой байдлын газрын хамтарсан цэргийн парад, Хүндэтгэлийн цуглаан, Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Энэ өдөр Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-75”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” сэдэвт Зэвсэгт хүчний түүх, Цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн зохион байгуулагдсаныг үзлээ.

    2014 оны 8 дугаар сарын 24-ны өдөр Дорнод аймагт “Сэлэнгэ-2014” Орос, Монголын Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургуулийг үзэж, оролцсон бүрэлдэхүүний техниктэй цэргийн ёслолын жагсаалыг сонирхолоо.

    Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан цэргийн парад,
    2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймагт Халх голын ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан Зэвсэгт хүчний анги, Хил хамгаалах ерөнхий газрын отряд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хамтарсан цэргийн парад, Хүндэтгэлийн цуглаан, Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Энэ өдөр Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд, “Халхын голын ялалт-75”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” сэдэвт Зэвсэгт хүчний түүх, Цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн зохион байгуулагдсаныг үзлээ.

    djmedia:269
  • Хэнтий Биндэрийн овооны уулзалт мартагдашгүй үйл байлаа.1

    МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Т.Түмэнбаярын зохион байгуулсан Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших Биндэрийн овооны тахилга дээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд Ерөнхийлөгч М.Энхзаяа, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван, Зайран Зайран Өлзийхутаг, Хурцжавхлан нар уулзаж, Бөөгийн шүтлэгээ дэлгэрүүлэх, бөөгийн байгууллагаа бэхжүүлэх зорилгоор цаашид нэгдэж хамтран ажиллахаар тохирсон билээ. Монголын бөө шүтлэгийн түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээх энэ уулзалт Бөө нарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах томоохон үйл явдал байв. 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр МБНЭ-ээс зохион байгуулсан Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилд зориулан Их хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх Тайлга, тахилгын ажиллагааны “Галын тахилга”-ыг Зайран Хурцжавхлан удирдаж, 300 гаруй шавь нарын хамт оролцсон нь Монголын Бөөгийн түүхэнд үлдэх гавьяат үйлс байлаа. Энэ ажиллагаанд түүний удирдсан бөө нар зохион байгуулалт, дэг журмаараа бусдаас ялгарч байлаа. Түүхийн хатуу хөтүүг зоон дээрээ үүрч, Монгол эрчүүдийн жудагтай яриаг олонтой сонсож явсан Биндэрийн овоо, Монгол бөө шүтлэгийг хамтран хөгжүүлэх тухай Зайран Хурцжавхлан, Зайран Өлзийхутаг нарын ярилцлагын гэрч болон үлдсэн. Бөө шүтлэгээ хамтран хөгжүүлэх тухай ярилцаж тохирсон их үйлсийн тухай жинхэнэ эрчүүл, Тэнгэрийн улаач нарын яриа замхрах ёсгүй, харин ч ажил хэрэг болох ёстой.

  • ДЭМБ: Коронавирусний цар тахал хурдацтай тархаж байна

    ЖЕНЕВ. /TASS/. Коронавирусний цар тахал дуусах шинж тэмдэг одоогоор харагдахгүй байгаа бөгөөд өвчлөл хурдацтай нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Аданом Гебрейесус даваа гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

    “Вирус тархах орон зай байсаар байна. Хатуу үнэн гэвэл бодит байдал дээр цар тахлын төгсгөл рүү ойртоо ч үгүй байна. Хэдийгээр олон оронд ахиц дэвшил гарч байгаа боловч халдвар хурдацтай тархаж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

    ДЭМБ-ын тэргүүн мөн судалгааны ажлын явцыг үнэлэх, “COVID-19” өвчний эсрэг авах хариу арга хэмжээг шинэ шатанд гаргах чиглэлүүдийг боловсруулахын тулд шинжээчдийн уулзалтыг энэ долоо хоногт зохион байгуулахаар болсныг мэдэгдэв.

    ДЭМБ халдварын дэгдэлтийн анхны мэдээг хүлээж авснаас хойш зургаан сар өнгөрч байгааг Тедрос Адан Гебрейюсус сануулсан байна. Энэ өдөр зургадугаар сарын 30-нд буюу өнөөдөр тохиож байгаа бөгөөд “10 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 500 мянга гаруй хүн нас барсан үзүүлэлттэй” давхцаж буй юм.

  • Хоёр. ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ДЭЭР.

    Аян замын олз, амралтын өдөр тохиов. Хөвсгөл нуурын эрэгт амралтын газарт Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн их удган Юра, Агий нартай ховорхон тохиох нэгэн өдрийг өнгөрүүлсэн байдаг. Бидний дотны анд Ганхуяг, эхнэртэйгээ байж, байгалийн содон үзэгдэл солонгын хамт дурсгалын зураг үлдээжээ.
    Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзэлхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.
    Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.
    Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.
    Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Көп Су Көл буюу “Их Устай Нуур” гэсэн үг болой. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь монголоор хөв /ой хөвч гэдэг үгийн хөвтэй гарал нэг/ олон их гэсэн утгатай, түрэг гаралтай хэлнүүдийн көп /олон их гэсэн утгатай/ су гэдэг нь монголоор ус /эртний монгол хэлний усу гэдэг үг нь одоогийн монгол хэлээр төгсгөлийн у эгшиг нь гээгдсэн байхад, түрэг гаралтай хэлнүүдэд эхний у эгшиг нь гээгдсэн байна./ гөл гэдэг нь нуур гэсэн утгатай түрэг гаралтай хэлнүүдийн “көл” гэсэн үг /гэхдээ монгол хэлэнд байдаг “хөлгүй нуур, хөлгүй ус, зэрэг үг хэллэгт байдаг “хөл” гэсэн үгтэй гарал нэг байж ч болох юм/ Ингээд Хөв/көп-их, су-ус көл-нуур буюу их уст нуур гэсэн үг болно.

    djmedia:262
  • Нэг.ХӨВСГӨЛ ХҮРТЭЛХ АЯНЫ ЗАМД

    Энэ удаагийн аялал онцгой байлаа. МБНЭ-ийг байгуулагдахаас эхлэн зүтгэж яваа хоёр дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нар хамтдаа явсан юм. Тэдэнтэй хамт өргөн бүрэлдэхүүн явсан билээ. Монгол бөөгийн их удган Юра, Агий гуйа багт багтсан байсан. Д.Энхжаргал удганыг дагаж түүний шавь нар гарсан байлаа. Цэлмэн тэнгэр, зуны ногоон өнгө, замын хажуугаар өнгөрөх уул, ус байгалийн сайханыг гайхуулна. Очих замаа Лүн, Баяннуур, … чиглэлд сонгосон байсан. Тэгээд Булган аймгийн нутагт байрлах Цогт хун тайжийн ордоны балгасаар дайрч өнгөрсөн юм.
    Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948-1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малтлага хийжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягийг илэрхийлдэг. XVII зууны үед барилга байгууламжийг өргөтгөсөнийг Цогт хунтайжтай холбож үздэг.
    Замд наадамдаа бэлтгэж сунгаа хийж байгаа морины уралдаантай таарсан. Их уул сумын урдахь хөвдөг гүүрээр гарсан. Тэгээд удалгүй Тосонцэнгэл сумын дундуур гарч Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод орж ирсэн билээ.

    djmedia:261
  • Чиний төлөө өөрийгөө ч хайрлахгүй Эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй

     

    Монголын тэнгэрийг, монголын өвс ногоог, монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. “Дайн гэдэг хүсэх юм биш ч, тулаад ирвэл буцах юм биш” гэж цэргийнхэн ярьдаг.

    Газар нутаг байж эх орон байдаг, эх оронтой байж ард түмэн болдог, эх орон, ард түмэн хоёр нийлээд улс орон болдог нь мөнхийн хууль.

    Хэрвээ энэ холбоос алдагдвал, энэ учир шалтгааны дараалал алдагдвал үндэстэн мөхдөг, тусгаар тогтнол сөнөдөг…Чухам ийм үед л “Эх орон, эсхүл үхэл…” гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, хөгшид өвгөд, охид хүүхнүүд хэний ч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй” гэдэг мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харвадаг биз.

    Хуулийг тэнэгүүд хэлэлцэж тэр нь батлагдвал ухаантан ч дагана
    Бүр эрт Хүннү нар Хятадаас хил тусгаарлаж, тэр хилээ байнгын харуул манаатай байлгаж, харуулын байрыг нь “Оуто” гэж нэрлэж байсныг өртөө, отог, орд гэж тайлбарладаг бөгөөд Дунхутай хил нийлсэн газраар Хүннүгийн харъяа бүхий, хүн оршин суудаггүй мянга гаруй мод газар байжээ. Аль аль нь өөр өөрийн хилээр нутаглаж “оуто” болгодог … байв.

    Дунху-гийн эзэн нь Модунь Шаньюйд элч илгээн хэлүүлсэн нь: “Манай хилийн чанад Хүннү-гийн харъяанаа буй эзэнгүй газар нь Хүннү нар үл хүрэх газар. Бид түүнийг авахыг хүснэ” гэжээ. Модунь түшмэдүүдтэйгээ зөвлөлдөхөд зарим нь “энэ бол хаягдсан газар, өгөхөд ч болно. Өгөхгүй байхад ч болно” гэжээ. Модунь тэсгэлгүй уурлан “Газар бол улс орны үндэс мөн. Хэрхэн өгч болно” хэмээгээд, өгнө хэмээгсдийн цөмийнх нь толгойг аваад мориндоо мордож, мөн хоцрогсдын толгойг авна хэмээн зарлиг буулгажээ. Ингээд дорно зүг аялан Дунхуг гэнэт дайрчээ. Тэд Модунийг үл тоомсорлож байсан тул бэлтгэлгүй байв. Модунь цэрэглэн очоод Дунху-гийн ванг бут цохиод харъяа ард, мал хөрөнгийг нь олзлон авчээ. /Шицзи 10 боть, 16 дахь тал/

    Мөн гэргийгээ өг… гэхэд нь харийн хаанд өгч явуулаад, аргамаг хүлгээ өг… гэхэд нь бас илгээгээд, эцэст нь газар нутгаа өг… гэхэд нь “газар байгаа цагт эхнэр, аргамаг хоёр олдоно. Газраа өгвөл надад юу үлдэх билээ” хэмээн дайлаар мордож, дайснаа дарсан гэж, их хаан Модунь Шаньюй-н тухай түүхэнд тов тодорхой бичиглэн үлдээснийг бүү мартагтун.

    Чингис хаан яах гэж дөрвөн зүг, найман зовхист аян дайн хийсэн юм бэ? Үр хойчдоо амьдрах уудам орон зай үлдээх гэж… Найман зуун жил танаад, танаад үлдэх газрыг бидэнд орхисон их өвгөө бүү март.

    Чингүнжав яах гэж зоосны нүхээр сүвлүүлж, тарчлан зовж амиа алдав? … Газар нутгаа та бидэнд үлдээх гэж…

    Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, даа лам Цэрэнчимэд яагаад бусдад хорлогдов.? Газар нутгаа та бидэнд үлдээх гэж…

    Нацагдорж та бидэнд юуг гэрээслэн үлдээв?…
    “Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
    Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө
    Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
    Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон” гэж… сануулжээ.

    “Бяцхан сумаар том хөлөг онгоцыг цоо буудаж болно” гэж Дагестаны тусгаар тогтнолын төлөө 25 жил ард түмнээ удирдан тулалдсан Шамиль хэлжээ.

    Тиймээ, өнөөдөр хуулийн бяцхан цоорхойгоор Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний аюулгүй байдлын “баталгаа” элсэн цаг шиг урссаар л байна.

    “Хуулийг тэнэгүүд хэлэлцэж, хэрвээ тэр нь батлагдвал ухаантай хүмүүс ч дагахаас өөр аргагүй болдог” гэж нэгэн гүн ухаантан сануулжээ. Монголын тусгаар тогтнолд аюултай “тэнэг хууль” батлагдах гэж байна. Сэрэгтүн, залуус аа!

    Монгол үндэстнийг эрлийзжүүлэх, үндэстнийх нь хувьд устгах бодлого эхэллээ. Сэхээрэгтүн, ард түмэн минь !…

    “Урвагч хүн газар дээр байснаас газар доор байсан нь дээр”
    Дайны эмгэнэлт төгсгөл нь Гунибын уул боллоо. Тэр уулын оргил дээр гэгээнтэн сүүлчийн удаа мөргөл үйлджээ. Мөргөл хийж байхад гарт нь сум тусчээ. Шамиль цочсон ч үгүй, мөргөлөө үйлдсээр байжээ. Гэгээнтний өвдөг ба зогсож байсан чулууг нь цус буджээ. Шархадсан гэгээнтэн мөргөлөө дуусгаад босоход нь дэргэдийн хүн түүнд “Гэгээнтэн минь та шархаджээ” гэсэнд “Энэ шарх юу ч биш. Эдгэрнэ. Харин Дагестаны цус гоожиж байна. Тэр шархыг анагаахад л хэцүү байна гээд Шамиль хэсэг өвс таслан авч, гарынхаа цусыг арчиж байжээ. Үүнийг Расул Гамзатов бичиж үлдээжээ.

    “Одоо Монгол минь шархадлаа. Түүний цус савирч байна. Өөрийнх нь хөвгүүд бие биеэ алж, талж, дээрэмдэж, аугаа их Чингисийн охидын үр хойчийг хүчирхийлж, хүний нутагт урван одож, залуу нас, хүч чадал, оюун бодол, авъяас билгээ харийнханд зориулж, өнгө мөнгөнд тэмүүлсээр, өтөлсөн хойноо өгөршсөн бие, өмхийрсөн ясаа хэнд ч хэрэггүй болоход нь “нутагтаа ясаа тавихаар ирлээ” гэж хуцаж байна.

    Эх орон минь харийнхнаар дүүрч, уул тодгод, хөндий тал, нуга, хангай, говь цөлийг минь тэд судалж, тэд сэндийлж эхлэв. Монгол охидод гадаадын хүн бурхан, монгол эрс чөтгөр болж, монгол эрс нь улсаан биш, арьсаан бодож эхлэв.

    Эх орон минь шархдлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна? … “Дагестан минь тал талаас нь шувуу тоншиж байгаа амьтантай адил болжээ” гэж Аварын найрагч хэлсэн бол, монгол ч ийм л боллоо:

    -“Манай голоос дайсан морио услах эрхгүй” гэж Хятадын Тан улсын үеийн их шүлэгч Ли Бай хэлжээ.

    -“Урвагч хүн газар дээр байснаас, газар доор байх нь дээр” гэж Дагестаны үндэсний баатар Шамиль хэлжээ.

    -“Амар, Гэндэн, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дандар баатар, Олзвой, Чогдон, Дамба нарыг мартсан хүмүүс хараал идэх болтугай. Тэд манай газар шорооны төлөө амиа алдсан юм” гэж залуу хүү, яруу найрагч Т.Содномнамжил хэлжээ.

    -“Гунибын ууланд Шамилийг бэхлэн суухад түүнийг эзлэх ямар ч бололцоогүй байжээ. Гэтэл урвагч хүн гарч дайсанд нууц зөргийг зааж өгсөн байна. Фельдмаршал Барятинский тэр уулын хүнд алт шагнажээ. Хожим Шамилийг Калуга-д очоод байх үед тэр урвагч төрсөн гэртээ харьж ирсэнд эцэг нь: “Чи уулын хүн биш. Ер нь хүн биш, урвагч. Чи миний хүү биш” гэж хэлээд тэр хүүгээ алж, толгойг нь аваад мөнөөхөн алтны нь хамт хадан дээрээс гол руу хаяжээ. Тэгээд эцэг нь ч мөн төрөлх хот айлдаа суун, хүмүүсийн нүдэнд харагдаж зүрхлэхгүй болоод хүүгээсээ болж, ичихдээ холын хол явж сураггүй болжээ. Урвагчийн толгойг хаясан тэр газрын дэргэдүүр одоо хүртэл уулынхан явахдаа чулуу шиддэг” гэж найрагч бичжээ.

    Монголын газрыг гадаадынханд үе удам дамжин эзэмших бололцоо олгож буй хэн бүхэн, алтнаас Шамилийг худалдсан урвагчтай адил.

    Тэднийг үеийн үед урвагч гэж зүхэх болтугай. Тэдний үр хойчийг чулуугаар шидэх болтугай.

    Газрыг монгол хүний нэрээр харийнханд үүрд өмчлүүлэх, монголчуудыг гурав дахь үеэс нь эрлийзжүүлэх бодлого явуулж буй хүмүүст:
    “Чамд адуунаас ямар нэг юм байх шиг байна
    Чамд хониноос ямар нэг юм байх шиг байна
    Чамд элээнээс ямар нэг юм байх шиг байна
    Чамд үнээнээс ямар нэг юм байх шиг байна
    Чамд загаснаас ямар нэг юм байх шиг байна
    Эр зориг чинь харин хаа байна? Эрхэм нэр чинь харин хаа байна? Гэсэн алдарт шүлгийг сануулъя.

    Монголын газрыг гадаадынханд монгол хүний нэрээр өмчлүүлэх бололцоо олгож буй хэн бүхэн “хүнгүй хувцас байж чи, толгойгүй малгай байж чи” гэсэн уулынхны ардын яруу найрагчийн үгийг үхэн үхтлээ санаж явтугай.

    Алга дарам газрын төлөө
    – Нэг хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан юм бэ?
    – Хоёр айлын тариан талбайн хоорондох алга дарам газар, бяцхан хажуу, чулууны төлөө шүү дээ.
    – Зэргэлдээ хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан бэ?
    – Хот айлын дундах алга дарам газрын төлөө шүү дээ.
    – Дагестан бусад ард түмэнтэй юуны төлөө тулалдаж байсан бэ?
    – Дагестаны хил дээрх алга дарам газрын төлөө гэж Расул Гамзатов хариулжээ.

    Хэл, хил, мал гурав
    Өнө эртний хүмүүс агуйд галаа манадаг байсан. Өвөг дээдэс минь мянга мянган жил хилээ манаж ирсэн. Өнөөдөр ч үр ач нь манаж буй. Харин тэднийг дархан хилээ нүд чавчилгүй манаж байхад бид “хууль” нэртэй цаасан дээр хуудуутай хүмүүсийн балгаар “хилээ алдах” гээд байна. Хилчид хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй бол, хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүд нь хуулийн цоорхойгоор хил зөрчсөн “заалт” оруулж болохгүй /О.Д/

    “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ? Монгол ялагдахгүй” гэж төрийн соёрхолт зохиолч Зундуйн Доржийн хэлсэн үг нь 281-ийн холбооны мөнхийн уриа юм.

    Нарны гэрэл, агаар-хувийн өмч үү?
    Бурхан багш ч эд баялаг, хөрөнгө мөнгөөр шударга ёс үл тогтох тухай мөнхийн сургааль айлдсан.

    Гадаадынхан одоо бидэн рүү зэр зэвсгээр бус, мөнгөөр, “ардчилал”, “хүний эрх” гэдэг худал үгээр зэвсэглэн дайрч байна.

    -Гадаадынхан бидний гэрийг хоослон, бидний үр хүүхдийг цөлмөж, үр хойчийг минь зарц боолоо болгохоор “эрх чөлөө”, “тансаг амьдрал” гэдэг гоё үгээр зэвсэглэн дайрч байна. Монгол орон өрнөдийн замаар явбал түргэн үхнэ. Дорнодын замаар явбал түргэн уусна. Ард түмэн мэхлэгдэж, ноёлогч, эрх баригч хэсгийнхэн заль мэх, худал хуурмаг, эд хөрөнгөөр гуйвагч сэхээтнүүдийг оосорлож, дуртай зүг рүүгээ чирч байна.

    Аугаа их Толстойн “Сэхээрэл” романы гол баатар газрын эзний эрхээсээ татгалзан, газрыг тариачдад өгдөг. Ард түмнийхээ үгүйрэл хоосрол, зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгааныг Л.Толстой заахдаа, “Газрын эзэд нь тариачдаас газрыг нь булаан авсан явдал” гээд газрын эздийн газар эзэмшлийг устгах санал тавьж байв.

    “Нарны гэрэл, агаар хувийн өмч биш байдаг шиг, газрыг хувьдаа өмчилж, худалдах, худалдан авах зүйл болгох ёсгүй” гэж өөрөө газрын том эзэн байсан Л.Толстой хэлжээ. Түүний бодсоноор “хүн бүхэн газар эзэмших талаар ижил эрхтэй ч” газрыг хувьд өмчлүүлэхэд хэн нэг нь газраа худалдахаас өөр аргагүйд хүрч, хэн нэг нь худалдан авсаар газрын эзэд, тэдний мэдлийн тариачид буй болж, эцэстээ эзэн, боол, баян, ядуу, үгүйрэл хоосрол, ард түмний зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгаан болдог тул, газар өмчлөхийг устгах асуудал нь гол зүйл гэж үзэж байв. ХХ зууны эхээр болсон сүрт жагсаал, зэвсэгт бослого, тариачдын үймээнийг Толстой нэн сонирхож, эздийнхээ газрыг булааж авсан тариачдын тухай, “Тун зүйтэй. Тариачид хамгийнхаа чухал зүйлд оржээ” гэж Короленкод хэлж байв.

    Толстой нь Достоевскийтэй нийлж өөрийн суут авъяас билгээр бүх дэлхийг донсолго, “Европ дахины гайхан биширсэн анхаарлыг Орос орны зүг татсан”, “Толстойг мэдэхгүйгээр өөрийгөө соёлтой хүнд тооцож болохгүй” гэж М.Горький хэлсэн бол, Францын их зохиолч Нобелийн шагналт Ромен Роллан “XIX зууны бүх романуудаас давуутай, суут дурсгал” гэж “Дайн ба энх”, “Анна Каренина” романыг нь үнэлжээ. “Сэхээрэл” роман нь хэвлэгдээд жил хагасын хооронд дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж байсан энэ их хүнийг Махатма Ганди, Ги де Мопассан, Бернард Шоу, Анатоль Франс, Андре Моруа, Эрнест Хемингуй зэрэг дэлхийн олон их оюун ухаантнууд бишрэн хүндэлж, одоо ч түүнтэй эн зэрэгцэх гүн ухаантан, зохиолч өдрийн од шиг гэж дэлхий нийтээр үздэг. Гэтэл газрын эзэн, их зохиолч Л.Толстой газрын тухай ийм хатуу, зөв байр суурьтай байжээ.

    Газрыг өмчилнө гэдэг нь түүний жинхэнэ байдлыг заавал алдагдуулж, ямар нэг өөрчлөлт оруулж, физик болон байгалийн шинжийг нь эвддэг.

    Дэд бүтэц буй болгох, усжуулах систем нэвтрүүлэх, учир утгагүй байшин барилга барих болон газар өмчлөгч нь дурын хязгаарлалтгүй эрх эзэлж, үүгээрээ тариа ногоо тарих болон хөдөө аж ахуйн бусад зориулалт устаж, газрын жам ёсны үүрэг алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр, техник, бас бус байгууламжийн талбар болно.

    Газрыг өмчлөгч нь бусдад худалдах, түрээслүүлэх эрх эдэлснээр монгол нутгийн унаган төрх алдагдаж, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хохирол учирна.

    Хэн үүнийг турхирав
    Монгол Улсын Үндсэн хуулинд “Газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаанд өгөхгүй, арилжихгүй” гэдэг заалт бэлхнээ буй.

    Чухам эл заалтыг оруулах гэж 1991 оны эцсээр эхэлж 1992 оны хоёрдугаар сард 76 хоног хуралдаж, хэрэлдэж байж дууссан тэр үеийн Ардын Их Хурлын чуулганд депутат байсан миний бие “Бие даасан депутатуудын бүлэг” байгуулан хирдээ л тулалдсан билээ. Газраа гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гэснээрээ бид “фашит, нацит” гэдэг нэр хочийг ардчилагчид гэгчдээс хүртэж, тэр үедээ багагүй л хараалгаж зүхүүлж байсан.

    Харин одоо санахад нэг л юм ойлгогддоггүй юм. Чухам ямар санаатайгаар газрыг заавал гадаадынханд худалдаж, өмчлүүлэх гээд байв аа?

    Хэн үүнийг турхирв?… Жинхэнэ эзэд нь монголд байв уу? Эсхүл хилийн чандаас ийн удирдав уу? гэдэг нь хэзээ нэгэн цагт тодрох биз. Юутай ч гэсэн үндсэн хуулиар тэдний далд санаархал тас цохигдсон ч, газрыг гадаадыханд хугацаатай, төлбөртэйгөөр эзэмшүүлж, ашиглуулна гэдэг заалт орсон билээ. Үүнийг бид эсэргүүцээд хүч хүрээгүй билээ. Нөгөө талаас зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх үед гадаадын хөрөнгө оруулалтыг огт үгүйсгэж болохгүй байсан юм.

    Нэгэнт зах зээлийнг эдийн засагт шилжсэн гэх тул, эл заалтыг үндэслэн гадаадын иргэд, пүүс, компани хөрөнгө оруулалт хийх, бас бус зорилгоор Монголын газар нутгаас 60 жилийн хугацаатай түрээслэх, цаашилбал 40 жилээр сунгаж болох заалт өөр хуулинд орсон юм. Ер нь газрыг гадаадынханд урт хугацаагаар эзэмшүүлж ашиглуулах, түрээслүүлэх нь өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй, томоохон улс гүрнүүдийн хэрэг болохоос бус, манайх шиг бага буурай орны явдал биш гэдэг нь олон жишгээс харагдана.

    Хятад шиг тэрбум хүнтэй аугаа их гүрэн 99 жилээр Англид түрээслүүлсэн Хон-конгийг буцааж авах гэж хичнээн явдал болов доо? … Өргөн уудам нутагтай, хүн ам нь даан ч цөөхөн манай улс, газар нутгийнхаа бүх хэсэгт хяналт тогтоох ямар ч боломжгүй билээ. Хоёр сая монголчууд 100 жилээр эзэмшүүлэхээр харьд өгсөн газраа том гүрнүүдээс буцааж авах баталгаа байна уу? Газраа хувьд авсан хүн түүнийгээ хэнд панзалж, хэнд түрээсэлж, яаж арилжиж, хэрхэн ухуулж, төнхүүлж байгааг төр, ард түмэн хянах ямар ч боломж алга. Хянадаг хүн байлаа ч, түүнийг худалдаж авах мөн ч амархан шүү дээ.

    Дор хаяхад 20 сая хүн амтай, цаашилбал 100, түүнээс дээш сая хүн амтай улс орон л гадаадынханд газраа түрээслүүлдэг болохоос манайх шиг жижиг улс ийм алхам хийсэн дэлхийн жишиг алга.

    Өнөөдөр бид газраа гадаадынханд 60+40=100 жилээр түрээслүүлье? Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад ихэс дээдэс, Улсын Их Хурлын гишүүдээс 100 жилийн дараа амьд байх хүн бий юу?… Тэр үед дэлхийн явдал, хүчний харьцаа хаашаа эргэж, яаж ч хувирах билээ? Хэн мэднэ?

    Учир иймд “надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэх сэтгэлээр эх орондоо ханддаг хүмүүс, өөрийн өчүүхэн биеийг далайн хөөс, өөрийн өчүүхэн санааг зэрэглээ гэж бодож явалтай.

    Би, Монгол Улс газраа гадаадынханд огт түрээслүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж буй юм биш ээ. Гагцхүү нөхцөл байдал, цаг хугацаа, орон зай, бусад сөрөг нөлөөллийг сайтар тооцож, хүн ам маань 20 саяас доошгүй, улс орон маань ядахдаа өмнөд Солонгосын түвшинд хүрсэн цагт төр маань өөрөө, олон нийтийн нарийн хяналтын дор хугацаатай, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох юм гэж үздэг.

    Харин газрыг гадаадынханд худалдах, өмчлүүлх, барьцаанд өгөх, бэлгэнд өгөх, арилжих тухай ярьсан хүнийг бол үеийн үед хэлийг нь огтол, бодсон хүний толгойг нь авах болтугай. Тийм төмөр нүүртэй төр ирэх болтугай.

     

  • Хулгайч нар төрд үүрлэсэн юм бол улс орон өндийхгүй нь ойлгомжтой биш үү?

    Харин ард түмэн итгэлээ, хүлээлээ, тэвчлээ, цөхөрлөө. Одоо тэсрэх л үлдээд байх шиг байна. Бүхэл бүтэн хагас жаран өнгөрчихөөд байна шүү дээ.

    Ард түмний төлөөлөл АИХ-ын 450 депутатын баталсан 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хуулийн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх тухай онцгой заалтыг суурь утгаар нь хэрэгжүүлэх талаар дорвитой зүйл тун бага хийжээ. Үүнийхээ төлөө явсан бол ард түмний амьдрал 30 жилийн өмнөхөөс дор орох уу? Маргах хүн байвал захын хорооллуудаар яваад үз. Талхыг таллаж, ургамлыг тосыг граммлаж, төмсийг ширхэглэж авах хэмжээнд очтолоо олон хүний амьдрал доройтжээ. Өвлийн хүйтэнд дайрч бээрсэндээ юу ч хамаагүй түлж умгар муу гэрээ дулаацуулах өрхийн тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Бараг 20-иод жилийн өмнө баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, утааг бууруулах чиглэлээр өлгөөд авчихмаар юу хийв? Ажлын байр нэмэгдэж байгаа талаар амаа олохгүй бурж, өөрсдийгөө сайн ажиллаж байгаагаа сайрхан магтаагүй Засгийн газар байхгүй дээ. Үнэндээ ажлын байр нэмэгдсэн юм бол яагаад ядуурал буурахгүй байна вэ? Албан тушаалтнуудын хий хоосон ярианаас илүү “Ажилтай хүн орлоготой. Орлоготой хүн хоосон хонохгүй” гэдэг тэр логикоор асуудлыг онцолж харах цаг болжээ.
    Айл гэрийн өнгөтэй өөдтэй явах нь шууд л гэрийн эзнээс хамаардаг. Эцэг хүн өрх бүлийнхээ уураг тархи, оюун санааны төв нь байх ёстой. Тэгж чадахгүй бол тухайн айлын амьдрал ямар байх нь дэндүү тодорхой. Уураг тархи амьдралаа удирдах хэмжээнд зөв ажиллахгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Түүнтэй яг адилхан төрийн эрх мэдэлтнүүд энэ улсын эцэг нь, бас уураг тархи, сэтгэл зүрх нь. Гэтэл мань томчууд ухаан бодол, сэтгэл оюунаа ард түмэндээ хангалттай үнэнчээр зориулж чадаагүйг өнөөгийн саарал нийгмийн бараан амьдрал харуулж байна. Яавал ард түмэнд таалагдах үг хэлж, үйлдэл хийх вэ гэдэг популист эрх ашиг томчуудын хөлийг тушаад байгаа нь нэг талаас нууц биш. Одоо ийм хандлагаа өөрчилж, нүдээ нээ! Сонгуулиас сонгуулийн хооронд МАН, АН-ыг ээлжлэн сонгож ирсэн нь ард түмэн туйлбаргүйдээ биш илүү өөрийг хүссэндээ л тэр гэдгийг ухаар! Дэлхийн хөгжил цагаар биш бараг л минутаар яригдаж, хөгжингүй оронд 70-аас дээш насныхныг өндөр настанд тооцох талаар ярьж эхлээд байхад бид өнөөх л утаагаа ярьж, өдөр хоногийн хоолны хэрүүлээ хийсээр л байна. Хүний хөгжлөө нэгдүгээрт тавьдаг улс орон цэцэглэн манддаг гэдгийг хэзээ ухаарч амин хувийн эрх ашгаа хойш тавих юм бэ?
    Улс орны эдийн засаг сульдаж, өр зээл тамтгаа алдсан талаар шийдвэр гаргагчид ярихдаа өмнөх эрх баригчдаа буруутгадаг жишиг тогтлоо. 1998 онд Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрийг баталж, төр засгийн бодлогын залгамж чанарын талаар ярьдаг хэрнээ сонгуульд ялсан намын бодлого л бүхнийг тодорхойлж ирлээ. Тогтвортой хөгжлийн асуудал сайхан зан нь хөдлөхөөр л хааяа дурсаад өнгөрдөг бэлэг тэмдэг төдий зүйл биш шүү дээ. Эрдэм боловсролтой нь биш эд хөрөнгөтэй нь өндөр сэнтийд залардаг сөрөг жишиг хэдийнэ тогтож үр дагавар нь бүлэглэл хоорондын дайнаар илрэх шинжтэй. Ийм мафижсан тогтолцоог өөрчлөхгүйгээр дахиад 30 жил өнгөрөхөд бүх зүйл бахь байдагтаа байх нь. Магадгүй тухайн үед улсын маань хувь заяа хаашаа эргэсэн байхыг хэлж мэдэхгүй.

    Яг ямар салбараа дэмжин мөнгө босгож бусад секторуудаа тэтгэх талаар чухам хэний Засгийн газар тоймтой зүйл ярьж байсныг үнэндээ шуудхан хэлэхэд хэцүү юм. Салбарын эрдэмтэн мэргэд, судлаач, мэргэжилтнүүдийн ярьж хэлж ирснээс иш татвал их мөнгө уг нь уул уурхайд л байна.

    1996 онд Ерөнхий сайдаар томилогдсон М.Энхсайхан эдийн засгийг либералчлах асуудлыг хөндөж, улмаар тухайн үеийн УИХ Ашигт малтмалын тухай анхны хуулийг баталж билээ. Үр дүнд нь уул уурхайн салбарт гадаад, дотоод хөрөнгө оруулалт нэвтэрч, улсын төсөвт орж ирэх мөнгөний хэмжээ ч нэмэгдсэн гэдэг. Ямар ч байсан уул уурхай хөдөлгөөнд орж эхэлснээр төсвийнхний, ялангуяа эмч, багш нарын цалинг цагт нь тавихтайгаа болсныг үгүйсгэхгүй. Гэхдээ төр засгийн уул уурхайд баримтлах бодлого цэгцтэй бус, ойлгомжгүй байснаас салбарынх нь нэр хүндийг унагаах үзэгдэл гарч, энэ нь Ашигт малтмалын тухай болон бусад дагалдах хууль, тогтоомжуудад үе үе өөрчлөлт оруулах хэмжээнд хүргэсэн юм. Төр засаг нь тогтворгүй, хууль эрхзүйн таатай бус орчин хөрөнгө оруулагчдыг “шүүрдэж” эхэлсэн талаар захын геологич ярьж байна. Уул уурхай бол тэргүүлэх салбар гэж дээдэлдэг хэрнээ төрөөс дэмжих тал дээр учир дутагдалтай явж ирсэнийг харамсан шүүмжилж байна. Уул уурхайгаа зөв гольдирлоор нь хөгжүүлээд, орж ирэх мөнгөөр нь бусад салбараа тэтгэж хөгжүүлье гэдэг санааг мэргэжилтнүүд гаргадаг ч дээр очоод л унтарчихдаг бололтой юм. Бизнесмэнүүд төрд гарч улстөрийн бодлого боловсруулаад байхаар уул уурхай яаж зөв зарчмаар хөгжиж, баялагийн зөв хуваарилалтын тухай ярих билээ. Боломж муутай л харагдаад байгаа юм даа.

    Албан тушаалтнуудын хувьд ард олон, ялангуяа орон нутгийн иргэдийн дургүйцлийн нөлөөгөөр тэдэнд таалагдахын тулд уул уурхайг үзэх үзэл хандлагаа яаж л бол яаж өөрчилдөг. Үнэхээр байгалийн баялгаа ашиглаж хуримтлал үүсгэхгүй гэвэл өөр ямар салбараа хөгжүүлж, эдийн засгаа тэтгэх вэ гэхээр дээрээс бас л тоймтой зүйл үл сонсогдоно. Уг нь судлаач, эрдэмтдийн яриад байгаа шинжлэх ухааны үндэслэлтэй гаргалгаануудыг урт хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон ашиглах цаг хэдийнэ болсон шүү дээ. Дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан эдийн засагч Намжилдоржийн Энхбаяртай 2016 онд болсон Монголын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ярилцахад “Энэтхэг, Бангладеш, Вьетнам, Филиппин зэрэг орнууд хөгжлийн харьцангуй зөв чиглэлээр явж байгаа гэж бид ойлгож байгаа. Саяхан УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлого урт хугацааны тогтвортой бодлого байх ёстой. Манай нэг төрлийн түүхий эд дээр тулгуурласан эдийн засаг гадаад зах зээлээс маш их хамааралтай. Цаашдаа эдийн засгаа тогтворжуулах тэр арга замыг бодож олох ёстой. Хөгжлийн бодлогодоо тавьж буй гол зорилго бол уул уурхайн салбартай дүйцэхүйц шинэ салбарыг илүү түлхүү хөгжүүлэх нь зөв гэдэг чиглэл рүү хандах ёстой. Манай эрдэмтэн судлаачид хөдөө аж ахуйн салбарыг аж үйлдвэрийн салбартай хослуулж хөгжүүлэх нь зөв гэж харж байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулаад аж үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн, тэр тусмаа өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүн гаргаж байгаа улс орон олон байна. Тухайлбал, Чили улс өмнө нь хөгжүүлж байгаагүй хөдөө аж ахуйн салбарыг шинээр бий болгоод, огт үржүүлж байгаагүй загас үржүүлж экспортод гаргаж байна. Ойрх Дорнод Ирак улс гэхэд хилим загасыг үржүүлээд экспортод гаргаж байна шүү дээ. Ийм боломж бидэнд ч хангалттай бий” хэмээн шинэ соргог санаа хэлж байсныг энд зориуд дурдахад илүүдэхгүй. Ингээд бодоод байхаар эдийн засгаа хөгжүүлэх нэгдсэн нэг том хөтөлбөртэй болохгүйгээр урагшаа явахгүй нь тодорхой болжээ.
    Хамгийн харамсалтай нь тэртээ 1990 оны шинжилтийн гэгдэх үед яригдаж байсан эдийн засаг, нийгмийн хямрал өнөөдөр ч үргэлжилж байна.

    Үүнийг авлига хээл хахууль, хууль бус хувьчлал, тендерийн луйвар, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлүүд шил шилээ даран сөхөгдөж байгаатай холбож үзэхээс өөр аргагүй. Төрийн түшээд, албан тушаалтнууд нэг нэгнээ хулгайч хэмээн цоллох нь хэвийн үзэгдэл боллоо. Хулгайч нар төрд үүрлэсэн юм бол улс орон, ард түмэн өндийхгүй нь ойлгомжтой биш үү?

    Дажсүрэнгийн Лхагвадорж

  • ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ.1

    “Халх голын дайны түүхийн судалгаа, Баримт ба газар орон” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд МБНЭ-иын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцсон байна.

    Олон улсын эрдэм шинжилгээний хуралд И.В.Сеченов ахлагчтай ОХУ-ын төлөөлөгчид, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны намын хорооны зөвлөх Гү Мандал тэргүүтэй төлөөлөгчид, Танака Кацухико тэргүүтэй Японы төлөөлөгчид оролцсон байна.

    Үндсэн илтгэлийг “Халх голын дайны түүхийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа С.Ганболд тавьлаа.

    “МАХЦ-т ажиллаж байсан сургагч нарын тухай” ОХУ-ын судлаач, Ю.М.Свойский, “Номун хааны дайны газрын нэрний тухай” БНХАУ-ын түүхч, Номун ханы түүх судлалын төвийн дарга Шу Чан Жианг, “Манцуур дахь хилийн хэлэлцээрт оролцсон БНМАУ-ын толгойлогчдын хувь заяа” Танака Кацухико доктор, профессор, “Халх голын дайнд П.Чогдонгийн удирдсан 7 дугаар заставын гүйцэтгэсэн үүрэг” ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд, “Манж-Го –ийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байсан “номхотгон тайвшруулагч армийн тухай” И.В.Сеченов, “Халх голын дайны үед Хятадаас Япон, Орост явуулсан тагнуулын ажил” Япон улсын Шова их сургуулийн доктор Б.Хүсэл, “Номун ханы дайны эхлэл болсон маргааны тухай” БНХАУ-ын түүхч Баваасан, “халх голын дайнд хилийн 0132 дугаар ангийн гүйцэтгэсэн үүрэг” Хийлийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайхан, “Японы армийн байлдааны ажиллагаа газрын зураг дээр” Япон улсын судлаач Охари Каздутоси нарилтгэл тавьж оролцлоо.

    Мөн 12 эрдэмтэн судлаач өөрсдийн судалгааны бүтээлээс илтгэл тавьж оролцлоо. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үер МБНЭ-ийн төлөөлөгчид Халх голын ялалтын музейг үзэж сонирхолоо.
    Я.Мөнгөнөө

    djmedia:254
  • МБНЭ-д хандагсдын тоо эрс нэмэгдэв.

    МБНЭ-ийн төв байр ес, аравдугаар сард хүний хөдөлгөөн ихтэй байлаа. МБНЭ-д хандагсадын тоо долоо хоногт дундажаар 1000-1300 орчим байна. Тиймээс тэдэнтэй харьцахад багагүй цаг зарцуулж байна. МБНЭ нь үйл ажиллагаа явуулах аппаратгүй, нэг хүн орон тоогоор, нэг оуютан хичээлийн бус цагаар ажиллаж энэ их ажлыг амжуулж байна. Тэдний дийлэнх нь цахим хэлбэрээр харьцаж, хариулт өгч, хамтран ажиллаж байна. Бидэнд хандагсадын ихэнх нь Мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчид, энэ үзлийг сонирхогч иргэд хандаж байна. Тэдний дийлэнх нь залуучууд байна.
    Өвлийн улирал эхлэхээр МБНЭ-ийн Дээд зөвлөлийн гишүүд суурин байдаг болохоор сургалт, ярилцлага, хурал зөвлөгөөн хийх боломжтой байдаг. Мөн МБНЭ-ийн дотоод ажлуудад идэвхтэй оролцох боломжтой болдог. Одоо МБНЭ дээр гишүүдээ 15-20 хүнтэй бүлгүүдэд хувааж уулзалт хийж ирэх жилийн ажлаа ярилцаж санал бодлыг нь сонсож байна. Мөн МБНЭ-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах санал авч байна.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдээс 2014 онд Мөнх тэнгэрийн үйлд идэвхтэй оролцсон гишүүдийн санал авч шагналд тодорхойлох ажлууд хийгдэж байна.
    Д.Төмөрөө

  • АНУ-ын Элчин сайд Майкл Клечески УИХ-ын сонгуульд ажиглагчаар оролцох хүсэлтээ илэрхийллээ

    Ноён Майкл Клечески цар тахлын үед УИХ-ын сонгуулийг хэрхэн зохион байгуулж байгаа тухай, санал өгөх шат дамжлага ямар байх, сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, гадаадад байгаа иргэд саналаа өгөх эсэх, тусгаарлагдсан сонгогчид хэрхэн саналаа өгөх, сонгуулийн ирц хүрэх эсэх, гадаадын ажиглагчид хэрхэн оролцох, Монгол дахь дипломат төлөөлөгчдийн газрынхан ажиглалт хийж болох эсэх, ер нь сонгуулийн үйл ажиллагааг ажиглахад юунд анхаарах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн хамтарч ажиллаж болох, юунд анхаарах зэрэг олон асуудлаар сонирхон ярилцлаа.
    Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ “УИХ-ын 2020 оны сонгууль цар тахлын үед болж байгаа учраас Улсын онцгой комиссоос гаргаж байгаа заавар зөвлөмжүүдийг чанд баримтлан ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт хуулинд орсон. Үүний дагуу мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагууд тодорхой хяналт, хязгаарлалт хийх талаар заасан. Үүний дагуу технологийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. Харин зөрчил гарсан тохиолдолд цагдаа, тагнуулын байгууллага хариуцлага тооцож ажиллана. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Хуулийн дагуу хэрвээ санал хураалтын ирц 50 хувьдаа хүрэхгүй бол ирц хүрээгүй тойргийн тухайн хэсгүүд дээр нь нэмэлт санал хураалт явуулдаг журамтай.
    Гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч нарын хувьд гадаад улсын иргэд ирэх боломжгүй болсон учраас манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөллүүдийг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа. Ажиглахыг хүссэн гадаадын ажиглагчид манай Хороонд хүсэлтээ гаргах боломжтой. Сонгогчдын боловсролын хувьд харьцангүй байна. Бид энэ тал дээр цаашид Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна” гэв.
    Ноён Майкл Клечески хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд “Миний хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаа. Бусад гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудын хувьд тодорхой болоогүй байна. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар таны гаргаж байгаа хамтран ажиллах саналыг хүлээн авч байна. АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс ирэх 10 дугаар сараас Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжинэ. Энэ хүрээнд хамтарч ажиллаж болно” гэв.
    Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Андреа Гүүдмэн, Улс төрийн хэлтсийн ажилтан Г. Золбоо нар оролцлоо.