ОХУ-Монгол Улсын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Дорнод аймгийн Чойбалсан хотын Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд хоёр орны 1500 гаруй цэргийн алба хаагчид оролцож, 8 дугаар сарын 27-ны өдөр байлдааны буудлагатай хамтарсан цэргийн сургуулилт үзүүлсэн.
Энэ жилийн сургуулилт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийгдэж буйгаараа онцлог юм. Үйл ажиллагаанд БХЯ-ны дэд сайд Дуламжав, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол Улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич, аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга Бадамсүрэн болон албаны удирдлагууд оролцсон.
Хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах тактикийн ажиллагаа явууллаа. Улаан дарцаг өргөгдөж, бүрээгээр дохио өгөгдсөнөөр байлдааны буудлагатай хээрийн сургууль эхэллээ. Галын шугам дээр утаа суунаглаж байлдааны ажиллагаа эхэлснийг тунхаглав. Дайсны дайралтыг шургуу шуурган галаар цохилт өгч байлдааны ажиллагаа эхэллээ. Алсын зайнаас айсуу яваа дайсны довтолгоонд артиллерийн их бууны цохилт өглөө.
Агаараар нисдэг тэрэгнүүд дүүлэн нисч дайсны гол цэгүүдэд цохилт өгч эхэллээ. Танк болон байлдааны хуягт машинууд окопноос ээлжлэн гарч хүчтэй цохилтууд өгч байлаа. Мөн ар талаас хүч нэмэгдүүлсэн танк болон БМП, артиллерийн чиг харааны хэрэгслүүдээр цохилт өгч эхэлсэн.
Улмаар дайсны дайралтыг няцаалт өгсөны дараа хариу цохилт өгч сөрөг дайралт хийж эхэллээ. Гүнээс нэмэлт хүчээр ирж буй дайсны хүчинд “Катюш”-ийн цохилтоор няцаалт өгч, улмаар манай хамтарсан хүчин довтолгооноо эрчимжүүлэн дайсныг бүрэн цохисноор ээлжит байлдааны буудлагатай сургууль өмнөх зорилтоо биелүүлж амжилттай дуусгалаа.
Байлдааны буудлагыг сонирхож байсан дорнодчууд ар талд тавьсан хязгаарыг сад тавин урагшилж, удирдлагын байрны харалдаа ирж үйл ажиллагааг үзсэн билээ. Цаашдаа олон нийтэд үзүүлж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийн үед нийтийг хамарсан аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал тавих шаардлагатай болсоныг энэ үйл ажиллагаа харуулсан.
Category: Мэдээ, мэдээлэл
-
Гурав. Хамтарсан хээрийн сургууль боллоо.

Дөрөв. Их ялалтын ойг тэмдэглэж буй Чойбалсан хот.
Шөнийн Чойбалсан хот гэрлэг чимгэлээр өвөрмөц сайхан харагдаж байлаа. Монгол цэргийн ялалтын хөшөөнөөс эхлэн баярын өнгө сэтгэгдлийг сэргээнэ. Өнгөрсөн жилүүдэд хот цөөнгүй шинэ барилгаар өргөжин тэлжээ.
Халх голын дайны дайны үед Чойбалсан хот цэргийн байлдааны ажиллагааны чухал төв байсан юм. Японы цэргийн агаарын цохилтод өртөж байсны тэмдэг болгож босгосон хөшөө Чойбалсан хотын хуучин төв хэсэгт өнөөдөр өнгөрсөн түүхийг бидэнд сануулах мэт харагддаг.
Чойбалсан хот нь засаг захиргааны нэгж Хэрлэн сум, сум нь 10 багтай, 12,0 мянган өрх, 41,7 мянган хүн амтай, нийт хүн амын 48 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд амьдардаг. Чойбалсан хотын хэмжээнд 2010 оны байдлаар 5 давхар тохилог орон сууц 56 байна. Мөн Дорнод Монголын дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Шаталсан сургалттай Техник технологийн сургуульд /ШСТТС/2600 гаруй оюутан,сурагчид суралцаж, ажиллах хүчин бэлтгэж байна. Үүнээс гадна соёл урлаг, спортын байгууллагууд болох Музей /байгалийн болон уран зургийн/, Хөгжимт Драмын театр, Дамдинсүрэнгийн нэрэмжит төв Номын сан, Спортын ордон /баригдаж байгаа/ зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Тус хотод Дулааны цахилгаан станц, Адуунчулууны нүүрсний уурхай, “Дорнод” мах импекс, савангийн үйлдвэр, “Дорнод” гурилын үйлдвэр зэрэг томоохон үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний зэрэгцээ хүнс, оёдол, арьс шир, модны чиглэлийн олон жижиг дунд үйлдвэр, 1000 орчим худалдаа, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.




