Category: Мэдээ, мэдээлэл

  • АНУ-ЫН БӨӨГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛД ИРЛЭЭ

     

    АНУ-ын бөө Сабо нар нь хоёр дахь удаагаа Монгол бөөгөөр зан үйл хийлгэх хүсэлтийг тавьсан байна. Уг хүсэлтийн дагуу Америк иргэдийг Монгол бөөгийн удган Ө-д хувиарлан үйлчилгээ үзүүлсэн байна. Гэтэл удганы нөхөр хэмээх Т гэгч архидан согтуурч, өнөөх АНУ-ын бөөгийн нүдэн дээр удганаа зодож, зам дээр орхиж, Монголынхоо нэр төрийг уландаа гишгэсэн “гутамшигт” үйлдэл гаргасан байна.

    МБНЭ-ээс хүсэлт тавьж хандсан удганы нөхрийн гаргасан зан үйл нь бидний итгэлийг хөсөрдүүлсэн, дахин давтагдаж болохгүй ноцтой үйлдэл байлаа. Бид болсон үйл явдлыг ил тод бичих болсон нь Монголын бөө нарт байгаа нэр төрөө боддоггүй, амиа хичээсэн хүмүүсийг бичиж байхгүй бол МБНЭ-д буруугаа тохоод өөр байгууллага руу явах тохиолдол ихэссэнтэй холбоотой юм. Тиймээс цаашид болохгүй байгаа зүйлийг нэр устай нь ил тод бичиж байх болно.

    АНУ-ын бөө нар МБНЭ болон Монгол бөөтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар тохиролцоод нутаг буцсан байна.

  • Чөтгөрөөс жирэмсэлсэн эмэгтэйн “хүүхэд”-д өөх үмхүүлж тонилгожээ

    Энэ сумын Бөөрөг багт Лувсанжав гэдэг өвгөжөөр хүн байдаг байжээ. Гурван хүүхэдтэй бөгөөд хоёр нь өрх тусгаарлаж одсон учраас эмгэн болон нэгэн маанаг охинтойгоо гурвуулаа амь зууж байлаа. Маанаг охины нэр уг нь Гангаамаа боловч Зурмаа гэж нэрлэжээ. Яагаад гэвэл түүний үүдэн шүд нь дорсгой бөгөөд шав шар. Яг л зурам шиг харагддаг учраас хавь ойрынх нь хүмүүс зурам гэж байснаа Зурмаа болгон дуудах болжээ. Үнэндээ энэ бүсгүй нас нь 19 хүрч яваа боловч оюун ухаан нь балчир хүүхэд шиг. Ер нь л төрөлхийн сэтгэц нь таруухан нэгэн байж л дээ. Тэр ямар ч байсан зөн совингоороо өөрийнх нь үеийн охид хүүхнүүд нөхөрт гаран үр хүүхэд төрүүлж байгааг мэдрэн атаархдаг байсан нь бас чиг бүр таг амьтан гэж хэлэхэд хэцүү.

    Тиймээс ч ус голынхоо сайхан залуусыг өөртэйгөө холбож ярих бөгөөд гэдсэндээ хувцас чихчихээд жирэмсэн болчихлоо гэж ярих нь инээдтэй гэхээсээ илүү өрөвдөлтэй харагддаг байжээ. Тэрээр нэгэнтээ ус голдоо л сайхан нэгддэг сумын заан Дамбаа гэгч ойворгон эрд дурлаж орхижээ. Ингээд л орсон гарсан хүн болгонд Дамбаатай суух гэж буйгаа ярин хувцас чихчихсэн гэдсээ заан түүний хүүхэд хэмээн ярих бөлгөө. Үүнээс болоод Дамбаа заан их л бухимдуу явах болов. Учир нь үеийнх нь хүүхнүүд түүнийг
    – Дамбаа! Чи яахлаараа Зурмааг маанаг тэнэгээр нь далимдуулж ашиглаж байгаа юм. Чи зүгээргүй л болоод тэр ийм юм ярьж яваа гэж цаашлуулах юм уу, эсвэл Дамбаа намайг хойд толгойн орой дээр гаргаж өмд шувтлан боовоо шургуулсан гэдэг үг зааж өгснөөр бүр ч онигоонд оруулжээ. Үүнд уурсаж бухимдаж явсан Дамбаа нэгэн өдөр Лувсанжав гуайн хотонд буугаад морджээ. Түүнийг уяан дээр бууж байхыг харсан Зурмаа
    – Дамбаа чи бид хоёр шинэ гэр барьж хуримаа хийх гэж байгаа, тийм ээ гэсээр гүйн хүрчээ. Дамбаа түүнийг загнаад нэмэргүй гэдгийг сайн ойлгож байсан учраас аргалахаар шийджээ.

    Тэгээд
    – Зурмаа! гэтэл
    – Өөв
    – Би чамаас өөр эхнэр авах гэж байгаа
    – Яалаа гэж дээ. Би чиний эхнэр болно.
    – За яахав. Би өөр эхнэр авах гэж байгаа юм чинь Зурмаагаа сайхан залуутай суулгана аа.
    – Хаана байгаа юм? Тэр сайхан залуу чинь.
    – Согоотын өвөрт
    – Тэнд чинь дандаа үхсэн хүн байдаг ш дээ гэж Зурмаа хэллээ. Үнэхээр ч Согоотын өвөр хэмээх газар энэ нутгийнхан үхэгсэдээ оршуулдагийг элий балай Зурмаа ч хүртэл андахгүй мэддэг байв.
    – Чи үхсэн хүнээс айдаг юм уу?

    Зурмаа
    – Үгүй л дээ.
    – Согоотын өвөрт шөнө очихоор сайхан залуу явж байдаг юм. Тэр ч чиний нөхөр болно.
    – Худал хэлээд л
    – Үгүй гэм. Тэгвэл чи сайхан залуутай суухгүй дээ. Харин чи энэ тухай хүнд хэлэв ээ
    – Би очиж харнаа. Үнэхээр сайхан залуу байвал би сууна.
    Энэ хоёрын дунд ийм яриа болсныг хэн ч сонссонгүй. Үнэндээ яагаад ийм үг хэлснээ Дамбаа сайн ойлгохгүй байлаа. Тэр гэрийн зүг гэлдрүүлж явахдаа “Хөөрхий арай л дэндүүлж орхив уу даа” гэж бодсоноо тэр хавиар чоно элбэгшиж буйг санаад дотор нь зарсхийв. Гэвч галзуу хүүхэн хүчиндсэн гэдэг бузар нэрнээсээ салж байгаадаа баярлаж ор тас мартаж орхижээ.

    Харин Зурмаа энэ үеэс эхлэн шал өөр хүн болжээ. Залуус
    – За Дамбаа та хоёр хэзээ хуримлах гэж байна даа? хэмээн тохуурхахад
    – Бид хоёр больсон ш дээ. Харин би өөр сайхан залуутай суух гэж байгаа. Би хэнд ч хэлэхгүй хэмээн тас намжирдаж олны инээдийг хүргэнэ. Гурав хоногийн дараа оройн саальны дараагаар Зурмаа гэртээ орж ирсэнгүй. Хажуу айлд тоглож байгаа биз гэж бодоод аав, ээж нь ч анзаарсангүй. Гэвч өглөө сэрэхдээ Зурмааг байхгүйг олж мэдээд бөөн эрэл сурал болж. Хажуу айлд ч хоносонгүй. Ах, эгчийндээ очиж хоносон байх гэж бодоцгоогоод хүүхэд мордуулан хэл ус авалцсан болов сураг гарсангүй.

    Харин нөгөөдөр нь малын эрэлд явж байсан хүн сураг гаргажээ. Уг хүн Согоотын өвөрт явж байгаад Зурмааг шарил дундуур тэнэж явааг харсан байна. Ингээд л гэрийнхэн нь тийшээгээ мордоцгоожээ. Хүмүүсийг очиход Зурмаагийн ам нь хатаад омголтчихсон хэн нэгнийг хайж явлаа. Чухам юу хийж явааг нь асуухад нөхөр болох хүнээ хайж явна гэж хэлсэн агаад гэрээдээ буцахгүй хэмээн орилж чарлажээ. Гэвч түүнийг хүчээр авч ирсэн нь ойлгомжтой. Ирсэн хойно нь чихэр боов өгөн аргадаж байгаад чухам юу болсныг яриулж дөнгөжээ. Тэрээр Дамбаа заан нөхөр болох хүн нь Согоотын өврийн оршуулгын газар байдгийг зааж өгснийг ч хэлсэн төдийгүй болсон явдлыг ярьсан нь олныг гайхашруулан алмайруулжээ. Зурмаа тэр үдэш сэмхэн явж Согоотын өвөрт очсон аж. Тэгээд ч тэднийхээс арваадхан километр зайтай учраас тэр дорхноо л очсон байна. Түүнийг тэнд очоод зогсож байтал биенээсээ хөх гэрэл цацруулсан нүцгэн эр ирсэн нь Дамба заанаас ч илүү том биетэй байсан гэнэ. Тэр эр түүнийг шөнөжин эдлэж хоночихоод үүр цайхаар яваад алга болчихжээ.

    Харин маргааш шөнө нь дахиж ирсэнгүй. Ингээд түүнийгээ хайн бэдэрч яваа аж. Үнэндээ түүний үгийг хэн ч тоосонгүй. Харин хэн нэг нь түүний хормой цустай байхыг харжээ. Ингээд л бөөн яриа өрнөв. Дамбаа заан Зурмааг ашиглахын тулд Согоотын өвөрт нүцгэлээд зүсээ хувиргаж зогсож байсан болоод явчихав. Ингэж Дамбаа бүр ч онигоонд орох нь тэр. Үнэхээр ч хоног сар улирах тусам Зурмаагийн гэдэс томорч эхэллээ. Олон түмэн ч хүүхдийн эцэг нь Дамбаа гэсэн яриаг тараажээ. Ингээд Дамбаагаас жигшсэн хүүхнүүд түүнийг хавьтуулахаа больжээ.

    …Төрөх цаг нь нэгэнт болсон болохоор Зурмаа дуншиж өвдөж эхэллээ. Ээж нь эх барихаар болж Зурмааг араг түшүүлжээ. Хүүхэд часхийн орилж өлгийдөх болоход эх барьж байсан эмгэн “еэ бурхан минь” гэж шивэгнэн өвгөнөө дууджээ. Ер бусын сонин хүүхэд төрсөн байлаа. Цав цагаан намирсан үс, амаараа дүүрэн шүдтэй агаад хоёр цагаан соёо амнаас нь цухуйж байжээ. Ингээд л ламын эрэлд гарч хэлмэгдлээс сугарч хоцроод байсан Намжил гэгч өвгөнийг залжээ.

    Сайхь өвгөн лам хүүг хараад
    – Энэ чинь хүүхэд биш үүхэд байна ш дээ гэж дуу алджээ. Үнэхээр ч хүүгийн уруул дээрх ховил буюу “хүн” алга байлаа. (Чөтгөрийн үрийг Үүхэд хэмээн нэрлэдэг). Өвгөн ламын заавраар үүхдэд өөх үмхүүлэн тонилгож Согоотын өвөрт булуулжээ. Харин эх нь уйлан хайлсаар удалгүй хорвоог орхисон гэдэг. Энэ цагаас хойш Согоотын өвөрт эх, хүү хоёрын сүнс үзэгддэг болсон гэнэ. Харин Дамбаа энэ бүхнээс гутран гуньж архинд ороод үхсэн гэдэг.

  • Цагаан даваан дээр биегүй толгой тас тас хөхрөн инээх болов

    Цагаан давааны хог дээр ногоон хурганы арьс нохойн битүү туурайнаас бусад нь байдаг хэмээн зарим хог түүдэг хүмүүс ярилцдаг юм билээ. Үнэхээр ч хааяа нэг цогцос олдох нь энүүхэнд аж.

    Тиймээс хог түүгчид чөтгөртэй болсон гэж ярих болжээ. Саяхан Долоон буудалд амьдардаг Санжид гэгч эр согтож унаад нөхдөөсөө хоцорчихсон аж. Харуй бүрий болох үеэр сэргэн босч иртэл дэргэд нь хүний толгой тас тас хөхөрч байсан гэнэ.

    Ингээд ухаан жолоогүй зугтсан аж. Маргааш өглөө нь ирэхэд үнэхээр хүний толгой байсан гэнэ шүү. Түүнээс хойш хог түүгчид оройтхоосоо айх болжээ.

  • Бөөгийн “Хаан тэнгэр” байгууллагаар зочиллоо

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-ын ялалтын 70 жилийн баярт оролцохоор очихдоо Буриадын “Хаан тэнгэр” байгууллагын чанарт оролцож, үйл ажиллагаатай танилцах боломж олдсон билээ.
    Түүнээс хойш 3 жил өнгөрчээ. ОХУ-ын Буриад Улсын засгийн газраас үндэсний бөө, мөргөлд ач холбогдол өгч, бөөгийн байгууллагад газар олгож, жил бүр санхүүжилт өгч, Бөөгийн төв ордон байгуулж дуусч байна. Удахгүй нээлтээ хийх бөгөөд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг нээлтийн ажиллагаанд урьж байлаа.
    Буриад бөөгийн “Хаан тэнгэр” байгууллагын тэргүүн Цэрэндоржаев МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд буриадын бөөгийн хөгжил, үйл явцаар дэлэгрэнгүй танилцуулж, хийж байгаа бүтээн байгуулалтын талаар газар дээр нь үзүүлсэн байна.
    Д.Хүрэлбаатар

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай тав дахь уулзалтаа хийлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын ээлжит тав дахь уулзалт болж, Монголын бөө нарын зохион байгуулсан ажлууд, гадаад хамтын ажиллагааны талаар дэлэгрэнгүй мэдээлэл хийлээ.
    Монголын бөөгийн “Язгуур шүтээн” байгууллагаас анх удаа томоохон наадам, Галын тахилга хийсэн тухай танилцуулав.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь өөрсдийн хүсэлтийн дагуу АНУ, Канад, Герман, Казакстан, Белорус, Финдланд, Эстон, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчидтэй уулзжээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын үндэсний наадам, баярыг тохиолдуулан төрийн дээд шагналаар зарим Улаач нарыг шагнуулах асуудал дэвшүүлсэн боловч үр дүнгүй байгаа талаар хэллээ.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан шашины байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө. Буддагийн шашинтай хамтарсан хурал хийх талаар санал дэвшүүллээ. Уг асуудлыг МБНЭ-ийн ДЦХ-аар хэлэлцэж хариу өгөх болно.

     

  • ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монголын ард түмэнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн захидал ирүүлжээ.

    Захидалд: 

    Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө,

    Монгол Улсын Үндэсний их баяр наадам болоод Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

    Баялаг түүхт Орос, Монголын харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу эрчтэй хөгжиж байна. Саяхан Чиндао хотноо болсон бидний уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны хэрэгжилт нь хоёр талын ажил хэрэгч харилцааг цаашид цогцоор нь өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна. Энэ нь манай орнуудын найрсаг ард түмнүүдийн ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн тогтовортой болоод аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нь эргэлзээгүй юм.

    Танд эрүүл энх, амжилтыг, Монгол Улсын иргэдэд хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

    Хүндэтгэсэн, В.ПУТИН” гэжээ.

  • Байгалын ер бусын үзэгдэл Бразилчуудыг гайхшруулжээ

     

    Бразилийн Санта-Катарина мужид нарны эргэн тойронд ер бусын цацраг хурцаар илэрсэн талаар Globo бичжээ. Байгалийн ийм ер бусын үзэгдлийг хоёрдугаар сарын 26-д бразилчууд ажигласан байна. Энэ оптик цацраг мужийн нийслэл-Флорианополист мөн ойролцоо хотуудад харагдсан байна. Хэрэглэгчид нийгмийн сүлжээнд энэ үзэгдлийг олон талаас авсан янз бүрийн фотозураг ба видео бичлэгүүдийг нийтлэжээ.

    Энэ үзэгдэл нь маш хүчтэй эх үүсвэрийн эргэн тойронд үүсдэг-ихэвчлэн нар эсвэл сарны орчимд. Агаарын урсгалуудын дээд давхаргын мөстлөгийн үүлэн дэх мөсөн талстуудаас үүдэлтэй байдаг. Кристалуудаас тусаж хугарсан гэрлийн цацрагууд ихэнхдээ солонгорсон гэрэл цацруулж харагддаг байна.
    Ц.Пүрэвдорж

  • Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн тодров (Шоглол)


    Цэрэг армийг хэн ч удирдаж болно гэсэн улс төрчдийн санааг Буддагийн шашиныхан давтав. Хүчний байгууллагын олон сайд нарыг нэгтгээд нэг хувилгаан удирдвал орон тоо, мөнгө, хөрөнгө хэмнээд аятайхан юм шиг. Тэртээ тэргүй мэргэжлийн бус хүн удирдаж байгаа юм чинь, улс төрч байсан ч, лам хуврага байсан ялгаа юу билээ. Аль аль нь цэргийн онцлог мэдэх биш, төрлөхийн “гүйлгээ” ухаанаар удирдах юм чинь. Тэд мэргэжил энэ, тэрээ эзэмших шаардлаггүй, төрөхөөсөө “сайд, хувилгаан”-аар тодорчихсон болохоор яалтай билээ.
    Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн, Их наран худагт Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай, Дорнод аймгуудаар явж, Зэвсэгт хүчин, Цагдаа, Хилийн цэргийн ангиудаар заларахад тэд “онгироо ногоон”-оо өмсөж, парад хийж, лекцийг нь сонсож, номлол айлтгалд нь алга хавсран мөргөж залбирав.
    Одоогийн мунгинаж байгаа засгийн газарт Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн тодорч хэрхэн нэгтгэж, цомхон удирдлагатай болохыг санамсаргүй байдлаар заачих нь тэрээ. Нээрээ бүгдийг нэгтгэн удирдсан төр, шашиныг хослон баригч, Монгол цэргийн ерөнхий газрын гэгээнтэн, Их наран худагттай байвал яасийн …
    Д.Хүрэлбаатар

  • Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэв

    Үүний дараа АНУ-ын Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэх Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд боллоо.
    Итгэл симфони оркестр болон @usembmongolia энэ жилийн 7-р сарын 4-ний баярын арга хэмжээний зочдыг америк хөгжмийн зохиолчдын аяаар угтаж авлаа.
    Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэх арга хэмжээг АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Мануэл Микаллер нээж, АНУ-ын Төрийн далбааг залах ажиллагаа үйлдэж, баярын мэндчилгээ дэвшүүлэв.
    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Тусгаар тогтнолын өдрийн баярыг тохиолдуулан үг хэллээ.
    Тусгаар тогтнолын өдрийн баярыг тэмдэглэх арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Баярын хүндэтгэлийн арга хэмжээнд Шашины удирдагчид, Монгол дахь дипломат төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төр, захиргаа, олон нийтийн төлөөлөл оролцлоо.
    Дашрамд дуулгахад 1776 оны долдугаар сарын 4-нд Хойд Америк дахь Британийн колони мужуудын нэг болох Пенсильваний Филадельфид болсон чуулганы үеэр Америкийн муж улсууд Их Британиас бие даан, тусгаар тогтнолоо зарлаж энэхүү тунхаг бичгийг үйлдэж байсан билээ. Америкийн Нэгдсэн Улс гэсэн нэрийг энэ өдөр анх хэрэглэсэн ба үүнээс хойш долдугаар сарын дөрвөнийг АНУ-ын Тусгаар Тогтнолын өдөр болгон тэмдэглэх болсон юм.

  • Ховсдуулаад ирээдүй цагийн Японд очсон нь

    Дээвэр дээр байна.. Өндөр байшингийн дээр шилэн хүлэмж, би дотор нь байна. Зүүн гар минь 4 хуруутай. Манантай байна, гадаа. Бор хуванцар хувин байна. Маш өндөр байшин байна. Япон улсад 25 онд. Би эмэгтэй хүн. Нүдний шилтэй, шил нь гуя байхгүй. Яаж тогтож байгааг би ойлгохгүй байна. Хамар дээр тогтоод байна. Намхан хамартай. Нуухгүй шилтэй, тэр нь хамарт хүрээгүй бөөрөнхий.

    Би юм идэж байна. Түрс шиг мөртөө ногоон өнгөтэй сонин юм аяга дүүрэн байна. Дуртай идэж байна. Хөргөгч нь хаалгагүй. Гараа оруулахаар хүйтэн байна. Гэхдээ хүйтэн нь гадагшлахгүй байна. Хаалга байхгүй. Гэртээ байна. Тавилга байхгүй хоосон өрөө. Гэхдээ бүх юм байна. Зурагт. Хана нь зурагт шиг асаж байна.Гоё. Амьтан байна. Шувуу, цагаан толгойтой шувуу. Сууж байна. Сууж байна. Сандал хананаас гараад ирсэн. Сонгох гээд байна. Эрэгтэй хүн алийг нь сонгох. Хоёулаа сайн. Аль нь дээр? Нүдний шилтэй өндөр эрэгтэй хүн надад их хайртай. Би итгэхгүй байна, хэлж байгаад нь. Хамт явж байна. Нуур байна. Эргээд явж байна. Хиймэл модтой. Хиймэл гэдэг нь мэдэгдээд байна. Жинхэнэ мод байвал гоё байхгүй юу. Хавар байна. Хүмүүсийн хувцас бараг адилхан.

    Би япон хүн. Зурагтаар бөмбөр тоглож байгаа хүн гарч байна. Би бөмбөрийг хараад гайхаж байна. Надад бөмбөр байхгүй, цохиж үзмээр санагдаж байна. Хаалгаар эрэгтэй хүн орж ирж байна. Сандал гулгаад өөрөө өөдөөс нь явж байна. Нөгөө юмаа идээд байна. Эрэгтэйг би явуулмаар байна. Энэ хүнийг би сонгохгүй. Шалтгаан бий.

    Урт юм явж байна. Нийтийн тээвэр метро бололтой.. Гэхдээ газар дээгүүр явж байна. Нэг урт сандал. Вагон шиг олон хэсэг биш. Дуу чимээ байхгүй. Гаднаас нь харж байна. Дээр бас байна. Өндөр нарийн гүүр. Гүүр биш зам юм байна.. Зам нь тулгуур байхгүй. Зам нь агаар дээр тогтож байна. Тулгуур харагдахгүй, байшингийн цаагуур эргэсэн. 10 давхар хавьцаа. Манай байшингийн 10 давхар луу орж байна.

    Гудамж эл хуль. Машин харагдахгүй. Бүх юм цайвар саарал. Хүмүүс ямар ч сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Хүн биш байна. Миний урдах хүн биш байна. Түүний цаадах нь хүн байна. Дарааллаараа зогсож байна. Үснийх нь дундаас гэрэл гараад байна. Дагзнаас нь. Үүдэнд роботон гар. Зүүн гарын дотор талд бичиг байна. Би алхаагүй, явж байна. Баруун тийшээ салаад явлаа. Зам нь өөрөө явдаг, тэгэхдээ дээрээ зогсож байгаа хүнээ аваад салаад салаад явчихдаг.

    Би ганцаараа ажлын өрөөндөө байна. Хүн болгон ийм өрөөтэй, гэхдээ хана нь тунгалаг, нэвт харагдаж байна. Олон эмэгтэй. Нүдний шилгүй 3 хүн байна. Бусдынх нь шүдний шил нь минийх шиг гуя байхгүй, нуух байхгүй.

    Би шилэн дээр хуруугаараа дарж байна. Ойлгохгүй байна. Шилэн ширээн дээрх тавцан түүн дээр дүрс гарч байна. Би ойлгохгүй байна. Нэг юман доогуур яваад байна. Зогсож байна. Хоёр зүү шиг юмаар юм хийгээд байна. Түүнийг би удирдаж байна. Дууслаа. Одоо явж байна. Бусад хүмүүс ижилхэн юм хийж байна. Би ажлаа сайн хийвэл хүмүүс урт насална. Би өвчнийг эдгээнэ. Харанхуй байна. Хүн биш нь арай доод түвшний ажил хийдэг, тэд угсардаг. Хүн биш болохоор тийм ажил хийдэг. Би тэрнээс дээр. Би илүү. Би хүн юм чинь, би илүү.

    Гэхдээ би тэднийг удирддаггүй. Тэд хиймэл мөртөө яг хүн шиг. Тэр гэртээ амьдардаг. Төрхийг нь эрх мэдэлтэй хүмүүс шийддэг. Том болдоггүй, хөгширдөггүй, хүүхэд бас байна. Ажил сайн хийдэг, боддог. Буруу бодвол аюултай. Зөв бодуулах хэрэгтэй. Гэртээ бөөндөө байдаг. Хүүхдүүд нь айлд байдаг. Унтдаггүй, гэр нь ор байхгүй. Манайд бол ор байгаа. Буруу харсан 4 ширхэг тоо харагдаж байна. 8 , 5, 2-ын тоотой цаас.

    Дэлхийн улс орнууд хилтэй. Гэхдээ хоорондоо чөлөөтэй зорчдог. Харь гараг руу явахдаа л зөвшөөрөл авдаг. Би нэг монгол эмэгтэйг танина. Хамт ажиллаж байсан. Гэхдээ тэр одоо харь гараг руу ажиллахаар явсан. Би бас тийшээ явахыг хүсч байна. Хиймэл хүмүүс бас харь гараг руу явдаг. Харь гарагт тэд хаа хамаагүй явж ажилладаг. Хүн бол тодорхой газарт л ажиллана. Яагаад гэвэл хиймэл хүмүүст агаар хэрэггүй.

    Тодотгол: Ховсдуулагч У 25 онд Японд байна гэж хэлж байгаа ч хэд дэх зуун, мянганы 25 он болохыг нь тодлож чадаагүй байна. Энд робот, хүн хоёр адилхан амьдарч, зорчиж, ажиллаж байгаа тухай өгүүлж буй нь сонирхол татаж байна. Хүн робот хоёрын хөдөлмөрийн ялгаа, тэр үеийн технологийн дэвшлийн талаар өгүүлсэн мэдээлэл нь ч сонирхолтой юм.Регресст оруулж мэдээлэл авах үндсэн технологи нь асуулт хариулт учраас энд өгүүлсэн хэсэгхэн мэдээлэл гэхэд л асар олон асуулт хариултын үр дүнд бий болсон байна. Duuren.mn цаашид судлаач Д.Батсуурийн судалгааны тэмдэглэлүүдээс аль сонирхолтойг нь цувралаар хүргэх болно.