Category: Онгод тэнгэрийн айлдварууд

  • БӨӨГИЙН ХЭНГЭРЭГИЙН ТӨРӨЛ

     

    Хэнгэрэг-Монгол харын бөөгийн хэнгэрэг нь онгод тэнгэрүүдийн унаа, бөө нараас дайсныхаа эсрэг холбого /хонхинуур/ гүйлгэдэг суурь, онгод тэнгэрүүдийг баясгаж уяруулах, хөгжмийн зэвсэг, бөө сүсэгтэн олны хүсэлтийг онгод тэнгэрт уламжилж, тэднээс хариу авах /мэргэ төлгийн/ хэрэгсэл, бөө онгодын харилцаанд туслах багаж зэвсгийн үүргийг гүйцэтгэдэг зүйл. Хэнгэрэг нь хэлбэр дүрсийн хувьд янз бүр байдаг.

    Дугуй хэнгэрэг-Дугуй дүрсийг бэлгэдэн монгол бөөгийн хэнгэрэгийн дүрс бас дугуй байжээ. Бөө нарын үздэгээр хэнгэрэг нь онгодын унаа бөгөөд дугуй хэнгэрэгээ унаад /дотор нь суугаад/ онгод тэнгэрүүд хорвоо ертөнцөөр чөлөөтэй зорчдог юм гэдэг.

    Найман талтай хэнгэрэг-Монгол шарын бөө нарт дугуй биш найман талтай хэнгэрэг байх явдал ХХ зууны эхэн үед Даяндээрхийн наянтай бөө нарт байсан мэдээ бий.

    Тал хэнгэрэг-Монгол хэнгэрэг янз бүрийн дүрстэй байдаг ч заавал нэг талдаа бүрээстэй нөгөө талдаа бүрээсгүй байдаг байдлаараа бурхны шашны хэнгэрэгээс эрс ялгаатай. Ийнхүү нэг талдаа бүрээстэй байдаг учраас монгол түмний дунд “тал хэнгэрэг” гэсэн нэр томъёо буй болжээ. Бөөгийн хэнгэрэг чухам юуны учир өрөөсөн талдаа бүрээстэй байдаг юм бэ гэдгийг бөөгийн шүтлэгийн үүднээс тайлбарлахдаа хэнгэрэг бол онгодын унаа хүлэг. Онгод нь хэнгэрэгийн дотор талд байрлаж явдаг юм гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголтыг баталж буй зүйл нь хэнгэрэгийн хүрээ модыг анх бэлтгэхдээ уг модны наран талыг хэнгэрэгийн дотор тал руу харуулан үйлддэг нь онгодыг дулаан орчинд байлгах гэсэн утга санааны илрэл гэдэг.

    Гурвалжин хэнгэрэг-Харын зүгийн хартай онгодууд, түүгээрээ хараал хийдэг бөө нар XIX зууны эцэс ХХ зууны эхэн үед /адил хажуут/ гурвалжин дүрсийн хэнгэрэгтэй байжээ. Гурвалжин хэнгэрэгийг чонын арьс юмуу баавгайн ширээр бүрдэг бөгөөд энэ нь хартай онгодууд хараал хийж явахдаа чоно баавгай хөлөглөн явдаг юм гэсэн утга санааг илэрхийлдэг байв.

    Хэнгэрэг бүрэх зан үйл-Багш бөөгийн заана товлосон өдөр хэнгэрэг бүрэх ажлыг багшийн заавраар гүйцэтгэж, усанд дэвтсэн ширний идээ матаж бэлтгэсэн хүрээ модоо тавьж, ширний захыг хэнгэрэгийн хүрээ модны дотор тал руу давуулан бугын суран үдээсээр хуниж оёно. Ийнхүү оёх үед тэнд хамт байгаагүй хүн цаашид хэнгэрэг амилж сургах, бөөгийн зам заах үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Ийм учраас дээрх зан үйлүүдэд оролцвол зохих хүмүүс хэнгэрэг бүрж байх үед заавал тэнд цуг байх ёстой. Бөөгийн зам заах зан үйл үйлдэж байгаа гал голомт хэнгэрэг бүрэх, оёх дээрх бүх ажил үйлст оролцож буй /зохих болзлын дагуу/ хүмүүсээс бусдыг 10-14 хоног хөл хорих ёстой.

     

  • Туг сүлдний шүтлэг

     

    Ер нь туг сүлд шүтэх нь гагцхүү монголчуудын хэрэг бус Европ азийн нутагт аж төрж байсан нийт нүүдэлчдийн дунд нэн элбэг байсан шүтээн юм. Энэ нь уламжлал болон дэлхийн улс бүхэн өөрийн үндэсний уламжлалыг харуулсан туг сүлдээ мандуулсаар байгаа билээ.

    Чингис хаан монгол туургатныг нэгтгэн Их Монгол улсаа байгуулсны дараа төрийн Есөн хөлт Цагаан туг, Дөрвөн хөлт Хар тугаа бүтээн залсан агаад Цагаан туг нь төрийн сүр хүч, цог золбоо, энх амгаланг бэлгэдэн мандаж байдаг бол Хар сүлд нь цэргийн сүр хүч, ялалт амжилтыг илэрхийлэн дөрвөн зүгийн дайсныг даран сөнөөхийн бэлгэдэл болж байжээ.

    Чингис хаан Дөрвөн хөлт Хар сүлдээ бүтээн залснаас хойш дайсан бүгдээ даран сөнөөж, ялалт амжилт нь ихэд бадарсан гэдэг. Иймээс ч монголчууд Хар сүлдийг машид эрхэмлэн дээдлэх болсон юм. Монгол цэргийн жанжид байлдаанд орохын өмнө цэргийн тугаа тахидаг уламжлалтай байжээ. Энэ тухай МНТ-ны 106, 193 дугаар зүйлд дурджээ. Туг тахих нь монгол цэргийн хамгийн том зан үйлийн нэг бөгөөд маш нарийн дэг ёс, гүн гүнзгий утга агуулгатай юм.

    Дундад зууны үеийн Монголын байлдан дагуулалыг судалсан өрнөд Европынхон монгол цэргийн шүтээн болсон хар сүлдийг их сонирхдог юм. Энэ тухай үеэс үе дамжин өнөөг хүртэл ярьсаар байгаа. Тэр сүлд эх оронч уриа дуудлагын ердийн билэг тэмдэг байсан уу? Эсхүл шашин мөргөлийн учир холбогдолтой юу гэдэг асуудал байдаг. Чингис хааны алдарт тугийг сарлагийн сүүлээр хийдэг байсан гэж үргэлж бичдэг Өрнө зүгт ихэд түгсэн домог оргүй ташаа зүйл, харин азарганы хөхөл дэлээр хийдэг байж “Их Монголын эзэнт улс”-ын үеэс монголд үндэстний ухамсар, шашины ухамсар харилцан хутгалдаж байсан болохоор эх орончийн бэлгэ тэмдэг мөн л шашины бэлгэ тэмдэг болдог байжээ.

    Чингээд Монголд газар сайгүй дэлгэрсэн мухар сүсгийг ерөнхийд нь шашин гэх нь бий. Тийм сүсэг бишрэлийн үүднээс, хүнийг салахгүй дагадаг өвөг дээдсийн цагаан сүлд дайсантай тулалдахад монгол цэргийг ивээж ялуулдаг хар сүлд гэдэг өршөөн тэтгэгч хоёр сахиус хүн бүрт оршдог гэнэ. Чингис хаан айван тайван үеэс чачир өргөөнийхөө орой дээр цагаан тугаа залж, хэрэвзээ дайн тулаан болох гэж буй бол хар тугаа залахад хэзээ мөдгүй дайн тулаан болох нь гэдгийг хүн болгон мэддэг байжээ.

    Адууны хөхөл дэлээр үйлдсэн дайн энхийн бэлгэ тэмдэг, үндэсний туг сүлдийн мөн тийм хийц маяг нь цагаан хар хоёр адууг хүч чадлын жинхэнэ хэрэгсэл гэж үздэг тэр үеийн итгэл үнэмшилтэй яв цав зохицжээ.
    Хараат ихт тугаа тахиж
    Хар бухын арьсаар бүрсэн
    Харгих дуут хэнгэрэгээ дэлдэж
    Үзэмжит сайхан тугаа тахиж

    Үхрийн арьсан хэнгэрэгээ дэлдэж хэмээн бөөгийн дуудлагыг дуудан туг сүлдээ тахьдаг байна.

    Эртний бөөгийн ёсоор яс баригч бөөгийн онгон бүргэдийн эсгий дүрс байжээ. Бөөгийн хувцас хэрэглэл дотор онгон дүрс олонтой байдгийн нэг нь аварга эр эм могойн дүрс юм. Могойг лус савдгаас онгон тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн илч төлөөлөгч гэж үздэг учир бөө нар амьд хонины зоос нурууны ноосыг томж хөх улаан өнгийн даавуугаар бүрж могойн толгой нүд, ам, сүүл зэргийг нь урлан бүтээж хаддаг.

    Монгол нутагт байдаг түүхийн нэн өвөрмөц дурсгал болох хадны сүг зураг нь Ховдын Манханы Хойд цэнхэр, Өмнөговийн Гурвансайхан хайрханы Хавцгайт, Дундговийн Өлзийтийн Дэл хөнжилийн уул, Өвөрхангайн Богдын тэгш уул, Хужиртын хавцал, Говь-Алтайн Халиуны цагаан гол, Бигэрийн бичигт, Архангайн чулуутын хадны орд, Өвөрмонголын Улаан цав зэрэг газар дахь сүг зургууд онго шүтээний олон бэлгэ тэмдэг дурсгалыг хадгалж байна.

    Эртний бөөгийн чулуун онго нь уламжлагдан хөгжсөөр эртний хаад ноёд баатар эрсийн чулуун хөшөө дурсгал болон үлджээ. Чухамхүү бөөгийн энэ эд өлгийн олон тооны түүх дурсгалууд нь нүүдэлчдийн урлахуйн ухааны таван мэдрэл сэтгэхүйн хүчээр бүтээгдсэн урлагийн олон төрлийн дурсгалуудын бодит гэрч болж байдаг. Онгоныг эрт оршуулан байрлуулахаас гадна уул усанд нь оршуулан байрлуулдаг ёс байдаг.

    Бөөгийн хэнгэрэг дээрх могойн дүргслэл хүй мод, буга согооны дүрс нь мөн л онгоны оршин буйн дүр юм. Эдгээрээс Нанайн удгануудыг есөн могойн дүрст үндэстэй могойн чуулга хэлбэртэйгээр урласан байна. Монголд ирсэн өрнийн элч тагнан танадагчдийн бичсэнээр бол хаад ноёдын талийгаачдын онго зарим үед 200 хүртэл тэргэн дээр тээгдсэн байжээ.

    Эртний нүүдэлчид талийгаачаа хатааж занданшуулан хадгалж авч явдаг байсныг өөрчилж онго болгон авч явдаг уламжлал тогтжээ. Хүннүгийн ширмэл ширдэгний захаар барьцалдсан амьдтын дунд гол есөн хүй мод буюу удган мод дүрслэгджээ. Удган мод буюу сүлд мод, хүй мод зэрэг нь онгодын оршин байх бас нэгэн орон болж байдаг. Онгод онгоны оршин байх нэг орон нь овоо юм. Овоо тахилга нь онгоны орон шүтээн үүсэлтэй.

    Монголчуудын нэн эрт үеийн төрийн шүтлэгийг сайтар ухаарахын тулд нүүдэлчдийн ертөнцийг үзэх гүн ухаантай заавал холбон үзэх шаардлагатай. Хүн төрөлхтөнд түгээмэл байдаг хосолмол бүтцийн зарчмаар бүх зүйл, бүхий л үйл ажиллагаа, байгууламж бүхэн ийм хосмолжин үүсэлтэй. Төр бол бас л тодорхой хийгээд хийсвэр хоёр талтай, бие мод хийгээд сүнс сүлдтэй байдаг хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, төр хэмээх хүмүүний үйл ажиллагаа, нийгмийн байгууламж бол угтаа мөн л хүн сүнстэй, уул эзэн, онгон, сахиус, сүлдтэй байдаг шиг тийм мөн чанартай, арга зарчимтай зүйл ажээ. Энэ нь чухамдаа монголчууд яагаад үе үе “Төрийн сүлдээ” нэрлэн дууддагийн учир утга байж болзошгүй. “Төрийн сүлд” гэдэг нэрийдэл, нэр томъёо наад зах нь өөр хоорондоо ялгаатай боловч нягт холбоотой гурван ойлголтыг багтааж байна. Анхных нь XIII зууны түүхэн сурвалж “Монголын Нууц Товчоон”-д дурдсан Чингис хааны Эзэнт гүрний туг сүлд болох морины дэлээр хөхөл хийж бүтээсэн есөн хөлт цагаан туг, дөрвөн хөлт хар сүлд хоёр, дараагийнх нь ойр үед хэрэглэж эхэлсэн төрийн сүлд тэмдэг, сүүлийнх нь жирийн ард иргэдээс тайлан тайлбарлан ёсгүй төрийн зүгээс эрхшээсэн оюун санааны аугаа хүчин эдгээр гурав болой. Эндээс цагаан, хар туг-сүлд гэж чухам юун болохыг авч үзье.

  • АЙЛЫН ОНГОНЫ ӨЧИГ, АЙМАГ ОВГИЙН СҮЛД

    Дээд тэнгэрийн язгуурт
    Дэвжит тэнгэрийн чуулганд өргөлээв /би өргөлөө/
    Дунд байхын оронд
    Төрсөн бүрэлдсэн амьтанд өргөлээв
    Үе бүтэн дээрээс
    Үндэс бүтэн модны эзэнд өргөлээв
    Унаж яваа гөрөөснийхөө ундааг өргөлээв
    Бөөн язгуурт бүлээрээн
    Бөөм байсан узуураараан
    Бөлөг байсан сүлбээрээрээн
    Хэдэн үеийн онгод, амьд цогцсонд буу
    Асан түүхийг гүйцэлдүүл
    Хэл зүрхийг хөдөлгө
    Амь насыг бататга…
    гэж дуудан урин бөөлдөг болжээ.

    Аймаг овгийн сүлд-Монголын нүүдэлчин овог аймгууд Хүннүгийн үеэс, бүр түүний өвөг дээдсээс эхтэй өөр өөрийн сүлд тэмдэгтэй байжээ. Тэр сүлд тэмдгийнхээ нэрээр аймаг улсаа нэрлэдэг ч байж. Буга шүтээнтэй аймаг гэхэд “Бугат” аймаг нэртэй байх жишээтэй. “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэснээр 1171 онд Хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуу Хонгирадын Дай цэцэнд зүүдээр дохиолон гар дээр нь нар сар хоёрыг атган нисэж ирээд буув /МНТ, 63/ гэж зүүдлэгдсэнээр улбаалан Тэмүүжин хөвгүүн Бөртэ хатантайгаа анх учирсан бол хожим Чингис хаан зургаан өрлөгтэйгээ мөр харж яваад тайчууд аймгийн сүлд халтар тэхийг атиртал харваж алсан /МНТ, 149/ байдаг. Өнөө хэр буриад арван хоёр омог өөрийн сүлд шүтээнээ түүний уриа дуудлагыг дуудан тахисаар иржээ.

  • АЙЛ ГЭРИЙН СҮЛД ТЭНГЭРҮҮДИЙН БАЙР

     

    Айлтгал айлдах-Онгод тэнгэрүүдээс бөөгөөр дамжуулан сүсэгтэнд хандаж гуйсан хүсэлтийн хариуг айлтгал айлдлаа гэдэг.

    Айлтгал өргөх-Сүсэгтнээс онгод тэнгэрт хандаж сүү, идээ өргөхийн хамт хүсэлтээ илэрхийлэхийг айлтгал өргөв гэнэ.

    Айлын онгон-Бөө шүтлэгтэн эцэг өвгөдөөс уламжилж ирснээс эсгий, бөс, торго булга, халиуны арьс, тэргүүтнээр үйлдэж өвөг дээдсийнхээ халуун амьсгалыг хурааж шингээсэн шүншигтэй хүний сүг дүрс.

    – Хүрэл, зэс, гуулин цутгамал хийгээд хөөмөл эсвэл модоор сийлж хийсэн овог аймаг ястны шүтээн болсон тэнгэрийн хөвгүүн хэмээх домогтой хөрөг дүрс.

    – Омог отгын үүслийн домог үлгэрээс угшилтай амьтны эвэр, толгой хийгээд маахай арьс.

    – Эд агуурс, идээ будаа, тоног чимэг тэргүүтний эзэн сахиус хэмээх эсгий бөсийн зүйл, ялтас төмрөөр хайчилж онголсон хүн, амьтны дүрс.

    – Үнээ маын буян хишиг, ангийн олзыг тэтгэгч сүг дүрс хийгээд үнээ, малын дэлэн. Айлын онгон нь “Онгод, Давай, Хэсэтэ, Эмгэлж, Заяач, Авгалдай, Хошоонжин, Галайхан… гэх мэт нэртэй дүрслэн байдаг юм.
    Хүний үзэхэд хүрэл юм
    Хүртсэн маньдаа шүтээн юм
    гэж хайр энэрэл, сүсэг бширэлээ илэрхийлж, хүндэтгэл үзүүлж, хишиг буяныг нь хүртэх бөгөөд бөө удганаар тавиг тайлга үйлдүүлэн өглөө бүхэн тахиж, өдөр бүхэн мялааж байдаг удам судрын үрт хэц зэлийн хэлхээс ажгуу.

  • ДАРХАН ТЭНГЭРИЙН ТАМЛАГА

    Хөвчийн цэнхэр бутыг
    Арц гангын цоргиор уугиулсан
    Хүрэн шарга ямаагаа
    Хүлэглэн байж буусан
    Хир дархан нэртэй
    Хар хөх өнгөтэй
    Даян дээгүүр суудалтай
    Далай дээгүүр гүйдэлтэй
    Дархан Цагаан Тэнгэр
    Хар Маха ноён тэнгэрийн
    Дархан Их Тэнгэр минь
    Далай дээрээс 77 их дархчуул
    Хясын /хас/ эзэн Хяндаруу Дархан Тэнгэр
    Үлгэрийн эзэн Үүвшин Дархан Тэнгэр
    Балтын эзэн Балган Цагаан ноён Тэнгэр
    Цавчуурын эзэн Цагаан ноён Тэнгэр
    Дөшийн эзэн Түвшин ноён Тэнгэр
    Толь товчны эзэн Амцагаан ноён Тэнгэр
    Догшин эзэн Сэлэмт Цагаан ноён Тэнгэр
    Бух хөөргөө бужигнуулж
    Булингар улаан ширээдсийгээ
    Цацруулан байж буусан
    Дархан Цагаан Тэнгэр
    Хар Маха ноён Тэнгэрийн
    Дархан Их Тэнгэр минь
    Наанаа сайхан дуулаарай
    Хүч чадлыг минь нэмээрэй
    Хүүгийнхээ биеийг хүрээлээрэй.

    Эх сурвалж: Удган Батмөнх

    2015.01.20

    10.Идээ цагааны онгон тэнгэрийн дуудлага
    Үхэгийн ард байрласан
    Алт мөнгөн баганыг ширээлдэж буусан
    Бор хурган дахтай
    Богд их заяач
    Хар хурган дахтай
    Хан их заяач

    11.Дорлиг тэнгэрийн дуудлага
    Хадияи ширэхэн
    Хадин шинэн хи
    Хар хөргэеи хажигануулахан
    Хар булуд дүши еэ
    Ханхиналуулахан
    Хан Дорлиг тэнгэр
    Бутын чинээн
    Хар хөргэеэ бужигнууланхан
    Булут төмөр дүшие бужигнууланхан
    Бурхан Дорлиг тэнгэр

    12.Хясаан улаан тэнгэрийн дуудлага
    Шон улаан хадан хүмтэй
    Шухан зээрд морин хүлэгтэй
    Гургалдай зээрд морион хүлэглэнхэн
    Гучин хоёр алтан зэвеэ гялбалзуулахан
    Эр хүний хөлдэеэ эрх дороо дарахан
    Эм хүний хөлдэеэ өлмий дороо дарахан
    Хихаан улаан тэнгэр, шунган хатан ээж
    Хадан газар буудалтай, хяр газар буудалтай
    Хихаан улаан тэнгэр

    Эх сурвалж: Дорнод аймгийн Баян-Улаан сумын Цэвээн /78 настай/ 1962.06.03 өдөр Б.Ринчин гуайд тэмдэглүүлсэн байна

  • ОНГОД ОРШУУЛАХ ЁС, ОНГОД САХИУСАНД ДААТГАХ ДААТГАЛ

     

    Онгод сахиусанд даатгах даатгал
    Хурмаст тэнгэрээс заяасан
    Хотол олны сахиус болсон
    Цанхилан цагаан удган
    Цагаадай өвгөн аав минь
    Уужтай сайхан идээнээс
    Уун зооглон соёрх
    Явдал учраа даатгаж
    Ямааны зүлдээ өргөнөм
    Арьс махан рашаан болж
    Амин сүнсний бурхан болж
    Адгуусны төрлөөс зайлж
    Амар заяанд төрөг
    Хотон доторх хониноос
    Хонгор халзныг шилэв би
    Төлгөн хонины чинь ууц
    Төө зузаан
    Хурган хонины чинь ууц
    Хуруу зузаан
    Уужтай сайхан идээнээс
    Уун зооглож соёрх
    Уу хормойд багтааж
    Уудам суганд хавчуул
    Бүжин туулайн бүвүргээр
    Бүүрэг чонын шогшоогоор
    Гүвэг гүвэг гүйцтэй
    Хан буурал тэнгэр минь
    Гүрээний судсан хатгалгаатай
    Галзуу чонон хүлэгтэй
    Гал могой ташууртай
    Хүний махан хүнстэй
    Хүрэл чулуун зүрхтэй
    Хар эрээн бүргэд хамжаастай
    Хүрэн эрээн бүргэд дэвилгээтэй
    Бөртэ чонын шогшоогоор
    Бөөн бөөнөөр залардаг
    Онон их сахиус
    Олон үеийн шүтээн
    Тавьсан тахийг минь
    Тавтай сайхан зооглоод
    Алд биеийг минь алдалгүй харж
    Ахан дүүсийн минь алгасалгүй ивээж
    Архаг өвчтэй бол
    Арагшаанаараа /рашаанаар/ эмнэж
    Долоовроороо домнож
    Хайраараа хараатай
    Халамжаараа өргөхтэй
    Мөн хүү Даваажав хэлж тэмдэглүүлбэй.

  • ОНГОД АМИЛАХ ЁС, ОНГОД БОЛГОХ ЁС, ОНГОД БОСГОХ ЁС, ОНГОД БӨӨД ОРОХ ЁС,

     

    Онгод болгох ёс-Бөөг өөд болсноос хойш гурван жилийн дараа тухайн бөөгийн сүнсийг онгод болгох зан үйл үйлддэг. Тэр үед бөөгийн өмсгөл хэрэгсэл нь өнгөрсөн гурван жилд лусад хадгалагдаад байгаль дээрх нэгдэлтэй бүрэн нэгдэж бага хүчдэлтэй эрчим хүчийг өөртөө шингээж, хүний хөлс, амьсгал, хир буртаг, утааны үнэр бүрэн арилж, жинхэнэ хээрийн юм болж цэвэршсэн байхын дээр, талийгаач бөөгийн цогцосын үлдэгдлийг цэвэршүүлсний дараа талийгаач бөөгийн гэрээсэлсэн /гэрээсэлж амжаагүй бол сайн бөөгөөр үзүүлж тогтоосон/ газарт хуулар бөөгийнх бол томог хэлбэрт хайс, шарнууд бөөгийнх бол саран, бусад монгол бөөгийнх бол сэнс дээвэртэй пин зэрэг найман дүрсийн /хэлбэрийн/ асар барьж тэр асарт талийгаачтай цусан төрлийн холбоогүй, түүнийг сайн мэдэх бөөгөөр талийгаачийн лустай нэгдсэн сүнсийг дуудуулж онгод дүрийг нь өмнөх ёсыг үйлдсэнээр талийгаач бөөгийн онгод дүрмийг буй болгох ёслол төгсч, хээрийн ба гэрийн онгод бэлэн болно.

    Онгод босгох ёс-Бөө хийгээд бөө биш гал голомтонд /айлд/ тухайн өрхийн гишүүд /нөхөр, эхнэр, хүүхэд/-ийн яс овгийн сүлд сахиусууд болон тэдний эрээ хорлол, атаа жөтөөгөөр ирсэн зэрэг ямар нэгэн учир шалтгаан бүхий онгод тэнгэрүүдийг тэр гал голомтод шившин, амилж өгөхийг онгод босгох ёсыг гүйцэтгэв гэдэг.

    Онгод бөөд орох ёс-Бөө хүн өөрийн сэтгэхүйг түр зуур гэж 3-аас дээш жилийн өмнө өөд болсон бөө дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийн дуу хоолойгоо нийтэд уламжлахыг бөөд онгод орлоо гэх юмуу эсвэл бөө бөөлөв гэдэг. Нэг удаагийн бөөлөлтөөр хэдэн ч онгод бөөд ордог бөгөөд тэрхүү онгод бөөд орохын тоогоор бөө ухаан алддаг гэсэн үг юм.

  • ХАВАРХСАН ОНГОДЫН ТАМЛАГА

    Мянган хүнд минаач болж
    Махан хэлээрээ толмооч болж
    Охины сайхныг бэдэрч
    Өнгийн голыг эдэлж
    Зуны дунд Ангарт мөс тогтоож
    Азааргаар адуу хулгайлж тууж гарлайт.
    Эрхүү хотод дуудагдаж
    Автай оросын туршилганд орж
    Далан чарга түлээ овоолуулж
    Хаьтгай чулуу улайсгуулж
    Түүн дотор орж хатирч байхдаа
    Чулуун их мөндөр, цусан их хураа оруулж байх үедээ
    Автай оросыг гар дээрээ барьж
    Ганзагандаа уяж байсан эрдлэс тань тийм сэн билээ.

  • Тануухан хатны дуудлага

     

    Тануухан хатны дуудлага

    Гишүүнт модон гишгэлэгтэй
    Гэсэр хаан гарвалтай
    Гэгээн нарны эзэнтуу
    Хаан хүний эх
    Хатан заяаны эм
    Хахуу хатуу хаврын
    Хар салхи болж
    Хон хэрээ хэлмэрчтэй
    Хувилахын заяанд
    Хурдан цагаан ухууну
    Гүйдэл цагаан эргэлтэнд
    Цавчлах нүдний хураманд
    Удмаа гэж угтан эргэлээ
    Үрээ гэж үндэслэн эргэлээ
    Хушаатын хатан . . .
    Түмээнүүтэйн гүйдэл
    Хэргүүний(Хэрлэн) ундлага
    Хоёр хон хэрээгээр
    Хов хош хаяна
    Өлзий цагаан тэнгэрт
    Өлмий дөнгөж дүүллээ
    Хамаг олун монголуун
    Хатан эх ману
    Огсум газару буулж
    Эридүмүн ихүд (Эрдмийн ихэд)
    Бүнтөө (бүжин) туулайн
    Баруун бөөр хулуулав (хулгайлуулав)
    Хивээ хуурын
    Хэлийг сугалж
    Явуунтуу боохойн
    Явуун улыг хулууб
    Ясуун санууж шамуун
    Януу сажуу эргэв үү
    Хагуу (гэтэл) шамуу
    Намнуу гэв үү нүү (үгүй юу)
    Муу санавал газруу
    Гурван зүгтүү 33 нар муу
    Гучин улаан альбадыг тухарнуу
    Түшмэл хүбүү мэн үү булуу
    Намуу таруун
    Хаунуу шадуу матур
    Алутун толуун (тамга) хэруулна
    Ами олун цусудун
    Хару хануу жавур талжуу
    Хамуг олну идуун
    Хару хигур (салхи) хисүл (хийсгэн)
    Галзуун 90 боохул тавихал . . .

    Хиану ястуу Боржунгуулун Талусан хатуулун Тануухун
    (Хиан ястай Боржигон овогтой Талст гарвалтай Тануухан хатан эх)

    Добу мэргэний бага хатан Алун гуа хатнаас төрсөн ганц хүү Бодончуу мэргэн өнөөгийн халх ястны боржигон овгийн өндөр өвөг болдог билээ. Бодончууг төрөх үед эцэг нь өөд болсон байжээ(Түүхийн зарим эх сурвалжид бутач хүү мэтээр бичсэн байдаг нь харийн улсын бодлоготойгоор зохион хийгдсэн байх учиртайг анхаарна уу!). Добу мэргэний их хатан Булган хатны Буха хатаги, Бухату салжиу, мөн Доба сахурыг хальснаас хойш түүний бага хатны хамт Добу мэргэнийд ирсэн Бэлгүтэ, Бэгүнү нарын нийт дөрвөн ахтай байсан байна. Доба сахурын их хатны 4 хүү эхийн хамт тэднийгээ орхин нүүж одсон түүхтэй.
    Хиан, нирун, боржигон гэж задарсаар Боржигон омог нь түүхийн уртад 9 боржигон болжээ. Түүний нэг нь “талст боржигон” омог угсаа юм. Бөртэ хатны эцэг хонгирадын Дай сэцэн боловч эх нь “талст боржигон” омгийн хүн байжээ. Талст боржигоныхон эртнээс хар төмрийн сайн дархчуултай, Дархан тэнгэрийн тахилгатай улд байжээ. Их хаадын ивээлээр Мөнх хаан уулын тайхыг хийсээр иржээ.

    Хиад омгийн түүх Хамагмонголын анхны их хаан Хабулаас эхэлдэг байна. Хиан ясны нэгэн салаа мөчир шууд залгамж болсон хиад овгийг олонх түүхчид, судлаачид хиан ястай холиод байх юм. Их хаадын алтан ураг, цагаан ястан Хиад боржигон овогт хиан ясны салаа мөчир бүхэн багтахгүй байдаг болохыг анхаарч үзээрэй.

    Гал

  • УРИАНХАЙ БӨӨГИЙН ОНГОДЫН ТАМЛАГА

    Ээ Баян уужим дэлхий дээр
    Туулар хуулар бээрийч
    Тумсоо хомда тойрийч
    Шигшрэг үчиндээ цөөлдвөр
    Сэнхэр уулын цүүвэр
    Бурхан уулын заяагдмал
    Босоо эгшимэл сононгорол
    Тасаршгоо ундармал онгон
    Тарлан цоохор чувтар
    Олон уулын савдаг
    Олдошгоо догшин заяач
    Үүлэн хөнгөн ёвдалтай
    Үхэшгоо мөнхийн хувьтай
    Үүр шөнийн хувиралттай
    Үелзүүр цэнхэр онгон тал
    Ар үр манууст
    Ач буяан хайрлыт
    Арвин хур буулгыт
    Аманаа хишиг тосдийт
    Ертөнцийн наранд ээлгийт
    Есин үеэр жиргуулийт
    Ээ хурай, хурай хурай ээ