Category: Нийтлэл, ярилцлага

  • Оросууд согтууруулах ундааны хэрэглээгээ бараг 50 хувиар багасгажээ

    Нийтлэгч: Г.Ганчимэг 22 цагийн өмнө

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2003-2016 оны хооронд оросууд согтууруулах ундааны хэрэглээгээ бараг 50 хувиар буюу 43 хувиар багасгасан гэдгийг тогтоожээ.
    Энэ нь төрийн бодлогоор согтууруулах ундааны хэрэглээнд хяналт тавьж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах болсонтой холбоотой гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын танилцуулснаар согтууруулах ундааны хэрэглээ буурснаар иргэдийн насжилт уртассан байна.
    Урьд өмнө ОХУ энэ төрлийн хэрэглээгээр дэлхийд толгой цохидог байсан юм. Тэр дундаа хөдөлмөрийн насны эрчүүд согтууруулах ундааг хамгийн их хэрэглэдэг байв. Архи, согтууруулах ундааны хэрэглээ буурснаар түүнтэй холбоотойгоор амь насаа алдах тохиолдол ч эрс буурсан гэдгийг ДЭМБ онцолжээ.
    2018 оны байдлаар ОХУ түүхэндээ анх удаа эрчүүдийн дундаж насжилт 68, эмэгтэйчүүдийнх 78 болж нэмэгдсэн байна.
    ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Дмитрий Медведев ажиллаж байхдаа согтууруулах ундаанд хориг тавихыг уриалж, татварыг нэмж, шөнийн цагаар худалдахыг хориглож эхэлсэн юм.

    Энэ бол тус улс ойрын жилүүдэд хийсэн хамгийн том, түүхэн гэж болохоор өөрчлөлт хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Нийслэл Москвагийн өнцөг булан бүрт шөнөжин ажиллах мухлагууд архи, шар айраг, хатаасан загасны даруулгаар дүүрэн байдаг үе хэдий нь ард хоцоржээ. Та одоо согтууруулах ундааг зөвхөн дэлгүүрүүдээс, аль эсвэл хүргэлтээр 23 цагаас өмнө худалдаж авч болно. Мөн авсан архиа хаа таарсан газраа, нэн ялангуяа гудамжинд зогсоод уучихдаг байсан бол хатуу хориглож, цагдаа нар торгож эхэлсэн. Нийгмийн дундаж давхаргынхныг эрүүл амьдралын хэв маягт уриалах нь архинд живсэн байсан Орос орныг аврахад тусалжээ.
    Эх сурвалж: www.bbc.com

  • МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ХАМГААС ҮНЭТЭЙ.

    Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар бол монголын “шилдэг улс төрч гэр бүл”-ийн төлөөлөл, илэрхийлэл билээ. Эцэг нь Элбэгдорж ерөнхийлөгчийн үед гавьяат цол хүртэж, ардын цолонд нэрээ дэвшүүлж явсан, өөрийгөө ардчилагч гэж нэрлэдэг нэгэн. Хүү нь ардын намаас нийслэлд төлөөлөгчөөр удаа дараа сонгогдож, улмаар улс төрийн “бялуу” хүртэж энэ ажилд томилогдсон. Энэ гэр бүлийг бичиж байгаа нь улс төрийн намын төлөвшил гэж зүйл огт байхгүй болчихсон. Намын нэр дор “хоолоо” олж иддэг улс төрчид бүх шатанд бий болсоны жишээг харуулаад байгаа юм. Өнөө үед бүх шатанд ийм зүйлийг “МАНАН” гэж олон түмэн нэрлээд байгаа юм. Ийм асуудлыг улс төрийн намуудыг хатуу гишүүнчилгүй болгосноор зогсоож болох талтай.
    Эрхэм захирал М.Ганбаатар бол сайн улс төрч болохоос шахмал түлшний мэргэжлийн хүн биш. Олон зүйл дээр улс төрч, мэргэжлийн ялгаа тодрох болсон нь шударга ёсыг хэрэгжүүлэхэд дөхөм болох биз ээ.
    Шинэ зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгардаг. Тийм байсаар ирсэн. Хэрэгжүүлж байгаа ажил нь хүний амиар хэмжигдэж болохгүй, энэ бол шууд хариуцлага хүлээх асуудал. Би мэргэжилтэн биш улс төрч байсан байна гээд ажлаа өгөх ёс зүй харагдаж байна. Цөөхөн монголчуудад хүний амь гэдэг бол хамгийн үнэтэй зүйл билээ.
    Сайжруулсан шахмал түлшний асуудлаар “Таван толгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Улаанбаатарын утаа багассан. Итгэхгүй бол Багануур, Налайх ороод үз” хэмээн ярилцлага өгчээ. Тэгээд “Өнөөдөр бидний өмнө байсан, тоохгүй орхиж ирсэн, гэр хороололд бугшсан идээ бээр түлшээр илэрч гарч ирж байна.“, “Мөн хайнга, хэнэггүй байгаа иргэдэд ойлгуулж өгөх” хэмээн шалтгааныг өмнөх рүүгээ чихэх юм ярьж байна. Монголчууд бид олон зуун жил галаа түлээд амьдраад ирсэн, галдаа ойр, түүнийгээ шүтэж ирсэн ард түмэн юм.
    Үнэн хэрэгтээ бол ажил дөнгөж эхлэж байна. Өвөл эхлээгүй байгаа. Бас хүйтрээгүй байна. Үр дүн нь харагдаагүй байна. Эхний шатанд хүний амь эрсдсэн нь хариуцлага тооцох шалтгаан болно. Гэтэл одоо улс төржсөн маргаан үүсгээд эхэллээ. Хэдэн хүн нас барсаныг хэвлэлд мэдээлснийг “Засгийн газрыг унагах гэсэн сүүлийн мухардмал арга” хэмээн бичжээ.
    Бидний хэрэгжүүлж байгаа алхамууд нь нөгөө л муулаад байдаг хятадуудын туршлагаас судлаад хэрэгжүүлэхэд болчих зүйл. Цоо шинэ зүйл огтхон ч биш.
    Хятадын нийслэл Бээжинд нүүрлэсэн автомашины түгжрэлийг цэгцэлсэн олон аргуудыг хэрэглэсэн. Түүнээс дугаарын хязгаарлалтын аргыг өмнөх үеийн засаг дарга Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн. Олон асуудлыг шийдье гэтэл хөрөнгө санхүүд гацаад байгаа байх. Замын түгжрэлийг зохицуулж, жилд 80 км агаараар зам тавьсан хотын жишээ байж байна.
    Харин утаа бол олон арван сая хүнтэй Бээжин хотод гамшиг байсан. Тэр олон сая хүмүүсийг утааны аюулаас богино хугацаанд зайлуулж чадлаа. Утааг арилгаж, хүн амаа сайхан орчинд амьдруулах талаар олон арга хэмжээ авч амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн гараад эхэлчихсэн байна. Өөрөөр хэлбэл хүний аминд хүрэхгүйгээр туршлага судлаад хэрэгжүүлчих туршлага, аргачлалыг хоёр цаг яваад хүрчих өмнөд хөршид байж л байна.
    Сайжруулсан шахмал түлшний асуудлаар “Таван толгой түлш” компани, түүний монгол, япон, солонгосын эрдэмтэдийн зөвлөл ажлаа хийж чадсангүй. Үр дүн нь хүний амиар хэмжигдэв. Одоо бол арга барилаа өөрчил гэсэн дохио өглөө. Үүнийг хуучин баг хийж чадахгүй. Эхний шатанд хариуцлага тооц, мэргэжлийн, туршлагатай хүнээр удирдуулаад хийгээд үз хотын даргаа. Угтаа энэ асуудал бол хотын даргын хариуцсан ажил. Манайд Ерөнхий сайд, ерөнхийлөгч нь оролцох хэмжээнд хүрчихсэн зүйл. Улс төржсөн асуудлууд бидэнд алхам дутам саад болоод байна.

  • № 60. Манжийн эрхшээлийн үеийн монгол

     Манж нар Ар Монголыг эзлэн авах үезд Халхад Түшээт хан, Засагт хан,Сэцэн хан 3 аймаг байв. 1725 онд Түшээт хан аймгаас хэдэн хошуу таслан, Сайн ноён хан аймаг хэмээн нэрлэснээр 4 аймагтай болов.
    Өвөр Монголын аймгуудыг, Хорчин 6, Жалайд, Дөрвөд нэжгээд, Горлос 2, нийт 10 хошууг Жирмийн чуулган; Харчин 3, Түмэдийн 2, нийт 5 хошууг Зостын чуулган; Аохан, Найман, Ар хорчин, Хишигтэн, Халхын зүүнгарын нэжгээд хошуу, Баарин, Жарууд, Оннигуд хошууд, нийт 11 хошууг Зуу-удын чуулган; Үзэмчин, Хуучид, Сөнид, Авга, Авга нар тус бүр 2, нийт 10 хошууг Шилийн голын чуулган; Дөрвөн хүүхэд, Муумянган, Халхын баруун гарын тус бүр 1, Урадын 3, нийт 6 хошууг Улаанцавын чуулган; Ордосын 7 хошууг Их зуугийн хэмээх 6 чуулган1 болгон хуваан зохион байгуулжээ. 1 “Мэнь-гу-ю-му-цзи” Записки о монгольских кочевьях. Перевод с китайского П.С.Попова. Спб. 1895, стр 1-47.
    Хар мөрөн мужид суурьшиж байсан Баргыг 1732 онд Хөлөн буйрын нутагт шилжүүлж авчирсан бөгөөд тэднийг хуучин Барга гэж нэрлэдэг. Харин Халх Монголоос 1734 онд Хөлөнбуйрт нүүлгэн авчирсан Баргуудыг шинэ Барга хэмээж, Хөлөн Буйрын хошуу сумыг зохион байгуулахад зүүн, баруун хоёр гар болгон хуваасан байна2. 2 Харгана. Ж.Өлзий. “Барга монголын түүх” УБ, 1999, тал 40, 89-94, 98.
    Манж нар Хөхнуурын монголчуудын нэгдмэл байдлыг задалж, хошууны зохион байгуулалтанд оруулж, Хөхнуурын 5 аймгийг 29 хошуу болгожээ. Үүнд: Хошууд 21 хошуу, Цорос 2 хошуу, Хойд 1 хошуу, Торгууд 4 хошуу, Халх аймаг 1 хошуу байгуулжээ.
      1697 онд Алшаагийн монголчуудыг хошуу, сумын зохион байгуулалтанд оруулж, 8 сумтай 1 хошуу зохиож, Хоролид төрийн бэйл өргөмжлөн, Алшаа засаг хошуу болгов. Алшаа нь бие даасан нэг аймаг мэт байсан ба чуулган байгуулаагүй аж.
     1753 оноос тэднийг Эзнээ гол хавь нутаглуулсанаас Эзнээ голын Торгууд хошуу буй болжээ2.
     Манж нар 1758 онд Зүүнгар хаант улсыг эзлэн, илийн газрыг байлдан дагуулах үед Торгуудын Шэйрэн тайж, Хойдын Дэжид тайж нар харъяатаа аван, угсаа нэгтэнтэйгээ нийлэхээр Ижил мөрнийг зорьжээ.
     1761 онд Ижил мөрөн дэх Торгуудын хан нас нөхцөж, түүний дөрөвдүгээр хүү Увш эцгийнхээ хан орыг эзлэв. Тэр үед дээр дурдсан ноёд харъяатаа дагуулсаар Халимагт очив.
    2 “Торгууд хаадын тууж”. Ойрад түүхийн сурвалж бичиг. Хөх хот. 1985. Тал 338-340.
    Тиймээс Увш Торгуудын нөлөө бүхий ноёдыг цуглуулан зөвлөлдөж, нутаг буцах нууц шийдвэр гаргажээ1.
     Гэвч тэд найман сар гаруй үргэлжилсэн хүнд аяны эцэст дөнгөж 10 мянга гаруй өрх, 70-80 орчим мянган хүн эх нутагтаа эргэн иржээ.
     Манж хаан 1771 онд Торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч, хэргэм зэрэг олгож, Увшид Зоригт хан цол өргөмжлөв.
     Тэнгэр уулын өмнө бие, Хар Сайр орчмын Торгуудын 4 хошууг Үнэн сүжигтийн өмнөд замын чуулган, Ховог сайрын Торгуудын 3 хошууг Үнэн сүжигтийн умарт замын чуулган, Хүр, Хар усны торгуудын 20 хошууг Үнэн сүжигтийн дорнод замын чуулган, Жин хэ орчмын Торгуудын 1 хошууг Үнэн сүжигтийн өрнөд замын чуулган, Жултас орчмын Хошуудын 3 хошууг дундад замын Батсэтгэлтийн чуулган хэмээн тус тус нэрийдэв. 1 Намсрай.”Дайчин улсын үеийн монголын түүх”. Улаанхад. 1993. Тал 274-276.
    Түнлий номын жасаа. Жил бүр Ар, Өвөр монголын нэр нөлөө бүхий хутагт лам нар ээлжээр Бээжинд очиж, Найралт Найрамдах ордог гэгчид цуглаж, манж хааны насан уртасгах ном уншихыг тийн нэрлэдэг байв.
     
  • Чингис Хааны алтан ургийнхны шарил олдсоор

    Монгол хүний дундаж нас нэгэн жаран бараг хүрэхгүй. Жарныг туулж, нэгэн сэдэвт эрдмийн ажил, эрэл хайгуул хийж чадсан монгол хүн нэн ховор. Бүтэн жаран дамжиж хайгуул хийсээр бараг өөрөө археoлoгийн олдвор шахам болсон, буурал эрдэмтэн Наваан багштайгаа уншигч та бүхийг уулзуулан, оюун бодлыг нь шимтлэн байж, ухааны тань магнайд сэтгэлийн зулaa өргөе. Алхах гишгэх нь хөнгөн шингэн, нас сүүдэр 80 давсан, эл өвгөн эрдэмтнийг тэтгэвэрт гарснаас хойш арав гаруй жил танхимдаа багшлуулж, үй олон монгол залуусын билгийн мэлмийг нээлгэн, ахмад үеэ амьд сэрүүн дээр нь хайрлаж чадсан, МУИС-ийн Антрoпoлoги-арxеoлoгийн танхимийн эрхлэгч, доктор, профессoр Д.Түмэн багшид чин сэтгэлээсээ баярлаж явдгаа энэ дашрамд давхар илэрхийлж байна.
    – Наваан багштайгаа яг бүтэн жилийн босгон дээр дахин учран золгож байна. Энэ хугацаанд та олз омог ихтэй байcан гэнэ. Шинэ олдворуудынхаа тухай, өнгөрсөн жилийнxтэй хамтруулан ярьж өгөөч.
    – Өнгөрсөн онд манай МУИС-ын антрoпологи-археoлoгийн танхимаас зохиосoн судалгаа шинжилгээний үр дүнд 13-р зууны үед холбогдох сонин шинэ олдворуудыг Монголын нутаг дээрээc олсон. Эдгээр олдворын талаар тухайн үед нийтэд мэдээлсний дараа 2005 онд бид үргэлжлүүлэн ажиллах ёстой байлаа. Гурван булшинд малталт хийхээр бид урдчилан төлөвлөсөн юм. Ингээд энэ жил тухайн газарт гурван булш малтcан. Өнгөрсөн жилийнхээсээ илүү үнэтэй, сонин зүйлс олдох байх гэж бид найдаж байв. Найдвар маань ёсоор биелэгдээд байна.
    – Cайхан мэдээ дуулгасанд их баярлалаа. Та анх эмэгтэй язгууртан хүний булш олсон билээ. Яг ямар эд өлгийн зүйлс тэндээс гарсан юм бэ? Тэр шарил чухам ямар шүү байршилтай байсан бол. Oлдворуудын тухай таниас тодруулан сонсмоор байна.
    – Хамгийн эхлээд бид Cүхбаатар аймгийн Онгон сумын “Таван толгой” гэдэг газар очсон. Тэнд хайгуул хийж яваад санамсаргүй тохиолдлоор “Дунд овоот”-ын энгэр дээр хэсэг булш байхыг би өөрийн ажиглалтаар олсон юм. Анх түүнийг олохдоо гадаад зохион байгуулалтын хувьд “Энэ булш маань Хүннүгийн үеийнх байна даа” гэсэн таамаг ойлголттой байв. Нэг гайхал төрсөн нь Хүннү нар уулын эх, өндөр, эгц энгэр газар хүнээ оршуулдаггүй юм. Харин эдгээр булшнууд газрын энгэр, цээжинд байлаa. Ямар учиртайг магaдлахаар анхны булшаа ухахаар шийдэж, хамгийн зүүн хойд энгэрийн дээд талд орших булшийг малтахад морьтой эмэгтэй хүн, урд өмнө тоногдоогүйгээр бидэнд олдсон юм. Энэ бол маш том аз завшаан бoлoв. Учир нь эмэгтэйн баруун, зүүн гараас олдсон алтан бөгжүүдийн дотор талд нууц байдалтайгаар дүрсэлсэн цагаан шонхор шувууны зураг байсан. “Яах аргагүй 13-р зууны Чингис хааны алтан ургийн холбогдолтой юм байна” гэсэн мэдээллийг энэ зураг бидэнд анх өгсөн. Энэ нь бидний хайгуулын ажлын маш том амжилт болсноор барахгүй энд байгаа бүх булшнуудыг үргэлжлүүлэн малтаж, судлах ажилд биднийг татан оруулсан. Ийнхүү удаан хугацааны судалгааны ажил энд хийх шаардлага бидэнд гарч ирлээ.
    – Язгууртан хүний шарилаас алтан бөгж олсон тухай та ярилаа. Хоёр ч алтан бөгж олдсон юм байна. Мөн хоюулаа дотoр талдаа цагаан шонхорын дүрстэй байжээ. Түүнээс сонин өөр эд өлгийн зүйлc дагалдан олдов уу? Эмээл хазаар, хувцас, хэрэгсэл байсан уу? Өөр угсаатны зүйн хувьд сонирхол татахаар ямар юм олдсон бэ?
    – Уг булш хүний гарт нэгэнт хөндөгдөөгүй учраас энэ эмэгтэй морьтой, морь нь толгойгүй байсан. Морины толгойг монголчууд дэргэдэх өндөр уулан дээр тахилга болгон тавьдаг уламжлалтай байснаас морин толгойг ууланд тавьсан байх. Түүнээс гадна морь эмээлтэй, эмээл нь маш уран хийцийн алтан шармал бүүрэгтэй байлаа. Энэ эмээлийн олонцог, гөлөм гээд холбогдол бүхий зүйлс цөм хэвэндээ байсан. Тэдгээр нь маш уран гоё хээтэй, торгомсог эдээр хийсэн, оёо нь маш нарийн шаглагдсан, мөн энэ эмээл төмөр дөрөөтэй. Эмэгтэйгээс зөвхөн цагаан шонхортой хоёр бөгж гараад зогсоогүй олон өөр олдворууд дагалдан гарсан. Хүрэл толь, баруун зүүн гартаа мөнгөн бугуйвч, зүүлт болгон хэрэглэж байсан үнэт оюу чулуун шигтгээтэй алтан зүүлтүүд байв. Эдгээр нь урлаг, уран дархны хувьд хосгүй нарийн хийгдсэн зүйлс юм.
    – Та мөнгөн бугуйвч олдсон гэв. Тухайн үед бас мөнгөөр бугуйвч хийдэг байж дээ. Тэр бугуйвч элдэв хээ угалзтай байв уу? Эмээлийг дагалдан олонцог, гөлөм, дэвс олдсон юм байна. Тэдгээрт мөн хээ угалз хэр олон байв. Та зураглал хийж авсан уу? Эдгээр зүйлсийн хадгaлалт нь одоо ямар байна?
    – Ховор материалаа Их сургуулийнхаа хэмжээнд нэлээд сайн нууцлалтай хадгaлж байгаа. Oлдворуудыг сэргээн засах ажлыг бид үргэлжлүүлэн хийж байна. Энэ ажил гарын дор тийм амархан биш. Бас түргэн хийж болохгүй. Няхуур, чимхлүүр, төвөгтэй ажил учраас эмээлийн холбогдолтой торог, нэхмэл болон бусад эдлэлд бид гар зураглал хийсэн, мөн цаашид ч хийнэ. Cэргээн засварлагдаж байгаа зүйлс маань тусгай нэгэн номонд орох учраас бид материалуудыг нягт нямбай, эрэмбэ дараатай сэргээж байна.
    – Та судалгааны материалуудыг нэгтгээд ямар нэртэй ном гаргах гэж байна. Ойрын хугацаанд таны ном гарах уу?
    – Онгоны Таван толгойд олдсон учраас 13-р зууны үед холбогдох бүх материалыг нэгтгэж оруулаад “Онгон Таван толгой” нэртэй номыг монгол, англи хэлээр гаргах зорилго тавиад ажиллаж байна. 2006 онд болох Чингис хааны байгуулсан эзэнт гүрний тулгар төрийн 800 жилийн ойн өмнө ном маань гарах тул бидэнд тохиолдoх их баяртай үйл хэрэг болно.
    – Та эхний булшны олдворын талаар тодорхой сайхан ярилаа. Түүнийг дагалдаж эрдэнийн чулуун шигтгээтэй алтан жинстэй малгай бүхий шарил олдсон тухай би сонссон. Тэр олдвор эхний малталтаар гарсан уу? Та үүнийг тодруулж хэлнэ үү?
    – Сонин сайхан олдвор гарсан, эмэгтэйн тоногдоогүй булшнаас гадна түүний хөлд нь хоёрдугаар булш байсан. Энэ булшийг анх бид эмэгтэйн хүү нь юм уу, эсвэл эмэгтэйтэй холбоотой хүний булш байх гэж үзсэн. Тэгээд малталт хийхэд уг булш дээр үед тоногдсон байдалтай байлаа. Энэ булшийг тонож үймүүлсэн мөртлөө эмэгтэйн булшийг тоноогүй үлдээсэн нь бидэнд ёстой азтай хэрэг болсон юм. Тоногдсон булшнаас анатомийн зохион байгуулалтаараа эрэгтэй хүний яс гарав. Дэргэд нь морь байсан. Морь нь харин толгойтой байлаа. Эдгээрээс ажиглахад энэ эрэгтэй нэлээд зэрэг дэвтэй, чухал хүн байсан болов уу. Түүнээс гарсан хамгийн сонин олдвор нь ууцан доороо хийсэн, зүүн гараас нь торгомсог эдлэлд цугласан бадам лянхуа цэцгэн суурьтай, танан эрдэнийн шигтгээ бүхий алтан эдлэл гарсан. Энэ нь жинс ч юм уу, эсвэл шүтлэг бишрэлийн дог ч юм уу, ямар нэгэн чимэглэлийн зүйл байх. Энэ чухал зүйлийг утга агуулгынхаа хувьд дорно зүгийн төв азийн Монгол оронд Шагжа-мунийн шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж би үзэж байна. Иймээс энэ хүн ховор нандин зүйлийг эрхэмлэж, ямар нэгэн хүнд алдахгүйн тулд ууцан дороо нуусан гартаа бат атгаж хадгалсан явдал бол зан үйлийн маш сонин олдвор хэмээн бид үзэж байгаа. Энэ талаар судалгаагаа үргэлжлүүлэн хийж байна.
    – Тэр хүний шарил тоногдсон учраас морь нь эмээлгүй байв уу? Өөр ямар нэгэн дагалдсан эд өлгийн зүйл байв уу? Тоногдсон гэдгийг та яaж мэдсэн бэ?
    – Арxеoлoгийн дурсгалд хүний гар хүрсэн хүрээгүй болох нь тэр дороо мэдэгддэг. Энэ хүний ясанд хөдөлгөөн бага зэрэг орсон байв. Морь нь угаасаа эмээлгүй байсан болов уу. Эмээлтэй байгаад эмээл нь тоногдсон юм лав биш. Харин нэг дөрөө байсан нь сонин юм. Яaгаад тоногдсон гэж үзэж байна вэ гэвэл эмэгтэйн булшнаас гарсантай нэгэн адил янз бүрийн үнэт зүйлс энэ хүний дэргэд байх ёстой. Ууцан дороо хийсэн жинс хэлбэртэй олдвор бол тоногчдын анхааралд огт өртөөгүй учраас тоногчид түүнийг огт анзаараагүй байна. Булшнаас өөр эд өлгийн зүйлс гараагүй, ясны байршил хөдөлсөн зэргээс дүгнээд урд өмнө тоногдсон байх гэж үзсэн.
    – Өнгөрсөн жил хоёр булш малтаад өвөл болсон байх. Энэ жил хавь ойрт нь үргэлжлүүлээд малталт хийсэн юм уу? Бусад олдвороо хэрхэн олсон талаар ярина уу?
    – Өнгөрсөн жил малтсан булшны дэргэд нэгэн талбай дээр ойр ойрхон олон булш байсан учир энэ жилийн хувьд бид их том зорилго тавьсан. Тэднээс гурван булшийг шилж, малталт хийсэн. Эдгээр гурван булшныг ноднин малтсан булшны дарааллаас өөрөөр, энэ жилийн малталтын дугаараар дугаарлаж 5, 6, 7 гэж нэрлэсэн. Гурван булшнаас маш их үнэтэй зүйлс гарлаа. Yүний 5 дугаар булшнаас 20 хүрээгүй болов уу гэмээр антoапологийн материалтай эмэгтэй олдсон. Залуу эмэгтэйн дэргэд маш олон зүйлийн алтан эдлэлийг толгойных нь дэргэдүүр, биен дээгүүр нь тавьсан байв. Тэдгээр зүйлcийг бид судалгаандаа авсан. Багавтар залуу эмэгтэй учраас их гоёмсог, цул алтаaр хийсэн титэм, үнэт чулуу-цагаан хашаар хийсэн алтан шигтгээтэй биндэрьяa тольтой бүсний тээг, алтан бөгж, янз бүрийн хээ угалзтай алтан даруулга, товруу, бөөрөнхий алтан хайрцагтай хүзүүний зүүлт, алтан очир зэрэг тэндээс олдсон. Oлдсон зүйлcийн хамгийн сонин нь гартaa атгасан цул алтан очир. Очир гэдэг бол бурханы шашинтaй холбоотой эдийн зүйл. Тэр үед Монгол газар, монгол хүмүүс бурханы шашины бишрэлийг хүлээн авч, залбирал үйлддэг байсны баримт гэж үүнийг үзэх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн малталтаар мөн сийлбэртэй ясан очир олдож байсан. Эдгээр нь тэр үеийн шашины холбогдолтой ховор олдвор болно.
    – Энэ залуу эмэгтэйгээc морь, эд өлгийн зүйлc дагалдаж гарсан уу? Эмээл байв уу? Эсвэл дан ганц эмэгтэйн шарил байсан уу?
    – Залуу эмэгтэй бол үнэхээрийн их язгууртан хүний эрх танхил, энхрий охин байсан байх. Эмэгтэйг морь дагалдаж байсан ба урд өмнө Монголын археoлoгийн түүхэнд нэг ч олдож байгаагүй гайхамшигтай уран хийцтэй, луун хээ угалзаар чимсэн алтан шармал эмээл гарсан. Анх удаа олдож байгаа маш нарийн сийлбэр хээтэй, давхар бүүрэгтэй энэ алтан эмээлийг дахин сэргээх ажлыг бид эхлээд байна. Энэ алтан эмээл угсаатны зүйн талаараа дорны их соёлын том баримт гэж бид үзэж байгаa. Уран дархны хувьд бол гайхамшигтай урлал болох нь их нарийн урласан луун хээнд оршино. Луу бол тэнгэрийн гаралтай амьтан, ийм амьтнаар чимсэн хээтэй алтан эмээл яавч тэнгэр язгууртай хүний эдэлж явсан эрхэм зүйл. Дахин хэлэхэд ийм эмээл Монголын археoлoгийн түүхэнд анх удаагаа олдож байгаараа их гайхамшигтай ховор олдворуудын нэг болж, бид бахархах өв соёлтой хүмүүс гэдгийг баталж байгаа юм.
    – Нэмж хэлэхэд Монголын хаадын эмээл хэрэглэлийн талаар олон ном сэтгүүл дээрээс зураг материалыг судалж үзэхэд үндсэн хоёр хэлбэрийн алтан эмээлүүд дүрслэгдсэн байдаг юм билээ. Тэдэнтэй энэ эмээлийн хийц, хэв маягийг харьцуулахад үнэхээр уран нарийн юм байна. Yүнийг би маш бахархууштай зүйл гэж бодож байна. Та үргэлжлүүлээд 6, 7-р булшны олдворын талаар ярина уу?
    – 6 дугаар булшнаас алтан ээмэг олдсон. Энэ эрэгтэй хүний булш бас л хүний гарт хөндөгдсөн байдалтай байв. Шарилыг маш сайн хийцтэй авсанд оршуулжээ. Модны найрлагa нь манай оронд байдаггүй, өмнө зүгийн эд шиг санагдав. Авсны дотор талыг их сайн торгомсог эдээр доторлoсон, тэр торгомсог эдлэл их том хэсгээрээ бидэнд олдлоо. Yүнийг бид нандигнан авч ирээд засварлахаар шамдаж байна. Харин энэ шарилаас морь олдоогүй. 7-р булшинд эрэгтэй хүн оршуулсны антропoлогийн материал нь гарсан. Эндээс хувцасны тоног юм уу гэмээр хээ угалзтай алтан эдлэлүүд олдсон. Энэ булш мөн хүний гарт тоногдсон байв.
    – Тэнд 5 булш олсдсoноос 2 нь эмэгтэй 3 нь эрэгтэй байжээ. Эрэгтэйчүүдийн булш хөндөгдчихсөн, эмэгтэйчүүдийн булш хөндөгдөөгүй байcaн нь оршуулснаас хойш удалгүй мэддэг хүний гараар тоногдсон байх магдлал өндөр юм байнa шүү дээ. Та үүнийг юу гэж бодож байна?
    – Яг таны ярьсан таамаглал бидний бодож байгаатай адилхан байна. Эртний язгууртан хүний дэргэд маш их юм тавьдаг байсан. Тиймээс энэ оршуулга удалгүй тоногдсон, тонуулчид ч мэддэг, мэдээлэлтэй байсан болов уу.
    – Хүннүгийн оршуулгын хэлбэртэй оршуулсан Монголын хаад язгууртны 5 булшнаас өөр булшнууд тэр хавьд байсангүй юу. Тэр хавийн газруудаар үргэлжлүүлэн судалгаа хийх үү?
    – Бидний судалгаа хийсэн “Дунд овоот”- ын энгэрт өөр олон булш байгаа. Тэдгээр нь байршлын хувьд хоорондоо ойрхон, мөн 200, 300 метрийн зайнд ч нэлээд булш бий. Зaримд нь бид малталт хийсэн. Алтан эдлэл олдсон булшнуудаас өөр эгэл жирийн хүмүүсийн булш голдуу байгаа. Зарим нь морьтой мөртлөө алтан эмээлгүй, язгууртан хүмүүсийн булш, цэрэг эр явсан хүмүүсийн булш болох юм гэсэн санаанууд бидэнд төрж байна. Цэрэг эрсийн булш байсныг батлах эд өлгийн зүйл тэндээс гарсан. Өнгөрсөн жил ухсан ядуухан эмэгтэй хүүхдийн булшнаас хүрэл ээмэг гарч байсан. Ийнхүү юм болгон л тэнд байгаа. Жинхэнэ алтан эдлэл гарах, язгууртных гэж үзэхээр тийм хэмжээний булш бидний анхны малталт хийсэн газар ахиад хэд хэд байгаа. Барaгцаагаар дахиад лав 5, 6 булш бий. Эдгээр булшнуудыг 2006 онд бид үргэлжлүүлэн судална. Судалгаагаа мэдээж хойшлуулалгүй явуулна. Түүнээс нэг км орчмын зайнд зэрэгцээ 2, 3 толгод байгаа. Нэгэнд нь арваад нөгөөд нь 7, 8 булш бий. Цувраa толгод учраас Таван толгой гэж нэрлэсэн газар л даа. 13-р зуун, түүнээс бүр өмнөх Хүннүгийн үед хамрагдах том дурсгалууд хадгaлж байгаа газар аа. Иймээс энэ газрыг хамгаалах, улсын хамгаалалтанд авах, дархан цаазтай газар болгох зэрэг асуудлыг бид Монгол Улсын Засгийн газарт тавих гэж байна.
    – Таван толгой одоо нийтэд тодорхой болсон тул ашиг олз хайсан янз бүрийн хүмүүс ухаж сүйтгэх болов уу? Нууцаар очиж малталт хийлгэхгүй байлгах төрийн хамгаалалтыг ямар аргаар зохион байгуулж болох вэ? Орон нутгаас тухайн бүсийг хянаж байдаг уу?
    – Сүхбаатарын Онгон нь манай улсын хилд хамгийн ойрхон сум. Бидний малталт xийсэн газар хилийн зурвасаас дотогш ердөө 10 км зайтай. Тэнд хилийн цэргийн нэг отряд хоорондоо зайтай 3 застав байгаа учир хамгаалалт их сайн. Хилийн харуулууд байнга харж байх тул баргийн хүн тийшээ зүглэж чадахгүй. Ямар машин хаашаа явж байна, ямар дарга хаанаас ирж байна, хаа хамаагүй хүн байна уу гээд бүх юм тодорхой ажиглагдана. Xилийн хамгаалалтынхнаас гадна орон нутгийн айлууд өөрсдөө бac хилчид байдаг. Тэд хонь хургандаа явж байхдаа хэн хүн хаана явж байна, морьтой юм уу, үгүй юм уу, нутгийн хүн үү, алс холын хүн үү гээд бүгдийг ажиглаж чаддаг ёстой хилийн харуулчид (тагнуулчид) байдаг юм. Айлууд нь хүртэл тийм байхад энэ зүгт дуртай хүн очих юм биш.
    – Бахархууштай cайхан хэрэг байна. Таны хэлснээс үндэслээд бас нэг бодол санаанд буулаа. Хилийн зурвасаас нааш ердөө 10 км-т ийм булшнууд олдсон юм чинь цаад талдаа байхгүй гэж хэлж чадмааргүй. Газар зүйн хувьд ойрхон тул цаад талыг нь та сонирхож үзсэн үү?
    – Xилийн цаад талыг сонирхож үзээгүй. Хилийн зурвас учраас нэвтрэх боломжгүй. Биднийг тийш нь алхуулахгүй. Цаанаасаа ч нааш нь алхуулахгүй. Иймээс хилийнхээ цаад талд адил хэмжээний дурсгал бий юу, үгүй юу гэдгийг мэдэх мэдээлэл бидэнд алга. Ер нь Хятад ард улсад олдож байгаа археoлoгийн дурсгалуудын талаарх мэдээлэл их ховор байдаг. Барагтай л бол мэдээлдэггүй, нэг л нуугаад байх шиг байдаг юм. Ийм учраас тэнд манайхтай адил төстэй зүйлс байдаг уу, үгүй юу гэдгийг би мэдэхгүй байна. Өвөр Монголын нутагт яаж судалгаа явагдаж ирсэн талаар ярих юм өвгөн ахад нь алга байна. Газрын байцаараа бол Таван толгойгоос урагш Хятадын нутагт харагдах уул байхгүй, ёстой толь шиг хязгааргүй тал нутаг л үзэгддэг. Уул, хад, чулуу байхгүй газар оршуулга хийхэд матeриал олдохгүй. Чулуу бол оршуулгын хамгийн гол матeриал болдог учраас тэнд ойролцоо, нэг их булш байхгүй болов уу гэж би бодож байна. Тaван толгой баруунаас зүүн тийш цувран тогтcон их хад чулуутай, жинхэнэ оршуулга хийх бололцоотой газар. Таван толгойд бас хаан хатан хоёрын гантиг чулуун хөрөг (Даригангад чулуун хөшөөг хөрөг гэж хэлнэ. Ш.Б.) бий. Оршуулгууд ч бас чулуун хөрөгтэй холбоотой байж болoх талтай.
    – Хаан хатан хоёрын гантиг хөргийг цул чулуугаар хийсэн юм уу, эсвэл хадан дээр сийлсэн байна уу? Хэдий үед хамаарагдах дурсгал юм бол? Энэ дурсгал хэр судлагдсан талаар та ярьж өгнө үү?
    – Таван толгойн хаан хатан хоёрын чулуун хөрөг бүр эрт номонд орсон. 1920-иод оны үед Оросын шинжээч Казикеевич энэ чулуун хөргийг тодорхойлсон. Манай доктор Баяраа чулуун хөргийн талаар их тодорхой судалгаа хийсэн. “Дорнод Монголын чулуун хөрөг” нэртэй ном бичиж түүгээрээ докторын зэрэг хамгаалсан. Энэ номондоо Баяраа доктор “Таван толгойн хаан хатан хоёрыг Монголын 13-р зууны үеийн, Чингисийн үеийн хэн нэгэн нэр нь мэдэгдэхгүй алдартай том хааны хөрөг” гэж бичсэн байгаа.
    – Чулуун хөрөгний дэргэдэх булшнуудаас 13-р зууны үеийн алтан эдлэлүүд олдсон болохоор Баяраа докторын судалгааны таамаглалыг та практик дээр баталж өгсөн юм байна даа.
    – Өөрөө баталж өгсөн гэж хэлж байна. Би баталж өгсөн гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл өнөөдөр энэ хоёр хөрөг Онгоны Таван толгойд бидний олсон материалтай холбоотой эсэхийг яг баталж өгөөгүй байгаа. Яаж хэзээ батлах вэ гэвэл хаан хатан хоёрын чулуун хөргийн хажууд хоёр булш бий, түүнийг малтсaны дараа л батлагдана. Хаан хатан хоёрын чулуун хөрөгтэй Oнгоны Таван толгойгоос гарсан эд өлгийн зүйлүүд холбоогүй байж ч болно.
    – Тэгвэл яагаад өдий болтол тэдгээр чулуун хөргийн дэргэдэх булшийг сонирхолгүй ирсэн бэ? Тэр хоёр булшинд урд малталт хийгээгүй юм байна шүү дээ.
    – Малталт хийгээгүй, одоо бид 2006 онд тэнд малталт хийхээр төлөвлөж байна. Бидний малталтаар хаан хатан хоёрын чулуун хөрөг хийгдсэн цаг үе, тэдэнд хамааралтай матeриал илэрч, хаан хатан хоёр бидний олдвортой нэг үеийн болох эсэх нь тогтоогдоно. Тэдэнтэй холбогдолтой булшийг нь малтаж байж л батална.
    – Тэдгээрийг та газарт суулгaсан чулууг хөрөг гэж ярьж байна. Хөшөөн чулуу юм уу, эсвэл хавтгай байдалтай сийлсэн хөрөг байна уу? Хэр том хөргүүд вэ? Түрэгийн дургалын хөшөөнөөс хэв загварын хувьд эрс өөр үү?
    – Дорнод Монголын чулуун хөрөг бол сууж байгаа хүний хэмжээтэй нүүр царай, хувцас хэрэгслийг нь сийлсэн чулуун хөшөө юм. Толгойнуудыг нь аваад хаячихсан эвдрэлтэй. Түрэгийн үеэс бүр өөр. Жинхэнэ Монголын үеийн гэдгийг нь Баяраа доктор тайлбарласан.
    – Хавь ойрд нь ийм олон алтан эдлэл олдсон юм чинь чулуун хөшөө ямар нэгэн сэжүүрээр холбоотой байх магaдлал нэг л өндөр санагдаад байна. Таны бодол ямар байна вэ?
    – Тийм байж болно. Хоёрын хөшөөний дэргэд байгаа хааны булш дээр үед их ухагдсан юм билээ. Харин хатны булш бага зэрэг ухагдсан байна. Аль алиныг нь урд ухсан ч гэсэн тэндээс эд өлгийн зүйл гарна гэж бодож байна. Гарсан зүйлсээр юу болох нь нотлогдоно.
    – Шарилуудыг дагалдаж ном судар гарсан уу? Yйсэн дээрх судар бичиг ч юм уу, ямар нэгэн номтой холбогдол бүхий зүйл гарсан бол их сонин байна.
    – Бидний малтcан газруудаас ном бичгийн дурсгал бол гараагүй. Уг нь гарч болох бололцоотой юм. Гэхдээ эндээс гарч байгаа эд өлгийн зүйлс цөм өөрөө ном шүү дээ.
    – Хааны хайртай эрх гүнж баймаар залуу бүсгүйн дугуй алтан хайрцагтай зүүлтнээс улаан бор өнгийн шороо мэт зүйлс гарчээ. Тэр юу байсан юм бол? Арай угийн бичиг байсан юм биш биз.
    – Тэр бол их нандигнан хайрлаж ирсэн эм байсан байх. Түүний найрлагыг арайхан тогтоогоогүй байна.
    – Та бас эмэгтэй хүний гутал олсон гэж ярьж байсан. Аль булшнаас гарсан юм бэ? Сүүлд малтcан ядуу хүмүүсийн булшнаас уу, эсвэл язгууртнуудын булшнаас уу?
    – Энэ жилийн малталт бидэнд маш их сонин мэдээлэл өгсөн. Онгоны Таван толгойгоос хойшoo Монгол нутгийн гүн рүү 200 км зайтай орших Сүхбаатар аймгийн Асaгa сумын нутагт дахиад энэ төрлийн булшнууд шинээр олдсон. Нэр нь Шарга уул гэдэг газар. Гадаад зохион байгуулалт нь Онгоны Таван толгойн булштай адил. Эндээс Онгоны Таван толгойд гарч байсан алтан эдлэлтэй яг адил зүйлс олдсон. Маш уран хийцийн ширэн гадартай, ширэн дээгүүрээ хээтэй эмэгтэй хүний өөрөөсөн гутал гарсан. Тэр гутлаа сэргээн засварлаж, нандигнан хадгалж байна.
    – Шарга ууланд та нэг шaрил малтав уу, эсвэл нэлээд хэдэн шарил малтcан уу?
    – Нийт гурван шарил малтcан ба олон янзын эд өлгийн зүйлс гарсан. Зарим нь Онгоны Таван толгойд олдсон олдвороос арай өөр. Гурван шарилаас хонины шаант чөмөг гарсан. Манайхан их хүндэтгэлд хонины шаант чөмөг хэрэглэдэг, цагаан сараар шаант шөмгийг идээнд тавьдаг. Энэ олдвор Монголын зан үйлийн дурсгалд ихээхэн ач холбогдол өгөх эд болно.
    – Шарга уулын алтан эдлэлүүд нь Онгоны Таван толгойгоос олдcонooc өөр хэлбэр загвартай байв уу? Ялгарах онцлог юу байв?
    – Ялгаараад байх юмгүй, Онгоны Таван толгойгоос гарсан, малгай дээр хаддаг алтан чимэглэлтэй адил гоёлын алтан зүүлт Шарга уулын булшнаас олдов. Иймээс эдгээрийг нэг үеийн дурсгал гэж үзэж байгаа. Малгайд хаддаг зүүлт нь алтан титэмнээс арай өөр, дөрвөн талдаа зүрхэн хэлбэрийн оюу шигтгээтэй, ерөнхий хэлбэрээрээ хөзрийн бундантай төстэй, эвэр угалзан хээ ихтэй зүүлт юм билээ. Тэдгээрийн хийц, хэмжээ нь хүртэл адил. Бүр нэг дархан хийсэн юм шиг адилхан байсан. Тийм болохоор энэ хоёр олдвор хэдийвэр хоорондоо 200 км зайтай ч нэг л үеийнх болно.
    – Таны ярьсан болгоноос нэгэн бодол төрлөө. Манайхан эртнээс алтан ургийнхны булшийг Хэнтийн нуруунд хайгаад байсан, гэтэл бид хайсан зүйлсээ одоо Сүхбаатар аймгийн нутгаас олоод байгаа юм биш үү?
    – Эдгээр булш алтан ургийнхных гэдэг нь гарцаагүй. Чингис хаантай ойрынх, эсвэл нэлээд уламжлал болсон хойд үеийнх гэдэг нь бидэнд тодорхой байна. Харин жинхэнэ Чингис хааны бие төлөөлөгчид арай биш болов уу? Ямар ч байсан Чингис хааны алтан шонхор сүлдийг тахидаг, нандигнан эрхэмлэдэг, ийм соёлын уламжлалыг өөртөө хадгалж явсан хүмүүс гэдэг нь батлагдаж байна.
    – Монголын их хаадын үе дуусаад ихэнх бага хаадын амьдрал цагаан хэрэмний ард үргэлжилсэн ба бага хаад Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар хэдэн зууны турш нүүдэллэн нутaглaж байсан болов уу. Тиймд эдгээр булш Умарт Юань улсын дурсгал байж болох талтай. Эндээс харагдаж байгаа гол нотолгоо нь бурханы шашины бага хөлгөний ёс ихэд дэлгэрсэнтэй холбоотой эд өлгийн зүйлс олдсон байна. Алтан эдлэлийн хийц маягийг ажиглаад байхад Чингис хаан болон түүний залгамж үеийнх гэж хэлж болмоор юм. Тэгэхээр би эдгээр булшийг Их Монгол улсын арай сүүлийн үеийнх байх гэж таамаглаж байна. Та миний саналыг юу гэж бодож байна вэ?
    – Өөрийн чинь санaлыг 100% дэмжиж байна аа. Яагаад гэвэл Баяраа доктор Дорнод Монголд байгаа зарим нэг хөшөөний талаар дурдахдаа эдгээр нь Хувилай хааны үеийн дурсгалтай холбогдох болов уу гэсэн таамаглалыг дэвшүүлсэн. Тийм байж болно. Түүгээр ч барахгүй бага хаадын үеийн төр бол байр сууриа олсон боловч соёлоо дорно зүгийн соёлтой их холбож тэндээс торго, нэхмэлийн зүйлсийг ихээр оруулж ирдэг, урчуудыг нь авчиран юм хийлгээд өөрдөө их хэрэглэдэг байсан юм уу. Дурсгалуудаас харахад ийм соёлын холбоо хөгжиж байсан нь илт байна. Ийм учраас бага хаадын, ялангуяа Хувилай хааны залгамж үеийн дурсгал болнo гэдгийг би үгүйсгэхгүй байна.
    – Угсаатны зүйг эртнээс сонирхож ирсэн учир монголчуудын антропoлоги (угсаатны зүй), зан үйлийн талаар би нэлээд ном цуглуулгатай болсон. Гадаадад гарч байгаа монголын соёлтой холбогдол бүхий материалыг аль болохоор олж авахыг эрхэмлэдэг. Дэлхий нийтэд монголчуудын антропологи-арxеoлoгийн талаар гарч байгаа материалуудыг харьцуулахдаа 13-р зууны үеийн монголчуудын хээ угалз, хэв загвартай бишгүй таарлаа. Гэтэл таны энэ олдвороос гарсан зүйлс ур хийцээрээ тэдгээрээc хамаагүй өндөр байна. Та нарын олсон зүйлс Монголын антропологи-арxеoлoгийн судалгааг өөрчилж чадахуйц хэмжээний дурcгалууд гэж би бодож байна. Зөвхөн тэр язгууртан бүсгүйн алтан эмээлийг сонгон авахад бүүрэг, загас, хавтасны хээ, олонцог, гөлөм, дэвc нь тасархай сайхан хийцтэй байна. Ийм гайхалтай нээлт хийж, үнэт олдвор малтсан Наваан багш таны олон жилийн нөр их хөдөлмөрийг төр засаг хэрхэн үнэлж ирсэн бэ? Одон медалиуд ч учир тоймгүй олон биз дээ?
    – Би 60 гаруй жил арxеoлoгийн ажил хийж байгаа хүн. Миний ажилласан ихэнх хугацаа социализмын бүтээн байгуулалтын үед өнгөрсөн. Социализмын үед бид бүгд хамаг чадлаа эх орон, ард түмэндээ зориулдаг, түүнийгээ юман чинээ боддоггүй байсан цаг. Тухайн үедээ бидэнд өндөр цалин хөлс олгодог байсан учир амьдрал хэвийн өнгөрч, төр засгаас том том шагналуудыг удаа дараа авч байсан. Oдон медалиуд олон бий. Харин одоо зах зээлийн нөхцөлд байдал өөр болж, хэн хэрхэн ямар зүйлс олсноороо нөхцөл байдал, шан харамж өөрчлөгдөх байх аа гэж би бодож байна.
    – Та тэгээд ямар ямар одонгууд авсaн бэ? Тодруулаад ярьж өгөөч.
    – Төрийн хамгийн том одон гэж үздэг “Алтан гадас”-aaр нэлээд сүүлд шагнуулсан. Хөдөлмөрийн хүндэт мeдаль гээд тухайн цаг үетэй холбоотой медалиуд надад бий. “Төрийн соёрхолыг Наваан багшид өгөхгүй бол болохгүй” гээд манай сургууль тодорхойлолт бичээд дээш нь явуулсан байгаа. Тэр ажил хэрэг болно байх гээд хүлээж сууна. Миний тодорхойлолтыг явуулсан нь Энхбаяр даргыг Ерөнхийлөгч болсон цаг үетэй давхцаж байгаа. Энэ бүхэн цаг үеэ олоод миний эрдэм шинжилгээний ажлыг үнэлсэн баярт явдал, улмаар үр хүүхдэд маань тэмдэглэлт үйл явдал болно байх. Миний хамтран ажиллагчид, мөн хилийн чандад байгаа та мэтийн дотны нөхдөд тэгж байгаад нэгэн баяртай чимээ хүрнэ байх гэж найдаж байна.
    – За баярлалаа. Таны хүсэл сэтгэлчилэн бүтэх болтугай. Та цаашдын судалгааны ажлаа амжилттай явуулж, улам олон ховор нандин олдвор олоорой. Мөн бичиж буй сайхан номoo дуусгаарай. Таны бичсэн ном дэлхий нийтийн нүдийг бүлтийлгэх ховор мэдээллээр дүүрэн бүтээл болно шүү. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    – Та нарынхаа итгэл найдварыг биелүүлэхийн тулд монголын түүхээр зогсохгүй дэлхийн түүхэнд холбогдох ховор нандин олдвор олсноо гадаад дотоодын эрдэмтэд, харьд суугаа эх орондоо хайртай монголчуудынхаа хүртээл болгохooр өвгөн ах нь мэрийх болно. За та нарын өлзий буян дэлгэрч яваг.
    Ярилцсан Ш.Баатар, Америкийн Баруун Эргийн Монголчуудын Cоёлын Cан

     
  • Жек Ма: Хүн амзүйн сүйрэл хүн төрөлхтний гол АЮУЛ болно

    “Хүн төрөлхтөн ойрын 20 жилд тулгарах хамгийн том асуудал нь хүн амзүйн сүйрэл. Хүн амзүйн тэсрэлт биш гагцхүү сүйрэл гэдгийг цохон тэмдэглэе ” хэмээн Маск мэдэгджээ.
    Түүнтэй санал нэг байгаагаа Алибаба-ийн захирал Жек Ма илэрхийлээд, манай гаригийн хүн ам эрчимтэй буурна хэмээн мэдэгдсэн байна.
    “Хятадад 1,4 тэрбум хүн амтай гэдэг нь их тоо шиг санагдаж магадгүй,гэхдээ ойрын жилүүдэд Хятад ноцтой асуудалтай тулгаран, хүн амын бууралтын хэмнэл түргэснэ” хэмээн Жек Ма өгүүлжээ.
    Хүн амзүйн энэхүү асуудлыг шилжилт, цагаачлалаар шийдэж болно гэж Илон Маск  үзэж байгаа гэнэ. Ингэснээр төрөлт нэмэгдэнэ, хүмүүс зөвхөн Дэлхий дээр биш Ангараг гаригт ч хэрэгтэй хэмээн Маск өгүүлжээ.
    Гагцхүү хүн амын хэт өсөлт, дэлхий дээрх хүмүүсийн тоо манай гаригт сөргөөр нөлөөлнө гэсэн олон тооны судалгаа байдаг ч эсрэгээрээ, хүн ам цөөн байх нь ноцтой асуудалд тооцогдох талаар өмнө нь тэр бүр яригдаж байсангүй.
    Ийм байр суурьтай байгаагаа нийтэд  илэрхийлж байсан цөөн хүмүүсийн нэг нь  социологч-судлаач Даррел Брикер болон сэтгүүлч Жон Иббитсон нар юм. Тэд “Хоосон гариг: дэлхий даяар хүн амын тоо эрс буурч байна” нэртэй номондоо дэлхийн хүн ам хэт ихсэх аюул огт байхгүй гэж үзжээ.
    НҮБ-ын мэдээлснээр 2100 он гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрэх таамаглалтай ч дэлхийн олон орны хүн амзүйчид үүнтэй огт санал нийлдэггүй байна. Харин ч XXI зууны дунд үе хүртэл хүн амын өсөлт оргилдоо хүрч, түүнээс цааш буурна гэдэг дээр тэд санал нэгддэг.
    Зарим орнуудад одоо ч хүн амын тоо буурч байгаа бөгөөд  хөгжингүй орнуудад төдийгүй төрөлт өндөр байдаг орнуудад ч 2050 он гэхэд төрөлт буурна гэж номын зохиогчид үзжээ.
    2020 онд төрсөн хүүхэд 30 нас хүрэхдээ хүн амын ихэнх нь өндөр настай хүмүүс болох нийгэмд амьдарна. Ийм нөхцөлд ажлын байрны асуудал тулгарахгүй ч ахмад настнуудын эрүүл мэнд, тэтгэвэрт зориулах өндөр татвар цалингийн ихэнх хэсгийг “залгина” гэж номын зохиогчид бичжээ.
    Ийнхүү төрөлт буурч, хүн ам хөгширснөөс үүдэн нийгмийн бүхий л асуудлуудыг цөөн тооны залуус нуруун дээрээ үүрэх тул эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай дэлхий дахин тулах нь гарцаагүй юм.
    Харин экологийн үүднээс хүн амын бууралт дэлхий дахинд сайнаар нөлөөлнө гэж номын зохиогчид үзсэн байна. Хүлэмжийн хий агаар мандлыг бохирдуулахгүй, гол мөрөн одооных шиг бохирдолтой байхгүй гэнэ.
    Гэхдээ хотжилт хүрээлэн буй орчинд хүмүүсийн боддог шиг тийм ч муу биш гэж зохиогчид үзсэн байна. Хотжилтыг дагаад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, дэд бүтцийн хөгжил тааруу, ядуурал, гэмт хэрэг газар авдаг зэрэг дутагдалтай тал олон бий ч хотуудад хүн амын нягтаршил их байх тусам нийтийн тээвэр, ус, цахилгаан эрчим хүч, усан хангамжийг илүү хямд үнээр нийтэд хүртээж, улмаар энэ хэмжээгээр хүрээлэн буй орчныг бага бохирдуулдаг гэдгийг номын зохиогчид онцолжээ.
    Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул учруулахгүй
    Илон Маск, Жек Ма нарын яриаг үргэлжлүүлье. Тэд хүн амзүйгээс гадна өөр олон асуудал хэлэлцсний нэг нь мэдээж хурлын сэдвийн хүрээний зайлшгүй асуудал болох “Хиймэл оюун ухааны” тухай юм.
    Одоо хүмүүс хиймэл оюун ухааны боломжийг дутуу үнэлж байгаа гэж Маск үзэж байгаагаа илэрхийллээ.
    “Хиймэл оюун ухаан бол хамгийн ухаантай хүнээс ч илүү их ухаантай. Хиймэл оюун ухаан судлаачдын гаргаж буй хамгийн том алдаа нь тэд өөрсдийгөө ухаантай гэж бодож байгаа явдал юм” гэж Маск өгүүлээд хиймэл оюун ухаанаас болгоомжлоход илүүдэхгүй гэсэн санаагаа илэрхийлсэн юм. 
    Харин энэ тал дээр Жек Ма эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
    “Өнөөдөр бид олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа ч маргааш гэхэд шийдэл нь олдоно. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул заналхийлнэ эсвэл энэ оюун ухаан аймшигтай гэж би бодохгүй байна. Хүн үүнийг ойлгох хэмжээний ухамсартай” хэмээн Жек Ма өгүүлжээ.
    Ирээдүйн боловсролын тухай
    Өнөөгийн боловсролын системийг шинэчлэх шаардлагатай гэж Жек Ма өгүүлжээ.
    Жек Ма: “Бидний үр хүүхдээ сургаж байгаа боловсролын бүхий л систем аж үйлдвэржилтийн үеэр тооцоологдсон. Машинууд хүмүүсээс ухаантай болно гэдэгт би итгэдэг, гэхдээ хүмүүс илүү ухамсартай байх ёстой. Үүний тулд бид боловсролоо өөрчлөх хэрэгтэй. Өмнө нь бид ямар нэг зүйлийг тогтоож, цээжлэхэд л гол анхаарлаа хандуулдаг байлаа. Харин одоо компьютер бүхнийг санаж, цээжилж, илүү хурдтай тооцоолж чадна. Ийм нөхцөлд хүмүүс илүү бүтээлч байх шаардлагатай”
    Харин Илон Маск ирээдүйг урьдчилан хэлэх эсвэл ирээдүйг бүтээхэд туслах мэдлэгийг боловсролын явцад олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
    “Өнөөдөр бидний судалж байгаа зүйлс ирээдүйг алдаа багатай хэлж өгч чадах уу гэдгийг сайтар үнэлж цэгнэх ёстой. Бид бүгд л алддаг. Ирээдүйн талаарх таны таамаглалд байх алдааг та багасгаж чадах уу гэдэгт л асуудал байгаа юм ” хэмээн Маск өгүүлсэн байна.
     
  • Үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг албадан гаргалаа

    Анх Баян-Өлгий аймагт ирж тэндзэ тодорхой хугацаанд байж байгаад Улаанбаатарт ирж байжээ. Ингэхдээ  лалын шашны ислам чиглэлд хожуу нэгэн урсгал бий болон орж ирсэн Таблиги Жамаат урсгалыг хууль бусаар нууц аргаар түгээн дэлгэрүүлж байсан байна. Таблиги Жамаат гэх энэ шашны урсгалыг дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд хориод байгаа юм. Киргиз улсад ч энэ шашны урсгалыг хорьдог. Учир нь энэ урсгал хамгийн хатуу, харгис хэрцгий гэдгээрээ алдартай.

    Нөгөөтэйгүүр Табили Жамаат урсгал нь тухайн шүтэгчийнхээ оюун санааг удирддаг хар тамхи мэт мансуурлын байдалтай болгодог аж. Мөн буруу, гаж дэг жаягтай хэмээгддэг. Сүүлийн жилүүдэд лалын хэт даврагчид Таблиги Жамаат урсгалыг терроризмд ашиглаж амиа золиослогчдыг бэлддэг болсон нь ил болоод буй. Киргиз улсын дээрх дөрвөн иргэн нь Улаанбаатар хотын захаар байрладаг лалын зарим сүмд энэ шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэх ухуулга нууцаар хийж байсан байна. Ингэхдээ Баян-Өлгий аймагт ирж, тэндхийн зарим иргэдийн холбоо сүлбээг ашиглан Улаанбаатар хотод байрладаг лалын сүмийн зарим хүнтэй холбоо тогтоосон гэх мэдээлэл ч байгаа юм. Бусад шашны сүм хийдүүд нь өдөр болгон байнга цугларч, мөргөж, залбираад байдаггүй бол лалынх тогтсон өдөр цагт цугларч залбирч номлол айлддаг нарийн зохион байгуулалттай гэнэ. Энэ үеэр нь дээрх дөрвөн иргэн суртал ухуулгаа хийдэг байсан бололтой.
    Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Дээрх дөрвөн залуугийн түгээн дэлгэрүүлсэн шашны урсгалд манай хэд хэдэн иргэн автаж, гэр орныхноосоо хүртэл харилцаагаа тасалсан байж болзошгүй” гэнэ. Манай улсад дээрх урсгалыг түгээн дэлгэрүүлэхийг оролдсон нь магадгүй өөр санаа зорилготой байсан байж ч болзошгүй гэх хардлага төрж буй юм. Хамгийн гол нь энэ шашны урсгалын ард сүүлийн үед дэлхий нийтэд гарч буй гэмт халдлага, терроризмын хандлагатай дэлбэрэлт хорлон сүйтгэх үйл ажиллагаанууд явагдаж буйг дэлхийн хэвлэл мэдээллээс бид байнга шахуу сонсох болж. Иймд Таблиги Жамаат урсгалыг дэлхий нийт аюултай хэмээн хорих болсон нь цаанаа учиртай. Энэ урсгалыг Монголд түгээн дэлгэрүүлэх гэж оролдсон Киргиз улсын иргэн Лохуза Керин Юнурович, Турсунбаев Кухахбек Курамаевич, Абдраев Дервишали, Мусоев Ахмад гэсэн дөрвөн хүнийг Монгол Улсад нэвтрэх эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасаад явууллаа. Гадаадын хууль бус үйл ажиллагаа явуулсан иргэдийг цаг алдалгүй илрүүлж, албадан гаргаж буй хууль хяналтын байгууллагынхныг сайшаахаас өөр аргагүй ч нөгөө талаараа гадаадын иргэдийг албадан гаргаж буй хууль дүрэм өнөөдөр хэт зөөлдөж буй мэт.
    Гурван жилийн дараа тэд эсвэл хэн нэгэн тэр шашныхаа суртал ухуулгыг тээсээр ирвэл яах вэ гэдэг нь асуудал. Дээрх дөрвөн иргэний ард энэ урсгалыг түгээн дэлгэрүүлдэг бүлэглэл байна гэдэг нь ч тогтоогджээ. Тэгэхээр гар хөл бологчид нь зөвхөн албадан гаргуулсан дөрвөн иргэнээр зогсох уу гэдэгт хууль хяналтынхан хариулж чадахгүй байгаа юм. Терроризм гэдэг зүйл ийм л зүйлээр дамжин тархаж байгаад өнөөдөр дэлхий нийт санаа зовж, НҮБ-аас сэрэмжлүүлж, тогтоол, конвенц гаргаж улс орнуудыг нэгтгэж байна. Жишээлбэл, Англи улсын Терроризмтэй тэмцэх тухай хуульд нийгэм, улс төр болон үзэл суртлын зорилгоо биелүүлэхийн тулд хүч хэрэглэсэн бүхий л үйлдлийг үүнд хамааруулан хуульчлахаар зэхэж байна. Манай улсад нийтийн эмх замбараагүй байдлыг олон улсын террорист болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл ашиглаж болохыг урьдчилан харж, хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хангах, хамгаалах талаар цоо шинэ бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Даяаршиж буй энэ үед хэн нэг гадаадын иргэн орж ирээд Үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа явуулж байна гэдэг сонор сэрэмжээ илүүтэй чангатгах болсныг харуулж байгаа хэрэг биз.
    Г.ЯЛГУУН
     
  • Г.Аюурзана: Би бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгодын тухай гурван роман бичлээ

    -Чи бид хоёр ном гарсны дараа заавал уулзаж ярилцдаг зуршилтай болох нь ээ дээ. (инээв) “Цагаан хар улаан”-аас хойш түр завсарлах маягтай л сууна даа.
    -“Цагаан хар улаан” романаа бичих гэж Ховдын хязгаар руу явж судалгаа хийсэн гэсэн. Тор¬гууд ястны дунд аль хэр удаан байв?
    -Уржнан намар Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж нэлээд явсан шүү. Сайхан ч нутаг юм билээ, сайхан ч үүх түүх олж мэдсэн. Номонд минь бараглаад орсон доо. Ер нь Монгол Улсын хэмжээнд хамгийн цөөн тоотой ястнуудын нэг нь торгууд шүү дээ. Ганцхан Булган голд л байна. Гэтэл дээхнэдээ Зүүнгарт, дараа нь Ижил, Доны тал нутагт бүхэл бүтэн хаант улс байгуулан эрхшээж явсан хүчирхэг угсаатан. Одоо ихэнх нь хилийн цаана, Шинжаанд, бас Халимагт суудаг. Монгол аман зохиолын гайхамшиг болсон “Жангар”-ын туульсыг бүтээж, уламжилж үлдээсэн, маш их зовлон үзэж хат суусан хүмүүс дээ. Би бас Жангартай холбоотой газар ус хайж тийшээ очсон. Яахав, хоосонгүй ээ, үр дүн нь нэг ийм роман болох шив.
    -Та энэ романаа торгууд ястан, оюутан цагийн анд, кино зохиолч Х.Хүчитхард зориулан бичсэн үү?
    -Үгүй дээ, гэхдээ миний оюутан цагийн найзуудын дунд торгууд хүн байсан нь, Хүчит маань нутгаа их ярьдаг нь тодорхой хэмжээгээр түлхэц өгсөөн. Чухам л торгууд ястныг сонгоход хүрсний учир бол “Жангар”-тай холбоотой л доо.
    -Уран бүтээлч хүний сэтгэ¬лийн ертөнц романы гол баатар зураачийнх шиг мөнхийн зөр¬чил¬тэй байд¬гийг та зохиолдоо гаргав уу?
    -Тийм ээ, дүрсэлж бичье гэж зорьсон гол санаануудын минь нэг нь тэр. Ерөнхийдөө “Цагаан хар улаан” романыг сэдвийнх нь хувьд бол Торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, жинхэнээсээ уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлэхийг хичээсэн л дээ.
    -Хомерын туульсын Одиссей баат¬рын хатан Пенелопе тохиолд¬лоор таны романы баа¬тар болов уу, та хэргээр энэ нэрийг сонгов уу?
    -Туульсын сэтгэлгээний онцло¬гийг романдаа тусгасан учраас гадаад бүсгүйн нэрийг ч зориуд Пенелопе болгосон. Энэ нэр далд утгаараа бол хүлээлтийг бэлгэдэж байгаа. Орчин үеийн хүмүүсийн дотор ямар нэгэн, бүтэшгүй, учиршгүй хүлээлт л ноёлж байдаг юм шиг надад санагддаг. Анх Булганд таарахдаа Пенелопе найз хархүүгээ хүлээж байсан, хожим нь Швейцарийн эмнэлэгт Рэнцэнрааг хүлээж л өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ бүхэн иргэншил, язгуурын чөлөөт амьдрах хэв маяг хоёрын зөрчлийг жаахан тодосгох зорилготой эсрэгцүүлэл юм л даа, уг нь. Өөр бас бус бэлгэдэл ч бий. Жишээ нь, бүсгүйн бүтэн нэр Пенелопе Вүкич гэж байгаа биз. Вүкич гэдэг нь уулс гэсэн үгнээс гаралтай черногор овог. Черногор улсын нэр нь хар уулс гэсэн утгатай. Рэнцэнраа Булганд гурван өнгийн уул зурахаар ирсэн хийгээд хар өнгийн дотор бусад өнгө шингэсэн байдаг гэх мэтчлэн нэлээд учир утга, уялдаа сүлжээ бодсон юм.
    -Торгуудын сүүлчийн жан¬гарч Намаржааны дүрээр та ард түмний аман зохиолын асар их эрдэнэсийн сан хүн төрөлхтөнд өвлөгдөлгүй устаж буйг харуулахаар зорьсон байх. Торгуудууд амьдрал дээр жангар хайлах юм уу? 
    -Булганд очоод хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жан¬гарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар хөгжим байдгийг ч хүүхэд залуус мэдэхгүй өсч байна. “Жангар”-ыг зохиосон ард түмний тусгаар тогтносон Монгол Улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй, жангар хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа. Миний муу зохиол өчүүхэн ч гэлээ сэдэл санаа өгч, Булган сумынхан мөдхөн туульсын гайхамшигт уламжлалаа сэргээх биз ээ гэж битүү найдаж л сууна. Одоохондоо Ярантаар хил гараад, Ховогсайр ч юм уу, урагшлаад Хэжинд очиход багшлах туульч залаад өв уламжлалаа сэргээх боломж бий. Гэхдээ одоохондоо л гэдгийг мартаж болохгүй. Ер нь л оройтчих гээд байна шүү дээ. Сонирхуулахад, Их дэлгүүрийн зүүнтэй Хэжингээс ирсэн торгууд хархүү Шинжаан зоогийн газар ажиллуулдаг юм билээ. Тэгэхээр бизнесийн тал дээр бол торгууд хүмүүсийн хэлхээ холбоо сайн юм шиг. Харин “Жангар”-таа илүү анхаарал тавих санаа торгуудуудад маань төрөх байлгүй дээ.
    -Хөгжиж, дэвжиж буй хүн төрөлхтөний шуугиант амьд¬ралыг “галзуугийн эмнэлэг”-тэй зүйрлэсэн тохиолдол дэлхийн утга зохиолын түүхэнд цөөнгүй байдаг. Та Рэнцэнраагийн сэтгэл алдарсан Пенелопегийн дүрээр үүнийг бататгасан юм шиг санагдсан?
    -Сэтгэцийн эмгэг гэдэг өнөө хэр бүрэн зөв оношлогдоогүй байгаа өвчин шүү дээ. Чухам юунаас болдог юм бэ, өвчин юм уу, эсвэл өөр төрлийн сэтгэлгээний илрэл юм уу гээд л, яг эцэслээд тогтоочихсон зүйл байхгүй. Тэгвэл онгодыг ч бас шинжлэх ухаанд сэтгэцийн гаж байдал л гэж тайлбарладаг. Жаран шөнө дамнуулж хайлдаг туульсыг ямар ч ойтой хүн бүрэн цээжлэх боломжгүй еэ дээ. Гэтэл яаж хайлаад байна. Энд ердөө л нөгөө нэг тайлагдашгүй гажиг болох онгодын хүч л оролцоод байгаа юм шүү дээ. Туульсын уламжлалаас холдчихсон манай үеийн сэхээтнүүдэд энэ гажиг яриа шиг санагдах байх л даа. Гэвч онгод хэмээх оюун санааны этгээд үзэгдэл байдаг нь бол гарцаагүй, туульч хүн онгодын хүчээр зэрэгцээ ертөнцийн өөр хэмжээс рүү нэвтэрч байж тэр их цэцийг цээжээрээ урсгаж гаргадаг нь маргаангүй юм. Тиймээс сэтгэцийн эмнэлэг бол энэ романд бас л бэлгэдлийн утгаар орсон. Ер нь би онгодын тухай гурван роман бичиж үзлээ. Магадгүй, миний өөрийн санаа ч биш байж мэднэ.
    -Сүүлийн гурван романаа хэлж байна уу?
    -Тийм ээ. Бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгод…
    -Таны энэ романд хувийн амьдралаас чинь орсон юм шиг туйлын үнэмшилтэй хэсгүүд их байна лээ. Та үүнийг зөвшөөрнө биз?
    -Би өөрийнхөө фэйсбүк хууд¬санд Рэнцэнрааг орос багш нь урла¬гийн замаас хазайчихаас аварч буй тэр хэсэг надад жинхэнээсээ тохиолдсон явдал болохыг бичсэн л дээ. Хүмүүс их уншсан байна лээ. Цухас сонирхуулбал, Утга зохиолын сургуульд сурч байхдаа би гуравдугаар курсынхаа эхний семестрт тасалсан цагийн тоо хэтэрсэн тул сургуулиасаа хөөгдсөн юм. Миний уран бүтээлийн удир¬дагч багш Долматовский энэ тухай мэдээгүй байж л дээ, учир нь би мягмар гараг бүрт явагддаг семинарт нь суусаар л явсан хэрэг. Тэгээд дундуур нь Монголд ирж, Зохиолчдын хороонд энэ тухайгаа хэлтэл “Аюурзанад ахин нэг боломж олгон, шийдвэрээ эргэн харна уу” гэсэн утгатай хүсэлтийг албан бичгийн байдлаар хийгээд надад өглөө. Би түүнийг нь аваачаад гадаад декандаа өгчихлөө. Тэгсэн чинь нэг өдөр Долматовский намайг дуудаад “Хаая, хүүе, чи хөөгдчихсөн юм уу. Би мэдээгүй л яваа шүү дээ” энэ тэр гээд л сүйд болов. Тэгснээ “За, чамайг яагаад дандаа эхний цагийн хичээлд ирдэггүйг би сайн мэдэж байна. Чи монголчуудтайгаа нийлж шөнөжин архиддаг юм байна. Үнэн үү. За, тэгэхээр одоо чи тэдэнтэй нийлж архи уухгүй, уувал зөвхөн манай гэрт архи ууж байна гэж надад амла” гэж байна. Би ч нүд орой дээрээ гарах шахсан амьтан, буруу дуулав уу, буруу ойлгов уу гээд гайхширч суутал Евгений Аронович цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд “Май, архи уумаар санагдвал шөнө орой хэдийд ч бай шууд утасдаад ирж болно. Манайд архи хангалттай бий. Хүссэнээрээ ууж болно. Харин хэзээ ч монголчуудтайгаа нийлж архидахгүй, зөвхөн манайд ирж ууна л гэж амла. За, ингэж тохирох уу” гээд тулгалаа шүү. Би  ч “Яалаа гэж дээ. Би юу гэж багшийндаа очиж архи уух билээ” гэсхийн дүлэгнэтэл “За, тэгвэл нутаг руугаа буц. Зөвхөн миний дэргэд архи ууж байя гэж амлах юм бол чинь л, би ректор руу орж чамайг хамгаалж сургуульд авч үлдэнэ. Хэрэв энэ утсыг авахгүй, саяын зүйлийг амлаж чадахгүй бол баяртай” гэж билээ. Утасны дугаар бичсэн цаасыг бариад би ангиас нь гарсан. Маргааш нь л миний хөөгдсөн тухай тушаал өөрчлөгдөж, нэг жилийн чөлөө болгон сольсон байж билээ. Тийм болохоор л би Горькийн сургуульд 1988-1994 он хүртэл зургаан жил сурсан юм шүү дээ.
    -Та багшийнхаа гэр рүү утасд¬сан уу?
    -Зөвлөлтийн үед Долматовский гэдэг чинь, пээ базарваань, Воро¬ши¬лов¬той л архи уудаг хүршгүй том амьтан байхгүй юу. Нэг муу тэнэг оюутан юу гэж төрийн хошой шагналт өвгөн рүү архи уумаар байна гэж утасдах вэ дээ. Германы цэргийн дээд эрхтэн Гиммлер өөрөө “Долматовскийн дуунууд байгаагүй бол оросуудыг бид хөнгөхөөн ялчих байсан” гэж хэлж байсан удаатай, тийм амьд домог байлаа шүү дээ. Хөөгдсөн түүх минь тэгээд намжсаны дараа мань эр мягмар гараг бүрт л “Чамайг утасдахгүй байгаа болохоор уухгүй байгаа л гэж ойлгоод яваа шүү” гэж нухацтайхан хэлдэг байж билээ, хөөрхий.
    -Таны романд домгийн шинж¬тэй нуураас хөх азарга гарч ирэх ч юм уу, Жангарчийн мөрөн дээр хөх шувууд гарч ирдэг хэсгүүд нэлээд дүрслэгдсэн байсан. Нутгийн торгуудуудын дундаас иймэрхүү эрдэнэ болсон домог олныг сонсов уу? 
    -Бадамраа, Баастай, Пагма, Оотан гээд хэдэн сайхан хөгшид байна лээ шүү. Тэд тэнгэртээ морилох юм бол, олон хууч эзгүй л хоцрох байх даа. Юутай ч, би ганц заримаас нь бичихчмээнэ аядлаа.
    -Зохио¬лын баатар туульч Намар¬жаан гуайг тууль хайлахдаа хөгж¬мийн зэмсэг биш эвдэрхий тов¬шуур цохиод байгаагаар дүр¬сэл¬сэн. Энэ товшуурын үлдэгдлээр балран мөхөж буй ардын ёс заншил, өдрөөс өдөрт мартагдсаар буй Жангар хайлах зэрэгт харамсан билэгдсэн үү?
    -Чи өөрөө шүлэг зохиол бичдэг хүн учраас, асуултууд чинь өөрөө хариултаа дотроо авч явж байна. Бүр хуян шар тараадаг модоор цохилго тааруулан хайлж байгаа биз дээ. Угаасаа товшуурыг яг л бөөгийн хэнгэрэг шиг амилуулж барих ёстой юм билээ л дээ. Одоо үнэнийг хэлэхэд товшуур амилуулах ёс мартагджээ. Шинжаанд ч тэр, Соёлын хувьсгалаар жангарчид хэлмэгдээд дууссан юм шиг санагдсан. Халимаг уламжлалаа барьж үлдсэн Цагаанзам гуай эд нар л гадарладаг байж магадгүй.
    -Зураач гурван уулын зур¬гийнхаа цагааныг зүсээд авчихдаг нь таныхаар юуг илэрхийлж байгаа бол?
    -Ихэнх тохиолдолд уран бүтээлч хүн бүтээлдээ хэт орчихоороо илүүдүүлж алдаа хийдэг. Рэнцэнраа энэ алдаагаа олж харсан, гэхдээ чухам аль уул илүүдсэнийг өөрөө ч мэдэхгүй байсан тул эхлээд цагаан уулаа зүсч авчихаад дараа нь учиргүй харамсдаг. Би ч гэсэн романаа цааш явуулаад байж болохоор л их зүйл ноороглосон. Гэвч энэ хэсгийг бичиж байхдаа цагаа олж зогсох хэрэгтэй юм байна гэж ухаарсан даа. Зарим уншигчид хэтэрхий олон шугамтай, олон өөр өөр үйл явдал нэг дор зэрэгцсэн байна гэж хэлж байна лээ. Би угаасаа өгөх юмсаа өгье гэж бодсон. Авцалдаагүй, залгаас нь тод харагдаад байгаа хэсэг бүхнийг зүлгүүрдэх гэж оролдсон бол, хэтэрхий урт роман болчих байсан биз. Би өөрөө хэтэрхий зузаан номд дургүй болохоор яг л гол баатар шигээ зарим хэсгийг нь танаж зүсээд үлдсэн нь энэ дээ.
    -“Цагаан хар улаан” романыг миний таних хүмүүс нэлээд авч харагдсан. Аль хэр гүйлгээтэй байна?
    -Угаасаа миний номууд гарсан даруйдаа бол сайн гүйдэг юм шүү дээ. Жаахан ч гэсэн уншигчдын хүрээ байна. Тэд маань дайраад авдаг юм шиг байна лээ. Үнэнч уншигчид маань аваад гүйцмэгц тэгээд л зогсчихдог.
     
  • Г.Батмөнх: Жанжин Г.К.Жуков буудахыг маань хараад ялалт манайд байна гэж билээ

    Ахмад дайчин Г.Батмөнх гуайтай уул¬заж ярилцахын тулд бага¬гүй эрэл болов. Эрж сур-саар байгаад өчигдөр нэг юм Зэвсэгт хүчин, жан¬жин штабын харъяа цэр¬гийн амралтын газарт бай¬хад нь уулзаж ярилц¬лаа. Тэрээр хөгшинтэйгээ хамт амарч сувилуулахаар ирээд тав хонож буй гэнэ. Өдгөө 90 нас шүргэж буй гэхэд хөнгөн шингэн хө¬дөлгөөнтэй бөгөөд түүртэх зүйлгүй харагдана. Дайнд оролцож байсан цаг хугацаагаа хүртэл он, сар, өдөртэй нь хэлж байна. Ингээд эх орныхоо төлөө энэ биеэ үл хайрлан тэмцсэн ахмад дайчин Г.Батмөнх өнгөрсөн түүхийн талаар ийн дурсч байна.
    16 НАСТАЙДАА ДАЙНД МОРДСОН НЬ
    Амьдрал гэдэг бүхэл¬дээ тэмцэл, Дайн байл¬даан бол тэмцлийн хам¬гийн хурц, ширүүн хэлбэр мөн. Халхын голын дайн байлдааны их давшилт эхэлсэн наймдугаар са¬рын 20-ны өдрийн тухай бодол сэтгэлд хэзээ ч бүд¬гэршгүй тод ул мөрөө үл¬дээ¬жээ. Японы тал 1932 оноос эхлэн тагнуул тур¬шуу¬лын шинжтэй үйл ажиллагаа явуулж байс¬наа 1936 оноос эхлэн Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хай-лааст манхан, Халхын сүмийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж бай¬лаа. Тэд 1939 оны хавраас манай улсын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалгаа улам эр¬чим-жүүлэх болсон юм. Ту¬хайлбал, тус оны тавду¬гаар сарын 28-нд Японы 2.5 мянган цэрэг манай хилийг зөрчлөө. Иймээс хуучны ЗХУ буюу ОХУ-тай байгуулсан үүргийн¬хээ дагуу Зөвлөлтийн 57 дугаар тусгай корпус Мон¬¬голын зэвсэгт хүчин¬тэй хамтран тавдугаар са¬рын 28-нд бут нэргэлээ шүү. Энэ үед би 16, дүү маань 15 настай байсан юмдаг. Дүү бид хоёр 1938 оны долдугаар сард Ма¬та¬дын цэргийн наймдугаар ди¬визид сайн дураараа элс¬сэн юм. Бид хоёрыг элс¬сэний дараахан цагийн байдал бүр ч хүнд байлаа.
    Ингээд 1939 оны тавду¬гаар сарын 14-ний өглөө таван цагт түгшүүрийн дохионы дуугаар Халх го¬лын зүг хөдөллөө. Гурван шөнө хоёр өдөр маршилж явсаар байгаад Халх го¬лын Баянцагаанд очоод түр амсхийлээ. Энэ үед ди¬визийн захирагч “Удах¬гүй нөхөн хангалтын цэ-рэг нэмэгдэж ирнэ. Та нар морио амрааж өөрсдөө ч амар” гэлээ. Удсан ч үгүй 80 гаруй цэрэг бас хан¬галтын баазынхан ч ирэв. Хүн бүрт буу зэвсэг, гра¬нат тарааж байтал түгшүү¬рийн дохио дуугарлаа шүү. Харсан чинь таван хошуу¬тай гурван онгоц бидний дээгүүр өнгөрч байна. Та¬ван хошууг нь харчихаад манай зөвлөлтийн цэргүүд байна гэж тайвшраад зог¬сож байтал өнөөх онгоц шууд биднийг бөмбөгдлөө. Тоос ч манараад явчихсан. Тэр үед бидэнд нуувч байх¬гүй ил задгай байсан тул дайчдаа алдчихлаа гэж үхэтлээ айсан ч аз болж хүний амь эрсдээгүй байж билээ. Гэхдээ есөн цэрэг шархдаж, зургаан морь үхсэн байсан юмдаг. Бөм¬бөг¬дөлтийн дараа диви¬зийн захирагч түргэн авч бид¬нийг жагсаалаа. Ин¬гэх¬дээ дайны голомтод ажиллах дайчин, ар тал хариуцсан цэрэг эрс, хол¬боочин, эмч сувилагч гэж тус бүрт нь ялгаж зогсоо¬дог юм байна. Энэ үед 20 бүсгүй ялгарч байна. Учир нь дивизийн зарим дарга нар нь эхнэрээ аваад явж байсан болохоор тэр. Ан¬гийн захирагч надад “20 эмэгтэйг гэрт нь хүргэж, хөнгөн шархадсан есөн хүнийг эмнэлэгт хүргэ” гэж тушаав. Тэгээд буц¬лаа. Долдугаар сар хүртэл хөнгөн шархтай цэргүү¬дийг эмчлэх үүрэгтэй ажил¬ласан даа. Хэрэв хүнд шархтай бол нисдэг тэргээр нийслэл рүү явуул¬на. Харин хөнгөн шарх¬тайг нь дивизийн эм¬нэлэгт эмчилнэ. Эмчлээд зогсохгүй эх орны тухай шүлэг уншиж, дуу дуулж өгөх давхар ажилтай бай¬лаа. Өөрөөр хэлбэл, дайч¬дыг түргэн эдгэрээд дахин байлдаанд оролцож эх ор¬ны¬хоо төлөө ялалт байгуу¬лахын төлөө зүтгэх ёстой гэсэн ухуулга хийнэ. Энэ үүргийнхээ дагуу 1939 оны долдугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн харъяат Содном гэдэг байл¬дагчийн шархийг эмч¬лэхээр байлдааны го¬лом¬тоос үүрээд явж байтал агаарын дайралт ирлээ. Дайралтын донсолгоонд ухаан алдаад хэсэг хуга¬цаа¬ны дараа сэргэхэд аш¬гүй шархадсан цэрэг бид хоёулаа амьд байна. “Хоёу¬лаа ус уух тави¬лан¬тай л юм байна” гээд мөл¬хөж байтал хоёр цэрэг биднийг чиглээд ирж бай¬гаа харагдана. Би ч “Муу¬сайн япончууд байх. Бууд¬чихъя” гэхэд шархадсан цэрэг “Хэрэггүй. ЗХУ-ын цэрэг байх шиг ээ” гэлээ. Үнэхээр ч ЗХУ-ын хоёр цэ¬рэг байсан юм. Тэд бид хоёрт анхан шатны тус¬ламж үзүүлэхээр авч байх хооронд япончуудын агаа¬рын довтолгоо дахиад л ир¬сэн. Энэ үед оросууд бид хоёрыг их бууныхаа доо¬гуур хэвтүүлж дээрээс нь өөрсдийн шинелээр хучиж бөм¬бөгдөлтийг өнгөрөөж байсан юм. Оросууд үнэ¬хээр ахан дүүс шиг сайхан хү¬мүүс. Тэднийг ярихаар өөрийн эрхгүй нулимс асгарах гээд байдаг юм” хэмээн хоолой зангиран өгүүллээ.
    “АХ ДҮҮ ДАЙЧИД ЭХ ОРОНДОО ГАВЬЯА БАЙГУУЛЛАА” ГЭЖ СОНИНД ГАРЧ БАЙЛАА
    Түүнээс цэрэгт хамт татагдсан дүүгийнх нь талаар асуухад “Халх го¬лын дайнд өвөө нь дайны го¬ломтод гэхээсээ илүү шар¬хадсан цэргийг эмч¬лэх үүрэгтэй оролцсон. Харин миний дүү Г.Дорж¬палам бол жинхэнэ голом¬тод ажилласан хүн дээ. Ажил¬лахдаа бүр тагнуу¬лын үүрэгтэй байжээ, ми¬ний дүү. Дүүгийн маань ал¬дар гавьяаны талаар хоёр ном гарсан байдаг. Нэгийг нь би, нөгөөх нь “Бүрхэг тэнгэрийн наран дор” зохиолд тодорхой өгүүлсэн байдаг. Дүү бид хоёрын талаар тэр үеийн “Улаан-Од”, “Соёмбо”, “Хилийн манаа” сонинд “Ах дүү дайчид эх орондоо гавьяа байгууллаа” гээд зурагтайгаа гарч байлаа шүү дээ. Дайны талбараас шархадсан цэрэг авахдаа нэг л зүйлээс хамгийн их эмээдэг байлаа. “Миний дүү байх вий” гэж. “Би эх орныхоо төлөө амиа алдаж болно. Харин дүү маань эцгийн маань гал голомт нь байх ёстой” гэж дотроо уйлсаар явдаг байсан юм. Миний байгуулсан гавьяа гэж юу байх вэ. Харин миний дүү гавьяатай хүн байсан юм даа. Тэр маань саяхан бурхан болсон. Түүнээс хойш ганцаар¬даад л байх юм” хэмээн өнчин нулимс унагах нь нүдний үзүүрт харагдав.
    Г.К.ЖУКОВ ЖАНЖНЫ БЭЛЭГЛЭСЭН 10 ТӨГРӨГИЙГ МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ӨГСӨН
    Халх голын дайны хам¬гийн хэцүү нь долду¬гаар сарын 2-5-ны өдөр бай¬сан юмдаг. Тэр үед Оросын нэрт жанжин Г.К.Жуков Монголын дайч¬¬¬дын бэлтгэлийг шал¬гах гээд ирчихсэн байлаа. Би ч ар тал хариуцсан дайчин байсан болохоор Г.К.Жуков жанжныг ир¬сэн гэж дуулснаас биш “Ирэх вий. Намайг шалгах вий” гэж эмээсэн зүйлгүй. Тэгээд долдугаар сарын 4-ний өдөр нэгэн сувилагч цэр¬гийн хамтаар худаг¬наас ус авах гээд явлаа. Худаг дээр ус ховоодоод зогсож байтал Г.К.Жуков жанжин хамгаалагч, хэл¬мэрч, жолооч гуравтайгаа ирдэг юм байна. Би ч орос хэл мэдэх биш ёсолчихоод сүрдсэн байдалтай хэсэг ажигласан. Энэ үед хам¬гаа¬лагч нь хэсэг дэрсний орой дээр шүдэнзний хайр¬цаг тавиад буудаж бай¬гаад больчихлоо. Хүү¬хэд ч байсан болохоор тэр үү сонирхоод “Шүдэнз¬ний хайрцагийг би буудаж бо¬лох уу” гэж асуухад жан¬жин ч зөвшөөрлөө. Бууд¬сан чинь өнөөх хайр¬цагийг зад буудаад оносон юмдаг. Буудахыг харсан Г.К.Жу¬ков жанжин “Мон¬гол цэргүүдийн дай¬ны бэлтгэл сайн байгаа юм байна. Арын албаны цэрэг ингэж сайн буудаж байгаа юм чинь дайны талбарт бай¬гаа цэргүүд бүр илүү сайн байх нь. Ялалт бид¬ний талд байна” гэж хэ¬лээд надад баяр хүргэсэн. Тэгэхдээ өөрийнхөө авч яв¬сан хоолны сав болон 10 төгрөг өгсөн шүү. Тэр үед чинь бид сардаа гурван төгрөгийн цалинтай бай¬сан юм. Тэгэхээр чамгүй мөн¬гө өгсөн байгаа биз. Хожим нь надад бэлэглэ¬сэн 10 төгрөгийг цэргийн му¬зейд дурсгал болгон өг¬сөн. Харин хоолны сав до¬тор нь төрөөс өгсөн одон¬гоо хадгалдаг юм” гэлээ. Тэрээр цаашид хэлэхдээ “Г.Жуков жанжны хэл¬сэнч¬лэн Орос, Монголын цэргүүд Халх голын дайнд ялсан даа. Гэхдээ Халх голын ялалт бидэнд амар хялбар олдоогүй. Олон ч аавын хүү, эх орны дайчид амиа алдсан даа. Халхын голын байлдаан 1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр Монгол-Зөвлөлтийн дайчдын хамтын ялалтаар төгсч, эх орны дорнод хил хязгаарт энхийн салхи сэвэлзэж, эхэлсэн юм. Энэ өдөр Москва хотноо ялалт байгуулсан хүчин ЗХУ, БНМАУ-ыг тө¬лөөлж, Улаан армийн нэгэн захирагч М.Баг¬данов, И.Полотов, БНМАУ-ын жанжин шта¬бын дарга Ж.Цэрэн нар гарын үсэг зурж, ялал¬тыг баталгаажуулсан юм. Ялалт олдоогүйсэн бол Монгол эх орон , тусгаар тогтнол, газар шороо, мон¬гол хүн ард, ардчилал эрх чөлөө цөмөөрөө хүнийх, харийн гүрнийх болох байсан биш үү. Ялалт аяндаа амархан олддог биш. Нэг биш улс гүрний ард түмний цус, нулимс, хагацал өнчрөл, залуу нас, газар шорооны үнэ цэнээр олддог. Тийм ч учраас Монголын ард түмэн
    “Цэлмэг залуу насны гал дөлөөр бадарч
    Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
    Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй үгээ
    Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээн шүлэглэлээ.
    ОРОСУУДЫН БААТАРЛАГ ГАВЬЯАГ МАРТАХ УЧИРГҮЙ
    Халх голын дайн дуус¬саны дараа дүү бид хоёр гэртээ баяр бахдалтай нь аргагүй харилаа. Харам¬сал¬тай нь, удалгүй аав маань бурхан болж дүү бид хоёр амьдралаа авч явах хүнд ачаа ирсэн юм. Ээж маань дүү бид хоёрыг нялх байхад насан эцэслэсэн болохоор аав гэрт орж эмэгтэй, гадаа гарч эрэг¬тэй хүн болдог байж билээ. Удалгүй 1943 онд хугацаат цэргийн албанд дахин морд¬сон юм. Хоёр жилийн дараа гэхэд тагнуулын тэрэгний жолооч болон салааны орлогч болж дэвш¬лээ. Тэр үед 1945 оны чөлөөлөх дайн ч болсон. Сайхан Монгол эх орны минь газар шороо, нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, халдашгүй дархан эрх чө¬лөөнд өнгөлзөгчид цөөр¬сөн¬гүй. Эх орны баруун хяз¬гаарт 1945 онд болсон зэвсэгт тулгаралт бол бас л том биш юмаа гэхэд дунд зиндааны дайнаас дутуу¬гүй том зэр зэвсэг агссан мөргөлдөөн болсон юм. БНХАУ-ын асар өндөр уул байдаг юм билээ. Бо¬роо орж байгаа мэт чулуу буудаг. Амьд хүн байхын аргагүй хүнд. Тэр уулын дэргэдүүр явтал өнөөх чу¬луу нүүгэлтээд ороод ир¬дэг юм байна. Машин ч гацлаа. Юун, байлдааны го¬ломт руу явж дайснаа дарах. Өөрөө чу-луунд да¬руу¬лаад гац¬чихсан. Тэр үед бас л зөвлөлтийн цэр¬гүүд ирж надад тусалсан даа. Ер нь Халх гол болон 1945 оны дайны Монгол¬чуу¬дын ялалтыг ЗХУ-ын цэ¬рэг эрс авчирсан юм шүү дээ. Тэдний баатарлаг гавьяаг монголчууд хэзээ ч мартаж болохгүй. Аюулт дайныг дэгдээсэн түрэм¬гий эвс¬лийн тухайн үеийн хамсаатнуудын улс төрийн бодлогын уршгаар амь үрэгдсэн олон мянган дай¬чид, гэм зэмгүй энгийн иргэдийн гэгээн дурсга¬лыг хүндэтгэж байх учир¬тай. Түүхэн их үйл явдлыг дархлан мөнх¬жүүлж, Мон¬гол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Оросын баатар зоригт дайчин, эрэлхэг цэрэг эрсээ мон¬гол түмэн үеийн үед са¬нан дурсаж, гавъяат үйл¬сээр нь ямагт бахархаж байх ёстой юм шүү дээ.
    Дайн гэдэг тоглоом биш ялалт гэдэг мөрөөдөл биш ээ. Халхын голын дайнд Монголын бүх ард түмэн, Оросын мянга мянган цэрэг, дайчид, онгоц, гайхамшигт мон¬гол морьд, газар тэнгэр цөмөөр байлдсан. Үлгэрлэвэл Ар¬дын зураач Б.Цэвэгжавын “Азар¬ганы ноцолдоон” шиг Япон, Монгол их бага хоёр гүрэн ана мана, ач тач мөргөлдсөн. тулалд¬сан, байлдсан. Улаан арми усан дундуур, улаан арми цасан дундуур, улаан арми цусан дун¬дуур, улаан арми тэнгэр дундуур, улаан арми уулан дундуур. улаан арми ну¬лимсан дундуур, улаан арми өлсгөлөн дундуур цээлийн усыг буцалтал цэгээн чулууг бутартал байлдаж, агуу их орны дайны ялалтыг дэлхий да¬хинд авчирсан шүү дээ. Халхын голын зарлаагүй дайн бол дэлхийн хоёрду-гаар дайны “төрсөн дүү” нь байсан.
    ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН ДАЙЧИН Г.БАТМӨНХ ЭМЧ БОЛСОН НЬ
    Хоёр дайнд оролц¬соныхоо дараа 1958 онд анагаахын сургуулийг эмчийн мэргэжлээр төгсдөг юм байна. Тэр үед гэргийтэйгээ танилцсан даа. Миний хөгшнийг А.Пунцаг гэдэг. Бид хоёр насаараа анагаах ухааны салбарт ажиллажээ. Дундговь аймгийн эмнэ¬лэгт ажиллаж байхдаа бас л зөвлөлтийн эмч нартай хамтран анагаах ухааны салбарт хүчин зүтгэсэн. ЗХУ-ын эмч нартай хамт¬ран арьс өнгөний өвчнөөс сэргийлэх бригадад ажил¬лаж орон нутгаар тэнүү-чилсэн юмдаг. Хожим 1998-2011 он хүртэл Монгол цэргийн музейд ажиллаж байгаад тэтгэ-вэртээ гарсан.
    Саяхан хүртэл Монгол цэргийн музейн дарга бололтой хурандаа ирээд “Таныг ажиллуулмаар байна. Та цэргийн түү¬хийн ач хол¬богдлыг хү¬мүүст тайл¬барлаж өгөөч” гээд байна лээ. Одоо 90 нас шүргэж яваа миний хүмүүст юм ярьж зогсоно гэж юу байх вэ. Хөл, гар хөшөөд өтөл-сөн байна шүү дээ хэмээн хөхөрлөө. Тэрээр “ЗХУ-ын цэргүүд мон¬голчуудад их тусалсан даа. Тэдний гавьяа алдар мөнхөд дуур¬сагдах учир¬тай. Би зөв¬лөлтийн цэргийг ах аа, зэвсэгт хүчний армийг аав аа, Ардын намыг ээж ээ гэж боддог шүү. 2009 онд Халх голын 70 жилийн ойгоор УИХ-аас надад “Монгол төрийн ахмад дайчин” гэсэн сүлд тэмдэг өгсөн. Одоо намайг улсаас л тэ¬жээж байна даа. Байр, цол тэмдэг гээд бүгдийг нь өгсөн байна. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогт¬нол, бүтээн байгуулалтын тө¬лөө өөрийн амь бие, хүч хөдөлмөрөө зориулсан залуу нас, дайчин зан чанарыг маань үнэлсэнд талархаж сууна даа, өвөө нь” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Ш.Сүрэнжавын “Ерөн баатрын дууль”-д
    Халх голын хөвөөнд
    Ерэн баатар төржээ
    Халх голын хөвөөнд
    Ерэн баатар нойрсжээ
    Хан тэнгэрт цоройж
    Ерэн хөшөө гэрэлтжээ
    Хөшөө тийш очих
    Ардын зам баларсангүй
    Хөсрийн өвс ургаж
    Аглагшиж ер
    битүүрсэнгүй хэмээн шүлэглэ¬сэн байдаг. Ялалтын төлөө мөр зэ¬рэгцэн тулалдаж явсан баатарлаг дайчдын алдар гавьяа ашид мөнх мандан бадарч байх болтугай.
  • Ялалтын Mаршал

    Халхын голын дайныг энэ агуу жанжин “Зарлаагүй дайн” хэмээн нэрлэж өөрөө амьд сэрүүндээ дайны хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь тохиолдлын хэрэг биш юм. Халхын голын дайны цэргийн түүхэнд оруулсан хувь нэмрүүд үүнийг гэрчилнэ. Халхын голын тэнгэрт дэлхийн хамгийн олон нисэх онгоц оролцсон хамгийн том анхны агаарын тулалдаан болж, тусгаар тогтносон хоёр өөр улсын /үнэн хэрэгтээ Япон, Манж-го, Монгол, Орос гэсэн дөрвөн улсын/ армиуд оролцон, нэг нь эх орноо хамгаалж,нөгөө нь эсрэг улсынхаа нутаг дэвсгэрийг хүчээр байлдан эзлэх зорилгоор тулалдсан дайныг дайн гэхгүй юм бол, хоёр долоо хоногоос 40 хоногийн хугацаанд европын цэргийн театрт үргэлжлэн германы ялалтаар өндөрлөж байсан яг адилхан үйл явдлуудыг дайн гэж нэрлэх нь дэндүү сүржин гэлтэй.
    Магадгүй Халхын голын дайныг Номунхааны тулгаралт гэж зарим өрнө, дорнын түүхчид өнөөг хүртэл нэрлэдэг шиг 1941 оны 6 дугаар сарын 22-нд эхлэсэн Эх орны дайнаас өмнөх европын бүх дайныг Чехийн, Польшийн, Францын тулгаралт гэж нэрлэвэл зохилтой. Тэгвэл энэ тулгаралтуудыг төлөвлөж, ялалтад хүргэсэн генералуудаа Гитлер фельдмаршал болгосон юм.
    Яг адилхан дайныг дорнын байлдааны театрт явуулж, ялсан Г.К.Жуков “Халх голын тулалдаан”-ыг “Зарлаагүй дайн” гэсний учир ийм бөлгөө. Эс бөгөөс Гитлерийн фельдмаршалуудыг ялсан Жуковыг “Тулгаралтын маршал” гэж нэрлэж зүрхлэсэнтэй агаар нэгэн болох буй заа.
    Жанжин штабын шижигнэсэн дарга, армийн генерал Г.К.Жуков тухайн цагтаа, орчин үеийн цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, стратегийн сэтгэлгээгээрээ Гитлерийн фельдмаршалуудтай эн зэрэгцэж чадах, тэр үеийн улаан армийн цорын ганц жанжин байв.
    Цэргийн жанжины хувьд  хамгийн хүнд цаг үеийн хамгийн хүнд фронтуудад Г.К.Жуков очиж ажилладаг, бараг гарцаагүй болсон ялагдлуудыг ялалт болгон хувиргаж чаддаг байсан тул түүнийг хүн төрөлхтөн “Ялалтын маршал” хэмээн өргөмжлөх болсон юм.
    Г.К.Жуков дайн эхэлсэн өдрөөс дайныг дуустал Эх орноо батлан хамгаалах хорооны дарга, Дээд Ерөнхий Командлагч И.В.Сталины нэгдүгээр орлогч, Эх орноо батлан хамгаалах хорооны гишүүн, цэргийн зөвлөлийн гишүүн байсан юм. Тэрээр Лениний хот бүслэгдэн мөхөх аюулд ороход Ленинградын фронтын командлагчаар томилогдон ахар богино хугацаанд байдлыг тогтворжуулж, хотыг эзлэгдэх аюулаас аварч чадсан төдийгүй, Лениний хотыг эзлэж чадаагүй Гитлерт улс төрийн том цохилт өгч, үзэл сурталын фронтод ялалт авчирсан юм. Удалгүй 1941 оны 10 дугаар сард Зөвлөлтийн хоёр фронтын цэрэг германы цэрэгт бүслэгдэн бут цохигдоход Баруун фронтын командлагчаар Сталин түүнийг томилж фронт командлагч Коневын хувь заяаг шийдэх гэтэл Жуковын хүсэлтээр Коневыг амьд үлдээгээд зогсохгүй Жуковын орлогчоор томилж байсан билээ.
     Энэ фронтод байдлыг түвшитгэн Москвагийн хамгаалалтыг зохион байгуулах цаг хожиж чадсан Жуков цаг үеийн нөхцөл байдалд цэргийн онолчийн хувьд зөв дүгнэлт хийж дайсны цохилтын чиглэлийг зөв тодорхойлж, хамгаалалтыг оновчтой зохион байгуулж чадсан юм.
    Москва хотод 22 км тулж ирсэн дайсан, 200 км хүртэл хол таягдуулан хаягдсан агаад дахин герман цэрэг Москвад хэзээ ч ийм ойрхон ирж чадалгүй, ухран ухарсаар Берлиндээ очсон билээ. Москваг хамгаалж байсан Жуков Берлинийг дайран эзлэх операцийг удирдаж, түнэр харанхуй шөнөөр олон зуун прожектор зэрэг асаан нүд сохлом хурц гэрэлд суман мөндөр буулгасаар Берлинийг буулган авсан байдаг.
    Дэлхийн нэгдүгээр дайнд Ялагдсан өшөөгөө Францаас авч, 40 хоногийн дайнд Францыг буулган авсан Гитлерийн удирдлага Герман дэлхийн l дайнд бууж өгөх Версалын гэрээнд гарын үсэг зурж байсан яг тэр Вагоныг тухайн үеийнх нь байдлаар засуулан Францыг буулган авах гэрээнд гарын үсэг зуруулж түүхийн алдааг заслаа хэмээж байсан юм.
     Тэрхүү алдааг засагчийн дүрд тоглож Францыг буулган авах гэрээнд гарын үсгийг нь зуруулж байсан фельдмаршал Кейтель Оросын агуу маршалын өмнө суун Гитлерийн Герман дэлхийн ll дайнд буруугаа хүлээн, бүр мөсөн үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Хувь тавилангийн даажигнал гэдэг энэ бөлгөө.
     Монголын ард түмэн анд нөхдөө хэзээ ч мартдаггүй бөгөөд одоог хүртэл Халхын голын баатар, маршал Г.К.Жуковоо дурсан санаж байдгийн хамгийн том илрэл нь Улаанбаатар хот дахь Жуковын хөшөө, түүний гэр музей билээ. Энэ музей маршал Г.К.Жуковт зориулсан дэлхийн анхны музей бөгөөд мөн хилийн чанадад байдаг анхны музей гэдгээрээ алдартай.
    Орчуулагч-судлаач Хотгойд М.БАЯРМАГНАЙ
     
  • Халхын голын дайн 1939

        1939 оны тавдугаар сараас 9 дүгээр сарын 15-ны агаарын байлдааныг хүртэл 4 сар  үргэлжилсэн энэ дайнд нэг талаас ЗХУ, БНМАУ, нөгөө талаас  Япон, Манж-Го  гэсэн дөрвөн улсын 132 мянган цэрэг офицер,1000 гаруй танк, хуягт машин, 800-аад нисэх  онгоц оролцжээ.
        Халх голын дайны явцад  6 дугаар сарын агаарын байлдаан, дэлхийн хоёрдугаар дайн өмнөх танкийн хамгийн том тулалдаан болох Баянцагааны тулалдаан зэрэг томоохон байлдаанууд болж, 8 дугаар сарын 20-нд эхэлсэн Монгол-зөвлөлтийн цэргийн Ерөнхий давшилтын дүнд Хамардаваа-Номунханы чиглэлд  японы 6 дугаар армийг бут цохив. Дайн төгсгөлийн шатанд орсон ч 9 сарын дунд үеийг хүртэл Халуун рашаан-Мана уулын чиглэлд япон-манжийн цэргийн довтолгоон үргэлжилж, 9 дүгээр сарын 11-нд японы тал Нөмрөгийн эрэгт гарч иржээ. Түүний эсрэг Монгол-Зөвлөлтийн командлал томоохон хүчээр довтлон, эзэлсэн газрыг чөлөөлөхөөр бэлтгэж байх үед Москвад – ЗХУ, Япон улс гал зогсоох  хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрчээ. Энэ ёсоор 1939 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр, Москвагийн цагаар  02.00 цаг, Улаанбаатарын цагаар өглөөний  7 цагт  гал зогсоож, байлдагч талууд эзэлсэн байрлал дээрээ үлджээ.
         Халхын голын дайны явцад байлдааны бүх төрлийг хамарсан нийт 101 томоохон тулаан болж, нийтдээ 74522 хүний хохирол учирснаас 28246 нь амь үрэгдсэн тооцоо бий. Халхын голын дайн нь  харьцангуй бага  нутаг дэвсгэрт болсон хэдий ч оролцсон хүн хүч, зэвсэг техникийн хэмжээ, орчин үеийн цэрэг техникийн бүх ололтыг ашигласнаараа онцлог бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны  өмнөх томоохон байлдаан, түүний эхлэл болсон юм. 
          Энэ дайнд Монгол Ардын хувьсгалт цэргийн 3 морьт дивиз, бусад анги салбарын  8500 орчим цэрэг дайчид  оролцож, Зөвлөлтийн цэргийн хамтаар ялалт байгуулан  улс орныхоо хил хязгаар, бүрэн бүтэн байдлыг  хамгаалж, тусгаар тогтнолоо бататгаж чадсан билээ. Халх голын дайны ялалт нь тусгаар тогтносон БНМАУ  бодитойгоор оршин тогтнож буйг дэлхий дахинд харуулсан юм.  (Н.Хишигт)
    Ашигласан ном зохиол
    Батбаяр Ц., Монгол ба  Их гүрнүүд  ХХ зууны эхний хагаст (Хиагтаас Ялта хүртэл: Сталин, Чан  Кай ши,  Монголын тусгаар тогтнол). Хянан тохиолдуулсан:Ч.Дашдаваа. УБ.”Мөнхийн үсэг” ХХК, 2006
    Р.Болд. Зарлаагүй  дайн. Халхын голын байлдааны цэрэг-дипломатын түүх. Хянан тохиолдуулсан: Ж.Болдбаатар., М.Ганболд.  УБ.:  “Nepko publishing”, 2014
    Монгол цэргийн түүхийн товчоон. Дэд дэвтэр. УБ.:”Үнэт цаас”, “Алтан үсэг” компани, 1996.
    М.Бямбарагчаа, Ц.Батсайхан, Зөвлөх:Д.Мөнх-Очир, Түүхийн зөвлөх:С.Ганболд).  УБ.: “Бит пресс” ХХК, 2014
     
    1300 он
     
    1359 он