Category: Нийтлэл, ярилцлага

  • Чинагийн Галсан: Би өөрийнхөө хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарина

     

    -Дэлхий дээр их олон мод тарь¬сан хүн байдаг. Миний үлгэр жишээ хүн бол дэлхийн Энх тайвны шаг¬налт Вангари Матай юм. Тэр хүн хоёр жилийн өмнө бурханы орон руу явсан. Тэр хүн Африк тивд 35 сая мод тарьж үлдээ¬с¬эн байгаа юм. Миний хувьд анх сая мод тари¬на гэж өөртөө амлах том зүйл мэт санагдсан. Мэдээж их том амлалт байсан л даа. Манайхан Улаан-баатар хотын эргэн тойронд, байс¬хийгээд мод тарьдаг. Миний мэдэ¬хийн нийслэлийн ойрол-цоо Зуун мод нэртэй дөрвөн ч газар бий. Тэдгээр газарт тарьсан модыг тоолж үзсэн чинь 100 хүрдэггүй юм билээ. Дээд тал нь 80-90 модтой. Тэдгээр моднууд зун цэцэглэ¬сэн байхдаа монгол хүний нүдэнд жигтэйхэн сайхан ой болж харагд¬даг. Харин мод ихтэй европ тивийн-хэн бид¬ний хэлээд байгаа ойг төгөл л гэж хэлнэ. Хэдий тийм ч бид монгол ухаанаар 100 модыг нэг ой гэж ойлгодог шүү дээ. Энэ ойлгол¬тоор миний тарих сая мод арван мянган ой болох юм. Тэгэхээр би өөрийн¬хөө хөрөнгөөр эх орон¬доо арван мянган ой буюу нэг сая мод тарина. Тарьсан модоо байнга эргэж тойрдог. Үнэндээ мод бол үржих хөрөнгө юм. Зуун жилийн дараа би байхгүй ч миний тарьсан моднууд үлдэнэ. Тэр үед энэ модыг 100 жилийн өмнө нэг зохиолч тарьсан гэнэ лээ хэмээн дурсах байлгүй.
    -Тэр олон модоо хаана тарь¬сан бэ. Хамгийн олон нь хаана ургаж байгаа вэ?
    -Өөрийнхөө төрж өссөн нутаг болох Баян-Өлгий айм¬гийн Цэнгэл сум, Улаан¬баатар хотын эргэн тойронд нэлээд олон мод тарьсан. Анх Тэрэлжид мод тарьж байлаа. Дараа нь нийслэл дэх цэр¬гийн ангиудыг ногооруулсан. Цэргийн хуаран гэхээр л саарал байх ёстой мэтээр манай нөхдүүд төсөөлдөг.
    Цэргийн хуран¬даа нартай би ном хаялцсан. Тэд энд “Хуарангаа ногооруу¬лаач” гэхээр “Хуаранд мод тариад яадаг юм” гэдэг байсан. Харин одоо тэдний энэ бодол өөрчлөгд¬сөн. Цэргийн болон ангийн захи¬рагчид “Галсан гуай хэдэн мод өгөөч ээ” гэцгээдэг боллоо.
    Тарьсан моднуудын маань хам¬гийн олон нь нийс¬лэлээс 50 км-ийн зайд, Таван толгой гэдэг газар ургаж бай¬гаа. Тэнд манайхан “Хааны эрэлд” гэж цэргийн сур¬гуульд гадныхантай нийлж, цэр¬гийн бэлтгэл сургууль хийдэг. Цэргийн энэ сургуулилтад оролц¬сон цэргүүдийг амра¬хад нь зориулж “Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн” бай¬гуулж байна. Энэ хүрээлэнд 200 мянга шахам мод тарилаа.
    -Таныг мод, суулгац худал¬даж авахдаа гар татдаггүй гэх юм. Мод тарих ажилдаа хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулаад байна?
    -Би мод, суулгацыг маш өндөр үнээр худалдаж авдаг. Үүнийг зарим хүмүүс ойлго¬дог-гүй юм. Үнийн хувьд мэ¬дээж өөр өөр. Мод, суулгацаа хамгийн багадаа мянга, дээд тал нь 20-30 мянган төгрө¬гөөр худалдаж авдаг. Авсан модоо заримдаа хүмүүст, байгууллагуу¬дад үнэгүй өгчих¬дөг. Монголын газар нутагт л ургах юм хойно тэр модыг хэн ч авсан хамаагүй шүү дээ. Би ой үржүүлгийн хоёр ч газартай. Нэг нь Улаанбаатар хотод, нөгөө нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байгаа.
    Манайхан нэг хэсэг Улаан¬¬баа¬та¬рыг ногооруулж байна гээд 22-ын товчооноос Амгалан хүртэлх замд том том мод авчирч суулга¬сан. Анх тэр модыг суулгаж бай¬хад “Дөрвөн жилийн дараа энэ мод¬нууд чинь үхнэ” гэж би хэлсэн. Учир нь би мод тарих аргыг мэргэжлийн хэмжээнд судаллаа. Монгол Улс малын, халаасны хулгайтай тэмц¬дэг хэрнээ байгалийн хулгайчдыг бараг шийтгэлгүй шахам өнгөрүүл¬дөг. Энэ нь УИХ-ын гишүүдтэй хамаатай гэж боддог.

    -Яагаад?

    -Тэд чинь хувийн нэг бус компа¬ни¬тай. Зарим нь хувь¬даа 10-20 компанитай байх¬гүй юу. Өнөө компаниа өөд нь татахын тулд Хэнтийн хөв¬чөөс 30-50 жил урга¬сан модыг хулгайлж, хүчтэй техни¬кээр ачиж бизнес болгочихсон байна. Ингээд нийслэлийг ногоо¬руулах нэрээр тендер авч, хулгайн юмаа хийдэг. Ийм аргаар суулга¬сан мод сайндаа л таван жил ургаад үхдэг. Харин би ийм замаар мод тарьдаггүй. Тиймээс надад бусдын адил хүнд харуулах 30-40 метрийн өндөр¬тэй ногоон мод байх¬гүй. Миний тарьсан модны хамгийн өндөр нь одоо 3-4 метр хүрч байгаа. Үнэндээ нэг зүйлийг бодохоор миний уур хүрдэг.
    -Уурыг тань хүргэдэг тэр зүйл юу болохыг асуумаар байна?
    -Монголд нэрд гарч, өөрсдий¬гөө одууд гэж ярьдаг хүмүүс цөөн¬гүй болж. Тэднээс ялгарах зүйл нь гэвэл би авдаг биш, өгдөг од нь байгаа юм. Надад энэ төр засгаас өгсөн юу ч байдаггүй. Намайг Төрийн шагнал, Хөдөлмө¬рийн баатарт ч нэр дэвшүүл¬сэн. Тува¬чууд бид эх хэлээ хаяагүй. Одоо ч эх хэлээрээ ярьдаг. Тиймээс л төр засагт таалагддаггүй байх л даа. Би чинь 1977 онд Ю.Цэдэнбал дар¬гаас банга хүртсэн. Тэр хүн Улс төрийн товчооны бүх гишүүдийн өмнө надад “Мон¬голд нэг ч тува байхгүй шүү. Үүнийг чи мэдэж яваарай” гэсэн. Тэгэхээр нь би “Тэгвэл би юу юм бэ” гэж асуухад “Чи бол урианхай” гэсэн юм. Би “Урианхай чинь монгол хэлтэй, бид нар бол тувачууд. Бид турк хэлтэй” гэсэн.
    -Таныг Монгол дахь хамгийн олон тэмээтэй хүн гэх юм билээ. Та хэдэн тэмээтэй вэ?

    -Мөнгөний араас явсан бол би Монголын толгой баячуудын нэг байх байлаа. Одоогоос 18 жилийн өмнө төгрөгийг одоогийнхтой харь¬цуулахад чанга байсан шүү дээ. Тэр үед би хоёр гурилын шуудайгаар дүүрэн нийт 40 сая төгрөгөнд тэмээ худалдаж авахаар говиор явж байлаа. Намайг очи¬хоос өмнө тэмээ 15-20 мянган төгрөгийн үнэтэй байсан гэсэн. Гэтэл 500 тэмээ худал¬даж авах миний сургаар мал¬чид ганц шөнийн дотор тэмээ¬ний үнийг гурав дахин өсгөж, 60 мянга болго¬сон. Тэгэхэд надад хохиролтой байсан ч одоо бодоход тэмээ хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог. Надад 130 гаруй тэмээ бий. Одоо миний төр¬сөн нутаг болох Баян-Өлгий айм¬гийн Цэнгэл суманд үржиж байгаа. Үр төлийнхөө заримыг Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц сумын зааг нутагт амьдардаг малчин н.Уатханыд аваачсан.

    -Тэгвэл жилд хэдэн төг¬рөгийг мод тарихад зар¬цуулдаг вэ?
    -Одоо бол жилд 50-60 сая төгрөгийг мод тарих ажилд зарцуулдаг.
    -Та ямар нэгэн бизнес эрхэл¬дэг үү. Зөвхөн нэг жилд 60 сая төгрөгийг мод тарихад зарцуул¬даг гэхээр таны орлого их өндөр байх нь ээ?
    -Би өнгөрсөн хугацаанд 40 ном бичсэн. Миний 34 ном герман хэлээр хэвлэгдсэн. Монгол хэл дээр хэвлэгдсэн зургаан номтой. Мөн гурван ч роман маань англи хэл дээр орчуулагдаж, АНУ, Кана¬дад хэвлэгдлээ. Дээр нь франц хэлээр ес, испани, итали, еврейчүү-дийн хэлээр хүртэл ном маань хэвлэгдсэн бай¬гаа. Энэ мэтчилэн надад номын мөнгө байна. Энэ бол бага хэсэг нь. Би гадаадад байхдаа энд, тэнд очиж лекц уншдаг. Олдог мөнгөний маань дийлэнх хувь үүнээс л бүрддэг юм.
    -Таны гаргасан номнууд хам¬гийн эрэлттэй нь байдаг гэж дуул¬сан. Ингэхэд ямар бүтээл тань таныг алдар¬шуул¬сан гэж боддог вэ?
    -“Аянгат цагийн тууж” маань намайг олонд таниул¬сан. Дээр нь дэлхийн уран зохиолтой намайг ойртуул¬сан гэж боддог.
    -Та нэг хэсэг Монголд бороо оруулах тусгай төхөөрөмж бүтээх гэж ажилласан байх аа?

    -Тийм ээ. Бороо оруулах төхөө¬рөмж зохиох гэж 50 сая төгрөг зарцуулсан. Алжи¬рийн Мачид Абделасис? гэж НҮБ-д бүртгэлтэй, дэлхийд танигдсан том эрдэмтнийг хоёр жилийн өмнө Монголд ирүүл¬сэн. Уг нь тэр хүн надад зүгээр явж өгөх хүн биш л дээ. Сахарын цөлийг ногооруулс¬наа¬раа дэл¬хийд танигдсан энэ хүнийг Монголд цагийн 100 еврогоор хөлсөлж, 14 хоног байлгалаа. Ингээд 2012 оны дөрөвдүгээр сарын 9-нд уг төхөө¬рөм¬жөө ашиг¬лал¬тад оруулсан. Өнгөрсөн жил уг төхөөрөмжөө Хатадын ам гэж өөрийнхөө амьдар¬даг газарт байрлууллаа. Сүү¬лийн жилүүдэд зундаа бороо хур ихтэй байсан биз дээ. Ингээд ярихаар намайг инээдэмтэй болгодог, муу¬чил¬даг улсууд “Энэ галзуурчээ. Тэнгэрийн бороог би оруул-лаа” гэж ярилаа гэх байх. Ямар ч байсан би бороо ороход хувь нэмрээ оруул¬сан. Тухайн төхөөрөмж маань ассан үедээ тэнгэрийн бүх тортогийг сордог. Төхөөрөм¬жөө ойрын таван жил ажил¬луул¬на. Энэ хугацаанд Мон¬го¬лын газар нутаг зохих чийгээ авна.

    -Та хамгийн сүүлд ямар ном бичсэн бэ?
    -Монгол хэл дээр гарсан миний хамгийн сүүлийн ном “Тэнгэрийн зүүд” нэртэй. Сүүлд бичсэн гурван роман маань маш том шуугиан дэг¬дээ¬сэн. Нэг нь нөгөөгөөсөө давсан роман бичсэн л дээ. Би нийтдээ арван роман бичлээ. Одоо надад дахиж ном бичихэд бэрх байна. Бич-вэл өмнөхөөсөө давсан ном л байх учиртай байгаа юм. Харин одоо нүүдэлчин амьдралын сурах бичгийн тухай ном гаргахаар юмаа цуглуулж байна. Яагаад ийм ном бичихээр болсон бэ гэвэл, бид чинь их сонин амьдралаар амьдар¬сан. Намайг жаахан байхад тува хүүхэд болгон хатсан хус барьж явдаг байлаа. Энэ нь тухайн үед галзуу өвчин дэлгэрсэнтэй холбоо¬той. Галзуу чоно, нохой дайраад ирэхэд нөгөө хатсан хусыг ам руу нь хийж, тулахаар гараа сугалж ав гэж хөгшчүүл зааж сургадаг байсан юм. Азаар би галзуу чоно, нохой¬той таа¬раа¬гүй. Энэ мэтчилэн бид¬ний багад зааж сургасан, үеийн үед дамжиж ирсэн тэр юмыг л сурах бичиг маягаар, шог байдал оруулж бичиж байна.
    -Таныхаар Монголын утга зохиолын өнөөдрийн өнгө төрх ямар байгаа бол?

    -Монголын уран зохио¬лыг муу гэж байгаа юм биш. Гэвч жаахан гэнэн хүүхэд шиг байдаг байхгүй юу. Монгол гэдэг бол дэлхийн шилдэг үндэстэн гээд л хаана л олиг¬той юм байна бүгдийг Мон¬го묬той хамааруулж, магтдаг. Үүнийг гадныхан уншаад “Бичсэн юмыг нь” гээд инээм¬сэг¬лээд өнгөрдөг. Үнэндээ манай зохиолчдын гарга¬даг хамгийн том алдаа нь, ном гаргах өвчин туссан юм шиг бичээд л байдаг. Номын хэнээ¬тэй болж, нэр төр хөө¬цөл¬дөж, нэг их олон номтой болох гэж улайрдаг. Миний хувьд тийм олон номтой болохыг хүсдэггүй.

    Энэ нэг зүйлийг хэлэхэд, манай¬хан их дардайх, өөрий¬гөө хэт үнэлдэг байдлаас одоо салах хэрэгтэй. Чингэс хаанаа март гэж хэлэх нь хаашаа юм. Чингэс хаанаа зөв үнэлж, хүмүүсийн айдсыг тайлж, тэдний сэтгэлээс айдас хардлагыг угаах хэрэг¬тэй. Чингэс чинь Гитлер шиг алуурчин байгаа¬гүй шүү дээ. Би Чингэсийн талаар бүхэл бүтэн роман бичсэн боло¬хоор юу нэмж хэлэх вэ. Мон¬гол¬чууд энэ байдлаараа бай¬вал хэцүү. Чингэс дахин ами¬лаад ирлээ гэж бодоход бүгд толгойгоо авахуулж мэднэ. Учир нь Чингэсийн нэрээр улс төр, бизнес хийдэг хүмүүс олширсон. Сүхбаа¬та¬рын хөшөөг хүртэл Чингэсийн талбай болголоо. Түүх бол тэр үедээ үнэн байдаг. Евро¬пын хаа¬дын хөшөө байж л байгаа. Бат-Үүл утаа арил¬га¬на гэж хотын дарга болчи¬хоод, Ленин, Сүхбаатарын хөшөө рүү довтлох ямар хэрэг байна. Сүхбаатарын талбай гээд нэрлээд олон жил болсон ард түмэн Улаанбаатарыг Сүхбаата¬рын талбайгаар л төсөөлдөг. Гэтэл Чингэсийн талбай болгож, нэг аймгийг Чингэс хот болгох хэрэг байна уу. Ганцхан нисэх буудлаа ч гэсэн Чингэсээр овоглочихсон.
    -Германд олон жил бай¬сан хүний хувьд үндэсний утга зохиол, Монголын зохиолч-дыг гадагшаа гар¬гах, танилцуулах тал дээр хэр их юм хийв?
    -Түдэв гуайн “Хорвоотой та¬нилц¬сан түүх” гэдэг номыг герман хэлээр орчуулж, хэв-лүүл¬сэн. Энэ бол Монголын утга зохиолд оруул¬сан миний хувь нэмэр.

    -Ингэхэд та яаж яваад Герман улстай амьдралаа холбосон бэ?
    -Энэ бол хувь заяа. Би Герман улстай холбогдоод 52 жил өнгөр¬чээ. Энэ тухай роман ч бичсэн. Нэг ёсондоо өөртөө шалгалт өгч байгаа хэрэг л дээ. \
    -Хараад байхад та ган¬цаа¬раа байгаад байх шиг санагддаг. Та Монголын зохиолчидтой хэр холбоо¬той ажилладаг вэ?
    -Уг нь зохиолч найзууд бий. Харин зохиолчдын хороо¬той бараг холбоогүй байдаг. Намайг ч гэсэн нэг их уриад байдаггүй. Би Монго¬лын зохиолчдын хороонд гурван ч удаа хувийн хэргээ бүрдүүлж өгсөн. Гэтэл “таны хувийн хэргийн хавтас хоосон байна” гэдэг. “Юу яриад бай¬на” гээд очихоор бүгдийг нь устгачихсан байдаг юм. Энэ бол атаархал. Намайг Нобе¬лийн шаг¬нал авах хүн гэж дэлхий дахин шуугисан. Харам¬салтай нь намайг Нобе¬лийн шагналд дэвшүү¬лээд өгөх Засаг төр ард минь байхгүй. Тийм учраас би дэл сул явж байна даа. Гэхдээ би үүнд гудайдаггүй. Би мөнгийг модоор сэтгэдэг. Европоор хэсч, уулзалт хийгээд явж байхдаа орой нь зочид буу¬дал¬даа ирээд олсон хэдэн цаасаа тоолдог. Мөнгөө тоолоод 80 мод, 100 мод, 500 мод гэж хашгирдаг. Нэг модыг 10 еврогоор боддог. Ингэж л өөрийгөө зоригжуулдаг.

    -Үр хүүхдүүдээс тань таны зам мөрийг хөөсөн нь бий юу?
    ]-Би дөрвөн хүүхэд, есөн ачтай. Хоёр хүүхдэдээ өөрийн¬хөө эдлэн газартаа хоёр хаус барьж өглөө. Өөрөө ч гэсэн хаустай. Гурав дахь хүү маань ууланд даяан хийгээд, бясалгаад сууж бай¬на. Шадивлан¬гийн уулын оройд том чулуун хашаа бий. Тэр газрыг би худалдаж авсан. Дээр үед тэнд эртний Монго¬лын сүм хийд байсан юм. Бага хүү маань миний үйлийг үргэлжлүүлж яваа. “Чинагийн Галсан сан”-гийн гүйцэтгэх захирал. Одоо Мон¬голд герман хэлээр радио нэвтрүүлэг хийдэг.
    Ч.АННА

  • Оросын түүхийн бахархал буюу куликовын талд болсон тулалдаан

    зурвас газрыг эс тооцвол халдан довтлохыг урин дуудах мэт сул дорой хөршүүдээр хүрээлэгдсэн, Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс байв. Гэвч XIVзууны сүүлчийн хагасаас орос дахь Алтан Ордны улс хэдэн хэсэг хуваагдан хүч чадал нь саарч эхлэв. Эзэн улсын эв нэгдэлгүй, тархай бутархай байгаад зоригжсон оросын хаадууд Бат Сарай хот руу ердийн заншсанаараа очиж, албан гувчуур барьж, хүндэтгэл үзүүлдэг байснаасаа 1371 онд татгалзаж эхлэв. Энэ үед Алтан Ордны улсад хамгийн нөлөөтэй хаан нь Мамай байсан бөгөөд тэрбээр Чингисийн удмын биш байсан ч эзэнт улсын үлэмж хэсгийг өөрийн захиргаандаа нэгэнт оруулсан байлаа. Иймд Мамай дуулгаваргүй оросын хаадыг залхаан цээрлүүлэхээр шийдэв. Оросын вангуудын арми болон Алтан Ордны улсын цэргийн хооронд болсон энэхүү тулалдаан 1380 оны 9 дүгээр сарын 8-нд Дон, Непрядва, Красивая Меча голуудын хооронд 10 орчим ам.км талбай эзлэх Куликовын талд /одоогийн ОХУ-ын Тула мужийн нутаг дэвсгэр/ болсон билээ.

    1385 онд Алтан Ордны улсын хаан Тохтамыш аян дайны зорилгоор бүх нутаг дэвсгэрээс дайчилсан 90 мянган хүн бүхий арми байгуулсан. Гэтэл Мамай энэ үед Алтан Ордны зөвхөн баруун хагасыг эрхшээлдээ байлгаж байсан бөгөөд Куликовын тулалдаанд бараг бүх цэргээ алдсан юм. Түүнчлэн, түүний армид генуягийн явган цэрэг болон черкес, хасаг, армен зэрэг бусад үндэстний цэргүүд байсан байна. Тэгэхээр бусад үндэстний цэргүүдийг эс тооцоход монголын цэргийн тоо 70-75 мянгаас хэтрээгүй бололтой.

    Москвагийн вангуудын цэрэг бусад вангуудын баг цэргүүдтэй Коломнад нэгдэн нийлснээр нэгдсэн хүчийг зүүн хойд оросын бараг бүх бүс нутгуудыг төлөөлсөн дайчид бүрдүүлсэн байв. Москватай байнга сөргөлдөж байдаг Тверийн цэргүүд хүртэл Коломнад хүрэлцэн иржээ. Түүнчлэн, Литвын ван Ольгердын удирдсан Псковын болон Брянскийн хороод Рязань хавиас Дмитрий вангийн цэрэгтэй нэгдсэн бөгөөд түүгээр ч барахгүй Ижил мөрний болон сибирийн татаруудын баг цэрэг Оросын цэргийн бүрэлдэхүүнд байсан мэдээ байдаг.

    Цугларсан цэргийн хүчний тоог янз бүрээр гаргасан байдаг. Нэрт түүхч С.Карамзин Оросын армийн тоог 130-150 мянга хүрсэн гэж үздэг. Харин В.Татищев 60 мянга гэсэн тоог заадаг бол оросын он дарааллын зарим бичгүүдэд цэргийн тоог нилээд хэтрүүлэгтэй гэж болохоор дурьджээ. Тухайлбал, Никоновын он дарааллын бичигт оросын цэргийн тоог 400 мянга, “Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд” хэмээх түүхийн эх сурвалжид 253 мянга гэж тэмдэглэжээ. Гэхдээ оросын цэргийн тооны талаархи хамгийн үнэн магадтай тоог 70-100 мянга гэж судлаачид үздэг байна. Сүүлийн эх сурвалжаас үзвэл оросууд цэргээ толгойн анги, гол хүч, зүүн, баруун жигүүр, нөөц буюу отох гэсэн таван хэсэгт хуваажээ.

    9 дүгээр сарын 7-ны орой оросууд цэргээ байлдааны журамд нь оруулж эмхэлсэн байна. Москвагийн вангуудын цэргээс зонхилон бүрдсэн гол хүч нь Москвагийн бояр Тимофей Вельяминовын удирдлага дор төвд*нь жагсчээ. Баруун жигүүрийг Литвын ван Ольгерд, зүүн жигүүрийг ван Василий Ярославич болон Феодор Моложский нар удирдсан бол толгойн сэргийлэх ангийг ван Симеон Оболенский, Иоанн Тарусский нар манлайлан тулалдаанд оржээ. Харин зүүн жигүүрийн цэргээс холгүй, Дон мөрний дээхнэ талын царсан ойд нөөц цэргийн хүчин байрласан байв. Оросын арми монголын зүүн жигүүрийг довтлохоор эртнээс зэхсэн бөгөөд тийм ч учраас хэрэгтэй үед гарч ирэх отооны цэргийг үлдээсэн нь тэр ажээ. 9 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө Дмитрий ван бүх цэргээ тойрон үзлэг хийсэн бөгөөд дараагийн шөнө нь нөөц цэргийн захирагч Боброк Волынскийтэй цуг туршуулд явж татар-монголын болон өөрийнхөө армийн байршлыг тодорхойлон тэмдэглэж авсан байна.

    Тулалдаан явагдсан 9 дүгээр сарьга 8-ны өглөө битүү манантай байсан бөгөөд 11 цагийн үед манан арилж, тэнгэр цэлмэж эхэлмэгц оросын цэрэг хөндийн тэг дунд байрлах толгодоос давшиж эхэлсэн бөгөөд мөн энэ үед дундаа явган цэрэгтэй, хоёр жигүүртээ морин цэрэг бүхий татар-монголын цэрэг шуурхайлан давшиж эхэлжээ. Тэдний цэргийн байлдааны журам нь эмх цэгцтэй, нягт бөгөөд хөдөлгөөнтэй, маневрлах чадвараараа оросын армид багагүй төвөг удсан байна.

    Татар-монголын цэргийг ойртон ирсний дараа энэ үе хүртэл толгойн сэргийлэхийн эгнээнд явсан Дмитрий ван уг ангиа орхин, их вангийн тутийн дор үлдэж байлдахаар болсон Михаил Андреевич Бренктэй морь, хувцсаа солиод гол хүч рүүгээ буцсан байна. Тэрээр армиа гардан зохион байгуулж, жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцсон бөгөөд нэр нь үл мэдэгдэх нэгэн жанжинд удирдлагаа хэлбэрийн төдий шилжүүлэв. Их ван Дмитрий ийнхүү жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцсоныг тайлбарлах нэг шалтгаан байдаг нь тулалдааны явцад тушаалгүйгээр ухрагсадыг шууд цаазлаж, дэг журмыг сахиулах явдал байсан гэж үздэг. Түүнчлэн их ван цэргүүдийнхээ өмно жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцож, тэдний дайснаа дарах итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал байжээ.

    Непрядва голын баруун эргээр байрлалаа эзэлсэн оросын арми их үдийн үед Куликовын талд татар-монголын цэргүүдтэй тулгарчээ. Хэрвээ түүхэн домогт итгэх юм бол байлдааны өмнө Татарын баатар Челубей, Оросын баатар Александр Пересвет нар халз тулаан хийсэн аж. Уг халз тулааны талаар “Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд”- ээс өөр ямар ч түүхийн эх сурвалжид дурьдаагүй байдаг бөгөөд хоёр баатар халз тулалдаад хоёулаа үхсэн гэсэн домог байдаг. Дмитрий вангийн цэрэг тулалдааныг эхлүүлжээ. Мамайн хөнгөн морин цэрэг оросын цэрэг рүү уулгалан дайрч хариуд нь оросын явган цэрэг сөрөг дайралтад ороход татар-монголын нум сумчид суман мөндрөөр угтав.

    Мамайн цэрэг Куликовын талын дагуу давшилтад орж оросын цэргийн харуулын хороог тэргүүний хороод хүртэл нь ухрааж энэ үед Мамай нөөцийн морин цэргээ тулалдаанд оруулсан нь оросын цэргийн зүүн жигүүрийг сэтэлж, Дон мөрөн болон байлдаж байгаа оросын цэргийн ар талд гарснаар тэдний баруун жигүүрээс бусад хэсэг нь ухарлаа. Ихээхэн хүч гаргасны эцэст оросууд татар-монголчуудын Донын Дмитрий довтолгоог тогтоож, фронт болон жигүүрээс хориглон байлдаж эхлэв. Татар-монголчууд тулалдаанаа үргэлжлүүлж, толгойн сэргийлэх ангийг нийтэд нь шахсаар гол хүч рүү цөмрөн оров. Энд нилээн удаан, сунжирсан тулалдаан болжээ. Нүдээр үзсэн гэрчүүд болон он дарааллын бичээчдийн тэмдэглэснээр татар-монголын морин цэргүүдтэй оросын манлай ангийнхан давчуухан зайд аймшиггүигээр зууралдан тулалдсан богөөд морьд хүний хүүрэн дээгүүр явж чадахгүй болж, цэвэрхэн, сул газар гэж үгүй болжээ.

    Оросууд хэд хэдэн удаа байлдааны эмх цэгцээ алдахын даваан дээр Владимирийн болон Суздалийн цэргүүдийн сахилга бат, хатуужлын ачаар дайсныхаа довтолгоог няцааж байв. Оросын зүүн жигүүрийн цэрэг нилээд цохигдож, Непрядва гол хүртэл татар-монголчуудад шахагдаж эхлэхэд боломжтой цагийг хүлээн байсан жанжин Боброк Волынский отооны цэргээ тулалдаанд оруулах тушаал өгчээ. Нөөц хүчний энэхүү морин цэргүүд Алтан Ордны армийн гол хүчинд ар талаас нь гэнэтийн, хүчтэй цохилт өгснөөр оросын армийн баруун жигүүр болон гол хүч давшилтад орж, ширүүн тулалдаан болжээ. Татар- монголчууд эмх цэгцээ алдаж, ухарснаар тулалдааны явцад үндсэн эргэлт гарав. Тулалдааны явцыг ажиглаж байсан Мамай багахан хүчээ аван ухарсан бөгөөд хүчээ дахин эмхэлж, тулалдааныг үргэлжлүүлэх гэсэн боловч нэгэнт оройтсон байжээ. Оросын нөөц хүчний цэрэг татаруудыг Красивая Меча гол хүртэл 50 мод газар нэхэн тулалдаж, оросын түүхчдийн бахархан бичсэнээр тэднээс “тоймгүй олныг” хядан устгажээ. Тулалдаан өндөрлөхөд татарууд бараг бүх цэргээ алдаж, оросын армиас дөнгөж 40 мянга хүрэхтэй үгүйтэй хүн үлдсэн байна. Маш олон хүн шархадсаны дотор, их ван Дмитрий өөрөө хүнд шархдаж, тулалдааны талбараас ухаангүй байдалтай олдсон гэдэг.

    Сүүлийн зуун жилд оросууд монголын армийн бүрэлдэхүүнд байлдаж явахдаа тулалдааных нь урлаг, арга барилыг нэгэнт таньж мэдсэн учир монголчуудын хүчийг саармагжуулж цохих аргаа нэгэнт олсон байсан ажээ. Куликовын талд энэхүү тулалдаан оросын түүхэнд маш том байр суурь эзэлж, үндэсний бахархлын хэмжээнд үнэлэгддэг бөгөөд 1848 онд үүнд зориулсан хөшөөг хүртэл босгосон байна. Түүгээр ч барахгүй оросын үнэн алдартны сүм хийд жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг Куликовын тулалдааны ялалтын өдөр болгон тэмдэглэдэг юм. Энэхүү ялалтыг орос орон даяар баяр хөөр болон тэмдэглэж, Дмитрий ванг жинхэнэ ялагч гэж үзэн Олег Рязанский зэрэг олон өрсөлдөгч нь түүнийг хүлээн зөвшөөрч, Москвагийн вангуудын нэр хүнд тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Ихэнх хүмүүс уг ялалт татар- монголын дарлалаас ангижрууллаа хэмээн итгэж байв.

    Гэвч тун удалгүй татар-монголчууд бүр илүү хүчирхэг болж, хүсэн хүлээсэн ялалт нь тун хэврэг болохыг мэдэрсэн юм. Куликовын тулалдааны дараахнаас оросуудын өмнө гэгээрсэн эрх чөлөөний үзэл бодол Тохтамышийн шамдуу үйл ажиллагаагаар тэр даруйдаа унтарчээ. Тэрбээр оросын вангуудыг үг дуугүй бууж өгөхийг 1381 онд шаардав. Вангууд зоригтойгоор эсэргүүцсэн тул тэрбээр цэрэг армиа орос руу цутган оруулж 140 жилийн өмнөх Бат хааны довтолгооны аюулыг дахин үйлдсэн юм. Мамайн ялагдал нь ийнхүү хуваагдаад байсан Алтан Ордны улсыг Тохтамыш хааны нэгдсэн захиргаанд оруулсан бөгөөд Тохтамыш оросууудын эсэргүүцпийг нухчин дарж, орос орныг тэр чигт нь айдаст автуулсан билээ. Энэ удаа Куликовын тулалдааныг оройлон ялалт байгуулж, Д онын хэмээн алдаршсан Д митрий ван онцын эсэргүүцэл үзүүлж чадаагүй бөгөөд цэрэг цуглуулахаар Москвагаас дутаан гарч явсан байдаг.

  • Х.Уянга: Тэнгэрийн хишгийг түмэнтэйгээ хуваалцаж байж л жинхэнэ бөө болдог

     

    Гэвч сүүлийн үед айл болгон бөөтэй болж, айхтар луйвар ч энэхүү мөргөл, итгэл бишрэлээр халхавч хийн нийгмийг сэрдийлгэх болсон нь нууц биш. Гэхдээ бид энэ удаад удган Х.Уянга бүсгүйтэй уулзаж хөөрөлдсөн юм. Хөөрөлдснөө эрхэм танаа хүргэе…

    -Сүүлийн үед айл болгонд л онгод, тэнгэр буулаа гаж дуулдах болж. Өөрийн тань хувьд энэ тухай хэзээ хэрхэн яаж мэдсэн бэ?

    -25-ны жил ордог жил.., Цагаан сараас дараахан буюу ханш нээгдэх үеэс л эхэлсэн дээ. Хамаг бие сонин болоод… Ер нь багаасаа л бие эвгүй болоод байдаг байсан юм. Гэхдээ арван жилд байхад ч оюутан байхад ч орой үдэш гадуур дотуур орж гарахаар, гэртээ байсан ч гэсэн хий юм хардаг байсан.

    Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү анзаардаггүй байсан. Бүр айхтар зэрэгцээ ертөнцийг харж мэдэрсэн үе бол аравдугаар анги төгсдөг жил. Зуныхаа амралтаар лагертаа гарчихсан байсан юм. Шинийн 15-ны үдэш цонхоор сарны туяа тусчихсан байсан үе л дээ.

    Санаандгүй цонх руу хартал хүн явах шиг болсон. Манай тэр хавиар орой үдийн цагаар хүн амьтан явах ямар ч нөхцөл боломжгүй газар. Анх хий зүйл буюу зэрэгцээ ертөнцтэй таарсан нь тэр үе байж гэж сүүлд л мэдсэн. Сонин юм шүү, тэглээ гээд айж эвгүйцээгүй. Одоо бодоход тэрнээс хойш тийм сонин мэдрэмжтэй болсон.

    Хүнтэй яриад сууж байхад, гэнэтхэн тийм үе, үелзэл гэдэг шиг тухайн хүний дотроо бодож байгаа бодол, гэнэтхэн миний толгойд ороод ирэх ч юмуу тайлбарлаж чадалгүй сонин сонин мэдрэмж төрдөг болсон. Түүнээс хойш хоёр сарын турш тасралтгүй өвдсөн дөө. Шөнө зүүд эвгүйцээд л, унтаж чадахаа больчихсон.

    Дээшээ хараад хэвтэж байхад цээжин дээр хүн дараад эсвэл боогоод байгаа юм шиг бие их эвгүйцнэ. Тухайн үедээ өвдчихлөө гэж бодоод эмнэлгээр их явсан. Зүрх судас, тархины бичлэг хийлгэсэн ч шинжилгээний хариу ямар ч асуудалгүй эрүүл гэж гардаг.

    Би жаахан охинтой. Охиноо тэврээд зурагт үзээд эсвэл хөхүүлээд сууж байхад гэнэтхэн гар тавигдах жишээний Сүүлдээ хүүхдээ тэврч, хөхүүлж ч чадахаа байсан. Хэл ам дарвигнаад толгой эргээд ч байгаа юм шиг…

    Яагаад байгаагаа хэлж мэдэхгүй үгээр хэлэхийн аргагүй, тайлбарлаж боломгүй сонин мэдрэмжүүд төрөх болсон. Тэгээд эмнэлгээр яваад нэмэр болохгүй болохоор нь нөхөртэйгөө ярилцаад үзэж хардаг хүн дээр очьё гэж шийдэн таньдаг хүн дээрээ очсон.

    -Ямар хүн дээр очсон гэж. Аль чиглэлийн шашинд хамаарах вэ гэсэн үг л дээ?

    -Хадам аавын танил. Тэгсэн тэр эгч хараалгасан байна гэдэг юм байна. Манай хүн бид хоёрч бүр гайхаад, ямар юмных нь хараал, хэн яахаараа хараадаг юм бэ гээд сүйд болсон. Тэгсэн чинь, уучлаарай миний дүү, чамайг ахиад сайн татаж үзэхгүй бол нэг л биш байна гээд эрхи, хуураа татаад л байсан.

    Тэгснээ чи яах аргагүй онгодтой хүүхэд байна гэсэн.Тэр эгч дээр очих үед бие, оюун санааны хувьд их хүнд байсан л даа. Харахад зүгээр ч өөрөө хаана юу хийгээд байгаагаа ч мэдэхгүй, биеэ захирах ч тэнхээгүй болчихсон байсан. Нөгөө эгч онгодтой байна энэ тэр гээд л…

    Тэгсэн чинь хамаг тархи толгой дүүрээд өөрийн эрхгүй нүд анилдаад явчихсан. Тэгсэн чинь манай нөхөрт, хурдхан архи сүүнд гараад ир. Эхнэр чинь болохоо байлаа гэсэн. Архи, сүү авчраад өргөөд л байх шиг байсан. Нүд өөрийн эрхгүй анилдаад, сонсоод байгаа мөртлөө биеэ захирч чадахгүй болчихдог юм билээ.

    Тэр явдлаас долоо хоногийн өмнө миний хоолой ямар ч шалтгаангүйгээ өвдсөн байсан юм. Тэгсэн нөгөө эгч чинь эрхээрээ нуруу руу ороолгоод нэг юм гуйгаад, надаас өөр хүнтэй юм яриад байсан. Би харж чадаагүй… Тэгсэн хэрнээ сонсох мэдрэмж байгаад байдаг. Одоо бодоход дээдэс онгодыг л тайтгаруулж байсан юм билээ.

    Тэр үед миний хоолой аймаар өвдөөд яг л хүн хоолой багалзуурдаад байгаа юм шиг амь тэмцээд. Хамаг бие сулбайгаад хөгшин хүн шиг ч юм шиг эсвэл дээрээс хүн дараад байгаа ч юм шиг дээшээ өндийх тэнхэлгүй болчихсон. Уг нь би би тамхи татдаггүй.

    Гэтэл нөгөө эгч маань тамхи тат гээд миний огт мэдэхгүй хэлээр за та утаа нэр гээд л. Нөгөө тамхийг чинь жигтэйхэн булааж аваад л татсан. Хүүхнүүд чинь тамхийг хоёр хурууныхаа салаанд хавчуулаад л их маяглаж сордог ш дээ. Тийм юм байхгүй нөгөө тамхийг чинь булааж аваад л айхтар гүнзгий сороод…

    Юун хахаж цацах… Хэзээний тамхичин хүн шиг татаж эхэлсэн. Би дотор нь сонсоод байгаа хэрнээ яаж ч чадахгүй кино шиг л юм болоод байгааг мэдээд байгаа юм. Юу л болоод яагаад байгаагаа ч мэдэхгүй, за ингээд л галзуурдаг юм байж гэх бодол хамгийн түрүүнд толгойд буусан.

    Тэгсэн өнөө эгч, за буурай минь ингээд тайван сайхан байгаарай, ойлгохгүй удсан бол өршөөж хайрлаарай л гэнэ. Дандаа л уучлал хүсч, өршөөл ирээд л байсан. Би бол учрыг нь ч олохгүй. Энэ авгай чинь юу гээд солиороод байна аа гэж дотроо бодоод байдаг. Тэгсэн хэрнээ биеэ дийлэхгүй.

    Босч чадахгүй, биен дотор нэг хүн орсон байгаа нь мэдрэгдээд байдаг. Нөгөө тамхийг чинь айхтар татаад л, нөгөө над руу орчихсон хүн чинь цурхиртал уйлаад л байна. Надаас бол уйлах ч тэнхэл гарахгүй байгаа юм чинь. Тэгж байгаад би өөрийнхөөсөө огт өөр дуу хоолойгоор яриад эхэлдэг байгаа.

    -Ямар?

    -Яг 60,70 гарсан өвгөний хоолой надаас гарсан. Нөгөө эгч ч өршөөгөөрэй аль аймгийн ямар гаралтай энэ тэр гэж асуугаад… Тэр өвгөн баруун зүг л гэхээс яг тэр аймаг гэдэг ч юм уу нарийн зүйл хэлээгүй. Энэ бүхнийг би сонсоод л суугаад байгаа хэрэг шүү дээ. Өвөө айхтар уйлж байснаа тас тас хөхрөөд тэгснээ дахиад л уйлаад л…

    Би дотроо ингээд л галзуурдаг юм байж дээ. Амьд явсных элдвийн юм үзэх нээ гэж бодоод л байгаа юм. Тэгсэн нөгөө эгч, чи сайхан онгод тэнгэртэй юм байна. Би чамайг барж дийлэхгүй, чамайг багш дээрээ аваачина гэсэн. Одоо бодоход тэр хүн бид хоёрт маш их тус хүргэсэн.

    Одоо хүний ертөнцөд байхгүй бурхан болчихсон л доо. Тэгээд багш дээр нь яваад очтол Золзаяа гээд залуухан хүүхэн байж байна Тухайн үедээ бид хоёрт бөө удганы талаар ямар ойлголт ядаж төсөөлөл ч байгаагүй. Тэр эгчийн ажлаас багшийнх нь гэр хүртэл хоёр км зайтай.

    Тэр бага зайг машинаар туулах ахархан хугацаанд хүний сэтгэлзүйгээс гардаг ямар характер байдаг юм бэ, тэр бүгд л гарсан. Нөгөө эгч миний хажууд суугаад, манай нөхөр жолоочийн хажуу сандал дээр суусан байсан юм. Би ч нэг уйлаад л инэгээд л их сонин мэдрэмж төрж байсан даа.

    Манай нөхөр гайхаад, ээ бурхан минь энэ чинь галзуурч байгаа юм биш байгаа гэсэн харцаар хараад л байсан. Тэгээд л багшийнд ирсэн. Хашааных нь хаалгаар орж чадахгүй өвдөг сөхрөөд уначихсан. Нөгөө эгч манай нөхөртэй хамт хоёр талаас чирээд тахилын гэр рүү явж орсон.

    Тэгсэн багш гаднаас орж ирээд шилэн хүзүүн дээр дарж үзснээ гурван удаа харваад орсон байна ш дээ. Энэ хүүхэд бүр болохоо байлаа, үхлээ гэж байна Би бие дээрээ мэдэрсэн хэрнээ л юу вэ үхсний чинь харваад орох, юу балайраад байгаа хүүхэн бэ гэсэн шүү юм бодогдоод бас мухай хараад суугаад байгаа юм.

    Золзаяа багш онгодоо буулганаа гээд онгодоо буулгасан чинь нөгөө өвгөн чинь нөгөө эгч дээр буугаад л… Айхтар догшин онгод шүтээнтэй хүүхэд байна, гурав хоногийн дараа чанартай. Тэр үдэш хамт явахаас өөр арга байхгүй. Тэгэхгүй бол амиа алдлаа гэсэн.

    Тэгсэн нөгөө буусан онгод маань за энэ чанар дээр амжих үгүйгээ хэлж мэдэхгүй байна. Хажууд нь би завилаад суучихсан байсан юм. Миний онгодтой л ярьсан байх. 21 хоног гэсэн чинь зүгээр сууж байсан хүн чинь хэдэн тийшээ намираад нахилзаад уначихлаа. За 21 хоног гэвэл наад хүүхэд чинь тэвчихгүй юм байна.

    14 хоног гэсэн дахиад л нахилзаад уначихлаа, долоо хоног гэсэн дахиад л саваад уначихлаа За гурван хоног гэсэн чинь овоо тогтлоо. Тэгээд яахав дээ, гурав хоногийн дотор юмаа бэлд. Гэр орон, ах дүү, садангаа дуудаж ир, чи яах аргагүй удган болох ёстой хүүхэд гэсэн. Сонин юм билээ.

    Бие дээрээ тийм мэдрэмж аваад хүмүүс тэгж хэлээд байхад ч итгэдэггүй юм билээ. Тэгээд надад нэг эрхи, толь өгсөн. Онгод тэнгэрт чинь буудал суудал гэж юм байдаг, тэрийг нь бичиж ав, өмсгөлийг нь бичиж ав гэсэн нөгөөдүүлийг нь бичиж аваад гэртээ харьсан. Бие ч харьцангуй дээрдчихсэн. Тэгсэн атлаа итгэл байхгүй л байгаа юм.

    -Сонин юмаа тэгээд яаж итгэл төрөв дөө?

    -Овоо гайгүй байж байснаа орой нь бас л эвгүйтээд эмнэлэг эрүүл гэсэн хүн чинь өнөө эгчийн багшид л хандаж байгаа юм чинь… Хурдан наашаа аваад ир наад хүүхэд чинь болохоо байлаа Хэлээд байхад итгэлгүй байгаад байх юм.

    Гурав хоног тэсч чадахгүй нь..Одоо уг наана гэдэг юм байна Тэгээд л уг наах үйлийг хийлгэсэн дээ. Багшийнхаа онгодын өмсгөлийг өмсөөд хэц, хэнгэрэг бүгдийг нь барьж аваад л уг наалгах ёсолгоо хийсэн.

    -Ямар ч бэлтгэлгүй онгод тэнгэрээ хүлээж авчээ. Анхны сэтгэгдэя ямар байв?

    -Үнэхээр эвгүй байсан. Гар хүртэл хүнийх юм шиг л санагдаад… Өнөө хэцийг чинь хачин сурамгай барьж байнаа Яг тэр үйл явдлыг болж байхад манай нөхөр, миний доод талын эрэгтэй дүү хоёр хамт байсан. Манай хоёр хажуугаас хараад, за энэ Уянгаа яах бол гээд л ажаад сууж байсан хэрэг.

    Тэгсэн хэцийг нь бариад л малгайг нь өмсөөд л… Би дотроо мөнхийн айдастай тэгсэн атлаа тэр бүгдийг хэзээний мэддэг юм шиг л байсан. Тэгтэл ч нөгөө өвгөн чинь тас гээд л биен дээр суурьтай ороод ирсэн. Дахиад л уйлаад эхэллээ нөгөө өвгөн чинь. Нэг инээгээд л, нэг уйлаад л байсан.

    Одоо бодоход тэр өвгөн их л хэцүү байдалтай байж байгаад ашгүй ингээд хөрсөндөө буугаад ирлээ. Энэ олон хүүхдийн буян заяаг түгээх үйл минь дөхөж ирлээ гэж бодоод баярлаад л уйлаад байсан юм байна лээ. Нөгөө өвгөн асуулаа. За миний удмын хүүхдүүдээс хэн байна гэж.

    Танай удмын хүүхдүүдээс танай улаачийн төрсөн дүү, нөхөр хоёр нь байна. Тэгээд манай дүүтэй золгоод манай дүү ч өвөө энэ тэр гээд л уналаа. Тэгсэн би дотроо, инээд хүрээд, өвөө энэ тэр гээд байхаар нь сонин санагдаад боддоггүй. Цай ууж, тамхи татаж байгаа энэ тэр нь яг өвгөний үйлдэл.

    Миний үйлдэл гэхээр юм юу ч байхгүй. Манай дүү “өвөө минь би таны улаачийн чинь төрсөн дүү нь байна гээд л дүүгийн толгой тархийг нь үнэрлээд л, мөр энэ тэрийг нь илээд байхаар би өөрөө жүжиглээд ч байх шиг санагдаж байж билээ.

    Дашрамд сонирхуулахад манай дүү хоёр хоногийн өмнө харих гээд автобусны буудал дээр зогсож байж л дээ. Тэгтэл замын хажуугаар явж байсан хэдэн сахилгагүй, согтуу банди нар манай дүүгийн хамрыг нь мурийтал нь цохисон байсан. Өөрөөсөө жаахан хүүхдэд цохиулаад хамар нь далийчихсан байсан юм.

    Нөгөө өвгөн, за хүүгийнхээ самсайг тэгшилж, гоо болгоно гээд л их олон юм ярьсан. Тэр өдрөө манай дүүгийн хамрыг тэгшилчихсэн. Манай дүү, яанаа өвөө цус гарчихлаа ш дээ гээд байсан. Миний инээд хүрээд гайхаад л, хэлэхийн арга байхгүй сонин байсан. Тэгж байгаад за өвөө нь мордлоо гээд явсан.

    Багш маань та хэдэн удаа буух юм бэ гэхэд гурван удаа бууна гээд л мордлоо гээд л явсан. Би дотроо сониуч зан ихээр хөдлөөд… Хэц энэ тэрээ нүдээд мордоод явчихангуут бүх бие нээх сайхан тайвшраад биенээс нэг том юм гараад явчихсан ч юм шиг санагдаад л сэтгэлзүйн хувьд тайван сайхан болчихсон.

    -Тэгээд яав?

    -Шууд дүүгийнхээ хамрыг харсан. Үнэхээр тэгширчихсэн байсан. Манай багш ” За чи харав уу танай онгод чинь анх бууж ирсэн өдрөө дүүгийн чинь хамрыг тэгшилчихлээ, хамар тэгшилнэ гэдэг амаргүй биз дээ гэж хэллээ. Би ч тийм л дээ гэж бодсон хэрнээ, гэхдээ л гэдэг бодол байгаад байгаа юм.

    Багш одоо гурван удаа бууна гэсэн шүү гэж байн байн сануулаад л… Бид өөрөө юун буух энэ тэр гэсэн шүү юм бодоод байж байтал дахиад л хүзүүн дээрээс нэг юм дараад авах шиг болсон. Сүүлд мэдэх нь ээ, шахаа гэдэг нь байсан юм байна лээ. Буух гээд л шахаад байна. Тэгээд яахав, өнөөх өвгөнөө буулгалаа.

    Буугаад ирэнгүүт л мөрөн дээр тээглээд байсан юм чинь байхгүй болчихдог. Тэгээд баахан юм яриад л байсан. Хөрстөд маш олон онгод шүтээнүүд удам болгонд буух ёстой. Хамгийн гол нь зөв зүйтэй сайхан хайрлаж буулгаарай гээд л…

    Манай онгод буух болгондоо зөв зүйтэй үг хэлж, сургааль үг хэлдэг. Ойлгохгүй юмыг ойлгуулах гэж хичээдэг. Тэгээд л гурван удаагийн буултын дараачаас бөөгийн амьдралд орсон доо, би.

    -Бөө болохоор энгийн амьдрал их өөрчлөгдөх үү. Ялгаа байх уу гэсэн үг л дээ. Янз бүрийн дэг ёс сахих гээд л?

    -Удган болсноосоо хойш зөндөө хүнийг эдгээж,бариа хийн, үзэж харж байна. Сонин сонин юм зөндөө л болсон. Эхэндээ итгэхгүй байх асуудал байсан ч одоо эргэлздэггүй. Улаачаараа дамжуулан өвдсөн зовсон хүмүүст тусал. Өөрийн зөн совинг мэдэр.

    Тэнгэрээс чамд ямар мэдээлэл өгч байна вэ, тэрнийгээ харамгүй гаргаж сур. Хүн нэг хувийн авъяас, 99 хувийн хөдөлмөрөөр амжилтанд хүрдэг гэдэгдээ.Тэгэхээр тэр ганц хувийн авьяасаа хөгжүүлж, тордож байх хэрэгтэй. Хичнээн авъяастай байлаа ч зүгээр суугаад байвал ямар хэрэг байх вэ.

    Зовж зүдэрсэн хүмүүст туслахгүй, тэнгэрээс заяасан чадвараа ил гаргахгүй нуугаад байж болдоггүй юм билээ. Харин ч эсрэгээрээ ил гарч, олон түмэнд туслах том үүрэгтэй болсон. Юуг нь нуухав. Эхэндээ их эргэлзээтэй байсан. Наадах чинь худлаа худлаа гээд л… Хамаатан садан.найз нөхөд эргэн тойрны хүмүүс ойлгохгүй.

    Яг миний үзсэн амьдралыг мэдэхгүй учраас сүлжээ, худлаа гэдэгл байсан даа. Тэгээд байхаар хүн чинь нээрээ юу билээ гэж бодно. Нөгөөтэйгүүр дэврсэн сэтгэлийг нураагаад байхаар цаг хугацаа харуулна биз гээд өөртөө итгэх итгэлээ нууцлана.

    Иймэрхүү байдлаас болоод онгодыгоо, надад итгэж байсан хүмүүсийн итгэлийг нурааж, урмыг хугалах явдал зөндөө гарсан. Гэхдээ одоо үнэхээр чин сэтгэлээсээ надад туслаачээ гэсэн хүн ирвэл чин сэтгэлээсээ тусалдаг. Хамгийн гол нь намайг тоогоод, онгод буугаад ирсэн.

    Үүний цаана маш том чадвар байдаг юм. Чадвара олны тусын тулд зориулах ёстой. Үнэхээр эдгэхгүй өвчин тусч, шаналсан хүмүүс зөндөө ирсэн. Тэр болгоны тоог бичдэггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. 100-аас даваад явчихсан байхаа, ямартай ч…

    -Гадуур сайн муу олон бөө байх юм. Нөгөөтэйгүүр хүн чинь гарах гарцгүй болохоороо бөөд ханддаг. Өнөөдүүл нь айхтар хатуу үнэ хэлээд суучихдаг. Ерөнхийдөө бизнес болчихоод байх шиг санагддаг. Ингэхэд өөрөө ямар өртгөөр хүнд тусалж, засал хийдэг юм бэ?

    -Ийм асуудал миний амьдралд ч тохиолдож байсан. Хүний зовлонг авч, гарзынх нь үүдийг хаагаад байхад гар хүндрүүлэхгүй байж болохгүй гэж дийлэнх хүмүүс ярьдаг л юм. Мэдээж улаач ч гэсэн энэ нийгэмд эгэл хүмүүний амьдралаар амьдардаг. Хүн л юм чинь амьдралтай, үр хүүхэдтэй, ар гэртэй.

    Өөрийн гэсэн амьдралтай учраас бусадтай л адил идэж ууж, өмсөж зүүнэ. Би өөртэйгөө ижил үзэж хардаг хүмүүстэй уулзаж туршлага солилцож үг сонсдог л юм. Тэд ч чи өргөл, барьц ав л гэдэг байсан. Нэг хэсэг энэ замаар явсан. Үнэ тариф ч тогтоосон. Тэгсэн онгод тэнгэр маань, чи өөр хүн шүү дээ.

    Чи тэнгэрийн онгод буулгаж, зон олонд буянаа түгээх ёстой хүн. Тэнгэрээс өгсөн чадварыг үнэлэх ёстой юу, үгүй юу гэдгээ өөрөө тунгаа гэж хэлсэн. Би ч тэр үед тариф тогтоох ёстой юм байна ,өөрийгөө үнэлэх ёстой юм байна гэж бодсон. Их буруу ойлгосон юм билээ. Гэтэл үгүй юм байна.

    Тэр болгоны нарин ширийнийг цаг хугацаа өнгөрөх тусам онгод минь надад ойлгуулсан. Хүмүүс сэтгэлээрээ буян үйлдэх хэрэгтэй, хатуухан хэлбэл эрхтэй юм билээ. Угаас өөрт тусалсан хүний алгыг тэнийлгэх ёс байдаг шүү дээ. Ямартай ч би энэ чадрарыг дамжаанд явж, сургуульд сураад олоогүй.

    Тэнгэрээс хүнд туслаач, олон түмэнд буянаа түгээгээчээ гээд хүрээд ирсэн. Миний ээж, эмээ хоёр гартаа байгаа чадвараа хүмүүст түгээж яваагүй ч ойр тойрныхоо хүмүүсийг анагаагаад л явж байсан. Манай буурай эмээгийн хувьд бөө байсан юм билээ. Олон хүнд тус дэмээ түгээдэг байсан гэдэг.

    Миний хувьд тариф тогтоохоо больсон. Гэмээ ухаараад… Хүн чинь их сонин амьтан. Би ч гэсэн сүүлийн үеийн нийгмийн бүтээгдэхүүн учраас л нэг үе тариф энэ тэр гээд дэмийрч явсан хэрэг. Одоо бол ойлгосоон.

    Хамгийн гол нь миний хийж өгсөн юмыг яг хэлсний дагуу хийгээд, чин сэтгэлээсээ хандаад буян болох юм бол болоо. Бусадтай адил тариф тогтоох ёсгүйн байна гэдгийг маш сайн ойлгосон.

    -Улаач хүн олон түмнийг анагаах ёстой. Тэр үйлээ хийхгүй бол бие нь өвддөг. Эмнэлгээр яваад ч оношлогдоггүй гэсэн үнэн үү?

    -Харин тэгдэг юм билээ. Сонирхуулахад над дээр нэг ямар ч эмчилгээгүй болсон хүү ирсэн. Солонгос руу 70 мянган доллараар явж эмчилгээ хийлгэж байж л эдгэнэ гэсэн оноштой. Тэр хүү миний онгод бууж ирсэн үед надаар дамжуулж бариа хийлгээд гурван сар гам барьсан. Одоо зүгээр болчихсон шүү.

    Эхэндээ би чадах уу гэж боддог байсан бол сүүлдээ эдгэрээд талархаад эргээд хүрээд ирэхээр нь баярладаг болдог юм билээ. Тэр ч утгаараа тэнгэрээс ирсэн чадварыг олон түмэндээ хүргэхгүй нуугаад байж болохгүй. Хэрвээ засал буян бариа хийхгүй байгаад байвал бие өвдөөд л эхэлнэ.

    Хамаг бие хөндүүрлээд, толгой тархи эргээд сонин болоод байдаг юм. Тэрийг хүнд ойлгуулах хэцүү л дээ, их зовиуртай болдог. Ажиглаад байхад тэнгэрээс ирсэн энерги нь хуралдаад байдаг юм шиг байгаа юм. Тэр их энергээ гаргахгүй болохоор өөрт сөргөөр нөлөөлж сэтгэлзүй болоод бие махбодь хэцүү байдалд ордог.

  • МОНГОЛ ХҮН ЯЗГУУРААСАА ХУЛГАЙЧ БИШ ЭЭ…

    болоод, одоо сураг ч үгүй болчих байлаа. Яагаад гэвэл хулгайч үндэстэн оршин тогтнох, тэсэн үлдэх ямар ч боломжгүй олон олон шалгуурыг давж бид энэ цагт ирсэн.
    Тийм бол яагаад дээр дооргүй хулгай хийгээд байгаа юм бэ? гэж үү.
    Энэ цаг үе бол хулгай нүүрлэсэн цаг үе. Монгол үндэстний нийтлэг ухамсараа мэдрэх чадварыг нь алдагдуулж, үнэт зүйлсийг нь үгүй болгож, бэртэгчлэл, хувиа хичээх үзлийг дэлгэрүүлэх гэсэн хэдэн зуунаар үргэлжилсэн ил далд хорон бодлого сүүлийн 30-аад жилд бүр хараа хяналтгүй сад зад тавьсаны үр, гор гарч буй хэрэг болохоос Монголчууд язгуураасаа хулгайч тулдаа хулгайлаад байгаа юм биш. Биднийг зориудаар ийм чөтгөрийн тоглоом руу шахаж буйг анзаараасай.
    Авилга, шударга бус арга замаар хөлжинө гэдэг бол хэлбэр арга нь өөр боловч мөн чанар нь адилхан л хулгай юм. Харамсалтай нь энэ цаг үед боломж нь байгаад авилга аваагүй бол тэнэг гэж ойлгодог болтлоо бидний ухаан санааг самууруулсан. Тийм нийгмийн тогтолцоог бий болгож, тийм ухамсар, сэтгэлзүйн хандлагыг уйгагүй сурталчилж, тулган хүлээлгэсэн. Үндэстний нэгдмэл байдлыг бий болгодог үнэт зүйлсийг бүгдийг нь гутаан доромжилсон, элэглэн шоолсон, уллан дэвсэлсэн. Энэ тоглоомдоо манайхны аль адгийн хогийн нөхдүүдийг ашигласан.
    Үр дүн нь өнөөгийн нийгмийн байдал. Том хулгайчууд нь хулгайлсан мөнгөөрөө сонгогчдын тархи, нүдийг хуураад төрийн толгойд залардаг. Эх нь хээр алаг бол, унага нь шийр алаг. Толгой дээрээ хулгайчуудаа залчихаар тэгээд доогуур байгаачууд нь үлгэр жишээ авцгаагаад, барьцаад, бүгдээрээ л хулгайч болцгоочихно. Нэг тийм хачин тогтолцоо бий болгочихсон. Тэгээд “Амиа бодох шиг сайхан юм хаана байна” гэж ил тод ярьж сурталчилцгаана.
    Түүхэн туршлага гэдэг нэг юм гарцаагүй байдаг. Бид хулгай дээрэм, бэртэгчлэл гээд муу муухайд эзлүүлэх хэрээр уруудан доройтож, мөхөх сэхэх дээрээ тулж байв. Тийм үеүд манай түүхэнд нэг бус бий. Бас бид муу муухайг тэвчиж, ялж, тэмцэж, нэгдэж чадахын хэрээр сэргэн мандаж, гэхдээ бүр дэлхийн сүпэр эзэнт гүрэн болтлоо сэргэн мандаж явсан. Язгуурын муу шинжтэй үндэстэн тийм эзэнт гүрнийг яагаад ч бүтээж чаддаггүй юм. Хамгийн сүүлийн маш тодорхой гашуун жишээ бол хүчирхэг Зүүнгар улсын мөхөл. Хүчирхэг Зүүнгар улсыг цэрэг зэвсгээр дийлэх ямар ч шинжгүй болохоо ойлгосон Манж-хятадууд дотор нь хагалган бутарган, явцуу эрх ашгуудыг хатгаж өдөөх, тэмцэлдүүлэх хорон бодлого явуулсны үр дүнд 30-хан жилийн дараа Зүүнгарчууд тэдний эсрэг тэмцэх ямар ч чадваргүй болчихсон байдаг.
    Түүх бол үндэстний ой санамж. Хэрвээ уржигдар, өчигдөр бүдэрсэн чулуундаа өнөөдөр дахиад бүдэрч буй бол ой санамжаа алдсаных. Түүх бол тийм сургамж, санамж нь. Гэтэл Түүх шиг хэрэггүй юм үгүй, түүх мэдэх шаардлагагүй, түүх өнөөдрөөс эхэлдэг, маргаашаа л, ирээдүйгээ л харая, улирсан баларсан түүх, домог гэж хийрхэхээ больё, өнгөрсөн түүхэндээ гацах юм бол хөгжихгүй гэсэн тун сайхан оргилуун атлаа маш хорон овжин тархи угаалт хүчтэй өрнөсөн. Өрнөж ч байна.
    Бас түүх бол үндэстний зөн билэг нь. За тэр талаар дараа болоё.
    Дахин хэлэхэд угаасаа л монголчууд хулгайч үндэстэн, бэртэгчин үндэстэн гэдэг бол санаатай хийгээд санамсаргүй ТАРХИ УГААЛТ, хорлон сүйтгэл юм шүү. Бид угаасаа л хулгайч үндэстэн юм бол одоо хулгайлаад байхаас яая гэхэв гэсэн арга барагдсан, цөхөрсөн хандлага нэг хэсэгт нь, бид угаасаа хулгайч юм чинь хулгайлахад яадаг юм гэсэн муу ёрын сэдэл бас нэгэнд нь өгдөг. Тиймээс маш хорлонтой. Хортой. Зарим нэг нь бүр “Хараач тэр, монголчууд угаасаа л хулгайч шүү дээ” гээд баярласан хэрээ мэт бархирч байна.
    Үндэстнийг ингэж л сөхрүүлж, дотроос нь илжрүүлж, мөхөөж, орон зайг нь эзлэн авдаг түүхэн туршлага байнга давтагдаж ирсэн. Ялангуяа томоохон хүчирхэг үндэстнүүдэд ийм шалгуур байнга тулгарч байдаг. Бид жижиг үндэстэн биш ээ, тоо цөөн гэдэг жижиг гэсэн үг биш. Бид хүчирхэг том хийгээд эртний үндэстэн. Тиймээс бидэнд ийм чанга шалгуур сорилтууд үе үе тулгарч байв. Энэ цагт үед бидний өмнө ч тийм түүхэн шалгуур ирчихээд байгаа хэрэг. Хэн хүнд угаасаа байдаг хувиа хичээх, эд мөнгө, эрх мэдэлд, алдар нэрд донтох адгийн муу донг нь хөгжөөж, өдөж, хатгаж, сэрээж байж, түүн дээр нь дөрөөлж улс үндэстнийг мөхөөн, өрсөлдөгчөө нуга дарж ирсэн түүх олон бий. Нөгөө талд нь хүнд бас язгуурын шударга ёс, сайн хийгээд сайхныг талархан сайшаах мэдрэхүй, тэмүүлэл ч байдаг. Түүнийг нь мартуулж, үгүйсгэж, нулимж, доог тохуу болгодог. Тийм л үйл явц өрнөж байна.
    Тиймээс “Монголчууд угаасаа л хулгайчууд” гэсэн тархи угаалтад бүү авт. Биднийг зориудаар хулгайчид, бэртэгчид болгож, задалж, хүчгүйдүүлж сөхрүүлж буйг л гагцхүү сэр. Танин мэд, Энэ Дэлхий даяар хулгай хийж яваа, бүр Тайландад хааны ордонд хүртэл хулгай хийсэн монголын хулгайчид бол тэр хорлонт бодлогод автагсад, тархиа угаалгагсад, өөрсдийгөө мэдэхээ байсан өрөвдөлтэй мянга мянган хөөрхийсүүдийн нэг нь. Үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх зүйлсээ эрж хай. Бидэнд хангалттай бий шүү.
    Б.Номинчимэд.

  • Т.БАТМӨНХ: МОНГОЛЧУУД ЦАВУУНЫХАА НУУЦЫГ АЛДСАН

    энэ ажлыг нуруундаа үүрсэн. Эдүгээ “Эрийн гурван наадам” ХХК нум сум эрхэлж байна. 10-р хороололд байрлах тус үйлдвэрийнхэн юм хийе бүтээе гэсэн хөдөлмөрч хүмүүс аж. Тэд нэг нь нумаа, нөгөөх нь хамгийн чимхлүүр ажил болох шөрмөсөө нумандаа тааруулж наах гээд тус тусдаа үүрэгтэй хариуцлагатай аж. Компаний захирал Т.Батмөнхтэй ярилцлаа.
    -Нцм сумын үйлдвэртэй болох санаа хэдийд төрөв?
    -Би уг нь газар зүйн багш мэргэжилтэй. Сух харваж сурч байхад Ядамсүрэн багш нум сум хийхийг заасан. Би гарын эв дүйтэй санагдсан уу, багш маань “Мандухай сэцэн хатан” киноны нум сум болон зарим хэрэгслэлийг хийж байхдаа намайг зуныхаа амралтаар хамтарч юм хийгээч гэх нь тэр. Багшийнхаа заавраар шөрмөс задлах, нуман дээр тогтоох зэргийг гадарлах болсон. Дараа нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны нум сумыг мөн л хийлцэхдээ нэлээд дөртэй болоод бие даан юм хийхтэй болсон байх.
    -Анх хийсэн нум сум санаанд чинь нийцсэн үү?
    -Анхны нум сум хүүхдийнх байсан л даа. Багш эсгэж өгөөд, наагаад ир гэсэн. Тэгээд болж байна гээд хүүхдийн 5-6 нум сум хийлгэсэн.
    -Нум сум хийх яггүй ажил уу?
    -Гичир шар, хамар гээд олон хэсгийг хулсандаа тааруулж наана. Нааж хамаасныхаа дараа эврээ зүснэ. Янгирын эврийг л зүсч нимгэлнэ шүү дээ. Зүссэн эврийг эсгэсэн нуманд тааруулж өвөр талд нь наана. Ингээд хорь орчим хонуулаад шөрмөсийг цавуунд зулж, ард нь наана. Бэлэн болсон нумыг 4-6 сар хатаасны дараа хөвчлөөд зэхнэ.
    -Их олон дамжлагатай юм. Тэгэхээр нэг нум 4-6 сарын дараа бэлэн болдог байх нь ээ.
    -Нум, сум хийнэ гэдэг маш нарийн ажил. Наад зах нь дөрвөн сар хатаах горимтой.
    -Зааны яс, бугын эвэр өөр юу ч билээ тэр олон зүйлийг яаж олж цуглуулдаг вэ, Та?
    -Чиний дээр нэрлэсэн ховор эдээр сумны булцуу хийдэг юм. Зааны яс бол бүр олдохгүй. Бугын эвэр их үнэтэй. Тийм болохоор хандгайн эвэр ашигладаг. Хандгайн эврийг Хөвсгөл, Хэнтий рүү захиж авна. Дээр үед том эвэртэй хайнаг, бүдүүн шарын эврийг ашигладаг байсан. Одоо үхрийн эврийн оронд янгирын эврийг зүсч хэрэглэх болсон. Зарим үед хуванцраар орлуулдаг. Ийм булцууг бэлтгэл дасгалын үед л хэрэглэнэ. Тэмцээний үед тохирохгүй. Энэ нь уламжлалаа алдаж байгаа хэрэг л дээ. Нум сумандаа хэрэглэх бургас, хусыг л гэхэд жилийн өмнөөс сүүдэр газар хатаана. Сүүдэрт хатсан мод бат бэх болно. Харин наранд хатаавал хэврэгшнэ.
    -Монгол аргаар хийсэн цавуу бас л өөр үү?
    -Дээр үед цавууг өөрсдөө буцалгадаг байж. Харамсалтай нь хятадууд гангар шаазан хийдэг патентаа бусдад алдсан шиг өвөг дээдсийнхээ цавуу хийдэг байсан нууцыг алдсанаас тодорхой жор үлдсэнгүй.
    -Үйлдвэрлэл эрхэлж байгаагийн хувьд цавуу хийдэг байсан тэр уламжлалыг нь судалж үзэв үү?
    -Гаднаас худалдаж авна гэхээр өртөг ихтэйгээс гадна шаардлага хангахгүй. Хятадын цавуу л гэхэд ер наасан болохгүй. Тийм болохоор өөрсдөө хуучин уламжлалаар нь монгол аргаар цавуугаа хийж байгаа. Налайхад амьдардаг ная гарсан нэгэн хөгшнөөр заалгасан.
    -Тэр цавууг яаж буцалгадаг тухай сонирхуулахгүй юу?
    -Үхрийн арьс ширний годыг загасны махтай хольж буцалгана. Ингэхдээ тасралтгүй 72 цаг чанаж жинхэнэ шөрмөс тавих цавуу гаргаж авч байгаа юм л даа. Цавуугаа буцалгахдаа огтхон ч хайнга хандаж болохгүй. Хоёр хүн ээлжлээд гурван өдөр шөнө буцалгадаг гээд бод доо. Бас бус юм бий л дээ. Тэр бүрийг тоочоод яах вэ.
    -Багагүй түлш орох нь ээ.
    -Тэгэлгүй яахав. Түлш хэмнэхийн тухайд өндөр даралтаар хайлуулдаг тогоог ашиглах хэрэгтэй юм билээ. Бид тэр тогоог хэрэглэж үзсэн. Боломжийн санагдсан шүү.
    -Цахилгаангүйгээр хийх өөр арга байж болох уу. Томоохон зууханд гал түлээд буцалгаж болох биш үү?
    -Ер нь л аль болох хэмнэлт талаас нь хийхийг зорино л доо. Ингэхдээ чанарыг орхигдуулж болохгүй. Зун намрын цагт бол хангай газар очоод, танилынхаа гадаа томоохон “поошгон” зуухан дээр 30-40 кг цавуу бэлтгэж авдаг л даа.
    -Нум сумын харьцаа гэж харваачид ярьдаг. Ер нь нум сум хийхэд гол нь харьцааг алдагдуулахгүй байх нь чухал уу?
    -Нум сумын харьцаа тохирсон байх ёстой. Эрэгтэй хүнд эр сум тааруулна гээд их нарийн л даа. Өнгөрсөн жил Чингисийн ойн наадмаар болсон явдал л даа. Эхнэр маань урьд өдөр нь бай сүрхий оноод байгаа л харагдсан юм. Гэтэл маргааш нь эр сум андуурч авснаасаа болоод сум нь байндаа хүрэхгүй байж билээ. Хөгшчүүд хүртэл андуурна. Дээр үед хатуу нум, том сумаар харвадаг байсан. Одоо нум нь зөөлрөөд сум нь жижгэрсэн байгаа. Бүр эрэгтэй нь 72 граммаас дээш, эмэгтэй нь 60 граммаас дээш жинтэй сумаар харвадаг байж. Гэтэл одоо энэ хэмжээ хамааралгүй болсон.
    -Бид нум сумын талаар голдуу ярилаа. Одоо ярианыхаа сэдвийг танай үйлдвэр рүү чиглүүлье. Ингэхэд танайх хичнээн ажилтантай юм бэ?
    -Үйлдвэр дээр гардан ажилладаг таван хүнтэй. Гэрээрээ шөрмөс задалж байгаа 10 гаруй хүн бий. Монголд нум сумны үйлдвэрлэл явуулдаг газар нь ганцхан манайх болоод байгаа. “Эрийн гурван наадам” ХХК буюу “Монгол нум сумны үйлдвэр” нэртэй. Манайхаас салбарласан “Нөхөрлөл” нэртэй хувийн хоршоо Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд бий. “Нөхөрлөл” хоршоо жилд 50 орчим нум сум үйлдвэрлэдэг. Долоон үеийн харваач удамтай, Болдбаатар гэдэг залуу толгойлж байгаа. Залуу хүн гэхэд сайн хийж байгаа шүү.
    -Танай үйлдвэрийн хувьд жилд хичнээн нум, сум үйлдвэрлэдэг вэ?
    -Жилдээ 80-100 орчимд эргэлддэг.
    -2006 онд Тулгар төр байгуулагдсаны ойг тэмдэглэхтэй холбогдуулж Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу аймаг, сум бүрийг нум сумтай болгохоор шийдсэн байгаа шүү дээ. Танайх энэ хөдөлгөөнд гол үүрэг гүйцэтгэх нь лавтай?
    -Энэ хөдөлгөөний дагуу нэг сумд дөрвөн нум сум хэрэгтэй гэж үзээд, 1200-г хийх хэрэгтэй болж байгаа. 2006 он хүртэл манай үйлдвэр 600 гаруйг нь хийх зорилго тавин ажиллаж байна. Сэлэнгэд байгаа салбар үйлдвэр 300-400-г хийх болов уу. Дээр нь хувиараа хийдэг хүмүүсийнх нэмэгдэнэ. Энэ жил хүүхдийн их наадам болохтой холбогдуулан манайх захиалга ихтэй байгаа. Тиймээс хүүхдийн 40-60 нум сум хийхээр төлөвлөж байна. Том хүнийхтэй нийлээд 150 нум, сум хийнэ.
    -Авьяасаас гадна гарын ур дүй, тэвчээр хатуужил шаарддаг гэдгээрээ ажилтнаа сонгон шалгаруулж авахад хэцүү юү?
    -Жинхэнэ юм хийе гэсэн ясны авьяастай хүн шалгарч үлддэг. Наад зах нь зургийн, техникийн талын мэдлэг, гарын ур дүйтэй байх шаардлагатай. Одоо нутгийн хүүхдүүдтэйгээ 2006 он хүртэл ажиллана гэж байгаа. Нум сум хийхдээ нэг л зүйлийг нь буруу хийвэл мөнөөх оло өдрийн уйгагүй хөдөлмөр, өндөр өртөг бүхий эд материал талаар болно. Тиймээс шавь нараа буруу юм хийвэл зэмлэнэ ээ би. Нэг талаар ажлын хариуцлагаас гадна үйлдвэрийн нэр хүндэд ч нөлөөлнө шүү дээ.
    -Нум сумны одоогийн үнэ ханш гэвэл…
    -80-150 мянган төгрөгийн үнэтэй.
    -Миний сонссоноор бол 70-80-аад оны үед нум сум хийдэг жижиг үйлдвэртэй байсан боловч нэг их удаан үйл ажиллагаагаа явуулж чадалгүй зогсоход хүрсэн гэдэг. Энэ дашрамд та нум сум хийх уламжлал хэрхэн өвлөгдөж ирсэн талаар сонирхуулахгүй юү?
    -1965-1966 оны үед өөрсдөө үйлдвэрлэх бололцоогүй байснаас улсын мэргэн Адилбиш Хятадад 1500 нум сум хийлгэж байсан. 1972 онд Ой модны аж үйлдвэрийн яам, Ан агнуурын газар, улсын мэргэн Пүрвээгээр удирдуулсан нум сум хийх тасаг байгуулсан. Дараа нь 80-аад оны үед Спортын төв Ордны дэргэд тэр үеийн Сурын холбооны дарга байсан Балдандоржийн санаачилгаар улсын мэргэн Дашцэрэн, Гэнэн, Хангай нарын хүн нум сум хийж байсан. Харамсалтай нь 1990 он гэхэд энэ жижиг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь зогссон. Гадаадад нум сум захиалж хийлгэхээ ч больсон. Сүүлдээ Гэнэн, Пүрвээ, Цэвээн нарын ахмад мэргэчүүл маань гэрээрээ нум сум хийдэг болсон. Хамгийн гол нь нум сум хийх уламжлал алдагдах нь гэдгийг ойлгосон байх. Ер нь бол 1970-аад оноос нум сум нь гэр бүлсэг өв уламжлагдсан маягаар хөгжиж эхэлсэн. Нэг ёсондоо үе дамжсан харваачид үр хүүхэддээ зааж өгч нум сум хийх, харвах нь зөвхөн найз нөхөд болон гэр бүлийн хүрээнд шилжсэн гэх үү дээ. Тэднээс хамгийн олон буюу 20-30 жил нум сум хийсэн хүн бол улсын дархан мэргэн А.Цэвээн.
    -Үйлдвэрийн чинь байр арай л давчуу жижиг юм. Цаашид үйлдвэрээ өргөтгөх бодол бий юу?
    -Үйлдвэрлэлээ өргөтгөх гэж 1995 онд 10-р хорооллын Спорт цогцолборын гимнастикийн сургалтын заалыг авах гэж тэр үеийн төрийн өндөрлөг, хот болон дүүргийн захиргаанд албан бичиг төслөө өгсөн ч үр дүнд хүрээгүй. Одоогийн Улаанбаатар Паласын хажуугийн жижиг заалыг монгол нум сумын үйлдвэрт өгөх юм бол үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Тэр жижиг заалыг өргөтгөөд зөвхөн нум сум хийгээд зогсохгүй гадаадын хүмүүс өвөл зуны алинд ч ирж нум сум харваж үзэх зориулалтын талбайтай болгож болно. Өөрөөр хэлбэл тэр нь сонирхогчдын талбай болно гэсэн үг.
    -Ярилцсан Б.Туул

  • ХАВТГАЙ ТЭМЭЭ ДАЙЖИЖ, харийн нутаг руу одож байна

    Одоо Хятад улсад 600 хавтгай байна. Энэ амьтны нөгөө гол нутаг болох Монгол Улсад 300 орчим хавтгай байна. Үүнээс үзвэл дэлхийн зэрлэг тэмээний нийт тоо 1000 хүрэхгүй байна” гэж “Синьхуа” агентлаг 2011 оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан бол саяхан “Хятадын байгаль хамгаалагчид хилийн ойролцоох нутгуудаар судалгаа хийж явахдаа 124 хавтгайтай таарчээ. Эдгээр зэрлэг тэмээ Монголын нутгаас орж ирэн, идээшиж байна” хэмээн мэдээлэв.
    ХАВТГАЙН ГАЗАР НУТАГ 30 ЖИЛД 15.000 АМ КМ-ЭЭР ХУМИГДЖЭЭ
    Хавтгай хэдийгээр Монгол Улсын баруун өмнөд, БНХАУын баруун хойд хэсэгт цөөн тоогоор сүрэглэн амьдрахдаа хил дамнан нүүдэллэж явдаг ч гэлээ сүүлийн жилүүдэд малчдад шахагдан, малд бэлчээр нутгаа алдаж байгаа нь үнэн. Жилээс жилд сая саяар өсөн үржиж байгаа мал сүргээ малчид зэрлэг амьтдын газар нутгийг булаан идээшлүүлж байна. Дээрээс нь олз хайгч нинжа нараас үргэн дайжиж буй амьтдаа буцаан даллах бодлого манай улсад алга. Түүнээс болоод хавтгай эх нутгаасаа дайжиж, эргэж ч харалгүйгээр харийн нутаг руу үүрд явж байгааг үгүйсгэх аргагүй. Манай оронд хэдэн хавтгай нутаглаж буйг яг таг хэлэх хүнгүй, нэг хэсэг нь устаж байна гэхэд нөгөө нь түүнийг үгүйсгэж сууна. Зэрлэг тэмээ Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн таван сумын 44 мянган ам км нутаг дэвсгэрт нутагладаг (1980-аад оны үед) гэж үздэг байсан бол өдгөө Майхан ус, Хар хайрхны нуруу, баруун урагшаа Сайрын хошууны булаг, Гурван шар уул, Бэлийн хэлтэс, Нүдэн булаг, зүүн тийш Талын мэлтэс, Наран сэвстэй, Булган хошууны нурууны урд бэл, Хатан суудлын нурууны өвөр бэл, зүүн хойшоо Хөх хулсны нуруу, Ланзатын нурууны зүүн хэсэг, хойд зүгт Эдрэнгийн нурууны зүүн өмнөд болон өвөр бэлээр Цулбуур харын нуруу хүртэлх 29.000 ам км нутагт амьдарч байна. Энэ нь 1900-1920 оны үеийнхээс 3.5 дахин бага нутаг юм. Хавтгайн газар нутаг ийн хумигдаж байгаа нь энэ амьтан Монголд цөөрч, харьд хулжиж буйг илтгэх бас нэг нотолгоо бус уу.
    SOS ЖАГСААЛТЫН НАЙМДУГААРТ ХАВТГАЙГ БҮРТГЭЖЭЭ
    1873 онд Оросын судлаач Н.М.Пржевальский Төв Азид хийсэн хоёр дахь судалгааныхаа үеэр хавтгайг харж, ийм амьтан байдгийг шинжлэх ухаанд “хэлж өгсөн” түүхтэй. Хавтгай агнахыг манай улс 1930 оноос хуулиар хориглон, 1958 онд дархалж, 1975 онд Говийн их дархан газар бол энэ амьтны үндсэн тархац нутаг болохыг тогтоожээ. Ан агнуурын тухай 2000 оны хуульд хавтгайг байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац хязгаарлагдмал, устах аюулд орсон, нэн ховор амьтны ангилалд оруулсан байна. Монгол Улс нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Биологийн төрөл зүйлийн конвенц (SBD)-д 1993 онд, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалахыг хориглох тухай конвенц (CITES)-д 1996 онд, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Бонны конвенц (CMS)-д 1999 онд нэгдэж, хавтгайгаа бүртг үүлсэн тул энэ амьтныг хамгаалах нь олон улсын өмнө хүлээсэн том үүрэг болж байгаа юм. Гэтэл манай улс энэ үүргээ биелүүлэхийн оронд аргацаасаар өдий хүрэв.
    Уг нь энэ хосгүй ховор амьтан тэнэгэр говьдоо идээшилж, хавтгай Монголд байдаг хэмээн дэлхийд зарлуулж байвал бидний, Монголын бахархал. Гадаадын эрдэмтэд хавтгай бол дэлхийн гайхамшиг юм хэмээн онцолж, Амьтан судлалын нийгэмлэг Эволюцийн хувьд тусгаар, генетикийн хувьд устах аюулд орсон зүйл (EDGE) хэмээх хөтөлбөр (SOS жагсаалт гэж болох)-т хавтгайг оруулж, жагсаалтын наймдугаарт бүртгэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховордсон ан амьтныг унаган байгальд нь хадгалан хамгаалах ажлыг сайжруулж, хавтгай тэмээ зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээрийн генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглах”-аар заасны дагуу 2010 оны есдүгээр сард БОАЖЯ гадаад, дотоодын судлаачдыг хамруулсан томоохон хурал зохион байгуулж, “Хавтгай хамгаалах үндэсний хөтөлбөр” боловсруулж эхэлсэн ч одоо болтол гарт баригдаж, нүдэнд харагдах юм хийсэнгүй.
    2003-2007 онд Байгаль орчны яам НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран, “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах” төсөл хэрэгжүүлсэн нь чамгүй үр дүнд хүрчээ. Гэвч уг төслийн хүрээнд хавтгайн хорогдлын шалтгааныг тогтоох байсан ч эрдэмтэд үүнд хариулт өгөөгүй байх юм. Биологийн хүрээлэн, АНУын Денверийн амьтны хүрээлэн хамтран хавтгайн байршил, нүүдлийн замыг тодорхойлох, ажиглалт хийх зорилгоор 2003 оны аравдугаар сард нэг хавтгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Мөн олон улсын “Тахь” групп, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран 2007 оны тавдугаар сард нас гүйцсэн гурван буур, хоёр ингэн хавтгайг хүзүүвчилсэн байна. Үүний гурвыг Буурын хяр, Атасын шал, Давхар харын нуруунаас барьсан бол хоёрыг нь Хар сайрын хөндийгөөс барьж хүзүүвчлээд, буцаан тавьжээ. Гэсэн ч ганц л хавтгайд зүүсэн хүзүүвчний дохиолол ажилласан гэнэ. 1998 онд хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, ШУА, МУИС, Улсын багшийн их сургууль, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчид оролцсон зөвлөлгөөн болж, хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах, нөхөн сэргээх тухай санамж бичиг баталжээ. 2001 онд Бээжинд болсон хавтгай хамгаалах олон улсын бага хурлын үеэр Хавтгай хамгаалах сангаас Монгол, Хятадын Засгийн газрын хооронд дэд сайдын хэмжээний уулзалт зохион байгуулж, хавтгай тэмээг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох тухай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Харамсалтай нь эдгээр хурал, цаасны үр дүн чамлалттай.
    1980-1982 ОНД ОНГОЦООР ТООЛЛОГО ХИЙЖЭЭ
    1943 оны үед Монголд 300-гаад хавтгай байсан гэх тоо дуулддаг бол 1980-1982 онд 500-800 бий гэсэн тоо гарчээ. Манай улс 1980-1982 онд “АН- 2” онгоц, автомашин ашиглан, Алтайн цаад говьд хавтгайн тооллого явуулсан байна. Үүний үр дүнд манай эрдэмтэд хавтгайн онцгой шинж, экологийн үндсэн үзүүлэлт, тоо толгой, байршлын талаар төсөөлөлтэй болсон аж. Үүний дараа Говийн их дархан цаазат газрын мэргэжилтнүүд 1982-1988 онд хавтгайн тоо толгой 500-600-гийн хооронд хэлбэлзэж байна гэж тооцоолжээ. 1997 оны гуравдугаар сард Монгол, АНУ, Германы судлаачид хамтран, агаарын тооллого хийгээд 802 хавтгай бий гэж мэдээлсэн байна. 1980-1982, 1997 онд хийсэн тооллогын дүнгийн зөрүү их байгаа нь судалгааны арга, боловсруулалт, судалгаа хийсэн газар нутгийн хэмжээ өөр байсантай холбоотой бололтой. 2004-2005 онд нэгдсэн аргачлалаар улирал тутамд тодорхой замналын дагуу хийсэн тооллого, судалгааны дүнд Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 463 хавтгай байгааг тогтоожээ. Үүнийг үнэнд ойр тоо хэмээн судлаачид үзэж байна. Хамгийн сүүлд БОНХЯ-ны захиалгаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУБИС, Хавтгай тэмээ хамгаалах сан, БХЭОЗХ хамтран, 2012 оны намар хавтгайн тооллого хийж, Монгол Улс 800 гаруй хавтгайтай гэж дүгнэжээ.
    ГАРШУУЛСАН ХАВТГАЙ ҮРЖИЖ ОЛШРОХДОО ТААРУУ БАЙНА
    Хавтгай 2-3 насандаа өөрийн бие даасан сүргийг үүсгэдэг. Энэ үедээ анхаарал сэрэмж муутай, айж зугтаахын оронд сонирхох, тандах нь давамгайлдаг тул чонын идэш болох, бууны овоо хараанд орох магадлал өндөр байдаг аж. Устаж буй энэ амьтныг аврахын тулд Баянтооройгоос 2001 онд 11 ботго барьж, Баянхонгор аймгийн Эхийн голд аваачин, хоёр жил гаршуулжээ. 2003 оноос Английн Хавтгай хамгаалах сан, Ховор амьтан хамгаалах үндэсний комиссын дэмжлэгээр уг 11 хавтгайг Баянтооройд буцаан авчирч, үлдсэн хоёр ингэтэй нийлүүлснээр хавтгай гаршуулах ажил үргэлжилж байна. Одоо Захын усны үржүүлгийн төвд малчин, малын эмч нар хавтгайг хүний оролцоотой үржүүлэн, байгальд буцаан тавих үйл ажиллагаа явуулж байна. Гаршуулсан хавтгайн зэрлэг байдлыг нь алдагдуулахгүйн тулд дөрөвдүгээр сарын 20-нд бэлчээрт тавьж, аравдугаар сарын 20-ны үед ороо нь орох цагаар хашиж, алсаас өвс тавьж өгдөг аж. Баянхонгор аймгийн Аудитын газрын дүгнэлтээс үзвэл гаршуулсан хавтгай тооны хувьд өсөлт муутай байгаа аж. Хавтгайн ботгоны бие дааж амьдрах чадвар муу байгаагаас өсөж олшрохгүй байгаа бололтой. Хавтгай гаршуулагчид өвөл орооны үед хавтгайн буур, үржлийн ингийг хашаанд тусгаарлан нийллэгт оруулах, хээлтэй ингийг тэжээж тордон эсэн мэнд төллүүлэх, төлийг нь бүрэн торниулах, зун, намарт задгай бэлчээрт хариулж тарга хүч авахуулахын хажуугаар ажиглалт, судалгаа явуулдаг гэнэ.

    МОНГОЛ, ХЯТАДЫН ХАВТГАЙ ХАМГААЛАХ ЯЛГАА
    Манай улс Говийн их дархан газрыг 1976 онд дархан цаазтай болгож, улсын тусгай хамгаалалтад авсан ч хавтгай хамгаалах талаар одоо болтол нэгдсэн бодлого, хөтөлбөргүй сажилж ирлээ. Энэ ажилд улсын төсвөөс мөнгө зарцуулдаггүй, хавтгай хамгаалах ажлыг өдий хүртэл гадаадын байгууллагуудад ацаглан орхижээ. Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 2005 онд 3.0 сая, 2006 онд 35.5 сая, 2007 онд 67.9 сая, 2008 онд 106.4 сая, 2009 онд 103.5 сая төгрөгийн санхүүжилт улсаас авчээ. Үйл ажиллагааны зардлын 75.5 хувийг нь цалин эзэлдэг энэ байгууллагад хавтгай хамгаал, өсгөж үржүүл гэж мөнгө өгдөггүй. Ажилтнуудад нь хавтгай хамгаалах сэтгэл зүтгэл байлаа ч түүнийгээ мөнгө болгон судалгаа шинжилгээ хийж, өвс, ус, хужир болгон хавтгайд тавьж өгч болох биш дээ. Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор дархан цаазат газрын цөлийн нөхцөлд нэг байгаль хамгаалагчид 200 мянган га талбай хариуцуулахаар тогтоож өгчээ. Үүгээр бол 4.4 сая га талбайтай Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 22 байгаль хамгаалагч ажиллах ёстой атал 11 ажиллаж байна.
    Гэтэл Хятад улс 2003 оноос Шиньжанд Лоб нуур, Ганьсүд Ань Наньба гэх, хавтгай хамгаалах байгалийн хамгаалалтын бүс дараалан байгуулсан юм. 78 мянган ам км газар нутагтай энэ хоёр нөөц газрыг хавтгайд тусгайлан зориулжээ. “Олон жилийн уйгагүй хүчин зүтгэл, төрөөс мөнгө санхүү, бодлогоор дэмжиж байгаагийн хүчинд Хятадад зэрлэг тэмээний тоо мэдэгдэм нэмэгдэж байна” хэмээн урд хөршийнхөн ам бардам байна. Тэд хавтгайн тооллого, судалгаа шинжилгээг ч тасралтгүй хийж, өөрийн нутаг дахь хавтгайг Монголын хил давуулахгүй байх, Монголын талаас орж ирсэн хавтгайг тэндээ үүрд нутагшуулахад ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдав. Хятадууд үүл буудан бороо оруулж, хавтгай хамгаалах нутгаа өвстэй, устай байлгахад анхаарч байна. Амьтан ч бас амьд юм хойно устай, ургамалтай айх аюулгүй газар бараадах нь мэдээж.
    Хавтгай Монголоос хулжиж, хүний нутаг руу үүрд одвол хятадууд “Хавтгай гэх хосгүй ховор амьтан зөвхөн манайд л байдаг” хэмээн сайрхаж, хавтгайгаа үзүүлэхээр гадаадынхныг урин дуудаж, Хятадыг сурталчлах нэрийн хуудсаа нэгээр нэмнэ. Английн Хавтгай тэмээ хамгаалах сан зэрэг байгууллага хандив тусламжаа тэр үед зөвхөн тийш л чиглүүлнэ. Харин тэр үед бид яах вэ. Хятадаас хавтгайгаа гуйх уу, гадаадын амьтны хүрээлэнгүүдээс хайх уу.

  • Бөөгийн хооллолт буюу Ертөнцийн Эрчим хоол

    Би охиноо төрүүлээд төрөхөд байхад олон маамууны мэрэгжилтэн болсон нагац эгч минь намайг эргэн цай хоол өгсний дотор том сүүл байв. Лав л нагац эгчийн маань олон маамуунууд өлгийтэй байхдаа бандайсан сүүлүүд амандаа зуулттай байсанг мэдэх би тэр том сүүлийг нь охиныхоо аманд зуулган, цай хоолыг нь өөрийнхөө аманд зуулгав. Нялх охин минь ам нь бувар бувар хөдлөхөд сүүл нь бас пог пог гээд хөдлөж байлаа. Хэдэн минутын дараа харахад сүүл нь хөдөлдөггүй. Ямар хачин юм бэ? Бүх сүүл амруу нь ороогүй болохоор хахаад үхмээргүй юм. Үхчихсэн юм болов уу гээд л сандран сүүлийг нь суга татахад охин минь амьд байв. Харин сүүл нь тэр аманд орсон хавиараа зөөлрөөд бусад сүүл нь хөдлөхөө больсонг харлаа.
    Дараа нь нагац эгчийгээ ирэхэд сүүл нь ингэж хөдлөж байгаад хөдлөхөө больсонг гараараа дүрслэн үзүүлж байгаад л ярин, сандарсан айснаа хэлэхэд нагац эгч маань: “Хээ чамайг дээ. Хэн чамайг хөлдүү сүүл хөхүүл гэсэн юм. Хэхэхэ хөлдүү сүүл хөхүүлжээ” гээд намайг шоолов. Хөлдүү сүүлийг гэсгээж аманд нь өмхүүл гэж дагавар бичиг өгөөгүй байж шоолдог гэжий ш дээ. Ингээд бодохоор төрүүтээ л сүүлддэг Монгол маамуунууд махчин Монгол болох нь аргагүй гэмээр. Гэвч сүүлний яг тэр хэсэг маш их тустай бөгөөд хоргүй гэдгийг сүүлд нь анагаах ухаан судлаж тогтоосноор энэ буруу биш зөв нь тодорхой.
    Харин би хэдэн жилийн өмнө Монголчуудын эрт дээр үеийн хооллолтын тухай ном уншиж сонирхов. Тэнд Монголчууд биднийг зөвхөн мах, гурил л мэддэг, иддэг гэж ер бичээгүй байв. Будааг сүүлд л идэж сурсан гэсэн ойлголттой. Тэр болтол би гурил талх байхгүй хөдөөнийхөн цагаан идээ гэх ааруул энэ тэрээ идэн, гурил олдвол хувиараа боорцогддог гэсэн ойлголттой байв. Мөн миний эмээ намайг жаахан байхад арвайн гурил гэж юм зуурч идүүлдэг, бас нэг юм эргэлдүүлэн тээрэмдэж, тэрний үртэс нь их амттай би тэрнээс нь атга атгаар ам руугаа чихдэг байсан бүдэг бадаг дурдатгал санагдана. Би өөрөө цагаан идээ идэх дургүй байв. Гэвч Буурлууд буухад хайлмаг гээчийг ч харин нэг тавгаар нь шахуу идэх дуртай болчихсоныг яанаа. Ээж маань маш гоё хайлмаг хийж одоо зөвхөн надад идүүлдэг болсон. Үнэндээ бол би биш миний доторхи Дээдсүүд л идэж байгаа байхдаа. Тэгснээ бас өрөм шүүрддэг болчихож. Тараг их ууна. Хааяа хэдэн өдөр огт хоол идэхгүй зөвхөн тараг л ууна. Харин сүүтэй цайнд дуртай биш болчихлоо.Тэгэхээр миний хооллолт хүртэл өөрчлөгдчихсөн хэрэг.
    Би дараа нь Монгол эрдэмтэн ХҮСЭХҮЙ гэж хүн Юан улсад хоолны хичээл уригдан заасан тухай, түүний номыг сүүлд олон орон ашигладаг байсан тухай уншаад гайхан тэр номыг хайсаар, хөөсөөр байгаад олж уншаад лав л Монголчууд хоол хэрхэн идэх талаар мэрэгжилтэн байсныг баттай мэдэв.
    Монголын нууц товчоонд Өүлэн эхийг уул хад дамжаад л дүүлээд л жимс ухаж идээд, гол мөрөнгөөс загас түүгээд л хүүхдүүдээ өсгөв гэж бичсэн байдаг. Гэтэл яг үнэн чанартаа тэр үед ч Монголчууд байгалийн бэлэн хоолыг идэхээс гадна өөрсдөө тарьж ургуулдаг байсан тухай Сорхагтани хатны туйлын үнэн номд дурайтал бичжээ.
    Одоо гэхэд л би хашаандаа арваад төрлийн жимсний модтой бөгөөд жилийн өмнөөс жимсээ өгч, болсноос нь авахуулаад Болжмортой булаалдаад л иддэг болчихоод байгаа. Энэ бол Монголд одоо ургаж байгаа жимс бутнууд урд нь ургах чадвартай байсныг гэрчилнэ. Би мэрэгжилийн жимсчин огт биш. Ном уншиж байгаад л тарьж байсан. Гэхдээ арчилгаа энээ тэрээг нь ажил ихтэй болохоор бараг л зөнд хаячихсан, бүтэнд заваараа ганц нэг арчилгаа хийвэл хийдэг хатуу гараар өссөн модууд шүү дээ. Тэгээд байхад л нөгөө хөрүү аргаар бойжино гэдэг шиг л ургаад байгаа юм.
    Өүлэн эхийн үнэн бодит түүхийн талаар Сорхагтани бэр нь хэрхэн бичсэнг уншина уу.
    …Мэдвэл зохих гурван номоор өдөр шөнийг үдэж
    Онон мөрөнд уягдаж
    Олны нийхэмд жаяглагдаж
    Онол болоод хансу, хүслийн зүйн мэдвэл зохихуйд
    Оновчтой мэргэшихүйг дотоод хэрэгцээ болгон хүсэж
    Моныг голлохуйн зарчим, зан үйлстсуралцаж байна
    Өвөл идэх махны хорыг дарах жимс тарбосыг хатаан
    Нар, сар, мэдвэл зохихуй дор сүү цагааг бэлдэж
    Най тухтай сайхан өдөр тарвага, гөрөөс агнаж
    Махыг эвхэж жигнэх, шарж давслах, утах
    Жилийн таван тухыг ТНГР-ийн жаягаар хангаад
    Дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр арвижуулж
    Зон ардын нийхэмээр зөн нэн гүн хадагдаж
    Хуш, жодоо,хус, улиангар, сэндэн тэргүүтэй
    Тав таван зүйл модыг Оул биетэн бүр тарьж, ургуулж
    Бүрэлзгэнэ,мойл, улаалзагана, чацаргана, үхрийн нүд, цангис
    Сөд тэргүүтэй арван эм үржүүлж сэргээж
    Гурван хонд бууцыг хатгаж хурааж хороолоод
    Заяагаар төрсөн үрээ засгийн жаягт гүн сургаж
    Жилийн дөрвөн цагийг гэгээрч мэргэшиж үдэж байна… хэмээн Тоорил хаантай уулзахдаа хэлсэн үг, хийсэн үйлийнх нь тухай байдаг. Эндээс харахад өөрсдөө ямар их ажил хийж амжуулж, сурч боловсордог, хүүхдүүдээ сургадаг байсан нь тодорхой. Ийм ажил ихтэй, бүгд оролцон хичээн хийдэг учраас Чингис Хаан ажилд хойрго хандаж, голж шилэлгүй хийж сурсан нь тодорхой. Ийм ч учраас тэр одоо буугаад ч ямбалж, яндаганадаггүй юм байна. Иймээс л би анхнаасаа түүнийг энгийнээс энгийн гайхмаар энгийн гэж гайхан бичээд байснаа сайн ойлголоо.
    Өүлэн эхийн алтан сургаал Хаан ч бай, Хатан ч бай, Харц ч бай хүн л гэж төрсөн бол ямар ч ажлыг хийж сурах хэрэгтэй хэмээн хүүхдүүдээ хүмүүжүүлэн тэд нь Эхийн минь сургаал, эх минь ингэж сургасан хэмээн манай онгодууд юм бүрийг өөрсдөө хийчихдэг нь их учир утгатай байна. Хувилай онгод минь хоёр тийшээ ганхан маажигнаж галаа түлэн, унасан нүүрсийг нь шүүрдэн, өргөө гэрээ цэвэрлэн явдаг байсансан. “Бид гайхуулах гэж буугаагүй, идэж ууж, амьтан айлгаж ямбархах гэж ирээгүй. Тэнгэрийн зарлигийг л биелүүлэх гэж ирсэн” хэмээн Дээдэс хэмээх миний онгодууд хэлдэг.
    Өүлэн өжий ийм л ажилтай, ухаантай, царайлаг сайхан болохоор нь энд тэндхийн баатрууд булаалдаад дайтаад авах гээд алалцаад мундагаараа Есүхэй Бөө баатар авчихсан байгааг харав уу. Есүхэй Баатар бол их өндөр биетэй. Миний биед буухад жаахан бөгтийлгөөд багтаж ядаад хүзүү сээрнээс ийш тийш татан нэг л эвгүй, бие арай жижигдээд байгааг нь мэдэрдэг.
    Монголчууд зун нь айраг цагаа идэж ууж, өвөл нь мах идэж, хавар зун хааяа борц идэхээс биш үргэлж мах идээд байгаагүйг өвгөдийн ТҮҮХ гэрчилж байна. Сорхагтани хатан мах идэж мангуурч гэж зэмлэсэн байдаг. Монголын дайснууд махыг хэмжээнээс нь хэтрүүлж үргэлж хэрэглэх тархийг яаж мангууруулдаг вэ гэдгийг мэддэг тэр нууцыг нь нуун Өвгөд, Түүхээс нь салган Социализм гэгч байгуулахдаа Монголчуудыг МАХ, ГУРИЛ гээчээс өөр юмыг мэдэхгүй болтол нь сурган, хэвшүүлэн, тархийг нь зад мангууруулсан нэг бузар булай нь илчлэгдэж байна.
    МОНГОЛЧУУД ХООЛ ХҮНСЭЭ ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРЛААР НЬ ТООЦОН ХАРЖ БЭЛТГЭЖ, ТУХАЙН УЛИРЛЫН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН МӨН БИЕИЙНХЭЭ БҮХ Л ХЭРЭГЦЭЭ АМИН ДЭМИЙГ ХООЛООРОО ТААРУУЛДАГ НЬ ГАРЦААГҮЙ БАЙСАН БАТАЛГААТАЙ ЮМ.
    Иймд энэ бүх МОНГОЛ хоол, Монгол Хоолны соёл аугуу холбоо, хэлхээг Монголчууд бид өөрсдөө судлан ил гаргаж дэлхийд сурталчлах хов хоосон орон зай байгааг Залуучууд анхаараарай. Одоо Дэлхий нийт хоолны проблем гэж толгой эргэсэн хэцүү асуудлаас болон хоол ихэдвэл хор болдгийг ойлгон зөв гарцыг олох гэж үйлээ үзэж байгааг дуулгахад нэн таатай. Зөв хооллолтын нууцыг олъё гэвэл ТҮҮХЭЭ СУДАЛ. Тэнд гарц байгаа. Тэрнээс биш зөв хооллолт гэж сүлжээний хоол, дан цагаан хоол, хоол сойх, хоолоо хэмжин илчлэгийг нь хянах гэж үйлээ үзэх биш шүү! Бидний тархийг хоолоо ч мэдэхээ байтал угаасныг та бүхэн мэдэв үү? Энэ бол өнөөх л түүхээс нь хагацуулж, Тэнгэрээс нь салгасны нэг хор уршиг.
    Миний эмээ намайг дагуулан өндөр уул руу ямаа шиг л авиран мацдаг байсан. Гишүү идүүлж, яргуй бас өмхүүлж, хөдөө байхдаа хөмүүл, таана түүж дугуйлан хатаадаг байсан. Бас мөөг түүнэ. Нохойн хошуу, мойл, гүээлзгэнэ, самар түүдэг байлаа. Би самар түүхдээ мундаг байлаа даа. Модонд авираад л сэгсрээд л унасанг нь шуудайлаад л. Хашаандаа хэдхэн төмс, сонгино, байцаа, лууван, манжин булчихдаг л байсан юм даа. Харин би сонгинод угаасаа дургүйдэг. Ээж надад тусад нь сонгиногүй хоол хийж өгдөг байсан.
    Харин нөхөрт гарч амьдралд нухлуулаад сонгино маш жаахан иддэг болсон ч өмхий үнэрийг нь арилтал хуурч байж маш жижиг хэрчин, уусаад шөл болтол нь болгоод л хоол хийнэ. Зөв арга байгаа биз дээ. Хайрт нөхөртөө бага ч гэсэн сонгиноны амт оруулсан хоол өгч л байна гэдэг хэхэхэ. Сонгино хийсэн үү хийсэн, бүүр ихийг хийвэл би өөрөө хоолгүй хоноод байвал өдий хорь гаран жил хамт амьдрана гэж үү. Аль эрт тураалд ороод үхчихсэн байх нь тодорхой. Нөхөр маань салаагүй байгааг харахад тэр сонгинотой хоол идэж л байна гэсэн үг биз дээ хэхэхэ.
    Энэ бүхнээс хараад дүгнэлт хийхэд Хүн хоолгүй бол амьдрахгүй. Хоол гэдэг хүнийг эрүүл, саруул байлгах үгүй бүхнийг шийднэ. Монгол дээдчүүдээ гэж хоолыг анхаарахгүй хаяна гэж үү? Би Японд амьдарч байхдаа ЯПОН хүний амнаас Чингис Хаан түүний цэргүүд дайнд гурван гол Хоол авч явдаг байсан тухай сонссон юм. Бүр ЯПОН ХҮН шүү. Гайхмаар байгаа биз дээ. Тэр болтол би огт мэддэггүй байсан юм. 1. Борц 2. Ааруул 3.Чацаргана
    Энэ гурван хүнсийг та боддоо. Юутай гайхамшигтай вэ? Хэрэв идэх хоолоо махаар нь авч явбал ямар хэцүү. Мах гэдэг өмхийрнө, хүнд. Харин Борц гэдэг маш хөнгөн, маш арвин. Жаахан л хэрэглэж болно.Түүнийг хуурайгаар нь ч иднэ. Цайнд хийж, усанд чанаж шөл болгож болно. Төгс төгөлдөр боловсорсон мах. Миний эмээ борцтой цайг ухаан алдтал сайхан чанадаг байсан. Би Японд байхдаа борцтой бууз хийж байсан удаа бий. Гоё амттай болдог. Хүн төрөх юм уу, хүндтэй зочин ирэхэд л төлөг гаргадаг байсан болохоос одооных шиг үргэлж нойтон мах бэлддэггүй байжээ. Мал ч гэсэн одооныхыг бодвол бага алуулдаг байсан байх нь.
    Ард Аюушийн онго намайг Эрлэгийн аймшигт цэргүүдээ хэрхэн хооллох тухай заахдаа чи оройдоо маш жаахан Борц зажилчихад л болно гэсэн юм даг.
    Ааруул энэ бол сүүн бүтээгдэхүүн. Бас цайнд хийгээд идэж болно. Монголчууд хуурай сүүг бас дайнд авч явдаг байсан гэж би нэг номноос уншиж байсан юмдаг. Монголчууд явуут дундаа л хооллочих бүрэн чадвартай байсан нууц эдгээр юм. Ааруулаа хүлхээд л байлдаад, чавчаад байхад яахын. Одоо ч ааруул хүлхээд л ажлаа хийгээд байдаг түмэн Монголчууд байдаг биз дээ.
    Чацаргана энэ гайхамшигт жимс. Монголчуудын витамин дутагдалыг нь нөхнө, дархлаа, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Бас эмчилгээ, шарх, түлэгдэлдээ хэрэглэнэ. За тэгээд тус тусын мэрэгжилтэнгүүд бүүр сайн тайлбарлана биз ээ. Хатаагаад л аваад явна. Бас хөнгөн. Монгол цэрэг бүхэн үүргэвчиндээ энэ гурван хүнсийг авч явж байж, дэлхийн талыг эзэлж байжээ. Заавал мориноосоо буугаад тогоо шанага хангинуулаад байх шаардлага байхгүй. Биед хэрэгтэй гол гол витамин буюу амин дэм, эрдэс бодис бүх л шаардлагыг хангачих Монгол морьтон баатруудын хүнсний нууц бол Монгол өвөг дээдсүүдийн маань нэн их мэдлэг, ухааны тод илрэл.
    Сорхагтани хатны номд НАРАН, САРАН, СҮҮН эрчмийн тухай Монгол дээдсүүдийн суу ухааныг гэрчлэх сургаалууд олон өгүүлэгджээ.
    Энэ юун тухай вэ??? ЧИНГИС ХААН яагаад ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэсэн үгийг хэлж бай, Тэнгэрийн гэрэл буусан, Нар, Сар, Одтой ярьж бай! Хөр толбо бол Тэнгэрийн тамга бодис, биеэ Эрчмээр ханга гээд анхнаасаа хэлээд байсанг бас нэг эх сурвалж баримт нь энэ номонд байгааг өөрийнхөөрөө тайлбарлая. Энэ номыг анх уншихад маш хэцүү үг нь ойлгомжгүй, тархи эргээд, нүд анилддаг байлаа. Гэхдээ сүүлийн үед олон хүн орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн сайн тайлбарласан гэж сонссон. Энэ ном бол ширээний ном болох ёстой. Энэ номонд яавал Монгол мандан бадрах бүх нууц бий. Номонд өгүүлсэн хэсгүүдээс толилуулахдаа би мөн л өөрт тохиосон бодит амьдралаараа үзсэн, сонссон, ойлгосноороо тайлбарлахыг хичээе.

    …ГУРВАН ЭХТ- АМИН ЭХ, СҮҮН ЭХ, ЭРЧИМ ЭХ…
    …Амин-эх нь ГЭГЭЭРЭЛ, БОЛОВСРОЛ, ҮНЭН, ТЭНГЭР, ЧИНГИС
    таван Алтан Дээд байдаг
    …Эрчим- эх нь НАР, САР, СҮҮН-ЭХ, ГЭР ИЭ, ИХ ЗАСАГ
    таван МОН ЧУ КУР байдаг…
    … ДЭЛХИЙЧЛЭХ эрДЭМ ТНГР-ийн БӨӨ тархийг олох ЭРЧИМ ЭХЭЭС хүчин хураах
    АМИН ЭХИЙГ ХАМГААЛАХ, СҮҮН ЭХИЙГ ХЭРЭГЛЭХ үндэсний дөрвөн ЧУ КУР-тай…
    гэх мэт айлдваруудыг маш энгийнээр хурдан ойлгоё гэвэл энэ бүхнээс Хүн гээч нь эрчим буюу энерги авах ёстой л гээд бодчих. Ингэж авч чаддаг, мэддэг байснаараа Дэлхийг эзэлж чаджээ. Ийм учраас л Тэнгэрийн Монгол гэдэг нэрийг авч Тэнгэрлэг гэдэг нь батлагдсан байх нь. Бодит Бөө амьдрал дээр тайлбарлая. Наран, саран, одон аав ээжүүдтэй билээ би. Тэд бол амьтай. Орж ирдэг. Тэд ажил төрөл бүтээн, засал хийдэг ямар ч маргаан байхгүй тэд бол амьтай. Ийм учраас тэдэнтэйгээ холбогдож тэднээс энерги эрч хүч авч өөрийн муу энергээ цэвэрлэж байх ёстой.
    Тэгвэл Нар, Сар, Од мичид, Тэнгэр нь тодорхой байлаа гэхэд энэ Сүүн – Эх гэдэг чинь юу вэ? Энэ чинь бидний гол идэх ёстой хоол хүнс юм шүү дээ. Тэднийг бид хэрэгцээгээ тааруулан идэж байж, биедээ бас нэг чухал эрчим өгөх ёстой. Сүүн –эх бол Монголчуудын үндсэн хоол байх нээ. Мөн энэ бол Бөөгийн маш чухал засал болдог. Сүү- сүүн бүтээгдэхүүний тухай Өвгөдүүд маань үлгэр, туульд бүүр ч эртнээс нууцалж үлдээсэн юм. Тэгвэл энэ туульсын тухай Сорхагтани Хатны Номонд юу гэж өгүүлсэнг сонирхоё.
    … Цаадахын цаадахыг үзье гэвээс
    Цаст Алтайн оргил дээр гарах бай зүй
    Өндрийн цаадахыг үзье гэвээс
    Өндрөөс өндөрт гарах бай зүй хэмээн сэтгэж
    Алтай , Ханхай, Хянганы мангдай нар
    Элүий ГЭР туульс хайлгадаа тайлан соёрхжээ… хэмээн бичжээ. Үлгэр Туульс гэдэг Чингис хаанаас ч өмнө байсан. Түүнд Бөөгийн нууцууд, үлдээх өв соёлуудаа шүлэглэн үр удамдаа цээжлүүлсээр байсан л гэсэн үг.

    Жишээ нь Та ихэнхи үлгэр туульс дотор Баатрууд шархдаад юм уу, үхэхэд
    … Үд хүргэхгүй эдгээдэг үнэн цагаан эм
    Хоног хүрэхгүй эдгээдэг хонин цагаан эм гэх юм уу эсвэл
    … Хоногт гаргадаггүй хонин цагаан эм
    Өдөрт гаргадаггүй үнэгэн цагаан эмээр эмчилж, амилуулдаг.
    Энэ бол Сүүн-эх юм.

    Үүний баталгаа нь миний өвөг дээдсүүд анх бууснаасаа хойш рашаан шившиж юм уу, сүүгээр угаан, сүү уулгасаар өөрсдийн хатсан, шархдсан бие болон уналгуудаа амилуулсан нь бодит үнэн. Хамгийн анх эрт үеийн онгодууд буудаг болохдоо зүв зүгээр буудаггүй юм. Ойрын жилийн онгодууд бол гайгүй. Эртний олон жилийн өмнөх онгодууд олноос олон жил удам холдон хоорондоо уулзалдахгүй байсаар хатаж эхэлсэн байдаг. Нэг бол нас барах үедээ ямар гэмтэл авч яаж үхсэн нь маш тодорхой.
    Яг л тэр хэсэг нь өвдөж мэдэгдэнэ. Ингээд тэд тэр хэсгээ шившин тарнидаж, сүүгээр арчсаар зүв зүгээр болдог. Надад тийм гэмтэлтэй олон онгод орж ирэн өөрөө өөрийгөө эмчилсэн. Жишээ нь миний Ховч онго маань хүзүү нь гилжийгээд татчихсан байсан. Би яаж ч хөдлөх гээд тэр л гилжгий хэвээр байна гэсэн үг. Хэд тарнидан рашаандаж хүзүүгээ эмчилсээр зүүв зүгээр болно. Надад түшээ байхгүй учраас Онгодууд маань бие биенийгээ халамжилж тусладаг. Үнэхээр нулимс асгарч, хамар шархирмаар.
    ЯАЖ????? Нэг улаачын биетэй байж онгодууд нь биендээ тусладаг гэж??????
    Нэг удаа надад хүзүү нь дээшээ ч, доошоо ч хөдлөж чадахгүй таг гацсан хоёр гар нь татсан Онго буулаа. Рашаан ширээн дээр байдаг. Тэр онго рашаан уух чадал байхгүй хоёр гар нь хөдлөхгүй, ширээ рүү ч дөхөж чадахгүй учир би түүний биеийг мэдрээд өөрөө туслая гэсэн ч миний бие тийм болчихсон юм чинь Яахын? Мэл гайхаад яахаа мэдэхгүй байтал өмнө нь байсан онго солигдон орж ирж Өршөөл ирээд ширээний дэргэд эвтэйхэн суугаад Рашааныг нь бэлдэн аяганд хийн, аманд нь тохируулан тавиад гарлаа. Тэгтэл нөгөө Татанхай онго дахин буугаад аягатай рашааныг амаараа уусаар гар нь бага багаар хөдлөөд, дараа нь гараа чөлөөтэй хөдөлгөн татсан хүзүүгээ эмчилсээр зүв зүгээр залуу хөдөлдөг онго болчихсон юм. Энэ мэтээр бие биендээ туслан, өндөр настан онго орж ирэх бол суудлыг нь бэлдэх, рашааныг нь бэлдэх гэх мэтээр биендээ туслана.
    Ер нь 700, 800 жилээс өмнөх онгодууд их хатсан байсан. Та нар ямар их аймаар өрөвдөлтэй замыг туулан байж миний биед тэд маань бүрэн сууж, бууж ярьдаг, амьдардаг болсныг даанч төсөөлөхгүй байгаа байх. Би Бөө болонгуут л бүх юм болдогоороо болчихсон юм биш. Тэд болон би маш их хүнд зам, сорилтуудыг хамтдаа туулсан юм шүү дээ. Маш их нүсэр хөдөлмөр, тэвчээр ордог юм. Гэхдээ Хайр хамгаас чухал, тэднийгээ яаж зовон буух бүр би өрөвдөн уйлдаг байсан юм. Тэд ч намайг хайрлана.
    Ер нь бол Бөө хүний бүх яс нь салж байж Онгодууд нь буудаг гэдэг. Зүрх нь жирийн хүнийхээс тав дахин их савлаж, улаачаа тамлаж байж орно гэсэн үг. Бөө хүний нас, амьдрал жирийн хүнийхээс хэд дахин хурдан хөгширнө. Бөө хүний нэг жил хийсэн ажил жирийн хүний гурван жилийн ажилтай дүйцэнэ гэдэг. Ийм учраас онгодууд улаач нараа маш их өрөвдөж, хайрлан өмөөрдөг. Хүн харахад л Пүд гээд ороод байдаг мөн амарханаа гэж боддог байх. Яг үнэндээ ийм хүнд хэцүү хэмээн Хадам буурлууд надад хэлж байсан.
    Бөө нар маш их ядардаг нь үүнтэй холбоотой. Хэрэв танайх удмынхаа Бөөтэй бол түүнийг зөвхөн Хөгшчүүд маань буудаг гэж хүндлэхээс гадна Тэд та нарын өмнөөс тийм их хэцүүг нь үүрдгийг ойлгон хайрлаж байгаарай. Бас л сэдвээсээ дэмий тэнээд явчихаж өршөөгөөрэй. Энэ бүгд хоорондоо холбоотой сэдвүүд шүү.
    Сүүн –эх? Хүн төрөхдөө Эхийнхээ сүүг л анх уудаг. Хэрэв энэ сүү чухал биш юм бол өөр юм байх нь Яасын??? Ус уух нь яасын? Заавал Сүү байдаг нь УЧИРТАЙ болоод л тэрийг ойлгов уу? Хүн төрөлхтөн бүгд Сүүг л анх төрөөд амладаг нь зүгээр л нэг тохиолдол, зүгээр л нэг байдаг л зүйл биш байх нь. Амин-эхэд зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ замбад мэндэлсэн нялх үрийг тэжээхээс гадна Амийг сэхээдэг, сүнсийг нь тэжээдэг, тэтгэдэг, хүч чадлыг нь оруулж амьдруулдаг учиртай.
    Нялх хүүхэд, Бөө удган гэдэг ерөнхийдөө адилхан байх нь. Хэрэв хүүхэд сүнсгүй бол хүн болохгүй. Хамгийн түрүүнд нөгөө ертөнц, энэ ертөнц хоёрыг хүүхэд холбодог байх нь. Ийм ч учраас нялх хүүхдийг далдыг хардаг, мэддэг гэдэг шүү дээ. Тэд урд насаа санадаг нь үүнтэй холбоотой. Гэхдээ түүнд зөвхөн өөрийнх нь сүнс л дамжиж мэндлэх нь тодорхой. Удмын өвөг дээдсүүд буувал балай авна биз дээ. Харин Бөө хүнд бусад сүнснүүд буудаг, солигддог. Ирж очдог нь тодорхой.

    … АМИН-ЭХ гурван зүйл хамаг бодис нь Наран, Саран, Сүүн эх гурваас эрчим дулаан аваад
    Шингээснийхээ хэмжээ чанараар хамаг олон зүйл амьтнууд орчиндоо эзэгнэдэг жамтай…

    Тэгэхээр Амин –Эрчимээ хэн сайн шингээж, сэргээж, хөгжүүлж, харьцаж чадна Тэр хүн гэрэлтэн гэгээрч, бусдаас илүү болдог байх нь. Монгол өвөг дээдсүүд үүнийг мэддэг учраас Байгальтайгаа зөв харьцан бүх эрчмийг биедээ шингээж, хурааж чаддаг. Өөрсдөөсөө шалтгаалах Сүүн – Эх эрчимээ амьдрал ахуй Хоол ундандаа төгс зохицуулж чадсан байна.
    Мөн сүүгээр маш энгийн чухал БӨӨ засал хийдэг. Уншигч та нар уг нь лаг шүү дээ. Мэдрэмж сайтай. Мэдрэмж гэдэгт зөн, сэжиг, зүүд, сэтгэл түгших гээд л олон юм орно. Овоо зарим нь үс нь босно, дотор нь жихүүцэнэ. Огих, эвгүй санагдах, бие нь хүнд оргих гээд л олон юм байгаа. За та одоо өөрийгөө нэг тагнуулдаадах. Миний хэлэх дуртай үг Сэжиг гоожих гэж та нар мэднэ. Танд тийм чанар байж л байгаа гэх мэтээр Та бол Тэнгэр Монголын нэг эд эс учраас танд заавал юм бий нь маргаангүй. Хэрэв танд нэг л эвгүй юм санагдвал “Тэнгэр өршөөж, хайрлаарай” гээд аяга сүү уучихаж байгаарай. Танд яг нэг муу юм, муу сүнс наалдах гэж байсан бол сүүнээс, үгнээс чинь болоод зайлаад алга болно. Сүүн-эх гэж ийм хүчтэй. Сүү цав цагаан, Хар юмыг цайруулж арилгадаг. Сүү шиг сэтгэлтэй хүнээс хар хор гарч байсан удаа байна уу? Монголчууд захын энгийн заслуудаа өөрөө хийчих бүрэн чадалтай. Сүүнээс тийрэнгүүд жийрхдэг.
    Хаан нэг удаа манай ирэх хүмүүсийг их гайхаж байж билээ. Бүх л гарах гарцыг нь зааж өгөөд байхад түүнийг биелүүлэхгүй байж дахиад л засуулахаар ирээд байх юм хэмээгээд Миний Аянгын блогийг анхааралтай унш. Бод. Тунгаа. Ол. Гэгээр гээд “Тэнгэр Монгол Газар” гэж үргэлж хийсэн удаа байна уу? Байхгүй ээ. Түүнийг Аянга зааж өгсөн үү? Өгсөөн. Түрүүнд над дээр ирэн засуулсан зовлон чинь арилсан уу? Арилсаан. Тэгээд дахиад хэрэг гараад, одоо нэг ийм юм болоод байгаа Та болгоож өгөөч гэнэ.
    Хааны хэлснийг нь биелүүлэхгүй юм бол дахин дахин ирж бүх жижиг юмсаа засуулбал Хаанд зав гарах уу? Хаан бусад ажлаа хийж чадах уу? Хаан ардын жижиг сажиг зовлонтой зууралдах гэж үү? Хэрвээ ХААН отог овгоо л гэж ирсэн бол өөрийн отог овгийн аавын талынханы заслыг хийн, тэднийг авчир гэх байсан биз дээ. Тэднээс хэнийг нь ч дуудаагүй, уулзаагүйдэг. Харин Хаан намайг түүхээ бич гэж зарлиг буулгасан. Түмэн олонд Тэнгэрийг тайлбарла гэж зарлиг буулгасан. Миний Монголчуудад “ҮНЭН” гэдгийг хэл хэмээн зарлигдсан. “Хайр гэдгийг ЗҮРХЭЭРЭЭ, ЭЛГЭЭРЭЭ мэдэрч сурга” хэмээн зарлигдсан.

    … Мангдай бие нь НАРАН хүрдэндээ нарнаас эрчим авч цус яс нугас цэвэр сайн билээ
    Мангдай бие нь Саран хүрдэндээ Сарнаас эрчим-эх авч байж сэрэхүй сайн билээ
    Мангдай бие нь Үржихүйн хүрдэндээ Сүүн эхээс
    Амин-эх авч эрүүл сайн билээ…
    “Мангдай” гэж сонсоогүй бол хүн гээчийн бас нэг хөөрхөн нэр гээд хялбархан ойлгоорой. Сүүлийн үеийн Монгол эрдэмтдийн бичсэнийг би сонирхон уншиж байлаа. Хүний биед хүрд байдаг түүнийг Чакра, гэрлэн бүрхүүлийг Аура гэх мэтээр энд тэндгүй бичих болжээ. Яг үнэндээ энэ бүхэнг чинь Монгол дээдэс чинь дивангалавын мэддэг, тэд нь Монгол нэртэй байсаныг энэ ном батлана. Иймээс Тангад номыг тэр чигт нь цээжлүүлсэн шиг г адаад үгээр нь цээжлүүлэх гэж битгий оролдоод бай!

    Тэр байтугай Монгол ардын туулиудад энэ тухай
    …Нааш харах гэрэлд нь
    Цааш харахад гэрэлд нь ….
    ..Туурга нэвт туяатай
    Тунамал улаан хацартай…
    …Наашаа харахад нь наад далайн загас жараахай гэрэлтэж
    Цаашаа харахад нь цаад далайн загас жараахай гэрэлтэж гэх мэт маш олон зүйрлэлүүд байдаг шүү. Бид бүгд энэ үлгэр туулиудыг уншиж өссөн.
    Би хүртэл энэ үгнээс нь будаа идээд л намайг царай муутайгаар минь дуудсан хүнд
    …ЮУ ярьж байгаа юм.
    Намайг наашаа харахад Наад захын залуус нурж унаад
    Цаашаа харахад Цаад захын залуус савж унаад л
    Зүрхээ суга татан бариад л дагаад , гүйгээд, чирэгдээд, зүүгдээд, уйлаад зүгээр байлгадаггүй юм шүү… гээд л марзагнан баясаж хариу өгдөг байлаа. Нээрээ тийм байсан бол яанаа хэхэхэ. Удган болмоор байна гээд уйлангуут л бүх юмыг нь Хооп гээд бүтээгээд өгөх байсан байхдаа. Яанаа одоо хэхэхэ.
    Цааш нь:
    …Үзэгдэж ургаад үхэж шингэх амь зуугч нь
    ЧИН ээлэг гурван Эхээс эрчим авдаг бол
    Мэндэлж, төрж, аж төрж, амьдран оршихуйч нь
    ЧИН ээлэг таван Эхээс эрчим авдаг…

    … Наран, саран, сүүн эх, алтан дээд гэр иэ, их засаг таваас эрүүлждэг Эрчим хүчин …

    …Дэлхийн усны эхэн,есөн мөрний сав, анхны амь үүссэн, эх- үрэн зургаан зүйл Өлгий

    … Эх-үрэн зургаан зүйлийн Алтан дээд ЖӨНтобамун бодис тээгч
    Амин чанарын эх УЛС билээ.
    Экэ дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд унах зурхайтай мангдайн орон билээ…
    …Газар огторгуй, сүүн эх, амь, амьтан, мангдайн жамд зохиж угтаж гэгээрэх ухаан…
    гэх мэтээр Сорхагтани удганы номд дурдагдсан байна. Та нар өөрсдөө авч уншин цааш уншиж судалцгаа. Би ихэнхийг нь тайлбарласан. Гол нь энэ номыг яг зөв тайлж чадвал Монгол бадран мандах гарц, одооны бэрхийг туулах нууцууд бүгд бий. Ихэнхи хүн энэ номын үгийг нь гол болгон хөөж тайлбарлаж байна. Тэр нь зөв ч Далд нууцыг нь бүр ойлгоё гэвэл үүнийг Бөөгийн ухаантай нь, Амьтай гэдэг үүднээс нь, Цаанаа бас давхар санаа агуулдаг, зарим юмыг нууцлан бичсэн гэдгийг тайлж ойлгох хэрэгтэй.
    Мөн тайлбарлахдаа аль болох энгийн хэн ч ойлгохоор хялбар тайлбарлах ёстой. Ер нь энэ айлтгалын тэр долоон эцгийн Зөн гэдгийг СУРГААЛ гэж тайлбарлан ухаарвал мөн ч амархан учрыг нь олно доо. Энэ номыг цогцоор нь тайлан уншиж ойлгоё гэвэл Амьдралыг тэр чигт нь тайлбарлах хэрэгтэй болно. Улс төр, Хувь хүн, Түүх, Хоол унд, Амь, Байгаль түүний холбоо, Гэгээрэл, Соёл, Дуу хуур, Бөөгийн дайтах урлаг, Жилийн дөрвөн улирал, Цаг, Амиуд гээд л ороогүй нэг ч сэдэв байхгүй. Үүнийг төгс ойлгон судлаж боловсорвол Дэлхийн ирээдүйг харж чадан Зөв амьдралыг цогцлоох болно. Хамгийн гол нь яг одоо болоод байгаа энэ бурангуй нийгмээс хэрхэн гарах бүх арга түүнд бичигдсэн байгаа. Анхны амь хаана үүссэнг ч бичсэн л байгаа.
    Чингис Хааныг БӨӨ хүн байсныг нотлох цорын ганц судар юм. Нууц товчоо бол энэ сударын дэргэд сүүлийн үеийнх нь БЭЭБИЙ бичсэн зүгээр л нэг ном.
    Ер нь Сорхагтани Хатны энэ номыг НОМ гэж биш Судар хэмээн алдаршуулбал зохино. Тэр бол Амьд ном. Түүнийг Монголын Хөх Нохой овогтын Дээдсүүд нууцыг чанд хадгалан Хаадынхаа зарлигийг хамгийн үнэнчээр үе дамжуулан хамгаалж ирж чадсан Аугуу түүхийг бүтээсэн алдартнууд болох ёстой. Дэлхийг аврах цорын ганц амьд судар.
    Энэ судар бол Бөөгийн судар. Хаадын, Хатадын, Монголын, Тэнгэрийн нууц судар юм. Бөө талаас нь сайн судлан бүрэн нууцыг нь нээхийг хүсье! Би энэ судраас жилийн амийг амилуулсан нь маргаангүй үнэн шүү. Арван хоёр жилийн амийг яагаад Толуй Хаан нууцлах болсон учрыг одоо ойлгов уу? Ингэж нууцлан чандлан түүний амийг Арван хоёр амьтаны нэр болгосон түүхтэй.
    Жөнтобамун гэх бодис нь та бүхний Хөх тамга, Хөх толбо чинь. Үүнийг сэргээх арга “Тэнгэр Монгол Газар” тарни шившлэг чинь шүү дээ. Түүнд Нар, Сар, Одод, Сүүн эх хэрэгтэй. Энэ бүхнээс эрчим авна. Нэг үгээр хэлэхэд та бүхэн өөр өөрсдийн сүнсээ сэхээж хооллож, сэргээх, эмчлэх гэсэн үг гэдгийг сана. Түүнийг Тэнгэр, Газар, Таны өөрийн хайраар, гэгээрлээрээ сэхээн амьдруулах ёстой. Яг л миний дээрээс буусан өнө эртний хатсан буурлууд өөрсдийгөө хэрхэн эмчилж эдгэрүүлж цэл залуу хүч чадалтай онгод сүнснүүд болсны адил гэсэн үг. Би бол маш олныг сэхээн амьдруулж босгож чадсан. Харин та гав ганц өөрийнхөө сүнсийг сэхээх гээд оролдоод л байх хэрэгтэй байна даа.
    Та бол Тэнгэрийн хүү, охин Хөх тамгатан Газар эхийн ивээлт хүү охин. Тэнгэрийн гэрэл элч таны зулайгаар чинь орон бүх биеэр чинь тархан Газар муу муухайг чинь хөөж оруулаад Эргээд Газар эх чамд шинэ сайн сайханг шингээнэ. Та Тэнгэрт сайн сайхныг өргөн мэдүүлж эргээд шинэ эрчим аван өөрийн биедээ шингээнэ. Таны уусан сүү таны дотроос хар муу муухай бодол бүхэнг хөөн бас ариусган цэвэрлэнэ. Та Тэнгэр, Газар, Дэлхий ямар их аугуу хайр энэрэл танд өгдөг. Та бас тэдэнд ямар их хайртай, Тэд танд ямар их хайртайг мэдэрнэ.
    Та нар ямар юмаар холбогдож, яах гэж энэ дэлхий тогтоод, яах гэж та энд ирээд, яах гэж буцан, яах гэж дахиад ирдгээ ухаарах болно. Та энэ бүх ертөнц нэг амьтайг мэдэж, таны өвөг дээдэс юу ойлгуулах гээд байсныг мэднэ. Та гав ганцаараа бол ямар их хар уйтгартай ертөнц байх вэ? Энэ Газарт мод, ус, чулуу байхгүй бол ямар муухай тэнэг харагдах вэ? Тэр тэнгэрт шувуу, үүл, цэнхэр өнгө байхгүй, тэндээс өвөг дээдэс чинь хардаггүй, та үхээд Тэнд очихгүй бол уйтай тэнэг вэ? Энэ дэлхий дээр та гав ганцаар, ах дүү, найз нөхөдгүй, эжий аав чинь байхгүй бол ямар хав харанхуй тэнэг вэ? Тэнгэр ч, Газар ч, Чи ч аль нэг нь үгүй бол ямар муухай вэ? Та нар хэн хэнийгээ хайрлан амьдрах ёстойгоо ямар их бие биендээ хэрэгтэйгээ мэднэ дээ. Тэд бүгд амьтай. Чи ч амьтай.
    Чиний хэлэх үг, хайрыг тэд чамаас цацрах гэрэл, хайрын илчээр сонсож мэдэрнэ. Чи ч бас Нарны гэрэл, Сарны гэрэл, Оддын туяаг түүгээр нь мэдэрч мэддэг шүү дээ. Одоо та нар юугаар холбогдон хоорондоо харьцаж уялддагаа ойлгов уу? Тэд чиний хайрыг мэддэг болонгуут та нарыг холбосон туяа утас хэзээ ч тасрахгүй бат бэх болно. Түүгээрээ дамжуулан таны хүсэл зориг бодлыг тэд сонсож чадна. Тэгээд тэд чамд туслана. Энэ олон зуун жил тас татагдсан энэ утас гэрлэн холбоог Чи хичээж байж бөхлөх ёстой. Тэнгэр аль хэдийн ирчихсэн хүлээгээд л байгаа. Та бүхнийг ойлгоод ирэхээр нэг усыг дэмий асгах сэтгэл гаргаж чадахгүй. Нэг цэцгийн амийг таслах хүсэл төрөхгүй. Нэг чулууг өшиглөөд хаях шаардлага алга болно. Үүнтэй адил Тэнгэр чамайг хайрлан уур нь хүрч хилэгнэхдээ амийг нь таслах гэж байснаа зогтусах болно. Яг л бид хүүхдүүдээ эрхлүүлдэг шиг хүссэнг нь аваад өгчихийг л хичээн зүтгэдэг болдог.

  • Миний анхны онгод 98 настай эмээ буусан

    Тэрээр саяхан болж өнгөрсөн Оросын зөн билэгийн тулаан-12-т оролцоод ирсэн билээ. Энгийн бус ид шидийн хүмүүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулъя.

    НАМАЙГ БОЛОРЧИМЭГ ГЭДЭГ

    Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

    Намайг Ганболдын Болорчимэг гэдэг. Одоо 25 настай. Бөөгийн уг анх 14 настайд маань тодорсон. 1997-1999 оны хооронд Солонгосын Буддын коллежийг Шашин судлаачаар төгссөн. 2008 онд Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн ангийг төгссөн. 2008-2010 Сүнс, зурхай судлалын төвд, бөө судлалаар докторын зэрэг хамгаалсан. Ээжийнхээ талаас барьсан буриад угтай. Аав маань халх зайран хүн байсан. Одоо өөд болсон.

    Тэгвэл таны Түдэв гэдэг нэрний учир нь?
    Түдэв гэдэг чинь Түвд нэр ш дээ. Бүхнийг хүчээр бүтээгч гэсэн утгатай. Миний онгодууд энэ нэрийг өгсөн юм. Бөө хүн болгон тэнгэрээс нэр авдаг. Түүнээс миний жинхэнэ нэр маань Болорчимэг.
    Анх угаа авахаас өмнө бөө болох хүмүүст янз бүрээр нөлөөлсөн байдаг. Жишээ нь архинд орох, амьдрал нь доройтох, өвдөх гээд л. Таны хувьд ямар байдлаар мэдрэгдэж байсан бэ?
    Миний ээж эхээс 13-уулаа байсан. Ээжийн маань талынхан нас барсаар байгаад гурван хүн үлдсэн. Сүүлдээ ээж маань ч нас барсан. Бүгдээрээ хорт хавдраар өнгөрсөн. Ерөөсөө учир шалтгаан нь мэдэгддэггүй байсан нь бөөгийн угтай байсан юм билээ. Би өөрөө цусны өвчтэй байсан. эдгэхгүй, эх нялхаст хоёр жил сэхээнд байлаа. Тэгээд аавынхаа чанар гээч юманд яваад, онгодтой гэдгээ мэдсэн. Би өөрөө ч мэдээгүй , миний аав ч анзаараагүй байсан. Биеийн тамирын өмд цамцтай байхад миний онгод 98 настай эмээ буусан. Тэгж л анх мэдсэн дээ.
    Анх бөө болсоны дараа таныг гайхшруулсан зүйл тохиолдож байв уу? Сүнс харах ч юмуу?
    Тийм зүйл байсан. Миний охин ингээд бөө болж байгаа юм чинь янз янзын юм хардаг шүү. Битгий айж цочоорой гэж аав маань хэлж байсан. Угаа бариад удаагүй байхад, хоёр гурав хоногийн л дараа хорооны үүдэнд аавынхаа машинд сууж байлаа. Тэгсэн чинь хорооны үүдэнд байсан модон сандал дээр сууж байсан нэг залуу дээр давхарлаад нэг хүн сууж байхыг харсан. Тэгээд би бүр айгаад, их цочиж сандарсан. Гэнэт аавынхаа хэлсэнийг санасан. Сүнс гэдэг юм чинь бидний дунд л явж байдаг юм билээ. Тэрнийг мэдэхгүй, хүүхэд байсан болоод ч тэр үү, тэр оройноо их л айж байлаа. Энэ бол анхны тохиолдол л доо. Тэрнээс хойш мэддэг болсон доо.

    Залуу хүний хувьд бөө байх хэцүү юу?
    Бөө байх хэцүү, хэцүү. Маш том хариуцлага байдаг. Бөө гэдэг маань нэг талаасаа буян хийж байгаа, нөгөө талаасаа олон хүний амь нас бүх юмыг дааж, хааж хамгаалж байгаа гэдэг утгаараа маш их хариуцлагатай байх ёстой. Мөн сүүлийн үед бөөгөөр далимдуулсан бизнес их газар авч байгаа. Бөө болох ёсгүй янз бүрийн хүмүүсийг ч бөө болгож байна. Энэ бүхнээс үүдээд бөөгийн нэр хүнд унасан. Би энэ Зөнбилэгийн тулаанд оролцсоноороо жинхэнэ сайн бөө, чадвартай, чаддаг бөө нар байдаг юм шүү гэдгийг батлах гэж байгаа юм. Түүнээс биш Түдэвийг рекламдах гэсэндээ биш. Мэддэг, чаддаг хардаг бөө нар байдаг юмаа гэдгийг харуулж мэдрүүлэх гэж.

    Ер нь нэг хүн олон бөө дээр очих нь муу гэсэн яриа байдаг. Энэ үнэн болов уу?

    Тиймээ, нэгд нөлөөлөхгүй. Хоёрт тухайн хүндээ ч муу байдаг. Нэг л хүнээрээ тууштай, олон жил явсан хүн байдаг. Эсвэл таарсан хүн болгоноос юм асуугаад, итгэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг. Амьдрал дээр хэрэгжүүлдэггүй хэрнээ хэрэгт дурлаад ч юмуу сониуч зантай, тэгж явдаг хүмүүс надад хандвал би үздэггүй. Тийм хүмүүс зүгээр л сорьж шалгах маягаар л ханддаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүндээ л муу. Хэрэв нэг хүнийг шүтвэл тэр хүнээ л шүт. Ерөөсөө бөөгийн ёсонд тийм байдаг. Тэрнээс нь илүү бөө гэж бодож байвал тэрэн дээрээ оч. Тэгэхгүй бол аль нь үнэхээр юм хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, алиных нь даатгалд байгаа нь тодорхойгүй, замбараагүй болчихдог. Тухайн хүндээ ч муу.

    МЕХДИ НАМАЙГ НЭГД ОРНО ГЭЖ ХЭЛСЭН

    Оросын зөн билэгийн тулаанд орчуулагчаа эндээс авч явсан уу?

    Орчуулагчийн хувьд бол нэвтрүүлгийн багаас гаргаж өгсөн, орос хүн байсан. Москвагийн их сургуулийн Монгол хэлний багш. Наталья Васильовна гэдэг 25 жил Монгол хэлийг судалж байгаа маш сайн орчуулагч байсан. Хэдий тийм боловч монгол хүн шиг бүрэн дүүрэн яаж орчуулахав. Ганц хоёр удаа мэдэхгүй монгол үг гарч байсныг нь би тайлбарлаад хэлж өгсөн тохиолдол ч бий.

    Зөн билэгийн тулаанд оролцох үед оролцогчид нэгэндээ хаалт хийх тохиолдол гардаг уу?
    Монголд ч, Орост ч тийм байсан. Нэвтрүүлгийн даалгавар болгон дээр орж ирдэг хэвийн үзэгдэл.
    Энэ нь албаар хийсэн байх уу эсвэл цаанаасаа санамсаргүйгээр гарах уу?

    Ерөөсөө л Түдэвт зориулж хийсэн зүйл байдаг. Түдэв даалгавраа битгий биелүүлээсэй, алдаасай гэсэн л юм явж байгаа шүү дээ. Хэн ч гэсэн өөрөөсөө илүү гаргахыг хүсэхгүй, энгийн хүмүүс биш болохоор өөрсдийнхөө хийж чаддаг юмаараа л саад болдог.

    Оросын зөн билгийн тулааны даалгаврууд хэр хүнд байсан бэ?
    Мэдээж монголынхоос хүнд байсан. Яагаад гэвэл нэгд хэлний бэрхшээл, хоёрт гэвэл түшээгүй орсон. Эхний даалгавар дээр түшээтэй ороход манай хүн түшээгийнхээ толийг зүүгээд орсон. Тэгэнгүүт манай хүнийг бас бөө гэж сэрдээд, энэ хоёр хамтраад даалгаврыг сайн биелүүлээд байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн юм шиг байгаа юм. Тэгээд оросууд та хоёр хамтраад юм хийж байх шиг байна. Түшээ орж болно. Гэхдээ түшээ онгодтойгоо ярихгүй гэсэн шаардлага тавьсан.

    Тэгэхээр түшээгүй орно гэдэг чинь мэдээж хүндрэлтэй байна биз дээ?

    Тэгэлгүй яахав. Би чинь түшээтэйгээ ярилцаж байж л даалгавраа биелүүлнэ шүү дээ. Түшээгүй байна гэдэг чинь 100 хувь ажиллаж чадахгүй 50 хувьтай байна л гэсэн үг.

    Оросын зөн билэгийн тулааны үеэр танд илүү таалагдаж, сэтгэлийг чинь хөдөлгөсөн даалгавар байв уу? Сонирхолтой ч гэх юмуу?
    Хамгийн сонирхолтой, гоё санагдсан даалгавар нь устай машин олох байсан. Тэрэн дээр намайг тойруулаад гал асаасан нь надад их сонирхолтой санагдсан. Би угаасаа бөө хүн учраас галтайгаа их ойрхон байдаг. Тэнгэр галтай ойрхон, хоорондоо холбоотой байдаг. Тэгэхэд бусад өрсөлдөж байгаа хүмүүс айж, хашгираад л бөөн юм болж байлаа ш дээ. Харин миний өвдөгнөөс дээшээ гал гараагүйг харсан байх. Бусад өрсөлдөгчдийн хувьд өвдөг битгий хэл өөрийг нь давсан гал асаж байсан. Миний бүр сэтгэл догдлоод огшоод л байсан. Бөөлж онгодоо оруулмаар ч юм шиг санагдаад л. Инээв
    Бас Орост гал хамаагүй асааж болохгүй, гадаа хамаагүй юм өргөж болохгүй. Монголдоо байдаг шигээ яг бөөгийнхөө жам ёсоор байж чадахгүй. Бүх юм нь хаагдмал. Цонхоороо нэг сүү өргөхөд шүүхэд өгнө шүү гээд л доод талын айл ороод ирэх жишээтэй.

    Тус зөн билэгийн тулаанд таниас өөр бөө байсан уу?
    Надаас өөр бөө нар байсан. Улан-Үдээс бөө нар очсон байсан нь хасагдсан. Тэр машин олдог даалгаварт оролцсон 25 хүнээс хоёр нь буриадаас ирсэн удган байсан. Бас сүүлд шилдэг аравт орж, есдүгээр байранд хасагдсан Андрей Батаев гэдэг залуу Улан-Үдээс ирсэн зайран хүн.
    Сезон-12-ыг эхлэхээс өмнө Монголын зөн билэгийн тулааны хөтлөгч залуу Зөн билэгч Мехдитэй уулзсан байсан. Тэгэхэд “ Энэ удаагийн тэмцээнд удган хүн түрүүлнэ. Би алдахгүй ээ” гэж хэлсэн. Та очихоосоо өмнө энэ нэвтрүүлгийг үзсэн үү?

    Би нэвтрүүлэг явагдаж байхад үзсэн. Мехдигээс оросын ТНТ телевизийн нэвтрүүлгийн багийнхан таван сарын өмнө ярилцлага авахдаа: “Одоо удахгүй Сезон-12 боллоо. Энэ тулаанд хэн ялах вэ?” гэхэд: “Холоос нэг бүсгүй ирнэ. Урдуураа юм унжуулж, нүүрээ нуусан удган хүн ирнэ. Тэр бүсгүй ялж, нэгдүгээр байрыг аваад явна. Гэхдээ маш олон саадыг давж байж авна” гэсэн байсан. Үүнийг намайг очоод, нэвтрүүлэг эхлэхэд Оросын бүх телевиз, сайт, сонинуудаар Орос хэл дээр орчуулаад тавьсан байсан. Би орчуулуулж уншаад, надад л боломж байгаа юм байна гэж баярласан. Надтай адилхан нүүрээ нуудаг бөө хүн, эмэгтэй хүн байхгүй учраас намайг харж хэлсэн юм байна гэж бодсон.
    Тийм ч учраас нэвтрүүлгийнхэн эхнээсээ л даалгаврууд дээр намайг бүрэн гүйцэд сайн гаргаж өгөхгүй байсан. Түшээтэй орсон бол би даалгавруудаа 100 хувь гүйцэтгэнэ. Даалгавруудаа сайн хийгээд явахаар финалд үлдэнэ. Финалд үлдвэл санал асуулгад хэр их хүн өгөхийг хэлж мэдэхгүй. Яг нэвтрүүлэг явагдаж байх үеэр санал асуулга Оросын бараг бүх интернэт сайтуудаар байнга явагдаж байсан. Тэр болгонд би дандаа хоёрт явж байсан
    .

    Ер нь Монголын үзэгчдэд эх орон нь биш учраас саналын тоо бага байсан байх гэсэн бодол байсан. Таны яриагаар бол саналын тоо бусад оролцогчдоос илүү байсан гэсэн үг үү?

    Тиймээ. Нэвтрүүлгийн багийнхан л финалд оруулсан бол оросын ард түмэн дэмжих байсан. Хэрвээ финалд оруулсан бол нэвтрүүлгийн багийн мэдлээс гараад явчихна. Зөвхөн үзэгчдийн саналаар шалгаруулах учраас байр эзлэх боломж байсан л байхгүй юу. Урьд нь Мехди, Мухсей гээд л дандаа өөр орны хүмүүс ирээд шагналыг нь авчихсан болохоор энэ удаа бас Оросынхоо оролцогчийг шалгаруулъя гэсэн нэвтрүүлгийн багийн бодлого байсан шиг байгаа юм. Тэгээд гурван орос финалд үлдсэн. Шилдэг арван оролцогчийнхоо зургийг нэвтрүүлгийнхээ сайтад тавиад л санал авдаг. Шилдэг аравт шалгараад финалд ороогүй мөртлөө л би хоёрт яваад байсан. Нэгд Елена Ясович гээд шар үстэй хүүхэн байсан. Бусад нь бол ерөөсөө хаягдчихсан байсан ш дээ.

    ӨНӨӨДӨР УГАА АВЧИХААД МАРГААШ УДГАН ЗАЙРАН БОЛЧИХНО ГЭЖ БАЙХГҮЙ

    Бөө гэдгийг хүн бүхэн өөрийнхөөрөө тайлбарладаг. Нэг сэтгэл зүйч эмч “бөө бол сэтгэцийн өвчин гэж тайлбарласан” байсан. Ер нь бөө гэдэг яг юу вэ? Бөө хүн ямар байх ёстой юм бэ?
    Бөө гэдэг бол анх Монголоос үүсэлтэй, шашин ч биш зан үйл юм ш дээ. Хэдэн мянган жилийн өмнөөс хүмүүс, уул усандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, уул усны эзэд, тэнгэртэйгээ харьцдаг байсан. Тэгэхээр бөө хүн гэдэг бол уул усны эзэд, онгод тэнгэртэйгээ харьцаж, ярьж чаддаг тийм хүнийг л хэлэх болов уу гэж бодож байна. Хэц, хэнгэрэг барьсан болгон бөө биш. Хүмүүс эмэгтэй хүнийг удган, эрэгтэй хүнийг зайран гэж яриад байдаг. Энэ чинь буруу байхгүй юу. Буриад ёсонд бол 12 чанар гэж байдаг юм. Хар ухаанаар бол 12 жилийн сургалт гэсэн үг, одоо манай арван жилийнх шиг. Энэ 12 чанарыг гүйцээгээд, дааган чанар гэдэг зүйлийг хийсэн, эмэгтэй бөөг удган гэдэг цолоо тэнгэрээс авлаа гэж үздэг. Харин эрэгтэй бөө бол зайран гэдэг цолоо аваад тэнгэрт хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Тэрнээс биш өнөөдөр угаа авчихаад маргааш удган, зайран болчихно гэж байхгүй.
    Хүмүүс болохоор эмэгтэй бөөг удган, эрэгтэй бөөг зайран гэж ойлгоод байдаг. Энэ тэгэхээр буруу юм байна тийм үү?
    Тиймээ, тэр бол буруу ойлголт. Түдэв бол одоо найман чанар л гүйцээсэн. Тэгэхээр удган гэдэг цолыг хүртээгүй байгаа. Хүмүүс болохоор хүйсээр нь ялгаж ойлгоод байдаг. Өнөөдөр хэц хэнгэрэг авч, угаа барьчихаад өөрсдийгөө удган зайран гэж ярьдаг хүмүүс бий. Тэгээд бүр түүгээрээ хүмүүсийг айлган сүрдүүлдэг ч хүмүүс байдаг болж. Ер нь бол чадалтай бөө бол өөрийнхөө онгодтой төдийгүй хүний онгодтой харьцаж чаддаг байх хэрэгтэй. Онгод бол хэзээд улаачаа дагаад явж байдаг. Тэр болгонд мэдэрч, онгодоо сонсож чаддаг, уул усны эзэдтэйгээ ярьж чаддаг болсон үедээ жинхэнэ бөө боллоо гэж бодож болно. Түүнээс биш хэц хэнгэрэг барьж, ганц хоёр онгод буулгачихаад би бөө боллоо гэж дэлдээд, шавь аваад байж болохгүй.

    200, 300 ШАВЬТАЙ БАЙЛАА ГЭЭД САЙН БАГШ БОЛЧИХДОГ ЮМ БИШ
    Сүүлийн үед шавь гэдгийг хүүхэлдэй үйлдвэрлэж байгаа мэт нэг загварын хувцастай, нэг загварын хэцтэй эгнүүлж суулгаж байгаад л нүддэг болчихсон байна л даа. Энэ талаар юу гэж боддог вэ?
    Уг нь шавийн хувьд, онгод шүтээнтэй, удмынхаа угийг авсан жинхэнэ бөө хүнд бол онгод шүтээн нь тэдэн шавьтай бол гэсэн тоо зааж өгдөг. Өөрийн минь хувьд миний онгод намайг гурван шавьтай бол гэж айлдсан. Гурван шавь маань гүйцчихсэн, гурвуулаа онгодоо оруулдаг. Гэхдээ өндөр хэмжээнд болж чадаагүй байгаа. Би ч гэсэн өндөр хэмжээнд болж чадаагүй, суралцаж байгаа. Хүн бол энэ бөөгийн юманд суралцсаар байгаад үхдэг юм. Хэзээ ч дуусдаггүй. Тэгэхээр дөнгөж босч байгаа бөө нартаа хандаж хэлэхэд, хэрвээ таны онгод чинь таныг зөв залж яваа бол, та архичин байгаад архинаас гарсан бол, амьдрал чинь доройтсон байгаад амьдрал чинь үнэхээр сайхан болсон бол та үнэхээр бөө болсон юм байна. Бөө болохоосоо өмнөх амьдрал чинь үргэлжлээд, доройтсон хэвээр байвал та бөө болж чадаагүй байна. Ёстой нөгөө юманд идүүлнэ гэдэг шиг л юм болоод явж байна гэсэн үг. Эсвэл буруу яваад байна аа гэсэн үг. Зарим хүмүүс ярьдаг ш дээ. Миний онгод ордоггүй, олон сая төгрөгөөр хувцас хийлгээд багш шавь барилдсан. Тэгсэн хэрнээ онгод ороогүй хоёр жил, гурван жил болж байна. Тийм хүмүүс ямар нэгэн шалтгаантай байхгүй юу. Бөө болох ёсгүй хүнийг хуяглачихсан, аль эсвэл үнэхээр хүчтэй, чадвартай бөө болох ёстой хүнийг багш нар нь авчихсан байдаг. Онгод шүтээнийг нь буулгаад, булаагаад өөртөө авчихсан байх тохиолдол ч бий. Тэгээд шавь нар нь онгодоо буулгаж чаддаггүй.
    Тэгэхээр энэ бөөгийн юм чинь ерөөсөө их хэцүү учраас хариуцлагатай байх ёстой. Маш сайн багштай, багшаа зөв сонгож босох хэрэгтэй.
    Тэгвэл багшаа яаж сонгох ёстой вэ?
    Сайн багш гэхээр хүмүүс олон шавьтай эсвэл хүмүүс их ирдэг ёстой сайн хүн гэж ойлгоод байдаг. Өө манай багш чинь 200, 300 шавьтай ёстой мундаг хүн гэж яриад байдаг. Тэр чинь олон шавьдаа гол нь биш тухайн хүн чинь өөрөө яг онгод шүтээнээ оруулж байна уу гэдэг чухал. Энгийн хүмүүс бас сайн мэдэхэд хэцүү л дээ. Яг онгод нь ороод байна уу, жүжиглээд байна уу гэдгийг нь ялгахгүй ш дээ. Эмгэн өвгөн болоод л жүжиглээд сууж байдаг хүмүүс олон байгаа. Ер нь жинхэнэ онгод бол юманд шунадаггүй, засал ном хийхдээ хүртэл айлын идээ будаанд шунаад л идэж уугаад байдаггүй ш дээ. Тэгтэл сүүлийн үеийн бөө нар чинь ууц энэ тэр чануулж бэлдүүлээд, өөрөө идэж ууж байгаад гараад явдаг болсон байна. Тэгээд нэр алдраа хэлээч гэхээр хэлэхгүй байна гэж байна. Бөөгийн буудал суудал гэдэг чинь маш чухал зүйл шүү дээ. Уул ус, овоо, өөрийнхөө аль тэнгэрт харъяалагддаг, аль уул усанд харъяалагддагаа, хэн гэдэг, хаанаас ирсэн ямар удмын хүн гэдгээ онгодууд өөрсдөө уран яруугаар шүлэглэж хэлдэг. Гэтэл нэр алдраа хэлэхгүй , төөрөг тавина уу гэхээр цаг болоогүй гэж хэлээд явдаг бөө нар байна гэж зөндөө сонсогдоод байгаа. Тэр бол нөгөө тоглуулчихсан л бөө болж таараад байгаа юм.
    Бөө болоход багшаа бас их зөв сонгох хэрэгтэй юм байна ш дээ? Таны багш ямар хүн байдаг вэ?
    Тийм, их зөв сонгох хэрэгтэй. Надад бол багш байдаггүй ш дээ. Би багшгүй боссон, ерөөсөө багш байхгүй. Гэхдээ ер нь тухайн улаачийн л чармайлтаас шалтгаалдаг. Өөрөө хэр их зүтгэж байна, онгод шүтээндээ хэр их итгэж байна, эндээ хэр их цаг зав гаргаж байна төдий чинээ л хүч чадал авч, бүх юмыг сурна.Бөө болчихоод өөр ажил төрөл хийгээд, сард нэг удаа онгодоо буулгаад л байх юм бол яаж хүч авах юм бэ. Хүч авахгүй ш дээ. Хүмүүсийн бас нэг ойлголт байдаг. Багштай болчихоод л бүх юмаа багшаасаа асуудаг. Энэ бол буруу, өөрөө бие даах хэрэгтэй. Багш бол учраа мэдэхгүй бөөгийн ямар ч мэдэгдэхүүнгүй хүнд зааж өгөөд зөвлөөд, ингэж онгодоо буулга гээд , хуяг хувцасыг нь хэлээд өгнө. Ингээд тухайн улаач болж байгаа хүнд онгод нь буусан л бол яг онгодынхоо хэлсэнээр л явах ёстой. Багш гэдэг бол онгодыг нь буулгаж өглөө, онгодтой нь уулзууллаа, тэрнээс хойш хамгаалж явах л үүрэгтэй. Тэр улаачийг хүнд засал хийгээд, буруу засал хийгээд өвдөх вий, үхэх вий гэдгээс л хамгаалж явах үүрэгтэй. Түүнээс биш насан туршид нь бүх юмыг нь заагаад, онгодынхоо үгээр биш багшийнхаа үгээр яваад байвал хэзээ ч хүч авахгүй. Багш нар байн байн бүх шавь нараа аваад л тэр уул руу тахилгад, чанарт явна гээд л унаа тэрэгнийхээ мөнгийг гарга, аваад явъя гэдэг тийм юм байж болохгүй. Үнэхээр бөөгийн онгодтой тийм хүмүүс олон бөө цугласан газраас хол явах ёстой. Жишээ нь тэнд арван бөө байлаа гэж бодоход тав нь чадалтай, тав нь чадалгүй бөө байлаа гэхэд чадалтай нь чадалгүй бөө нарынхаа хүчийг нь сорох, дардаг асуудал байна. Онгодтой л бол бөө хүн би аймаар гэж бодож болдоггүй. Онгодуудад зэрэг зиндаа гэж бий. Хаана суулгах вэ, дээр явж байна уу, доор явж байна уу гэдэг ийм олон асуудал байдаг.
    Зарим багш нар, өглөө болгон наран ургахтай зэрэгцээд хэцээ цохиод байхад хэзээ нэгэн цагт онгод чинь орно гэж хэлсэн байдаг. Энэ талаар?
    Онгод хэрвээ буухдаа хүрвэл хэц нүдсэн нүдээгүй, ямар ч хувцас өмссөн өмсөөгүй буудаг байхгүй юу. Хүмүүс заавал бөө болно гэхээр , дээл аваад л, хэц аваад л бөөгийн хуягтай болоод л бүх юмаа өмсөж байж, тэгээд багштай байж байж онгод орно гэж боддог. Тийм биш ш дээ.Үнэхээр бөөгийн онгодтой хүн бол биеийн тамирын өмд, цамцтай тэнгэр рүү хараад сууж байхад л онгод нь ордог ш дээ. Миний онгод тэгж л орсон. Би тэр үед биеийн тамирын өмд цамцтай, ямар ч хамгаалалтгүй сууж байсан. Надад нэг ч толь байгаагүй. Одоо ч гэсэн хүсэхийн бол ямар ч үед онгодоо буулгаж болно.Оросын зөн билэгийн тулааныхан : Та заавал ийм зузаан хувцас өмсгөлтэй байж байж л онгодоо буулгадаг уу гэсэн. Тэгэхээр нь би үгүй гээд, дан цамц өмдтэй сууж байгаад онгодоо оруулж үзүүлсэн.
    Тэгэхээр өмсгөл зүүсгэл яг ямар ач холбогдолтой вэ?
    Өмсгөл бол хамгаалалт. Тухайн улаачид муу юм хүрэх вий гэсэн л хамгаалалт байхгүй юу. Хүмүүс хувцасаа өмсөөд, хуяглаад ирэхээрээ л хүчтэй болдог гэж ойлгоод байдаг. Үгүй ш дээ. Хүч гэдэг юм чинь тухайн улаачдаа л байдаг юм. Онгодод ч хүч байгаа, улаач нь зөв явж онгодоосоо хэдий чинээ их хүч авч чадна тэр хэмжээгээрээ л хүчтэй байна. Түүнээс биш хуяг хувцас өмсөхөөр хүч чадал нэмэгддэггүй. Тэр бол зүгээр л хамгаалалт. Буриад бөө нарын онцлог л доо хувцас болгон нэг эзэнтэй байдаг. Жишээ нь нэг майхавч малгай авъя аа гэж онгод тэнгэр хэлэхэд тэр майхавчийг дагаад нэг онгод бууж байдаг. Нэг бардаг гэхэд нэг эзэнтэй, нэг эрхи гэхэд л бас өөр эзэнтэй байх жишээтэй. Энэ гэхдээ бидний хувьд л даа. Бусад буриад бөө нар яаж онгод нь ороод, яаж буудагийг сайн мэдэхгүй байна.
    Дархад бөө, халх бөө гээд дотроо олон янз байдаг. Буриад бөөгийн бусдаас ялгарах онцлог нь?
    Манайх бол ёс заншил асар их байдаг. Ёс нь өөрөө их өндөр түвшинд байдаг учраас буриад бөөг хүчтэй гэж ярьдаг юм билээ. Хүмүүсийн сайн мэддэг гол ялгаа нь чанар хийхэд буриад бөө модонд авирч модноос үсэрдэг. Халх бөө хэзээ ч модонд авирч модноос үсэрдэггүй. Сүүлийн үед бас буриад багштай халх бөө нар модонд авирч, модноос үсрээд байгаа. Энэнээс болоод модноос буруу үсрэх, буруу буугаад нас барж байгаа хүмүүс зөндөө байна. Ер нь хүн багшаа шавь болохдоо, халх бол халх, дархад бол дархад багш дээр босох нь зөв байдаг. Яагаад гэвэл яг тэр халх, дархад, буриад заншлаараа заадаг учраас сурахад илүү дөхөм болдог. Гэхдээ үнэхээр өөрийнхөө учрыг олчихсон, хүний учрыг гаргаж өгөх чадалтай болчихсон бол өөр шавь босгож болно.

    Таны шавь нар буриад уу?
    Миний шавь нар гурвуулаа халх. Буриад шавь ерөөсөө таараагүй, сонин. Гэхдээ би шавь нараа хэзээ ч модон дээр гаргахгүй, өөрийнхөө буриад ёсоор явуулахгүй. Тэр хүмүүсийг халх ёсоор нь л явуулна. Би шавь нарынхаа онгодтой харилцаж, юу хэрэгтэй байгааг нь цаг тухайд нь хэлж чаддаг учраас танай онгод ингэж байна шүү, тэгж байна шүү гээд учир начирыг нь сайн гаргаад өгдөг.
    БӨӨ ОНГОДУУДЫГ ХАРИУЦСАН НОЁД ГЭЖ БАЙДАГ
    Сүүлийн үед тэдэн үеэр нь тэгж хараасан байна гээд л ярих болсон. Сайн бөө болохын тулд тэдэн хараал хийх ёстой гэсэн тоо заагдсан байдаг гэж сонсож байсан. Энэ үнэн үү?
    Би бол анх удаагаа л сонсож байна. Хараал гэдэг хүн бий болсноос хойш л бий болсон зүйл. Хараал гэж үнэхээр байдаг. Хүүхдүүд нь бүгд өрөөл татанхай эсвэл эрчүүд нь бүгдээрээ архинд ордог ч юмуу олон үеэрээ хараагдсан тийм хүмүүс байдаг. Хараалыг бол бөө ч хийнэ, лам ч хийнэ. Гэхдээ чадалтай бөө хараал хийдэг гэж би сонсоогүй. Харин зүгээр, хараал гаргаж чаддаг бөө, гаргаж чаддаггүй бөө гэж хоёр л янз байдаг. Хараал гэдэг чинь өөрөө олон янз, хэдэн үеэр нь вэ гээд л. Хараалыг гаргахын тулд аль зүгээс ирсэн байна, хэнд зориулж, хэзээ хийсэн, хэдэн үеэр нь хийсэн байна гэдгийг бүр нарийвчлан задалж байж хараалыг гаргах ёстой. Би бол тэгж гаргадаг. Өрлөг барьцын хувьд хараал бол өндөр үнэ өртөгтэй, бөөгийн хамгийн том засалдаа ордог. Тэр хүний гай барцадыг гаргаж байгаа учраас би тодорхой хэмжээгээр юм авах хэрэгтэй. Яг тэр хүний муу юм эргээд над дээр ирдэг болохоор ямар ч өглөг барьцгүйгээр тэр хүний гай барцадыг гаргах юм бол надад муу. Тэгэхээр өндөр өглөг барьц өндөр өгөх хэмжээгээрээ авч, гаргах юмаа гаргана. Харин үр дүн нь цаг хугацааны асуудал. Өнөөдөр засал хийгээд өргөс авч байгаа юм шиг тэр дороо мэдэгдэхгүй. Гэхдээ өвдөж хавдсан хүүхэд байвал зүгээр болох, архинд орсон хүн байвал архи уух нь илт багасах ч юмуу тиймэрхүү байдлаар л илэрнэ дээ. Хараал ихэвчлэн үхүүлдэг л хараал байдаг, хүний амийг л авдаг. Тэгэхээр хараалыг гаргуулчихвал золгүйгээр үхэхгүй л гэсэн үг. Хэдэн сар, жилийн давтамжтай яасан нь мэдэгдэхгүй зуурдаар хүн нас бараад л байдаг айл байдаг ш дээ. Тэр бол хараал хүрчихсэн байна л гэсэн үг.

    Юу ашиглаж, юугаар хийсэн бэ гэдэг нь бас чухал уу? Хүний санаанд ормооргүй зүйлсээр хараал хийх тохиолдол ч байдаг гэсэн.
    Тиймээ, тэр чинь их олон янз. Юугаар хийсэн яг тэр хийсэн юмаар нь гаргана. Тухайлбал хонины элгээр хийсэн байвал “тийм зүсмийн, тийм хонины элгээр хийсэн байна аа хүү минь яг тийм хонины элэг авчир” гэж онгод маань хэлдэг. Нуух, нохойны салтааны үс, эмэгтэйчүүдийн биений юм гээд янз янзын санаанд оромгүй юмнуудаар хийсэн байдаг. Сүүлийн үеийн хараалууд тийм болчихсон. Дээр үеийн хараалууд бол малын эд, дотор эрхтэнүүдээр хийдэг байсан байна. Хүмүүс чинь их шуналтай байдаг юм байна, нэг үеэр нь биш, хоёр үеэр нь биш есөн үе, 13 үеэр хийлгэдэг юм байна. Бүр үеийн үед, үрийн үрд гээд л үргүй болгох гээд хийдэг юм билээ. Зарим хүмүүс хараал хариулна гээд яриад байдаг. Хариулна гэдэг чинь тэр хүний хараалыг аваад буцаагаад шиднэ, өөр хүнд хараал хийж байна гэсэн үг шүү дээ. Бүр зурагтаар хүртэл …тэдэн үеийн, тийм бөө, тийм тийм засал хийж, хараал хариулна гээд зарладаг. Манай онгодуудын гаргадаг онцлог нь хараалыг салхинд хийсгэнэ гэж ярьдаг. Юунд ч хэрэггүй болгож замхруулна, хэнд ч очихгүй гэсэн үг.
    Миний сонссоноор бөө, удган болгоныг хянадаг ноёдууд байдаг гэсэн. Тэр талаар яриач?
    Байна, байлгүй яахав. Бөө, удгадуудыг биш дээд онгодуудыг хариуцдаг ноёд гэж байна. Бууж ирдэггүй, хүний үйл хийдэггүй тийм ноёдууд бий. Одоо жишээлбэл, онгодууд маань миний үгэнд ороод муу юм хийчихлээ гэж бодъё Гэхдээ би муу юм хийж байгаагүй л дээ Тэгвэл миний онгодууд шоронд орно. Өө, би нэг юм саначихлаа. Би нэг хүний юмыг хийж өгч байсан юм. Нэрийг нь хэлээд яахав, тэр хүн надад мөнгө амлаад аягүй их хэмжээний мөнгө тэр хүн алдаад би тэр мөнгийг нь олж өгсөн байхгүй юу. Олох юм бол би танд шууд таван сая төгрөг өгнө гэж амласан юм. Таван сая төгрөг нь алдсан мөнгөнийх нь хажууд хамаагүй бага мөнгө байсан л даа. Би гурван цаг бөөлөөд, дөрөв дэхь цаг дээрээ нөгөө хүн маань мөнгөө олсон. Өөрөө гадаадад, эхнэр нь надаар бөөлүүлж байсан юм. Тэгээд мөнгөө олчихсон чинь нөгөөх чинь эхнэр рүүгээ яриад “ямар хүн дээр оччихоод , юу яриад байгаа юм би тэгж хэлээгүй гээд, наад мөнгө чинь миний мөнгө биш, би компанийн мөнгө аваад явж байсан” гэж уурласан. Тэр заслыг хоёр онгод хийсэн байгаа юм. Тэрнээс болоод голчилж хийсэн зайран онгодоо шоронд оруулаад. Хоёр, гурав хоног дуудаад бууж ирдэггүй. Гурав хоногийн дараа их ядарчихсан бууж ирсэн. Яасан гэхээр, хийсэн юмныхаа төлөөсийг авч чадахгүй онгодоо хорионд оруулсан. Уг нь онгод хийхгүй гэхэд нь, би таньдаг хүн юм болохоор өрөвдөөд гуйсаар байгаад зөрж хийлгүүлсэн. Тэрнээс болоод онгодоо хорионд оруулж байсан.
    Миний анхны онгод 98 настай эмээ буусан
    Бид “Үнэн хүмүүс” булангийнхаа энэ удаагийн зочиноор “ Тэнгэрийн хүчит давалгаа” төвийн тэргүүн, бөө Түдэвийг урилаа. Тэрээр саяхан болж өнгөрсөн Оросын зөн билэгийн тулаан-12-т оролцоод ирсэн билээ. Энгийн бус ид шидийн хүмүүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө толилуулъя.
    НАМАЙГ БОЛОРЧИМЭГ ГЭДЭГ
    Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
    Намайг Ганболдын Болорчимэг гэдэг. Одоо 25 настай. Бөөгийн уг анх 14 настайд маань тодорсон. 1997-1999 оны хооронд Солонгосын Буддын коллежийг Шашин судлаачаар төгссөн. 2008 онд Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн ангийг төгссөн. 2008-2010 Сүнс, зурхай судлалын төвд, бөө судлалаар докторын зэрэг хамгаалсан. Ээжийнхээ талаас барьсан буриад угтай. Аав маань халх зайран хүн байсан. Одоо өөд болсон.
    Тэгвэл таны Түдэв гэдэг нэрний учир нь?
    Түдэв гэдэг чинь Түвд нэр ш дээ. Бүхнийг хүчээр бүтээгч гэсэн утгатай. Миний онгодууд энэ нэрийг өгсөн юм. Бөө хүн болгон тэнгэрээс нэр авдаг. Түүнээс миний жинхэнэ нэр маань Болорчимэг.
    Анх угаа авахаас өмнө бөө болох хүмүүст янз бүрээр нөлөөлсөн байдаг. Жишээ нь архинд орох, амьдрал нь доройтох, өвдөх гээд л. Таны хувьд ямар байдлаар мэдрэгдэж байсан бэ?
    Миний ээж эхээс 13-уулаа байсан. Ээжийн маань талынхан нас барсаар байгаад гурван хүн үлдсэн. Сүүлдээ ээж маань ч нас барсан. Бүгдээрээ хорт хавдраар өнгөрсөн. Ерөөсөө учир шалтгаан нь мэдэгддэггүй байсан нь бөөгийн угтай байсан юм билээ. Би өөрөө цусны өвчтэй байсан. эдгэхгүй, эх нялхаст хоёр жил сэхээнд байлаа. Тэгээд аавынхаа чанар гээч юманд яваад, онгодтой гэдгээ мэдсэн. Би өөрөө ч мэдээгүй , миний аав ч анзаараагүй байсан. Биеийн тамирын өмд цамцтай байхад миний онгод 98 настай эмээ буусан. Тэгж л анх мэдсэн дээ.
    Анх бөө болсоны дараа таныг гайхшруулсан зүйл тохиолдож байв уу? Сүнс харах ч юмуу?
    Тийм зүйл байсан. Миний охин ингээд бөө болж байгаа юм чинь янз янзын юм хардаг шүү. Битгий айж цочоорой гэж аав маань хэлж байсан. Угаа бариад удаагүй байхад, хоёр гурав хоногийн л дараа хорооны үүдэнд аавынхаа машинд сууж байлаа. Тэгсэн чинь хорооны үүдэнд байсан модон сандал дээр сууж байсан нэг залуу дээр давхарлаад нэг хүн сууж байхыг харсан. Тэгээд би бүр айгаад, их цочиж сандарсан. Гэнэт аавынхаа хэлсэнийг санасан. Сүнс гэдэг юм чинь бидний дунд л явж байдаг юм билээ. Тэрнийг мэдэхгүй, хүүхэд байсан болоод ч тэр үү, тэр оройноо их л айж байлаа. Энэ бол анхны тохиолдол л доо. Тэрнээс хойш мэддэг болсон доо.
    Залуу хүний хувьд бөө байх хэцүү юу?
    Бөө байх хэцүү, хэцүү. Маш том хариуцлага байдаг. Бөө гэдэг маань нэг талаасаа буян хийж байгаа, нөгөө талаасаа олон хүний амь нас бүх юмыг дааж, хааж хамгаалж байгаа гэдэг утгаараа маш их хариуцлагатай байх ёстой. Мөн сүүлийн үед бөөгөөр далимдуулсан бизнес их газар авч байгаа. Бөө болох ёсгүй янз бүрийн хүмүүсийг ч бөө болгож байна. Энэ бүхнээс үүдээд бөөгийн нэр хүнд унасан. Би энэ Зөнбилэгийн тулаанд оролцсоноороо жинхэнэ сайн бөө, чадвартай, чаддаг бөө нар байдаг юм шүү гэдгийг батлах гэж байгаа юм. Түүнээс биш Түдэвийг рекламдах гэсэндээ биш. Мэддэг, чаддаг хардаг бөө нар байдаг юмаа гэдгийг харуулж мэдрүүлэх гэж.
    Ер нь нэг хүн олон бөө дээр очих нь муу гэсэн яриа байдаг. Энэ үнэн болов уу?
    Тиймээ, нэгд нөлөөлөхгүй. Хоёрт тухайн хүндээ ч муу байдаг. Нэг л хүнээрээ тууштай, олон жил явсан хүн байдаг. Эсвэл таарсан хүн болгоноос юм асуугаад, итгэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг. Амьдрал дээр хэрэгжүүлдэггүй хэрнээ хэрэгт дурлаад ч юмуу сониуч зантай, тэгж явдаг хүмүүс надад хандвал би үздэггүй. Тийм хүмүүс зүгээр л сорьж шалгах маягаар л ханддаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүндээ л муу. Хэрэв нэг хүнийг шүтвэл тэр хүнээ л шүт. Ерөөсөө бөөгийн ёсонд тийм байдаг. Тэрнээс нь илүү бөө гэж бодож байвал тэрэн дээрээ оч. Тэгэхгүй бол аль нь үнэхээр юм хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, алиных нь даатгалд байгаа нь тодорхойгүй, замбараагүй болчихдог. Тухайн хүндээ ч муу.
    МЕХДИ НАМАЙГ НЭГД ОРНО ГЭЖ ХЭЛСЭН
    Оросын зөн билэгийн тулаанд орчуулагчаа эндээс авч явсан уу?
    Орчуулагчийн хувьд бол нэвтрүүлгийн багаас гаргаж өгсөн, орос хүн байсан. Москвагийн их сургуулийн Монгол хэлний багш. Наталья Васильовна гэдэг 25 жил Монгол хэлийг судалж байгаа маш сайн орчуулагч байсан. Хэдий тийм боловч монгол хүн шиг бүрэн дүүрэн яаж орчуулахав. Ганц хоёр удаа мэдэхгүй монгол үг гарч байсныг нь би тайлбарлаад хэлж өгсөн тохиолдол ч бий.
    Зөн билэгийн тулаанд оролцох үед оролцогчид нэгэндээ хаалт хийх тохиолдол гардаг уу?
    Монголд ч, Орост ч тийм байсан. Нэвтрүүлгийн даалгавар болгон дээр орж ирдэг хэвийн үзэгдэл.
    Энэ нь албаар хийсэн байх уу эсвэл цаанаасаа санамсаргүйгээр гарах уу?
    Ерөөсөө л Түдэвт зориулж хийсэн зүйл байдаг. Түдэв даалгавраа битгий биелүүлээсэй, алдаасай гэсэн л юм явж байгаа шүү дээ. Хэн ч гэсэн өөрөөсөө илүү гаргахыг хүсэхгүй, энгийн хүмүүс биш болохоор өөрсдийнхөө хийж чаддаг юмаараа л саад болдог.
    Оросын зөн билгийн тулааны даалгаврууд хэр хүнд байсан бэ?
    Мэдээж монголынхоос хүнд байсан. Яагаад гэвэл нэгд хэлний бэрхшээл, хоёрт гэвэл түшээгүй орсон. Эхний даалгавар дээр түшээтэй ороход манай хүн түшээгийнхээ толийг зүүгээд орсон. Тэгэнгүүт манай хүнийг бас бөө гэж сэрдээд, энэ хоёр хамтраад даалгаврыг сайн биелүүлээд байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн юм шиг байгаа юм. Тэгээд оросууд та хоёр хамтраад юм хийж байх шиг байна. Түшээ орж болно. Гэхдээ түшээ онгодтойгоо ярихгүй гэсэн шаардлага тавьсан.
    Тэгэхээр түшээгүй орно гэдэг чинь мэдээж хүндрэлтэй байна биз дээ?
    Тэгэлгүй яахав. Би чинь түшээтэйгээ ярилцаж байж л даалгавраа биелүүлнэ шүү дээ. Түшээгүй байна гэдэг чинь 100 хувь ажиллаж чадахгүй 50 хувьтай байна л гэсэн үг.
    Оросын зөн билэгийн тулааны үеэр танд илүү таалагдаж, сэтгэлийг чинь хөдөлгөсөн даалгавар байв уу? Сонирхолтой ч гэх юмуу?
    Хамгийн сонирхолтой, гоё санагдсан даалгавар нь устай машин олох байсан. Тэрэн дээр намайг тойруулаад гал асаасан нь надад их сонирхолтой санагдсан. Би угаасаа бөө хүн учраас галтайгаа их ойрхон байдаг. Тэнгэр галтай ойрхон, хоорондоо холбоотой байдаг. Тэгэхэд бусад өрсөлдөж байгаа хүмүүс айж, хашгираад л бөөн юм болж байлаа ш дээ. Харин миний өвдөгнөөс дээшээ гал гараагүйг харсан байх. Бусад өрсөлдөгчдийн хувьд өвдөг битгий хэл өөрийг нь давсан гал асаж байсан. Миний бүр сэтгэл догдлоод огшоод л байсан. Бөөлж онгодоо оруулмаар ч юм шиг санагдаад л. Инээв
    Бас Орост гал хамаагүй асааж болохгүй, гадаа хамаагүй юм өргөж болохгүй. Монголдоо байдаг шигээ яг бөөгийнхөө жам ёсоор байж чадахгүй. Бүх юм нь хаагдмал. Цонхоороо нэг сүү өргөхөд шүүхэд өгнө шүү гээд л доод талын айл ороод ирэх жишээтэй.
    Хяналтаас гадуур бөө нар байгаад байгаа юм шиг байгаа юм?
    Тэд нар хянуулахгүй байгаа юм биш. Тэр хүмүүс буруу юм хийгээд , онгод нь хоригдох нь хоригдоод, шийтгүүлэх нь шийтгүүлээд явж л байгаа. Тэрнийг улаач нь мэдэхгүй, онгодоо бодохгүй байна гэсэн үг. Хүнд муу юм хийгээд ч хамаагүй хэдэн төгрөг авчихвал болоо гэж яваад байгаа юм. Тэр хүн үхээд явлаа гэхэд үр хүүхдүүд нь бүх юмыг нь үүрч явна гэдэг хамгийн аюултай. Үйлийн үр гэдэг зүйлийг өөрөө ч, хүүхэд нь ч үүрээд явдаг гэсэн үг үү? Ээж нь бөө хэрнээ хүүхэд нь өрөөл татанхай байх тохиолдол байдаг. Энэ нь яаж байна гэхээр ээж нь хүнд муу юм хийгээд, хүүхдэд нь ирж наалдаад байдаг. Хүн засаж чадахгүй хэрнээ хүнийг хорлож чадаад байдаг.
    БИ ТУСАЛНА ГЭСЭН, ЯМАР Ч ХҮНДЭЭ ТУСАЛНА
    Бөө, удган хүмүүсийн засал ойр дотныхонд нь нөлөөлдөггүй гэсэн яриа байдаг л даа. Энэ хэр үнэний ортой вэ?
    Бусад хүмүүсийн хувьд тэгдэг байж магадгүй ч миний хувьд бол би тийм юм байхгүй. Би тусална гэсэн ямар ч хүндээ тусалдаг. Ханийхаа ээжид, ханьдаа ч юмуу, миний үр хүүхэд хэн ч байсан би онгодоо оруулж байгаад л тусалж чадна. Гэхдээ тэр бас нэг ийм зүйлээс шалтгаалдаг байж болох юм. Яг дэргэд нь бөө болсон хүн байгаад байхад, хажуудах хүнээ тоохгүй байх ч юмуу. Жишээ нь нэг хүний хүүхэд нь бөө боллоо гэхэд, өө энэ манай хүхдийн бөө болно гэж юу байдгийн гэж бодоод, өөр хүн дээр очих ч юмуу. Хажуудах хүнийхээ онгодыг хүндлэхгүй байх нь нөлөөлөхгүй байдалд хүргэдэг. Хэрвээ онгодыг нь шүтээд байвал ямар ч ойр дотны хамаатан, яс, цусан төрлийн хэн ч байсан засаж, хүрч чадна. Онгодыг хэдий чинээ шүтэж чадна тэр хэмжээгээрээ хүчирхэгждэг. Хамгийн гол нь өөрийн удмын ах дүү нар нь шүтэж, хүндлэх ёстой. Таван жил, арван жил бөөлчихөөд хоёрхон онгодтой хүн байдаг. Тэр юунаас болж байна вэ гэхээр ойр дотныхон нь хүндэлж чадахгүй, улаач хүч муутай байна гэсэн үг. Улаач хүчтэй байвал сар, секунд, өдрөөр онгод нь нэмэгдэнэ.

    Та тэгвэл хэдэн онгодтой вэ?
    Би одоо 60 гаран онгодтой. Анх бөө болж байхдаа нэг л онгодтой, 98 настай хөгшин буудаг байсан. Тэгээд нөгөө эмээ маань тодруулаад л яваад байдаг юм лдаа. Хүмүүст бас нэг ийм буруу ойлголт байдаг. Би ганцхан онгодтой дахиад нэг онгод буулгачих юмсан гээд бодоод, яриад байдаг. Түрүүн миний ярьдаг хоёрхон онгод буудаг гэдэг маань бодит явдал. Тэр хүний охин нь бөө болоод, онгод нь эмээ өвөө хоёр буудаг гэж байгаа юм. Эхлээд эмээ нь буугаад, дараагийн өвөө нь буухад нь багш нь хоёр сая гаран төгрөг авч буулгаж өгсөн гэнэ л дээ. Тэгсэн чинь одоо тэр хүний толгойд мөнгө олж, багш дээрээ очоод дараагийн онгодоо буулгах юмсан гээд бодоод явж байгаа юм. Яг дэлгүүрээс юм худалдаж авч байгаа юм шиг. Ерөөсөө багш нь тэгээд ойлгуулчихсан. Уг нь бол хүн анх нэг онгод буугаад, шүтэж хүндлэх тусам нь тэр онгод нь дараагийн онгодоо буулгаад явдаг юм л даа. Түүнээс биш багш тэрнийг буулгаж өгнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Багш нь онгод зараад байгаа юм шиг байж болохгүй л дээ.

    Бөө болчихоод 365 хоног бөөлж байж жинхэнэ бөө болно, онгод нь бууна гэж зурагтаар ярьж байхыг сонссон л доо. Энэ ер нь ямар учиртай юм бол?

    Тэр бол ёс ёсондоо байдаг болов уу. Бөө болчихоод гурван жил хүний үйл хийхгүй гэж хэлсэн байдаг. Тэрнийг би буруу гэж боддог юм. Тэр бол багш л өөрийнхөө хяналтнаас гаргахгүй гэсэн санаа л байгаа юм шиг санагддаг. Энийг тэр башг мэдэхгүй, онгод л мэдэх ёстой. Хэрвээ ийм үг сонссон, уншиж байгаа хүмүүс байвал онгодоосоо асуугаад үзээрэй гэж зөвлөмөөр байна. “Намайг, та нарыг минь гурван жил засал хийж болохгүй гэнэ ээ, энэ зөв үү буруу юу гээд онгод тэнгэрээсээ асуугаад үзээрэй.”
    Бас ийм жишээ байна. Багш шавь боллоо, шавийнхаа сайн онгодыг багш нь буулгаад авчихсан байх тохиолдол ч байна. Тэрнийг бол шавь нь хэзээ ч мэдэхгүй. Сайн юм хийх болохоороо өөрийнхөө онгодыг буулгадаг, муу юм хийх болохоороо шавийнхаа онгодыг буулгаад хийх нь бодитой байна. Гэхдээ багш гэхээр бүгдийг нь муу хэлж байгаа юм биш. Багш болгон муу гэж хэлж байгаа юм биш. Тийм хүмүүс л бөө нарын нэр хүндийг унагаагаад байгаа юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгтэй л адил. “Хичнээн ойр дотны найз нөхөд байсан ч онгодынхоо нэрийг битгий хэлж бай” гэж захидаг юм. Онгодынхоо дуудлагыг өөр хүний хажууд ч унших хэрэггүй, надад ч хэлээд хэрэггүй, миний хажууд битгий уншаарай гэж хэлдэг. Чамаас өөр хэн ч мэдэх ёсгүй. Хамгийн аюултай нь тэр дуудлагаар чинь бүх юмыг хийж болдог учраас тийм ноён буудаг, ийм хаан буудаг гээд онгын нэрийг зарлаад байж болохгүй.

    Түшээ гэдэг хүнийг ер нь яаж сонгодог вэ? Нэг хүн хоёр, гурван түшээтэй байж болдог уу?
    Байна аа. Уг нь бол нэг бөөд нэг л түшээ байхад хангалттай л даа. Гэхдээ үсэрч цовхорч онгод нь догшин ордог, унаж тусдаг, онгод нь орлоо өөрөө саваад унадаг, онгод гарлаа өөрөө саваад үлддэг бөө нар байна. Тийм үед, нэг түшээ хүрэлцэхгүй, аюултай шүү дээ. Онгод, улаач, түшээ гурав салшгүй байж байж л нэг юм бүрдүүлээд байгаа юм. Миний түшээ хоёр гурван удаа солигдсон. Яг онгод шиг чи түшээ болно гээд сонгогдохгүй, аль болох ойр дотных нь, арай чих зөөлөнтэй хүн л түшээ болдог. Янз янзын хүмүүс ирдэг учир түшээ гэдэг маань онгодоо уурласан үед аргадаж чаддаг, юмаа асууж, гуйж чадахгүй байгаа хүмүүст туслаад, тайлбарлаад өгдөг байх хэрэгтэй.

    Нэг онгод хоёр улаачид бууна гэж байх уу?
    Хэзээ ч тийм юм байх ёсгүй. Тэр улаач үхэж байж дараагийн улаач тодордог учраас. Сүүлийн үед бас 50 онгод байлаа гэхэд цагааныг нь дүүд нь, харыг нь эгчид гээд нэг удмын онгодыг хоёр, гурван хүнд хуваагаад өгчихсөн байна гэсэн яриа байгаа. Энэ бол олон хүн босгох тусам гээд мөнгө бодсон л арга. Улаач болгоно, бөө босгоно гэдэг чинь хүнд, хариуцлага л даа. Хэдий тийм ч мөнгөтэй ямар ч холбоогүй. Гэхдээ бас манай ээжээр л хувцасаа оёул, тэр хүнээр л тийм юмаа хийлгэ гэх хэлдэг хүмүүс ч байна. Нэг ёсондоо үүнийгээ дагаад бас бизнес хийгээд байна гэсэн үг.
    Тэгвэл цаашид цаг хугацааны явцад бөөгөөр бизнес хийж байгаа хүмүүс хумигдаж, багасах болов уу?
    Цаг хугацаагаар яваад багасна ш дээ. Чадалтай нь үлдээд чадалгүй нь алга болно.

    Тэгвэл савдаг, уналагын талаар яриач?
    Аан хөлөг үү? Уналаганы тал дээр ёстой л нөгөө тухайн онгод онгодоосоо шалтгаална. Жишээ нь надад бүргэд, тас, чоно гээд бүх л амьтад байдаг. Онгод юу унана гэдэг нь тэдний өөрсдийнх нь мэдэх асуудал. Лусаар хөлөглөсөн онгод бол могой нэхдэг. Эсвэл зүгээр тэнгэрийн амьтан жигүүртнээр хөлөглөсөн нь ч байна.
    ЗӨВЛӨГӨӨ: ХАМГИЙН ЭНГИЙН АРГА БОЛ ЗҮҮДЭЭ МАНАХ
    Эцэст нь манай сайтаар дамжуулан бөө болох гэж байгаа, чи бөөгийн угтай юм байна гэж сонсчихсон, бөө болж амжаагүй байгаа хүмүүст хандаад зөвлөгөө өгөөч ?
    Яг тийм хүмүүст хандаж хэлэхэд: чамайг бөө болох угтай гэсэн бол аль удмаас барихыг хэлнэ. Тэгэхээр нутаг руугаа есөн өдөр сүү өргөөд, есөн шөнө зүүдээ мана. Бүр болохгүй бол гурван өдөр. Өргөхдөө: Би бол боржгон овогтой тэрний тэр гээд нутгийнхаа зүг сүү өргөнө. Тэгэхэд чамд зүүдээр чинь дамжин заавал хэл ирэх ёстой. Уул, усны овооны эзэд чинь тусалж, зүүдэнд чинь онгод чинь бууна..
    Мөн чамайг бөө болно гэж хэлсэн бол, таван өөр бөө дээр очоод үзүүл. Тэгэхдээ би бөө болох Тавуулаа эсвэл ядаж гурав нь чамайг бөө болно гэсэн бол чи угтай юм байна аа гэсэн үг.

    Бидэнд болон манай уншигчдад сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. Улам олон хүн таны шидээр сайн сайханд хүрч, эрүүл энх болох болтугай.

  • Тэнгэрийн тамга

    тэтгэлгийг авч аж төрөхөөр томилогдсон хүний тэр нууц тэмдгийг хэлдэг байна. Нууц тэмдэг нь тэр хүүхдийн биед илтээр мэдэгдэм байдгийг хэлэх учиртай. Түүнийг нь хүн болгонд ярьж хэлээд, харуулж үзүүлээд явдаггүй учиртай. Уг залгана гэвэл аавын талаас, удам залгана гэхээр ээжийн талаасаа төрсөн болохыг харуулна. “Тэнгэрийн тамга”-тай бүхэн заарин удган болдог хэрэг үү гэвэл бас үгүй болтой юм. Одоо цагийн шинэ залуухан бөө нар өөрсдийнхөө уг удмын учрыг хагас дутуу нэг юм олчихоод чухам л өөрсдийгөө яая гэж байж бас баахан шавь нартай болох гээд байдаг болтой. Ер нь бол заарин удган хүний тэнгэрийн шавь нарын тоо хязгаартай байдаг, мөн бөөгийн багш болохын тулд цөөнгүй шалгуур байдаг гэдгийг мэддэггүй байна. Тиймээс л тэнгэрт замчлах нэгэн үүргээ хөрөнгө мөнгө олох нэгэн эрх дарх болгоод ядарч зүдэрсэн олон хүмүүсээр тоглож суудаг нь тун тоогүй. Тамгатай этгээд тэнгэрийн жолоог барьж онгодын улаач хөтөч бөө нэгэн болдог зам байхаас гадна бөө болохгүйгээр тэнгэрийн зал барих, залаа хийсгэх, жүй барих гээд олон өвөрмөц үүрэгтэй төрсөн байдгийг нь ангилан ялгаж мэддэггүй. Дээр нь санаатай буюу санамсаргүйгээр тухайн уг удмын онгодтой холбож чадахгүй тэнэмэл сүнстэй холбох ч юм уу, эсвэл уул усны эзэн савдаг, лустай холбоод хаячих тохиолдол бас гардаг. Түүгээр ч барахгүй тухайн удмын хараалаар ирсэн хий ухаар юмстай холбож орхиод баллаж орхисон хэнэггүй гаруудын хийсэн үйл ч бас гарчээ. Тэгэхээр хүмүүс минь зарим шуналтнуудын “Уг удмаа залгаж ав” гэж хэлэх тоолонгоор дагаж хуйлраад байвал та бүхэн минь өөрсдөө хохирч үлдэж болох юм гэдгийг анхааруулмаар байна. Олон ухаалаг бөгөөд чадвартай хүмүүс байдаг, тэдэнд хандаад асуугаад үз, тэгээд хамгийн түрүүний алхам чинь юу вэ гэвэл бөөгийн амин толь хийлгэн зүүж тэнгэрийн зал бариад үз. Тэнгэрийн зал барьсан хүмүүсийг эрт цагт мэргэн хүмүүс гэдэг байжээ. Тэгээд өөрийн угийнхаа онгодоо нутгийнх нь уул ус, тахиж ирсэн дээд тэнгэртэй нь холбон тайлга хийлгэж, тайх хийж байгаа бөөгийн онгодын буултаар дээдэстэйгээ уулзаж ярилцаад үз гэмээр байна. Бариачийн удамтай бол удмын тахилгаар залаа хийсгэн гарын ид авч болдог, уран дархан угтай бол угийнхаа тахилгаар жүй барьж сэтгэлгээний өндөр ур чадварыг авч болно гэдэг. “Долоо хэмжээд нэг удаа огтол” гэсэн сайхан монгол ухаанаа байнга санаж явцгаая. Аль нэгэн омогт байгаа бөө хүний гол гавьяа нь юу байдаг вэ гэвэл тухайн овогтоо шинээр төрсөн хүүхдийг хүй цөглөхөөс нь өмнө үзэж өөрийн уг удмынхаа дотроос хэн гэгч нь хэзээ үеэс, аль газраас ирж төрөв гэдгийг тогтоодог. Тэгээд дараачийн хийх ёстой үйл нь юу байдаг вэ гэвэл тухайн нялх хүүхдийн урд насны ёр байгаа тохиолдолд түүнийг нь хонины шагайтын шөлөөр угааж арилган цэвэршүүлж энэ амьдралд нь тоос тортоггүй оруулж байдагт л байдаг байна. Хүүхдийн ирээдүйн амьдралын замыг нь жинхэнэ зөв гольдролд нь чиглүүлэхээр гаргана. Энэ чинь л бидний өвөг дээдсийн минь л өндөр дээд ухаан юм. Дараа нь тэр хүүхдүүд нь өөр хэн нэгэн идтэн шидтэнгүүд лүү гүйж очоод “Би хэн юм бэ?” гээд л элдэв тэнэмэл гээгдмэл сүнснүүд шиг гүйлдэн харайлдаж амьдрах ёсгүй юм байна. Төрмөл тамгатай хүмүүсээс гадна олдмол тамгатай болсон хүмүүс бас байдаг. Тухайн хүний хийсэн сайн муу үйлийн үрээр лусын хорлол болж бие сэтгэхүйд нь өөрчлөлт орж бөө болох замд эргэлтгүйгээр орсон нөгөө хэсэг байх юм.

  • Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэнгийн 2019 оны нэгдүгээр сарын 22-нд нийтлэгдсэн сүүлчийн ярилцлага-захиасууд

    урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн, утга зохиолын “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, яруу найрагч, Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт Бавуугийн Лхагвасүрэнтэй хөөрөлдлөө.
    Аюулт өвчинд нэрвэгдсэн өвгөн найрагч “Сар шинэ гаргачихвал уг нь яг далан таван насны болсгоор алхах юм даа” гэж санаашрангуй өгүүлж хэвтэнэ. Түүний мах мариагаа барсныг харахад нүд хальтирч, нулимс унагам гунигтай. Нөгөө их үс гэзэг нь нь шингэрч, сахал нь сөрвийж, шанааны яс нь горзойсон нь түүнийг мэдэх нэгэнд “Ийм ч хүн байгаагүй юм даа” гэх харуусал төрүүлмээр. Хавирганууд нь тоолж болом эрийж нэг л их том цээж, том толгой үлджээ.
    Их найрагч эдүгээ үзгээ ч, утсаа ч даахаа больж дэмий л адар ширтэн хэвтэх болсноо уйтайхан хүүрнэнэ. Ерэн дөрвөн килограмм жинтэй байсан тэрээр одоо дөчин есөн кг болтлоо хөнгөрчээ. “Боржгоны бор тал”-аа хүнгэнүүлэн уншдаг аргил баргил хоолой нь сөөж, цээжний гүнээс бүгтхэн авиа л оволзсон амьсгааг нь давж ядан сонстоно. Хэдий тэрээр хэвтэрт хүний гарт орсон ч чонын зурагтай оймс өмссөн хөлөө харуулж “Ах нь оймсоор гангарах дуртай. Америкаас захиалж авчруулсан юм. Надад ерөнхийлөгч Трампын зурагтай оймс хүртэл бий” гэж гэргий Баасангаа дуудан шүүгээнээсээ гаргаж үзүүлэх нь гоё сайханд сэтгэл тавьдаг яруу найрагч гэнэн араншингийнх нь илрэл гэлтэй. Одоогоос хэд хоногийн өмнө эргэж очиход ярих ч тэнхээгүй байсан тэрээр хоёр хоногийн өмнө “Үйлийн үрээ эдэлж буй ах нь сүүлийн ярилцлагаа чамд өгмөөр байна” хэмээн өчсөн сөн. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр айсуй цагийн эрхээр илааршин тэнхрээсэй билээ дээ!

    -Лхагваа ах минь бие лагшин тунгалаг уу?
    -Яахав, билэг бодож сайн л гэхээс цаашгүй боллоо доо, муу ах нь. Зарим хүн “Их өвдөх юм уу” гэж асуух юм. Өвчин гэдэг асуусан, асуугаагүй бэрх эд юм. Ах нь орчлонгийн сайн, муу бүхнийг л үзэж тууллаа. Одоо их зовохгүйхэн шиг л үхэхээс сайхан юм алга. Ээ, мөн ч хэцүү юм аа. Өвдөх нь л хэцүү болохоос ухаан санаа харин тунгалаг л байна даа.
    -Таныг би Монгол төрийн дархлааг тархиа гашилтал боддог төрийн хар хүн гэж боддог. Нөгөөтэйгүүр ертөнцийн жамыг нэтэд ухаарч гэгээрсэн бодлын тунгалаг далай гэж төсөөлдөг юм…
    -Цэнгэл ээ, энэ дээр чинь, бидний дээр, бидний сэтгэлийн дээр, бидний хүндэтгэлийн дээр, бидний хайрын дээр байгаа төрийн дээдэс нь яагаад байгаа юм бэ. Чингис хааныг авч хаях гээд байгаа юм уу, Чингисийн хөшөөг авч хаях гээд байгаа юм уу. Их олон гэр бариад Чингисийн их хуралдай хийх гээд байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ яаж байгаа юм бол. Энэ юуны шалтгаар ингээд байна. Хэвтэрт байгаа хүний хувьд чамаас би асууж байна.
    -Төр ч бас хямралтай л байх шиг юм байна шүү дээ. УИХ-ын даргаа огцруулчихна гэхээр “Үндсэн хууль” зөрчих ч юм шиг л зүйл сонстох юм?
    -Тэр хууль чинь том хууль шүү дээ. Ганцхан би ч батлалцсан юм биш. Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль даа. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа юу?
    -Хүчинтэй байгаа…
    -Аан. Би бодож байна. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа цагт ажлаа хаяад өрөөндөө түгжээд суучихдаг, гараад хаячихаад явдаг хүнийг шийтгэж болдоггүй юм уу?
    -За, наадахь чинь ёстой дүүгийнх нь эрх мэдэл байтугай бодол ч хүрэхгүй зүйл байна даа?
    -Яахаараа шийтгэж болдоггүй билээ. Би үүнд маш их дургүй хүрч байна. Би юу ойлгож байна вэ гэхээр Монголд дээдэст зориулсан зүйл ангитай хууль, доодос бидэнд үйлчилдэг хууль гэсэн хоёр хууль байдаг юм байна. Улсын их хурлын дарга яагаад “Хөдөлмөрийн хууль”-нд захирагдаж болдоггүй юм. Маш их чухал цаг үед уршигтайгаар ажлаа хаялаа шүү дээ. Би дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд ажлаа хаяж байна гэж амьд байх түүхэндээ сонсоогүй. “Хөдөлмөрийн хууль” яахаараа УИХ-ын даргад хамаагүй байгаа юм бэ. Мань мэт хэрвээ М.Энхболд шиг ингэж ажлаа тасалсан бол хэдийнэ ажилгүй болоод сэргийлэх юм уу, шоронд хагас нь яваад, мань мэтийн оронд дээдсүүдийн хамаатны хүн ирээд ажлаа авчихсан явж байгаа. Улс буй цагт, төр буй цагт том толгойтой дээдсийг цаазлахад том илд, жижиг улсыг цаазлахад тонгорог хэрэгтэй гэсэн зааг байхгүй. Тийм ялгалгүй байж байж дагавар хуулиуд, бусад хуулиуд жигд хэрэгждэг. Энэ Их хурлын ажлаа хийдэг цаглабаруудыг хар. Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар ярьдаг. Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан.
    -Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг төр ч бас толгойноосоо өтдөг байх шүү?
    -Нэг хүн ажлаа хаясныг шийдчих хууль Монголд байхгүй юу. Байгаа шүү дээ. Би нэг монгол үгэнд их дургүй хүрч байгаа.
    -Ямар үгэнд таагүй хандах болов?
    -Олон намаас бүрдэл болдог парламентын засаглалтай оронд олонх, цөөнх гэдэг бол хонины ээлж шиг зүйл байгаа юм. Ээлжилж төр барьдаг. Гэтэл яахаараа нэгийг нь сөрөг хүчин гэж нэрлэдэг юм. Сөрөг гэдэг энэ нэр томъёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхснийх нь сөрөг хүчин байх юм. Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий. Цөөнх, олонх хоёр бол бие биеэ мохоож, ирлэж байдаг билүү хутга хоёр. Мохсоноо ирлэж, буруудсанаа зөвтгөж байж нэг зорилгын доор нэгддэг. Монголын парламент Монголын төлөө нэгдсэн парламент. Нэг нам нь Хөхдэй мэргэн одноос ирсэн юм шиг, нөгөө нь Монголыг тохинуулах гэж үүрийн гялаанаас ирсэн юм шиг ярвайсан улс. Цөөнх олонхиос илүү сэтгэх, олонх цөөнхөөс илүү сэтгэх тал байдаг. Гэхдээ олонхийн дарангуйлал парламентад байж болдоггүй. Сонгуульд цөөнх, олонх сонгогдсны дараагаар даруй Монгол Улсын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийг маш хянамгайгаар харж, маш сонор соргогоор тусгаж, нийлсэн нэгдсэн мөрийн хөтөлбөр рүүгээ зүтгэх ёстой байхгүй юу. Тэгж байж хоёр намын зорилго биелэх ёстой. Би зөвхөн хоёр намын хэмжээнд ярьж байна л даа. Хэдэн нам ч гарсан ийм л байх учиртай. Тиймээс сөрөг хүчин гэдэг үгийг дахиж битгий дурдаасай гэж бодох юм. Сөрөг гэхээр тэнэгүүд нь үг л хэлбэл ярзганаад байна, алдааг нь л түүх ёстой бид нар гэж үзээд байх юм. Эд нар номын залруулга биш. Хоёулаа залруулга мөн. Хоёулаа ном мөн. Хоёулаа чиглэл мөн, хоёулаа бодлого мөн.
    -Хоёр тусдаа нам битгий хэл нам дотроо эрх мэдлийн төлөө алалцаад л байх улс юм байна шүү дээ?
    -Урьд нь алдаж оноод, ажлаа өгсөн хүмүүс өнөөдрийн буруудаж зөвдөж байгаа хүмүүсийн алдаан дээр ямар их сайхан хурц нүдтэй болж, ямар сайхан хурц үгтэй болж шүүмжилж чадаж байна аа. Би энийг монгол төрийн хүн чанар алга болж гэж бодож байгаа. Өөрснөө чадаагүй байж дараачийн хүмүүсийн алдаа гаргасан дээр ирж хашгирч байгааг нь хараач. Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм. Бид нар энэнээс сайн байсан, бидний алдаа жижиг байсан, бидний алдаа зөв байсан гэх гээд байгаа юм уу. Яах гээд байгаа юм. Явж явж монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно гэж боддог болчихоо вэ. Муу хэлж байгаа, хэлүүлж байгаа хоёр хоёулаа адгийн юмнууд байдаг юм шүү дээ. Хоёулаа адилхан гутдаг. Хоёр улс дайтахад ялах гэж нэг нь доройтоод, ялагдахгүй гэж нэг нь доройтоод ядуурдаг юм. Ялалт, ялагдал гэж байдаггүй юм. Бахаа ханатал ялах тийм ойлголт орчлонд байхгүй. Бүгд хохирол бөгөөд сургамж л болж л дуусдаг. Тэгэхээр эд нар ингэтлээ их тэрсэлдэж байдгаа болиосой. Хүний мууг ярихаар сайн хүн болно гэж яаж бодож чадаж байна аа. Хүн хүнээс урт сүүдэртэй байж хүний богинохон сүүдрийг харсан байж болно. Ийм тохиолдол зөндөө. Энэ зангаа л байчихаасай. Эд нар чинь уг нь хүн юм шүү дээ. Ариун юм үлдэхээ байлаа. Бие биеэ ухалцаад байвал гэргий нь, хамаатан нь, үр хүүхэд нь гээд бузар булайд оролцоогүй нэг ч амьтан алга. Ариун хүнгүй эх орон боллоо. Болиоч дээ. Тэнэг байна тэнэг байна гэхэд даанч дээ гэж би харамсаж байна. Монгол төрийн мөн чанар, монгол хүний хүн чанар, монгол хүний хүн хүндээ хандах мөн чанар алга боллоо. Монголд харь гарагаас ирсэн юм шиг намууд бий болж, нэг их сэтгэдэггүй юм сэтгэдэг юм шиг олон өнцгийн болсон болоогүй юм цуглуулж ярьдаг хүмүүс олширч намууд байгуулж эхэлсэн. Намууд Монголын ард түмнийг ёстой нэг хэрчиж, хувааж, хагалсан. Ашгүй дээ. Би энэ намуудад баяр хүргэе гэж бодож байгаа.
    -Ард түмнийг хагалган бутаргасан нөхдөд яахаараа баяр хүргэдэг билээ?
    -Намын тэргүүн та нар Монголын ард түмнийг хуваах гэсэн, үндэсний эв нягтралыг эвдэх гэсэн, монгол сэтгэлийн нэгдэл, чин сэтгэлийн бөөгнөрлийг хагалах гэсэн санаандаа хүрлээ. Та нарын намуудын мөрийн хөтөлбөр их амжилттай биеллээ. Одоо бүр газар бууж, газрын татах хүчинд орж хоёр хүн ч биентэйгээ таарахаа байлаа. Та нар эх орондоо ингэж дайсагнадаггүй юм. Та нарын хагалгаж бутаргаж байгаа зүй бус үзэгдэл хэтэрсэн гэж хэлэхэд багадна. Нэг биеийг ч хоёр хуваах шахаж байгаа чинь одоо болсон.
    -Дээдсийн ёс жудаг ч өдрөөс өдөрт л муудсаар байх юм даа, хөөрхий…
    -С.Жавхлан гишүүн УИХ-ын индэр дээрээс “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэж хэлж байхыг сонслоо. Ганцаараа үлдэх нь л дээ. Монголчууд нэг сандал дээрээс хүнийг хөөх нь битгий хэл хүнийг гар гэж хэлдэггүй юм шүү дээ. Энэ монгол жудаг. Магадгүй, Их хурлын даргын асуудлыг шийдэж чадахгүй байгаа чинь тэр монгол жудаг үйлчилж байж болох үндэстэй. Энэний дундуур манай залуу улстөрчдийн сэтгэл хөдлөл, гэнэн сэтгэл дэндүү гэнэн байна. Сонгуулийн үеэр баганан дээр хадчихсан зураг нь урагдаа л, салхинд пар пар гээд дэрвээд байгаа юм шиг дүр л нүдэнд харагдаад байх юм. С.Жавхлан улаан малгайтай орос чихрийн цаас шиг юм суучихаад ингэж хэлэх, эсвэл ташуур барьж давхих нэг л зохимжгүй байна. Нэг их Монголоо боддог хүн болж жүжиглэнэ. Монгол цусыг ингэж сүржигнэж, ярьж хамгаалдаггүй юм. Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй. Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн. Үл ойлгогч, юм бага уншсан улсууд “Еэ мөн сайхан юм хэлж байна” гэж хөөрөгдөөд байх юм. Үгүй энэ чинь ингэж амны алдас хийж яаж болох юм бэ. Хөдөө жаахан байхад нэг залуухан хүн хоёр хөгшинд ирж агсам тавиад, элдэв долоон юм донгосоод байлаа. Өвгөн дуугарахгүй л байлаа. Хөдөөний буурлууд чинь ухаантай шүү дээ. Уул шиг юм сууж сууж “Борог нүдэлж, бор шувуу жиргээгүй байхад битгий хуц” гэнгүүт нөгөө агсам чинь дуугарч чадахаа байгаад гараад явсан.
    Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье. Юухан хээхэн болгонд улс төрийг хэрэглэж, юм болгон дээр “Монгол, Монгол” гэж хашгирснаар Монгол бөхөждөггүй юм. Хорвоод дэмий дэмий буруу ойлгодог хүн зөндөө бий. Тэгээд нэг нь “Монголын төлөө үгүй мөн сайхан сэтгэлээ зориулж байгаа хүн” гээд хөөргөнө. Энэ салхилаад байгаа улсаас яг харийн овоо хараан дээр очиж зогсож чадах хүн хэд бол доо. Эх орныг бүхий л бие, сэтгэл, мах цусаа өгч, хэдэн үеийнхэн өчнөөн амьдралаа өгч хамгаалдаг юм. Энэ бидний доор гишгээд байгаа алт эрдэнэс чинь өвгөд дээдэс минь арьсаа хуулж бүтээж үлдээсэн, цусаа асгаж гагнасан, бидэнд тавьсан хоол. Хойч үедээ үүцэлсэн юм. Тэгэхэд солиорцгоогоод байх юм. Болиоч дээ. Даанч дээ, та нар. Би бол юм мэдэхгүй ухаан мунхаг хүн. Хүн болгон юм мэддэг болчихсон, нэг юм ярихаар л өөдөөс дэмийрцгээгээд. Уншсан юм байхгүй, гэгээрсэн юм байхгүй. Уншсан номоо худлаа ярина. Хүн уншсан юмаа ярьж байна гээд миний уншсан юмыг худлаа яриад байхад би дургүй хүрдэг. Хүн ил ч, далд ч үнэн байх ёстой. Тиймээс гэгээрээч ээ гэж энэ парламентынханд хэлье. Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойшхи адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа. Би чамаас нэг юм асууя. Тангараг гэж юу юм бэ?
    -Хэлсэндээ эзэн болох юм бол уу даа?
    -Наадах чинь тийм нялх юм биш. Монголын иргэн байх уу, үгүй юу гэдгээ өргөдөг тангараг. Тугаа духандаа хүргэж байгаад баахан юм тангарагладаг. “Төрдөө өргөсөн тангаргаа няцвал би тэгнэ, ингэнэ” гэсэн бараг намайг алаарай гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга болоод Их хурлын зарим гишүүд төрд өргөсөн тангарагаасаа няцлаа. Ард түмэн тэнэг юм гэж бодоод түмний өмнө няцаж болдог байж. Төрийн өмнө ам алдаж, тангараг няцсан хүнийг төрт ёсны эртний түүхтэй Монгол яаж залхаадаг байлаа.
    -Мохируулдаг л байсан байх даа?
    -Үгүй тэр ёс тэгээд хаа байна. Чингис хаан алтан бүсээ хүзүүндээ өлгөж байгаад Бурхан Халдунд тангараг өргөдөг байсан. Тангарагтаа уултайгаа элбэж, тэнгэртэйгээ элбэж байгаад хүрэх шиг хүрсэн. Одоо үед эд нарт ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Тангаргийн тухай нэг ч ярихгүй. Төрийн тангаргаас няцаад байна шүү дээ. Төрөөс урваад байна шүү дээ. (Найрагч судас нь гүрийж яс арьс болсон хоёр гараа тэнгэр өөд сарвалзуулан дуугаа жаахан өндөрсгөв. сур)
    Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа. Тангараг няцсан хүнд арга хэмжээ авах зүйл анги алга уу. Өөрийнх нь өргөсөн тангараг дотор зүйл анги нь байгаа шүү дээ. Төрийн тангараг няцсан хүнийг яадаг юм бэ, амьд ахуйд минь сэжүүрийг нь ч болтугай харуулаач гэж төрөөс гуймаар байна. Юунд ч дийлддэггүй тэнэгүүдээр Монгол Улс дүүрэх ёсгүй. Монгол бол дэлхийн ухааны их том сав. Энэ сав ариун байх ёстой. Би Монголын ард түмний өмнө хойд насандаа төлж барахгүй өртэй. Үүнийгээ би мэднэ. Хамгийн сүүлд амьд хүний хувьд ганцхан юм гуйхад үнэн үг хэлсний минь төлөө “Тэр муу өвгөн үхээсэй” гэж битгий зүхээд байгаарай. Над дээр үг овоолох газар байхгүй шороо овоолох л газар байгаа шүү!

    Ярилцсан сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэл